АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз’ Category

МҮОНТ МУУҮА-д хайртай.

Posted by tseren on 2010/09/11

Олон нийт, олон нийтийн байгууллагууд Олон нийтийн телевизэд хандаж нэвтрүүлэг хийе, хийлгэе, ажил төрлөө ярья гэхлээр МҮОНРТ-ын захирлууд “Монголд хэдэн мянган төрийн бус байгууллага бий, тэдний хүссэний тоогоор цаг гаргаад байх ямар ч боломжгүй” гэж айлгадаг ганц аргатай юм гэсэн. Цаадуул нь айгаад нэхэхээ больчихдог.

Тэгсэн мөртлөө тэр олон байгууллагаас зөвхөн ганцыг сонгож захиалсан нэвтрүүлгийг нь лав сүүлийн 2 жилийн турш ямар ч саадгүй тогтмол явуулж өгч байх юм. Хүсвэл нь бэлэн бичлэгийг хүлээн авч шууд цацна, өмнөөс нь томилолтоор явж гадаад дотоодгүй сурвалжилна,  эсэхүл ярилцлага зохион байгуулна …

МҮОНТ татвар төлөгчдийн мөнгөөр эрхлүүлж байдаг цорын ганц төрийн бус байгууллагын нэрийг Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, тэр нэвтрүүлгийн нэрийг “Хөгжлийн тулах цэг” гэдэг.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

“Гацуурт”-ын талын телевиз

Posted by tseren on 2010/08/18

Өнгөрсөн Бямба гаригт МҮОНТ-ээр 19.40-өөс гарахаар зарлагдсан “Сөдөтийн уурхайгаас хийсэн тэмдэглэл”-ийг хойшлуулж бүр илүү оргил цагаар буюу 21.15-аас үзүүлэв. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр олон удаа шүүмжлүүлсэн, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” компанийн Сөдөтийн уурхайг учир зүггүй өмөөрсөн нэвтрүүлэг байлаа. Уурхайн дарга Л.Батмөнхийн араас сумын ИТХ-ын дарга Батчулуун, байгаль орчны байцаагч хоёр “Гацуурт” компани нөхөн сэргээлтийг маш сайн хийж урьд нь алт олборлоогүй юм шиг болгосон тухай ярьцгааж, Орхон гол Сөдөтийн уурхайгаас болж тасраагүйг тангараглах шахав. Бас “Гацуурт” компанийн хууль ёсоор зөвшөөрөл авсан газар нь Төвхөн хийдээс хол, тэгээд ч олборлолт эхлээгүй тул аюулгүй гэв.

Батчулуун дарга цааш нь “…сумыг соёлын өргөөтэй болгосон … багийг эрчим хүчтэй болгоход миллиард төгрөг орно… Ийм компанийг гомдоож болохгүй… Сумын дарга лиценз өгсөн гэж бичээд байна. Лицензийг бид өгдөггүй…2003 онд олгосон байгаа лицензийн асуудал одоо ажиллаж байгаа Засаг дарга, хурлын даргад хамаагүй … Иргэдийг малжуулахад “Гацуурт” компанитай хамтарч ажиллана.. гэлээ. Нутагт нь “Гацуурт” нэртэй буяны байгууллага тонгочдог юм байна.

Хөдөөгийн ядуу сумдыг компаниуд тэр чигээр нь худалдаад авч байгаа одоо цагт иймэрхүү яриа сонин биш. Харин нэвтрүүлгийг бэлтгэсэн нэр, нүүргүй сэтгүүлч “Гацуурт” компани 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн… Сумтай байгуулсан хамтран ажиллах гэрээ хэрэгжихгүй байх вий” гэж компанийн өмнөөс айлгав. 

Бас TV9 телевизээр гарсан Сөдөтийн уурхайг шүүмжилсэн нэвтрүүлгийг хэсгийг үзүүлж, араас нь “Хүмүүс, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “25-р суваг телевиз гээд бараг бүгдийн нэрийг дурдаж байгаад “сурвалжлах багийнхан бид няцааж байна… гүжир гүтгэлгийг явуулах нь нэлээд дээрээс шидсэн чулуу болов уу” хэмээн тасралтгүй томорсоор дуусгалаа.

Уг нь мөнгө төгрөг хөөцөлдсөн арилжааны телевиз, сонинууд “Гацуурт”-ын захиалгаар иймэрхүү өрөөсгөл нэвтрүүлэг, нийтлэл бэлтгэж, харин олон нийтийн телевиз тэр шүүмжлэл хэлээд байгаа нутгийн иргэд, төрийн бус байгууллагуудын үгийг орхилгүй хүргэх ёстой атал эсрэгээр байх юм. Төгсгөлд нь “2010” гэж дөрвөн тоо бичсэнээс өөр хаяггүй, захиалгаар бэлтгэсэн энэ нэвтрүүлгийг захиалгаар үзүүлснийхээ төлөө алтны компаниас овоохон юм авсан биз. Юуны тулд Монголын хамгийн том, үндэсний хэмжээний телевиз билээ…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Цэдэнбал шиг Батболд

Posted by tseren on 2010/08/08

Ерөнхий сайд С.Батболдын баруун аймгуудаар хийсэн гурван долоо хоногийн урт аялал үргэлжилж байна. Үүнийг орон нутагт “ажиллаж байна” гэдэг. Энэ бэрх ажилдаа мэдээж сэтгүүлчдийг авч явсан, гэхдээ олныг биш, найдвартай хэдийг. Мэдээж МҮОНТ-ийн “Монголын мэдээ” агентлагийг дагуулсан тул хал балгүй тоочсон сурвалжлагууд хөвөрч буй. Гэтэл чамлагджээ.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт МҮОНТ-ээр гарсан “Засгийн Газрын тэргүүний хөдөө орон нутагт хийж буй томилолтын тэмдэглэлээс”, Баасан гаригт үзүүлсэн “Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хөдөө орон нутагт” нэртэй тусгай тойм нэвтрүүлгүүдийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга М.Оюунчимэг өөрийн биеэр бэлтгэж хөтлөв. Төгсгөлд нь “Сэтгүүлч М.Оюунчимэг” гэж нэрээ бичүүлж байгаад…

Дахиад багаджээ. Ням гаригийн “Долоо хоног” хөтөлбөрөөр дахин тойм оруулж “… хээрээр гэр хийж хэдэн мянган километр аялж байсан Юмжаагийн Цэдэнбал гуайн түүхийг шинэ цагийн удирдагчдаас Ерөнхий сайд Батболд анх удаа давтлаа… гэсэн өгүүлбэрээр эхлэв. Хөөрхий Ерөнхий сайд эхнэр, хүүхдээ дагуулаад … хэцээр дэр хийн хоноглох өрөвдмөөр дүр зураг нүдэнд зурсхийн өнгөрөв. Уг нь Цэдэнбалын үеийн коммунист сэтгүүлчид том даргаа орон нутагт зочлоход “хээрээр гэр хийлээ” гэж балайрдаггүй байсансан.

Цааш нь дуржигнуулсан гоё өгүүлбэрүүдээс: “… Ерөнхий сайд бороо дагуулж ирлээ… 5000 километр донсолгоотой бартаат замаар сэгсчүүлэн давхисан… Ерөнхий сайдын 5000 км ажилласны дараа ТОМ ТҮҮХ бичигдэх болно гэсэн иргэдийнхээ үгэнд урамшсан Ерөнхий сайд цааш хөдөллөө… “

Зулгуйдлын хам шинж бол зулгуйдаж байгаа хүнээ түүхэн хүн, түүхэн үйл явдалтай зүйрлэх явдал гэдэг. Яг таарч байна.

