АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘Янз бүр’ Category

Гологдсон ард түмэн

Posted by Бид on 2015/04/28

Сүүлийн хэдэн сар популистууд гэж муухай хүмүүсийг цоллох хөдөлгөөн Монголд давалгаалж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сарын эхээр телевизээр үг хэлэхдээ, улс орноо өөд татах тухай их үйл хэргийг, тэр тусмаа Оюутолгой, Тавантолгойг өдий хүртэл саатуулсан буруутнаар популистуудыг зарлаж “жагсах уу, засгаараа оролдох уу… орилсон хашгирснаараа … хүмүүсийн зовлонгоор наадагсдын … өвөлжин өлслөө… ” гэх мэтээр зад загнасан билээ. Албан ёсоор хэлсэн үг шүү!

x             x                 x

Тэр муусайн популистууд хаана байна? Нэр, овог, албан тушаал? Барьж аваад төр засагтаа тушаая! Ордныхноос асуухлаар яагаад ч юм нэр хэлж чаддаггүй, зүгээр л гудамж руу заах юм. Нээрээ гадуур Оюутолгойн гэрээ, Тавантолгойн гэрээ, Ноён ууланд алт олборлохыг шүүмжлэгчид бий, зарим нь бүр өлсөөд авсан. Тэгээд юу гэж? Тэдэнд эрх мэдэл байхгүй, Ноён уулыг тэднээс асуухгүйгээр хэдийнэ шийдсэн, Оюутолгой шийдэгдсэн, Тавантолгойг УИХ мэдээд шийднэ. Бас УИХ дотор хэдэн популист бий гэдэг ч олонхи нь популист биш юм бол гар өргөөд шийдээд явахыг хэн ч хориогүй. Интернэт, фэйсбүүкийг хар гэх биз, гэхдээ төр засаг хэдийд олон нийтийг сонсдог болчихов? Ерөнхий сайд гар утасны мессежээр улс орны хөгжлийн замыг сонгож авсныг эс тооцвол.

x             x                 x

Ориг популистууд мэдээж төрд байгаа. Төрд ч биш, төрийг эзэгнэсэн намуудад. 2004 оноос хойш эвслийн, эв нэгдлийн, эв эеийн нэртэй хөнжил гудасны асуудлаас болж сөрөг хүчин үзэгдэхээ больж, бие биенээ хуучин коммунист юмуу арчилллын баг зүүсэн мэтээр цоллож чадахаа больсон тул популизм хэмээх эзэнгүй сав олоод авчээ. Бас хажуугаар нь ард түмэн хэмээх томоос том сав гаргаж ирлээ. Одоо юуг ч чихсэн багтана. Шатахууны үнийг бууруулахын оронд цалин, нийгмийн халамжийг нэмсэн харамсалтай явдал боллоо гэнэ. Та нар яах гэж Оюутолгой, Тавантолгойн мөнгийг түрүүлж аваад хуваагаад цохичихсон юм бэ? (Ерөнхий сайдын үг!) Ер нь биднийг сонгож төрд гаргасан та нарын хохь гэж шуудхан хэлж, сонгогчидоо зүсэн зүйлийн онош тавихаараа уралдах боллоо. Уул шугамандаа ард түмэн улс төрчдөө шилж голж сольдог атал манайд улс төрчид нь ард түмнээ голдог болж. Нэртэйгээр нь өөр сайн ард түмэн дээр очиж сонгогдоод удирдаасай. Ингээд ардчиллын 25-ны жил орох дээр иргэд маань 25 жилийн турш буруу сонголт хийсэн тэнэгүүд төдийгүй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтанд зарцуулах улсын хөрөнгийг гурван саяулаа идэж уусан хам хэрэгтнүүд болж хувирах нь тэр. Өгнө, чадна, зүгээр, итгэ гэж сонгуулж дураараа дургичихаад одоо сайхан нохойтож байна аа?

x             x                 x

Ингэж мадлуулаад, дээрээс нь элдвээр хэлүүлээд зүв зүгээр сууж байдаг номхон ноомой ард түмэн монголчуудаас өөр байх уу? Төр засгаа, бас намаа дээдэлнэ гэж жигтэйхэн. “Энхрий хайрт нам” гэх мэтийн сүсэглэл Монголд л бий. Тэртээ дээрээс социализм, ардчилал, зах зээл, хувьчлал, ер нь юуг буулгасан шууд дагана. Өнөөдөр нэг ч ажил хаядагггүй улс ганц манайх. Олон телевиз үржүүлж томруулдаг болохоос биш жагсаал цуглаансаад байх алга. Энэ жил ганц удаа өлсөхөд цагдаа ирж нэг бичиг үзүүлээд буулгачихсан. Гаднаа ганц ч дайсангүй, хойт хөршөө яаж ч хажигласан тэд бензинээр таслаагүй, урдах нь Эрээнээ хаадаггүй, гуравдахиуд нь өгөх, туслах, зээлдүүлэх, хөрөнгө оруулах гээд оочирлосоор байгаад эрхлүүлчихсэн.

x             x                 x

Манайд ямарваа асуудал, бэрхшээлийн талаар хурал, семинар, судалгааны эцсийн дүгнэлтийн 99 хувьд тогтолцоо буруу, хууль тогтоомж адгийн болж таардаг. Ийн дүгнэхэд амар, хэн нэгнийг нэрлэхгүй, хал балгүй. Яг үнэндээ хүн, хүмүүс, гэхдээ гудамжинд яваа бус, эрх мэдэлтэй хүмүүс буруутай, тэд хариуцлага хүлээх ёстой. Улс төрчид, төрд гарсан намууд. Тэд бүгд нэр, овог, албан тушаалтай. Тэд тогтолцоог, хуулийг сайжруулж, эсвэл өөрсдөд ашигтайгаар өөрчилж, эсвэл өөрчлөхгүй байж чаддаг. Тахиа, өндөг хоёрын аль нь анхдагч вэ гэдэг бол улс төрд хэдийнэ шийдэгдсэн асуудал.

