АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘TV9 телевиз’ Category

Телевизүүд ээ, заримдаа TV9 шиг бай л даа!

Posted by Бид on 2012/08/07

Ням гаригт TV9-ын сэтгүүлч Б.Отгон Баян-Өлгий аймаг очиж (гэхдээ нүүр царайгаа харуулаагүй) бэлтгэсэн “Миний Монгол” асуудал дэвшүүлсэн тусгай нэвтрүүлэг үзүүллээ. Аймгийн төвийн зам дагуу баригдсан хувийн том том хаусуудыг харуулж нэгбүрчлэн тайлбарлав:

… Энэ бол Баян-Өлгий аймгийн Засаг дарга Хавалын хаус. Аймгийн төвийн төв замаас шууд ордог. Өмнөх талбайгаа туркуудад түрээслэсэн….

… Энэ бол Засаг даргын орлогч … -ын хувийн хаус. Бас л төв замаас шууд ордог…

… Энэ бол аймгийн ИТХ-ын дарга Баяны хаус. Хүргэндээ энэ газрыг дуудлага худалдаагүйгээр авч өгчээ… Ү

… Үүнийг хянах үүрэгтэй Мэргэжлийн хяналтын газрын дарга өөрөө аймгийн 2-р цэцэрлэгийн хашаанд барилгаа барьсан нь энэ…

… Аймгийн цорын ганц хүүхэд, залуучуудын паркийг 2002 онд ЗДТГ-ын дарга Зархум хүүгийнхээ нэр дээр ИТХ-аар тогтоол гаргуулж 700 ам.метр талбайтай, түүхийн олон хөшөө дурсгалтай байсан газрыг 850 мянган төгрөгөөр худалдаж авсан баримт энэ байна. Одоо хувийн хаусаа бариад энд тэндээс нь зарж байна…

Бусад телевизүүд ээ, заримдаа TV9 шиг бай л даа!

Posted in TV9 телевиз | Leave a Comment »

Гурван өдрийн шуурхай мэдээ буюу хэргийн “жинхэнэ эзэд” хаачив?

Posted by Бид on 2012/08/07

Долоо, наймдугаар сарын зааг дээр шуугиулсан экс ерөнхийлөгч Н.Энхбаярын шүүх хурлыг TV9 телевиз “Шуурхай мэдээ” гэж нэрлэж байгаад гурван өдрийн турш бүх орон даяар шууд дамжууллаа. Өдөр бүр өглөөнөөс орой хүртэл арваад цаг үргэлжилж, шүүхийн шийдвэр гарсны дараа хаврын баривчилгааны бичлэг, шөнө дунд МАХН-ын хэвлэлийн хурал, дараа нь экс тэргүүн хатагтай Цолмонгийн мэдэгдэл (…Миний өвөг эцэг манжийн хааны өмнө өлсгөлөн бартай тэмцээд боож алаад арьсыг нь аваад нутаг буцсан … Би нөхрийнхөө оронд суумаар байна… Соёмбо-Эрдэнэ гэж боловсролгүй .. Энэ бүхний цаана цэвэр Элбэгдорж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна… Цэвэр монгол хүн бол өрөвч… Манай нөхөрт хор өгсөн мэдээлэл ирсэн, Элбэгдоржид Баяр өгсөн байх…Сагсайгийн байж байгааг нь ээ…Сагсай дээд зэргээр эвдэрсэн хүн байна лээ … 2009 онд Ерөнхийлөгчийн сэнтийг хулгайгаар авсан… Баяртайгаа нийлээд том луйвар хийсэн…), араас нь дөнгөж дууссан шүүх хурлын бичлэгийг маргааш үд өнгөртөл давтаж төгсгөлд нь Мэл Гибсоны “Эх оронч” киногоор энэхүү реалити шоу сая нэг түр завсарлав. Лондонгийн олимп, Н.Түвшинбаярын ялалт, ялагдлын мэдээ зүгээр нэг хачир байсан юм. 

Урьд нь манайд шүүх хурлыг ингэж эхний мөчөөс дуусан дуустал шууд бөгөөд бүрэн дамжуулсан удаагүй. Цаг төр бага сага өөрчлөгдөж шүүх засаг овоо нээлттэй болж эхэлсний нотолгоо. Уржнан шүүхийн бүх шийдвэрийг вэб сайтад тавиулна гэхээр нь итгээгүй, харин үнэхээр тэгснийг нүдээр үзэж байж итгэж билээ. Одоо анхны бүрэн нээлттэй энэ шүүх хурал. Монголд мянга мянган сэжигтэн, тэр тусмаа хохирогчид ингэж илэн далангуй шүүлгэхийг хүсэх байх. Харамсалтай нь зөвхөн хувьдаа телевизтэй том хүн үүнийг чадахыг бид харлаа. Бүгд тэгш эрхтэй ч зарим нь илүү тэгш эрхтэй гэж энэ. Бас зөвхөн хувьдаа улс төрийн намтай хүн монголын №1 үйл явдал болгож чадав. МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн даргынхаа нүдэнд харагдаж бүртгүүлэхийн тулд тэнд очиж сууснаас УИХ-ын чуулган таг гацаж монголын төр тэр чигээрээ шүүх хурлыг үзэж саатлаа.

Шүүх хурлыг дамжуулна гэдэг бол хуулийн хичээл, боловсрол . Урьд нь бид ийм хичээлийг зөвхөн Холливудын киногоор заалгасаар өдий хүрлээ. Америк цагдаа машиныхаа капотон дээр хэн нэгийг дарж гарт нь гав зүүх зуураа “Та үг дуугарахгүй байж болно. Таны хэлсэн үг өөрийн чинь эсрэг ашиглагдаж болно” гэхээс эхлээд “Та өмгөөлөгч авч болно, хэрвээ авах мөнгө байхгүй бол танд үнэ төлбөргүй өмгөөлөгч гаргаж өгнө”, “Би өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхгүй” гээд энэ бүх мэдлэг зөвхөн америк киноноос. Шүүх хурал дээр яаж мэтгэлцдэгийг бас л америк киноноос мэдсэн. Бүр 90-ээд оны ДОХ туссан залуу (Том Хэнкс)-гийн эрхийг хамгаалдаг “Филадельфи”, садар самууны “Хастлер” сэтгүүлийн эзнийг шүүсэн “Ард иргэд Ларри Флинтийн эсрэг”, Пирс Броснан, Джулианна Мур нар гэр бүл салалтын хэргийн өмгөөлөгчид тоглосон саяхны “Laws of Attraction” гээд тэр чигээрээ шүүх хурлын кинонууд байна. Гэмт хэрэгтэн, мафийг шүүдэг хичнээн кино бид хэдэн зуугаар нь үзсэн байх. Тангарагтны буюу хөндлөнгийн шүүгчдын дотоод тэмцлийг харуулсан оросын Сергей Михалковын “Арван хоёр” (америкийн тавиад оны “Хилэгнэсэн арван хоёр эр”-ийн сэдвээр хийсэн) гэж кино бий. Саяын шүүх хуралд иргэний гурван төлөөлөгч суусныг хамгийн сүүлд нэг нь босч буруутай, буруугүй гэсэн хэдэн өгүүлбэр түгдрэн байж уншихад санал зөрсөн нөгөө нь TV9-ыг Энхбаяр хулгайлаагүй, яагаад гэвэл шударга сайн телевиз гэж хэлэхэд мэдсэн юм. Гадаад кинон дээр бол өмгөөлөгч нар тэднийг итгүүлэх гэж ямар уран цэцэн аашилдгийг санав. Сэтгүүлч До.Чулуунбаатар манайд Court Channel гараасай гэсэн маш зөв санаа дэвшүүлсэн. Нээрээ ганц хурал, нэг олимпийг 10 телевиз ижилхэн харуулахын оронд төрөлжих цаг болсон. Тэгсэн мөртлөө спортын суваг байхгүй. 

Н.Энхбаяр өөрийг нь шүүх хурлыг шууд дамжуулахыг шаардсан нь учиртай. Ялласан баримтуудыг улс төр, шашин (“Би Жанрайсагийг бүтээсэн”), эх орон, ёс суртахуун, түүх (“Өнөөдөр түүх бичигдэнэ), нүгэл (“Намайг хэлмэгдүүлж байгаа хүмүүс өнөөдөр телевизээр нэр устайгаа бичигдэнэ), шахалт (“алдаагаа зоригтой хүлээгээд намайг цагаатгачих”) гээд бүх юмтай хутгаж живүүлэхийг оролдсон бол С.Нарангэрэл өмгөөлөгч хуулийн баахан гох дэгээнүүд бэлтгэж шидэхийн зэрэгцээ прокурорыг ямар нэгэн юм “горьдож” гэхчлэн гутаасан яриа нэвтрүүлгийн буюу шүүх хурлын ихэнх цагийг эзэлсэн юм. Гэхдээ шүүх шийдвэрээ гаргасан ба мэдээж давж заалдана. Явсаар Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Д.Дуламсүрэн, Ж.Мягмаржаргал нарт Сүхбаатар дүүргийн шүүхээс оноосон ялыг мэдээж бууруулж (дээр үеийн кинон дээр хоёр дугуй цохуулж авахын тулд дөрвийг хүссэн өргөдөл гаргадаг), заримыг нь хэрэгсэхгүй болгож, хэсэгхэн хугацаа өнгөрөөгөөд өршөөснөөр 2013 оны дундуур бүх юм дуусах биз. Ер нь хүн алж хүрээ талаагүй хүмүүсийг шоронд хийхээ болимоор юм. Нотлогдвол торгоод, хураагаад болоо биш үү? АНУ-д санхүүгийн пирамид, биржийн залилангийн хэргээр 200-300 жилээр суулгадгийг би огт ойлгодоггүй. 

Хамгийн гол асуулт бол шүүх хурлын үеэр дэлгэгдсэн баримтууд үнэн үү? Прокурор, шүүгдэгч, өмгөөлөгчдийн хэн нь үнэмшилтэй байв? Шүүхийг шийдвэрийг зарласны дараачийн мөчөөс өмгөөлөгч С.Нарангэрэл хэлмэгдүүлэлт, харгислал, Энхбаяр даргыг улс төрөөс олон жил холдуулах оролдлого гэж зогсоо зайгүй мэдэгдэж байгаа ч үнэхээр тэгсэн үү? Шүүх хурлыг шууд дамжуулахад прокуроруудын уншсан яллах баримтууд ч бас тэр чигээрээ цацагдсан билээ.

Энхбаярын таван хэргээс гурвынх нь шинэ шинэ баримтууд анх удаа энэ шүүх хурал дээр дэлгэгдэв. Бурханы телевизийг хэнд бэлэглэсэн, бэлэглээгүй тухай Японоос ирүүлсэн бичгүүд зурагтаар үзсэн надад ойлгогдоогүй. Хувийн боть номуудаа Солонгост хэвлүүлээд МИАТ-ын онгоцоор үнэ төлбөргүй тээвэрлүүлснийг баттай нотолсон баримт сонсдоогүй, иймээс хэргийг хэрэгсэхгүй болгов. Уг нь тухайн үед үүрэг өгсөн МИАТ-ын захирал асан Б.Эрдэнэбилэг яг үнэнийг хэлэх ёстой ч хаа нэг тийш зугатчихжээ. Хамгийн сүүлчийн хэрэг – Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт”-ийн захирал Х.Наранхүү “Хэнлон” компаны захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэн “Эрдэнэт” үйлдвэрт 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг тухайд Ерөнхийлөгч утасдаж “Мягмаржаргалын бизнест ахиухан туслаарай” гэсэн, дараа нь Мягмаржаргал өрөө төлөхгүй, хэл амаар доромжлоход нь буцаагаад Ерөнхийлөгчид утасдаж хошуу хүргэсэн тухайгаа Х.Наранхүү өөрөө мэдүүлсэн баримт ноцтой. Гагцхүү Н.Энхбаяр “Би ган бөмбөлөгийн тухай ярьж явах зав байхгүй. Наранхүү андуурч, эсвэл санаатай хэлсэн юм уу, би мэдэхгүй…” гэж булзлаа. Нээрээ түүний шаардсанаар Наранхүүг зэрэг шүүж болоогүй юм байх даа? 

Нөгөө хоёр хувьчлал та бидний нүдний өмнө явагджээ. “Өргөө” зочид буудал бол нийслэлийн өмчийн барилга байшинг хувийн компанитай хамтарч ашиглана, төдөн зуун сая, тэрбумын хөрөнгө оруулна гэсэн хов хоосон тоог тэдний хувь болгон тооцож давуу эрхийг олгоод дараа нь сэмээрхэн гулгуулсаар нэг мэдэхэд бүрэн өгдөг “хүрээ маягийн хувьчлал”-ын үргэлжлэл юм. Төсөвт ямар ч мөнгө оруулахгүйгээр хувьчилдаг хосгүй луйвар! Төв цэнгэлдэх хүрээлэн, “Ард”, “Од” кинотеатрууд, Хүүхэд залуучуудын ”Найрамдал” парк, “Тэнгис” кинотеатр гээд зөндөө объект яг ингэж хувьд очжээ. “Улаанбаатар банк”, “Улаанбаатар даатгал”-ын хувьчлал ч бас төстэй. Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн нар шүүх хурал дээр “нурчихсан нэг муу орц байсан… тэгэж ярих юм бол хэтэрхий өндөр үнэлж хувийн компанийг хохироосон байна, нийслэл өөрөө олигтой мөнгө оруулаагүй” гэж бараг л нөхөн төлбөр нэхэж даналзсан билээ. Нийслэлийн яг төвд бэлэн байгаа дөрвөн давхар барилгын бүхэл бүтэн орцыг эзэлсэн өмчөө ядахдаа түрээслүүлэх, эсвэл дуудаад худалдахын оронд хэдхэн хоногийн өмнө бүртгүүлсэн, үл мэдэгдэх компанид зүгээр л амалсан, нийслэлийн төсөвт хэзээ ч орохгүй мөнгөний төлөө 75 хувийг өгсөн тухай яриа бүр 2007 онд дэгдэж “нийслэлийн ИТХ-ын дарга Н.Болормаа, өмчийн газрын орлогч дарга Д.Дуламсүрэн, нийслэлийн татварын газрын хэлтсийн дарга Я.Аюушжав нар Ерөнхийлөгчийн авгай хувьчилж авч байгаа, суллаж өг гэж байнгын дарамт үзүүлээд байна” хэмээн тэрхүү буудлын экс дарга сэтгүүлчдэд гомдоллож, Ерөнхийлөгчийн гадаад айлчлалд Дуламсүрэн, Аюушжав нарыг дагуулж явлаа гэхчлэн шивнэлдээд өнгөрсөн. Хэн ч тоогоогүй.  

“Улаанбаатар таймс”-ын хувьчлал бол яг үнэндээ тус сонины биш, Төрийн ордны зүүн талын хэвлэх үйлдвэрийн барилга болон доорхи газрын хувьчлал юм. Ж.Саруулбуян эрхлэгчтэй менежментийн багийн гурван жилийн ажлын үр дүнд тус сонин дампуурчихаад байхад барилга, газраа салгаж авахын оронд дахиад 10, 20 тийм сонин багтчих байшинг заавал дагуулж шүүх хурал дээр дэлгэгдсэн тэр комбинацыг зохиожээ. “Тэр муу нурсан байшин хэнд хэрэгтэй юм? Өнөөдөр бүх юм нь хэвээрээ, газар нь, нурсан байшин нь хэвээрээ” гэж Н.Энхбаяр хэлж байна. Хамаг учир яг энд бий. Сонины нэрээр халхавчилж хотын төвийн А-гийн А бүсэд Төрийн ордонтой хаяа дэрлэсэн тэр газрыг үнэ төлбөргүйгээр авч бараг амжсан билээ.

Нийслэлд өмч хувьчилсан Засаг даргын тогтоол, захирамжуудыг үзэхэд “сургууль цэцэрлэгийн хуучин уурын зуух”, “эвдэрхий агуулах” гэхчлэн үнэгүй буюу инээд хүрэм хямд авч байгаад нь баярламаар объектуудыг жагсаасан байдаг. Авсан эзэн маргааш нь эксковатор авчирч хусахад л хэдэн арав, зуун саяын газар бэлэн. 

Нийслэлд өмч хувьчлах шийдвэрийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нэртэй хэдхэн хүн суугаад гаргадаг байжээ. 2008 оноос өмнөх нэрс нь шүүх хурал дээр бараг тодорчих шиг болов. Тэд бол “хотын мафи” гэгч мөсөн уулын зөвхөн орой нь. Тэд ямар ч хяналтгүй дураараа дургисны балгаар хэдэн хүнийг шоронд аваачлаа. Нийлж байгаад “дарга аа, болохгүй!” гээд гүрийсэн бол яалаа гэж ийм юманд хүрэхэв. Үүнийг Н.Энхбаяр “албан тушаалтан бүр хариуцлагаа өөрөө хүлээх ёстой” гэж маш зөв ярьж тэднийг жийж байв. Гагцхүү Энхбаяр өөрөө том учраас Улаанбаатараас хальж “Эрдэнэт” үйлдвэр, МИАТ-тай холбогдсоноос болж нэмж шийтгүүллээ.  

Энэ таван хэргийн үзүүр Н.Энхбаяр луу чиглэжээ. Гэтэл нөгөө үзүүрт нь тов тодорхой албан тушаалтнууд бий. Тэд бол хэргийн “жинхэнэ эзэд” нь. Сайндаа л бусдад ашиглагдсан, үүрэг даалгавар биелүүлсэн До.Чулуунбаатар, Д.Дуламсүрэн нарыг бус, нийслэлийн өмчийг хууль зөрчин хувьчлах шийдвэр гаргаж заль, луйврыг хууль ёсны юм шиг болгож өгөөд Улсын хэвлэлийн комбинатын түүхэн байшинг газартай нь өгч устгуулсан хотын дарга нарыг шийтгэвэл шударга ёсонд нийцэхсэн. Т.Билэгт дарга зугатсан ч бусад нь Улаанбаатарт байж л байсан… 

Posted in # УЛААНБААТАР, Улс төр, эдийн засаг, TV9 телевиз | Leave a Comment »

“Детективийн эсрэг детектив” хаачив?

Posted by Бид on 2012/04/23

Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгчийн ажил хийдэг Н.Энхбаярын ярьж өгсөн “Детектив” нэвтрүүлгээр түүний хэргийг шалгаж байсан УМБГ-ын мөрдөн байцаагч, хошууч Р.Отгонжаргалыг гүтгэж, бас хачирт нь доромжилсний төлөө цаадах нь Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргасны дараа TV9-ээр онц байдал зарлаж “Манайхныг дуудаж байцаалаа… Бидний шударга нэвтрүүлгийг зогсоох гэж байна … Энэ бол хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хэрэг” гэхчлэн хэвлэлийн хурал хүртэл зарлаж  удахгүй “Детективийн эсрэг детектив” нэвтрүүлэг хийж монголын бүх авлигийг цувралаар илчлэхээ амлахад би хувьдаа их үнэлж билээ. Манай телевизүүдээс анх удаа жинхэнэ эрэн сурвалжлага явуулж гаргах болсон учраас.

Эхлээд 2-р сарын 11-ны орой 21.00 цагаас хөтөлбөртөө “Детективийн эсрэг детектив” гэж зарласан байв. “Шударга үнэний дуу хоолой” бэлэн байх нь аргагүй гэж бодов. Тэгтэл ямар ч тайлбаргүйгээр цуцалж онгойсон цагийг баахан рекламаар таглаж орхилоо. Хэтэрхий хүчтэй баримт орсон, магадгүй “бөмбөг дэлбэрэх” байсан учраас зүрхлээгүй байж мэдэх. Эсэхүл баримт нотолгоо дутсан? Ингээд дахин хүнд хүчир эрэн сурвалжлагаа үргэлжлүүлсэн мэт дахин хоёр сар шахам хүлээлгэсний эцэст хэдэн үдшийн өмнөөс анхааруулж байн байн зарласны эцэст 5-ны Пүрэв гаригийн 21.40-д, бас 7-ны  Бямба гаригийн 21.00 цагаас “Детективийн эсрэг детектив” нэвтрүүлгээ хоёр удаа зарлав. Гэвч дахиад хуурлаа. Худлаа нээрээ тайлбарлаж барих гэж оролдсон ч үгүй.

Өнөөдөр Н.Энхбаярыг барьж хорьчихоод байхад “Детективийн эсрэг детектив”-ээ гаргахгүй, гаргах байтугай зарлаж айлгах ч үгүй байна. Үнэхээр гүтгэчихсэн учраас тэр. Мөрдөн байцаагч яахав, монголын авлигачид энэ удаад аврагдлаа.

Posted in TV9 телевиз | Leave a Comment »

ТV баривчилгаа

Posted by Бид on 2012/04/13

4-р сарын 12-ны орой ажил тарах үед эхэлсэн Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үйл явдлыг хамгийн түрүүнд “Ийгл” телевиз  утсаар авсан мэдээгээр хүргэж, удалгүй дүрстэйгээр шууд дамжуулж эхэлснээрээ энэ талаар Монголд №1 гэдгээ дахиад нэг удаа нотлов. Явуулын ганц биш, хоёр гурван станц аваачжээ. Харин түүний хувийн TV9 телевиз барагцаалбал нэг цагаар хоцорчээ. Олон нийтийн телевиз  тэр шөнө унтахаасаа өмнө ямар ч байсан товчхон мэдээлж (гэхдээ амаараа?) амжсан нь сайшаалтай.

Удалгүй Улаанбаатарт байдаг телевизүүдийн ихэнх яаравчлан очиж шуурхай сурвалжлага, бичлэгүүдийг шөнийн турш (02 цагаас хойш яасныг мэдэхгүй, би унтчихав), харин үүрээр эртэлж өглөө нар мандтал үзүүлснээр энэ баривчилгаа гучаад жилийн өмнө Гүррагчаа сансарт ниссэн шиг монголчуудыг зурагтын өмнө уяж чадлаа. Манай телевизүүд яасан ч мундаг, хөдөөгүүр яасан ч олон сувгийг шууд үздэг болчихсон юм, хотоос ялгарах юм огт үгүй, тэр дор нь “яана аа, оймстой нь өргөхдөө яадаг юм” гэсэн ууртай сэтгэгдэл ирүүлээд байсан.

Үйл явдлын газарт тэр шөнө том бужигнаан боллоо. Хаана нь цагдаа, хаана нь сэтгүүлч, хаана нь МАХН-ын гишүүд, дэмжигчид, өөр хаана хэн байгааг бүү мэд. Монголчууд бид голдуу хар бараан хувцасладаг, иймээс хав харанхуй шөнө, хав хар хувцастай … бөөн хар юмнууд. Цагдааг форм, сэтгүүлчдийг камер, аппарат, микрофоноор ялгаж болох ч орилоон чарлаан хэнээс гарсныг таагаад ч нэмэргүй. Хан-Уул дүүргийн цагдаагийн ямар нэгэн дарга бололтой том эр, Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаах хэлтсийн дарга Амарбат хоёрыг баахан хүүхнүүд бүслээд асуугаад ч байх шиг, загнаад ч байх шиг.  Тэр хавийг дүүргэсэн МАХН-ынхны уриа шаардлагад охид голдуу сурвалжлагчдийн толгой бүтэн эргэж “баривчлах бичгээ үзүүл”, “хүний эрхийг зөрчиж болж байна уу?”, “та нар Энхбаяр даргыг буудах гэсэн юм уу?”, “хэний захиалгаар яваад байна?” мэтийн үгэнд эргэлдлээ. TV9-ийнхэн сүрхий сайн ажиллаж энгийн хувцас өмссөн цагдаагийн бололтой ажилтнуудыг соргогоор илрүүлээд зогсохгүй араас нь элдэж хувцаснаас чангаан зургийг авч амжсан. Арай л баривчилж тушаагаагүй.

TV9-ын тайлбарууд нь ер бусын хурц агаад “амь насанд халдах оролдлого”, “7-р сарын нэгний хэргийг илчилсний хариу”- гаас доош буусангүй. Үнэхээр дайчин зэвсэг юм аа. Шөнө дунд Н.Энхбаяр сурвалжлагчаа гэртээ оруулж суулгаад өөрийг нь баривчлахаар цагдааг явуулсан 6 хүний нэрийг хэлж өглөө: Д.Дорлигжав, Ц.Элбэгдорж, С.Баяр, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж, Илүү ч үгүй, дутуу ч үгүй. Тэр зургаа даалгавар өгөхөд нь Н.Энхбаяр хажууд нь зогсож байснаас зайлахгүй.

Энэ баривчилгаа телевизүүдийн хувьд мэдээллийн найр байв. Яаж ч фантаазлаад, ямар ч реалити шоу зохиогоод Монгол улсын төрийн тэргүүн байсан хүнийг бөөн адал явдалтайгаар, хүчээр, сэвхийтэл өргөөд ачиж явахыг бодож олохгүй. Энэ бол бүхэл бүтэн улс төрийн нам, УИХ-ын дөрвөн гишүүнийг хоромхон зуур дэргэдээ авчирч чадсан Н.Энхбаярын нэр хүнд, бас “гавъяа”. Гэхдээ Монгол Улсын иргэн урьд нь жолооч, бизнесмен, Ерөнхийлөгч, малчин, авлигын загалмайлсан эцэг, өвгөнтийн архичин, цагдаа хэн ч байсан, хуулийн байгууллагаас арван удаа дуудуулахгүйгээр очоод уулзчих, цагдаагийнхний хувьд гадаад кинон дээр гардаг шиг тухайн газарт хөндлөнгийн хүмүүсийг нэвтрүүлэхгүй тууз (police line) татаж тусгаарлах, Авлигатай тэмцэх газрын хувьд хэвлэлийн төлөөлөгчөө урдаа гаргаад яриулах,  сэтгүүлчдийн хувьд өөрийн телевизийн нэрийг томоор бичсэн хантааз өмсөж ялгарах гээд бөөн сургамжтай боллоо. Телевизээр үзсэн миний чихэнд гэхэд зарим этгээдийн чулуудсан тун эвгүй үгнүүд хэдэнтээ сонсодсон. Хамгийн бага муугаар бодоход, нэг охин ойчоод бусдын хөлд гишгүүлчихвэл, нэг тэнэг сэмээрхэн том чулуу аваад олны толгой дээр шидчихвэл юу эхлэхэв? МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал “маргааш Сүхбаатарын талбай дээр гарч сонгуулийн бус хувьсгал хийж энэ засгийг унагаая” гэж албан ёсоор уриалсан. Чадаагүй нь яамай.