Энэ жишээ МҮОНТ-ийн “Монголын мэдээ” агентлаг ба Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хоёрын хооронд нэгэн кинонд гардагчлан “нүдний ялгаа” бүрэн арилсныг дахин харуулав. (Ер нь ялгаа байсан юм уу?). Дэлхийн өөр ямар улсын Ерөнхий сайдын хэвлэлийн албаны дарга нь Ерөнхий сайдаа магтсан нэвтрүүлэг зүйгээд, түүнийг телевиз нь (тэр тусмаа олон нийтийн телевиз!!!) дамжуулж суудаг бол? Лав Хойд Солонгос, Хятадад тэгдэггүй. Бусад улсуудыг мэдэхгүй юм даа.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 6 Comments »

Даргын нэвтрүүлэг

Posted by tseren on 2010/06/30

Энэ сард бүр тэмдэглэлт явдал болов. МҮОНТ-ийн “Монголын мэдээ” агентлагийн тоймч М.Оюунчимэг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар томилогджээ. Тэртээ тэргүй төр, засгийн гэрээт борлуулагчийг хийж ирснийхээ шимийг хүртэж албан тушаал дэвшин очих ёстой газраа очсон бол сайн хэрэг. Харин “Бизнес ньюс”-ээсээ салж өгдөггүй ээ.

Сарын дундуур гарсан “Бизнес ньюс”-ийг юу ч болоогүй мэт хөтөлж УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үгийг хэсэг хэсгээр тайлбарлан сонсгож бишрэн суув. Араас нь УИХ-ын гишүүн Х.Наранхүү, С.Оюун нартай хуурамч телегүүр хийж (урьдчилж хийсэн бичлэгээ монтажлан үдшийн 22 цагт ажил яриад сууж “харагдсан”), бас Гадаад хэргийн яаманд болсон Литва улсын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтаас сурвалжилж амжив.

6-р сарын 20-ны Ням гаригийн 18 цагт хуурамч телегүүрний мэргэжилтний шинэ бүтээл мэндэллээ. Үүний тулд МҮОНТ-ийн хөтөлбөрийг өөрчилж хэд хоногийн өмнөөс “Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд цаг үеийн асуудлаар иргэдийн асуултанд хариулна” гэж зарлуулж байгаад ШУТИС-ын Холбоо, мэдээллийн технологийн зайн сургалтын танхимд Ерөнхий сайдыг аваачин орон нутагтай холбосон телехурал маягийн юм хийв. Шал дэмий байлаа. Туршлагатай сэтгүүлч Ц.Мөнхтөрөөр хөтлүүлээд ч нэмэр болсонгүй. Урьдчилж авсан эсвэл утсаар аваад “бэлтгэсэн” асуултууд залхуу хүргэнэ. “Таван толгой”-г ард түмэндээ өгнө гэсэн хоосон өгүүлбэрээс өөр хэлэх юм Ерөнхий сайдад байсангүй. Харин телегүүр жинхэнэ байж Солонгост суугаа монголчуудтай интернэтээр ярилцсан, гэхдээ өнөөдөр айл бүр гэрээсээ Америк, Солонгостой холбогддог болсон тул сонин биш.

Өчигдөр орой “Бизнес ньюс” нэвтрүүлгийн ээлжит дугаарыг дундаас нь үзтэл Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Оюунчимэг Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргалтай хуурамч телегүүрдээд сууж харагдав. Дараа нь Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Я.Содбаатартай “жинхэнэ” ярилцлага хийв. Эхний асуулт нь “Ерөнхий сайд С.Батболдын өгсөн үүргийн дагуу … “ байсан ба дараачийн асуулт болгон “Ерөнхий сайдын яриад байгаа…” гэж эхэлж байв.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 4 Comments »

Төр, засгийн ухуулагч агентлаг

Posted by tseren on 2010/06/29

Хойшид хэрхэвч ийм байж таарахгүй гэлцээд 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг батлан өмнөх 40 жилийн туршид эхлээд нам засгийн, дараа нь төр засгийн шууд мэдэлд явж ирсэн Монгол телевизийг өөрчилж Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз болгосон байтал тус телевизийн “Монголын мэдээ” агентлагийн мэдээ, сурвалжлагууд яг хэвээрээ.

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн дийлэнх, заримдаа бүгдээрээ төр засгийн ажил алба байдаг нь нотлогдсон зүйл. Бас 11, 13, 15, 18 ба 23 цаг орчмын мэдээнүүд “Цагийн хүрд”-ийн үргэлжлэл буюу давталт юм. Төр, засгийн ажлыг сурталчлахад зориулагдсан “Нээлттэй засаг” ба “Сүлд” хөтөлбөрүүд хэвээрээ төдийгүй өөрчлөгдсөнгүй. Тэд үндсэндээ “Цагийн хүрд”-ийн мэдээ, сурвалжлагуудын арай дэлгэрэнгүй хувилбар юм. “Бизнес ньюс” мөн адил. Эсрэгээр хэлбэл, “Монголын мэдээ” агентлаг долоо хоногийн турш төр засгийн дээрх хөтөлбөрүүдийг бэлтгэдэг, харин өдөр өдрийн “Цагийн хүрд”-ээр жижиглэн үзүүлж нэг сумаар хоёр туулай буудсаар.  

Өнгөрч буй зургадугаар сард улам төр засагжлаа.

Бямба гариг бүрийн “Ярилцья” нэвтрүүлэг сүүлийн хоёр дугаарыг үзэхэд 2010.06.19-нд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Н.Ганбямба, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди, 2010.06.26-нд УИХ-ын гишүүн Д.Арвин, Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах нар оролцов. Ярьж чаддаг хүмүүс Монголд дуусчихжээ.

Энэ сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төрийн эрхэнд гарсны 1 жилийн ой тохиожээ. Олон нийтийн телевиз олон талаас нь дүгнэж харуулахын оронд зөвхөн Ерөнхийлөгчийн пиарчдын захиалгаар бөмбөгдөв. “Цагийн хүрд”-ээр Элбэгдоржийн ганцхан жилийн хугацаанд амжуулсан хэтэрхий их ажлыг багтааж ядан шахаж, “тэнэг” үзэгчид ойлгоогүй байж магад тул Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулгаар хэлүүлж цээжлүүлэх жишээтэй. “Шанхайн хамтын ажиллагаа ба Монгол улс”, “Ази тивд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Монгол улсын оролцоо” зэрэг тусгай нэвтрүүлгүүдийн “Монгол” гэдэг бол мэдээж Ц.Элбэгдорж.

Ням гаригт үзэгчид ид амарч байхад УИХ-ын гишүүд тэргүүтэй хэсэг нөхөд “Парламентын хэлэлцүүлэг” нэрээр хуралдаж салахгүй зовоосоор олон жилийг үдлээ.

