АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘# УЛААНБААТАР’ Category

III давхар хаачив?

Posted by Mongol on 2010/02/02

Хэд хоногийн өмнө 100 айлд байдаг “Алтан шагай” компанийн барилгын шавааралдсан хаягнуудын зургийг сонирхоод дарчихсан байснаа сая үзсэн чинь ” оффис” байрладаг гэх III давхар алга.  Хаачсан юм бол доо…

Posted in # УЛААНБААТАР, Барилга, хаяг, реклам | 3 Comments »

Гурван удаагийн цайны газар …

Posted by Mongol on 2010/01/16

Аливаа бизнесийг эрхлэхэд хамгийн чухал гурван зүйл бол нэгдүгээрт  байрлал, хоёрдугаарт байрлал, гуравдугаарт бас байрлал гэж ярьдаг. Тэгвэл нийслэл хотын төвд хэрнээ гудамж руу хараагүй энэ цайны газрын хувьд 1. “Цайны газар”. 2. “Цайны газар”. 3. “Цайны газар” гэсэн гурван удаагийн нэр төдийгүй 1. “Нээлттэй” 2. “Нээлттэй” 3. “Нээлттэй” гэсэн гурван удаагийн цагийн хуваарь болжээ.  Огт автахгүйгээр хийснээс (хэвлэсэн, наасан) үзэхэд өдөр шөнийн 24 цагийн турш хаагддаггүй юм шиг.    

Read the rest of this entry »

Posted in Барилга, хаяг, реклам | 1 Comment »

Коток, канки, бонус…

Posted by Mongol on 2010/01/08

Монгол орон даяар маш хүйтэрч байна. Завхан, Хөвсгөл, Увсад шөнөдөө – 40 градусаас доошоо бууж зарим шөнө 50 руу дөхсөн тухай мэдээлэв. Нөгөө дэлхийн дулаарал хаачсан юм, бүү мэд.

Улаанбаатарт бас л хүйтэн байгаа боловч хотын бид муухай утаан дунд гэхгүй л бол каток-тоо  очиж коньки-гаар  гулгахтайгаа байна.  Оросоос салаад 20 жил болсон ч энэ хоёр үг гуйвж дайваад ч хамаагүй үлдэж хоцорчээ. Нэмэгдсэн юм гэвэл бонус-тай болсон.

Энэхүү часхийсэн зарлалаас мөсөн гулгуурын бизнесийн урамшууллын арга, Улаанбаатарт зай завсаргүй олон дээд сургуультай, зөв бичих дүрэм ихээхэн “ардчилагдсан” гээд зөндөө юм анзаарагдана.

Сонирхолтой зар байлаа.

Posted in # УЛААНБААТАР, Барилга, хаяг, реклам | 1 Comment »

Нийслэлийн төр, захиргааны 370 жилийн ой биш юмсан

Posted by Mongol on 2009/10/30

Хэн нэгэн төрсөн өдрөө тэмдэглэхдээ өөрийг нь есөн сар тээж төрүүлсэн эхээрээ баяр хүргүүлээд, бэлэг аваад, заримдаа чамлаад найрлаж суудаг нь сонин санагддаг.

Монгол улсын нийслэл – Улаанбаатар хот байгуулагдсаны 370 жилийн ой нэртэй бүтэн жил үргэлжилсэн шоу ашгүй нэг дууслаа. Нийслэлийн дарга, албан тушаалтнууд, төр захиргааны болон төсвийн байгууллагын нөхдүүд зүгээр л ажлаа хийснийхээ төлөө (ихэнх тохиолдолд хагас дутуу) дээрээс одон медаль хүртэж хажуунаасаа бие биенээ шагнаж Улаанбаатарт суугаа хамаг хэвлэл мэдээллийг төлбөртэй сурталчилгаа, нийтлэл нэвтрүүлгийн уралдаан нэрээр худалдан авч магтуулсаар өндөрлөв. Бүхэл бүтэн гурван зуу, нэмээд далан жилийн настай нийслэлээ хүндэтггээд даруухан байгаасай. Энэ бол нийслэлийн ой болохоос, нийслэлийн төр захиргааны ой биш юмсан

Ойд зориулж амжуулсан хамгийн том ажил гэж нийтийн тээвэрт 400 автобус шинээр явуулсан, хотын төвийг замуудыг зассан хоёрыг нэрлэж байна. Яг үнэн. Гэхдээ хотын удирдлагын гавьяа биш, дэлхийн зах зээлд зэсийн үнэ өссөний ачаар 68 хувийн татвар тогтоож “Эрдэнэт” үйлдвэрийн данс руу цутгасан хамаг мөнгийг Монгол Улсыг хөгжүүлэх санд хураагаад түүнээсээ нэлээд хэдэн арван тэрбумыг нийслэлд хүртээсэн бэлэг юм.

