АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз’ Category

Олон нийтийн радио, телевизийн улс төрийн зөвлөл

Posted by Бичигч on 2015/01/29

Олон нийтийн радио, телевизийн тухай хууль батлагдсанаас хойш яг 10 жил өнгөрчээ. Энэ  өдөрт зориулж Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулж ухаантай юм олныг хэлцгээв. Голдуу мөнгө. Гэхдээ үндсэн асуудал бол мөнгө биш. УИХ-ын гишүүн Су.Батболд зэрэг эрхмүүд уг хуулийг өлгийдөж авсан загалмайсан эцгүүд болохоо сануулаад юуны өмнө Үндэсний зөвлөлийн гишүүдийг улс төрчид томилж байгааг засах хэрэгтэй гэсэн мэргэн санааг толилуулав. Өөрсдөө ганцхан сарын өмнө Үндэсний зөвлөлийг АН ба МАН – 10:5 гэсэн харьцаагаар гараа өргөж томилчихоод шүү! УИХ-ын чуулганы тэр хуралдаан дээр Д.Ганхуяг гишүүн “Энэ бол улс төрийн томилгоо ш дээ” гэсэн. Яг үнэн. “Улс төрийн зөвлөл” гэж нэрлэдэг болцгооё. Хөдөөнөөс, Баян-Өлгийгөөс биш юмаа гэхэд зүгээр нэг ажилчин, дарга биш залуу, оюутан, эмч багшийг андуурч эндүүрээд ч болов оруулсангүй. Шударга байцгаая л даа гэж нэг хүн уриалаад байгаа. Хэнийг аль нам, хэн гишүүн, юуны сайд шургуулсан нь духан дээрээ сийлээстэй. Нэр дэвшүүлэх хугацаа дуусаагүй байхад “Ерөнхийлөгч хүнийхээ нэрээ өгчихсөн” гэж байнгын хорооны дарга Бакей ярьж харагдсан. Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд зааснаар тэднийг нэр дэвшүүлсэн байх ёстой төрийн бус байгууллагуудыг эрэн сурвалжлаад ч олдохгүй байгаа. Нууц байгууллагууд юм болов уу?

Одоо эрх баригч намын нарийн бичгийг Олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирлаар тавьж өгсөн Үндсэний зөвлөлд хийх ажил үлдсэнгүй. Тиймээс нэг нь “Монголын мэдээ” агентлагийн компьютерийг онгичоод явна гэсэн.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Пиарын зөвлөхийн пиар

Posted by Бичигч on 2015/01/23

Нэгдүгээр сард хуулиар тас хориотой далд сурталчилгаа, төлбөртэй, захиалгатай мэдээ, сурвалжлага, нэвтрүүлгүүд олон нийтийн телевизээр пиг дүүрэн, төрийн гурван өндөрлөгөөс эхлээд зарим яам, агентлагууд өөрийн хөтөлбөр, нэвтрүүлэгтэй хэвээрээ. Засрах шинж тэмдэг ажиглагдсангүй.

Өнөөдөр улс орон даяар Гацууртын орд, Ноён уулыг өгөх үү, урт нэртэй хуульд цоорхой гаргах уу, эдийн засгийн өршөөлд хамрагдсан компаниудын мэдээллийг нууцлах ёстой юу, үгүй юу гээд шуугиж байхад олон нийтийн телевиз зөвхөн сайд дарга, албан тушаалтнууд, компаниудын нэртэй, нэргүй ухуулга сурталчилгаа, явуулсаар. Ноён уулыг хамгаалагчдыг цорын ганц удаа харуулсан нь ШУА-ийн эрдэмтдийн хэвлэлийн хурлыг “үймүүлсэн” бичлэг.

1-р сарын 22-ны Нээлттэй хэлэлцүүлгээр “Спортын хөгжил ба ирээдүй”  сэдвийн дор халз тулааны спортын холбоодоос жудо бөхийн холбооны ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Х.Баттулга, багийн спортын холбоодыг төлөөлж хөл бөмбөгийн спортын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар хоёрыг урилаа гэж хөтлөгч зарлаад 600-ын том студид гурвуулаа тансаглан ярилцав. Нэг нь бүр дүрдээ итгээд биеийн тамирын хувцастайгаа ирээд суучихаж. Нэртэйгээр нь студидээ хөл бөмбөгийн хаалга зоогоод дор нь хөтлөгчийг зогсоож байгаад баруун дээд өнцөгт бөмбөг цүлхийтэд оруулахад гоол алдсан хаалгачийн нүдэнд баяр талархлын нулимс (хөл бөмбөгийн түүхэнд анх удаа!) цийлэгнэж “энэ хүн хөл бөмбөгийн одонд төржээ”, “монголын хөл бөмбөг найдвартай хөлөнд очих нь” хэмээн дуу алдах байсан юм. Дутуу боджээ. Ирэх сард болох Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч гурваас нэгийг буюу Монгол улсын Ерөнхийлөгчийн пиарын зөвлөхийн пиар юм болов уу даа. Одоо нөгөө хоёр өрсөлдөгчийг 600-ын студидээ урьж яриулахыг хүлээцгээе. Хөл бөмбөгийнхөн fair play гэж ярих маш дуртайсан.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Энэ томилгооноос тэр сонгууль хүртэл

Posted by Бичигч on 2015/01/15

Санаа амар болжээ. Жүжиг тавихаа ч  байж. Уг нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг зарламагц намын нарийн бичгээсээ том мэдэгдэл хийж татгалзаад, бас гишүүний цэнхэр батлахаа буцааж шидчихээд (өөрийгөө олон нийтэд зориулах хүнд нэг нам юу юм!) халз мэтгэлцээнд орж өрсөлдөгчдөө сөхөө өгөлгүй довтолсоор ялж Үндэсний зөвлөлийн 15 гишүүний саналаар (үгүй ээ, манайх ардчилсан улс юм чинь 14:1 байж болно) Ц.Оюундарь томилогдсон бол хичнээн сайхан байхав. Хэрвээ өрсөлдөгчид айгаад нэрээ татах гэвэл Үндэсний зөвлөлийн арван тав хамжиж хөдөлгөлгүй барьж байгаад заавал оролцуулах байсан юм.

Даанч тэгсэнгүй. Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдоржийн ярьснаар бол Ц.Оюундарь урьд орой нь утасдаж дарга болох хүслээ хэлжээ. Утсаар нэрээ дэвшүүлдэг цоо шинэ монгол технологи! Бичиг цаас, гарын үсэг юу ч хэрэггүй. Ерөнхий захиралд дэвших санаатай бусад нөхөд сонин дээр зар мар тавигдана хэмээн хүлээж тэнэгтэх зуур Үндэсний зөвлөл Даваа гаригийн өглөө мэгдэн цугларч Оюундарийг ирэнгүүт сонгоод өгчээ. Уг нь өөр хоёр хүн нэрээ дэвшүүлсэн дуулдав. Тэр өглөө телевиз хавийн утаагүй цэвэр агаарт салхилж явсан бололтой Ц.Сайнбаяр, Д.Энхтуяа гэж хоёр эрхэм дутуу хаасан цонхны завсраар санаандгүй сонссон байх, гүйж ороод нэрээ шургуулж амжсан нь нэн сайшаалтай. Бараг өрсөлдөх шахжээ. Дүгнэж үзэхэд, баяр, амралтын өдрүүд, үдэш орой энэ тэрийг харгалзвал МҮОНРТ-ийн захирлын сонгуулийг зарлах, зарыг түгээх, хүмүүс олж мэдэх, бодож үзэх, өргөдөл намтраа туурвих, хүргүүлэх, Үндэсний зөвлөл материалыг хүлээж авах, шалгаж нягтлах, нэр дэвшүүлэхийг хаах гэх мэтчилэн хуваарилж үзэхэд тус бүрт хэдхэн секунд зарцуулсан байгаа юм.

Ингээд олон нийтийн телевиз олон таван үггүйгээр 2016 оны сонгууль руу зугуухан хандлаа. Сөрөг хүчин баахан сандал үмхээд хахчихсан байгаа тул хэд хяхтнаад таг. 2009 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн, 2012 оны  УИХ-ын сонгуулиар өнөөдөр хараал идэж байгаа улс төрчид, намуудад монголчууд ээлжит удаагаа мэхлэгдэж, тэднийг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх үүдийг нээчихээд араас нь нисч одсон улс төрч эргэж ирлээ. Уг нь монголын үндэсний телевиз, радиог чухамдаа засаг төр, тэр тусмаа улс төрөөс салгах гэж олон нийтийнх болгож 10 жилийн өмнө хууль гаргаж түвэг удсан юм. Тэрнээс биш  яам, агентлаг, компани, эрх мэдэл, хөрөнгө чинээтнийг брэнд, цуврал, кино, нэвтрүүлэг нэрээр пиардаж, сонгууль дөхөхлөөр улс төрийн нам, улс төрчдийг “тэнцвэртэй” сурталчлахын тулд огтхон ч биш…

х      х      х

Ерөнхий захирал асан М.Наранбаатарын гаргасан бахдам амжилт бол суудалдаа бараг арван жил тэссэн явдал юм. Урьд нь телевизээрээ “NHK, BBC-ийн захирлууд арван хэдэн жилээр ажилладаг, гэхдээ би өөртөө хамааруулж байгаа юм биш” гэж байгаад өөртөө хамааруулсан тэр хугацаанд бараг хүрсэн. Тэрбээр халагдахынхаа өмнөх Үндэсний зөвлөлийн хурал дээр зургаан засгийн газрыг нүүрийг үзсэн, нэгэнд нь  ч таалагдаж байгаагүй маань миний олон нийтийн талд байсны нотолгоо гэв. Яахав, урдахь засагт хэтэрхий үнэнч байсны төлөө дараачийн засаг хэсэг эхэндээ дургүй байсан нь мэдээж. Харин хэд сайхан үйлчлүүлээд тайвширдаг байсан. Олон нийтийн телевиз, олон нийтийн радио, “Монголын мэдээ” агентлагийн захирлуудыг дээрээс явуулахад Наранбаатарын өгч байсан хариу нь “жа”. Бүр МҮОНРТ-ийн дэд захирал гэсэн албан тушаалыг шинээр зохиож байгаад шүү! Үүнийг халагдахаасаа хэдхэн минутын өмнө, заримыг маргааш нь илчилж байх юм. Даанч хожимджээ.

