АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘C1 телевиз’ Category

“Одонтуяа гишүүн”

Posted by Бид on 2012/03/31

Өнгөрсөн Мягмар гаригт C1 телевизийн “Иргэний удирдлага” нэвтрүүлгээр Ш.Батцэцэг нэртэй хөтлөгч Л.Эрдэнэчимэг гэдэг хатагтайтай муухай төр засаг, шударга сонгууль, хөөрхий эмэгтэйчүүдийг ярьж суулаа. Нягталбаас, хоёулаа АН-ын гишүүн,  хоёулаа УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр довтолгож буй ажээ. Энэ нэвтрүүлэг Мягмар гариг бүр 18.30-19.00 цагийн хооронд гардаг юм байна. Хөтлөгч нь хэвээрээ, харин оролцогчид солигдож голдуу нэр дэвшихээр жагсагсад ээлжилдэг гэнэ.

Монголын телевизүүдийн шинэ одон С.Одонтуяа бүсгүй энэ долоо хоногт “Бүсгүйчүүд” нэвтрүүлгээ амжуулсан төдийгүй Пүрэв гаригт “25-р суваг” телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэгт мэргэжилтэн дүрд хувиран ээлжит удаагаа уригдуулан оролцов. 100 мянган айлын орон сууцны асуудал Одонтуяа нэртэй хүнээр дутаагүй мэдээж болохоор “би орьё” гээд давхиж очжээ. Хамгийн хөгжилтэй нь Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар яриан дундаа “… Одонтуяа гишүүн түрүүн хэллээ… “ гэв. Өдөржин зуун мянган орон сууцны ажлаа хийгээд орой харьж сая нэг зурагт үздэг ерөнхийлөгчийн толгойг эргүүлж чадсан байна.

Нэр дэвшихгүй [байх] өөр нэг од гялтганасан нь Усны газрын дэд дарга Б.Батбаяр. 3-р сарын 22-нд тэмдэглэсэн Дэлхийн усны өдөрт зориулсан бүх мэдээ, сурвалжлага, ярилцлага ганцхан З.Батбаяр хэмээх гол баатартай байв. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дэд дарга нь зогсоо зайгүй хэрэгжүүлэхийн оронд зогсоо зайгүй ярьдаг болохоор Монголд усны асуудал улам хурцадсаар байх нь аргагүй. Усны газарт хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан байдаг бол түүнийг эхлээд ажилгүй болгож дараа нь халсан байх. Энэ удаад Батбаяр дарга Парист болсон Дэлхийн усны том хуралд оролцоод ирснийгээ бүх сувгаар ярьж, дараа нь аян замын бичлэгээ TV9 телевизээр нэвтрүүлэг болгон үзүүлжээ. Ямар их зав, чөлөө вэ? Хайран Монголын ус…

Posted in 25-р суваг телевиз, C1 телевиз, TV9 телевиз | Leave a Comment »

C1-ын монополь

Posted by Бид on 2010/06/13

Хэцүү юм болж байна. Улаанбаатарт ямар ч олимп, тэмцээнийг хүлээж аваад орчуулгатайгаар үзүүлж чадах арав гаруй телевиз байсаар байтал Өмнөх Африкт эхэлсэн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ганцхан C1 телевиз үзүүлж байна.

C1 баталгаатай хийжээ. ФИФА-гаас эрх аваад (Өмнөх дэлхийн аваргынхаас гурав дахин их мөнгө төлсөн гэнэ) Улсын мэргэжлийн хяналтын газар, Оюуны өмчийн газраар дамжуулан бусад бүх телевизэд сануулга өгүүлж энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээний дүрс бичлэгийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр зөвхөн С1 телевиз цацахыг анхааруулжээ. Бас том компаниудыг энэ талаар бусад телевизүүдтэй хамтран ажиллахыг хориглосон тул АПУ, MCS мэтийн шар айрагны кампаниуд энд тэнд асар байгуулж том дэлгэцэн дээрээ C1-ыг гаргахаас өөр арга үлдсэнгүй.

