АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘НТВ телевиз’ Category

Залруулга

Posted by Ажиглагч on 2013/02/21

НТВ Залруулга. 2013.02.21 Final

Posted in # ЗАРЛАЛ, НТВ телевиз | 2 Comments »

Монгол сэтгүүлчийн “америк” эрэл

Posted by Ажиглагч on 2010/09/22

Америк оронд монгол оюутнуудад тохиолдсон хөгжилтэй биш явдлуудын тухай “Мөрөөдлийн Америк ба өрөөлийн балаг” нэвтрүүлгийг үзүүлсэн НТВ телевиз маргааш нь “Сэтгүүлчийн эрэл”-ээрээ уг сэдвийг үргэлжлүүлжээ. 

Зуучлагч компанийн захирлууд өнгөрсөн зун Америк гаргаад хаясан оюутнуудаасаа зугатааж чадсан бол одоо хаашаа зайлахав. НТВ-ийн сурвалжлагч офист нь очиж ярилцлага авахад цаадуул нь өчүүхэн төдий ч ичиж зовсон шинжгүй, “жижиг сажиг алдаа гарсан бол засна”,  “ирэх жил дахин явуулахдаа харж үзнэ” гэхчлэн үргэлжлүүлэн панаалдаад зогсохгүй хамгийн сайн хамгаалалт болох сөрж довтолгоо  хийх нь тэр. “Глобал удирдагч”-ийн захирал нь эзнээ өмөөрч “манайтай Отгонбат ямар ч хамаагүй, энэ бол улс төрийн явуулга, сонинд гаргаж өгөөч гэж мөнгө санал болгосон хүн ч бий…”  гэсэн бол Open World компани сөрөг нэвтрүүлэг бэлтгэж байгаа гэнэ. Чадна шүү. Өнгөрсөн хавар 1300 оюутан х 1000 доллар = 1,3 сая доллар буюу 1,7 тэрбум төгрөгийг халаасалсан захирлууд юу дуртайгаа хийнэ. 

НТВ-ийн сурвалжлагч Америкт хийсэн бичлэг үгүй учраас өмнөх нэвтрүүлгийн дүрсийг монтажлан ашиглаж, захирлуудын ярианд оновчтой тайлбар хийж, бас АНУ-ын Элчин сайд Жонатон Эдлтонтой уулзаж хэн буруутайг харуулж чадсан мөртлөө “хууль шүүхийнхэн буруутай эсэхийг нь тогтоох биз” гэж дундаж монгол сэтгүүлчийн түвшинд бууж сулхан төгсгөчих юм.

Нэгэнт Монголын оюутны холбоо ганц үг ганхийхгүй байгаа учраас хулхидуулсан оюутнуудын төлөөлөл маргааш нь зуучлагч компаниудаар орж буруугаа хүлээх, хураасан мөнгөний зарим хэсгийг буцааж олгохыг шаардлага гардуулжээ. Мэдээж сэтгүүлчдийг дагуулсан.

Posted in НТВ телевиз | 2 Comments »

Америкийн монгол эрэн сурвалжлага

Posted by Ажиглагч on 2010/09/19

Хэд хоногийн өмнө НТВ телевизээр үзүүллээ гэж ам дамжин яриад байсан “Мөрөөдлийн АНУ, өрөөлийн Балаг… (Монгол оюутнууд Америкт)” нэртэй нэвтрүүлгийг Бямба гаригт давтахад нь олж үзэв. Өнгөрсөн зун Work and Travel USA хөтөлбөрийн дагуу 1300 гаруй монгол оюутан хэрхэн ажиллаж аялсан талаар АНУ дахь монголчуудын “Яагаад” клубээс бэлтгэсэн (http://www.bidniih.org/) сайн нэвтрүүлэг болжээ.  

Хавар 5-р сараас эхлэн Америк руу цуварсан манай оюутнууд ямар бэрхшээлтэй тулгарсныг АНУ дахь “15 минут” студи хамгийн анх сурвалжлан лав хоёр удаагийн “Америкийн өнгө” нэвтрүүлэг бэлтгэж www.medeelel.com, www.orloo.com сайтуудад тавихын зэрэгцээ Монголд UBS телевизээр үзүүлснийг хэлэх хэрэгтэй. Голдуу оюутнуудтай хийсэн ярилцлага байсан. Харин хоёр нэвтрүүлгийн завсар шахалт дарамтанд орсон бололтой дараачийнх нь илт суларч сүүлдээ дуугаа хураачихав.  

