АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘Ийгл телевиз’ Category

Гурван өдөр, хоёр шөнө

Posted by Ажиглагч on 2011/03/18

Хэзээ хойно зарим өдөр тутмын сонинууд  гэнэт сэрж “Ийгл”, ялангуяа “Шууд” телевизийг  Японы газар хөдлөлт, цунамийг дэвэргэлээ хэмээн буруутгаснаар тэднийг дахин рекламдаж орхив. Өдөр тутмын сониныхон, бас телевизийнхэн хүртэл дээрх хоёрыг үзэж суусан нь илт мэдэгдэж байна.

Шүүмжлэх юм мэдээж зөндөө. Бие биенээ давах гэсэн “Ийгл” ба “Шууд”-ын хөтлөгчдийн ам халж бараг л газар хөдлөхөөс өрсөж Японоос шууд дамжуулж эхэлсэн мэт ярьсан тал бий. Шууд нэвтрүүлгүүд Баасан гаригаас эхлэн нийт гурван өдөр, хоёр шөнө үргэлжилсэн, гэхдээ Бямба гаригийн шөнө Улаанбаатарт газардах МИАТ-ийн онгоцыг сахиж сурвалжилсны дараа өөрсдөө ч цуцаж, бас залхаж эхэлсэн юм.

Ням гаригт “Ийгл” телевиз бас л шууд, гэхдээ Японоос биш, Спортын төв ордноос сагсан бөмбөгийн “Спрайт ” лигийн тоглолтыг дамжуулж, бас христийг сурталчилах үүрэгтэйгээ ч санажээ. Японы тухай мэдээлэл тасраагүй, гэхдээ илт цөөрч, хөндлөнгийн тайлбарууд зонхилох болж жишээлэхэд, АЦС-ийн тухай мэргэжлийн тайлбарыг AP агентлагаас орчуулан үзүүлж, бас энэ сэдвээр академич Б.Чадраатай ярилцжээ.

Харин “Шууд” телевиз цааш чадлаараа тэссэн юм.  Хандив цуглуулахыг уриалах зэргээр юу эс хийв. Кабелийн жижигхэн телевиз мөртлөө  сурвалжлагчаа МИАТ-ын онгоцоор Япон руу нисгэж мэдээ сурвалжлага авчруулав. “Японд байгаа хүмүүстэйгээ ярьсан хүмүүс бидэнтэй холбогдож мэдээлэл өгөөч” гэхчлэн шууд ярилцлагаа унтраахгүйг ихэд хичээв. Мэдээж “Ийгл”-ийн эхэлсэн нөгөө “нэг аймгийн нутаг дэвсгэрийн” асуудал гол сэдэв байлаа. Гэхдээ л өмнөх мэдээ, сурвалжлага, түүний дотор үзэгчидтэй хийсэн ярилцлагуудаа байн байн давтах болж Ням гаригийн оргил цагаар гэнэт Японыг орхиж 21.25-аас ”Ирж яваа цаг” монголын уран сайхны кино үзүүлээд амарсан юм. “Шууд” телевизийн “Ийгл”-ээс илүү гэвэл www.shuud.mn сайттайгаа хоршиж тэндээс мэдээ, сэтгэгдэл зэргийг шууд авч, эфирт уншиж барахгүй текст, жагсаалтыг тэнд байршуулж байсан юм.

Тэр өдрүүдэд “Ийгл”, “Шууд” хоёр хэтрүүлсэн байх, гэхдээ хэн мэдлээ. Японд суугаа үр хүүхдээ нэхсэн аав ээж нар утасдаад, МИАТ-ийн онгоц хоосон буцаж ирээд, атомын цахилгаан станц дэлбэрэхээр завдаад, Чернобыль бодогдоод …

Бидний үздэг 20 шахам монгол сувгаас зөвхөн кабелиар явдаг жижиг хоёр телевизийг гоочлоод яахав. Хэнээс ч захиалга аваагүй, мөнгө төгрөг нэхэхгүйгээр алдаж оноод ажлаа хийсэн байна. Тэр хэдэн өдөр чадаагүй “том”-чууд өөрсдийгөө хичээнэ биз ээ.

“Ийгл”, “Шууд” хоёр үнэхээр “айлгаж” чадсан шүү!  Тэдний эхэлсэн яриаг бусад телевизүүд өлгөж авсан, шууд утас ажиллуулж дууриасан, бас хөгжөөсөн. NBS-ын сурвалжлагч гудамжинд гарч “Японд нэг аймгаа түрээсэлбэл аль аймаг дээр вэ?” гэсэн асуулт тавихад зарим нь бүр итгэчихсэн “би эрх мэдэлтэй хүн биш … ярьж байгаад шийдэх биз”  хэмээн хариуцлагаас мултарч харагдсан.

Posted in Ийгл телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, Шууд ТВ | Leave a Comment »

Аймгийн нутаг дэвсгэрээс 21 мянган төгрөг хүртэл

Posted by Ажиглагч on 2011/03/11

Өнөөдөр зурагтаар үзэж харсандаа цочирдож японы ард түмэнд туслах аргаа олж ядсан нэгэн “Ийгл” рүү залгаж “Манайх Япон улсад нэг аймгийг бэлэглэвэл яасан юм бэ? Бидэнд ямар газар нутаг дутагдсан биш” гэсэн утгатай хэдэн өгүүлбэр хэлж орхисон чинь дараачийн үзэгчдийн дунд ноцтой маргаан дэгдээж орхив.

– Өөрийнхөө биеийг өгчихөөч!

– Эх орноо, газар нутааа зарна гэсэн тэр хүнд нэг үг хэлмээр байна. Монголын газар шорооноос бурхан ч гуйсан өгөхгүй шүү. Тэр нөхрийн утсыг нь өгчихөөч.

(Хөтлөгч:  Утас нь харагддаггүй юм аа)

– Аймаг биш юмаа гэхэд ганц сумын нутаг өгч болно шдээ. Урьд нь канад манадуудад зөндөө  л газар өгсөн.

– Ийм аймаар юм болж зөндөө олон хүн үр хүүхдээ яая даа гэж байхад “газар нутгаа өгөхгүй” гэж ярихаа боль!

– Газар нутгаасаа өгөх тийм юм байж болохгүй ээ. Бид Япон, Солонгос руу явахад виз гэж яадаг билээ? Харин байдал тайван болсон цагт газар дээр нь очиж туслая.

– Газар өгөх, өгөхгүй тухай хэрэггүй юм битгий яриачээ. Харин шархдаж гэмтсэн хүмүүсийг Монголд авчирч эмчлэх, гэртээ байлгах талаар бодъё.

– Хэнд хэрэгтэй юм, газраасаа ямар ч байсан өгөхгүй гэж солиороод л…

– Газар нутаг өгөх тухай ярих одоохондоо эрт байна.

– Газар нутгаа өгч болохгүй ээ. Казахууд …

– Япончуудад газар өгч болохгүй. Харин нэг сарынхаа 21 мянган төгрөгөө өгч туслая.

Posted in Ийгл телевиз | Leave a Comment »

Японд суугаа монголчууд “Ийгл” үзэж байна

Posted by Ажиглагч on 2011/03/11

Өнөөдөр Японд аймшигт газар хөдлөлт ба цунами болсны дараах үйл явдлыг “Ийгл” телевиз  өдрийн 14.45 цагаас эхлэн AP агентлагийн шууд дамжуулснаар өдөржин, оройжин шууд дамжуулж байна. Мэдээж монгол тайлбар, ярилцлага, мэдээ сурвалжлагатайгаар.  Орой тийшээгээ Японд суугаа монголчууд, тэдний Монголд үлдсэн аав, ээж нар, бас бус хүмүүс оочирлон оролцсон ер бусын телегүүр болж хувирлаа.

Улаанбаатараас, Орхон аймгаас, бусад газраас “Ийгл” телевиз рүү утасдаж Японд сурдаг, ажилладаг үр хүүхэд, ах дүүсээ асууж сураглажбайгаа бол Японоос бас л “Ийгл” рүү утсаар, заримдаа мессенжерээр дүрсээ харагдуулан ярьж оршин суугаа газартаа байдал ямар байгааг мэдээлсээр. Японы зарим хотод гар утас ажиллахгүй, дээрээс нь тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа  тул хэрэгтэй мэдээлэл авах ганц суваг нь Интернэт, тэр дундаа монгол сайтууд, хамгийн чухал нь http://www.eagle-tv.mn сайтаар тасралтгүй урсах “Ийгл”-ийн шууд нэвтрүүлэг болсныг олон хүн хэллээ.

Токиод суугаа Монголын ЭСЯ-ныхан дахин газар хөдлөхөөс болгоомжлон гадагш гарч нэр бүхий цэцэрлэгт хүрээлэнд очсон тул ойр хавьд байгаа монголчуудыг тэнд цугларахыг, бас ЭСЯ-ны ажилтан Нямаатай 819070120330 утсаар холбогдохыг Гадаад яамныхан мэдээлж байна гэхчлэн зарлаж байна.

Яг энэ мөчид Монгол ба Японыг “Ийгл” телевиз холбож байна.

P.S:

Шөнө өрнөсөн зарим сонирхолтой яриаг тэмдэглэж авснаа сонирхуулья.

– Японоос ярьж байна…. Дэлгүүрm бэлэн хоол дууссан.

– Фукушумад манай 3 хүүхэд байдаг, холбоо барьж чадахгүй байна. Мэдээлэл байна уу?

– Би “Эх хийморь ТББ”-ын захирал байна. Бид гэрээт ажилчдыг сонгож Японд явуулдаг. Манай байгууллагаар явсан 34 залуучуудын 32 нь эсэн мэнд гэдгээ мэдэгдсэн. Нөгөө 2 залууг ажлын байрандаа байхад нь газар хөдөлсөн. Бид холбоо барьж чадаагүй. Гэхдээ найдаж байна.

– Та Японы ямар хотоос ярьж байна вэ?
– Би Японоос яриагүй, манай охин тэнд байгаа….

– Бид эхлээд аягүй сандралдсан, ингээд үхдэг байхдаа гэж бодогдсон …

– Манай дүү хүүхэдтэйгээ гадаа яахаа мэдэхгүй явж байна. Нөхөр нь Малайз явчихсан байгаа.
– Та Элчин сайдын яам руу ярь
– Элчингийн тэр утас факс дээрээ тавьчихсан байна гэнэ.
– … цэцэрлэгт хүрээлэнд оч
– Гар утасных нь цэнэг нь дуусчих гээд байна. Мессежээр л  хэл авалцаж байна. Туслаач. Утас нь 819049291062.
– Ойрхон монгол хүмүүс байвал энэ эмэгтэйд туслаарай.

– Наритагийн нисэх буудалд 10 монгол яахаа мэдэхгүй байна. Тэдний нэг Батжаргал ярьж хаашаа ч хамаагүй онгоцонд сууж нисмээр байна гэлээ.

– Токиод 3 сард төрөх жирэмсэн эмэгтэй нялх хүүхэдтэйгэээ олдохгүй байна. Ямар ч сураг алга.

– Японы элчин сайдын яам мөн үү?

Posted in Ийгл телевиз | Leave a Comment »

Монгол маягийн шууд телевизүүд

Posted by Ажиглагч on 2010/10/14

Өглөө босоод Чилид 700 метрийн гүнээс хамгийн сүүлчийн буюу 33 дахь уурхайчинг гаргаж байхтай таарлаа. Мэдээж телевизийн дэлгэцэн дээр.  “Ийгл” шөнөжин унтаагүй дамжуулсан юм байна!

