АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз’ Category

Гишгэх газаргүй хүүхдүүд …

Posted by Бичигч on 2011/06/03

6-р сарын 1 бол Хүүхдийн баяр, бас хүүхдийн паркт очиж тоглодог өдөр. XX зууны 1960-аад оны төгсгөлөөр (хэрвээ би андуураагүй бол 1967 онд) тогтсон энэ уламжлал дөч шахам жил үргэлжилсний дараа гэнэтхэн хэдэн жил тасарснаа сэргэж байгаа нь энэ үү?

Олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” хөтөлбөр Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн нээлтийг сурвалжлахдаа шадар сайд М.Энхболдын “Би нийслэлийн Засаг дарга байхдаа Соёл амралтын хүрээлэнг шинэчлэх хөтөлбөрийг 2004 онд батлуулсан. Өнөөдөр шинээр нээгдсэн тоглоомуудыг хараад сэтгэл хөдөлж байна” гэсэн үгийг онцолж сэтгүүлч нь урьд энд тэнд дугаарлаж зовдог байсан хүүхдүүд өнөөдөр паркдаа сайхан тоглож байгааг бахдав.  Харин NBS телевизийн мэдээллийн хөтөлбөр арай өөр дүр зураг харагдаж, паркийн нарийхан төмөр хаалган дээр хамгаалагчдад хоригдсон хүмүүс дайран орж байх юм.

Улаанбаатарын орон сууцнуудын дундах хамаг тоглоомын талбайг ширхэгчлэн гарын үсэг зурж үгүй хийсэн  М.Энхболдын баясах нь аргагүй. Нийслэлийн төвийн 35,7 га газрыг “Бодь” группийн мэдэлд зугуухан хувьчлах зам шулуудсан төдийгүй Хүүхдийн паркийг устгасан нүгэл нь цайрч эхэлсэн учраас тэр. Монголын Диснейланд байгуулна гэж хөөргөн бөөн хүлээлт үүсгээд одоо нийт талбайн зөвхөн гуравны нэгд хүрэхтэй үгүйтэйд хэдэн тоглоом суурилуулсны эцэст амсуулсан хэрэг.

Үндэсний соёл, амралтын хүрээлэнг газартай нь зувчуулахын тулд эхлээд Японы “Иточу”-тай хамтарч шинэчлэнэ хэмээн хоёр, гурван жилийн турш мэхэлсэн. Хэдэн арван тэрбумын газар, барилга байгууламжийг ямар ч тендер, төсөл, сонгон шалгаруулалт, ил тод танилцуулга, хэлэлцүүлэггүйгээр “Бодь”-д шилжүүлээд нийслэлийн төсөвт юу орсон бэ? Чухам юу ч оруулахгүйн тулд 26 :74-өөр Улаанбаатар хот -“Бодь” группийн хамтарсан компани байгуулжээ. Энэ бол Энхболдын ичгүүр сонжуургүй хувьчлалын шалгарсан арга. Анх 100 хувь нийслэлийн өмч байсан “Улаанбаатар” банк, “Улаанбаатар” даатгал”,  “Тэнгэс”  кинотеатр,  бүр төрийн наадам хийдэг Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл яг энэ замаар хувьчлагдсан буюу зам нь шулуудаад байна. “Улаанбаатар таймс” сонин, UBS телевиз, “Улаанбаатар радио”-гийн шошго зүүлгэсэн барилгууд шиг  менежментийн хувьчлал гэгчээр халхлахыг оролдоо ч үгүй.  Хэт ил, хэт том газар учраас тэр.  Удалгүй Диснейландын нэртэй тоглоомуудыг өч төчнөөн сая доллараар авч хөрөнгө оруулснаар түрээ барьж “Бодь” группийн хувь 100 болно. 

Өнөөдөр хүүхдийн паркийн газрын үлдсэн гуравны хоёрыг хэн ч нэхэхээ больжээ. Энд тэндээс нь эмтэлж “ориг” Шангри-Ла (MCS), Мон-Уран,  Сөүл ресторан, бас нэр үл мэдэгдэх компанид хүртээгээд амжсан, харин үлдсэн зай талбайг “Бодь-ийн элдэв барилга байгууламжууд дүүргэнэ, гагцхүү биднийг Хүүхдийн парк ийм жижигхэн гэдэгт дасахийг л хүлээж байгаа.

Багачуудад Диснейланд нэртэй өндөр үнэтэй хэдэн тоглоом хэрэгтэй байх. Гэхдээ 1967 онд хагас сая байсан, одоо сая давсан хүнтэй болсон нийслэл Улаанбаатар хотод бяцхан төдийгүй том иргэдэд зүлэг мод, амарч  суух сандал бүхий цэцэрлэгт хүрээлэн хэд дахин илүү хэрэгтэй. Үүнийг ахмад үе маань мэдээд 40 гаруй жилийн өмнө хотынхоо төвд сэлүүхэн парк байгуулж үлдээсэн. Цагийн эрхээр хуучирч хоцрогдсон түүнийг өөд татахын оронд хэд тасчаад үгүй хийчихэв.

Энэ жилийн хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай дээр багтаж ядсан олон хүүхэд багширч өнгөрүүллээ. Гишгэх газаргүй хүүхдүүд…

Posted in Барилга, хот төлөвлөлт, газар, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, NBS | 9 Comments »

“Утсаа салгаад алга болчихсон … “

Posted by Бичигч on 2011/04/24

Төрийн ордонд хуралдахыг хүссэн ч зөвшөөрөөгүй тул UB Palace-ийн концертын танхимд Баасан, Бямба гаригт болсон Бүх ард түмний их хуралдайг TV9 телевизээр шууд дамжуулсан төдийгүй Ням гаригт хамгийн хурц илтгэл, яриаг түүвэрлэн давтаж байна.

Баян-Өлгий аймгийн уугуул, Сэлэнгэ аймгийн суугуул гэх эмэгтэй “Засгаас өгдөг 21 мянган төгрөгийг авахгүй …  Миний хэдэн хүүхдийг ажилтай болгоод өгчих юм бол тэр яриад байгаа сая 500 мянган төгрөгийг сарын дотор олоод ирнэ” гэж мундаг хэллээ.

Зарим оролцогч хэвлэл мэдээлэл, тэгэхдээ голдуу олон нийтийн телевизийг шүүмжлэв.

С.Авирмэд:

–          Би Засгийн газраас зохион байгуулсан уулзалтанд илтгэл тавьсан юм. Гэтэл Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Оюунчимэг  хэвлэл мэдээллийнхнийг танхимаас хөөж гаргаад хаалттай явуулсан. Иймээс тэр илтгэлийг энд дахин танилцуулья.

Л.Цог:

– Манай хуралдайг зөвхөн TV9 телевиз дамжуулж байна. Тэгвэл олон нийтийн телевиз хаана байна аа? Үндэсний зөвлөлийг огцруулах шаардлага тавья… Сая нэг мэдээ авлаа. Ойрын хэдэн өдөр үндэсний телевизийн засвартай гэдэг шалтгаанаар хаах гэж байна. 

Л.Эрдэнэтуул:

– Би МҮОНРТ-ын ерөнхий захирал Наранбаатарт хандаж Бүх ард түмний их хуралдайн ядахдаа нээлтийг гаргаач гэсэн хүсэлт тавихад телевизийн захирал Оюундарьтай ярь гэчихээд хоёулаа утсаа салгаад алга болчихсон. Олон нийтийн телевиз бол ард түмний өмч. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийг огцруулах шаардлага тавья…

Гэсэн ч олон нийтийн телевиз энэ хоёр үдэш Их хуралдайн талаар үзүүлснийг хэлэх хэрэгтэй. Бямба гаригийн “Цагийн хүрд”-ээр  хуралдайг зохион байгуулагчдаас Л.Болд, Г.Уянга нараас ярилцлага авахын (гол үгийг хэлсэн Намбар овогтой Энхбаяр гэдэг хүний дүрсийг ч харуулаагүй. Гэхдээ яахав) хажуугаар гэнэтхэн “Иргэдийн альянс” төвийн тэргүүн Ж.Занаагаар “эд нар бүх ард түмнийг төлөөлж чадах юм уу? Манайд зөвхөн Ерөнхийлөгч, УИХ хоёр л бүх ард түмнийг төлөөлөх эрхтэй… Миний болгоомжилж байгаа зүйл бол төрд дарамт шахалт үзүүлэх…” гэж хажуунаас шүүмжлүүлж, бас сэтгүүлч нь “Яагаад сонгуулийн өмнөх энэ жилд …” хэмээн сануулаад авчээ.