Маргааш үдээс өмнө телевизүүд хэсэгхэн амсхийж, харин 14 цагаас Хэвлэлийн хүрээлэнд АТГ-аас хийсэн хэвлэлийн хурлыг багтаж ядсан олон сэтгүүлч сурвалжлахад бас л “Ийгл” (бага зэрэг дүрсний алдаатайгаар) шууд дамжуулах шиг болов. Н.Энхбаяр Японы шашны байгууллагын бэлгийг завшиж TV9-ыг байгуулсан тухай баримт уншигдсаны дараа тус телевизийн сурвалжлагч “Та нар TV9 телевизийг хаана гээд 150 гаруй ажилчдыг ажилгүй болгох уу? гэж асуулаа. Зүв зүгээр ажлаа хийж яваа сэтгүүлчийг ингэж айлгах гэж. Энэ хэвлэлийн хурлыг TV9 хэзээ хойно хасч тайраад хагас дутуу гаргажээ.

Өдрийн 14 цагаас Сүхбаатарын талбай дээр МАХН-аас зохион байгуулахаар зарласан цуглааныг TV9 телевиз 14.30-ын үед шууд дамжуулж эхлэхдээ “TV9-өөс өөр телевиз эрх баригчдын дарамтаас айгаад очихгүй байна, бид дамжуулна” гэж амалсан хэрнээ хувьсгал хийхэд хангалтгүй цөөн хүн цугларсан тул 14.55-ын үед шууд таслаад солонгос киногоо үзүүлж тайвширсан байна.

Амралтын өдрүүдэд Энхбаярыг хамгаалсан ярилцлагууд TV9-ээр дүүрчээ. Гэтэл түүний засаглалын үед Соёлын гавъяат хүртсэн нэгэн “Энхбаяр бол гэгээрсэн хүн” хэмээн дүгнээд дараачийн магтаалуудыг үнэ цэнэгүй болгов. Бусад нь бурхны хэмжээний юм ярих л үлдсэн.  TV9-ын ширүүн мэдээ, сурвалжлагуудын эх сурвалж нь “… гэсэн мэдээлэл байна”, “.. . гадуур яригддаг”, “… гэж ойлгогдохоор байна”, “… гэж үзэх хүн ч бий”, “… гэсэн болгоомжлол төрөхөөс өөр аргагүй” болж хувирлаа. Монголын уул уурхайн баялаг, байгаль орчныг сайн хамгаалдаг TV9 телевизийг энэ өдрүүдэд эзэн нь, түүнийг дагасан улс төрчид жинхэнээсээ “алж байна”.

P.S: 2012.04.14-нд хийсэн хэвлэлийн хурал дээр Н.Удвал “Цэргийн ангиуд биднийг дэмжиж байна. Бас цагдаагийнхан МАХН-ыг дэмжиж энэ муухай юманд оролцохгүй гэж байгаа тухай мэдээ бидэнд ирж байна” гэж ярив. Өдөөн хатгана гэж энийг хэлэх байх.

P.P.S: 2012.04.15-ны орой Н.Удвал дарга “Шонхор” телевизийн ярилцлагад оролцохдоо “… Буудлаа шүү, аллаа шүү гээд ороод ирсэн… Ямар ч үгийн солиогүй муужруулаад аваад явсан…” гэлээ. Сүүлийн хэдэн өдөр энэ хатагтайн хэлж ярьж байгаа нэг л биш ээ!

Posted in + ТЕЛЕВИЗ, Улс төр, эдийн засаг, TV9 телевиз | 2 Comments »

“Одонтуяа гишүүн”

Posted by Бид on 2012/03/31

Өнгөрсөн Мягмар гаригт C1 телевизийн “Иргэний удирдлага” нэвтрүүлгээр Ш.Батцэцэг нэртэй хөтлөгч Л.Эрдэнэчимэг гэдэг хатагтайтай муухай төр засаг, шударга сонгууль, хөөрхий эмэгтэйчүүдийг ярьж суулаа. Нягталбаас, хоёулаа АН-ын гишүүн,  хоёулаа УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр довтолгож буй ажээ. Энэ нэвтрүүлэг Мягмар гариг бүр 18.30-19.00 цагийн хооронд гардаг юм байна. Хөтлөгч нь хэвээрээ, харин оролцогчид солигдож голдуу нэр дэвшихээр жагсагсад ээлжилдэг гэнэ.

Монголын телевизүүдийн шинэ одон С.Одонтуяа бүсгүй энэ долоо хоногт “Бүсгүйчүүд” нэвтрүүлгээ амжуулсан төдийгүй Пүрэв гаригт “25-р суваг” телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэгт мэргэжилтэн дүрд хувиран ээлжит удаагаа уригдуулан оролцов. 100 мянган айлын орон сууцны асуудал Одонтуяа нэртэй хүнээр дутаагүй мэдээж болохоор “би орьё” гээд давхиж очжээ. Хамгийн хөгжилтэй нь Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар яриан дундаа “… Одонтуяа гишүүн түрүүн хэллээ… “ гэв. Өдөржин зуун мянган орон сууцны ажлаа хийгээд орой харьж сая нэг зурагт үздэг ерөнхийлөгчийн толгойг эргүүлж чадсан байна.

Нэр дэвшихгүй [байх] өөр нэг од гялтганасан нь Усны газрын дэд дарга Б.Батбаяр. 3-р сарын 22-нд тэмдэглэсэн Дэлхийн усны өдөрт зориулсан бүх мэдээ, сурвалжлага, ярилцлага ганцхан З.Батбаяр хэмээх гол баатартай байв. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дэд дарга нь зогсоо зайгүй хэрэгжүүлэхийн оронд зогсоо зайгүй ярьдаг болохоор Монголд усны асуудал улам хурцадсаар байх нь аргагүй. Усны газарт хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан байдаг бол түүнийг эхлээд ажилгүй болгож дараа нь халсан байх. Энэ удаад Батбаяр дарга Парист болсон Дэлхийн усны том хуралд оролцоод ирснийгээ бүх сувгаар ярьж, дараа нь аян замын бичлэгээ TV9 телевизээр нэвтрүүлэг болгон үзүүлжээ. Ямар их зав, чөлөө вэ? Хайран Монголын ус…

Posted in 25-р суваг телевиз, C1 телевиз, TV9 телевиз | Leave a Comment »

Энхбаярын ярьж өгсөн нэвтрүүлгийн дараа

Posted by Бид on 2012/01/19

Өнгөрсөн оны 12-р сард “Улаанбаатар таймс” сонины (яг үнэндээ хэвлэх үйлдвэрийн хуучин байр, түүний газрын) хувьчлалын талаар “Детектив” нэвтрүүлгийг бэлтгэж үзүүлсний дараа TV9 телевизийнхнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс хэрэг үүсгэн дуудаж мэдүүлэг авсан талаар тус телевизийн ерөнхий захирал Ц.Энхбат, ерөнхий продюссер, Д.Төрмөнх, мөн өмгөөлөгч О.Баа­санхүү (бас МАХН-ын өмгөөлөгч гэдгийг мэднэ) нар Монго­лын Сэтгүүлчдийн Эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридаар хүч нэмэгдүүлсэн хэвлэлийн хурал хийлээ.

Тэд их л томоос эхэлж ардчиллаас хойш 20 жил өнгөрөхөд Монголд хэвлэлийн эрх чөлөө бүрмөсөн алга болсныг Энхбат захирал зарлав. Санал нийлэхгүй байна. Асуудал байгаа нь үнэн, гэхдээ 10 жилийн өмнө буюу 2000 онд тус телевизийн одоогийн эзэн Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайд болонгуутаа тэр үеийн хэвлэл мэдээлэлд давамгайлж байсан сонинуудад шалгалт оруулж зарим нэгийг хаалгасан, Монгол телевизийг аль 1999 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу олон нийтийн болгохын оронд өөрийн засаглалын жилүүдэд бүрэн мэдэлдээ байлгаж Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газрын даргаар өөрийнхөө сэм хувьчилж авсан “Засгийн газрын мэдээ”/“Зууны мэдээ”-г мануулж үлдээгээд байсан Б.Ганболдыг, харин Монгол телевизийн захирлаар өөрийг нь томилсон,  бас эхнэрийнхээ удирддаг “Чөлөөт хэвлэл” сангийн нэрээр чөлөөт сонинуудыг жагсааж байгаад Ерөнхийлөгч Н.Багабандийг туулгасан тэр хэдэн жилийнхтэй зүйрлэхийн аргагүй дээрдсэнийг мэдэн будилжээ. Наад зах нь улс төрөөс арчигдах шахсан экс ерөнхийлөгч хүртэл өнөөдөр телевиз эзэмшээд тааваараа тооцоо бодож суугаа билээ.

Хуралд оролцогсод том ярьцгаасан хэрнээ TV9-ыг яг юуны төлөө буруутгасныг тодорхой хэлсэнгүй. Зөвхөн Д.Төрмөнхийн ярианаас, уг нэвтрүүлэгт “Улаанбаатар таймс”-ын хувьчлалтай холбогдуулан Н.Энхбаярыг өмөөрсөн, эсвэл Д.Дорлигжав, Т.Бадамжунай, Ц.Нямдорж, Т.Билэгт, Л.Сэргэлэн тэргүүтэй олон хүмүүсийг буруутгаж илчилсний төлөө дуудаагүй, харин уг хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч, хошууч Отгонжаргалын “нэр явж байсан учраас” гэж ойлгогдов. Хэрвээ тийм бол арай өөр хэрэг. Гэхдээ нэвтрүүлэгт тэр нэр яаж “явсныг” сийрүүлбэл, “… Хошууч Отгонжаргал нь Бөхийн холбооны тэргүүн Нямдоржийн төрсөн дүү. Уг нь шударга байхыг хичээдэг мөрдөн байцаагч байсан. Тэгээд ч бөхийн холбооны Нямдорж ах нь “Манай удмынхан хэзээ ч хүнд муу юм хийж амь амьдралаа залгуулж байгаагүй. Чи ч гэсэн “Улаанбаатар таймс”-ын дуулиантай асуудлаар шударга л бай. Дээрээс чинь шахаад буруу юм хийлгэх гээд байвал наад ажлаасаа гар гэж хэлсэн гэдэг. Уг нь ухаантай хүнд сонсвол юм бодохоор л үг. Даанч Отгонжаргал нь ахынхаа үгэнд орохгүй, удмандаа хүний муу үзэж амьдрах гэж оролдож байгаа анхны хүн болов. Тэр дарга нарынхаа даалгаврыг биелүүлж буруугүй хүмүүсийг буруутгах гэж улайрна. Ямар сайндаа л Нямдорж сайд “До.Чулуунбаатар сэтгүүлч  хүний өмнөөс 2-3 сар шоронд суусан” гэхэв. Ийм илт хууль зөрчсөнийг хүлээн зөвшөөрсөн ажлыг хэн хийв? Ажлын хэсгийн ахлагч Отгонжаргал хошууч… Хамгийн инээдтэй бөгөөд харамсалтай нь үүрэг даалгавар өгсөн дарга нар нь “бууны нохой” болсон Отгонжаргал мэт, дунд доод шатны албан тушаалтныхаа араар гэмгүй царайлж нуугдана… Отгонжаргал яагаад ахынхаа ухаантай үгэнд орохгүй байгаа юм бэ? Өөрөө дарга нар нь хууль бус даалгавар өгч байгааг сайн мэдэж ойлгож байгаа шүү дээ. Энэ тухай шалгаж байгаа хүмүүст, өмгөөлөгч нар учирлан хэлсэн байдаг…”.

Зүгээр ч нэг “яваагүй” юм байна. Ажлаа хийж яваад удам судраараа дуудуулсан мөрдөн байцаагч Отгонжаргал Сүхбаатар дүүргийн цагдаад гомдол гаргасан бололтой. Хамгийн гол нь ах нь дүүдээ юу гэж сургасныг, ер нь баахан хүний, тэр тусмаа албан тушаалтнуудын хоорондын яриаг тагнаж чагнаагүй л юм бол нэвтрүүлгийн зохиогчид хаанаас мэдэв?  Иймээс Н.Энхбаярын ярьж өгсөн нэвтрүүлэг  гэдэгт эргэлзэх юм алга. Жишээлбэл, түүний хэн нэгэнтэй хоёулхнаа юу ярьсныг Энхбаяраас өөр хэн ч хэлэхгүй. Үүнийгээ булзааруулах гэж дээрхэн үед Бямбын Ринчингийн хэлснээр “нэрээ нуугаачингуудын” аргыг хэрэглэж урт бичдэг нэгэн нийтлэлчид “сэтгэлээ онгойтол” ярьж томоос том өгүүлэл бичүүлээд “Боршувуу” нэртэй блог дээр тавиулж (дараа нь хулгайч сайтууд хуулж тавихыг хүлээж байгаад устгачихсан. Одоо бүгд л муу нэртэй “Бор шувуу”-г чичилсэн жигтэйхэн цэвэрхэн улсууд) түүнээсээ авч уншаад дүрсжүүлсэн нэвтрүүлэг байжээ.

Хурал дээр зарласан өөр нэг чухал мэдээлэл бол уг нэвтрүүлгийг хөтөлсөн залуу сэтгүүлч (Биндэрьяа гэсэн байх) цагдаад дуудагдсанаас болж “цочирдож, зүрх зориг нь мохож” цаашид энэ нэвтрүүлгийг хөтлөхгүй гэж өргөдлөө өгсөн гэнэ. Айсандаа бус, бусдын гар хөл болж явахаас цэрвэсэн биз. Энэ бол анх удаа сэтгүүлч өөрийн үзэл бодолд нийцэхгүй нэвтрүүлэг хийхээс татгалзсан хэрэг юм.

TV9-ийнхөн мөрдөн байцаагдсан талаараа “Детективийн эсрэг детектив” нэвтрүүлэг хийнэ, цаашид “Детектив” нэвтрүүлгийг үргэлжлүүлнэ, өмч хувьчлалын талаар “зөндөө нэвтрүүлэг бэлтгэж байгаа” гэж амалсан юм. Тэгээсэй. TV9 телевиз байгаль орчных шигээ эрэн сурвалжлагууд үзүүлэхийг тэсч ядан хүлээж байя. Гэхдээ энэ төлөвлөгөө Н.Энхбаярын “Өргөө” зочид буудал ба “Улаанбаатар таймс”-ын нэртэй байшингийн хувьчлал яаж шийдэгдэхээс шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл, өмч хувьчлалын бусад хулгай луйврыг энэ нэвтрүүлэг шиг илчлүүлэхийн тулд хошууч Отгонжаргал экс ерөнхийлөгчийн хэргийг үргэлжлүүлэх хэрэгтэй болжээ.

Нэвтрүүлгийн эх сурвалж болгосон тэр нийтлэлийг үнэхээр сайн бичсэнийг хэлэх хэрэгтэй. Д.Дорлигжав, Т.Бадамжунай, Ц.Нямдорж, Л.Сэргэлэн нар үнэхээр муу хүмүүс, хулгайч, дарамтлагчид болохыг залхуугүй нотолжээ. Харин Н.Энхбаяр гэдэг гэгээнтний дандаа ойр дотнын хүмүүс энэ муухай юманд хутгалдсан нь тун сэжигтэй.

Posted in TV9 телевиз | Leave a Comment »

Экс Ерөнхийлөгчийн ярьж өгсөн нэвтрүүлэг

Posted by Бид on 2011/12/19

“Загалмайлсан эцэг” киноны хөгжмийг утга төгөлдөр эгшиглүүлж наагуур нь “Улаанбаатар таймс” сонины нэрийг чангаар дуудан хэлхсэн “Детектив” нэртэй нэвтрүүлэг TV9 телевизээр Бямба гаригийн үдэш гарлаа.

Ихэнхдээ нэлээд эрт дэгдсэн мэдээлэл,  таамаглал, асуултууд хэдий ч зарим шинэ баримтуудыг цухуйлгасан нь тун сонирхолтой байв. Тогтоож авсан хэдийг дурдвал:

– Ерөнхий прокурорт нэр дэвшигч хуулийн байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан байх ёстой гэсэн шаардлагыг Д.Дорлигжав хангаагүй мөртлөө хувийн “Билэг” дээд сургуульд 10 жил багшилсан гэсэн бичиг хийлгэж авчээ. Хэрвээ үнэхээр багшилсан бол авсан цалин, төлсөн татвар, нийгмийн даатгалын баримт байх ёстой … Д.Гансүх [ЗТБХБ-ын дэд сайд]: Саруулбуян намайг дуудаад хуулийн зөвлөгөө өгөөч гэсэн мөртлөө хувь нийлүүлэгчээр оруулсан байсныг хожим мэдсэн гэжээ… Ц.Дашдорж [УИХ-ын гишүүн]: Би хувьчлал эхэлж байсныг нь мэднэ. Согоосүрэн [эхнэр нь] хөрөнгө оруулсан байх… Удалгүй Н.Энхбаяр Ерөнхий сайд С.Батболдтой уулзахад С.Батболд “Нямдорж миний үгэнд орохгүй байна. Нямдорж, Дорлигжав хоёр цаагуураа тохироод байна” гэх мэтээр өөрсдөөсөө зайлуулж байжээ… Өөрийнхөө бууны нохой болох Дагиймааг Ганц худаг руу явуулж Чулуунбаатараас үг алдуулах гэж оролдсон… Г.Мөнхбаяр тэргүүтэй нийслэлийн удирдлага “Улаанбаатар таймс” сонины хувьчлалыг 2011 оны 5-р сард хүчингүй болгож нийслэлийн төсвөөс 500 сая төгрөгийг Сэргэлэнд хууль бусаар гаргаж өгчээ… Н.Энхбаяр Ж.Бямбадоржийг дуудаж уулзаад, цаад Нямдорж чинь галзуурчихаж. Чи хэлэх ёстой гэсний дагуу Бямбадорж Нямдоржтой уулзсан тухайгаа ярихдаа, Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болмогцоо АТГ-ын дарга Сангарагчаад Н.Энхбаярыг ямар ч хамаагүй аргаар хэрэгтэн болго гэсэн үүрэг өгсөн юм байна гэжээ… Н.Энхбаяр ерөнхий прокурор Дорлигжавтай утсаар ярьж тохироод уулзахаар очиход цаадах нь завгүй, дараа өөрөө залгаад уулзая гээд зугатсан … Мөрдөн байцаах газрын хошууч Отгонжаргалд Үндэсний бөхийн холбооны Нямдорж ах нь миний дүү шударга байгаарай гэж хэлсээр байтал удмандаа муу юм хийж байгаа анхны хүн боллоо… 

Сайтар анзаарвал экс ерөнхийлөгч Н.Энхбаяр янз бүрийн хүмүүстэй хоёулхнаа уулзах юмуу утасдалцахдаа яг юу ярьсныг үг үсэггүй дэлгэжээ. Гарцаагүй Н.Энхбаярын ярьж өгсөн нэвтрүүлэг байна. Уг нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлч Биндэръяаг 24 цаг дагуулж шогшуулаагүй, бас утасныхаа яриаг чагнуулаагүй бол шүү. Иймээс “Бид энэ нэвтрүүлгийг сонин хэвлэл, сайтуудын мэдээлэл, таамаглалд тулгуурлаж бэлтгэлээ” хэмээн байн байн давтсан нь Энхбаяраас зайлуулах оролдлого байж. Сүүлдээ “энэ муу нурсан байшингуудын оронд  том том хэрэг явдлуудыг шалгая гэж монголын ард түмэн хүсч байна”, “”Улаанбаатар таймс” сонины хувьчлал хамгийн шударга болсон” гэх мэтээр сөрөг довтолгоонд орж тэр барилгыг Н.Энхбаярт буцаагаад аваад өгчих шахав.

Нэвтрүүлгийн төгсгөлд нь “TV9 телевиз мафийн бүлгийг илчлэхийг оролдлоо. Өөр телевиз ингэж илчлэхгүй байна. Одоо биднийг дайрах байх. Бид цаашаа өшөө олон булхай луйврийн талаар нэвтрүүлэг хийнэ” гэж амаллаа.

Маш зөв. Хийх хэрэгтэй. Чөлөөт хэвлэл мэдээлэл ийм байх учиртай. TV9-ын залуучууд уул уурхай, байгаль орчны асуудлаар хурц нэвтрүүлгүүдийг бэлтгэж чаддаг. Гагцхүү өөр хоорондоо үзэлцэж байгаа тэр мафиудын нэгний өмнөөс нөгөөтэй байлдаж гардаг нь жаахан харамсалтай. Бас эрсдэлтэй. Сүүлийн саруудад “Улаанбаатар таймс”, “Өргөө” зочид буудлын хувьчлалын асуудлаар Н.Энхбаярыг хамгаалсан  TV9-ын  сэтгүүлч залуучууд эзнийхээ санах ойд save-лэгдэж буйгаа мартаж болохгүй. Цааш үргэлж Энхбаярын талд явахгүй бол, хэнд юуг ярьж өгөхөд тоть шиг давтаж нэвтрүүлэг хийснийг нэгэн сайхан өдөр нэр устайгаар сануулж, бэст бөгс долоогчдын (хэвлэлийн хурал дээр өөрийнх нь хэлсэн нэр томъёо)-хоо жагсаалтанд нэмээд зарлаж орхино шүү! Хоёулхнаа шивнэлдсэн яриануудыг хоёр сая хүнд сийхгүй дэлгэхийг харав уу?

Үүнээс хойш TV9 телевиз сэтгүүлчдээ хэрхэн ашиглаж байгааг анхааралтай ажиглая.

Posted in TV9 телевиз | 1 Comment »

Шударга телевизийн ноцтой алдаа

Posted by Бид on 2011/11/06

Экс ерөнхийлөгч Н.Энхбаярын телевиз гэж “Өдрийн сонин”-д бичүүлснийхээ хариуг барьж TV9 тус телевиз дараах тайлбарыг нэвтрүүллээ.

“….”Өдрийн сонин” бол хуучнаар парламентын үйл ажиллагааг сурталчилдаг байсан “Ардын эрх” сонин. . Энэ сонинг 1996 онд өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж хувьчилж авснаар  “Өдрийн сонин” нэртэй хэвлэгдэн гарч байна. Ардчилсан намын эрх ашгийг хамгаалдаг. Ерөнхийлөгч Элбэгдоржийг дээрх хувьчлал хийж байхад буюу 1996 онд Засгийн газрын үйл ажиллагааг “Засгийн газрын мэдээ” сонин сурталчилдаг байлаа. Хоёр намын тохироо ёсоор Ардчилсан Нам “Ардын эрх” сонинг авсан бол тухайн үед МАХН-ын дарга асан Энхбаяр “Засгийн газрын мэдээ” сонинг хувьчилж авсан юм. Эдүгээ тус сонин “Зууны мэдээ” нэртэйгээр хэвлэгдэн гарч байна”.  

Маш сонирхолтой,  гэхдээ тун ноцтой алдаа гаргасан тайлбар болжээ. Нэгдүгээрт, тэр хувьчлал гээд байгаа үйл явдал 1996 биш, 1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гарсны дараа жил болсон. Хоёрдугаарт, дээрх хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын 103 дугаар тогтоол гаргаж “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сониныг 1999 оны 1-р сарын 1-ны өдрөөс татан буулгасан юм. Төрийн эрх мэдэл, татвар төлөгчдийн мөнгөөр бий болгосон “капитал”-ыг хувь хүмүүст ашиглуулахгүй, өдөр тутмын сонины зах зээлд шударга өрсөлдөөнийг хангахын тулд ингэжээ. Нэгэнт татан буулгасан тул хувьчлах тухай яриа байхгүй. Үүнийг давхар баталгаажуулж нэрсийг нь 5 жилийн хугацаанд дахин ашиглахгүй байхаар заасан.  Гэтэл хоёр нам хуйвалдаж хувьчилж авсныг TV9 илчилж орхилоо. Тэр үеийн Төрийн өмчийн хорооноос зохион байгуулж хоёр сониноос үлдсэн өмч хөрөнгө, байрыг “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” нэртэй хувьцаат компани болгож холион бантан хутгаад (хуулийг даапаалсан байгаа биз) хуучин хамт олонд нь давуу эрх нэрээр өгч тусалсан юм. 

Сүүлийн хэдэн жил шударгаараа зүй ёсоор гайхагдах болсон TV9 телевиз гэнэ алдаж бас нэгэн шударга эрхмийг хэвлэх үйлдвэр, “Өргөө” зочид буудал” дээр нэмээд гуравдахь хэрэгт оруулж Ц.Нямдорж гэдэг өөр нэг шударгын аманд хийчихвэл яана гэж бодтол санаа зовох хэрэггүйг ойлголоо. Тэр хувьчлал гээчийн хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийнэ өнгөрсөн.

Posted in "Зууны мэдээ" сонин, Улс төр, эдийн засаг, TV9 телевиз | 1 Comment »

Баримтаар илчлэхүй

Posted by Бид on 2011/11/02

TV9 телевизийн хөтөлбөрт өмнөх ням гаригийн хамгийн оргил цаг – 22:15-аас гэж зарласан мөртлөө гэнэтхэн урагшлуулж (харин суларсан цагт нь “Жаст” ХХК-ийн захиалгат нэвтрүүлгийг үзүүлэв) өдрийн 16 цагаас гаргасан “Дотроосоо хийсэн ажлууд буюу Insider-уудын хэрэг” (англи нэр нь Inside Job. 2010 онд бүтээсэн) баримтат кинонд АНУ-ын санхүүгийн зах зээл дэх луйврыг дэглгэжээ. Саяын хямралаар AIG, Goldman Sachs,Morgan Stanley, Lehman Brothers, бас Moody’s, Standard & Poor’s, Pitch-ийн үйлчлүүлэгчид, орон сууц худалдан авагчид, хөрөнгө оруулагчид сүйрч байхад тэдгээрийн захирлуудыг хэдэн арван саяын шагнал авсан, үнэт цаас, хувьцаагаа яаж амжиж худалдсан, хичнээн саяын нөхөн олговортойгоор ажлаа өгсөн, амжиж хаана хэдэн хаус, онгоц худалдан авч тансагласан баримт нотолгоогоор илчилсэн байлаа.

