АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘+ ТЕЛЕВИЗ’ Category

Олон нийтийн радио, телевизийн улс төрийн зөвлөл

Posted by Ажиглагч on 2015/01/29

Олон нийтийн радио, телевизийн тухай хууль батлагдсанаас хойш яг 10 жил өнгөрчээ. Энэ  өдөрт зориулж Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулж ухаантай юм олныг хэлцгээв. Голдуу мөнгө. Гэхдээ үндсэн асуудал бол мөнгө биш. УИХ-ын гишүүн Су.Батболд зэрэг эрхмүүд уг хуулийг өлгийдөж авсан загалмайсан эцгүүд болохоо сануулаад юуны өмнө Үндэсний зөвлөлийн гишүүдийг улс төрчид томилж байгааг засах хэрэгтэй гэсэн мэргэн санааг толилуулав. Өөрсдөө ганцхан сарын өмнө Үндэсний зөвлөлийг АН ба МАН – 10:5 гэсэн харьцаагаар гараа өргөж томилчихоод шүү! УИХ-ын чуулганы тэр хуралдаан дээр Д.Ганхуяг гишүүн “Энэ бол улс төрийн томилгоо ш дээ” гэсэн. Яг үнэн. “Улс төрийн зөвлөл” гэж нэрлэдэг болцгооё. Хөдөөнөөс, Баян-Өлгийгөөс биш юмаа гэхэд зүгээр нэг ажилчин, дарга биш залуу, оюутан, эмч багшийг андуурч эндүүрээд ч болов оруулсангүй. Шударга байцгаая л даа гэж нэг хүн уриалаад байгаа. Хэнийг аль нам, хэн гишүүн, юуны сайд шургуулсан нь духан дээрээ сийлээстэй. Нэр дэвшүүлэх хугацаа дуусаагүй байхад “Ерөнхийлөгч хүнийхээ нэрээ өгчихсөн” гэж байнгын хорооны дарга Бакей ярьж харагдсан. Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд зааснаар тэднийг нэр дэвшүүлсэн байх ёстой төрийн бус байгууллагуудыг эрэн сурвалжлаад ч олдохгүй байгаа. Нууц байгууллагууд юм болов уу?

Одоо эрх баригч намын нарийн бичгийг Олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирлаар тавьж өгсөн Үндсэний зөвлөлд хийх ажил үлдсэнгүй. Тиймээс нэг нь “Монголын мэдээ” агентлагийн компьютерийг онгичоод явна гэсэн.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Пиарын зөвлөхийн пиар

Posted by Ажиглагч on 2015/01/23

Нэгдүгээр сард хуулиар тас хориотой далд сурталчилгаа, төлбөртэй, захиалгатай мэдээ, сурвалжлага, нэвтрүүлгүүд олон нийтийн телевизээр пиг дүүрэн, төрийн гурван өндөрлөгөөс эхлээд зарим яам, агентлагууд өөрийн хөтөлбөр, нэвтрүүлэгтэй хэвээрээ. Засрах шинж тэмдэг ажиглагдсангүй.

Өнөөдөр улс орон даяар Гацууртын орд, Ноён уулыг өгөх үү, урт нэртэй хуульд цоорхой гаргах уу, эдийн засгийн өршөөлд хамрагдсан компаниудын мэдээллийг нууцлах ёстой юу, үгүй юу гээд шуугиж байхад олон нийтийн телевиз зөвхөн сайд дарга, албан тушаалтнууд, компаниудын нэртэй, нэргүй ухуулга сурталчилгаа, явуулсаар. Ноён уулыг хамгаалагчдыг цорын ганц удаа харуулсан нь ШУА-ийн эрдэмтдийн хэвлэлийн хурлыг “үймүүлсэн” бичлэг.

1-р сарын 22-ны Нээлттэй хэлэлцүүлгээр “Спортын хөгжил ба ирээдүй”  сэдвийн дор халз тулааны спортын холбоодоос жудо бөхийн холбооны ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Х.Баттулга, багийн спортын холбоодыг төлөөлж хөл бөмбөгийн спортын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар хоёрыг урилаа гэж хөтлөгч зарлаад 600-ын том студид гурвуулаа тансаглан ярилцав. Нэг нь бүр дүрдээ итгээд биеийн тамирын хувцастайгаа ирээд суучихаж. Нэртэйгээр нь студидээ хөл бөмбөгийн хаалга зоогоод дор нь хөтлөгчийг зогсоож байгаад баруун дээд өнцөгт бөмбөг цүлхийтэд оруулахад гоол алдсан хаалгачийн нүдэнд баяр талархлын нулимс (хөл бөмбөгийн түүхэнд анх удаа!) цийлэгнэж “энэ хүн хөл бөмбөгийн одонд төржээ”, “монголын хөл бөмбөг найдвартай хөлөнд очих нь” хэмээн дуу алдах байсан юм. Дутуу боджээ. Ирэх сард болох Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч гурваас нэгийг буюу Монгол улсын Ерөнхийлөгчийн пиарын зөвлөхийн пиар юм болов уу даа. Одоо нөгөө хоёр өрсөлдөгчийг 600-ын студидээ урьж яриулахыг хүлээцгээе. Хөл бөмбөгийнхөн fair play гэж ярих маш дуртайсан.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Энэ томилгооноос тэр сонгууль хүртэл

Posted by Ажиглагч on 2015/01/15

Санаа амар болжээ. Жүжиг тавихаа ч  байж. Уг нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг зарламагц намын нарийн бичгээсээ том мэдэгдэл хийж татгалзаад, бас гишүүний цэнхэр батлахаа буцааж шидчихээд (өөрийгөө олон нийтэд зориулах хүнд нэг нам юу юм!) халз мэтгэлцээнд орж өрсөлдөгчдөө сөхөө өгөлгүй довтолсоор ялж Үндэсний зөвлөлийн 15 гишүүний саналаар (үгүй ээ, манайх ардчилсан улс юм чинь 14:1 байж болно) Ц.Оюундарь томилогдсон бол хичнээн сайхан байхав. Хэрвээ өрсөлдөгчид айгаад нэрээ татах гэвэл Үндэсний зөвлөлийн арван тав хамжиж хөдөлгөлгүй барьж байгаад заавал оролцуулах байсан юм.

Даанч тэгсэнгүй. Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдоржийн ярьснаар бол Ц.Оюундарь урьд орой нь утасдаж дарга болох хүслээ хэлжээ. Утсаар нэрээ дэвшүүлдэг цоо шинэ монгол технологи! Бичиг цаас, гарын үсэг юу ч хэрэггүй. Ерөнхий захиралд дэвших санаатай бусад нөхөд сонин дээр зар мар тавигдана хэмээн хүлээж тэнэгтэх зуур Үндэсний зөвлөл Даваа гаригийн өглөө мэгдэн цугларч Оюундарийг ирэнгүүт сонгоод өгчээ. Уг нь өөр хоёр хүн нэрээ дэвшүүлсэн дуулдав. Тэр өглөө телевиз хавийн утаагүй цэвэр агаарт салхилж явсан бололтой Ц.Сайнбаяр, Д.Энхтуяа гэж хоёр эрхэм дутуу хаасан цонхны завсраар санаандгүй сонссон байх, гүйж ороод нэрээ шургуулж амжсан нь нэн сайшаалтай. Бараг өрсөлдөх шахжээ. Дүгнэж үзэхэд, баяр, амралтын өдрүүд, үдэш орой энэ тэрийг харгалзвал МҮОНРТ-ийн захирлын сонгуулийг зарлах, зарыг түгээх, хүмүүс олж мэдэх, бодож үзэх, өргөдөл намтраа туурвих, хүргүүлэх, Үндэсний зөвлөл материалыг хүлээж авах, шалгаж нягтлах, нэр дэвшүүлэхийг хаах гэх мэтчилэн хуваарилж үзэхэд тус бүрт хэдхэн секунд зарцуулсан байгаа юм.

Ингээд олон нийтийн телевиз олон таван үггүйгээр 2016 оны сонгууль руу зугуухан хандлаа. Сөрөг хүчин баахан сандал үмхээд хахчихсан байгаа тул хэд хяхтнаад таг. 2009 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн, 2012 оны  УИХ-ын сонгуулиар өнөөдөр хараал идэж байгаа улс төрчид, намуудад монголчууд ээлжит удаагаа мэхлэгдэж, тэднийг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх үүдийг нээчихээд араас нь нисч одсон улс төрч эргэж ирлээ. Уг нь монголын үндэсний телевиз, радиог чухамдаа засаг төр, тэр тусмаа улс төрөөс салгах гэж олон нийтийнх болгож 10 жилийн өмнө хууль гаргаж түвэг удсан юм. Тэрнээс биш  яам, агентлаг, компани, эрх мэдэл, хөрөнгө чинээтнийг брэнд, цуврал, кино, нэвтрүүлэг нэрээр пиардаж, сонгууль дөхөхлөөр улс төрийн нам, улс төрчдийг “тэнцвэртэй” сурталчлахын тулд огтхон ч биш…

х      х      х

Ерөнхий захирал асан М.Наранбаатарын гаргасан бахдам амжилт бол суудалдаа бараг арван жил тэссэн явдал юм. Урьд нь телевизээрээ “NHK, BBC-ийн захирлууд арван хэдэн жилээр ажилладаг, гэхдээ би өөртөө хамааруулж байгаа юм биш” гэж байгаад өөртөө хамааруулсан тэр хугацаанд бараг хүрсэн. Тэрбээр халагдахынхаа өмнөх Үндэсний зөвлөлийн хурал дээр зургаан засгийн газрыг нүүрийг үзсэн, нэгэнд нь  ч таалагдаж байгаагүй маань миний олон нийтийн талд байсны нотолгоо гэв. Яахав, урдахь засагт хэтэрхий үнэнч байсны төлөө дараачийн засаг хэсэг эхэндээ дургүй байсан нь мэдээж. Харин хэд сайхан үйлчлүүлээд тайвширдаг байсан. Олон нийтийн телевиз, олон нийтийн радио, “Монголын мэдээ” агентлагийн захирлуудыг дээрээс явуулахад Наранбаатарын өгч байсан хариу нь “жа”. Бүр МҮОНРТ-ийн дэд захирал гэсэн албан тушаалыг шинээр зохиож байгаад шүү! Үүнийг халагдахаасаа хэдхэн минутын өмнө, заримыг маргааш нь илчилж байх юм. Даанч хожимджээ.