Тэгвэл “Яагаад?” клубынхэн мэргэжлийн сэтгүүлчид эсэхийг мэдэхгүй, гэхдээ ямар ч байсан Монголдоо суудаг сэтгүүлчид шиг хал балгүй хоосон уянгалж, эцэст нь “холбогдох байгууллага”, “төр засаг” анхаарах цаг болжээ хэмээн эзэнгүйдүүлж орхилгүй нэгд нэгэнгүй эрэн сурвалжилжээ. Эхнээсээ дуустал баримт, нотолгоо, ишлэл, тов тодорхой тайлбар, няцаалтууд.  Хүн бүрээс 1000-аад доллар унагасан хэрнээ оюутнуудын ажлын саналыг хуурамчаар үйлдэж АНУ-руу илгээгээд үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхгүйгээр мултарч үлдсэн Open World, Prince World компаниуд болон Global удирдагч дээд сургуулийн эзэд хэрхэн залилан хийснийг баримтаар илчиллээ. 

Зарим улс төрчдөөс ч эмээсэнгүй. Харамсалтай нь,  Монголд байгаа сэтгүүлчид сонгууль дөхөж хэн нэгэн мөнгө атгуулж “паас” гэж хуруугаараа зааж өгөөгүй цагт ингэж ажилладаггүй.

   

 

Нэвтрүүлэг хэдийгээр шүүмжлэлтэй ч өөдрөгөөр төгслөө. Зарим оюутнуудад АНУ-д суугаа монголчууд чадах чинээгээрээ тусалж,хэд хэдээр нь гэртээ аваачиж байрлуулж бас ажилд оруулан тусалж байжээ. Бас манай залуучууд маш сайн мэдлэг боловсрол эзэмшихгүй бол АНУ-д хүртэл тэрэг түрж бусдыг царайчлан амьдрах ирээдүй хүлээж байхыг энэ 1300 оюутан маш сайн ойлгожээ.

Оюутнууд АНУ руу ажиллахаар явсан болохоор бэлэн юм нэхээгүй. Тэд урьдчилан гэрээ байгуулсан ажлын байраа л нэхсэн. Одоо тэднийг мэхэлсэн компаниуд ямар хариуцлага хүлээх бол? АНУ-д бол шоронд ч сууж мэднэ. Харин манайд сөрөг сурталчилгаа явуулдаг. Зарим нь эхэлчихсэн, тухайлбал, “Глобал удирдагч” дээд сургуулийн нэг нөхөр дээрх оюутнуудыг АНУ-ын Төрийн департамент руу гомдол мэдүүл гэж тийш  нь  турхирсан ярилцлага өгсөн байх юм. Цаад эзэн  Отгонбат гэгч хэдэн жилийн өмнө баахан оюутныг   АНУ руу суралцахаар явуулахад цаадуул нь гахайн ферм дээр амьдарч байгаад ирсэн гэдэг. Гэхдээ ямар ч уснаас хуурай гарч чаддаг төдийгүй УИХ-д нэр дэвшиж, одоо Мянганы сорилтын сангийн захирлаар ажиллаж байгаа нэгэн. Хэвлэл мэдээллийг дээд зэргээр ашиглан пиардаж чаддаг нь түүний “амжилтын” нууц юм.

Буруу юм хийсэн нөхөд нэр төр гутаасан гэж шүүхэд хандаж дарамталдаг аргатай. “Яагаад?” клубынхэн үүнд бэлтгэж оюутнуудаар асуулга бөглүүлж баталгаажуулсан харагдлаа. Монголд суугаа биднээс илүү хууль журамтай амьдарч сурсных биз. 

