АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘Барилга, хаяг, реклам’ Category

Газраас гадна самбарыг хувааж авцгаажээ

Posted by Бид on 2012/06/16

TV9 телевизэд захиалсан Focus Talk-оор нэвтрүүлгээрээ УИХ-ын сонгуульд АН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн Б.Батбаатарын ам халж энэ удаад самбараар, сурталчилгааны материалаар зодсон сонгууль болж байна гэж шүүмжилснээ өөрийгөө тэдний нэг гэдгийг гэнэт ухаарч цайруулахыг оролдохдоо “Чингэлтэй дүүрэгт би долоохон самбар дээр намынхаа нөхөдтэй хамтраад сурталчилгаагаа тавиулж байгаа. Энэ долоон самбар бол Чингэлтэй дүүргийн Ардчилсан Намын өмч” гэж ярив. Замын хажууд зоосон тоо томшгүй олон жижгүүдийг биш тэнгэр таглаж нар халхалсан, өдөртөө хэдэн зуун мянга, саяар түрээслүүлдэг хааш хаашаагаа арав, хорин метрээр хэмжигддэг тэр самбаруудыг хэлж байна. Улаанбаатар самбар газар шиг үнэ цэнэтэй болжээ.

Өнгөрсөн дөрвөн жилд Чингэлтэй дүүрэгт цөөнх байсан Ардчилсан намынхан олонх байгаа МАН-тайгаа тохиролцож самбарын зөвшөөрлийг хуваагаад авчээ. Тэдэнд долоо ногдсон байна. Дүүрэгтээ сөрөг хүчин санаатай юм бол ийм шударга байдлыг гаргуулахгүйгээр самбарын зөвшөөрлийг ил тод, нээлттэй өрсөлдүүлж олгохыг шаардаж болох байсан уу? Байсан. Гэвч тэгээгүй. Хуйвалдаж хуваах боломж гарвал АН-ынхан хэзээ ч буцдаггүйн жишээ өнөөдөр гудамжаар дүүрэн байна. Гудамжны самбаруудыг анхааралтай хараарай. Тоолсон ч болно.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа, Барилга, хаяг, реклам | Leave a Comment »

Энэ самбаруудын эздийг илчлэх хэрэгтэй гэж бодлоо

Posted by Бид on 2012/04/04

Өнөөдөр гудамжаар дүүрэн “Би бодохдоо … ” болчихлоо. Нийсэлийн хамгийн ашигтай байрлалын самбаруудыг энэ сурталчилгаа ээлж дараалан эзлээд зогсохгүй, зөвхөн энэ сурталчилгаанд зориулсан том том самбаруудыг энд тэндгүй шинээр босгож байна.

Гудамжны рекламын самбарууд бол арав гаруй жилийн өмнөөс МАХН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны мэдлийн бизнес юм. Нийслэлд хаана хэдийг ямэр хэлбэр загвараар байрлуулахыг анх “Улаанбаатар” сан шийдэж орлогыг нийслэлийн төсөвт цуглуулдаг гэх боловч цааш ардчилсан социалистууд хэмээх төрд орох, төрөөс хүртэхдээ монголын жирийн залуучуудаас онцгой эрхтэй нөхдийн компаниудад түрээсэлж эхэлсэн бол сүүлдээ самбар босгох зөвшөөрөл олгох зэргээр тэдний мэдэлд бүрэн шилжүүлжээ. Ач холбогдолгүй жижиг самбарууд хотод үлдсэн. Энэхүү дээд зэргийн хаалттай бизнес нийслэлийн ямар ч төсөв, тайланд тооцогддоггүй явдаг. Одоо “Нийгмийн ардчилал” монголын залуучуудын холбоо хүссэн газартаа шинийг зоож байгааг харахад тэдний гарт хэвээр байна.

Сүхбаатарын талбайн чанх урд, Энх тайвны өргөн чөлөө рүү харсан аварга том самбаруудын өртөг нь хэд болохыг хэн ч мэдэхгүй. Нийслэлийн А бүсийн арай жижиг самбарын түрээсийн үнэ өдрийн 450 мянган төгрөг гэж сонсож  байсан. Тэгвэл төвөөс нэлээд зайтай, жишээлбэл Хан-Уул дүүрэг дэх самбаруудыг түрээслэхэд сарын 2 сая төгрөг юм байна.

Асар том бизнес бидний хажууд, бидний толгой дээгүүр цэцэглэж байна. Бүгдийн нүдний өмнө ил мөртлөө хаалттай. Эхлээд би, энэ самбаруудыг цэгцэлж журамлах хэрэгтэй гэж бодсон. Тэгснээ журамлана гэж ярихын  өмнө самбаруудын эзэн, эзэмшил, төлбөр тооцоог ил тод болгох хэрэгтэй юм байна гэж бодлоо.

Posted in Барилга, хаяг, реклам | 1 Comment »

Гурил [инсталяц гарчиг]

Posted by Бид on 2010/04/27

Урт цагааны зүүн жигүүрт төвхнөсөн “Занаду” уран зургийн галерейн хажуугаар өнгөрөхдөө юу үзэв ээ!!! Орчин цагийн урлаг аймаар хөгжсөн байна шүү.  Энэ бүтээлийг ойлгосон эсэхээ ч тэр мөчид ойлгосонгүй.