Posted in Янз бүр | Leave a Comment »

Нэр, овог, албан тушаал

Posted by Бид on 2015/04/28

Улсын Их Хурлын чуулган, Төрийн ордны их танхимд тасрахаа больсон үндэсний чуулган нэртэй аварга том хурлууд, тэр дундаа энэ хаврын эдийн засгийн форумын индэр, тоо томшгүй олон семинар, бас телевизийн хэлэлцүүлэг, хэвлэл мэдээллийн ярилцлагыг үзэхэд манайхан монголын бүү хэл дэлхийн эдийн засгийг хямралаас яаж гаргахыг мэдээд байна. Төрийн өндөрлөгүүд, сайд дарга, албан тушаалтнууд би, бид, манай нам мэднэ, чадна гээд тас зуураастай. Тэгвэл өнөөдрийн энэ их гацаа, бүтэлгүйтэл, дуусч өгдөггүй шилжилт юуных вэ?

x               x               x

Одоогоос яг 80 жилийн өмнө буюу 1935 онд хойт хөршид нөхөр Сталин большевикуудын намын идэвхтний хурал дээр “Алдаа болгонд нэр, овог байх ёстой” хэмээн анх дуугарсан гэдэг. Хариуцлага алдвал толгойгоороо хариуцна шүү гэсэн үг. Шууд утгаараа. Үүнийг Ежов, Берия, Микоян нарын комиссарууд шүүрэн авч овог нэрээс гадна ажил, албан тушаал гэж нэмэв. Дээрх гурав өөрсдөө ямар ажил албатай байсныг санавал дарга, цэрэггүй хяргаад өгье гэсэн заналхийлэл. Араас нь зам харилцааны ардын комиссар Каганович хариуцсан салбартаа яв цав тааруулж “төмөр замын осол болгонд”, сүүлдээ “рельс төмрийн тав болгонд овог, нэр, албан тушаал бий” гээд гүйцээсэн түүхтэй.

1930-аад он гэхэд хувьсгал, иргэний дайн, хамтралжуулалт, өлсгөлөнг арай ядан туучиж европын орнууд, тэр дундаа ирээдүйн дайсан Германаас илт хоцрогдсон Зөвлөлт Холбоот Улс чухамдаа буруутанг шууд нэрлэдэг энэхүү харгис зарчимд тулгуурлан улс орноо асар түргэн үйлдвэржүүлж, төдөлгүй Эх орны аймшигт дайнд ялж чаджээ. Өнөөдрийн өндөрлөгөөс харвал, төмөр замын тав ховхрох бүү хэл элдэв осол сүйрэл, ялагдал ажилчин, цэрэг, даргаас илүүтэйгээр харалган бодлого, муу удирдлага, эцсийн дүндээ буруу тогтолцооноос улбаатай, буруутныг нэрлэ гэвэл Сталин, Иосиф Виссарионович, албан тушаал нь их удирдагч гэж эхэлсэн жагсаалт урсах байсан. Гэхдээ тэгээгүй, өнөөдрийнх шиг “комисс” байгуулж учир шалтгааныг дэнслээгүй, тэгье гэсэн ч дэлхийн дайн хэдийнэ ойртож нэгэнт хожимдсон байсан, ингээд сая сая амийг зольж байж улс үндсээ авч үлдсэн болж таарлаа.

x               x               x

Баруунд Сталиныхтай төстэй Name and Shame хэмээх зарчим байдаг аж. Энэрэнгүй сонсдож байвч тэд буруутанг хэрхэн шийтгэснийг сонсоход дан ичээгээд зогсдоггүй бололтой. Испанид шуудан зөөгч Габриэль Грандос гэгч нөхөр залхуураад 42 мянган захиаг хаягаар нь хүргэж өгөлгүй устгасныхаа төлөө 1972 онд 384 мянган жилийн хорих ялаар шийтгүүлж Гиннесийн номонд орсон байдаг. Тус улсын шуудангийн тогтолцоо нэг их буруутаагүй. Японд Фукушима-1 атомын цахилгаан станцын осолд цунами биш, TEPCO компани буюу хүмүүс буруутайг тусгай комисс тогтоожээ. Байгалийн гамшигт бэлэн биш байсан,  сандарсандаа буруу ажилласан гэж. Манайд бол цөмийн шинжлэх ухааны дутууг, Цөмийн энергийн газрыг олон удаа байгуулж буулгасныг, төгсгөлд нь дэлхийн дулаарлыг буруутгах байсан. Антарктидийн мөс хайлж Номхон далайн ус огцом нэмэгдсэн юм чинь. Харин Хятадад бол шууд л …