Ерөөсөө нийслэлийн 370 жилийн ойг тэмдэглэх шийдвэрийг жил хагасын өмнө Засгийн газар мөнгөө багтааж ядаж байхдаа гаргасан, харин хямрал эхэлсэн ч цуцлаагүй үлдээсэн болохоор ингэж баярхав.

Жилийн өмнөөс эдийн засаг хямарч одоо Монгол даяар аюулт халдвар тархаж байхад нийслэлийн ойг дээгүүрээ учир зүггүй тэмдэглэсэн нь “зуд болоход чоно, зовлон болоход лам”-ыг санагдуулсан шүү!

Жирийн иргэд? Тэд удахгүй эхлэх утаандаа бэлтгэж байгаа.

Posted in # УЛААНБААТАР | 2 Comments »

Хэлмэгдэгсдийн талбай …

Posted by Mongol on 2009/10/17

Helmegdegsdiin hushuunii urd

Улаанбаатарт нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, зам талбай, ундны усны эх үүсвэр зэрэг 54 байршилд газар олгохгүй байх жагсаалтад Монголын үндэсний түүхийн  музейн урд талын хэлмэгдэгсдийн талбай орсон билээ.  Барилга барих тухай бодож ч зүрхлэхгүй газрыг Нийслэлийн ИТХ-аас өршөөж шоудсан нь сонин. “За яахав, бид харж үзээд энд чинь барилга барихаа болилоо шүү” хэмээн  ихэрхээд ч байгаа юм шиг… 

Өнгөрсөн арваад жилд цэцэрлэгт хүрээлэн, зүлэг мод, хүүхдийн тоглоомын талбай, явах замаа хүртэл алдаж хэлмэгдсэн нийслэлийн иргэдэд зориулсан хөшөө  биш юмаа гэхэд самбар босгох жижигхээн талбай нийслэлд олдох болов уу?

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | Leave a Comment »

Сүхбаатарын талбай дээрх “хайрцаг”

Posted by Mongol on 2009/10/15

Энэ долоо хоногоос Д.Сүхбаатарын талбай дээр ийм том хайрцаг тавигдлаа. Эхлээд төмөр каркас угсарч тусгай модон фанер бололтой хавтангаар бүрсэн энэ байгууламж гаднаа ямар нэгэн хаяг, тайлбар үгүй ч хамгаалагч залуугаас асуухад тэрбээр цаана харагдах MCS-ийн Central Tower-ийн нэгдүгээр давхрын Louis Vuitton хаягийг зааж “тэрний шоу болох юм байх” гэлээ. Францын цүнх, чемоданы гэгддэг брэнд Монголыг байлдан дагуулж байгаа нь энэ.  Жанжин Сүхбаатарын хөшөө намс.

Жагсаж болдоггүй шоудаж болдог Сүхбаатарын талбай  дээр боссон хамгийн том байгууламж энэ болов уу…   

SB talbai deer

Read the rest of this entry »

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | 4 Comments »

Даапаалав

Posted by Mongol on 2009/10/04

Саяхан нийслэлийн ИТХ-аас хойшид ГАЗАР ОЛГОХГҮЙ БАЙХ 54 БАЙРШЛЫН ЖАГСААЛТ гаргасныг үзэхэд тэд иргэдээ даапаалж байх шиг санагдаад явчихав. Энд тэндээс нь хэмлэсээр байгаад дахиж олгох зай талбай огт үлдээгүй, эсвэл тэртээ тэргүй олгох ёсгүй нийтийн эзэмшлийн  хэдэн талбай, цэцэрлэгт байгууламжуудыг жагсаасан байх юм. Дэндүү ил учраас тэр биз. Тэгсэн мөртлөө сургууль, цэцэрлэгийн болон СӨХ-ийн гаднах талбайг тэр чигээр нь орхижээ.

Зарим нэгийг сонирхъё.

Их жанжин Сүхбаатарын талбайд газар олгохгүй гэжээ Монгол улсын төв талбай дээр газар олгоно гэж ямар эрүүл хүний санаанд орох вэ? Харин манай хотын дарга нарын толгойд хэдийнэ ороод, тэндээ нуугдаж байгаад дөнгөж сая гарав бололтой. Гэхдээ хэдэн жилийн өмнө Сүхбаатарын талбайн хучилтыг хятад компаниар солиулахдаа талбайн гуравны нэгийг урд талаас нь сэмхэн үлдээснийг бид анзаардаггүй. Нэг мэдэхэд хашаалаад ямар нэгэн юм барьж эхлэнэ дээ.