Үүгээр дуусахгүй. Долоо хоногт хоёр удаа бүтэн цаг үргэлжилдэг “Нээлттэй хэлэлцүүлэг” яам, газрын жижиг сажиг албан тушаалтнуудаар пиг дүүрч харин агуулга нь хов хоосорлоо. Дээрээс нь “Талуудын яриа” нэртэй бас нэг хувилбар нэмэгдэв. 10 ялгаа хайвал “Засгийн газрын http://www.open-government.mn сайтын дэмжлэгтэйгээр явуулж байгаа цуврал хэлэлцүүлэг” (тэндээс санхүүждэг гэсэн үг) гэдэг тайлбараас өөр олдохгүй. (Үнэндээ “Нээлттэй хэлэлцүүлэг” бас л дээрээс санхүүждэг)

Бас Төрийн ордноос захиалбал ямагт бэлэн байлгадаг “Нүүр түлсан ярилцлага” гэж бий. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг оролцжээ. Хөтлөгч “Бид таныг уул уурхай, дэд бүтцийн асуудлаар санал бодлыг тань сонсоё гэж урьсан” гэв.  Гэнэтхэн сайдыгаа сонсохыг хүсч гэнэ…

Засгийн газрын тохируулагч,  хэрэгжүүлэгч агентлагуудаас гадна ухуулагч агентлаг гэж яах аргагүй байна.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

Зайсан толгой бүслэгдлээ.

Posted by tseren on 2010/06/20

Дархан цаазат Богд хан уулын Зайсангийн амыг барилгаар дүүргэсэн багадаад одоо голд нь торойх Зайсан толгой руу өнгөлзөж өнгөрч буй долоо хоногт “Собт трэйд” нэртэй компани баруун хойт энгэрийг нь хашаалж хүнд техник аваачин ухаж эхэлсэн байна. Энэ бол “Оюуны ундраа” холдингийн нууц охин компани бөгөөд өөрийн босс – УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярын мандан бадралын 2005-2007 оны хооронд аялал жуулчлал хэмээх гэм хоргүй нэрээр (эндхийн бусад бүх барилгуудтай адил) газрын зөвшөөрөл авч хадгалаад одоо БОАЖЯ-наас уг зөвшөөрлийг цуцалсныг мэдэнгүүтээ нуувчнаасаа гарч давшилтанд орсон хэрэг. Тэнд хөшөө дурсгалд мөнхөрсөн зөвлөлтийн дайчид дуугарах биш…

Үүнийг мэдсэн мэргэжлийн хяналтын байцаагчид очиж ажлаа зогсоохыг шаардан, улмаар хэвлэл мэдээллийнхэн шавж бөөн шуугиан дэгдлээ. “Собт трэйд” компанид Зайсангийн энгэрт барилга барих зөвшөөрөл байхгүй, байх ч ёсгүй ажээ. Гэсэн ч тэд том самбар, газрын диваажин байгуулах гайхамшигтай төсөл, хөрөнгө оруулалтын 20 сая доллар, бас зураг төсөлд зарцуулсан 2 сая доллар гэсэн сүрдмээр тоонуудаар гайхуулах, шантаажлахыг хослуулж гарлаа.

Хачирхалтай нь 6-р сарын 16-ны Лхагва гаригийн орой манай хэдэн “том” телевиз “Собт трэйд”-ийн охин телевизүүд шиг аашлав.

МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр:

Оршин суугчид нь нэг саяас давж дэлхийн томоохон хотын жагсаалтанд багтсан хэдий ч Улаанбаатар хотын иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх нэг ч газаргүй өнөөдрийг хүрч байгаа юм. Байгаа ганцад нь Зайсан толгой тооцогдож байгаа ч асдаг гэрэлгүй, суудаг сандалгүй, хогондоо дарагдсан байдалтай өдөр хоногийг өнгөрөөж байна. Энэ байдлыг өөрчлөхөөр “Собт трэйд” компани 10 сая долларын хөрөнгө оруулалт бүхий цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа холбогдох шаардлагатай бүхий л баримт бичгээ бүрдүүлээд шаваа тавьж ажлаа эхлэх гэтэл гэнэт л түүх, соёлын дурсгалт газар гэсэн шалтгаанаар Байгаль орчны яам зөвшөөрлийг нь цуцлахаар болжээ. Гэтэл Боловрсол, соёл, шинжлэх ухааны яамнаас өгсөн албан бичигт манай улсын түүх соёлын дурсгалт газрын жагсаалтанд байдаггүй гэдгийг дурдсан байна. Энэ бүхий эцэст бүтээн байгуулалтын том ажлын зөвхөн бэлтгэлийг нь хангахад 2 сая гаруй долларын зардал гаргачихаад байгаа “Собт трэйд” компанийнхан хохироход хүрээд байна.

“Зайсан” соёл амралтын цогцолбор төслийн менежер Э.Даваадорж

- “Собт трэйд” компани 2005 онд Байгаль орчны яамнаас зохих журмын дагуу энд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрлийг аваад Байгаль орчны урьдчилсан үнэлгээ гэх мэтчилэн шаардагдах бүх бичиг баримт, судалгаа шинжилгээний ажилдаа орж өнөөдрийг хүртэл энэ төслийг урагшлуулахаар хүч зав гарган зарцуулах ажиллаж байна. Энд байшин барилга барихад зүгээр нэг өнөөдөр зөвшөөрлөө аваад маргааш барьчихдаг асуудал биш.

Мянганы зам, Чингэсийн хөшөө гээд монголчуудын бүтээн байгуулалтын томоохон төслүүд амжилттай хэрэгжиж өнөөдөр бид үр дүнг нь хүртэж байгаа ч тухайн үедээ ямар их хэл ам дагуулж болохгүй бүтэхгүйгээр нь дуудаж байсныг үзэгч та бүхэн санаж байгаа. Тэгвэл тухлаад суучих сандалгүй, нар хаах саравчгүй Зайсан толгойд үндэснийхээ түүх соёлыг илтгэн харуулсан, өөрөөр хэлбэл байгалын түүхийн болон угсаатны цогцолбор, усан оргилуур бүхий ногоон байгууламжийг барьж байгуулах энэ төслийг эхлүүлэхэд яагаад ийм их хүнд суртал саад бэрхшээл тулгараад байгааг “Собт трэйд” компанийнхан ойлгохгүй байна.

Зайсан соёл амралтын цогцолбор төслийн менежер Э.Даваадорж

- Бид хууль дүрмийн дагуу барилга эхлүүлэх зөвшөөрлөөс эхлүүлээд газрын лиценз бүх юм хууль дүрмийн дагуу явж байсан. Газрын зөвшөөрөл ном журмын дагуу төлж ирсэн. Түүнээс гадна энэ цогцолбор, энэтэйгээ хамааруулж бид зөвхөн байшингаа бариад зогсохгүй энд усан оргилуурын төв ногоон байгууламж, энэ бүх зураг төслийг цогц байдлаар шийдсэн байгаа.

Зайсан толгойд Монгол-Зөвлөлтийн найрамдлын билэг тэмдэг учраас одоо байгаа хөшөө дурсгалыг шинэчлэх засварлаж арчлалт хамгаалалтыг нь хариуцах үүргийг ч тус компанийхан өөрсдөө үүрсэн байна. Түүнчлэн одоогийн байдлыг нь хадгалах үүднээс маш бага хэмжээний гадсан суурийн ухалтыг хийж байгаль экологид хохирол учруулахгүй байхаар төлөвлөжээ [Сурвалжлага төгсөв]

Үнэхээр тийм үү? Яаж мэдэж байна аа? Хэрвээ сурвалжлага цааш үргэлжилсэн бол “Собт трэйд”-ийн тухай шүлэг дуунд шилжих байсан биз.