Гэхдээ энэ бүхэн америкийн конгрессийн гишүүдийн зохион байгуулсан сонсгол дээр ил болжээ. Тэнд хувийн компанийн захирлууд, санхүүгийн аваргуудыг дуудаж байцаахад цаадуул нь баримтын өмнө ээлж дараалан шалчийж байлаа. Юун нэр төр, тайлбар, “зовлон” … Конгрессийн гишүүд зөвхөн баримт асууж зөвхөн баримтаар хариулахыг шаардаж хариултаа авч чадахыг харлаа. Бусдыг хэвлэл мэдээлэл гүйцээжээ. Тэндхийн улс төрийн соёл худлаа ярихыг тэвчдэггүй. 1990-ээд оны сүүлчээр ерөнхийлөгч АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтоныг Моника гэж хүүхэнтэй орооцолдлоо гэж биш, харин орооцолдоогүй гэж худлаа хэлснийх нь төлөө  импичментээр унагах шахсан гэдэг. Энэ баримтат киног үзээд тийм гэдэгт итгэлээ.

Posted in Улс төр, эдийн засаг, TV9 телевиз | Leave a Comment »

“Утсаа салгаад алга болчихсон … “

Posted by Бид on 2011/04/24

Төрийн ордонд хуралдахыг хүссэн ч зөвшөөрөөгүй тул UB Palace-ийн концертын танхимд Баасан, Бямба гаригт болсон Бүх ард түмний их хуралдайг TV9 телевизээр шууд дамжуулсан төдийгүй Ням гаригт хамгийн хурц илтгэл, яриаг түүвэрлэн давтаж байна.

Баян-Өлгий аймгийн уугуул, Сэлэнгэ аймгийн суугуул гэх эмэгтэй “Засгаас өгдөг 21 мянган төгрөгийг авахгүй …  Миний хэдэн хүүхдийг ажилтай болгоод өгчих юм бол тэр яриад байгаа сая 500 мянган төгрөгийг сарын дотор олоод ирнэ” гэж мундаг хэллээ.

Зарим оролцогч хэвлэл мэдээлэл, тэгэхдээ голдуу олон нийтийн телевизийг шүүмжлэв.

С.Авирмэд:

–          Би Засгийн газраас зохион байгуулсан уулзалтанд илтгэл тавьсан юм. Гэтэл Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Оюунчимэг  хэвлэл мэдээллийнхнийг танхимаас хөөж гаргаад хаалттай явуулсан. Иймээс тэр илтгэлийг энд дахин танилцуулья.

Л.Цог:

– Манай хуралдайг зөвхөн TV9 телевиз дамжуулж байна. Тэгвэл олон нийтийн телевиз хаана байна аа? Үндэсний зөвлөлийг огцруулах шаардлага тавья… Сая нэг мэдээ авлаа. Ойрын хэдэн өдөр үндэсний телевизийн засвартай гэдэг шалтгаанаар хаах гэж байна. 

Л.Эрдэнэтуул:

– Би МҮОНРТ-ын ерөнхий захирал Наранбаатарт хандаж Бүх ард түмний их хуралдайн ядахдаа нээлтийг гаргаач гэсэн хүсэлт тавихад телевизийн захирал Оюундарьтай ярь гэчихээд хоёулаа утсаа салгаад алга болчихсон. Олон нийтийн телевиз бол ард түмний өмч. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийг огцруулах шаардлага тавья…

Гэсэн ч олон нийтийн телевиз энэ хоёр үдэш Их хуралдайн талаар үзүүлснийг хэлэх хэрэгтэй. Бямба гаригийн “Цагийн хүрд”-ээр  хуралдайг зохион байгуулагчдаас Л.Болд, Г.Уянга нараас ярилцлага авахын (гол үгийг хэлсэн Намбар овогтой Энхбаяр гэдэг хүний дүрсийг ч харуулаагүй. Гэхдээ яахав) хажуугаар гэнэтхэн “Иргэдийн альянс” төвийн тэргүүн Ж.Занаагаар “эд нар бүх ард түмнийг төлөөлж чадах юм уу? Манайд зөвхөн Ерөнхийлөгч, УИХ хоёр л бүх ард түмнийг төлөөлөх эрхтэй… Миний болгоомжилж байгаа зүйл бол төрд дарамт шахалт үзүүлэх…” гэж хажуунаас шүүмжлүүлж, бас сэтгүүлч нь “Яагаад сонгуулийн өмнөх энэ жилд …” хэмээн сануулаад авчээ.

Төр, засаг, эрх баригч намууд, бас компаниудын элдэв арга хэмжээг болохоор хөтөлбөрөө өөрчлөөд ч хамаагүй үзүүлэхэд хэзээд бэлэн, хүсвэл бүхэл бүтэн нэвтрүүлэг бэлтгэж оргил цагаараа цацдаг, ингэхдээ хөндлөнгөөс огт үнэлүүлж дүгнүүлдэггүй МҮОНТ хэдийдээ ингэж олон ургальч болж амжив аа?  Хэн нэгнээр могой бариулах мэргэн арга олж “шударга” загнасан хэрэг.

Даваа гаригт телевизийн цамхагт засвар үйлчилгээ хийхийн тулд МҮОНТ нэвтрүүлгээ 17 цаг хүртэл зогсоох болсон нь Сүхбаатарын талбай дээр зарлагдсан Их хуралдайн үргэлжлэл болон бусад арга хэмжээтэй давхардаж байгааг тохиолдол гэж найдья. Олон нийтийн телевиз саяхан болтол Даваа гаригт өглөөжин, өдөржин амардаг байж билээ. Гагцхүү энэ удаад зогсоо зайгүй зарлаж сүржигнээд байгаа нь “худалч хүний нээрээ нь олон”-г санагдуулчихлаа.

Ням гаригийн үдэш. МҮОНТ-ийн долоо хоногийн тойм хөтөлбөрөөр өнгөрсөн өдрүүдийн чуулган, сайд дарга, албан тушаалтнууд оролцсон албан үйл явдлын сурвалжлагуудаа давтаж, харин Сүхбаатарын талбай дээрх морьтой, гэртэй цуглааныг илт зэвүүцсэн ганц минутын дүрстэй тайлбараар хаав. Иргэд олон янзын байр суурьтай байна гээд гурвыг дурдсаны хоёр нь цуглагсдыг буруутгажээ. Харин гуравдахь нь? Дэмжсэн байж таарна биз? Гэтэл үгүй, “ямар юм болоод байгааг мэдэх юм алга” гэсэн гэнэ. Дөхөж очоод асуучихгүй дээ. Гадаа нэмэх хэмтэй атал иргэний хөдөлгөөнийхөнд хэлэх юм байгаа бололтой хэмээн мангартаж төгссөн энэ тайлбарт нөгөө их хуралдайг дурдсан ч үгүй.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV9 телевиз | 3 Comments »

Хэн бэ, хэдэн он бэ?

Posted by Бид on 2011/03/21

Суваг эргүүлтэл TV9 телевизээр хэзээ эхэлсэн бүү мэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хийсэн ярилцлага дуусч байна. Миний үзэх хооронд зөв зүйтэй зөндөө олон юм хэлэв. Харин өмнө нь яагаад өөр зүйл ярьж хийж явсан тухай асуултанд “хүн өөрчлөгддөг юм” хэмээн бурханлаг хариулт өглөө. Улс төрчид ариун мөрийн замд орохын тулд заавал нэлээд өндрөөс түсхийтэл газарт унах ёстой ажээ.

Сонирхолтой нь TV9-ын биш сэтгүүлч хөтөлж суув. Дэлгэцийн доогуур “25-р суваг” телевизийн сэтгүүлч Пүрэвхүүгийн Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяртай хийсэн ярилцлагыг үзэгч та бүхэндээ толилуулж байна. Анх 3-р сарын 5-нд эфирт цацахаар төлөвлөсөн уг ярилцлагаа “25-р суваг” телевиз гаргахыг хориглосон болно” гэсэн тайлбар урсана.

Энэ бол зөвхөн МАН-ын явуулга биш. Н.Энхбаяр ярихдаа “Би өнгөрсөн хугацаанд “Бясалгал”, “Хана” гэсэн хоёрхон өгүүлэл бичсэн. Зарим хүн долоо хоног болгон бичээд телевизээр уншаад байгаа биз дээ” гэсэн юм.  Нээрээ “25-р суваг” телевизэд хоёрын хоёр экс ерөнхийлөгч яаж багтахав.

Posted in 25-р суваг телевиз, Улс төр, эдийн засаг, TV9 телевиз | Leave a Comment »

Х-ТҮЦ хамтлаг телевизүүдийг шүүмжлэв

Posted by Бид on 2011/02/05

Наадмыг санахгүй байна, харин шинэ жил, цагаан сарын өдрүүдэд телевиз сахихад хамгийн сайхан зугаа бол Х-ТҮЦ-ийн ээлжит хошин шог байдаг. Энэ цагаан сараар TV9 телевиз “Эгч дүүс” нэртэй шинэ хөтөлбөрийг үзүүллээ. “Гарын таван хуруу”-наас ч олон дүүтэй эгчийн (И.Одончимэг тогложээ) гэрт болсон  явдал.  Бүтэлтэй бүтэлгүй дүү нар нь цувран ирж мөнгө төгрөг нэхэн эрхэлж байтал бас нэг дүү нь цэцгийн баглаа тэвэрч телевизийн сурвалжлагч, зураглаач хоёрыг дагуулан орж ирлээ. “Баярлалаа” нэвтрүүлгийнхэн   гудамжинд тааралдаж цэцэг гардуулаад дагаж ирсэн гэнэ. Хэн нэгний хамт ойр дотнын хүн дээр нь гэнэтхэн очиж сюрприз барилцан баяр талархлын үгс, дуслах нулимсыг харуулдаг ийм нэвтрүүлэг UBS, C1 зэрэг хэдэн телевизэд байдаг санагдана.

Камер ажиллаж эгчийн тухай дуу эгшиглэж Аглуу дүү тэргүүлэн баахан хөгжөөсний эцэст сурвалжлагч залуу “Гоё болж байна. 15-20 минутийн нэвтрүүлэг бараг болчихно. За тэгээд тооцогоо хийгээд дуусгая даа” гэлээ. Цаашаа өрнөсөн яриа: 

– Төлбөртэй нэвтрүүлэг юм уу?

– Төлбөргүй юм гэж хаана байсан юм. Зах зээлд бүх юм төлбөртэй болсоон, миний дүү. 80 мянган төгрөг болно. Наад цэцгийг чинь 35 мянгаар авсан, та нар яахав 30 мянган төгрөг бодоод өгчих…

– Надад та нар өөрсдөө цэцэг…

– Бид ийм нэвтрүүлэг хийж мөнгө олдог юм ш дээ.

– Төлбөртэй гэж хэлэхгүй яасан юм бэ? Тэвэл би орохгүй л байх байсан  шдээ…

– Ямар сонин юм бэ? Мөнгө төгрөгийг асуухад яасан юм бэ?

Сайхан сэтгэлтэй Одончимэг эгч “Яахав яахав. Зөндөө гоё юм боллоо. Эгчийнхээ цүнхийг аваад ир. Өгнө өгнө” гэсээр мөнгийг нь төллөө. Яриа цааш хэсэг үргэлжлэв. 

– Хэзээ гарах юм бэ?

– Танайх кабельтай юу? Кабельтай бол юу яачих за юу… Цагаан сарын үеэр л гарах байх. Цагаан сараар та кабелиа солиод л үзээд бай. Бид хоёр монтажлах студээ олчих юм бол аль нэг телевизээр гаргачихна, за юу.

– Гарах юм уу?

– Гарнаа гарна. Та бүр гоё гарна.

– Ямар сувгаар гарах юм бэ?

– Аль нэг сувгаар нь гарна аа. Та сувгаа солиод л үзээд бай за юу…  

Ингэж санаандгүй X-ТҮЦ-ийнхэн манай телевизүүдийн нэг нууцыг задалчихав. Телевизэд ажилладагүй, студи ч байхгүй хоёр нөхөр мөнгө олж байгаагаар дүрсэлсэн ч жинхэнэ амьдрал дээр том телевизүүд өөрсдөө яг ингэж мөнгөөр баярлуулдаг билээ.  Бүр албан ёсны тарифтай. 

Монголын хошин шогийн №1  хамтлаг болох Х-ТҮЦ цаашид энэ мэтээр ахиухан “улс төржөөсэй”.  Хөгжилтэй, будлиу, согтуу, хазгар, тэнэг, ховдог, гэнэн, сагсуу жирийн монгол хүнийг бусад хамтлагуудын хамт заримдаа хүйсээ хүртэл сольж байгаад олон жил даапааллаа. Хөгжилтэй сайхан байлаа. Хэдэн сарын турш тоглоход Соёлын төв өргөө, МҮЭ-ийн Соёлын төв ордон зэрэг дүүрдэг урлаг болгож чадлаа. Харин одоо худлаа ярьдаг, хоосон амалдаг, шоуддаг (Байнгын хороодын хуралдааныг санацгаая!) улс төрчид, сайд дарга нарын ээлж болсон баймаар. 

Магадгүй хошин урлагийн жанрын хууль сэтгүүл зүйнхээс өөр байх. Гэхдээ л …

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар", TV9 телевиз | 3 Comments »

TV9-ын залуучуудын нэвтрүүлэг

Posted by Бид on 2010/10/05

Ням гариг бүрийн 12 цагаас хэдэн залуучууд тойрч суугаад том томоор улс төрждөг нь TV9 телевизийн “Анализ тойм” хөтөлбөр юм. Манай арилжааны телевизүүдэд ахмад байтугай дунд насныхан үзээд өгье гэсэн ч олдохгүй тул захирал нь “бэлэн материалаараа хоол хийсэн” биз. Харин эдийн засагч Дашзэвэг, геологич Хурц  зэрэг хүмүүсийг гаднаас урихлаар орц нь таарч дажгүй яриа болдог. Даанч дандаа биш.

Хамгийн гол нь залуухан тоймчид эзэндээ амар.  Тэд хамаа намаагүй ярьж харагдавч Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёрын хэнийг өөд татаж, хэнийг доош чихэхээ хольж солино гэж үгүй. Гэхдээ залуучууд юм хойно холын байтугай ойрын түүхийг ч муу мэдэх юм. Өнгөрсөн долоо хоногийн хамгийн хурц үйл явдал – Англид баривчлагдсан  Хурцын талаар тайлбарлахдаа  “Манайхан Энхбатыг хулгайлж авчирсан тагнуулчдынхаа нэрсийг илчилсэн гэнэ, ёстой шившигтэй, яаж чадав аа,  тэр Гадаад харилцааны сайд юугаа харсан юм?” хэмээн зад загнав.  Тагнуулын ерөнхий газар Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг тул түүний зөвшөөрөлгүйгээр шийдсэн байх учиргүй. 2003 онд Ерөнхий сайдын нэр Э үсгээр эхэлж байсныг мэддэггүй аж.

Дараа нь Ерөнхий сайд С.Батболд эх орондоо үзэгдэхгүй хагас сар гаруй (17 хоног) гадуур хэссэнийг шагширч Гиннесийн номонд оруулах санал гаргалаа. Бас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Финланд Данид олон хоногоор айлчлах гэж байгааг дурдаад бусад орны төрийн томчууд Монголд 0,5  өдөр, 1 өдөр, сайндаа л 1,5 өдөр буугаад морддог тухай сануулсан.

Яг тийм. Батболд АНУ, Канад, Японоор дэндүү  удаан айлчилжээ. Цаашдаа болимоор юм. Гэхдээ 2003-2004 оны үед Ерөнхий сайд Н.Энхбаяр ганцхан АНУ-д бараг бүтэн сар аялсныг мэдэх үү? Хамаагүй ярьж байж Гиннесийн номонд өөр хүнийг оруулчихвал яана?!

Posted in TV9 телевиз | 3 Comments »

“Тархинд зүүсэн алтан медаль”

Posted by Бид on 2010/05/20

Энэ хаврын хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг бол UBS телевизийн Universe Best Songs болой. Орой болмогц хөгшин залуугүй дэлгэцийн өмнө тухалж тэнд авьяасаа үзүүлэх уран сайханчдыг чагнахаасаа илүү Рагу, Т.Ариунаа, Б.Долгион нарын гурван шүүгч болон хөндлөнгийн ажиглагчдын амыг сахиад суучих юм. Тэдний дүгнэлт, санал зөрөлдөөн, хааяа лобби цаад дуунуудаасаа хамаагүй илүү сонирхолтой аж. Авгай хүүхдүүд үзэхлээр тэр айл тэр чигээрээ дагахаас өөр аргагүй. Юун зуд, хямрал, цалин, махны үнэ, 1,5 саяын амлалт, Монгол 999 … Дөрөв, тавдугаар сард АНАТХ-ийг ард түмэн дэмжиж хөдлөөгүйн учрыг би бараг мэдчих шиг боллоо.

Тэгтэл TV9 телевиз бас нэгэн төстэй шалгаруулалт эхэлсэн нь “Гэгээн алсын одод” нэртэй хүүхдүүдийн уралдаан. Б.Сарантуяа, Б.Төгөлдөр, бас Бэхбат гэсэн бас гурван шүүгчийг зарим хүн хатуу ширүүн, хүүхдийн нулимс харж кайф авдаг, нэг шүүгчийг бүр хүйтэн царайт гэж бичсэнд гайхан суваг эргүүлж сонирхвоос ортой санагдав.  Нэгэнт уралдаан тул хатуухан шүүх ёстой, гэхдээ хүүхдүүдтэй муухай харьцах нь үнэхээр таалагдсангүй.

Б.Төгөлдөр:

– Чиний нулимс гарч байна. Наадах чинь ухаарлын нулимс

– Чиний тархинд бид алтан медаль зүүж өгч байна гэж бодчих

– Зардал гаргах хэрэгтэй. Чамайг дэлгүүр мэлгүүрээс цамц аваад өмсөөд ир гэж хэлээгүй

Бэхбат:

– Наадах чинь надад хамаагүй…. Ийм царайтай ороод ирж байгаа юм даа. Намайг хүндэтгэхгүй. Хоёр шүүгчийг хүндэтгэхгүй… Тайлбар сонсохгүй ээ…

– Сонголтоо буруу хийгээд ороод ирлээ шдээ. Өөрийгөө асуудалд оруулчихаж байгаа байхгүй юу…

Б.Сарантуяа:

– Ийм амархан дууг ийм муу дуулж байна гэдэг гайхалтай.

– Нүүрээ хагал

– Чи биднийг уртын дууг мэдэхгүй гэж бодоо юу? Би Норовбанзад гуайтай хамт “Өнчин цагаан ботго”-ыг дуулж байсан. Би хэдий эстрадын дуучин ч гэсэн уртын дууг мэднэ ээ, заримдаа дуундаа шуранхай маягийн юм оруулдаг.

Би ганц хоёр удаа суваг эргүүлэхэд тааралдсан нь энэ. Намайг үзээгүйд юу ярьж суусан бол гэж бодохоос аймшигтай.

Бүдүүн барагдуу хоёр бөхийн нэг нь нөгөөдөө “Чи гуравдугаар анги төгссөн намайг дөрөвдүгээр ангийн боловсролтойгоороо дээрэлхлээ” гэж гомдоллосон гэдэг. Тэгвэл урлагийн мэргэжилтэн (бодвол доктор профессор биз), мянганы манлай (харин тэр Төгөлдөрийг мэдэхгүй) зэрэг өндөр зиндааны том хүмүүс урлагын байтугай жирийн сургуулиа ч төгсөж амжаагүй бяцхан охид жаалуудыг дээрэлхэх хэрэг байна уу? Харин хүүхдүүд тэр болгоныг ойлгохгүй нь сайхан. “Чи фонограм дээрх солонгос дуучинтай хамтраад дуулж байгаа юм уу?” гэж даапаалахад “Тийм” гэж хариулаад тормолзож зогсох.   

Инээмсэглэж чаддаггүй хүн дэлгүүр бүү ажиллуул гэсэн үг бий. Бас хүүхэдтэй харьцах ёстой дэмий юм байна. Тэр Бэхбат гэдэг хүүхэн ганц удаа ч болов инээмсэглэхийг олж харсангүй.

Тэгтэл TV5-аар бүжгийн тэмцээнийг хэдэн нөхөр суугаад шүүдэг болжээ. Одоо хангалттай.

Posted in TV9 телевиз, UBS телевиз | 11 Comments »

Бие биенийхээ “хар”-ыг гайхав

Posted by Бид on 2010/02/05

Лхагва гаригт TV9 телевизийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр “сүүлийн үед хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд захиалгатайгаар халдах боллоо” гэсэн утгатай тайлбар сурвалжлага үзүүлэх нь тэр. Үзтэл “Өнөөдөр” сонины Даваа гаригийн дугаар нийтлэгдсэн “Худалч, хулгайч телевиз” гарчигтэй нийтлэлийг няцаажээ.

TV9-ийг хилэгнүүлсэн тэр өгүүлэл “ Монголд телевиз үзэх, хятад бараа авах хоёр бараг л адилхан болжээ. Аль аль нь хулхиддаг болохоор авсан нь хохироод үлдэнэ… Телевиз хэмээх тархи угаагч машиныг дарж зогсох хүн Монголд байна уу, үгүй юу? Эс бөгөөс энэ телевизүүд бүгд аль нэг эрхтэн дархтаны “нууц хүү” юу? Реклам сурталчилгаанаас мөнгө олдог “дархан цаазат” газар уу?” гэж эхлээд цаашаагаа жижиг гарчгуудын дор телевизийг мөч мөчөөр жиргэж орхисон байх юм.

Солонгос кино: Солонгос кино үзсэн хүн эргүү болдог….

Монголд хэдэн телевиз хэрэгтэй вэ?: Улаанбаатарт 14 суваг байна… Японд бол улсын хэмжээний зургаахан телевиз байдаг…

Оюуны өмч телевизэд хамаагүй юу?: Гадаадын киног хулгайгаар авч орчуулаад үзүүлдэг…

Сумо: хулгайгаар дамжуулдаг…

Тархи угаах: ард түмнийхээ тархийг гадаадын телевизийн шоу, драмаар угаалгаад, хараад л сууж байдаг сайхан Засгийн газартай” гэсэн хатгаасаар төгсөв.

Телевизүүдийг Засгийн газраар унтраалгахыг хүсчээ, янз нь. Японд зургаа байдаг юм чинь Монголд 0,06 байхад хангалттай, тэр нь 25-р сувгийн хэлтэрхий байх уу? “Монголын нэр хүнд” гарчгийн дор Олимп, дэлхийн аваргын тоглолтыг дамжуулах эрх авсан телевизүүд мөнгөө төлөхгүй хулхиддаг. Телевизийнхэн монголын хэдэн компаниас олимпийн тоглолт дамжуулах эрх авахад хэрэгтэй гээд хэдэн төгрөг салгаад авчихсан байгаа юм. Тэгсэн мөртлөө тэр эрхээ бусад телевиздээ дамжуулаад зарчихдаг гэж байгаа. Турины олимпийг дамжуулах эрх авсан телевиз “ажилласан” явдал энэ бизнесийн том жишээ буюу” хэмээн илчлүүлсэн телевизийн тогийг хамгийн түрүүнд тасчих биз. Аль  телевиз бол?    

Тэгтэл “юун гуя” гэдэг шиг TV9 телевиз гэнэт өндөлзөж өөрийгөө илчлээд “олон улсын уралдаан тэмцээнийг зохион байгуулахад маш их мөнгө төлдөг” гэсэн утгатай уртаас урт тайлбарыг инженер залуугаараа хийлгэв. Их төлдөг нь үнэн байх, гэхдээ тэр эрхийг зарсан, зараагүй гээд түс тас хариулсангүй. Үүний оронд “Өнөөдөр” сонины “Монголд мэргэжлийн сэтгүүл зүйн төгсгөл ирж байна” гэсэн гарчигтай дугаарыг харуулж байгаад “цаанаасаа захиалгатай ийм нийтлэлийг цувралаар гаргаж байна” гэж төгсгөв өө.  Даанч тэр захиалагчийн овог нэр, ажлын газрыг бас л хэлсэнгүй.

Эмгэнэлт гарчгийн цаана юу байгааг үзлээ. “Өнөөдөр” сонины редакцид сэтгүүл зүйн тулгамдсан асуудлаар зохион байгуулсан хэлэлцүүлэгт судлаачид, бас МСНЭ-ийн удирдлагууд оролцохдоо юу ярьсныг буулгаж хэвлэсэн юм байна. Даанч хэдэн нүүр дүүрсэн зөв зүйтэй өгүүлбэрүүдийг урсгагчид мэргэжлийн сэтгүүл зүй яагаад мажийхад хүрснийг мэдэхийн дээдээр мэддэг мөртлөө хэлчихэж чадсангүй. Бие биенээ хараад суухад нүүр халаад хэцүү байдаг биз…

Ноднин намраас хойш “Өнөөдөр” сонины редакци “Сэтгүүл зүйн үнэт зүйлийн төлөө” лоозонтой хэлэлцүүлэг эхэлж энэ мэт сүржин нийтлэл, ярилцлагуудыг үе үе нийтлэн сэтгүүл зүй бохирдож, сэтгүүлчид худалдагдсан, эзэддээ үйлчилдэг, улс төрчдөд халааслагдав гэх мэтчилэн халагласаар удлаа. Даанч өөрсдөө тийм байдаг учраас нэг ч сонин, телевиз, сэтгүүлч, эзний  нэр, ганц ч жишээ баримт хэлж чаддаггүй.  

Сонгууль болгоны дараа гавьяат эзэд, гадаст сэтгүүлчдийн тоо суга өсдөг. Энэ удаад бүр онцгой. “Одонгүй сэтгүүлчийг сэтгүүлч гэдэг юм уу?” болов. Зарим редакцид багталцахгүй хэцүүддэг гэнэ. Манай хэвлэл мэдээллийнхэн ийм мундаг юм бол мэргэжлийн сэтгүүл зүй яахаараа төгсөх болж байна?

Чухам ийм учраас төгсөх гээд байж магадгүй.

Posted in "Өнөөдөр" сонин, + СОНИНУУД, + СЭТГҮҮЛ, TV9 телевиз | 3 Comments »

Хэвлэлийн эрх чөлөө ба Н.Энхбаярын ээлжит “хувь нэмэр”

Posted by Бид on 2010/01/06

Сүүлийн саруудад TV9 телевиз ер бусын ширүүн байгаа. “Зууны мэдээ” ч мөн адил. Өнгөрсөн намар Оюунтолгойн гэрээг батлахаас эхлээд Монгол улсад сөрөг хүчний үүргийг зөвхөн энэ хоёр гүйцэтгэх болсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж, дараа нь УИХ-ын нөхөн сонгуулиар намдаа жийгдэж нэгмөсөн чөлөөт иргэн болсны ачаар шүү! 