Бас нэг асуулт. Монголын оюутны холбоо хаана байв аа? Миний мэдэхээс оюутны билетны виза картыг зуучилж завсраас нь хэдэн төгрөг унагаж суугаа…

Ингээд сүүлийн үед монголын телевизээр миний үзсэн хамгийн сайн эрэн сурвалжилсан нэвтрүүлгийг америкийн монголчууд бэлтгэсэн байлаа.

Posted in НТВ телевиз | 3 Comments »

Дархан-Уул аймаг хагас зуун жил болж байж гарц барьж чадаагүй…

Posted by Ажиглагч on 2010/08/30

Манай телевизүүд сонгууль дөхөхлөөр эзнийхээ өрсөлдөгч талыг илчилсэн нэр, хаяггүй нэвтрүүлэг цувуулдгийг эс тооцвол эрэн сурвалжилсан нэвтрүүлэг маш ховор. Амьдралдаа [эрэн] сурвалжилж үзээгүй телевиз хүртэл бий. МҮОНТ-ийн “Эх сурвалж”, “Эзэнгүйдэл” нэртэй хоёр нэвтрүүлэг бусдын аль хэдийнэ нээсэн сэдвээр том том дуугарахыг оролддог ч чаддаггүй. “25-р суваг” телевизийн “Миний мэргэжил – сэтгүүлч” нэвтрүүлгийн ихэнх дугаар сайн, харамсалтай нь мөнгөөр яаж ч мэднэ. TV9-ын  “Томилолт” нэвтрүүлэг уул уурхайн компаниуд байгаль орчныг хэрхэн сүйтгэж байгааг шүүмжилж чаддаг, даанч хааяа. Энэ зун бүгдээрээ “амарсан”.

Харин 8-р сард НТВ телевизийн “Сэтгүүлчийн эрэл” нэвтрүүлгийн хоёр дугаарыг үзлээ.   

Дархан-Уул аймгийн Дархан өртөөнд гарсан аймшигтай ослын мөрөөр явсан нэвтрүүлэг. Өрхийн эмнэлгээс дүүгийнхээ вакциныг хийлгэ гэж дуудахад 15 настай Мөнхтэнгэр хүү хоёр настай дүүгээ тэврээд төмөр замын цаана байдаг эмнэлгийг зорьж нэгэн вагон доогуур гарах мөчид гэнэт хөдөлжээ. Вагон хөдлөхийг анхааруулах ёстой дохиочин тэр өдөр тэмцээнтэй байсан гэнэ.

Том хүүгээ алдаж, бага хүү нь өрөөсөн гараа тасчуулан насаараа тахир дутуу болсон аав, ээжийн  нулимс асгаруулсан яриаг сонсголоо.  Гэхдээ зөвхөн энэ осол биш, монголын төмөр зам ба Дархан-Уул аймагт дүгнэлт өгсөн нэвтрүүлэг байна.    

Дархан өртөөнд хүмүүст зориулсан гарц байхгүй учраас гэр хороолол, тосгоны хооронд иргэд вагон доогуур гарахаас өөр аргагүй ажээ. Багийн дарга  “Манай багийн хүүхдүүдийн 80 хувь нь төмөр замыг давж сургуульдаа явдаг” гэв. Вагоны доогуур арайхийн шургалах эмэгтэй, таягтай хөгшин, бас гараа таслуулсан залуугийн яриа. Он гарсаар Дархан өртөөн дээр 4 хүн амь насаа алдсан гэнэ. Зөвхөн саяын ослын дараа “одоо л нэг гарцтай болгохгүй бол болохгүйнээ гэсэн бодол өртөөний даргад орж иржээ”. Ингээд комисс гаргаж гэр хорооллыг, тосгонтой холбох нүхэн гарц хийхээр шийдвэрлэсэн гэнэ. Дархан-Уул аймгийн Засаг дарга Эрдэнэбат: Гарц барих ажил энэ ондоо эхлээд дуусах байх. Осолд тэр энэний буруу гэж хэлэх юм алга… 

Хүмүүс вагонд дайруулж амиа алдаж байхад бөөрөнхийлж суудаг Засаг дарга нэг байна. Бас Л.Гансүх гэж эрхэм  2004 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ “нүхэн гарц гаргаж өгнө” амлаад гарснаас хойш хоёр удаа сонгогджээ. Харин гарц алга хэвээрээ. Улс төрчийн хуурамч амлалт, төмөр замынхны хариуцлагагүй явдал нийлэхээрээ хүний амьтай тэнцлээ.

