АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Телевизүүдийн холбооноос хууль баталдаг болжээ.

Posted by Mongol on 2012/04/04

7-р сарын 1-ны гэгдэх хэрэгт буруутгагдаж байгаа цагдаагийн генерал ба хурандаа нарын ээлжит шүүх хурал 2012 оны 3 дугаар сарын 28-нд урьдчилан хорих төвд болоход нээлт, хаалтыг нь чөлөөтэй сурвалжлуулсан атлаа зөвхөн гурван телевизийг сонгон авч бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийг дотогш нэвтрүүлэхийг хориглосныг Монголын телевизүүдийн холбоо эсэргүүцэж ингэж ялгаварлан гадуурхсан  шүүх, шүүхийн шийдвэр биелүүлэхийн  холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан ширүүн мэдэгдэл нийтлүүлжээ.

Ширүүнээс гадна хөгжилтэй мэдэгдэл болжээ.

“Энэ нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Хуулийн хүрээнд мэдээ, мэдээллийг хайх, эрэн сурвалжлах, хүлээн авах, цуглуулах, дүн шинжилгээ хийх, өөрийн хэрэгцээнд ашиглах, эсхүл хэвлэн нийтлэх буюу бусад аргаар нийтэд түгээх замаар хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хэрэгжүүлнэ.”, 7 дугаар зүйлийн 7.1 дахь хэсэгт “Хэвлэл мэдээллийн байгууллага нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах мэдээ, мэдээллийг хайх, хүлээн авах, шалгах, боловсруулах, эвлүүлэх, нийтлэх, нэвтрүүлэх, хадгалах, мэдээллийн эх сурвалжаа хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд хараат бус, чөлөөтэй эрхэлнэ.”, 7.2 дахь хэсэгт “Хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаагаа төрөөс хараат бус явуулна.” хэмээн заасныг ноцтой зөрчсөн байна” гэж уг мэдэгдэлд залхуугүйгээр, бас тун хариуцлагатай ишлэсэн байлаа.

Гэтэл дээрх өгүүлбэрүүд бол одоо зөвхөн боловсруулаад хэлэлцүүлж буй, өөрөөр хэлбэл батлагдаагүй хуулийн төслийн заалтууд юм. Телевизүүдийн холбоо хэмээх эзэд, захирлуудын байгууллага “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль” гэсэн ганц хуудсыг уншиж ч үзээгүй юм байна. Сураг сонсоход, МАН-д ажилд орсон хэрнээ TV5-ын нэрээр тус холбооны тамгыг атгаж суугаа хатагтай Д.Сарангэрэлийн бүтээл ажээ.

Бас төгсгөлийн өгүүлбэрт шүүхийг “Олон түмний нүдэн дээр ил явагдсан хэргийг хаалттай явуулах гэж улайрч …” хэмээн буруутгажээ.  Ил явагдчихсан юм бол хаалтай явуулж болох уу? Шүүхийнхэн уншаад улайрахтай манатай бөөн инээдэмд автаж хөгжилдсөн биз.

P.S: Тэрхүү шүүх хурлын дараа УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж яг ийм утгатай мэдэгдэл хийж сэтгүүлчдийг хамгаалжээ. Сайхан хоршсон байна.

Posted in + ТЕЛЕВИЗ, Хэвлэлийн эрх чөлөө | Leave a Comment »

Зайсангийн ам бүрэн эзлэгдсэн. Одоо Зайсан толгой өөд дайрч байна.

Posted by Mongol on 2012/04/04

Хоёр жилийн өмнө “Собт трэйд” нэртэй компани Зайсангийн энгэр өөд авирч барилга барихаар томоор хашаалж эхэлмэгц нийслэлчүүд цочиж бөөн шуугиан дэгдсэний ачаар мэргэжлийн хяналтынхан ирж зогсоосон санагдана. Өнгөрсөн хугацаанд хөшигний цаагуур ямар үйл явдал өрнөж, хэн нь хэнтэй тохирч, юу өгч авалцсаныг бүү мэд, өнөөдөр барилгын ажил хэдийнэ эхэлжээ.

“Собт трэйд” бол УИХ-ын гишүүн асан, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд байхдаа идэж уугаад шоронд орж байсан С.Отгонбаярын эзэмшлийн “Оюуны ундраа” группийн охин компани юм.

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | 8 Comments »

Энэ самбаруудын эздийг илчлэх хэрэгтэй гэж бодлоо

Posted by Mongol on 2012/04/04

Өнөөдөр гудамжаар дүүрэн “Би бодохдоо … ” болчихлоо. Нийсэлийн хамгийн ашигтай байрлалын самбаруудыг энэ сурталчилгаа ээлж дараалан эзлээд зогсохгүй, зөвхөн энэ сурталчилгаанд зориулсан том том самбаруудыг энд тэндгүй шинээр босгож байна.

Гудамжны рекламын самбарууд бол арав гаруй жилийн өмнөөс МАХН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны мэдлийн бизнес юм. Нийслэлд хаана хэдийг ямэр хэлбэр загвараар байрлуулахыг анх “Улаанбаатар” сан шийдэж орлогыг нийслэлийн төсөвт цуглуулдаг гэх боловч цааш ардчилсан социалистууд хэмээх төрд орох, төрөөс хүртэхдээ монголын жирийн залуучуудаас онцгой эрхтэй нөхдийн компаниудад түрээсэлж эхэлсэн бол сүүлдээ самбар босгох зөвшөөрөл олгох зэргээр тэдний мэдэлд бүрэн шилжүүлжээ. Ач холбогдолгүй жижиг самбарууд хотод үлдсэн. Энэхүү дээд зэргийн хаалттай бизнес нийслэлийн ямар ч төсөв, тайланд тооцогддоггүй явдаг. Одоо “Нийгмийн ардчилал” монголын залуучуудын холбоо хүссэн газартаа шинийг зоож байгааг харахад тэдний гарт хэвээр байна.

Сүхбаатарын талбайн чанх урд, Энх тайвны өргөн чөлөө рүү харсан аварга том самбаруудын өртөг нь хэд болохыг хэн ч мэдэхгүй. Нийслэлийн А бүсийн арай жижиг самбарын түрээсийн үнэ өдрийн 450 мянган төгрөг гэж сонсож  байсан. Тэгвэл төвөөс нэлээд зайтай, жишээлбэл Хан-Уул дүүрэг дэх самбаруудыг түрээслэхэд сарын 2 сая төгрөг юм байна.

Асар том бизнес бидний хажууд, бидний толгой дээгүүр цэцэглэж байна. Бүгдийн нүдний өмнө ил мөртлөө хаалттай. Эхлээд би, энэ самбаруудыг цэгцэлж журамлах хэрэгтэй гэж бодсон. Тэгснээ журамлана гэж ярихын  өмнө самбаруудын эзэн, эзэмшил, төлбөр тооцоог ил тод болгох хэрэгтэй юм байна гэж бодлоо.

Posted in Барилга, хаяг, реклам | 1 Comment »

Шүүмжилсны ачаар …

Posted by Mongol on 2012/04/03

Аливаа хүн, хүмүүс, байгууллага, түүний дотор хэвлэл мэдээлэл эгзэгтэй үед шалгагддаг. Өдөр тутмын сонинуудаас хамгийн төвийг сахидаг, туйлширдаггүй нь “Өнөөдөр” сонин гэх дүгнэлт үе үе сонсогддог. Ердийн цагт ерөнхийдөө тийм, гэхдээ оны эхэнд Ардчилсан Нам хамтарсан Засгийн газраас гарахаа зарласны дараах өдрүүдэд хэний талд вэ гэдгээ харуулав.

2012 оны 1-р сарын 9-ны дугаараар жишээ татахад, тэргүүн нүүрэндээ энэ сэдвээрх багц нийтлэлийн дээгүүр өгсөн гарчиг “Ардчилсан нам түүхэн сонголтыг” ТҮҮХИЙРҮҮЛЛЭЭ” байлаа. Редакцийн албан ёсны байр суурь энэ. Араас нь хөвөрсөн төстэй гарчгуудаас  нэгийг дурдвал “Мааниа уншсан АН”.  Дотор нь “…өөрийнхөө хойдохыг уншчихсан нь хэдхэн сарын [дараа] тодорхой болох бус уу?” гэх мэтээр бичжээ.

Өнгөрсөн 2,3-р сард тус сонин Өвөрхангай аймгийн Хужирт суман дахь рашаан сувиллын эргэлзээтэй хувьчлалыг эргэн сурвалжилж “Алдагдсан рашааны мөрөөр”, “Мөнгөний ундарга ба алдагдсан рашаан” шүүмжилсэн цувралыг нийтэлснийхээ араас “Алдагдсан рашаан, орхигдсон эрдэст усны тухай үнэнийг өчихүй” нэртэй, ямар нэгэн тайлбар, нэр хаяггүй өгүүлэл гаргасан. Уншихад, нөгөө будлианы эзэн “Жем Хужирт” компанийн захиалга ажээ. Одоо эрэн сурвалжлага үргэлжлэх болов уу гэвэл тэгсэнгүй.

Хэрвээ “Өнөөдөр” сонин шүүмжлээгүй бол энэ орлого орохгүй байсан.

Posted in "Өнөөдөр" сонин | Leave a Comment »

“Сөрөг мэдээллийг хаах гэрээ”

Posted by Mongol on 2012/04/02

“Эрүүл сэтгүүл зүйн бизнесийн орчин” сэдэвт хэвлэл мэдээллийн удирдах ажилтны зөвлөгөөнд

Өнгөрсөн сарын 20-нд УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баттулга МҮОНТ-ийн “Цаг үе, үзэл бодол” шууд ярилцлагад оролцохдоо Таван толгой, Ухаа худаг, MCS-ийн талаар хийсэн мэдэгдлийг телевизүүд, сонинууд, Засгийн газар, Нямдорж бүгдээрээ үг үсэггүй мөлжсөн хэрнээ нэгхэн хэсгийг анзаараагүй мэт арваад хоногийг өнгөрүүллээ.

Яг тэр хэсэгт Х.Баттулга гартаа барьсан хэдэн хуудаснаас нэгийг эргүүлээд:

– Өнөөдөр нөгөө дөрөвдэх засаглал, хэвлэл мэдээлэл гээд бүгд баригдсан даа, хөөрхий минь… Одоо дахиад MCS-ээ ярих гээд байна. Хэвлэл мэдээллийнхэнтэй хийдэг хамтран ажиллах гэрээн дотроо, би та нарт мөнгө өглөө шүү, MCS группийн дуудсан газарт, тохирсон  цагт ирж мэдээ, сурвалжлага авна… MCS группийн ерөнхий удирдлага Оджаргал, Од нарыг болон шинээр үүсэх бизнесийн салбар, бүтээгдэхүүний талаар аливаа сөрөг мэдээлэл нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээнэ… хэрвээ нэвтрүүлбэл, муугаар ярих юм бол торгууль төлнө, мөнгөө авна гээд ингээд барьчихдаг байхгүй юу... гэхчлэн уншиж өгсөн юм. Тэрбээр  зөвхөн ганц хоёр өгүүлбэрийг ишлэсэн. Хэрвээ арай дэлгэрүүлсэн бол рекламанд гардагчлан “бүр янзтай” байхсан. Нэвтрүүлгийн бичлэгийн ганц хоёр кадрыг томруулж байгаад хэдэн өгүүлбэр гаргаж авлаа.

4.6. М-Си-Эс группийн өгсөн мэдээ болон рекламын эх файлд ямар нэгэн засвар хийхийг хориглоно.

4.7. М-Си-Эс группийн дуудсан газарт, тохиролцсон цагт ирж мэдээ сурвалжлага авна.
4.8. М-Си-Эс холдинг ХХК, Спирт бал бурам ХХК, М-Си-Эс-Кока Кола ХХК, М-Си-Эс Электроникс, М-Си-Эс Азиа пасифик бьюри ХХК, М-Си-Эс Интернэшнл, М-Си-Эс проперти ХХК, Энержи ресурс ХХК, Скайресорт ХК, Орчлон ХХК, Юнител, мөн М-Си-Эс группын ерөнхий удирдлага У.Оджаргал, Ж.Од нарыг болон шинээр үүсэх М-Си-Эс группийн бизнесийн салбар хийгээд бүтээгдэхүүний талаар аливаа сөрөг мэдээллийг нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
4.9. Дээрхи 4.8-д заасан заалт биелэгдээгүй тохиолдолд дараахи нөхцөлийг дагаж мөрдөж ажиллах үүрэгтэй.
– М-Си-Эс группийн талаар, М-Си-Эс группийн захиалгат бус алив сөрөг сөрөг мэдээллийг 1-3 удаа гаргавал Сонин тухайн сарын гүйцэтгэлийн нийт дүнгээс 20% хасаж төлбөрийг нэхэмжлэх
– М-Си-Эс группийн талаар, М-Си-Эс группийн захиалгат бус алив сөрөг сөрөг мэдээллийг 4-5 удаа гаргавал Сонин тухайн сарын гүйцэтгэлийн нийт дүнгээс 30 % хасаж төлбөрийг нэхэмжлэх
– М-Си-Эс группийн талаар, М-Си-Эс группийн захиалгат бус алив сөрөг сөрөг мэдээллийг 6-аас дээш удаа гаргавал сонин тухайн сарыг гүйцэтгэлээс 30 % хасаж төлбөрийг нэхэмжлэх
4.10. М-Си-Эс группийн захиалгат бус алив сөрөг мэдээллийг хаасан тухай товч тайланг (тайланд агуулга . . . . . . . . . . . багтааж) сар бүрийн эцэст бичгээр хүлээлгэн өгч байна. [Цааш гаргагдсангүй]

Ямар ч цензорын санаанд орохгүй заалтууд. Аливаа компаниас ирүүлсэн хэвлэлийн мэдээг тэр чигээр нийтэлбэл жаахан ичгэвтэр, харин тэнд орсон баримт мэдээллийг ашиглаж (илүү дутуу, нуршилт, өөрийн магтаалыг хасаад) шинээр мэдээ бэлтгэхийг сэтгүүл зүй илүүд үздэг. Гэтэл энд хоригложээ. Тэгээд дуудсан газарт гозойж байх үүрэг хүлээлгэсэн байна. Хамгийн хачирхалтай нь, гэрээт телевиз, сонинууд MCS-ийг сарын турш хүссэнээр нь сурталчлахын хажуугаар сөрөг мэдээллийг агнаж, хэрвээ чадаагүй бол тэр тоогоор суутгуулж байж “цалингаа” авдаг нь нэг ёсондоо MCS-д ажилд орсон мэт. Бас “М-Си-Эс группийн захиалгат бус сөрөг мэдээлэл” гэж бичсэнийг харахад “М-Си-Эс группийн захиалгат сөрөг мэдээлэл” гэж байх нь ээ?  MCS гэж Монголдоо багтахгүй том групп  телевиз, сонинуудын мэдээг хянаж хувь процент тооцсон шиг өчүүхэн зан гаргадаг болсон нь хэвлэл мэдээллийг [мөнгөөр] далайсан газартаа далд оруулсаар байгаад баримжаагаа алдсаных.

MCS групп ба Нямдорж сайдтай хоёр фронтод зэрэг дайтаж эхэлсэн Х.Баттулга гишүүн өөрийн хөрөнгө оруулсан C1  телевизээрээ ярих гээд очтол “эзэнтээн, бид MCS-тэй ийм гэрээ байгуулсан, яахав” гээд үзүүлсэн нь MCS-ийг илчилсэн баримтуудын тоог нэгээр нэмчихжээ. Ингээд өнөө цагийн цензурын дээд хэлбэр болсон “хамтран ажиллах гэрээ”-ний хэдэн өгүүлбэр дэлгэгдлээ. Бүх хуудсууд задарвал юу болохов?

Өнөөдөр монголын томоохон телевиз, өдөр тутмын сонинуудаас MCS-тэй гэрээ байгуулаагүй үлдсэн бол би лав маш гайхна. Дээрх гэрээнд сонин гэж бичээд C1 телевизтэй байгуулсан нь ямар ч хэвлэл мэдээллийн нэрийг солиод бичдэг универсал загвар болохыг нотолно.

Эрхэм гишүүн Х.Баттулга хэд хоногийн дараа хэвлэл мэдээллийнхэнд хандахдаа энэ сэдвийг дахин задлав.

… Хэвлэлийг ойлгож байгаа. 80 хувь нь баригдчихсан байгаа. Юунд вэ? Мөнгөнд. Би та нарт нэг гэрээ үзүүлсэн, та нарын эзэд бүгдээрээ тэр гэрээг хийсэн байгаа. C1 хүртэл хийсэн явж байна гэж би хэлсэн дээ. Зурагтаараа гарах гэсэн чинь гаргадаггүй байна шд ээ. Яасан? MCS-ийг муулж болохгүй гэсэн гээд. Тэгээд тэр Монголын үндэсний радио, телевизээр гарах гэсэн чинь бас гаргахгүй гэхээр нь орон сууц ярих гэсэн юм аа гэж худлаа хэлээд орж ярилаа ш дээ. Би Их хурлын гишүүн хүн шүү дээ. Жирийн иргэд тэгэхлээр тэр телевизээр юугаа ярихав? Өчигдөр орой телевизээр Нямдорж, хувьсгалт намынхныг 20 минут ярьж байна.  Намайг хоёр минут л гаргаж байна. За, TV5 бол зүгээр хавтгай. Нам мамаа хамгаалалгүй яахав, гэхдээ намаас өөр эх орон гэж нэг юм байна ш дээ… Хэвлэл мэдээлэл өнөөдөр цензуртай болсон. Та нар заль мэх гаргаад яаж ийгээд гаргаад байхыг бодоорой... гэжээ.

Хэдэн жилийн өмнө “Мобиком” корпораци хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргаж өгснийг “Нийгмийн толь” сонин илчлэхэд тус корпораци  нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаад бараагүй, харин “стратегийн түншлэлийн гэрээ” байгуулснаар учраа амархан ололцсон гэдэг. Ноднин өвөл болсон сэтгүүлчдийн их хурал дээр, компаниуд гэрээ байгуулахдаа шүүмжлэхгүйгээс гадна сөрөг мэдээллийг саармагжуулах үүрэг хүлээлгэдэг талаар зарим сэтгүүлч гомдол мэдүүлэхэд индэрт суусан эзэд дуугүй өнгөрөөсөн.

Хувийн компаниас гадна УИХ, Засгийн газраас эхлээд төрийн байгууллагууд иймэрхүү гэрээг байгуулдаг нь ноцтой бөгөөд тусдаа сэдэв юм. Хэдэн жилийн өмнө Засгийн газрын тогтоолд “төр, засгийн бодлого шийдвэрийг мэдээлж сурталчлах ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх тухай” заалт оруулж шаардагдах хөрөнгө мөнгийг хүссэн хэмжээгээр гаргахыг Сангийн сайдад үүрэгддэг байсан бол одоо баян төрийн багтаж ядсан төсвийн их мөнгөний хаанаас хэдийг яаж гаргаад хэнд өгөөд байгаа нь мэдэгдэхээ больжээ. Х.Баттулга гишүүн ярилцлагадаа “Монгол Улсын Засгийн газар хэвлэл мэдээллийнхэнтэй гэрээ хийчихсэн. Засгийн газрыг муулахгүй гээд” хэмээн битүү юм хэлээд, MCS-ынх шиг задлахгүйгээр зогссон. Тэрбээр өөрөө саяхан болтол Засгийн газарт хуралдаж суухдаа тэр шийдвэрийг батлалцсаных болов уу.

Гэхдээ хувийн компани, Засгийн газар алин ч бай үүнийг хүлээн зөвшөөрч хүртчихдэг нь хэвлэл мэдээлэл. Иймээс хамгийн чөлөөт телевиз, хамгийн шударга өдөр тутмын сонин энэ сэдвээр дуугараагүй. 4-р сарын 6-нд “Эрүүл сэтгүүл зүйн бизнесийн орчин” сэдвээр хэвлэл мэдээллийн удирдах ажилтны зөвлөгөөн хуралдах юм гэсэн.  Гэрээнүүдээ хуудас хуудсаар нь дэлгэж байгаад илэн далангуй ярилцвал эрүүлжих найдвар бий.

Posted in + ТЕЛЕВИЗ, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 1 Comment »

Монголын оронд Марокко

Posted by Mongol on 2012/04/01

1940 онд Сибирийн Гулагт хоригдож байсан польш, америк, латви, югославийн хэсэг иргэн умрын нүүр нүдгүй шуурган дундуур оргож урагшаа Байгаль нуурыг бараадан улмаар Монголыг урдаас хойш нэвт өнгөрч Түвд ороод цааш Хималайг  давж Энэтхэг хүрч байгааг харуулсан “Гэрийн зүг” (The Way Back) уран сайхны киног олон нийтийн телевизээр.

CCCР-ийн нутгаас гарчихвал эрх чөлөөтэй золгоно гэж төсөөлсөн тэд Монголд нэвтрээд тааралдсан өндөр баганат хаалган дээр Иосиф Сталин, Хорлоогийн Чойбалсан хоёрын зураг байхыг хараад бас коммунист улс гэдгийг сая мэднэ. Холливудын кинонд баатруудаа монголын нутгаар аялуулна гэдэг ховор тохиолдол учраас 1940 оны Монголыг яаж харуулах нь сонин байв. Даанч манай нутаг тэр дороо говь болж эхлээд сүйдсэн ганц сүм сүм тааралдаж, тэгтэл өндөр тоомсог унасан дундаж ази маягийн хэдэн джигит учир зүггүй давхиж ирээд ирээд “мөргөлчид үү?” гэж асуугаад тэр чигээрээ давхиж одсоноос өөр ганц хүн алга. Яаж ч бодсон хаа нэгтээ ядахдаа ганц монгол гэр цайрч харагдмаар. Интернэтээс хайж үзвэл уг киноны  зургийг Болгар, Марокко, Энэтхэг гуравт авсны Монголыг Мароккогоор орлуулсан болж таарлаа.

Уг киног Гулагаас 6 хоригдол оргож яг тэр замаар Энэтхэг хүрсэн бодит явдал дээр тулгуурласан гэх “Сталины лагераас зугатсан нь” нэртэй польш зохиолоор бүтээсэн гэжээ. Дэлхийн 2-р дайны дараа германы олзны цэрэг Сибирээс оргож дундаж Азиар дамжин Иран хүрч нутагтаа буцсан түүх, тийм кино байдгаас өөрийг сонсоогүй тул дахин Интернэт ухваас BBC хэдийнэ эрэн сурвалжлага явуулж Монголоор дайрсан тэр үйл явдлыг санаанаасаа зохиосныг олж тогтоосон юм байна. Худлаа зохиол учраас зохиогч нь монголыг Марокко, тоомсог, джигит маягаар бичиж, Холливуд киногоо тэгэж хийгджээ. Хэрвээ үнэхээр Монголд орж ирсэн бол манай баатарлаг хилчид хойт биш гэхэд өмнөд хил дээр бариад авна, тэрнээс бүр өмнө хонь хариулж яваа нэг жаал гахай явган хэдэн навсгар нөхдийг тэртээ холоос харж томчууддаа, цаадуул нь багийн даргад, багийн дарга дотоодыг хамгаалахынханд дуулгаад … нэг мэдэхэд буцаад Гулагт хүргэгдсэн өөр кино байхсан. БНМАУ-ыг коммунист гээд явган алхаад нэвт гарч болдог шүүрэн шанага шиг харуулсан нь таалагдсангүй.

Posted in КИНО | 1 Comment »

“Одонтуяа гишүүн”

Posted by Mongol on 2012/03/31

Өнгөрсөн Мягмар гаригт C1 телевизийн “Иргэний удирдлага” нэвтрүүлгээр Ш.Батцэцэг нэртэй хөтлөгч Л.Эрдэнэчимэг гэдэг хатагтайтай муухай төр засаг, шударга сонгууль, хөөрхий эмэгтэйчүүдийг ярьж суулаа. Нягталбаас, хоёулаа АН-ын гишүүн,  хоёулаа УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр довтолгож буй ажээ. Энэ нэвтрүүлэг Мягмар гариг бүр 18.30-19.00 цагийн хооронд гардаг юм байна. Хөтлөгч нь хэвээрээ, харин оролцогчид солигдож голдуу нэр дэвшихээр жагсагсад ээлжилдэг гэнэ.

Монголын телевизүүдийн шинэ одон С.Одонтуяа бүсгүй энэ долоо хоногт “Бүсгүйчүүд” нэвтрүүлгээ амжуулсан төдийгүй Пүрэв гаригт “25-р суваг” телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэгт мэргэжилтэн дүрд хувиран ээлжит удаагаа уригдуулан оролцов. 100 мянган айлын орон сууцны асуудал Одонтуяа нэртэй хүнээр дутаагүй мэдээж болохоор “би орьё” гээд давхиж очжээ. Хамгийн хөгжилтэй нь Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар яриан дундаа “… Одонтуяа гишүүн түрүүн хэллээ… “ гэв. Өдөржин зуун мянган орон сууцны ажлаа хийгээд орой харьж сая нэг зурагт үздэг ерөнхийлөгчийн толгойг эргүүлж чадсан байна.

Нэр дэвшихгүй [байх] өөр нэг од гялтганасан нь Усны газрын дэд дарга Б.Батбаяр. 3-р сарын 22-нд тэмдэглэсэн Дэлхийн усны өдөрт зориулсан бүх мэдээ, сурвалжлага, ярилцлага ганцхан З.Батбаяр хэмээх гол баатартай байв. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дэд дарга нь зогсоо зайгүй хэрэгжүүлэхийн оронд зогсоо зайгүй ярьдаг болохоор Монголд усны асуудал улам хурцадсаар байх нь аргагүй. Усны газарт хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан байдаг бол түүнийг эхлээд ажилгүй болгож дараа нь халсан байх. Энэ удаад Батбаяр дарга Парист болсон Дэлхийн усны том хуралд оролцоод ирснийгээ бүх сувгаар ярьж, дараа нь аян замын бичлэгээ TV9 телевизээр нэвтрүүлэг болгон үзүүлжээ. Ямар их зав, чөлөө вэ? Хайран Монголын ус…

Posted in 25-р суваг телевиз, C1 телевиз, TV9 телевиз | Leave a Comment »

Сэтгүүлчийн дутуу асуулт

Posted by Mongol on 2012/03/29

Автотээврийн газрын орлогч дарга Н.Пунцаг ярьж байна. Аль сувгаар гэдгийг анзаарсангүй. Сурвалжлагч залуу эхлээд гудамжаар нааш цааш явж тансаг машинуудын дугаарыг түүж үзээд мөнгөтэй, эсвэл эрх мэдэлтэй хүмүүсийн унаанд зөвхөн тэгш, ижил тоонуудтай азын гэгдэх дугаар ногдож байгааг нотолчихоод, үүний цаана арын хаалга, том бизнес байна гэсэн сэжгээр асуулт тавьжээ. Уржнан автомашины дугаар олгох эрхийг Замын цагдаагийн газраас ЗТБХБ хэрүүл уруултайгаар мэдэлдээ авч Авто тээврийн газартаа өгөхөд шударга ажиллаж чадахаа гайхуулаад байсан. Одоо Пунцаг дарга “Хүмүүс ирээд хүссэн дугаараа авдаг. Ажил хийж байгаа хүн хардлагад өртөх л юм. Хүмүүс орж ирээд арын хаалгаар өгч байна гэсэн гомдол мэдүүлдэг. Гомдол гаргаад ир гэхлээр тийм юм байдаггүй” гэж хээвнэг хариулахад сэтгүүлч юу ч хэлж чадалгүй дуусгажээ. Сэтгүүлчид дандаа дутуудуулах юм. Азын дугаарууд зөвхөн нэг хэсэг хүмүүст очоод байгаагийн шалтгааныг тайлбарлахыг шаардах байжээ.

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

“Захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар бичсэн байх …”

Posted by Mongol on 2012/03/25

“Телевизээр гардаг балиар захиалгатай нэвтрүүлгүүдийг муусайн улс төрч та нар захиалдаг шдээ.  Би та нараас захиалга аваад гаргаж байсны хувьд сайн мэднэ” гэж улс төрч З.Алтай УИХ-сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр чуулганы танхимд баахан цамнасан билээ. Уг нь захиалгат нэвтрүүлгийг хазаарлах шиг амархан юм байхгүй. Үүний тулд өөрийн толгойлж байсан, одоо ч хүндэт Ерөнхийлөгч хэвээр байгаа телевизүүдийн холбоогоор дамжуулан монголын телевизүүд, наад зах нь өөрийн мэдлийн “25-р суваг” телевизэд балиар захиалга авахгүй байх, авлаа ч захиалгын эздийг зарладаг болгоход л хангалттай байсан юм.