Төр, засаг, эрх баригч намууд, бас компаниудын элдэв арга хэмжээг болохоор хөтөлбөрөө өөрчлөөд ч хамаагүй үзүүлэхэд хэзээд бэлэн, хүсвэл бүхэл бүтэн нэвтрүүлэг бэлтгэж оргил цагаараа цацдаг, ингэхдээ хөндлөнгөөс огт үнэлүүлж дүгнүүлдэггүй МҮОНТ хэдийдээ ингэж олон ургальч болж амжив аа?  Хэн нэгнээр могой бариулах мэргэн арга олж “шударга” загнасан хэрэг.

Даваа гаригт телевизийн цамхагт засвар үйлчилгээ хийхийн тулд МҮОНТ нэвтрүүлгээ 17 цаг хүртэл зогсоох болсон нь Сүхбаатарын талбай дээр зарлагдсан Их хуралдайн үргэлжлэл болон бусад арга хэмжээтэй давхардаж байгааг тохиолдол гэж найдья. Олон нийтийн телевиз саяхан болтол Даваа гаригт өглөөжин, өдөржин амардаг байж билээ. Гагцхүү энэ удаад зогсоо зайгүй зарлаж сүржигнээд байгаа нь “худалч хүний нээрээ нь олон”-г санагдуулчихлаа.

Ням гаригийн үдэш. МҮОНТ-ийн долоо хоногийн тойм хөтөлбөрөөр өнгөрсөн өдрүүдийн чуулган, сайд дарга, албан тушаалтнууд оролцсон албан үйл явдлын сурвалжлагуудаа давтаж, харин Сүхбаатарын талбай дээрх морьтой, гэртэй цуглааныг илт зэвүүцсэн ганц минутын дүрстэй тайлбараар хаав. Иргэд олон янзын байр суурьтай байна гээд гурвыг дурдсаны хоёр нь цуглагсдыг буруутгажээ. Харин гуравдахь нь? Дэмжсэн байж таарна биз? Гэтэл үгүй, “ямар юм болоод байгааг мэдэх юм алга” гэсэн гэнэ. Дөхөж очоод асуучихгүй дээ. Гадаа нэмэх хэмтэй атал иргэний хөдөлгөөнийхөнд хэлэх юм байгаа бололтой хэмээн мангартаж төгссөн энэ тайлбарт нөгөө их хуралдайг дурдсан ч үгүй.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV9 телевиз | 3 Comments »

Олон нийтийн телевизийн “Сая долларын хэрэг”

Posted by Бичигч on 2011/03/22

Саяхан олон нийтийн телевиз атаархмаар шударга загнаж “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн ээлжит сурвалжлагаа  “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өрнөж байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Гансүх, сэтгүүлч Баатархуяг, Уянга нарын маргаан шүүхээр эцэслэн шийдэгдээгүй учраас бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс хоёр талаас хоёулангаас нь ярилцлага авсныгаа үзэгч та бүхэнд хүргэе” гэж эхэллээ.  Өнгөцхөн харахад  үнэхээр хоёр талын яриа ээлжилсэн, гэхдээ анхааралтай ажваас тэр өдөр болсон хэвлэлийн хурал дээр хоёр сэтгүүлчийн хэлсэн (тэднээс ярилцлага аваагүй!) үг, өгүүлбэрүүдийг  Гансүх сайдад “ховлож” байгаад ээлж дараалан няцаалгасан эвлүүлэг байх юм.

Ингэж жүжиг тавьсны шалтгаан гэвэл  3-р сарын 7 ба 9-ний өдрүүдэд МҮОНТ-ээр Баатархуяг, Г.Уянга нарын эсрэг Л.Гансүхийн захиалсан “Сая долларын хэрэг” захиалгат нэвтрүүлгийг хөтөлбөртөө зарлахгүйгээр сэмхэн  нэвтрүүлсэн нь илчлэгдэж бантсаных байжээ.  

Хэд хоногийн дараа иргэний хөдөлгөөнийхөн МҮОНРТ-ийн байранд дайрах шахам орж өргөх бичиг гардуулаад маргааш нь хариугаа авахаар очиход олон нийтийн телевизийн ерөнхий продюссер Лхагвадаш “Бид телевизээр гарах жилийн нэвтрүүлгээ төлөвлөчихсөн байдаг. Тиймээс хэн нэгний захиалгаар хүн гүтгэж нэвтрүүлэг хийнэ гэж байхгүй” хэмээн ярьжээ. Хоёрхон өгүүлбэр хэлэхэд хоёулаа худлаа байгаа биз? Сайд утасдангуут бүтэн жилийн өмнөх төлөвлөгөө будаа, гүтгэлэг бэлэн…

Л.Гансүхийн захиалгат нэвтрүүлгийг хичнээн төгрөгөөр цацсан тухай асуултанд “төлбөр аваагүй” гэжээ.  Иймэрхүү төлбөрийг дараа, бүтэн жилээр, бэлэн бусаар, данс бүртгэлээс гадуур, хувийн журмаар, эсвэл огт мөнгө төгрөг оруулахгүй… гээд олон аргаар өгч авалцдаг. Бас нэг удаад авахгүйгээр гүтгэлцэж өгч болно. Одоо юм нарийн болсон цаг…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Олон нийтийн телевиз МАНлайлав.

Posted by Бичигч on 2011/03/05

Саяын 3-р сарын 1 ба түүний өмнөх өдрүүдэд өдөр тутмын сонинууд, бас сайтуудыг уншихад МАН-ын 90 жилийг, Сүхбаатарыг, хөшөөг нь тойруулан янз бүрээр бичиж байлаа. МАН-ын өнгөрүүлсэн түүх гэж үнэхээр бөөн гавъяа. Бас зөндөө нүгэл үйлджээ. Гэхдээ 20-р зууны түүхийн шуурганаас яаж ийгээд тусгаар улсыг аваад гарсан.

Харин телевиз үзэхлээр 90-ийн тооны ес нь тонгорч цаг хугацаа ухраад МАХН-ын 60 жил болчихсон мэт цорын ганц үнэнээр дүүрсэн байв. Ардын Нам хүслээ шивнэхэд л олон нийтийн  телевиз оройлоод, TV5 удаалж, UBS, “Ийгл” араас нь … унаад өгчээ.

Хоёрдугаар сарын 21-нээс эхлэн МҮОНТ-ээр “Улс төрийн ууган хүч”  нэртэй цуврал баримтат кино үдэш болгоны оргил цагаар гарч  эхэлжээ. Үд, өдөр, орой, үдшийн хөтөлбөр, “Цагийн хүрд”-ээр  гарсан 90 жилийн мэдээ, сурвалжлагуудаар намын баяр угтсан арга хэмжээ, үйл явдлыг зүгээр мэдээлэх нь багадаад “Зарим хүмүүс МАН-ын түүхийг гуйвуулж байхад …” гээд сөрөг сурталчилгаа хийж эхэлсэн шүү. Гагцхүү хэн, хэзээ, яаж гуйвуулсныг хэлж өгсөнгүй. Бас Ням гаригт хөтөлбөрт бичигдээгүй сурталчилгааны нэвтрүүлэг хулгайгаар гарч харагдсан.

2-р сарын 25-нд “МАН-ын дарга нар ярьж байна” цуврал эхэлж эхний өдөр МАХН-ын дарга асан Г.Очирбат, дараа нь Б.Даш-Ёндон оролцов. Харин гуравдахь өдөр М.Энхболдыг Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Амарсанаа орлож 28-нд Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх зарлагдсан ч “МҮОНТ-ийн алтан сан хөмрөгөөс. 1972 он” гэсэн жүжиг гарлаа. Сайхан тоглов!

