АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘UBS телевиз’ Category

“Яасан сонин юм бэ?”-гээс “Зүгээр ээ” хүртэл

Posted by Бид on 2012/03/02

Ойрын өдрүүдийн хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг бол UBS телевизийн Universe Best Songs юм шиг байна. Үдэш бүрийн оргил цагаар бүгд л үзэж харагдах юм. Нэлээд хэдэн жил зохиогдож зүгээр нэг дууны тэмцээнээс хальж  эхлэл, хоёр хөтлөгчийн жүжиглэл, төгсгөлийн дууг багтаасан бүхэл бүтэн шоу болж хувирсан энэ нэвтрүүлгийн хэдэн дугаарыг арга буюу үзлээ. Дуучны хоолойн бүдүүн, нарийний (энэ хоёрыг ч нэг муу ялгаад байгаа) хажуугаар доод, дээд өнгө, нугалаа, диапазон гэж юм байдгийг мэдэж авлаа.  Харин яахаараа “чи шүү” болдгийг бүү мэд. Гэхдээ яаж дуулснаас илүү яаж шүүж, бас шүүлгэж байгаа хамаагүй сонирхолтой.

Уржигдар үдэш нэг охин дараачийн шатанд тэнцэх шахсанаа ойлгохгүйгээр, шүүгчдийн жаахан шүүмжлэлийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлэхийн оронд “би өөрийгөө урлагт авъяастай гэж үздэг” гээд гөжлөө. “Дургүй хүрсэн” (Амархүүгийн үг) шүүгчид түүнийг бусдын үгийг сонсож сурах хэрэгтэйг сануулахад “ямар сонин юм бэ?” гэж хялалзаад өөрийгөө бүрмөсөн баллаж орхив. Бүр тайзнаас буухгүй аашилсан  тул шүүгчдийн нэг “эсвэл чи, эсвэл би явъя” хэмээн айлгаж байж сая нэг холдуулав. Камерийн өмнө бишсэн бол тачигнатал хэрэлдэхээс сийхгүй бэлтгэлтэй санагдсан шүү.

Харин өчигдөр өөр нэг охин англиар дуулахдаа үгийг нь бараг уншсанаас тэр үү шүүгч Рагу шууд зогсоож “дуу бол ном биш” гэж сануулав. Араас нь нөгөө хоёр шүүгчээс “чи тэнцэхгүй” гэсэн үг сонссон  авъяастан маань “зүгээр ээ” гэж гудиггүйхэн талархаад  цааш одов. Бөөн инээд.

Posted in UBS телевиз | Leave a Comment »

Төгс шоу

Posted by Бид on 2010/05/24

Сүүлийн үеийн монголын телевизийн хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг ба монголын хамгийн гоё ярьдаг улс төрч хоёрыг нийлүүлбэл юу болохов? Тийм ээ, төгс шоу болно.

Бямба гаригийн үдэш UBS телевизийн Universe Best Songs нэвтрүүлгийн сувгийг эргүүлтэл тайзан дээр дуучдын оронд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж индэр засуулаад тухалчихсан лекцэлж өгч байна. Энэ агуу санааг Ерөнхийлөгчийн зүгээс (бараг өөрөө биз) гаргасан гэдэгт бараг 100 хувь итгэж болно.

Оролцогч жаалын “Таны хүүхдүүдээс дуучин болох хүн бий юу?” гэсэн асуултанд яаж 4 хүүтэй болсноо үе шатаар нь тоочиж дараа нь өнчин өрөөсөн 20-30 хүүхдийг өсгөн хүмүүжүүлж байгаа тухай дараачийн лекц эхэллээ. Асуулт-Лекц. Асуулт-Лекц. Асуулт-Лекц…  Ийнхүү телевиз үзэгчид гэртээ санаандгүй сууж байгаад Элбэгдорж ерөнхийлөгчийн угсраа лекцэнд давхар суух нь тэр.

“Universe Best Songs” бол яг өнөөдөртөө монголын телевизийн хүрсэн оргил, бас нүүр царай юм. Санаа нь гадаад, нэр нь гадаад, дуу нь гадаад. Ерөнхийлөгч хүртэл нэрээ хавчуулахыг хүсдэг нэвтрүүлэгтэй болсон нь сайн хэрэг, гэхдээ энэ бол зүгээр нэг шоу…

Бусад телевизүүдэд шинэ оддыг төрүүлдэг гурван шүүгчтэй нэвтрүүлэг одоогоор дахиад гурав байна. TV9-ын “Гэгээн алсын одод”, TV5-ын “Бүжгэнд урья” ба МҮОНТ-ийн “Монгол үндэстний дууны их наадам”. 

Манай дөрөвдэх засаглал үзэгчдээ шоугаар байлдан дагуулж байна.