Харин уг асуудалд өөр тайлбар өгсөн мэргэжлийн хяналтынхныг ор тас “мартсан”-аа санаж хаяагаа манахаар шийдсэн үү, эсвэл “Собт трэйд”-эд улам илүү таалагдахийг хүссэн үү, дахиад нэг сурвалжлагыг бэлтгэж маргаашийн “Цагийн хүрд”-ээр үзүүлэв. Ингэхдээ мэргэжлийн хяналтын байцаагчийн ярианаас “Собт трэйд”-тэй холбоотой хэсгийг бүрэн хассан төдийгүй өмнөөс нь “Зайсанд баригдсан өндөр барилгуудыг монголын төр буулгаж чадахгүй” хэмээн барьцаж, бас тэнд газар авсан “Жигүүр гранд” (хэд хоногийн өмнө өмөөрөөд байсансан), Мантууш зэрэг компаниудын нэрийг дуудан дахин барьцаж өгөөд “одоо бол өнгөрсөн” гэсэн дүгнэлтээр төгсгөв.

“Собт трэйд” ялна гэсэн үг. Энэ нь Зайсангийн баруун бэлд томоос том хашаа хатгаад чимээгүйхэн хүлээж суугаа нэр нь үл мэдэгдэх компаниудад “урагшаа” гэсэн дохио юм. Хэрвээ мэргэжлийн хяналтын ирж элдэв юм ярьж шуугиан дэгдээвэл тэд МҮОНТ тэргүүтэй телевизүүдтэй “тулж ажиллах”, бас хажууханд нь ордонгоо барьсан Үндсэн хуулийн цэцтэй барьцахаа мэддэг боллоо. 

Мөн МҮОНТ-ийн зэрэгцээ TV9, TV5 телевизүүд бараг ижилхэн сурвалжлагуудыг үзүүлсэн юм.

Зайсан толгой бүслэлтэнд оржээ. Хажуу бөөрнөөс нь барилгын компаниуд, хаа холоос телевизүүд галлаж байна.

“Собт трэйд” компани энэхүү самбартаа амалснаас үзэхүл, “Зайсан соёл амралтын төв” баригдсанаар Зайсангийн амны бусад бүх барилга алга болж онгон дагшин байгаль сэргэнэ. Ганцхан Зөвлөлтийн дайчдын хөшөө цогцолбор үлдэхийг зөвшөөрчээ. Гэхдээ цаадуул нь эргэж барьцаад буцаагаад барилгаар  дүүргэж л таарна.

P.S: Собт гэж Зайсан бол С.ОтгонБаярын Толгой гэнэ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 7 Comments »

Ханан хэрмэн дэх цоорхойнууд

Posted by tseren on 2010/06/16

Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр саяхан хана хэрэмний тухай нийтлэл бичсэн гэнэ. Бичихээс ч өөр аргагүй. 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаад намдаа гоморхож олон юм ярьсан тул МАХН нь хүртэл түлхэж гаргаад өмнүүрээ хана босгочихсон. Гэхдээ тэр хананд TV9 телевиз гэдэг овоо том цоорхой үргэлж байхын хажуугаар олон нийтийн телевиз сэм сэмхэн цоорч өгөөд байна.

Өнгөрсөн өвөл, хавар Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын удирдсан “Хөдөөгийн хөгжлийн төв” төрийн бус байгууллагаас малчдад тусалсан, Тужийн нарсанд мод тарьсан зэрэг арга хэмжээ бүрийг алгасалгүй сурталчиллаа.

6-р сарын 1-нд Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр хүүхдүүдтэй хамт төрсөн өдрөө тэмдэглэснийг үзүүлсэн ба 9-ны үдэш энэ үйл явдлаар бэлтгэсэн “Бидний мөрөөдөл” тусгай нэвтрүүлэг гаргав. Маргааш нь Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр Баян-Өлгий аймгийн мөнх цаст Сайр хайрхны оргилд 58 уулчинтай хамт амжилттай авирсан тухай сурвалжлага түүний яриатайгаар нэвтэрлээ. Араас нь Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр нутгийн иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонссон болон Толбо сумын малчныд зочилсон тухай сурвалжлага ….

“Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч” гэдэг албан тушаалтай хүний ажил их.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 4 Comments »

“Ярилцъя” биш “Пиардая”

Posted by tseren on 2010/06/14

Ням гаригийн үдэш 19.30-аас МҮОНТ хөтөлбөртөө “Нүүр тулсан яриа” шууд ярилцлага оруулж сэтгүүлч Ц.Мөнхтөр “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүтэй ярилцлаа. Ноднин Олон овоотын лицензийг “Монгол газар”-ын Мянганбаяраас авч асар их нөөцтэй алтны ордыг эзэмшсэн мөртлөө өрийг нь дараа төлөхөөр даналзаж байгаа тэрбээр олон нийтийн телевизийг хүссэн цагтаа захиалдаг болсны ээлжит нотолгоо энэ. Хэдэн зуун тэрбумыг зээлдүүлсэн тал таг дуугүй болсны учир начир манай сэтгүүлчдийн ухаж төнхөх ёстой ганц асуудал билээ.

Хөтлөгч эхлээд “Жаст” компани монголчуудын бахархал, төгс төгөлдөр компани болох, компанийн засаглал, бизнесийн хариуцлага, ам ажлын зөрүү энэ тэрийг асууж хэсэг нялуураад эрхэлдэг бизнесүүдийг нь нэг нэгээр магтуулав. Нефть бүтээгдэхүүний оруулдаг, мах бэлтгэдэг, Хадгаламж банкийг хувьчилсан, мэдээж Олон овоотын лиценз хэрхэн авсан тухай байлаа. Урьд нь ярилцаж сайтар бэлтгэжээ. Дараа монгол бахархалын тухай буюу Жастаар бахархсан асуулт. Төгсгөлд нь “Монголын төр бизнес эрхлэгчдэд хэр тус болж байна аа?” гэж төрийн дарамт шахалт, хөөрхий Батхүүгийн зовлон зүдгүүрийг яриулж тал засахыг оролдсон боловч цаадах нь бөөрөнхийлөөд өнгөрөв. Ийм том луйврыг зүгээр өнгөрөөсөн төрийг яаж муулахав.

МҮОНТ-ийн сэтгүүлч  Мөнхтөр нэрлээгүй л болохоос биш “Пиардая” нэвтрүүлэгтэй болох нь. Түүний Бямба гариг бүр хөтөлдөг “Ярилцъя” нэвтрүүлэг хүртэл пиар тал руугаа яваад байдаг …

P.S: Өнгөрсөн Бямба гаригт бас “Энержи ресурс”-ийн захиалгат нэвтрүүлгийг бэлтгэж хөтлөөд амжжээ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

C1-ын монополь

Posted by tseren on 2010/06/13

Хэцүү юм болж байна. Улаанбаатарт ямар ч олимп, тэмцээнийг хүлээж аваад орчуулгатайгаар үзүүлж чадах арав гаруй телевиз байсаар байтал Өмнөх Африкт эхэлсэн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ганцхан C1 телевиз үзүүлж байна.

C1 баталгаатай хийжээ. ФИФА-гаас эрх аваад (Өмнөх дэлхийн аваргынхаас гурав дахин их мөнгө төлсөн гэнэ) Улсын мэргэжлийн хяналтын газар, Оюуны өмчийн газраар дамжуулан бусад бүх телевизэд сануулга өгүүлж энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээний дүрс бичлэгийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр зөвхөн С1 телевиз цацахыг анхааруулжээ. Бас том компаниудыг энэ талаар бусад телевизүүдтэй хамтран ажиллахыг хориглосон тул АПУ, MCS мэтийн шар айрагны кампаниуд энд тэнд асар байгуулж том дэлгэцэн дээрээ C1-ыг гаргахаас өөр арга үлдсэнгүй.