Энэ байтугай тэмцээнд хамаг юмаа хаяад доргидог телевизүүд чив чимээгүй байх нь өрөвдөлтэй. 11-ны нээлтийн ёслол болоогүй юм шиг кино үзүүлцгээв. Тоглолтуудыг дүнг хулчийсэн мэт хальт мэдээлээд өнгөрлөө. Олон нийтийн телевиз Өмнөд Африк- Мексикийн тоглолтын мэдээг бүр фотогоор харууллаа. TV9 телевиз “Хөөрхөн төрөх албагүй”-гээр тайвшруулж, хааяа өмнөх аваргын шилдэг голуудыг тоймолно. Хөтлөгч Балжинням нь C1 рүү түр “урважээ”. (Харин өнөөдөр хаачив?)

Хамгийн олон үзэгчтэй (өөрсдийнх нь хэлдэг үнэн бол), орон нутагт ганцаараа шууд цацагдаг, спортын мэдээллийн том албатай гээд C1-ээс хамаагүй илүү боломжтой МҮОНТ энэ эрхийг авч чадаагүй гэдэг харамсалтай. Хэдэн сарын өмнөөс үзэгчид бүр хөдөөнөөс утасдаад анхааруулаад байсан гэдэг. Эсвэл эрх худалдаж авах хэдэн мөнгө дутав уу?  Ингээд МҮОНТ-ийн спортын алба нь АСА циркийн арын зүлгэн дээр байгуулагдсан “Африк 2010” хөл бөмбөгийн төв асартай “хамтран ажиллаж” тэнд юу болж байгааг үе үе сурвалжлахад нөгөө C1 гарч байх …  

ФИФА-гийн дүрэм журам ямар байлаа ч  манайх жижиг улсын хэдэн телевиз мөнгөө нийлүүлээд дундаа нэг эрх авч болоогүй юм байх даа?  Телевизүүдийн холбоо хаана байв?

P.S: Дөнгөж сая TV9-ын Инфо сүлжээгээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төв талбайд байрлуулсан 4 х 6 метрийн хэмжээтэй LED дэлгэцийн нээлтийн ёслолоос хийсэн сурвалжлага үзүүлэв. Аймгийн Засаг даргын орлогч ярихдаа тус аймгийн залуучууд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хамтдаа үзэх боломжтой боллоо гэв. Ямар сувгаар гэдгийг хэлэх илүүц биз.  Даанч тэр талбайд сандал байтугай суучихаар юм харагдаагүй. Нэгмөсөн сандал ширээтэй, гэхдээ задгай асар байгуулж өгөөсэй. Аймгийнхаа хэдэн баарны эзэд рүү дохивол яасан түргэн хийх бол …

Posted in C1 телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 7 Comments »

“Алим” агентлагийн өнөөдрийн дугаар …

Posted by Бид on 2009/10/10

Телевизийн хөтлөгч алдаад үг өгүүлбэрээ буруу хэлж болно. Маргааш нь зөв хэлнэ биз. За яахав, хоёр удаа алдаж болно. Нөгөөдөр гэж өдөр бий… Гэхдээ алдаагаа олон сар, жилээр залруулдаггүй буюу хэлсэн өгүүлбэрээ сайн ойлгодоггүй хөтлөгчдөөр МҮОНТ дүүрэхнээ.

Тодруулбал, “Монголын мэдээ” агентлагийн хөтлөгчид мэдээ мэдээллийг “болгодог” талаар би хэдэнтээ бичиж байсан. Ойлгодоггүй ээ. Араас нь “Гэрэлтэй цонх” хөтөлбөр Интернэтээс зурагтай юутай нь хуулсан, гадаадын одууд ингэлээ тэглээ гэсэн марзан мэдээнүүдээ “5 хором” нэртэйгээр үзүүлж цагаа бөглөхдөө “Бид энэ булангаараа дэлхий дахинд болж байгаа хамгийн сонирхолтой мэдээ, мэдээллээс хүргэдэг билээ” гэж гайхуулж салахгүй юм. Үдэш болгон шүү!

