Хохирсон, ядарч зүдрэн арга тасарсан хүмүүс яадаг вэ? Албан тушаалтнуудаас эхлээд өөрийн сонгосон эрхэм гишүүн, иргэдийн хурлын төлөөлөгчдөд ханддаг. Даанч үргэлж “хуралтай” байдаг тэднийг олж уулзах, эсвэл “иргэдийг хүлээж авах цаг”-аар оочирлох, найдвартайгаар нь өргөдөл бичиж гардуулах гэсээр олон хоног, сарыг алддаг. Товчхондоо хүнд суртлын аманд өөрөө яваад орчихно.
Өөр нэг арга бий. Телевиз дуудах. Ирүүлж чадвал тэр үдэш, эсвэл маргааш оройдоо зураг дүрстэйгээр орон даяар биш юмаа гэхэд Улаанбаатарт суугаа бүх хүмүүст,тэр дундаа дарга нарт шууд хүргэж чадна. Урьд нь иргэд голдуу Ийгл телевиз ба 25-р суваг рүү утасдаг байсан бол ноднин намраас TV8 телевиз “Сэтгүүлчийг камертай нь дууд!” хэмээн зарлаж байгаад хамаг гомдлыг цуглуулж сурвалжлах үүргийг өөртөө хүлээдэг болов. 1952 дугаарт залгавал тэд өдөр шөнө хамаагүй очоод, сурвалжлаад, “Толь” мэдээллийн хөтөлбөрийн “Ард түмний толь” ба “Шөнийн толь”-иор үзүүлээд өгнө.
Сүүлийн үед үзүүлсэн тийм сурвалжлагуудаас заримыг дор тоймлов.
• ХААН банкны Хайлааст салбараас 70 мянган төгрөгөө авсан нэгэн хөгшний мөнгөн дотор хуурамч 20 мянгатын дэвсгэрт байсныг бүр хойно мэдээд буцаж ирэхэд сольж өгөхгүй болохоор нь сэтгүүлчийг дуудсаны дараа л “асуудлыг шийдсэн” байна.
• Орбитын эцэст байдаг 22-р хорооны нутаг дэвсгэрт цэргийн ангийн бохир урсаж хавь ойрын айлуудыг хүнд байдалд оруулаад байна гэсэн гомдлын мөрөөр очжээ. Гол, горхи шиг урсаад хөлдчихсөн байна. Өнөө маргаашгүй хайлж эхэлнэ…
• Микроавтобус хурд хэтрүүлж яваад шон мөргөхөд 17 настай жолоочийн хажууд сууж явсан 23 настай эмэгтэй хүнд бэртэн эмчлүүлж байтал эмнэлэг нь “мөнгөө төлөөгүй” гээд хөөгөөд гаргажээ. Нөгөө жолооч эмчилгээний төлбөр өгөөгүйгээс болсон тухай ар гэрийнхний гомдлоор хийсэн сурвалжлага. Тэдний хамт осол гаргасан залуугийн гэрт очиж уулзаад нүүрийг нь харуулахгүй яриулахад “аав, ээж туслах байх” гэхээс өөр олигтой юм хэлсэнгүй. Харанхуй болсон хойно аав нь ирээд сэтгүүлчийг барьж аван зодох шахам хөөж байгааг бичлэгээр үзүүлэв. Дараа нь хохирсон эмэгтэйн гэрт очиход бие нь маш муу, хэвтэрт орсон, нүд нь хараагүй шахам болжээ. Хоёр настай хүүхэдтэй, нөхөр нь цэрэгт байдаг гэнэ.
• Найз нартайгаа баяр тэмдэглээд халамцуу явсан эмэгтэйг микроавтобусны жолооч, кондуктор хоёр олон хүний нүдэн дээр зодож гэмтээсэн гомдлын мөрөөр сурвалжлага. Замын цагдаа дээр очиход тоохгүй болохоор нь 1952 луу залгахаар өөр арга олсонгүй.