Улсын Их хурлын дарга МҮОНРТ-ийн хамт олныг гутаасан тухайд гэвэл өмнөх мянганы төгсгөлийн ба шинэ мянганы эхний жилүүдэд манайд ил, далд алдаршсан хоёр мундаг drinking house үнэхээр байсан. Нэг нь яах аргагүй Монгол телевиз, радио, нөгөө нь Төрийн ордон. Захирлууд нь сайн уудаг, мундаг ч даадаг, хажуугаар нь хэн нэгнийг зодож амждаг байсан бол төрийн томчууд ч нэг их дутахгүйгээр хүртдэг, бас балбачихдаг байсан. Гэхдээ Ордныхон аргагүй л зангараг зааж түрүүлж больсон санагдана. Энэ бүхэн өнгөрсөн түүх атал өнөөдөр архиддаг хэвээр мэтээр УИХ-ын даргын индрээс орон даяар зарласан нь яах аргагүй доромжлол. Бас 2008 онд “Эвтэй дөрөв” захиалгыг нь саадгүй явуулж өгөөд байхад “Сэвтэй дөрөв”-ийг нэмж даварсныг нь илчилсэнд өс санаж Наранбаатарыг шүүхэд өгчээ.

Гэхдээ үүнд бүхэл бүтэн 10 жилийн турш том том донгодож ирсэн хэрнээ З.Энхболд мэтийн эрхмүүдийн дээрэнгүй, хонзогносон занг засч чадаагүй олон нийтийн телевиз өөрөө буруутай. Ерээд онд нэгэн сонин “Ирээдүйн ерөнхийлөгчийг хүмүүжүүлнэ” гэж амалж байсан санагдана. Аль аль нь чадаагүй учраас одоогийн Ерөнхийлөгч тэргүүлээд төрд дураараа дургицгааж байна шүү.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Тал төсвийн цаана …

Posted by Бичигч on 2014/12/22

МҮОНРТ-ын 2015 оны төсвийн бараг 50 хувийг хасаад хаячихлаа. Анх УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, уг телевизийг эрх баригчдын амаар дуугарч Ардын намыг дандаа хаадаг, улс орон хэцүү байгааг  ард түмнээс нууж байгаа учраас 7.4 тэрбумыг нь бусад телевизүүдэд хуваагаад өгчихье гэсэн дуугарсан юм. Төсөв батлагдахад 3,7 тэрбумыг л үлдээснээс гадна удалгүй таван тэрбумын “Монгол контент” хөтөлбөрийг зарласнаар дээрх санаа биеллээ олсныг бүгд ойлгов.

Төсвийг нь нугаслаж байхад олон нийтийн телевизийг хэн ч өмөөрсөнгүй. Олон нийт хүртэл. Арга буюу өөрсдөө гуйж түүж байж “Цагийн хүрд”-ээрээ хэдэн хүнээр үг хэлүүлсэн нь олон нийтийн телевиз хэрэгтэй тухай байсан ч төсвийн хасч болохгүйг нотолж чадсангүй. МҮОНРТ-ийн төсөв гэж хэдхэн том тоо байхаас бус яг хэдийг хэн юунд зарцуулдаг тухай задаргаа хэзээ ч байгаагүй. Өнөөдөр Монгол Улсад ганцхан олон нийтийн телевиз, радио төсвөө бүхлээр нь батлуулдаг онцгой эрхтэй. Харин телевизээс халагдсан хэн нэгэн “арай ч дээ” гэмээр баримт цухалзуулдагч ч хэрэлдэж дуусаад таг чиг болцгоодог. Тэгэхлээр 7 тэрбумын төсөв хоёр дахин ихэдсэн байсныг одоо хасаад яг тааруулсан ч байж мэднэ.

Үзэхэд үндэсний телевиз гоё болсон нь үнэн. Дүрсний ширхэг, өнгөний ялгарал, ялангуяа тэр дуу нь пүнхийж нүргэлээд янзтай. Энэ бол төсөв мөнгөтэй байсны ачаар техник төхөөрөмжөө шинэчлээд авсан, дээрээс нь айлууд тод гардаг хавтгай телевизтэй болсных. Харин нэвтрүүлгийн агуулга нь дүрснийхээ чанарын талд ч хүрэхгүй болжээ.

Олон нийтийн телевиз өглөөнөөс шөнө дөл хүртэл барагцаалбал 17 цагийн нэвтрүүлэгтэй гэж тайлагнаж байсан. Үүний тал нь давталт бөгөөд маргааш, эсвэл нөгөөдөр давтдаггүй нэвтрүүлэг гэж бараг үгүй. Өдөрт ганц удаа гэж ойлгогддог “Цагийн хүрд”-ийг мэдээж өглөөгүүр дахидаг ба доторхи сурвалжлагуудыг бусад мэдээгээр хэдэнтээ үзүүлдэг. Зарим нэвтрүүлгийг 3-4 удаа гаргах нь энүүхэнд. Өчигдөр гарсан “Зуун лангийн жороо” луус нэвтрүүлэг дундаа сарын завсарлагатайгаар дөрөв дэх удаагаа гарлаа. Өвлийн нэвтрүүлгүүдийг зунжин, бүр эртнийхийг бол “Алтан сан хөмрөгөөс” гэж гоодоод шахдаг.  Энэ мэтээр хасаад байвал ориг нэвтрүүлэг нь өдөрт арав хүрэхгүй цаг. Аливаа телевизэд давталт гэж байдаг ч олон нийтийн телевизийн тэрбумаар авдаг төсөвтэй, байшин дүүрэн хүмүүст хичнээн сайхан нэвтрүүлэг хийх боломж дэмий үрэгдэж байна аа.

Энэ юу ч биш. Олон нийтийн телевизэд яавч таарахгүй улс төрийн болоод арилжааны сурталчилгаа ориг нэвтрүүлгийн тал нь. Илүү ч байж магадгүй. Компани, байгууллага, нам, нутгийн зөвлөл, төсөл, хөтөлбөр, мөнгөтэй эрхмүүдэд оргил цагаа зараад дууслаа. Ганц удаагийнх багадаад угсруулдаг болжээ. Өнгөрсөн зун “Гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг дайн” нэртэй захиалга зургаан цуврал явсны нэрнүүд нь аймаар: “Тал нутгийн нөхөрлөл буюу дайсны эрэл”, “Госчоомтой нүүдэлчид”, “Монгол арга, Зөвлөлт барил дундын дайсантай ах дүүсийн найрамдал”, “Монголыг монголоор нь…”, “Галд нэмсэн салхи”, ”Анхдугаар дайн”. Ийм нэвтрүүлгүүд сумаа тавиад нумаа нуусан байдаг тул нэр хаяггүй, энэ жилийн тухайд “2014 он” гэсэн ганцхан төгсгөлтэй.

Мэдээж хамгийн чухал захиалгууд Төрийн ордноос ирдэг. Төрийн гурван өндөрлөгөөс гадна яам, агентлаг, байгууллагууд хүртэл өөрийн нэвтрүүлэгтэй болж байна. Ингээд Засгийн газар бол заавал “шинэчлэлийн” (одоо шийдлийн), үйл явдал болбол зөвхөн “бүтээн байгуулалт”, улмаар мэдээнүүд зөвхөн “таатай” болжээ.  Женко Баттулга “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг сэдэж Монголын хамаг улс төрчдийг оролцуулж уйлж дуулуулдаг хэрнээ Ерөнхий сайдыг орхиод байсан тул саяын  наадмаар “Миний Монгол” нэртэй ер бусын сүржин нэвтрүүлэг сэдэж “Бид шинэ нэвтрүүлгийнхээ анхны дугаараар төрөө дээдэлж Ерөнхий сайдыг урилаа” гээд эхэлсэн (үнэхээр дээдэлсэн бол Ерөнхийлөгчөөс эхлэхгүй юу?) боловч ганц нэг дугаар үргэлжлүүлсэн болж харагдаад зогсоов. Өөр захиалагч байхгүй юм чинь. Намар тийш бас л оргил цагаар гэнэт шургуулсан ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг өмөөрсөн “Нүүрснээс уугисан улс төр” бас л том захиалга. Үр дүн юу болов? Шинэчлэлийн Засгийн газрыг сүүлчийн замд нь үдчихлээ. Төр, засгийн ажил хэрэг олон нийтийн телевизийн дэлгэцэн дээрх шиг мундаг, сайд дарга нар ухаантай байсан юм бол хямрал мямрал хаанаас буугаад ирэв ээ?