Улсын Их хурлын дарга МҮОНРТ-ийн хамт олныг гутаасан тухайд гэвэл өмнөх мянганы төгсгөлийн ба шинэ мянганы эхний жилүүдэд манайд ил, далд алдаршсан хоёр мундаг drinking house үнэхээр байсан. Нэг нь яах аргагүй Монгол телевиз, радио, нөгөө нь Төрийн ордон. Захирлууд нь сайн уудаг, мундаг ч даадаг, хажуугаар нь хэн нэгнийг зодож амждаг байсан бол төрийн томчууд ч нэг их дутахгүйгээр хүртдэг, бас балбачихдаг байсан. Гэхдээ Ордныхон аргагүй л зангараг зааж түрүүлж больсон санагдана. Энэ бүхэн өнгөрсөн түүх атал өнөөдөр архиддаг хэвээр мэтээр УИХ-ын даргын индрээс орон даяар зарласан нь яах аргагүй доромжлол. Бас 2008 онд “Эвтэй дөрөв” захиалгыг нь саадгүй явуулж өгөөд байхад “Сэвтэй дөрөв”-ийг нэмж даварсныг нь илчилсэнд өс санаж Наранбаатарыг шүүхэд өгчээ.

Гэхдээ үүнд бүхэл бүтэн 10 жилийн турш том том донгодож ирсэн хэрнээ З.Энхболд мэтийн эрхмүүдийн дээрэнгүй, хонзогносон занг засч чадаагүй олон нийтийн телевиз өөрөө буруутай. Ерээд онд нэгэн сонин “Ирээдүйн ерөнхийлөгчийг хүмүүжүүлнэ” гэж амалж байсан санагдана. Аль аль нь чадаагүй учраас одоогийн Ерөнхийлөгч тэргүүлээд төрд дураараа дургицгааж байна шүү.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Тал төсвийн цаана …

Posted by Ажиглагч on 2014/12/22

МҮОНРТ-ын 2015 оны төсвийн бараг 50 хувийг хасаад хаячихлаа. Анх УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, уг телевизийг эрх баригчдын амаар дуугарч Ардын намыг дандаа хаадаг, улс орон хэцүү байгааг  ард түмнээс нууж байгаа учраас 7.4 тэрбумыг нь бусад телевизүүдэд хуваагаад өгчихье гэсэн дуугарсан юм. Төсөв батлагдахад 3,7 тэрбумыг л үлдээснээс гадна удалгүй таван тэрбумын “Монгол контент” хөтөлбөрийг зарласнаар дээрх санаа биеллээ олсныг бүгд ойлгов.

Төсвийг нь нугаслаж байхад олон нийтийн телевизийг хэн ч өмөөрсөнгүй. Олон нийт хүртэл. Арга буюу өөрсдөө гуйж түүж байж “Цагийн хүрд”-ээрээ хэдэн хүнээр үг хэлүүлсэн нь олон нийтийн телевиз хэрэгтэй тухай байсан ч төсвийн хасч болохгүйг нотолж чадсангүй. МҮОНРТ-ийн төсөв гэж хэдхэн том тоо байхаас бус яг хэдийг хэн юунд зарцуулдаг тухай задаргаа хэзээ ч байгаагүй. Өнөөдөр Монгол Улсад ганцхан олон нийтийн телевиз, радио төсвөө бүхлээр нь батлуулдаг онцгой эрхтэй. Харин телевизээс халагдсан хэн нэгэн “арай ч дээ” гэмээр баримт цухалзуулдагч ч хэрэлдэж дуусаад таг чиг болцгоодог. Тэгэхлээр 7 тэрбумын төсөв хоёр дахин ихэдсэн байсныг одоо хасаад яг тааруулсан ч байж мэднэ.

Үзэхэд үндэсний телевиз гоё болсон нь үнэн. Дүрсний ширхэг, өнгөний ялгарал, ялангуяа тэр дуу нь пүнхийж нүргэлээд янзтай. Энэ бол төсөв мөнгөтэй байсны ачаар техник төхөөрөмжөө шинэчлээд авсан, дээрээс нь айлууд тод гардаг хавтгай телевизтэй болсных. Харин нэвтрүүлгийн агуулга нь дүрснийхээ чанарын талд ч хүрэхгүй болжээ.

Олон нийтийн телевиз өглөөнөөс шөнө дөл хүртэл барагцаалбал 17 цагийн нэвтрүүлэгтэй гэж тайлагнаж байсан. Үүний тал нь давталт бөгөөд маргааш, эсвэл нөгөөдөр давтдаггүй нэвтрүүлэг гэж бараг үгүй. Өдөрт ганц удаа гэж ойлгогддог “Цагийн хүрд”-ийг мэдээж өглөөгүүр дахидаг ба доторхи сурвалжлагуудыг бусад мэдээгээр хэдэнтээ үзүүлдэг. Зарим нэвтрүүлгийг 3-4 удаа гаргах нь энүүхэнд. Өчигдөр гарсан “Зуун лангийн жороо” луус нэвтрүүлэг дундаа сарын завсарлагатайгаар дөрөв дэх удаагаа гарлаа. Өвлийн нэвтрүүлгүүдийг зунжин, бүр эртнийхийг бол “Алтан сан хөмрөгөөс” гэж гоодоод шахдаг.  Энэ мэтээр хасаад байвал ориг нэвтрүүлэг нь өдөрт арав хүрэхгүй цаг. Аливаа телевизэд давталт гэж байдаг ч олон нийтийн телевизийн тэрбумаар авдаг төсөвтэй, байшин дүүрэн хүмүүст хичнээн сайхан нэвтрүүлэг хийх боломж дэмий үрэгдэж байна аа.

Энэ юу ч биш. Олон нийтийн телевизэд яавч таарахгүй улс төрийн болоод арилжааны сурталчилгаа ориг нэвтрүүлгийн тал нь. Илүү ч байж магадгүй. Компани, байгууллага, нам, нутгийн зөвлөл, төсөл, хөтөлбөр, мөнгөтэй эрхмүүдэд оргил цагаа зараад дууслаа. Ганц удаагийнх багадаад угсруулдаг болжээ. Өнгөрсөн зун “Гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг дайн” нэртэй захиалга зургаан цуврал явсны нэрнүүд нь аймаар: “Тал нутгийн нөхөрлөл буюу дайсны эрэл”, “Госчоомтой нүүдэлчид”, “Монгол арга, Зөвлөлт барил дундын дайсантай ах дүүсийн найрамдал”, “Монголыг монголоор нь…”, “Галд нэмсэн салхи”, ”Анхдугаар дайн”. Ийм нэвтрүүлгүүд сумаа тавиад нумаа нуусан байдаг тул нэр хаяггүй, энэ жилийн тухайд “2014 он” гэсэн ганцхан төгсгөлтэй.

Мэдээж хамгийн чухал захиалгууд Төрийн ордноос ирдэг. Төрийн гурван өндөрлөгөөс гадна яам, агентлаг, байгууллагууд хүртэл өөрийн нэвтрүүлэгтэй болж байна. Ингээд Засгийн газар бол заавал “шинэчлэлийн” (одоо шийдлийн), үйл явдал болбол зөвхөн “бүтээн байгуулалт”, улмаар мэдээнүүд зөвхөн “таатай” болжээ.  Женко Баттулга “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг сэдэж Монголын хамаг улс төрчдийг оролцуулж уйлж дуулуулдаг хэрнээ Ерөнхий сайдыг орхиод байсан тул саяын  наадмаар “Миний Монгол” нэртэй ер бусын сүржин нэвтрүүлэг сэдэж “Бид шинэ нэвтрүүлгийнхээ анхны дугаараар төрөө дээдэлж Ерөнхий сайдыг урилаа” гээд эхэлсэн (үнэхээр дээдэлсэн бол Ерөнхийлөгчөөс эхлэхгүй юу?) боловч ганц нэг дугаар үргэлжлүүлсэн болж харагдаад зогсоов. Өөр захиалагч байхгүй юм чинь. Намар тийш бас л оргил цагаар гэнэт шургуулсан ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг өмөөрсөн “Нүүрснээс уугисан улс төр” бас л том захиалга. Үр дүн юу болов? Шинэчлэлийн Засгийн газрыг сүүлчийн замд нь үдчихлээ. Төр, засгийн ажил хэрэг олон нийтийн телевизийн дэлгэцэн дээрх шиг мундаг, сайд дарга нар ухаантай байсан юм бол хямрал мямрал хаанаас буугаад ирэв ээ?

Олон нийтийн телевизийн зугаалж цэнгүүлдэг нэвтрүүлгүүд бусад телевизийнхээс илүү ч биш, дутуу ч биш. Яг одоо “Нэг минут, нэг сая” гэж нэвтрүүлэг гарч байна. Ойгоо тэмдэглэж байгаа нэг компани мөнгөө төлөөд ажилчдаа оруулан зугаацуулж харагдана. Тэднийг толгойгоо сажигнуулах, салфетка зулгаан тарааж хаяхын төлөө олон нийтийн телевизэд төсвөөс мөнгө төлсөн хэрэг үү? Иймэрхүү юмыг арилжааны телевизүүд ямар ч мөнгө төгрөггүйгээр хамаагүй илүү хийж чадна.

Таатай мэдээ, бүтээн байгуулалт, баялаг бүтээгчид энэ тэр гэсэн ухуулга бус бодит байдал, баримт нотолгоо, хэрвээ олдохгүй байгаа бол эрэн сурвалжлага, эсэхүл өөрсдөө хийж хариуцах ёстой хүмүүсийн ингэж тэгэх ёстой гэсэн хоосон яриа биш олон янзын байр суурь, хэлэлцүүлэг маргаан, мэтгэлцээн Үндэсний телевиз, дагаад үндэсний радиод алга болчихжээ, нэг мэдсэн чинь.  Зарим арилжааны, тэр дундаа кабелийн телевизийн зарим мэдээ, нэвтрүүлэг МҮОНРТ-ийнхээс ч илүү олон нийтэч байх юм.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Ганбаатар гишүүн “төрийн төв хэвлэл”-ийг өмөөрсөн нь

Posted by Ажиглагч on 2014/12/20

Үндэсний олон нийтийн телевизийн “Ярилцъя” нэвтрүүлэг яг нэг цаг үргэлжилж гурав юм уу дөрвөн оролцогчид хувааж тааруулдаг. 12-р  сарын 20-ны Бямба гаригт эхлээд Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир номоо рекламдсан (уг нь юуг буруу зөв зөвлөөд Засаг нурсныг асуух байсан юм) бол дараа нь Хөдөө аж ахуйн их сургууль олон улсад магадлан итгэмжлэгдсэн тухай “сайн мэдээ” дуулгая гээд ярилцсан нь зочны яриаг сонсоход сургууль биш хөтөлбөр нь итгэмжлэгдсэн юм гэнэ. Тэр яахав.