Саяхан TV9 телевиз 2009 оны онцлох 9 үйл явдлын шалгаруулсан нь бүгд сөрөг байв. Жишээлбэл,

Оны дээрэм: Анод банкыг дампууруулсан…

Оны ялагдал: Оюутолгойн хууль бус гэрээ байгуулсан…

Оны эмгэнэлт хэрэг: Гахайн ханиад 28 хүний амийг авч одсон…

Оны дуулиант хэрэг: Хилчид нэгнийгээ буудаж алсан…

Оны харуусал: Монголын хөөмийг хятадууд цоор нэрээр ЮНЕСКО-д бүртгүүлсэн… гэх мэт.

Харин дараачийн “номинаци” тун сонирхолтой юм.

Оны хуйвалдаан: Ерөнхийлөгчийн болон 2009 оны нөхөн сонгууль. МАХН 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэрийг дэвшүүлсэн ч намын дарга нь өөр бөх зассанаар МАХН ялагдал хүлээж хоцорсон юм. Өмнө нь АН-ын том бүлгийхэнтэй үгсэн хуйвалдсан МАХН-ын дарга стандарт бус шийдвэр гаргаж хамтарсан Засгийн газар байгуулснаараа ард түмний сонголттыг үл хүндэтгэсэн удаатай… Баяр даргын хуйвалдаан үүгээр дууссангүй. Алдагдсан нэр хүндээ олж авахын тулд найр тавьсан ерөнхийлөгчийн суудлаараа Чингэлтэйн нөхөн сонгуулийн 24-р тойргийг барьцаалж авлаа. Гэвч удирдах зөвлөл дотроо дахиад хуйвалдаж намын үүрүүдээс гарсан хүнийг өөрийн хүнээр сольж Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлсэн нь намын гишүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Энэ бүх хуйвалдааны цаана Энхбаяр гэдэг ганцхан хүнийг одоогийн улс төрд оруулахгүй гэсэн МАХН, АН-ын том бүлэглэлийнхны хамтарсан эрх ашиг нуугдаж байсан юм. Хэрвээ Энхбаяр улс төрд орж ирвэл хамтарсан гэх тодотголоор халхавчилсан хоёр намын ашиг сонирхлын бүлэглэлийнхны хүчтэй сөрөг хүчин болох байсан учраас хайвалдсан хэрэг ээ гэж олон эх сурвалж баталж байлаа. Энэ бүхний дараа цэнхэр гэж нэрлэгддэг Чингэлтэйн тойрог хэдхэн сарын дараа улаан болж хувирсан нь хуйвалдаан хэр хүчтэй байсныг харуулж байна…. Хуйвалдаанд онцгой хувь нэмэр оруулсан МАХН ба АН-ын генсекүүдийг хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор шагнаж гавъяаг нь саяхан үнэлснийг олон нийт харсан билээ…

Монголын хэвлэл мэдээлэлд Н.Энхбаярын гүйцэтгэсэн үүрэг чамлахааргүй. 1990-ээд оны дундуур Данида-гаас “Чөлөөт хэвлэл” сонины хэвлэх үйлдвэрийг бэлэглэхэд байшинг нь улаан гараараа тоосго зөөж босгосон гэж өөрөө ярьдаг. 2000 онд Ерөнхий сайд болонгуутаа Монголын үндэсний телевиз, радиог чангаас чанга атгаж, харин сонинуудыг эхнэрийнхээ “Чөлөөт хэвлэл” сангаас янз бүрээр тэтгэж гаршуулаад тухайн үед Ерөнхийлөгч Н.Багабандийн эсрэг турхирч байв. Яг тэр үед Японоос сэмхэн телевиз бэлэглүүлж TV9-ийг байгуулснаа хожим Ерөнхийлөгч болсон хойноо хэлж сэтгэлээ онгойлгосон. Харин түүнийгээ гүйцэтгэх захирал Ц.Энхбатдаа зарсан тухайгаа саяхан АТГ-т мэдүүлсэн сурагтай.

Манайд албан тушаалаасаа буусан Ерөнхийлөгч нар хэвлэл мэдээллийг барьж авдаг жишиг тогтохнээ. Н.Багабанди гэхэд нийгмийн тустай хөдөлмөр эрхлээгүй ч нийтлэлч болж “25-р суваг” телевиз ба “Өнөөдөр” сониноор “Титэм үг”-ээ айлдаж суугаа бол Н.Энхбаяр өөрт байсан нэг телевиз, нэг сониныг суллаж УИХ, Засгийн газар, МАХН, АН гээд хэнийг ч үлдээлгүй шүүмжлүүлж байна.

TV9 телевиз энэ үүргээ муугүй гүйцэтгэж ирснийг хэлэх хэрэгтэй. Тэр дундаа шинэ ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн, хийсэн болгоныг хянаж чаддаг. Дээр дурдсан 2009 оны онцлох үйл явдлын дараачийн “номинаци” нь “Оны элбэг шагнал” байсан бөгөөд “Уул овоо тахихгүй, одон тэмдэг тараахгүй гэж амлаад байсан Элбэгдорж ерөнхийлөгч энэ удаад 692 хүнд “Алтан гадас” одон медаль тарааж…” гээд сайн ичээсэн юм. Даанч 2009.12.29-нд Ц.Элбэгдорж тус телевизийн ажилтнуудад одон тэмдэг зүүж өгсөн өдрөөс ийм шүүмжлэлээ завсарлаад байна. 

Цаашдаа TV9 телевиз Ерөнхийлөгч Элбэгдоржийг одонгийн тухайд шүүмжлэх болов уу? Монголын ганц “сөрөг хүчин” иймхэн юманд бууж өгөх үү? Одонгоос нь хүртчихээд яалтай билээ. Харж л байя.

Posted in TV9 телевиз | 5 Comments »

Телевизээр цохилт өгөв

Posted by Бид on 2009/11/30

Өнгөрсөн амралтын өдрүүдийг тааруулж хэн нэгэн “Үндэсний үйлдвэржилтийг мөхөөх өмнөдийн бодлого” нэртэй нэвтрүүлгээр Ухаа худгийн нүүрсийг шууд урагшаа БНХАУ руу ачих төмөр зам тавих гэсэн “Энержи Ресурс” компанид “үхлийн цохилт” өгөхийг оролдов.

Сүүлийн үед хамгийн том сөрөг хүчин болоод байгаа TV9 телевиз Баасан гаригийн 22 цагийн үед эхэлж, C1 телевиз 23 цагаас, хэдэн минутийн дараа SBN телевиз угсруулан довтоллоо. Мэдээж альч телевизийн хөтөлбөрт байгаагүй.

“1920 онд герман гаралтай Роберт Фридланд Богд хааныг чөлөөлж Монголыг Хятадаас салгасан бол 2000 оноос хойш бас герман цустай Фридланд бас барон Унгерн шиг үүрэг гүйцэтгэв” гэж эхэлсэн 40 минутийн нэвтрүүлэг баримт нотолгоогоор дүүрэн. УИХ-ын гишүүдээс эхлээд судлаач зэрэг олон хүнтэй уулзаж хятадууд монголын ноолуурын зах зээлийг унагасныг сануулаад “Энержи ресурс”-ийг барьж авав. Таван толгой буюу Ухаа худгаас Хятадын хил рүү төмөр зам татсанаар ашигт малтмалаа зөвхөн урагшаа зөөхөд хүрч хятадуудын эрхэнд орно, харин зүүн тийш Монголын гол төмөр замтай холбовол дэлхийн зах зээлд гаргана, бас Сайншандад баригдах аж үйлдвэрийн цогцолборт боловсруулна гэх мэт давуу талуудыг тайлбарлав. “Энержи ресурс”-ийн Ухаа худгаас шууд Хятад руу тавих замын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцээд дэмжээгүй атал 2008 оны сонгуулийн өмнөхөн Засгийн газраар зөвшөөрүүлж чадсан баримт (тогтоолын дор гарын үсэг нь харагдах ЗТАЖ-ын сайд байсан Р.Раш нэвтрүүлэг оролцож том том юм ярьж суух нь марзан), саяхан УИХ-ын байнгын хороогоор дэг зөрчиж оруулж гэнэт хэлэлцүүлсэн Эдийн засгийн байнгын хорооны дарга Баярсайхан, уг төмөр замын асуудлаарх ажлын хэсгийг “ичихгүйгээр” ахалсан УИХ-ын дэд дарга Батхүү нарын сонирхлын зөрчлийг дэлгэж “…Тэд Тавантолгойн хамгийн их нөөцтэй Ухаа худагийг авч үлдсэн. Тэд нүүрс зарсангүй гээд өлсөх хэмжээний хүмүүс биш… “Энержи ресурс” компани бол MSC болон Хятадын төрийн өмчийн Шинхуа группийн хамтарсан хөрөнгө оруулалттай. Энержи ресурс Ухаа худгаас хил хүртэл 240 км төмөр зам тавиулж чадвал Шинхуа группээс … амалсан… MCS групп Хонконгийн Керри групп гэдэгт асар их өртэй. Энэ өрийн зарим хэсэг нь Улаанбаатарын төв дэх 15 давхар барилгын өр найдваргүй ангилалд багтсан… Тэд УИХ-ын ихэнх гишүүдийг худалдаад авчихсан тул “Үйлдвэржүүлэлт эхэллээ” гэж хэлсэн Элбэгдоржид найдах хэрэгтэй … Хятадууд MCS компанийг дааж давшгүй их өрөөр нь барьцаалаад байна” гэх мэтээр сонин баримт, санаауудыг урсгалаа. Бас болоогүй, уг нэвтрүүлгийг хөтөлсөн үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч”-ийг эрхэлдэг, иймэрхүү захиалгат нэвтрүүлгээр мэргэшсэн Гэрэлт-Од хэмээх сэтгүүлч “дараачийн дугаартаа “Энержи Ресурс”, MCS компанийн тухай дэлгэхээ мэдэгдэж байна” хэмээн амаллаа.

SBN-ээр үзэж байтал төгсгөлийн хэсгийг ямар ч тайлбаргүйгээр таслах нь тэр. Цаагуураа бөөн юм болсон биз.

Бямба гаригт довтолгоо бараг зэрэг суларч 23 цагаас зөвхөн “25-р суваг” телевиз, харин Ням гаригт гаригт буцаад чангарч TV9 телевиз өөрөө хоёрдахь удаагаа, гэхдээ бүр оргил цагаар буюу 20.40 цагаас, араас нь “25-р суваг” телевиз дахиад хоёрдахь удаагаа, нэмээд BTV, ТМ телевизүүд хүч хавсрав. 

Энэ нэвтрүүлгийн цаасан хувилбар болон төстэй нийтлэл сонинууд дээр гарсан. Харин зурагтаар ингэж гэнэдүүлж дайрсан тул “Энержи ресурс”-ийнхэн ням гаригт түргэн авч мэдэгдэл гарган зогсоохыг оролдов. Түүндээ Ухаа худгаас төмөр зам тавихыг Засгийн газрын тогтооолоор зөвшөөрснийг сануулаад “өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Энержи ресурс” компани болон түүний хувь нийлүүлэгчид болох MCS, Петровис, Шунхлай компаниудын нэр хүндийг унагах санаархалтай бохир захиалгат үйл ажиллагаа явагдлаа. Хүлээцтэй хандахад хязгаар гэж бий. Энэ үйлдэл нь улс орны эдийн засгийн эрх мэдлийг гартаа оруулах харийнхны бодлого байв уу? Монгол төрийн нэрийг барьж хувийн эрх ашиг, бизнесийн атаа жөтөөгөө бүхнээс дээгүүрт тавьсан атгаг санаа байв уу? … Цаашид энэ мэт хар пиарын материал ямар нэгэн хэвлэлээр гарвал бид захиалагчийг олон нийтэд ил тод зарлаж гар хөл бологчдийг нь хуулийн байгууллагад шалгуулж нэр төрөө сэргээлгэх болно… “Энержи ресурс” компанийг гүтгэн доромжлох, хар аргаар мохоож чадахгүй гэдгийг захиалгат нэвтрүүлгийн эзэнд хандан мэдэгдэж байна” гэжээ.

Телевизүүд “Энержи ресурс”-ийн мэдэгдлээр амьсгалах ээлж ирэв. TV5 гэхэд “Цаг хөтөлбөрийнхөө өмнө, хойно, дундуур уншсан бол UBS, НТВ, SBN бүгд телевизүүд ч дутахгүйг хичээв. TV9-ын “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрөөр мэдэгдлийг уншаад, залгаад тэрхүү “гүтгэлэг”-ийн нэвтрүүлгээ цацаж, араас нь дахин мэдэгдлийг уншиж зугаацав.

Амралтын өдрүүдэд дэлгэцэн дээр ийм юм болж өнгөрлөө. Өнөөдрийг хүртэл Оюутолгойн ард халхлагдаад байсан сая биш, тэрбум биш, их наядын төлөө тэмцэл ийнхүү дэлгэцэн дээр ил гарав. Ийм чухал асуудлыг хэвлэл мэдээллээр хэлэлцэж чи би-дээ тулах нь зүйн хэрэг, харин яагаад зөвхөн захиалгат нэвтрүүлгээр үзэлцдэг юм бэ? Манайд хараат бус бөгөөд өндөр түвшинд хүрсэн судлаач, шинжээчид, бас хараат бус хэвлэл мэдээлэл алга учраас тэр.

“Энержи ресурс”-ийн нэрлэхээр айлгаад байгаад “захиалгат нэвтрүүлгийн эзэн” (эзэд биш эзэн гэснийг анзаарна уу) дээр дурдсан УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр болон дараа нь “”Энержи ресурс”-ийн төмөр замыг эсэргүүцэн тэмцэлдсэн сайд бөгөөд “Женко” Х.Баттулгыг гэж үзвэл тэрбээр хэвлэл мэдээллэээр олигтойхон хэлэлцэж шуугихыг хүлээж ядаад арга барахдаа захиалж эхэлсэн биз.

Одоо “Энержи ресурс”-ийн ээлж ирлээ. Өчигдрийн мэдэгдлүүд хүртэл төлбөртэй байснаас зайлахгүй.

Posted in СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА, TV9 телевиз | 7 Comments »

Утсаа аваач ээ…

Posted by Бид on 2009/10/29

1980-аад оны дундуур Иран-Иракийн дайны ээлжит тулалдаанд алагдсан иран цэргийн бугуйнд байсан электрон цаг хэдэн сарын дараа ч зогсолгүй эзэндээ дохиолсоор байгааг барууны нэгэн сурвалжлагч бичсэнийг гэнэт саналаа. 

2009 оны 10-р сарын 27-ны өдөр нийслэлийн 4-р цахилгаан станцын зүүн зам дээр “Анод” банкны буюу тус банкны лизингтэй “Хюндэй” маркийн 95-34 УББ улсын дугаартай авто машины бензин дуусч улмаар жолооч О нь тээврийн хэрэгсэлээ зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогсоож банкандаа савнаас бензин хийж байханд нь араас ирж явсан Апекс грүпийн 43-13 УБЗ улсын дугаартай “Хюндэй” маркийн хүнд даацын авто машин дайрч амь насыг нь хохироосон тухай сурвалжлагыг TV9 телевиз үзүүлэв. Дайрсан жолооч (хагас ухаантай явж харагдав) хурд хэтрүүлсэн, харин амиа алдсан жолооч ослын зогсолтын тэмдэг тавиагүй буруутай гэнэ.

Нэгэнт өнгөрчээ. Харин сэтгүүлч сурвалжлагынхаа төгсгөлд “цогцсыг бүтээсэн байхад халаасан дахь гар утас нь тасралтгүй дуугарсаар байлаа” гээд “утсаа аваач ээ” хэмээн нэхэх мэт жингэнэх тэр аяыг сонсгоход өнчирч хоцорсноо хараахан мэдээгүй ар гэрийнхэн нь нүдэнд харагдах шиг болов.

Хэлэх үг алга аа.

Posted in МОНГОЛЫН АМЬДРАЛ, TV9 телевиз | 5 Comments »

Судлаач Д.Ганхуягийг дэвшүүлье

Posted by Бид on 2009/09/25

Арилжааны телевизүүд дундаас TV9 телевиз анх удаа олон нийтийн зөвлөлтэй болсон тухайгаа зарлав. Зөвлөлд багтсан (багтаасан?) хуульч С.Нарангэрэл, эдийн засагч Н.Дашзэвэг, бурханч лам Г.Пүрэвбат нарт ижил юм юу байдаг вэ? Зөв. Гурвуулаа тус телевизийг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг саяын ялагдсан сонгуулиар нь хамгийн идэвхтэй дэмжсэн.

Сонгуульд ялуулж чаддаггүй бүтэл муутай нөхдөөс бүрдсэн, ерөөсөө хүн хүч муутай зөвлөл шиг санагдлаа. Тэгэхлээр нэмж нэр дэвшүүлж болох болов уу? Миний зүгээс судлаач Д.Ганхуягийг санал болгож байна.

Posted in TV9 телевиз | 6 Comments »

Хориг үргэлжилж байна

Posted by Бид on 2009/09/24

Оюутолгойн гэрээний төслийг шүүмжлэгчдийг олон түмэнд хамгийн нөлөөтэй мэдээллийн хэрэгсэл – телевизээр яриулахгүй, үүний тулд аливаа хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохион байгуулахгүй байх хоригийг өнгөрсөн Бямба гаригт МҮОНРТ тун боловсон зөрчиж “Ярилцья” хөтөлбөртөө УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ш.Сайхансамбуу хоёрыг урьж Оюутолгойн гэрээний талаар хэсэг яриулав.

Ш.Сайхансамбуу: Бид [Оюутолгойн гэрээний төслийг шүүмжилсэн хэсэг гишүүд] хэвлэл мэдээллээр ярья гэхээр яриулаагүй… Хэдхэн хүн шийдээд тэрийг битгий зурагтаар гарга гэдэг… Бензиний үнийг хуйвалдаад нэмдэг компаниуд шиг…

Ц.Даваасүрэн: Тэр үеэр би сонинд ярилцлага өгсөн чинь сурвалжлагч нь эргээд таны хэлсэн энэ хэсгийг хасахгүй бол нийтэлж болохгүй байна гэсэн. Би тэнд Оюутолгойн гэрээний төслийг энэ хэвээр нь баталбал юу Монгол Улс юу алдах вэ гэсэн тоог хэлчихсэн юм…

Ноцтой мэдэгдлүүд! Эрхэм гишүүд амаа скотчдуулах шахсан байна шүү!

Ашгүй олон нийтийн телевиз гэмшиж хоригийг өөр дээрээ цуцлахаар шийдэв үү гэтэл бас үгүй аж. Засгийн газар “Айвенхоу Майнз”-тай тохирсон гэрээндээ гарын үсэг зурахад нэгэнт саадгүй болсон тул “албан ёсны зөвшөөрөлтэй” хоёр гишүүний гомдлыг ганц удаа тайлахад аюулгүй гэж үзсэн бололтой. Олон ургальч хэлэлцүүлэг өрнүүлэхийн тулд байдаг гэж ойлгогддог “Нээлттэй хэлэлцүүлэг” энэ сэдвийн өмнө тас хаалттай хэвээрээ.  

Маргааш нь “Ийгл” телевизийн “Зочны цаг”-аар “Миний монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн П.Болд уригдаж “… иргэний хөдөлгөөнүүдэд хэвлэл мэдээлэл хаалттай байсан, “… бүх хэвлэлүүд хаагдчихсан учраас бид үгээ хэлж чадахгүй байна… гадаадынхан манай хэвлэл мэдээллийг худалдаад авчихсан байна” гэсэн.

Бас Авирмэд, Дашзэвэг, Хурц, Болд, Владимир нарыг орой болгон урьж Оюутолгойн шударга бус гэрээний төслийг шударга болтол нь үзэлцэнэ гэж зарласан TV9 телевиз сэмээрхэн дуугаа хураажээ. 

“Оюутолгойн хориг” үргэлжилж байна.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV9 телевиз | 1 Comment »

“Медведевийг өөр хүн урьсан шдээ…”

Posted by Бид on 2009/08/27

ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Монголд айлчилсан хоёр өдөр (“овоо л доо, хоноод явсан байна”) манай бүх телевизийн мэдээллийн хөтөлбөр энэ айлчлалын тухай сурвалжлагаар эхэлж байсанд гайхах хэрэггүй биз. Ганцхан ТВ9 телевиз тэгээгүй нь хачин санагдлаа. 

8-р сарын 25-ны “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр зөвхөн дөрөвдэх сурвалжлагаасаа Д.Медведевийг тоосон бол 26-нд дахиад хоёроор ухрааж бүр “доош хийв”. Эхний сурвалжлагуудыг жагсаавал:

– Нийслэлд автозамын түгжрэл их байна

– Ядуу зүдүү амьдралтай хүмүүст тусалддаг нэгэн байгууллага

– Манай тамирчин Цагаанбаатар жүдо бөхийн дэлхийн аварга болов

– “Эрэл” компанийн орон сууцны барилгын хохирогсод хэвлэлийн хурал хийв

– Далан давхрын оршуулгын газарт хамаагүй хог хаяснаас шинээр хогын цэг үүсээд байгаа тухай.

Зөвхөн үүний дараа Медведевын айлчлалын сурвалжлагууд (Жуковын хөшөөнд цэцэг өргөв, Халх голын 70 жилийн ойн баярын хурал, Монгол-Оросын цэргийн “Дархан-2” хээрийн сургууль, Бэсрэг наадам гэх мэт) хөвөрсөн юм.

Тайлбар болгож уг айлчлалд зориулсан TV9 телевизийн эхний сурвалжлагын гомдлоор дүүрсэн нэг өгүүлбэрийг сийрүүлье: “ОХУ-ын Ерөнхийлөгчийг Монгол Улсын түрүүчийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр урьсан боловч энэ Ерөнхийлөгчийн үед айлчилж байгаа юм …”.

Posted in TV9 телевиз | 4 Comments »

Бойкот

Posted by Бид on 2009/08/27

Оюутолгойн гэрээг байгуулахаас өмнө “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” компанийн шаардсан 4 хуулийн өөрчлөлтийг манай Засгийн газрын ажлын хэсгийн зуучилснаар УИХ хэдхэн хоногт гүйцэлдүүлж өглөө.

Чуулганы хуралдаан дээр Сангийн сайд С.Баярцогт “Манай ажлын хэсэг аль нэг талд үйлчлээгүй…” гэж биеэ хамгаалж харагдсан. Уг нь нэг талд үйлчлэх учиртай, тэр нь Монголын тал байх ёстойсон. Хэдэн өдрийн турш түүний урсгасан тайлбар, бусад улс орон ингэдэг тэгдэг жишиг, зах зээлийн 50 жилийн прогноз, гаднын зөвлөх компанийн (цаагуураа Айвенхоу Майнз-ын хувьцаа эзэмшдэг гэсэн) гаргаж өгсөн тоо цифрт эргэлзсэн, алт, зэсийн үнэ огцом өсөхөд 68 хувийн татварын оронд ахиухан юм хүртээх, газрын гүний усыг ганц компанид өгч болохгүй гэсэн Н.Батбаяр, Г.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Д.Энхбат зэрэг гишүүдийн шаардлагыг зөвхөн няцааж байлаа.

Бид 30, 50 жилийн цаадахыг яаж мэдэж байна аа? Нэгэнт мэдэхгүй юм чинь 15 жилээр гэрээ хийгээд сунгаад явбал найдвартай гэж мөн ч их ярьсан даа. Үүний тулд зарим гишүүд Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан, гэхдээ үүнийг Айвенхоу Майнз зөвшөөрөөгүй, нэгэнт Айвенхоугийн зөвшөөрөөгүй юмыг УИХ хийхгүй. Хийлгэх ч үгүй.

Дөрвөн хуулийг өөрчлөх нь нэгэнт шийдэгдсэн асуудал байжээ. 57-р тогтоолоор Засгийн газарт үүрэг өгсөн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны дараа Засгийн газраас хууль өөрчлөх даалгаврыг дуулгавартай хүлээн авч байхыг харахад “дээгүүрээ яриад шийдчихсэн” нь илт байв. Нэгэнт парламентад сөрөг хүчин байхгүй болохоор эсэргүүцсэн цөөн хэдэн гишүүнийг олонхоороо дарж авлаа.

Компани, Засаг хоёрын талд бүхэл бүтэн хэвлэл мэдээлэл, сэтгүүл, сэтгүүлч, нийтлэлчид хүчин зүтгэлээ. Харин гэрээг эсэргүүцээд байсан иргэний хөдөлгөөнүүдийг манай хэвлэл мэдээлэл энэ хэдэн өдөр бойкотлов.

“Эрс шинэчлэл”, “Миний Монголын газар шороо”, “Иргэдийн альяанс” зэрэг байгууллагын хоёр удаагийн хэвлэлийн хурлыг ихэнх телевиз (TV5, UBS гэх мэт) хав дарав.

Харин МҮОНТ юув дээ. Өөртөө зүүлттэй нэрээ бодоод ганц өгүүлбэрээр ч хамаагүй дурсах болов уу гэтэл тэгсэнгүй. УИХ-ын ээлжит бус чуулганы нээгдэхийн урьд үдэш МУУҮА-ийн ерөнхийлөгч До.Ганболдыг студидээ урьж, Оюутолгойн гэрээг иргэд дэмжиж байгааг нотолсон баахан яриа оруулсан (“Энэ гэрээ түргэн батлагдахыг хүсч байна уу? – гэх мэт асуулт тавихад цаадуул нь “хүсч байна” л гэж хариулахгүй хаачихав) мөртлөө тэр өдрийн иргэний хөдөлгөөнүүдийн хэвлэлийн хурлыг нуун дарагдуулав. Бас чуулган нээгдсэн өдрийн хоёр дахь хэвлэлийн хурлыг бас л олж харсангүй. Эдгээр хурлууд болсон “Монгол ньюс”-ийн мэдээллийн төв рүү очдоггүй юм болов уу гэтэл бусад хурлуудыг сурвалжилсан байх юм.

Хуулийн өөрчлөлтийн эцсийн хэлэлцүүлгийг Медведевийн айлчлалын өдөр хийсэн болохоор бүх анхаарал тийшээ. Жагсаал цуглаан байтугай хэвлэлийн хурлын талаар ярилтгүй. Шударга сайхан гэрээ батлагдтал орой болгон иргэний хөдөлгөөнийнхнийг цуглуулж байгаад бужигнуулна хэмээн тангараг тавьж байсан TV9 ганц удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан ч урьсан зочидтойгоо уралдаж чалчдаг бүдүүлэг хөтлөгч, бас Медведев хоёрын “ачаар” үзсэн хүн байгаагүй биз.

Мөнгөтэй Компани, мэдэлтэй Засгийн газар хоёр нийлэхээрээ Монголд хүссэнээ хийж чадахнээ.