Манай хэвлэл мэдээллийн салбар энэ мэт зохицуулалтыг өөрөө хийх хүсэлгүй, тэгэх чадваргүй учраас явсаар хуулиар шийдэхэд хүрчээ. Энэ удаад УИХ-ын сонгуулийн шинэ хуулиар яг тэглээ.

35.24.Нам, эвсэл, нэр дэвшигч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд өөрийн бэлтгэсэн болон захиалсан нийтлэл, нэвтрүүлгийн үнэн зөв, бодитой байдлыг хариуцна.

35.25.Хэвлэл мэдээллийн байгууллага нь энэ хуулийн 35.24-т зааснаас бусад өөрийн бэлтгэсэн болон бусдын захиалгаар бэлтгэн нийтэлж, нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нийтлэл, нэвтрүүлгийн үнэн зөв, бодитой байдлыг хариуцна.

35.26.Хэвлэл мэдээллийн байгууллага нь энэ хуулийн 35.24-т заасан нийтлэл, нэвтрүүлгийг захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр нийтэлж, нэвтрүүлэх бөгөөд нийтлэл, нэвтрүүлгийн материал дээр захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар бичсэн байх ба энэ нь тухайн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарна.

Одоо сумаа тавиад нумаа нуудаг шиг захиалгат нэвтрүүлгийн араас “2012 он” гэсэн хаяг тавиад бултах аргагүй болсон харагдавч хуулийн нэр томьёоны тодорхойлолтод “сурталчилгаа” гэж юуг хэлэхийг ор тас орхигдуулсан нь томоос том цоорхой юм.  Удахгүй ямар ч сурталчилгааг мэдээ, сурвалжлага, ярилцлага хэлбэрээр урсгах түмэн арга олдоно. Бас “нам, эвсэл, нэр дэвшигч” биш, “зүгээр дэмжигчид”, “шударга иргэд”, “санаа зовсон сэтгүүлчид” захиалж эхлэнэ.

Сүүлийн хоёр долоо хоногийн турш арилжааны телевизүүд 7-р сарын 1-ны хэрэгт хамаатай цагдаагийн дарга нарыг өмөөрч Сүхбаатар дүүргийн шүүх ба Ерөнхийлөгч рүү довтолсон захиалгат нэвтрүүлэг “7-р сарын 1 ба дуусаагүй хэвлэлийн хурал…”, “Төр үнэгүйдэж, төрийн цагдаа гэмтэн болов” зэрэг олон нэртэйгээр ээлж дараалан гаргаж байна. “25-р суваг” бүр онцгой, хэд хоноод л дахин дахин үзүүлэх юм гээч. Захиалгад донтохоороо л ингэдэг байх. Төгсгөлд нь нөгөө л “2012 он”.

Posted in + ТЕЛЕВИЗ, 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Сонгуулийн урьдчилсан сурталчилгаа

Posted by Mongol on 2012/03/25

Манай хэвлэл мэдээллийнхэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон гишүүд, сайд дарга нарыг ядахдаа ганц сарын хугацаанд хаашаа ч дагаж явахгүйгээр туршаад үзэхсэн. Цаадуул чинь контороосоо цухуйх ч үгүй, харин баахан хурал, семинар зохиож сэтгүүлчдийг ирүүлэхийг оролдоно. Хөдөө хөхөрч гадаа гандах тухай яриа байхгүй. Гадаад ч явахгүй.

Өнөөдөр сурталчилгаа бол улс төрчдийн амьдрах агаар. Камер, ядахдаа диктофон, үзэг дагуулах хүсэлгүй улс төрч хаана ч байхгүй. Тэр тусмаа сонгуульд нэр дэвшигчийн үхэх сэхэхийг сонинд сайнаар бичигдэж телевизээр гоё гарах л шийднэ. Мянга мянган сонгогчтой уулзсан цуглааныг телевизээр шууд дамжуулж, эсвэл ядахдаа сурвалжлуулж байж санаа амардаг. Хэрвээ телевиз ирэхгүй бол тэр цуглааныг хийх ч үгүй.

Жил жилийн цагаан сараар Улсын сайн малчид, тариаланчдын цол, өргөмжлөлийг хөдөө гэрт очиж гардуулах нь Засгийн газрын гишүүд, дэд сайд нар дээл өмсөөд зурагтаар таахалздаг ховорхон завшаан, хосгүй ёслол бөгөөд УИХ-ын барагтай гишүүнд олдохгүй эрх юм. Тэдний зүгээс гомдолтой хоцордог учраас шалгаруулдаг малчдын тоог байн байн нэмж ирсэн. Эвслийн засгийн газар бутарсны ачаар УИХ-ын гишүүний суудалд гэтэгч Н.Номтойбаяр, Б.Ундармаа хоёрыг НХХЯ ба БСШУ-ны дэд сайдын суудалд суусны дараахан Дорнод аймгийн нэгэн сайн малчны гэрт багтаж ядалцахыг хэдхэн секунд харагдуулахын төлөө бүхэл бүтэн цуваа хотоос хөдөлж телевизийн баг дагасан юм. “Цагийн хүрд”-ээр үзүүлэхдээ Номтойбаярын титрт “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд” хэмээн өргөмжилж амжсан. Яг төр өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын шинэ сайд Д.Цогтбаатар Дундговь аймагт, Батлан хамгаалахын шинэ сайд Ж.Энхбаяр мэдээж Говь-Алтайдаа тэгэж зогссон. Би зөвхөн шинэ сайдуудаар жишээ татлаа. Тэд сонгууль хүртэлх тав, зургаахан сард салбартаа том юм хийхийн тулд биш зөвхөн зурагтаар ахиухан гарахын төлөө энэ суудалд авирч гарсан билээ. Ямар ч эргэлзээгүй. Уг нь би Цогтбаатарыг сүрхий залуу байж магад хэмээн бяцхан найдсан ч дархан цаазтай Богд уулын Зайсангийн ам байшин барилгаар дүүрч байгааг яах вэ гэсэн сурвалжлагчийн асуултад “Надаас өмнө болсон асуудал учраас би мэдэхгүй” гэж хариулахыг үзээд гутсан.

Телевизээр гарахын тулд заавал тойргоо зорьж зүдэрдэг байсан УИХ-ын жирийн гишүүн Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайд болсныхоо ачаар “Энхбаяр цэцэг өргөхөд байлцав”, “Энхбаяр цэргийн ангид очив” сурвалжлагууд тасрахаа байжээ. “Энхбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэв”, “Энхбаяр огцорсонгүй” мэтийг тооцохгүй. Чухам үүний тулд Д.Цогтбаатар гадаадад үргэлж явдаг Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргын атаархам ажлаас хааяа Улаанбаатар хотын муу усны төв цэвэрлэх ба “Харгиа” байгууламжийн өмхий үнэрт зогсохыг илүүд үзжээ. Шанд нь сэтгүүлчдийг дагуулан өөртэйгээ адил хордуулж зогсох юм.  Хэрвээ сэтгүүлчид үгсээд “сайд аа, бид өнөөдөр сэтгүүлчдийн хуралтай, таныг маргааш дагая” гэвэл зөвшөөрөх байх шүү! Бас нэр дэвших сураг дуулдаагүй Эрүүл мэндийн шинэ сайд Н.Хүрэлбаатар ажлаа авснаасаа хойш Улаанбаатар дахь харъяа эмнэлгүүдээр ээлж дараалан орж үүрэг даалгавар өгөхдөө заавал сэтгүүлчдийг байлцуулж гэрчлүүлдэг нь улс төрчийн шинж орж яваагийн шинж.

Энэ бүхэн сонгуулийн урьдчилсан сурталчилгаа юм. Хуулийн хугацаа эхлээгүй ч хэдийнэ de facto эхэлчихсэн. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Одонтуяа гэж хүүхэн өнгөрсөн 2-3 жил дэлгэцнээс ховхорсонгүй. TV9 телевизийг орой үзэхлээр “Бүсгүйчүүд” нэвтрүүлэгт Одонтуяа сууж л харагддаг. Өөр хүн бол ганц хоёр оролцоод хэлэх санаагаа дуусч залхана, харин Одонтуяа өвөл, зун, хавар, намаргүй сууж л байгаа. Нэг удаа түүнийг алга байхад (гадаад дотоод явсан биз) сонин санагдаж бараг үгүйлсэн шүү. TV9-өөс  гадна бусад бүх телевизийг гүйцээсэн гайхалтай эмэгтэй. Мэдээнүүдээс эхлээд “Дуусдаггүй яриа”, хоолны нэвтрүүлгүүд, эдийн засагч Д.Жаргалсайханы гадаадынхан юмуу англи хэлтэй монголчуудын голлон урьдаг De facto-д хүртэл ороод амжжээ.  Өнгөрсөн өвөл Одонтуяа гурван сувгаар зэрэг гарахыг харснаа нэгэн үзэгч дурсаж “хувцсаа солиод л гараад байсан” гэж билээ. Гэхдээ хоёр нь бичлэг, эсвэл давталт байсан биз ээ. Хүн ингэж их хүсч байхад манайхан ирэх зургадугаар сард түүнийг УИХ-ын гишүүнээр сонгоод өгөөсэй гэж боддог боллоо. Эс тэгвэл дахиад дөрвөн жил телевизийн дотор амьдарч бизнесээ, намын ажлаа, “Иргэн та баялаг” сангаа, тэр ч бүү хэл гэр орноо ч мартвал яана? Юутай ч энэ сонгуулийн өмнө “25-р суваг”-ийн Алтантүрүүг дуудаж хонуулбал гэр орондоо хэвийн эсэхийг мэдэж авцгаая. (Мартсанаас, сүүлийн хэдэн сар Алтантүрүүгийн оронд буцаад Ганзориг айлаар хоножээ. Бас яачихав?)

Сонгуулийн урьдчилсан сурталчилгааны онцгой арга бол нэвтрүүлэг хөтлөх. Нэр дэвших нь эргэлзээгүй “Шударга иргэдийн фронт”-ын Я.Арслан долоо хоног тутам  NBS-ээр ширүүн лекцэлдэг бол Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын Төмөрсүх гэж дарга “цагаан утас” тавьчихсан дуудлага хүлээж сууна. (Саяхан TV9-өөр шинэ нэвтрүүлэг эхэлсэн Г.Уянга мэргэжлийн сэтгүүлч, гэтэл МАХН-ын залуучуудын байгууллагын тэргүүн залуу ток шоу шиг юм хөтлөөд эхэлжээ). Гэхдээ тэд анхдагчид биш.  25-р сувгийн “Дуусдаггүй яриа”-гаар УИХ-ын одоогийн хэсэг гишүүн чуулганы танхимд чадаагүйгээ амаараа гүйцээж “76 дурак”-аас арай гайгүйгээ нотлох гэж хэдэн жил чардайж байгаа бол З.Энхболд гишүүн саяхан болтол TM телевизээр С.Эрдэнэ нарын өөр хэдэн гишүүнийг элсүүлсэн арай цомхон ярилцлага хөтөлж МАН-тай эвссэн өөрийн намыг шүүмжилж суулаа.

Posted in + ТЕЛЕВИЗ, 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа, СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА | 1 Comment »

Гишүүнийг дагаагүй сурвалжлагууд

Posted by Mongol on 2012/03/25

УИХ-ын гишүүн, сайд даргын албан тушаалтай нэр дэвшигчдийг сурталчлах аргаа олон нийтийн телевиз хэдийнэ олчихсон. Өнгөрсөн долоо хоногт орон нутгаас бэлтгэсэн мэдээ, сурвалжлага олширсон нь чуулган завсарлаж эрхэм гишүүд тойрогтоо үзэгдэхээр явахдаа “Монголын мэдээ”-г дагуулсных. Гэхдээ тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг хараахан гишүүн биш нэг нэр дэвшигчийг дагасан нь тун сонин байлаа.

Хөвсгөл аймгийн нэгэн суманд эмч, багш нарын зөвлөгөөн болсон, Хөвсгөл аймагт малчдын холбоо зөвлөгөөн хийсэн, Хөвсгөл аймгийн мал аж ахуйн мэргэжилтнүүдийн холбоо байгуулагдаж семинардсан зэрэг баахан сурвалжлага “Цагийн хүрд” болон мэдээгээр гарчээ.  УИХ-ын гишүүн очоогүй жижигхэн арга хэмжээнүүдийг сонирхуулахын тулд хаа холыг зорьж шууд дамжуулахад ч бэлэн байсны учир начир төдөлгүй тайлагдав. Тэр болгоны индэр нэгэн эрхэм байнга сууж, тэгснээ босоод үг хэлж байсан нь MCS-ийн дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан байлаа.

Эрх мэдэл, мөнгө хоёр бол өөр хоорондоо чөлөөтэй хөрвөдөг валют. “Монголын мэдээ” зөвхөн валютаар үйлчилдэг юм байна.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 2 Comments »

Олон нийтийн телевиз сонгуулийн өмнө

Posted by Mongol on 2012/03/24

УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийн 35-ын 8-д “Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нэвтрүүлэг /цаашид “сурталчилгааны нэвтрүүлэг” гэх/-ийг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хуваарь, цагийн дагуу зөвхөн төлбөргүй нэвтрүүлэх ба төлбөртэй нэвтрүүлэхийг хориглоно” гэжээ. Өмнөх сонгуулиар бас ийм заалттай байсныг МҮОНРТ  хэрхэн зөрчиж ил, далд сурталчилгааг илээр, хулгайгаар ч явуулсныг дөрвөн жилийн өмнө ажигласнаа би хэдэнтээ бичиж үлдээсэн.

Дээрх сүртэй боловч огт хэрэгждэггүй заалтыг тойрч гарах дэндүү амархан. Үүний тулд СЕХ-ны хуваарийг сахисан дүр үзүүлээд хажуугаар нь төр, засгийн ажил, албыг яг одоогийнх шигээ зогсоо зайгүй мэдээлж сурвалжлах бөгөөд өнөөх нэр дэвшигчид маань УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, сайд, дэд сайд болон бас бус нэрээр гараад ирнэ. Гүйцээ. Энэ нь МҮОНРТ ба төр, засаг хоорондоо “бид төр, засгийн арга хэмжээг сурталчилна, харин та нар төрд гарахаа мэд” гэж тохирсонтой ижил юм. Цаадуул нь үүнийг дээд зэргээр мэдэж, саяхан гэхэд дэд сайдын суудлуудаар таран байршсан билээ. Бас төрд дансгүй ч төрийн элдэв ажил хэрэгт оролцоод “санаандгүй” тааралдаж бас болно… Энэ хаврын цаг агаарын төлөв байдал гэдэг шиг олон нийтийн телевизийн сонгуулийн сурталчилгааны өнгө иймэрхүү харагдаад байна.

Харин олон нийтийн телевизийнхэн УИХ, Засгийн газар, яам, агентлаг, ИТХ, ЗДТГ-уудын хурал, семинар, уулзалт, шийдвэр, амлалт, аян, хөтөлбөр, мэндчилгээ, нээлт, хаалт, тууз хайчлалтаас нэгийг ч алгасалгүй сурвалжлах тухайд санаа зовохгүй байж болно. МҮОНТ-ийн дуу хөгжим, шинжлэх ухаан, танин мэдэхүй, шоу, тэмцээнийг хасахад мэдээллийн хөтөлбөр, мэдээ, нийгэм-улс төрийн нэвтрүүлгүүд тэр чигээрээ төр, засгийн ухуулга сурталчилгаа юм. “Төрийн халамжийн бодлого хавтгайрлаа”, “Тавантолгойн хувьцаа удааширч байна” мэтийн сүрхий үг өгүүлбэр, хууль тогтоомжийг сайжруулах, зөв бодлого явуулах хэрэгтэй тухай том том яриа зөндөө хэрнээ хөндлөнгийн байр суурь, дүн шинжилгээ, олон талтай мэтгэлцээн, нэр хаягтай шүүмжлэл, баримт мэдээллийн араас тултал хөөцөлдсөн эрэн сурвалжлага гэж байхгүй.

Харин өнгөрсөн сард МАН, АН хоёр тийшээ харж хоорондоо муудалцсаныг дагаад “Монголын мэдээ” агентлаг ба МҮОНТ-ийн хооронд ганц хоёр удаагийн толхилцол ажиглагдлаа. Харж л байя.

Posted in + ТЕЛЕВИЗ, 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Арилжааны телевизүүд сонгуулийн өмнө

Posted by Mongol on 2012/03/24

2011 оны 12-р сарын 15-нд батлагдсан УИХ-ын сонгуулийн шинэ хуулиар хэвлэл мэдээллийн сурталчилгаа “үнэн зөв, бодитой” биш байвал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас дал дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулахаар журамлажээ. Тэгвэл “үнэн зөв, бодитой”-гийн хэмжүүр хаана байна? Хуулинд юу ч алга. Сонгуулийн ерөнхий хороонд үүнийг хэмжих жинлүүр, шугам лав байхгүй. Нэг үнэн, нөгөө нь худлаа гээд зүтгэхэд, эсвэл 10 баримтын 9 нь үнэн, ганцхан нь худлаа юмуу эргэлзээтэй байвал яахав? Шүүхээр явахад сонгуулийн сурталчилгааны 60 хоногт шийдэж амжихгүй.

Эндээс харахад, МАН ба АН хоёр хөнжил дотроо хавсайдаж баталсан хуулийн энэ томъёолол нь хэвлэл мэдээллийг зөвхөн сонгуулийн штаб, нэр дэвшигчдээс ирүүлсэн захиалгат нэвтрүүлгийг цацаад сууж байхыг тулгасан хэрэг юм. Бүр тодруулбал, хамгийн их мөнгөтэй манай хоёрт зарагдаад бай гэсэн үг. Марзан юм гэвэл өөрсдийг нь “үнэн зөв, бодитой” бишээр тэнгэрт тултал бялдуучлан магтасны торгууль төлөө торгууль ногдуудах байтугай мөнгө нэмж төлнө.

Ийм нөхцөлд сонгуулийн үеэр арилжааны телевизүүдээс сэтгүүл зүйн нийтлэл, нэвтрүүлэг бүрэн шахагдана. Аливаа сурталчилгааны үнэн зөв, бодит байдлыг тогтоох ганц арга бол шүүхийг эс тооцвол тэр сурталчилгаанд орсон баримт мэдээллийн мөрөөр сэтгүүлчдийг явуулж эрэн сурвалжлуулах явдал юм. Гэтэл ингэж яваад алдаж оновол “тавиас дал дахин нэмэгдүүүлсэнтэй тэнцэх” буюу арваад сая төгрөгийн эрсдэлтэй учраас хэвлэл мэдээллийн эзэд намуудаас бэлэн мөнгө аваад зүгээр суухыг илүүд үзнэ.  Гэхдээ хүний шунал хязгааргүй тул нэмэлт орлогоос татгалзахгүй, үүний тулд мэдээ, сурвалжлага, ярилцлагуудаа сонгуулийн далд сурталчилгаа болгож хувиргана.

Posted in + ТЕЛЕВИЗ, 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Монголын оюутны талбайг энд оршуулав

Posted by Mongol on 2012/03/17

МУИС-ын 2-р байрны урд, Мэдээллийн технологийн үндэсний паркын хойно Оюутны нэртэй талбай бий. Нийтийн эзэмшил боловч их дээд сургуулийн оюутнууд үнэхээр цуглардаг,Монголын оюутны холбоо янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг байснаа тус холбоог өмчилж авсан хэсэг нөхөд сэмхэн нам дагаж, улмаар төрд орохоор явцгаахдаа хоёр жилийн өмнө нэгэн компанид “бид дуугарахгүй” гэж амалчихаад арилаад өгсөн байдаг. Одоо гуравны нэгд нь арван хэдэн давхар офис хэдийнэ босч үлдсэн зайд машинаа тавиад талбайг 100 хувь эзлэн авч өөрийн болгож чадлаа.

Засгийн газраас Оюутны жил болгож зарласан 2002 онд энд сүртэй цуглаан хийж дурсгалын самбар босгосныг санаад баахан хайсны эцэст оллоо. Тэр цаана харагдаж байна.

Энэ байна! Даанч анх зоосон газарт тэр өндөр барилгын бололтой шугам сүлжээний худгийг гаргаж, харин самбарыг цааш зайлуулан шороонд булж тогтоосон аяджээ. Оршуулган дээрх гантиг адил харагдана.

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | 1 Comment »

Монголын Economy

Posted by Mongol on 2012/03/16

Өнгөрсөн зууны төгсгөлөөр нэртэй эдийн засагч Н.Дашзэвэг “Та эдийн засагч” нэртэй сониныг нэлээд хэдэн жил  эрхэлсэн юм. Эхний үг илүүдсэн биш үү гэж асуухад The Economist-тай адилтгаснаа хэлж байсан.

Харин ноднин “Өнөөдөр” сониноос гарсан эдийн засгийн сэтгүүлч Д.Бэхбаяр, И.Отгонжаргал хоёрын үүсгэн байгуулсан Mongolian Economy сэтгүүл жинхэнээсээ монголын The Economist байх зорилготой гэж ойлголоо. Зөв. Зуу гаруй жилийн түүхтэй дэлхийн эдийн засаг, улс төрийн нөлөөтэй сэтгүүлийн стандарт өндөр байж таарна. Юуны өмнө загвар, дэглэлтээс нь манай Economy нэлээд санаа авчээ. Гэхдээ улс төргүй шахам, “эдийн засаг санхүү, бизнесийн сэтгүүл”. Дугаар бүртээ нэг сэдвийг сэтгүүлчийн нүдээр харж нэлээд сайн задалж А.Амарсайханы хөгжилтэй зургаар хавтсаа чимдэг, эдийн засагчдад зориулсан гэхээсээ илүү нийтлэгдүү, тун дажгүй сэтгүүл сар тутам хэвлэгдэн гарч байна. Цааш эдийн засгийн тал руугаа улам гүнзгийрэх үү, эсвэл … гэсэн асуулт гарцаагүй төрж байна. Төвлөрч дагнах гэдэг бол амжилтын үндэс мөн, гэхдээ зөвхөн сэдвээр дагнадаггүй… Ихэнх агуулга нь монгол, харин монгол нийтлэлийнхээ заримыг товчлон орчуулсан англи хувилбар арын хавтаснаас эхэлдэг. Одоохондоо рекламын хуудасны тоо цөөхөн.

Сэтгүүлийн http://www.mongolianeconomy.mn  сайт нь зөвхөн дугаараа дагадаггүй, өдөр тутмын шуурхай мэдээлэлтэй юм байна.

Posted in + СЭТГҮҮЛ | 1 Comment »

Засаг дарга ба зургаан сэтгүүлч

Posted by Mongol on 2012/03/15

Үзэхгүй гэж хичнээн хичээсэн ч өчигдөр орой (3-р сарын 14-ны Лхагва гариг) нийслэлийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын хэсэг сэтгүүлчидтэй хийсэн “Хот ба сэтгүүлч” нэртэй 50 минутын ярилцлагыг  бараг бүтэн үзчихлээ. Баахан суваг сольж зугтаасан ч баригдахаас өөр яахав. Хар л даа.

C1 телевиз: 18:30 – “Хот ба сэтгүүлч” ярилцлага

UBS телевиз: 19.05 – “Хот ба сэтгүүлч” уулзалт

TV5 телевиз: 20:10 – “Хот ба сэтгүүлч” ярилцлага

NBS: 20:10 – “Хот ба сэтгүүлч” ярилцлага

МҮОНТ: 21.30 – “Хот ба сэтгүүлч”ярилцлага

NTV: 23.00 -“Хот ба сэтгүүлч” ярилцлага

Бултаж чадлаа ч өнөө өглөө (3-р сарын 15-ны Пүрэв) гарцаагүй баригдах байж. МҮОНТ: 10.10 – “Хот ба сэтгүүлч” ярилцлага. NBS: 12:00 – “Хот ба сэтгүүлч” ярилцлага. UBS телевиз: 17.00 – “Хот ба сэтгүүлч” уулзалт…

Ямар агуу мэдэгдэл хийхийн тулд Г.Мөнхбаяр дарга ингэж том хөдлөв өө? Нийслэлд их бүтээн байгуулалт өрнөж байна, хүмүүст хүрсэн, алдаа бага гаргаж байна, бүр ихийг хиймээр байвч даанч эрх мэдэл дутаад байна, энэ жил нийслэлийн орлого анх удаа 200 тэрбумаас  давахад Сангийн сайд 70 тэрбумыг улсын төсөвт татаад авчихсан, 6 хувийн орон сууцны төсөл сайн явна, манай хотынхон ажлаа 8 цагт эхэлдэг, энэ миний санаа, удахгүй огцом шийдвэр гаргана, жишээлбэл, хашаагаа цэвэрлэцгээе, бас эздүүд гал зуух руугаа орж ямар хоолоор үйлчилж байгаагаа хар… гэх мэт. Ердөө энэ үү? Гэр хорооллын иргэдийг газраа бүү өг гэж уриалсан УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн нэрийг дурдахгүйгээр “Их хурлын гишүүд амьдралаас тасархай юм ярьж, хоёр  давхар хаус барьцгаа гэж байна. Тэгье л дээ, гэхдээ хэдэн жил үргэлжлэх юм бэ? Айлуудтай гэрээ байгуулж газрыг нь авахгүйгээр бүтэхгүй… ” гэсэн нь сонин байв. Удахгүй сонгуульд нэр дэвшихдээ туг болгож барих “брэнд” ажлаа тэр чигээр нь зүтгүүлэх нь.

Засаг дарга хүн ажлаа сурталчилж, бас өмөөрөхгүй хаачихав. Гэхдээ сэтгүүлчид хаачив? Өөдөөс нь хараад “… нийслэл өнгөрсөн жил 800 иргэнийг ажилтай болгосон, энэ бол загас барих аргыг зааж өгч байна гэсэн үг… Өмнө Засаг дарга газар олгож иргэдийг хувийн өмчтэй болгосон, харин та түүхэнд юугаараа үлдэх вэ?… та хавар болгон хурц шийдвэр гаргадаг… ” гэх мэтээр магтаал багтаасан асуулт (эсвэл асуултанд боосон магтаал гэсэн ч болно) тавьж сууцгаав. Хурц, эгзэгтэй асуулт сонсоогүй. NBS-ийн Наранбаатарыг тэвдүүлсэн асуулт тавих болов уу гэтэл “нийслэл жилд бүр нэг асуудлыг бүрэн шийдээд явчихаж болдоггүй юм уу?” гэснээс хэтэрсэнгүй. Учрыг төдөлгүй ойлгов. Энэ ярилцлагыг (UBS-ийнхээр бол уулзалт) түүнд оролцсон зургаан сэтгүүлчийн телевизээр, түүний дотор NBS-ээр цацжээ. Илүү дутуу дуугарч байж цацуулахаа больчихвол яана? 50 минутийн цацалтын мөнгө бол жижиг телевизийн хувьд том, алдчихвал хайран биз.

Бүх телевизээр яг ижилхэн бичлэг гарсан. Хэрхэн монтажлах, хасч танахыг, бас завсраар нь нийслэлийн бүтээн байгуулалтын хөгжимтэй дүрсийг үе үе оруулж гоёсон “Хот ба сэтгүүлч” ярилцлага бол Г.Мөнхбаярын пиарын төсөл.

Posted in + ТЕЛЕВИЗ, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | Leave a Comment »

“Гамбир”-дуулсан Молекул

Posted by Mongol on 2012/03/10

Манай телевизийн ярилцлагууд даанч залхуутай, яагаад гэвэл хөтлөгч нь зочиндоо тал зассан асуултуудыг ээлж дараалан дэвсэж таатай яриа өрнүүлэхээс өөр хэрэгтэй юм хэлүүлж чаддаггүй. Иймээс худалч, хоосон чалчигч, авлигач, хүнд сурталтан, олигарх, газрын наймаачин, тендерийн хулгайчыг урихад айж ичихгүй дэгдээд л орж ирдэг. Эсэхүл мөнгөө төлчж асуулт захиалчихаад  хариулт бэлэн ирж тухална. Бас захын дурак ярилцлага хөтөлдөг болжээ. Телевизийн суваг дэндүү олон учраас хаа нэгтээ шургалж хэн нэгэнтэй 30-40 минут чалчаад суучих юм. Элдэв улс төрч, нэр дэвшигч, горилогчид сонгуулийн хөтлөгч болж тоглох дуртай.