Үнэхээр энэ жилдээ нүхэн гарц баригдах уу? Баригдтал нь, одоо өөрийн биш бусдын хүүхдийн төлөө талийгаачийн аав Дархан өртөөн дээр суулт хийнэ гэхэд “олон улсын зам” гээд хоригложээ. Гэхдээ тэр аав хамгийн сүүлд чанга үг хэлснийг сонсоорой: “Дархан-Уул аймаг хагас зуун жил болж байж [төмөр замын] гарц барьж чадаагүй…”  

Суварга, ордон, хөшөө энэ тэрийг зөндөө босгосон аймгийн дарга Эрдэнэбат юу гэж хариулах бол?

“Сэтгүүлчийн эрэл”-ийн өөр нэг дугаар зохиогчийн эрхийн асуудлыг хөндөж тов тодорхой 5 баримтыг сурвалжилсан байв.    

1. Хувилай хаан Японд довтолсон тухай сэтгүүлч Б.Номинчимэдийн өгүүллийг “Монголчуудын түүхэнд үлдээсэн 33 цуут тулаан” номонд зөвшөөрөлгүйгээр тэр чигээр нь оруулсан байна.

2. Дуучин С.Жавхлангийн дуулсан дууг үүрэн телефоны компаниуд үйлчилгээндээ ашиглаж 300 сая төгрөг олдог ч 10-хан сая төгрөгийг хувааж өгдөг.

3. “Би чамд хайртай” киноны уран бүтээлчид оюуны өмчөө баталгажуулахаар эхийг нь Оюуны өмчийн газарт өгөхөд алдагдсан. 

4.  Нийтлэлч Б.Баабарын “Нүүдэл суудал” номыг Швейцарын нэг нөхөр хууль бусаар орчуулж хэвлүүлээд Интернэтээр 70 доллараар зарж байсныг илрүүлж шүүхэд өгчээ.

5. Нэгэн уралдаанд оролцсон “Боолийн гэрээ” киноны бичлэгийг тухайн уралдааны шүүгчид нь алдсан. Жүжигчин Б.Хүрэлхүү. 

Харин дээрх явдлуудыг Оюуны өмчийн газрын ажилтнууд дэндүү ерөнхий тайлбарлаж, бас “Би чамд хайртай” киноны эх алдагдсан талаар огт дуугарсангүй. Хэрвээ сэтгүүлч тулгаж асуугаад хариулт авч чадсан бол илүү сайн нэвтрүүлэг байхсан.

Дашрамд, Баабарын “Непко” хэвлэлийн газар Британика-гийн 5 ботийг орчуулах эрхийг 45 мянган доллараар, Коллинзийн толийг гаргах эрхийг 20 мянган доллараар авсан бол дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг дамжуулах эрх 250 мянган доллар байдаг бол манай ядуу буурай байдлыг харгалзаад 20 мянган доллараар өгсөн (C1-ыг хэлж байгаа хэрэг) баримтыг нэвтрүүлэгт дурдлаа. Өөр нэг сонин жишээ. Найруулагч Бямбасүрэнгийн “Ингэний нулимс” киног Оскарын шагналд дэвшүүлэхээр материалыг бэлтгэх явцад кинон дээр цаана сонсдож байсан Батсүхийн дуу, хонины тойлох зэргийн зохиогчийн эрхийг асууж байсан гэнэ. 

НТВ телевизийн “Сэтгүүлчийн эрэл” нэвтрүүлэг баримт, жишээг олж мөрөөр нь явж чадаж байна. Сэтгүүлч нь Б.Ундрахжаргалант.

P.S: Ноднин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Лүнгийн замыг бараг л үнэ төлбөргүй барьж өгч байгаа шахуу юм ярьсны мөрөөр Сангийн яаман дээр очоод нэлээд хэдэн тэрбумыг аваад халаасалсан баримтыг үзүүлснийг сая саналаа.