Posted in Улс төр, эдийн засаг, UBS телевиз | 2 Comments »

“Тархинд зүүсэн алтан медаль”

Posted by Бид on 2010/05/20

Энэ хаврын хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг бол UBS телевизийн Universe Best Songs болой. Орой болмогц хөгшин залуугүй дэлгэцийн өмнө тухалж тэнд авьяасаа үзүүлэх уран сайханчдыг чагнахаасаа илүү Рагу, Т.Ариунаа, Б.Долгион нарын гурван шүүгч болон хөндлөнгийн ажиглагчдын амыг сахиад суучих юм. Тэдний дүгнэлт, санал зөрөлдөөн, хааяа лобби цаад дуунуудаасаа хамаагүй илүү сонирхолтой аж. Авгай хүүхдүүд үзэхлээр тэр айл тэр чигээрээ дагахаас өөр аргагүй. Юун зуд, хямрал, цалин, махны үнэ, 1,5 саяын амлалт, Монгол 999 … Дөрөв, тавдугаар сард АНАТХ-ийг ард түмэн дэмжиж хөдлөөгүйн учрыг би бараг мэдчих шиг боллоо.

Тэгтэл TV9 телевиз бас нэгэн төстэй шалгаруулалт эхэлсэн нь “Гэгээн алсын одод” нэртэй хүүхдүүдийн уралдаан. Б.Сарантуяа, Б.Төгөлдөр, бас Бэхбат гэсэн бас гурван шүүгчийг зарим хүн хатуу ширүүн, хүүхдийн нулимс харж кайф авдаг, нэг шүүгчийг бүр хүйтэн царайт гэж бичсэнд гайхан суваг эргүүлж сонирхвоос ортой санагдав.  Нэгэнт уралдаан тул хатуухан шүүх ёстой, гэхдээ хүүхдүүдтэй муухай харьцах нь үнэхээр таалагдсангүй.

Б.Төгөлдөр:

– Чиний нулимс гарч байна. Наадах чинь ухаарлын нулимс

– Чиний тархинд бид алтан медаль зүүж өгч байна гэж бодчих

– Зардал гаргах хэрэгтэй. Чамайг дэлгүүр мэлгүүрээс цамц аваад өмсөөд ир гэж хэлээгүй

Бэхбат:

– Наадах чинь надад хамаагүй…. Ийм царайтай ороод ирж байгаа юм даа. Намайг хүндэтгэхгүй. Хоёр шүүгчийг хүндэтгэхгүй… Тайлбар сонсохгүй ээ…

– Сонголтоо буруу хийгээд ороод ирлээ шдээ. Өөрийгөө асуудалд оруулчихаж байгаа байхгүй юу…

Б.Сарантуяа:

– Ийм амархан дууг ийм муу дуулж байна гэдэг гайхалтай.

– Нүүрээ хагал

– Чи биднийг уртын дууг мэдэхгүй гэж бодоо юу? Би Норовбанзад гуайтай хамт “Өнчин цагаан ботго”-ыг дуулж байсан. Би хэдий эстрадын дуучин ч гэсэн уртын дууг мэднэ ээ, заримдаа дуундаа шуранхай маягийн юм оруулдаг.

Би ганц хоёр удаа суваг эргүүлэхэд тааралдсан нь энэ. Намайг үзээгүйд юу ярьж суусан бол гэж бодохоос аймшигтай.

Бүдүүн барагдуу хоёр бөхийн нэг нь нөгөөдөө “Чи гуравдугаар анги төгссөн намайг дөрөвдүгээр ангийн боловсролтойгоороо дээрэлхлээ” гэж гомдоллосон гэдэг. Тэгвэл урлагийн мэргэжилтэн (бодвол доктор профессор биз), мянганы манлай (харин тэр Төгөлдөрийг мэдэхгүй) зэрэг өндөр зиндааны том хүмүүс урлагын байтугай жирийн сургуулиа ч төгсөж амжаагүй бяцхан охид жаалуудыг дээрэлхэх хэрэг байна уу? Харин хүүхдүүд тэр болгоныг ойлгохгүй нь сайхан. “Чи фонограм дээрх солонгос дуучинтай хамтраад дуулж байгаа юм уу?” гэж даапаалахад “Тийм” гэж хариулаад тормолзож зогсох.   

Инээмсэглэж чаддаггүй хүн дэлгүүр бүү ажиллуул гэсэн үг бий. Бас хүүхэдтэй харьцах ёстой дэмий юм байна. Тэр Бэхбат гэдэг хүүхэн ганц удаа ч болов инээмсэглэхийг олж харсангүй.

Тэгтэл TV5-аар бүжгийн тэмцээнийг хэдэн нөхөр суугаад шүүдэг болжээ. Одоо хангалттай.

Posted in TV9 телевиз, UBS телевиз | 11 Comments »

68 хувийг тэг болтол “зодож байна”