Гэхдээ олон нийтийн телевиз гомдоогүй. 28-нд МАН-ын 90 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнөөс, 3-р сарын 1-ны өдрийн турш Монгол Улсад Улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хурлыг Төрийн ордноос, “Тусгаар тогтнолын цом-60” яруу найргийн наадам, Монгол Улсад Улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хүндэтгэлийн концертыг СТӨ-өөс дамжуулж  “Улс төрийн ууган хүч” баримтат киногоор  өндөрлөв. Энэ оройн “Цагийн хүрд”-ээр үзүүлсэн МАН-ын баярын баярын хурал, “Тусгаар тогтнолын ордон”- ы нээлт, Ерөнхийлөгч  зарлигаар МАН-ын зүтгэлтнүүдэд шагнал гардуулах ёслол зэрэг сурвалжлагуудын завсраар “МАН-ын түүхт 90 жилийн ой” гэсэн сурталчилгааг шургуулж амжив. Бас болоогүй Сүхбаатарын хөшөөний нээлтийн сурвалжлагад МҮОНТ-ын хоёр хөтлөгч уг арга хэмжээг хөтөлсөн бололтой зогсож харагдлаа. “Цагийн хүрд”-ын дараа 21.00 “Ардын намын түүх үргэлжилсээр…” баримтат кино, дахиад араас нь “МАН-ын дарга нар ярьж байна” цувралаар Ерөнхий сайд С.Батболд …

Баярын маргааш МҮОНТ-ийн мэдээнүүдээр өчигдрийн шөнийн шоу, салют, МАН-ын дарга С.Батболд 1-р төрөхөд ажилласан… МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх Эх нялхсын эрдэм шинжилгээний төвөөр айлчилсан… “Ардын намын түүх үргэлжилсээр…” баримтат кино.. “Тусгаар тогтнолын цом-60″ яруу найргийн наадам …

Энэ хэдэн өдөр МАН-ынхан МҮОНТ-ийг тэр чигээр нь (хөтлөгчтэй юутай нь!) худалдаад авчихсан мэт санагдсан шүү. МАН-ын залуучууд Сүхбаатарын талбайг түрээсэлсэн шиг…

Өнөөдөр аливаа үйл явдлын ач холбогдол, цар хүрээ зөвхөн  телевизээр  гарснаар хэмжигдэнэ.  Дэлгэцэн дээр алга байвал тийм юм болоогүй гэсэн үг. Эрхэм гишүүд, сайд дарга нар тойрогтоо очиж гийгүүлэхдээ заавал телевиз дагуулдаг, эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр ядарсан эмгэнд гэр өгөхөд байлцахдаа заавал хэвлэл мэдээллийг цуглуулдаг. Сүүлдээ камер байлцуулахгүй бол хоол ч хийхээ болив. МАН энэ удаад олон нийтийн телевизийг зөв мэргэн удирдсанаараа 90 жилийн ойгоо цагаан сар, наадам адил сүр дуулиан болгож чадав. Тэрнээс биш гудамжаар явахад ард түмэн баярлаж хөөрөн МАН-ын гишүүдийг барьж үнсээд, эсвэл баригдаж дуусаагүй ордны зүг мөргөөд байгаа юм надад ажиглагдаагүй. Зүгээр л нэг тэмдэглэлт өдөр, намын ой.

Олон нийтийн телевизээс харамлах мэт МАН-ын баярын бүх арга хэмжээ, тухайлбал, яруу найргийн наадам, бөхийн барилдаан, ойн баярын хурлыг Төрийн ордноос шууд дамжуулсан телевиз бол TV5. Хурал дууссан ч сэтгүүлч нь энэ агуу үйл явдлаас хагацаж ядсан мэт ярилцлага хийсээр, дамжуулсаар байлаа. Дараа нь Сүхбаатарын хөшөөний нээлтийн ёслолыг Live тодотголтойгоор дамжуулж эхэлсэн ч техникийн саатлаас бололтой тасарчихав. Төдөлгүй СТӨ-нөөс хүндэтгэлийн концертыг шууд дамжуулж дуусмагцаа Сүхбаатарын талбайд болсон шөний цэнгүүн рүү шууд шилжлээ. Араас нь “Маргашгүй үнэн буюу МАН-ын 90 жилийн түүх” нэвтрүүлгийг хэдэнтээ давтав. Шөнө тийшээгээ цуцаад унтсан байгаасай.

Бусад телевизүүдээр гарсан МАН-ын захиалгат нэвтрүүлэг, ярилцлагуудыг үзээд байтугай тоочоод ч баршгүй.

Ардын намд хандаж арай бага сагсуурахыг сануулах хүч Монголд алга. Манай хоёр том нам ардчилал, тусгаар тогтнол хоёрыг “дээгүүрээ хуваагаад авчихсан” болохоор наймаа тохирчээ. Ардчиллыг Ардчилсан нам хэдийнэ өмчилж ноднин 20 жилийн ойг бүтэн жил тойруулан тэмдэглэж Улсын баатар тэргүүтэй хорь, гучин мянган одон тараасан бол тусгаар тогтнолыг авсан МАН энэ удаад хариу барьж намынхаа нөхдөд Хөдөлмөрийн баатраар эхэлсэн одон, медалиудыг шаардахад Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг түр орхиж хоёр намын зөвшилцлийг  илэрхийлэхээс өөр хаачихав. Анзааарвал, Ардын нам баяраа, одонгоо, албан байраа хүртэл “Тусгаар тогтнол”-оор нэрлүүлж чаджээ. (Ардчилсан намын байр “Ардчиллын ордон” байх аа?). Удахгүй бид энэ хоёр үгийг хамаагүй хэрэглэвэл бусдын өмчид халдсан хэрэгт унана шүү!

Уг нь чөлөөт хэвлэл мэдээлэл гэж ганц найдвар бий. Гэхдээ өнөөдөр телевизүүдийг хасч тооцмоор санагдаж байна. Харин сайтуудыг нэмэх хэрэгтэй. Бас twitter-ийг …

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Улс төр, эдийн засаг, TV5 телевиз | 4 Comments »

Хэн ч татгалзаж чадаагүй …

Posted by Бичигч on 2011/01/14

Гацууртын алтны ордын ашиглалтын лицензийг авахын төлөө довтолгоогоо Бороо гоулд /Centerra Gold гэдэг хоёр нүүртэй компани үргэлжлүүлсээр. Хэрэв лиценз авч чадахгүй бол ажилчдаа хална гэж сануулсан бололтой дэргэдэх монгол ажилчдын ҮЭ-ийн хороо байн байн хэвлэлийн хурал зарлан Монголын эдийн засагт “Бороо гоулд”-ийн оруулсан түүхэн хувь нэмэр, бас Монголоос гараад явчихвал учрах нийгэм-эдийн засгийн хор уршиг, нуруулдан уусгах технологийн онол, практикийн үндсийг багтаасан том том мэдэгдэл хийж Эрдэс баялаг, эрчим хүчний яамны үүдэнд сүрт жагсаал хүртэл хийсэн. Ходоод ямар ч эрдэмд сургана гэж энэ дээ.

Харин өчигдөр Ерөнхийлөгч Жон Казакофф нь өөрөө цухуйж өрөөнөөсөө бололтой тусгай мэдэгдэл хийжээ.  Гэхдээ үүний тулд хэвлэлийн хурал зарлаагүй, сэтгүүлчдийн асуултыг сонсож хариулт өгөөгүй, зүгээр л нүүр бүхий, даанч түүнийгээ нуусан сурвалжлагч[д]ийг дуудаж бичүүлсэн байна.   

Хамгийн түрүүнд МҮОНТ-д “татгалзахааргүй санал”  тавьсан бололтой өчигдөр орой “Цагийн хүрд”-ээр тайлбартай сурвалжлагын хэлбэрт оруулан цацаж өглөө. Мэдэгдлийн агуулга нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт бусад компанийн сүйрүүлсэн газрыг “Бороо гоулд” компани нөхөн сэргээж эхэлсэн, лиценз өгчихвөл бүр сайн хийнэ, гэтэл зарим төрийн бус байгууллага шатахууны сав руу буудсан, бас олон нийтийг буруу мэдээллээр төөрөгдүүлж байгаа тухай юм. Хаана Казакофф дуусч, хаана сэтгүүлч эхэлж байгаа нь ойлгогдохгүй үргэлжилсэн сурталчилгаа.  Бэлтгэсэн, зурагласан нэр, хаяг алга.

Энэхүү захиалгат сурвалжлагаар үзэгчдийг нэгэн зэрэг бөмбөгдөх ажилд TV5-аас эхлээд Шууд.тв-ээр шувтартлаа бүгд оролцжээ. Миний үзсэн TV8 телевизийн “Толь” мэдээллийн хөтөлбөрийн сэтгүүлч нь камертайгаа “Бороо гоулд”-д бас л дуудагдаад очсон байв.  