Posted in НТВ телевиз | 3 Comments »

“Түүхийн хүрд”-ийг түүх мэдэхийг Ж.Солонго мэднэ

Posted by Ажиглагч on 2010/06/10

Хуучнаар “Монгол кино” үйлдвэр, одоо нэгтгэл юу хийдэг юм бол гэж гайхдагсан. Тэгтэл Монголд болж үйл явдлуудыг хойч үедээ мөнхлөн үлдээх зорилготой “Түүхийн хүрд” нэртэй баримтат киног сар сараар хийдгийг БСШУЯ-наас томилогдон шалгасан ажлын хэсэгт багтсан хүмүүс өчигдөр NTV телевизийн “TV клуб” нэвтрүүлэгт тойрч суугаад ярилцсанаас мэдэж авлаа.

Тэд киноны архивт очиж “Түүхийн хүрд”-ийн зарим ангийг үзээд голсон төдийгүй 1985 ба 2007 оны дугаараас харьцуулан үзүүллээ. Аль аль нь хурал цуглаан зэрэг нийтийг хамарсан арга хэмжээний дуугүй дүрсэн дээр уншсан ухуулгын хоосон текст, бас дагаж эгшиглэх ямар нэгэн хөгжмөөс бүрджээ.

Тэгтэл “Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонго хоцорсон, эсвэл эхлэлийг сонсоод яаралтай давхиж ирсэн үү дундуур нь орж ирээд БСШУЯ-ны кино хариуцсан мэргэжилтэн З.Баярзул руу довтоллоо.

– Би энэ нөхөртэй таардаггүй… Энэ нөхрийг би авлигийн хэрэгт шалгуулж байгаа. Үүнээс болж ийм шалгалтыг зохион байгуулсан… Киноны пленк гэж юу байдгийг ч мэдэхгүй… Ажлын хэсэг ирээд гурван бүлэг үзчихээд гүйж гараад ийм дүгнэлт хийсэн байна… Энэ хүн “агуулга ийм байна, тийм байна” гэж ярихыг би зөвшөөрөхгүй. Агуулгыг түүх мэднэ…

Хөтлөгч Түмэн-Өлзий.

– Танай хийж байгаа “Түүхийн хүрд” техникийн ба уран сайхны шаардлагыг бүрэн хангаж байгаа юу?

Ж.Солонго:

– Техникийн болоод уран сайхны шаардлагыг бүрэн хангаж байгаа.

Цаашаагаа киног хальсан дээр авахын ач холбогдол, хальсны стандарт, монтажны шат дамжлагууд, Dolby гээд техникийн юмаар бөмбөгдсөн ч ажлын хэсэгт орсон Баянзул, Золбаяр хоёр хэдэн баримтаар нам болгов.

– Зүгээр хараад сууж байхад зарим хэсэгт дүрс харагдахгүй, дуу нь сонсогдохгүй байгааг юу гэх вэ? Сохор хүн үзэх ёстой юм уу?

– “Түүхийн хүрд” цувралд жил болгон Кино урлагийн дээд сургуулийн [Захирал нь Ж.Солонго] төгсөлтийг 3 минутаар оруулдаг. Энэ төгсөлт Монгол улсын түүхэнд тийм чухал юм уу?

– Тухайн сарын үйл явдлаас зөвхөн гуравханыг сонгож оруулжээ. Гэтэл тэр сард 10-аад чухал үйл явдал болсныг Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд гаргаж өгсөн байгаа.

– Цагаан сарын тухай мэдээ явж байхад яагаад улаан цайм хятад хөгжим тавьж байгаа юм бэ? Энд ямар ч хөрөнгө мөнгө хэрэггүй.

– Монголд байгаа 20 гаруй телевизийн залуучууд орой болгон хийж байгаа юмыг танайх бүтэн сар хийж байна.

Даанч Солонго ойлгосонгүй. Цаг дууссан тул хөтлөгч “Нэвтрүүлгээ дуусгаад үргэлжлүүлэн ярилцья” гээд өндөрлөв. Дараа нь тэнд зодоон болсон байвал би гайхахгүй.

Манай монголын “Түүхийн хүрд” олигтой эргэхгүй байна шүү!

