АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘BTV’ Category

Үнэтэй тоглоом

Posted by Бид on 2010/07/29

Хамгийн сүүлд мэндэлсэн ETV телевиз хэдэн сарын өмнөөс туршилтын нэвтрүүлгээ цацаж байснаа наадмын өмнө албан ёсны нээлтээ хийж тэр нь бусад бүх телевизээр гарч, араас нь бөөн сурталчилгаа дагалаа. Монголчууд бид яахаараа ийм азтай улс юм бүү мэд, дүрс нь тод, нэвтрүүлэг нь бүр тод, хамт олон нь илүү тод царайтай, техник тоног төхөөрөмж нь хүртэл тодорч гялалзсан, иймээс салбартаа шууд тодрон манлайлах нигууртай энэ телевиз … тэнгэрээс буугаад ирсэн байх юм. “Тод харуулна“ уриатай, нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн зочдын нүүр царай, гутал хувцас, яриа хөөрөө тодоос тод хэрнээ уг телевизийг үүсгэн байгуулж хэдэн зуун саяар тоног төхөөрөмжийг худалдан авч, уран бүтээлчдийг хөлсөлсөн эрхмийн царай бүдгээр барахгүй тас харанхуй өнгөрлөө. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дэд дарга А.Мөнхбат ирчихсэн магталцаж харагдсан болохоор Харилцаа холбооны зохицуулах хорооны www.crc.gov.mn  сайтаас ETV-ийн сувгийн зөвшөөрлийг авсан компани юмуу хүний талаар хайхад хов хоосон. Хамаг мэдээллээ [амжаад] цэвэрлэчихэж.

Ноднин BTV гэж өөр нэгэн телевиз тэнгэрээс бууж Кёкүшю цамхагийн 15,16-р давхарт тогтож аваад нэвтрүүлгээ эхэлсэн билээ. Үүнээс болж Кёкүшюзан Батбаярынх гэж баахан шуугитал биш болж таарсан. Тэгвэл хэдэн жилийн өмнө өргөн нэвтрүүлгийн хамгийн сүүлчийн сувгийг дуудлага худалдаагаар зараад дууссаныг албан ёсоор зарласаар атал BTV хаанаас олж авсан нь Олон нийтийн телевизийн хоёрдугаар сувгийг сэмхэн эзэгнэсэн тухай шивэр авир дуулдаад өнгөрснийг эс тооцвол бас харанхуй.

Монгол улс хичнээн “тод” телевизтэй болсон ч эзэмшил харъяалал туйлын бүдэг хэвээрээ, Ингээд хорь, гучхан настай хэрнээ 20-30 жилийн туршлага зааж том том ярьсан баахан охид, хөвгүүд хэдэн зуун сая, тэрбумаар “чөлөөт, хараат бус, ил тод, тэнцвэртэй” телевиз болж наадан сууцгаана. 

Үнэтэй тоглоом авч өгсөн эзэд холгүйхэн харж суугаа …

Posted in BTV, ETV | 2 Comments »

“Алим” агентлагийн өнөөдрийн дугаар …

Posted by Бид on 2009/10/10

Телевизийн хөтлөгч алдаад үг өгүүлбэрээ буруу хэлж болно. Маргааш нь зөв хэлнэ биз. За яахав, хоёр удаа алдаж болно. Нөгөөдөр гэж өдөр бий… Гэхдээ алдаагаа олон сар, жилээр залруулдаггүй буюу хэлсэн өгүүлбэрээ сайн ойлгодоггүй хөтлөгчдөөр МҮОНТ дүүрэхнээ.

Тодруулбал, “Монголын мэдээ” агентлагийн хөтлөгчид мэдээ мэдээллийг “болгодог” талаар би хэдэнтээ бичиж байсан. Ойлгодоггүй ээ. Араас нь “Гэрэлтэй цонх” хөтөлбөр Интернэтээс зурагтай юутай нь хуулсан, гадаадын одууд ингэлээ тэглээ гэсэн марзан мэдээнүүдээ “5 хором” нэртэйгээр үзүүлж цагаа бөглөхдөө “Бид энэ булангаараа дэлхий дахинд болж байгаа хамгийн сонирхолтой мэдээ, мэдээллээс хүргэдэг билээ” гэж гайхуулж салахгүй юм. Үдэш болгон шүү!