Дараа нь бодоод байсан чинь үүнээс хамаагүй илүү инсталяц (жанр нь зөв үү?) Улаанбаатарт зөндөө байгааг ухаарлаа. Ганц хашаа биш бүхэл бүтэн барилга, өргөтгөл, гудамж бий. Заримдаа хот маань бүхэлдээ тийм санагдах үе бий. Уран бүтээлчид нь нийслэлийн Засаг дарга, хот төлөвлөгч, ерөнхий архитекторч байсан болоод байгаа хүмүүс. Юун Ганзүг…

[Маргааш би Улаанбаатарын хамгийн муухай барилгын зургийг нийтэлнэ]

Read the rest of this entry »

Posted in Барилга, хаяг, реклам | 3 Comments »

“Цоо шинэ” хана

Posted by Бид on 2010/04/25

Баруун дөрвөн замын баруун хойхно баригдаж буй өндөр орон сууцны хажуугаар өнгөрөхдөө хаа нэгтээгээс буулгаж авчирснаас зайлахгүй хуучин бөгөөд эмтэрхий тоосгоор хааш яйш өрсөн ханыг анзаарлаа. Бас дэндүү нимгэхэн тул бяртайхан эр ганц мөрлөхөд хэдэн тоосготой хамт доош нисчихмээр санагдав.  

Read the rest of this entry »

Posted in Барилга, хаяг, реклам | 5 Comments »

Түүхэн баримт …

Posted by Бид on 2010/02/21

Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн ойролцоох орон сууцны ханан дээрх энэ бичээс лав ноднин намар байсан санагдана.  Өнөөдөр хэвээрээ. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд цаадуул нь ирсэн эсэх, Төрөө, Отгоо, Амраа, Уугаа дөрөв хэр удаан хүлээсэн, хэрвээ уулзалдсан бол нийлээд юу яасан тухай түүхэн баримт үлдсэнгүй. Магадгүй, кино юм уу музей үзэх, эсвэл номын санд суухаар явцгаасан байж мэдэх. Жуумалзаад байна уу? Яагаад үгүй гэж?

Posted in Барилга, хаяг, реклам | Leave a Comment »

Илүү, илүү, илүү …

Posted by Бид on 2010/02/10

Зүгээр нэг хаягнаас хамаагүй илүү, бараг сурталчилгаа болжээ.  Бүр жирийн нэг сурталчилгаанаас илүү, машин засуулагчдын бүртгэл шахуу. Тоолбол 45 утасны дугаар байна. Залхуугүй цуглуулжээ.

“Байна уу, та засварчин Нараагаар машинаа засуулсан уу?”  гээд л … Цаадуул нь “чанартай, хурдан, хямдхан” тухай рекламанд тоглоод өгчихнө. Магадгүй, засварын үнэ төлбөрөөс хөнгөлөөд тохирчихсон байж мэдэх.

(Харин мартагнаад, эсвэл муухай ааш нь хөдлөөд “тэгээд юу гэж?” гэж хэгжүүрхвэл засварчин Нараа руу залгаад гомдоллоход хангалттай. Дараа нь тэр нөхрийг машинаа засуулах гээд уруу царайлаад ирэхэд нь Нараа хүмүүжүүлээд өгнө)

Улаанбаатарт авто засварын билэг тэмдэг болсон вьетнамчууд лав ингэж сэтгэхгүй.  Иймээс Нараа ба түүний нөхөд  илүү, илүү, илүү. Үндэсний засварчдаа дэмжицгээе!

Posted in Барилга, хаяг, реклам | 12 Comments »

III давхар хаачив?

Posted by Бид on 2010/02/02

Хэд хоногийн өмнө 100 айлд байдаг “Алтан шагай” компанийн барилгын шавааралдсан хаягнуудын зургийг сонирхоод дарчихсан байснаа сая үзсэн чинь ” оффис” байрладаг гэх III давхар алга.  Хаачсан юм бол доо…

Posted in # УЛААНБААТАР, Барилга, хаяг, реклам | 3 Comments »

Гурван удаагийн цайны газар …

Posted by Бид on 2010/01/16

Аливаа бизнесийг эрхлэхэд хамгийн чухал гурван зүйл бол нэгдүгээрт  байрлал, хоёрдугаарт байрлал, гуравдугаарт бас байрлал гэж ярьдаг. Тэгвэл нийслэл хотын төвд хэрнээ гудамж руу хараагүй энэ цайны газрын хувьд 1. “Цайны газар”. 2. “Цайны газар”. 3. “Цайны газар” гэсэн гурван удаагийн нэр төдийгүй 1. “Нээлттэй” 2. “Нээлттэй” 3. “Нээлттэй” гэсэн гурван удаагийн цагийн хуваарь болжээ.  Огт автахгүйгээр хийснээс (хэвлэсэн, наасан) үзэхэд өдөр шөнийн 24 цагийн турш хаагддаггүй юм шиг.    

Read the rest of this entry »

Posted in Барилга, хаяг, реклам | 1 Comment »

Коток, канки, бонус…

Posted by Бид on 2010/01/08

Монгол орон даяар маш хүйтэрч байна. Завхан, Хөвсгөл, Увсад шөнөдөө – 40 градусаас доошоо бууж зарим шөнө 50 руу дөхсөн тухай мэдээлэв. Нөгөө дэлхийн дулаарал хаачсан юм, бүү мэд.

Улаанбаатарт бас л хүйтэн байгаа боловч хотын бид муухай утаан дунд гэхгүй л бол каток-тоо  очиж коньки-гаар  гулгахтайгаа байна.  Оросоос салаад 20 жил болсон ч энэ хоёр үг гуйвж дайваад ч хамаагүй үлдэж хоцорчээ. Нэмэгдсэн юм гэвэл бонус-тай болсон.

Энэхүү часхийсэн зарлалаас мөсөн гулгуурын бизнесийн урамшууллын арга, Улаанбаатарт зай завсаргүй олон дээд сургуультай, зөв бичих дүрэм ихээхэн “ардчилагдсан” гээд зөндөө юм анзаарагдана.

Сонирхолтой зар байлаа.

Posted in # УЛААНБААТАР, Барилга, хаяг, реклам | 1 Comment »