Хөтлөгч нар ээлжилж унтсан байж мэднэ, харин тоймч Гантулга огт унтаагүй гэлээ. Дэлхийн дээр хичнээн олон телевиз, хөтлөгчид ингэж ажилласныг бүү мэд, Монголоос ганцхан “Ийгл” байжээ.  Давхар шууд дамжуулж тайлбарлаад зогсохгүй уул уурхай, аврах ажиллагаа, сэтгэл судлалын мэргэжлийн хүмүүсийг авчрахын зэрэгцээ үзэгчдийг утасдуулж байлаа.  Үзэгчид харин Чилийн ерөнхийлөгч ард түмэнтэйгээ амь нэгтэй байгааг шагшиж “харин манайд …” гэж байгаад Элбэгдоржийг  хичнээн чимхэв? Яахав яахав. Монголд том осол гарч Ерөнхийлөгч маань тодорсноос (үүнийг дээд зэргээр чадна) осол гарахгүй, тэгээд тодрохгүй байсан нь дээр.   

Өнөөдөр үйл явдлыг шууд дамжуулах нь гаднаас байтугай дотроос ч амар болжээ. Хэдхэн жилийн өмнө “Манай телевиз  Хүй долоон худгаас хурдан морины уралдааны анх удаа шууд дамжууллаа” гэж сүйд болдогсон. Одоо бүгд чадна. Сүүлдээ юуг шууд дамжуулахаа мэдэхээ больж.  

Өглөө 9 цаг өнгөрч аврах ажиллагаа дуусмагц “Ийгл” телевиз дараачийн шууд нэвтрүүлэгтээ орлоо. Ямар чухал үйл явдал болов? Төрийн ордонд эхэлсэн “Хөдөлмөр – хөгжлийн үндэс”  хөдөлмөрийн үндэсний чуулганы нээлтийн ажиллагаа байлаа. Ерөнхий сайдын үг, Ерөнхийлөгчийн илгээлт, УИХ-ын даргын илгээлт, МҮЭ-ийн Ерөнхийлөгч Ганбаатарын илтгэл … “Ийгл”-ийг шууд орхиж сувгаа солитол МҮОНТ ба  TV5 телевиз хоёр бас л шууд дамжуулж байх юм. 

Монголчууд бүгдээрээ цаг алдалгүй шууд үзэж сэтгэл догдлон ширтэх ёстой гэж дээрх гурван телевизийн шийдсэн үйл явдал нь ердөө энэ.   

  

Posted in Ийгл телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV5 телевиз | 9 Comments »

Шууд ТВ

Posted by Ажиглагч on 2010/10/13

Яг одоо “Ийгл” телевизээр Чилийн уурхайчдыг аврах ажиллагааг шууд  дамжуулж байна.  Сурвалжлах багийг тийш явуулаагүй ч АНУ-ын AP (Associated Press) агентлаг шууд дамжуулж байгааг “Ийгл” давхар дамжуулжээ. Мэдээж шууд.

Өнгөрсөн 8-р сарын 5-нд Чилийн Сан-Хосе уурхай нурж 33 уурхайчин сураггүй болсноос хойш 17 хоногийн дараа тэднийг 700 гаруй метрийн гүнд амьд үлдсэнийг мэдэж холбоо тогтоон аврах ажиллагааг эхлүүлсэн билээ. Өнөөдөр тэдэн рүү тусгай капсул оруулан нэг нэгээр нь татан гаргаж эхэллээ.

Газар дор дарагдсан уурхайчид 17 хоногийн дараа  амьд байхгүй нь мэдээж байхад уйгагүй өрөмдсөөр байгаад тэдний хашигдсан зайг онож, өрөмний үзүүрт зурвас зүүж буцаан бүгд эсэн мэндээ мэдэгдсэн тэр гайхамшигт мөчөөс хойш энэ дэлхий дээрх бүх хүнийг газар дор хүлээж байгаа тэд, газар дээр байгаа бид гэж хоёр хувааж болохоор байлаа. Ингээд бидний дундаас чиличүүд тэднийг аварч, үлдсэн бид хэд телевизээр догдлон харж сууна.    

Телевизийн мэдээ гэж дөнгөж сая болж өнгөрсөн үйл явдлыг бус, яг одоо болж буй үйл явдлыг хэлдэг болсны ээлжит нотолгоо болов. Газар дээрхийг төдийгүй тэр 700 метрийн гүнд камер оруулаад дээрээс улаан өнгөтэй капсул бууж ирээд ээлжит уурхайчинг суулган дээш одохыг хүртэл шууд дамжуулж байх юм даа.   

Тэртээ 1973 оны намар хичээлдээ ирэхэд манай ангийн Болдоо “Чилид төрийн эргэлт гарсан … Сальвадор Альендег алсан… Сая радиогоор ярьсан” гэхэд хаа холын Чилийн төлөө анх удаа ихэд санаа зовж билээ. Өөр элдэв адал явдал байсан биш. Харин одоо хоёрдахь удаагаа болов.

P.S:

21.15: Орой ирээд хамгийн түрүүнд “Ийгл”-ийг үзлээ. Шууд дамжуулсан хэвээрээ, хөтлөгчид нь тоймч Гантулгын хамт нэгд нэгэнгүй тайлбарлаж ярьсаар байна. Ээлжит уурхайчинг суулгасан капсул урт хоолойгоор урагшлахыг харуулдаг болж. Үзүүрт нь камер зоосон биз. Үүнээс илүү шууд гэж байх уу?

23.08. Яг одоо 15 дахь уурхайчин гарч ирэхийг үзэж байна. Мэдээж “Ийгл”-ээр.

Posted in Ийгл телевиз | 10 Comments »

Телевизүүд сонгуулийн шөнө …

Posted by Ажиглагч on 2009/05/26

5-р сарын 24-нд манай телевизүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын явцыг өдөржин сурвалжилж СЕХ-ны зарласан хэвлэлийн хурлыг хэдэнтээ дамжуулсан билээ. Зарим нь бүр Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгийн төвд яваад оччихсон, эсвэл бүр холын аймгуудаас дүрстэй дүрсгүй мэдээ, сурвалжлага хүлээн авч үзүүлэв. Хөвсгөл айлын байшин  шатаасныг бид дор нь мэдэж авсан. Ингээд 22 цагт санал хураалт дуусахтай зэрэгцэн СЕХ-ноос сонгуулийн ирцыг 21 цагийн байдлаар мэдээлснээс хойш дэлгэц ширтсэн хүлээлт эхэлж хот хөдөөгүй шөнөжин үргэлжилсэн юм.

Телевиз болгон сонгуулийн дүн яаж тодрохыг цаг минут алдалгүй шуурхай мэдээлж нойргүй хонохоо амалж сүрхий эхэлсэн боловч удалгүй ямар ч мэдээлэлгүй болж усны эрэг дээр гаргаад хаячихсан загас шиг яахаа мэдэхгүй ангалзаж гарав. Өдөр дууссан нацу баше их аварсан даа. Тэгтэл шөнө дундаас хойхно АН-ын байрны хурлын танхимд тойрч суусан дарга нар, хөдөөний ганц нэг багийн санал тоолоход Ц.Элбэгдорж илүү санал авсныг тэнд овоорсон сэтгүүлчдэд дуулгаж эхлэв. Удалгүй МАХН-ны байранд сэтгүүлчдийг үүднээсээ цааш нэвтрүүлээгүй ч хэвлэлийн төлөөлөгч Төмөрбаатар гарч ирээд Н.Энхбаярын түрүүлж яваа хөдөөний баг, сумдын мэдээллийг ширхэгчлэн уншив. Энэ бүгдийг “Ийгл” телевиз уламжлал ёсоороо манлайлж, бас Vivia гэдэг мундаг станцтай болсон МҮОНТ удаалан шууд дамжуулж, бусад нь тун шуурхай сурвалжилж хүргэж байлаа.

Харин намуудын мэдээлэл хоёр хоёр давтагдаж Ц.Элбэгдорж түрүүлж яваа нь илт болохын хэрээр хэдэн сарын турш сонгуулиар эцэж цуцалгүй амьсгалсан зарим телевизийн дуу нь суларсаар өглөөний 06 цагийн үед АН-ын дарга Н.Алтанхуяг Монгол Улс шинэ ерөнхийлөгчтэй болсон шинэ өдрийн мэнд дэвшүүлсэн хэвлэлийн хурлыг “Ийгл” телевиз шууд дамжуулах тэр мөчид МҮОНТ өөрийн 40 жилийн ойн концертыг толилуулан баясгаж байсан бол  TV9, UBS телевизүүд танин мэдэхүйн гоё кино, нэвтрүүлэг гаргаж, TV5, 25-р суваг телевизүүд  эфирээ хаагаад гүн нойрссон байлаа.

P.S: Бас НТВ телевиз энэ бүгдийг шууд дамжуулсан гэж үзсэн хүмүүс хэллээ.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Ийгл телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, НТВ телевиз, TV5 телевиз, TV9 телевиз, UBS телевиз | 4 Comments »

Уулзаад, бас хоноод явахгүй дээ…

Posted by Ажиглагч on 2009/05/13

Өнөөдөр үдээс хойш ОХУ-ын Засгийн газрын дарга В.Путин Монголд айлчлаад оройдоо багтаж ниссэн байна. Би ихэнх улаанбаатарчуудын адилаар яг айлчлал болж байгааг зөвхөн зурагтаар харав.

Путины онгоц 15 цагийн үед Улаанбаатарт газардахад “Ийгл” телевиз өөрийн алдарт шууд сурвалжлагаа эхэлсэн ч камер нь Чингэс хаан олон улсын нисэх буудалд биш, харин Төрийн ордны хашааны бүр гадна зоолттой байж баахан хүлээлт үзүүлж хүлээлгэв. Ингээд 16 цагийн үед Төрийн ордонд хоёр орны Засгийн газрын тэргүүний хэлэлцээр эхэлсэн тухай сурвалжлагыг “Ийгл” дээр нэмж TV5 телевиз үзүүллээ. Эхлээд сэтгүүлч Дагиймаа дэлгэц дүүрэн чалчиж эхлэхэд нь Путин, Баяр хоёрыг яриулахгүй нь гэж айсан шүү. Ашгүй тэгэсхийгээд больсон.

Дараа нь С.Баяр, В.Путин зэрэгцэн зогсож урдуур нь хоёр орны сайд дарга нар ээлжлэн ширээнд сууж баахан хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолыг МҮОНТ ба TV5 телевиз шууд дамжуулан үзүүллээ. Зөвхөн энэ хоёр телевизэд онцгой эрх олгожээ. Бас монгол, оросын зөвхөн нэг нэг сэтгүүлчид асуулт тавихыг зөвшөөрсөн байв. Хоёр талаасаа хэтэрхий цензурдсэн үү, бүү мэд хал балгүй жол асуултууд тавигдав. Дашрамд хэлэхэд монгол орчуулагч (эмэгтэй) маш сайн, харин оросын талын орчуулагч нь гацаа ихтэй байв. Түүний орчуулгыг Путин хэд хэдэн удаа тасалж дараачийн өгүүлбэрээ хэлж байв.

“Ийгл” телевиз яг энэ арга хэмжээг сурвалжилж чадаагүй болохоор айлчлалын талаар үзэгчидтэй ярилцав. Хамгийн эхэнд холбогдсон үзэгч “Энэ бол Баярын гуйлтаар хийж байгаа айлчлал. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой шоу” гэж хэлээд дараачийн бүх үзэгчдэд толгой түрүүгүй загнууллаа. Гэхдээ В.Путин өөрөө “Монгол Улсын Ерөнхийлөгч бол олон улсын тавцан дээр нэрд гарсан хүн, манай орны анд нөхөр” гэж хэлээд авсан шүү.