Энэ байтугай тэмцээнд хамаг юмаа хаяад доргидог телевизүүд чив чимээгүй байх нь өрөвдөлтэй. 11-ны нээлтийн ёслол болоогүй юм шиг кино үзүүлцгээв. Тоглолтуудыг дүнг хулчийсэн мэт хальт мэдээлээд өнгөрлөө. Олон нийтийн телевиз Өмнөд Африк- Мексикийн тоглолтын мэдээг бүр фотогоор харууллаа. TV9 телевиз “Хөөрхөн төрөх албагүй”-гээр тайвшруулж, хааяа өмнөх аваргын шилдэг голуудыг тоймолно. Хөтлөгч Балжинням нь C1 рүү түр “урважээ”. (Харин өнөөдөр хаачив?)

Хамгийн олон үзэгчтэй (өөрсдийнх нь хэлдэг үнэн бол), орон нутагт ганцаараа шууд цацагдаг, спортын мэдээллийн том албатай гээд C1-ээс хамаагүй илүү боломжтой МҮОНТ энэ эрхийг авч чадаагүй гэдэг харамсалтай. Хэдэн сарын өмнөөс үзэгчид бүр хөдөөнөөс утасдаад анхааруулаад байсан гэдэг. Эсвэл эрх худалдаж авах хэдэн мөнгө дутав уу?  Ингээд МҮОНТ-ийн спортын алба нь АСА циркийн арын зүлгэн дээр байгуулагдсан “Африк 2010″ хөл бөмбөгийн төв асартай “хамтран ажиллаж” тэнд юу болж байгааг үе үе сурвалжлахад нөгөө C1 гарч байх …  

ФИФА-гийн дүрэм журам ямар байлаа ч  манайх жижиг улсын хэдэн телевиз мөнгөө нийлүүлээд дундаа нэг эрх авч болоогүй юм байх даа?  Телевизүүдийн холбоо хаана байв?

P.S: Дөнгөж сая TV9-ын Инфо сүлжээгээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төв талбайд байрлуулсан 4 х 6 метрийн хэмжээтэй LED дэлгэцийн нээлтийн ёслолоос хийсэн сурвалжлага үзүүлэв. Аймгийн Засаг даргын орлогч ярихдаа тус аймгийн залуучууд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хамтдаа үзэх боломжтой боллоо гэв. Ямар сувгаар гэдгийг хэлэх илүүц биз.  Даанч тэр талбайд сандал байтугай суучихаар юм харагдаагүй. Нэгмөсөн сандал ширээтэй, гэхдээ задгай асар байгуулж өгөөсэй. Аймгийнхаа хэдэн баарны эзэд рүү дохивол яасан түргэн хийх бол …

Posted in C1 телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 7 Comments »

МҮОНТ-ийн “Хурлын хүрд”

Posted by tseren on 2010/06/08

2010 оны 6-р сарын 7-ны  Даваа гаригт МҮОНТ-ийн Монголын мэдээ” агентлагийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлсэн мэдээ, сурвалжлагууд бараг бүгд ямар нэгэн хурал, семинар, уулзалт ярилцлагаас хийсэн байхыг анзаарав. Хөдөөнөөс бэлтгэсэн сурвалжлагууд хүртэл хурлын сэдэвтэй. Ганцхан хурал биш байсан нь сурталчилгаа байв.

1. УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны тухай хэвлэлийн хурлаас хийсэн сурвалжлага. Төсвийн тодотголыг хэлэлцжээ. Ч.Сайханбилэгийн яриа.

2. УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдааны тухай хэвлэлийн хурлаас хийсэн сурвалжлага. Таван толгойн асуудлыг хэлэлцжээ. Д.Лүндээжанцангийн яриа.

3. УИХ дахь АН-ын бүлгийн ажлын хэсэг Тавантолгойн асуудлыг хэлэлцсэн тухай  УИХ-ын гишүүн З.Энхболдын яриа.

4. УИХ-ын дарга Дэмбэрэл Дэлхийн банкны төлөөлөгчдийн хүлээн авч уулзсан тухай сурвалжлага

5. МАХН-ын “Ард түмнээ сонсоё” аяны хүрээнд Эрдэнэт хотод иргэдтэй хийсэн уулзалтаас хийсэн сурвалжлага. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Хүрэлсүхийн хэлсэн үгнээс.

6. “Орон нутгийн хөгжил, олон нийтийн оролцоо” чуулга уулзалт Төрийн ордонд болсон тухай сурвалжлага

6. УМХЕГ-аас хүнсний хяналтын байцаагч нараа 10 хоногийн сургалтанд хамруулж байгаа тухай сурвалжлага

7. УМХЕГ-ыхан байгаль орчныг хамгаалах чиглэлээр сарын аян зарласан тухай хэвлэлийн хурлаас хийсэн сурвалжлага.

8. “Энержи ресурс” компани Ухаа худагийн уурхайн дэргэд нисэх буудал барихдаа нөхөн сэргээлт хийж байгаа тухай сурталчилгааны сурвалжлага.

9. Хүний томуугийн H1N1 вирусын асуудлаар болсон үндэсний зөвлөгөөнөөс хийсэн сурвалжлага. Аймгийн ЭМГ-ын дарга нарын яриа. ЭМ-ийн сайд С.Ламбаагийн яриа. Хойт хөршид хүүхдийн халдварт саа өвчний тухай сэрэмжлүүлгийн ЭМГ-ын ажилтны яриа.

10. Завхан аймгийн эмэгтэйчүүдийн чуулганы тухай сурвалжлага. Аймгийн цэцэрлэгийн эрхлэгч зэрэг эмэгтэйчүүдийн яриа.

11. МҮОНТ-ийн хүүхдийн нэвтрүүлгийн тухай судалгааны дүнг танилцуулсан уулзалтаас хийсэн сурвалжлага. Судалгааны албаны дарга Хурцбилэгийн яриа.

12-. Хөдөөгийн иргэдэд цаг агаарын урьдчилан мэдээлэх шинэ сүлжээг танилцуулах уулзалтаас хийсэн сурвалжлага. Газар тариалангийн эрсдэл судлал ТББ-ын тэргүүн Тогтохын яриа.

Цаашаагаа “Монголын мэдээ” агентлагийн технологийн түнш – Summit Computer Systems компани ба Ойн нөхөрлөлийн тухай сурталчилгааны клипүүд гарав.

Төрийн ордонд болдог хурлууд байтугай яам, агентлагт болсон хурлуудыг сурвалжилж байгаа нь багадаад сүүлдээ телевиз дотроо болсон  хурлуудыг сурвалжлан үзүүлдэг болжээ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Монгол 999-ын нүүр царайнууд

Posted by tseren on 2010/06/05

Хэдэн жилийн өмнөөс гадаадаас ирсэн уул уурхайн компаниуд манай хэвлэл мэдээллээр юу хүссэнээ хийлгэж чадахаа харуулсан буюу ид харуулж байгаа бол одоо үндэсний компаниудын ээлж иржээ.