Одоогоор уригдсан зочноо байцааж чадахыг ганц хичээж байгаа нь “Шууд” телевизийн “Гамбир” нэвтрүүлэг. Миний үзээгүй нэгэн дугаарт өөрийгөө хөдөлдөг болгоны удирдагчаар өргөмжилсөн, 7-р сарын 1-ны үймээнийг дэгдээгч Магнай уриа лоозонгоо хашгирч эхлэхэд нь (гэртээ хүртэл цуглаан зохиож суудаг биз) өөр шигээ тэмцэхгүй байна гэж зэмлэсэн хүмүүсийн ядахдаа ганц нэр хэлээч гэж буланд шахаж гомдоосон, өөр нэг дугаарт Арго багшаас мэддэг 20-30 хэлнийхээ зөвхөн тавханаар ганц өгүүлбэр орчуулж өгөөч гэж гэнэтийн шалгалт авч унагасан, саяхны нэг дугаарт твиттерийн хэдэн мянган фэнээсээ “Гамбир” ярилцлагад орох уу, яах уу?” гэж зөвлөгөө авч ихэд бэлтгэлтэй ирсэн Сангийн дэд сайд Ч.Ганхуягаас дэлгүүрт байгаа талхны үнийг асууж “300 төгрөг” гэж хариулсныг цацаж онигоонд оруулсныг шторкоос харсан.

Зөвхөн хөтлөгч (залуугийн нэр хэн билээ?) асуугаад байдаггүй, бас үзэгчдээс асуулт цуглуулж дамжуулдаг бөгөөд өчигдрийн “Гамбир”-т оролцсон УИХ-ын гишүүн Батж.Батбаярыг тэвдүүлсэн зарим асуулт бас үзэгчдийнх байжээ. Нэг үзэгч тов тодорхой асуув:

-Та хамгийн сүүлд хэзээ нийтийн тээвэр буюу автобусанд суусан бэ?

-Би зургаа долоо хоногийн хоёрдугаар эмнэлгээс гарч хуучнаар Бактериологийн хүрээлэнгийн тэндээс автобусанд суугаад Ленин клубын урд буугаад явган алхаж гэртээ харьсан.

Сайхан худлаа хэлэх юм аа. Зүүн талаас ирсэн автобусууд Ленин клубын урд зогсдогггүй. Учир нь тэнд байсан автобусны буудлыг гурав, дөрвөн жилийн өмнө хаасан тул 40 мянгатаас нааш буудалгүй. Өмнөх нэгэн сонгуулийн сурталчилгааны сонин дээрээ “Танд ямар дутагдал байдаг вэ?” гэсэн асуулт захиалж “Худлаа хэлж чаддаггүй ганц том дутагдалтай” гэж агуу худлаа ярьсан Батбаяр яг хэвээрээ. Харин автобусны тасалбарын үнэ 400,  троллейбусных 200 төгрөгийг яг хэлсэн. Ганхуягаас сургамж авч цээжилж цээжилж ирсэн байх.

Би ярилцлагыг дундаас нь үзэхэд хөтлөгчийн бусад асуултууд Батбаярыг бажгадуулж байсан. Ерөөсөө зурагт үздэггүй, өөдтэй юм гардаггүй гэж даналзсан ч “байцаалт”-ын эцэст “Цагийн хүрд”, 25-ын мэдээ хоёрыг үздэг, бас телевизийн зарим нэвтрүүлэг гайгүй болж таарлаа. 2008 онд Баянхонгор аймгаас сонгогдсоноос хойш тийшээ хоёрхон удаа очсоноо хичнээн цайруулаад ч “хоёрхон удаа” хэвээр үлдэв. “Баянхонгорчууд өөрсдөө  улс төржсөн” гэж дуугарсныг бодоход сонгогчидтойгоо түр тар хийсэн бололтой.

Харин хүүхдүүдээ улс төрд оруулах уу гэсэн асууултанд бултаад нэмэргүйг ойлгосон бололтой, томыгоо улс төрд бэлтгэж байгаа гэв.

Төгсгөл рүүгээ хөтлөгчийн асуултанд бачимдаж “… Чи залуугаасаа ийм явах юм бол чиний амьдрал тиймэрхүү л байх болно. Чи 24-хэн настай байж яаж чадаж байна аа… Миний хүүхэд байсан бол би алгадаад унагаачихсан, “битгий солиор” гэж хэлнэ”, бас “молекул” нэрний утгыг асуухад “Би чамаар молекул гэж хэлүүлмээргүй байна” (сонины ярилцлагад, энэ нэрнээс ичдэггүй, намайг нямбай, нарийн, тооцоотой учраас найзууд тэгдэг” гэж хариулсан удаатай), … Би арай өөр яриа байх гэж бодож танай энэ “Гамбир” нэвтрүүлэгт орж ирсэн. “Гамбир” гэдэг нь гамбир болгоно гэсэн үг юм байна даа” гэх мэтээр баахан нервтсэн ч гар барьж салсан юм.

Батж.Батжаргалын хамгийн чухал нууц – Хөвсгөлийн фосфофитыг “Талст маргад”-тай хамт яг яаж авсныг тултал асуух байсан ч хөтлөгчид мэдээлэл дутаж үргэлжлүүлээгүй, бас Тавантолгойн 14-ийн нэг байсан түүхийг сөхсөнгүй.

Оносон асуултууд улс төрчдөд хүмүүжлийн ач холбогдолтой бөгөөд оносон сум шиг улс төрчийнх нь хувьд дуусгаж ч чадна. Хурааж цуглуулснаа идэж уугаад жаргаж сууна биз.

Posted in Шууд ТВ | 9 Comments »

Сүүнээсээ илүү реклам

Posted by Mongol on 2012/03/08

Манайд худалдаалж байгаа савласан сүүнүүд Гачуурт, Партизан, эсвэл бусад сум, аймгаас авчирсан бидонтой сүү биш, сүү саалийн  улиралд хатааж хадгалсан өөрийн хуурай сүүний найруулга ч биш, бүгдээрээ гаднын хуурай сүүных гэж мэргэжлийн хяналтынхан ярихыг сонссон. АПУ-гийн “Цэвэр сүү” ч тэдний нэг биз. Компанийн сайтад даруухнаар “Дээд зэргийн түүхий эд ашигладаг” гэж бичсэн харагдана. Лавшруулж асуувал, Австрали, Шинэ Зеландийн ийм тийм  лут компаниас оруулдаг, дахиад лавшруулбал “Бээжин дэх салбараас нь” оруулж ирсэн болж магадгүй. Муу сүү биш ч найруулсан гэдгээ хэлчихдэг болоосой.

Гэхдээ телевизээр явсан сурталчилгаа нь төгс.

Х-ТҮЦ-ын Аглуу, Онон хоёр дуучин Болдынд ирж маш гоё хөөрөг үзүүлэн магтахад Болд ч хүлээн зөвшөөрч сууцгаана.

Аглуу эвтэйхэн хэрнээ шулуухан сонжиж: Юм мэддэг хүнтэй тамхилахлаар үнэ хэлдэг л хөөрөг дөө. Улсын музей авья гэж гуйгаад байгаа юм. Би өгөхгүй гэсэн. Хүүдээ нэг унаа болгочих санаатай…

Болд хөөргийг шохоорхож буйгаа мэдэгдэхгүйг хичээн: Юу ч байсан цайгаа уу? гэлээ.

Хэдэн мөчийн дараа Аглуу сүүтэй цайнаас амсаад хөөргөө магтахаа ор тас мартаж “Яасан сайхан сүлэрсан цай вэ?” хэмээн дуу алдах нь тэр. Өөдөөс нь харж суусан Онон тэр сайхан сүүнд уусаад сөхөө алга.    

Posted in Реклам сурталчилгаа | 1 Comment »

Нэр дэвшихэд ТББ хэрэг болдог

Posted by Mongol on 2012/03/08

2012 оны УИХ-ын сонгуудьд нэр дэвших хүсэлтэй компанийн захирлууд янз бүрийн ТББ-ын нэрээр телевизийн дэлгэц рүү нэвтэрч сэм сурталчилгаагаа эхэлсээр байна.

Тэдний нэг “Гандирс” компанийн захирал Ц.Эрдэнэчулуун гэдэг эмэгтэй өнгөрсөн сард МҮОНТ-ийн “Ярилцья” нэвтрүүлэгт “Мянганы дэвшил” ТББ-ын тэргүүний хаягаар оролцож хөдөөгийн малчин эмэгтэйчүүдийг Америк руу авч явахаа зарлав. Арай өмнөхөн Ш.Гүрбазарын “Хариулахгүй ч байж болно” нялуун ярилцлагад оролцсон бичлэг нь youtube-д “Дэлхийн шилдэг бизнес эмэгтэй Эрдэнэчулуун” гарчигтайгаар тавигджээ. Ноднингоос хойш хэд хэдэн сэтгүүлд ярилцлага өгч хавтсан дээр нь байрласан билаа. Тун саяхан “25-р суваг” телевизийн “Би чамаас-Чи надаас” эчнээ ярилцлагад сууж харагдав.

Үнэхээр нэр дэвшихээр шийджээ.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

МҮОНТ: Гэрээт банк, компаниуд …

Posted by Mongol on 2012/03/06

МҮОНТ, ялангуяа “Монголын мэдээ” агентлагийн удирдлага Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг дахиад нэг уншвал гайхаж, бас цочиж магадгүй. Үнэхээр тийм: мэдээллийн хөтөлбөрийн дундуур ямар ч зар сурталчилгаа нэвтрүүлэх ёсгүйгээс гадна арилжааны болон далд зар сурталчилгааг бүрмөсөн хориглодог. Гэтэл тэд хуулиа сэм сэмхэн зөрчсөөр байгаад сүүлдээ баримжаагаа алдаж улаан цайм болжээ.

Юуны өмнө “Цагийн хүрд”. Энэ удаад төр засгийн ухуулга сурталчилгааг үлдээгээд (дараа бичнэ) зөвхөн арилжааны реклам сурталчилгаанд анхаарлаа хандуулья.

Сүүлийн хэдэн жилийн турш “Цагийн хүрд”-ийн дугаар бүрт “Монголын мэдээ” агентлагийн технологийн түнш – Summit Computer Systems, Юнител-ийн Premium үйлчилгээ зэрэг байнгын болон нэг удаагийн 2-3 ил сурталчилгаа, бас 1-3 далд сурталчилгаа орж байна. Эхнийхийг ивээн тэтгэлэг гэж өмөөрөхийг сонссон, тэгвэл  мэдээллийн хөтөлбөрийг ивээн тэтгэх явдал бас хуулиар хориотой.

Далд сурталчилгаанууд нь сэтгүүл зүйн мэдээ, сурвалжлагын хэлбэрээр байдаг.  Ажиглахад, олон нийтийн телевизэд хэдэн том банк, компани  онцгой эрх эдэлжээ. Юуны өмнө ХААН банк. Ноднингоос хойш Ням гариг бүрийн 19.40-өөс “ХААН банк-талархлын баяр”-ын азтан тодруулах арга хэмжээг шууд дамжуулж (бас “Цагийн хүрд”-ээр давтаж мэдээлэхээ мартдаггүй) байна. Ийм тансаг сурталчилгаа гэж байх уу? Тус банкныхан юу ч болсон хамаагүй, саяхан худалдааны санхүүжилтын гэрээ байгуулах сэдвээр сургалт явуулахдаа “Монголын мэдээ”-гийн сэтгүүлчийг дуудсан байв. Дараачийнх нь “Капитал” банк. “Цагийн хүрд” эхлэхийн өмнө байнга үзүүлдэг нэгэн сурталчилгаанд өмнө цацаж байсан захиалгат сурвалжлагуудаа нэгтгэжээ. Огт нуухгүй, санаа зовохгүй байна гэсэн үг. Сүүлдээ цаг агаарын мэдээгээ “Капитал”-ын сурталчилгаатай хамтруулдаг болов. Энд тэнд  банкны салбар нээгдэж  тууз хайчилсан арга хэмжээнүүд “Цагийн хүрд”-ын хамгийн дуртай сэдэв. “Хаан”, “Капитал”-аас гадна “Хас” банкны элдэв арга хэмжээ, жишээлбэл “Хас лото”-гийн шалгаруулалт, Төрийн банк, Хадгаламж банкны сурвалжлаган сурталчилгаанууд ээлжлэн гарсаар байна.

Компаниудаас “Мобиком” ба “Юнител” хоёрын шинэ салбар, шинэ дугаар, урамшуулал, сугалаа тасрахгүй. MCS группын сурталчилгаанууд бас тасархай: түүний харьяа “Орчлон” сургуулийг монголын бусад бүх сургуулиудыг нийлүүлснээс олон удаа сурвалжилжээ. Саяхан “Орчлон” сургуулийнхан их ажилтай байна” гэж магтаж ядсан мэдээ үзсэн. Он гарснаас хойш Моннис ба MSM-ийн автомашины өргөтгөсөн худалдаа, нээлттэй өдөрлөгүүдийг алгасалгүй зарлаж өгч байна. “Соёолж” төв,  “Талх чихэр”, “Мах импекс”-ийн сурталчилгаа үе үе гардаг. Үл хөдлөх хөрөнгийн “Мастер пропертиз” компани  дөрвөн жилийн ойн арга хэмжээгээ хэдэнтээ үзүүлсэн бол “Тэсо” компани “Дэлхийн аялал” нэртэй урамшууллын азтан шалгаруулах нэвтрүүлгээ шууд цацуулжээ. “Оюуны ундраа” групп өөрийн зардаг европын “Грюндиг” брэндийн цахилгаан бараа ба “Монголын санхүүгийн групп” ББСБ-ынхаа зээлийн үйлчилгээг бас “Цагийн хүрд”-ээр танилцуулсан. Тусгаар тогтнолын ордонд нээгдсэн “Оргил” супермаркет ч бас амжуулжээ. Саяхнаас “Улаанбаатар цахилгаан шугам сүлжээ” гэж компани ой тэмдэглэсэн ч, хурал зохиосон ч, ажилчиддаа байшин өгсөн ч олон нийтийн телевизээр гайхуулах боллоо. Цагаан сараар компаниуд мэндчилгээ нэрээр цагаандаа гарсныг бэлэг дэмбэрэлээ бодоод, бас дуусахгүй учраас нэрээр тоочихгүй  өнгөрөөе.

Энэ бүхэн Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг шууд зөрчиж байгаа баримтууд юм. “Сауз гоби сэндс” компани ажилчдаа бөөнөөр халсан, хайгуулын лицензээ ашиглалтын болгосныг тойрсон дуулиан дэгдээд байхад тус компани 2011 оныг гайхамшигтай амжилтаар үдсэн талаар “Цагийн хүрд”-ээр жигтэйхэн сайхан сурвалжилж өгсөн нь бас л далд сурталчилгаа.

Том банк, компаниуд МҮОНТ-ээр мэдээ, сурвалжлага захиалах тоолондоо мөнгө бариад гүйдэггүй, бөөнөөр шилжүүлдэг, үүний тулд “хамтран ажиллах гэрээ” байгуулж, тухайн компанийн талаар сөрөг мэдээлэл цацахыг хааж чадаж байна. Иймээс “төлбөртэй”-гийн оронд “гэрээт” мэдээ, сурвалжлага гэж нэрлэе.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Монголын №1 ПАПАРАЦИ сэтгүүл

Posted by Mongol on 2012/03/05

Дөнгөж сая 50 дахь дугаар нь хэвлэгдэж гарсан “Соронз” сэтгүүл өөрийгөө “14   хоног тутмын монголын №1 сэтгүүл!” гэж өргөмжлөхдөө “папарацци” тодотголыг бичихээ мартсан юм шиг байна. Гэхдээ яахав, юугаар гоёж пээдгэр явах нь тус сэтгүүлийн хувийн хэрэгт тооцъё.

Харин “Соронз” өөрөө улс төрчид, захирлууд, бөхчүүд, тамирчид, урлаг соёлын одуудын хувийн амьдрал руу дээд зэргээр өнгийдөг сэтгүүл. Саяхан нэгэн бүжгэн жүжиг үзсэн олны танил хүмүүс хувцсаа авч өлгүүрийн дэргэд хэдэн мөч саатахдаа хэдэн папараццид бүслэгдэж гэрэл зургийн аппарат зогсоо зайгүй ширшархийн гэрэл маналзахад “аймаар байсан” гэж нүдээрээ үзсэн хүүхнүүд ярилцахыг сонслоо. Зөвхөн театрт төдийгүй бусад үзвэр, баяр ёслол, найр наадам, хурал чуулган дээр Canon, Nikon-ий урт дурангууд үргэлж онилоостой. Дэлгүүр үйлчилгээний үүдэнд бол найдвартай олзлогдоно. Ямар ч албархуу дарга, битүүлэг боссууд Скай супермаркет орохоороо задгайрч авгай, эсвэл нөхөр хүүхдээ дагуулж том тор барьчихсан … папарацци нарын амттай зууш.

Хүмүүсийн хувийн амьдралд халдах нь тийм ч ариун явдал биш. Гэхдээ  “Соронз” сэтгүүл барууны маягаар бизнес болгож чадсан төдийгүй шинэ цагийн сонин соёлыг тогтоож байна. Үүнд цаад “объект”-ууд дуртай байдаг гэж хэлэхгүй, гэхдээ тийм ч дургүй биш, нэлээд нь илт дуртай болжээ. Үнэтэй дээл хувцас, гоё эхнэр (өндөрссөн хамар, давхраа нэмсэн нүднүүд ороод) , чинээлэг нөхөр, хөөрхөн хүүхдүүд, тансаг унаа тэргээ бусдад гайхуулж “түүхэнд үлдээх” хэрэгтэй биз дээ. Тэрнээс биш одууд өөрсдөө камер бариад бие биенээ авч далжигнаад байх зохимжгүй. Зарим нь өөрөө урьж папараццидуулж, зурган дээр гараагүй үлдсэнийг амаараа гүйцээдэг болжээ. Сэтгүүл оддын зургуудад тайлбар хийхдээ догь аргатай бөгөөд ямар ч сөрөг баримтыг ч “саяхан гэр бүлээсээ салсанд фэнүүд нь аймаар харамсаж байгаа, удалгүй хэн нэгэнтэй учраасай” гэхчлэн хөөрхийлөхөд хэргийн эзэн тайвшрахаас өөр хаачихав.

Одууд шиг сайхан, ухаантай, хөөрхөн, гуалиг болгодог оо энгэсэг, эм бэлдмэлийн сурталчилгаагаар пиг дүүрэн хуудсууд. Хоёр жилийн дотор ямар ч бизнесийн жамаар “Соронз” сэтгүүл даган дууриагчид, бас өрсөлдөгчидтэй болжээ. Хамгийн ойр нэхэж яваа нь “Гранд” сэтгүүл.

Posted in + СЭТГҮҮЛ | 1 Comment »

МҮОНТ: Нэвтрүүлгийн нэрний цаана …

Posted by Mongol on 2012/03/04

МҮОНТ-ийн хөтөлбөрт зөвхөн нэрийг нь битүүхэн зарлаж байгаад үзүүлдэг төлбөртэй нэвтрүүлгүүдийг хэлье. Юуны тухай, ямар агуулгатайг нэрнээс  таах аргагүй бөгөөд оршил, танилцуулгагүйгээр эхэлж, төгсгөхдөө уран бүтээлчдийн нэрс, хаяггүйгээр зөвхөн “2012 он” гэж бичдэг хачин онцлогтой. Бодоход, нэрээ нуусан сэтгүүлч, зураглаач нар хаанаас ч юм захиалга авч бэлтгээд олон нийтийн телевизийн хаалгаар оруулж, дээр нь мөнгө тавиад зугтдагаас зайлахгүй. Цагаан сараас өмнө надтай тааралдсан тийм нэвтрүүлгүүдийг тэмдэглэж авснаа жагсаав.

1-р сарын 18. 21.30 “Зуун дамнасан тэмүүлэл”

1-р сарын 19. 18:30 “Эрдмийн баяр” сурвалжлага

1-р сарын 26. 19.00 Сэтгэлд шингэсэн үйлчилгээ.

Гаднын захиалга. Бүгд Найрамдах Солонгос улсын нэгэн эмнэлгийн тухай цуврал нэвтрүүлэг  

1-р сарын 31. 18.40 “Хамтын ажиллагааны эхлэл”. БНСУ-аас бэлтгэв.

Гаднын захиалга. Солонгосын Гуму нэртэй хотын нэгэн эмнэлгийн тухай сурталчилгааны нэвтрүүлэг

2-р сарын 1. 18:30 Сэтгэлд шингэсэн үйлчилгээ. 

Дахиад Солонгос улсын нэгэн эмнэлгийн тухай цуврал нэвтрүүлэг

2-р сарын 1. 19:00 Захиалгат нэвтрүүлэг: “Илч гэрлийн эзэд” Дулааны IV цахилгаан станц ХК

2-р сарын 3. 18.10    Захиалгат нэвтрүүлэг: “Илч түгээсэн он жилүүд

Дархан-Уул аймгийн “Дулаан түгээх сүлжээ” ТӨК-ийн амжилтын тухай. Дээрх хоёр нэвтрүүлэг бол “захиалгат” гэж бичсэн ховорхон тохиолдол. Хэрвээ бүгдийг ингэж шударгаар бичвэл олон нийтийн телевизийн хөтөлбөр хэцүүхэн харагдана.     

2-р сарын 4. 19.10    “Хөгжлийн түлхүүр-хүн”

MCS группийн сурталчилгааны нэвтрүүлэг. 

2-р сарын 11. 19.05    “Хөгжлийн түлхүүр-хүн”. 

MCS группийн сурталчилгааны нэвтрүүлэг. 

2-р сарын 12. 12.50    “Хөгжлийн түлхүүр-хүн”

MCS группийн сурталчилгааны нэвтрүүлэг.

2-р сарын 13. 18.10    Шинэ цагийн эхэнд. 

“Хас” банкны 10 жилийн ойд зориулсан сурталчилгааны нэвтрүүлэг. Төгсгөлд нь нэр, хаяг байтугай  он ч гараагүй.

2-р сарын 14.  17.30    Эх орны үйлдвэр: Монгол зэс – “Эрдмин” үйлдвэр”

“Эрдмин” үйлдвэрийн 15 жилийн ойд зориулсан сурталчилгааны нэвтрүүлэг. Эрдэнэтийн “Зэс эрдэнийн хувь” хөдөлгөөнийхөн байр сууриа илэрхийлье гэсэн хүсэлтийг МҮОНТ-ийнхэн хүлээж авалгүй хэдэн сар хүнд сурталдсаны эцэст сая нэг Орхон аймагт морилж хоёр талын байр суурийг ээлжлэн яриулсан цуврал бэлтгэж гаргасан нь сайшаалтай. Гэхдээ гар хоосонгүй, төлбөртэй нэвтрүүлэгтэй буцаж ирсэн нь энэ юмТөгсгөлд нь нэр хаяг үгүй, 2012” гэсэн тоо л гарлаа. 

2-р сарын 15. 13.10    Үйлс ундарсан жил. 

“Улаанбаатар төмөр зам”-ын өнгөрсөн оны ажлын амжилтыг танилцуулсан сурталчилгааны нэвтрүүлэг.

2-р сарын 15. 19.20    Ерөөл шингээсэн “Өглөө”сүү.

2-р сарын 20. 11.40    Ерөөл шингээсэн “Өглөө” сүү.

Тайлбар хэрэггүй биз.

Нарийн яривал, захиалгатай буюу төлбөртэй нэвтрүүлэг зөвхөн энэ хэд биш юм. Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар бэлэглэе”, ХЗДХЯ-тай хамтарсан “Эрх зүйн хөтөч”, ноднин жилийн турш үргэлжилсэн “Ногоон хөгжил” зэрэг нь төслийн нэвтрүүлгүүд. Долоо хоног тутмын “Орчин үеийн биотехнологи ба био аюулгүй байдал” гэж бас байна. Миний үзээгүй, надтай тааралдаагүй  өөр нэвтрүүлгүүд байгааг үгүйсгэхгүй.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

МҮОНТ: Зарладаггүй …

Posted by Mongol on 2012/03/02

Нэгдүгээр сарын сүүлчээр шинэ сайдуудыг томилсон УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр АН-ын дарга Н.Алтанхуяг “Засгийн газрын асуудал ярингуут захиалгат нэвтрүүлэг явуулах юм. Үүнийгээ болиоч” гэснийг МҮОНТ-ийн “Цагийн хүрд”-ээр үзүүлсэн юм. Ерөнхий сайдаас Ухаахудагийн лицензийг нэхэх хүртлээ хурцдаж байсан урт хэлэлцүүлгээс зөвхөн үүнийг онцолсон нь сонин байлаа.

Орон гарсан сайдуудын оронд УИХ-ын гишүүдээс нэр дэвшүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгч, араас нь АН-ынхан няцаасныг “Монголын мэдээ” өөрөө хэдэнтээ шүүмжилсэн билээ. Эзэнгүй тайлбар хэлж, бас иргэдийн яриаг “Цагийн хүрд-ээр шалгарсан аргаараа оруулаад (гудамжинд яваа хүнээс хүссэн хариултаа авах амархан:  “Засгийн газар хурдхан бүрдээд ажлаа сайн хийгээсэй гэж та боддог уу?” гэсэн асуултанд бүгд “боддог” тухайгаа хэлж таарна) “төрийн ажил саадгүй яваасай гэсэн иргэдийн хүсэл нэг байна” гэсэн дүгнэлт хийснээс гадна Батлан хамгаалах сайд агсан Ш.Жадамбаагийн тухай “Эх орны төлөө цохилох зүрх” баримтат киног 1-р сарын 23,24-ны өдрүүдэд давтан гаргажээ. Ерөнхий продюсер нь түүний хүү бөгөөд Батлан хамгаалахын сайдад нэр дэвшээд дэнжигнэж байсан Ж.Энхбаяр. Товчхондоо, пиар байлаа.

Энэ баримтат кино хөтөлбөрт бичигдээгүй бөгөөд гэнэтхэн дайрч орсон юм. Аливаа телевизэд нийтийн өмч болсон агаарын долгионыг ашиглуулж байгаагийн хувьд улс оронд онцгой  нөхцөл үүсэхэд “хөтөлбөрт ороогүй” нэвтрүүлгийг оруулах эрхийг төр эдэлдэг. Харин дээрх тохиолдолд сайдын суудлын хувь заяаг онцгойд тооцжээ. Дээрхэн “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн”-ийхөн МҮОНТ дээр очиж үзэл бодлоо илэрхийлэх цаг олгохыг шаардахад “манайх хөтөлбөрөө бүтэн жилийн өмнөөс баталдаг учраас ямар ч зай завсар байхгүй” гээд буцаасан цуутай тайлбар бий.

Юун жилийн өмнө төлөвлөх. Хэрвээ та эрх мэдэлтэй, эсвэл мөнгөтэй бол хүссэн нэвтрүүлгээ “оочиргүй”  оруулж чадна. Нэгдүгээр сард МҮОНТ-ийн хөтөлбөрт байгаагүй БНХАУ-ын Өвөр Монголын Monmilk компанийн сурталчилгааны жижиг нэвтрүүлэг хэдэнтээ (жишээлбэл, 1-р сарын 18,25,28-нд) гарлаа. Яг энэ нэвтрүүлэг “25-р суваг” телевизээр зөндөө гарсан ч зөвхөн олон нийтийн телевизэд ийм далд сурталчилгааг хориглосон хуультай. Арилжааны телезизүүд “Монмилк”-ийн меламинтэй байж болзошгүй сүү Монголд дахин худалдагдаж эхэлснийг шүүмжилсэн сурвалжлага үзүүлж байхад олон нийтийн телевиз иймэрхүү асуудлын учрыг олж хужрыг тунгаахын оронд шууд захиалга авч гүйцэтгэжээ. Хэн, хэзээ мөнгө бариад орж ирэхийг мэдэх аргагүй тул иймэрхүү нэвтрүүлэг хөтөлбөрт байхгүй нь аргагүй.

P.S: Хоёрдугаар сарын эхээр нэгэн орой МАН-ын бага хурлын 3-р хуралдааны бичлэгийг хэдэн цагийн турш үзүүлсэн бол 3-р сарын 1-нд Эх орончдын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг гэнэтхэн шууд дамжуулав. Дараа нь “Ийгл” телевизийн “Блиц 100” ярилцлагыг давтлаа. Олон нийтийн телевиз арилжааны телевизийн дамжуулагч болж тусалсны тайлал нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ярилцсанд байжээ.