2005 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Монголд бас л буугаад мордоход оросын сонинууд “Монголчууд АНУ-ын хүсэлтээр Иракт цэргээс илгээсний төлөө баярлалаа гэж хэлэхэд Бушт тав, зургаан цаг хангалттай байлаа” хэмээн бичсэнийг санаж байна. Энэ удаад Монгол Улс Оростой төмөр зам-ураны хамтарсан компани байгуулахыг зөвшөөрснийг сайшааж, хажуугаар нь Н.Энхбаярын талаар хэдэн үгийг хэлэхэд В.Путинд бас л төдийчинээн хугацаа элбэг хүрэлцэв.

Гэхдээ Путин Н.Энхбаярын нутагт нь ирж, бүр ордонд нь орж ирсэн мөртлөө түүнтэй уулзахгүй явлаа гэж ойлгосон. Үнэн үү? (Зөвхөн ОХУ-ын төмөр замын РЖД компанийн ерөнхийлөгч В.М.Якунин бараалхав гэсэн мэдээ байв). Монгол айлчлах сураг дуулдангуут зарим монголчууд “сонгуулийн өмнө Н.Энхбаярыг дэмжихээр ирэх нь” гэж баахан шуугисан тул орос зангаараа “яршиг” гээд больсон байж мэднэ.

Уулзаад, бас хоноод явахгүй дээ…

Posted in ДЭЛХИЙ: Улс орон, байгаль, газар зүй, Ийгл телевиз, Улс төр, эдийн засаг | 7 Comments »

Тэд яагаад огцордоггүй вэ?

Posted by Ажиглагч on 2009/05/09

Өнгөрсөн хавар Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав хоёр хөрөнгө, орлогоо худал мэдүүлж үл хөдлөх хөрөнгө, компаниа нуун дарагдуулсныг Авлигатай тэмцэх газар шалгаж тогтоогоод албан тушаалаас нь огцруулах саналыг Иргэдийн хурлуудад нь тавьснаа мэдэгдсэн билээ.

Бид ярьдаг: Монголоос бусад ардчилсан оронд ямар нэгэн “но”-той юманд нэр холбогдсон албан тушаалтан шууд огцордог, эсвэл түдгэлздэг. Тийм нөхдийг гэрээсээ гарч ажилдаа ирэх, ажлаасаа тарж гэртээ ирэх, хурал цуглаанд оролцох гээд ахлам тутамд нь сэтгүүлчид бүчиж телевизийн камер, сурвалжлагчийн микрофон амар заяа үзүүлдэггүй. Хөрөнгө орлогыг нь эрж хайна, зургийг авна, папараци хийнэ. Албан тушаалаа өгөөд улс төрөөс зайлдаггүй юмаа гэхэд түдгэлзэж нуугдаад үнэн мөнөө олуулсан нь дээр болдог биз.

Дөрөвдүгээр сарын дундуур Батлан хамгаалах яаман дээр Халх голын 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийн уулзалт болоход МҮОНТ-ийг ганцааранг нь шахуу урьжээ. Тэгтэл Дорнод аймгаас Ц.Жанлав дарга ирчихсэн оролцож суув. Тэр ч бүү хэл сурвалжлагчаас айхгүйгээр ой угтсан ажлынхаа талаар ярилцлага өглөө. Шударга биш Засаг дарга сэтгүүлчийн аманд өөрөө ороод ирэх нь тэр! Харамсалтай нь сэтгүүлч маань “Та хөрөнгө орлогын мэдүүлгээ…” гэж эхэлсэн ганц асуулт тавьж зүрхэлсэнгүй.

Нутгийнх нь сэтгүүлчид Жанлав даргыг “зовоож” байна гэж сонсдоогүй, харин ч аймгийн хамгийн том телевиз түүний мэдлийнх, бас аймгийн ганц сонин Засаг даргатайгаа “нягт хамтран ажилладаг” гэсэн.

Энэ хаваржин Баянгол дүүрэгт Л.Амгалан даргын санаачилсан  бүтээн байгуулалт бүх телевизээр байнга гарч дуртайяа ярилцлага өгч байлаа. Сэтгүүлчид түүнийг эвгүй асуултаар зовоосонгүй. Харин өнөөдөр дөрөвдүгээр цахилгаан станцын урдуур “Мөрөөдлийн цэцэрлэг”-ийн нээлтийн ёслол болсныг миний суваг эргүүлэхэд тааралдсан МҮОНТ, TV5, TV9, USB, SBN, “Ийгл” телевизүүд бүгдээрээ сурвалжилж Амгалан даргаас ярилцлага авчээ. Зөвхөн “Ийгл” телевизийн сурвалжлагч тэр асуултыг тавьсан байна. Хариуд нь Амгалан дарга “Нуусан барьсан, худлаа мэдүүлсэн юм байхгүй… ” гэж мэдэгдлээ. Одоо АТГ хүнийг гүтгэсэн болохнээ?

“Ийгл” телевиз ямар ч байсан салхи хагаллаа. Дараачийн удаад, бусад телевизүүд Амгаланд, бас Жанлавт “илүү, илүү” асуулт тавих байх гэж найдахаас.

Posted in + ТЕЛЕВИЗ, Ийгл телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 1 Comment »

“Эко констракшн” Ийгл телевизтэй тулж ажиллав

Posted by Ажиглагч on 2009/01/26

Хамгийн сайн хамгаалалт бол сөрөг довтолгоон. Сүүлийн хэдэн жил нийслэлийн хаа сайгүй газар авч орон сууц босгохдоо иргэдийг зогсоо зайгүй хохироож ирсэн “Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваа захиалагчдаасаа зугтсан хэвээрээ боловч төрд бол элсэж, харин сэтгүүлчидтэй тулж ажиллахаар шийдсэн байна. Үүний тулд яам, тамгынхныг (ЗТБХБЯ, Улсын мэргэжлийн хяналтын газар гэх мэт) бүр өөртөө элсүүлээд зогсохгүй өнгөрсөн намар нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдоод авч. Дараа нь “Эко констракш”-ны булхай, будлианыг илчилсэн сэтгүүлч Батхишигийн олон сурвалжлагыг нэвтрүүлсэн “Ийгл” телевизийг сонгон авч түүгээр өөрийн захиалагчдад том цохилт өглөө.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Нямдаваагийн оролцсон “Ийгл” телевизийн “Хэлэлцүүлэг” нэвтрүүлэг түүний хүссэнээр болж өнгөрөв. “Эко констракшн”-д гомдолтой захиалагчдаас нэгийг ч урьсангүй. Тэднийг төлөөлж харагдуулахаар тооцоолсон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн Тойвгоо гэдэг эр “бидэнд иргэдийн гомдол ирдэг, та болгооно уу?” гэсэн утгатай хэдэн үг бувтнахаас хэтрээгүй бол Улсын мэргэжлийн хяналтын газрын нэгэн дарга Ганбат бөв бөөрөнхийлсөн яриагаа “Эко констракшн”-ыг сайн ажиллаж байгаа гэж дүгнэлтээр төгсгөлөө. Харин МУИС-ын багш, хуульч эмэгтэй сүрхий эхэлсэн боловч сүүлдээ “гэрээний заалт чинь тодорхой биш байна” гэсэн ганц өгүүлбэрээ давтсаар хоцров. Онцгой байдлыг төлөөлж ирсэн Батбаатар дарга үеийн далан дээр барилга барьсан нь буруу гэдгийг ч нотолж чадсангүй.

Харин Нямдаваа захирал компанийнхаа хуулийн зөвлөхийн хамт тэднийг ёстой нэг “будаа болгов”. Захиалагчдын хамгийн их тавьдаг (барилгын чанар бол бүр дүүрсэн хэрэг) “Эко констракшн” барилгаа хугацаанд нь оруулахгүй, өртөг зардал хямд байхад нь барьж дуусгахгүй олон сар жилээр хойшлуулчихаад одоо болохоор бүх юмны үнэ нэмэгдсэн гээд кв.метрийн үнийг хамаа намаагүй нэмдэг тухай гомдолд “гэрээнд өөрчлөлт оруулж болно” гэсэн заалт байгаа, хэрвээ захиалагч зөвшөөрөхгүй бол иргэний хуулийн дагуу гэрээ цуцлагдана, өөр яриа байхгүй гэсэн ганц тайлбараар хааж чадлаа. Гэрээнийхээ заалтыг улаан цайм зөрчиж захиалагчдаа хохироосон, тэдний мөнгийг хэдэн жил эргэлдүүлчихээд ямар ч хүү торгууль, хариуцлага хүлээхгүй өнгөрдөг тухай асуултыг хөтлөгч Энхтуяа, сэтгүүлч Батхишиг өөрөө ч тавьж хариулт авч барсангүй. Цаад хоёр нь түрүүлээд “машиндчихаж”байна лээ.

Сурвалжлагч Батхишиг урьд нь тийм сайн сурвалжлагуудыг бэлтгэж эрэн сурвалжилсан мөртлөө ингэж дуусгах ч гэж дээ. Эсвэл захиалгатай төдийгүй төлбөртэй хэлэлцүүлэг байсан биш биз?

Posted in + ТЕЛЕВИЗ, Ийгл телевиз | 9 Comments »

Монголын хамгийн шударга телевиз ээ гэж …

Posted by Ажиглагч on 2008/12/10

Авилгатай тэмцэх газраас анх удаа олгосон “Шударга ёсны шагнал-2008’’-ыг хэвлэл мэдээллийнхний дундаас ‘’Йигл’’ телевиз хүртжээ. Тэр нь “Шударга vнэний дуу хоолой’’ нэртэй юм байна.

Гэхдээ энэ нэр томдоод  байна. Тус телевиз ерөнхийдөө мэдээний машин шиг ажиллаж чаддаг, сонирхолтой сурвалжлага, ярилцлагыг байнга үзүүлдэг, авлигын эсрэг сурталчилгааны аян, фестиваль явуулсан нь үнэн, гэхдээ энэ бүхнийгээ христийн шашныг Монголд зохион байгуулалттай дэлгэрүүлэх халхавч болгодог нь бас үнэн билээ. Христийн шашны дуу хоолой. Үүгээрээ “Сонин бол хамтын ухуулагч, хамтын суртал нэвтрүүлэгч төдийгүй хамтын зохион байгуулагч мөн” гэж миний амссан коммунист сэтгүүл зүйг үндэслэгчийн нэг хэлснийг санагдуулдаг.

2008 оны УИХ-ын ба орон нутгийн хурлын сонгуулийн үеэр “Ийгл” телевиз “Зочны цаг” ярилцлагын нэвтрүүлгээ төлбөртэй болгож нэг ёсондоо тэдний захиалгаар буюу тэднийг сурталчлан ярилцаж байсныг би шударга үнэн гэж үзэхгүй. Төлбөртэй гэж хэлэхгүйгээр сонгогчдыг хууран мэхэлж байжээ. (Өмнө нийтэлсэн “Сонгуулийн “бизнес” мэдээ” илтгэлийг үзнэ үү). Нэг удаад дунджаар 600 мянган төгрөгөөр энэхүү “бизнес ярилцлага”-ыг үйлддэг байжээ.

Монголын хэвлэл мэдээллийн хамгийн шударга нь ийм байгаа юм чинь бусад нь? Удалгүй оны шилдэг сонин хэвлэл, радио, телевиз, сэтгүүлчдийн өргөмжлөлийг түгээж эхэлнэ. Аймаар ч юм шиг, бас дээрхийн адил сийхгүй өргөмжилнө гэж бодоход “бахархмаар” ч юм шиг …

Posted in + ТЕЛЕВИЗ, Ийгл телевиз | 25 Comments »

“Эко констракшн”-ий Нямдаваа телевизийн дэлгэцнээс салахгүй нь ээ

Posted by Ажиглагч on 2008/11/17

Сүүлийн хэдэн жил захиалагчдаа зогсоо зайгүй хулхидаж байгаа “Эко констракшн” компанийг муулж бичээгүй сонин, муугаар үзүүлээгүй телевиз гэж Монголд үгүй болжээ.  Барилгаа  хугацаанд нь ашиглалтанд оруулж үзээгүй болохоор өөр яахав.  Боссон барилгууд нь бөөн гомдол дагуулдаг ч эрхбиш хатуу төмөр  хэлхэж цемент зуурч нийлүүлсэн юм болохоор тогтоод байдаг биз.