• Сурвалжлагч “камертайгаа” явж байтал шөнийн харанхуйд 8 настай ачтайгаа бүдчин тэмтчих тахир дутуу хөгшин тааралдахад уулзаж учрыг магадлаад (ач нь сургуульд орж чадаагүй) өрөвдөж эхлээд дэлгүүрт, буцаагаад гэрт нь хүргэж өгчээ. Үйлчилгээ багтсан иж бүрэн сурвалжлага байна.
• Хойт хашааны айл нь угаадсаа тэдний хашаа руу асгаад байна гэсэн гомдлын мөрөөр очиж нотлох баримтын зургийг авлаа. Дэлгэцнээс үнэртэх шиг л болов.
• Өвөрхангай аймагт амиа хорлосон цэргийн албан хаагчийн ээжтэй уулзуулав. Тэр ээж: Би хоёр дүүг нь яаж цэрэгт явуулах юм бэ? Цэрэг гэдэг чинь тамын тогоо юм уу? хэмээн уйлсаар …
• “Шавь” цогцолбор сургуулийх удирдлага хичээлийн шинэ байр барих газрын 30 см зузаан цасыг сурагчдаар цэвэрлүүлж байна гэсэн эцэг эхчүүдийн гомдлын мөрөөр очжээ.
• Зальт этгээдүүд бааранд сууж байсан эмэгтэйн цүнхийг хулгайлаад гарахдаа бас болоогүй баарны хамгаалагчийн утсыг “ганцхан яриад өгье” гэж хэлээд авч зугатсан ч нэг нь баригджээ.
• Ажилд зуучилдаг компани 25 мянган төгрөг хурааж аваад аль нэг компани руу явуулсан боловч цаадуул нь аваагүйн улмаас хохирсон эмэгтэйн гомдлын мөрөөр сурвалжлага. Мөнгийг нь буцаахгүй гэнэ ээ.
• Нэгэн иргэн ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр хүүхдээ суралцуулахаар хөөцөлдтөл Наранцэцэг гэдэг эмэгтэй 7000 доллар нэхсэн тул сэтгүүлчийг микрофонтой нь дуудаж байгаад дахин залгаж яриаг нь сонсгоход цаадах нь “Энэ мөнгийг би ганцаараа авахгүй сонгон шалгаруулах комиссын гишүүдэд тарааж өгнө” гэхчлэн аймаар “шударга” юм ярьж байх юм. Харамсалтай нь TV8 эрэн сурвалжлага хийсэнгүй. Ядахдаа цагдаад өгөөсэй билээ.
• Хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй настай охиныг эмчилгээний 120 мянган долларын зардлыг Солонгосын тал даах болсон ч замын зардалгүй тул тусламж гуйж байна.
• 25-р эмийн сангийн уулзвар дээр нэгэн залуугийн машиныг 57-87 дугаартай машин мөргөсөн гомдлын мөрөөр хийсэн сурвалжлав. Мөргөсөн этгээд “би цагдаагийн ажилтан. Надаас юу олж долоох юм бэ?” гэж аархаж байжээ. Замын цагдаагийнхан ирээд тэр нөхрийг 1,7-ын согтууралтай байсан ч зүгээр орхисон мөртлөө залуугийн үнэмлэхийг хурааж аваад ЗЦГ дээр очоорой гээд явчихаж. Залуу арга буюу TV8-ыг дуудахад тэр “цагдаа” машинаа түгжээд зугатав.
• Смарт худалдааны төвөөс авсан даршилсан өргөст хэмх өттэй байсан тухай гомдлын дагуу очиход дэлгүүрийн эзэн “Бид буруугүй, нийлүүлсэн “Баясах трэйд” буруутай” гэв.