Эгч нарын дэмийрэл хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч дүү нарт халдварлаж “Алим” агентлагийн өнөөдрийн дугаарыг үзнэ үү” хэмээн хэлд орж байна.

Халдвар тархсаар. Гурав, дөрвөн телевизийн мэдээнээс түүж үзүүлдэг C1 телевизийн “Фокус” нэвтрүүлгийн хөтлөгч бүсгүй “Өнөөдөр болсон анхаарал татсан мэдээ, мэдээллээс хүргэж байна” гэсэн бол БТВ телевизийн “Б цэг” хөтөлбөрийн хөтлөгч залуу “Одоо та бүхэн дэлхийн улс орнуудад болсон гадаадын мэдээ мэдээллээс хүргэнэ” гэхийг сонсов. Эрэгтэй, эмэгтэй ялгаа алга…

Монголчууд буруу ярьж зөв ойлгодог ер бусын авъяастай хүмүүс.

Үүнийг нотлох гэж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнгөрсөн Баасан гаригийн нэгдсэн хуралдаан дээр С.Эрдэнийг тангараг өргөсний дараа:

– Энэ бол парламентийг бүрэн бүтэн болгох талаар хийж байгаа чухал арга хэмжээ юм. С.Эрдэнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсон явдалд талархал илэрхийлье” гэв.

Одоо цагт ямар нэгэн арга хэмжээг “хийдэг”, бас хэн нэгэнд баяр хүргэхийн оронд “талархдаг” болжээ. Спикер хэлж байгаа болохоор зөв ойлгохоос доо …

Posted in BTV, C1 телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 3 Comments »

C1-ээр гарсан зурхайн тулаан

Posted by Бид on 2009/01/26

tsagaan-sar-hezee-temdegleh-ve-margaan-c1-20090123

Цагаан сараар золгочихоод л дараачийн цагаан сарыг хэзээ тэмдэглэх талаар мэтгэлцэж эхэлдэг талууд өчигдөр орой C1 телевизийн дэлгэцэн дээр жинхэнээсээ тулав. Одон оронч нэгнээр хүч нэмэгдүүлсэн Төгсбуянтын зурхайн талын улаан шар орхимжит лам нар болон шарын зурхайгаа хамгаалсан Ерөнхийлөгчийн зөвлөх асан Дашцэрэн тэргүүтнийг өөд өөдөөс нь харуулж суулгаад цаг гаруйн турш (суваг солиход эхэлчихсэн байсан болохоор нийт хичнээн үргэлжилсныг бүү мэд) мэтгэлцүүлэв. Харин тэдний дунд суусан түүх судлаач Нагаанбуу “Монголын нууц товчоо” сэлтээс түүхийн баримт дурдаж монгол зурхай хэмээх гуравдахь тооллыг санал болгож байх юм.

Маргааныг хагалахаар уригдсан ШУА-ын Одон орон, геофизикийн судалгааны төвийн захирал Сүхбаатар сар, дэлхийн хөдөлгөөнийг шинжлэх ухаан ямар ч алдаагүй тооцоолдог, сар болгон шинийн нэгэнтэй, битүүнтэй, харин шинэ оныг аль сараас эхлүүлэх нь шинжлэх ухаанд падгүй, зөвхөн ёс заншил, уламжлалын асуудал гэж хэлсэн ч хоёр талд сонсох сөхөө байсангүй.