Маргааш өөр юуг хүсэх бол?

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV9 телевиз | Leave a Comment »

68 хувийг тэг болтол “зодож байна”

Posted by Бид on 2009/08/20

Одоо үйлчилж байгаа хууль тогтоомжийн дагуу, элдэв хөнгөлөлт чөлөөлөлт үгүйгээр  Оюутолгойн гэрээг байгуулаад ир гэсэн тов тодорхой үүрэг өгсөн УИХ-ын 57-р тогтоолын хариуд Засгийн газрын ажлын хэсэг “Ёстой гоё гэрээ байгуулах боллоо, харин хэдэн хуулийг өөрчлүүлье” гэсэн хариу даалгаврыг өргөн барихад Д.Дэмбэрэл дарга “жа” хэмээн хүлээж авсан тэр мөчөөс хойш монголын хэвлэл мэдээллээр гэрээний заалтуудыг магтах, ялангуяа 68 хувийн татварыг муулах сурталчилгааны кампани өрнөж байна. Ерөнхийлөгчийн суудлаас ховхормогцоо сая шударга үнэнийг нэхэж эхэлсэн Н.Энхбаярын TV9 телевиз (бас мэдээж “Зууны мэдээ”) гэрээний төслийг эсэргүүцэгчдийг яриулснаас биш , хэвлэл мэдээлэл, сэтгүүлч, тоймчид бараг бүгдээрээ Засгийн газрын талд орж УИХ-ын чихийг зөөлрүүлэх гэсэн мэт балбаж эхэллээ “Өнөөдөр” сонин УИХ-ын гишүүдийг “Нусаа тат” гэж загнасан бол UBS телевиз “… 68 хувийн татварыг авах гэж байгаа нь УИХ-ын гишүүдийн хувь хүртэх гэсэн сонирхолтой холбоотойг олон хүн мэдэж байгаа”-г илчлэв. (Харин “мэдэж байгаа” хүмүүсээ UBS мэдэж байгаа эсэх нь тодорхойгүй).  Бас Оюутолгойн гэрээ ба хуулийн өөрчлөлтүүдийг хэлэлцэх УИХ ээлжит бус чуулганд “Амжилт хүсье!”, эрхэм гишүүдийг “Зөв шийдвэр гаргаж чадна гэдэгт итгэж байна” гэх мэт боловсон  анхааруулга ч цувлаа… 

Ийнхүү Засгийн газар, “Айвенхо майнз”, түүний мөнгөнд согтсон хэвлэл мэдээлэл гурав 68 хувийн татварыг шууд газарт унаган тэг болтол зодож байхыг хараад манай яруу алдарт олон нийтийн телевиз яаж зүгээр өнгөрөхөв. Бишээ, өмөөрөөгүй… 

Эхлээд “Айвенхоу майнз”-ийн түнш – “Рио Тинто” компанийн сурталчилгааны нэвтрүүлгийг МҮОНТ оргил цагаараа сэмхэн шургуулав. Америкт суралцахдаа Оюутолгойн гэрээний гэнэтийн ашгийн 68 хувийн татвар бурууг мэдчихээд ирсэн МУИС-ын багш Баянмөнх “… энэ татварыг хөрөнгө оруулагч тал зөвшөөрөхгүй… яавал тэдэнд ашигтай байлгахав?” гэх мэтээр хичээл заалаа. Бас геологийн ухааны нэгэн доктор ярив. (Яг энэ хоёр ярианы хэсгээс тэр оройн “Цагийн хүрд” үзүүлсэн юм. Мэдээллийн хөтөлбөр хүртэл захиалгатай байжээ). Төгсгөлд нь “Улаанбаатар хот. 2009 он.

Тэгвэл чуулган нээгдсэн оройн оргил цагаараа Оюутолгойн гэрээнээс 68 хувийг татварыг авч хаяхыг ухуулсан дараачийн нэвтрүүлэг хулгайгаар орж ирлээ. (Бас л хөтөлбөрт байгаагүй гэсэн үг). Нөгөө хичээл зонхилж, түүнийг Засгийн газрын төслийг өргөн барих үед Сангийн сайд С.Баярцогтын хэлсэн үг, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн “жа”-гаар чимсэн байлаа. Төгсгөлд нь бас л “2009 он” гэжээ.

“Захиалгат нэвтрүүлэг” гэсэн тайлбар тавихаа ч больж. Олон нийтийн телевиз цайрчээ. 

P.S: Энэхүү захиалгат нэвтрүүлгийг нөгөө TV9 телевиз маань 20-ны оройн оргил цагаараа гэнэтхэн үзүүлэв. Мөнгө, мөнгө, мөнгө … Бүр ахиухан мөнгө төлбөл иргэний хөдөлгөөнийхнийг яриулахаа ч болих биз.

Posted in "Өдрийн сонин", Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV9 телевиз, UBS телевиз | 9 Comments »

Сүхбаатарын талбайн дөрөвний нэгийг ч дүүргээгүй…

Posted by Бид on 2009/06/20

Би андуурсан юм шиг байна. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг TV9 шууд дамжуулаагүй гэж зарим үзэгч хэллээ. Кино гарч байсан гэнэ.

Харин тэр оройдоо “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрөөр Сүхбаатарын талбай дээр болсон цэргийн жагсаалын тухай даруухан сурвалжлагадаа “шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын зардал өмнөх Ерөнхийлөгчийнхөөс хоёр дахин нэмэгдсэн… цэргийн парад хийсэн нь юуны өмнө гадаадын зочдод зориулсан үзвэр болов… Сүхбаатарын талбайн дөрөвний нэгийг ч дүүргэхээргүй хүмүүс цугларлаа” хэмээн гомдолтой төгсгөжээ. Маргаашийн “Энэ өдөр ”Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 150 гаруй орны зочид, төлөөлөгчдийг урьснаас хамгийн том нь ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Миронов байлаа” гэж голонгуй дуугарсан бол араас нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын түүхэн гавъяаг тайлбарлахдаа сэргэж “Үе үеийн ерөнхийлөгчид дундаас мөрийн хөтөлбөрөө 100 хувь биелүүлж чадсан ерөнхийлөгч гэдгийг хүн бүхэн хүлээн зөвшөөрдөг” гэв.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, TV9 телевиз | 5 Comments »

TV9 өөрөөсөө ичиж TV5 ичихээ ч болив

Posted by Бид on 2009/05/27

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд хийсэн мониторингийн дүнгээ Хэвлэлийн хүрээлэн (өдөр тутмын болон долоо, арав хоногийн сонинууд) ба “Глоб Интернэйшнл” ТББ (улс орон даяар цацагддаг телевиз, радиогийн5-р сарын  18-22-ны таван өдрийн хөтөлбөр) хамтран хэвлэлийн хурал хийж танилцуулжээ. Үүнийг сонинууд яаж мэдээлснийг бүү мэд, харин миний үзсэн телевизүүд өөрсдөө хэрхэн танилцуулав? Хамгийн сонирхолтой нь TV9 байлаа.

ТВ-9 телевизийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр.

Хэвлэлийн хурлын тухай сурвалжлагадаа зөвхөн сонинуудын тэнцвэртэй байдалд учир зүггүй санаа тавьж Хэвлэлийн хүрээлэнгийн мониторингийн дүнгээс баахан уншсанаа телевизүүдийн мониторингыг шууд алгасч зөвхөн МҮОНТ-ээр явуулсан халз ярилцлагыг хэдэн хувь үзсэн тухай дурьдаад өөрийгөө тас нууж дуусгав. Өөрөөсөө ичсэн байх.  Мониторингийн мэдээнд тус телевизэд “Нийт цагийн 71,2%-ийг эзэлж байгаа Н.Энхбаярын мэдээллийн 93,2% нь эерэг байна. Харин Ц.Элбэгдоржийн мэдээлэл нийт цагийн 28,8%-ийг эзэлж, үүний 76,9% нь сөрөг мэдээлэл байна” гээд дурайж байлаа.

TV5 телевизийн “Цаг” мэдээлийн хөтөлбөр

Дээрх хэвлэлийн хурлыг мэдээлэхдээ “нэр дэвшигчдийн сурталчилгаа эрчимтэй явагдаж байсан сүүлийн 5 хоногт дүн шинжилгээ хийхэд үндэсний хэмжээнд эфирээ цацдаг манай телевиз онц гэсэн үнэлгээ авсан байна. Хэт нэг талыг барьсан мэдээ нэвтрүүлэг гаргалгүй, тэнцвэртэй байдлаар хандсан нь ийм дүгнэлтэд хүрэхэд нөлөөлжээ” гээд сийхгүй залав. “Глоб”-ийн мэдээг үзэхэд ямар ч дүн алга. Өөртөө дүн тавиад зогсохгүй UBS, 25-р суваг телевиз тэнцвэр муутай байсныг нотолсон тоонууд уншиж тэрүүхэндээ нүглийг нь илчлээд амжив.  Хэлээгүй л болохоос биш муу дүн тавьжээ. Гэхдээ TV5 өөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, СЕХ-ноос баталж өөрсдөө гарын үсгээ зурсан хуваарийг хэрхэн эрээ цээргүй зөрчсөнийг би урьд нь бичиж байсан. Зөвхөн сүүлчийн 5 хоногт 130 минутийн сурталчилгааны нэвтрүүлэг явуулах хуваарьтай атлаа 475 минутийг явуулж бараг 4 дахин хэтрүүлжээ. Тэнцвэрийн тухайд гэвэл 2 намд хоёуланд нь зэрэг худалдагдсаных.

“25-р суваг” телевизийн “25 цаг” мэдээллийн хөтөлбөр

Мониторингийн дүнг танилцуулахдаа тус нэвтрүүлгийг нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас захиалсан эсэх, нэгэнт тэгш боломж олгосоор атал тухайн цагт нь нэвтрүүлгээ болон ярилцлагаа өгөхгүй өөрсдийн сонголтоо хийсэн зэрэг нарийн учрыг нь төдийлөн тодруулаагүй болохоор зарим талаар бүрэн хэмжээний тэнцвэрт байдлын судалгаа гэж хэлэхэд боломжгүй харагдаж байгаа юм…” гэлээ. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярьчихлаа. Нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас захиалаагүй буюу хууль зөрчсөн нэвтрүүлэг явуулдаг, өрсөлдөгч талууд заримдаа нэвтрүүлгээ өгдөггүй байхад л  хоёр талын сурталчилгааны хэмжээг хэд дахин хэтрүүлснээ хүлээн зөвшөөрөв.

“Нарийн учир” гэж телевизүүд хууль зөрчихдөө сонгуулийн штабуудтай хэрхэн хуйвалдсаныг хэлсэн юм болов уу? Түүнийгээ жагсаагаад ил болгомоор юм даа.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 25-р суваг телевиз, TV5 телевиз, TV9 телевиз | 3 Comments »

Телевизүүд сонгуулийн шөнө …

Posted by Бид on 2009/05/26

5-р сарын 24-нд манай телевизүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын явцыг өдөржин сурвалжилж СЕХ-ны зарласан хэвлэлийн хурлыг хэдэнтээ дамжуулсан билээ. Зарим нь бүр Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгийн төвд яваад оччихсон, эсвэл бүр холын аймгуудаас дүрстэй дүрсгүй мэдээ, сурвалжлага хүлээн авч үзүүлэв. Хөвсгөл айлын байшин  шатаасныг бид дор нь мэдэж авсан. Ингээд 22 цагт санал хураалт дуусахтай зэрэгцэн СЕХ-ноос сонгуулийн ирцыг 21 цагийн байдлаар мэдээлснээс хойш дэлгэц ширтсэн хүлээлт эхэлж хот хөдөөгүй шөнөжин үргэлжилсэн юм.

Телевиз болгон сонгуулийн дүн яаж тодрохыг цаг минут алдалгүй шуурхай мэдээлж нойргүй хонохоо амалж сүрхий эхэлсэн боловч удалгүй ямар ч мэдээлэлгүй болж усны эрэг дээр гаргаад хаячихсан загас шиг яахаа мэдэхгүй ангалзаж гарав. Өдөр дууссан нацу баше их аварсан даа. Тэгтэл шөнө дундаас хойхно АН-ын байрны хурлын танхимд тойрч суусан дарга нар, хөдөөний ганц нэг багийн санал тоолоход Ц.Элбэгдорж илүү санал авсныг тэнд овоорсон сэтгүүлчдэд дуулгаж эхлэв. Удалгүй МАХН-ны байранд сэтгүүлчдийг үүднээсээ цааш нэвтрүүлээгүй ч хэвлэлийн төлөөлөгч Төмөрбаатар гарч ирээд Н.Энхбаярын түрүүлж яваа хөдөөний баг, сумдын мэдээллийг ширхэгчлэн уншив. Энэ бүгдийг “Ийгл” телевиз уламжлал ёсоороо манлайлж, бас Vivia гэдэг мундаг станцтай болсон МҮОНТ удаалан шууд дамжуулж, бусад нь тун шуурхай сурвалжилж хүргэж байлаа.

Харин намуудын мэдээлэл хоёр хоёр давтагдаж Ц.Элбэгдорж түрүүлж яваа нь илт болохын хэрээр хэдэн сарын турш сонгуулиар эцэж цуцалгүй амьсгалсан зарим телевизийн дуу нь суларсаар өглөөний 06 цагийн үед АН-ын дарга Н.Алтанхуяг Монгол Улс шинэ ерөнхийлөгчтэй болсон шинэ өдрийн мэнд дэвшүүлсэн хэвлэлийн хурлыг “Ийгл” телевиз шууд дамжуулах тэр мөчид МҮОНТ өөрийн 40 жилийн ойн концертыг толилуулан баясгаж байсан бол  TV9, UBS телевизүүд танин мэдэхүйн гоё кино, нэвтрүүлэг гаргаж, TV5, 25-р суваг телевизүүд  эфирээ хаагаад гүн нойрссон байлаа.

P.S: Бас НТВ телевиз энэ бүгдийг шууд дамжуулсан гэж үзсэн хүмүүс хэллээ.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Ийгл телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, НТВ телевиз, TV5 телевиз, TV9 телевиз, UBS телевиз | 4 Comments »

Сүүлчийн мөч хүртэл хууль зөрчсөөр өндөрлөв

Posted by Бид on 2009/05/22

Одоо яг 23 цаг 58 минут. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуусч байна. Намуудын штабын дарга нар болон телевизийн захирлууд гарын үсгээ зурж СЕХ-ны тогтоолоор баталсан төлбөргүй ба төлбөртэй нэвтрүүлгийн хуваарийг манай телевизүүд ядахдаа ганц өдөр зөрчихгүй байж чадав уу?

МҮОНТ:

СЕХ-ноос баталсан хуваарь:
5 сарын 22. Баасан. 21.15-21.30 15 мин – МАХН
5 сарын 22. Баасан. 21.30-21.45 15 мин – АН

Өнөөдөр МҮОНТ хэдэн минут илүү дутуу гаргасныг эс тооцвол чадлаа.

TV9 телевиз:

СЕХ-ноос баталсан хуваарь:
5 сарын 22. Баасан. 18.30-19.00 30 мин – МАХН
5 сарын 22. Баасан. 21.20-21.50 30 мин – АН

Харамсалтай нь TV9 бол цайчихсан телевиз. Өнөөдөр өдөржин, оройжин сонгуулийн сурталчилгаа явууллаа. Жагсаагаад ч барахгүй. Талыг нь Н.Энхбаярыг магтахад зориулсан ч нөгөө талыг түүний өрсөлдөгч Ц.Элбэгдоржид зориулсныг шударгаар хэлэх хэрэгтэй. Ялгаа нь гэвэл түүнийг зөвхөн муулсан байлаа. [Одоо 23.50-д Н.Энхбаярын сонгуулийн сурталчилгааны хаалтын сурвалжлага гарч байна]

TV5 телевиз:

СЕХ-ноос баталсан хуваарь:
5 сарын 22. Баасан. 22.30-23.00 30 мин – АН
5 сарын 22. Баасан. 23.00-23.30 30 мин – МАХН

Тэгвэл өнөөдөр сурталчилгааны дараах нэвтрүүлгүүд явлаа.

20.30-20.43. АН-ын “Шударга мэдээ”

20.44-21.40. МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяртай TV5 телевиз UBS телевизтэй хамтран хийсэн ярилцлагын нэвтрүүлэг.

22.31-23.27. АН-ын захиалгат нэвтрүүлэг. Сүхбаатарын талбай дээр болсон цуглаан сурвалжлага.

23.28-23.58 МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын сонгуулийн сурталчилгааны хаалтын ажиллагаан дээр С.Баяр, Н.Энхбаяр нарын хэлсэн үгийг TV9 телевизтэй зуузай холбон үзүүлж эх орны тухай дууны клипээр чимэглэн төгсгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 28-р зүйлийн 3-т “Улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевизээр Сонгуулийн ерөнхий хорооны баталсан хуваарьт зааснаас өөр төлбөртэй ба төлбөргүй нэвтрүүлэг явуулж үл болно” гэсэн байдаг. Гэтэл сүүлчийн мөчийг хүртэл төрийн хууль руугаа нулимсан сурталчилгааны кампани болж өнгөрлөө дөө.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV5 телевиз, TV9 телевиз | 4 Comments »

Ц.Элбэгдоржид “үхлийн цохилт” өгөв

Posted by Бид on 2009/05/10

Өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид “үхлийн цохилт” өгөхөөр шийдэж түүнийг энэ хавар Солонгост очиж хууль зөрчин хандив цуглуулсан гэх бичлэгийг цацлаа. Үүний тулд өөрийн мэдлийн TV9 телевиз, “Зууны мэдээ” сонин, factnews.mn сайтыг бүрэн дайчлав. Бусад хэвлэл мэдээлэл “Төлбөртэй нэвтрүүлэг”, “Төлбөртэй нийтлэв” гэсэн тайлбарт хойтохоо даатгаж уг бичлэгийг хэдэн өдрийн турш айл бүрт хүргэв.

Ялангуяа TV9-ын хөтлөгч Цогтгэрэл бүрмөсөн гүйцээхээр шийдэж бичлэгийг СЕХ-нд аваачиж өгөөд шалгахыг шаардлаа. Баахан телевиз дагуулахаа ч мартсангүй. Хожим Элбэгдоржийг унагасан гавьяат хэн болохыг түүх мартах учиргүй … Тэгээд ч тайвшралгүй нэвтрүүлэг бэлтгэжээ. Бямба гаригийн үдшийн оргил цагаар TV9 телевиз хөтөлбөрөө яаралтай эвдэн бүтэн цагийг зориулав. Хуульч Н.Сосорбарам, Ц.Гансүх, Ч.Энхээ гуравтай тойрч суугаад бичлэгийг минут секундээр задлан үзэж нэр дэвшигч Элбэгдорж гаднаас хууль бусаар санхүүжилт авсныг нотолж ярьцгаалаа.

Мартсанаас, энэ хөтлөгч хэд хоногийн өмнө “Шууданч бор шувуу” нэртэй товхимолыг яаралтай шатааж устгахыг анхааруулаад, бас хэвлүүлсэн эздэд нь хариуцлага хүлээлгэхийг шаардаад байсан. Бас илчилж зарлахаа ч амалсан. Гэтэл одоо таг чиг болж, харин дараачийн цамналтаа ийнхүү эхэлжээ.

Ингээд МАХН-ын штаб Элбэгдоржийг нам цохиж чадлаа гэсэн дүгнэлт хийв бололтой Бямба, Нямд түүнийг бохио хамаагүй хаясныг илчилсэн мэтийн сөрөг сурталчилгаагаа завсарлаад байна. TV9 телевиз “Но[ц]той мэдээ”-гээ өглөө, өдөр завсарлав. Харин орон нутгийн “Инфо“ сүлжээний мэдээнд илтгэгч Даваахүү, Хатанбаатар нар Өвөрхангайд лекцээ уншихдаа залуучуудаас асуусан чинь бүгд Энхбаярыг дэмжиж байна гэсэн хариулсныг дурдаад авчээ.

Амралтын өдрүүдэд харьцангуй нам гүм байхнээ. Гэхдээ шийдвэрлэх тулааны өмнөх нам гүм. Даваа гаригаас АН-ын штаб Элбэгдоржийг Солонгост “ямар юмаа хийгээд явж байсан”, тэр 1 сая 500 мянган вон хаачсаныг нэгд нэгэнгүй тайлбарлах биз.

P.S: Зөвхөн амсхийсэн байж. TV9 телевиз 18 цагаас өчигдрийн 3 хуульчийн ярилцлагыг давтсан төдийгүй “Ийгл” телевизээр төлбөртэй нэвтрүүлэг болгон цацууллаа.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, TV9 телевиз | 15 Comments »

“Болжмор” намнах кампани

Posted by Бид on 2009/04/26

1958 он. БНХАУ.
Их жолоодогч Мао Цэдуны их үсрэлтийн бодлогын үеэр хөдөө аж ахуйн ургамлын дөрвөн хортон болох хулгана, шумуул, ялаа, болжмортой тэмцэх кампанит ажил Хятад орон даяар өрнөжээ. Ялангуяа болжмор шувууг хамгийн ихээр ургац идэж сүйтгэдэг ангийн дайснаар тодруулж заналтайгаар онилсон байна.

boljmor-1958-hyatadБолжмор турь муутай, агаарт 15 минутаас удаан нисч чаддаггүй тул тариачид, бас хотоос дайчлагдан ирсэн сая сая ажилчид, залуучууд, пионерууд чавхаар харваж, түмпэн сав, бөмбөр гээд юу ч хамаагүй нүдэж, толгой дээрээ алчуур, шуудай сав эргүүлж, бас шавар байшин, модны оройд хүртэл авирч орилж хашгиралдахад хөөрхий болжморууд бууж чадалгүй бахардаж унахад бяц цохиж гүйцээгээд утсанд хэлхэж овоолдог байж. Үхсэн болжмор дүүртэл ачсан машины тэвшин дээр хятад пионерууд баатарлагаар зогсож явааг зурагтаар үзсэнээ санаж байна…Энэ кампаниар нийтдээ 2 тэрбум ширхэг болжмор устгасан тайлан гарчээ.

2009 он. Монгол Улс.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн гэгээлэг сурталчилгааны өдрүүдэд нэгэн сахилгагүй “болжмор” сонины мухлагт буумагц TV9 телевизийн “Ардын мэдээ” нэвтрүүлгийн хөтлөгч пионер сонор соргогоор мэдэж харваж унаган шинжээд эзнийх нь өрсөлдөгчийн тал нисгэсэн болохыг өчиггүй тогтоож уучлал гуйхыг шаардан баахан дүвчигнэв ээ. Тэр ч бүү хэл хүн бүр “Бор шувуу”-г 500 төгрөгөөр худалдаж аваад уншихгүйгээр, хүнд үзүүлэхгүйгээр шатаан устгахыг шаардлаа. Үнсийг нь цуглуулж тэвшин дээр ачаад гудамжаар явах юм байна л даа….

Энэхүү үйлийн үртэй болжмор бол “Шууданч бор шувуу” нэртэй бичил сонин. Дэлгээд нийлүүлсэн ч сурталчилгааны сонины ганц нүүрнээс хэтрэхгүй, бичил сонин гэхэд ч ахадмаар, алгын чинээ жижигхээн товхимол.

Яг энэ мөчөөс Ерөнхийлөгчийн сонгуульд соёлын хувьсгал эхлэх нь тэр. Бор шувуу тойрсон хэвлэлийн хурлууд цуврав. АН-ын сонгуулийн штаб гэнэт оволзож “Бид хэзээ ч ийм жол юм хийхгүй. Хийвэл хийсэн шиг хийнэ” гэж пээдийгээд хувьсгалт намынхны тавьсан тавьсан жүжиг хэмээгээд хөөрхий болжморыг үргээж явуулсан бол МАХН-ын сонгуулийн штаб, ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчтэй хамтран сэтгүүлчдийг цуглуулж байгаад тэдний нүдэн дээр мөч мөчөөр нь жиргэж орхив. Энэ завсар Ерөнхийлөгчийн зөвлөх найрагч Түмэнжаргал цэрэг цагдаа хөдөлгөж, уржигдар уг сониныг тарааж явсан залууг хэвлэлийн бирж дээр отолт хийж баривчилсан сураг дуулдана.

Араас нь манай сэтгүүлчид ч болжмор үргээх сайн үйлсын аянд мордлоо. “Өнөөдөр” сонин гэхэд л “… энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өнөөх гэм хоргүй “өхөөрдөм” бор шувуу маань муу ёрын, хар зүгийн гэсэн тодотгол зүүж, хэрээний хэлээр шаагилдаж, тасын шуналаар амьсгалах болов” гээд авч өгөх нь тэр.

Монголыг донсолгосон тэрхүү аймшигт “бор шувуу”-г хайж сонины мухлагт хүрч очвол багтаж ядсан олон сонин, сэтгүүлийн завсраар өрөвдөлтэйеэ цухайв. Хөөрхий дөө, хэн ч тоож ч харахгүй юм. Би өрөвдөөд 500 төгрөгөөр худалдаж аваад эргүүлэв.

Д.Арвиныг айлгасан мэдээ
УИХ-ын гишүүн Д.Арвинг Ерөнхийлөгч Н.Энхбаяраас урваагүй маш цөөн хүмүүсийн нэг гэдгийг бид мэддэг. Саяхан Хэвлэлийн төлөөлөгч Я.Төмөрбаатарын нисгэсэн “Ерөнхийлөгч буудуулав” гэсэн мэдээг сонсоод эрхэм гишүүний маань нүд эрээлжлээд унах дөхсөн байв. Удалгүй түүнээс ч дор “Ерөнхийлөгчийн ээжийн бие муу тул Бээжин нисэв” гэсэн мэдээг сонссон гишүүний зүрх хаагдах шахаж сандаргажээ. Сандарсан Д.Арвин Бээжингийн билет яаралтай захиалах гэж байтал Ерөнхийлөгчийн төрсөн ээж бус хадам ээж нь өвдсөн тухай мэдээд арай гэж тайвширсан байна
.

Гэх мэтээр элэг хөшөөм мэдээнүүд, бас сонирхолтой баримтууд ч байна.