Дараачийн 40 тонн алтны ордод санаархсан “Бороо гоулд” нийслэлийн төвд нэгдүгээр төрөхийн анхны барилгыг  (яаж ч муулсан миний хувьд дурсгалтай, хайран барилга!) 10-р сарын 1-ны өмнө яаралтай нураалгаж 10 тэрбумаар шинэ төрөх барихаар амлаад ч (одоо ажлаа эхлээгүй харзнаад байгаа) Ашигт малтмалын газраас лиценз өгөхгүй байгаад учир бий. Өмнөх Бороо давтагдвал яахав?  Бас нөгөө “мэргэн буудагчид” юу хэлэх бол?

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV8 телевиз | 4 Comments »

Батболдгүйгээр нар харахуй…

Posted by Бичигч on 2011/01/03

Шинэ оны анхны өглөөний нар харах ёслол Улаанбаатар хотоос баруун урагшаа 100-аад км-ын зайтай Хангай өртөөнд болдог. Голдуу жирийн иргэд, бас жуулчид баярын шөнө унтахгүйгээр, эсвэл хугаслан босч 05.30-аас вокзал дээрээс галт тэргэнд сууж явсаар тэнд хүрч 8 цагаас хойхно намхан уулсын цаанаас улаан наран өндийхийг нүд салгалгүй ширтэхдээ өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж өөдрөг сайхныг бясалгаж зогсдог учиртай юм. Ийнхүү хэсэг бужигналдаад дахин галт тэргэндээ сууж буцдаг уламжлалтай. 

Харин энэ жил Ерөнхий сайд С.Батболд бараа бологсодтойгоо тэнд заларч төрийн далбаа мандуулснаар бас нэгэн тахилга болгон хувиргав. Яах гэж? Телевизээр гарах гэж!  Тэр өдөр, үдшийн телевизийн сурвалжлагуудыг  үзэхэд нар бүдэгдүү, харин Ерөнхий сайд тод сайхан харагдав. Нар тэнгэрт дув дуугүй мандаж (түүнд гарч орохоос өөр хийдэг ажил байх биш) төдөлгүй дэлгэцнээс хасагдсан бол Ерөнхий сайд Засгийн газрынхаа  хийсэн ажлын тайлан, бас зорилтыг багтаасан мундаг үгээрээ түүнийг орлов.

Ядахдаа нарыг С.Батболдгүйгээр хардаг байхсан. Бас тэртээ тэргүй мандах нарыг заавал тийшээ очихгүйгээр Улаанбаатартаа хардаг болохсон.

Ерөнхий сайд буцахдаа Улаанбаатар өртөөнд “саатаж” Монголын төмөр замын ажлыг дүгнэсэн цуглаан хийж илтгэл тайлан өрнүүлсэн байна. Яах гэж? Бас л телевизээр гарах гэж! Тэрнээс биш төмөр замын шинэ дарга Очирхүүг дуртай цаг, минут, секундэд дуудаж илтгэлийг нь сонсож үүрэг даалгавар өгч чадахсан.

Хэдхэн цагийн өмнө буюу 2010 оны сүүлчийн үдэш.  Айл өрх бүр шинэ оноо угтахаар бэлтгэж байсан 21-22 цагийн үед МҮОНТ-ийн дэлгэцийг Ерөнхий сайд С.Батболд бүтэн цаг гаруй эзэгнэж нөгөө ярьдаг юмаа мянга нэгдэх удаагаа давтах нь тэр.  Бид сонсохоос залхаж байхад тэр ярихаас залхдаггүй юм байна.

Баярын өдрүүдэд олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн үндсэн хэсэг нь Засгийн газар, яам, агентлагуудын 2010 оны ажил, 2011 оны зорилтыг тоочсон тайлбарууд байжээ. 12-р сарын 31, 1-р сарын 1,2-ны үдэш сайд, дарга нар албан өрөөндөө МҮОНТ-ийн сурвалжлагчийг хүлээн авч ярилцлага өгч харагдсан гээд төсөөл дөө! Гэхдээ гол дүр нь С.Батболд өөрөө. Зурагтаар гарсан шинэ жилийн бүх арга хэмжээ, өргөмжлөл гардуулах ёслол, найр наадмын оройд тэр заларч байв.

Тэрбээр үүгээрээ он солигдох мөчид ард түмэндээ хандаж үг хэлэхдээ аяга сүү өргөж шоудсан (арай дэндэнэ ээ! Оргилуун дарс уугаад согтсон, архинд орсон хүн гэж сонсоогүй юм байна) Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүртэл ардаа орхиж чадлаа.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 2 Comments »

Арилжааны телевизийн нэг төрөл

Posted by Бичигч on 2010/12/10



Батлагдаад хоёр долоо хонож байгаа Монгол Улсын нэгдсэн төсвийг бүгд шүүмжилж байна. Зөвхөн сонгуулийн амлалтаа биелүүлж харагдахын тулд 800 тэрбум төгрөгийг шүд зуун тараахад хүрснээ УИХ-ын гишүүд өөрсдөө хүлээн зөвшөөрлөө. Үүнд эдийн засгийн утга учир тун бага бөгөөд 2012 онд хоёр нам хосоороо дахин сонгогдохын тулд үйлдсэн хэрэг юм. Үнэхээр ард түмнээ хайрлаж барьсан бол сард 21 мянгыг хялайлгах бус, хэдэн зуун мянгын цалинтай ажилд оруулж өгөхсөн. Дээрх 800 тэрбумаас 500 тэрбум нь төсөвт огт байхгүй бөгөөд ирэх онд Тавантолгойн талыг гаднын компанид Оюутолгой шиг өгөөд урьдчилгаа мөнгө авч гүйцээх учиртай. Одоо гаднын тэр компани манай Засгийн газрын аргагүй байдлаар хэрхэн тоглож ямар болзол тулгахаа тооцоолж хөх инээд нь хүрч байгаа…

Төсөв хэлэлцэх үеэр болон батлагдсаны дараа өдөр тутмын сонинууд тун сайн бичсэн шүү. Зарим гарчгийг түүвэл: “21 мянган төгрөг бодит орлого болж чадах уу?”, “805 тэрбум төгрөг Эрээнийг л хөгжүүлнэ”, “Төсөв дампуурлаа”, “Монгол Улсын 2011 оны “маш муу” төсөв”, “21 мянгын “шийтгэл”, “Төсвийн алдагдал – Таны алдагдал”, “Бантан төсвийн балаг нь бага тусаасай”, “Хараал идсэн төсөв”, “Ирэх оны төсөв инфляцийг огцом хөөрөгдөхөөр байна”… Олон сонины үг ортой  шүү.

Өнөөдөр ч гэсэн сонинууд “Ерөнхийлөгч өө, хориг тавихаас бүү ай!” хэмээн уриалж байна. Гэхдээ 2009 оны сонгуулиар 1 сая + 1,5 сая = 2,5 сая төгрөгийг өөрөө амалсан Элбэгдорж яав л гэж. Сайндаа л хэдэн гоё өгүүлбэр хэлж зальдаад өнгөрнө… 

Яагаад ийм төсөв батлагдчихав аа? Ард түмэн юугаа харж байв?  Ард түмэн сонин биш, зурагт руугаа харж байсан боловч  телевизүүд ганц удаа ч яриа хэлэлцүүлэг, маргаан мэтгэлцээн, ядахдаа түүнтэй төстэй юм өрнүүлсэнгүй өнгөрлөө.

Нэгэн гишүүний оношилсноор “эзнийхээ үгээр хөдөлдөг” (дор гарна) арилжааны телевизүүд дүүрч. Тэгвэл олон нийтийн буюу томоор яривал ард түмний телевиз яав?

Олон нийтийн үүргээ 3,7 тэрбум + 522 сая төгрөгөөр арилжчихжээ. Арилжааны телевизийн бас нэг хувилбар!

11-р сарын 17-нд УИХ-ын  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд байгаагүй төсвийн асуудлыг гэнэт оруулжээ. Монголд төсвөө батлуулдаг  олон байгууллага бий, тэд бүгд л төсвөө чамладаг, нэлээд нь төсвөө тануулсан, иймээс бүгд нэмүүлэхийг хүсдэг ч зөвхөн  МҮОНРТ-ийн удирдлагуудыг урьж нялуурч өгсөн байх юм.

Олон нийтийн телевизийн суваг дамжуулах 600 сая төгрөгийн зардлыг хаслаа гэж Сангийн сайд С.Баярцогтыг шүүмжлэхээс эхэлжээ.
 