Posted in НТВ телевиз | 5 Comments »

“Үнэн үү?” алга

Posted by Ажиглагч on 2010/03/20

НТВ телевизийн “Үнэн үү?” нэртэй ток шоу алга болчихож.

Эрээ цээргүй асуудаг, шүүмжилбэл “Хэсэг бүлэг хүмүүст зориулсан нэвтрүүлэг. Таалагдахгүй бол үзэхгүй байж болно” гээд няцаадаг байлаа. Гэхдээ зугаатай, заримдаа часхийсэн.

Ноднин нэг удаа дуучин Хаянхярваатай ярилцсаныг саналаа. Түүнийг МАСЗХ-нд элсэж сонгууль болоод элдэв сурталчилгаанд нь дуу хоолойгоо өргөж зүтгэснийхээ шанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хоёр ч газрыг сэмхэн хүртчихсэн тухай дуулиан дэгдээд байсан үе.

Хөтлөгч түүнээс эхлээд улс төрд орох эсэхийг сонирхов. Цаадах нь “Орно” гэв.

Тэгэнгүүт “Таныг газар авсан гэж гадуур яриад байна…”

Хаяхирваа хашир улс төрчийн дүрд хувиран,

– Монгол улсын иргэн болгон газар өмчлөх эрхтэй хэмээн даналзав.

Гэхдээ хөтлөгчийн дараачийн асуулт түүнд бултах зай үлдээсэнгүй.

– 0,07 га-гаас гадна авсан газар бий юу?

Хаянхирваа:

– Байгаа…. Манай аав одоо болтол амьдарч байгаа газар … гээд тайлбарлаж эхэлтэл хөтлөгч өөр юм яриад тасалчихав.

Хэрвээ цааш үргэлжлүүлсэн бол сонин яриа болох байжээ.

Манай ихэнх сэтгүүлч баримтыг энэ мэтээр шууд асууж зүрхэлдэггүй учраас том дарга, албан тушаалтны амнаас цухуйх ч үгүй юм даа. Улс төрчдөд “Үнэн үү?” асуултыг тавихгүй байна. Эсвэл гоё магтаад, эсвэл хоосон шүүмжлээд л …

Posted in НТВ телевиз | Leave a Comment »

Телевизүүд сонгуулийн шөнө …

Posted by Ажиглагч on 2009/05/26

5-р сарын 24-нд манай телевизүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын явцыг өдөржин сурвалжилж СЕХ-ны зарласан хэвлэлийн хурлыг хэдэнтээ дамжуулсан билээ. Зарим нь бүр Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгийн төвд яваад оччихсон, эсвэл бүр холын аймгуудаас дүрстэй дүрсгүй мэдээ, сурвалжлага хүлээн авч үзүүлэв. Хөвсгөл айлын байшин  шатаасныг бид дор нь мэдэж авсан. Ингээд 22 цагт санал хураалт дуусахтай зэрэгцэн СЕХ-ноос сонгуулийн ирцыг 21 цагийн байдлаар мэдээлснээс хойш дэлгэц ширтсэн хүлээлт эхэлж хот хөдөөгүй шөнөжин үргэлжилсэн юм.

Телевиз болгон сонгуулийн дүн яаж тодрохыг цаг минут алдалгүй шуурхай мэдээлж нойргүй хонохоо амалж сүрхий эхэлсэн боловч удалгүй ямар ч мэдээлэлгүй болж усны эрэг дээр гаргаад хаячихсан загас шиг яахаа мэдэхгүй ангалзаж гарав. Өдөр дууссан нацу баше их аварсан даа. Тэгтэл шөнө дундаас хойхно АН-ын байрны хурлын танхимд тойрч суусан дарга нар, хөдөөний ганц нэг багийн санал тоолоход Ц.Элбэгдорж илүү санал авсныг тэнд овоорсон сэтгүүлчдэд дуулгаж эхлэв. Удалгүй МАХН-ны байранд сэтгүүлчдийг үүднээсээ цааш нэвтрүүлээгүй ч хэвлэлийн төлөөлөгч Төмөрбаатар гарч ирээд Н.Энхбаярын түрүүлж яваа хөдөөний баг, сумдын мэдээллийг ширхэгчлэн уншив. Энэ бүгдийг “Ийгл” телевиз уламжлал ёсоороо манлайлж, бас Vivia гэдэг мундаг станцтай болсон МҮОНТ удаалан шууд дамжуулж, бусад нь тун шуурхай сурвалжилж хүргэж байлаа.