УИХ-аар төсвийн тодотгол хийж байгаатай холбогдуулан хамгийн эхэнд ярихаар зарласан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын ярилцлагыг төгсгөлд нь орууллаа. Сүртэй яриа болов. Эрхэм гишүүн шууд л Оюунтолгойн гэрээний хамаг булхайг илчилж, түүнд хамаатай улс төрчдийг “бууны нохой”, “улаан хамгаалагч царайтай” гэхчлэн гутааж өглөө.  Тэгснээ гэнэтхэн олон нийтийн телевиз рүү хальчираад явчихав.

“Ухамсраараа” юу, эсвэл урьдчилан тохирсон уу бүү мэд, огт асуугаагүй байхад “Дээр нь зүгээр нэмээд … та нарт сонирхолтой байж магадгүй, та нар мэдсэн үү, үгүй юу? уу! Үндэсний олон нийтийн радио, телевизийн зардлыг 50 хувиар нь хасаад хаячихсан. Энэ одоо Ардын намын хэсэг толгойлогч нар нь орилсоор байгаад хассан. Ардчилсан намын бүлэглэл фракцийнхан ч оролцсон. Зул бөхийнхөө өмнө бадамладаг гэдэг шиг манантаж байна аа… Тэгээд МАНАН нийлж байгаад Үндэсний олон нийтийн радио, телевизийн төсвийг хасаад хаячихсан. Энэ юу гэсэн үг вэ? Лэрри Даймонд гээд америкийн улс төрч хүрч ирээд чөлөөт хэвлэл бол авлилгалыг байхгүй болгоно оо гээд ярьж байсан. Би өөдөөс нь гараа өргөөд асуулт асуусан. Энэ бол Open Ulaanbaatar арга хэмжээн дээр… Манайд чөлөөт сайн хэвлэлүүд байгаа шүү. Сайн, чөлөөт, шударгууд байгаа. Гэхдээ л, заримууд нь нь ихэнх нь гэж хэлье. Чөлөөт хэвлэл олигархуудын эсрэг хамгийн гол тэмцдэг юм бол олигархууд нь чөлөөт хэвлэл эзэмшиж байгаа тохиолдолд юу болох вэ? Өнөөдөр хүний төлөө тэмцэж байгаа, зөв сэтгэлтэй, мөнгө байхгүй шударга хүн чөлөөт хэвлэл эзэмших Монголд боломж байна уу? Миний асуултад хариулаагүй. Энээс гарах гаргалгаа гэвэл төрийн төв хэвлэл бол өнөөдөр ард иргэдийн үнэн мэдээллийг явуулдаг энийг нь төрөөс тодорхой хэмжээгээр дэмждэг… Энийг таг зогсоолоо доо. Үндсэндээ танайхан коммерческий боллоо ш дээ…”.

Эрхэм гишүүний хэл хальтирахдаа, үндэсний телевизийг “төрийн төв хэвлэл” биш “төрийн төв телевиз” гэсэн бол онох байсан. Хөтлөгч Эрдэнэбулган “Тэглээ. Хүнд л байна” хэмээн нялхраад хэдэн мөчийн дараа, хөтөлбөр дуусахад яг 15 минут дутуу байхад “Өнөөдөр тодорхой шалтгааны улмаас “Ярилцья” хөтөлбөрөө наана нь дуусгах шаардлага гарсан. Үзэгчдээсээ хүлцэл өчье” гээд дуусгаж орхив.

Ингээд төсвийг нь хагасласан МАНАН-г муулж өгсөн Ганбаатар гишүүнийг хугаслах болсон “тодорхой шалтгаан” бол бас л Саарал ордон. Хоёр хоногийн өмнө бүтэн бөгөөд шууд дамжуулсан Шилэн дансны тухай хуулийн семинар дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийн бичлэгийг дахиад нэг давтахын тулд хэдхэн минут хүлээж тэвчсэнгүй. Тэндээс утасдахад “хэзээд бэлхэн” үндэсний телевиз мөн дөө!

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

“Үндэсний зөвлөлийн бүтцийг харахад улс төрийн томилгоо гэдэг нь харагдаж байна”

Posted by Ажиглагч on 2014/12/14

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл гэж үл бүтэх нөхдүүд байгааг очиж очиж тэр телевизээр нь ингэж шулуухан хэлж чадсан эрхэм бол Ерөнхий захирал М.Наранбаатар өөрөө юм.  Өөрийг нь томилдог шууд удирдлагаа гэсэн үг. Энэ баатарлаг үйлдэл 12-р сарын 13-нд болжээ. Тэрбээр “Ярилцъя” нэвтрүүлгээ өөрийн биеэр эзэгнэсэн шиг эзэгнэж аваад, УИХ-ын нэг гишүүнд пиарчин хэрэг болсон учраас олон нийтийн телевизийн төсвийг хасаад арилжааны телевизүүдэд “монгол контент”-ын нэрээр өгөх болсон, ер нь өөрөө өнгөрсөн хугацаанд томил гэсэн хүнийг томилоогүйгээр улс төрчдийн дургүйг хүргэсэн гэж мэдэгдлээ. Бас болоогүй, хонуулаад хөөж явуулсан захирлуудаа хоноцын сэтгэлгээтэйгээр цоллож, Үндэсний зөвлөлд дээрх онош тавив. Дээрээс нь “тэднийг төрөөс томилж байгаа, яагаад гэвэл олон нийтийн телевизийн мөнгө бол төрийн мөнгө” гэж ярьсан бололтой Бакей гишүүнд жавтий хүртээгээд амжлаа.

Арав шахам жилийн турш томил гэснийг нь томилж ирсэн Наранбаатар захирлын шударга нь гэнэт оргилсны шалтгаан гэвэл бас л халаа, сэлгээ, томилгоо. Үндэсний телевиз, радио явахаа больсныг бүгд олж харжээ. Үндэсний зөвлөл нь хүртэл. Тэгээд халж солих гэсэн биз, даанч нэр бүхий гишүүд зориудаар тасалж хэд хэдэн удаа хурлын ирц хүрж өгсөнгүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт хуралдах тул томчуудыг зоригтой шүүмжилсэн учраас хэлмэгдэх нэг нөхөр мэндэллээ.

Наранбаатарын араас гарсан ярилцлага Үндэсний телевиз юу болж хувирсныг харуулав. Хөтлөгч Эрдэнэбулган МУИС-ын цөмийн судалгааны төвийн судлаач Б.Мөнхбат гэдэг залуугаар 40 минутын турш цөмийн эрчим хүчний сурталчилгаа хийлгэх гэж чардайж гарлаа. Ноднин, уржнангаас хойш олон нийтийн телевиз ийм ажилтай болчихлоо. Дорноговь аймагт уран ухдаг францын “Арева” компани гэхэд бүр тусгай нэвтрүүлэг, “Цагийн хүрд”-ээр байнгын булантай болж амжсан. (Саяхан “уранаас болж  мал үхээгүйг нотолно” гэж зарласан францын төслийг хичнээн сурталчлав).

Өнөөдөр Монголд уран, цөмийн эрчим хүч тойрсон ширүүн маргаан дэгдээд байгаа. Харин “олон нийтийн дуу хоолой” гэж гайхуулдаг олон нийтийн телевиз зөвхөн нэг талын амаар дайрч давшлах нь дэнджээ. Энэ ярилцлагаар хөтлөгч Эрдэнэбулган “… Янз бүрийн жагсагчид, тэмцэгчид “өө энэ чинь монголын сөнөөх нь, ард түмнийг хордуулж алах нь гээд байдаг… Хоёулаа жаахан улс төрчихье… Агентлагийг татан буулгаж байгаа, бие даасан энергийн бодлоготой байна гэж байгаа нь монгол төрийн бодлого биш, өөр гүрний бодлого гэж би хардаж байна… Би хардах эрхтэй… Худлаагаасаа, сүр сүр царайлж, эх оронч энэ тэр гэж цээжээ дэлдэж, энд тэнд хэдэн тугал үхчихлээ гэж байгаа нь эх оронч гэхээсээ илүү шуудхан хэлэхэд гаднын гар хөл болж энэ улсын хөгжүүлэхгүй гэсэн сонирхол нуугдаад байгаа юм шиг надад санагдаад байна… Фукушимагийн цөмийн цахилгаан станцаас болж нэг ширхэг ч хүн үхээгүй … Хэзээ тогоо тэсэрч Улаанбаатар хөлдчих бол гэсэн айдас дунд амьдарч байна… гэх мэтээр өөрөө дүвчинэж гарав. Харин эрдэмтэн залуу хариулахдаа, эсэргүүцэж байгаа хүмүүсийг үгүйсгэж болохгүй, аюул эрсдлийг байнга сануулж байх ёстой гэсэн шүү. Хөтлөгчөөс илүү ухаалаг, хүлээцтэй, олон ургальч…

Бодвол, Олон нийтийн телевиз Цөмийн энергийн газартай хамтран ажиллах нэртэй хаалтын гэрээ байгуулсан, тэгтэл цаад газар нь татан буугдчихаад хэцүү байх шиг.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Максима: 2013 онд телевизийн зар сурталчилгааны зах зээлийн хэмжээ 60 сая орчим ам.доллар байсан бөгөөд үүнээс хамгийн багадаа 18 сая ам.доллар нь ямар ч үзэгчгүй рекламанд зарцуулсан мөнгө байсан …

Posted by Ажиглагч on 2014/01/29

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нийтлэл, нэвтрүүлгийн мониторинг болон зөвлөх үйлчилгээг олон улсын түвшний аргачлалаар явуулдаг “Максима” судалгааны агентлагын 2013 оны монголын телевиз үзэлтийн судалгааны үр дүнд хийсэн ажиглалтын танилцуулгыг үзнэ үү.  Тус компани 2014 оноос эхлэн телевиз үзэлтийн судалгааны сар тутмын ерөнхий тайланг хэвлэн тарааж эхэлсэн байна.   2013 оны телевиз үзэлтийн судалгаа_Page_02

Read the rest of this entry »

Posted in + ТЕЛЕВИЗ, Реклам сурталчилгаа | Leave a Comment »

Хослон сурвалжлав

Posted by Ажиглагч on 2013/09/24

МҮОНТ. Ардчилсан хүчний холбооны нэвтрүүлэг

Өнгөрсөн сараас МҮОНТ нэгэн үйл явдлыг онц чухалд тооцож тусгайлан сурвалжилж цувралаар  үзүүлжээ. Захиалга буюу мөнгө өгвөл ямар ч арга хэмжээг хөдөө гадаа хамаагүй хүрч очоод сурталчилж өгдөг нь олон нийтийн телевизийн хамгийн сайн чаддаг ажил. Гэхдээ гурвын гурван цуврал нэвтрүүлэг бэлтгэж өгнө гэдэг бол тохиолдол яавч биш.  Тэр үйл явдал бол Хөвсгөл далайн эрэг дээрх амралтын газарт болсон Ардчилсан хүчний холбооны “Монголоо шинэчилье” нэртэй баруун бүсийн чуулга уулзалт байлаа. Ингэж хөл алдсаны шалтгаан нь тэр байгууллагы УИХ-ын дарга З.Энхболд тэргүүлдэгт ажээ.  Тэр өөрөө, сүүлийн үед түүнээс салахаа байсан урвагч гишүүн (нэг намаас дэвшиж сонгогдмогцоо нөгөө нам руу холбирсон хүнийг өөр хэн гэхэв, аан?) Д.Арвин, С.Эрдэнэ, түүнийг аль эртнээс дагаж буй Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяа, бас ноднингоос дагаж харагдах болсон нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа гэх мэтээр хэсэг томчууд цугларан семинардаж, ярилцлага өгч, галын наадам хийсэн сүртэй арга хэмжээ байлаа.