Posted by Бид on 2009/08/20

Одоо үйлчилж байгаа хууль тогтоомжийн дагуу, элдэв хөнгөлөлт чөлөөлөлт үгүйгээр  Оюутолгойн гэрээг байгуулаад ир гэсэн тов тодорхой үүрэг өгсөн УИХ-ын 57-р тогтоолын хариуд Засгийн газрын ажлын хэсэг “Ёстой гоё гэрээ байгуулах боллоо, харин хэдэн хуулийг өөрчлүүлье” гэсэн хариу даалгаврыг өргөн барихад Д.Дэмбэрэл дарга “жа” хэмээн хүлээж авсан тэр мөчөөс хойш монголын хэвлэл мэдээллээр гэрээний заалтуудыг магтах, ялангуяа 68 хувийн татварыг муулах сурталчилгааны кампани өрнөж байна. Ерөнхийлөгчийн суудлаас ховхормогцоо сая шударга үнэнийг нэхэж эхэлсэн Н.Энхбаярын TV9 телевиз (бас мэдээж “Зууны мэдээ”) гэрээний төслийг эсэргүүцэгчдийг яриулснаас биш , хэвлэл мэдээлэл, сэтгүүлч, тоймчид бараг бүгдээрээ Засгийн газрын талд орж УИХ-ын чихийг зөөлрүүлэх гэсэн мэт балбаж эхэллээ “Өнөөдөр” сонин УИХ-ын гишүүдийг “Нусаа тат” гэж загнасан бол UBS телевиз “… 68 хувийн татварыг авах гэж байгаа нь УИХ-ын гишүүдийн хувь хүртэх гэсэн сонирхолтой холбоотойг олон хүн мэдэж байгаа”-г илчлэв. (Харин “мэдэж байгаа” хүмүүсээ UBS мэдэж байгаа эсэх нь тодорхойгүй).  Бас Оюутолгойн гэрээ ба хуулийн өөрчлөлтүүдийг хэлэлцэх УИХ ээлжит бус чуулганд “Амжилт хүсье!”, эрхэм гишүүдийг “Зөв шийдвэр гаргаж чадна гэдэгт итгэж байна” гэх мэт боловсон  анхааруулга ч цувлаа… 

Ийнхүү Засгийн газар, “Айвенхо майнз”, түүний мөнгөнд согтсон хэвлэл мэдээлэл гурав 68 хувийн татварыг шууд газарт унаган тэг болтол зодож байхыг хараад манай яруу алдарт олон нийтийн телевиз яаж зүгээр өнгөрөхөв. Бишээ, өмөөрөөгүй… 

Эхлээд “Айвенхоу майнз”-ийн түнш – “Рио Тинто” компанийн сурталчилгааны нэвтрүүлгийг МҮОНТ оргил цагаараа сэмхэн шургуулав. Америкт суралцахдаа Оюутолгойн гэрээний гэнэтийн ашгийн 68 хувийн татвар бурууг мэдчихээд ирсэн МУИС-ын багш Баянмөнх “… энэ татварыг хөрөнгө оруулагч тал зөвшөөрөхгүй… яавал тэдэнд ашигтай байлгахав?” гэх мэтээр хичээл заалаа. Бас геологийн ухааны нэгэн доктор ярив. (Яг энэ хоёр ярианы хэсгээс тэр оройн “Цагийн хүрд” үзүүлсэн юм. Мэдээллийн хөтөлбөр хүртэл захиалгатай байжээ). Төгсгөлд нь “Улаанбаатар хот. 2009 он.

Тэгвэл чуулган нээгдсэн оройн оргил цагаараа Оюутолгойн гэрээнээс 68 хувийг татварыг авч хаяхыг ухуулсан дараачийн нэвтрүүлэг хулгайгаар орж ирлээ. (Бас л хөтөлбөрт байгаагүй гэсэн үг). Нөгөө хичээл зонхилж, түүнийг Засгийн газрын төслийг өргөн барих үед Сангийн сайд С.Баярцогтын хэлсэн үг, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн “жа”-гаар чимсэн байлаа. Төгсгөлд нь бас л “2009 он” гэжээ.

“Захиалгат нэвтрүүлэг” гэсэн тайлбар тавихаа ч больж. Олон нийтийн телевиз цайрчээ. 

P.S: Энэхүү захиалгат нэвтрүүлгийг нөгөө TV9 телевиз маань 20-ны оройн оргил цагаараа гэнэтхэн үзүүлэв. Мөнгө, мөнгө, мөнгө … Бүр ахиухан мөнгө төлбөл иргэний хөдөлгөөнийхнийг яриулахаа ч болих биз.

Posted in "Өдрийн сонин", Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV9 телевиз, UBS телевиз | 9 Comments »

Хүй долоон худагт нэг сая хүн …

Posted by Бид on 2009/07/14

Нэг бөх нөгөөдөө “чи намайг боловсролтойгоороо дээрэлхлээ” гэж гоморхсон тухай онигоо байдаг. Тэрбээр гуравдугаар анги, нөгөөдөх нь дөрөвдүгээр анги төгссөн байж.

Саяын наадмын хоёр дахь өдрийн өглөө соёолон морины уралдааныг Хүй долоон худгаас шууд дамжуулсан UBS телевизийн хоёр тайлбарлагч морьд барианд орохыг сэтгэл өндөр тайлбарлаж дуусангуутаа нэг нь багширсан олон хүн амьтныг сая анзаарч:

– Өнөөдөр Хүй долоон худагт лав хагас сая хүн цугларч сайхан наадлаа гэж дүгнэв.

Хэдийгээр соёолонгийн тоосонд даруулах дуртай ч нийслэлийн сая гаруй хүн амын тэн хагас тэнд оччихсон бужигналдсан гэхэд итгэмээргүй. Нөгөө тайлбарлагч нь бас итгээгүй бөгөөд залруулж

– Өнөөдөр энд сая гаруй хүн цугларч сайхан наадлаа гэх нь тэр.

Сайхан наадсан нь үнэн байх, гэхдээ тэр өглөө нийслэл эзгүйрсэн байж таарах уу? 