Олон нийтийн телевизийн зугаалж цэнгүүлдэг нэвтрүүлгүүд бусад телевизийнхээс илүү ч биш, дутуу ч биш. Яг одоо “Нэг минут, нэг сая” гэж нэвтрүүлэг гарч байна. Ойгоо тэмдэглэж байгаа нэг компани мөнгөө төлөөд ажилчдаа оруулан зугаацуулж харагдана. Тэднийг толгойгоо сажигнуулах, салфетка зулгаан тарааж хаяхын төлөө олон нийтийн телевизэд төсвөөс мөнгө төлсөн хэрэг үү? Иймэрхүү юмыг арилжааны телевизүүд ямар ч мөнгө төгрөггүйгээр хамаагүй илүү хийж чадна.

Таатай мэдээ, бүтээн байгуулалт, баялаг бүтээгчид энэ тэр гэсэн ухуулга бус бодит байдал, баримт нотолгоо, хэрвээ олдохгүй байгаа бол эрэн сурвалжлага, эсэхүл өөрсдөө хийж хариуцах ёстой хүмүүсийн ингэж тэгэх ёстой гэсэн хоосон яриа биш олон янзын байр суурь, хэлэлцүүлэг маргаан, мэтгэлцээн Үндэсний телевиз, дагаад үндэсний радиод алга болчихжээ, нэг мэдсэн чинь.  Зарим арилжааны, тэр дундаа кабелийн телевизийн зарим мэдээ, нэвтрүүлэг МҮОНРТ-ийнхээс ч илүү олон нийтэч байх юм.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Ганбаатар гишүүн “төрийн төв хэвлэл”-ийг өмөөрсөн нь

Posted by Бичигч on 2014/12/20

Үндэсний олон нийтийн телевизийн “Ярилцъя” нэвтрүүлэг яг нэг цаг үргэлжилж гурав юм уу дөрвөн оролцогчид хувааж тааруулдаг. 12-р  сарын 20-ны Бямба гаригт эхлээд Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир номоо рекламдсан (уг нь юуг буруу зөв зөвлөөд Засаг нурсныг асуух байсан юм) бол дараа нь Хөдөө аж ахуйн их сургууль олон улсад магадлан итгэмжлэгдсэн тухай “сайн мэдээ” дуулгая гээд ярилцсан нь зочны яриаг сонсоход сургууль биш хөтөлбөр нь итгэмжлэгдсэн юм гэнэ. Тэр яахав.

УИХ-аар төсвийн тодотгол хийж байгаатай холбогдуулан хамгийн эхэнд ярихаар зарласан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын ярилцлагыг төгсгөлд нь орууллаа. Сүртэй яриа болов. Эрхэм гишүүн шууд л Оюунтолгойн гэрээний хамаг булхайг илчилж, түүнд хамаатай улс төрчдийг “бууны нохой”, “улаан хамгаалагч царайтай” гэхчлэн гутааж өглөө.  Тэгснээ гэнэтхэн олон нийтийн телевиз рүү хальчираад явчихав.

“Ухамсраараа” юу, эсвэл урьдчилан тохирсон уу бүү мэд, огт асуугаагүй байхад “Дээр нь зүгээр нэмээд … та нарт сонирхолтой байж магадгүй, та нар мэдсэн үү, үгүй юу? уу! Үндэсний олон нийтийн радио, телевизийн зардлыг 50 хувиар нь хасаад хаячихсан. Энэ одоо Ардын намын хэсэг толгойлогч нар нь орилсоор байгаад хассан. Ардчилсан намын бүлэглэл фракцийнхан ч оролцсон. Зул бөхийнхөө өмнө бадамладаг гэдэг шиг манантаж байна аа… Тэгээд МАНАН нийлж байгаад Үндэсний олон нийтийн радио, телевизийн төсвийг хасаад хаячихсан. Энэ юу гэсэн үг вэ? Лэрри Даймонд гээд америкийн улс төрч хүрч ирээд чөлөөт хэвлэл бол авлилгалыг байхгүй болгоно оо гээд ярьж байсан. Би өөдөөс нь гараа өргөөд асуулт асуусан. Энэ бол Open Ulaanbaatar арга хэмжээн дээр… Манайд чөлөөт сайн хэвлэлүүд байгаа шүү. Сайн, чөлөөт, шударгууд байгаа. Гэхдээ л, заримууд нь нь ихэнх нь гэж хэлье. Чөлөөт хэвлэл олигархуудын эсрэг хамгийн гол тэмцдэг юм бол олигархууд нь чөлөөт хэвлэл эзэмшиж байгаа тохиолдолд юу болох вэ? Өнөөдөр хүний төлөө тэмцэж байгаа, зөв сэтгэлтэй, мөнгө байхгүй шударга хүн чөлөөт хэвлэл эзэмших Монголд боломж байна уу? Миний асуултад хариулаагүй. Энээс гарах гаргалгаа гэвэл төрийн төв хэвлэл бол өнөөдөр ард иргэдийн үнэн мэдээллийг явуулдаг энийг нь төрөөс тодорхой хэмжээгээр дэмждэг… Энийг таг зогсоолоо доо. Үндсэндээ танайхан коммерческий боллоо ш дээ…”.

Эрхэм гишүүний хэл хальтирахдаа, үндэсний телевизийг “төрийн төв хэвлэл” биш “төрийн төв телевиз” гэсэн бол онох байсан. Хөтлөгч Эрдэнэбулган “Тэглээ. Хүнд л байна” хэмээн нялхраад хэдэн мөчийн дараа, хөтөлбөр дуусахад яг 15 минут дутуу байхад “Өнөөдөр тодорхой шалтгааны улмаас “Ярилцья” хөтөлбөрөө наана нь дуусгах шаардлага гарсан. Үзэгчдээсээ хүлцэл өчье” гээд дуусгаж орхив.

Ингээд төсвийг нь хагасласан МАНАН-г муулж өгсөн Ганбаатар гишүүнийг хугаслах болсон “тодорхой шалтгаан” бол бас л Саарал ордон. Хоёр хоногийн өмнө бүтэн бөгөөд шууд дамжуулсан Шилэн дансны тухай хуулийн семинар дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийн бичлэгийг дахиад нэг давтахын тулд хэдхэн минут хүлээж тэвчсэнгүй. Тэндээс утасдахад “хэзээд бэлхэн” үндэсний телевиз мөн дөө!

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

“Үндэсний зөвлөлийн бүтцийг харахад улс төрийн томилгоо гэдэг нь харагдаж байна”

Posted by Бичигч on 2014/12/14

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл гэж үл бүтэх нөхдүүд байгааг очиж очиж тэр телевизээр нь ингэж шулуухан хэлж чадсан эрхэм бол Ерөнхий захирал М.Наранбаатар өөрөө юм.  Өөрийг нь томилдог шууд удирдлагаа гэсэн үг. Энэ баатарлаг үйлдэл 12-р сарын 13-нд болжээ. Тэрбээр “Ярилцъя” нэвтрүүлгээ өөрийн биеэр эзэгнэсэн шиг эзэгнэж аваад, УИХ-ын нэг гишүүнд пиарчин хэрэг болсон учраас олон нийтийн телевизийн төсвийг хасаад арилжааны телевизүүдэд “монгол контент”-ын нэрээр өгөх болсон, ер нь өөрөө өнгөрсөн хугацаанд томил гэсэн хүнийг томилоогүйгээр улс төрчдийн дургүйг хүргэсэн гэж мэдэгдлээ. Бас болоогүй, хонуулаад хөөж явуулсан захирлуудаа хоноцын сэтгэлгээтэйгээр цоллож, Үндэсний зөвлөлд дээрх онош тавив. Дээрээс нь “тэднийг төрөөс томилж байгаа, яагаад гэвэл олон нийтийн телевизийн мөнгө бол төрийн мөнгө” гэж ярьсан бололтой Бакей гишүүнд жавтий хүртээгээд амжлаа.

Арав шахам жилийн турш томил гэснийг нь томилж ирсэн Наранбаатар захирлын шударга нь гэнэт оргилсны шалтгаан гэвэл бас л халаа, сэлгээ, томилгоо. Үндэсний телевиз, радио явахаа больсныг бүгд олж харжээ. Үндэсний зөвлөл нь хүртэл. Тэгээд халж солих гэсэн биз, даанч нэр бүхий гишүүд зориудаар тасалж хэд хэдэн удаа хурлын ирц хүрж өгсөнгүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт хуралдах тул томчуудыг зоригтой шүүмжилсэн учраас хэлмэгдэх нэг нөхөр мэндэллээ.

Наранбаатарын араас гарсан ярилцлага Үндэсний телевиз юу болж хувирсныг харуулав. Хөтлөгч Эрдэнэбулган МУИС-ын цөмийн судалгааны төвийн судлаач Б.Мөнхбат гэдэг залуугаар 40 минутын турш цөмийн эрчим хүчний сурталчилгаа хийлгэх гэж чардайж гарлаа. Ноднин, уржнангаас хойш олон нийтийн телевиз ийм ажилтай болчихлоо. Дорноговь аймагт уран ухдаг францын “Арева” компани гэхэд бүр тусгай нэвтрүүлэг, “Цагийн хүрд”-ээр байнгын булантай болж амжсан. (Саяхан “уранаас болж  мал үхээгүйг нотолно” гэж зарласан францын төслийг хичнээн сурталчлав).