x               x               x

1990-ээд онд Улаанбаатарт траншейны тагийг ховхолж хоёрдогч түүхий эдэд тушаах болсноос хойш олон амь тэр доош үйгджээ. Тод санаж байгаагаас, 2000-аад оны заагт Хархорин захын урд хэсгээр өнгөрөх хотын бохир усны төв шугамын таггүй нүх руу таван настай охин санаандгүй гишгэж хөл алдахад хөтөлж явсан аав нь бас гараа алдчихсан. Маргааш нь охины цогцсыг хэдэн километрийн цаана орших цэвэрлэх байгууламжийн шүүлтүүрийн торноос салгаж авсан юм. Хотын том дарга нар жижиг дарга нартаа энэ асуудалд онцгой анхаарч, сахилга, хариуцлагаа дээшлүүлэхийг мянгантаа үүрэгдсэн. Тэгэхийн оронд “Траншейны таг болгонд овог, нэр, албан тушаал бий шүү ” гээд тогтчихсон бол ийм эмгэнэл цааш үргэлжлэхгүй, жишээлэхэд баарнаас гарч ирээд ярилцаж зогссон хэдэн нөхдийн нэг нь гэнэт доош орохгүй, хамгийн сүүлд манай нэртэй сэтгүүлч онгорхой траншейнд унаж амиа алдахгүй байсан ч юм билүү, хэн мэдлээ. Өнөөдөр замын суваг шуудууны нүх, цөмөрхийнд дугуйгаа чихүүлж хэмхэрсэн машины тоогоо алджээ. Саяхан нэг цагаан машин дээшээ харчихсан хэвтэж харагдсан. Мөшгөөд үзвэл, Улаанбаатарын тагтай таггүй нүх болгон данс бүртгэл, эзэнтэй байсан, байгаа, байх ч болно. Худлаа гэвэл энэ газар хэний эзэмшлийнх вэ, хураалаа барилаа гэвэл хавтас дүүрэн нотолгоо сугавчилсан дарга, захирал, эзэн хэдхэн минутын дотор харваад л орж ирнэ.

x               x               x

Төрийн одон тэмдэг, гавъяа цолны тоогоор ардчилсан Монгол улс коммунист Хойт Солонгосын мэдээж хаана ч хүрэхгүй, гэхдээ гурван сая хүнд ногдуулж үзвэл байдал эвгүйтэж мэднэ. Манайд сайн ажил амьдрал, сайн үйлс болгонд эзэн олддог хэрнээ буруу зөрүүд бол гонжийн жоо. Дээрхэн овог нэр нь Б.Наранхүү, албан тушаал нь УИХ-ын гишүүн эрхэм өршөөлийн хуулийг дэмжиж ярихдаа, татвар, төлбөрөөс зайлсхийсэн, хөрөнгөө нуусан бүгдийг өршөөчих, яагаад гэвэл төрөөс бизнес эрхлэгчиддээ эцэг шиг хандаж яг ижилхэн хайрлах ёстой гэв. Ганц лангууны орлогоо нуусан, бараа нь борлогдохгүйгээс татвар гаалиа төлөөгүй ба хэдэн арав, зуун тэрбумаар хүүлээд улам шунаж далд хийсэн, урьд нь өршөөгдөж амташсан хоёрын зөв бурууг цэгнэхгүйгээр хавтгайд нь өршөөх юм гэнэ. Ямар ч ул мөр, “нэр, овог, албан тушаал” үлдэхгүй.

Бодоод байхнээ, эцэг нь үр хүүхэддээ тэгш хандах гэдэг аятайхан санаа. Нэгэнт тийм бол хүмүүсийн гавьяаг их бага гэж алагчлахгүйгээр жишээлбэл, морь сойдог бүгдэд манлай уяач цол хүртээе. Гавьяат цолоор тухайн салбарын бүх хүнийг зэрэг шагная, дунд нь олгосон ч яахав. Яагаад гэвэл төр иргэддээ адил тэгш хандах ёстой…

x               x               x

2012 оны намар “Тэнгис” кинотеатрын хажуугийн барилгаас унасан бэхэлгээ төмөрт цохиулсан оюутан залуу газарт ухаангүй хэвтэж байхад хотын төвд шахуу энэ газарт түргэн тусламж ирэхгүй 30-40 минут хүлээлгэсэн төдийгүй хажуугаар өнгөрч таарсан түргэний машин “завгүй, өөр дуудлагатай” гэж тас ширвээд арилсны дараа тусламж авч чадалгүй нас баржээ. “Тэнгэс”-т кино үздэг (бүгд гэсэн үг) хүн бүрийг цочоосон энэ хэргийн дараа түргэн тусламжийг тойрч бөөн хэлэлцүүлэг өрнөж билээ. Дарга нар эхэндээ замын бөглөрөөг, тэгснээ машин хүрэлцээгүйг буруутгаснаа арай биш болохыг мэдмэгцээ түргэн тусламжийн үйлчилгээний тогтолцоо, түргэний жолооч, эмч нарын цалин хөлсны талаар баахан гомдоллосоор намжаасан. Уг нь тэр дуудлага яаралтай тусламжийн төвд хэдэн цаг, минутад ирсэн, хүлээж авсан, ямар машин хаанаас хөдөлж, эсвэл эргэж Тэнгис рүү очсон, очоогүй тухай л тов тодорхой үйлдэл юмуу эс үйлдлийн учрыг олох тухай асуудал. Хэрвээ тэгсэн бол “нэр, овог, албан тушаал ” заавал олдох байсан.