Студид зогссон хоёр хөтлөгч (нэг нь индрээрээ Сүхбаатар докторыг бараг таглаж зогсчээ) нэвтрүүлгээ эхлүүлж, бас дуусгаж л чадлаа.

tsagaan-sar-hezee-temdegleh-ve-margaan-c1-20090123-11

Ламтай ток шоу дэгтэй эхэлж ээлж дараалан ярьцгааж байснаа үе үе чөлөөт хэрүүл болон хувирч заримдаа барьцалдаж авахнээ гэмээр тун ширүүссэн. Тоогоор олон, насаар залуу бурхны шавь нарын зарим тун овилгогүй, тэдний талын энгийн хувцастай нөхдүүд Дашцэрэнг элэглэн шоолж, эсвэл но-г нь дэлгэхээр завдаж (гэхдээ түүнийг социализмын үе шоронд суусан, бас сэтгэл мэдрэлийн өвчтэй гэсэн сонины материалыг хэдэн өдрийн өмнө C1-ээр цацаж амжсан билээ), төгсгөлд нь Цагаан хэрэмнээс урагш нутагтай нь тийшээ явж шинэлнэ биз гэхчлэн гутааж байлаа. Тэгснээ ШУА-аас гаргасан номын зохиогч бололтой нэгэн рүү хандаж “Баасанжав гуай, та зурагт харж байгаа бол, танд тэр аргыг хэдэн жилийн өмнө дэмий хэлж өгсөн байна… Энэ бол их аюултай ном!” гэж сүрдүүлээд ч байх шиг. Ном аюултай байдаг “сайхан” цаг буцаж ирэхнээ.

tsagaan-sar-hezee-temdegleh-ve-margaan-c1-20090123-6

Хариуд нь Дашцэрэн “та нар монголчуудын толгойг түвд номоор мунхруулахаа зогсоо, тэр сүм хийддээ очиж дүвчигнэ” гэхчлэн мөчөөгөө өгөхгүй үзэлцсээр…

Хөтлөгчдийн хяналтаас гарч хэрүүл уруултай болсон ч зугаатай, бас нэлээд юм мэдүүлсэн мэтгэлцээн болж өнгөрлөө. Би гэхэд хэн нь хэн болохыг сайтар харж авсан. Нагаанбуу, Цэрэн-Очир хоёрын хэлсэн түүхийн баримтууд тун сонин. Даанч дэлгэцэн дээр титр огт бичигдээгүй тул зарим оролцогчийн  нэрийг мэдэж амжсангүй. Лав Тэрбишийн зурхай хэмээх бестселлерийн зохиогч эрхэм (энэ утгаараа бараг төрийн зурхайч) үзэгдээгүй, бодвол мэтгэлцэж зовохын оронд ээлжит цагаан сарын өмнө өвөр лүүгээ цутгах их орлогоо тоолж баясахыг илүүд үзсэн биз…

Posted in + ТЕЛЕВИЗ, C1 телевиз | 13 Comments »

Телевизээр гардаг телевизийн ба сонины тоймууд

Posted by Бид on 2008/11/25

Уг нь энэ олон телевизийн хамгийн сайн мэдээ, сурвалжлагуудыг нэг дор үзчихдэг бол сайхан л юм. Харамсалтай нь телевизүүд хоорондоо өрсөлддөг, бас зохиогчийн эрх гэж нэг юм байдаг …

C1 телевиз ийм оролдлогоо ерөөсөө орхихгүй юм аа.  Өөрийгөө төв телевиз бодчихсон мэт. Хоёр жилийн өмнө  жижиг телевизүүдийг аргалж, МҮОНТ-ыг төлөөний хүнээрээ лоббидож, заримаас нь шууд хулгайлж байгаад үдэш бүрийн 23 цагаас “Фокус ньюс” нэртэй мэдээллийн хөтөлбөрийг бэлтгэн үзүүлсээр овоо рейтинг цуглуулж реклам сурталчилгаа чангаадаг болсон ч тэгэсхийгээд зогссон.