Баримжаа гэж нэг юм байдаг даа…

Posted in Наадам, UBS телевиз | 1 Comment »

UBS-ын хоёрхон нүүр

Posted by Бид on 2009/06/17

Саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар телевизүүд хэтэрхий “тэнцвэртэй” ажилласнаа нотолж, тэр нь нотлогдохгүй бол “нэг нам нь нэвтрүүлгээ өгөөгүй учраас нөгөө намынх илүү гарч зовоогоод” хэмээн бухаж үзсэн билээ. Хэрвээ тийм бол нэг намынх хэмжээндээ, харин нэвтрүүлгээ өгөөгүй намынх СЕХ-ны баталсан хуваариас бага байхсан. Гэтэл хоёр намын сурталчилгаа хоёулаа хэд дахин хэтэрсний учрыг тайлбарлахыг тэд хүсдэггүй.

Тэгвэл UBS телевизийн ерөнхий редактор Ө.Гэрэлтцэцэг тус телевиз сонгуулийн сурталчилгаанд ёс зүйг дээд зэргээр эрхэмлэж хандсан гээд “Намуудын нэвтрүүлгийг урьдчилж үзээд өрсөлдөгч рүүгээ дайрсан тохиолдолд нэвтрүүлэхээс татгалзаж байсан, тухайлбал АН-аас ирүүлсэн тийм нэвтрүүлгүүд хасагдсанаар МАХН-ынх бага зэрэг илүү гарсан” тухай ярьж байв.

Тэгвэл дараах жишээг яаж тайлбарлах бол? АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг удам судраар нь доромжилсан “Монголоороо л үлдэх юмсан” нэвтрүүлгийг UBS телевиз жа хэмээн хүлээн авч лав 5-р сарын 20-ны өглөө “сэмхэн” үзүүлсэн гэх юм?

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, UBS телевиз | 7 Comments »

TV Zone vs Тop Info TV

Posted by Бид on 2009/06/09

Зурагтын мэдээ бол телевизорын дагуул. Долоо хоногт нэг, жилдээ 52 удаа солигддог дагуул. Таны санаанд хамгийн түрүүнд “зуугийн мэдээ” орж байгаа биз. Өнөөдөр “ТВ долоо хоног”, “ТВ суваг” (Монголын телевизүүдийн холбооны дэргэдэх гэсэн тодотголтой), “ТВ элч” (МҮОНРТ-ийн), “Танайд хоноё”, (бас “ТВ толь” гэх мэтийн нэг удаагийн оролдлогууд зөндөө) сонинууд хэдийнэ 200 төгрөгийн үнэтэй болж өнөөдрийн олон телевизийн мэдээг эмх замбараагүй унжралдуулан нийтэлж орхидог хэвээрээ ч янз бүрийн зар мэдээ, реклам сурталчилгааг өнгөтөөр тавьдаг, бас хямдхан тул байр сууриа хараахан алдаагүй өдий хүрчээ. Гэхдээ хэдэн саяын үнэтэй Bravia телевизорын хажууд “зуугийн мэдээ” юмуу өдөр тутмын сонины “мэдээтэй” нүүр нугларан хэвтэх зохимжгүй харагдана.

Сэтгүүл бол өөр хэрэг. Ноднин телевизийн мэдээний сэтгүүлүүд шинээр гарч ирсний эхнийх нь UBS телевизийн эрхэлдэг TV Zone юм.

Tv Zone setguul

Дараачийнх нь “Top Info TV (хамаг чухал үгсийг хамсан яасан ховдог нэр вэ?) сэтгүүл. Дээр дурдсан “TV суваг” сониныг, бас “Ноён зууч 1950” утсыг эрхэлдэг “Билэгт дөлгөөн” ХХК-ийн хэвлэл юм байна. Хоёулаа 999 төгрөгийн үнэтэй. (Нэг төгрөгийн хариулт өгдөг болов уу?).

IMG_1106

Өнгөрсөн сард Next Week нэртэй гуравдахь сэтгүүл мэндэлжээ. Хуудас цөөн, үнэ хямдхан – ердөө 300 төгрөг. Гурвуулаа гадаад нэртэй сэтгүүл байна.

Яг одоогоор TV Zone, Top Info TV сэтгүүлүүд ширүүн тулж байгааг UBS ба TV9 телевизээр явах шинэ дугаарын сурталчилгаанууд, бас “Номин”-гийн бүх супермаркетад зэрэгцэн зарагдаж байгаагаас та анзаарсан байх. Хоёуланд нь элдэв мэдээ, сонирхолтой ярилцлага, өгүүлэл, орчуулга, зураг, зөвлөгөө, англи хэлний хичээл пиг дүүрэн нийтлэгддэг юм байна.

Миний хувьд телевизийн мэдээ нь чухал. Хоёуланг авч үзвэл харамсалтай нь гял цалыг эс тооцвол “зуугийн мэдээ”-нээс дээрдэх юм алга: нөгөө л холион бантан. Уншигчид (үзэгчид) өөрт хэрэгтэй телевизийн суваг, өдөр цагийг олохын тулд бөөн эрэлд мордоно, дээрээс нь жижигхэн үсгээр хэвлэдэг тул томруулдаг шил шаардагдана. Нэвтрүүлэг, киноны тайлбар, танилцуулга байхгүй. Ингээд телевизийн мэдээний сэтгүүлийн хамгийн муу нийтлэл нь телевизийн мэдээ болж таарлаа. Япончууд нэг мундаг цаг бүтээсэн нь радио сонсгож телевиз үзүүлэхээс эхлээд тоглоом тоглуулдаг, тоо боддог, ном ярьж өгдөг, агаарын хэм, эзэмшигчийн цусны даралтыг хүртэл хэмждэг гээд түмэн үйлдэлтэй мөртлөө цаг, минутийг заалгахыг мартчихсан байжээ гэдэг шиг.