Барилгачдын талбай дээр бариулахгүй гэнэ. Тэр талбайг Барилгачдын хөшөө нэрээр дороо гарааш, хажуугаараа ресторан, зоогийн газартай байгууламж хэдийнэ эзэлсэн.

СУИС-ын урд талбайд дээр бариулахгүй гэжээ. Тэнд машины багахан зогсоол харагддаг, харин ямар ч талбай байхгүй.

Монголын үндэсний түүхийн музейн урд талын хэлмэгдэгсдийн талбайд бариулахгүй гэнэ. Машины замыг хааж барихыг санаархахгүй юм бол тэнд өчүүхэн төдий ч зай байхгүй.

Нийслэлийн Ардчилсан намын байрны хойд талын С.Зоригийн хөшөөтэй талбай гэжээ. Тэнд хөшөө байгаа нь үнэн, харин талбай байхгүй.

19-р хорооллын Жаргалант үйлчилгээний төвийн дундах талбай гэжээ. Тэр жоохон талбай (үнэн хэрэгтээ талбай биш, П үсэг хэлбэртэй барилгын завсар шүү дээ)  дүүртэл баригдчихсан байгаа.

МУИС-ийн хичээлийн 2-р байрны урд тал, Мэдээлэл технологийн үндэсний паркийн хойд талын оюутны талбай. Хэдийнэ баригдаад эхэлчихсэн. (“Бас нэг шовгор”-ыг үз)

23-р сургуулийн урдах Б.Явуухулангийн нэрэмжит талбайд бариулахгүй гэжээ. Уг талбайг тохижуулах нэрээр зөвшөөрөл өгөөд өндөр гэгчийн хашаагаар таглуулан том барилгын суурь ухуулж эхэлснээ тэд сайн мэдэж байгаа.  Сайхан жүжиглэж байна аа!

Цаашилбал, ундны усны эх үүсвэрүүдийн хамгаалалтын дотоод мужид бариулахгүй гэнэ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нэртэй том дарга нар хүссэн ч бариулах эрхгүй. Улсын Их дэлгүүрийн урдах талбайд бариулахгүй гэнэ. Тэр чинь УИД-ийн үргэлжлэл. Ёстой л нөгөө “хүний юмаар хүүдэгнэнэ” гэгч болохнээ.

Гэх мэтээр та байршил болгоныг төсөөлөөд үз дээ. 54 байршлын жагсаалтыг дор сийрүүлэв.

Read the rest of this entry »

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | 6 Comments »

Бас нэг шовгор…

Posted by Mongol on 2009/09/25

Саяхан нийслэлийн удирдлага хуралдаж хотын төв хэсэгт дахиж нэг ч барилга бариулахгүй, тэр тусмаа нийтийн эзэмшилд үлдсэн цөөхөн зай талбайг амь биеээрээ хамгаалах болсноо зарласан юм. Гэтэл тэд хэнд юуг өгч авахаа цаагуураа хэдийнэ жин тан болгочихоод наагуураа тормолзож суугаа нь тэр аж.

Хэдхэн хоногийн өмнөөс МУИС-ийн хичээлийн 2-р байрны урд, Мэдээллийн технологийн үндэсний паркийн хойно, Оюутны нэртэй аятайхан талбай дээр нэр нь үл мэдэгдэх компани амжуулж өгч байна аа…

Ээлжит шовгор энд сүндэрлэснй дараа Оюутны талбайн үлдэгдлийг юу гэж нэрлэвэл зохилтой вэ? Ikh surguuliin urd

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | 5 Comments »

120 мянгат: Айлын цонхыг тагласан зочид буудлын барилга

Posted by Mongol on 2009/08/16

Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр буюу 120 мянгатын 14, 15-р байрны урд барьж байгаа G.M.V зочид буудлын 13 давхар, түүний залгаа 2 давхар барилгууд айлуудын цонхийг таглан баригдаад дуусчээ. Тухайлбал, нэгэн айлын цонх ийн таглагдсан байв.

xix-adore-1 Read the rest of this entry »

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | 5 Comments »

Төмөр замын арктай шар …

Posted by Mongol on 2009/08/16

Би “Хот төлөвлөлт ба газар олголт” булан нээж нийслэлийн барилга байшин, гудамж, зам талбайн байдал,  газрын маргаан зөрчил, хот төлөвлөлтийн алдаа завхралыг ажиглаж тодорхой баримт, жишээг нийтэлж байхаар шийдлээ.

Эхнийхийг танилцуулья.