Бараг гурван жилийн дараа, саявтар, бас л хотын дэндүү төвд буюу Peace Tower-ийн урд гурван сурагч машинд мөргүүлэхэд түргэн тусламж цаг шахам хүлээлгэжээ. Тэгтэл яг энэ үеэр нягтлан нь бүрэн тоноглосон түргэний гоё машин хөлөглөн овоо хэдэн граммын хүнд жинтэй бололтой нэгэн бичгийг хэдэн метрийн цаадах хотын захиргаа руу тээвэрлэж явсан байдаг. SBN байх аа, телевизийн сурвалжлагчийн гайхширсан асуултад хариулсан нь: “манайх өдөр бүр нэг машинаа дотоод ажилдаа явуулдаг ш дээ”. Үүнийг сэтгүүлч харуулсан тулдаа “Улаанбаатар шиг сая хүнтэй метрополитен хотод” түргэний машин төд төчнөөн дутагдалтай тухай аймшгаас бид аврагдсан.

x             x                 x

Өнгөрсөн арваад жилд 300 орчим, зөвхөн 2014 онд 26 хүн барилгын ослоор амиа алджээ. Байдал ноцтой тул шинээр томилогдсон Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар салбарынхныг цуглуулж Төрийн ордонд бүхэл бүтэн зөвлөгөөн хийв. Завсарлагаар нь компанийн захирлууд ярилцлага өгөхдөө “тогтолцоо буруу учраас ажил олгогч, хөдөлмөр хамгааллын байцаагч буруутаад өнгөрч байна” гээд хөдөлмөрийн аюулгүй байдлын зардлын талаар баахан гомдоллов. Бас бэхэлгээний трос, механизмын чанар гээд зөндөө олон асуудал байгаа гэнэ. Ерөнхийдөө “зам төмрийн тав” гуай буруутаж байгаа. Манай хүнлэг, энэрэнгүй нийгэмд эзэн, захирлын толгой бөнжигнөхгүй нь сайн хэрэг, даанч барилгачид амиа алдаад байх уу?

x             x                 x

Сүүлийн хэдэн жил нийслэлд газрын маргаан тасраагүй ч багассан нь хотын дарга нар хууль дүрмээ сахиж эхэлснийх бус, хотын хамаг газрыг олгож чигжээд үндсэндээ дууссаных юм. Тэгтэл хэд хоногийн өмнө Баянгол дүүргийн нэгэн орон сууцанд хэт ойр суурь ухсанаас нураах шахав. Хууль, дүрэм, журам, стандартыг май чи гэж байгаад уландаа гишгэж нулимсан нь буруутны нэр овог, албан тушаал хэн хэн бэ? Ил болсон захирамж зөвшөөрлийг харахад үе үеийн Засаг дарга нарын гарын үсэг дурайна. Тэд газрыг метрлэж, нүхний гүнийг хэмжиж, зураг төсвийг сөхөж шалгаагүй байж болох ч тэгдэг алба, албан тушаалтныг өөрөө томилж удирддаг. Гэтэл нэрлэгдэх бүү хэл, бусдыг загнаж буруутгаад бараг шударга үнэний дээд болоод сууж байх юм. Бас барилгын компанийн эзний нэр овог нууц, зөвхөн менежер гээд нэг нөхөр урдуур сүүтэгнээд байгаа. Япон, Солонгост бол жинхэнэ эзэн нь аль хэдийнэ ирж уучлал гуйн бөхөлзөөд л …

Posted in Янз бүр | Leave a Comment »

Даварсаар даварсаар буюу эхлээд нууцлана, дараа нь …

Posted by Бид on 2015/01/21

Бид эртний түүхээ хэтэрхий сайн мэддэг болжээ. Мэдээд зогсохгүй Аттила, Чингэсээс эхлээд бошигт, хутагт хувилгаад намрын аль сарын шинийн хэдэнд яг юу гэж бодсоныг протоколдсон номнууд зөндөө гарлаа. Харин 1990 оны Ардчилсан хувьсгалаар Монгол улс юм хумаа нууж хаахаа больсноос хойшхи шив шинэхэн түүхийн хамгийн нээлттэй болсон үе бол одоогоор Ардчилсан хувьсгал өөрөө юм. Анхны ухуулах хуудсуудыг цавуу, жонхуугийн алинаар наагаад ямар үг, үсэг бичсэнээс эхлээд 3-р сарын өлсгөлөнг цаг, минутаар ном, бичлэгт хэдийнэ тэмдэглэн үлдээжээ. Оролцогчид, гэрчүүд нь ид гялалзаж яваа тул хойшдоо улам ихээр дурсан тодруулах нь гарцаагүй.

Харин бусад цаг хугацааны тухайд тийм биш. Эргээд санахад 1990-ээд оны хоёрдугаар хагаст ил тод байдал оргилдоо хүрч Тагнуулын ерөнхий газрын бичиг цаасууд яаж ийгээд алдагддаг, хэвлэлүүд бодох юмгүй дэлгэдэгсэн. Хаалтын гэрээ гэж юм сонсогдоогүй. Тэгтэл 2000 оноос Н.Энхбаярын засаглалаар зугуухан хумигдаж, хэвлэл мэдээлэл түүний эсрэг хэсэгхэн цовхчиж байснаа иргэний хөдөлгөөн нэртэй гудамжны шуугианд автаж, цаашаагаа зөвшилцөлд энэ тэрд уусч хаалтын гэрээнд дарагдах нь их болжээ. Сенсаац, ноцтой баримт, эрэн сурвалжлага гээд байгаа мэдээллүүдийн ихэнх нь төрийн хяналт шалгалт, аудит, АТГ-ын мэдээлэл байх болжээ. Интернэт, facebook, twitter-ээр эх захгүй бужигнадаг ч үлдэж хоцрох нь өчүүхэн. Бүх юм сайтад тавигдсан мэт санагдавч нэг мэдэхэд устчихдаг болжээ.

х                   х                  х

Аливаа юм зайнаас илүү харагдах тул нэн шинэ түүх бичигдэх хугацаа нь хараахан болоогүй биз. Сайндаа л Үндсэн хууль батлахад оролцсон тухай дурсамжууд л үзэгдэнэ.