Ийм  дампуу компанийн захирал Нямдаваа гэгч залуу хэвлэл мэдээллээс бултаж сурсан нэгэн боловч өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр “Ийгл” телевизийн сурвалжлагч Батхишигтэй Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны үүдэн дээр таарчихаж.

Сурвалжлагч ярилцлага авахыг хүсэхэд цаадах нь сайдын өрөө рүү ухарч хэсэг нуугдсанаа сайдын туслах залууг дайчлан камерийн дуранг таглуулж байгаад хажуугаар нь гарч гоё машиндаа хамт суун зугтжээ. Удалгүй түүний үүрэг өгсний дагуу бололтой “Эко констракшн”-ий нэг  нөхөр “Ийгл”-ийн сурвалжлагчид бүгдийг ярьж өгнө хэмээн мэхэлж компани дээрээ дуудаж ирүүлээд “Бид өөрсдөө танайд хүсэлтээ тавиад нэвтрүүлэг хийлгэж болох уу?” гэж тандсан байх юм.  “Бид мөнгө өгвөл биднийг магтсан нэвтрүүлэг хийж өгөх үү?” гэсэн үг.

Өнгөрсөн зун тус компани  “2008 он” гэсэн зохиогчтой (төгсгөлд ингэж бичсэнээс өөр нэр хаяггүй) захиалгат нэвтрүүлгийг бараг бүх телевизээр (түүний дотор “Ийгл”-ээр) үзүүлэхдээ “Эко констракшн”-д гомдсон хэдэн зуу, мянган захиалагч байгааг тас нууж, зөвхөн  гэрээлсэн байрандаа удахгүй орно гэж найдсан хэсэг захиалагчаар компаниа баахан магтуулж жүжигчин Равдангаар хөтлүүлсэн билээ. Цаадуул нь хамаг мөнгөө төлчихсөн, хэд дахин хойшилсон байраа яаж ийгээд авахын тулд аргагүйн эрхэнд магтаж өгсөн биз.

Үйл явдал цаашаа улам сонирхолтой өрнөжээ. Маргааш нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.Мягмаржав “Ийгл”-ийн сэтгүүлчийг хүлээн авч уулзаад “Эко констракшн” компани алдаа дутагдлаа зассан гэж нотолсноо сэтгүүлчийн гаргаж ирсэн баримтад уурсан “Чи нийслэлийн ИТХ-д нэр дэвшээд байгаа  Нямдаваа захирлын нэр хүндэд бусдын захиалгаар халдлаа” гэж загнаад “Зууны шуудан” сонинд гарсан ”Захиалгын сэтгүүл зүй газар авах гээд байна” гэсэн ярилцлагын гарчгийг нотлох баримт болгон зааж, бас “сайдын туслах Эко компаниас барилгын зураг авах гэж явсан юм мэдэв үү?” гэх мэтээр даналзсан байх юм.  Урьд нь А.Мягмаржав “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч, бас Монголын радиогийн “Хурд” агентлагийн захирал байсан юмсан. Сайн хүнийг төрийн алба сайн эвдэх юмаа.

Бямба гаригт ЗТБХБ-ын сайд Х.Баттулга сэтгүүлчдийг дагуулан барилгын компаниудийг эргэхэд Нямдаваа захирал нөгөө зовлонт “Ийгл”-ийн сурвалжлагч бүсгүйтэй дахин учрах нь тэр. Гэхдээ юу ярьсан гээч? “Хэрвээ төр засаг банкуудад яаралтай үүрэг зээл өгүүлбэл барьж дуусгах гээд хүлээгээд сууж байна” гэнэ ээ.  Сурвалжлагч гайхаж “хэрвээ танай компани барилгаа ноднин хугацаанд нь оруулсан бол барилгын материалын үнэ өсөхөөс өмнө амжих байсан биш үү” гэсэн сурвалжлагчийн асуултанд  дахиад л “банкнууд зээл өгвөл …” гээд юу ч болоогүй юм шиг тормолзож зогслоо.

eco_construction_nyamdavaa2

“Эко констракшн” гэж компани ямар нэгэн ид шидээр (зарим хүмүүс ид шид биш, нууц эзэн нь нийслэлийн Засаг дарга асан М.Энхболд учраас тэр гэдэг ) хотын энд  тэндгүй газар эзэмшиж үй олон захиалга авч баахан орон сууцны барилга эхэлсэн боловч тэрнийгээ барахгүй сунжруулсаар энэ жилийн үнийн өсөлттэй золгожээ. Дараачийн удаад банкинд үүрэг өгөөгүй төр, өөрт нь зээл олгоогүй банкуудийг буруутгаж ярих юм байна. Магадгүй, аргаа барсан захиалагчдаараа “Нямдаваа захиралд зээл олго” гэсэн жагсаал цуглаан хийлгэж мэднэ. Өөрийгөө нийслэлийн ИТХ-д сонгуулах бол энүүхэнд.

Хотын дарга нар төсвийн мөнгөөр байр авахдаа зөвхөн “Эко констракшн”-ий байрыг сонгодог нь тус компанийн өөр нэгэн ид шид юм. Хэд хоногийн өмнө нийслэлийн хамгийн өндөр настанд олгосон нэг өрөө байрны түлхүүрийг Нямдаваа нь хувиасаа өгч байгаа мэтээр гардуулж UBS телевизээр шоудаж харагдсан.

Одоо Нямдаваа захирал телевизээс зугатах биш, телевизээс салахаа болохнээ.

Posted in + ТЕЛЕВИЗ, Ийгл телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, UBS телевиз | 3 Comments »

Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр, Т.Билэгт гурвыг хэн “өшиглөх” вэ?

Posted by Ажиглагч on 2008/10/19

15-р хорооллын хөл бөмбөгийн талбай устахын ирмэгт тулж барилгын талбай болж хувирсан тухай “Ийгл” телевизийн хэлэлцүүлгийг үзээд МҮОНТ-ийн “Монголын мэдээ” агентлагын сурвалжлагч “дуугүй байж чадахгүй нь” гэдгээ зарлаж нэгэн сурвалжлага бэлтгэн “Цагийн хүрд”-ээр үзүүлэв. Газар дээр нь очиход хятад ажилчдаар дүүрсэн барилгын талбай угтаж монголоор хариулчих нэг ч хүн олдоогүй аж Гэхдээ “Ийгл”-ээр дэлгэсэн зарим баримтыг давтан дэлгэлээ. Яахав, “Ийгл”-ыг үзээгүй хүмүүс анх удаа мэдэж авсан биз.

Энд хөл бөмбөг, волейболын гэх зэрэг том жижиг 3 талбай байдаг ч хоосон газар байгаа мэт аашилж 2002 онд “Эрин интернэйшнл” компанид шилжүүлснийг ноднин хятадуудад 1,5 сая доллараар худалджээ. Харин “Цагийн хүрд”-ийн сурвалжлагч төрийн байгууллагууд дандаа буруу шийдвэр гаргаад байдаггүй гэсэн баяртай мэдээ дуулгаж, тухайлбал 2008 оны 4-р сарын 2-нд нийслэлийн ИТХ-ын дарга Г.Мөнхбаярын гарын үсэгтэй тогтоол гарч урьд олгосон захирамжийг цуцлаад энэ мэт зарим талбайг буцаан засаж тохижуулахад зориулж 976 сая төгрөгийг төсөвт суулгасан гэлээ.

Харамсалтай нь тэр тогтоол нь нийслэлийн удирдлагын зөв мэргэн шийдвэр гэхээсээ илүү УИХ-ын сонгуулийн өмнө сонгогчдыг хуурч мэхэлсэн хэрэг байж. Яагаад гэвэл ийм тогтоол гаргаснаа зарлахгүй нууцалсан. Бодвол хөл бөмбөгийн талбайг устгах анхны захирамж гаргасан өмнөх Засаг дарга Ц.Батбаяр УИХ-д яг тэр Баянзүрх дүүргээс нэр дэвшин сонгогдож амжихыг хүлээжээ. Удалгүй Монгол-Хятадын “Зүүн Ази хөгжил” компани барилгын ажлаа шууд эхэллээ. Гэтэл тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй нийслэлийн Засаг дарга Т.Билэгт өөрөө барилгын суурь ухахыг иргэд эсэргүүцэн тэмцэж байгаа тухай сурвалжлагууд зунжин, намаржин телевизээр гарахад таг дуугүй суусан юм. Одоо ч амаа тас жимийсэн хэвээрээ.

Хэрвээ “Монголын мэдээ” агентлаг үнэхээр хүсч байгаа бол нэр нөлөөгөө ашиглаж нийслэлийн дарга нарыг олж  уулзаасай (“Ийгл-ээс зугатаад байна гэсэн). Тэрнээс биш “Хай, сайхан хоолны нэр хэлваа” гэдэг шиг сүртэй албан тушаал зүүсэн нэрүүдийг хоосон давтаад нэмэргүй. МҮОНТ-ийн сурвалжлагч очихлоор тэд дургүй байсан ч уулзана, гэхдээ мэдэн будилж толгой эргүүлэх нь мэдээж. Тэр тусам цааш эрэн сурвалжилж нийслэлийн  төв дэх хөл бөмбөгийн хамгийн сүүлчийн талбайг устгасны төлөө суудлаасаа онхолдтол нь “өшиглөмөөр”.

Манай телевизүүд ямар ч асуудал байсан бодлого, үзэл баримтлал, эрх зүйн орчин, хариуцлагын тогтолцоо гэх мэтээр том том яриа хэлэлцүүлэг өрнүүлж сурчээ. Харин үйл явдал, баримтын хойноос явахаас айдаг, яагаад гэвэл цаанаас том дарга нар гарч ирдэг. Тэгвэл “Ийгл” телевизийн спортын сэтгүүлчид Монголын хөл бөмбөгийн холбоо ба 15-р хорооллын хөл бөмбөгийн талбай  гэсэн тов тодорхой хоёр жишээг сонгож авч зад хэлэлцүүлэхэд л Ганболд, бас Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр, Т.Билэгт нарын эрх мэдэлтнүүд хэрхэн дур зоргоороо дургисны зах зух цухалзах нь тэр.

Цаашдаа манай үй олон чөлөөт телевизүүдийн яруу алдарт сэтгүүлчид дор дороо “нэг нэг юм” бодож, нийслэлд булаалгасан, одоо булаалгаж байгаа, хойшид ч булаалгах хүүхдийн тоглоомын, биеийн тамирын талбай юмуу цэцэрлэг болгоныг хэлэлцүүлэх эсвэл эрэн сурвалжлах кампани өрнүүлбэл ямар вэ?

Posted in + ТЕЛЕВИЗ, Ийгл телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

15-р хорооллын хөл бөмбөгийн талбай баяртай!