Харин намуудын мэдээлэл хоёр хоёр давтагдаж Ц.Элбэгдорж түрүүлж яваа нь илт болохын хэрээр хэдэн сарын турш сонгуулиар эцэж цуцалгүй амьсгалсан зарим телевизийн дуу нь суларсаар өглөөний 06 цагийн үед АН-ын дарга Н.Алтанхуяг Монгол Улс шинэ ерөнхийлөгчтэй болсон шинэ өдрийн мэнд дэвшүүлсэн хэвлэлийн хурлыг “Ийгл” телевиз шууд дамжуулах тэр мөчид МҮОНТ өөрийн 40 жилийн ойн концертыг толилуулан баясгаж байсан бол  TV9, UBS телевизүүд танин мэдэхүйн гоё кино, нэвтрүүлэг гаргаж, TV5, 25-р суваг телевизүүд  эфирээ хаагаад гүн нойрссон байлаа.

P.S: Бас НТВ телевиз энэ бүгдийг шууд дамжуулсан гэж үзсэн хүмүүс хэллээ.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Ийгл телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, НТВ телевиз, TV5 телевиз, TV9 телевиз, UBS телевиз | 4 Comments »

Онц байдал зогсоход зөвхөн хоёр телевиз нээгдэв

Posted by Ажиглагч on 2008/07/06

2008 оны 7-р сарын 5-6-ны шөнө дунд онц байдал бүрэн зогсов. 00 цаг 00 минутаас эхлэн энэ мөчийг тэсч ядан хүлээсэн телевизүүд дөрөв хоногийн турш хураасан мэдээ, сурвалжлагын үер буулгахыг хүлээж суулаа. Өнөөдөр онцгой өдөр, Бямба гариг, маргааш Ням гариг учраас нийслэлчүүд шөнөжин сууж бүх сувгийг нэгэн зэрэг үзэхэд бэлэн байсан биз.

Гэвч шөнө дунд өнгөрөхөд зөвшөөрөгдсөн эрх чөлөөгөө зөвхөн НТВ телевиз эдэлж, үймээн самууны дараах үйл явдлын мэдээ, тухайлбал  албадан саатуулах байрнаас хийсэн, тэгэхдээ хоригдсон залуучуудын уйлалдсан ээж, эгч нартай ярилцсан сурвалжлага үзүүллээ.  Харин TV9 телевиз нэвтрүүлэг явуулах эрх чөлөөг эхлээд уран сайхны кино үзүүлэх эрх чөлөө гэж үзэв. Бусад телевизүүд эфирээ ч нээсэнгүй.

МҮОНТ яав? Онц байдлын штабын мэдлээс ангижирч дэд хурандаа Сайнжаргал буцсан ч нөгөө л албан мэдээ, “Магнайгийн клип”-ээ үргэлжлүүлэв. Араас цэнгээнт нэвтрүүлэг, “Гэрэлтэй цонх”. Цаадуул нь бүтэн дөрөв хоног юу нэвтрүүлэхийг хянасан төдийгүй онц байдал цуцлагдсаны дараа үзүүлэх сурвалжлага хийж бэлтгэж хадгалахыг хүртэл зөвшөөрөөгүй юм болов уу?

P.S: Улаанбаатарт 18 цаг болж байна. “Ийгл” телевизийг, бусад телевизийн ганц нэг мэдээ, сурвалжлагыг эс тооцвол онц байдлыг сайн дураараа үргэлжлүүлсээр байх шиг санагдлаа. Бүгд оройн мэдээллийн хөтөлбөрөөр хамаг юм үзүүлэхээр хүлээж байгаа бололтой.

Posted in + ТЕЛЕВИЗ, 2008.07.01, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, НТВ телевиз, TV9 телевиз | Leave a Comment »