Г.Батхүүгийн хандив
Ерөнхийлөгчтэй тохиролцсоны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшээд сайн дураараа “өгөөш” болох гэж байсан УИХ-ын гишүүн Г.Батхүү өөрийн намын нэр дэвшигчид хандиваа өгснийхөө дараахан МАХН-аас нэр дэвшигч дээр очин Ц.Элбэгдоржид өгснөөсөө арав дахин илүү мөнгө хандивласан байна. 2005 оны сонгуулиар энэ эрхэм М.Энхсайханд 20 сая, Н.Энхбаярт 100 сая төгрөг хандивлаж байсныг нь Баабар гуай нийтэд ил зарласан билээ. Энхбаяр Батхүү хоёр хөрөнгө мөнгөөр холбогдсон эртний андууд аж.

TV9-ын хөтлөгч пионер Батхүүгийн өмнөөс ихэд гомдож “Ахаа, таныг доромжилсон байна шдээ, будаа болгоод өгөөч” гэж ховлоод байсныг саналаа. Минийхээр бол мөнгө ихтэй тэр эрхмийг нам эвсэл гэж явцуурдаггүй өглөгч болохыг харуулсан гэгээлэг мэдээ байна даа.

Бусад мэдээг МАХН-ын сонгуулийн штабыхан няцаах нэрээр монголын бүх телевизээр үг үсэггүй уншиж өгсөн тул алгасъя. Тэгээд ч бичил сонин Интернэтийн хаягаа бичжээ. Хэрвээ та 500 төгрөгөө хэмнэе, эсвэл гадаадад суугаа бол http://www.borshuvuu.blogspot.com хаягаар ороод бүрэн эхээр нь уншаарай.

Харин цаасан дээр буугаагүй нэгэн реклам энд тавигджээ: “Итгэхэд бэрх ч тэд Таниас хандив гуйж байна”. Маш гоё сөрөг сурталчилгаа.

enkhbayar-elbegdorj-handiv

Харин арын нүүрэнд одоогийн Ерөнхийлөгчийн эсрэг агуулгатай зохиомол “Энхбаярын дуу”-г тавиад З.Түмэнжаргал, Ч.Энхээ нарыг зохиосон гэжээ. Тэд яалаа гэж ийм муухай юм зохиохов. Гэхдээ овоо босгоогүй бол болжмор хаанаас суухав. З.Түмэнжаргал найрагч Ерөнхийлөгчийн бөөрөнд үргэлж наалдаастай, Ч.Энхээ Ерөнхийлөгчийн сонгууль эхлэх бүрийд түүнийг дэмжих хөдөлгөөн байгуулдагийг ашиглаж муулсан хэрэг.

Бас итгэхэд бэрх хачин мэдээ ч байна: “Ерөнхийлөгчийн удам судрын талаар бичсэн сэтгүүлч ор сураггүй болов” Энэ бол 100 хувь худлаа байж таарна.

Гэхдээ “Шууданч бор шувуу” бусдаас илүү худалч, марзагнагч биш ээ. Бичээд байгаа хоёр нэр дэвшигчийн нэг нь мянган хүний өмнө “Надад 500 сая төгрөгийн хахууль өгөх гээд…” сийхгүй худал залсан бол нөгөө нь албаны нисдэг тэргээр ан хийгээд шүүмжлүүлэхдээ “монголын төр өөртөө зүтгэсэн хүнд халтай” гэж ихэрхсэн санагдана. Тэгэхэд хэнийг нь ч отолт хийж бариагүй билээ.

Баасан гаригийн “Өнөөдөр” сонины дугаарт “Энхбаяр агуу агуу” гэсэн бичлэг нийтлэгдэв. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Төмөрбаатартай ярилцсаны сэм бичлэг гэнэ. Харин ориг Төмөрбаатар нь албан ёсоор няцаалаа. Зохиосон байж таарлаа. Гэхдээ түүний нэрийг хасчихвал агуулга нь надад таалагдав. Ерөнхийлөгч Н.Энхбаяр дээд боловсролыг үнэ төлбөргүй болгох авантюр амлалтаа хожим хэрхэн тайлбарлаж болох нэг л хувилбарыг маш логиктой дэлгэж чаджээ.

Яагаад өчүүхэн “бор шувуу” том намуудыг донсолгож монголын сонгуульд хятад маягийн “соёлын хувьсгал”-ыг эхлүүлэв ээ? Ер нь яагаад хоёр нэр дэвшигчийн талаар чөлөөтэй жиргэж, уран зохиож, элэглэж, таамаглаж болохгүй болчихов? Шалтгаан маш энгийн: МАХН, АН хоёр найрч зөвшилцсөөр байгаад бие биенээ ил тод шүүмжлэхэд бэрх болж. Нэг нь шүүмжилбэл нөгөө нь “гүтгэлэг” гээд чарлачихна. Ингээд хоёр тал нэр, хаяггүй нийтлэл нэвтрүүлгээр “соёлтой “үзэлцэж байна. Намынхаа нэвтрүүлэг, захиалгат сурвалжлагаар харилцан “гүтгэхлээр” яах ч үгүй, харин үл мэдэгдэх нөхөр хэдхэн ширхэг бичил сонин (уншсан хүмүүс нь гэвэл хоёр намын штабынхан, тэгээд би… ингээд дуусах байх) гаргахад л цагдаагаар бариулах нь тэр.  МАХН, АН хоёр “гүтгэлэг” хийх эрхийг хүртэл өмчлөөд авчихаж…

“Шударга” гэгдэх сонгуулийн дайсан – болжмор намнах кампани Монголд оволзов.

Posted in "Өнөөдөр" сонин, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, TV9 телевиз | 21 Comments »

Эхэллээ!!!

Posted by Бид on 2009/04/04

Өнөө өглөө  TV9 телевиз Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдын намтрыг зураг хөрөгтэйгээр дэлгэцэн дээр гаргаад тод сайхан уншиж өглөө.  Хоёр намтрын нэг нэг мөр шууд нүдэнд тусах нь тэр.

Н.Энхбаяр: Яс үндэс – халх

Ц.Элбэгдорж: Яс үндэс – захчин

Эхэллээ дээ!

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, TV9 телевиз | 8 Comments »

Ерөнхийлөгчийн бие халаалт

Posted by Бид on 2009/04/03

Өнөөдөр Ерөнхийлөгч Н.Энхбаяр дөрвөн жилийн өмнө түдгэлзсэн намдаа эргэн ирж Ким Чен Ир хүртэл атаархмаар бүхэл 100 хувийн саналаар Ерөнхийлөгчид нэр дэвшлээ.

СЕХ-нд бүртгүүлсний дараа сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэнэ, гэхдээ Ерөнхийлөгч хүн яаж зүгээр байхав…

3-р сарын 25-ны 21.15 минутаас “Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр; Улс төрийн бодлого, үйл ажиллагаа” нэртэй шинэ нэвтрүүлэг МҮОНТ-ээр нээлтээ хийв. Маргааш нь Эдийн засгийн бодлого, үйл ажиллагаа, нөгөөдөр нь нийгмийн бодлого, цаашаагаа гадаад бодлого, цэргийн бодлого гэх мэтээр цуварсан 15 минутийн нэвтрүүлгүүд байлаа. Нормт хугацаагаа дуусгаж буй Ерөнхийлөгч ажлаа тайлагнасан энэхүү цувралыг маргаашнаас TV9 телевиз МҮОНТ-ийг хүндэтгэх мэт нэг дугаараар хоцорч, гарах цагийг нь давхардуулахгүйгээр цацлаа. Одоо буухиаг нь UBS үргэлжлүүлж байна…. Энэ гурван телевиз үнэхээр синхрон ажиллах юм аа.

Ингээд Н.Энхбаяр гэдэг хүн өнгөрсөн дөрвөн жилд Монгол орныг нуруун дээр авч явсныг мэдэж аваагүй хүн Монголд үлдсэнгүй. Харин билэг тэмдгийн Ерөнхийлөгч байж одон зүүх юмуу уул тахих бодлого, үйл ажиллагаагаа тайлагнах болов уу гэтэл тэгсэнгүй.

Дээрх цувралыг хэн бүтээснийг мэдье гэхэд төгсгөлд нь “2009” гэсэн дөрвөн тоо л байна. МҮОНТ-ээр гардаг Ерөнхийлөгчийн “Сүлд” нэвтрүүлэгтэй төстэй юм чинь олон нийтийн телевизийн бүтээл болох нь илт. Бас хажуугаар нь “Гэрэлтэй цонх” хөтөлбөрийн хэдэн дугаарыг бүхэлд нь Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дорх “Монгол тэмүүлэл” аянд зориулж амжив.

3-р сарын 30-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяртай “Нүүр тулсан ярилцлага” нэвтрүүлгийн үеэр сэтгүүлч Ц.Мөнхтөр ээлжит асуултынхаа оршил болгож “Танай зөвлөх надад “Их Монгол Улс” гэдэг ном үзүүллээ. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн ном байна” гэв. Агуу ном! Хөтлөгч Ерөнхийлөгчид тал зассан, даапаалсан хоёрын алин болохыг би сайн ойлгоогүй, гэхдээ Ерөнхийлөгчийн зөвлөхүүд муусайн сэтгүүлчдэд давхар “зөвлөдөг” бололтой юм.

Энэ мэтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа зугуухан эхэллээ. Одоохондоо зөвхөн бие халаалт. Ирэх сар хагасын турш бид энэ байтугай  гоё юм үзэж таарна. Лав уйдахгүй.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV9 телевиз | 2 Comments »

“Боловсрол суваг” чаттай шдээ …

Posted by Бид on 2009/03/26

3-р сарын эхээр нийслэлийн цагдаагийн газраас телевизүүдийн удирдлагуудад хандаж TV чатаа зогсоогооч гэсэн хүсэлт тавьжээ. Дэлгэцээр шөнөжин урсаж, заримдаа гэмт үйлдэлд уруу татаж байгаа энэ юмаа сайн дураараа болиочээ гэсэн анхааруулга. Харин телевизүүд хүүхэд, залуучуудын гар утаснаас урсаж ирдэг орлогоосоо салахыг огт хүсэхгүй байна.Саяхны нэг үдэш дараах сувгуудаар ТВ чат явахыг үзээд тэмдэглэж авлаа.

City Channel
Боловсрол
Аист
UBS-ын 2-р суваг
TV5-ын 2-р суваг
MGTV
STV
STV music
TM
TV8
TV9-ын 2-р суваг

Сүүлчийнх бүр зугаатай. TV9 телевиз цагдаагийн бичгийг авангуутаа чат гэгч муухай юмыг юу ч үлдээлгүй бутниргэж “манайх чат явуулдаггүй” гэж сайрхах зуураа “Боловсрол суваг” чаттай шдээ гэж ховлож амжсан билээ. Гэтэл өөрөө гэмгүй царайлчихаад хоёрдугаар сувгаараа “нүгэл” үйлдсээр байгаа нь “ариун явдал уу?”

Миний хувьд, ТV чатыг бүрэн хаадаггүй юм аа зарим нэг хязгаарлалт тавих хэрэгтэй гэж боддог. Телевизийн удирдлагууд өөрсдөө ухамсраараа зохицуулбал дээрсэн. Орлогоо ч нэг их алдахгүй байж болно. Чухам ингэхийн тулд телевизүүдийн холбоо байдаг биз. Харамсалтай нь тэд огт сонсоогүй мэт “сайхан girl, дажгүй boy” нарыг холбож өгсөөр байна.

Удалгүй цагдаагийнхан тэсэхээ болиод хатуурхаж эхэлбэл цөмөөрөө “хэвлэлийн эрх чөлөөнд аюул учирлаа” гээд чарлаж гарна даа.

Posted in + ТЕЛЕВИЗ, TV9 телевиз | 24 Comments »

TV9-ын “сонин уншлага”

Posted by Бид on 2008/12/11

Саяхан би манай телевизүүдээр гарч байгаа сонины тойм дэндүү болхи байгааг шүүмжилж яаж тоймолбол зохих талаар саналаа өгүүлсэн. Удалгүй TV9 телевизийн Focus Press нэвтрүүлэг шинэчлэгдэж “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр доторх тусгай булан болж сонинуудаас сонирхолтой ишлэлийг сонгон авч дэлгэцэн дээр гарган уншдаг өгдөг болжээ. Ийм “сонин уншлага” тун эвтэйхэн санагдлаа. 

Эндээс нэгэн чухал зүйлийг анзаарав. Үйл явдал, асуудалд дүгнэлт өгч тайлбарлах талдаа өдөр тутмын сонинууд хамаагүй өндөр түвшинд хүрсэн ажээ. Аливаа юмыг амаараа бурж гоё дүрсээр чимээд өнгөрөх нэг хэрэг,  харин цаасан дээр текст болгож буулгана гэдэг бол илүү хариуцлагатай, тэр чинээгээр чадвар шаарддаг биз. Нийгэмд шинэ санаа гаргаж ирэх, ноцтой баримт дэлгэх талдаа ч сонинууд илүү байх.

[Дэлгэцээс татсан зургаа орууулж чаддаггүй ээ]

Posted in + ТЕЛЕВИЗ, TV9 телевиз | 3 Comments »

“Ардын мэдээ” ахмадыг сургав

Posted by Бид on 2008/12/11

TV9 телевизээр “Ардын мэдээ” шууд ярилцлагын нэвтрүүлэг “Арилжааны банкууд дампуурахгүй ээ” гэсэн сэдвээр явж байхыг дунд хэрээс үзлээ. Хөтлөгч Цогтгэрэл банкууд дампуурахгүйг яг мэдэж буйгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд янз бүрийн үйл явдалд тос нэмэх ёсгүй тул мэргэжил нэгт нөхөддөө үлгэр жишээ үзүүлэх гэснээр  тайлбарлав. Тэгтэл утсаар холбогдсон сонсогч: … Банкны ямар ч мэргэжилгүй Даваа гэдэг хүн “Анод” банкийг удирдаж байсан, … хувьдаа банктай МАХН-ын …. гэж ярингуут хөтлөгч шууд таслаад “Ахмад хүн байж ёс моральгүй юм ярилаа“ гэж загнав. Залуу нь ахмадаа сургадаг сонин юм аа.  

Би хааяа энэ нэвтрүүлэгтэй тааралдаад харжээ байхнээ ямар нэгэн сэдэв зоогоод хатуу дагахыг шаарддаг, тэгэхгүй бол тасалчихдаг юм билээ. Одоо бүр урьдчилж дүгнэлтээ хийчихээд тулгадаг, хэрвээ зөрж яривал тасхийдэг болсон байна.

Posted in + ТЕЛЕВИЗ, TV9 телевиз | 3 Comments »

Телевизээр гардаг телевизийн ба сонины тоймууд

Posted by Бид on 2008/11/25

Уг нь энэ олон телевизийн хамгийн сайн мэдээ, сурвалжлагуудыг нэг дор үзчихдэг бол сайхан л юм. Харамсалтай нь телевизүүд хоорондоо өрсөлддөг, бас зохиогчийн эрх гэж нэг юм байдаг …

C1 телевиз ийм оролдлогоо ерөөсөө орхихгүй юм аа.  Өөрийгөө төв телевиз бодчихсон мэт. Хоёр жилийн өмнө  жижиг телевизүүдийг аргалж, МҮОНТ-ыг төлөөний хүнээрээ лоббидож, заримаас нь шууд хулгайлж байгаад үдэш бүрийн 23 цагаас “Фокус ньюс” нэртэй мэдээллийн хөтөлбөрийг бэлтгэн үзүүлсээр овоо рейтинг цуглуулж реклам сурталчилгаа чангаадаг болсон ч тэгэсхийгээд зогссон.

Гэвч өнгөрөгч 10-р сараас “Фокус ньюс”-ээ сэргээгээд байна. (Эхлээд сэтгүүлч Алтаншагай хөтөлж байснаа гэнэт больчихов. Энэ телевизэд бас л тогтсонгүй юу?). Завгүй яваад телевизүүдийн мэдээлийн хөтөлбөрийг үзэж чадаагүй хүмүүст нэг дороос үзүүлж, тэгэхдээ өөр өөр өнцгөөс харах боломжийг олгож байна гэх сүрхий тайлбар хийж байгаа ч  өөрөөсөө гадна НТВ, SBN, TM,  хааяа Оросын “Айст “ гэсэн хэдхэн телевизийн мэдээ сурвалжлагаас оруулж байна. Зөвшөөрсөн нь тэд бололтой. Жижиг телевизүүдийн мэдээний тойм юмуу даа. Иймээс дутуугаа нөхөхийн тулд өдөр тутмын сонинуудын тоймыг араас нь залгаж оруулдаг болжээ. Харин хөтлөгчийн зүгээс улс төрийн элдэв тайлбар, дүгнэлтээр хэтэрхий “баяжуулдаг” нь зохихгүй байна лээ.

Зөвхөн сонинуудын нийтлэлийг ашигладаг, агуулгын хувьд төстэй Press Express нэртэй хөтөлбөр NTV телевизээр гардаг байснаа сураг тасарчээ. Энэ жил УИХ-ын сонгуулийн сөрөг сурталчилгааны дайчин нэвтрүүлэг болж хувирсан тэр халуундаа шатсан байх.

Сонинуудыг тоймлодог өөр нэвтрүүлэг хэд хэд бий. TV9 телевизийн Focus Press аядуу, гэхдээ долоо хоногт ганц удаа учраас шинэ мэдээлэл өгөх нь ховор.  Ням гаригт “25-р суваг” телевизийн “Rock news” нэвтрүүлэг  “сонин сонины сониноос” гадна Интернэтийн монгол сайтуудад тавигдсан элдэв мэдээг хөгжимтэйгээр дуулгаж хэсэгхэн зугаацуулж байна.

Бас “25-р суваг” телевизийн өглөөний хөтөлбөр “Өнөөдөр” сониноос хэн нэгнийг урьж шинэ дугаарын тоймыг яриулдаг  бол C1 телевизийн “Өнөөдрийн эхлэл” хөтөлбөр өдөр тутмын сонинуудын хуудсыг шажигнатал эргүүлж баахан пөөх, байз, аах уух зэрэг уран сайхантайгаар бага сага хэлж өгдөг.

Сонины тоймыг телевизээр уншихад эзэд нь дургүйцлээ барилаа гэж дуулдаагүй.  Тэртээ тэргүй бүгдийг нь дуудаад өгч барахгүй тул сурталчилгаа болохоос хэтэрдэггүй байх. Гэхдээ манай телевизүүд сониныг тоймлодог арга дэндүү болхи, өнгөрсөн зууных хэвээрээ. Хөтлөгч л ганцаараа сониноо үзэж хэдхэн мөчийн өмнө гартаа авсан шинэ дугаарыг гүйлгэж хараад ойлгож амжсан ганц нэг материалаа ярьдаг. Гадаадын телевизийг ажиглахад, сонины хуудсуудыг дэлгэцэн дээр ээлжлэн гаргаж онцлох нийтлэлийг томруулан үзэг харандаагаар зааж, нэг ёсондоо уншигч буюу үзэгчдэд харуулж байгаад тайлбарладаг. Манай телевизүүд чадахгүй гэж үү? Эхлээд аль нэг сонинтой тохиролцож шинэ дугаарыг нь .pdf-ээр аваад …

Эсвэл манай сонины эзэд бас дургүйцэх юм болов уу?

Posted in + СЭТГҮҮЛ, + ТЕЛЕВИЗ, 25-р суваг телевиз, C1 телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, TV9 телевиз | 8 Comments »

ХААН банкны Амгалан дахь шившиг

Posted by Бид on 2008/11/18

Нийслэлийн зүүн урд зах – Амгалангийн иргэд хүүхдийн мөнгөө авах гэж улиралд нэг удаа ХААН банкны салбарын үүдийг хэд хоногоор сахиж үхэн хатан оочирлодог, хэрвээ авч амжихгүй бол дараа улирал хүртэл хойшилдог юм байна. Тэд энэ удаад банкныхны хүнд суртал, хараал ерөөлийг дахин амсаад гомдсондоо телевиз дуудсан нь TV9 байжээ.

Сэтгүүлч Отгонжаргал үймэлдсэн иргэд, нялх нярай хүүхдээ тэвэрсэн эхчүүдийг нэгд нэгэнгүй харуулж тэдний заримыг дотор нь онгойтол яриулсан (“… Эднийх дандаа ингэдэг … 8-р сард хүүхдийн 25 мянгыг C1 телевизийг ирүүлж байж авсан .. Өнөөдөр хоёр дахь телевизээ дуудаад сая нэг мөнгө өгч эхэлллээ … Энэ банкийг ажиллуулмааргүй байна…”) төдийгүй дээд давхарт өрөөндөө тухлан гар утсаараа хууч хөөрч суугаа салбарын захирал дээр ороод ёстой нэг болгож өглөө.  Цаадах нь залуугаараа арай л эрт  хамраа сөхсөн том дарга болсон нь илт бөгөөд “иймэрхүү юм телевизээр гаргавал сайн юм болохгүй” гэж анхааруулаад бичлэгээ зогсоохыг шаардсанаа дахин утсаа авч цонхон дээрээ очиж ар нуруугаа харуулан “Шагдарын Соном … дансанд мөнгө орсон… ” гэх мэтээр ярьж сэтгүүлчийг хүн гэж  тоохгүйгээ харуулав. Хувийн ажлаа сэтгүүлчийг явсны дараа нууж ярьмаар юм даа.

TV9-ийн энэ шүүмжлэл зөвхөн ХААН банкны Амгалан дахь салбарын тухай байсангүй. ХААН банкаар төсвийн мөнгөний ихэнх нь дамжиж тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн мөнгийг тараасныхаа төлөө их ашиг олдог, гэтэл дээрээс нь нэмж БСШУ-ны шинэ сайд Ё.Отгонбаяр боловсролын салбарт ажиллагсдын цалин хөлс болон салбарын бүх байгууллагын дансыг тус банкинд байршуулахаар болсон гэнэ. Сэтгүүлч  үүнийг “нэг банкийг хэт шүтсэн, монополь байдлыг бий болгосон шийдвэр” гэж дүгнээд “… олон салбар нэгжээрээ дамжуулан төрийн мөнгөний ихэнхийг гартаа оруулж асар их ашиг олдог ХААН банк  даахгүй нохой булуу хураахын үлгэрээр шунаж авсан тусгай эрхэндээ даруулаад амьсгал хураах нь холгүй байгаа…”-г Амгалан салбараар жишээ болгож  тус банк төрийн мөнгөнөөс нэмж шимэхийг болиулж гаргасан шийдвэрээ эргэж харахыг сайдад уриалж амжлаа.

Сүүлийн саруудад TV9 телевиз ХААН банкийг дэс дараатай балбаж байгаа. Энд ямар нэгэн бодлого байж магадгүй ч энэ сурвалжлагыг магтахаас өөр арга алга. Ядарсан авгай хүүхдүүдийн мөнгийг улиралд ганц удаа эвтэйхэн тарааж суртал нь, бас салбарын захирал нь сэтгүүлчдийн өмнө пээдийхээ больтол нь сурвалжлаад байх хэрэгтэй.

haanbankamgalan-21 haanbankamgalan-31haanbankamgalan-41 haanbankamgalan-51haanbankamgalan-61 haanbankamgalan-71haanbankamgalan-81 haanbankamgalan-91haanbankamgalan-101 haanbankamgalan-112

Posted in + ТЕЛЕВИЗ, Нийтлэл, нэвтрүүлэг, TV9 телевиз | 2 Comments »

Үндэсний телевиз нь TV9 юм шиг …

Posted by Бид on 2008/10/26

Манайд албан ёсоор үндэсний хэмжээний цорын ганц телевиз бол МҮОНТ билээ. Энэ нь нэвтрүүлгийн бодлого төдийгүй хамрах хүрээгээрээ ч хамаг Монголын телевиз гэсэн үг. Харамсалтай нь үүнийг зөвхөн сайд дарга нарыг хөдөө явахад дагаж, үгүй бол хааяа нэг сурвалжлах хэсэг илгээж “Эргэх дөрвөн цаг” нэвтрүүлгээр улиралд ганц эргэх харуулахаас хэтрэхгүй юм.  Тэгвэл сүүлийн үед  TV9 телевиз лав мэдээллийн хөтөлбөрөөрөө энэ статусыг илт булаацалдаж үдэш болгон давж гардаг болжээ.  

Өнгөрөгч Бямба гаригт л гэхэд тус телевизийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр орон нутаг дахь TV9 Инфо сүлжээний сурвалжлагчдаасаа орон нутгийн сонгуулийн дараа шинээр бүрэлдсэн Орхон, Дундговь аймгуудын ИТХ-уудын анхны хуралдааны тухай дүрстэй сурвалжлага хүлээн авч үзүүлэв. Тэнд МАХН АН хоёр ямар харьцаагаар ялж ялагдсан, ИТХ-ийн даргаар хэнийг сонгосон, мөн Засаг даргаар хэнийг сонгож Ерөнхий сайдад өргөн барьсныг үндэсний, олон нийтийн (бараг л иргэдийн гэсэн үг) телевизээс бус, арилжааны энэ телевизээс үзэж харлаа. Бас Хэнтий  аймгийн зарим суманд ямар шалтгаанаар санал хураалтыг хүчингүй  болгож сонгуулийн эцсийн дүн гацсаныг мэдэж авлаа. 

TV9 Инфо сүлжээ бол маш чухал санаачлага. Аймгийн төвд суугаа хэн нэгэн сэтгүүлчийг сонгож Улаанбаатарт авчирч семинардаад нэг нэг жижиг камер атгуулаад буцаахад л мэдээ сурвалжлага наашаа хөврөх нь тэр. Тэдний яриаг 24 цагийн турш утсаар хүлээн авч цаасан дээр буулгаад уншсан ч, эфирт цацсан ч өчүүхэн төдий саадгүй болжээ. Алганд багтах дүрстэй кассетийг өдөрт биш юм аа гэхэд маргааш, нөгөөдөр нь яаж ийгээд ирүүлчихнэ… 

Монголын хамгийн том телевиз байж МҮОНТ орон нутагт сурвалжлагч ажиллуулах нь үүрэг төдийгүй нэр төрийн хэрэг баймаар. Орон нутгаас мэдээ, сурвалжлага авах ажлыг зохион байгуулах хэцүү биш гэдгийг  TV9 гялалзтал харуулж эхэллээ.  Элдэв бэрхшээл тоочих, тэрбум тэрбум төгрөг нэхэх шаардлага огт алга. 

Инфо сүлжээгээрээ TV9 буюу TV90 телевиз маш том амбицтай гэдгээ цухалзуулж байж мэдэх. Гэтэл МҮОНТ-ийн “Эргэх дөрвөн цаг” дэндүү удаан байна, өнөө цагт хөдөө нутгаа 24 цаг тутам эргэж байсан ч болмоор…

Posted in + ТЕЛЕВИЗ, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV9 телевиз | 3 Comments »

“МХБХ [хаалттай] байсан, байна, байсаар байх болно”

Posted by Бид on 2008/10/16

TV9 телевизийн хөтөлбөрт 21.00-22.30. TV Report /Монголын хөл бөмбөгийн холбоо оролцоно/ гэж бичсэн нэвтрүүлгийн сүүлчийн хэсгийг үзлээ.