P.P.S: 3-р сарын 13-ны Ням гаригийн хөтөлбөрт 17.40 “Эх орны төлөө” нэвтрүүлэг бичигджээ. Гэхдээ оронд нь “Сэрүүн сервис” компанийн инженерүүд Арабын нэгдсэн Эмират Улсын Дубай хотод сургалтанд суусныг сурвалжилсан нэвтрүүлэг үзүүллээ. Ямар ч ул мөр үлдээгүй, цэв цэвэрхэн…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

“Яасан сонин юм бэ?”-гээс “Зүгээр ээ” хүртэл

Posted by Mongol on 2012/03/02

Ойрын өдрүүдийн хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг бол UBS телевизийн Universe Best Songs юм шиг байна. Үдэш бүрийн оргил цагаар бүгд л үзэж харагдах юм. Нэлээд хэдэн жил зохиогдож зүгээр нэг дууны тэмцээнээс хальж  эхлэл, хоёр хөтлөгчийн жүжиглэл, төгсгөлийн дууг багтаасан бүхэл бүтэн шоу болж хувирсан энэ нэвтрүүлгийн хэдэн дугаарыг арга буюу үзлээ. Дуучны хоолойн бүдүүн, нарийний (энэ хоёрыг ч нэг муу ялгаад байгаа) хажуугаар доод, дээд өнгө, нугалаа, диапазон гэж юм байдгийг мэдэж авлаа.  Харин яахаараа “чи шүү” болдгийг бүү мэд. Гэхдээ яаж дуулснаас илүү яаж шүүж, бас шүүлгэж байгаа хамаагүй сонирхолтой.

Уржигдар үдэш нэг охин дараачийн шатанд тэнцэх шахсанаа ойлгохгүйгээр, шүүгчдийн жаахан шүүмжлэлийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлэхийн оронд “би өөрийгөө урлагт авъяастай гэж үздэг” гээд гөжлөө. “Дургүй хүрсэн” (Амархүүгийн үг) шүүгчид түүнийг бусдын үгийг сонсож сурах хэрэгтэйг сануулахад “ямар сонин юм бэ?” гэж хялалзаад өөрийгөө бүрмөсөн баллаж орхив. Бүр тайзнаас буухгүй аашилсан  тул шүүгчдийн нэг “эсвэл чи, эсвэл би явъя” хэмээн айлгаж байж сая нэг холдуулав. Камерийн өмнө бишсэн бол тачигнатал хэрэлдэхээс сийхгүй бэлтгэлтэй санагдсан шүү.

Харин өчигдөр өөр нэг охин англиар дуулахдаа үгийг нь бараг уншсанаас тэр үү шүүгч Рагу шууд зогсоож “дуу бол ном биш” гэж сануулав. Араас нь нөгөө хоёр шүүгчээс “чи тэнцэхгүй” гэсэн үг сонссон  авъяастан маань “зүгээр ээ” гэж гудиггүйхэн талархаад  цааш одов. Бөөн инээд.

Posted in UBS телевиз | Leave a Comment »

220 мянган эх оронч …

Posted by Mongol on 2012/03/01

Тэртээ 1921 оны 3-р сарын 1-нд Хиагт хотноо МАН-ын анхдугаар их хурал нээгдсэн өдөр наяад жилийн хойно Эх орончдын өдөр болж хувирсан билээ. Ингээд голдуу байлдаж барьсан хүмүүсийг өргөмжилдөг алдрыг Ардын намынхан дангаараа зүүх эрхтэй болсон түүхтэй. “Үгүй ээ, та бид бүгдээрээ эх орончид” гэж манжилдаг ч үгүй. Өнөөдөр Сүхбаатарын талбайд болсон арга хэмжээнд зөвхөн МАН -ын угшилтай хүмүүсийг оролцуулжээ. Тэдэнтэй холилдож эзэн Чингэсийн хөшөөнд мөргөхийг оролдсон өөр нөхдийг цагдаа нар соргогоор илрүүлэн буцааж байв. Харин өөрсдөөс нь тасарсан МАХН-ын нөхдүүд давхар ёсолсныг МАН-ын дарга нар шүд зуун тэвчсэн байх.

Өөр нэг тусгай хүмүүс ардчилагчид хэмээх алдар нэртэй бөгөөд 12-р сард тусдаа баярладаг. Тэд бол Ардчилсан намынхан, нэмээд Ардчилсан холбооныхон. Харин бусад монголчууд хуулиараа эх орончид ч биш, ардчилагчид ч биш. 2004 оны УИХ-ын сонгуулийн дараахан МАН (тэр үед МАХН), АН  хоёр хөнжил гудасны ажлаа эхэлмэгцээ нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай Монгол Улсын хуулийг өөрчилж гуравдугаар сарын нэгнийг Эх орончдын өдөр, харин Ардчилсан холбоо байгуулагдсан 12 дугаар сарын 10-ныг Ардчилал, хүний эрхийн өдөр болгосон юм.

Үүгээр зогсоогүй. Ардын нам Эх оронч дээрээ нэмээд Тусгаар тогтнолыг өмчлөөд “Тусгаар тогтнолын ордон”-гоор баталгаажуулж амжсан. Нөгөөдүүл нь Ардчиллын ордон барина. Бас намынхаа Чингэсийн одонг үргэлжлүүлэн гардуулна. Төрийн “Чингэс”-ээс ичихгүй. Дээрхэн АН мянган хүнийг гишүүнээр элсүүлж тухай мэдээлсэн бол одоо Ардын нам зөвхөн Улаанбаатарт дүүрэг дүүргээс 1921 хүнд хэдэн өдрийн турш батлахаа түгээж “эх орончид”-ын тоог 220 мянгад хүргэлээ.

Өнгөц харахад тэд бие биентэйгээ өрсөлдөөд байгаа мэт харагдавч яг үнэндээ “та нар тэгэж байгаа бол бид бас ингэнэ”, “танайхыг боль гэхгүй, харин манайх адилхан хийнэ” гэх мэтээр зөвшилцөл үргэлжлээд байгаа хэрэг. Тэртээ 2004 онд тохиролцоод адилхан “идэж” эхэлсэн болохоор зогсоох нүүр хэнд ч байхгүй. “Хотод ДОХ гэж сүрхий юм гарч, даанч бидэндээ хүртээхгүй  дээгүүрээ хуваагаад авчих биз” хэмээн хөдөөнөөс ирсэн өвгөн хуучилсан тухай 1990-ээд оны онигоог саналаа. Сүүлдээ ард иргэдийг хоморголон элсүүлэх аргаар хуваагаад авч байна.

Posted in Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

Хүмүүжээгүй “Хатагтай”

Posted by Mongol on 2012/02/18

Хүмүүс гамшиг осол тохиолдож амь нас аюулд учирсан тохиолдолд гал команд, цагдаа, түргэн тусламжийг дууддаг. Хөдөлгөөнт эргүүл бол маш шуурхай ирнэ. Харин эрх ашиг хохирч арга барагдах, заримдаа бухимдахаараа 1952 дугаарт залгаж TV8 телевизэд ханддаг болжээ. Хааяа хог шатаагаад байна, ус алдлаа, тог тасрав гэсэн ялих шалихгүй гомдлын мөрөөр очин хэрүүл маргаанд оролцдог бол саяхан хойт аав, согтуу ээж хоёртоо зодуулж байсан жаал хүүг хөршүүдийн дуудлагаар очиж хамгаалсан, магадгүй аварсан. Ноднин үргэлж согтуу ирж бусниулдаг танхай хүүгээ TV8 дуудаж өгсөн ээжийг үзсэн.  Үнэхээр арга тасарч цөхөрсөн хэрэг. Бас ядуугийн туйлд хүрсэн, эдгэшгүй өвчинд нэрвэгдсэн зөндөө айл өрхийг “Ард түмний толь”-иор үзсэн сайхан сэтгэлтэй хүмүүс хоосон өрөвдөөд суулгүй тусалсан жишээ олно. Иргэд өөр телевизүүд рүү утасдахад очиж сурвалжлах магадлалтай ч TV8 шиг өдөр шөнөгүй явдаггүй.

Энэ ажил сэтгүүлчийн хувьд нойр хоолоо алдахаас гадна эрсдэлтэй. “Толь” мэдээллийн хөтөлбөрийн сурвалжлагч Ж.Минжин “Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар” нийгэмлэгийнхэн “Дэлхий 2012 онд сөнөнө” гэж номлодог талаар мэдээлэл авч тийш очоод солонгос эзнээс авсан үгүйсгэсэн хариултыг багтаасан сурвалжлага бэлтгэж 2011 оны 9-р сарын 6-нд нэвтрүүлсний дараа тус сүмээс телевизийн захирал руу ярьж бичлэгийг устгуулсан төдийгүй сүмийн солонгос эзэн,  монгол залуугийн хамт ирж “Чамайг ална. Чамайг хорлоно. Танай муусайн хэдэн сэтгүүлчдийг ахиж ганц үг дуугарахгүй болгоод өгч чадна шүү” хэмээн заналхийлж байгаад явжээ. Тус сүмийн бусад итгэгч нар ч удаа дараа дарамталсан байна. Бас болоогүй 2011“бодит байдалд нийцэхгүй мэдээлэл нийтэд тарааж шашин шүтэх, эс шүтэх эрхэнд халдаж, нэр хүндэд хохирол учирсан” гэх үндэслэлээр 30 сая төгрөг шаардаж, дээрх сурвалжлагадаа телевизээрээ няцаалт хийх, уучлал гуйхыг шаардсан нэхэмжлэлийг  2011 оны 12-р сарын 27-нд  Чингэлтэй дүүргийн шүүхэд  гаргаад байгаа.

Саяхны нэг жишээ. 2-р сарын 14-нд TV8 телевизийн сэтгүүлч “Хатагтай” эмнэлэгт эхнэрээ хэвтүүлсэн ч сайн эмчлүүлж чадаагүй залуугийн гомдлын дагуу очжээ. Эхнэр нь тус эмнэлгийн эмч нарыг бүдүүлэг, дуудуулж байж ирдэг, өрөө нь хүйтэн гэсэн бол нөхөр нь “хүүхэд гарчих гээд байхаар нь тогтоох гэж энд хэвтүүлэхэд  маргааш өдөр болтол эмчилгээ хийхгүй болохоор нь Отгонболд эмчид хэлэхэд дусал залгачихья гэсэн. Гэтэл гурав хоногийн дараа хүүхдийг нь “цэвэрлэнэ” гэсэн тул орж муудалцахдаа хараал хэлсэн (яах аргагүй түүний буруу), улмаар зодуулах шахсанаа ярьжээ. Сэтгүүлч Отгонболд эмчтэй утсаар холбогдоход “ярилцлага өгч чадахгүй” гэсэн бол аав нь тэнд тааралдаж өвчний түүхийг үзээггүй мөртлөө “Та нар анагаах ухааны доктор хүнтэй юу яриад байгаа юм… Тэр эмэгтэйн аборт хийлгэснийх биз, 28 хүртэл аборт хийлгэхгүй явна гэдэг чинь худлаа, өнөөдөр аборт гэдэг чинь секс хийхтэй адил зүйл болсон” гэж загнахыг “Ард түмний толь”-иор нэгд нэгэнгүй үзүүлсэн юм. Тэр ярианд үзэгчид маш дургүйцсэн биз.

Маргааш нь эмнэлэг, телевиз хоёрын хооронд юу болсныг таахаас өөр аргагүй. Нөгөөдөр орой буюу 2-р сарын 16-нд “Хатагтай” эмнэлгийн талаар төрөл арилжсан сурвалжлага үзүүлэв. Отгонболд эмч өөрийгөө хамгаалж “Тэр залуу үзлэг хийж байсан өрөөнд орж ирээд намайг хараахаар нь би гарч учраас ольё гэсэн…. Өрөө сэрүүхэн байна гэдгээр далимдуулан мөнгөө төлөхгүй гарах гэсэн байх чааваас…. Би 30 мянганы хүний амь сүйтгэж байгааг эсэргүүцсэн… Иймээс миний эсрэг далд явуулга байх…. Би учрыг олно…” гэхчлэн ярьж суулаа. Дараа нь сурвалжлагч Минжин тус эмнэлэгт хэвтэж байгаа эмэгтэйчүүдтай уулзаж өрөөнүүд дулаахан сайхан байгааг хэлүүлж төгсгөв.

Отгонболд захирал TV8-ын сэтгүүлчийг нэлээд сайн “хүмүүжүүлжээ”. Телевизийн захирал нь сэтгүүлчээ хамгаалсангүй. Иймээс эргээд нөгөө залуудаа хандаж дахин тайлбар авахаас айжээ. Миний хувьд хоёр талаасаа уучлал гуйж гар барилцахыг хүлээж байсан гээч. Найдвар тээж эмчлүүлэхээр ирсэн хөөрхий тэр эмэгтэйг эмчилж чаддаггүй юмаа гэхэд ядахдаа халамж тавьж ар гэрийнхэнтэй нь эелдэгээр харьцаж чаддаггүй “Хатагтай” эмнэлэг энэ удаад “хүмүүжсэнгүй”.

Posted in TV8 телевиз | 1 Comment »

Улаанбаатарын хоёр нүүр

Posted by Mongol on 2012/02/16

Яах аргагүй тийм. Нэг нь элдэв чамин барилгуудыг тэнгэр өөд уралдуулан хэв маягаа өөрчилж буй хотын төв, эсвэл захдуухан хэрнээ Зайсан маягаар булагнаж хашаа хэрмээр хүрээлүүлсэн шинэ орон сууцнууд, харин нөгөөх нь гэр хороолол. Сүүлийн хэдэн жил дараалан тохиосон нийслэл, дүүргийн ойнуудад зориулсан сурталчилгааны гоё гоё клип, баримтат кинонуудыг үзэж суухад нийслэлчүүдийн 60 хувь оршин суудаг гэр хороолол урьд шөнө нь нүүгээд явчихсан мэт алга байх юм. Хамгийн олон хүн амтай дүүргийн “Баянзүрх – Нэг зүрх” клипэнд гэхэд Сансарын хэдэн байшин, бас эвтэй дөрвөн амьтны хөшөөг ховхортол мөлжсөн хэрнээ G хорооллоосоо ичжээ. Уг нь тэр зүрхний ядаж тал нь Дарь эх, Улаанхуаран, Шар хад, Гачуурт, Хонхорт ногдох учиртай. “Баян зүрх – Тал зүрх”. Хэрвээ гадаадынханд сурталчилж байгаа бол хотын захын ундуй сундуй хашаа, гэрүүдээ нууж болох.

Хоёр Улаанбаатар дүүрсэн хэрэг, харин Улаанбаатарт эрх барьж буй нөхдийн хоёр нүүр гэж байна. Өнгөрсөн оны төгсгөлд болсон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан дээр Засаг даргын мөрийн хөтөлбөр болон 2011 онд хийж гүйцэтгэсэн ажлыг “бүрэн хангалттай” гэж үнэлсэн юм. Нийслэл яасан ч их мөнгөтэй, ямар ч ихийг бүтээн байгуулсан юм, төлөөлөгчид ээлж дараалан Г.Мөнхбаяр даргаа магтав. Сөрөг намаас гэхэд Иргэдийн хурлын төлөөлөгч бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга “Мөнхбаяр дарга утаатай сайн байлдсан, даанч хүмүүс алга ташиж өгөхгүй юм” хэмээн шаардаж байж нижигнэтэл ташуулсан бол Засаг даргын орлогч До.Ганболд хүртэл баяр хүргэхээ мартаагүй бөгөөд хуралдааны төгсгөл тэр чигээрээ Мөнхбаяр даргадаа элдэв өргөмжлөл гардуулах ёслол болон хувирчээ. Хэтэрхий сайн ажилласан бололтой. Монгол Улс баяжиж төсвийн ихэнхийг баруун солгойгүй цацаад цацаад Улаанбаатарт үлдээсэн “жаахан” мөнгө нь бөөн  зам талбай тавьж шинэчлэхэд хүрэлцдэг болсон нь нийслэлд Засаг барьсан дөрвөн жилд таарсан азтай дарга. Энэ бүтээн байгуулалт бол Засаг даргын сайхан нүүр царай юм. Үүнийг улам гоёж гоодоход зориулж 2012 оны нийслэлийн төсөвт 600 сая төгрөгийг “хэвлэл мэдээллийн зардал” нэрээр суулгаад байна.

Тэгвэл нөгөө нүүр нь аль вэ? Хуралдаанаар 2012 оны нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан юм. Засаг дарга газар олгох эрхээ авлаа гэсэн үг. Ингэхдээ ИТХ-д суудалтай хоёр нам томчуулаа дууриаж бас л “нэг хөнжилд орсон” байсан тул намын бүлгүүд хэлэлцэж дүгнэлт гаргасангүй. Бас бүх илтгэл, төсөл, төлөвлөгөөнүүдийг хольж байгаад асуулт хариулт явуулснаас гадна урьдчилаад зөвшилцсөн учраас олигтой яриа өрнөсөнгүй. Гэтэл бүр даварч төлөөлөгчдөд урьдчилж танилцуулаагүй хэсэг газрын жагсаалтыг батлуулахаар хуралдаанд шууд оруулав. Төлөөлөгчид хэл ам хийсэнгүй. Ганцхан Д.Нямхүү (Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд байсан) гэж “эсэргүү төлөөлөгч” гөжиж жагсаалтаас нэгийг сугалж “УИХ-аас хүсэлт тавьсан 95 га газрыг олгох юм байна. Буудлагын талбай гэнэ үү? Их хурлын гишүүд байлдаж сурах юм уу? гэсэн асуулт тавилаа.

Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуй:

-Газрын дэд хороо хуралдсаны дараа УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очироос санал орж ирсэн. … Буудлагын талбай … буудлагын холбооны … хэмээн үгээ олж ядахад Засаг дарга Г.Мөнхбаяр өмнүүр нь орж аварлаа.

-Би хариулья. Буудлага чинь олимпийн төрөл ш дээ Монголчууд буудлагаар олимпийн нэлээд олон амжилттай. Материаллаг баазын хувьд ерөөсөө байдаггүй, дандаа гадаад дотоодод гуйлгаар, харин сайн амжилт үзүүлдэг. Монголын буудлагын холбооны ерөнхийлөгч анх удаа Азийн буюу дэлхийн холбооны дэд ерөнхийлөгч болсон. Тэхээрээ үүрэг роль ихтэй, санхүүжилт авдаг. Тэгээд санхүүжилт авах гэхлээр нэг юм санал болгодог “танайх өөрөө материаллаг бааз байхгүй юм чинь Олон улсын олимпийн хорооноос дэмжлэг үзүүлж чадахгүй байна аа гэдэг. Бидэнд ажил хэргийн шугамаар маш их хүсэлт ирсэн учраас тэр утгаараа материаллаг баазыг нь бэхжүүлье гэж тодорхой дэмжлэг энэ төсөл дээр явж байгаа. Та бүхэн дэмжчих байх өө. [Танхимаас: 95 га газар буудлагын полигон хийх гээд байгаа юм уу]. Тэр чинь бүр цогцолбор. Иж бүрэн. Кувейтэд бил нар очиж үзсэн. Манай хурлын хэн хэн явлаа? Байшин барилгатай, талбайтай, хувийн өмч биш, манай Монголын буудлагын холбооны цогцолбор болох юм. Тамирчид тэндээ байрладаг. Та нар юмыг нь үзээрэй, Баттулга … Би яагаад дэмжсэн бэ гэвэл Кувейтэд очиж цогцолборыг нь үзэхэд цогцолбор нь иж бүрэн байж байж өөр болдог юм билээ. Бидний нөгөө тийр бууддаг талбай биш …

Төлөөлөгч Д.Нямхүү дахиад л “Монголын параолимпийн хороо зөндөө эрх авсан мөртлөө ганц ч заал алга, бүгдээрээ түрээс” гэж үргэлжлүүлэн гомдоллоход Засаг дарга Г.Мөнхбаяр “асуудлаа тавибал адилхан дэмжинэ” гэж тайвшруулснаар дуугаа хураав. Нийслэлийн газрыг төлөөлөгчид тохироод, барьцаад хуваадаг, амар юм болжээ. (Уг хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг http://www.tusuv.mn сайтаас үзэж болно).

Нийслэлийн газрын албаны даргаар сүүлийн хэдэн жил Ц.Сандуй гэдэг залуу томилогдсоноосоо хойш наагуураа баахан зорилт, төлөвлөгөө, төсөл зохиож харагддаг, цаанаа юу найруулж суудаг болохыг энэ хэдхэн минут харууллаа. ИТХ-ын дэргэдэх хороодоор оруулж төлөөлөгчдөд урьдчилж танилцуулахгүй, зураг төсөл, мэргэжлийн дүгнэлтийг харуулахгүйгээр хуралдаанд шууд оруулж гэнэдүүлдэг юм байна. Бас 95 га газрыг авах эзнийг зориудаар мэдэн будилж “Улсын Их Хурал” хэмээн танилцуулжээ. Буудлагын холбооны хүсэлт яаж ч мушгиад УИХ-ынх байж таарах уу?

Олимпийн нэрээр амжуулж өгч байна аа. Буудлагын холбоо гэж ядуу-у-у-у төрийн бус байгууллага. Одоо “сайхан сэтгэлтэй” барилгын компанид хандана. Нэр нь аль хэдийнэ тодорхой болсон биз. Тэр компани буудлагын холбоонд юм барьж өгнө, гэхдээ хөрөнгө оруулсныхаа төлөө юу авахыгаа сайн мэднэ. Ингээд 95 га-гийн хэд нь ямар компанид очихийг зөвхөн баригдсан хойно нь харах үлдлээ. Үүнийг төлөөлөгч Д.Баттулга сэжиглэж “Томъёоллоо зөв хийчих. Манайхан ийм тийм юм барина гэж баахан га газар аваад хороолол болгочихдог, өөр юм хийвэл шууд л … “ гэсэн санал тавихад Засаг дарга бөөрөнхийлөөд өнгөрчээ. Яг Зайсангийн барилгууд шиг буулгаж харагдаач.

Өнөөдөр Яармагын дэнж бараг цулгуй харагддаг ч хуваагаад дууссан гэж үнэн ажээ. Жирийн айлд хашааны 0,07 га газар олдохгүй байхад 95 га буюу 1357 айлынхтай тэнцэх газрыг, тэгэхдээ бүр дархан цаазат Богд уулын энгэрт, гадаадын зээлээр шугам сүлжээг нь татаж байгаа цоо шинэ газарт ганц бичиг оруулаад авчихдаг юм байна. Мөнхбаяр дарга хэдэн секунд панаалдахад л харж хянах үүрэгтэй сөрөг хүчин дагалдан баясав. Хожим “Улаанбаатар таймс” сониных шиг юм болоход Авлигатай тэмцэх газар шалгаад шалгаад юу ч олохгүй. Яагаад гэвэл нийслэлийн ИТХ-ын баталсан хууль ёсны шийдвэр зөвшөөрөлтэй газар. Мөнгө төгрөг харагдахгүй, цэв цэвэрхэн, ул мөр үлдэхгүй. Энэ бол өнгөрсөн хориод жилийн турш нийслэлийн газрыг ямар ч хяналтгүй, бүрэн хаалттайгаар хувьчилж ирсэн арга билээ. Өнөөдөр нийслэлд газар олгосон Засаг даргын захирамж шиг нууц юм Монголд үгүй. Хааяа газрын маргаан Захиргааны хэргийн шүүхэд хүрч тэндээс захирамжийн хуулбарыг шаардахад нэг захирамжаар олгосон бусад газрын мэдээллийг FBI-гийн маш нууц материалыг 30,40,50 жилийн дараа ил болгохдоо зарим мөрүүдийг хараар палийтал дардаг шиг танигдахгүй болгоод өгдөг.

Бид нийслэлийн төсөв, бас өмч хөрөнгийг буруу зөв зарцууллаа гэж хэл ам хийж, хянахыг оролддог. Арав, хорин сая төгрөг буруу зөрүү төлөгдсөний төлөө дүүргүүдийн хог хаягдлын сан, ТҮК-ийг хичнээн шүүмжилж сэжиглэдэг билээ. Гэтэл тэрбум, тэрбумын газрыг “төсөл шалгаруулах” нэрээр зүв зүгээр өгч аваад байдаг. Хэзээ зарлаад, хэн хэн өрсөлдөөд, яаж шалгаруулаад, юугаараа илүү төслийг сонгосныг хэн ч сонсоогүй. Бодоод үзье. Ямар ч үнэ төлбөргүй өгсөн тэр газрыг маргааш өглөө нь хэдээр зарахав гэж асуувал тэрбумын үнэ хэлнэ.

Улс төрчид юуг нууж байна, тэр нь тэдний жинхэнэ нүүр царай гэж үг бий. Нийслэлийн Засаг дарга байсан хүмүүсийн жинхэнэ нүүр царай бол газар юм. Саяын ИТХ-ын хуралдаан дээр хальт сөхөгдөөд буцаад хаагдчихав. Бүрмөсөн сөхөхийг хуулийн элдэв цоорхойг нөхөх эрхтэй улс төрчид, хянаж шалгах үүрэгтэй албан тушаалтнууд, тэр ч бүү хэл илчлэх үүрэгтэй сэтгүүлчид хүртэл хүсэхгүй (саяхан байгууллагаараа нэг газрыг авчих шиг болсон), иймээс илчлэгдэхгүй, яагаад гэвэл өгсөн Засаг дарга нар авсан хүмүүс нийлээд “газрын мафи” юм. Эрх баригчдын муу муухайг амь хайргүй дууддаг аймаар шударга нөхдүүд хүртэл Зайсан, газар гэхлээр зовхио буулгаж дуугаа хураадаг. Зайсанд тухалсан, газраа хүртчихсэн учраас тэр.

“Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэж үг бий. Тэрбумын газар өгсний хариуг яаж барьдаг бол? Сонин хэвлэлээр газрын наймаачнаар цоллуулдаг экс Засаг дарга М.Энхболд 2008 оны сонгуулийн өмнө хандив цуглуулах хүлээн авалт зохион байгуулсан. Сонгуулийн хуулийн дагуу бүх хандивыг ил тод зарласан бол дүгнэлт хийж болох байлаа. Даанч тэгээгүй.

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | Leave a Comment »

Энхбаярын ярьж өгсөн нэвтрүүлгийн дараа

Posted by Mongol on 2012/01/19

Өнгөрсөн оны 12-р сард “Улаанбаатар таймс” сонины (яг үнэндээ хэвлэх үйлдвэрийн хуучин байр, түүний газрын) хувьчлалын талаар “Детектив” нэвтрүүлгийг бэлтгэж үзүүлсний дараа TV9 телевизийнхнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс хэрэг үүсгэн дуудаж мэдүүлэг авсан талаар тус телевизийн ерөнхий захирал Ц.Энхбат, ерөнхий продюссер, Д.Төрмөнх, мөн өмгөөлөгч О.Баа­санхүү (бас МАХН-ын өмгөөлөгч гэдгийг мэднэ) нар Монго­лын Сэтгүүлчдийн Эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридаар хүч нэмэгдүүлсэн хэвлэлийн хурал хийлээ.

Тэд их л томоос эхэлж ардчиллаас хойш 20 жил өнгөрөхөд Монголд хэвлэлийн эрх чөлөө бүрмөсөн алга болсныг Энхбат захирал зарлав. Санал нийлэхгүй байна. Асуудал байгаа нь үнэн, гэхдээ 10 жилийн өмнө буюу 2000 онд тус телевизийн одоогийн эзэн Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайд болонгуутаа тэр үеийн хэвлэл мэдээлэлд давамгайлж байсан сонинуудад шалгалт оруулж зарим нэгийг хаалгасан, Монгол телевизийг аль 1999 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу олон нийтийн болгохын оронд өөрийн засаглалын жилүүдэд бүрэн мэдэлдээ байлгаж Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газрын даргаар өөрийнхөө сэм хувьчилж авсан “Засгийн газрын мэдээ”/“Зууны мэдээ”-г мануулж үлдээгээд байсан Б.Ганболдыг, харин Монгол телевизийн захирлаар өөрийг нь томилсон,  бас эхнэрийнхээ удирддаг “Чөлөөт хэвлэл” сангийн нэрээр чөлөөт сонинуудыг жагсааж байгаад Ерөнхийлөгч Н.Багабандийг туулгасан тэр хэдэн жилийнхтэй зүйрлэхийн аргагүй дээрдсэнийг мэдэн будилжээ. Наад зах нь улс төрөөс арчигдах шахсан экс ерөнхийлөгч хүртэл өнөөдөр телевиз эзэмшээд тааваараа тооцоо бодож суугаа билээ.