Э.Бат-Үүл: –Монголын үндэсний радио, телевизийн төсвийн зардал хасагдаад ороод иржээ. Хэрэв төслийг энэ чигээр нь баталбал энэ байгууллага санхүүгээ улсын төсвөөс өөр эх үүсвэрээс бүрдүүлэх чиглэл рүү явж таарна. Зар сурталчилгаанаас ашиг олж болохгүй гэж хуулиар хорьчихоод төсвийг нь танаад байж болохгүй. Монголын үндэсний радио, телевиз бол улсын төсвөөр санхүүжиж байгаа цорын ганц мэдээллийн байгууллага. Энэ байгууллагыг хууль бус аргаар санхүүждэг гэж саяхан баахан дайрсан. Яагаад ч юм, тэрхүү дайралт нь улсын төсөв хэлэлцэж эхлэхийн өмнө болсон. Олон улсын жишгээс харахад олон нийтийн статустай мэдээллийн байгууллагаа улсын төсвийн тодорхой тогтсон хувиар санхүүжүүлдэг. Одоо МҮОНРТ-ийн суваг дамжуулахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас олох вэ?

С.Баярцогт: -МҮОНРТ-ийн төсвийг танасан гэж ойлгож болохгүй. Энэ байгууллагад өгч байгаа төсвийн дэмжлэг нь 3.7 тэрбум төгрөг. Энэ нь өмнөх оныхоос хэмжээ нь буураагүй гэсэн үг. Харин суваг дамжуулах зардлыг хоёр жилийн өмнө телевиз дээрээ суугаад явж байсан юм. Дараа нь Радио, телевизийн сүлжээ компани дээр дамжуулах зардлыг нь суулгаад явъя гэтэл маргаан гарсан учраас Сангийн сайдын багц дээр суулгаж өгсөн.

Танаагүй юм байна. Гэвч тайлбарыг Э.Бат-Үүл гишүүн чихнийхээ хажуугаар өнгөрүүлж дараачийн аргаа хэрэглэв: МҮОНТ-ийн төсвийг танавал хэсэг бүлэг хүнд үйлчлэх зам руу явна.  Энэ байгууллага чинь хаа очиж төрийн мэдээллийг элдэв хачир, хэн нэгэн эзний оролцоогүйгээр мэдээлж байгаа. Хувийн телевизүүд бол эзний үгээр л хөдөлдөг. Эзэнд нь хэн нэгэн улстөрч таалагдахгүй бол аль болох харлуулах гэж л зүтгэдэг нь нууц биш.

Хувийн телевизээр айлгасан байна. Хувийн өмчийг автоматаар ад үздэг коммунист сэтгэлгээ мөнөөс мөн. Гишүүн, сайд, дарга л бол таалж байдаг олон нийтийн телевизийг цаадуул нь үнэхээр таалах юм даа.

Дараа нь Р.Раш гишүүний ээлж ирэв: МҮОНРТ-ийг харж үзэх л ёстой. Шаардлагатай төсвийг нь батлаад өгөхөд буруудах юм юу байх вэ гээд хагас тэрбум төгрөгийг нэмж төсөвлөх санал гаргаж тэр нь шууд батлагдав. 

Сангийн сайд нь МҮОНРТ-ийн төсвийг танаагүй гэж нотолсон ч хоёр намын гишүүд дуу дуугаа нийлүүлэн хавсайдаж, чухам юунд яаж зарцуулахыг нь огт сонирхохгүйгээр 522 сая төгрөгийг нэмж баталлаа.

Бүгд л өөртөө ашиг харна. Хуралдааныг ингэж “сайн” зохион байгуулж өгсөн УИХ-ын тамгын газрын дарга Ц.Шаравдоржийн эрхлэх ээлж ирлээ. “УИХ-ын гишүүн ч гэсэн хүн шүү дээ” гэсэн бамбай барьж УИХ-ын гишүүд ба тамгын газрын болон МАХН ба АН-ын бүлгийн ажилтнуудын орон сууцны нөхцлийг сайжруулахад зарцуулах 378 сая төгрөгийг шууд батлуулж авлаа. Муу орон сууцтай, эсхүл гэрт амьдардаг хүмүүс тэрбум тэрбумыг зарцуулж УИХ-д сонгогддог … сонин л юм байна. Тэгсэн атлаа зөвхөн МҮОНРТ ба УИХ-ын тамгын газар хоёрт зориулсан “тусгай” хуралдааныхаа өнгийг засахын тулд хамт оруулан хэлэлцэж харагдуулсан Онцгой байдлын албаны тоног төхөөрөмжийг шинэчлэх төсвийг унагаж орхив. 

Ингээд хуралдаан дуусч “эзнийхээ үгээр хөдөлдөг” нэгэн арилжааны телевизийн мэдээлснээр МҮОНРТ-ийн захирал С.Наранбаатар “Ланд-200”-гаа унаад явж оджээ.

Дараачийн өдрүүдэд төсвийн хэлэлцүүлэг шийдвэрлэх шатандаа орж  УИХ-ын байнгын хороодын хуралдаан, нэгдсэн хуралдаанаар 2,3,4-р хэлэлцүүлгүүд явагдсан ч олон нийтийн телевиз “хэн нэгэн эзнийг” биш, зөвхөн эрхэм гишүүдийг оролцуулан “элдэв хачиргүйгээр” сурталчилсаар дуусгасан билээ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 5 Comments »

Телевизүүдийн “дайн” төгсөв.

Posted by Бичигч on 2010/11/22



Хоорондоо зүв зүгээр юм шиг байсан монголын телевизүүд муудалцжээ. Эхлээд [арилжааны] телевизүүдийн холбооноос  мэдэгдэл гаргаж Монголын үндэсний олон нийтийн телевиз арай дэндлээ, зогсоо зайгүй реклам явуулдаг, аудит оруулах хэрэгтэй гэжээ. Гээд зогсохгүй тус тусын мэдээгээрээ нэмж баахан балбасан байна. Гагцхүү Олон нийтийн телевиз нэвтрүүлгийнхээ нийт цагийн хоёр хувьд реклам явуулахыг хуулиар зөвшөөрснийг  тооцсонгүй.  Иймээс нотлох баримт, тоо цифр гаргаж тавьсангүй. Өөрсдөө хуулийг дураараа зөрчдөг, дургүйгээ хүрвэл өөрчлүүлдэг (Архидан согтуурахтай тэмцэх хуулийг засуулж чадсан) эзэд, захирлууд хэт эрджээ.

МҮОНТ энэ алдаанд дөрөөлөн хариу барьж “Олон нийтийн боловсролд (үнэндээ арилжааны телевизийн захирлуудад) зориулж “Мэдвэл зохих хуулиуд” цувралыг эхлүүлэн (Олон нийтийн радио, телевизийн хуулиар, хоёр хувийн рекламын эрхтэй учраас өдөрт 1080 минутийн нэвтрүүлэг явуулдаг гэвэл үүний хоёр хувьд буюу 30 секундын 40 ширхэг реклам явуулах хууль, эрх зүйн зөвшөөрөлтэй, бас нэвтрүүлгийг ивээн тэтгэж болдог, ивээн тэтгэгчийн бэлгэдэл, дүрсийг дэлгэцийн аль нэг хэсэгт жижгээр бичиж болно” г.м.) түүнийгээ өдрийн турш 20-30 удаа үзүүлж байжээ.

Одоо УИХ-ын гишүүн бөгөөд телевизүүдийн холбооны ерөнхийлөгч З.Алтайгийн ээлж. Төрийн ордны гадна харъяа телевизүүдийн сурвалжлагчдаар хүрээлүүлж “…. Олон нийтийн телевиз хуулийн тодорхойгүй заалтыг ашиглаж байна…. Хувийн телевизүүд бол рекламаар л амьдарна… Компаниуд аа, олон нийтийн телевизэд реклам битгий өгөөч ээ…” гэж уриалсныг бүх телевиз гаргав. Мэдээж МҮОНТ-ээс бусад.  

Маргааш нь буюу ням гаригийн үдэш МҮОНТ-ийн нэвтрүүлэг дуусахын алдад  захирал Ц.Оюундарийн  хариу мэдэгдлийн товч цуурайтав. Тээр жил 7-р сарын 1-ны шөнө Улаанбаатар онц байдал тогтооход тэгэж сүртэй зар түгээсэн санагдана. Уртаас урт мэдэгдэлд З.Алтайг “25-р суваг” телевиз, намтар түүх, охинтой юутай нь баахан балбаж өгсөн ба Даваа гаригийн өдөр тутмын сонинуудын дугаарт бүрэн эхээр нийтлүүлсэн гэнэ.

