АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘Шууд ТВ’ Category

“Гамбир”-дуулсан Молекул

Posted by Бид on 2012/03/10

Манай телевизийн ярилцлагууд даанч залхуутай, яагаад гэвэл хөтлөгч нь зочиндоо тал зассан асуултуудыг ээлж дараалан дэвсэж таатай яриа өрнүүлэхээс өөр хэрэгтэй юм хэлүүлж чаддаггүй. Иймээс худалч, хоосон чалчигч, авлигач, хүнд сурталтан, олигарх, газрын наймаачин, тендерийн хулгайчыг урихад айж ичихгүй дэгдээд л орж ирдэг. Эсэхүл мөнгөө төлчж асуулт захиалчихаад  хариулт бэлэн ирж тухална. Бас захын дурак ярилцлага хөтөлдөг болжээ. Телевизийн суваг дэндүү олон учраас хаа нэгтээ шургалж хэн нэгэнтэй 30-40 минут чалчаад суучих юм. Элдэв улс төрч, нэр дэвшигч, горилогчид сонгуулийн хөтлөгч болж тоглох дуртай.

Одоогоор уригдсан зочноо байцааж чадахыг ганц хичээж байгаа нь “Шууд” телевизийн “Гамбир” нэвтрүүлэг. Миний үзээгүй нэгэн дугаарт өөрийгөө хөдөлдөг болгоны удирдагчаар өргөмжилсөн, 7-р сарын 1-ны үймээнийг дэгдээгч Магнай уриа лоозонгоо хашгирч эхлэхэд нь (гэртээ хүртэл цуглаан зохиож суудаг биз) өөр шигээ тэмцэхгүй байна гэж зэмлэсэн хүмүүсийн ядахдаа ганц нэр хэлээч гэж буланд шахаж гомдоосон, өөр нэг дугаарт Арго багшаас мэддэг 20-30 хэлнийхээ зөвхөн тавханаар ганц өгүүлбэр орчуулж өгөөч гэж гэнэтийн шалгалт авч унагасан, саяхны нэг дугаарт твиттерийн хэдэн мянган фэнээсээ “Гамбир” ярилцлагад орох уу, яах уу?” гэж зөвлөгөө авч ихэд бэлтгэлтэй ирсэн Сангийн дэд сайд Ч.Ганхуягаас дэлгүүрт байгаа талхны үнийг асууж “300 төгрөг” гэж хариулсныг цацаж онигоонд оруулсныг шторкоос харсан.

Зөвхөн хөтлөгч (залуугийн нэр хэн билээ?) асуугаад байдаггүй, бас үзэгчдээс асуулт цуглуулж дамжуулдаг бөгөөд өчигдрийн “Гамбир”-т оролцсон УИХ-ын гишүүн Батж.Батбаярыг тэвдүүлсэн зарим асуулт бас үзэгчдийнх байжээ. Нэг үзэгч тов тодорхой асуув:

-Та хамгийн сүүлд хэзээ нийтийн тээвэр буюу автобусанд суусан бэ?

-Би зургаа долоо хоногийн хоёрдугаар эмнэлгээс гарч хуучнаар Бактериологийн хүрээлэнгийн тэндээс автобусанд суугаад Ленин клубын урд буугаад явган алхаж гэртээ харьсан.

Сайхан худлаа хэлэх юм аа. Зүүн талаас ирсэн автобусууд Ленин клубын урд зогсдогггүй. Учир нь тэнд байсан автобусны буудлыг гурав, дөрвөн жилийн өмнө хаасан тул 40 мянгатаас нааш буудалгүй. Өмнөх нэгэн сонгуулийн сурталчилгааны сонин дээрээ “Танд ямар дутагдал байдаг вэ?” гэсэн асуулт захиалж “Худлаа хэлж чаддаггүй ганц том дутагдалтай” гэж агуу худлаа ярьсан Батбаяр яг хэвээрээ. Харин автобусны тасалбарын үнэ 400,  троллейбусных 200 төгрөгийг яг хэлсэн. Ганхуягаас сургамж авч цээжилж цээжилж ирсэн байх.

Би ярилцлагыг дундаас нь үзэхэд хөтлөгчийн бусад асуултууд Батбаярыг бажгадуулж байсан. Ерөөсөө зурагт үздэггүй, өөдтэй юм гардаггүй гэж даналзсан ч “байцаалт”-ын эцэст “Цагийн хүрд”, 25-ын мэдээ хоёрыг үздэг, бас телевизийн зарим нэвтрүүлэг гайгүй болж таарлаа. 2008 онд Баянхонгор аймгаас сонгогдсоноос хойш тийшээ хоёрхон удаа очсоноо хичнээн цайруулаад ч “хоёрхон удаа” хэвээр үлдэв. “Баянхонгорчууд өөрсдөө  улс төржсөн” гэж дуугарсныг бодоход сонгогчидтойгоо түр тар хийсэн бололтой.

