АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘Эх орон телевиз’ Category

Батбаярын Баясгалангийн “Эх орон”

Posted by Ажиглагч on 2010/03/01

2010 оны 2-р сарын 21-нд болсон японы мэргэжлийн сүмогийн их аварга хакухо М.Даваажаргалын хуримын ёслолыг “Эх орон” телевизээр үзүүллээ. Монголоос очиж оролцсон 70 гаруй зочдын талаар танилцуулахдаа нэгдүгээрт, УИХ-ын гишүүн, кёкүшюзан Д.Батбаяр, хоёрдугаарт гавьяат жүжигчин Т.Баясгаланг нэрлэв. Бас болоогүй “монголын телевизүүдээс зөвхөн “Эх орон” телевиз зураг авах эрхийг авч чадсан юм” хэмээн тодров.

Тэгэлгүй яахав. Цагаар сараар гарсан “Эх орон” телевизийн цэнгээнт нэвтрүүлэгт кёкүшюзан Батбаяр, өөрийн эхнэр Баясгалангийн хамт оролцож дэлгэцийн доогуурх титрт ажил албан тушаалаа дуучин биш, гавьяат жүжигчин биш, харин “Эх орон” телевизийн дарга С.Баясгалан” (ямар сонин албан тушаал вэ?) гэж бичүүлсэн байлаа. Ийм телевиз даргынхаа уригдсан хуримыг эрхийг ганцаараа олж авах нь зүйн хэрэг.

Манайд телевизүүд тэнгэрээс унасан мэт гэнэт буугаад ирдэг хэвээрээ. Ноднин мэндэлсэн BTV-ийг кёкүшюзан Д.Батбаярынх гэсэн сураг ажиг хэвлэл мэдээлллээр яваад байхад өөрөө албан ёсоор дуугараагүй, гэтэл удалгүй “Эх орон” телевиз түүнийх бол таарсан. Кёкүшюзан Д.Батбаярын хөрөнгө оруулсан уул уурхайн олон компанийхаа нэгэн адил хувийн телевизээ нуугаад ч байх шиг, тэгснээ нуухгүй ч байх шиг (эхнэрээ даргаар нь тавиад). Одоо BTV-ийн эзэмшил дахиад тодорхойгүй болов. Бусад телевизүүдийн мэндэлсэн түүх бас иймэрхүү. 

Тэгэхлээр Харилцаа, холбооны зохицуулах хороо хэзээ, хэнд ямар сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар сувгийн зөвшөөрөл олгосон тухайгаа хэвлэлийн мэдээ гаргаад зарлаж сурмаар юм.

Posted in Эх орон телевиз | 11 Comments »