Ийнхүү олон нийтийн ба  арилжааны телевизүүд өөрсдийн эзэмшдэг сувгууд, төсвөөс авсан болон  рекламаас олсон мөнгөөрөө арван хэд хоногийн турш бяцхан дайтаад авлаа. 

Харин аажмаар тайвширч нам гүм болцгоов. Хэргийн учир З.Алтай гишүүн Япон руу яваад өгсөнд биш байх. Бие биенийхээ “үнэн”-ийг хамаа намаагүй илчилсээр байгаад монголын телевизүүдийн мөнгө олдог хачин сонин арга залиуд нүцгэрэн дэлгэгдэж  болзошгүйг бүгд зөнгөөрөө мэдэрсэн байж таарна. 

Хоёр тал олны нүдэн дээр нэр хайргүй үзэлцэж харагдсан ч тэдний хооронд сүйдтэй ялгаа алга. Би “арга залиуд” гэж тэдний булаацалдаад байгаа реклам сурталчилгаанд тооцогддоггүй “Бизнес мэдээ”, “Төлбөртэй нэвтрүүлэг”, “Захиалгат нэвтрүүлэг” гэж шууд нэрлэснээс эхлээд “ивээн  тэтгэв”, “хамтран ажиллав”, “оролцов”, “баярлалаа” мэтийн гэмгүй үгсээр халхавчилсан, “МҮОНТ”, “25-р суваг” телевиз”, “2010 он”, “Төгсөв” гэсэн хэдэн үсэг, тоогоор өндөрлөсөн, эсвэл огтоос нэр, хаяг, тайлбаргүйгээр, сайн уу, баяртай ч үгүйгээр эхэлж дуусдаг, бас хөтөлбөрт зарлахгүй байж байгаад “гэнэдүүлэн”  үзүүлдэг (ямар ч ул мөр үлдэхгүй гэсэн үг) нэвтрүүлгүүдийг хэлж байгаа юм. Төрөл, жанрын хувьд мэдээнээс эхлээд сурвалжлага, ярилцлага, тоглолт, идэлт, хонолт, ер нь юу ч байж магад. Ганц таних тэмдэг гэвэл бүгд төлбөртэй, даанч тас нуугаастай. 

Арилжааны телевизүүдэд ёс зүй, хууль ном гэж сүртэй юм хараахан үгүй тул орхиж бүхэл бүтэн хуультай олон нийтийн телевизийг анзаарваас тийм нэвтрүүлэг огт  тасардаггүй. Иймээс “хэрүүлийн” хоёр хувийг давах ч шаардлага байхгүй. Гаалийнхан өөр том орлоготой учраас цалингаа авдаггүй гэдэг шиг…
 
Мэдээ бол сэтгүүл зүйн бичлэгийн дээд төрөл зүйл бол “Бизнес мэдээ” бол реклам сурталчилгааны дээд хэлбэр болжээ. Арилжааны телевизүүдийг дүүрч гэж бодоход олон нийтийн телевизийн “Цагийн хүрд”-ээр  “Мобиком”, “Юнител”, ХААН, “Хас” банк, “Энержи ресурс”  “Говь”, “Гоёо” гээд хэдэн том компанийн сурталчилгааны сурвалжлагууд ээлжилдэг. Тэгтэл ОНРТ-ийн тухай хуулийн 13.2.2-т  “Улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаархи тогтмол мэдээллийн хөтөлбөрийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх” гэж харагдсан. 

“Ивээн тэтгүүлэх” гэсэн том цоорхой байх. Хуулийн 15.2-т “...ивээн тэтгэгчийн нэр, бэлгэдэл, хуулиар хориглоогүй бараа, үйлчилгээ, бүтээгдэхүүний дүрс зэргийг нэвтрүүлэгт саад учруулахгүйгээр дэлгэцийн аль нэг хэсэгт жижгээр гаргаж болно” гэчихжээ. Жижигхээн харагдах ёстой ивээн тэтгэлт маань бүхэл бүтэн тайз, дэлгэц, нэвтрүүлэг, бүр цуврал болж томордог. Сүүлдээ өөрсдөө ч бэлтгэхээ больж өнгөрсөн долоо хоногт гэхэд “Мобиком” корпораци шинэ үйлчилгээнүүдээ ээлж дараалан танилцуулсан цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэж “Гэрэлтэй цонх”-оор үдэш болгон цацууллаа гэх юм. Үнэн гэдэгт эргэлзэхгүй байна.  

(Өөр бусад “тэр аргууд”-ын талаар би зөндөө бичсэн тул алгаслаа)

МҮОНТ энэ мэт далд бизнесээ алдахыг хүсэх үү? Хэрхэвч үгүй. Нэмж хэрэлдэхгүйгээр чимээгүйхэн амжуулж суусан нь дээр. Тэгээд ч саяхан олон нийтийн радио, телевизийн 2011 оны төсвийг хагас тэрбумаар нэмж өгөхөөр УИХ дээр яригдсан…  

Арилжааны телевизүүд ч гэсэн олон нийтийн телевизийг хүмүүжүүлэх гээд өөрсдөө ороогдвол дэмий. Шинэ жилийн хямдралууд эхэлчихлээ, ирэх онд Монгол улс баяжих сураг дуулдсан, тэгэж байтал 2012 оны сонгууль залгана, телевизүүд рүү улам их мөнгө цутгана, бөөн мөнгө тоолоод хэн нэгэнтэй муудалцаж суух зав гарах уу? Үгүй.

Товчхондоо, олон нийтийн ба арилжааны телевизүүдийн бяцхан “дайн” ингэсхийгээд замхрах нигууртай.

Posted in + ТЕЛЕВИЗ, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 4 Comments »

Монгол маягийн шууд телевизүүд

Posted by Бичигч on 2010/10/14

Өглөө босоод Чилид 700 метрийн гүнээс хамгийн сүүлчийн буюу 33 дахь уурхайчинг гаргаж байхтай таарлаа. Мэдээж телевизийн дэлгэцэн дээр.  “Ийгл” шөнөжин унтаагүй дамжуулсан юм байна!

Хөтлөгч нар ээлжилж унтсан байж мэднэ, харин тоймч Гантулга огт унтаагүй гэлээ. Дэлхийн дээр хичнээн олон телевиз, хөтлөгчид ингэж ажилласныг бүү мэд, Монголоос ганцхан “Ийгл” байжээ.  Давхар шууд дамжуулж тайлбарлаад зогсохгүй уул уурхай, аврах ажиллагаа, сэтгэл судлалын мэргэжлийн хүмүүсийг авчрахын зэрэгцээ үзэгчдийг утасдуулж байлаа.  Үзэгчид харин Чилийн ерөнхийлөгч ард түмэнтэйгээ амь нэгтэй байгааг шагшиж “харин манайд …” гэж байгаад Элбэгдоржийг  хичнээн чимхэв? Яахав яахав. Монголд том осол гарч Ерөнхийлөгч маань тодорсноос (үүнийг дээд зэргээр чадна) осол гарахгүй, тэгээд тодрохгүй байсан нь дээр.   

Өнөөдөр үйл явдлыг шууд дамжуулах нь гаднаас байтугай дотроос ч амар болжээ. Хэдхэн жилийн өмнө “Манай телевиз  Хүй долоон худгаас хурдан морины уралдааны анх удаа шууд дамжууллаа” гэж сүйд болдогсон. Одоо бүгд чадна. Сүүлдээ юуг шууд дамжуулахаа мэдэхээ больж.  

Өглөө 9 цаг өнгөрч аврах ажиллагаа дуусмагц “Ийгл” телевиз дараачийн шууд нэвтрүүлэгтээ орлоо. Ямар чухал үйл явдал болов? Төрийн ордонд эхэлсэн “Хөдөлмөр – хөгжлийн үндэс”  хөдөлмөрийн үндэсний чуулганы нээлтийн ажиллагаа байлаа. Ерөнхий сайдын үг, Ерөнхийлөгчийн илгээлт, УИХ-ын даргын илгээлт, МҮЭ-ийн Ерөнхийлөгч Ганбаатарын илтгэл … “Ийгл”-ийг шууд орхиж сувгаа солитол МҮОНТ ба  TV5 телевиз хоёр бас л шууд дамжуулж байх юм. 