Харин хүүхдүүдээ улс төрд оруулах уу гэсэн асууултанд бултаад нэмэргүйг ойлгосон бололтой, томыгоо улс төрд бэлтгэж байгаа гэв.

Төгсгөл рүүгээ хөтлөгчийн асуултанд бачимдаж “… Чи залуугаасаа ийм явах юм бол чиний амьдрал тиймэрхүү л байх болно. Чи 24-хэн настай байж яаж чадаж байна аа… Миний хүүхэд байсан бол би алгадаад унагаачихсан, “битгий солиор” гэж хэлнэ”, бас “молекул” нэрний утгыг асуухад “Би чамаар молекул гэж хэлүүлмээргүй байна” (сонины ярилцлагад, энэ нэрнээс ичдэггүй, намайг нямбай, нарийн, тооцоотой учраас найзууд тэгдэг” гэж хариулсан удаатай), … Би арай өөр яриа байх гэж бодож танай энэ “Гамбир” нэвтрүүлэгт орж ирсэн. “Гамбир” гэдэг нь гамбир болгоно гэсэн үг юм байна даа” гэх мэтээр баахан нервтсэн ч гар барьж салсан юм.

Батж.Батжаргалын хамгийн чухал нууц – Хөвсгөлийн фосфофитыг “Талст маргад”-тай хамт яг яаж авсныг тултал асуух байсан ч хөтлөгчид мэдээлэл дутаж үргэлжлүүлээгүй, бас Тавантолгойн 14-ийн нэг байсан түүхийг сөхсөнгүй.

Оносон асуултууд улс төрчдөд хүмүүжлийн ач холбогдолтой бөгөөд оносон сум шиг улс төрчийнх нь хувьд дуусгаж ч чадна. Хурааж цуглуулснаа идэж уугаад жаргаж сууна биз.

Posted in Шууд ТВ | 9 Comments »

Гурван өдөр, хоёр шөнө

Posted by Бид on 2011/03/18

Хэзээ хойно зарим өдөр тутмын сонинууд  гэнэт сэрж “Ийгл”, ялангуяа “Шууд” телевизийг  Японы газар хөдлөлт, цунамийг дэвэргэлээ хэмээн буруутгаснаар тэднийг дахин рекламдаж орхив. Өдөр тутмын сониныхон, бас телевизийнхэн хүртэл дээрх хоёрыг үзэж суусан нь илт мэдэгдэж байна.

Шүүмжлэх юм мэдээж зөндөө. Бие биенээ давах гэсэн “Ийгл” ба “Шууд”-ын хөтлөгчдийн ам халж бараг л газар хөдлөхөөс өрсөж Японоос шууд дамжуулж эхэлсэн мэт ярьсан тал бий. Шууд нэвтрүүлгүүд Баасан гаригаас эхлэн нийт гурван өдөр, хоёр шөнө үргэлжилсэн, гэхдээ Бямба гаригийн шөнө Улаанбаатарт газардах МИАТ-ийн онгоцыг сахиж сурвалжилсны дараа өөрсдөө ч цуцаж, бас залхаж эхэлсэн юм.

Ням гаригт “Ийгл” телевиз бас л шууд, гэхдээ Японоос биш, Спортын төв ордноос сагсан бөмбөгийн “Спрайт ” лигийн тоглолтыг дамжуулж, бас христийг сурталчилах үүрэгтэйгээ ч санажээ. Японы тухай мэдээлэл тасраагүй, гэхдээ илт цөөрч, хөндлөнгийн тайлбарууд зонхилох болж жишээлэхэд, АЦС-ийн тухай мэргэжлийн тайлбарыг AP агентлагаас орчуулан үзүүлж, бас энэ сэдвээр академич Б.Чадраатай ярилцжээ.