Гэвч өнгөрөгч 10-р сараас “Фокус ньюс”-ээ сэргээгээд байна. (Эхлээд сэтгүүлч Алтаншагай хөтөлж байснаа гэнэт больчихов. Энэ телевизэд бас л тогтсонгүй юу?). Завгүй яваад телевизүүдийн мэдээлийн хөтөлбөрийг үзэж чадаагүй хүмүүст нэг дороос үзүүлж, тэгэхдээ өөр өөр өнцгөөс харах боломжийг олгож байна гэх сүрхий тайлбар хийж байгаа ч  өөрөөсөө гадна НТВ, SBN, TM,  хааяа Оросын “Айст “ гэсэн хэдхэн телевизийн мэдээ сурвалжлагаас оруулж байна. Зөвшөөрсөн нь тэд бололтой. Жижиг телевизүүдийн мэдээний тойм юмуу даа. Иймээс дутуугаа нөхөхийн тулд өдөр тутмын сонинуудын тоймыг араас нь залгаж оруулдаг болжээ. Харин хөтлөгчийн зүгээс улс төрийн элдэв тайлбар, дүгнэлтээр хэтэрхий “баяжуулдаг” нь зохихгүй байна лээ.

Зөвхөн сонинуудын нийтлэлийг ашигладаг, агуулгын хувьд төстэй Press Express нэртэй хөтөлбөр NTV телевизээр гардаг байснаа сураг тасарчээ. Энэ жил УИХ-ын сонгуулийн сөрөг сурталчилгааны дайчин нэвтрүүлэг болж хувирсан тэр халуундаа шатсан байх.

Сонинуудыг тоймлодог өөр нэвтрүүлэг хэд хэд бий. TV9 телевизийн Focus Press аядуу, гэхдээ долоо хоногт ганц удаа учраас шинэ мэдээлэл өгөх нь ховор.  Ням гаригт “25-р суваг” телевизийн “Rock news” нэвтрүүлэг  “сонин сонины сониноос” гадна Интернэтийн монгол сайтуудад тавигдсан элдэв мэдээг хөгжимтэйгээр дуулгаж хэсэгхэн зугаацуулж байна.

Бас “25-р суваг” телевизийн өглөөний хөтөлбөр “Өнөөдөр” сониноос хэн нэгнийг урьж шинэ дугаарын тоймыг яриулдаг  бол C1 телевизийн “Өнөөдрийн эхлэл” хөтөлбөр өдөр тутмын сонинуудын хуудсыг шажигнатал эргүүлж баахан пөөх, байз, аах уух зэрэг уран сайхантайгаар бага сага хэлж өгдөг.

Сонины тоймыг телевизээр уншихад эзэд нь дургүйцлээ барилаа гэж дуулдаагүй.  Тэртээ тэргүй бүгдийг нь дуудаад өгч барахгүй тул сурталчилгаа болохоос хэтэрдэггүй байх. Гэхдээ манай телевизүүд сониныг тоймлодог арга дэндүү болхи, өнгөрсөн зууных хэвээрээ. Хөтлөгч л ганцаараа сониноо үзэж хэдхэн мөчийн өмнө гартаа авсан шинэ дугаарыг гүйлгэж хараад ойлгож амжсан ганц нэг материалаа ярьдаг. Гадаадын телевизийг ажиглахад, сонины хуудсуудыг дэлгэцэн дээр ээлжлэн гаргаж онцлох нийтлэлийг томруулан үзэг харандаагаар зааж, нэг ёсондоо уншигч буюу үзэгчдэд харуулж байгаад тайлбарладаг. Манай телевизүүд чадахгүй гэж үү? Эхлээд аль нэг сонинтой тохиролцож шинэ дугаарыг нь .pdf-ээр аваад …

Эсвэл манай сонины эзэд бас дургүйцэх юм болов уу?

Posted in + СЭТГҮҮЛ, + ТЕЛЕВИЗ, 25-р суваг телевиз, C1 телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, TV9 телевиз | 8 Comments »