Эгч нарын дэмийрэл хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч дүү нарт халдварлаж “Алим” агентлагийн өнөөдрийн дугаарыг үзнэ үү” хэмээн хэлд орж байна.

Халдвар тархсаар. Гурав, дөрвөн телевизийн мэдээнээс түүж үзүүлдэг C1 телевизийн “Фокус” нэвтрүүлгийн хөтлөгч бүсгүй “Өнөөдөр болсон анхаарал татсан мэдээ, мэдээллээс хүргэж байна” гэсэн бол БТВ телевизийн “Б цэг” хөтөлбөрийн хөтлөгч залуу “Одоо та бүхэн дэлхийн улс орнуудад болсон гадаадын мэдээ мэдээллээс хүргэнэ” гэхийг сонсов. Эрэгтэй, эмэгтэй ялгаа алга…

Монголчууд буруу ярьж зөв ойлгодог ер бусын авъяастай хүмүүс.

Үүнийг нотлох гэж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнгөрсөн Баасан гаригийн нэгдсэн хуралдаан дээр С.Эрдэнийг тангараг өргөсний дараа:

– Энэ бол парламентийг бүрэн бүтэн болгох талаар хийж байгаа чухал арга хэмжээ юм. С.Эрдэнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсон явдалд талархал илэрхийлье” гэв.

Одоо цагт ямар нэгэн арга хэмжээг “хийдэг”, бас хэн нэгэнд баяр хүргэхийн оронд “талархдаг” болжээ. Спикер хэлж байгаа болохоор зөв ойлгохоос доо …

Posted in BTV, C1 телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 3 Comments »

УИХ-ын бас нэг гишүүн телевизтэй болов

Posted by Бид on 2009/08/05

Долдугаар сарын сүүлчээс дахиад нэг телевиз агаарын долгионоор (бас кабелиар) нэвтрүүлгээ цацаж эхлээд байна.

Нэр нь BTV.

Ноднингоос хойш Кёкүшю цамхагийн оройд шинэ телевиз дуншаад байна гэсэн нь ийнхүү мэндлэв. Б үсгийн тухайд гэвэл УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д. Батбаярын, бас “эдийн засаг бизнесийн чиглэлээр дагнан нийтлэл, нэвтрүүлгээ хүргэх анхны телевиз” гэж зарласан тул Бизнесийн гэсэн утгыг агуулжээ.

Шууд нээгдсэн www.btv.mn сайт дахь танилцуулгад хөрөнгө мөнгө, байшин саваа хүртэл гаргасан Д.Батбаярыгаа огт дурсаагүй байх юм. Түүний мөнгөөр л “Сони” корпорацид “2008 онд үйлдвэрлэсэн хамгийн өндөр үзүүлэлт бүхий мэргэжлийн техник хэрэгсэл, үйл явдлыг шууд дамжуулах DBS станцтай” болсон байж таарна.

Танилцуулга нь “олон нийтэч байр сууринаас” ажилладаг телевиз байх амлалтаар эхэлж байна. Бараг л олон нийтийн телевиз! Бас 21 аймаг болон томоохон улсын нийслэлүүдэд суурин сурвалжлагчтай гэж худлаа залжээ. Хэдийдээ амжсан байхав?

Харин аль ч телевизийн нэрийн хуудас болсон мэдээллийн хөтөлбөр нь “Б цэг” нэртэй, тэр нь эдийн засаг, худалдаа, үйлчилгээний агуулгатай байгаа нь содон санагдлаа.   

Гэхдээ шинэ телевиз хөл дээрээ босохыг нь хүлээж, бас амжилт хүсэх л үлдэж байна.

Posted in + ТЕЛЕВИЗ, BTV, Нийтлэл, нэвтрүүлэг | 2 Comments »