6-р сарын 1 бол Хүүхдийн баяр, бас хүүхдийн паркт очиж тоглодог өдөр. XX зууны 1960-аад оны төгсгөлөөр (хэрвээ би андуураагүй бол 1967 онд) тогтсон энэ уламжлал дөч шахам жил үргэлжилсний дараа гэнэтхэн хэдэн жил тасарснаа сэргэж байгаа нь энэ үү?
Олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” хөтөлбөр Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн нээлтийг сурвалжлахдаа шадар сайд М.Энхболдын “Би нийслэлийн Засаг дарга байхдаа Соёл амралтын хүрээлэнг шинэчлэх хөтөлбөрийг 2004 онд батлуулсан. Өнөөдөр шинээр нээгдсэн тоглоомуудыг хараад сэтгэл хөдөлж байна” гэсэн үгийг онцолж сэтгүүлч нь урьд энд тэнд дугаарлаж зовдог байсан хүүхдүүд өнөөдөр паркдаа сайхан тоглож байгааг бахдав. Харин NBS телевизийн мэдээллийн хөтөлбөр арай өөр дүр зураг харагдаж, паркийн нарийхан төмөр хаалган дээр хамгаалагчдад хоригдсон хүмүүс дайран орж байх юм.
Улаанбаатарын орон сууцнуудын дундах хамаг тоглоомын талбайг ширхэгчлэн гарын үсэг зурж үгүй хийсэн М.Энхболдын баясах нь аргагүй. Нийслэлийн төвийн 35,7 га газрыг “Бодь” группийн мэдэлд зугуухан хувьчлах зам шулуудсан төдийгүй Хүүхдийн паркийг устгасан нүгэл нь цайрч эхэлсэн учраас тэр. Монголын Диснейланд байгуулна гэж хөөргөн бөөн хүлээлт үүсгээд одоо нийт талбайн зөвхөн гуравны нэгд хүрэхтэй үгүйтэйд хэдэн тоглоом суурилуулсны эцэст амсуулсан хэрэг.
Үндэсний соёл, амралтын хүрээлэнг газартай нь зувчуулахын тулд эхлээд Японы “Иточу”-тай хамтарч шинэчлэнэ хэмээн хоёр, гурван жилийн турш мэхэлсэн. Хэдэн арван тэрбумын газар, барилга байгууламжийг ямар ч тендер, төсөл, сонгон шалгаруулалт, ил тод танилцуулга, хэлэлцүүлэггүйгээр “Бодь”-д шилжүүлээд нийслэлийн төсөвт юу орсон бэ? Чухам юу ч оруулахгүйн тулд 26 :74-өөр Улаанбаатар хот -“Бодь” группийн хамтарсан компани байгуулжээ. Энэ бол Энхболдын ичгүүр сонжуургүй хувьчлалын шалгарсан арга. Анх 100 хувь нийслэлийн өмч байсан “Улаанбаатар” банк, “Улаанбаатар” даатгал”, “Тэнгэс” кинотеатр, бүр төрийн наадам хийдэг Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл яг энэ замаар хувьчлагдсан буюу зам нь шулуудаад байна. “Улаанбаатар таймс” сонин, UBS телевиз, “Улаанбаатар радио”-гийн шошго зүүлгэсэн барилгууд шиг менежментийн хувьчлал гэгчээр халхлахыг оролдоо ч үгүй. Хэт ил, хэт том газар учраас тэр. Удалгүй Диснейландын нэртэй тоглоомуудыг өч төчнөөн сая доллараар авч хөрөнгө оруулснаар түрээ барьж “Бодь” группийн хувь 100 болно.
Өнөөдөр хүүхдийн паркийн газрын үлдсэн гуравны хоёрыг хэн ч нэхэхээ больжээ. Энд тэндээс нь эмтэлж “ориг” Шангри-Ла (MCS), Мон-Уран, Сөүл ресторан, бас нэр үл мэдэгдэх компанид хүртээгээд амжсан, харин үлдсэн зай талбайг “Бодь-ийн элдэв барилга байгууламжууд дүүргэнэ, гагцхүү биднийг Хүүхдийн парк ийм жижигхэн гэдэгт дасахийг л хүлээж байгаа.
Багачуудад Диснейланд нэртэй өндөр үнэтэй хэдэн тоглоом хэрэгтэй байх. Гэхдээ 1967 онд хагас сая байсан, одоо сая давсан хүнтэй болсон нийслэл Улаанбаатар хотод бяцхан төдийгүй том иргэдэд зүлэг мод, амарч суух сандал бүхий цэцэрлэгт хүрээлэн хэд дахин илүү хэрэгтэй. Үүнийг ахмад үе маань мэдээд 40 гаруй жилийн өмнө хотынхоо төвд сэлүүхэн парк байгуулж үлдээсэн. Цагийн эрхээр хуучирч хоцрогдсон түүнийг өөд татахын оронд хэд тасчаад үгүй хийчихэв.
Энэ жилийн хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай дээр багтаж ядсан олон хүүхэд багширч өнгөрүүллээ. Гишгэх газаргүй хүүхдүүд…