Top Info TV сэтгүүл янз бүрийн телевизийн нэвтрүүлэг, тэдгээрийн сэтгүүлч, уран бүтээлчдийг дугаар бүртээ аятайхан танилцуулдгаараа давуу боловч бусад сэдвээр задгайдуу. Харин TV Zone сэтгүүл илүү соёлтой ч ерөнхийдөө UBS-ийн Zone-д хашигдсан санагдав.

Posted in + СОНИНУУД, + СЭТГҮҮЛ, + ТЕЛЕВИЗ, UBS телевиз | 21 Comments »

Телевизүүд сонгуулийн шөнө …

Posted by Бид on 2009/05/26

5-р сарын 24-нд манай телевизүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын явцыг өдөржин сурвалжилж СЕХ-ны зарласан хэвлэлийн хурлыг хэдэнтээ дамжуулсан билээ. Зарим нь бүр Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгийн төвд яваад оччихсон, эсвэл бүр холын аймгуудаас дүрстэй дүрсгүй мэдээ, сурвалжлага хүлээн авч үзүүлэв. Хөвсгөл айлын байшин  шатаасныг бид дор нь мэдэж авсан. Ингээд 22 цагт санал хураалт дуусахтай зэрэгцэн СЕХ-ноос сонгуулийн ирцыг 21 цагийн байдлаар мэдээлснээс хойш дэлгэц ширтсэн хүлээлт эхэлж хот хөдөөгүй шөнөжин үргэлжилсэн юм.

Телевиз болгон сонгуулийн дүн яаж тодрохыг цаг минут алдалгүй шуурхай мэдээлж нойргүй хонохоо амалж сүрхий эхэлсэн боловч удалгүй ямар ч мэдээлэлгүй болж усны эрэг дээр гаргаад хаячихсан загас шиг яахаа мэдэхгүй ангалзаж гарав. Өдөр дууссан нацу баше их аварсан даа. Тэгтэл шөнө дундаас хойхно АН-ын байрны хурлын танхимд тойрч суусан дарга нар, хөдөөний ганц нэг багийн санал тоолоход Ц.Элбэгдорж илүү санал авсныг тэнд овоорсон сэтгүүлчдэд дуулгаж эхлэв. Удалгүй МАХН-ны байранд сэтгүүлчдийг үүднээсээ цааш нэвтрүүлээгүй ч хэвлэлийн төлөөлөгч Төмөрбаатар гарч ирээд Н.Энхбаярын түрүүлж яваа хөдөөний баг, сумдын мэдээллийг ширхэгчлэн уншив. Энэ бүгдийг “Ийгл” телевиз уламжлал ёсоороо манлайлж, бас Vivia гэдэг мундаг станцтай болсон МҮОНТ удаалан шууд дамжуулж, бусад нь тун шуурхай сурвалжилж хүргэж байлаа.

Харин намуудын мэдээлэл хоёр хоёр давтагдаж Ц.Элбэгдорж түрүүлж яваа нь илт болохын хэрээр хэдэн сарын турш сонгуулиар эцэж цуцалгүй амьсгалсан зарим телевизийн дуу нь суларсаар өглөөний 06 цагийн үед АН-ын дарга Н.Алтанхуяг Монгол Улс шинэ ерөнхийлөгчтэй болсон шинэ өдрийн мэнд дэвшүүлсэн хэвлэлийн хурлыг “Ийгл” телевиз шууд дамжуулах тэр мөчид МҮОНТ өөрийн 40 жилийн ойн концертыг толилуулан баясгаж байсан бол  TV9, UBS телевизүүд танин мэдэхүйн гоё кино, нэвтрүүлэг гаргаж, TV5, 25-р суваг телевизүүд  эфирээ хаагаад гүн нойрссон байлаа.

P.S: Бас НТВ телевиз энэ бүгдийг шууд дамжуулсан гэж үзсэн хүмүүс хэллээ.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Ийгл телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, НТВ телевиз, TV5 телевиз, TV9 телевиз, UBS телевиз | 4 Comments »

“Эко констракшн”-ий Нямдаваа телевизийн дэлгэцнээс салахгүй нь ээ

Posted by Бид on 2008/11/17

Сүүлийн хэдэн жил захиалагчдаа зогсоо зайгүй хулхидаж байгаа “Эко констракшн” компанийг муулж бичээгүй сонин, муугаар үзүүлээгүй телевиз гэж Монголд үгүй болжээ.  Барилгаа  хугацаанд нь ашиглалтанд оруулж үзээгүй болохоор өөр яахав.  Боссон барилгууд нь бөөн гомдол дагуулдаг ч эрхбиш хатуу төмөр  хэлхэж цемент зуурч нийлүүлсэн юм болохоор тогтоод байдаг биз.