Улс төрчдийн явдал суудал яахав. Сонин юм гэвэл нэвтрүүлгийн төгсгөлд чухам тайлбар байхгүй ч МҮОНТ ба ETV хоёрын таних тэмдэгтэй микрофон дэлгэцнээс салсангүй. Эндээс нисч очоогүй нь мэдээж болохоор энэ хоёр телевиз дагаж сурвалжилжээ. Тэр өдрүүдэд ETV бас ийм нэртэй, ижил шахам цуврал нэвтрүүлгүүдээ үзүүллээ. Хосоороо сурвалжилсан юм чинь.

Тохиолдол хүртэл учиртай. Монголын олон телевизээс чухам энэ хоёр, олон нийтийн ёс журмаа зөрчиж байгаад намын ажилд хүчин зүтгэсэн нь УИХ-ын дарга З.Энхболд болов уу. ETV-ын цаад эзэн нь З.Энхболд гэдэг ч албан ёсоор нотлогдоогүй бол тэр телевизийг албан ёсоор үүсгэн байгуулж гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Даваабаярыг МҮОНТ-ийн гүйцэтгэх захирлаар тавиулсан хүн нь З.Энхболд гэдэг нь тус телевизийн Үндэсний зөвлөлийг хэрхэн бүрдүүлснээс  шууд ойлгогддог.

Есдүгээр сарын эхээр Ардчилсан хүчний холбооны дараачийн арга хэмжээ – “Монголоо шинэчилье” говийн бүсийн чуулга уулзалтыг Өмнөговь аймгийн нэгэн амралтын газарт зохион байгуулахад хос хоёр зуузай холбон сурвалжлав. Тэнд бас л З.Энхболд, бас л Д.Арвин, дахиад С.Эрдэнэ, нэмээд С.Одонтуяа, Г.Баярсайхан нарын яриа хөөрөө, хурал семинар, тоглоом наадам …

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, ETV | 1 Comment »

Хэвлэл мэдээллийн эзэмшил: Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз (2013 он)

Posted by Ажиглагч on 2013/08/31

МҮОНТ нь 1967 онд байгуулагдаж 2005 оноос Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн дагуү үйл ажиллагаа явуулж байна.

Удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл бөгөөд 2013 оны байдлаар дараах бүрэлдэхүүнтэй.

1. Лувсангийн Пүрэвдорж – Үндэсний зөвлөлийн дарга, зохиолч, сэтгүүлч, “Гэгээлэг нийгэм-даатгуулагч иргэдийн холбоо” ТББ-ын тэргүүн. 2012 онд УИХ-аас нэр дэвшүүлж сонгогдсон.

2. Бямбажавын Цэнддоо – “Өдрийн сонины” ерөнхий эрхлэгчийн нэгдүгээр орлогч. 2012 онд УИХ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж сонгогдсон.

3. Баасанжавын Ганболд – “Үндэсний шуудан” сонины Ерөнхий эрхлэгч. 2000-2006 онуудад МҮОНРТ-ын ерөнхий захирлаар ажиллаж байв. 2012 онд УИХ-аас нэр дэвшүүлж сонгогдсон.

4. Дамбийгийн Гоошоохүү – “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш. 2012 онд УИХ-аас нэр дэвшүүлж сонгогдсон.

5. Сүрэнгийн Цэрэндорж – Хүний эрх, ардчиллын судалгааны төвийн тэргүүн, “Хэлцэл” хууль зүйн товчооны захирал, хууль зүйн ухааны доктор

6. Чойжилжавын Дамбажав – Дашчойлин хийдийн хамба лам

7. Дамбын Гантөмөр – Аялал Жуулчлалын Тогтвортой хөгжил төвийн тэргүүн, “Аялал Жуулчлалын Тогтвортой хөгжил” сэтгүүлийн ерөнхийлөгч

8. Цэрэнпилын Гомбосүрэн – Ахмад дипломатч

9. Дамбын Ганбат – – Хяналтын зөвлөлийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал.

10. Ален Арман – Ирээдүйг аврах хөдөлгөөний тэргүүн, Монголын олон ангит кино компаний захирал, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч. 2012 онд Засгийн газраас нэр дэвшүүлж сонгосон.

11. Содномпилын Мягмар – “Боролдой” студийн захирал, “Блакбокс” төрийн бус байгууллагын тэргүүн. 2006 онд МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. 2012 онд УИХ-аас нэр дэвшүүлж сонгосон.

12. Аюушийн Мөнхбат – Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч. 2012 онд Засгийн газраас нэр дэвшүүлж сонгосон.

13. Догмидийн Сосорбарам – “Од” театрын захирал. 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж сонгогдсон.

14. Шагдарын Батцэцэг – “Эй Би Ай” хүрээлэнгийн захирал. Энэ хүрээлэнг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үүсгэн байгуулжээ. Нэр нь ElBegdorj Institute гэж тайлагдана. 2012 онд УИХ-аас нэр дэвшүүлж сонгосон.

15. Цэрэнчимэдийн Зоригтбаатар – Канад улс дахь Монгол улсын элчин сайдын яамны 1 нарийн бичгийн дарга

Гүйцэтгэх удирдлага:

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар

Монголын Үндэсний телевизийн захирал Ч.Даваабаяр. Урьд нь ETV хэмээх хувийн арилжааны ETV телевизийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байсан юм.

Монголын Үндэсний радиогийн захирал Л.Цэрэн-Очир. Урьд нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийн үүсгэн байгуулсан “Өнөөдрийн тойм” сонины эрхлэгчээр ажиллаж байв.

Posted in # ОНМХ-ийн эзэмшил, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 2 Comments »

“МҮОНТ өөрөө төсөв мөнгөө хэмнэх ёстой”

Posted by Ажиглагч on 2013/07/02

Өнгөрсөн хавраас МҮОНТ нэгэн асуудлыг аймшиггүйгээр эрэн сурвалжилж олж мэдсэнээ өглөө оройгүй үзүүлж эхэлсэн билээ. Олон нийтийн пайз зүүснээсээ хойш ингэж зоримог бөгөөд уйгагүй ажилласан түүх үгүй.  Хотын захдуу амьдардаг иргэд рүү очиж, зарим байгууллагаар дахин дахин шагайж, дарга нараас шулуухан асууж  бажгадуулан , бүр зуны бүгчим халуунаас төвөгшөөхгүйгээр хөдөө явлаа. Араас нь студи дүүргэсэн хэлэлцүүлэг өрнүүлж, улс орны амьдралын онц чухал үйл явдалд тооцон долоо хоногийн тоймоо зориулж, хамгийн сүүлд Хууль зүйн яамны захиалгатай “Эрх зүйн хөтөч” нэвтрүүлгийн хавсралт дугаар гэгчээр баахан шогширч байж сая нэг амьсгаа авчээ. Бүгд оргил цагаар!

За тэр яахав, олон нийтийн телевиз маань яг юуны хойноос амь хайргүй зүтгэв ээ? Олон нийтийн телевизийн нэвтрүүлгийн дуу, дүрсны чанар  зарим газарт муу байгаагийн хойноос юм байна. Монголчууд олон нийтийн телевизийг тод үзэхгүй байгаа нь үндэсний хэмжээний том асуудал  юм байх. Захдуу, хөдөө, цацалт муутай газар зурагт “жирэлздэг” нь үнэн. Хуучны муу зурагттай айлд бол найдваргүй. Дээрээс нь кабелийн телевиз, DDish-ийнхэн техник тоног төхөөрөмжөө хайхардаггүй, аргацаадаг нь нэрмээс болно. Энэ тухай гомдлуудыг хэдэн сарын турш цуглуулж орой болгон шахам 21.05 “МҮОНТ-Олон нийтийн гүүр” хөдөө орон нутагт” нэрээр гаргалаа.

Сэтгүүлчид цааш явж өргөн нэвтрүүлгийн сүлжээний газар,  харилцаа холбооны зохицуулах хороо зэргээр ороход цаадуул нь мэдээж зовлон тоочсон. Юу тодорсон бэ гэвэл, зөвхөн олон нийтийн телевиз биш, бусад бүх сувгийн дүрсний чанар тэр газруудад адилхан муу байгаа гэнэ.

Гэхдээ олон нийтийн телевиз дүрснийхээ чанарын хойноос гэнэт улайрсны шалтгаан бол ердөө л улсаас төсвөө нэхсэнийх. Энэ жил МҮОНРТ-ийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд 4 тэрбум төгрөг төсөвлөсөн ч төсвийн орлого ихээр тасарч байгаагийн улмаас саатчихсан. Мөнгөө хүлээхээс өөр ажилгүй дарга нар нь үүрэг өгч гэнэтхэн үзэгчиддээ хайр зарлах уран арга сэдсэн байна.

Сэтгүүлчид очиж уулзсан Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат учрыг тайлбарлаж төсвийн боломж гармагц шийдэх асуудал байна гэж бөөрөнхийлөхдөө “МҮОНТ өөрөө төсөв мөнгөө хэмнэх ёстой. Ер нь төсвийн байгууллагууд маш үрэлгэн байна.  Төрийн албан хаагчдын тоо жил тав, таван мянгаар нэмэгдэж байна” гэж хэлээд тавьчихжээ. Төсвийн мөнгөнөөс тэрбум тэрбумаар авч цаддаггүй, зардал мөнгөө зогсоо зайгүй өсгөж суудаг олон нийтийн телевизэд тэсэлгүй сануулсан хэрэг. Харин дэд сайдын яриатай сурвалжлагыг нэгэн өглөө гаргахдаа дэд сайдын яриаг бүтэн оруулсан хэрнээ үдэш нь оргил цагаар давтахдаа МҮОНТ-ыг дурдсан хэсгийг хасаад хаячихжээ. Бас болоогүй, дамжуулах байгууламжийг МҮОНРТ өөртөө авах санааг баахан цухалзуулав. Уг нь дэд бүтэц, агуулга хоёр нэг гарт байж таарахгүй гэдэг бол шийдчихсэн асуудал.