Монголчууд бүгдээрээ цаг алдалгүй шууд үзэж сэтгэл догдлон ширтэх ёстой гэж дээрх гурван телевизийн шийдсэн үйл явдал нь ердөө энэ.   

  

Posted in Ийгл телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV5 телевиз | 9 Comments »

Реклам хөтлөгчид

Posted by Бичигч on 2010/10/08

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 13-р зүйлд “… улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаархи тогтмол мэдээллийн хөтөлбөрийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх, мөн ийм мэдээллийн нэвтрүүлэгч зар сурталчилгаа бэлтгэх, бүтээх, дамжуулахад оролцохгүй байх” гэж дэндүү тодорхой бичсэн байх юм.

Тэгвэл МҮОНТ-ын “Монголын мэдээ” агентлагийн “Цагийн хүрд” гэж мэдээлэл – сурталчилгааны хөтөлбөр байгааг бүгд мэднэ. Бас хүмүүс нь рекламнаас салахаа болив.  Сүүлийн өдрүүдэд хөтлөгч Ичинхорлоо туркийн биожүүсний рекламанд тоглож тэр нь бүх телевизээр цацагдлаа. Урьд нь “Монос”-ын Biogen гоо сайхны бүтээгдэхүүн,  ялангуяа “Маршал таун”-ы шинэ байрны сурталчилгаанд байн байн оролцоход хэн ч юм хэлээгүй болохоор бяцхан даварчээ. Өөр нэг хөтлөгч Цовоо нэвтрүүлгээ дуусангуут “Намуун” нэртэй гоо сайхны салон руу яарч, харин Оргил яарахгүйгээр үлдэж “Жалам хар”-аар шар айрагдах шинжтэй рекламууд сэм сэмхэн үзэгддэг. МАХН-ын болон бусад ой, найр наадмын арга хэмжээг хөтөлсөн чигээрээ арилжааны сувгуудаар давхар “халтуурддаг” хөтлөгчид ч бий.

Сэтгүүлч, хөтлөгч Ш.Ёолк япон авто сэлбэгийн “Масума”, Г.Бадамсамбуу “Спирт бал бурам” ХК-ийн “Итгэл дагуулсан эрхэм чанар” нэртэй цуврал реклам, саявтар Оллоо GPS-ийн рекламанд тоглосон нь хууль зөрчөөгүй ч ёс зүйн асуудал юм. Бусад оронд бол татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг олон нийтийн телевизийн ажилтанд зөвхөн нийгмийн рекламанд тоглохыг зөвшөөрдөг гэсэн. Манайхан иймэрхүү жижиг сажиг юмыг тоох биш…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 2 Comments »

43 жилийн түүхт ой.

Posted by Бичигч on 2010/09/29

Жил бүрийн 9-р сарын 27 бол МҮОНТ-ын төрсөн өдөр. Гурван жилийн өмнө 40 насны ойгоо бараг л үндэсний хэмжээний баяр болгож одон медаль дарагдаад одоо 2017 он буюу 50 жилийнхээ ой хүртэл тайвшрах болов уу гэтэл тэгсэнгүй. Энэ жил “Монгол Улсын телевизийн урлаг үүсч хөгжсөний 43 жилийн ойн баяр” гэж нэрлээд зад авчээ.

Долоо хоногийн турш “Дэлгэцэнд мөнхөрсөн залуу нас минь” нэртэй 2007 оны бичлэгийг өдөр алгасалгүй үзүүлсэн бол яг 27-нд “Өглөө” хөтөлбөрөөс эхлээд “Гэрэлтэй цонх”-ыг хаагдтал өөрийгөө магтлаа.  Өдөржин “Монгол түмний телевиз” нэртэй дууны клип цуурайтаж МҮОНТ-ийн сан хөмрөгийн жүжгүүд, “Эфир” – МҮОНТ-ийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт, “Бүтээл төрсөн түүх”,”Одод тохиох мөч” бүгдээрээ МҮОНТ-ийнхэн уран бүтээлч хэмээх гайхамшигтай хүмүүсийн тухай байв.

Энэ мундаг хүмүүсийн ачаар Монгол телевиз өдий зэрэгтэй яваа аж. Магадгүй. Гэхдээ тэртээ 1960-аад оны эхээр тухайн үеийн нам,  засгаас шийдвэр гаргаж, Зөвлөлтийн барилгачид радио, телевизийн том төв, дамжуулах станцыг бүгдийг босгож, энэ олон жилийн турш, зах зээлийн ядуу тарчиг цагаар ч гэсэн ард түмний халааснаас хамаг зардал мөнгийг дааж, цалин хөлсийг өгч ирээгүй бол яах байсан бол?  Хааяа ганц нэг секунд ч гэсэн үүнийг санаж татвар төлөгчид, ард иргэддээ “баярлалаа” гэж хэлээсэй.

Энэ үдшийн “Цагийн хүрд” бас л МҮОНТ-ийн магтаалаар эхлэв. Араас нь МҮОНТ-ийн тайз, чимэглэлийн албаны уран бүтээлийн үзэсгэлэн …. Дараа нь сүүлийн хэдэн сард тасралтгүй сурталчилсан “Тусгай салаа” 60 ангит киноны нээлт болов. Үзүүлэхээсээ өмнө тэр киног яаж бүтээсэн тухай бас нэг нэвтрүүлэг. “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлгээр улс төрийн хоёр нам эрх барих хугацаандаа Монгол телевизийг ээлжилж, дараа нь хамтран эдлэх халхавч болсон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний болон Олон нийтийн радио, телевизийн хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл уригдаж “… Танайхаар захиалгатай мэдээлэл явахад гол харлаад сууж байдаг… Хамгийн сайн мэдээлэл өгдөг нь яах аргагүй танайх… Танайх улс төрчдийн захиалгаас л салаасай… Улс төрчид сонгогчиддоо харагдмаар байдаг, би ч бас дуртай, 12 онд дахиж сонгогдмоор байна ш дээ…гэж хачин сонин юм ярьж өгөв.

Олон нийтийн телевизийн ажлын арга нь татвар төлөгчдийн мөнгийг төр засаг буюу улс төрчдийн сурталчилгаа, өөрсдийн магтаал хоёрт үрчихээд оронд нь компаниудаас мөнгө салгаж гоё юм хийх явдал болжээ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Эрхэм хүндтэй захиалгат зочин …

Posted by Бичигч on 2010/09/23

Өчигдөр МҮОНТ-ийн нэвтрүүлгийн хөтөлбөрт

21.15 Хөгжлийн төлөө яриа. Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Батболд оролцоно /шууд/ гэсэн байлаа.

Дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд Нью-Йоркт хэдхэн хоногийг тайван өнгөрөөж үл чадан ард олноо санагалзаж ямар нэгэн телегүүрээр ярьж сайн яваагаа дуулгах нь гэж бодоод үзтэл хэд хоногийн өмнө хийсэн бэлтгэсэн захиалгат ярилцлагыг шахлаа.  Засгийн газар ба МАХН-ын тухай цаг илүү үргэлжилсэн ухуулга. Одоо бид Батболдгүйгээр чих амар хэд хонох эрхгүй болох нь… 

Ярилцлагын эхэнд МҮОНТ-ийн сэтгүүлч Ц.Мөнхтөр: Бид нэгэн эрхэм хүндтэй зочныг нэвтрүүлэгтээ урьж байна. Энэ бол Монгол улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Батболд” гэж ихэд боловсон эхлэв. Харин дэлгэцийн дор “Захиалгат нэвтрүүлэг” гэж биччихэж. Ерөнхий сайд яриагаа “Энэ сайхан завшаан олгосонд талархаж байна” гэж эхлээд “Ийм сайхан завшаан олгож байгаад талархаж байна” хэмээн төгсгөлөө.

Нэг нь урилгагүй зочныг урьсан болж жүжиглэх. Нөгөө нь “ийм сайхан завшаан”-ыг татвар төлөгчдийн мөнгөөр худалдаж авчихаад бас жүжиглэх.  

Олон нийтийн телевиз гэж Засгийн газраас төсвөө жилээр аваад, яг нэвтрүүлэг, ярилцлага (зөвхөн энэ биш) хийхдээ дахиад мөнгө авчихдаг хоёр нугардаг бизнес байна.