Хуралд оролцогсод том ярьцгаасан хэрнээ TV9-ыг яг юуны төлөө буруутгасныг тодорхой хэлсэнгүй. Зөвхөн Д.Төрмөнхийн ярианаас, уг нэвтрүүлэгт “Улаанбаатар таймс”-ын хувьчлалтай холбогдуулан Н.Энхбаярыг өмөөрсөн, эсвэл Д.Дорлигжав, Т.Бадамжунай, Ц.Нямдорж, Т.Билэгт, Л.Сэргэлэн тэргүүтэй олон хүмүүсийг буруутгаж илчилсний төлөө дуудаагүй, харин уг хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч, хошууч Отгонжаргалын “нэр явж байсан учраас” гэж ойлгогдов. Хэрвээ тийм бол арай өөр хэрэг. Гэхдээ нэвтрүүлэгт тэр нэр яаж “явсныг” сийрүүлбэл, “… Хошууч Отгонжаргал нь Бөхийн холбооны тэргүүн Нямдоржийн төрсөн дүү. Уг нь шударга байхыг хичээдэг мөрдөн байцаагч байсан. Тэгээд ч бөхийн холбооны Нямдорж ах нь “Манай удмынхан хэзээ ч хүнд муу юм хийж амь амьдралаа залгуулж байгаагүй. Чи ч гэсэн “Улаанбаатар таймс”-ын дуулиантай асуудлаар шударга л бай. Дээрээс чинь шахаад буруу юм хийлгэх гээд байвал наад ажлаасаа гар гэж хэлсэн гэдэг. Уг нь ухаантай хүнд сонсвол юм бодохоор л үг. Даанч Отгонжаргал нь ахынхаа үгэнд орохгүй, удмандаа хүний муу үзэж амьдрах гэж оролдож байгаа анхны хүн болов. Тэр дарга нарынхаа даалгаврыг биелүүлж буруугүй хүмүүсийг буруутгах гэж улайрна. Ямар сайндаа л Нямдорж сайд “До.Чулуунбаатар сэтгүүлч  хүний өмнөөс 2-3 сар шоронд суусан” гэхэв. Ийм илт хууль зөрчсөнийг хүлээн зөвшөөрсөн ажлыг хэн хийв? Ажлын хэсгийн ахлагч Отгонжаргал хошууч… Хамгийн инээдтэй бөгөөд харамсалтай нь үүрэг даалгавар өгсөн дарга нар нь “бууны нохой” болсон Отгонжаргал мэт, дунд доод шатны албан тушаалтныхаа араар гэмгүй царайлж нуугдана… Отгонжаргал яагаад ахынхаа ухаантай үгэнд орохгүй байгаа юм бэ? Өөрөө дарга нар нь хууль бус даалгавар өгч байгааг сайн мэдэж ойлгож байгаа шүү дээ. Энэ тухай шалгаж байгаа хүмүүст, өмгөөлөгч нар учирлан хэлсэн байдаг…”.

Зүгээр ч нэг “яваагүй” юм байна. Ажлаа хийж яваад удам судраараа дуудуулсан мөрдөн байцаагч Отгонжаргал Сүхбаатар дүүргийн цагдаад гомдол гаргасан бололтой. Хамгийн гол нь ах нь дүүдээ юу гэж сургасныг, ер нь баахан хүний, тэр тусмаа албан тушаалтнуудын хоорондын яриаг тагнаж чагнаагүй л юм бол нэвтрүүлгийн зохиогчид хаанаас мэдэв?  Иймээс Н.Энхбаярын ярьж өгсөн нэвтрүүлэг  гэдэгт эргэлзэх юм алга. Жишээлбэл, түүний хэн нэгэнтэй хоёулхнаа юу ярьсныг Энхбаяраас өөр хэн ч хэлэхгүй. Үүнийгээ булзааруулах гэж дээрхэн үед Бямбын Ринчингийн хэлснээр “нэрээ нуугаачингуудын” аргыг хэрэглэж урт бичдэг нэгэн нийтлэлчид “сэтгэлээ онгойтол” ярьж томоос том өгүүлэл бичүүлээд “Боршувуу” нэртэй блог дээр тавиулж (дараа нь хулгайч сайтууд хуулж тавихыг хүлээж байгаад устгачихсан. Одоо бүгд л муу нэртэй “Бор шувуу”-г чичилсэн жигтэйхэн цэвэрхэн улсууд) түүнээсээ авч уншаад дүрсжүүлсэн нэвтрүүлэг байжээ.

Хурал дээр зарласан өөр нэг чухал мэдээлэл бол уг нэвтрүүлгийг хөтөлсөн залуу сэтгүүлч (Биндэрьяа гэсэн байх) цагдаад дуудагдсанаас болж “цочирдож, зүрх зориг нь мохож” цаашид энэ нэвтрүүлгийг хөтлөхгүй гэж өргөдлөө өгсөн гэнэ. Айсандаа бус, бусдын гар хөл болж явахаас цэрвэсэн биз. Энэ бол анх удаа сэтгүүлч өөрийн үзэл бодолд нийцэхгүй нэвтрүүлэг хийхээс татгалзсан хэрэг юм.

TV9-ийнхөн мөрдөн байцаагдсан талаараа “Детективийн эсрэг детектив” нэвтрүүлэг хийнэ, цаашид “Детектив” нэвтрүүлгийг үргэлжлүүлнэ, өмч хувьчлалын талаар “зөндөө нэвтрүүлэг бэлтгэж байгаа” гэж амалсан юм. Тэгээсэй. TV9 телевиз байгаль орчных шигээ эрэн сурвалжлагууд үзүүлэхийг тэсч ядан хүлээж байя. Гэхдээ энэ төлөвлөгөө Н.Энхбаярын “Өргөө” зочид буудал ба “Улаанбаатар таймс”-ын нэртэй байшингийн хувьчлал яаж шийдэгдэхээс шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл, өмч хувьчлалын бусад хулгай луйврыг энэ нэвтрүүлэг шиг илчлүүлэхийн тулд хошууч Отгонжаргал экс ерөнхийлөгчийн хэргийг үргэлжлүүлэх хэрэгтэй болжээ.

Нэвтрүүлгийн эх сурвалж болгосон тэр нийтлэлийг үнэхээр сайн бичсэнийг хэлэх хэрэгтэй. Д.Дорлигжав, Т.Бадамжунай, Ц.Нямдорж, Л.Сэргэлэн нар үнэхээр муу хүмүүс, хулгайч, дарамтлагчид болохыг залхуугүй нотолжээ. Харин Н.Энхбаяр гэдэг гэгээнтний дандаа ойр дотнын хүмүүс энэ муухай юманд хутгалдсан нь тун сэжигтэй.

Posted in TV9 телевиз | Leave a Comment »

Монголын “ТIME” ба америкийн “Космополитен”

Posted by Mongol on 2012/01/15

Монгол, монголчууд дэлхийн тавцанд гарлаа гэсэн мэдээ үе үе дуулддаг. Саяхан Олон улсын  тогтмол хэвлэлийн холбоо (International Federation of the Periodical Press/Fédération Internationale de la Presse Périodique (FIPP) буюу Олон улсын сэтгүүлүүдийн холбоонд манай “Үндэстний ТОЙМ” сэтгүүл (BNCA ХХК) гишүүнээр элссэнийг тус байгууллагын Magazine World сэтгүүлд мэдээлжээ.

Одоо дэлхийн энд тэнд болдог сэтгүүл эрхлэн гаргагчдын хурал семинарт олон хэлийн төлөөлөгчидтэй зэрэгцэж суугаад хуралддаг болно. Тэр үеэр манай “ТОЙМ”, америкийн “ТАЙМ” хоёр тааралдаад ихрийнхээ өрөөснийг гэнэт олсон мэт  зогтусч болзошгүй юм. Сэтгүүлийн агуулгад гайхалтай тохирсон “тойм” хэмээх монгол үг бичлэг, дуудлага хоёроороо очиж очиж дэлхийн №1 сэтгүүлийн нэртэй захиалсан мэт таарсныг ашиглахгүй бол алдас болно. Ингээд үндэстний хэмээх бяцхан угтвартай “ТОЙМ” мэндэлсэн байх. Одоохондоо америкчууд TIME (шрифт), бас Red border design (улаан хүрээ) хоёрын барааны тэмдгээ “Тойм”-оос харамлаж барьсан сураг  дуулдаагүй. Дэлхий даяараа америк сэтгүүлийг дууриадаг тул тоохгүй.

“Үндэстний ТОЙМ” сэтгүүл www.toimsetguul.mn сайтдаа өөрийгөө танилцуулж “… шар мэдээллээс ангид боловсрол танин мэдэхүйн чиглэлийг редакцынхаа гол бодлого болгон, уншигчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилготой бөгөөд нийгэм эдийн засаг, улс төрийн мэдээллийн үндэсний хэмжээний №1 сэтгүүл болохын төлөө ажиллаж байна” гэжээ. Үүнд залруулга хэрэгтэй, яагаад гэвэл анхнаасаа №1 байсан. Тэгээд ч түүнтэй өрсөлдөх долоо хоног тутмын мэдээллийн сэтгүүл (newsmagazine) Монголд огт байхгүй. Гэхдээ АНУ-д Time, Newsweek, US News & World Report гурав, Германд гэхэд Stern, Spiegel, Focus гурав үзэж тардагийг харгалзвал манайх хэдий жижиг зах зээл ч тун удалгүй өрсөлдөгчид өндийж мэднэ. Дэлхий даяар тогтмол хэвлэлийн хүндийн төв өдөр тутмын сониноос сэтгүүл рүү шилжих хандлагатай тул  яваандаа янз бүрийн нөхдүүд хошуурах магадлалтай.

“Үндэстний ТОЙМ”-ыг эрхлэн гаргадаг BNCA ХХК бол Бодь групын 50% -ын хөрөнгө оруулалттай хамтарсан компани бөгөөд уг сэтгүүлээс гадна baabar.mn сайтыг эрхэлдэг гэжээ. Анх хааяа нэг хэвлэгддэг сурталчилгааны маягийн сэтгүүл байснаа уржнан долоо хоног тутмын горимд шилжихдээ телевизийн хөтөлбөр нийтэлж 1000 төгрөгөөр зарагдан уншигчдаа татдаг байснаа удалгүй бяр амтлагдаж больсон төдийгүй дугаарын үнээ нэмж 2500 төгрөг болгосон юм. Өнөөдөр өнгөрч буй долоо хоногийн үйл явдлын баримт фактыг хоржоонтойгоор багцалж, өдөр тутмын сониныхоос хавьгүй сонирхолтой, зураг, график, схемтэй нийтлэлээр дүгнэж чадаж байна. Товчхондоо, монголын “ТАЙМ” гэдгийг сануулахад хангалттай. Хавтаснаасаа эхэлдэг cover story буюу дугаарын сэдвүүд янзтай. Санаж байгаагаас, “Мүүнтэй нөхцсөн Монгол”, “Бясалгал бол тэнэглэл биш”, “Би ямар тагтаа юм уу?”, “Бонустай залуу”, “Солонгосын бэр”, “1998 оны 10-р сарын 2. Зориг алагдав”, “20 дугаар тогтоол”. Би хувьдаа долоо хоног тутам худалдаж авдаг боловч уншиж бардаггүй. Гарчиглаад орхиход хайран санагддаг тул тэвхийтэл хураагаад байгаа. Харин оны зааг дээр гарсан New York Times-тай хамтарсан “Эргэлтийн цэг 2012” тусгай дугаар том хавтгайгаар хэвлэгдсэн тул сондгойроод, номын тавиур дээр багтахгүй байна.

 

Монгол гэдэг нэрийг дэлхийн сэтгүүлийн тавцанд дуудуулсан нөгөө жишээ бол 2010 оны 12-р сараас монгол хэл дээр гарч эхэлсэн Cosmopolitan юм. Америк гоо сайхан, амьдрал, хэрэглээг стандарт болгосон эмэгтэйчүүдийн гялгар америк сэтгүүлийн стандарт ямар байдгийг бид монголоор хардаг боллоо. Нэр (англиараа), шрифт, хэмжээ, өнгө, сэтгүүлийн дотоод бүтэц, нүүр булангууд, бичлэгийн загвар, мэдээж макет дизайн тэр чигээрээ стандарт. Сэтгүүлийн хавтаснаас хүний нүд хамгийн түрүүнд тусдаг яг тэр цэгт тавьсан секс гарчиг, хажууд нь европ царайтай хүүхнүүд, хааяа тэдэн шиг болтол “сайжирсан” монгол хүүхнүүд угтаж авдаг нь бас л цаанаас тогтоож өгсөн хатуу стандарт.

Америк хувилбарыг хуудас хуудсаар эргүүлэхэд хавтас, хавтасны дотор тал – реклам, дараачийн нүүр реклам, эргүүлээд реклам, дахиад реклам, эргүүлээд бас реклам … реклам, реклам, (сая нэг) гарчиг, реклам, реклам, ямар нэгэн нийтлэлийн эхлэл, дахин реклам хагас хуудас, нийтлэл хагас хуудас, реклам … Харин монгол хувилбар арай даруу: реклам, реклам, эрхлэгчийн мэндчилгээ, реклам, гарчиг, гарчиг, нийтлэл, реклам … Ямартай ч манай (яг үнэндээ Улаанбаатарын) зах зээлээс сар тутам, нийт 14 дугаар тасралтгүй хэвлэгдэн гарахад хүрэлцэхүйц реклам босгож чаджээ. Үнэтэй гутал хувцас, цүнх, гоо сайхны барааны реклам дүүрсэн (хаана ямар дэлгүүрт зарж байгааг жагсаасан лавлах хуудастай) сэтгүүлийг монгол хүүхнүүд дуртайяа худалдан авч (нэлээд хэдэн мянган хувь хэвлэгддэг гэж сонссон) амтанд нь орчихсон бол хаа газрын хүүхнүүдэд ялгаа алга…

Cosmopolitan-ийг Монголд хэдэн гайгүй сэтгүүлийг (гадаад сурталчилгааны “Mongolica”, “Изинис” компанийн нислэгийн Smart Way гэх мэт) эрхэлдэг “Ирмүүн Мальтимедиа” ХХК Hearst корпорацид санал тавьж гэрээ байгуулсны үр  үр дүнд тус сэтгүүлийн 61 дэх буюу монгол хувилбарыг гаргажээ. Сайт нь www.cosmopolitan.mn.

Бас нэг зүйл. Эхний дугаарыг Бээжинд хэвлүүлж авчирсан бол одоо зөвхөн Улаанбаатарт, “Улаанбаатар принт-д хэвлүүлдэг. Монголд дэлхийн түвшний сэтгүүлийг үйлдвэрлэж чаддаг болсон байна.

   

Posted in + СЭТГҮҮЛ | 2 Comments »

“Гадуур яригдаж байгаа …”

Posted by Mongol on 2012/01/12

Өчигдрөөс хойш бүх хэвлэл мэдээллийн үндсэн сэдэв болоод байгаа Ардчилсан намын ҮЗХ-ны хурал дээр УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга чухам юу хэлж шуугиулсныг үзэгчиддээ хүргээгүй мөртлөө МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр энэ орой дээрх шүүмжлэлийг няцаасан MCS-ийн мэдэгдлийг цаг алдалгүй нэвтрүүлсний оршил нь “Энержи ресурс” уул уурхайн компани Монгол Улсын Засгийн газарт тогтвортой байдлыг гэрээг байгуулахаар өргөн бариад байгаа. Энэ гэрээний талаар гадуур яригдаж байгаа мэдээллэлтэй холбогдуулан MCS болон “Энержи ресурс” компанийн удирдлагууд мэдээлэл хийлээ” байв. Гадуур биш, дотуур, бүр Төрийн ордон дотроос тов тодорхой  ярьсныг яагаад ч юм хэлж зүрхэлсэнгүй. Араас нь “Энержи ресурс”-ын гүйцэтгэх захирал Батцэнгэл, MCS-ийн олон нийттэй харилцах албаны захирал Баяраа хоёрын яриаг үзүүлснийхээ дараа “энэ асуудал зөвхөн төслийн хэмжээнд яригдаж байгаа, өргөн баригдаагүй” гэж тайвшруулсаар төгсгөлөө.

Манайд ямар азаар олон телевиз байна аа. Хэрвээ ганцхан МҮОНТ байсан бол яана!

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 2 Comments »

Юмтай хүмүүс

Posted by Mongol on 2012/01/12

“Шинэ дэлхий” телевизийн мэдээллийн хөтөлбөр хоёр үдэш дараалан нэгэн эрхмээр нээгдэв. Өчигдөр ямар нэгэн баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, МАН-ын намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, сонин хэвлэлийн асуудал задгай байгаа учраас мэдээллийн эрх чөлөөний асуудлыг нэг тийш шийдэх хэрэгтэй, сониныг ХЗДХЯ, телевизийг болохоор ХХЗХ бүртгээд байна гэсэн битүү юм ярихыг (МАН өөрөө бүртгэх үү?) үзүүлсэн бол өнөөдөр Нийгмийн ардчилал МЗХ-ноос зохион байгуулсан хэлэлцүүлгээр эхэлж гол баатар нь тус арга хэмжээг задалж тайлбарласан Я.Содбаатар байв. Хэд хоногийн өмнө Засгийн газраас гарахаа зарласан нөгөө намыг аймшиггүйгээр муулсан мэдэгдэл уншаад байсан тус телевизийн эзэн ч юмтай хүн шиг аашилж байна аа.

Бас өчигдөр TV5 телевизийн “Цаг” мэдээллийн хөтөлбөр “Ерөнхий сайд ба иргэн” уулзалтыг нэгд нэгэнгүй уянгалуулан сурвалжлах зуураа “энэ сайхан арга хэмжээг дуулиан шуугиангүй, дотно байлгахын тулд хэвлэл мэдээллийг бараг уриагүй” гэв. Уригдсан ганц нь Ерөнхий сайд дэргэд сууж харагдсан МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл хатагтайн эзэмшдэг TV5 өөрөө байсан хэрэг. Маргааш нь орой нь уулзалтыг дахиад бүтэн давтлаа.

Телевизүүд сонгуулийн горимд зугуухан шилжиж байна.

Posted in Шинэ дэлхий, TV5 телевиз | 1 Comment »

“Холимог хурал”

Posted by Mongol on 2012/01/07

Олон төрөл жанрын хэвлэлийн хурал байна. Анх чухал арга хэмжээ, үйл явдлыг зарлах, онцгой мэдэгдэл хийхийн тулд сэтгүүлчдийг цуглуулдаг юм шиг байснаа сүүлдээ лекц унших, хичээл заах (гэхдээ дараачийн хуралд шахагдаад ганц цагаас хэтэрдэггүй нь сайхан), бас улс төрийн явдлыг зурагтаар үзээд төрсөн сэтгэгдлээ сонирхуулж, заримдаа хөнжилдөө хурхирч байгаа хоёр намыг сэртэл нь загнадаг хурал зөндөө болжээ. Амьдралаа хэнгэнэтэл хүүрнэх явдал ч гардаг. Нэг илтгэгч хамаг мөнгөө алдаж хоосорсноо (“одоо явган явж байна өө”) гэж гомдоллосон ч хурлын төлбөрөө дийлсэн л байгаа юм. Орой нь бүх телевизээр цацагдаж, маргааш өглөө бүх хэвлэлд бичигдэхэд сэтгэл онгойхгүй хаачихав. Эрдэнэчимэг гэж хүүхэн үе үе шүлэглэж бөөлдөгийг бүгд мэднэ. Ууланд гарч биш, хурал зарлаж байгаад! Тоосго шиг лаг номнуудаа урдаа хураачихаад өргөж гайхуулдаг Арго багш ойрд үзэгдээгүй. Борлуулж дууссан бол сайн хэрэг. Хэрэг түвэгт орооцолдсон этгээдийн сүүлчийн найдвар хэвлэлийн хурал ч тааралддаг.  Харин хүүхдийн тоглоомын талбай дээр газар ухаж барилга бариад эхэллээ, эсвэл Солонгос явж эмчлүүлэхэд 70 сая төгрөг хэрэгтэй гэж аврал эрсэн хурлыг шоолж таарахгүй.

Тэгвэл өчигдөр хэвлэлийн “холимог хурал” (хуурга биш хурал!) хэмээх цоо шинэ форматыг МҮОНРТ-ийн хэсэг дарга нар зохион бүтээлээ. Давхар, эсвэл хурал доторх хурал гэсэн ч болно.

Ийм учиртай. Сүүлийн хоёр жил шахам “Зэс эрдэнийн хувь” нэртэй хөдөлгөөний тэргүүн Д.Алтанхуяг “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн хаягдал овоолгыг боловсруулан зэс гаргаж борлуулаад Орхон аймгийн иргэдэд хүртээх санаачлага гарган бужигнуулж яваа. Ноднин иргэдээс 1000,1000 төгрөгийг татаж компани байгуулсан ч үйлдвэрийн удирдлага, Төрийн өмчийн хорооныхон судлах хэрэгтэй, оросуудаас асууна гээд огт зөвшөөрөөгүй. Тэгтэл үйлдвэрийн хэдэн дарга нарын ивээлээр “Ачит-Ихт” нэртэй үл мэдэгдэх компани сэмээрхэн зөвшөөрөл авч үйлдвэрээ байгуулж эхэлсэн нь саяхан илчлэгджээ. Бухимдсан Алтанхуяг үүний учрыг олохоор хэдэн сар хөөцөлдөөд бараагүй тул Ерөнхий сайд С.Батболдод хандаж “… Бид хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа төрийн мэдлийн МҮОНТелевизэд хандаад 2 сар орчим хугацаа өнгөрч байгаа боловч МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар үндэслэлгүйгээр хүндрэл учруулж эхэлсэн бөгөөд учрыг тодруулвал энэ эрхэм хүн бас л таны Засгийн газрын томилгоотой, эрхэм Сугартай нэг нутаг ус, найз нөхөд юм байх. Үүний зэрэгцээ ажлын байрандаа архидаж найрлаж, бид түүнд нь саад болж уур хилэнг нь их хүргээд, бидний хүсэлтийг хүлээн авахгүй байх шиг байна” гэсэн үгтэй шаардлагаа танилцуулахаар өнгөрсөн Баасан гаригт Mongolnews-ын мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлаад ярьж байтал гэнэтхэн МҮОНТ-ийн ерөнхий продюсер Ц.Лхагвадаш, программын хэлтсийн дарга Ч.Батцэнгэл, бас нэг дарга Ө.Нарангэрэл, мөн МҮОНР-ийн захирлаар мөнхөрсөн Б.Пүрэвдаш нар (ийм лут бүрэлдэхүүнтэй ирснийг бодоход Наранбаатар нь үүрэг өгчээ) ирж өөдөөс нь харж суугаад хариу ярьж эхэлснээр хэвлэлийн хурал дотор өөр нэг хэвлэлийн хурал үүсч сэтгүүлчдийг баахан алмайруулж хоёр тийш харайлгав.

Ч.Батцэнгэл Алтанхуягыг оны дараахан МҮОНРТ-ийн байранд очиж нэвтрүүлэг нэхэхдээ муудалцаж өөрийг нь боож унагасан бичлэг камерт үлдсэнийг сануулж “Танай хөдөлгөөн ямар хүнээр удирдуулж яваагаа хар” хэмээн ичээхэд цаадах нь мөчөөгөө өгөхгүй, тэгвэл МҮОНРТ-ийн дарга нар ажил дээрээ энэ бүрэлдхүүнээрээ архидаж байсныг нүдээрээ харсан тухайгаа хэлж оноо тэнцлээ.

Уг нь МҮОНТ-ийхэн Төрийн өмчийн хороонд хандаж нэвтрүүлэгт урьсан бичиг явуулснаа харуулсан ч зөвшөөрөөгүй гэнэ. Одоо энд тайлбар хийе. МҮОНТ-ийн амиа авч гардаг олон аргын нэг энэ байна. Ямар нэгэн эгзэгтэй асуудлыг боож унагахын тулд гэнэтхэн олон ургальчид хувирч нөгөө талтай барьцалдуулан гацаадаг. Заавал баахан дарга нарыг заавал телевиз дээрээ “жа” гэж цуглуулах (хов хоосон ярьцгаана л биз) ёстой гэж хэн хэлсэн юм бэ? Өрөөндөө пялхайж сууцгаахын оронд босож очоод эрэн сурвалжилж болохгүй юу? Хэрвээ энэхүү ноцтой асуудлын мөрөөр үнэхээр явья гэвэл тэр Алтанхуягтай (өөрөө ярилцлага өгөхийн түйс байж таарна), бас Төрийн өмчийн хороогоор дайрч Сугартай (заавал ярилцлага авна гээ сахихад зугтаад зугтаад хаачихав), дараа нь Эрдэнэтийг зүглэж Ганзориг захиралтай уулзаж бажгадуулаад, эцэст нь Эрдэнэт уулын тэр хэл амтай овоолгон дээр, тэр сэм үйлдвэрийн барилга дээр очоод зураглахад л бүх зүйл тодорно.

“Холимог хурлын” багийг тийш илгээх юмсан. Замдаа найрлаад сайхан явцгаана даа.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Хөнгөхөөн улс төржив

Posted by Mongol on 2012/01/01

Бид 2011 оныг зурагт үзэж, 2012 оныг бас тэгэж угтлаа. Анзаарвал, заавал шинэ жилээр гэлтгүй нэртэй, нэргүй хүмүүс цугларч ууж идэнгээ пан гөрөхийг нэвтрүүлэг гэдэг болсон санагдав. Дунд ороод суучихсан мэт, уйдсангүй ээ. Он солигдсоны дараа шөнөжин сахиж суугаад ч хамаагүй заавал үздэг Х-ТҮЦ-ийн баярын хөтөлбөр энэ удаад “Өвлийн инээмсэглэл-2011” нэрээр UBS телевизээр гарав.

Театрын авъяастныг тодруулдаг To Be or Not To Be тэмцээнийг элэглэсэн нь үе үе элэг хөшөөсөн нэвтрүүлэг болжээ. Шинэ юм гэвэл “улс төржих” янз цухалзав. Аглуу (гавъяат жүжигчинЛ.Баттулга)-г хэлж байна. Нээрээ ч манай хошин шогийнхон тэнэгтсэн эр, аальгүй хүүхэн, хадам ээж, хазгар хөгшнөөр хэдий болтол зугаа гаргахав. Улс төрчийн ээлж дөхсөн байлтай.

Алиалагчийн хувцас өмсөж ирсэн эрхэм шууд л улс төр ярьж шалгаруулалтаас тэр дороо ус цацуулж хөөгдсөн ч хорооныхоо иргэдтэй мэндчилснээр барахгүй 2012 онд сонгуулиар хэнийг дугуйлахаа сайн бодохыг уриалж амжсан бол хойноос ирсэн Алла Пугачёва томчуудад хандсан гэмээр “Эй вы там наверху …” (үнэн хэрэгтээ тийм биш) дуугаа дуулав. Дараа нь үзүүлсэн “Алтыг нь аваад авдар нь үлдсэн Монгол” нэртэй модерн бүжгийн  тахийж  мурийсэн хөдөлгөөнүүд бүжигчин Аглуугийн шүүгчдэд тайлбарласнаар бол “уул усаа ухаж хонхойлгоод байна … нөхөн сэргээлтгүй газрууд ихэслээ … байгаль дэлхий нэг л шилгээнэ шүү … дэлхийн  зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ хэт өндөр байгаа”-г илэрхийлсэн гэнэ. Бас болоогүй, хоёрдугаар шатанд гараад хүний наймаа, хар тамхины наймаа мэтийг бүжиглэж үзүүлэхээ амаллаа. 

Энэ удаад Х-ТҮЦ-ийнхөн хөнгөхөн бөгөөд бүдэгхэн улс төржив. Дараагийн удаад арай тодруулж, нэр хаяг цухалзуулж элэглэвэл болох уу?

Posted in + ТЕЛЕВИЗ | 1 Comment »

Хаанахын шилдгүүд вэ?