Ийнхүү олон нийтийн телевиз мөнгө хүсэхээрээ ер бусын эрч хүчтэй болж чаддаг.  Тэр мөнгийг өгөхгүй биш, зүгээр л саатсан байтал минут, секунд  бүрийг татвар төлөгчид, телевиз үзэгчид төлж байдаг эфирийн цагаа огт харамласангүй. Өөрөөсөө гэсэн үг. Олон нийтийн радио, телевизээс бусад хэвлэл мэдээллээр зогсоо зайгүй цацаж байгаа авлига, луйвар, иргэдийг бүр илүүтэйгээр хохироож байгаа бусад асуудлын хойноос ингэж явдаг бол ч …

Дашрамд дурдахад, МҮОНТ-ийн оргил цагийн хөтөлбөр түүний жинхэнэ нүүр царайг яруу тод харуулах болжээ. Жишээлбэл  6-р сарын 30-ны үдэш 21.05 “Хаслотто -2” азтан шалгаруулах шууд нэвтрүүлэг. 21.20 “Эрх зүйн хөтөч” хавсралт дугаар. 21.50 “Урлагийн сүлжээ” соёл урлагийн нэвтрүүлэг. 22.50 “ЛУЙВАР” У.С.К, гэхдээ оронд нь 2008 оны 7-р сарын 1-ны тухай захиалгат нэвтрүүлэг гарлаа. Энэхүү дөрвөн нэвтрүүлгийн гурав нь төлбөртэй буюу захиалгатайгаас нэг нь өөрийн захиалгатай. Тэгвэл 6-р сарын 27-ны хөтөлбөрт  21.05 “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” нэртэй “Засгийн газрын сурталчилгааны нэвтрүүлгийн ээлжит дугаар, 21.25 -аас нөгөө л “МҮОНТ-Олон нийтийн гүүр” хөдөө орон нутагт” тус тус байв. Хамгийн түрүүнд Засгийн газрыг, дараа нь өөрийгөө дээдэлдэг олон нийтийн телевиз гэж энэ дээ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

МҮОНТ-ийн “Луйвар”

Posted by Ажиглагч on 2013/07/01

Өнгөрсөн 7-р сарын 1-нээс хэдхэн цагийн өмнө буюу 6-р сарын 30-ны 22.50 цагаас  “Луйвар” нэртэй уран сайхны кино МҮОНТ-ийн хөтөлбөрт бичигдсэн байжээ. Гэтэл тэр кино гарсангүй. Оронд нь 2008 оны 7-р сарын 1-ны үйл явдлын тухай баримтат нэвтрүүлэг гарч ирлээ. Баримтат кино ч байж магадгүй. Луйвар, хулгай, бас захиалгатай бөгөөд захиалагч, үйлдэгчид нь нэрээ нуусан ийм нэвтрүүлэг олон нийтийн телевизээр гарах нь бүгд нэг зүгийнх. Хөтөлбөрт бичихгүйгээр, гэхдээ удтал бэлтгэж байгаад чухам энэ орой гэнэдүүлэн үзүүлсэн хэрэг. Тэр тусмаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дуусмагц.

7-р сарын 1-ны 5 жилийн ойг тэмдэглэхдээ Монгол орны өнцөг булан бүрт хүрдэг энэ телевиз юуг өгүүлэв. 2008 оны УИХ-ын сонгууль будлиантай, луйврийн болсон тухай дүгнэлтээр эхэлжээ. Гэхдээ нар зүүнээс гардаг, Улаанбаатар бол Монгол Улсын нийслэл байдаг шиг 2008 оны сонгууль шударга бус гэдэг нь нотлогдчихсон юм байна. Даанч хэн, хэзээ, юуг, яаж луйвардсан факт ширхэгийг ч дурдсангүй.

Нэгэнт муухай сонгууль байсан юм чинь үймээн самууныг яаж ч зөвтгөж, 5 хүний амийг зоргоороо тайлбарлахад чөлөөтэй. Аймаар юм болж МАХН-ын байр шатсаныг хэлэх нь хэлж байна аа. Гэхдээ шатаасан хүмүүс  нь буруугүй, яагаад гэвэл сонгууль шударга бус болсныг эсэргүүцсэн сайн хүмүүс. Харин үл үзэгдсэн эрүүгийн элементүүд цагдаа нарыг чулуугаар яаж шидэхийг тэдэнд зааж өгчээ. Сүүлдээ хөөрхий залуучууд хэдэн зуугаараа баригдан хэлмэгдэж түмэн зовлон амсчээ.

Нүүр царайгаа нуулгүйгээр улангассан залуучууд цагдаа нарыг өдөржин дайрч зодон довтолсоор барилга байшингуудыг галдан шатаасныг яаж аргалав? Цагдаа нарын төлөө матрын нулимыг бөн бөн бөмбөрүүлж гарлаа. Гэмтэж бэртсэн цагдаа нарын гомдлыг яриулж тайлууллаа.  Тэднийг залуучууд яагаа ч үгүй, харин “бэлтгэлгүй байсан, зэвсэг хэрэгсэл байгаагүй, цагдаагийн мэргэжлийн арга технологи хоцрогдсон, эсэргүүцэгчидтэй хэлэлцээр хийх хүн цагдаад байгаагүй” улмаас хэдэн зуугаар бэртэж гэмтэн, тахир дутуу болж, хожим зарим нь нас барсан юм байх. Тэр ч бүү хэл цуглааныг зохион байгуулагчид “цагдаа нарыг битгий зод” гэж гуйгаад гуйгаад бараагүй гэнэ. Тэгээд үймээн самууныг ингэж тэгэж зогсоох байсны яг мэдэж байсан бөөн шинжээчид энэ үдэш тодорлоо.

Нэгэнт цагдаа нарыг аргалсан  юм чинь үймээн самууны буруутныг нэрлэлээ. Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил нар юм байна. Тэднийг нэвтрүүлгийн туршид харааж зүхлээ. Тэд жагсагчдын шаардангуут гарч ирээгүйгээс бүх юм болжээ. Товчхондоо, “жагсагчдын Баяр даргад бухимдсан уур МАХН-ын байранд гал болон дүрэлзсэн юм” гэнэ.

Төгсгөлд нь амиа алдсан 5 хүн, хэд хоног суугаад гарсан залуучуудын дахин өрөвдлөө. Тэд хэдийнэ өршөөгдсөн ч одоо бүр цагаатгах цаг болсон гэнэ. Яасан гэж? Мэдээж, сонгууль шударга бус болсон учраас.   Энэ бол өнгөрсөн 5 жилийн турш төгс боловсорсон технологи.

Нэвтрүүлэгт 7-р сарын 1-ны гол шинжээчээр Хосбаяр гэгч тодорч “тэр өдөр манай авгай төрөөд би эрт харьсан” хэмээн араа малтаж (“юмыг яаж мэдэхэв”) байгаад хувьсгалт намын байрыг мэргэжлийн хяналтаас акталсан байсан, яах аргагүй эрүүгийн элементүүд шатаасан зэргийг өнгөтөөр ярьж өглөө. Авгай нь төрөөд гэртээ эрт харьсан хүн гэж байгаа…

Ийм чалчигч зөндөө олдоно. Харин нөгөө Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглааныг эхлүүлж, Цагаан ордны урд үргэлжлүүлж үймээнийг өдөөсөн, дараа нь баривчлагдаж хэлмэгдсэн гээд хашгичаад байсан  хувьсгалчид хаачив аа? Тэд яагаад энэ нэвтрүүлгээр гарч, сонгууль шударга бус болсон тухай хэлж өгсөнгүй вэ?  Манайд санаандгүйгээр хээрийн түймэр тавьсан хүнийг хүртэл олж шийтгэдэг. Харин 7-р сарын 1-ны үймээнийг дэгдээсэн хүмүүс олдохоо больжээ. Чухам тэднийг юу хийснийг бүрмөсөн мартуулахын тулд, магадгүй тэд өөрсөөд шууд бусаар, эсвэл бүр шууд энэ нэвтрүүлгийг захиалжээ. Ямар ч эргэлзээгүй.

Олон нийтийн телевиз бол гүйцэтгэгч нь.

Posted in 2008.07.01, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 2 Comments »

Яаж зүгээр байхав

Posted by Ажиглагч on 2013/06/19

Өчигдөр 18:35-аас МҮОНТ хөтөлбөртөө “Газар тариалангийн тогтвортой хөгжил” гэсэн нэвтрүүлгийн нэрийг бичин хуурч байгаад сэмхэн сольж саявтар Монголд ирж баахан итгэгчдийг хуйлруулсан оросын Фатима Хадуева гэдэг зөн билэгч эмэгтэйн лекцийг шургууллаа. Монгол Улсын ерөнхийлөгчөөр хэн сонгогдох тухай асуултанд “Монголын төлөө их ажилладаг…. түүнийг шинэчлэгч гэж хэлж болно… олон хүүхэдтэй … маш олон хүүхэдтэй юм байна… гэсэн нь гурван нэр дэвшигчийн нэгэнтэй жигтэйхэн таарав. Бөөн алга ташилт . Нэвтрүүлгийн төгсгөлд ямар ч хаяг, тайлбар гарсангүй.

Тийм дээ, сонгууль болж байхад тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв. Олон нийтийн телевизийн зүгээс Ерөнхийлөгчдөө сэтгэлээсээ өргөсөн хандив юм байгаа биз.  Сурсан юмыг сураар боож болохгүй гэж энэ дээ.

Posted in 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

Залруулга

Posted by Ажиглагч on 2013/02/21

НТВ Залруулга. 2013.02.21 Final

Posted in # ЗАРЛАЛ, НТВ телевиз | 2 Comments »

Шинэ жилээр телевизүүд гоё байлаа …

Posted by Ажиглагч on 2013/01/02

Өнөөдөр хаа сайгүй ямар ч телевизор сайхан гардаг болжээ. Энэ удаагийн шинэ жилээр бүр хачин гоё гарлаа. 2012 оны туршид айл өрх, албан байгууллагууд LCD, LED   хэмээх том, тод бөгөөд хавтгай телевизорт хавтгайдаа шилжиж дуусав бололтой. Бараг л айл бүрийг “хавтгайруулах” хөдөлгөөн. Одоо телевизор гэж бандгар биш хавтгай юмыг хэлдэг болсон. Хоёр гурван жилийн өмнөх загварууд хэрнээ өнөөдөр хоцрогдож амжсан тийм телевизор “Номин”-д байтугай “Нарантуул” дээр зарагдахаа больсон гэнэ.