Ерөнхий сайд “Хамтарсан Засгийн газар байлаа гээд хяналт алга болдоггүй. Австри, Швейцарийн жишээ байна. Тэнд иргэний нийгэм нь хүчтэй хөгжсөн байдаг учраас болдог” тухай тун зөв юм ярив. Харин чөлөөт хэвлэл мэдээллийг дурдсан ч үгүй.  

Энэ ярилцлага Мөнхтөртэй юутай тэр чигээрээ SBN, TV9, TV8 гээд олон сувгаар зэрэг гарсан гэнэ. Би үзээгүй, тэгсэн биз.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 6 Comments »

“Цагийн хүрд”-ын баяртай мэдээ

Posted by Бичигч on 2010/09/17

Нийслэлд хүүхдийн тоглоомын талбай булаацалддаг байсан цаг өнгөрлөө гэсэн баяртай мэдээг МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр Мягмар гаригт орон даяар зарлав.  Улаанбаатар хотод газрын маргаан дэгдэхээ больжээ гэсэн үг.  Даанч тийм байх аа, сүүлийн саруудад “Цагийн хүрд”-ээр нийслэлийн бүтээн байгуулалт л гараад байсан. Энэ удаад Баянзүрх дүүргийн нэгэн цэцэрлэг хүрээлэнг ээлжит удаагаа сурвалжлав. Урьд нь “барих гэж байна”, “барьж байна”, “дуусах гэж байна” гэж үзүүлсэн бол энэ удаад дуусчихсан бололтой хотын болоод бусад дүүргийн удирдлага танилцаж байгааг харуулав.

Харин хэдэн минутийн дараа TV8  телевизийн “Толь” мэдээллийн хөтөлбөрийн “Шөнийн толь”:

– Шөнийн 01 цаг. СХД-ийн 17-р байрны дэргэд хүүхдийн тоглоомын талбайд барилга барихыг оршин суугчид эсэргүүцэж хашааг нь шатаан тэмцэлдэнэ. Гэтэл тус байрны “Батхолбоо” СӨХ-ийн дарга нь “Оршин суугчдын 80 хувь зөвшөөрсөн” гэсэн худлаа бичиг үйлдээд алга болчихож. Цаагуураа сүлбэлдсэн гэлцэнэ. Гүйцэтгэгч компаниас мэдээж хүн ирээгүй бөгөөд зөвхөн гэрээ байгуулсан хамгаалалтын албаныхан хараал ерөөл амсаж зогслоо.

– Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Шинэ гэмтлийн эмнэлгийн орчимд, гэр хорооллын хажуугаар өнгөрдөг явган хүний замыг хааж далан сэтэлж байна гэсэн мэдээллийн мөрөөр очжээ.

– Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Говийн 44-р байрны зүүн талд үл мэдэгдэх компани үйлчилгээний барилга барихаар газар ухаж эхэлснийг эсэргүүцсэн оршин суугчдын дуудлагаар очсон сурвалжлага. Тус байр нийтийн эзэмшлийн буюу хүүхдийн тоглоомын талбайгүй болсон тул оршин суугчид шүүхээр заргалдаж байгаа ч цаадуул нь шөнө гэнэдүүлэн дайрчээ.

Маргааш нь Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутагт Халдварын эмнэлгийн ажилчдын байрны дэргэдэх хүүхдийн тоглоомын талбайд халдаж тул оршин суугчид шөнийн цагаар хамгаалан зогсох зуураа сэтгүүлчийг камертай нь дуудсан бас нэгэн сурвалжлага.  Өөр нэг газрын маргаанаар хоёр тал ах дүүсээрээ хүчээ зузаатган бараг зодолдож байлаа. 

Ер нь нийслэлд хүүхдийн тоглоомын талбай булаах явдал цөөрсөн нь үнэн, яагаад гэвэл булаах талбай бараг үлдээгүй.

P.S:  Дараачийн хэдэн өдөр Богд уулын Зайсангийн аманд Бурхан багшийн сэрэг дүртэй том шар хөшөө бүхий талбайг хашаалж таллаад барилга барьж эхэлсэн, Хан-Уул дүүргийн 1-р хорооны шинэхэн хотхоны хашааг нураагаад УИХ-ын гишүүн Ц.Батбаярын “Ганьт” компанийнхан ухаж эхэлснийг оршин суугчид эсэргүүцэж байгааг TV9 гаргасан бол мөн Зайсан дахь Уламжлалт анагаах ухаан, элэг судлалын төвийн орчны газрын маргааныг бүх олон телевиз үзүүллээ.   

“Цагийн хүрд” юугаа хардаг байна аа?

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV8 телевиз | Leave a Comment »

Хулгай ч юм шиг …

Posted by Бичигч on 2010/09/14

Энэ долоо хоногт МҮОНТ-ийн хөтөлбөрт “Итгэл дагуулсан зүтгэл” гэж даруухан нэртэй нэвтрүүлэг орсон нь “Монос” группийн 20 жилийн ойд зориулсан сүржин захиалга байлаа. Хэн санахав.  Бас хоёр хоногийн өмнө “Аврал эрсэн эх дэлхий” нэрээр хуурч байгаад “Бороогийн хөндийн бодит байдал” нэртэй ээлжит сурталчилгааны нэвтрүүлэг үзүүлэв. Мэдээж “Бороо гоулд” компанийн захиалга.  Алт олборлоход газар дэлхий улам сайжирдаг юм байна.

Бас нэг арга байна. Хөтөлбөрт огт зарлахгүйгээр өнгөрсөн амралтын өдрүүдэд МАСЗХ-ны их хуралд зориулсан хэд хэдэн нэвтрүүлгийг сэмээрхэн шургуулав.  Хулгай ч юм шиг. Тэгэхдээ бүр оргил цагаар бүгд харж байхад шүү!

Өөр нэг арга. “Төгс ертөнц” теле сэтгүүлийн ээлжит дугаар тэр чигээрээ “Гоёо” компанийн сурталчилгааны нэвтрүүлэг байлаа.

Олон нийтийн телевизийг компаниудад битгий худалдагдаарай гээд төсвөөс мөнгө өгдөг шиг санах юм.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

“Энержи ресурс”-ын хоёр эзэмшил

Posted by Бичигч on 2010/09/11

Ажлын таван өдөртэй, хагас сайны өглөө бүгд яаралгүй босч гэртээ байж байдаг манайд Бямба гаригийн өглөө гэж телевизийн бас нэг оргил цаг бий. Яг үүнийг тааруулж МҮОНТ төр, засгийнхантай (эсвэл тусгай захиалга өгсөн хүмүүстэй) “Ярилцья” нэвтрүүлгээ үзүүлээд араас нь “Энержи ресурс” ХХК-ийн захиалгат нэвтрүүлгийг явуулдаг болсоор удлаа.

Энэ зуныхыг хөтөлбөрөөс жагсаавал: 

2010.05.22. Бямба. 11.30 Шинэ үеийн геологичид

2010.05.29. Бямба. 11.30 Дэм дэмэндээ

2010.06.05. Бямба. 11.30 Манай Цогтцэций

2010.06.12. Бямба. 11.30 Монгол брэнд-Ухаа худаг

2010.06.19. Бямба. 1.30 “Сумын сургуулиар сонин ихтэй”

2010.06.26. Бямба. 11.30 Монголчууд бие даан цахилгаан станц барьж байна”

2010.07.03. Бямба. 11.30 “Говийн зам”

2010.07.10. Бямба. 11.40 Уурхайчдын шилэн ордон

Зун хоёр сарын турш завсарлаад дахин гарч эхэллээ. 

2010.09.10. Бямба. 11.30 Уурхайчдын шилэн ордон-2

Эд бүгдээрээ “Энержи ресурс”. Бас “Цагийн хүрд”-ээр үе үе “Гэрэл гэгээтэй мэдээ хүргэе”, “Бүтээн байгуулалтанд өнгө нэмсэн шинэ мэдээ”, “Ухаа худгаас сайхан мэдээ ирлээ” гэсэн оршилтой мэдээ, сурвалжлагууд гарч л байгаа.

Энэ бүгдээс харахад “Энержи ресурс” компани Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Таван толгойн нүүрсний орд газрын хамгийн ашигтай Ухаахудагаас гадна МҮОНТ-ийн нэвтрүүлгийн хамгийн оргил цагийг эзэмшдэг гэж хэлэхээр болжээ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 42 other followers