Posted by Mongol on 2012/01/01

Жилийн өмнө МҮОНРТ  санаачлан зарим арилжааны телевизийг өөртөө элсүүлэх, бас Монголд цорын ганц өргөн нэвтрүүлгийн радио  дээрээ FM-үүдийг нэмэх замаар Монголын радио, телевизийн академийг байгуулжээ. Нэгэнт академи тул саяын шинэ жилээр телевизүүдийн холбооны “Алтан шонхор-2011”-т оролцохгүйгээр томорч тусдаа “Болор үзэг” хэмээх тусдаа шагналыг бий болгосон юм. Одоо сэтгүүлчид үзгээр зөвхөн тэмдэглэж аваад жинхэнэ бүтээлээ keyboard-оор туурвидаг болсон ч яруу найргийн “Болор цом”-ыг санагдуулсан энэ шагналын  анхныхыг гардуулах ёслолын тухай нэвтрүүлгийг 12-р сарын 31-ны үдэш МҮОНТ  ба TV9 хоёр үзүүллээ. Радио, телевизийн академи хэрнээ хэвлэл мэдээллийн бүх төрлийг дүгнэж, ингэхийн тулд Хэвлэлийн хүрээлэн, Суваг, телевизүүдийн нэгдсэн холбоо, Сайтын холбоо, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, ФМ радиогийн нэгдсэн холбоог хамтран зохион байгуулагчаар оролцуулсан гэлээ.  

Оны телевизийн нэвтрүүлэгчээр МҮОНТ-ийн Ч.Ичинхорлоо, Оны гоц нийтлэлийн эзнээр “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, Оны тэргүүн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаар “Хэнтийн мэдээ” сонин, Оны радио дуу хоолойгоор “Гэр бүлийн радио 104.5”, Оны онцлох сэтгүүлээр “Uptown”, Оны фото зургаар “Ардчилал” сонины гэрэл зурагчин Б.Одбаярын бүтээл, Оны онцгой сайтаар www.news.mn, Оны сэтгүүлчээр TV9-ийн Б.Отгон нарыг тодруулжээ. Нэр дэвшсэн материалуудыг үзээгүй ч миний хувьд Оюун-Эрдэнэ, news.mn, Отгон гурвын тухайд санал нийлж байна. Шагналуудыг УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Очирбат, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, бас “Спирт бал бурам”, “Макс групп” зэрэг том компанийн захирлууд гардуулсан тухайд тайлбар хэрэггүй.

Яг долоо хоногийн өмнө болсон энэ арга хэмжээний талаархи мэдээ, сурвалжлагад дээрх 8 номинацийн дараа юу болсныг огт дурдаагүй нь хачирхалтай. Гол юм тэгэхэд эхэлжээ. Монголын радио, телевизийн академийн удирдлагууд (лав МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар, энэ академийн ерөнхийлөгч, МҮОНТ-ийн захирал М.Оюундарь, МҮОНР-ийн захирал Б.Пүрэвдаш нар харагдсан) тайзнаа гарч нийт 10 сая төгрөгийн шагналын сантай хэмээсэн “Мэргэжлийн сэтгүүл зүйн төлөө” уралдааны шагналуудыг гардууллаа. 

Телевизийн мэргэжлийн сэтгүүл зүйн 1-р байранд МҮОНТ-ийн “Нийгмийн захиалга” цувралын “Орцны жижүүр ба хүүхэд”, 2-р байранд бас МҮОНТ-ийн “Тусгаар тогтнол, газар шороо” нэвтрүүлэг, харин 3-р байранд “Шинэ дэлхий” телевизийн “Нэг сэдвээр” нэвтрүүлэг орсон бол радиогийн төрлөөр 1-р байранд МҮОНР-гийн “Тусгал” мэдээллийн хөтөлбөр, 2-р байранд МҮОНР-ийн “Түмний  нэг” радио найруулал, 3-р байранд  МҮОНР-ийн “Хөгжлийн төлөө аж үйлдвэр” нэвтрүүлэг тус тус шалгарчээ. Хөөрхий FM-үүд  МҮОНР-той яаж ч өрсөлдөхөв. Ерөнхийдөө өөртөө зориулсан уралдаан болж таарлаа. МҮОНТ-ээр үзүүлсэн “Болор үзэг-2011” нэвтрүүлгийн энэ хэсэг ойлгомжгүй, мэргэжлийн бус байсан тул “Тусгал” нэвтрүүлэг түрүүлснийг  дараачийн ярианаас мэдэж авлаа. Тэгтэл Их Монгол FM 91,7 радио ямар нэгэн 3-р байр эзэлсэн (1,2-р байрууд хаачсан?), бас МҮОНР-ийн сэтгүүлч, доктор Л.Мөнхтөрийн “Ярьдаг сэтгүүл зүй буюу радио сэтгүүл зүй” шүүмж судлалаар 3-р байр эзэлсэн, эсвэл түрүүлсэн ч юм шиг магтсаар дуусгав. Шинэ оны анхны “Цагийн хүрд”-ээс ч тодорхой болсонгүй.

Санал нийлэхгүй, тохиролцохгүй болохоороо, заримдаа үнэхээр илүү шударга, сайныг гаргаж ирэхийн тулд, бас бушуухан хүртэхийн тулд хэсэг бүлгээрээ салж нэгдэн тус тусдаа шалгаруулсаар байгаад хэвлэл мэдээлэлд бусад бүх салбарын нэгэн адил шагнал, өргөмжлөл маш олон болжээ. Энэ удаад ч гэсэн шагналыг хувааж авахгүй гэж ярьсаар сайхан хувааж авцгаалаа. Нэгэнт олон юм бол хэн, хаанаас тодруулсан шилдэг, тэргүүн, манлай, оны… болохыг заавал хамт хэлж сурахаас өөр аргагүй. Мэргэжлийн боксын дэлхийн аваргууд энд тэндээс зэрэгцээд тодордог, хэн хамгийн мундаг нь ойлгогддоггүй, учрыг лавлахад IBF, WBC, WBA, WBO нэртэй өөр өөр холбооны рейтингээр гарч ирсэн байдаг.

Урьд жилүүдэд Монголын сонины холбоо шилдэг телевиз энэ тэр гээд шалгаруулж ирснийг санаж байна. Хэвлэлийн хүрээлэн цагаан сараар бас тэгэх байх. Дөнгөж өчигдөр “Хэвлэл мэдээллийн салбарын 2011 оны онцлох хүн”-ээр BTV телевизийн гүйцэтгэх захирал Г.Баянжаргалыг зарлав. Ямар ид шидээр онцгойрсныг гайхахын оронд МАН-ын дэргэдэх “Нийгмийн ардчилал” хэмээх Монголын залуучуудын холбооны “Алтан сарнай” наадмын шагнал гэдгийг хэлчихэд бүх юм байрандаа очно. Ирэх УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших хүсэлтэй эмэгтэйчүүдтэй цуврал ярилцлага хийгээд байгаагийн учир ч тайлагдана. 2000 оны “Зууны манлай”-нууд бол манай “Зууны шуудан” сонин, харин “Мянганы хүн Чингэс” бол “Нью-Йорк таймс” сониных бөгөөд сүүлдээ эх сурвалж мартагдсан нь эхний тохиолдолд цагаа олсон сайн пиар, дараачийнханд монголчууд бидэнд таалагдсан учраас тэр юм.   

Манайд Чингэсийн одон хоёр байдаг ч нэг нь төрийнх, нөгөө нь АН-ынх гээд хэлчихэд хоёр “Чингэстэн”-ий хэн нь том болохоо булаалдахгүй.

Юу хэлснээс хэн хэлсэн нь дутуугүй чухал гэж үнэн шүү.

Posted in + ТЕЛЕВИЗ, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Арилжааны телевизүүдийн “Алтан шонхор-2011”

Posted by Mongol on 2011/12/31

Өчигдөр орой “Алтан шонхор-2011” ёслолын ажиллагаа болж МҮОНТ, бас  TV9-өөс бусад бараг бүх сувгаар нэгэн зэрэг шууд дамжуулав. Дэлхий дээр өөр хаана ч ингэж телевизүүд нийлж үзэгчдээ хавсайддаггүй байх гэж бодлоо.

Шилдэг орон нутгийн телевизээр Дархан-Уул аймгийн DBS, шилдэг олон ангит киногоор SBN телевизийн “Гэр”, шилдэг баримтат киногоор НТВ телевизийн “Өвгөн ганц мод”, шилдэг мэдээллийн хөтөлбөрөөр “Ийгл ньюс”, шилдэг нийгэм, эдийн засгийн хөтөлбөрөөр BTV-ийн “Бизнесийн давалгаа”, шилдэг төслөөр “25-р суваг”-ийн “Making the Band”, шилдэг сэтгүүлчээр “Ийгл” телевизийн М.Батдорж нарыг, эдгээрээс гадна шилдэг цэнгээнт нэвтрүүлэг, шилдэг зураглаач, шилдэг тайз засалт, шилдэг инженер, шилдэг хөгжмийн хөтөлбөр, шилдэг танин мэдэхгүйн нэвтрүүлэг, шилдэг хүүхдийн нэвтрүүлэг, шилдэг график дизайнер гээд нийт 18 ангиллаар тодруулах шиг боллоо. 

Тал талаасаа нэр дэвшүүлсэн, гэхдээ МҮОНТ оролцохгүй пээдийсэн тул зөвхөн арилжааны телевизүүдийн шилдгүүд гэвэл зохилтой. Ер нь монголын телевизүүдийн дуу хөгжим, цэнгээний нэвтрүүлгүүд хэзээнээс дажгүй. Америкийн шоу нэвтрүүлгийг орчуулаад гаргахад ялгарч сүйд болдоггүй. Сүүлийн үеийн цугларч суугаад найрлаж чалчсан нэвтрүүлгүүд тун зугаатай. Телевизийн зарим реклам сурталчилгаа, дизайн чимэглэл гайхалтай сайн болдог. Даанч нийгэм, эдийн засгийн нэвтрүүлгүүд гээд сэтгүүл зүй рүү дөхөхийн хэрээр муудчихдаг.  Иймээс МҮОНТ оролцоод ч энэ ангилал дээрдэхгүй. Цаашилбал, олигтой анализ, эрэн сурвалжлага телевизүүдэд үгүй учраас тийм номинаци байгаад ч нэмэргүй. Уул уурхай байгаль орчныг сөнөөж байгаа тухай TV9-ийн хэдэн нэвтрүүлгээс өөр нэр дэвшихгүй. Хэрвээ телевизүүд сэтгүүл зүйн үүргээ гүйцэтгэж чаддагсан бол шилдгүүдийг энэ удаагийнх шиг Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн Д.Бямбацогт, Ч.Сайханбилэг, Ж.Батсуурь, Батж.Батбаяр, З.Алтай, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, дээрээс нь Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж ОССК-ын гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл гээд дан томчууд ирж зарлаж гардуулахаас ичмээр, эрхэм гишүүд гэхэд 2012 оны гишүүний 3 тэрбум төгрөгөө хаана нууснаа илчлүүлээд зугатаах байсан. (Эсвэл ичихгүй хүрч ирээд гардуулж зогсох байв уу?) 

“Алтан шонхор-2011” ёслолын үеэр ОССК-ын гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан “Өнгөрсөн хугацаанд бид 220 сэтгүүлчийг орон  сууцтай болголоо. Сэтгүүлчдийн үндсэн цалин бага мөртлөө нэмэлт орлого их, түүнийг нь тодорхойлох аргагүй байсан хэдий ч тэдэнд хамгийн урт хугацаатай, хамгийн бага хүүтэйгээр зээл олгосон” гэж сайрхлаа. Манайд орон сууцны ипотекийн зээлийн асуудал хууль, дүрмээр биш Алдаржавхлан гэдэг даргын сайн дураар шийдэгддэг юм байна.  Орон сууцны зээлийн эх үүсвэр хэмжээ хязгаартай байж таарна, түүнд оочирлосон хүмүүсээс 220 нь сэтгүүлч нэрээр оочир дайрахад өөр 220 хүн тэгэж чадаагүй гэсэн үг. Орон сууц, санхүүжилтын корпораци, ипотекийн зээлийн наад цаадахыг телевизүүд сөхдөггүй нь ийм учиртай байж. Одоо сонинууддаа л найдья.

Posted in + ТЕЛЕВИЗ | 2 Comments »

“Кёкүшюзаны 10000” шийдэгдэв

Posted by Mongol on 2011/12/27

NBS телевизийн “Блиц” ярилцлагад УИХ-ын гишүүн Кёкүшюзан Батбаяр оролцлоо. Миний хувьд чих тавьж сонирхсон цорын ганц зүйл бол 2008 онд УИХ-д сонгогдохын тулд Сонгинохайрхан дүүргээс 10000 залууг Япон руу саадгүй явуулж ажиллуулна, хэлэлцээр хийчихсэн гэж амлаад хошгируулснаа юугаар тайлбарлах.  Төдөлгүй нэвтрүүлгийг хөтөлсөн сэтгүүлч Л.Пүрэвням энэ асуултыг тавих нь тэр. 

Кёкүшюзан юу гэж хариулсныг та зүүдлэх ч үгүй. Яг явуулах гэсэн чинь Фукушимагийн атомын цахилгаан станц дэлбэрч цацраг идэвх цацагдсаны улмаас монголчуудынхаа эрүүл мэндийг бодоод больчихсон, муусайн хятадууд хүртэл хятадуудаа хайрлаад тэнд ажиллуулахгүй байхад манай монголчууд очвол хордоод эрүүл мэндээ алдаж нөхөн төлбөр нэхэгдэж болзошгүй гэлээ. Ингээд Кёкүшюзаны сонгуулийн амлалт биелээгүйд Фукушимагийн АЦС (нарийсгавал усанд автсан хөргөлтийн систем, бүр цааш хөөвөл цунами) төдийгүй сайхан сэтгэл гаргаж явуулаад байхад сүүлд нь нөхөн төлбөр нэхэж магадгүй сонгинохайрханчууд (бусдыг манай дүүрэг биш гээд амыг нь хаачихна) өөрсдөө буруутай болж “Японд 10000 хүн явуулна” хэмээх энэ тоглоом төгслөө.         

Тэгвэл цацрагт хордоогүй Японы бусад нутагт явуулаач гэж сэтгүүлч асуугаагүй. Нэмэргүй биз. Ирэх сонгуульд саналаа өгсний маргааш өглөө нисгэнэ гээд 10000 тийз захиалсан тухайгаа сийхгүй ярьж мэднэ.

Posted in Улс төр, эдийн засаг, NBS | Leave a Comment »

Экс Ерөнхийлөгчийн ярьж өгсөн нэвтрүүлэг

Posted by Mongol on 2011/12/19

“Загалмайлсан эцэг” киноны хөгжмийг утга төгөлдөр эгшиглүүлж наагуур нь “Улаанбаатар таймс” сонины нэрийг чангаар дуудан хэлхсэн “Детектив” нэртэй нэвтрүүлэг TV9 телевизээр Бямба гаригийн үдэш гарлаа.

Ихэнхдээ нэлээд эрт дэгдсэн мэдээлэл,  таамаглал, асуултууд хэдий ч зарим шинэ баримтуудыг цухуйлгасан нь тун сонирхолтой байв. Тогтоож авсан хэдийг дурдвал:

– Ерөнхий прокурорт нэр дэвшигч хуулийн байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан байх ёстой гэсэн шаардлагыг Д.Дорлигжав хангаагүй мөртлөө хувийн “Билэг” дээд сургуульд 10 жил багшилсан гэсэн бичиг хийлгэж авчээ. Хэрвээ үнэхээр багшилсан бол авсан цалин, төлсөн татвар, нийгмийн даатгалын баримт байх ёстой … Д.Гансүх [ЗТБХБ-ын дэд сайд]: Саруулбуян намайг дуудаад хуулийн зөвлөгөө өгөөч гэсэн мөртлөө хувь нийлүүлэгчээр оруулсан байсныг хожим мэдсэн гэжээ… Ц.Дашдорж [УИХ-ын гишүүн]: Би хувьчлал эхэлж байсныг нь мэднэ. Согоосүрэн [эхнэр нь] хөрөнгө оруулсан байх… Удалгүй Н.Энхбаяр Ерөнхий сайд С.Батболдтой уулзахад С.Батболд “Нямдорж миний үгэнд орохгүй байна. Нямдорж, Дорлигжав хоёр цаагуураа тохироод байна” гэх мэтээр өөрсдөөсөө зайлуулж байжээ… Өөрийнхөө бууны нохой болох Дагиймааг Ганц худаг руу явуулж Чулуунбаатараас үг алдуулах гэж оролдсон… Г.Мөнхбаяр тэргүүтэй нийслэлийн удирдлага “Улаанбаатар таймс” сонины хувьчлалыг 2011 оны 5-р сард хүчингүй болгож нийслэлийн төсвөөс 500 сая төгрөгийг Сэргэлэнд хууль бусаар гаргаж өгчээ… Н.Энхбаяр Ж.Бямбадоржийг дуудаж уулзаад, цаад Нямдорж чинь галзуурчихаж. Чи хэлэх ёстой гэсний дагуу Бямбадорж Нямдоржтой уулзсан тухайгаа ярихдаа, Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болмогцоо АТГ-ын дарга Сангарагчаад Н.Энхбаярыг ямар ч хамаагүй аргаар хэрэгтэн болго гэсэн үүрэг өгсөн юм байна гэжээ… Н.Энхбаяр ерөнхий прокурор Дорлигжавтай утсаар ярьж тохироод уулзахаар очиход цаадах нь завгүй, дараа өөрөө залгаад уулзая гээд зугатсан … Мөрдөн байцаах газрын хошууч Отгонжаргалд Үндэсний бөхийн холбооны Нямдорж ах нь миний дүү шударга байгаарай гэж хэлсээр байтал удмандаа муу юм хийж байгаа анхны хүн боллоо… 

Сайтар анзаарвал экс ерөнхийлөгч Н.Энхбаяр янз бүрийн хүмүүстэй хоёулхнаа уулзах юмуу утасдалцахдаа яг юу ярьсныг үг үсэггүй дэлгэжээ. Гарцаагүй Н.Энхбаярын ярьж өгсөн нэвтрүүлэг байна. Уг нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлч Биндэръяаг 24 цаг дагуулж шогшуулаагүй, бас утасныхаа яриаг чагнуулаагүй бол шүү. Иймээс “Бид энэ нэвтрүүлгийг сонин хэвлэл, сайтуудын мэдээлэл, таамаглалд тулгуурлаж бэлтгэлээ” хэмээн байн байн давтсан нь Энхбаяраас зайлуулах оролдлого байж. Сүүлдээ “энэ муу нурсан байшингуудын оронд  том том хэрэг явдлуудыг шалгая гэж монголын ард түмэн хүсч байна”, “”Улаанбаатар таймс” сонины хувьчлал хамгийн шударга болсон” гэх мэтээр сөрөг довтолгоонд орж тэр барилгыг Н.Энхбаярт буцаагаад аваад өгчих шахав.

Нэвтрүүлгийн төгсгөлд нь “TV9 телевиз мафийн бүлгийг илчлэхийг оролдлоо. Өөр телевиз ингэж илчлэхгүй байна. Одоо биднийг дайрах байх. Бид цаашаа өшөө олон булхай луйврийн талаар нэвтрүүлэг хийнэ” гэж амаллаа.

Маш зөв. Хийх хэрэгтэй. Чөлөөт хэвлэл мэдээлэл ийм байх учиртай. TV9-ын залуучууд уул уурхай, байгаль орчны асуудлаар хурц нэвтрүүлгүүдийг бэлтгэж чаддаг. Гагцхүү өөр хоорондоо үзэлцэж байгаа тэр мафиудын нэгний өмнөөс нөгөөтэй байлдаж гардаг нь жаахан харамсалтай. Бас эрсдэлтэй. Сүүлийн саруудад “Улаанбаатар таймс”, “Өргөө” зочид буудлын хувьчлалын асуудлаар Н.Энхбаярыг хамгаалсан  TV9-ын  сэтгүүлч залуучууд эзнийхээ санах ойд save-лэгдэж буйгаа мартаж болохгүй. Цааш үргэлж Энхбаярын талд явахгүй бол, хэнд юуг ярьж өгөхөд тоть шиг давтаж нэвтрүүлэг хийснийг нэгэн сайхан өдөр нэр устайгаар сануулж, бэст бөгс долоогчдын (хэвлэлийн хурал дээр өөрийнх нь хэлсэн нэр томъёо)-хоо жагсаалтанд нэмээд зарлаж орхино шүү! Хоёулхнаа шивнэлдсэн яриануудыг хоёр сая хүнд сийхгүй дэлгэхийг харав уу?

Үүнээс хойш TV9 телевиз сэтгүүлчдээ хэрхэн ашиглаж байгааг анхааралтай ажиглая.

Posted in TV9 телевиз | 1 Comment »

Удирдах зөвлөлүүдэд дарга олдохгүй, Чилаажавыг л залж байна

Posted by Mongol on 2011/12/19

Сэтгүүлчдийн их хурлын урьд өдөр  Хэвлэлийн хүрээлэн гэжтөрийн бус статустай газрын  удирдах дээд Ерөнхий чуулган болжээ.  Тэгээд 13 хүнтэй удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг дахиад л МОНЦАМЭ агентлагын ерөнхий захирал Т.Баасансүрэн, “Түгээмэл” дээд сургуулийн захирал Ү.Хүрэлбаатар, МҮОНРТ-ийн хоёрдугаар сувгийн дарга Ц.Лхагвадаш, “Улаанбаатар” радиогийн захирал У.Булган, “Ардын эрх” сонины ерөнхий эрхлэгч Б.Тэмүүлэн, “Зууны мэдээ” сонины эрхлэгч Д.Отгонбаяр, МҮОНРТ-ийн программын хэлтсийн дарга Ч.Батцэнгэл, ЕTV-ийн ТУЗ-ийн дарга Ч.Даваабаяр нарын дарга, захирлуудаар дүүргээд ханалгүй Үндэсний номын сангийн захирал, Зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга,  МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Х.Чилаажавыг тавьжээ. Ёстой нөгөө “ганган хүнд гархи нэмэр” болсон байна. Би олон давхар албан тушаал, элдэв сонгуультай учраас амжихгүй гэх мэтээр татгалзаж сүйд болох байтугай дуртай байсан гэлцэнэ.

Зохиолчдын эвлэлийг би сайн мэдэхгүй, байшинтай учраас түрээслээд сууж л байдаг биз. Харин өөрийнх нь нэг удаа хэлснээр, Үндэсний номын сангийн  түүхэн барилга муудаж хоёр жигүүр нь олон сая номын хүндэд дарагдан доошоо сууж нурахдаа тулсан байгаа. Гэтэл нэгэн этгээд хууль зөрчин яг тэр  хананд тулган эхлээд газар ухаж эхлэхэд ч, өндөр барилгыг зунжин, намаржин босгож байхад ганц үг ч ганхийгээгүй. Аймхайгийх биз. Бас түүний Үндэсний зөвлөлийг нь толгойлж байгаа МҮОНРТ төр, засгийн өвөрт шигдсээр байхад таг дуугүй 5-6 жилийг баржээ.  Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг уншиж үзсэн юм болов уу?  Сүүлдээ юу хийдэг нь үл мэдэгдэх, бүрэн хаалттай Үндэсний зөвлөлийг нааш цааш аялуулсаар гартаа оруулж МҮОНРТ-ийг хяналтгүй эзэмшиж суугаа хэсэг нөхөд Хэвлэлийн хүрээлэн мэт дэл сул байгууллагын удирдлагад өөрсдөө шургалж, бас шургалуулж тал засдаг  болсон байна.

P.S:  Маргааш нь МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар Үндэсний зөвлөлийн гишүүн Б.Ганболдыг сэтгүүлчдийн байгууллагын Ерөнхийлөгч болгохоор яаж зүтгэснийг бүгд сайн харж авлаа.

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд | 1 Comment »

“Хэвлэл мэдээллийн эздийн амьдрах эрх”

Posted by Mongol on 2011/12/18

12-р сарын 10-ны Бямба гаригийн өглөө 400 гаруй төлөөлөгчтэйгээр нийслэлийн Хүүхэд, залуучуудын ордонд эхэлсэн Монголын сэтгүүлчдийн 15-р их хурал хэдэн удаагийн сунжирсан завсарлага, хүлээлттэйгээр нийт хорин хэдэн цаг үргэлжилсэн юм. Шөнө дундаас хойш сонгууль явуулж санал хураахад төлөөлөгчдийн арайхийж тэн хагас оролцсон бол Ням гаригийн өглөөний долоон цагаас хойхно тооллогын дүнг зарлах мөчид зуугаад төлөөлөгч баатарлагаартэсч үлдсэн байлаа. Урьд үдэш нь Баасан ах, эгчийн нэрээр хэтрүүлж хүртээд (арай ч хурлын өглөө биш байх) баргардуу ирсэн нэлээд хэдэн төлөөлөгч хуралдаа хэт дайчин оролцож хөгжөөсөн, зарим нь энэ хооронд шараа тайлж бүр цоо эрүүл болоод зогсохгүй орой тийшээгээ буцаад манарч амжсан тийм урт хурал болов.

Сонин хачин яахав, юу өөрчлөгдөв? Хоёр том шинэчлэл явагдлаа. Нэгдүгээрт, МСНЭ-ийг МСЭ болгосон (бүхэл бүтэн үсэг авч хаяна гэдэг тоглоом биш!), хоёрдугаарт,  тэргүүн дэд ба дэд ерөнхийлөгч гэсэн хоёр даргыг шинээр нэмлээ. Тэгээд гүйцээ. Сэтгүүлчдийг дарга нар нь төлөөлдөг социализмын үеийн байгууллагын загвар, бас зарчмыг ардчиллын 21 дэх жилд дахин хэвээр үлдээв. Өдөр тутмын сонинуудын холбоо, Телевизүүдийн холбоо, Суваг телевизүүдийн холбоо, Монголын радиогийн нэгдсэн холбоо, Сайтуудын холбоо, Мэдээллийн сайтуудын холбоо, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Монголын чөлөөт сонинуудын холбоо, Нийслэлийн сонины холбоо, Радио, телевизийн академи, бас МҮОНРТ, МОНЦАМЭ, өдөр тутмын том сонин, телевизүүдийг төлөөлсөн дарга, захирлууд хурлыг зохион байгуулж, удирдаж, нэр дэвшиж, тэгээд сонгогдлоо. Сэтгүүлчдийн бус, хэвлэл мэдээллийн байгууллагуудын эвлэл!

Өөртөө шаардлага тавих тэнэг дарга мэдээж үгүй. Иймээс МСЭ сэтгүүлчдийн эрх ашиг, ажлын байр, цалин хөлсийг нэхэхгүй. Дүрмэндээ үйлдвэрчний эвлэлийн чиг баримжаатай гэсэн ганц өгүүлбэр оруулсан хэрнээ сэжиглэсэн мэт өөрөөсөө зайлуулж тусдаа ҮЭ байгуулан дэмжих тухай дурдаад өнгөрөв. Редакцийн бие даасан байдал, төлбөртэй нийтлэл, нэвтрүүлэг, төр засаг, компаниуд хэвлэл мэдээллийг эрхэндээ оруулдаг “хамтран ажиллах гэрээ” гээд эгзэгтэй асуудлуудыг хэвээр үлдээнэ. Оронд нь дөрөвдэх засаглал, хэвлэлийн эрх чөлөө, хууль тогтоомж, мэдлэг боловсрол гэх мэтээр тэртээ дээгүүр ярьж дараачийн хэдэн жилийг өнгөрөөнө. Бас Монгол Улсыг хэвлэлийн бүтэн эрх чөлөөтэй болгохоор хөөцөлдөх юм гэсэн. Сэтгүүлчдийн ёс зүйн зарчмыг ээлжит удаагаа баталсан ч хурал болгоноор давтаад тас мартдаг хоосон өгүүлбэрүүд учраас хэлэлцэх ч юм байсангүй.

Сэтгүүлчдэд эрх чөлөөг нь олгохгүй юм байна. Одоо жинхэнэ сэтгүүлчдийн байгууллага хэрэгтэй гэсэн хүмүүс МСЭ-ийг хаяж өрх тусгаарлавал би лав гайхахгүй. Уг нь саяын их хурлаар нэг шаанс байсан. Тэр бол нэг гар, хөл нь улс төрд дүрээстэй явдаг, ажил олгодог, цалин өгдөг, бас өгдөггүй, тэгээд сэтгүүлчдээ зардаг эздийг биш, жирийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг удирдлагад сонгох. Дүрмийн шинэ төсөлд ийм заалт оруулахыг хоёр ч сэтгүүлч шаардахад МОНЦАМЭ-ийн ерөнхий захирал Т.Баасансүрэн, МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар хоёр хурлын тэргүүлэгчээр суугаагаа ашиглан ээлж дараалан эсэргүүцэж гарав.