Боломжтой бүх газарт кабелиар холбогдсон байна. Оны өмнөхөн Сайншандад очиход буудлын өрөө бүр 20-30 сувгаар гайхуулж угтсан шүү. MovieBox-оор мөрдөгч Декстер алуурчинг мөшгөөд л … Улаанбаатарт “Юнител”-ийн Univision IPTV, “Скайтел”-ийн Skymedia IPTV, “Сансар”-ын дижитал телевиз гээд кабелаа цувиулаад дайрч орох нь холгүй айл өрхүүдийг булаацалдаж байна. Цаг хугацааг биш юмаа гэхэд цагийн хуваарьтай нэвтрүүлгийг гурав хоногоор ухраан хүлээлгэж байгаад сая нэг харж үздэг болжээ. Хүсвэл видео сангаас үзэх киногоо захиалж гаргуулна. Улам олон телевиз өндөр нягтаршилтай HD-гээр нэвтрүүлгээ цацаж эхэлжээ. Ердийн сувгууд ч ялгаагүй маш сайн гарч байгаа. Ер нь одоогийнхоос илүү тод гарах боломжгүй мэт. (Экс Ерөнхийлөгчийн оймсний хээ хүртэл танигдаад байхад шүү!) Үгүй, боломжтой гэнэ ээ. 3D гэж бараг дотор нь орж суугаад үздэг технологи гарчээ. Даанч тусгай шил зүүх нь ядаргаатай… Бид ингээд л давардаг улс.

Чухам ийм учраас 2013 оны шинэ жилийн монголын телевизийн нэвтрүүлгүүд үнэхээр гоё, өнгө будаг өтгөн, дуу чимээ тансаг байлаа. Эцэс төгсгөлгүй мэндчилгээ, реклам сурталчилгаа, дуу бүжиг, Сарантуяа, Ариунаа, Амархүү, монгол поп, Балхжавын өөрийнх нь дуунууд, Гангам стайл, хошин шог, Х-ТҮЦ, Гүрбазар, онигоо, хийлч Дээгий, “Ирония судьбы..”, Next Stop ба “Алтан сарнай” наадам… Байхгүй юм байсангүй.

Даанч энэ олон нэвтрүүлэг санаанд хүрсэнгүй. Эрхбиш удирдлага гэж юм гарт атгаастай тулдаа хэдэн арван суваг дундаас энэ тэрийг түүж, орос, өвөрмонголтой хольж байгаад тэсч баярлав. Ядахад, миний ганц найдвар – Х-ТҮЦ-ийнхний SBN телевизээр үзүүлсэн ганц хошин үзэгдэл нь өмнөх жилүүдийн одоо ч мартагдаагүй хөтөлбөрүүдийн талын талд ч хүрсэнгүй. Тэд өөрсдөө “25-р суваг”-ийн найран дээр цагийг барж харагдлаа. Магадгүй, энэ жил амсхийсэн байж болох. Ерөөсөө манай урлагт, тэр дундаа телевизийн урлагт том санаа дуусчээ. Социализмын үеийн хэдэн киног “Сэргээш”, хошин шогийн хөтөлбөрүүд, “Цэнхэр дэлгэц” нэрээр мөлжөөд хувхайлгачихсан тул бүгд хоосорчээ. Дараачийн шинэ санаа дуншиж байгаа шинж алга.

Арилжааны телевизийн баярын нэвтрүүлгүүд дүүрч гэж бодъё. Харин мөнгийг нь төсвөөс өгдөг – МҮОНТ-ийн шинэ жилийн уламжлалт “Баярын мишээл” тус телевизийн түүхэнд хамгийн тэнэг нь болов. Харанхуй, амьгүй онгоцон дотор суугаад ниссэн одуудаас эхлээд хүүхдийн үлгэрийн марзан баатруудыг хүүхдүүд хүртэл голж, бас шоолж байх юм.

Энэ удаад бүх телевиз оргил цагаараа гаргасан, бүр есөн телевиз шув шууд дамжуулсан “Мөнгөн угалз” ба “Болор үзэг” наадмыг өдөржин шөнөжин үзэхэд, манай телевизийнхэн ямар агуу, бид ийм мундаг хүмүүсийн бүтээснийг хүртэж суудаг ямар тэнгэртэй үзэгчид вэ гэж хөөрмөөр. Даанч энэ удаагийн шинэ жилийн нэвтрүүлгээ тэд барсангүй.

Даварсаар даварсаар гэдэг шиг сүүлийн жилүүдэд монголын телевизүүдийн шинэ жилийн хамгийн оргил нэвтрүүлгээр өөрсдийнх нь ёолк өргөмжлөгджээ. Эрхэм захирал, дарга, эрхлэгчид мэдрэмжээ алдсан байна. Ганц хоёрхон мянган хүнийг хамаардаг (тэгвэл багш нар гэхэд хэдэн арван мянгаар тоологдоно) хэвлэл мэдээлэл хэмээх ганц салбар хэрнээ сайн ажилласан хүмүүсээ сайшааж урамшуулахыг улс орны №1 үйл явдал болгож, бусдыг халхлан цээжээ дэлдэхийг эрчим хүчнийхэн гэр орондоо илүү дулаан өгөх, барилгачид өөрсдөө орох сууцаа илүү чанартай барих, эмч нар ойр дотныхоо хүмүүсийг түлхүү эмчлэхтэй адил буюу ажил, мэргэжил, албан тушаалаа ашигласантай зүйрлэе. Гэхдээ эрчим хүчнийхэн, барилгачид, багш нар хэзээ ч тэгдэггүй. Зөвхөн улс төрчид л эрх мэдлээ сийхгүй ашигладаг, тухайлбал сонгуулийн хуулийг өөрсөддөө дээл эсгэх мэт яг тааруулж байгаад зүйж баталдаг. Энэ жилийн угалз, үзэгнүүдийг бас л тэд гардууллжээ. Гэнэтхэн тэдний нэг – Ч.Сайханбилэг гишүүн “би олон жилийн турш хамгийн олон сэтгүүлчид зүүж өгсөн, намайг бас шагнаач” хэмээн нэхлээ. Муу нэртэй улс төрчид хүртэл эхнээсээ сэтгүүлчдийн эх захгүй найрнаас залхсанаа ойлгуулахыг оролдов уу?

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 6 Comments »

Түүх ингэж гуйвдаг

Posted by Ажиглагч on 2012/12/22

Өчигдөр олон нийтийн телевиз, радиогийн оргил цагаар хөтөлбөрт байгаагүй “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэг дайран орж ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж телевизийн таван сэтгүүлч эмэгтэйг (жендерийн хувьд төгс, эсвэл өрөөсгөл алин болохыг мэдэхгүй) суулгаж байгаад уншсан урт лекц.

Ерөнхийлөгч намтраасаа нэгэн түүхийг дурсаж одоогийн улс төрчдийг ичээв. Тэртээ 1994 онд Улсын Их Хурлын гишүүн байхдаа улсын нууц задруулсан хэрэг үүсэнгүүт тэр өдөртөө Н.Багабанди даргад өргөдлөө өгөхөд МАХН-ынхан баярлан хуралдаад шууд чөлөөлсний дараа өөрт нь 4,6 жил төлөвлөсөн шүүхэд явж очоод 30 минутын үг хэлээд өөрийгөө цагаатгаад гарснаа гайхуулаад араас нь “Би ердөө Монголыг эдийн засгийн аргаар эрхэндээ оруулах гэж байгааг анхааруулсан хэрэг шүү дээ” гэв.

Нээрээ юу?

Ц.Элбэгдорж УИХ-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж тэр үеийн Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын ажилтай танилцжээ. Хэд хоногийн дараа Ялалтын талбай дээр болсон улс төрийн цуглаанд оролцож Жасрайн Засгийн газрын муу муухайг дуудахдаа хөөрч “эх орны тусгаар тогтнол алдагдаж байна… манайд хятадын тагнуулын  7 обьект байна, тэр талаар өөрийн нүдээр үзлээ” гээд туучихсан түүхтэй.

Зарим хүн 14 обьектыг хэлсэн гэдэг. Юутай ч тоо хэлчихсэн. Үүнийг цаад “объект”-ууд нь баталгаатай сонсоно. Хэдхэн мөчид урагшаа мэдээ дамжиж Улаанбаатарт цуглаан тараагүй шахам байхад Хятад улсын амрыг хамгаалахынхан хуралдаж “Ар монголчууд манай … объектоос долоог мэдчихжээ. “Найдвартай” хүн хэлсэн байна. Харин аль долоо бол …яахаарааа энэ долоо … ” гэхчлэн шалгах ажилдаа орохгүй хаачихав. “Тэр нөхөр манай объектэд шургалжээ” гээд тогтоосон ч байж магад. Товчхондоо, хятадын барагтай тагнуулчтай мөчөөрхсөн тус хүргэсэн юм. Харин шүүх хурал дээр хурц дайчин үг хэлж цагаадсан тухайд гэвэл манайхан тоогоогүй дүр эсгэсэн биз ээ. Өөр яахав.

Тэр үдэш Ерөнхийлөгчид асуулт тавьж харагдсан шилэгдмэл сэтгүүлч хүүхнүүд энэ тухай мэдэхгүй, мэдэхгүй дээрээ асуух эрхгүй.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Улс төр, эдийн засаг | 3 Comments »

100 хоногийн сагсуурал

Posted by Ажиглагч on 2012/12/01

Өнгөрч буй долоо хоногт “Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоног”-ийг тэмдэглэв.  Ямар ч шинэ Засгийн газрын эхний нэг зуун хоногийн ажлыг эргэн харж юу хийж чадсан, чадаагүйг шүүж хэлэлцэх нь маш зүйтэй санаа төдийгүй хаа сайгүй ардчилсан оронд тогтсон уламжлал. Гэхдээ эдийн засагч, судлаачид улс оронд гарч байгаа өөрчлөлт, тоо цифрийг шүүн хэлэлцэж дүн тавьдаг. Алдааг нь заадаг. Даанч манайд бүтэн долоо хоног үргэлжилсэн сагсуу арга хэмжээнүүдээр орлуулав. Хүндэтгэлийн хурал, үзэсгэлэн, концерт, баримтат кино, яамдын танилцуулгын хурал, хэвлэл мэдээллийн захиалгат нийтлэл, нэвтрүүлэг, ярилцлага, янз бүрийн сурталчилгаанууд гэх мэт. Золтой л хөшөө босгож салют буудуулсангүй. Зун таарсан бол наадам хийх байжээ. Бүр маргааш огцрох гээд өнөөдөр амжуулж байна уу гэж бодогдов. Тэр олон арга хэмжээний нэгийг “Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоногт зориулсан улаан хивсний ёслол, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Соёлын төв өргөөнд болж Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэийн Засгийн газар 100 хоногт” гэсэн илтгэл тавина” гэж зарласан. Улаан хивсний ёслол оо? Арай ч үгүй байлгүй дээ…

Ашгүй, тэр орой би зурагтаар ямар ч хивс олж үзээгүй. Эрхбиш эрүүл ухаантай хүмүүс болохоор ичээд больсон, эсвэл манай телевизүүд ичээд тэр ёслолыг үзүүлээгүй гэдэгт найдья.