х                   х                  х

Хүн юмыг амархан мартдаг. Арав, хорь байтугай хэдхэн жилийн өмнөхийг сануулахад мэл гайхаж, 2004, 2008, тэр ч бүү хэл 2012 оны сонгуулийн сурталчилгааны материалыг эргэж үзсэн хүмүүс “пөөх”, “арай ч дээ”, “үгүй байлгүй дээ” хэмээн дуу алдаж байна. 2008 оны 7-р сарын 1 бол шинэ түүхийн хамгийн донсолгоотой үйл явдал. Багтаж ядсан олон телевизтэй байсны ачаар тэрхүү үймээн самууны минут, секунд болгон камерт бичигджээ. Бүр шууд дамжуулсан гээд бод доо! Дараа нь онц байдал, буун дуун, таван хүний амь, шүүх хурлууд, шоронд түр суусан ба өршөөгдсөн хэдэн зуун залуучууд. Гэхдээ энэ бүхэн бол үйл явдлын зөвхөн хоёрдугаар анги буюу төгсгөл юм. Тэгсэн хэрнээ сонгууль үнэхээр шударга бус болсон эсэх, үүнийг хэн нотолж жагсаал цуглааныг эхлүүлсэн буюу нэгдүгээр анги тэр чигээрээ “цагаан толбо”.

х                   х                  х

2014 оны туршид Улаанбаатар дахь Германы ЭСЯ-ны ханан дээр хоёр улсын төрийн далбааг туузан хэлбэрээр зүүж “Монгол-Герман-40” гэж бичсэн байлаа. 1974 оны 1-р сард БНМАУ, ХБНГУ хоёр дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг хүндэтгэн ёсолсон хэрэг. Харин түүнээс өмнө буюу бүр 1950 онд манай улс Бүгд Найрамдах Ардчилсан Герман улстай дипломат харилцаа тогтоон найрсаг сайхан харилцаж, тэд манайд хэдэн сайхан үйлдвэр завод барьж өгсөн ба хэдэн мянган монгол залуусыг аваачин их дээд сургууль, ТМС-тээ элсүүлэн герман хэл, шинжлэх ухааны мэдлэг, соёлтой болгосныг “мартжээ”.

Түүхийг ялагчид бичдэг гэж энэ.

Гэхдээ би үүнийг хэлэх гэсэнгүй. Эрхбиш улс л юм чинь БНАГУ аюулаас хамгаалахтай байсан. Тэр нь Штази, түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг нууц албадын жагсаалтанд CIA, КГБ, израилийн Моссадын араас бичдэгсэн. Буруу зөрүү юм их ч хийсэн байх. 1989 онд хоёр Герман нэгдэхийн өмнө (яг үнэндээ Баруун нь Зүүнийгээ нэгтгэхэд) Штази нууц бичиг баримтуудаа устгахын тулд цаас зүсэгчээр хуудас тус бүрийг туузлан хэрчсэн ч бүгдийг амжаагүй, үлдсэнийг гараар урж 15 мянган уутанд чихээд дараа нь шатаах эсвэл химийн бодист уусгахаар төлөвлөсөн ч Берлины хана гэнэт нурж жагсагчид Аюулаас хамгаалахын байранд дайран орж ирсэн тул амжаагүй. Өнөөдөр баруун германы тагнуулчид тоо ширхэг нь тэрбум шахсан цаасны тасархайг сканнердаж тусгай программ хангамж, супер компьютерын тусламжтайгаар нэгбүрчлэн эвлүүлэн сэргээж байгаа.

Юуг ч мартаж болохгүй гэж энэ.

х                   х                  х

1990-ээд оны дуулиант хэргүүдийн түүхийг хэн сэргээх вэ? Тухайн үедээ шуугиад өнгөрсөн сонин хэвлэлийн мэдээ, бас сонгуулийн сөрөг сурталчилгааны ганц нэг захиалгат нэвтрүүлгийг эс тооцвол цаасан дээр буусан юм алга. Тухайн үедээ “Женко” Баттулгын 17 чингэлэг спиртийг мөрдөн байцаагчдаас нь эхлээд бүгд мэдээд хэлээд байсан ч дорхноо замхарсан. Саяхны нэг захиалгат нэвтрүүлэгт залруулснаар бол бүр улс төрийн хэлмэгдэл шахуу юм болж таарлаа. Гэрчүүд нь хүртэл хэлж ярьснаасаа баяр ёслолын байдалтай буцлаа. Хариу дуугарах хүн нэг ч гарсангүй.

Яахав, баримтууд нь байдаг газартаа байгаа гэх биз. Тэгвэл Д.Дорлигжав “Эрдэнэт”үйлдвэрийн ерөнхий захирал байхдаа 800 мянган долларыг Киприйн банк руу шилжүүлээд алга болгосон гэж хэрэг бий. Хожим Д.Дорлигжавын нэг хэсэг ажилласан Ерөнхий прокурорын газраас хавтаст хэргийг нь устгасан тухай дуулдав. Түүх мартагдахгүй, хэрэг хуучирдаггүй гэдэг ч хуучраад зогсохгүй алга болчихдог юм байна. Ийм төрд итгэж болох уу? Ганц баталгаа баймаар Улсын бүртгэлийн ерөнхий газар гэхэд хоёр жилийн өмнө Ерөнхий сайд Алтанхуягийн таалалд нийцүүлэн Гэрэлхүүгийн Уянгыг Чулуунбаатарын Уянга болгон төрөл арилжуулж өгсөн билээ. “Намайг та нар шүүхгүй, цаг хугацаа, түүх  шүүнэ” гэж даналздаг эрх мэдэлтнүүд болон дуулианы эзэд олон. Харин хэзээ нэгэн цагт Түүх гуай шүүхээр ирэхэд баримт нь солигдчихсон байвал яахав?