Мөн байна. Спортын хэдэн залуу сэтгүүлч нийлж байгаад “Ийгл” телевизээр хөл бөмбөгийн холбоог зад шүүмжилсэн тэр нэвтрүүлгийн хариу аж. Уг нь зөв санаа. Хэрвээ тэр залуучуудыг авчирч хөл бөмбөгийн холбооны удирдлагын өөдөөс харуулж суулгаад мэтгэлцүүлсэн бол ч …

Гэтэл студид хөл бөмбөгийн холбооныхон дангаараа ирээд дугуйран сууж хөтлөгч бүсгүй “Ийгл”-ийн нэвтрүүлгээр гарсан асуултыг (“танайх яагаад вэб сайтгүй вэ?”, “гадаадад тэмцээнд явахдаа сэтгүүлчдийг яагаад авч явахгүй байна? г.м.) нэг нэгээр нь хаяж өгөхөд цаадуул нь учиргүй том бодлого ярьж живүүлэхэд МХБХ-ын нөр их ажил үйлсийг харуулсан бичлэгийг завсраар нь оруулсан, нэг үгээр хэлбэл захиалгат нэвтрүүлэг бололтой. Төгсгөлд нь ганцаараа шахам ярьсан МХБХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ганболд “хөл бөмбөгийн боловсрол” гэдэг өөрөөс нь өөр хүн ойлгохгүй том ойлголт байдаг талаар ярьж гайхуулаад “Монголын хөл бөмбөгийн холбоонд атаархсан хүмүүс байна, гэвч МХБХ байсан, байна, байсаар байх болно” хэмээн мэдэгдэж үл нэрлэсэн шүүмжлэгчиддээ хатуу сануулга өгч дуусгалаа. Лав миний үзсэн хэсэгт удирдлага, санхүү, өмч хөрөнгөтэй холбоотой тодорхой мэдээллээ дэлгээгүй. Хэрвээ “Ийгл”-ээр гарсан залуу сэтгүүлчдийн тавьсан баримттай асуултуудад нэвтрүүлгийн эхний хэсэгт хариу өгсөн эсэхийг үзсэн хүн байвал сэтгэгдэл дээр бичээрэй.

Одоо сэтгүүлчид Монголын хөл бөмбөгийн холбоог нээлттэй болгохын тулд нэвт шувт эрэн сурвалжилж илчилмээр санагдаад явчихлаа.

Posted in + ТЕЛЕВИЗ, TV9 телевиз | 5 Comments »

Телевизээр гарахдаа өмсдөг баг

Posted by Бид on 2008/10/10

Орон нутгийн хурлын сонгуулийг угтуулж TV9 телевиз “Ардын мэдээ” нэртэй нэвтрүүлгийг ивээлдээ авч хэсэг гаргалаа. Өөрийн нэрийг титрт “Иргэн Б.Цогтгэрэл” даруухнаар бичсэн хөтлөгч залуу үзэгчидтэй шууд утсаар ярилцаж нэр дэвшигчдийн хариуцлага, тэнцвэртэй сурталчилгаа, шударга өрсөлдөөн гээд олон зөв юм ярьж харагдсан. Харин Пүрэв гаригийн дугаараар нэгэн үзэгч хотын даргаар Билэгт хэвээрээ үлдээсэй, АН-ын Эрдэнэ бол бүтэхгүй гэсэн утгатай санаа хэлэхэд хөтлөгч маань загатнасан газраа маажуулсан мэт учиргүй таашааж төрийн залгамж чанар, саяхан уншсан зөвлөлтийн сэтгүүлч Шинкаревын ном, түүнд Цэдэнбал, Самбуу дарга нарын талаар юу бичсэнийг ярьж өглөө.

Юу болов? Өнгөрсөн долоо хоногт нэгэн сэтгүүлч Билэгтийг магтаж Эрдэнийг муулаад байсныг санагдуулав. Яг тийм! Улаанбаатар радиогоор “Би хотыг удирдъя” нэртэй нэвтрүүлэг хийж, хотын дарга болох санаатай С.Эрдэнийн хамаг хамаг нүглийг бүртгэж “шинэ үеийн залуус бид шинэ залуусыг сонгоод шинэ Улаанбаатарт өөрөөр амьдрах цаг нь ирлээ” хэмээн зарлахдаа “Нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн сурвалжлагч Батчулууны Цогтгэрэл” гэж гайхуулаад байсан тэр нөхөр мөн байна!

Б.Цогтгэрэл ханаагүй бололтой энэ долоо хоногт “Улаанбаатар” радиогоор дахиад нэг ярихдаа Монголд хоёрхон нам байхад хангалттай, бусад намууд хэрэггүй, том намуудын нэр дэвшигчид будлиан тарьж байгаа нь энэ хоёр нам нээлттэй сайн байгаагийн шинж, нийслэл хотын амьдралыг мэддэг хүмүүс МАХН ба АН хоёрт л байгаа гэж зэрэг магтсанаа эцсийн мөчид “гэхдээ л МАХН-д арай түлхүү байгаа” гэж хэлээд багаа хуулж орхив. Түүнийг “Ардын мэдээ” нэвтрүүлгийн ерөнхий редактор, “Шударга сонгууль” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Б.Цогтгэрэл гэж танилцуулсан. Харин үе үе “Улаанбаатар” радиод МАХН-ын сурталчилгааны нэвтрүүлэг хөтөлдөгөө нуусхийдэг биз.

“Шударга сонгууль”, “Ардын мэдээ” хоёр бол түүний телевизээр ил гарахдаа өмсдөг багнууд. “Улс төрчид юуг нууж байна, тэр нь түүний жинхэнэ нүүр царай байдаг” гэсэн үг Цоггэрэлд яг тохирч байна.  Радиогоор бол хэн ч харахгүй, харахгүй учраас танихгүй гэж боджээ. Хүүхдүүд нялх байхдаа нүүрээ гараараа таглаад нуугдчихлаа гэдэг шиг.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн кампанийн үеэр “Шударга сонгууль” нэртэй төрийн бус байгууллага хэтэрхий шударга ажиллаж нэрийн хуудсаар нь дээрх Цогтгэрэл тодорсон билээ. Харин тэргүүн нь Д.Мягмарсүрэн гэж улс төр судлаач залуу байсан. Гэтэл энэ удаагийн орон нутгийн сонгуулиар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын сонгуулийн 3-р тойрогт ШУТИС-ын Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Улс төр-стратеги судлалын багш, Монголын залуу сэхээтний холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Бодлогын шинжилгээний анализ төвийн гүйцэтгэх захирал Дашзэвэгийн Мягмарсүрэн нэрээр МАХН-аас нэр дэвшсэн харагдана. Бүр МАХН-д элсээд авчээ. Харин “Шударга сонгууль” ТББ-ын тэргүүн гэдгээ намтартаа бичихээ “таг мартчихаж”. Ичсэн байлгүй.

Сонгуулийн дараа монголын хамгийн “шударга” хоёр залуу юу ч болоогүй юм шиг телевизийн дэлгэцээр гарч ирээд маш гоё юм ярьж өгнө дөө…

Posted in "Улаанбаатар" радио, + ТЕЛЕВИЗ, 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа, TV9 телевиз | 2 Comments »

Ерөнхийлөгч ”Таны телевиз” таван нас хүрлээ

Posted by Бид on 2008/09/02

2003 оны 9-р сарын 1-ны өдөр Улаанбаатар хотноо нэгэн телевиз гэнэтхэн мэндэлсэн нь TV9 байсан юм. (TV FM 103.6 нэгэн зэрэг нэвтрүүлгээ эхэлсэн ба одоо “Дотно FM” нэртэй).

2008 оны 8-р сарын сүүлчээр TV9 таван нас хүрч буйгаа сануулж баахан сурталчилгаа явуулж сүртэй тэмдэглэхнээ гэсэн хүлээлт үүсгэсэн мөртлөө яг 9-р сарын өдрөө таг болчихов. Ядахдаа телевизийн удирдлагуудаас хэн нэг нь дэлгэцнээ гарч ямар нэгэн мэндчилгээ дэвшүүлж, ярилцлага өгсөнгүй. Шоу наадам зохион байгуулсангүй. Хамгийн гол нь энэ байтугай ойг тохиолдуулан одон медаль тараадаг ерөнхийлөгч огт хөдөлсөнгүй. Юу болов?

Юу ч болоогүй. Зүгээр л энэ телевизийн жинхэнэ эзэн нь Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрөө учраас үүнийгээ олон түмэнд сануулахыг хүсээгүй биз. Бас TV9-ыг туслан эзэмшилцдэг УИХ-ын гишүүн Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил хоёр ил харагдсангүй. Гэхдээ цаагуураа өмч хөрөнгө нь өсч арвижин, тухайлбал саяын сонгуулиар ямар их мөнгө хийснийг Төрийн ордон дотроос тэр гурав баясан ширтэж, үзэгчдэд мэдэгдэхгүйгээр сайхан тэмдэглэсэн биз. Баярын мэнд хүргэе!

Телевизийн хувьд TV9 гайгүй яваа шүү. Мэдээллийн хөтөлбөр нь дажгүй, эзэн шигээ “эв нэгдлийг эрхэмлэж” аль нэг талд нь шууд ороод байдаггүй, гэхдээ Ерөнхийлөгчөөс бусдыг хатуу шүүмжилж бас чаддаг, ялангуяа  ашигт малтмал, байгаль орчны асуудлаар хурц сурвалжлагуудыг бэлтгэн үзүүлдэг, аймгуудад орон нутгийн сурвалжлагчдийн сүлжээ байгуулсан гээд олныг тоочиж болно.

Төгсгөлд нь нэрний тухайд өөрийн саналыг давтая. Тус телевиз анх нэрээ сонгохдоо Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр эзнээ оройдоо залж TV EC ( Ерөнхий Сайд) хэмээн нэрлэжээ. Одоо албан тушаал нэгэнт өөрчлөгдсөн тул TV90 (ЕРөнхийлөгч) болгож өөрчилбөл ямар бол? Цаг үетэйгээ хөл нийлүүлэх алхах тухай үг байдаг. Үүнийг Ерөнхийлөгч та мэдэх буйзаа. Энэ бол “Таны телевиз”…

Posted in + ТЕЛЕВИЗ, TV9 телевиз | Leave a Comment »

Tuul River Countryside компани TV9 ба “25-р суваг” телевизийг амархан буулгаж авлаа

Posted by Бид on 2008/07/31

Гачууртад Туулын эрэг дээр  Улаанбаатар хотын ундны усны бүсэд гольфийн талбай байгуулахаар наадмын өдрүүдийг угтуулан эксковатораар газар хагалж эхэлснийг нутгийн иргэд хармагцаа очиж эсэргүүцсэн төдийгүй телевиз дуудаж сурвалжлуулсан тэр маргаан нийслэлд урьд нь гарч байсан бүх маргааны нэгэн адил дуусч байх шиг. Товчоор хэлбэл, компаниуд дийлдгээрээ дийлж, иргэд ялагддагаараа ялагдаж, гагцхүү зөвшөөрөл өгсөн дарга нар огт цухуйхгүй үлдэж байна.

Энэ маргааныг хамгийн сайн сурвалжилсан нь TV9 телевиз. Сэтгүүлч Отгонжаргал нутгийн иргэдтэй хамт хамгаалалтын албаныхантай үзэлцэж, ажилчидтай хөөцөлдөж, зөвшөөрөл олгосон Баянзүрх дүүргийн Засаг дарга асан, одоо  УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирын хаягаар хатуу үг хэлж, улмаар мэргэжлийн хяналтынхан болон БОЯ-наас хүн аваачиж тэнд гольфийн талбай барих нь хууль зөрчсөн болохыг хэлүүлж барилгын ажлыг зогсоох ам шийдвэр гаргуулж иргэдтэй хамт баярлаж байв.

Харин  өнөөдөр тэр гольфийн талбайг барьж байгаа Tuul River Countryside компанийн дэд захирал эмэгтэйтэй ярилцлага хийснээ үзүүллээ. Олон хоног олдохгүй байсан компанийн төлөөлөл (жинхэнэ эзэд нь тодорхойгүй үлдсэн ч) ийнхүү дэлгэцийн өмнө  гарч  ирсэн нь өөрсдөө хүссэнийх. Цаад эзэд нь тийм команд өгчээ. Ингээд бүх зөвшөөрлийг хуулийн дагуу авсан, Улаанбаатар хотын газар зохион  байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж ИТХ-аар баталсан учраас Мөнх-Очир дарга зөвшөөрөл олгосон, Туул голд ямар  ч хор нөлөөгүй, ажлын байр олноор бий болно, Гачуурт тосгоныхныг ажилд авна гэсэн тайлбарууд урсав. Сэтгүүлч маань түүний аманд бүрэн багтаж “зөвшөөрөлтэй юм байна” гэж хүлээн зөвшөөрөн бууж өглөө. Түүнд өөр мэдээлэл, хөндлөнгийн тайлбар, эрэн сурвалжилсан баримт дутаж байгаа нь илт.

Орой “25-р суваг телевиз” бас энэ талаар сурвалжлага үзүүлэв. Гольфийн талбайг бариулахгүй гэсэн иргэдийн байр суурийг сэтгүүлч Оюунбат үзэгчдэд  дэлгэрэнгүй сонсгов. “Зөвшөөрөл олгосон дарга нар лав монгол хүн биш” гэж зарим иргэд бухимдана. Энэхүү сурвалжлагын араас “хоёр талын байр суурийг тэнцвэртэй үзүүлэх үүргээ биелүүлж” гэсэн тодотголтойгоор нөгөө  Tuul River Countryside-ийн дэд захиралтай ярилцав. “Гацууртынханд ажлын байр олон гарна, одоо хэлмэрч, хөтөч, туслах ажилчин хэрэг болно” гээд нөгөөдөхөө амлав. Гацууртынхан бүгд гадаад хэлтэй учраас хэлмэрчийн ажилд орж тайвшрах юм байна л даа. Бас гольфийн талбай байгуулахыг хориглохоо камерийн өмнө амалж байсан мэргэжлийн хяналтын байцаагч Оюунчимэг “зөвшөөрөлтэй юм байна, арга алга” гэснээ байгаль орчны үнэлгээгээр “Туул голд үзүүлэх нөлөө дунд зэрэг” гэж хэлснийг харуулав. Гэхдээ ярилцлага авсан сурвалжлагч Ганзориг энэ мэт асуулт тавиагүй. Учир нь  тэрбээр саяын сонгуулиар Э.Мөнх-Очирын сурталчилгааны сэтгүүлчээр ажилласан билээ.

Tuul River Countryside компани TV9 ба “25-р суваг” телевизийг дуудаж ганц ярилцлага өгөөд амыг  нь хялбархан таглачих шиг боллоо. Одоо Гачууртын иргэд телевиз дуудвал энэ хоёр телевиз очихгүй, элдэв шалтаг хэлнэ…

Posted in + ТЕЛЕВИЗ, 25-р суваг телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, TV9 телевиз | 2 Comments »

Ц.Мөнх-Оргил хэзээнээс худлаа ярьж эхэлсэн бэ?

Posted by Бид on 2008/07/18

7-р сарын 1-ны өдрийн үймээн самуунаар С.Баярын Засгийн газар муу ажилласны улмаас хүнии амь нас үрэгдсэн гэж үзээд огцруулах саналыг АН-ынхан гаргасныг энэ удаагийн УИХ-ын чуулганы сүүлчийн нэгдсэн хуралдаанаар (Мягмар гаригт болох хаалтыг эс тооцвол)  хэлэлцлээ.

Хэвлэл мэдээллийг ярихгүй хаачихав. Онц байдлын өдрүүдэд МҮОНТ-ээр үзүүлсэн дуулиант клипийг (Эхний хэсэгт нь МАХН-ын байр луу дайрна гэсэн Л.Магнайн үг, бас үдшийн бүрэнхийд БНН-ын дарга Б.Жаргалсайхан хэсэг иргэдээр хүрээлүүлчихсэн тэмцэж барихыг уриалж байгаа, дараачийн хэсэгт эмнэлэгт хүргэгдэж ирсэн бололтой, “О.Магнай” гэсэн бичигтэй малгай өмссөн залуу түүнээс сая төгрөг авсан тухайгаа дультран ярьсныг үзүүлсэн, гэхдээ хожим оюун ухааны хомсдолтой болж таарсан) онц байдлын штабаас зориуд бэлтгэж ард иргэдийн тархийг угаахыг оролдсон тухай асуултанд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд, дээрээс нь Онц байдлын штабын даргаар ажилласан Ц.Мөнх-Оргил хариулахдаа,

–   Сонгуулийн штабаас янз бүрийн клип бэлтгээгүй. “25-р суваг” телевизийнхэн гэмтлийн эмнэлэг дээр очиж тэр залуутай уулзаж сурвалжилсныг бусад телевизүүд үзүүлсэн байсан. Тэрнээс биш бид зориудаар бэлтгэсэн юм байхгүй…” гэв.

Тэр өдрүүдэд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга дэд хурандаа Т.Сайнжаргал (хэд хоногийн дараа хурандаа цол авсан) МҮОНТ-ын зочны суудлыг ганцаараа эзэгнэж дээр дурдсан бичлэг (клип)-ийг, үймээн самуун дэгдээсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байна гэсэн зарын хамт хэдэн ч удаа үзүүлэв дээ. Хэрэв Онц байдлын штаб бэлтгээгүй юм бол МҮОНТ өөрөө, тэгэхдээ ЗГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Батбаатарын мэргэн удирдлагын дор бэлтгэсэн болж таарна. Гэхдээ МҮОНТ-ийн хөтлөгч уг клипийг үзүүлэхийн өмнө “Сайнжаргал дэд хурандаагийн авчирсан бичлэгийг үзүүлье” гэсэн тайлбар хэлж байсныг саналаа.

Эрхэм гишүүн худлаа ярьжээ. Клипийг Онц байдлын штабын өрөөнд бэлтгээгүй байх, гэхдээ тус штабын захиалгаар хаа нэгтээ мэргэжлийн хүмүүс бэлтгэн гурван өөр телевизийн бичлэгийг нийлүүлж монтажилсан байв. Тэгээд ч Онц байдлын штаб зөвшөөрөөгүй бол МҮОНТ-ээр нэг ч удаа үзүүлэхгүй байсан.  Хамгийн марзан юм гэвэл, Ц.Мөнх-Оргил МҮОНТ-ээс бусад телевизийг хаачихсан мөртлөө “25-р суваг” телевизийнхэн гэмтлийн эмнэлэг дээр очиж тэр залуутай уулзаж сурвалжилсныг телевизүүд үзүүлсэн байсан” гэж улаан цайм залсан байх юм.

Ц.Мөнх-Оргилын улайхгүйгээр худлаа ярих авьяасыг би нэг удаа биширсэн шүү. 2003-2004 оны үед хэвлэл  мэдээлэлтэй холбоотой асуудлаар болсон семинарт Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд түүнийг оролцоход нь тэр жил тэнгэрээс унасан мэт гэнэт мэндэлсэн TV9  телевизийн үүсгэн байгуулагч хэн болохыг хэвлэл мэдээллийн улсын бүртгэл хариуцсан сайдаас мэдчих санаатай би асуулт тавьсан. Тэрбээр хэлж өгөхийг чин сэтгэлээсээ хүсч байгаа бололтой доошоо харж хэсэг бодсоноо За байз. Олон юм бүртгэдэг болохоор би сайн санахгүй байна. Та ерөөсөө манай яаманд албан бичиг хийгээд өгчих. Манайхан хэлээд өгнө” гэв. Маргааш нь бичиг явуулсанд ХЗХДЯ дэд сайд шигээ хэдэн хоног бодолхийлсны эцэст тэр үед TV9-ын захирлаар тавигдаад байсан Н.Дуламсүрэнгийн нэрийг өгч билээ.

Хэдэн жилийн дараа ерөнхийлөгч Н.Энхбаяр TV9-ын нууцаа задлахдаа Мөнх-Оргилыгоо марталгүй илчилж (Энхбаярч арга барил мөн дөө!) “Надад Японоос телевизийн студи бэлэглэчихээд би түүнийг хадгалж байтал Мөнх-Оргил надад “суваг байна” гэсэн, тэгээд TV9-ыг байгуулсан” гэхчлэн сэтгэлээ онгойлгосныг санаж байна уу? Яг тэр үед TV9-ын удирдах зөвлөлд Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, бас ерөнхийлөгчийн төрсөн дүүгийн хамт гурвуулаа багтаж байсан ч түүний санах ой миний  асуултанд хариулах хэдхэн секундын хооронд сааталд орсон байж.

Ийм онигоо байдаг. Аав нь: Би чам шиг жаахан байхдаа худлаа ярьдаггүй байсан. Хүү нь: Та тэгээд хэзээнээс эхэлсэн юм бэ?  Эрхэм гишүүний худлаа ярих нь нэлээд хэдэн жилийн  өмнө эхэлсэн юм шүү.

Энэхүү нэгдсэн хуралдааны үеэр Б.Жаргалсайхан гишүүн хүртэл “Телевизээр гарсан эвлүүлгийг ЦЕГ дээд зэргийн бүдүүлгээр эвлүүлсэн. Жаргалсайханы хэлснийг доогуур нь титр  гүйлгээд…” гээд хашгирч байсан. Жаргалсайхан хэлсэн гэхгүй л юм бол тэрбээр энэ удаад бараг үнэнийг хэлжээ. (Гэхдээ бүдүүлэг биш сайн хийсэн эвлүүлэг байсан. Сайнжаргал дэд хурандаа бичлэгүүдээ авчраад МҮОНТ-ээр хийлгэсэн байж магадгүй)  

Хэвлэл мэдээлэлтэй холбоотой өөр нэг санааг Су.Батболд гишүүн хэлээд авчээ.
–    Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ч анхаарах хэрэгтэй. 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай хэвлэл мэдээллийн хэрэгсэл байх юм уу, хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар байх юм … (Цаашаа сайн сонсогдоогүй, учир нь яг энэ мөчид Жаргалсайхан гишүүн ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Амарболдын урд очоод чангаар хэрэлдэж эхэлсэн тэр шуугианд дарагдав)

Хувийн хэвшлийнхийг түр орхиё. Хэвлэл мэдээлэлд гадаадын хөрөнгө оруулалтыг хориглох эсэх тухай санаа эрхэм гишүүдийн амнаас цухалздаг болж. Энэ бол юуны өмнө бөгөөд зөвхөн “Ийгл”-ын тухай юм.  Тус телевизийн захирал Том Терри Сү.Батболд гишүүний дээрх үгнээс сүйд болж байна. Бас Онц байдал тогтоох тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хэлэлцсэн 7-р сарын 2-ны УИХ-ын хаалттай хуралдаанаар “Ийгл”-ийн тухай юу ярьсныг манай парламент дахь нууц мэдээлэгчээсээ сонсчихсон цааш ховлож сууна. Хэд хоногийн дараа АНУ-ын конгрессийн гишүүдэд Монголд болсон  эмх замбараагүй байдал, ардчиллын нөхцөл байдал, түүний дотор хэвлэлийн эрх чөлөөний талаарх товч мэдэгдэл хийгдэх юм байна.

Тусгаар улс байна даа, хол ойроос хэн юу гэж зандчихийг нэг их тоохгүйгээр өөрсдөө шийдэх юмсан. Мэдээлэл бол амьгүй ашигт малтмал биш. Даанч сүүлчийн өдрүүдээ өнгөрүүлж байгаа одоогийн ба түүүнийг бага зэрэг засвар оруулаад копидчихсон юм шиг шинээр сонгогдсон парламентын байж байгаа царай нь…

Posted in + ТЕЛЕВИЗ, 2008.07.01, TV9 телевиз | 5 Comments »

Телевизийн захирлууд vs “Ийгл”

Posted by Бид on 2008/07/06

Өчигдөр орой онц байдлыг хараахан цуцлаагүй байхад буюу 22 цагийн үед МҮОНТ-ээр Монголын телевизүүдийн холбооны хэвлэлийн хурлыг үзүүллээ. З.Алтай,Д.Сарангэрэл, Ц.Энхбат, Ц.Балхжав нарын телевизийн эзэд юу ярив? Тэд 7-р сарын 1-нд болсон үймээн самууны цаад эздийг яг мэдэж байгаа ажээ. Итгэхгүй байна уу?

TV9 телевизийн захирал Ц.Энхбат бүр үүх түүхтэй нь хэлж өглөө.
– Миний мэдэхээр улс төрийн тогоонд чанагдсан намуудаас ийм үйлдэл гараагүй, жишээлбэл МАХН-ын зүгээс, АН-ын зүгээс, ИЗН-ын зүгээс гараагүй. Энд тодорхой эзэн байгаа. Бид мэдэж байгаа. 2005 оноос эхэлсэн процессын үйл ажиллагаа өнөөдөр ингэж үр дүнгээ олж байгаа байхгүй юу?… Үүний ард хүмүүс байгаа. Хүмүүс байгаа учраас ийм үйл явдал болсон. Бид мэдэж байна. Украинд ийм юм болсон, Сербид ийм юм болсон, Гүржид ийм юм болсон. Киргизэд ийм явдал болсон 5000 хүн босоод улс орныг эргүүлдэг….  Яг ийм сценариар болсон үйл явдал… Манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд халдсан зохион байгуулалттай үйл явдал…

МАХН, АН, ИЗН буруугүй, харин 2005 оноос эхэлсэн гэхлээрээ иргэний хөдөлгөөнийхөн болж таарлаа. Үүнийгээ цагдаагийнханд шууд мэдэгдүүштэй. 

Бас  “25-р суваг” телевизийн захирал, саяхан УИХ-ын гишүүнээр сонгогдсон З.Алтай “Зарим нэгэн хэвлэл мэдээллийн байгууллага, сурвалжлагчид дэвэргэх, уриалан дуудах байдалтайгаа ажилласан тул сэтгэл дундуур байна” гэсэн бол TV5 телевизийн ерөнхий зөвлөх Д.Сарангэрэл “Үндсэн хуулинд ард түмнээ эмх замбараагүй байдалд уриалан дуудаж 2 сая хүнээ хооронд нь алалцуулж талалцуулна гэдэг бол …. Ард түмнээ эмх замбараагүй байдал, дайн тулаанд уриалан дуудна гэдэг бол улс төрийн хүчин, хэвлэл мэдээллийн байгууллагад хуулиар хориглосон зүйл” гэж хатуу анхааруулав.