Харин “Шууд” телевиз цааш чадлаараа тэссэн юм.  Хандив цуглуулахыг уриалах зэргээр юу эс хийв. Кабелийн жижигхэн телевиз мөртлөө  сурвалжлагчаа МИАТ-ын онгоцоор Япон руу нисгэж мэдээ сурвалжлага авчруулав. “Японд байгаа хүмүүстэйгээ ярьсан хүмүүс бидэнтэй холбогдож мэдээлэл өгөөч” гэхчлэн шууд ярилцлагаа унтраахгүйг ихэд хичээв. Мэдээж “Ийгл”-ийн эхэлсэн нөгөө “нэг аймгийн нутаг дэвсгэрийн” асуудал гол сэдэв байлаа. Гэхдээ л өмнөх мэдээ, сурвалжлага, түүний дотор үзэгчидтэй хийсэн ярилцлагуудаа байн байн давтах болж Ням гаригийн оргил цагаар гэнэт Японыг орхиж 21.25-аас ”Ирж яваа цаг” монголын уран сайхны кино үзүүлээд амарсан юм. “Шууд” телевизийн “Ийгл”-ээс илүү гэвэл www.shuud.mn сайттайгаа хоршиж тэндээс мэдээ, сэтгэгдэл зэргийг шууд авч, эфирт уншиж барахгүй текст, жагсаалтыг тэнд байршуулж байсан юм.

Тэр өдрүүдэд “Ийгл”, “Шууд” хоёр хэтрүүлсэн байх, гэхдээ хэн мэдлээ. Японд суугаа үр хүүхдээ нэхсэн аав ээж нар утасдаад, МИАТ-ийн онгоц хоосон буцаж ирээд, атомын цахилгаан станц дэлбэрэхээр завдаад, Чернобыль бодогдоод …

Бидний үздэг 20 шахам монгол сувгаас зөвхөн кабелиар явдаг жижиг хоёр телевизийг гоочлоод яахав. Хэнээс ч захиалга аваагүй, мөнгө төгрөг нэхэхгүйгээр алдаж оноод ажлаа хийсэн байна. Тэр хэдэн өдөр чадаагүй “том”-чууд өөрсдийгөө хичээнэ биз ээ.

“Ийгл”, “Шууд” хоёр үнэхээр “айлгаж” чадсан шүү!  Тэдний эхэлсэн яриаг бусад телевизүүд өлгөж авсан, шууд утас ажиллуулж дууриасан, бас хөгжөөсөн. NBS-ын сурвалжлагч гудамжинд гарч “Японд нэг аймгаа түрээсэлбэл аль аймаг дээр вэ?” гэсэн асуулт тавихад зарим нь бүр итгэчихсэн “би эрх мэдэлтэй хүн биш … ярьж байгаад шийдэх биз”  хэмээн хариуцлагаас мултарч харагдсан.

Posted in Ийгл телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, Шууд ТВ | Leave a Comment »

“Шууд”-арсан телевизүүд

Posted by Бид on 2011/03/12

Мэдээ гэж дөнгөж сая болсон биш, харин яг одоо болж байгаа үйл явдлыг шууд дамжуулахыг хэлдэг болсон өнөө цагт манай телевизүүд чадах чинээгээрээ “шууд”-арч байгаа юм. Өчигдөр Японд газар хөдөлснөөс хойш “Ийгл” ба “Шууд” телевизүүд үүрээр хэдхэн цаг “дугхийсныг” эс тооцвол зогсоо зайгүй ажиллажээ. Онцлог гэвэл үйл явдлыг Японоос биш, харин Японоос шууд дамжуулсныг тайлбарлан үзүүлж эхлээд яваандаа утсаар Японтой, үзэгчидтэй ээлжлэн холбогдсон, үе үе Гадаад яам, МИАТ, ОБЕГ-аас хийсэн сурвалжлагуудыг үзүүлж  тайлбарласан, бас Японд суугаа монголчуудыг бүртгэсэн, тэдний нэрсийн жагсаалтыг танилцуулсан, Японыг мэдэх зочдыг урьсан студийн шууд нэвтрүүлгүүд юм. Өчигдөр шөнө “Ийгл”-ийн гэнэн үзэгчийн гаргасан “нэг аймгийн нутаг дэвсгэр”-ийн маргаан өглөө гэхэд “Шууд” дээр залган үргэлжилж газар нутгаа Японд биш, харин тэр эрийг Японд өгөх хүртлээ яриа ширүүсчээ.

Өглөө бусад сувгууд ээлж дараалан сэрж мэдээ, сурвалжлагуудаа үзүүлж эхэллээ. Газар хөдлөлт, цунамын дараах цочоо аажмаар гарч байгаа болохоор өөр “шууд”-рах телевиз гарахгүй.

Posted in Шууд ТВ | 4 Comments »

Бас “Шууд” дамжуулж байна.