х                   х                  х

Он гараад Монгол улсын Засгийн газраас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д хоёрдахь удаагаа өргөн барилаа. Хуулийн зорилго нь хувь хүн, хуулийн этгээд 2015 оноос өмнөх нуун дарагдуулсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ сайн дураар мэдүүлж ил тод болговол хуулийн хариуцлага болон албан татвараас чөлөөлөх явдал юм. Нуун дарагдуулсан гэдэг нь Монгол Улсын хуулиудыг зөрчсөн гэсэн үг.

Одоо уг хуулийг нэн даруй батлахыг шаардсан сурталчилгаа хэвлэл мэдээллийг дүүргэжээ. Өчигдрийн “Цагийн хүрд” гэхэд хагас нь энэ тухай ухуулга байлаа. Өнгөрсөн жилүүдэд төр засаг маань бизнес эрхлэгчид хэмээх бүтээн байгуулагчид, баялаг бүтээгчдээ татвар, хураамжаар дарамталж тамлан зовоож ирсэн гэнэ. Хэдэн мянган бизнес эрхлэгч НӨАТ-аас болж шоронд ороход бэлэн гэнэ.

Арай ч тийм биш. Миний санахад үе үеийн Засгийн ганц хийдэг зүйл нь хөнгөлөх, чөлөөлөх, бууруулах. Жил бүр энэ тэр салбарыг дэмжих, үнэ тогтворжуулах, үнийн урамшуулал нэрээр төсвөөс зуу зуун тэрбумаар олгодог. Манайд үл хөдлөх хөрөнгө, цаашилбал тансаг хэрэглээ, архи тамхины татвар гэж билэг тэмдэг төдий. Нөгөө гайхуулдаг Азидаа хамгийн бага татвар хаачив? Татварын хууль тогтоомж буруу, муугаас бүх юм болсон л гэнэ. Монголын хамаг том бизнесүүд өөрсдөө, эсвэл төлөөллөө, сүүлдээ Худалдаа, үйлдвэрийн танхимын тэргүүнтэйгээ нийлээд төрд заларсан хэрнээ засч залруулахгүй дөрөв, найм, арван хоёр жил юугаа хийж суув аа? Нуугаад, зугатаад, завшчихаад дараа нь хуулиа өөрчлөөд мултарч сурчихжээ. Одоо “баталгаатай нь дээр” гэдэг шиг нэмээд Өршөөлийн тухай хуулийн төслийг өргөн бариад байна. Үүнээс өмнө 2007-2008 онуудад өршөөлийн хууль гаргаж  тэр нь татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг хамарч байсан бол энэ удаад гадаад, дотоодод нуусан үл хөдлөх хөрөнгийг хүртэл өршөөх гэж байна.

Энэ өршөөлийг хэн хэн хүртэж хичнээн мөнгө, хөрөнгөө цайруулах вэ? Өмнөх өршөөлд багтсан 2800 гаруй компаниуд дахин хамрагдах уу? Хэн ч мэдэхгүй. Яагаад гэвэл мэдүүлэхгүй, нууцална. Хуулийн төслийн 6-р зүйлд зааснаар, өршөөл үзүүлсэнтэй холбоотой мэдээлэл буюу санхүүгийн болон албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, гаалийн мэдүүлэг, нийгмийн даатгалын даатгалын шимтгэлд хамаарах орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах ба нотлох баримт болгон ашиглахыг хориглоно. Тэр ч бүү хэл, хуулийн өмнөх төсөлд энэ бүх мэдээллийг устгахаар зааж, хэрвээ ил тод болговол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, үгүй бол 5-50 сая төгрөгөөр торгохоор тусгасан байсныг шинэ төслөөс хасчээ. Яг УИХ-аар хэлэлцэж батлах, эсвэл холбогдох журмыг Засгийн газар гаргахдаа буцаагаад оруулахыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан нууцлах нь тодорхой. Хэзээ нэгэн цагт ил тод болгох уу? Тэгэсхийгээд устгах уу? Энэ тухай таг чиг. Хуулийн нэрийг дахин сонсоно уу: Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай! Даапаалаад байгаа юм болов уу? Эдийн засгийн бодит үнэнийг нууж далдруулах хууль гэвэл илүү зохилтой.

Дээрх хоёр хууль батлагдана. Хэдхэн өдөрт амжуулна. Нөгөө хэлэлцүүлэг, оролцоо, Иргэний танхим байхгүй. Яагаад гэвэл захиалагчид нь том эрх мэдэлтэй том хууль зөрчигчид.  Тиймээс “Төрийн өндөр албан тушаалтнуудыг ч хамруулна, ингэснээрээ ард түмэндээ тэгш хандана” гээд байн байн донгодож байгаа. Тэд санасандаа хүрч, сарвайснаа авч чаддаг улс.

Яруу найрагч Б.Галсансүх “Бүү давар” гэж бурханд зөвлөсөн байдаг. Одоо үүнийг УИХ-ын гишүүдэд хэлэх цаг боллоо. Дураараа дургицгаа, өөрсдийгөө өршөө, харин мэдэх эрхийг ард иргэд, олон нийт, хэвлэл мэдээлэлд үлдээнэ үү. 2008 оны өршөөлд хамрагдсан ба 2015 онд өршөөлд хамрагдаж байгаа компаниудын жагсаалт, өршөөгдсөн хөрөнгө мөнгөний хэмжээг зарлахыг хэлж байна. Бүгдийг биш юмаа гэхэд томоос нь.  100 саяас дээш гэдэг ч юм уу…

Posted in Янз бүр | 1 Comment »

“Бүтээн байгуулалтын синдром”

Posted by Бид on 2012/10/19

Яах аргагүй байна. Юм л бол барилга барина гэдэг болчихжээ. Асуухлаар “бүтээн байгуулалт” гээд ам таглаж байна. Энэ намар хүүхдийн цэцэрлэг дутагдаж байгааг гэнэт анзаарсан улс төрчид, сайдууд, Засаг дарга нарын амлаж байгааг сонсоход ирэх жил Монголд хэдэн зуун цэцэрлэгийн шав тавигдана. Ингэхдээ заавал шинийг барина, эсвэл хуучныг буулгаад хэд дахин томыг босгоно гэх юм.