Posted by Ажиглагч on 2008/10/17

Нийслэлийн төв хэсэгт азаар үлдэж хоцорсон хамгийн сүүлчийн спортын талбай болох 15-р хороолол дахь “Найрамдал” хөл бөмбөгийн талбайг хэрхэн авч үлдэх талаар өчигдөр орой “Ийгл” телевиз 1 цаг 30 минутийн шууд хэлэлцүүлэг зохион байгуулж өөрийн хоёр, “25-р суваг”-ийн Дөлгөөн, C1 телевизийн Бадрал, “Таван цагираг” сонины Түмэнбаяр, хөл бөмбөг тайлбарлагч Батзаяа нарын спортын сэтгүүлчид, “үүргэвчтэй аялагч” Ц.Ганхүү, Биеийн тамир спортын улсын хороо (БТСУХ)-ны хоёр түшмэл, тэгээд уг талбай дээр барилга барьж эхэлсэн монгол-хятадын “Зүүн Ази хөгжил” компанийн монгол талын захирал Доржрагчааг оролцуулав.

Компанийн захирал шууд л мэдэгдэв: Бид энэ газрын зөвшөөрлийг хууль журмын дагуу авч, зураг төслөө хотын ерөнхий архитектороор батлуулаад орон сууцны хороолол барьж эхэлсэн. Бид заавал барьж дуусгана. Харин хөл бөмбөгийг өөр газарт тоглож болно. Хаана ч юм өөр талбай барихад тусалж болох юм…

Тийм ээ, бүх зүйл дууссан. Одоо энэ талбайг үгүй болсонд тооц. Нэгэнт нийслэлийн Засаг дарга гарын үсгээ зураад олгосон бол одоо хэн ч зогсоохгүй. Шүүхээр заргалдаад ч нэмэргүй. Ярилцлагын дундуур үзүүлсэн сурвалжлагаас үзэхэд баахан хятадууд хэд хэдэн суурь ухаж эхний давхруудын каркасыг цутгасан харагдана. Хэрвээ хотын шинэ дарга барилгын ажлыг зогсоож буулгах шийдвэр гаргавал хөрөнгө оруулагч хятадууд газарт булсан хэдэн төгрөгөө хэдэн арав, зуун тэрбум гэж хэлээд түүнийгээ хэд үржүүлж нийслэл хотоос нэхэмжилнэ. Энд барилга барих зөвшөөрөл өгсөн нийслэлийн Засаг дарга асан, одоо УИХ-ын гишүүн Ц.Батбаяр яах ч үгүй. Манайд төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс болж учирсан хохирлыг төр хариуцах үүрэгтэй. Гэтэл илүүдээ гарсан мөнгө нийслэлд байхгүй. Ярилцлагад оролцсон сэтгүүлчид маргаашнаас нийслэлийн Засаг дарга Т.Билэгтэд шаардлага, дараа долоо хоногт Ерөнхийлөгч Н.Энхбаярт өргөх бичиг барих юм гэсэн. Нэмэргүй ээ.

Тэд сайндаа л хотын хаа нэгтээ орчин үеийн хиймэл зүлэгтэй хөл бөмбөгийн талбай барьж өгөх гоё шоу эхлүүлнэ. Нэгэнт улс орон хөгжиж хөрөнгө мөнгө цутгаж байгаа болохоор энэ байтугай гоё стадион барих биз. Гагцхүү энэ хооронд ид гүйж харайх насандаа яваа хүүхэд залуучууд хичээл номоо тараад гэрийнхээ хажууханд аав ээжийн нүдэнд дээр тоглож наадахгүй, хөл бөмбөг, хоккейн тэмцээнд оролцохгүй, хөгжөөн дэмжиж шуугилдахгүй өнгөрч байгаа юм. Бас 15-р хорооллын болоод ялангуяа эргэн тойрны хэдэн орон сууцны оршин суугчдын амьдрах орчин илт муудаж хичнээн цонх таглагдаж нар үзэхээ болихыг огт ярихгүй байна.

Ярилцлагад оролцсон БТСУХ-ны Зоригтбаатар нэртэй түшмэл хэлэхдээ, БТСУХ бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, та нар агентлагын хуулийг унших хэрэгтэй, газрын маргаан дээр очдог байгууллага биш гэж баахан даналзсанаа спорт бол бүх нийтийн үйл хэрэг, та нар зурагтаар дандаа гоол оноо ярьдаг, ард түмний эрүүл мэнд ярьдаггүй, мэргэжлийн хяналтын байгууллагад яагаад хандаагүй юм бэ гэж сэтгүүлчдийг загнав. Хачин юм болохнээ. Нийслэл хотынх нь спортын хамаг талбайг барилгын компаниуд эрх мэдэлтнүүдтэй хуйвалдан арваад жилийн турш булааж байхад ганц удаа ган хийгээгүй, тэр яриад байгаа мэргэжлийн хяналт руугаа ганц хуудас бичиг явуулаагүй, хэвлэлийн хурал  зарлаж сэтгүүлчдэд хандаж үзээгүй биеийн тамир, спортын байгууллага дэлхийд нэг байдаг аж. Бид ёстой л “азтай монголчууд” юм даа.

“Ийгл”-ийн сэтгүүлч Төрийн ордон дотроос Ц.Батбаяр гишүүнийг хайж олоод “15-р хорооллын биеийн тамирын талбайн газрыг олгох шийдвэрийг та үзэглэжээ. Ямар тайлбар хийх вэ?” гэж асуухад “Би олон шийдвэр дээр гарын үсэг зурсан болохоор санахгүй байна. Бодвол нэг байгууллагаас нөгөөд шилжүүлсэн газар биз” гэсэн утгатай хариу барьж бултах аргаа хэдийнэ олчихсон байна лээ.

15-р хорооллын хөл хөлбөмбөгийн талбайг тойрсон маргаан бол үнэн хэрэгтээ нийслэлийн Засаг дарга нар нийслэлийн иргэдийн эрх ашгийг нулимж гаргасан олон шийдвэрийн нэг, цаашилбал түүний мэдэж хариуцдаг хот төлөвлөлт хэрхэн дампуурсан тухай асуудал юм. Ц.Ганхүү “Бид буруу хүмүүсээ авчирсан байна. Шийдвэр гаргасан тэр хүмүүсаас асуух хэрэгтэй. Цөмөөрөө хотын захиргаан дээр очъё” гэж уриалсан нь зөв хаяг юм. Нийслэлийн төвийн хамгийн сүүлчийн биеийн тамирын талбайг ерөнхий төлөвлөгөөнөөс хэн хэзээ арчиж хаясан, үүнийг Засаг дарга яагаад зогсоогоогүй зөвшөөрөл олгосон, цаашилбал уг талбайг анх эзэмшиж байгаад сэмхэн худалдсан МҮЭ-үүдийн холбооны удирдлага (бодвол тэр үеийн ерөнхийлөгч Д.Содномдорж), цааш нь 1,5 сая доллараар дамлан худалдсан гэгдээд байгаа “Эрин интернэйшнл” нэртэй компанийн эзэд чухам юу үйлдсэн, ингэхдээ бие биедээ хэрхэн тус хүргэж ямар хариу барьсныг илчлэхээс нааш юу ч өөрчлөгдөхгүй.

Нийслэлийн дарга нар хотын нийтийн өмч хөрөнгө, газрын асуудлыг шийдэхдээ иргэд, оршин суугчдаас хэзээ ч асуудаггүй нь өнгөрсөн жилүүдэд батлагдсан аксиом билээ. Ярилцлагын үеэр орос 3-р сургууль, монгол 6, 31, 20-р сургуулийн биеийн тамирын талбайнууд хэрхэн өндөр барилгад эзлэгдсэн 4 жишээг үзүүлсэн. Өнгөрсөн жилүүдэд нийтийн эзэмшлийн газруудыг хаа сайгүй ингэж “хуулийн дагуу” булаажээ. Хамгийн тод жишээ бол хүүхдийн тоглоомын талбайн булаалт. Тухай бүр газрын маргаан дэгдэж иргэд барилгын компаниудтай тулгарч зодоон цохиондоо хүрснийг телевизийн дэлгэцээр үзээд тэр зөвшөөрлийг олгосон хотын дарга нарын хөх инээд нь хүрч суудаг биз. Яагаад гэвэл тэд “хуулийн дагуу” олгосон. Иймээс барилгын компаниуд заавал ялдаг.

Энэ удаад ч тэгнэ.

Posted in + ТЕЛЕВИЗ, Ийгл телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

Спортын залуу сэтгүүлчид – Монголын хөл бөмбөгийн холбоо – 1:0

Posted by Ажиглагч on 2008/09/29

Олон түмний толгойг улс төрчид болон хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн захиалгаар угааж өгдөг хэвлэл мэдээллийг хэн шинэчлэх вэ гэдэг асуултанд би “Ийгл” телевизийн Ням гаригийн хэлэлцүүлгийг үзээд хариулт авах шиг боллоо. Хэн бэ гэвэл сэтгүүлчдийн шинэ үе юм байна.  

Энэ нэвтрүүлгээр спортын хэсэг сэтгүүлчид, гэхдээ дан залуучууд тойрч суугаад Монголын хөл бөмбөгийн холбоог зад шүүмжлэв. Нээрээ арваад жилийн өмнө Ганболд гэдэг экс хөл бөмбөгчин тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болсноосоо хойш Монгол улсыг Олон улсын олимпийн хороо (ОУОХ)-нд биш, харин ОУОХ-г Монгол Улсад төлөөлдөг Ш.Магван гуай шиг (бүр социализмын үед манай Улс төрийн товчоо хүртэл түүнийг огцруулж чадаагүй) Монголд хэнээс ч хамааралгүй болсон тухай олонтаа сонссон. Гэхдээ МХБХ бол ОУОХ-ноос арай өөр бөгөөд Ганболд хараахан Магван гуай бишсэн. 

Ганболд ерөнхий Дэлхийн хөл бөмбөгийн холбооны мөнгөөр Төв цэнгэлдэхийн хажууд жижигхэн талбайг ордонтой нь бариулж, бас УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг ерөнхийлөгчөөрөө сонгон халхавч болгоод зан ааш нь эвдэрч жирийн дасгалжуулагч, хөл бөмбөгчдөө тоож харьцахаа больж дураараа дургиж эхэлсэн тухай олонтаа сонссон маань үнэн ажээ. Ихэнх цагаа Монголын хөл бөмбөгийн холбоог дэлхийн хаана ч хамаагүй төлөөлөн аялж өнгөрөөдөг гэсэн. 

Нэвтрүүлэгч оролцогсод  Монголд хөл бөмбөг хөгжихгүй байгаагийн шалтгааныг эрж хайхдаа, Дэлхийн хөл бөмбөгийн холбооноос өгдөг их мөнгө хаашаа ордог нь тодорхойгүй, санхүүгийн тайлан тавьдаггүй, гадна дотноос харилцья гэхэд ядахдаа и-мэйл ч байхгүй, уралдаан тэмцээнийг дэндүү муу зохион байгуулдаг, саяхан болсон нэг тэмцээн эхнээсээ дуустлаа хэрүүл байсан, шигшээ баг нь сагсан бөмбөгийнхөн шиг гадагшаа явж тоглохыг хичээдэггүй, дасгалжуулагч нь солигддоггүй гэхчлэн маш тодорхой ярьцгаав. Бас хөл бөмбөгийн холбооны санхүүгийн тайланг үзүүлэхгүй бол гомдол гаргахад шүүх хүлээж авах болов уу хэмээн эрэгцүүлэв.  