Өнөөдөр Монголд уран, цөмийн эрчим хүч тойрсон ширүүн маргаан дэгдээд байгаа. Харин “олон нийтийн дуу хоолой” гэж гайхуулдаг олон нийтийн телевиз зөвхөн нэг талын амаар дайрч давшлах нь дэнджээ. Энэ ярилцлагаар хөтлөгч Эрдэнэбулган “… Янз бүрийн жагсагчид, тэмцэгчид “өө энэ чинь монголын сөнөөх нь, ард түмнийг хордуулж алах нь гээд байдаг… Хоёулаа жаахан улс төрчихье… Агентлагийг татан буулгаж байгаа, бие даасан энергийн бодлоготой байна гэж байгаа нь монгол төрийн бодлого биш, өөр гүрний бодлого гэж би хардаж байна… Би хардах эрхтэй… Худлаагаасаа, сүр сүр царайлж, эх оронч энэ тэр гэж цээжээ дэлдэж, энд тэнд хэдэн тугал үхчихлээ гэж байгаа нь эх оронч гэхээсээ илүү шуудхан хэлэхэд гаднын гар хөл болж энэ улсын хөгжүүлэхгүй гэсэн сонирхол нуугдаад байгаа юм шиг надад санагдаад байна… Фукушимагийн цөмийн цахилгаан станцаас болж нэг ширхэг ч хүн үхээгүй … Хэзээ тогоо тэсэрч Улаанбаатар хөлдчих бол гэсэн айдас дунд амьдарч байна… гэх мэтээр өөрөө дүвчинэж гарав. Харин эрдэмтэн залуу хариулахдаа, эсэргүүцэж байгаа хүмүүсийг үгүйсгэж болохгүй, аюул эрсдлийг байнга сануулж байх ёстой гэсэн шүү. Хөтлөгчөөс илүү ухаалаг, хүлээцтэй, олон ургальч…

Бодвол, Олон нийтийн телевиз Цөмийн энергийн газартай хамтран ажиллах нэртэй хаалтын гэрээ байгуулсан, тэгтэл цаад газар нь татан буугдчихаад хэцүү байх шиг.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Хослон сурвалжлав

Posted by Бичигч on 2013/09/24

МҮОНТ. Ардчилсан хүчний холбооны нэвтрүүлэг

Өнгөрсөн сараас МҮОНТ нэгэн үйл явдлыг онц чухалд тооцож тусгайлан сурвалжилж цувралаар  үзүүлжээ. Захиалга буюу мөнгө өгвөл ямар ч арга хэмжээг хөдөө гадаа хамаагүй хүрч очоод сурталчилж өгдөг нь олон нийтийн телевизийн хамгийн сайн чаддаг ажил. Гэхдээ гурвын гурван цуврал нэвтрүүлэг бэлтгэж өгнө гэдэг бол тохиолдол яавч биш.  Тэр үйл явдал бол Хөвсгөл далайн эрэг дээрх амралтын газарт болсон Ардчилсан хүчний холбооны “Монголоо шинэчилье” нэртэй баруун бүсийн чуулга уулзалт байлаа. Ингэж хөл алдсаны шалтгаан нь тэр байгууллагы УИХ-ын дарга З.Энхболд тэргүүлдэгт ажээ.  Тэр өөрөө, сүүлийн үед түүнээс салахаа байсан урвагч гишүүн (нэг намаас дэвшиж сонгогдмогцоо нөгөө нам руу холбирсон хүнийг өөр хэн гэхэв, аан?) Д.Арвин, С.Эрдэнэ, түүнийг аль эртнээс дагаж буй Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяа, бас ноднингоос дагаж харагдах болсон нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа гэх мэтээр хэсэг томчууд цугларан семинардаж, ярилцлага өгч, галын наадам хийсэн сүртэй арга хэмжээ байлаа.

Улс төрчдийн явдал суудал яахав. Сонин юм гэвэл нэвтрүүлгийн төгсгөлд чухам тайлбар байхгүй ч МҮОНТ ба ETV хоёрын таних тэмдэгтэй микрофон дэлгэцнээс салсангүй. Эндээс нисч очоогүй нь мэдээж болохоор энэ хоёр телевиз дагаж сурвалжилжээ. Тэр өдрүүдэд ETV бас ийм нэртэй, ижил шахам цуврал нэвтрүүлгүүдээ үзүүллээ. Хосоороо сурвалжилсан юм чинь.

Тохиолдол хүртэл учиртай. Монголын олон телевизээс чухам энэ хоёр, олон нийтийн ёс журмаа зөрчиж байгаад намын ажилд хүчин зүтгэсэн нь УИХ-ын дарга З.Энхболд болов уу. ETV-ын цаад эзэн нь З.Энхболд гэдэг ч албан ёсоор нотлогдоогүй бол тэр телевизийг албан ёсоор үүсгэн байгуулж гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Даваабаярыг МҮОНТ-ийн гүйцэтгэх захирлаар тавиулсан хүн нь З.Энхболд гэдэг нь тус телевизийн Үндэсний зөвлөлийг хэрхэн бүрдүүлснээс  шууд ойлгогддог.

Есдүгээр сарын эхээр Ардчилсан хүчний холбооны дараачийн арга хэмжээ – “Монголоо шинэчилье” говийн бүсийн чуулга уулзалтыг Өмнөговь аймгийн нэгэн амралтын газарт зохион байгуулахад хос хоёр зуузай холбон сурвалжлав. Тэнд бас л З.Энхболд, бас л Д.Арвин, дахиад С.Эрдэнэ, нэмээд С.Одонтуяа, Г.Баярсайхан нарын яриа хөөрөө, хурал семинар, тоглоом наадам …

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, ETV | 1 Comment »

Хэвлэл мэдээллийн эзэмшил: Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз (2013 он)

Posted by Бичигч on 2013/08/31

МҮОНТ нь 1967 онд байгуулагдаж 2005 оноос Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн дагуү үйл ажиллагаа явуулж байна.

Удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл бөгөөд 2013 оны байдлаар дараах бүрэлдэхүүнтэй.

1. Лувсангийн Пүрэвдорж – Үндэсний зөвлөлийн дарга, зохиолч, сэтгүүлч, “Гэгээлэг нийгэм-даатгуулагч иргэдийн холбоо” ТББ-ын тэргүүн. 2012 онд УИХ-аас нэр дэвшүүлж сонгогдсон.

2. Бямбажавын Цэнддоо – “Өдрийн сонины” ерөнхий эрхлэгчийн нэгдүгээр орлогч. 2012 онд УИХ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж сонгогдсон.

3. Баасанжавын Ганболд – “Үндэсний шуудан” сонины Ерөнхий эрхлэгч. 2000-2006 онуудад МҮОНРТ-ын ерөнхий захирлаар ажиллаж байв. 2012 онд УИХ-аас нэр дэвшүүлж сонгогдсон.

4. Дамбийгийн Гоошоохүү – “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш. 2012 онд УИХ-аас нэр дэвшүүлж сонгогдсон.

5. Сүрэнгийн Цэрэндорж – Хүний эрх, ардчиллын судалгааны төвийн тэргүүн, “Хэлцэл” хууль зүйн товчооны захирал, хууль зүйн ухааны доктор

6. Чойжилжавын Дамбажав – Дашчойлин хийдийн хамба лам

7. Дамбын Гантөмөр – Аялал Жуулчлалын Тогтвортой хөгжил төвийн тэргүүн, “Аялал Жуулчлалын Тогтвортой хөгжил” сэтгүүлийн ерөнхийлөгч

8. Цэрэнпилын Гомбосүрэн – Ахмад дипломатч

9. Дамбын Ганбат – – Хяналтын зөвлөлийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал.

10. Ален Арман – Ирээдүйг аврах хөдөлгөөний тэргүүн, Монголын олон ангит кино компаний захирал, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч. 2012 онд Засгийн газраас нэр дэвшүүлж сонгосон.

11. Содномпилын Мягмар – “Боролдой” студийн захирал, “Блакбокс” төрийн бус байгууллагын тэргүүн. 2006 онд МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. 2012 онд УИХ-аас нэр дэвшүүлж сонгосон.

12. Аюушийн Мөнхбат – Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч. 2012 онд Засгийн газраас нэр дэвшүүлж сонгосон.

13. Догмидийн Сосорбарам – “Од” театрын захирал. 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж сонгогдсон.

14. Шагдарын Батцэцэг – “Эй Би Ай” хүрээлэнгийн захирал. Энэ хүрээлэнг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үүсгэн байгуулжээ. Нэр нь ElBegdorj Institute гэж тайлагдана. 2012 онд УИХ-аас нэр дэвшүүлж сонгосон.

15. Цэрэнчимэдийн Зоригтбаатар – Канад улс дахь Монгол улсын элчин сайдын яамны 1 нарийн бичгийн дарга

Гүйцэтгэх удирдлага:

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар

Монголын Үндэсний телевизийн захирал Ч.Даваабаяр. Урьд нь ETV хэмээх хувийн арилжааны ETV телевизийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байсан юм.

Монголын Үндэсний радиогийн захирал Л.Цэрэн-Очир. Урьд нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийн үүсгэн байгуулсан “Өнөөдрийн тойм” сонины эрхлэгчээр ажиллаж байв.