Posted by Бид on 2011/03/11

 

Өчигдөр “Ийгл” телевизтэй зэрэгцээд “Шууд” телевиз Японд болсон газар хөдлөлт ба цунамиг тойрсон явдлуудыг өөрсдийнх нь хэлснээр 13 цаг 50 минутаас шууд дамжуулжээ. Оройхон үзэхэд “Ийгл”-тэй төстэйгээр, “манай хамтран ажилладаг AP aгентлаг”-аас авч шууд үзүүлэхийн зэрэгцээ үзэгчдийн санал бодлыг утсаар авч сонсгож байлаа. Ялгаа нь гэвэл нэвтрүүлгээ өөрийн www.shuud.mn сайт дээр шууд гаргадаггүй тул  Японд байсан монголчууд “Ийгл” шиг үзээгүй байх. Гэхдээ Улаанбаатарт, тухайлбал Гадаад харилцааны яаманд ар гэрийнхэн ирж очсон, Гадаад яамныхан тэгэсхийгээд харьчихсан зэргийг сурвалжилж бичлэгүүдээ сайтдаа тавьсан харагдана. Бас Наритагаас хоосон буусан МИАТ-ын онгоцны ахмадтай дэлгэрэнгүй ярилцаж чадав. Шөнийн 03 цагт “Ийгл” нэвтрүүлгээ дуусгасан бол “Шууд” ТВ дахиад жаахан тэсч 03.55-д  нэвтрүүлгээ өндөрлөжээ. 

Дараачийн том үйл явдлаар манайд 2 шууд телевиз өрсөлдөх янзтай.

Posted in Шууд ТВ | 10 Comments »

Сэтгүүлч Л.Пүрэвням эргэж ирлээ

Posted by Бид on 2011/02/04

Баасан гаригт Shuud телевизээр “Тань руу нүүж явна” нэвтрүүлгийн анхны дугаараар тэртээ гуч шахам жилийн өмнө ийм нэртэй кинонд тоглосон Гэрэлийн одоогийн амьдралыг үзүүлэв. (Гэхдээ дундаас нь үзлээ). Архинд ордог гэж яригддаг байсан энэ эмэгтэй ганц охинтой, тэр нь Камертон хамтлагийн Ган-Эрдэнэтэй суусан (“миний харамсдаг юм гэвэл би хүүхдээ л цөөдүүлчихсэн”), Дэнжийн мянгийн цагаан байшинд амьдардаг, нөхрийн хамт сонинд хэвлэлд янз бүрийн мэдээ, материал бичиж зардаг (“энэ хэвлэлийн биржээс өдөртөө 7000-8000 төгрөг олдог”)  тухайгаа ярьж байна.   

Гэрэлээс гадна удтал үзэгдэхгүй байсан сэтгүүлч Л.Пүрэвням дахин дэлгэцнээ үзэгдэж энэ нэвтрүүлгийг хөтөлсөн нь сонин байлаа. Амжилт хүсье!

Posted in Шууд ТВ | Leave a Comment »

Shuud.tv

Posted by Бид on 2010/12/23

Өнгөрсөн намаржин төрийн томчуудыг ажилдаа ирэхэд тосч, харихад үдсэн эдгээр сурталчилгааны самбарууд тэднийг хайр найргүй балбаад өгөх телевиз мэндэлснийг ноцтой анхааруулсан билээ. Харин  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  УИХ-ын дарга Д.Дэмбэрэлээс эхлэн хариулт нэхэхдээ Ерөнхий сайд С.Батболдыг алгасч шууд доошилсон нь сонин. Дор үзээрэй.

Нэг мэдэхэд “Сансар” кабелийн телевизийн сувгуудын тэртээ араар нээлтээ хийчихсэн байв. Анх shuud.mn сайт нээж  дараа нь хотын төвийн хашаа, ханануудаар Signal, Shuud.mn гэсэн бичээс үлдээж олонд танил болсныхоо дараа сая телевизийн нэвтрүүлгээ эхэлжээ.  

Харин одоо шуудхан хэлэхэд сайд, дарга нар айж сүрдэхээр юм үзэгдэхгүй юм. “Ийгл”-ээс баахан сурвалжлагч охидуудыг авчирсных уу, дэлгэц засал, үзэгчдийг утасдуулах цаг … гээд тун төстэй. Замын хяналтын камерийн бичлэгээр  түгжрэлийг анхааруулдаг нь сонин санагдсан, гэхдээ замд яваа жолооч нар “Сансар” кабелийг машиндаа нэг их үздэггүй байх.

Ингээд “Шууд групп” одоохондоо үе үе часхийдэг shuud.mn сайт,  хэтэрсэн пиар,  бас “даруухан” ТВ сувагтай болжээ. Би анх Шууд телевиз гэсэн хоёр үгийг сонсоход www.shuud.tv гэж толгойд шууд буусан шүү. Сая шалгаж үзэхэд энэ домэйн нэрийг хэн ч аваагүй байв.   

Та одоо тэр самбаруудыг зөвхөн эндээс шууд үзэх боломжтой.

Read the rest of this entry »

Posted in Шууд ТВ | 8 Comments »