• Цагдаагийн ажилтан согтуугаар таксинд сууж үйлчлүүлээд мөнгөө төлөөгүй бөгөөд жолоочийг нэхээд байхлаар нь гэртээ оруулж зодсон тухай гомдлын дагуу ирсэн сурвалжлагч Пүрэвжаргал уг жолоочтой хамт шөнийн 02.10-т тэр цагдаагийн гэрт очиж хаалганых нь хонхыг дарсан ч онгойлгосонгүй. Ямар эвдээд оролтой биш…
• Нэгэн байрны орцанд хүүхдүүд олон лааг зүрхэн хэлбэртэйгээр байрлуулж асаагаад орхисон тухай орцны жижүүрийн дуудлагын дагуу очжээ. Хайр дурлалын асуудал биз, гэхдээ гал гарвал инээд биш ханиад …
• 2008 онд Ховд аймгаас ирсэн наян гарсан эмээгийн ганц хүү нас барж харж хандах хүнгүй болсны дараа хашаандаа түр байлгасан айл нь цагдаагийн газарт аваачжээ. Цагдаагийнхан Өлзийт хороонд байж магадгүй гэсэн хөөрхий тэр хөгшний дүүгийн зээ хүүг олж өгөхөөр хөдлөхөөсөө өмнө TV8-ыг телевиз дуудаж танилцуулав.
• 5-р хорооллын нэгэн СӨХ-д орцны жижүүрээр долоо хоног ажилласан ч байр нь маш хүйтэн тул дулаацах гэж ажлын байраа арга буюу орхиж явсан, улмаар ажлаасаа гарсан эмэгтэй долоо хоног ажилласан 40 мянган төгрөгөө авах гээд чадаагүй тул телевиз дууджээ. СӨХ-ийн дарга хүүхэн “чи муу ажилласан, өгөхгүй” гээд хашгирч байх юм.
• Архангай аймгийн Тариат суманд нэгэн залууг сүхдэж хүнд гэмтээсэн этгээд ямар ч хариуцлага хүлээгээгүй талаар аав, эхнэрийнх нь гомдлын мөрөөр. Залуу хэвтрийн болжээ.
• Нимгэхээн манцуйтай гурван сартай хүүхдийг өдөржин тэвэрч “Мөнгөн завьяа”-гийн дэргэд гуйлга гуйж байгаа талаар иргэдийн мэдээллийн мөрөөр очиход хүүхэд тэвэрч суугаа залуу: “Манай эгчийн хүүхэд юм аа. Орой 7-8 хүртэл сууна. Ээж нь сая хорин хэдэн мянган төгрөг аваад явсан” гэж хээв нэг ярьсан бол тэр хавийн иргэд:”Хэдэн залуу ирж мөнгийг нь авдаг” гэжээ. Сэтгүүлч Минжин энэхүү мэдээллийг хүүхдийн байгууллагуудад хаяглав.
• Сэлэнгэ аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Баатар уулнаас хууль бусаар огтлоод зөөж байна гэсэн гомдлыг утсаар авч сонсгов. Нойтон модтой 13 машин модыг уулнаас буулгаж байхад мэргэжлийн байгууллагууд хараагүй юм шиг өнгөрсөн гэнэ.
• Дөрвөн жилийн өмнө эмчийн буруугаас болж өрөөсөн нүдгүй болсон иргэн утасджээ. Тэр үед “Ард түмний мэдээ” гэж байгаагүй учраас өдий хүрсэн биз.
• G-Mobile компаниас худалдаж авсан интернэт модем амалснаас 5 дахин удаан ажиллаж байна гэсэн гомдол тавихад нь “өөрөө цааш борлуул”гэжээ. Хэрэглэгч 1952 луу залгасан хэрэг.