Нийслэлийн Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт, төмөр замын “арктай шар” гэгдэх орон сууцны нүүрэн талд, усан оргилуур, мод, цэцгийн мандал бүхий тохижуулсан жижигхэн гурвалжин дээр “Халиун толгой” компани олон давхар барилга барихаар суурь ухаж хашаа босгож эхэлснийг оршин суугчид эсэргүүцсэн маргаан тэмцэл 2003 оноос хойш тасралтгүй үргэлжилж байна.  

Та харж байна уу? Энхтайвны өргөн чөлөө рүү харсан “арктай шар”-ын айлуудын цонхыг 10 давхар барилгаар таглаж болно гэж үү?

tumur_zam_arktai_bair Read the rest of this entry »

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | 1 Comment »

Монголын хамгийн муухай хашаа

Posted by Mongol on 2009/03/17

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр 97 тоот захирамж гаргаж нийслэлийн өнгө үзэмжийг гутааж байгаа эмх замбараагүй хашаануудыг цэгцлэхийн тулд өөрийн орлогч Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулж “Хашаа” нэртэй гурван сарын арга хэмжээг зохион байгуулах болсноо зарлав.  Хэвлэл мэдээллүүд үүнийг ихэд сонирхон мэдээлж, тухайлбал, “Өнөөдөр” сонин мэдээгээ “Өнгө үзэмжгүй хашаа баривал газар эзэмших захирамжийг хүчингүй болгоно” хэмээн гарчиглажээ. Энэ хаваржин бужигнуулж ширүүн юм болохнээ. Гэхдээ гэр хорооллын ядарсан хашаануудыг биш, харин хотын төв хэсэгт дөрвөлжилж орхисон элдэв хашаануудыг эхлээд буулгана гэж найдаад Улаанбаатарын, магадгүй Монголын хамгийн муухай хашааг хэлж өгье.

img_2213 Үүнээс навсгар хашаа Монголын 20 аймаг, 300 гаруй суманд      зөндөө бий байх, гагцхүү энэ хашаа нийлэлийн яг төвд, Төрийн ордны чанх зүүн талд байдаг учраас дийлж байгаа юм. Тэгээд лав 4 жилийн турш навсайж ирсэн  учраас “Хашаа” аяны болзлын дагуу өчиггүй буулгах ёстой.  Зэргэлдээх ХАС банк том самбараар яаж ч далдлаад нэмэр алга.

Цаанаас нь улсын хэвлэлийн комбинат агсан цухайдаг. 100 шахам жилийн өмнө Дамдины Сүхбаатар гэдэг залуу энд үсэг өрж зогссоноос хойш бүтэн зууны туршид монголын бичгийн соёлыг үйлдвэрлэж өгсөн газар. Би энэ барилгыг хэвээр үлдээж засаж тордоод XX зууны түүхийн дурсгал болгоосой гэж одоо ч хүсдэг. Гэтэл М.Энхболд дарга “Улаанбаатар таймс” хэмээх жижигхээн сониныхоо нэрээр сожиж үлдээгээд 2005 онд дээврээс буулгаж эхэлснээ гэнэтхэн орхисон …Юу болсныг хэн ч мэдэхгүй.

img_2214 Одоо Төрийн ордны баруун хаалгаар өглөө дотогшоо, орой   гадагшаа морилдог Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд  хоёр тас хар машиныхаа цонхоор энэхүү “үзэл сурталгүй” хашааг заавал хардаг гэж нийслэлийн удирдлага мэдэхийн дээдээр мэдэж таарна. Гэхдээ байлгаад байгааг бодоход Ерөнхийлөгчтэй холбоотой гэдэг яриа үнэн бололтой. Тэгвэл Ерөнхий сайд яагаад таг дуугүй? Эвгүй байдаг биз…

Уг нь манай сонин, телевизүүд хамрын дор байгаа энэ барилгыг аль эрт илчилж шуугиан дэгдээгээд Ерөнхийлөгчөөр нэг юм бодуулж ядахдаа гоё хашаа бариулах байсан юм. Даанч тэгээгүй учраас аргаа барсан нийслэлийн удирдлага Ерөнхийлөгчийн барилгад холоос халдахаар шийдэж “Хашаа” аяныг сэдсэн байж болох. Бүтэн тэрбум төгрөг төсөвлөсөн гэсэн.

Монголын №1 энэхүү хашааг гоёж гоодлоо ч монголын хамгийн муухай балгас цаана нь үлдэнэ. Баасан авгайн Ахмадын холбооны байрнаас юугаараа дээр гэж? Иймээс дараачийн аян “Балгас” байтугай.

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар | 7 Comments »