Эргэн тойрноо харахад хүүхдийн цэцэрлэг оруулах байр сав зөндөө. Хэрэгтэй хэрэггүй газруудыг татан буулгаж байрыг чөлөөлөх, илүү дутуу конторыг зайчлах, цэцэрлэгүүдийн өөрсдийнх нь дарга, эрхлэгчдийн данхайсан өрөөнүүдийг ашиглаад ч анги нээж болмоор. Бас стандарт шаардлагыг тогтоогоод хувийн, гэр цэцэрлэгүүдийг дэмжмээр. Гэртэй цэцэрлэгийг төсөөлөхөд бэрх санагдавч аав ээжүүд хоёр гурваар нь өдөржин цоожилж үлдээснээс хамаагүй дээр. Энд тэнд гэртэйгээ шатлаа гэсэн мэдээ өвөлжин тасардаггүйд бид дэндүү дасчээ.

Posted in Янз бүр | Leave a Comment »

Эрх нам, нэр дэвшигчид …

Posted by Бид on 2012/06/23

Энэ Бямба гаригийн “Ярилцъя…” үйл явдал, тойм тайлбар” шууд ярилцлагын нэвтрүүлэг бол сонгуулийн санал хураалтын өмнөх хамгийн сүүлчийн дугаар юм. Харин МҮОНТ шулуухан сурталчилгаа хийж гарлаа.

1. МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч С.Түмэнгэрэл
2. ИЗНН-аас нэр дэвшигч С.Дэмбэрэл.
3. МАН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч Ц.Цогзолмаа
4. МАХН-МҮАН-ийн “Шударга ёс” эвслээс нэр дэвшигч Д.Тэрбишдагва
5. МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигч Л.Амгалан
6. МАН-ааас НИТХ-д нэр дэвшигч Ц.Чинбат.
7. АН-ын дарга Н.Алтанхуяг.

2012 оны УИХ-ын сонгуульд 11 нам эвслийн болон бие даагч 544 нэр дэвшигч өрсөлдөж ихэнх нь телевизээр цухайж ч үзээгүй байхад тэртээ тэргүй дэлгэцэн дээр хадагдсан энэ мэт хэдхэн нөхрийг дахин эрхлүүлж, ердийнхөөс хамаагүй урт,  1 цаг 20 минут үргэлжилсэн байна. Тэднийг эрх баригч, том нам, рейтинг өндөртэй учраас гэхчлэн зөвтгөж магадгүй. Тэгвэл сонгуулийн хуулиар бүх нам, нэр дэвшигчид тэв тэгш эрхтэй, энэ хэдийг илүү тэгш эрхтэй гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн хоёр намын нэр дэвшигчдийг яриулахад бусад нь барьцах тул өөр ганц хоёр намаас оруулж жийрэглэжээ. Нэг намд үйлчилбэл өрөөсгөл, хоёр намд үйлчилбэл тэнцвэртэй, гурав, дөрөвдэх намыг нэмбэл олон ургалч болж харагддаг болжээ.

Бас нэг зүйл. АН-ын дарга Н.Алтанхуягтай ярилцсан хэсгийг бусад сувгаар “Төлбөртэй” гэсэн титртэйгээр үзүүлжээ. Олон нийтийн телевизийн ярилцлага, намын сурталчилгаа хоёрт ялгаа үгүй.

Posted in Янз бүр | Leave a Comment »

Самбарын дайн: Ардын нам Ардчилсан Намыг “хийж”, МАХН хоёуланг нь “жийж” байна

Posted by Бид on 2012/06/23

Posted in Янз бүр | Leave a Comment »

Нийслэлийн шугам сүлжээний сонгууль

Posted by Бид on 2012/06/22

Улсын Их Хурлынхаас дутахгүйгээр нийслэлийн ИТХ-ын төлөө үзэж тарцгааж байна. Гол баатрууд нь Ардын намын Г.Мөнхбаяр ба Ардчилсан Намын Э.Бат-Үүл хоёр. Бусад нэр дэвшигчдийг бид хараагүй, тэд хоёр даргынхаа араар нуугдчихаад сурталчилгааны туршид ил гарсангүй. Ингээд нийслэлийн сонгууль үнэндээ Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл хоёрын өрсөлдөөн юм.

Улсын баатрын хувьд санаачлагыг шууд гартаа авч 45-уулаа сонгогдоод гэр хорооллын зүгт шугам сүлжээ татаж өгөөд иргэдээр амины орон сууц бариулахыг нийслэлийг өөрчлөх түлхүүр гэж зарлан тунхагласан.

Харин одоогийн Засаг дарга Г.Мөнхбаяр эхэндээ хэсэг балмагдсан ч яваандаа сөхөө авч 45-ын тоог 1 сая 300 мянга гэсэн тоогоор давахыг хичээхийн зэрэгцээ “инженерийн шийдэлтэй” гэсэн үгийг духан дээрээ бичээд сөрөг довтолгоонд оржээ. Өөрөө инженер, багт нь бөөн инженер, тэгэхлээр Бат-Үүлийн яриад байгаа шугам сүлжээг ч илүү сайн чадна гэсэн санаа. Гэхдээ энэ бол алдаа. Тийм мундаг инженерүүд мэргэжлээрээ ажиллавал хамаагүй дээр. Магадгүй, АН–ыхан “Сонгогчид бидний төлөө саналаа өгвөл Мөнхбаяр даргыг шугам сүлжээ хариуцсан орлогчоор тавина” гээд даапаалаад эхэлбэл яана?