Posted in # ОНМХ-ийн эзэмшил, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 2 Comments »

“МҮОНТ өөрөө төсөв мөнгөө хэмнэх ёстой”

Posted by Бичигч on 2013/07/02

Өнгөрсөн хавраас МҮОНТ нэгэн асуудлыг аймшиггүйгээр эрэн сурвалжилж олж мэдсэнээ өглөө оройгүй үзүүлж эхэлсэн билээ. Олон нийтийн пайз зүүснээсээ хойш ингэж зоримог бөгөөд уйгагүй ажилласан түүх үгүй.  Хотын захдуу амьдардаг иргэд рүү очиж, зарим байгууллагаар дахин дахин шагайж, дарга нараас шулуухан асууж  бажгадуулан , бүр зуны бүгчим халуунаас төвөгшөөхгүйгээр хөдөө явлаа. Араас нь студи дүүргэсэн хэлэлцүүлэг өрнүүлж, улс орны амьдралын онц чухал үйл явдалд тооцон долоо хоногийн тоймоо зориулж, хамгийн сүүлд Хууль зүйн яамны захиалгатай “Эрх зүйн хөтөч” нэвтрүүлгийн хавсралт дугаар гэгчээр баахан шогширч байж сая нэг амьсгаа авчээ. Бүгд оргил цагаар!

За тэр яахав, олон нийтийн телевиз маань яг юуны хойноос амь хайргүй зүтгэв ээ? Олон нийтийн телевизийн нэвтрүүлгийн дуу, дүрсны чанар  зарим газарт муу байгаагийн хойноос юм байна. Монголчууд олон нийтийн телевизийг тод үзэхгүй байгаа нь үндэсний хэмжээний том асуудал  юм байх. Захдуу, хөдөө, цацалт муутай газар зурагт “жирэлздэг” нь үнэн. Хуучны муу зурагттай айлд бол найдваргүй. Дээрээс нь кабелийн телевиз, DDish-ийнхэн техник тоног төхөөрөмжөө хайхардаггүй, аргацаадаг нь нэрмээс болно. Энэ тухай гомдлуудыг хэдэн сарын турш цуглуулж орой болгон шахам 21.05 “МҮОНТ-Олон нийтийн гүүр” хөдөө орон нутагт” нэрээр гаргалаа.

Сэтгүүлчид цааш явж өргөн нэвтрүүлгийн сүлжээний газар,  харилцаа холбооны зохицуулах хороо зэргээр ороход цаадуул нь мэдээж зовлон тоочсон. Юу тодорсон бэ гэвэл, зөвхөн олон нийтийн телевиз биш, бусад бүх сувгийн дүрсний чанар тэр газруудад адилхан муу байгаа гэнэ.

Гэхдээ олон нийтийн телевиз дүрснийхээ чанарын хойноос гэнэт улайрсны шалтгаан бол ердөө л улсаас төсвөө нэхсэнийх. Энэ жил МҮОНРТ-ийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд 4 тэрбум төгрөг төсөвлөсөн ч төсвийн орлого ихээр тасарч байгаагийн улмаас саатчихсан. Мөнгөө хүлээхээс өөр ажилгүй дарга нар нь үүрэг өгч гэнэтхэн үзэгчиддээ хайр зарлах уран арга сэдсэн байна.

Сэтгүүлчид очиж уулзсан Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат учрыг тайлбарлаж төсвийн боломж гармагц шийдэх асуудал байна гэж бөөрөнхийлөхдөө “МҮОНТ өөрөө төсөв мөнгөө хэмнэх ёстой. Ер нь төсвийн байгууллагууд маш үрэлгэн байна.  Төрийн албан хаагчдын тоо жил тав, таван мянгаар нэмэгдэж байна” гэж хэлээд тавьчихжээ. Төсвийн мөнгөнөөс тэрбум тэрбумаар авч цаддаггүй, зардал мөнгөө зогсоо зайгүй өсгөж суудаг олон нийтийн телевизэд тэсэлгүй сануулсан хэрэг. Харин дэд сайдын яриатай сурвалжлагыг нэгэн өглөө гаргахдаа дэд сайдын яриаг бүтэн оруулсан хэрнээ үдэш нь оргил цагаар давтахдаа МҮОНТ-ыг дурдсан хэсгийг хасаад хаячихжээ. Бас болоогүй, дамжуулах байгууламжийг МҮОНРТ өөртөө авах санааг баахан цухалзуулав. Уг нь дэд бүтэц, агуулга хоёр нэг гарт байж таарахгүй гэдэг бол шийдчихсэн асуудал.

Ийнхүү олон нийтийн телевиз мөнгө хүсэхээрээ ер бусын эрч хүчтэй болж чаддаг.  Тэр мөнгийг өгөхгүй биш, зүгээр л саатсан байтал минут, секунд  бүрийг татвар төлөгчид, телевиз үзэгчид төлж байдаг эфирийн цагаа огт харамласангүй. Өөрөөсөө гэсэн үг. Олон нийтийн радио, телевизээс бусад хэвлэл мэдээллээр зогсоо зайгүй цацаж байгаа авлига, луйвар, иргэдийг бүр илүүтэйгээр хохироож байгаа бусад асуудлын хойноос ингэж явдаг бол ч …

Дашрамд дурдахад, МҮОНТ-ийн оргил цагийн хөтөлбөр түүний жинхэнэ нүүр царайг яруу тод харуулах болжээ. Жишээлбэл  6-р сарын 30-ны үдэш 21.05 “Хаслотто -2″ азтан шалгаруулах шууд нэвтрүүлэг. 21.20 “Эрх зүйн хөтөч” хавсралт дугаар. 21.50 “Урлагийн сүлжээ” соёл урлагийн нэвтрүүлэг. 22.50 “ЛУЙВАР” У.С.К, гэхдээ оронд нь 2008 оны 7-р сарын 1-ны тухай захиалгат нэвтрүүлэг гарлаа. Энэхүү дөрвөн нэвтрүүлгийн гурав нь төлбөртэй буюу захиалгатайгаас нэг нь өөрийн захиалгатай. Тэгвэл 6-р сарын 27-ны хөтөлбөрт  21.05 “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” нэртэй “Засгийн газрын сурталчилгааны нэвтрүүлгийн ээлжит дугаар, 21.25 -аас нөгөө л “МҮОНТ-Олон нийтийн гүүр” хөдөө орон нутагт” тус тус байв. Хамгийн түрүүнд Засгийн газрыг, дараа нь өөрийгөө дээдэлдэг олон нийтийн телевиз гэж энэ дээ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

МҮОНТ-ийн “Луйвар”

Posted by Бичигч on 2013/07/01

Өнгөрсөн 7-р сарын 1-нээс хэдхэн цагийн өмнө буюу 6-р сарын 30-ны 22.50 цагаас  “Луйвар” нэртэй уран сайхны кино МҮОНТ-ийн хөтөлбөрт бичигдсэн байжээ. Гэтэл тэр кино гарсангүй. Оронд нь 2008 оны 7-р сарын 1-ны үйл явдлын тухай баримтат нэвтрүүлэг гарч ирлээ. Баримтат кино ч байж магадгүй. Луйвар, хулгай, бас захиалгатай бөгөөд захиалагч, үйлдэгчид нь нэрээ нуусан ийм нэвтрүүлэг олон нийтийн телевизээр гарах нь бүгд нэг зүгийнх. Хөтөлбөрт бичихгүйгээр, гэхдээ удтал бэлтгэж байгаад чухам энэ орой гэнэдүүлэн үзүүлсэн хэрэг. Тэр тусмаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дуусмагц.

7-р сарын 1-ны 5 жилийн ойг тэмдэглэхдээ Монгол орны өнцөг булан бүрт хүрдэг энэ телевиз юуг өгүүлэв. 2008 оны УИХ-ын сонгууль будлиантай, луйврийн болсон тухай дүгнэлтээр эхэлжээ. Гэхдээ нар зүүнээс гардаг, Улаанбаатар бол Монгол Улсын нийслэл байдаг шиг 2008 оны сонгууль шударга бус гэдэг нь нотлогдчихсон юм байна. Даанч хэн, хэзээ, юуг, яаж луйвардсан факт ширхэгийг ч дурдсангүй.

Нэгэнт муухай сонгууль байсан юм чинь үймээн самууныг яаж ч зөвтгөж, 5 хүний амийг зоргоороо тайлбарлахад чөлөөтэй. Аймаар юм болж МАХН-ын байр шатсаныг хэлэх нь хэлж байна аа. Гэхдээ шатаасан хүмүүс  нь буруугүй, яагаад гэвэл сонгууль шударга бус болсныг эсэргүүцсэн сайн хүмүүс. Харин үл үзэгдсэн эрүүгийн элементүүд цагдаа нарыг чулуугаар яаж шидэхийг тэдэнд зааж өгчээ. Сүүлдээ хөөрхий залуучууд хэдэн зуугаараа баригдан хэлмэгдэж түмэн зовлон амсчээ.

Нүүр царайгаа нуулгүйгээр улангассан залуучууд цагдаа нарыг өдөржин дайрч зодон довтолсоор барилга байшингуудыг галдан шатаасныг яаж аргалав? Цагдаа нарын төлөө матрын нулимыг бөн бөн бөмбөрүүлж гарлаа. Гэмтэж бэртсэн цагдаа нарын гомдлыг яриулж тайлууллаа.  Тэднийг залуучууд яагаа ч үгүй, харин “бэлтгэлгүй байсан, зэвсэг хэрэгсэл байгаагүй, цагдаагийн мэргэжлийн арга технологи хоцрогдсон, эсэргүүцэгчидтэй хэлэлцээр хийх хүн цагдаад байгаагүй” улмаас хэдэн зуугаар бэртэж гэмтэн, тахир дутуу болж, хожим зарим нь нас барсан юм байх. Тэр ч бүү хэл цуглааныг зохион байгуулагчид “цагдаа нарыг битгий зод” гэж гуйгаад гуйгаад бараагүй гэнэ. Тэгээд үймээн самууныг ингэж тэгэж зогсоох байсны яг мэдэж байсан бөөн шинжээчид энэ үдэш тодорлоо.