Ийм  дампуу компанийн захирал Нямдаваа гэгч залуу хэвлэл мэдээллээс бултаж сурсан нэгэн боловч өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр “Ийгл” телевизийн сурвалжлагч Батхишигтэй Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны үүдэн дээр таарчихаж.

Сурвалжлагч ярилцлага авахыг хүсэхэд цаадах нь сайдын өрөө рүү ухарч хэсэг нуугдсанаа сайдын туслах залууг дайчлан камерийн дуранг таглуулж байгаад хажуугаар нь гарч гоё машиндаа хамт суун зугтжээ. Удалгүй түүний үүрэг өгсний дагуу бололтой “Эко констракшн”-ий нэг  нөхөр “Ийгл”-ийн сурвалжлагчид бүгдийг ярьж өгнө хэмээн мэхэлж компани дээрээ дуудаж ирүүлээд “Бид өөрсдөө танайд хүсэлтээ тавиад нэвтрүүлэг хийлгэж болох уу?” гэж тандсан байх юм.  “Бид мөнгө өгвөл биднийг магтсан нэвтрүүлэг хийж өгөх үү?” гэсэн үг.

Өнгөрсөн зун тус компани  “2008 он” гэсэн зохиогчтой (төгсгөлд ингэж бичсэнээс өөр нэр хаяггүй) захиалгат нэвтрүүлгийг бараг бүх телевизээр (түүний дотор “Ийгл”-ээр) үзүүлэхдээ “Эко констракшн”-д гомдсон хэдэн зуу, мянган захиалагч байгааг тас нууж, зөвхөн  гэрээлсэн байрандаа удахгүй орно гэж найдсан хэсэг захиалагчаар компаниа баахан магтуулж жүжигчин Равдангаар хөтлүүлсэн билээ. Цаадуул нь хамаг мөнгөө төлчихсөн, хэд дахин хойшилсон байраа яаж ийгээд авахын тулд аргагүйн эрхэнд магтаж өгсөн биз.

Үйл явдал цаашаа улам сонирхолтой өрнөжээ. Маргааш нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.Мягмаржав “Ийгл”-ийн сэтгүүлчийг хүлээн авч уулзаад “Эко констракшн” компани алдаа дутагдлаа зассан гэж нотолсноо сэтгүүлчийн гаргаж ирсэн баримтад уурсан “Чи нийслэлийн ИТХ-д нэр дэвшээд байгаа  Нямдаваа захирлын нэр хүндэд бусдын захиалгаар халдлаа” гэж загнаад “Зууны шуудан” сонинд гарсан ”Захиалгын сэтгүүл зүй газар авах гээд байна” гэсэн ярилцлагын гарчгийг нотлох баримт болгон зааж, бас “сайдын туслах Эко компаниас барилгын зураг авах гэж явсан юм мэдэв үү?” гэх мэтээр даналзсан байх юм.  Урьд нь А.Мягмаржав “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч, бас Монголын радиогийн “Хурд” агентлагийн захирал байсан юмсан. Сайн хүнийг төрийн алба сайн эвдэх юмаа.

Бямба гаригт ЗТБХБ-ын сайд Х.Баттулга сэтгүүлчдийг дагуулан барилгын компаниудийг эргэхэд Нямдаваа захирал нөгөө зовлонт “Ийгл”-ийн сурвалжлагч бүсгүйтэй дахин учрах нь тэр. Гэхдээ юу ярьсан гээч? “Хэрвээ төр засаг банкуудад яаралтай үүрэг зээл өгүүлбэл барьж дуусгах гээд хүлээгээд сууж байна” гэнэ ээ.  Сурвалжлагч гайхаж “хэрвээ танай компани барилгаа ноднин хугацаанд нь оруулсан бол барилгын материалын үнэ өсөхөөс өмнө амжих байсан биш үү” гэсэн сурвалжлагчийн асуултанд  дахиад л “банкнууд зээл өгвөл …” гээд юу ч болоогүй юм шиг тормолзож зогслоо.

eco_construction_nyamdavaa2

“Эко констракшн” гэж компани ямар нэгэн ид шидээр (зарим хүмүүс ид шид биш, нууц эзэн нь нийслэлийн Засаг дарга асан М.Энхболд учраас тэр гэдэг ) хотын энд  тэндгүй газар эзэмшиж үй олон захиалга авч баахан орон сууцны барилга эхэлсэн боловч тэрнийгээ барахгүй сунжруулсаар энэ жилийн үнийн өсөлттэй золгожээ. Дараачийн удаад банкинд үүрэг өгөөгүй төр, өөрт нь зээл олгоогүй банкуудийг буруутгаж ярих юм байна. Магадгүй, аргаа барсан захиалагчдаараа “Нямдаваа захиралд зээл олго” гэсэн жагсаал цуглаан хийлгэж мэднэ. Өөрийгөө нийслэлийн ИТХ-д сонгуулах бол энүүхэнд.

Хотын дарга нар төсвийн мөнгөөр байр авахдаа зөвхөн “Эко констракшн”-ий байрыг сонгодог нь тус компанийн өөр нэгэн ид шид юм. Хэд хоногийн өмнө нийслэлийн хамгийн өндөр настанд олгосон нэг өрөө байрны түлхүүрийг Нямдаваа нь хувиасаа өгч байгаа мэтээр гардуулж UBS телевизээр шоудаж харагдсан.