Хөл бөмбөгийн спорт, хөл бөмбөгийн холбоо бол монголын амьдралын нэг л хэсэг. Ийм асуудалтай салбар, тийм дур зоргоороо байгууллага, эрх мэдэлтэн зөндөө. Тэднийг хэвлэл мэдээллээр зөндөө шүүмжилдэг. Даанч ихэнх тохиолдолд нэр хаяггүй мэдээлэл, нэвтрүүлэг байх юм. Хэвлэл мэдээллийнхэн өлгөж аваад яриа хэлэлцүүлэг өрнүүлж мөрөөр нь эрэн сурвалжилна гэж огт үгүй. Харин “Ийгл” телевиз ийм хэлэлцүүлэг эхэллээ. (Цаашдаа спортын бусад төрөл, холбоодоор явуулахаа зарлав) Эхний хэлэлцүүлэгт оролцсон залуу сэтгүүлчдийн ярианд буруу зөрүү юм байсан биз, гэхдээ “би хөл бөмбөгийн холбоонд хэвлэл мэдээллийн ажилтан байгаад халагдсан” хэмээн өөрийгөө илчилж байгаад баримтуудыг зоригтой дэлгэлээ. Дандаа нэр, дугаар, тоо, оноо, минут, секунд гэх мэт бодитой мэдээллийг түшдэг сэтгүүлч залуус арай өөрөөр сэтгэж “монголчууд хөл бөмбөгт авъяастай”, “энэ салбарт бодлого хэрэгтэй”, “хөл бөмбөг бол бүх нийтийн үйл хэрэг мөн”, “шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлцгээе” гэхчлэн ерөнхийлөөд байсангүй, харин тов тодорхой асуулт тавьж хариулт нэхэж чадлаа. Шинэ үеийнхэн хууччуулаасаа заавал илүү байх юм.   

Нэвтрүүлэгт хөл бөмбөгийн холбооны гүйцэтгэх захирлыг урьсан боловч татгалзсан хариу өгчээ. Айна л даа. Спортын залуу сэтгүүлчид холоос ч гэсэн өшиглөж Монголын хөл бөмбөгийн холбооны хаалганд нэг гоол хийлээ. 1:0. Одоо хариу цохилт хаанаас (ямар телевиз, сонин хэвлэлээр) ирэх бол?

Posted in + ТЕЛЕВИЗ, Ийгл телевиз | 3 Comments »

Зөвхөн “Ийгл” телевиз нар хиртэлтийг шууд дамжуулав. Бусад нь 55 жил хүлээх хэрэгтэй болжээ

Posted by Ажиглагч on 2008/08/01

19.00:

Одоо Улаанбаатарт 2008 оны 8-р сарын 1-ны яг 19 цаг болж байна. Монголд зөвхөн Баян-Өлгий, Ховд аймгийн нутагт 200 км-ын зурвас газарт нар бүтэн хиртэж тэнд барагцаалбал 2 минутийн турш тэнгэр харанхуйлна гээд сурталчлаад байсан. Тэгвэл Улаанбаатар хотод нар хагас ч гэсэн хиртэхийг түрүүхэн мэдлээ. 19 цаг 04 минутэд оргилдоо буюу 86 хувьд хүрч сарны сүүдэр дор орох юм байна. Одоо тэнгэр аажмаар бүрэнхийлсэн ч нарыг нүдээрээ харах боломжгүй, нүд сохолмоор хурц хэвээрээ ажээ. 

Харин “Ийгл” телевиз энэ хиртэлтийг шууд дамжуулж байх юм. Дамжуулаад зогсохгүй одон орон судлалын эрдэмтнийг студидээ авчирч суулгаад тайлбарлан яриулж байна. Үүний ачаар би нүдээрээ олигтой харж чадахгүй байгаа нар хиртэлтийг “Ийгл”-ээр харж сууна.

“Ийгл” телевиз монголын бусад телевизүүдийг дахиад л давж гарав.

19.20 цаг:  

Сая гүйж гараад Сүхбаатарын талбай дээр очлоо. Хүмүүс алгаараа нүдээ хааж байгаад хурууныхаа зай завсраар хавирган хэлбэртэй болсон нарыг гялс хараад авахыг оролдоно. Би ганц зураг дарснаа энд оруулав. 

Өнөө оройжин телевизүүд нар хиртсэн тухай сурвалжлага үзүүлэх биз. Гэхдээ шууд дамжуулж чадсан нь зөвхөн “Ийгл”. Бусад телевизүүдэд Монголд болох дараачийн нар хиртэлтийг шууд дамжуулах боломж нээлттэй. Тэр хүртэл ердөө 55-хан жил буюу 2063 оны найм­дугаар сарын 24-нд хүртэл хүлээхэд л хангалттай…

Posted in + ТЕЛЕВИЗ, Ийгл телевиз | 5 Comments »

Телевизийн захирлууд vs “Ийгл”

Posted by Ажиглагч on 2008/07/06

Өчигдөр орой онц байдлыг хараахан цуцлаагүй байхад буюу 22 цагийн үед МҮОНТ-ээр Монголын телевизүүдийн холбооны хэвлэлийн хурлыг үзүүллээ. З.Алтай,Д.Сарангэрэл, Ц.Энхбат, Ц.Балхжав нарын телевизийн эзэд юу ярив? Тэд 7-р сарын 1-нд болсон үймээн самууны цаад эздийг яг мэдэж байгаа ажээ. Итгэхгүй байна уу?

TV9 телевизийн захирал Ц.Энхбат бүр үүх түүхтэй нь хэлж өглөө.
– Миний мэдэхээр улс төрийн тогоонд чанагдсан намуудаас ийм үйлдэл гараагүй, жишээлбэл МАХН-ын зүгээс, АН-ын зүгээс, ИЗН-ын зүгээс гараагүй. Энд тодорхой эзэн байгаа. Бид мэдэж байгаа. 2005 оноос эхэлсэн процессын үйл ажиллагаа өнөөдөр ингэж үр дүнгээ олж байгаа байхгүй юу?… Үүний ард хүмүүс байгаа. Хүмүүс байгаа учраас ийм үйл явдал болсон. Бид мэдэж байна. Украинд ийм юм болсон, Сербид ийм юм болсон, Гүржид ийм юм болсон. Киргизэд ийм явдал болсон 5000 хүн босоод улс орныг эргүүлдэг….  Яг ийм сценариар болсон үйл явдал… Манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд халдсан зохион байгуулалттай үйл явдал…

МАХН, АН, ИЗН буруугүй, харин 2005 оноос эхэлсэн гэхлээрээ иргэний хөдөлгөөнийхөн болж таарлаа. Үүнийгээ цагдаагийнханд шууд мэдэгдүүштэй. 

Бас  “25-р суваг” телевизийн захирал, саяхан УИХ-ын гишүүнээр сонгогдсон З.Алтай “Зарим нэгэн хэвлэл мэдээллийн байгууллага, сурвалжлагчид дэвэргэх, уриалан дуудах байдалтайгаа ажилласан тул сэтгэл дундуур байна” гэсэн бол TV5 телевизийн ерөнхий зөвлөх Д.Сарангэрэл “Үндсэн хуулинд ард түмнээ эмх замбараагүй байдалд уриалан дуудаж 2 сая хүнээ хооронд нь алалцуулж талалцуулна гэдэг бол …. Ард түмнээ эмх замбараагүй байдал, дайн тулаанд уриалан дуудна гэдэг бол улс төрийн хүчин, хэвлэл мэдээллийн байгууллагад хуулиар хориглосон зүйл” гэж хатуу анхааруулав.

Энд заримсаад байх юмгүй, “Ийгл” телевизийн тухай яригдаж байна. “Ийгл” телевиз хүмүүсийг  үймээн самуунд уриалан дуудсан, дэвэргэсэн гэж хэвлэл мэдээллийг хянах хүсэлтэй хууль хяналтынхан, зарим улс төрчид төдийгүй одоо телевизийн захирлууд дүгнэж байгаа учраас асуудал өөрөөр эргэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд  Ц.Энхбат, З.Алтай нар “Ийгл” телевизийг хэдэнтээ шүүмжилсэн ба ноднин TV9 ба “Ийгл” телевизүүд эфирээр бяцхан дайтаад авсан билээ.

Саяхан “Ийгл” телевиз буюу EBC-ийн ерөнхийлөгч Том Терри гэдэг христийн номлогчийн вэб сайтад Монголын парламентын хаалттай хуралдааны үеэр саяын үймээн самуунд хэвлэл мэдээллийн гүйцэтгэсэн үүргийг зөвхөн тус телевизийг тойрч ярилцсан, зарим гишүүд “Ийгл”-ийг шууд буруутгасан тухай бичжээ. Үүнийг УИХ-ын гишүүдийн нэг нь түүнд ховлосон юм байх. (Монголд нууц юм гэж алга аа!). Тэр ч бүү хэл хэвлэл мэдээлэлд гадаадын эзэмшлийг хязгаарласан хууль гаргах замаар “Ийгл”-ийг энэ салбараас шахан гаргаж болох тухай ч мэдчихэж.

Ер нь Монголын хэвлэл  мэдээллийн салбар, ялангуяа өргөн нэвтрүүлэгт гадаадын хөрөнгө оруулалтыг хориглох шаардлагатай байх аа. Тухайлбал, “Ийгл” мэт цаанаа шашны зорилго агуулсан телевизийг хязгаарлах ёстой. Энэ дэндүү хэцүү. Парламент доторх тэр мэдээлэгчээс эхлээд лоббистууд зөндөө. Эрх хуваан баригч хоёр нам америк ах нарынхаа эсрэг дуу гарахаас ч айна…

Гагцхүү одоохондоо “Ийгл” телевиз үнэхээр  сайн хийж чадаж байгаа юмыг хүлээн зөвшөөрөхөөс өөр яахав.  Өнөөдөр монголын телевизийн захирлуудаас ганцхан зүйлийг хүсмээр байна: Эгзэгтэй нөхцөлд “Ийгл”-ийн нэрийг нь ч хэлж чадахгүй битүү шүүмжилж суухын оронд илүү сайн, илүү шуурхай мэдээ хийж, үзэгчдийн санал бодлыг илүү ихээр хүлээн авч  “Ийгл” гэдэг христийн телевизийг зөвхөн христчүүд л үздэг болгоодхооч.

Posted in + ТЕЛЕВИЗ, 2008.07.01, 25-р суваг телевиз, Ийгл телевиз, TV5 телевиз, TV9 телевиз | 7 Comments »

Ийгл телевиз тэр орой юуг буруу хийсэн бэ?

Posted by Ажиглагч on 2008/07/06

Сүүлийн хэдэн өдөр “Ийгл” телевизийг 2008 оны 7-р сарын 1-ны өдрөөс эхлэн шөнө дунд хүртэл шууд нэвтрүүлэг явуулсных нь төлөө нэлээд шүүмжилж байгаа билээ. Тухайлбал, 2008 оны 7-р сарын 5-ны орой буюу онц байдлын сүүлчийн өдөр МҮОНТ-ийн студийг эзэгнэсэн дэд хурандаа Т.Сайнжаргал “Ийгл” телевизийг “илчилсэн” бичлэг авчирч үзүүлсэн байна.

Хөтлөгч:
– Ерөнхийдөө хэвлэл мэдээллийн байгууллага маань нийгэмд өндөр хариуцлагыг үүрч явдаг… Олон нийтэд өгсөн мэдээ, мэдээллүүдийн дунд ямар нэгэн байдлаар буруу ойлголт төрүүлэх, ташаа мэдээлэл өгөх зэргээр олон сөрөг үр дагаврууд гарсныг мэргэжлийн  байгууллагууд хянаж эхлээд байгаа юм байна.