Нэгэнт цагдаа нарыг аргалсан  юм чинь үймээн самууны буруутныг нэрлэлээ. Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил нар юм байна. Тэднийг нэвтрүүлгийн туршид харааж зүхлээ. Тэд жагсагчдын шаардангуут гарч ирээгүйгээс бүх юм болжээ. Товчхондоо, “жагсагчдын Баяр даргад бухимдсан уур МАХН-ын байранд гал болон дүрэлзсэн юм” гэнэ.

Төгсгөлд нь амиа алдсан 5 хүн, хэд хоног суугаад гарсан залуучуудын дахин өрөвдлөө. Тэд хэдийнэ өршөөгдсөн ч одоо бүр цагаатгах цаг болсон гэнэ. Яасан гэж? Мэдээж, сонгууль шударга бус болсон учраас.   Энэ бол өнгөрсөн 5 жилийн турш төгс боловсорсон технологи.

Нэвтрүүлэгт 7-р сарын 1-ны гол шинжээчээр Хосбаяр гэгч тодорч “тэр өдөр манай авгай төрөөд би эрт харьсан” хэмээн араа малтаж (“юмыг яаж мэдэхэв”) байгаад хувьсгалт намын байрыг мэргэжлийн хяналтаас акталсан байсан, яах аргагүй эрүүгийн элементүүд шатаасан зэргийг өнгөтөөр ярьж өглөө. Авгай нь төрөөд гэртээ эрт харьсан хүн гэж байгаа…

Ийм чалчигч зөндөө олдоно. Харин нөгөө Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглааныг эхлүүлж, Цагаан ордны урд үргэлжлүүлж үймээнийг өдөөсөн, дараа нь баривчлагдаж хэлмэгдсэн гээд хашгичаад байсан  хувьсгалчид хаачив аа? Тэд яагаад энэ нэвтрүүлгээр гарч, сонгууль шударга бус болсон тухай хэлж өгсөнгүй вэ?  Манайд санаандгүйгээр хээрийн түймэр тавьсан хүнийг хүртэл олж шийтгэдэг. Харин 7-р сарын 1-ны үймээнийг дэгдээсэн хүмүүс олдохоо больжээ. Чухам тэднийг юу хийснийг бүрмөсөн мартуулахын тулд, магадгүй тэд өөрсөөд шууд бусаар, эсвэл бүр шууд энэ нэвтрүүлгийг захиалжээ. Ямар ч эргэлзээгүй.

Олон нийтийн телевиз бол гүйцэтгэгч нь.

Posted in 2008.07.01, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 2 Comments »

Яаж зүгээр байхав

Posted by Бичигч on 2013/06/19

Өчигдөр 18:35-аас МҮОНТ хөтөлбөртөө “Газар тариалангийн тогтвортой хөгжил” гэсэн нэвтрүүлгийн нэрийг бичин хуурч байгаад сэмхэн сольж саявтар Монголд ирж баахан итгэгчдийг хуйлруулсан оросын Фатима Хадуева гэдэг зөн билэгч эмэгтэйн лекцийг шургууллаа. Монгол Улсын ерөнхийлөгчөөр хэн сонгогдох тухай асуултанд “Монголын төлөө их ажилладаг…. түүнийг шинэчлэгч гэж хэлж болно… олон хүүхэдтэй … маш олон хүүхэдтэй юм байна… гэсэн нь гурван нэр дэвшигчийн нэгэнтэй жигтэйхэн таарав. Бөөн алга ташилт . Нэвтрүүлгийн төгсгөлд ямар ч хаяг, тайлбар гарсангүй.

Тийм дээ, сонгууль болж байхад тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв. Олон нийтийн телевизийн зүгээс Ерөнхийлөгчдөө сэтгэлээсээ өргөсөн хандив юм байгаа биз.  Сурсан юмыг сураар боож болохгүй гэж энэ дээ.

Posted in 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

Шинэ жилээр телевизүүд гоё байлаа …

Posted by Бичигч on 2013/01/02

Өнөөдөр хаа сайгүй ямар ч телевизор сайхан гардаг болжээ. Энэ удаагийн шинэ жилээр бүр хачин гоё гарлаа. 2012 оны туршид айл өрх, албан байгууллагууд LCD, LED   хэмээх том, тод бөгөөд хавтгай телевизорт хавтгайдаа шилжиж дуусав бололтой. Бараг л айл бүрийг “хавтгайруулах” хөдөлгөөн. Одоо телевизор гэж бандгар биш хавтгай юмыг хэлдэг болсон. Хоёр гурван жилийн өмнөх загварууд хэрнээ өнөөдөр хоцрогдож амжсан тийм телевизор “Номин”-д байтугай “Нарантуул” дээр зарагдахаа больсон гэнэ.

Боломжтой бүх газарт кабелиар холбогдсон байна. Оны өмнөхөн Сайншандад очиход буудлын өрөө бүр 20-30 сувгаар гайхуулж угтсан шүү. MovieBox-оор мөрдөгч Декстер алуурчинг мөшгөөд л … Улаанбаатарт “Юнител”-ийн Univision IPTV, “Скайтел”-ийн Skymedia IPTV, “Сансар”-ын дижитал телевиз гээд кабелаа цувиулаад дайрч орох нь холгүй айл өрхүүдийг булаацалдаж байна. Цаг хугацааг биш юмаа гэхэд цагийн хуваарьтай нэвтрүүлгийг гурав хоногоор ухраан хүлээлгэж байгаад сая нэг харж үздэг болжээ. Хүсвэл видео сангаас үзэх киногоо захиалж гаргуулна. Улам олон телевиз өндөр нягтаршилтай HD-гээр нэвтрүүлгээ цацаж эхэлжээ. Ердийн сувгууд ч ялгаагүй маш сайн гарч байгаа. Ер нь одоогийнхоос илүү тод гарах боломжгүй мэт. (Экс Ерөнхийлөгчийн оймсний хээ хүртэл танигдаад байхад шүү!) Үгүй, боломжтой гэнэ ээ. 3D гэж бараг дотор нь орж суугаад үздэг технологи гарчээ. Даанч тусгай шил зүүх нь ядаргаатай… Бид ингээд л давардаг улс.

Чухам ийм учраас 2013 оны шинэ жилийн монголын телевизийн нэвтрүүлгүүд үнэхээр гоё, өнгө будаг өтгөн, дуу чимээ тансаг байлаа. Эцэс төгсгөлгүй мэндчилгээ, реклам сурталчилгаа, дуу бүжиг, Сарантуяа, Ариунаа, Амархүү, монгол поп, Балхжавын өөрийнх нь дуунууд, Гангам стайл, хошин шог, Х-ТҮЦ, Гүрбазар, онигоо, хийлч Дээгий, “Ирония судьбы..”, Next Stop ба “Алтан сарнай” наадам… Байхгүй юм байсангүй.

Даанч энэ олон нэвтрүүлэг санаанд хүрсэнгүй. Эрхбиш удирдлага гэж юм гарт атгаастай тулдаа хэдэн арван суваг дундаас энэ тэрийг түүж, орос, өвөрмонголтой хольж байгаад тэсч баярлав. Ядахад, миний ганц найдвар – Х-ТҮЦ-ийнхний SBN телевизээр үзүүлсэн ганц хошин үзэгдэл нь өмнөх жилүүдийн одоо ч мартагдаагүй хөтөлбөрүүдийн талын талд ч хүрсэнгүй. Тэд өөрсдөө “25-р суваг”-ийн найран дээр цагийг барж харагдлаа. Магадгүй, энэ жил амсхийсэн байж болох. Ерөөсөө манай урлагт, тэр дундаа телевизийн урлагт том санаа дуусчээ. Социализмын үеийн хэдэн киног “Сэргээш”, хошин шогийн хөтөлбөрүүд, “Цэнхэр дэлгэц” нэрээр мөлжөөд хувхайлгачихсан тул бүгд хоосорчээ. Дараачийн шинэ санаа дуншиж байгаа шинж алга.

Арилжааны телевизийн баярын нэвтрүүлгүүд дүүрч гэж бодъё. Харин мөнгийг нь төсвөөс өгдөг – МҮОНТ-ийн шинэ жилийн уламжлалт “Баярын мишээл” тус телевизийн түүхэнд хамгийн тэнэг нь болов. Харанхуй, амьгүй онгоцон дотор суугаад ниссэн одуудаас эхлээд хүүхдийн үлгэрийн марзан баатруудыг хүүхдүүд хүртэл голж, бас шоолж байх юм.

Энэ удаад бүх телевиз оргил цагаараа гаргасан, бүр есөн телевиз шув шууд дамжуулсан “Мөнгөн угалз” ба “Болор үзэг” наадмыг өдөржин шөнөжин үзэхэд, манай телевизийнхэн ямар агуу, бид ийм мундаг хүмүүсийн бүтээснийг хүртэж суудаг ямар тэнгэртэй үзэгчид вэ гэж хөөрмөөр. Даанч энэ удаагийн шинэ жилийн нэвтрүүлгээ тэд барсангүй.