5-р сарын эхээр Монгол 999 (уруугаа харсан 666) нэртэй компаниудын компани байгуулагдав. Би бодохдоо Тавантолгой (мэдээж Энержи Ресурс, орон нутгийн “Тавантолгой” ХК, бас хэдэн луйварчдын сэмхэн гартаа оруулсан хэсгүүдийг хасаад) монголын ард түмний өмч учраас хүн бүрт 2,7 сая хуваасны нэг ногдоно, харин гадаадын болоод дотоодын компаниуд өрсөлдөөд хэн сайн нь зөвшөөрөл авч хөрөнгөө оруулж нүүрс ухаад бидний хувийг төлнө, хэрвээ ашиг гаргаж чадвал өөртөө үлдээх тухай төсөөлж явлаа.

Харин өчигдөр сүрдмээр нэртэй энэ компанийн захирал Тавантолгойг (эсвэл түүний лицензийг эзэмших компанийг) дөрөв хувааж “Эрдэнэс МЖЛ”, Монгол 999, ард түмэн гуравт эзэмшүүлж үлдсэнийг гадаадын хөрөнгийн бирж дээр зарах ёстой тухай  мэдэгдэв. Тэд ард түмний хажуугаар, дээр нь гарч байгаад “илүү тэгш эрхтэй”-гээр Тавантолгойг эзэмшихээр шийджээ. Харин нүүрс ухах ажлыг гадныхныг авчирч хийлгэнэ.  

Энэ мэт олон эргэлзээ байгаа ч ”Монгол 999” юу хийхээ сайн мэдэж юуны өмнө хэвлэл мэдээллийг бөөнөөр болон ширхгээр худалдан авснаар одоо хүмүүсийн толгойд “Үндэсний компаниудаа дэмжицгээе!” урианаас өөр юм бодогдохыг болиулав. Өдөр тутмын сонинуудаар тэдний төлбөртэй мэдээ, ярилцлагуудын хажуугаар хөндлөнгийн байр суурь цухалздаг бол телевизүүд зөвхөн тэдний дуугарснаар дуугарч байна.

Хамгийн том эргэлзээ бол Монгол 999-ын удирдлагууд. Төлөөлөн удирдах зөвлөлд хамгийн сүүлд гэхэд л Олон овоотын лицензийг бултуулж улмаар нэг банкийг дампуурахад хүргэсэн “Монгол газар”-ын Мянганбаярын нэрийг сонссон хүмүүс толгой сэгсэрч эхэлмэгц “Монгол газар”, Жаст групп компанийн хос мэдэгдэл гарган хэвлэл мэдээллээр, түүний дотор бүх телевизээр төлбөртэйгээр зэрэг цацуулж ЖАСТ-ын Батхүү, “Монгол газар”-ын Мянганбаярын захиалгатай ярилцлагуудаар сонинуудыг дүүргэж намжаав.

МҮОНТ-ын “Хариулахгүй ч байж болно” ярилцлагад Ц.Мянганбаяр оролцов. Ямар ч но-той оролцогч хариулаад л баймаар эелдэг асуултууд … Хүслээ, оролцлоо, хариуллаа.

Сонинууд “Зудад малаа алдсан малчдын банкнаас авсан зээлийг хүчингүй болгоно л гэнэ. Тэгвэл барьцаанд лицензээ тавиад алдаж байгаа “Монгол газар”-ын Ц.Мянганбаярын өрийг бас хэрэгсэхгүй болгох байсан юм биш үү. Малчид яагаад төрийн ивээлд багтаж Ц.Мянганбаяр яахаараа “Ганц худаг”-ийн камерт заларчих гээд байдаг юм бэ. Энэ бүгд арчаатай амьдарч яваагийн торгууль биш үү” гэхчлэн нулимс асгаруулах наад захын хэрэг болов.

“25-р суваг” телевизийн “Ам нээвэл…” нэртэй шинэ нэвтрүүлгээр “Цагаан шонхор холдинг” компанийн ерөнхий захирал Ч.Энхтайван ил гарч хүнд бэрх амьдралаа дурслаа.Гэхдээ хамгийн сонирхолтой нь шорон орон биш “Монгол 999″ байгуулах санаагаа хэдэн жилийн өмнө бодож олсон тухайгаа уушиг нээсэн явдал юм. Бүх юм түүний санаснаар явж таарлаа. 

Монгол 999-ын дараачийн “брэнд” бол Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон “Ажнай” Д.Бат-Эрдэнэ юм. Тэрбээр ард түмэндээ хандахад нь хэвлэл мэдээлэл ямар нэгэн тайлбаргүйгээр индэр болж өгөв. Хэрвээ би эндүүрээгүй бол Тавантолгойг хэдийнэ ухаж байгаа Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн 49 хувийн ихэнхийг бөөн хэрүүлтэйгээр хамсан төдийгүй аймгийн удирдлагыг ерөнхийд нь “мэддэг”, 2008 онд УИХ-ын гишүүнээс буумагцаа аймгийн Засаг даргын зөвлөхөөр өөрийгөө томилуулж төрийн хүний дүрд хувираад “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ын дарга болж байсан Бат-Эрдэнэ мөн байна.

P.S: Саяхан Монгол 999-ын ТУЗ-д ордог С.Одонтуяа нар ярихдаа, “зарим компани 50-60 охин компаниа оруулсныг мэдсэн, иймээс 5-р сарын 11-нээс өмнө байгуулагдсан компанийг бүртгэхгүй” гэжээ.  Хэдэн жилийн өмнөөс Монгол 999-ыг  сэдсэн “сайн эрс” аль хэдийнэ амжуулчихжээ. Удалгүй Хадгаламж зээлийн хоршоо шиг хачин юм болох биз.

Энэ олон захирлууд өөрсдийгөө Монгол 999-ын нүүр царай гэж бодож байгаа юм байх даа…

Тэд гэрчилгээгээ авчээ. Сүүлийн хэдэн өдөр монголын бүх сонин энэ талаар шуугиж байна. Төлбөртэйгээр.

Posted in + ТЕЛЕВИЗ, 25-р суваг телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Улс төр, эдийн засаг | 3 Comments »

“Зам өргөтгөвөл түгжрэл нэмэгдэнэ”

Posted by tseren on 2010/05/30

Өнгөрөгч Бямба гаригт “Монгол үндэстний дууны их наадам. 1-р шатны нэвтрүүлэг” гэж МҮОНТ-ийн хөтөлбөрт зарлагдсан байснаа тэн хагаст нь Хөгжим бүжгийн коллежийн тайлан концерт гарчээ. Universe Best Songs-той өрсөлдөхүйц, тэгэхдээ үндэсний урлагын том шоу хийнэ гэж шоудаад байсан нь бүтээгүй биз. Дараа нь хөтөлбөрт байгаагүй “НУРААЖ ХӨГЖИХ ҮҮ?” нэртэй нэвтрүүлэг гэнэт орж ирэв.

Энэ хавар Баруун 4 замаас баруун тийшхи Энх тайвны өргөн чөлөөг өргөтгөх гэтэл “Жигүүр гранд” компани “Гранд плаза” цогцолбороо барьж ноднин ашиглалтанд оруулахдаа эзэмшсэн газраа хэтрүүлэн машины зогсоол байгуулж түүнийгээ ханаар тусгаарлан явган хүний нарийхан замаас өөр зай үлдээгээгүй тул замын ажил зогсчээ. Ингээд нийслэлийн зүгээс газар чөлөөлж өгөхийг хэдэнтээ шаарджээ.