Т.Баасансүрэн:

– Хувийн мэдээллийн хэрэгслийн эзэн Ерөнхийлөгч байж болохгүй гэсэн санал бол Үндсэн хуулинд байдаг хүний эрхийг зөрчиж байна.  Хуулийн дагуу хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болсон юм бол сэтгүүлчдийнхээ байгууллагыг тэргүүлж яагаад болохгүй гэж…

М.Наранбаатар:

– Бүх сонин, бүх телевиз бүгдээрээ хэн нэгэн хүний харьяат байгаа. Тэгэхлээр сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч хэн болох юм бэ! УИХ-ын гишүүн болох юм уу? Бид хэн нэгэн хүнийг сонгож л таарна. Заавал эзэн байх ёсгүй гэх нь утгагүй…

Т.Баасансүрэн:

– Өнөөдөр манай сэтгүүлчдийн жаахан авъяастай, гайгүй гэсэн нь хувьдаа сонин телевизтэй байгааш дээ. Тэгээд сэтгүүлчдийн ерөнхийлөгчөөр ямар хүнээ сонгох юм бэ? Тэр хүн ерөнхийлөгч болчих юм бол хувийнхаа телевизийг өөр хүнд өгч болно.

М.Наранбаатар:

– Бид тэдний бизнес эрхлэх эрх, тэр байтугай амьдрах эрхийг зөрчих гээд байна ш дээ. Сонгох сонгогдох эрх нь хүртэл зөрчигдөж байна.

Тайлбар хэрэггүй биз. Харин МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч (хэвээрээ юу?) Ц.Дашдондов “Ажил авах, ажлаас халах эрх бүхий хүн сэтгүүлчдийн байгууллагын удирдлагад байж таарахгүй ээ. Олон улсын зарчим тэр. Сэтгүүлчдийн хөдөлмөрийн далд мөлжлөгө яваад байна. Сэтгүүлчдийн хөдөлмөрийн үнэлэмж доогуур байна. Нарийн ярих юм бол ажлын бус цагаар ажиллавал яахав, өөрийн унаагаар сурвалжлага хийвэл яахав гэдгийг гэрээнд тусгадаг, эзэдтэйгээ ярьдаг байх ёстой” гэсэн бол сэтгүүлч Б.Цэрэн-Очир “Тэргүүлэгчид та нар хувийн эздийг оруулж ирэх гээд байгаа юм уу?” хэмээн сандаргаж санал хураалгахыг дахин дахин шаардахад М.Наранбаатар “За тэгвэл энэ асуудлаар санал хураах уу гэдэг дээр санал авах хураах уу, яахав?” (УИХ-ын дарга ч түүнээс суралцмаар!) гэхчлэн мэдэн будилж чангаах зуур сөхөө авсан бололтой нөхдүүдийн “Эздийг ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэж байна”, “Өнөөдөр Монгол улсад ашиг сонирхлын зөрчлийн хууль хараахан гараагүй учраас эздийг сонгож болно” гэсэн ухуулга эхэллээ. Энэ асуудлаар санал хураалт ил байсан төдийгүй дарга нар нь хараад сууж байхад сэтгүүлчид дагалгүй хаачихав.

Дарга даргадаа хайртай юм байна. Хоёр тэргүүлэгч хэвлэл мэдээллийн эздийн амьдрах эрхийн төлөө ингэж нэр нүүрээ барж тэмцсэний цаад учир оройхон бүрэн тодорхой болсон юм. Өглөө хурал эхлэхэд л МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр “Зууны шуудан” сонины эрхлэгч Б.Ганболд, дэд ерөнхийлөгчөөр МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь, дэд ерөнхийлөгчөөр “Өнөөдөр” сонины хэлтсийн дарга Д.Заяабат гурвыг тавихаар өчигдөр орой тохиролцсон тухай битүү яриа дэгдчихээд байсан. Халамцуу нөхдийн үгийг би тухайн үедээ тоогоогүй ч оройхон нэр дэвшүүлэх тухай зарлаж хамгийн түрүүнд МУИС-ын тэнхмийн эрхлэгч, доктор, профессор М.Зулькафиль босч “Зууны шуудан” сонины …” гэж дуугарах тэр мөчид сая эргэлзээ тайлагдаж билээ.

МСН-ийн Ерөнхийлөгчид Б.Ганболдоос гадна Б.Галаарид, С.Наранбаатар нар нэр дэвшиж сэтгүүлч, зохиолч, “Эх орон” телевизийн гүйцэтгэх захирал Б.Галаарид сонгогдсоныг сонинууд зөндөө бичсэн тул нуршихгүй. Харин “эздийн амьдрах эрх” (ингэж нэрлэе) төлөвлөгөөний нэгдүгээр заалт яагаад бүтэлгүйтсэнийг шөнийн 01-02 цаг хүртэл үлдэж саналаа өгсөн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг судалж амжаагүй учраас хэлэх таамаг алга. Эргээд санахад ахмадууд ядарч, оройтолгүй харьцгаасан. Бас зарим нь МСНЭ-ийг,  удирдлагыг маш хурцаар шүүмжилсэн, гэхдээ ихэнх нь дарга нарынхаа дэргэд хүндэтгэлтэйгээр амаа хамхиж суусан залуу сэтгүүлчид тэгэсхийгээд явцгаасан. Үлдсэн ганц хоёрыг нь “чиний биологийн нас хамаагүй… чи муу мэдээ бичиж чадахгүй байж“ гэхчлэн толгой түрүүгүй загнах юм. Харин саналын хуудасны тооллого тайзан дээр ил тод, будлиангүй харагдсан.

Сэтгүүлчдийн хуралд төрд алба хашдаг нөхдүүд, бас төрийн яам, агентлагийн хэвлэл мэдээллийн албаныхан нэлээд олон суулаа.  Тэдний нэг, Улаанбаатар хотын ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Сайнбаяр босч нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр Сүхбаатар дүүргийн долдугаар хороололд сэтгүүлчдийн ордон барих газар олгохоор шийдвэрлэсэн тухай мэдээг дуулгахад төлөөлөгчид алга нижигнүүлэв. Амьдрал хайр дээр шиг, МСЭ өөрийн газар дээр тогтох болж байна. “Эздийн амьдрах эрх” төлөвлөгөө үүнтэй холбоотой ч байж мэдэх. Харин араас нь Т.Баасансүрэнгийн “Нээрээ газар өгсөн, барилга барих компани ч тодорхой болсон”, мөн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Заяабатын “Би энэ газрыг авч өгсөн” гэсэн мэдэгдлүүд энэ бэлгийн талаар бяцхан эрэгцүүлэхэд хүргэлээ.

Сэтгүүлчдийн эвлэлд газар хэрэггүй, МСЭ-ийг атгасан тэр байгууллагууд санхүүжүүлээд, эсвэл гишүүдийн татвар , бусад орлогоороо тохирсон байр түрээсэлж аваад явбал дээр гэж хэлбэл сэтгүүлчид (үнэн хэрэгтээ дарга нар нь) намайг бариад идчих биз. Иймээс аливаа байгууллага газартай, тэндээ байр савтай байвал зүгээр гэж хэлэхээс.

Гэхдээ огт мөнгөгүй, саяын хурлаар саналын хуудсаа ч хэвлээд гаргачих компьютер, принтергүй 4-5 цаг хүлээлгэсэн байгууллагад олон тэрбумын газар бэлэглэнэ гэдэг гайхалтай. Нийслэлд газрыг зөвхөн дуудлага худалдаа, эсвэл төсөл сонгон шалгаруулалт нэрээр олгох дүрэмтэй. Хэзээ дуудсан, эсвэл шалгаруулсан бэ? Хэрвээ сэтгүүлчид (үнэндээ сэтгүүлчдийн нэрээр МСЭ) тэр газрыг авбал Улаанбаатар хотын хаалттай, өрсөлдөөнгүй газар олголтын булхайг хүлээн зөвшөөрсөн төдийгүй оролцсон хэрэг бус уу? “Тодорхой болсон” тэр компани МСНЭ-ийн нэрээр газар авч 10, 20 давхар барилга бариад ганц нэг давхрыг нь өгөхөөр тохирсон операци ч байж мэдэх. Хамгийн ноцтой нь долдугаар хорооллын тэр газраас оршин суугчдыг “хөөж” дуусаагүй, иргэд ч газраа өгөхгүй тэмцэлдсээр өдий хүрсэн. Одоо “сэтгүүлчдийн газраас нүү!” гээд дайрах уу? Бас ирэх хавар нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр эндээс УИХ-д нэр дэвшиж энэ үеэр сэтгүүлчдийн ордны барилгын шав тавьж ч магадгүй.

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд | 1 Comment »

Сэтгүүлчдийн жилийн чуулган

Posted by Mongol on 2011/12/06

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн ээлжит их хурал Монголын сэтгүүлчдийн 14-р их хурал нэрийн дор 12-р сарын 10-ны Бямба гаригт болохыг зарлалаа.

2001 онд Монголын сэтгүүлчдийн холбоо (МСХ), Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэл (МЧАСЭ) хоёрыг барилга байшин зэрэг хэдэн том юмаар наймаацан нийлүүлж МСНЭ-ийг байгуулснаас хойш ер өөдөлсөнгүй. Зүгээр л муу ажилласан бол бас яахав, гэтэл Ерөнхий нарийн бичгийн дарга нь МАХН-ын даргын сурталчилгаанд зогсоо зайгүй хүчин зүтгэж, Ерөнхийлөгч нь хэзээ нэгэн цагт сонгуульд нэр дэвшихэд хэрэг болуужин хэмээн нэлээд хэдэн жилийн турш энэ сэтрээр гоёж шоудсан билээ. Тэгээд намаас нь команд өгмөгц “баяртай” ч байхгүй нүүрээ буруулан хаяж оджээ. Удирдлагууд нь сонгууль дөхөхлөөр “фронт”-д дайчлагдаж, харин дуусахлаар эргэн ирж тэврээд хэвтчихдэг нь бүр дүүрч, гагцхүү сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллагын орон зайг эзэлж нэрийг нь барьсан атлаа тэдний эрх ашгийг хамгаалахгүй арав шахам жилийг  алдсан нь харамсмаар. МСНЭ-ийг муу байна гэж сэтгүүлчид энд тэндгүй шүүмжилдэг хэрнээ цуглаад хуралдахаараа дээрх нөхдийн элдэв үгэнд хууртаж, сайндаа л сэтгэлээ онгойтол ярьж аваад бахь байдгаар нь үлдээдэг.

Одоогийн МСНЭ бол үндсэндээ социализмын үеийн зохион байгуулалт юм. Тэгэхэд Монголын сэтгүүлчдийн холбоо нь хэвлэл мэдээллийг бүрэн хамарсан, удирдлага нь сонин сэтгүүлийн эрхлэгч, телевиз, радиогийн дарга нараас бүрддэг, МАХН-аас томилогддог “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч тэргүүлдэг байв. Дарга нараар нь дамжуулан сэтгүүлчдийг удирдан чиглүүлж байсан хэрэг. Тэгвэл хорин жил өнгөрч хэвлэл мэдээллийн салбарт Монголын сонины холбоо, Монголын өдөр тутмын сонинуудын холбоо, Телевизүүдийн холбоо мэтчилэн эздийн байгууллагууд тусдаа гарч эрх ашгаараа ялгарчихаад байхад сэтгүүлчид тусгаар тогтнолоо олоогүй буюу нөгөө л эзэд, дарга, захирлууд буюу тэднийг төлөөлсөн нөхдийн гарын дор явж ирлээ. Өнөөдөр ажилллагсад нь эзэдтэйгээ, хэрвээ төрөөс санхүүждэг бол Засгийн газартай цалин хөлс, нийгмийн асуудлаа ярьдаггүй, гурван талт хэлэлцээр хийдэггүй бараг цорын ганц салбар нь хэвлэл мэдээлэл болон торойжээ. Эзэн, дарга, сэтгүүлч, зохиолч, пиарчин, рекламчин, дээрээс нь улс төрч, нийгмийн зүтгэлтэн гэсэн олон дүрийн аль ашигтайд ээлжлэн хувирсаар байгаад хэн нь мэдэгдэхээ больсон нөхдүүд МСНЭ-ийг гартаа оруулсан.

Өнгөрсөн зун хэсэг сэтгүүлч “Шинэ үе, шинэ сэтгэлгээ” түр хороо байгуулж МСНЭ-ийг шинэчлэхээр хөдөлснөөс хойш  томоохон чуулган зохион байгуулж, бас шүүхдэлцэж амжсан. Явсаар энэ их хуралд тулж ирлээ. МСНЭ-ийн гүйцэтгэх хороо, энэ түр хороо, бас  “Эрүүл сэтгүүл зүйн төлөө” бүлэг (дууриаж, эсвэл сөрөг иргэний хөдөлгөөн шиг гарч ирэв үү?)-ээс хамтран боловсруулж Их хуралд оруулахаар бэлтгэсэн МСНЭ-ийн дүрмийн төслийг үзлээ. Өмнөх дүрмээс зарчмын ялгааг олж чадсангүй. Үндсэн асуудал болсон ажил олгогч, захиалагч эзэд болон сэтгүүлчдийн зааг, харилцах зарчмын талаар юу ч байхгүй, редакцийн бие даасан байдлыг хангах тухайд дурсаад л өнгөрчээ. Дүрмийн эхэнд “МСНЭ нь үйлдвэрчний эвлэлийн чиг баримжаатай байна” гэсэн мөртлөө араас нь “МҮЭ-ийн холбоотой нягт хамтран ажиллаж Хэвлэл мэдээллийн ажилтан, албан хаагчдын салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоог үүсгэн байгуулж хөдөлмөрийн хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ байгуулахад арга зүйн туслалцаа үзүүлнэ” хэмээн өөрөөсөө зайлуулсан заалтууд оржээ. Эздээс илт дөлсөн байна.

Ерөнхийдөө хэвлэл мэдээлэлд хамаатай болгоныг хамж багтаасан байгууллага хэвээр үлдэх бололтой. “Их хуралд МСНЭ-ийн гишүүн болон тухайн хэвлэл мэдээллийн газар ажиллаж буй сэтгүүлч, редактор, гэрэл зургийн сурвалжлагч, баримтад кино бүтээгчид их дээд сургуулийн сэтгүүл зүйн салбарын багш нар, мэргэжлийн судлаач 8 хүн тутмаас их хурлын төлөөлөгч 1 хүнийг сонгоно” гэхчлэн журамласан байна.  Найман хүнтэй байгууллагад эрхлэгч, сэтгүүлч хоёрын хэнийг сонгох бол? Хэрвээ 3,эсвэл 5 хүнтэй редакци байвал яахав? Энэ мэтээр дээрх журам утга муутай учраас Их хуралд оролцохыг маш хүссэн хүмүүс элдэв арга заль зохиож байж л “сонгогдож” чадна.

Эзэд нь сэтгүүлчдээ бүрэн мэдэж бараг албат болгосон харагддаг жишээ бол Монголын сонины холбоо юм. “Өглөөний сонин”, “Хүмүүс”, Хүмүүсийн амьдрал”, “Сэрүүлэг”, “Монголчуудын амьдрал” зэрэг сонины төрд ажилладаг, сонгууль болохлоор МАН (МАХН-аас)-аас нэр дэвшдэг нөхдүүд өөрсдийн эзэмшдэг хэвлэл мэдээллийн сэтгүүлчдэд зориулсан Монголын чөлөөт сэтгүүлчдийн холбоог байгуулж өгөөд хашчихсан байгаа.

Сэтгүүлчдийн байгууллага бол юуны өмнө сэтгүүлчдийнх байх ёстой. Тэр тусмаа хувь сэтгүүлчийнх. Тэрбээр хаана, хэний дор ажилладаг, эсвэл ажилладаггүй, ямар нэгэн салбар, клубт хамрагддаг эсэхээс үл хамааран дүрмийн шаардлагыг хангаж л байгаа бол чөлөөтэй элсэх, тэгээд сонгох сонгогдох, үүний тулд их хуралд оролцох эрхтэй. Гэтэл дүрмэнд “Их Хурлын төлөөлөгчдийг хот, хөдөөгийн сэтгүүлчдийн анхан шатны салбар зөвлөл, Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн дэргэдэх клуб, бүлгийн хурлаас сонгоно” гэсэн нь сэтгүүлчдийг бөөнддөг нөгөө л арга юм. Сэтгүүлч эрх чөлөөтэй байх нь ядахдаа өөрийгөө мэддэг, бас  төлөөлдөг байхаас эхэлнэ. Монгол улс хэтэрхий олон сэтгүүлчтэй учраас багталцахгүй энэ тэр гэх биз. Мянган хүн чуулж яагаад болохгүй гэж? (Үнэн хэрэгтээ хэдэн зуугаас илүү оролцохгүй). Ийм хурлыг ягштал зохион байгуулах нь менежментийн тусдаа асуудал юм.

Харин МСНЭ-ийн дарга нарын тоог нэмэгдүүлж Ерөнхийлөгч, тэргүүн дэд Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга гээд олон сайхан даргатай байхаар дүрмийн төсөлд тусгажээ. Сонирхолтой  хурал болох байх.

Их хурлаар МСНЭ-ийн дүрмийн төслийг хэлэлцэж батлана. Гэхдээ Монголын сэтгүүлчдийн байгууллага ямар байх ёстойг хэн ч төгс мэдэхгүй. Энэ удаад бүрэн шийдэл, хариулт олдохгүй ч байж болзошгүй. Иймээс МСНЭ-ийн Их хурлыг өмнөх жаран жилийнх шиг 4 жилд ганцхан удаа биш, харин жил тутам бүх сэтгүүлчдийн чуулган хэлбэрээр хийдэг байх нь зүйтэй санагдана. Тэгвэл одоо батлах дүрмээ нэг жил “туршаад” ирэх онд засаж сайжруулах боломж нээгдэнэ. Цаашдаа тулгамдсан, тулгарсан асуудлыг хэдэн жилээр хүлээлгэхгүй, шуурхай шийдвэрлэдэг болно. Шинээр сонгогдсон удирдлагад хугацаа олгох ёстой ч нэг жил гэдэг бол юу хийж буйгаа харуулахад хангалттай. Хэрвээ ажил сайн яваа бол үргэлжлүүлнэ, үгүй бол солигдоно. Дөрвөн жилээр гарчихаад олигтой юм хийхгүй мөнхөрдөг, тэгээд бусдыг төдийгүй өөрийгөө залхаадаг байж таарахгүй. 23 хүнтэй байхаар төсөлд тусгасан Гүйцэтгэх хороонд ч хамаатай асуудал юм.

Улс орон, нийгэм, технологи, үйл явц асар түргэн өрнөж байхад сэтгүүлчдийн байгууллага хуучны намын их хурал юмуу одоогийн сонгуулийн мөчлөг бараадан гэлдрэх албагүй төдийгүй ёсгүй.

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд | Leave a Comment »

“Хүрээ” хувьчлалын “сод” хувилбар

Posted by Mongol on 2011/12/05

Бямба гаригт олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр “Монгол Улсын Засгийн газар энэ жилийг бизнесийн орчныг шинэчлэх жил болгон зарласны хариуд бизнес эрхлэгчид нийгмийн сайн сайхны төлөө эрүүл бизнесийг цэцэглүүлэхээр нийгмийг уриалж байна” гэж хоёр талд зэрэг нялуурсан оршилтойгоор Мэдээллийн технологийн үндэсний паркийн байранд “Өргөө синема” кинотеатр, тоглоомын төв нээгдсэн тухай захиалгатай сурвалжлага үзүүллээ. Гагцхүү эрүүл бизнес эрхлэгчид нь ардын жүжигчин Мэндбаярын (кино үзэх сайхан тухай ярив) цаагуур орчихоод огт цухуйгаагүй юм. Бусад телевизүүд ч төстэй сурвалжлага үзүүлжээ.   

Сонинууд телевизүүдийг бодвол арай шударга. Өнгөрсөн зун Мэдээллийн технологийн үндэсний паркийн хурлын заал, үзэсгэлэнгийн танхим хоёрыг ямар ч тайлбар, өдөр сударгүйгээр гэнэт хаагаад засварлаж эхэлснийг анх “Өдрийн шуудан” анзаарч Ц.Анандбазар захиралтай “Сод Монгол” компанитай холбоотойг илчилсэн санагдана. Харин “Өнөөдөр” сонин саяхны нэг дугаарын тэргүүн нүүрнээс эхэлсэн томоос том сурвалжлагад энэ явдлыг улаан, цагаан дээрэм гэж нэрлээд МТҮП-ийн гүйцэтгэх захирал Ё.Сүхбаатартай ярилцаж төсвийн байгууллага учраас байр саваа түрээслүүлэхээс өөр аргагүй талаар баахан гомдоллуулж төгсгөсөн байлаа. 

Төр өөрт нь хариуцуулсан энэ барилгын (зөвхөн байршил нь олон тэрбумаар үнэлэгдэх биз) тэн хагасыг тавиад туучихсан даргын яриа хачин санагдаж хэн болохыг нь хальт сураглав. УИХ-гишүүн Э.Мөнх-Очир нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга байхдаа дороо авч ажиллуулсан, хотын ерөнхий менежерээр дэвшихдээ үүрэг гүйцэтгэгчээр үлдээж байсан чин үнэнч нөхөр ажээ. Харин сонгуулийн дараа гэнэтхэн Монголд өөр олдоогүй цорын ганц мэдээллийн технологийн менежерээр тодруулж энэ суудалд тавьжээ. Одоо Мөнх-Очир, Анандбазар нар ямар холбоотойг бага сага мэддэг хүнд энэхүү өнгөт дээрмийн учир начир зах зухаасаа тодрох биз. Эртнээс бодож боловсруулсан операци. Эхлээд хүнээ чимээгүйхэн аваачиж тавьсан. Тэр нь “Сод Монгол”-той сэмээрхэн гэрээ байгуулсан. Цаадах нь арай эрт даварч нэг ам.метр талбайг дөнгөж 5000 төгрөгөөр түрээсэлснээ ч төлөхгүй эрхэлсэн. Шүүхдэлцэж жүжиглэсэн нь хожим “Аймаар юм болсон. Үзэлцээд үзэлцээд бараагүй” гэж хэлэхийн тулд.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Анандбазарын “Сод Монгол” компанийн дээрэм зөвхөн МТҮП-аар хязгаарлагдахгүй. Өнгөрсөн зун нийслэлийн өмчид байдаг Соёлын төв өргөөний нэгээхэн хэсгийг хувьчилж аваад засварлаж эргэн тойрны дундын болон нийтийн эзэмшлийн газрыг хашаалж авсан учрыг сонирхоход “өрөндөө авсан” гэв. (Юун сонгон шалгаруулалт, өрсөлдөөн?!)

“Сод Монгол” компани МТҮП-ын тэр хэсгийг бас л өрөндөө авч таарна. Ганц, хоёр жилийн дараа “Өргөө синема”-г байгуулсан хөрөнгө зардлаа хэдэн зуун саяар үнэлж нэхэхэд Ё.Сүхбаатар дарга “манайх төсвийн байгууллага учраас арга алга” хэмээн гоншигноход бэлэн суугаа. Эсвэл амжаад бултчихсан байна. Ингээд МТҮП-ийн барилгын хагас “Сод Монгол”-ын өмч болно. Дараа нь давуу эрх ярьж үлдсэн хэсэгт ч санаархаж мэднэ. Мартсанаас, III,IV хороолол дахь том “Өргөө” кино театрыг “Сод Монгол” хэзээ, ямар тендерээр, хэнтэй өрсөлдөөд хувьчлаад авчихсан юм бол?

Энэ бүхэн бол нийслэлийн экс Засаг дарга М.Энхболдын эхлүүлсэн “хүрээ” маягийн хувьчлалын үргэлжлэл юм. Ерөнхийдөө нийтэд зарлахгүй, өрсөлдүүлэхгүйгээр хотын өмчид хэн нэгний хөрөнгийг оруулж хувь эзэмшүүлээд сэмээрхэн хувьчилж өгөх арга юм. М.Энхболдын үед “Тэнгис” кинотеатрт солонгосчууд засвар хийгээд л 80 хувийг эзэмшдэг болжээ. Барилга, бас доорхи газар хоёроос дутахгүй өртөгтэй засвар гэж байх уу? Тэгвэл Төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүрийн зун М.Энхболд тэргүүтэй баяр наадмын комисс улсын төсвөөс мөнгө гаргуулж засвар хийлгэдэг атал 51 хувь нь хувьчлагдсан төдийгүй нийслэлийн эзэмшдэг хувь огт нэмэгддэггүйн нууцыг тэр л мэднэ. “Улаанбаатар” банк, “Улаанбаатар даатгал”-ыг бас л М.Энхболдын үед иймэрхүүгээр хувьчилсан нь хожим мэдэгджээ. “Ард”, “Од” кино театрууд ч ялгаагүй.  

М.Энхболдын “хүрээ” хувьчлалын нарийн ухаан, ул мөр үлдээдэггүй нь хотын дараачийн эрх мэдэлтнүүдэд гүн сэтгэгдэл төрүүлж бахархан дууриасан юм. Одоо ид шуугиж байгаа “Өргөө” зочид буудалд “Хар дун” нэртэй компани хөрөнгө оруулахаар амлангуут  75 хувийг өгчихсөн нь Нямдорж сайдын ачаар саяхан ил болсон билээ.  

Саяхан болтол нийслэл хот өөрийн өмчийн UBS телевиз, “Улаанбаатар” радио, бас “Улаанбаатар таймс” сонинтой байсан. Аливаа хэвлэл мэдээллийн хувьд бурууд нүд хурц байж, тэр тусмаа хотын өмч хөрөнгийг идүүлж уулгахгүй “хүүе хайя” хэмээн дуугарч байх үүрэгтэй ч цаадуул нь арван хэдэн жил тэжээж таргалуулсан төдийгүй бөөн өмч хөрөнгө тасалж өгөөд “хүрээ” маягаар учрыг нь олсон билээ. Харин “Улаанбаатар таймс”  сонинд буюу цаана нь байсан нөхдүүдэд хэвлэх үйлдвэрийн барилгыг хотын төвийн газартай нь хамт залгиулахыг оролдож хэтэрхий шунасан тул цаадуул хахаж цацаад  баригдчихав.  

Харин Соёлын төв өргөөг арай өөрөөр, энд тэндээс нь таслан хувьчилж эхлэв бололтой. Нийслэлийн өмч хувьчлал “сод” хувилбараар үргэлжилж байна.

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | Leave a Comment »

Улс төрчид юуг нууж байна, тэр нь тэдний жинхэнэ нүүр царай

Posted by Mongol on 2011/11/08

Дээрхэн “Шууд” телевизээр урт нэртэй хуулийн зөв бурууг шүүсэн хэлэлцүүлэг болж түүнд оролцсон УИХ-ын гишүүн Кёкүшюзан Батбаяр гол усны эхэнд алт ухдаг компаниудыг өмөөрч өгч байлаа. Сэтгүүлч залуугийн эгдүү хүрч,

– Та уурхайтай юу?

– Надад уурхай байхгүй гэж түс тас хариулаад үргэлжлүүлэн өмөөрсөн эрхэм гишүүн маань сонирхлын зөрчилгүй тул компанийн захирлууд ба иргэдийн хөдөлгөөнүүдийн хажууд зөвхөн үнэн зөвийг хэлсэн ганц хүн болж гялалзлаа.  

Тэрбээр газар төнхөж шороо овоолсон уурхайгүй гэж яах аргагүй үнэнээ хэлжээ. Харин өөрийн мэдлийн хэд хэдэн компанийн нэрээр ашигт малтмалын лицензүүд, түүний дотор Дархан-Уул аймагт алт олборлох лиценз аваад хадгалсан өөр үнэнээ нууж чадав. Асуугаагүй юм чинь. Хэрвээ урт нэртэй хууль бүтэлгүйтвэл кёкүшюзаны уурхай шууд нээгдэнэ. Худлаа хэлээгүй. Цэв цэвэрхэн.