Даварсаар даварсаар гэдэг шиг сүүлийн жилүүдэд монголын телевизүүдийн шинэ жилийн хамгийн оргил нэвтрүүлгээр өөрсдийнх нь ёолк өргөмжлөгджээ. Эрхэм захирал, дарга, эрхлэгчид мэдрэмжээ алдсан байна. Ганц хоёрхон мянган хүнийг хамаардаг (тэгвэл багш нар гэхэд хэдэн арван мянгаар тоологдоно) хэвлэл мэдээлэл хэмээх ганц салбар хэрнээ сайн ажилласан хүмүүсээ сайшааж урамшуулахыг улс орны №1 үйл явдал болгож, бусдыг халхлан цээжээ дэлдэхийг эрчим хүчнийхэн гэр орондоо илүү дулаан өгөх, барилгачид өөрсдөө орох сууцаа илүү чанартай барих, эмч нар ойр дотныхоо хүмүүсийг түлхүү эмчлэхтэй адил буюу ажил, мэргэжил, албан тушаалаа ашигласантай зүйрлэе. Гэхдээ эрчим хүчнийхэн, барилгачид, багш нар хэзээ ч тэгдэггүй. Зөвхөн улс төрчид л эрх мэдлээ сийхгүй ашигладаг, тухайлбал сонгуулийн хуулийг өөрсөддөө дээл эсгэх мэт яг тааруулж байгаад зүйж баталдаг. Энэ жилийн угалз, үзэгнүүдийг бас л тэд гардууллжээ. Гэнэтхэн тэдний нэг – Ч.Сайханбилэг гишүүн “би олон жилийн турш хамгийн олон сэтгүүлчид зүүж өгсөн, намайг бас шагнаач” хэмээн нэхлээ. Муу нэртэй улс төрчид хүртэл эхнээсээ сэтгүүлчдийн эх захгүй найрнаас залхсанаа ойлгуулахыг оролдов уу?

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 6 Comments »

Түүх ингэж гуйвдаг

Posted by Бичигч on 2012/12/22

Өчигдөр олон нийтийн телевиз, радиогийн оргил цагаар хөтөлбөрт байгаагүй “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэг дайран орж ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж телевизийн таван сэтгүүлч эмэгтэйг (жендерийн хувьд төгс, эсвэл өрөөсгөл алин болохыг мэдэхгүй) суулгаж байгаад уншсан урт лекц.

Ерөнхийлөгч намтраасаа нэгэн түүхийг дурсаж одоогийн улс төрчдийг ичээв. Тэртээ 1994 онд Улсын Их Хурлын гишүүн байхдаа улсын нууц задруулсан хэрэг үүсэнгүүт тэр өдөртөө Н.Багабанди даргад өргөдлөө өгөхөд МАХН-ынхан баярлан хуралдаад шууд чөлөөлсний дараа өөрт нь 4,6 жил төлөвлөсөн шүүхэд явж очоод 30 минутын үг хэлээд өөрийгөө цагаатгаад гарснаа гайхуулаад араас нь “Би ердөө Монголыг эдийн засгийн аргаар эрхэндээ оруулах гэж байгааг анхааруулсан хэрэг шүү дээ” гэв.

Нээрээ юу?

Ц.Элбэгдорж УИХ-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж тэр үеийн Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын ажилтай танилцжээ. Хэд хоногийн дараа Ялалтын талбай дээр болсон улс төрийн цуглаанд оролцож Жасрайн Засгийн газрын муу муухайг дуудахдаа хөөрч “эх орны тусгаар тогтнол алдагдаж байна… манайд хятадын тагнуулын  7 обьект байна, тэр талаар өөрийн нүдээр үзлээ” гээд туучихсан түүхтэй.

Зарим хүн 14 обьектыг хэлсэн гэдэг. Юутай ч тоо хэлчихсэн. Үүнийг цаад “объект”-ууд нь баталгаатай сонсоно. Хэдхэн мөчид урагшаа мэдээ дамжиж Улаанбаатарт цуглаан тараагүй шахам байхад Хятад улсын амрыг хамгаалахынхан хуралдаж “Ар монголчууд манай … объектоос долоог мэдчихжээ. “Найдвартай” хүн хэлсэн байна. Харин аль долоо бол …яахаарааа энэ долоо … ” гэхчлэн шалгах ажилдаа орохгүй хаачихав. “Тэр нөхөр манай объектэд шургалжээ” гээд тогтоосон ч байж магад. Товчхондоо, хятадын барагтай тагнуулчтай мөчөөрхсөн тус хүргэсэн юм. Харин шүүх хурал дээр хурц дайчин үг хэлж цагаадсан тухайд гэвэл манайхан тоогоогүй дүр эсгэсэн биз ээ. Өөр яахав.

Тэр үдэш Ерөнхийлөгчид асуулт тавьж харагдсан шилэгдмэл сэтгүүлч хүүхнүүд энэ тухай мэдэхгүй, мэдэхгүй дээрээ асуух эрхгүй.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Улс төр, эдийн засаг | 3 Comments »

100 хоногийн сагсуурал

Posted by Бичигч on 2012/12/01

Өнгөрч буй долоо хоногт “Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоног”-ийг тэмдэглэв.  Ямар ч шинэ Засгийн газрын эхний нэг зуун хоногийн ажлыг эргэн харж юу хийж чадсан, чадаагүйг шүүж хэлэлцэх нь маш зүйтэй санаа төдийгүй хаа сайгүй ардчилсан оронд тогтсон уламжлал. Гэхдээ эдийн засагч, судлаачид улс оронд гарч байгаа өөрчлөлт, тоо цифрийг шүүн хэлэлцэж дүн тавьдаг. Алдааг нь заадаг. Даанч манайд бүтэн долоо хоног үргэлжилсэн сагсуу арга хэмжээнүүдээр орлуулав. Хүндэтгэлийн хурал, үзэсгэлэн, концерт, баримтат кино, яамдын танилцуулгын хурал, хэвлэл мэдээллийн захиалгат нийтлэл, нэвтрүүлэг, ярилцлага, янз бүрийн сурталчилгаанууд гэх мэт. Золтой л хөшөө босгож салют буудуулсангүй. Зун таарсан бол наадам хийх байжээ. Бүр маргааш огцрох гээд өнөөдөр амжуулж байна уу гэж бодогдов. Тэр олон арга хэмжээний нэгийг “Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоногт зориулсан улаан хивсний ёслол, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Соёлын төв өргөөнд болж Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэийн Засгийн газар 100 хоногт” гэсэн илтгэл тавина” гэж зарласан. Улаан хивсний ёслол оо? Арай ч үгүй байлгүй дээ…

Ашгүй, тэр орой би зурагтаар ямар ч хивс олж үзээгүй. Эрхбиш эрүүл ухаантай хүмүүс болохоор ичээд больсон, эсвэл манай телевизүүд ичээд тэр ёслолыг үзүүлээгүй гэдэгт найдья.

Хэвлэл мэдээллийн тухайд, арилжааны телевизүүд биш юмаа гэхэд олон нийтийн телевизийн Пүрэв гаригийн оройн хөтөлбөрт 21:05 цагаас  “Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоног” (шууд) гэж зарласныг мэдээд бяцхан найдсан минь талаар болов. Ерөнхий сайдын зөвлөх Батмөнх, бас нэг танихгүй нөхөр хоёр заларч сэтгүүлч, бас эрээвэр хураавар арваад иргэний ойр зуурын асуултанд тэгэж ингэсхийж хариулан нойр хүргэсээр өндөрлөв. Жинхэнэ эдийн засагч, шинжээчид, бас сөрөг хүчнийхэн уригдаагүй болохоор өөр яахав.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Бас нэг арилжааны телевиз …

Posted by Бичигч on 2012/11/30

МҮОНРТ-д төсвөөс тэрбум тэрбумаар өгч, телевиз үзэгчдийн мөнгийг хураалгуулж, дээрээс нь бага сага реклам сурталчилгаа ба ивээн тэтгэлгийг зөвшөөрөхдөө хэн нэгэн мөнгөөр даллаж донгодуулаад байхгүйг бодолцож “болохгүй, хуулиар хориотой” гэж хариулах заалтыг оруулж өгсөн билээ. Гэтэл юу болж байна?

Хэрвээ сэмхэн цуцалчихаагүй л бол Олон нийтийн радио, телевизийн тухай хуулинд зар сурталчилгааны нийт хугацаа тухайн өдрийн нэвтрүүлгийн цагийн хоёр хувиас хэтрэхгүй тухай заалт байх ёстой. Өглөөний 07 цагаас  24 цаг хүртэл 17 цагийн нэвтрүүлэгтэй гэвэл өдөрт барагцаалбал 20 минутаас хэтрэх ёсгүй гэсэн үг. Энэ хугацааг нэвтрүүлгүүдийн завсар зайгаар тараан байршуулдаг зар сурталчилгаанууд элбэг дүүргэнэ. Тэгээд зогсох ёстой. Цааш хэтрэхийг “Олон нийтийн радио, телевизээр арилжааны болон далд зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтаар хаасан.

Гэтэл МҮОНТ-ийн эфирээр пиг дүүрэн захиалгат, төлбөртэй, ивээн тэтгүүлсэн, төслийн нэвтрүүлэг, мэдээ сурвалжлагууд  болжээ. Юун хоёр хувь. Сүүлдээ захиалга юмуу төлбөртэй нэвтрүүлгийн дундуур ердийн буюу өөрсдийн бэлтгэсэн нэвтрүүлэг хааяа нэг цухайж болзошгүй. Ялангуяа оргил цагаар. Тоо хэмжээ нь нэмэгдэхийн хэрээр нууж далдалдаг арга ухаан нь айхтар нарийссан байна. Хуулиараа бол “Нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд нэвтрүүлэгчээс ивээн тэтгэсэн тухай мэдээллийг дурдах бөгөөд ивээн тэтгэсэн телевизийн нэвтрүүлгийн явцад ивээн тэтгэгчийн нэр, бэлгэдэл, хуулиар хориглоогүй бараа, үйлчилгээ, бүтээгдэхүүний дүрс зэргийг нэвтрүүлэгт саад учруулахгүйгээр дэлгэцийн аль нэг хэсэгт жижгээр гаргаж болно”. Ердөө энэ! Гэтэл юун жижгээр гаргах.