Шийдэж болох асуудал. Хот төлөвлөлтийг зөрчсөн “Жигүүр гранд” компани алдаагаа засахад хохироод байх юмгүй. Гэтэл тэгсэнгүй. Эхлээд түрээсээр орсон байгууллагуудыг турхирч хэвлэлийн хурал хийлгэж, дараа нь бүр тэгэхээс тэгэх гэж олон нийтийн телевизийг хөлслөн авсэн нь энэ нэвтрүүлэг юм.

“Жигүүр гранд” компанийн ерөнхий инженер, бас тус барилгын архитекторч хоёр “Энэ бол ноднин шагнал авсан гоё барилга… төв зам энэ хэсэгтээ нарийхан байг л дээ…. замын ачаалал дандаа ийм их байхгүй… хэдэн жилээс багасаад машинууд чихэлдэхгүй болно… нийслэлд өөр явах замууд байгаа ” гэх мэтээр хачин тайлбар хийв. Мэргэжлийн ёс зүйгээ умартан хот төлөвлөлтийг нулимсан хүмүүс арьсаа ингэж хамгаалдаг юм байна.

Логогүй микрофон барьсан сэтгүүлч эмэгтэй “Гранд плаза”-д өрөө, талбай түрээсэлдэг учраас эздийнхээ эрхэнд байдаг хүмүүсийг “Өмчлөгчид ярьж байна”, гудамжинд яваа хүмүүсийг иргэдийг “Иргэд ярьж байна” нэрээр баахан ашиглав. Ингэхдээ “Энэ барилга сайхан байна уу?”, “Нэгэнт бүтээн байгуулсан юмыг нураах буруу, тийм ээ?” гэж зальдахад цаадуул нь мэдээж “Яасан гоё барилга вэ!”, “Бүтээн байгуулсныг нурааж болохгүй ээ” гэхгүй хаачихав. Угтаа барилгыг огт хөндөхгүй зөвхөн машины зогсоолоо хэдэн метрийг арагш татах тухай юмсан.

Сүүлдээ сэтгүүлч өөрөө баримжаагаа алдаж “Бүтээн байгуулалтыг ингэж сүйтгэж болох уу? Эвдэж сүйтгэснээр замын түгжрэл багасгана гэж үү? Замын түгжрэлийг багасгахын тулд зам өргөтгөх нь зөв үү? Үүний оронд жолооч нарыг соёлжуулах, утаанд байгаа хорт элементүүдийг багасгах зэргээр гарц олоосой” гэж дэмийрсээр нэвтрүүлгээ дуусгалаа.

Төгсгөлд нь “2010 он” гэснээр өөр нэр хаяг байгаагүй. Баян компанийн гар хөл болж яваа хөөрхий сэтгүүлч ичихдээ нүүрээ нуусан бол ийм хөгийн нэвтрүүлгийг олон нийтийн телевиз огт ичихгүйгээр цацсан байх юм.

    

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

Захиалгыг шууд биелүүлэв. Гэхдээ сэмхэн.

Posted by tseren on 2010/05/11

Өнөө орой МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлсэн “Хөшөөтийн уурхайд Мо Эн Ко компани төсөл хэрэгжүүлснээр нааштай өөрчлөлт гарч байна” хэмээсэн оршилтой сурвалжлага нь shuud.mn сайтын сэтгүүлч Ж.Батхишигийн бэлтгэсэн, хэн нэгэн сүүлийн хэдэн өдөр арилжааны сувгуудаар захиалан цацуулж байгаа, “Мянган угалз” ОНАҮГ-ын захирал Д.Энхболд, аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, Хөшөөтийн уурхайн ажилтан С.Давааням нарын хүмүүсийн яриа сэлтээс бүтсэн захиалгатай сурвалжлага бараг тэр чигээрээ байх юм. “Цагийн хүрд”-ийн титрийг зүүж өөрийн болгоод орон даяар цацаж өглөө.

Сүүлийн үед “Өнөөдөр” сонин Ховд аймгийн Хөшөөтийн орд газрын асуудлыг “шефэлж” аваад түүнийг стратегийн орд газрын жагсаалтад оруулахыг уриалсан цуврал өгүүлэл нийтэлсэн бол нутгийн иргэд Улаанбаатарт ирж хэвлэлийн хурал зарлан дээрх саналыг дэмжсэн билээ. Маргаж мэтгэлцэх, улмаар шийдэх ёстой асуудал мөнөөс мөн. Үүний тулд бололтой УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ц.Шинэбаяр нар Хөшөөтөд очиж танилцаад “Хариуцлагатай уул уурхайн загвар дүр зургийг Хөшөөтөөс олж харлаа” гэсэн магтаалтай ирснээр Мо Эн Ко-гийн сурталчилгааны кампанийг хэвлэл мэдээллээр эхлүүлэв. Сонинуудаар Хөшөөтийн их бүтээн байгуулалтын талаар төлбөртэй нийтлэл, ярилцлагууд хөвөрч “Зууны шуудан”-гийн Б.Ганчимэг зэрэг хүнд гарын сэтгүүлчид “Хөшөөтөөс ирж буй сайн мэдээ”-нд гэнэтхэн баясдаг болж, харин телевизүүдээс C1, сайтуудаас Шууд.мн Ховд руу сэтгүүлч Ж.Батхишигийг томилон явуулсны ачаар бүр дуу дүрстэйгээр баясаад зогсохгүй эсрэг байр суурьтай нөхөд рүү “Ховдчуудын аманд орсон 400 саяыг хонзонгоороо булаах сонирхол…” гэх мэтээр уурсаж байна. 

Ингээд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, C1 телевизийн эзэмшил, анх тус телевизийн зөвлөх гэж байсан, одоо shuud.mn сайтын хөрөнгө оруулагч хэмээн яригддаг Монгол банкны дэд ерөнхийлөгч, бас МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Н.Золжаргал гэх мэтээр бүгд холбогдсоор “Цагийн хүрд”-ийн захиалгат сурвалжлага болон хувирчээ.

Posted in ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Дарга дагахуй

Posted by tseren on 2010/04/30

Өнгөрсөн өвлийн зуднаар МҮОНТ-ийн “Монголын мэдээ” агентлагийн сурвалжлагчид зөвхөн УИХ-ын гишүүд, сайд дарга нарын дулаан нөмөрт хөдөөг зорьж байсныг буруутгаад яахав. Хэрвээ MNB гэсэн гурван үсэгтэй цагаан машин цасанд суучихвал аврах ажиллагаа явуулахад наад зах нь үзэгдэхгүй бөөн төвөг удна. Зөвхөн дагаж явсны ачаар жишээлбэл Балдан-Очир гишүүн Завхандаа очоод бөөн өвс тэвэрчихсэн тойргийнхоо үхэр болгонд дөхүүлж өгснийг түүхэнд үлдээж чадсан билээ.

Харин цас ханзарч эхлэнгүүт “Цагийн хүрд”-ийнхэн дөрвөн зүгт бутран одож аймшигт өвлийг арайхийн давсан малчдын амьдралын дүр зургийг тэр чигээр нь татаад авчрах болов уу гэтэл …

Даваа гаригт Булган аймгийн ИТХ дахь Ардчилсан намын хэсэг гишүүд Засаг дарга М.Оюунбатыг огцруулах шаардлага тавьж, нөгөөдөх нь зөвшөөрөхгүй тэмцэлдэж байгааг газар дээрээс сурвалжлан үзүүлэв. Тус аймагт улс төрийн нөхцөл байдал хурцадсан тул АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат Булганыг зорихдоо МҮОНТ-ийг дагуулжээ. 