Read the rest of this entry »

Posted in Янз бүр | Leave a Comment »

Мэтгэлцээн

Posted by Бид on 2012/06/19

Ази тивийн цээж хавиас ардчиллаараа гайхуулсан сураг дуулддаг манай Монгол улсын 2012 оны парламентын сонгуулиар улс төрийн нам эвсэл, нэр дэвшигчид нь нүүр нүдээ харалцахгүй, халз тулахгүй өнгөрч байна. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг олон нийтийн телевиз цуврал мэтгэлцээн явуулсан ч намуудын төлөөллийг (бас бие даагчдыг тусад нь) хагас дугуйлж суулгаад нээх том сэдвүүдээр ээлж дараалан томоотой яриулаад өнгөрчээ. Арилжааны телевизүүдийн тухайд намууд өөрсдийг нь үг дуугүй сурталчлахаас өөр юманд мөнгө төлөхгүй учраас мэтгэлцээн зохион байгуулаагүй. Ганцхан “Ийгл”телевиз “Сонгуулийн хайрцаг” (Election Box) дотроо энэ үгийн утганд нэлээд ойртсон хэдэн хэлэлцүүлэг хийв. Хамгийн ойртсон нь 6-р сарын 18-нд болжээ.

Өмнөх дугааруудад нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчид оролцсон бол энэ удаад УИХ-д дэвшигчид, нэрлэвэл, Уламжлалын нэгдсэн намаас гавьяат жүжигчин Б.Батзаяа, АН-аас нэр дэвшигч Б.Батбаатар, гуравдахь хүчний эвслээс “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Д.Энхбат, ИЗНН-аас Д.Зоригт дөрөв оролцож үе үе ширүүхэн үзэж тарлаа. МАН-аас хүн ирээгүй учраас шүүмжлэлийн бай нь АН байв. Хариуцлага алдсан нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль гаргах санаачлагыг дэмжиж байна уу асуултын дараа ийм яриа өрнөв.

Б.Батбаатар: Монгол төрийн тогтвортой байдлыг хангах ёстой. Цээжээ дэлдсэн болгон эх оронч биш..
Д.Зоригт: Та нар төрийн тогтвортой байдал гэдэг үгийн цаана нуугддаг. Намын жагсаалтанд 3,4,5 удаа сонгогдсон хүмүүс байна. Үхэн үхтлээ тэнд байх гээд байгаа юм уу?
Д.Энхбат: АН-ынхан сонгууль болохоор сайхан ярьдаг. Хор найруулах юмыг АН-ынхан монголын улс төрд оруулж ирсэн, түүнийгээ МАН-д алдчихсан. Цаадуул нь туршлага, зохион байгуулалттай болохоороо илүү ашигладаг…
Б.Батзаяа: Шинэ залуу боловсон хүчнээр цус сэлбэж байна гэсэн чинь үр хөврөл нь байх юм..
Б.Батбаатар: Би үр хөврөл биш… Ялагдсан хүмүүс гомдол гаргаад ялсныгаа эргүүлж татна гээд ажлыг нь хийлгэхгүй байж таарахгүй
Д.Энхбат: Чи Ардчилсан намынхаа технологийг яриад байна. Тэр булхайтай юмаа толгойноосоо авч хая …

Дараа нь жүжигчин мөртлөө яагаад нэр дэвшсэн тухай асуухад Б.Батзаяа гавъяат “Жүжигчин хүн ерөнхийлөгч болоо биз дээ!?” гэв. Рейгантай барьцсан хэрэг.

Төгсгөлд нь “Танай намыг сонгох ямар шалтгаан байна?” асуултанд хариулцгаав.

Д.Зоригт: Бид засаг барьж үзээгүй учраас нэр цэвэр хүмүүс.
Б.Батбаатар: Сануулахад, танай Иргэний Зориг нам Их хурал дахь суудлынхаа тоогоор Засгийн газарт сайдтай байсан шүү. Харин Ардчилсан Нам хэлсэн болгоноо хийж чадсан учраас ялна.
Б.Батзаяа: Манай нам бүх намаас хамгийн цэвэр. Бид бусармаг зүйлд нэр холбогдоогүй.
Д.Энхбат: Бид МАНАН-гаар ёстой залхаж гүйцлээ…
Дахиад Б.Батзаяа: Намын листэнд чинь нөгөө айхтар олигархууд нуугдаж байгаа шүү. Улс төр манантай байна, Улаанбаатар манантай байна. Ийм их МАНАН-тай байхад алсын бараа, юу ч харагдахгүй байна. Бид арилгана. Манайхыг сонгоорой.

Харамсалтай нь мэтгэлцээнээс намын томчууд зугтаадаг, МАН-аас ядахдаа жирийн нэр дэвшигчээ ч явуулдаггүй, нэг удаа нийслэлийн ИТХ-ын сонгуулийн гол хоёр өрсөлдөгч – МАН-ын Г.Мөнхбаяр, АН-ын Э.Бат-Үүл хоёрыг урьж нийтэд зарласан ч хөтлөгчдийн хэлснээр бол хоёулаа “ажлын боломжгүй” гэсэн хариу өгчээ. Харин АН-ынхны зарласнаар, Г.Мөнхбаяр зөвшөөрөөгүй гэнэ.

Posted in Янз бүр | Leave a Comment »