Өнгөрсөн ганц хоёр сарын хугацаанд юу ажиглагдав? Ердийн зар сурталчилгаануудыг огт тооцоогүйг дахин хэлье. Арилжааны сурталчилгаа хориотойг ч орхиё. 

“Цагийн хүрд”-ийн дугаар бүрт нэгээс хоёр төлбөртэй сурвалжлага шургалдаг уламжлал тасарсангүй. “Анунгоо” компанийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэ хямдарсан, “Соёолж” төв” Германаас ёолкны шинэ чимэглэл орууллаа гэх мэт. “Хадгаламж”, Хас”, “Хаан”  банкнуудын маркетингийн элдэв арга хэмжээний тухай сурвалжлагууд тасрахгүй. Цаг агаарын мэдээ нь үргэлж “Капитал” банкны сурталчилгаатай.

“Нээлттэй хэлэлцүүлэг”, “Цаг үе, үзэл бодол” шууд ярилцлагын нэвтрүүлгийн ихэнх дугаар яам, агентлагийн ажлыг яриулахаас гадна Монгол Улсад хэрэгжиж байгаа уул уурхай, хүний эрх, шүүх, байгаль орчин, эрүүл мэндийн төсөл хөтөлбөрийн захиалгатай.  

Ер нь банкнууд болон том компаниуд олон нийтийн телевизийн оргил цагийн эзэд юм. Намаржин “Юнител”-ийн “5 байр, 5 азтан”, “Хаан” банкны азтан, “Капитал” банкны мөрөөдлийн 100 байр”, “Хас” банкны азтангууд зөвхөн 21-22 цагийн хооронд ээлж дараалан тодорч байлаа. 11-р сарын 30-ны Баасан гаригт гэхэд “Хас лото” азтан тодруулах шууд нэвтрүүлэг, араас нь түүний үргэлжлэл болсон “Азтангуудын шинэ жил” бүтэн цагийг эзэллээ. Цаашилбал, “Жи Эн Бевережис” ХХК-ийн “Пепси ундаа” азтан тодруулах шууд нэвтрүүлэг гэх мэт.  Бүгд оргил цагаар.

Компаниудын нэг удаагийн захиалгат нэвтрүүлэг хэвийн үзэгдэл болжээ. Надад тааралдсанаас дурдвал, “Томас Эйр ХХК: “Тэнгэрт зурайх замаар”, “Оюу Толгой тур” (Захиалгат нэвтрүүлэг гэж хөтөлбөртөө тодотгосон цорын ганц тохиолдол), “Номадсын түүх” (“Модерн номадс”-ын сүлжээ рестораны захиалгат нэвтрүүлэг), “MCS” үзүүлж байна: “Монгол инженер”,  “Сүүн цагаан зам” (“Монфрэш” компанийн сурталчилгааны захиалгат нэвтрүүлэг. Тэр үдэш арилжааны сувгуудаар нэгэн зэрэг гарчээ), “Монгол кино төсөл HD” (Юнител) гэх мэт.

2012 оны зун, намар, өвөл МҮОНТ-ийн эфирийг хамгийн олон удаа худалдаж авсан компани бол “Газар шим” компани юм. Тус компани нэгэн эмийн ургамлыг судалж түүгээр ундаа үйлдвэрлэж буйг  эцэс төгсгөлгүй танилцуулсан – “Артишок Монголд” нэвтрүүлэг олон нийтийн телевизийн хөтөлбөрт хадагдаж заримдаа долоо хоногт гурван удаа – Даваа, Лхагва, Баасан гаригт гарч байв. Эхлээд арваад минутын товч танилцуулга байснаа сүүлдээ “600-ын” студид хэдэн арван хүн оролцсон бүтэн цагийн шууд ярилцлагууд болж хувирсан.

Заавал компаниуд захиалдаггүй. “Оюуныг барласан он жилүүд” баримтат кино (Орчин цагийн хэвлэлийн үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилд зориулав). “Эрин зууны Монгол гааль” теле уулзалт (Гаалийн 100 жилд зориулав). “МУИС-70 жил” баримтат кино ба МУИС үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт.  Харин мөнгө нь багаддаг бололтой оргил биш, 18-19 цагийн үед голдуу цацагддаг.

“Арван мянган алхам”, “Өөрчлөлт”, “Өөрчлөлт-3″, “Та чадна”, “Эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөн” (шууд),  “Эрүүл мэндийн үзлэгтээ хамрагдацгаая”, “Тамхигүй орчин”, “Цэвэр агаар бэлэглэе” зэрэг өдөр алгасдаггүй нэвтрүүлгүүд, дээрээс нь “Огцом эргэлт” телевизийн олон ангит кино бөөнөөрөө Монголын мянганы сорилтын сангийн төсөл юм. Олон нийтийн телевизээс хөдөө нутгийн аж амьдралыг сурвалжилдаг “Эргэх дөрвөн цаг” нэвтрүүлгийг энэ намар Мянганы Сорилтын Сангийн хот орчмын бэлчээрийн төсөлтэй хамтран бэлтгэжээ. Саяхан сурвалжлах баг нь Дархан-Уул аймагт явж байтал АНУ-ын МСК-ийн гүйцэтгэх дэд ерөнххийлөгч Монголд айлчилж малчдын бүлгийн ажилтай танилцаж явахтай “санаандгүй” тааралдаад  л …

Швейцарийн хөгжлийн агентлагийн төслөөр эхэлсэн “Ногоон хөгжил-Монголын ирээдүй” нэвтрүүлэг өнөөдөр долоо хоног тутмынх болжээ. Энэ мэт олон нэвтрүүлгийн цаанаа заавал ямар нэгэн захиалагч цухалздаг. 11-р сард шинээр эхэлсэн “Эгэл амьдралын мөр” бүтээлч хүмүүсийн тухай цувралын дугаар бүр “Дэлхийн энхийн их наадам” ТББ-ын санаачлагаар МҮОНТ бүтээв” хэмээсэн битүү тайлбараар эхэллээ. Солонгосын Муны шашнаас салбарласан тэр байгууллага мөн бололтой. “Энхтайваны фестиваль-2012″ нэвтрүүлэг ч мөн тэр зүгийнх.

Ямар нэгэн захиалга шаардлагагүй мэт санагдах шоу, цэнгээнт нэвтрүүлгүүд гэж бөөн бизнес. Компани, байгууллагууд дугаар дугаараар нь худалдан авч зөвхөн өөрсдийн хүмүүсийг оролцуулна. Тухайлбал, “1 минут 1 сая” цэнгээнт нэвтрүүлэг (“Өнөөдрийн дугаарт “Ноён зууч 1950”-ын залуучууд оролцож байна… “Улсын төв 1-р эмнэлгийн залуучууд оролцож байна”),  “Hey hey” цэнгээнт нэвтрүүлэг (“Санрайз” компанийн залуучууд оролцож байна), “Hey hey” цэнгээнт нэвтрүүлэг (“Өнөөдрийн нэвтрүүлэгт “Бороо гоулд” компанийн залуучууд оролцож байна”) гэх мэт. Арав гаруй жилийн түүхтэй “Агшин” уралдаант цэнгээнт нэвтрүүлэг тэр чигээрээ арилжаа бөгөөд саяхны нэг дугаар орчин цагийн хэвлэлийн үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилд зориулагджээ. Хэн оролцсоныг таагаарай. Зарим нь бүр очиж цэнгүүлдэг. “Замд гаръя” нэвтрүүлгийн Сэлэнгэ аймагт  очиж бэлтгэсэн дугаар “Монгол Улсын хяналт шалгалтын байгууллага үүсч хөгжсөний 90 жил, мэргэжлийн хяналтын байгууллага үүсч хөгжсөний 15 жил, Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын байгууллага үүсч хөгжсөний 15 жилийн ойд зориулав” байж тэр байгууллагын ажилтан ажилчдаас бүрдсэн 3 багийг үнээ саалгаж прессэлсэн өвс өргүүлж, бас спортын зааланд тоглуулж зугаацуулав. Эхнээсээ дуустал, тайз, ширээгээ хүртэл  нь реклам сурталчилгаа болсон энэ мэт нэвтрүүлэгт компани, байгууллагаас нь мөнгө зардлаа төлөөгүй бол жирийн иргэн оролцох боломж хаалттай.

“Гэрэлтэй цонх” хөтөлбөрийн “Үдшийн зочин”-оор аялал жуулчлалын компанийн захирал Чежу, Хайнань арал руу хэдний өдөр нислэгтэй тухай ярьж өгч буян үйлдэхтэй тааралдсан.

Ингээд зогсоё. Тоочоод барахгүй. Өнөөдөр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз бараг арилжааны телевиз юм. Уран  сайхны киноны дундуур зар сурталчилгаа чихэж тасалдаггүйг эс тооцвол. Харамсалтай нь олон нийтийн телевизийн санхүүгийн тайлан олон нийтэд бүрэн хаалттай. Харин өөрсдөө бол сайн мэдэж байгаа.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 41 other followers