Одоо Нямдаваа захирал телевизээс зугатах биш, телевизээс салахаа болохнээ.

Posted in + ТЕЛЕВИЗ, Ийгл телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, UBS телевиз | 3 Comments »

UBS-ийн хоёр нүүр

Posted by Бид on 2008/10/18

Баянгол дүүрэгт Төмөр замын арктай шар гэж 9 давхар содон орон сууц бий. Социализмын төгсгөлд орос ах нар Энх тайвны өргөн чөлөө рүү харуулж нүүрэн талдаа хэдэн мод, цэцгийн мандал, амарч суух санал бүхий гурвалжин талбайтайгаар барьж үлдээсэн билээ. Тэрүүхэндээ үзэмжтэй. 

Гэтэл энэ жаахан зай 2003 онд тэр үеийн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, одоогийн шадар сайд М.Энхболдод хүнийх учраас илүү харагдаж 16 давхар үйлчилгээний барилга босгохыг  “Халиун толгой” нэртэй компанид зөвшөөрсөн захирамж гаргажээ. Үүнээс хойш цонхоо таглуулж СӨХ-ийн мэдлийн талбайгаа булаалгахыг хүсээгүй оршин суугчид 5 дахь жилдээ тэмцэж байна. 

Иймэрхүү тохиолдолд ганц аврал нь тэдний сонгосон эрхэм гишүүд, Засаг дарга нар биш харин шуурхай давхиж ирээд Засаг даргын сонорт хүргэж өгөх  телевиз болж таардаг. Хамгийн түрүүнд нийслэлийн UBS телевизэд ханддаг боловч “бид газрын маргаан сурвалжилдаггүй” гээд тоож ирсэн удаагүй. Энэ хооронд иргэд хэрүүл зарга хийсээр яваад Монголд байдаг хамаг хууль дүрмийг зөрчсөн М.Энхболдын захирамжийг дараачийн Засаг дарга Ц.Батбаяраар цуцлуулсан шийдвэрийг ноднин гаргуулж чадлаа. Гэвч “хуулийн дагуу” зөвшөөрөл авсан “Халиун толгой” давж заалдан түдгэлзүүлсэн ба “Авзага трэйд” хэмээх гүйцэтгэгч компанийн хүчээр оршин суугчдыг бульдозероор түрэн хөөж байгаад томоос том суурь ухаад авчээ. Тэгтэл оршин суугчдад аз таарч 2008 оны УИХ-ын сонгууль дөхөж нийслэлийн ерөнхий менежер Э.Мөнх-Очир тодрохоор шийдэн уг газар дээр “25-р суваг” телевизийг дагуулан очиж “энд яасан ч бариулахгүй” гэж камерийн өмнө амлаад удалгүй нийслэлийн Засаг дарга Т.Билэгтийн сонгуулийн шоугаар цуцалсан 4 захирамжийн тоонд багтаав. Удалгүй дахин аз тохиож орон нутгийн сонгууль дөхөж түүнд нэр дэвшингээ иргэддээ хайр зарласан Баянгол дуургийн Засаг дарга ухсан нүхийг булуулахаар хэдэн машин шороо авчран буулгуулжээ… 

Гэнэт 10-р сарын 4-ны Бямба гаригийн өглөөний 9 цагийн үед нөгөө “газрын маргаан сурвалжилдагүй” UBS телевиз сэмхэн ирж сурвалжлаад буцжээ. (Амралтын өдрийн өглөө эрт шүү! Газрын маргаан болгоныг ингэж шуурхай сурвалжилдаг бол сайхнаа!). Оршин суугчид сүүлчийн мөчид мэдэж уулзахаар очсон боловч зутгаад явчихаж. 

Тэр оройн City News мэдээллийн хөтөбөрөөр дараах сурвалжлага үзүүлж Ням гаригийн өглөө давтсан байна. Яриаг нь сийрүүлье. 

Сурвалжлагч: 

… шөнө дөлөөр машин машинаар нь шороо асгаж тэдний үйл ажиллагааг доголдуулсан байна. Та бүхний харж байгаа энэ газар 2 жилийн өмнө зарласан тендерт ялалт байгуулан “Халиун толгой” компани авчээ. Энэ компанийнхан авсан газартаа үйлчилгээний төв барин доод давхартаа мөсөн каток байгуулахаар төлөвлөж “Авзага трэйд” компанитай гэрээ байгуулан гүйцэтгэгчээ олсон байна. Ингээд өнөөдрийг хүртэл хугацаанд бэлтгэлээ базаан 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Гэтэл өнгөрсөн шөнө хэн нь үл мэдэгдэх хүмүүс ирээд засаж янзалсан талбайд нь хэдэн машин шороо асгасан байна. Тэд иргэдээс ирсэн гомдлын мөрөөр энэ газрыг бөглөж байна гэж хариулсан байх юм. Өмнө нь сонгуулийн үеэр мөн ийм явдал болж байсан бөгөөд тухайн үед нь болон өмнө шат шатны шүүхийн байгууллагад хандаж холбогдох шийдвэр тогтоолуудыг гаргуулсан юм байна. Энэ баримт бичиг одоо ч өөрсдөд нь байдаг бөгөөд энэ газар бол “Халиун толгой” компанийх гэдгийг батлах юм. Шөнө дөлөөр ирсэн хүмүүс харуулуудыг нь үл тоон хашаа хороог нь эвдсэн байлаа. 