Энд заримсаад байх юмгүй, “Ийгл” телевизийн тухай яригдаж байна. “Ийгл” телевиз хүмүүсийг  үймээн самуунд уриалан дуудсан, дэвэргэсэн гэж хэвлэл мэдээллийг хянах хүсэлтэй хууль хяналтынхан, зарим улс төрчид төдийгүй одоо телевизийн захирлууд дүгнэж байгаа учраас асуудал өөрөөр эргэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд  Ц.Энхбат, З.Алтай нар “Ийгл” телевизийг хэдэнтээ шүүмжилсэн ба ноднин TV9 ба “Ийгл” телевизүүд эфирээр бяцхан дайтаад авсан билээ.

Саяхан “Ийгл” телевиз буюу EBC-ийн ерөнхийлөгч Том Терри гэдэг христийн номлогчийн вэб сайтад Монголын парламентын хаалттай хуралдааны үеэр саяын үймээн самуунд хэвлэл мэдээллийн гүйцэтгэсэн үүргийг зөвхөн тус телевизийг тойрч ярилцсан, зарим гишүүд “Ийгл”-ийг шууд буруутгасан тухай бичжээ. Үүнийг УИХ-ын гишүүдийн нэг нь түүнд ховлосон юм байх. (Монголд нууц юм гэж алга аа!). Тэр ч бүү хэл хэвлэл мэдээлэлд гадаадын эзэмшлийг хязгаарласан хууль гаргах замаар “Ийгл”-ийг энэ салбараас шахан гаргаж болох тухай ч мэдчихэж.

Ер нь Монголын хэвлэл  мэдээллийн салбар, ялангуяа өргөн нэвтрүүлэгт гадаадын хөрөнгө оруулалтыг хориглох шаардлагатай байх аа. Тухайлбал, “Ийгл” мэт цаанаа шашны зорилго агуулсан телевизийг хязгаарлах ёстой. Энэ дэндүү хэцүү. Парламент доторх тэр мэдээлэгчээс эхлээд лоббистууд зөндөө. Эрх хуваан баригч хоёр нам америк ах нарынхаа эсрэг дуу гарахаас ч айна…

Гагцхүү одоохондоо “Ийгл” телевиз үнэхээр  сайн хийж чадаж байгаа юмыг хүлээн зөвшөөрөхөөс өөр яахав.  Өнөөдөр монголын телевизийн захирлуудаас ганцхан зүйлийг хүсмээр байна: Эгзэгтэй нөхцөлд “Ийгл”-ийн нэрийг нь ч хэлж чадахгүй битүү шүүмжилж суухын оронд илүү сайн, илүү шуурхай мэдээ хийж, үзэгчдийн санал бодлыг илүү ихээр хүлээн авч  “Ийгл” гэдэг христийн телевизийг зөвхөн христчүүд л үздэг болгоодхооч.

Posted in + ТЕЛЕВИЗ, 2008.07.01, 25-р суваг телевиз, Ийгл телевиз, TV5 телевиз, TV9 телевиз | 7 Comments »

Онц байдал зогсоход зөвхөн хоёр телевиз нээгдэв

Posted by Бид on 2008/07/06

2008 оны 7-р сарын 5-6-ны шөнө дунд онц байдал бүрэн зогсов. 00 цаг 00 минутаас эхлэн энэ мөчийг тэсч ядан хүлээсэн телевизүүд дөрөв хоногийн турш хураасан мэдээ, сурвалжлагын үер буулгахыг хүлээж суулаа. Өнөөдөр онцгой өдөр, Бямба гариг, маргааш Ням гариг учраас нийслэлчүүд шөнөжин сууж бүх сувгийг нэгэн зэрэг үзэхэд бэлэн байсан биз.

Гэвч шөнө дунд өнгөрөхөд зөвшөөрөгдсөн эрх чөлөөгөө зөвхөн НТВ телевиз эдэлж, үймээн самууны дараах үйл явдлын мэдээ, тухайлбал  албадан саатуулах байрнаас хийсэн, тэгэхдээ хоригдсон залуучуудын уйлалдсан ээж, эгч нартай ярилцсан сурвалжлага үзүүллээ.  Харин TV9 телевиз нэвтрүүлэг явуулах эрх чөлөөг эхлээд уран сайхны кино үзүүлэх эрх чөлөө гэж үзэв. Бусад телевизүүд эфирээ ч нээсэнгүй.

МҮОНТ яав? Онц байдлын штабын мэдлээс ангижирч дэд хурандаа Сайнжаргал буцсан ч нөгөө л албан мэдээ, “Магнайгийн клип”-ээ үргэлжлүүлэв. Араас цэнгээнт нэвтрүүлэг, “Гэрэлтэй цонх”. Цаадуул нь бүтэн дөрөв хоног юу нэвтрүүлэхийг хянасан төдийгүй онц байдал цуцлагдсаны дараа үзүүлэх сурвалжлага хийж бэлтгэж хадгалахыг хүртэл зөвшөөрөөгүй юм болов уу?

P.S: Улаанбаатарт 18 цаг болж байна. “Ийгл” телевизийг, бусад телевизийн ганц нэг мэдээ, сурвалжлагыг эс тооцвол онц байдлыг сайн дураараа үргэлжлүүлсээр байх шиг санагдлаа. Бүгд оройн мэдээллийн хөтөлбөрөөр хамаг юм үзүүлэхээр хүлээж байгаа бололтой.

Posted in + ТЕЛЕВИЗ, 2008.07.01, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, НТВ телевиз, TV9 телевиз | Leave a Comment »

МАХН-ын төв байрны баруун талд …

Posted by Бид on 2008/07/05

Тэр орой жагсагчид МАХН-ын байрны луу дайрч орохоосоо өмнө тус байрны баруун талд цагдаа нарыг дайрч нэгийг нь унагаад хэрхэн зодож байгаа TV9 телевизийн зураглаач нэгд нэгэнгүй авчээ. Шлемээ алдаж толгой нүцгэн болсон цагдааг хайр найргүй өшиглөж эхлэхэд (тэгэхдээ бүр толгойд нь) богино ханцуйтай цагаан цамцтай эр дөхөж ирээд хамгаалахыг оролдож биеэрээ хаагаад ч нэмэр болсонгүй. Төдөлгүй цагдаа нар давшиж жагсагчид ухарсан ч зам дээр ганцаараа хэвтэж үлдсэн цагдаагийн толгойд харсаар байтал том чулуу маш хүчтэй тусч бүх биеэрээ доргиж харагдсан.

Энэ үйл явдлыг телевиз үзүүлээгүй бол ийм цэвдэг залуус бидний дунд амьдарч байна гэхэд итгэмээргүй. Одоо тэр этгээдүүдийг, бас тэр эрийг олоход тийм ч хэцүү биш байх аа.

Posted in 2008.07.01, TV9 телевиз | Leave a Comment »

Эфирийг хааснаас биш Интернэтийг хаагаагүй

Posted by Бид on 2008/07/04

Онц байдал тогтоосноор сонин хэвлэлүүд хаагдаагүй ч нүдээр үзүүлж, чихээр сонсохыг орлохгүй. Гэхдээ Интернэт гэж Хойт Солонгос, Хятад, Иран зэрэг орны эрх баригчид л таглах гэж оролддог мэдээллийн эх захгүй орон зай үлдэж байгаа юм. Тэнд мэдээ, сурвалжлагаа секунд ч алдалгүй нийтэлж цаасанд баригдахгүйгээр чөлөөтэй хүргэж болно. Бас дуу чимээтэй бөгөөд хөдөлгөөнтэй дүрс бүхий бичлэгийг тэнд тавьж болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт Интернэтийг огт дурдаагүй ч эхний өдөр зарим сайт “сайн дураараа” өөрийгөө цензурджээ.  Жишээлбэл,  www.gogo.mn сайт “Монгол   Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган онц байдал зарласантай холбогдуулан GoGo.mn-ийн зүгээс Мэдээнд сэтгэгдэл бичихийг түр хугацаанд хаасан тул хэрэглэгч та бүхнээсээ хүлцэл өчье” гэв.  Монголдоо хамгийн том гэж ойлгогддог www.olloo.mn сайт  хүртэл санал сэтгэгдэл хүлээж авахаа ямар нэгэн тайлбаргүйгээр хаачихсан, тэр нь өнөөдрийг хүртэл үргэлжилсээр. Бас хэд хэдэн сайт бүр ажиллахаа больсон, тэдгээрийг хакердсан байж магадгүй гэлцэнэ.

МҮОНТ-ээс бусад бүх телевизийн эфир унтарсан ч Ийгл мэдээ, сурвалжлагуудаа бэлтгэсэн хэвээрээ төдийгүй www.eagle-tv.mn сайтдаа тавьж цацаж байна.  Урьд нь тус телевизийг эфирээр үзнэ гэдэг бол хэзээ юу гарах нь мэдэгдэхгүй, реклам нь барагдахгүй ядаргаатай ажил байдаг. Тэгээд ар араас нь залгуулсан мэдээ ярилцлагаар толгой эргүүлж байгаад христийн сурталчилгаагаа “шахдаг” аргатай билээ. Харин Интернэт дэх Ийгл-ийг дуртай цагтаа үзэж болох учраас миний хувьд амар санагдлаа.

Гэхдээ МҮОНТ-ээс бусад телевизийг хаачихаад байхад нэвтрүүлгээ Интернэтээр цацаж болох уу, үүнийг нэвтрүүлгээ явуулж байгаатай адилтгах уу гэсэн  асуулт төрж байна. Ямар ч байсан манай эрх  баригчид “Ийгл” телевизэд “боль” гэж халдах байтугай  “болино уу” хэмээн хандаж ч чадахгүй биз ээ. Яагаад гэвэл “Ийгл” телевиз америкийн хөрөнгө оруулалттай.

Бусад телевизүүдээс “25-р суваг”, TV5 ба UBS телевизүүд 7-р сарын 1-нээс хойш  сайтаа шинэчлэхээ больсон бол TV9 телевиз дүрсгүй “цагаан” мэдээ хэдийг тавьж “Гүүс Хиддинк гавьяат дасгалжуулагч болжээ” гэсэн асар чухал мэдээг хамгийн эхэнд залсан харагдав.

Posted in 2008.07.01, ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО, Ийгл телевиз, TV9 телевиз | Leave a Comment »

МАХН-ын “Авлигын толь” ба АН-ын “Монгол дахь авлигын үнэн түүх”

Posted by Бид on 2008/05/01

Ардчилсан намын Шаабар МАХН-ынхны орооцолдсон  будлиантай хэргүүдийг голдуу түүвэрлэсэн “Авлигын толь” ном бичиж сонинд цувруулан гаргасны  хариуг МАХН-ын сэтгүүлчид барьж эхэлсэн билээ.

Харин TV8 телевизийн “Толь” мэдээллийн хөтөлбөрөөр МАХН-ын сонгуулийн сурталчилгааны аргыг илчилсэн тун ноцтой тайлбар үзүүллээ. Тайлбарт, улс төрийн намуудаас МАХН түрүүлж сонгуулийн сурталчилгаандаа хамгийн бохир арга хэрэглэхээр зэхэж байна гээд өдөр тутмын зарим сонинд нийтлэгдэж эхэлсэн Жа.Пүрэв, Ш.Цэрэнпил, Б.Болд нарын “Монгол дахь авилгын үнэн түүх” баримтат цуврал нийтлэлийн гарчгийг харуулж баахан тайлбар хийлээ.

TV8 цааш үргэлжлүүлэхдээ “өдөр тутмын зарим хэвлэлийг харвал “20-р зууны банк  тоносон шилдэг луйврууд” хэмээх сүржин нийтлэлүүд гарч байна. Ардчиллынхын засаг барьсан он жилүүдэд тэднии юу хийж байсныг гутаах зорилготой. Одоо 7 цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн, хэзээ ямар сувгаар  гарах нь тодорхой болсон” гээд “Алт дилерийн хэрэг ба Монгол орныг элгээр нь хэвтүүлсэн эзэд хэн бэ? “ баримтат нэвтрүүлгийн сценари йн хуудсуудыг үзүүлээд “Да.Ганболд, Гончигдорж нарын тусгайлан намнаж банкуудыг эрүүлжүүлэх алхмуудыг зоригтой хий ж байсныг гутаах зорилготой, ингэхдээ компьютер график ашиглаж янз бүрийн  юм хийх гээд байна” гэхчлэн тайлбарлав.  Төгсгөлд нь телевиз үзэгчдэд хандан “Дороо бодолтой дотроо суурьтай” байхыг анхааруулав. Уг нь дороо суурь, дотроо бодолтой байвал илүү байхсан.

АН-ынхан МАХН-ын нэвтрүүлгийн сценарыг олзолж аваад яаралтай арга хэмжээ авсан биз. Харин МАХН-ын идэвхтэй зүтгэлтэн бөгөөд МАХН-аас нэр дэвшигч С.Баярмөнхийн телевиз АН-ын талд орж МАХН-ын сурталчилгаанаас сэрэмжлүүлсний учир юу вэ? Мөнгө. Тиймээс нэр хаяггүй тайлбар байсан. Харин Баярмөнх намынхандаа “Би мэдээгүй, төлбөртэй нэвтрүүлэг байсан байна лээ” гээд аргалахаа мэднэ.

Орой нь тун төстэй, гэхдээ товчхондуу тайлбарыг бас TV9-ийн “Но[ц]той мэдээ”-гээр уншив.

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг, TV8 телевиз, TV9 телевиз | Leave a Comment »

Цоохор, Но[ц]той, Гоё мэдээ гурав

Posted by Бид on 2008/04/29

TV8 телевизийн “Цоохор мэдээ”, TV9 телевизийн “Но[ц]той мэдээ”, Ийгл телевизийн “Гоё мэдээ” гурав хоорондоо андуурмаар адилхан байгааг анзаарсан уу? Гурвуулаа оройн мэдээллийн хөтөлбөр дундуур арваад минут үргэлжилдэг, гурвуулаа дүрстэй (тайлбарлагч нь үл үзэгдэнэ), тэгээд гурвуулаа тухайн өдрийн үйл явдал, асуудлыг хөнгөхөөн шоолсон тайлбар байдаг. Зарим нь “хоржоонтой” гэж хэлэх биз.

Миний мэдэхээр, анх сэтгүүлч Алтаншагай иймэрхүү тайлбар хийж эхэлсэн. Ерөөсөө түүний ярианы хэв маяг бололтой. “Ийгл”, “25-р суваг” телевизэд ажилласныхаа дараа TV8 телевизэд мэдээллийн албаны дарга хийж байхдаа “Цоохор” мэдээ”-г санаачилсан байх. Ингээд хоёр гурван сэтгүүлч ээлжлээд “… эрхэм гишүүний санаархал будаа болж байна даа хөөрхий” гэхчлэн дуржигнуулдаг болсоор удаж байна. Гэтэл саявтар тэдний нэг нь өөрийнхөө тайлбарыг TV9 телевизээр “Но[ц]той мэдээ” нэрээр авч өгдөг болсон байв. Сонирхвол, TV8-аасаа гараад TV9-д орохдоо аваад иржээ. Нэрийг нь солиод л гүйцээ. Ижилхэн яриатай сэтгүүлчид таран байрласан нь зөв ч байж магадгүй.

Энэ хооронд сэтгүүлч Алтаншагай дахин бууриа сэлгэж “Ийгл”-дээ буцаж очсон ба өчигдрөөс өөрийн “Гоё мэдээ”-гээ уншиж эхэлсэн байна. Дажгүй санагдлаа. Гэхдээ илүү “гоё” хэлбэрийг бодож олох хэрэгтэй байх аа. Өөрийг нь дууриасан хүмүүсийг өөрөө дууриагаад яахав.

Posted in Ийгл телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, TV8 телевиз, TV9 телевиз | 4 Comments »

TV9 биш TV90 байвал амар

Posted by Бид on 2008/02/05

Ерөнхийлөгч Н.Энхбаярын “Ийгл” телевизэд өгсөн ярилцлагыг маргааш нь биш нөгөөдөр буюу Ням гаригийн үдэш 22 цагаас давтан үзүүллээ. Улаанбаатарчууд хамгийн олноороо үзэх оргил цаг юм байлгүй.  Би өөрийн сонирхсон хэсгийг золтой өнгөрүүлсэнгүй, гэхдээ бага сага тэмдэглэж авлаа. Өмнөх бичлэг дээрээ ганц нэг санаа нэмье.

Сурвалжлагч залуу дараах асуултыг дэвсэж өгөв.
– Телевизийн тоног төхөөрөмж гэж их маргаантай асуудал яригддаг л даа. Хувьдаа авчихсан, ашигласан, тэр нь телевиз болоод гарсан, тэгээд дараа нь Ерөнхийлөгчийн байр суурийг хамгаалсан тийм зүйлийг хийдэг гээд янз бүрийн мэдээлэл байдаг, та түүнийг сонссон байх л
Ерөнхийлөгч:
– Тэрэн дээр би түрүүн 25-р суваг телевизээр талийгаач Балдорж эрхлэгч надаас асуухад их дэлгэрэнгүй хариулсан шдээ. Гол түүх нь  бол Чойжамц хамба бид хоёр японы  буддын шашныг дэмждэг байгууллагад хандаж ийм үйл ажиллагаа явуулдаг телевиз байгуулахад тодорхой хэмжээний туслалцаа дэмжлэг үзүүлээч ээ гэсэн.  Тэр нөхдүүд хандив өгсөн, тэхдээ энийг бол зөвхөн Энхбаяр, Чойжамц гэдэг хоёр хүнд өгч байгаа юм шүү, аль нэгэн байгууллагад, эсвэл өөр хүмүүст өгөөгүй ээ, өөр хүмүүс, өөр байгууллагад өгсөн гэж та бүхэн битгий ойлгоорой гэж. За тэгээд энэ телевизийг байгуулна гэдэг бол тэр нэг өгсөн  хэдэн камер, хэдэн монтажны ганц хоёр аппаратаар шийддэггүй юм байна лээ. Тийм учраас тэр телевизийг байгуулах зарчим хэвээрээ үлдээд, хамаагүй илүү нэмэлт хөрөнгө оруулалтыг шийдэх хэрэгцээ гарсан. Тэгээд хандив авах зэргээр, бусад хөрөнгө оруулагч оруулах зэргээр тэр телевиз байгуулагдсан. Тэр телевизийг Чойжамц хамбатай хамт байгуулсан. Энэ телевизийн тэр анхны өгсөн хандивын тоног төхөөрөмжийн тодорхой мөнгийг тэр телевиз үйл ажиллагаа явуулаад өөртөө оруулссан орлогоороо Гандантэгчинлэн хийдэд хандивлаж Гандантэгчинлэн хийд маань тэр хандиваар Энэтхэг улсын Бодгаяад барьж байгаа … монголын тэр сүмийнхээ барилгыг барьж бүтээхэд ашигласан, зарцуулсан… Ердөө ийм л хоорондоо холбоотой, бие биенээ дэмжсэн ийм л үйл ажиллагаа болсон. Түүнээс биш ямар нэгэн байдлаар хүмүүсийн бодож байгаа, эсгүүвэл  зарим хүмүүсийн зориуд санаатайгаар гуйвуулж бичээд, яриад байгаа шиг тийм юм ерөөсөө болоогүй..Анх байгуулагдсан түүх нь ч ариун, үйл ажиллагаа нь ч тэр чиглэлээр явагдаж байгаа, цаашдаа ч гэсэн Монголын бусад телевизийн сувгуудтай адилхан, энэ мэдээллийн орон зайд өрсөлдөөд л хэн нэгэн хүний захиалгаар биш, нийтэд хэрэгтэй  үнэн бодит мэдээллийг л хүргэдэг, өөрийнхөө уламжлалыг, уламжлалт соёлоо таниулдаг ийм л телевиз болж ажиллах байхаа …” гэв.

Ерөнхийлөгчийн голонгуй хэлсэн “тэр нэг өгсөн хэдэн камер, хэдэн монтажны ганц хоёр аппарат” уг нь 110 мянган долларын өртөгтэй билээ.  Ийнхүү “анх байгуулагдсан түүх нь ариун” атал Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа нууцаар эзэн нь болж 2004 оны УИХ-ын ба 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “миний телевиз” гээж зарлахгүйгээр цадталаа ашигласнаас хойш дахиад 2 жил нууж байгаад ноднин сая нэг ам нээжээ.  (Нэмж хөрөнгө оруулсан тухайд бол УИХ-ын гишүүн Сү.Батболд бөгөөд Ц.Мөнх-Оргил гэдэг залуу 2000 оны сонгуулиас өмнө авсан (ямар тендерээр?) сувгийн зөвшөөрлөө Н.Энхбаярт хандивлаж ХЗДХЯ-ны дэд сайд болж улс төрийн карьераа эхэлжээ).

Тэгэхлээр одоо манай ерөнхийлөгч цаагуураа ямар бэлэг авч, хэдэн жилийн дараа ямар “гүтгэлгийг няцаах” бол гэсэн асуулт өөрийн эрхгүй төрж байна. Жишээлбэл, өмч хөрөнгийнхөө талаар. 

“Ийгл”-ийн хөтлөгч эмэгтэй яг энэ тухай асуухдаа “Сүхбаатарын талбайг тойрсон 17-18 барилга Ерөнхийлөгчтэй холбоотой, ард нь Ерөнхийлөгч байна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацаж байдаг. Хэрвээ таныг гүтгээд байдаг юм бол тэр гүтгэж байгаа хүмүүсийг шүүхэд өгөөд … ” гэв.

Яг үнэндээ бол хэвлэл  мэдээллийнхэн Н.Энхбаярыг Сүхбаатарын талбайг тойрсон 17-18 барилгын эзнээр хэзээ ч цоллож байгаагүй, харин Төрийн ордны яг зүүн талын “Улаанбаатар таймс” сонины барилга (одоо дээвэр таазнаас нь нураачихсан), мөн Сүхбаатарын талбайн урд, Санкт-Петербург төвийн дэргэд төмөр каркасаар боссон тэр барилгын ард Ерөнхийлөгч байгаа гэж бичдэг. Тэгэхлээр “Ийгл”-ийн хөтлөгч хэвлэл мэдээллийнхнийг сийхгүй гүтгэжээ. Цаадах нь дуртай нь аргагүй өлгөн авч “Ерөнхийлөгч Төрийн ордонд суудаг учраас Би Төрийн ордонтой холбоотой … ” гээд л дураараа болжээ.

Эцэст нь санал болгоход TV9 (Ерөнхий Сайд) телевизийн нэрийг TV90 (ЕРөнхийлөгч) гэж өөрчилбөл ямар бол? Бүгдээрээ “хэн нэгэн хүний захиалгаар биш ажилладаг”  мөртлөө өөрийг нь магтаад салдаггүй олон шинэ телевизийн дундаас өмч хөрөнгөө танихад Ерөнхийлөгчид амар. 

Posted in Нийтлэл, нэвтрүүлэг, TV9 телевиз | 4 Comments »

TV9 телевизийн эзэн “Ийгл” телевизээр юу ярив?

Posted by Бид on 2008/02/03

Баасан гаригийн орой Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр “Ийгл” телевизийн шууд ярилцлагад оролцжээ. Цаг гаруй үргэлжилсэн байна. Миний хувьд үзэж амжаагүй учраас Бямба, Нямд давтах болов уу гэтэл тэгсэнгүй. Энэ байтугай жижиг сажиг ярилцлагыг залхтал давтдаг мөртлөө ингэх шалтгаан байсан бололтой. Н.Энхбаяр гадаадын хөрөнгө оруулалттай “Ийгл” хэмээх жижиг телевизийн ярилцлагад оролцох ямар шалтгаан байсан юм бол? Ноднин Хэвлэлийн хүрээлэнгийн рейтингийн судалгаанаас болж Ерөнхийлөгчийн телевиз TV9 ба “Ийгл” хоёр муудалцсаныг Ерөнхийлөгч мэдсэн байж таарна, гэхдээ “Би Монгол Улсын Ерөнхийлөгч” гээд пээдийж оролцсон бололтой.

Хэвлэл мэдээлэлтэй холбоотой юу ярилцсан бэ? (Бусдаас асууж дараах зүйлийг мэдэж авлаа) “TV9 телевизийг Ганданд бэлэглэсэн юм биш үү, одоо тэндхийн лам нар биднийг телевизтэй болгож өгөөч гэсэн хүсэлтийг таньд тавиад яваад байна” гэсэн утгатай асуултыг Ийгл”-ийн сэтгүүлч тавьжээ. Яах аргагүй сайтар бэлтгэсэн асуулт.

Ерөнхийлөгч хариулахдаа “энэ телевиз Гандантэгчинлэн хийдэд ямар ч хамаагүй, Энхбаяр, Чойжамц гэсэн хоёр хувь хүнд телевизийн тоног төхөөрөмж л бэлэглэсэн. Би TV9-ийг байгуулж үйл ажиллагаа явуулад орлого олж Чойжамц хамбад ногдох мөнгийг нь төлчихсөн. Миний хувийн телевиз ” гэж хээв нэг хариулжээ.

Чухам эндээс манай мэдлэг, туршлага, зориг муутай залуу сэтгүүлчдийн сул тал харагдсан. Японы шашны байгууллага телевизийн тоног төхөөрөмжийг Ганданд биш, хувь хүмүүст бэлэглэсэн гэдгийг юугаар нотлох вэ? Төрийн өндөр албан тушаалтанд тэр тусмаа гаднаас өгсөн бэлэг өндөр үнэ өртөгтэй бол холбогдох газарт нь бүртгүүлж улсад тушаах ёстой, хэрвээ хүсвэл мөнгийг нь төлж авах ёстой биш үү? гэхчлэн цааш үргэлжлүүлсэн бол…

Дараа нь Сүхбаатарын талбайг тойрсон барилгуудыг тантай холбож ярьдаг гэсэн асуултыг тавьжээ. Нөгөөдөх нь “Би Соёлын сайд байхдаа Соёлын төв өргөөнд сууж байсан, тэгэхлээр надтай холбоотой байж таарна ..” гэхчлэн үгээр тоглож өгчээ.

“Үгүй ээ, Хэвлэх үйлдвэрийн барилгыг асууж байна … Танай гэр бүлийн хүн Цолмон …. Сүхбаатарын талбайд урдах, Санкт-Петербург төвийн дэргэдэх барилга … гэхчлэн асуултаа үргэлжлүүлсэн бол?

Posted in Ийгл телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, TV9 телевиз | 3 Comments »