Энэ болон бусад сэтгүүлчдийн оновчгүй асуултуудаар дасгал сургууль хийсээр байгаад Кёкүшюзаны амны фигур маш гоё болсон байна. Тун саяхан УИХ-ын ажлын хэсэгт багтаж Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутгаар явахдаа нинжа нарын фонон дээр “энийг ашиглаж энэ компаниудыг ингээд хөөгөөд гаргачих юм бол бид найрын ширээний нэг ёсондоо л ууц гэсэн үг, нэг ёсондоо бид нар ах дүү төрөл саднаараа бүгд нүүгээд бүгд улсаасаа юм гуйхгүй бүгдээрээ л нинжа болчихмоор байна, ихэнх нь тэгээд ингээд бас ингээд яриад хүмүүсээс асуухлаар бүгдээрээ л нинжа болох сонирхолтой ямар ч нөхөн сэргээлт байхгүй хэдэн газар газрууд үлдээд,  орон нутагт нь ямар нэгэн тийм үлдсэн юм байхгүй, энийг бас өнөөдөр энэ дээр нь ирээд бас яг ингээд нүдээр харахад ойлгож байна” (үг үсэггүй сийрүүлэв) гэсэн ярилцлага өгснийг “25-р суваг” үзүүллээ. Батлагдсан хуулийг сахиулах үүрэгтэй гишүүн өөрөө эсрэг аашилж, бас даапаалж зогсоог ойлгоогүй сэтгүүлч “эрхэм гишүүн хуулийг цаг алдалгүй хэрэгжүүлэх  ёстой гэж үзэж байна” хэмээн даган баясав.

Уг нь хөдөөнөөс биш нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон эрхэм гишүүн 2008 оны сонгуульд нэр дэвшихдээ 10 мянган залууг Япон явуулах гэсэн юм, та нар явахгүй биз хэмээн ажилгүйчүүдийг ангалзуулж байгаад сонгогдсоныг NBS саяхан сөхсөн юм. Гэтэл хэдхэн хоноод хэвлэл мэдээллийн шүүмжлэлийн мөрөөр гайхалтай түргэн арга хэмжээ авч “УИХ-ын гишүүн Батбаяр амалсан ёсоороо Японд явуулж эхэллээ” гэсэн бахдмаар оршилтой сурвалжлага гаргахыг харваас 4-р цахилгаан станцын цехийн дарга, инженер нарын 6 хүнийг мэргэжлээр нь Япон руу хэдэн сар туршлага судлуулахаар үдэж өгч байлаа. Яахав, тэднийг СХД-ийн иргэдэд тооцвол (IV цахилгаан станц тус дүүрэгт байрладаг) зургаа хасагдаж одоо дөнгөж 9994-г явуулах үлджээ. Кёкүшюзанд юухан байхав, дахиад хэдэн төлбөртэй сурвалжлага үзүүлээд “явуулаад л байгаа ш дээ” гэж ярьж зогсох биз. Худлаа яриагүй.

Зарим сонин ирээдүйн ерөнхийлөгчийг хүмүүжүүлэхээр амалсан байдаг. Даанч манай хэвлэл мэдээлэл бүхэлдээ маргаашийн байтугай өчигдрийн ерөнхийлөгч, өнөөдрийн гишүүд, сайд, жижиг даргыг ч барахгүй байна. Яагаад гэвэл онож асуудаггүй буюу яг хариултыг нэхэж чаддаггүй. Сонины олон нүүрийг задартал чигждэг, гуч дөчин суваг солиод эргэж ирэхэд чалчиж л суудаг урт ярилцлагуудад эрхэм улс төрчийн амьдралын зам, суут ухаан, гэхдээ түүнийгээ огт хүлээн зөвшөөрдөггүй даруу зан, монгол хүн юм чинь морь уяхаас өөр аргагүй, хөл дүүжлэх хэдэн ямбий жиптэй, ирэх сонгуульд дэвшинэ гэхээс уур хүрдэг ч нам нь дэвшүүлчихвэл … бүгд багтдаг. Харин хөрөнгө орлогоо нуусан, тендерийн будлианд нэр нь цохиж яваа тухайд тэмээ унаад явахлаар нохой хуцаад байх юм, хэн гэдгийг мэднэ, гэхдээ нэрийг хэлээд яахав, монголын төр өөртөө зүтгэсэн хүнд халтай, одоо ямар 37 он биш, эр хүн алдаж онодог гэх мэтчилэн түүх, гүн ухаанаар оргилж төгсдөг.

Улс төрчид юуг нууж байна, тэр нь тэдний жинхэнэ нүүр царай юм. Сэтгүүлчид зөвхөн асууж хэлүүлж чадахгүй байгаа бол дүүрсэн хэрэг. Харин улс төрчдийн харлаж бохирдсон нүүр царайг хамгийн сайн цайруулагч, найзлаад, тохироод, төлөөд, гэрээлээд ашигладаг тийм хүмүүс болж хувирдаг нь харамсалтай. Юун хоточ нохой. Манай сэтгүүлчид улс төрчдийг маш буруу хүмүүжүүлж байна. 

Монголчууд, дагаад (эсвэл дагуулаад) монголын сэтгүүлчид дэндүү том жаалдаг. Дандаа агууг хүснэ. Төрийн ордноос гадагш,  геополитикээс ойр, бодлогоос доош, улс төрөөс жижиг юмыг тоохгүй. Тоосон ч гүйцээдэггүй. “Нарийн ширийнд нь чөтгөр бий” гэж барууныхан ярьдаг.  Тэнд ямар нэгэн улс төрчийн “но” цухалзангуут сэтгүүлчид очоод шавчихдаг бөгөөд салахгүй. 

Тэгвэл саяхан манай хэвлэл мэдээллийг хүлээж ядаад цөхөрсөн мэт Н.Энхбаяр Ц.Нямдорж хоёр бие биенийхээ баримтыг өөрсдийн биеэр дэлгэж тавилаа. Зөвхөн үүний дараа экс Ерөнхийлөгчийн TV9 телевизийн сэтгүүлчид Ц.Нямдоржийн түрээсийн байр болон хүүхдүүдийн хаусыг хайж олоод өнгө будагтайгаар үзүүлж тайлбарлав. Харин Н.Энхбаярын баримтын (хэвлэх үйлдвэр, “Өргөө” зочид буудал гэх мэт) хойноос тэгэж явах телевиз алга. Нээрээ нэг сэтгүүлч зүрхэлж асуугаад “Чи мэргэжлээ ашиглаад эрэн сурвалжлахгүй юу” гэж амаа таглуулсан гэнэ.

Бямба гаригт Н.Энхбаяр дахиад өрслөө. Нямдоржийн эхэлснийг хуулийнхан (гэхдээ хэвлэл мэдээлэл биш) үргэлжлүүлж болзошгүй тул “Өргөө” зочид буудалд их хэмжээний хөрөнгө оруулсан нь үнэн,  гэхдээ хувьчилж аваагүй, зөвхөн хувьчлагдах шатандаа яваа гэсэн гайхалтай тайлбарыг TV9-өөр хийлгэв.  Хувьчилж аваагүй байж нийслэлийн өмчид бөөн мөнгө оруулдаг буян хишиг дэлгэрсэн сайхан эрхэм! Гэхдээ дөрвөн жилийн өмнө энэ буудлыг дэндүү хямдхан хувьчилсан, бас зургаан жилийн өмнө хэвлэх үйлдвэрийн барилгыг Ерөнхийлөгч авчихлаа гэж шуугихад сэтгүүлчид асуусан, яг хариултаа нэхэж чадсан бол энэ хүнийг эртхэн хүмүүжүүлж, Ц.Нямдоржийн савраас ч аврах байсан. Бас Нямдоржийг өөрийг нь хүмүүжүүлж чадалгүй алдчихсан нь сая тодорхой боллоо. Пин, хаус хоёрыг мэдэн будлиад л …

2008 оны УИХ-ын сонгуулиар яасан билээ? АН 1,5 сая, МАХН 1 сая төгрөгийг амлахад иргэд сонгуулийн маргааш өглөө эрт,  бэлэн тоолж өгнө, жил болгон… гэх мэтээр баярлан угтсан. (Одоо бол ирэх 2012 оны сонгуулийн урьд өдөр өгч дуусгана гэж байгаа). Чухам алин болохыг ганц ч сэтгүүлч асуух сөхөөгүй сурталчилгаанд гүйж явжээ. Манай төр тэр сонгуулийн дараа 5 хүнийг буудаж алсан буруутныг тогтоож чадалгүй дараачийн сонгуультай золгоход бид яаж ч чадахгүй байна. 

Монголд эрхбиш чөлөөт хэвлэл мэдээлэл байгаа болохоор эгзэгтэй баримт мэдээлэл (эсвэл түүний сэжүүр)  дэлгэгддэг атал сэтгүүлчид маань ухаж төнхөхгүй, тэгэсхийгээд орхидог хэвээрээ. “Монгол” нэртэй телевизийн ярилцлагын үеэр МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатараас “Тусгаар тогтнолын ордон”-д хэн хэн хандив өргөснийг асуухад “Нуугаад байх юм байхгүй” гэж тун цовоо эхэлж 14 тэрбумын есийг улсын төсвөөс авснаа хэлээд зогсоход хөтлөгч дагаад зогслоо. Тэгснээ намын бодлого, мөрийн хөтөлбөр асууж хамтдаа тэнээд явчихав. “Монголын алт” буюу МАК 1 тэрбум, MCS-ээс 1 тэрбум, УИХ-ын гишүүн Чойжилсүрэнгийн “Хурд”  компани 1 турбум, араас нь Дамба-Очирын “Очир төв” … гээд урсгахгүй байсан ч хамаагүй нэхэх байсан юм. 

Факт, факт, факт. Ганцхан сум гэдэг шиг заримдаа ганц факт хангалттай байдаг. Холдох тусам тайлбар, сэтгэгдэл, бодол, бодлогширол болоод явчихна. Байгаль орчныг олз ашгийн төлөө улайрал, цэвдэг сэтгэл, хариуцлагагүй явдал энэ тэр биш, тов тодорхой овог, нэр зүүсэн компанийн захирал, нинжа нар сүйтгэдэг.  Авлигыг хүний шунал, арын хаалга, хуулийн цоорхой биш бас л овог, нэртэй албан тушаалтан, хүмүүс өгч авалцдаг. Гэтэл байгаль орчин аймаар бохирдож байна, авлига хавтгайрлаа, өмнөх сонгууль шударга биш болжээ (хэн яаж нотолсон юм бэ?) гэх мэт хаа нэгтээ сонссон мундаг “факт”-уудыг тойрч бясалгасан, сэтгүүл зүйн наад захын хэн, юу, хэзээ, хаана, яагаад, яаж гэдэгт хариулахын оронд эцэс төгсгөлгүй бодлого, арга хэмжээ, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгтэй,  шаардлагатай, цаг нь болсон тухай том том юм яриад газарт бууж чаддаггүй хов хоосон нийтлэл, нэвтрүүлгүүд пиг дүүрэн.

Факт талаасаа сонинууд хамаагүй илүү, гэхдээ иргэдийн олонхи зөвхөн телевизор үздэг.

Posted in + СЭТГҮҮЛ ЗҮЙ, НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛЭГ, Сэтгүүл зүй, Улс төр, эдийн засаг | 1 Comment »

Шударга телевизийн ноцтой алдаа

Posted by Mongol on 2011/11/06

Экс ерөнхийлөгч Н.Энхбаярын телевиз гэж “Өдрийн сонин”-д бичүүлснийхээ хариуг барьж TV9 тус телевиз дараах тайлбарыг нэвтрүүллээ.

“….”Өдрийн сонин” бол хуучнаар парламентын үйл ажиллагааг сурталчилдаг байсан “Ардын эрх” сонин. . Энэ сонинг 1996 онд өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж хувьчилж авснаар  “Өдрийн сонин” нэртэй хэвлэгдэн гарч байна. Ардчилсан намын эрх ашгийг хамгаалдаг. Ерөнхийлөгч Элбэгдоржийг дээрх хувьчлал хийж байхад буюу 1996 онд Засгийн газрын үйл ажиллагааг “Засгийн газрын мэдээ” сонин сурталчилдаг байлаа. Хоёр намын тохироо ёсоор Ардчилсан Нам “Ардын эрх” сонинг авсан бол тухайн үед МАХН-ын дарга асан Энхбаяр “Засгийн газрын мэдээ” сонинг хувьчилж авсан юм. Эдүгээ тус сонин “Зууны мэдээ” нэртэйгээр хэвлэгдэн гарч байна”.  

Маш сонирхолтой,  гэхдээ тун ноцтой алдаа гаргасан тайлбар болжээ. Нэгдүгээрт, тэр хувьчлал гээд байгаа үйл явдал 1996 биш, 1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гарсны дараа жил болсон. Хоёрдугаарт, дээрх хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын 103 дугаар тогтоол гаргаж “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сониныг 1999 оны 1-р сарын 1-ны өдрөөс татан буулгасан юм. Төрийн эрх мэдэл, татвар төлөгчдийн мөнгөөр бий болгосон “капитал”-ыг хувь хүмүүст ашиглуулахгүй, өдөр тутмын сонины зах зээлд шударга өрсөлдөөнийг хангахын тулд ингэжээ. Нэгэнт татан буулгасан тул хувьчлах тухай яриа байхгүй. Үүнийг давхар баталгаажуулж нэрсийг нь 5 жилийн хугацаанд дахин ашиглахгүй байхаар заасан.  Гэтэл хоёр нам хуйвалдаж хувьчилж авсныг TV9 илчилж орхилоо. Тэр үеийн Төрийн өмчийн хорооноос зохион байгуулж хоёр сониноос үлдсэн өмч хөрөнгө, байрыг “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” нэртэй хувьцаат компани болгож холион бантан хутгаад (хуулийг даапаалсан байгаа биз) хуучин хамт олонд нь давуу эрх нэрээр өгч тусалсан юм. 

Сүүлийн хэдэн жил шударгаараа зүй ёсоор гайхагдах болсон TV9 телевиз гэнэ алдаж бас нэгэн шударга эрхмийг хэвлэх үйлдвэр, “Өргөө” зочид буудал” дээр нэмээд гуравдахь хэрэгт оруулж Ц.Нямдорж гэдэг өөр нэг шударгын аманд хийчихвэл яана гэж бодтол санаа зовох хэрэггүйг ойлголоо. Тэр хувьчлал гээчийн хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийнэ өнгөрсөн.

Posted in "Зууны мэдээ" сонин, Улс төр, эдийн засаг, TV9 телевиз | 1 Comment »

“Манайд бөхийн чөлөөт барилдаан амжилттай хөгжиж байна”

Posted by Mongol on 2011/11/05

Монголчууд шуудангийн хаягаа эхлээд улс, дараа нь хот, аймаг, араас нь ажлын газар, эсвэл шуудангийн хайрцаг, хамгийн эцэст нэрээ бичдэг бол гаднаас ирсэн захианд эсрэгээрээ байдаг нь бидний буруу зөвийг биш юмаа гэхэд ерөнхийгөөс дотогш задалж явдаг тэр сэтгэлгээг харуулсан жишээ юм. Бас орос, зөвлөлтийг дагасан тал байдаг. Ж.Барамсайн шог өгүүллэгт Спортын төв ордноос шууд нэвтрүүлэг хөтөлж байгаа тайлбарлагч өмнөө харж байгаа барилдааны явц, бөхчүүдийн мэх, нуман тулгуур, онооны тухай яриагаа минут тутамд орхиж “Манай улсад бөхийн чөлөөт барилдаан амжилттай хөгжиж байна” гэж хэлдэг. Заавал том юм хэлж байж санаа амардаг, бас таашаал авдаг байсан хэрэг.

Posted in Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | Leave a Comment »

“Тог таслах хуваарь”

Posted by Mongol on 2011/11/04

1991 онд би “Үнэн” сонинд ажиллаж байлаа.  Нүдний өмнө социализм нуран унаж дэлгүүрийн лангуу хоосроод зогсохгүй оройн цагаар нийслэлийн энд тэнд цахилгааныг гэнэтхэн тасалчихдаг болов. Сонинууд уншигчдын гомдолд дарагдаж хариуд нь эрчим хүчнийхэн “нүүрс, вагон, сэлбэг …. “ гэх мэтчилэн учирлаж бөөн юм болдогсон. Оройн ачаалал оргилдоо хүрч цахилгаан станцын хүчин чадал дутагдаж эхэлмэгц диспетчерийн албаныхан “за тэгвэл 11-р хорооллыг жаахан таслахад бараг таарна” гээд шийддэг байсан болов уу.

Өөр аргагүй юм бол оройдоо хэр хүчин чадал дутахыг тооцоолж тэр хэмжээгээр хорооллуудын цахилгааныг ээлжлэн таслах хуваарь гаргаад түүнийгээ сониноор дамжуулаад зарлачихвал хөдөлмөрчид ажил амьдралаа зохицуулах учраас гомдол ч багасна гэж бодоод эрчим хүчнийхэнд утасдаж саналаа хэлсэн юм. Нээрээ хэд хоногийн дараа “Цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх хуваарь” гаргаад ирүүлснийг шинэ дугаартаа оруулж билээ. Удалгүй бусад сонинууд телевизийн мэдээтэй зэрэгцүүлэн нийтэлдэг болсон.

Яг хоолоо хийж байхад гэнэдүүлж хоёр цаг тасалснаас урьдчилж хэлээд гурван цаг тасалсан нь хамаагүй дээр санагдаж билээ. 

Юм тодорхойгүй байх хэцүү.

Posted in Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | 2 Comments »

Баримтаар илчлэхүй

Posted by Mongol on 2011/11/02

TV9 телевизийн хөтөлбөрт өмнөх ням гаригийн хамгийн оргил цаг – 22:15-аас гэж зарласан мөртлөө гэнэтхэн урагшлуулж (харин суларсан цагт нь “Жаст” ХХК-ийн захиалгат нэвтрүүлгийг үзүүлэв) өдрийн 16 цагаас гаргасан “Дотроосоо хийсэн ажлууд буюу Insider-уудын хэрэг” (англи нэр нь Inside Job. 2010 онд бүтээсэн) баримтат кинонд АНУ-ын санхүүгийн зах зээл дэх луйврыг дэглгэжээ. Саяын хямралаар AIG, Goldman Sachs,Morgan Stanley, Lehman Brothers, бас Moody’s, Standard & Poor’s, Pitch-ийн үйлчлүүлэгчид, орон сууц худалдан авагчид, хөрөнгө оруулагчид сүйрч байхад тэдгээрийн захирлуудыг хэдэн арван саяын шагнал авсан, үнэт цаас, хувьцаагаа яаж амжиж худалдсан, хичнээн саяын нөхөн олговортойгоор ажлаа өгсөн, амжиж хаана хэдэн хаус, онгоц худалдан авч тансагласан баримт нотолгоогоор илчилсэн байлаа.

Гэхдээ энэ бүхэн америкийн конгрессийн гишүүдийн зохион байгуулсан сонсгол дээр ил болжээ. Тэнд хувийн компанийн захирлууд, санхүүгийн аваргуудыг дуудаж байцаахад цаадуул нь баримтын өмнө ээлж дараалан шалчийж байлаа. Юун нэр төр, тайлбар, “зовлон” … Конгрессийн гишүүд зөвхөн баримт асууж зөвхөн баримтаар хариулахыг шаардаж хариултаа авч чадахыг харлаа. Бусдыг хэвлэл мэдээлэл гүйцээжээ. Тэндхийн улс төрийн соёл худлаа ярихыг тэвчдэггүй. 1990-ээд оны сүүлчээр ерөнхийлөгч АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтоныг Моника гэж хүүхэнтэй орооцолдлоо гэж биш, харин орооцолдоогүй гэж худлаа хэлснийх нь төлөө  импичментээр унагах шахсан гэдэг. Энэ баримтат киног үзээд тийм гэдэгт итгэлээ.

Posted in Улс төр, эдийн засаг, TV9 телевиз | Leave a Comment »

Ам барьдаг гэрээнүүд

Posted by Mongol on 2011/10/25

2011 оны 6-р сарын 9-нд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн нэр дээр Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг, Г.Баярсайхан, Л.Гүндалай нарын долоон гишүүн гарын үсгээ зурж урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх асуудлаар хүсэлт тавьсан албан бичигт хэвлэл мэдээлэлтэй холбоотой нэг санаа оржээ.

“… Уул уурхайн нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй эрэл, хайгуул, олборлолтыг дагаад Монгол улсад нүүрлээд буй байгаль, экологийн сүйрэл, нөхөн сэргээлтийн ажил нь яригдах сэдвээс давж бодит ажил хэрэг болж хэрэгжихгүй байна. Уг асуудлыг эрх зүйн аргаар шийдвэрлэх нэг гарц болсон “Гол мөрний урсац, бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн хэрэгжилтийг саармагжуулах, улмаар энэ хуулийг хүчингүй болгох элдэв санаа, сэдэл газар авч байгааг УИХ анхааралдаа авах цаг болсон байна. Ялангуяа сүүлийн үед гадны томоохон хөрөнгө оруулагчид бидний дөрөв дэхь засаглал хэмээн итгэдэг хэвлэл мэдээлэлийг мөнгөөр боймлож, ард иргэдийг үнэн зөв мэдээлэлээр хангах үүргээс нь хазайлгах оролдлого ил тод хийх болсон нь үндэсний эрх ашигт сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч байна… Гаднын томоохон хөрөнгө оруулагчдын зүгээс хэвлэл, мэдээллийн эрх чөлөөнд нөлөөлөх оролдлого хийж буй эсэх асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос төр, засгийн холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг томилж, шалгуулан УИХ-д танилцуулах зэрэг асуудлаар УИХ-аас хаврын чуулганы хугацаанд багтаан холбогдох шийдвэрүүд гаргах ажлыг цаг алдалгүй зохион байгуулж өгөхийг Танаас хүсье” гэжээ.

“Бороо гоулд” зэрэг хүчтэй компаниуд томоохон телевиз, сонинуудтай  хамтран ажиллах гэрээ байгуулахдаа тухайн компанийн талаар сөрөг мэдээлэл ирвэл тэднээс бодит мэдээллийг авч тодруулж байж нэвтрүүлэх буюу нийтэлнэ гэсэн заалт оруулаад амаа бариулчихдаг. Зарим хэвлэлд хандахад “Бид Оюутолгой, Бороо гоулдтай гэрээ байгуулсан учраас тантай ярилцлага хийхэд түвэгтэй байна” гэж татгалзсан талаар Ц.Даваасүрэн гишүүн ярьсан байдаг.

Одоо дөрвөн сар өнгөрөхөд ажлын хэсэг байгуулаагүй байна. Арай УИХ-тай “хамтран ажиллах” гэрээ байгуулаагүй байлтай.

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар", Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

УДБЭТ-ийг нам болгоно

Posted by Mongol on 2011/10/22

Ардчиллын ордны барилгын ажил эхлэх гэтэл Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрынхан элдэв саад тотгор учруулж (“ардчиллын эсрэг нөхдүүд биш биз?”) байгаа талаар сонинууд бичжээ. Ардын нам 14 давхар Тусгаар тогтнолын ордонгоо сүндэрлүүлж дуусаад өнөө маргаашгүй нээх гэж байхад орох оронгүй шахам хоцорсон ардчилсан намынхныг өрөвдөж хайрлах хэрэгтэй ч тэр 20 давхар босвол Азид бараг цорын ганц энэ театр ингэж харагдана. Монголын 20-р зууны уран барилга, соёл, түүхийн сүүлчийн хэдэн дурсгалын хамгийн сонгодог нь ийнхүү хоёр дахь удаагаа навтайж гурван талаасаа хашигдахад бэлэн боллоо. (Цаанаас хаасан МАН-ын ордон зурган дээр гараагүй)

Яг одоо Монголын архитекторуудын эвлэлийн 55 жилийн арга хэмжээ нөгөө нэг сонгодог буюу Улсын драмын эрдмийн театрт үргэлжилж байна. Нийслэлийн уран барилга, түүхт талбай, тэр тусмаа театрыг ингэж доромжлохыг харсаар байгаад тэвчээр барагдсан мэргэжлийн хүмүүс нэг цугласных “Нийслэлийн нүүр царайг аврая” мэтийн лоозон барьж Сүхбаатарын талбай руу жагсаалаараа очих болов уу гэтэл найрлаад дуусах гэнэ. Тус эвлэлийн Ерөнхийлөгч нь нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга, ерөнхий архитекторч Э.Хүрэлбаатар буюу Улаанбаатарт шинээр баригдах бүх барилгын зөвшөөрөлд гарын үсэг зурдаг нөхөр өөрөө. Монголын архитекторууд түүний гарт атгаастай.

УДБЭТ-ынхан бууж өгөхөөс өөр яахав. Урдаас мөнгө, хойноос эрх мэдэл хоёр нийлж дундаа хийгээд ёроолдоо хаях нь тов тодорхой.

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | 3 Comments »

Улаанбаатарын хамгийн муухай барилга

Posted by Mongol on 2011/10/22

Хуучнаар Багшийн дээд, шинээр бол Монгол Улсын боловсролын их сургуулийн чанх урд байдаг энэ барилгыг Улаанбаатарт хамгийн хөгийн гэж би боддог. Энх тайвны өргөн чөлөөнд торсон бөглөө мэт энэ муухай юмыг аваад хаячихвал мөн сайхан аа. Ойртоод харахад ямар ч хэлбэр дүрсгүй, дотогш шагайвал томхон ТҮЦ байх юм. (Хажуугаар нь дахиж явбал ойроос авсан зураг нэмье). Бас замын цагдааг бөөрөндөө наачихжээ. 

Улаанбаатарын нэгэн даргын өмч юм. Арав гаруй жилийн өмнө жижиг мухлаг маягаар эхлүүлж хавь ойрын газрыг сэм сэмхэн хумсалж нэмсээр байшин болгочихсон. Маргааш гэнэтхэн өөрчилж 10 давхар “харандаа” зооно гэвэл түүний дур.        

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | Leave a Comment »

Чойбалсангийн солигдсон хөшөө

Posted by Mongol on 2011/10/21

Ноднин нарлаг сайхан өдрөөр Сүхбаатарын талбай дээгүүр алхаж яваад жанжин Сүхын хөшөөг буулгаж байхтай таарч билээ. Харин энэ хаврын нэгэн үдэш харьж явтал МУИС-ын төв байрны урдах Чойбалсангийн хөшөөний хөлийг (“аймаар” бөх байснаас бараг бүтэн цаг оролдож байж) тасалж байхтай бас таарч хэсэг хүлээгээд машинд ачиж байгаа зургийг авахдаа яагаад ч юм 1937 онд амьд хүнийг яг ингэж харуй бүрийгээр ачдаг байсан байх гэж бодсон. Тэгвэл наадмын дараа МУИС-ын хажуугаар өнгөрч яваад цочлоо.

Би юу үзсэн гээч! ↓

 

Маш болгоомжтой ойртов. Нөгөө “хүрэлдсэн” хөшөө ирчихсэн тавцангаа хүлээж байсан юм санж. Ямар ч хүндэтгэлгүй авчирсан  байгаа биз? ↓

Хэд хоногийн дараа байранд нь тавьсан байлаа. ↓

Надад дандаа ингэж тааралдсан нь сайн уу, муу юу бүү мэд. Ямар ч байсан хоёр том хөшөөг авч явсан ба авч ирсэн бяцхан түүхийн гэрч болов. 

Чойбалсангийн хөшөө хөл дээрээ зогссоноос хойш хоёр сар орчим хүлээлгээд өчигдөр нээлтийн ёслол болж МАН-ынхан, эсвэл төрд гарсан МАН-ынхан дангаараа оролцож харагдлаа.  Хөшөө дурсгал бол иргэд, олон нийт харж байх, саналаа хэлэх, бүр оролцох ёстой цөөхөн асуудлын нэг.  Оюутолгойн гэрээний 8-ын 2-ыг тэд мэдэхгүй, тэднээс асуухгүй  байж болох, харин хөшөөний хэрэгтэй хэрэггүй, сайхан муухайн талаар бүгд юм хэлж чадах ч МАН ард түмнээ “зовоохгүйгээр” өөрөө мэдээд түүхэн хоёр хөшөөг зоргоороо сольж орхилоо. “Хүрэлдсэн” гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ хог дээр аваачиж хаяад Бээжинд шинийг хүрлээр цутгуулж зоосон юм. (Сонирхуулахад, саяхан хэсэг залуус Замын-Үүдийн боомтод алтан Соёмбын хөшөө босгож урдаас орж ирэгсдэд туурга тусгаараа гайхуулахаар шийдэхдээ Эрээнд захиалжээ). 

P.S: 

ОХУ-д Петергофийн усан оргилуурын алдарт Самсоны барималыг  засварлаад (солиод биш үнэхээр засварлаад) буцааж тавихын өмнө Санкт-Петербургийн төв гудамжаар мянга мянган оршин суугчид, жуулчдын алга ташилтын дор авч явсан байна.

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | 4 Comments »