Манаач: 

Цагдаа өөрөө ирчихээд [ойлгомжгүй] бид нарыг өмөөрсөн юм  байхгүй, харин машин зохицуулаад тэр энэ гээд эдний талд байгаа байхгүй юу … 

“Халиун толгой” компанийн хуулийн зөвлөх Цэрэндорж: 

Гол хор уршиг нь бүтээн байгуулалтын үйл ажиллагааг хийж байж Монгол улс хөгжинө. Хэний мөнгөөр буулгаж байгаа шороо юм. Энэ чинь татвар төлөгчдийн мөнгөөр хөлсөлж авчраад татвар төлөгчдийн мөнгөөр буулгаж байгаа шороо. Тэгэхлээр яагаад Улаанбаатар хотын хөгжлийн эсрэг ийм асуудал хийгээд байгаа юм. Газрын албаныхан өөрсдөө хуулиа зөрчиж байна гэж би үзэж байна. Тийм учраас цаашдаа бид нар нэгэнт энэ асуудлыг бид хохирлоо нэхэмжилнэ. Албан ёсоор шүүхийн шийдвэр гарсан. Дахиж бид нар хохирлоо нэхэмжилж шүүхэд хандана. Ийм бодолтой байгаа..

Хэрвээ энд бүтээн байгуулалтын ажил хийгдэж дуусвал оршин суугчид 24 цагийн туршид чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайтай болно. Гэтэл иргэдийн нэрийг барьж хуулийн гадуур ажиллахаа болих хэрэгтэй гэдгийг хэлж байна. Мэдээллийг Шинэбаяр, Баттуяа нар хүргэлээ

Энэхүү  сурвалжлагын зорилго тодорхой. “Халиун толгой” компани ухсан нүхэндээ 800 сая төгрөгийг хөрөнгө оруулалт хийсэн, энд бариулахгүй бол нэхэмжилнэ шүү гэж шантаажилж байгаа хэрэг. Иймээс татвар төлөгчдийн мөнгөнд “санаа зовжээ”. Үүний тулд UBS телевизийг хөлсөлж авчээ. Захиалгыг гардан гүйцэтгэсэн сурвалжлагч Шинэбаяр оршин суугчдаас зугатаах нь аргагүй. Тэгээд энэ жижигхэн талбайд 16 давхар барилгаас гадна оршин суугчдийг 24 цаг тоглуулах мөсөн гулгуурын талбай байгуулах тухай үлгэр ярьж өгсөн байна. 

Сурвалжлагыг үзсэн иргэд бухимдаж Ням гаригт UBS телевиз  рүү очиход уулзах хүн олдоогүй ба Даваа гаригт дахин очиход мэдээллийн албаны дарга Отгонжаргал нь “Сурвалжлагч Шинэбаяр хөдөө ажлаар явсан (нийслэлийн телевизийн сурвалжлагч хөдөөг сурвалжилж гэнэ) гээд уулзуулаагүй тул энэхүү маргаантай холбоотой хамаг материалаа үлдээж, бас араас нь хэдэнтээ нэхсэний хүчинд 13-ны Даваа гаригт сурвалжлуулжээ. Тэр оройдоо гарсангүй. Асуухлаар “Нийслэлийн захирагчийн ажлын албанаас асууж байж болно” гэсэн аж. Нэхээд л байж. 

Ингээд 16-ны Пүрэв гаригт оршин суугчдын байр суурийг илэрхийлсэн, гэхдээ ямар нэгэн албан тушаалтныг нэрлээгүй, тэр ч бүү хэл сурвалжлагчийнхаа нэрийг ч дурдаагүй сурвалжлага үзүүлэв. За яахав, ингээд хоёр талын байр суурийг нэг нэг удаа үзүүлж 1:1-ээр тэнцүүллээ гэж хэлж болох уу? Үгүй. 

Яагаад? 

Хэрвээ “Халиун толгой” компанийн захиалгат сурвалжлагыг Бямба гаригийн үдэш оргил цагаар “City news”-ээрээ үзүүлсэн бол оршин суугчдынхыг Пүрэв гаригт өдрийн 14 цагаас гаргаж UBS2 хэмээх кабелийн сувгаар 16 цагт давтжээ. 

Иргэд яах гэж телевизэд ханддаг вэ? Гуйгаад гуйгаад ирж өгдөггүй эрх мэдэлтэй дарга, албан тушаалтнуудын нүдэнд өртөж чихэнд сонсогдох гэж. 14 ба 16 цагийн мэдээг ямар ч дарга хэзээ ч үзэхгүй, яагаад гэвэл дараачийн тоглоомын талбайг булаах шийдвэрээ үйлдээд ажил дээрээ сууж байдаг цаг. Тэгэхлээр барилгын компанид дээрэлхүүлж аргаа барсан оршин суугчдыг UBS телевиз элэг барьж даапаалсан байна.

Posted in + ТЕЛЕВИЗ, Нийтлэл, нэвтрүүлэг, UBS телевиз | Leave a Comment »