Мягмар гаригт “Булган аймгийн ажил амьдралын тухай үзүүлье” гэж зарлаад Д.Эрдэнэбат даргын Булган аймгийн зарим сумдад иргэд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтуудыг харуулжээ. “Хоёр хүчин” нийлсэн явдал зөв гэдэг нь харагдаж байна” гэх мэт иргэдийн яриа. Мэдээж Эрдэнэбат даргын лут дүгнэлтүүд бүхий яриа. Төр засагт хэлж арга хэмжээ авахуулах ажээ.

Лхагва гариг. Д.Эрдэнэбат дарга нийслэлдээ буцаж ирээд Булган аймагт очиж ажилласан тухайгаа мэдээлсэн хэвлэлийн хурлаас сурвалжлав. Түүний ярианы хэсэг. Дагаж яваад ирсэн нь багаджээ. 

Ойрдоо эрхбиш дулаарсан болохоор олон нийтийн телевизийнхэн хөдөөг зорих нь нэмэгдсэн ч Сэлэнгэ аймагт болсон газар тариалангийн, эсвэл Өмнөговьд болсон уул уурхайн “урилгатай” арга хэмжээнүүд зонхилжээ. Хөдөөд тусгайлан зориулсан ганц нэвтрүүлэг – “Эргэх дөрвөн цаг”-ийнхан хүртэл “Тогтвортой амьжиргаа-2” төслийнхнөөс салахаа больж тэднийг бараадан хөдөөгүүр айлчилдаг ажилтай болов. 

Саяхан нэг сурвалжлагч нь гэнэт Ховд аймгийг зорьж тэнд явж байсан Монгол улсын гуравдахь Ерөнхийлөгч, “Хөдөөгийн хөгжлийн төлөө” ТББ-ын тэргүүн Н.Энхбаяр гэдэг хүнтэй “санаандгүй” тааралдан ярилцлага авч үзүүлэв. Тэрбээр хөдөөгийн малчдын амьдрал, төр засгаас ямар арга хэмжээ авах шаардлагатай, бас замд гараад 3 дахь хоногтоо явж буйгаа хэлээд хоёр сумын зааг дээр явахад нь гүү унагалсан бэлэг дэмбэрэлтэй учралыг өгүүлэв. Дээрхэн үед сайн хүмүүс хөдөө нутагт дандаа бороо дагуулж ирдэгсэн…

Ер нь манай олон нийтийн телевизийнхэн дарга (одоо бүр намын жижиг сажиг даргыг) дагахгүйгээр, бас төсөл, хөтөлбөр, элдэв ёслол бараадахгүйгээр өөрсдөө хөдөө явж болдоггүй юм байх даа? Одоо даарахгүй шдээ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Ламбаа сайдын концессын нэвтрүүлэг

Posted by tseren on 2010/04/13

Ядарч зүдрэн тусламж эрсэн хүмүүсийн тухай телевизээр байн байн гардаг. МҮОНТ энэ удаад элэгдэж муудаад өнөө маргаашгүй болсон хуучин гэмтлийн эмнэлэг буюу түлэнхийн төвийн барилгын тухай “Гэмтэлтэй гэмтэл” нэртэй сэтгэл өвдмөөр нэвтрүүлэг үзүүллээ. Хандивын данс нээсэн ч болмоор санагдав. 1950, 60-аад онд баригдаж 1986 оноос хойш огт засвар хийгээгүй учраас хана туурга, тааз нь нурж ховхорсныг дүрсээр харуулж дарга, эмч нар нь төдийгүй эмчлүүлэгчдээр батлан яриулав. 4-р сарын 28-нд газар хөдлөхөд шууд нурах гэнэ. УМХГ-аас ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг аль эрт гаргасан юм байна.

Яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэсэн үг. Харин дараачийн яриануудаас үзвэл хариуцсан яам нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа төдийгүй юу хийхээ төлөвлөчихсөн ажээ.

Уг төвийн харьяалдаг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал С.Отгонгэрэл, энэ барилгын оронд орчин үеийн иж бүрэн эмнэлгийн 4-5 давхар барилга барих санал тавьсан, манай яамны удирдлага 2010 оны төсвийн тодотголд оруулж өгье гэж байгаа гэв.

Харин Эрүүл мэндийн сайд С.Ламбаа дараачийн аргыг бодоод олчихжээ. Түүний яриа: Газрын өмчлөл нь манайд байж байгаа учраас би үүнийг 4-5 давхар нөхөн сэргээлтийн эмнэлэг болгож хувиргах ийм төсөл хийлгэж байгаа. Өөрөөр хэлбэл зураг төсөл хийлгэж байгаа… ГССҮТ-ийн өргөтгөл рүү оруулчихья гэж бодож байсан чинь доод талын инженерийн шугам сүлжээ нь даахгүй гэсэн хариу ирсэн учраас яг энэ байршил дээр нь энийг нураагаад оронд 4-5 давхар ийм нөхөн сэргээлтийн гэмтлийн төв байгуулья гэсэн ийм зураглал хийж байгаа… Тийм учраас цаашдаа концессын хуулиар олон улсын байгууллагын хөрөнгөөр, аль эсвэл концессын хуулиар барих, шилжүүлэх боломжтой компанид энэ газрыг нь өгөөд энэ дээр ийм барилга бариачээ гэсэн төсөл боловсруулаад ирэх жилээс эхлүүлэхээр бэлтгэж байна.

Нэгэнт шийдчихсэн юм бол нулимс дуслуулах хэрэг байна уу? Нурааж газрыг нь булаахад олон нийтийн санаа бодлыг бэлтгэж МҮОНТ-д захиалсан бололтой.

Сүүлийн хэдэн жил хотын төвийн хамаг газрыг хуваарилж дуусаад одоо муу нэртэй хуучин барилгууд руу орж байгаа нь энэ. Ямар ч барилгыг 24 жилийн турш засаагүй бол эмтэрч л таарна. Харин цаг хугацаанд нь засаж тордоод байвал хоёрхон давхар, өвөрмөц, магадгүй ямар нэг хэмжээгээр түүхийн дурсгал байж мэдэх энэ барилга дахиад 100 жил ч оршино. Энд заавал эмнэлэг байх албагүй. Түлэнхийн (бас хөлдөлтийг эмчилдэг) шинэ төвийн барилгыг зөвхөн хотын төвд чихэх биш, нийслэлийн захын хороололд жирийн иргэддээ ойртуулан байгуулж яагаад болохгүй гэж? 

Үүний оронд эмтэрч ховхрохыг нь “бахдан” харж нэг ёсны үзүүлэн, шоу болгож гутаагаад, одоо нэмж газар хөдлөлтөөр айлгаж байгаад нурааж концесс гэдэг гоё үгээр халхлан “боломжтой компанид” өгөх юм байна.

Уг нь зураг төсөл хийлгэж байгаа гэх 5-6 давхар эмнэлгээ ядахдаа хажууд нь зэрэгцүүлээд барьж болох. Даанч эргэн тойрны бүх газар, өвчтөнүүд салхилдаг томоос том цэцэрлэгийг хүртэл булааж зараад өндөр барилгуудаар хүрээлүүлж хэдийнэ амжсан билээ. Одоо “хуучин гэмтэл”-ийг өөрийг нь нураана…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 3 Comments »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 41 other followers