• Хоолой нь боогдоод эмнэлэгт очсон хүүхдийг Сүхбаатар дүүргийн эмнэлэгт эмч ганц тариа хийсэн болоод “манай дүүргийн харъяалал биш” гээд Баянзүрх дүүргийн эмнэлэг рүү пааслахад ар гэрийнхэн нь таксигаар аваачих гэж бөглөрч явсаар хүрэх хооронд хүүхэд нь нас барсан тухай ар гэрийнхний гомдлоор дээрх хоёр эмнэлгийн хооронд явж сурвалжлав. Дэндүү харамсалтай.
• Сүхбаатар дүүргийн хүүхдийн 2-р эмнэлэгт үзүүлэх гэсэн эхчүүд олон цагаар оочирлож байгаа тухай гомдлын мөрөөр очжээ. Оочирлосоор байв.
• Хэсгийн эмнэлэгт заавал улавч өмсгөж 100 төгрөг хурааж байна гэсэн гомдлын мөрөөр явж тайлбар сонсов. Ариун цэврийг сахиулсан юм байна.
• 8 сая төгрөгөөр машинаа даатгуулсан эмэгтэйн даатгалын мөнгөө авч чадахгүй байгаа гомдлын мөрөөр очиж маргаанд оролцов.
• Хонхор өртөөн дээр 2009 оны 10-р сарын 30-нд нэгэн эмэгтэй шөнө ухсан нүхэнд унаад нас барсан олджээ. Гэтэл сар гаруйн дараа БЗД-ийн цагдаагийн ахмад Ганболд талийгаачийн настай ээжийг нь бичиг үсэг мэдэхгүйг далимдуулан гомдолгүй гэсэн гарын үсэг зуруулж, бас 10 настай охиноос нь хальт асуугаад хэргийг хаасан байна. Гэтэл хэрэг гарсан өдрийн 18 цагийн үед Энхтөр, Амартүвшин хоёр гэдэг залуу талийгаачийг гэрээс нь авч явсан ба цагдаагийн ажилтан “Би тэр хоёр залууг танайх руу явуулсан, тохиролцоогүй юм уу” гэж гэрчийн хажууд ярьж байжээ. Өнчирсөн гурван хүүхэдтэй нь хоцорсон ээжийнх өмнөөс хэн нэгэн 1952 луу залгасан бололтой.
• Шөнийн 03 цагийн үед Солонгос улсын ЭСЯ-ны гадна очиход 40-өөд хүн оочирлон зогсож байгааг харуулав. Зурагтаар үзээгүй бол итгэмээргүй юм.
• “Зуун наст” эмнэлэгт согтуу залуу орж ирээд тусламж хүсэхэд эмч түр хэвтүүлээд эргэх зуур нь хулгай хийгээд зугатсаныг цагдаагийнхан баривчилжээ.
• Шилэн хөөргийг манан хөөрөг гэж хууртан 135 мянган төгрөгөөр худалдаж аваад хохирсон иргэний гомдлын мөрөөр очиход худалдсан, авсан хоёр камертай сэтгүүлчийн хажууд чи, би-дээ тулж тун ширүүн үзэлцлээ.
• Шоронд 20 жил суугаад гарч ирсэн 57 настай эр ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гэр орон гуйх санаатай гэж 9 сар явж байгаа талаар Төрийн ордны гаднаас үзүүлэв. Өглөө болгон Мааньтад байдаг найзынхааа гэрээсээ гарч алхсаар 10 цагт ирдэг гэнэ. Сурвалжлагын ачаар АСА циркийн дотор гарч байгаа үзэсгэлэн худалдаанаас түүнд цагаан сарын тавгын идээ бэлэглэв.
• Орон сууцны дээд давхрын айлаас нь ус алдсан гомдлын мөрөөр сурвалжлав. Согтуу эмээ хаалгаа түгжээд унтчихсан байж. Цагдаагийнхан ирж хаалга тогшиход сэрээгүй тул онцгой байдлынхныг дуудаж, тэд дээврээр дамжин 5 давхрын цонхоор орж усыг зогсоогоод эмээд хэлэхэд огт тоохгүй буцаад унтлаа.