Хэвлэл мэдээллийн тухайд, арилжааны телевизүүд биш юмаа гэхэд олон нийтийн телевизийн Пүрэв гаригийн оройн хөтөлбөрт 21:05 цагаас  “Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоног” (шууд) гэж зарласныг мэдээд бяцхан найдсан минь талаар болов. Ерөнхий сайдын зөвлөх Батмөнх, бас нэг танихгүй нөхөр хоёр заларч сэтгүүлч, бас эрээвэр хураавар арваад иргэний ойр зуурын асуултанд тэгэж ингэсхийж хариулан нойр хүргэсээр өндөрлөв. Жинхэнэ эдийн засагч, шинжээчид, бас сөрөг хүчнийхэн уригдаагүй болохоор өөр яахав.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Бас нэг арилжааны телевиз …

Posted by Ажиглагч on 2012/11/30

МҮОНРТ-д төсвөөс тэрбум тэрбумаар өгч, телевиз үзэгчдийн мөнгийг хураалгуулж, дээрээс нь бага сага реклам сурталчилгаа ба ивээн тэтгэлгийг зөвшөөрөхдөө хэн нэгэн мөнгөөр даллаж донгодуулаад байхгүйг бодолцож “болохгүй, хуулиар хориотой” гэж хариулах заалтыг оруулж өгсөн билээ. Гэтэл юу болж байна?

Хэрвээ сэмхэн цуцалчихаагүй л бол Олон нийтийн радио, телевизийн тухай хуулинд зар сурталчилгааны нийт хугацаа тухайн өдрийн нэвтрүүлгийн цагийн хоёр хувиас хэтрэхгүй тухай заалт байх ёстой. Өглөөний 07 цагаас  24 цаг хүртэл 17 цагийн нэвтрүүлэгтэй гэвэл өдөрт барагцаалбал 20 минутаас хэтрэх ёсгүй гэсэн үг. Энэ хугацааг нэвтрүүлгүүдийн завсар зайгаар тараан байршуулдаг зар сурталчилгаанууд элбэг дүүргэнэ. Тэгээд зогсох ёстой. Цааш хэтрэхийг “Олон нийтийн радио, телевизээр арилжааны болон далд зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтаар хаасан.

Гэтэл МҮОНТ-ийн эфирээр пиг дүүрэн захиалгат, төлбөртэй, ивээн тэтгүүлсэн, төслийн нэвтрүүлэг, мэдээ сурвалжлагууд  болжээ. Юун хоёр хувь. Сүүлдээ захиалга юмуу төлбөртэй нэвтрүүлгийн дундуур ердийн буюу өөрсдийн бэлтгэсэн нэвтрүүлэг хааяа нэг цухайж болзошгүй. Ялангуяа оргил цагаар. Тоо хэмжээ нь нэмэгдэхийн хэрээр нууж далдалдаг арга ухаан нь айхтар нарийссан байна. Хуулиараа бол “Нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд нэвтрүүлэгчээс ивээн тэтгэсэн тухай мэдээллийг дурдах бөгөөд ивээн тэтгэсэн телевизийн нэвтрүүлгийн явцад ивээн тэтгэгчийн нэр, бэлгэдэл, хуулиар хориглоогүй бараа, үйлчилгээ, бүтээгдэхүүний дүрс зэргийг нэвтрүүлэгт саад учруулахгүйгээр дэлгэцийн аль нэг хэсэгт жижгээр гаргаж болно”. Ердөө энэ! Гэтэл юун жижгээр гаргах.

Өнгөрсөн ганц хоёр сарын хугацаанд юу ажиглагдав? Ердийн зар сурталчилгаануудыг огт тооцоогүйг дахин хэлье. Арилжааны сурталчилгаа хориотойг ч орхиё. 

“Цагийн хүрд”-ийн дугаар бүрт нэгээс хоёр төлбөртэй сурвалжлага шургалдаг уламжлал тасарсангүй. “Анунгоо” компанийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэ хямдарсан, “Соёолж” төв” Германаас ёолкны шинэ чимэглэл орууллаа гэх мэт. “Хадгаламж”, Хас”, “Хаан”  банкнуудын маркетингийн элдэв арга хэмжээний тухай сурвалжлагууд тасрахгүй. Цаг агаарын мэдээ нь үргэлж “Капитал” банкны сурталчилгаатай.

“Нээлттэй хэлэлцүүлэг”, “Цаг үе, үзэл бодол” шууд ярилцлагын нэвтрүүлгийн ихэнх дугаар яам, агентлагийн ажлыг яриулахаас гадна Монгол Улсад хэрэгжиж байгаа уул уурхай, хүний эрх, шүүх, байгаль орчин, эрүүл мэндийн төсөл хөтөлбөрийн захиалгатай.  

Ер нь банкнууд болон том компаниуд олон нийтийн телевизийн оргил цагийн эзэд юм. Намаржин “Юнител”-ийн “5 байр, 5 азтан”, “Хаан” банкны азтан, “Капитал” банкны мөрөөдлийн 100 байр”, “Хас” банкны азтангууд зөвхөн 21-22 цагийн хооронд ээлж дараалан тодорч байлаа. 11-р сарын 30-ны Баасан гаригт гэхэд “Хас лото” азтан тодруулах шууд нэвтрүүлэг, араас нь түүний үргэлжлэл болсон “Азтангуудын шинэ жил” бүтэн цагийг эзэллээ. Цаашилбал, “Жи Эн Бевережис” ХХК-ийн “Пепси ундаа” азтан тодруулах шууд нэвтрүүлэг гэх мэт.  Бүгд оргил цагаар.

Компаниудын нэг удаагийн захиалгат нэвтрүүлэг хэвийн үзэгдэл болжээ. Надад тааралдсанаас дурдвал, “Томас Эйр ХХК: “Тэнгэрт зурайх замаар”, “Оюу Толгой тур” (Захиалгат нэвтрүүлэг гэж хөтөлбөртөө тодотгосон цорын ганц тохиолдол), “Номадсын түүх” (“Модерн номадс”-ын сүлжээ рестораны захиалгат нэвтрүүлэг), “MCS” үзүүлж байна: “Монгол инженер”,  “Сүүн цагаан зам” (“Монфрэш” компанийн сурталчилгааны захиалгат нэвтрүүлэг. Тэр үдэш арилжааны сувгуудаар нэгэн зэрэг гарчээ), “Монгол кино төсөл HD” (Юнител) гэх мэт.

2012 оны зун, намар, өвөл МҮОНТ-ийн эфирийг хамгийн олон удаа худалдаж авсан компани бол “Газар шим” компани юм. Тус компани нэгэн эмийн ургамлыг судалж түүгээр ундаа үйлдвэрлэж буйг  эцэс төгсгөлгүй танилцуулсан – “Артишок Монголд” нэвтрүүлэг олон нийтийн телевизийн хөтөлбөрт хадагдаж заримдаа долоо хоногт гурван удаа – Даваа, Лхагва, Баасан гаригт гарч байв. Эхлээд арваад минутын товч танилцуулга байснаа сүүлдээ “600-ын” студид хэдэн арван хүн оролцсон бүтэн цагийн шууд ярилцлагууд болж хувирсан.

Заавал компаниуд захиалдаггүй. “Оюуныг барласан он жилүүд” баримтат кино (Орчин цагийн хэвлэлийн үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилд зориулав). “Эрин зууны Монгол гааль” теле уулзалт (Гаалийн 100 жилд зориулав). “МУИС-70 жил” баримтат кино ба МУИС үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт.  Харин мөнгө нь багаддаг бололтой оргил биш, 18-19 цагийн үед голдуу цацагддаг.

“Арван мянган алхам”, “Өөрчлөлт”, “Өөрчлөлт-3”, “Та чадна”, “Эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөн” (шууд),  “Эрүүл мэндийн үзлэгтээ хамрагдацгаая”, “Тамхигүй орчин”, “Цэвэр агаар бэлэглэе” зэрэг өдөр алгасдаггүй нэвтрүүлгүүд, дээрээс нь “Огцом эргэлт” телевизийн олон ангит кино бөөнөөрөө Монголын мянганы сорилтын сангийн төсөл юм. Олон нийтийн телевизээс хөдөө нутгийн аж амьдралыг сурвалжилдаг “Эргэх дөрвөн цаг” нэвтрүүлгийг энэ намар Мянганы Сорилтын Сангийн хот орчмын бэлчээрийн төсөлтэй хамтран бэлтгэжээ. Саяхан сурвалжлах баг нь Дархан-Уул аймагт явж байтал АНУ-ын МСК-ийн гүйцэтгэх дэд ерөнххийлөгч Монголд айлчилж малчдын бүлгийн ажилтай танилцаж явахтай “санаандгүй” тааралдаад  л …

Швейцарийн хөгжлийн агентлагийн төслөөр эхэлсэн “Ногоон хөгжил-Монголын ирээдүй” нэвтрүүлэг өнөөдөр долоо хоног тутмынх болжээ. Энэ мэт олон нэвтрүүлгийн цаанаа заавал ямар нэгэн захиалагч цухалздаг. 11-р сард шинээр эхэлсэн “Эгэл амьдралын мөр” бүтээлч хүмүүсийн тухай цувралын дугаар бүр “Дэлхийн энхийн их наадам” ТББ-ын санаачлагаар МҮОНТ бүтээв” хэмээсэн битүү тайлбараар эхэллээ. Солонгосын Муны шашнаас салбарласан тэр байгууллага мөн бололтой. “Энхтайваны фестиваль-2012” нэвтрүүлэг ч мөн тэр зүгийнх.