Ийгл телевизийн нэвтрүүлгийн хэсэг. Сурвалжлагч Соёлмаа:
– Сонгуулийг эсэргүүцэж байгааг үзэгчид маань ойлгож байгаа байх …
Студи руу утсаар холбогдсон үзэгчийн ярианы хэсэг:
– …хатуу байлгах хэрэгтэй. Монголын ард түмнийг хүлцэнгүй номхон хонь шиг гэж их басамжлаад байвал…[сайн сонсогдсонгүй. Гэхдээ нэлээд хатуу үгс хэлэв бололтой

Студид үргэлжилсэн яриа. Дэд хурандаа Сайнжаргал.
– СЕХ-ны албан ёсны дүн гаргаагүй байхад ийм асуудал боссон. Үүнийг сонгуулийн дүнг эсэргүүцэж байна гэж тайлбарлаж болохгүй. Бид энүүгээр хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж байгаа биш… Нийгмийн эмх замбараагуй байдал бий болоход тодорхой хэмжээгээр хэвлэл мэдээлэл, сэтгүүлч буруу ташаа дүгнэлт хийж гаргаснаас болж олон нийтэд буруу ойлголт төрүүлсэн…
Хөтлөгч
– Хүн хүчний [цугларсан хүмүүсийн] тоог нэмэгдүүлэхэд зарим нэг талаар нөлөөлсөн?
Сайнжаргал.
– Тийм зарим нэг байдлаар нөлөөлсөн… Гэр орондоо хэвтэж амарч  болохгүй, иргэдээ та нар ир, нэгд, тэмц гэсэн уриалгуудыг нийтэлсэн …

Тэр үдэш “Ийгл” телевиз яах ёстой байсан бэ? МАХН-ын байрны орчноос шууд нэвтрүүлэг явуулахгүй, бас үзэгчдийн сэтгэгдлийг утсаар авахгүй байсан уу? Дашрамд хэлэхэд, ихэнх үзэгчид үймээн самуун дэгдээгчдийг шүүмжилж байлаа. Тэр тусмаа нэг ч сурвалжлагч, хөтлөгч үймээн самуун, бослого хөдөлгөөнд уриалаагүй…

Posted in 2008.07.01, Ийгл телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 3 Comments »

МҮОНТ дөрөв хоног “онц” байв

Posted by Ажиглагч on 2008/07/05

Онц байдлын 4 хоног дуусч байна.  Гав ганцаараа нэвтрүүлгээ явуулсан МҮОНРТ-ын онц эрх ч нэгэн зэрэг дуусна. Тэр эрхээ хэрхэн эдэлсэн талаар өөрийн анзаарч мэдсэнээ хуваалцья.

Энэ өдрүүдэд улс төртэй холбогдоогүй бол юу ч яахав гэж бодоод үзүүлсэн нэвтрүүлгүүд нь өвдөг, гуяны булчинг чангалах дасгал заах зэргээр үзэгчдийг тайвшруулах биш бухимдуулсан тул улам сайн цензурдсэн бололтой эфирээ гадаадын танин мэдэхүйн баримтат кино,”Хутагтууд” нэртэй түүхийн цуврал, ялангуяа спорт, наадмын сэдэвтэй нэвтрүүлэг, дуу хөгжим, концертоор дүүргэсээр дөрвөн өдрийг өнгөрөөв. “Өглөө“ хөтөлбөр, “Гэрэлтэй цонх” хэвээр явсан. (Харин “Соёл эрдэнэ” телесэтгүүлийн ээлжит дугаар СТӨ-г сүйтгэсэн тухай байлаа). Ерөнхийдөө МҮОНТ уйтгартай байсан гэж үзэгчид хэлж байна. Нэвтрүүлэг муутай газар гэдгээ харуулчих шиг боллоо.

Эхний хоёр өдөр МҮОНТ мэдээллийн хөтөлбөр болгон “Шуурхай мэдээ” байж УИХ-ын гишүүн, Онц байдлын штабын дарга Ц.Мөнх-Оргилтой хийсэн ярилцлагыг алгасалгүй оруулав.. Тэрбээр энэ дөрөв хоногт “олон ургальч үзэл байхгүй” гэж мэдэгдсэн юм.  Эхэндээ “Шуурхай мэдээ”-гээр үзэгчдийн саналыг утсаар авч байсан ч тэд илт “эсэргүү” юм яриад байсан тул хэд явуулаад хаав. (Бас нэгдүгээр эмнэлгийн урд хоёр залуу хэрхэн буудуулж амиа алдсан талаар эмнэлгийн ажилтнууд болон гэрч нарын яриа бүхий сурвалжлагыг  бэлтгэж үзүүлсэн сэтгүүлч, редакторыг тэр сурвалжлагатай нь хамт эфирээс зайлуулж шийтгэсэн сураг байна).    

Дараа өдөр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ганболдын ярилцлагыг “Шуурхай мэдээ” болгоноор давтав. Харин өчигдрөөс хойш ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Т.Сайнжаргал “Монголын мэдээ” агентлагийн цорын ганц зочноор томилогдсон мэт байв. Мэдээ болгон Сайнжаргалтай…

Тэрбээр мөрдөн шалгалтын нотлох баримтанд авсан дүрс бичлэгүүд, тухайлбал, Иргэний хөдөлгөөний намын О.Магнай “Одоо араас манай хүч ирж байна. Цөмөөрөө дахиад МАХН-ын байр луу дайрч орно” хэмээн хашгирч байгаа, бас “Отгонжаргалын Магнай” гэсэн бичигтэй малгай өмссөн залуу “Баярмагнай гэдэг хүнээс сая төгрөг авсан” тухайгаа хэлсэн байгаа “клипийг” тэр оройжин, бас өнөөдрийн турш өглөөнөөс орой болтол товч болон арай дэлгэрэнгүй хувилбараар нэвтрүүлж, ингэхдээ “Шагналын эзэн” нэртэй 10 хүүхдээ хүмүүжүүлж байгаа ээжийн тухай аятайхан кино үзүүлж байсныг тэг дундуур нь тасалж байгаад хүртэл үзүүлэв. 

  

Сайнжаргал үүнийг тайлбарлахаа “үймээн самууныг өдөөн турхирсан жинхэнэ эзэд нь хариуцлагаас мултрах бий гэсэн иргэдийн санал хүсэлтийн дагуу үзүүлж байгаа юм” гэв.  Иргэдийн санал хүсэлтийг хэлүүлэхгүй байгаа мөртлөө түүнийг биелүүлж,  мөрдөн шалгалт дуусаагүй байхад зөвхөн Магнайн эсрэг нотлох баримтыг хэдэн янзаар бэлтгэж МҮОНТ-ээр байн байн үзүүлж байгааг үзээд түүнийг баривчлахын тулд олон нийтийн санаа бодлыг бэлтгэж байна уу гэж бодоход хүрсэн шүү. Одоо “жинхэнэ эзэн” бол Магнай гэдгийг үзэгчид цээжилж авсан байж таарна.

Бусад мэдээ сурвалжлага юуны тухай байсан бэ? Сонинууд лав гурав хоног шуугиж байгаа албадан саатуулах байранд хоригдсон хүмүүсийн тухай сурвалжлагыг дөнгөж өнөөдөр 15 цагийн мэдээгээр үзүүлсэн байх жишээтэй.

МҮОНТ энэ хэдэн  өдөр Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх студи шиг ажиллав.

Өөр хэдэн ажиглалт.

Энэ өдрүүдэд уриалга, мэдэгдэл гаргасан төрийн бус олон байгуулагаас “Хөх Монгол” бүлгэм, “Даяар Монгол” хөдөлгөөний уриалгыг онцолж “Цагийн хүрд”-ээр хэдэнтээ яриулав. Хас тэмдэг зүүж нацист маягаар хувцасласан эдгээр залуусаас монголын залуучууд үлгэр дууриал авч хууль сахихыг заалгахнээ.

MM Today news-ийг Монголын Үндэсний телевиз гэдэг мэдээллийн найдвартай эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсдэг Монголд суугаа гадаадынханд зориулсан хөтөлбөр гэж боддог  байлаа. Гэтэл Баасан гаригийн дугаараар Улаанбаатарт болсон жагсаал цуглааны талаар дэлхийн вэб сайтууд  юу бичсэнийг харуулав. Цаадуул нь мэл гайхсан биз.

Иймэрхүү сул өдрүүдэд  телевизээр хуучны монгол кино үзүүлдэгсэн. Харин энэ удаад болохгүй,  яагаад гэвэл хуучны монгол кинонууд тэр чигээрээ улс төр юм байна.  (Үүнийг бид саяын сонгуулиар ханатлаа харсан)

P.S: Онц байдлын дөрөвдэх өдрийн төгсгөл рүү МҮОНТ арай чөлөөтэй болж телевизүүдийн холбооны хэвлэлийн бага хурлыг дамжуулж (З.Алтай тэргүүтэй захирлууд тэр чигээрээ улс төрийн мэдэгдэл хийв), үймээн самууны талаар сэтгүүлчид болон нэр алдартай хүмүүсийн сэтгэгдлээс бүрдсэн хоёр нэвтрүүлэг гаргалаа. Ямар ч байсан уйтгартай биш.

Posted in 2008.07.01, Ийгл телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

Эфирийг хааснаас биш Интернэтийг хаагаагүй

Posted by Ажиглагч on 2008/07/04

Онц байдал тогтоосноор сонин хэвлэлүүд хаагдаагүй ч нүдээр үзүүлж, чихээр сонсохыг орлохгүй. Гэхдээ Интернэт гэж Хойт Солонгос, Хятад, Иран зэрэг орны эрх баригчид л таглах гэж оролддог мэдээллийн эх захгүй орон зай үлдэж байгаа юм. Тэнд мэдээ, сурвалжлагаа секунд ч алдалгүй нийтэлж цаасанд баригдахгүйгээр чөлөөтэй хүргэж болно. Бас дуу чимээтэй бөгөөд хөдөлгөөнтэй дүрс бүхий бичлэгийг тэнд тавьж болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт Интернэтийг огт дурдаагүй ч эхний өдөр зарим сайт “сайн дураараа” өөрийгөө цензурджээ.  Жишээлбэл,  www.gogo.mn сайт “Монгол   Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган онц байдал зарласантай холбогдуулан GoGo.mn-ийн зүгээс Мэдээнд сэтгэгдэл бичихийг түр хугацаанд хаасан тул хэрэглэгч та бүхнээсээ хүлцэл өчье” гэв.  Монголдоо хамгийн том гэж ойлгогддог www.olloo.mn сайт  хүртэл санал сэтгэгдэл хүлээж авахаа ямар нэгэн тайлбаргүйгээр хаачихсан, тэр нь өнөөдрийг хүртэл үргэлжилсээр. Бас хэд хэдэн сайт бүр ажиллахаа больсон, тэдгээрийг хакердсан байж магадгүй гэлцэнэ.

МҮОНТ-ээс бусад бүх телевизийн эфир унтарсан ч Ийгл мэдээ, сурвалжлагуудаа бэлтгэсэн хэвээрээ төдийгүй www.eagle-tv.mn сайтдаа тавьж цацаж байна.  Урьд нь тус телевизийг эфирээр үзнэ гэдэг бол хэзээ юу гарах нь мэдэгдэхгүй, реклам нь барагдахгүй ядаргаатай ажил байдаг. Тэгээд ар араас нь залгуулсан мэдээ ярилцлагаар толгой эргүүлж байгаад христийн сурталчилгаагаа “шахдаг” аргатай билээ. Харин Интернэт дэх Ийгл-ийг дуртай цагтаа үзэж болох учраас миний хувьд амар санагдлаа.

Гэхдээ МҮОНТ-ээс бусад телевизийг хаачихаад байхад нэвтрүүлгээ Интернэтээр цацаж болох уу, үүнийг нэвтрүүлгээ явуулж байгаатай адилтгах уу гэсэн  асуулт төрж байна. Ямар ч байсан манай эрх  баригчид “Ийгл” телевизэд “боль” гэж халдах байтугай  “болино уу” хэмээн хандаж ч чадахгүй биз ээ. Яагаад гэвэл “Ийгл” телевиз америкийн хөрөнгө оруулалттай.