• Гоо сайхны салонд шулуун хими хийлгэсэн эмэгтэйн үс халцарч эхэлсэн тухай гомдлын мөрөөр очжээ. Дэндүү харамсалтай.
• Эрэлийн байрны 9 давхарын айлаас ус алдсан эзгүй айлын хаалгыг онцгой байдлынхан онгойлгож орж байгаагийн гэрчээр сэтгүүлч байлцав. Мэдээж камертайгаа.
• СХД-ийн 20-р хорооны конторын дэргэд үүрийн 5 цагийн үед очиход 70 мянган төгрөгийн бичиг баримтаа авах гэсэн хүмүүс хэдийнэ зогсож байгааг сурвалжлав. Эхний эмэгтэй Эмээлтээс иржээ. “Зэргэлдээх орцонд ороод дулаацаж болохгүй юу?” гэхэд “Оочироо алдчихна”, бас нэг эмэгтэй “Би өчигдөр 7 цагт ирээд оройн 11 хүртэл зогсоод чадаагүй болохоор өнөөдөр эртхэн ирлээ. Манайд ажил хийдэг хүн байхгүй ээ” гэв. Хорооны ажил 09 цагаас эхлэх ажээ.
• Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гал гарч нэг айлын 5 хүн амиа алдсан аймшигт явдлыг шөнийн 05 цаг 30 минутад очиж сурвалжлав. Цагдаагийнхан тэр хашааг хамгаалалтанд авч зураг авахуулсангүй.
• БХИС-ын удирдлага, технологийн сургуулийн оюутнууд дээшээ илтгэж цөхрөөд “Ард түмний толь”-д ханджээ. Хичээлийн байр дэндүү хүйтэн учраас гадуур хувцастайгаа хичээллэж байх юм.
• Газар тариалангийн компанийн захирлууд ХХААХҮЯ дээр ирж улсад тушаасан улаан буудайны мөнгөө авах шаардлага тавьж бужигнуулахдаа сайдад биш TV8-д найджээ. Захирлууд бас л ард түмэн юм байна.
• Хятад барилгын компани орчуулагчдаа цалин өгөхгүй луу унжсан гомдлоор очиж цугтаа нэхэлцэв.
• Баянзүрх дүүрэг дэх нийтийн орон сууцны гаднах нийтийн жорлон бөглөрсөн тухай гомдлын дагуу очив. Сурвалжлагчид үнэртсэн байж таарна.
• Дээд айлаас ус алдсан гомдлын мөрөөр хийсэн сурвалжлага. Тэр айлынхан өөр хоорондоо зодоон хийж төмөр трубагаа зад татжээ.
• Улсын төв номын сангийн дэргэд үйлчлүүлэгч сахиад зогсож байсан машинтай залууг өрсөлдөгчид нь орлого хаасанд дургүйцэж муудалцан улмаар машинаараа хөөж Бөхийн өргөөний орчимд гүйцэж зогсоогоод зодож байхад нь эргүүлийн цагдаа нар баривчлаад байхад нь сурвалжлагч явж очив.
Үнэхээр сэрдхиймээр, уур хүрмээр, харамсалтай, бас инээдтэй гээд есөн шидийн гомдлыг сурвалжилжээ. Зарим нь тун шалихгүй. Гэхдээ энэ бүхэн манай өнөөдрийн амьдрал. Харин одоо TV8 телевиз урьд үзүүлсэн зарим онцгой хэрэг явдал цаашаа хэрхэн өрнөсөн, юу болж дууссан, дуусаагүйг эргэж сурвалжилмаар юм байна. Иргэд зөвхөн зурагтаар гарч ганц удаагийн сенсаац, зугаа болох гэж сэтгүүлчийг (бас камертай нь) дуудаагүй байж таарна. Зарим хүний хувьд 1952 сүүлчийн найдвар байсан шүү!