Бусад телевизүүдээс “25-р суваг”, TV5 ба UBS телевизүүд 7-р сарын 1-нээс хойш  сайтаа шинэчлэхээ больсон бол TV9 телевиз дүрсгүй “цагаан” мэдээ хэдийг тавьж “Гүүс Хиддинк гавьяат дасгалжуулагч болжээ” гэсэн асар чухал мэдээг хамгийн эхэнд залсан харагдав.

Posted in 2008.07.01, ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО, Ийгл телевиз, TV9 телевиз | Leave a Comment »

Бүх үйл явдал реалити шоу шиг болж өнгөрөв

Posted by Ажиглагч on 2008/07/02

Сэтгүүл зүйд мэдээ гэж саяхан болсон үйл явдлыг аль болох шуурхай мэдээлэхийг хэлдэг байсан бол өнөөдөр мэдээ гэж яг одоо болж байгаа үйл явдлыг хэлдэг болсон билээ. 7-р сарын 1-ны өдөр МАХН-ын төв байрны урд эхэлсэн цуглаан, сүүлдээ хяналтаас гарсан үймээн, төгсгөл рүүгээ улайрсан дээрэм тонуул, галдан шатаалтыг монголын телевизүүд яг тэгэж сурвалжилллаа.  Реалити шоу шиг.

Нэлээд телевиз бараг л 15-30 минутийн өмнөх (студи руугээ буцаж ирэх хугацаа) үйл явдлыг шуурхай үзүүлэв. Харин МҮОНТ эхэндээ шууд нэвтрүүлж байтал дамжуулах станц нь үймээний хөлд өртсөнөөр зүгээр л шуурхай сурвалжлах аргад шилжив.  Харин “Ийгл” телевиз тэр оройжин тасралтгүй шахам шууд дамжуулан үзүүллээ. Студид ярилцлага хийсэн ч дэлгэцээ хувааж байгаад шууд нэвтрүүлгээ таслаагүй юм.

Хэрвээ телевизүүд ингэж үзүүлээгүй бол МАХН-ын төв байрны эргэн тойронд “аймаар юм болж байгаа”-г нүдээр үзэх, бас цаашаа “яаж шатахыг харах” гэсэн хэдэн арав, магадгүй хэдэн зуун мянган хүн цугларах буюу хүлээж зогсох байсан биз.

Болсон үйл явдал тэр олон телевизийн камер төдийгүй тэнд бичлэг хийж зураг авсан бусад хэвлэл мэдээллийн, бас цагдаа, тагнуулын үй олон аппарат, камерт тэр чигээрээ бичигдэж үлдсэн болохоор МАХН-ын байр луу оройжин, тэгэхдээ  гэрэлтэйд дайрсан улангассан залуучуудыг олж тогтооход тус болно. Харин бүрэнхий болсноос хойш шөнө дунд хүртэл МАХН-ын байранд цөмрөн  орж галдан шатаасан, цаашаа Соёлын төв өргөөг түйвээж түймэрдсэн этгээдүүд сайн  танигдахгүй байж магадгүй. Шөнө дундаас хойш буудсан, хүмүүсийн амь нас үрэгдсэн тохиолдлууд ямар ч бичлэг дээр үлдээгүй биз. Хэрвээ 1-р эмнэлгийн баруун талын зам руу чиглүүлсэн камер байсан бол ч …

Ийм эмх замбараагүй, бас аюултай ертөнцөд бүх үйл явдал ядахдаа хяналтын камерт бичигддэг байгаасай гэж бодогдсон шүү.

Posted in + ТЕЛЕВИЗ, 2008.07.01, Ийгл телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Цоохор, Но[ц]той, Гоё мэдээ гурав

Posted by Ажиглагч on 2008/04/29

TV8 телевизийн “Цоохор мэдээ”, TV9 телевизийн “Но[ц]той мэдээ”, Ийгл телевизийн “Гоё мэдээ” гурав хоорондоо андуурмаар адилхан байгааг анзаарсан уу? Гурвуулаа оройн мэдээллийн хөтөлбөр дундуур арваад минут үргэлжилдэг, гурвуулаа дүрстэй (тайлбарлагч нь үл үзэгдэнэ), тэгээд гурвуулаа тухайн өдрийн үйл явдал, асуудлыг хөнгөхөөн шоолсон тайлбар байдаг. Зарим нь “хоржоонтой” гэж хэлэх биз.

Миний мэдэхээр, анх сэтгүүлч Алтаншагай иймэрхүү тайлбар хийж эхэлсэн. Ерөөсөө түүний ярианы хэв маяг бололтой. “Ийгл”, “25-р суваг” телевизэд ажилласныхаа дараа TV8 телевизэд мэдээллийн албаны дарга хийж байхдаа “Цоохор” мэдээ”-г санаачилсан байх. Ингээд хоёр гурван сэтгүүлч ээлжлээд “… эрхэм гишүүний санаархал будаа болж байна даа хөөрхий” гэхчлэн дуржигнуулдаг болсоор удаж байна. Гэтэл саявтар тэдний нэг нь өөрийнхөө тайлбарыг TV9 телевизээр “Но[ц]той мэдээ” нэрээр авч өгдөг болсон байв. Сонирхвол, TV8-аасаа гараад TV9-д орохдоо аваад иржээ. Нэрийг нь солиод л гүйцээ. Ижилхэн яриатай сэтгүүлчид таран байрласан нь зөв ч байж магадгүй.

Энэ хооронд сэтгүүлч Алтаншагай дахин бууриа сэлгэж “Ийгл”-дээ буцаж очсон ба өчигдрөөс өөрийн “Гоё мэдээ”-гээ уншиж эхэлсэн байна. Дажгүй санагдлаа. Гэхдээ илүү “гоё” хэлбэрийг бодож олох хэрэгтэй байх аа. Өөрийг нь дууриасан хүмүүсийг өөрөө дууриагаад яахав.

Posted in Ийгл телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, TV8 телевиз, TV9 телевиз | 4 Comments »

Монголын хамгийн “шинэ, шуурхай, шударга” телевиз хэнээс айдаг вэ?

Posted by Ажиглагч on 2008/04/26

Баасан гаригт  УИД ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчид  тус хувьцаат компанийн хамаг эрх мэдлийг “Номин холдинг”-ийн эзэд хууль бусаар авсан  гэж үзээд эсэргүүцлийн цуглааныг  Улсын Их Дэлгүүрийн үүдэнд зохион байгуулж баахан телевизийг урьснаас “Ийгл”, SBN-ийн сурвалжлах хэсэг хүрэлцэн иржээ. Харин тэр орой “Наран холдинг”-ийн SBN байтугай Америкийн  хөрөнгө оруулалттай учраас “хэнээс ч хамааралгүй”, иймээс “шинэ, шуурхай, шударга” –аа 5 минут тутам гайхуулан зарладаг “Ийгл” телевиз хүртэл ямар ч мэдээ, сурвалжлага үзүүлсэнгүй.

Posted in Ийгл телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

TV9 телевизийн эзэн “Ийгл” телевизээр юу ярив?

Posted by Ажиглагч on 2008/02/03

Баасан гаригийн орой Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр “Ийгл” телевизийн шууд ярилцлагад оролцжээ. Цаг гаруй үргэлжилсэн байна. Миний хувьд үзэж амжаагүй учраас Бямба, Нямд давтах болов уу гэтэл тэгсэнгүй. Энэ байтугай жижиг сажиг ярилцлагыг залхтал давтдаг мөртлөө ингэх шалтгаан байсан бололтой. Н.Энхбаяр гадаадын хөрөнгө оруулалттай “Ийгл” хэмээх жижиг телевизийн ярилцлагад оролцох ямар шалтгаан байсан юм бол? Ноднин Хэвлэлийн хүрээлэнгийн рейтингийн судалгаанаас болж Ерөнхийлөгчийн телевиз TV9 ба “Ийгл” хоёр муудалцсаныг Ерөнхийлөгч мэдсэн байж таарна, гэхдээ “Би Монгол Улсын Ерөнхийлөгч” гээд пээдийж оролцсон бололтой.

Хэвлэл мэдээлэлтэй холбоотой юу ярилцсан бэ? (Бусдаас асууж дараах зүйлийг мэдэж авлаа) “TV9 телевизийг Ганданд бэлэглэсэн юм биш үү, одоо тэндхийн лам нар биднийг телевизтэй болгож өгөөч гэсэн хүсэлтийг таньд тавиад яваад байна” гэсэн утгатай асуултыг Ийгл”-ийн сэтгүүлч тавьжээ. Яах аргагүй сайтар бэлтгэсэн асуулт.

Ерөнхийлөгч хариулахдаа “энэ телевиз Гандантэгчинлэн хийдэд ямар ч хамаагүй, Энхбаяр, Чойжамц гэсэн хоёр хувь хүнд телевизийн тоног төхөөрөмж л бэлэглэсэн. Би TV9-ийг байгуулж үйл ажиллагаа явуулад орлого олж Чойжамц хамбад ногдох мөнгийг нь төлчихсөн. Миний хувийн телевиз ” гэж хээв нэг хариулжээ.

Чухам эндээс манай мэдлэг, туршлага, зориг муутай залуу сэтгүүлчдийн сул тал харагдсан. Японы шашны байгууллага телевизийн тоног төхөөрөмжийг Ганданд биш, хувь хүмүүст бэлэглэсэн гэдгийг юугаар нотлох вэ? Төрийн өндөр албан тушаалтанд тэр тусмаа гаднаас өгсөн бэлэг өндөр үнэ өртөгтэй бол холбогдох газарт нь бүртгүүлж улсад тушаах ёстой, хэрвээ хүсвэл мөнгийг нь төлж авах ёстой биш үү? гэхчлэн цааш үргэлжлүүлсэн бол…

Дараа нь Сүхбаатарын талбайг тойрсон барилгуудыг тантай холбож ярьдаг гэсэн асуултыг тавьжээ. Нөгөөдөх нь “Би Соёлын сайд байхдаа Соёлын төв өргөөнд сууж байсан, тэгэхлээр надтай холбоотой байж таарна ..” гэхчлэн үгээр тоглож өгчээ.

“Үгүй ээ, Хэвлэх үйлдвэрийн барилгыг асууж байна … Танай гэр бүлийн хүн Цолмон …. Сүхбаатарын талбайд урдах, Санкт-Петербург төвийн дэргэдэх барилга … гэхчлэн асуултаа үргэлжлүүлсэн бол?

Posted in Ийгл телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг, TV9 телевиз | 3 Comments »

Бүргэд хэнийг онилов?

Posted by Ажиглагч on 2008/01/08

Монголд олон телевиз бий болсны сайн тал гэвэл ямар нэгэн дуулиантай үйл явдал болоход очоод шавчихдаг. Даанч нэг даргын яриаг бүгдээрээ яг адилхнаар элэгдтэл дамжуулдаг хэдий ч хааяа арай өөр тийшээ харж, бас наагуур цаагуур өнгийж сурвалжилдаг телевиз бас олдоод байна гээч. Саяхан “Азийн чоно”-нд Багануурынхан уруулсны дараа “Ийгл” телевизийн сурвалжлагч нийслэлд архины зөвшөөрөл түгээдэг хатагтайг олоод оччихсон, яагаад мянга гаруй зөвшөөрөл илүү тараасныг шалгааж, цаадах нь “арга хэмжээ авна ш дээ”  гэхээс өөр юм хэлж чадахгүй хэцүүдэж харагдсан. Энэ хатагтай бол Нийслэлийн захирагчийн ажлын албаны үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга бөгөөд УИХ-ын дарга Ц.Нямдоржийн эхнэр байлаа.

Posted in Ийгл телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 2 Comments »