Ямар нэгэн захиалга шаардлагагүй мэт санагдах шоу, цэнгээнт нэвтрүүлгүүд гэж бөөн бизнес. Компани, байгууллагууд дугаар дугаараар нь худалдан авч зөвхөн өөрсдийн хүмүүсийг оролцуулна. Тухайлбал, “1 минут 1 сая” цэнгээнт нэвтрүүлэг (“Өнөөдрийн дугаарт “Ноён зууч 1950”-ын залуучууд оролцож байна… “Улсын төв 1-р эмнэлгийн залуучууд оролцож байна”),  “Hey hey” цэнгээнт нэвтрүүлэг (“Санрайз” компанийн залуучууд оролцож байна), “Hey hey” цэнгээнт нэвтрүүлэг (“Өнөөдрийн нэвтрүүлэгт “Бороо гоулд” компанийн залуучууд оролцож байна”) гэх мэт. Арав гаруй жилийн түүхтэй “Агшин” уралдаант цэнгээнт нэвтрүүлэг тэр чигээрээ арилжаа бөгөөд саяхны нэг дугаар орчин цагийн хэвлэлийн үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилд зориулагджээ. Хэн оролцсоныг таагаарай. Зарим нь бүр очиж цэнгүүлдэг. “Замд гаръя” нэвтрүүлгийн Сэлэнгэ аймагт  очиж бэлтгэсэн дугаар “Монгол Улсын хяналт шалгалтын байгууллага үүсч хөгжсөний 90 жил, мэргэжлийн хяналтын байгууллага үүсч хөгжсөний 15 жил, Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын байгууллага үүсч хөгжсөний 15 жилийн ойд зориулав” байж тэр байгууллагын ажилтан ажилчдаас бүрдсэн 3 багийг үнээ саалгаж прессэлсэн өвс өргүүлж, бас спортын зааланд тоглуулж зугаацуулав. Эхнээсээ дуустал, тайз, ширээгээ хүртэл  нь реклам сурталчилгаа болсон энэ мэт нэвтрүүлэгт компани, байгууллагаас нь мөнгө зардлаа төлөөгүй бол жирийн иргэн оролцох боломж хаалттай.

“Гэрэлтэй цонх” хөтөлбөрийн “Үдшийн зочин”-оор аялал жуулчлалын компанийн захирал Чежу, Хайнань арал руу хэдний өдөр нислэгтэй тухай ярьж өгч буян үйлдэхтэй тааралдсан.

Ингээд зогсоё. Тоочоод барахгүй. Өнөөдөр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз бараг арилжааны телевиз юм. Уран  сайхны киноны дундуур зар сурталчилгаа чихэж тасалдаггүйг эс тооцвол. Харамсалтай нь олон нийтийн телевизийн санхүүгийн тайлан олон нийтэд бүрэн хаалттай. Харин өөрсдөө бол сайн мэдэж байгаа.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

Олон нийтийн телевиз, Оюутолгой хоёр

Posted by Ажиглагч on 2012/11/30

Монгол Улсын олборлох салбарын ил тод байдлын санаачлагын 2011 оны тайлан хэвлэгдэж гарлаа. Тэнд уул уурхайн компаниудаас төр, засгийн байгууллагуудад үзүүлсэн хандив, дэмжлэгээс хүртэгсдийн жагсаалтанд МҮОНРТ цохиж явна.

МҮОНРТ-ийн хандив

2011 онд “Оюутолгой” ХХК-иас 346 сая төгрөгийн мөнгөн бус хандив, дэмжлэг, харин Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг “Цайрт минерал” ХХК-иас киноны зардалд хандив нэрээр 10 сая төгрөг авчээ. Хэрэгтэй болоод өгч авсан юм байгаа биз. Гагцхүү энэ мэт төсөв, санхүүгээ огт тайлагнахгүй явсаар өдий хүрчээ. Урьд жилүүдэд, бас энэ 2012 онд онд “Оюутолгой” төдийгүй бусад, компани, байгууллага, төсөл хөтөлбөрөөс хэдийг юунд авснаа дэлгэхгүй өнгөрч байгаа юм.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

“Шинэчлэлийн” Засгийн газрын телевиз

Posted by Ажиглагч on 2012/11/25

Мартсанаас, Монголын үндэсний телевизийг яах гэж олон нийтийн болгосон бэ? Төр засаг, албан тушаалтнууд буюу эрх баригчдаас хараат бусаар ажиллуулах гэж. Хамгийн том зорилго бол энэ. Түүнээс биш Монголд албархсан мэдээ, сурвалжлага, хоосон яриа, элдэв шоу цэнгээнт нэвтрүүлэг, дуу хөгжим, бас үзүүлэх кино дутаад биш.    

Арваннэгдүгээр сарыг улс төрийн битүүхэн хөл хөдөлгөөн, бас жижиг сажиг хэрүүлтэй болгосон аймаг, сум, дүүргийн ИТХ-ын  хурлын сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд МҮОНТ-ийн “Цагийн хүрд” бүрийн өмнө “Олон нийтийн радио, телевизээр сонгуулийн аливаа сурталчилгааны нэвтрүүлгийг нэвтрүүлэхийг хориглоно” гэсэн хуулийн заалтыг уншиж ер бусын албархуу байжээ. Үндэсний хэмжээний том телевиз ялих шалихгүй орон нутгийн хэмжээний асуудал ярьж жижгэрсэнгүй. Хууль нь тийм юм. Үнэхээр “Орон нутгийн сонгууль – 2013” тэмдэглэгээтэй нам, нэр дэвшигчдийн цаг үзэгдээгүй. Харин оронд нь сонгуулийн хууль дүрмийг баахан зааж сургав.

Энэ юу гэсэн үг вэ гэвэл өнгөрсөн зуны УИХ-ын сонгуулиар МҮОНРТ хуулиар зөвшөөрсөн сурталчилгаа, бас хуулиар хориглосон ч баригддаггүй далд сурталчилгаа явуулсан бол одоо зөвхөн далд сурталчилгаа эрхэлж тэр нь энэ удаад орон нутгийн сонгуулийг дуусан дуустал Ардчилсан Намд ихээхэн тустай сурталчилгааны фон болж өглөө.

Аливаа сонгуулийн сурталчилгаа зогсохын урьд орой олон нийтийн радио, телевизийн эфирийг нэг том дарга эзэгнэж хэдэн сэтгүүлчийг  томоотой суулгаад тэдний дэвсэж өгсөн асуултуудад хэдэн цагаар тав тухтай хариулахыг орон даяар шууд дамжуулдаг уламжлалтай. Түүгээрээ энэ улсад, бас энэ радио, телевизэд хэн хамгийн их мэдэлтэйгээ харуулдаг. Тэр хүн бол Ерөнхий сайд. УИХ-ын сонгуулиар С.Батболд байсан бол энэ удаад Н.Алтанхуяг.

Өнөөдөр МҮОНРТ шинэчлэлийн гэгдэх Засгийн газрын радио, телевизийн горимд бүрэн шилжжээ. Ерөнхий сайдын “шинэчлэлийн баатрууд”-тай хийх уулзалтын урилгыг олон нийтийн телевизийн сурвалжлагч очиж гардуулаад, дараа нь “Элит” төвд тосч авахад засгийн пиар, телевизийн нэвтрүүлэг хоёр бүрэн нэгдсэнийг анзаарч билээ. “Шинэчлэлийн баатрууд”, “Шинэчилж шийдье-222” нэвтрүүлгүүд бол ийм жишээ. Энэ намар Ерөнхий сайд Н.Алтанхуяг МҮОНРТ-ээр хэдэнтээ шууд ярилцлага хийсний нэгэнд 1111 тусгай дугаарын утсаар иргэдийн санал хүсэлтийг юугаар яаж авахаа өөрийн биеэр тайлбарлаж Төрийн ордны ардах иргэдийг хүлээн авах байрнаас явуулын станцаар дамжуулсан асуултанд хариулсан. Хуралдаанаа Бямба гаригт хийдэг болсны ачаар Засгийн газраас ямар сайн шийдвэр гаргасныг манай иргэд тэр оройноос эхлэн “Цагийн хүрд”, “Нээлттэй засаг”, “Долоо хоногийн тойм”-оор дахин дахин судалж амралтын хоёр өдрийг зөв боловсон өнгөрүүлж сурч байна.

Сүхбаатар аймагт Засаг дарга Ж.Батсуурь шугам сүлжээ татаж санаачлагатай ажиллаж байгааг Засгийн газар ирэх дөрвөн жил нүргэлэх кампанит ажлын эхлэл болгохоор шийдсэний дагуу олон нийтийн  телевиз “Баруун-Уртаас эхэлж байна” цуврал нэвтрүүлгээ УИХ-ын гишүүн М.Зоригтын “Мөнхчулуун” сангийн ивээн тэтгэлгээр эхлүүлэв. Долоо хоногийн дараа Ерөнхий сайд очиж олон нийтийн телевизээр шөнө дунд өнгөртөл дамжуулсан хэдэн цагийн том шоуг зохион байгуулаад буцсан ч телевиз үлдэж нийтдээ хориод хоногийн турш Баруун-Уртад ухсан шуудуу, тавьсан труба, өрсөн тоосго, түүнийг өргөж тавьсан хүн болгоныг нэгд нэгэнгүй танилцуулж байж сая нэг өндөрлөв. Бас л багадаж “Амжилтаар дүүрэн он жилүүд” нэртэй дараачийн нэвтрүүлгээр гүйцээж  магтлаа. Сайн юманд хүртэл хэмжээ хэрэгтэйсэн.

“Хөгжлийг сурвалжилъя” нэртэй өөр нэг цуврал нэвтрүүлэг явлаа. №1 нь Сүхбаатар, №2 нь Дорноговь, №3 нь Өмнөговь, №4 нь Завхан аймгаас тус тус бэлтгэгджээ. Хэрвээ та анзаарсан бол бүгдээрээ АН-аас сонгогдсон Засаг даргатай аймгууд. Араас нь “Хөгжлийн ирээдүй хүнээс эхэлнэ”  хэмээсэн Өмнөговь аймгийн бүтээн байгуулалтын магтаал үзүүлж сая нэг тайвшрав. Сонгуультай “яг сайхан” таарлаа.

Олон нийтийн радио, телевиз Засгийн газрынх байхаа хэзээ ч болихгүй юм байна. Уг нь “Ардчилсан засаг” гарч ирэх тоолондоо  уяанаас нь сулламаар санагддаг ч тэгдэггүй.  Анх 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар Монгол телевизийг олон нийтийн болгохоор заасан хэрнээ “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газар тас тэвэрсээр 2000 онд Н.Энхбаярын “найдвартай” гарт атгуулсан түүхтэй. “Ардчилсан хүчин засгийн эрхэнд гарсан түүхэн хариуцлагатай энэ цагт дураар нь тавьж болохгүй” гэж хээвнэг тайлбарлахыг сонсож байлаа. Одоо дараачийн “түүхэн хариуцлагатай” мөчлөг тохиож буй хэрэг.  Зөвхөн 2004 оны сонгуулийн дараа МАХН-тайгаа нэг хөнжилд ормогцоо сая нэг зөөлөрч олон нийтийн гэсэн пайз зүүж өгөхдөө Үндэсний зөвлөлд нь итгэлтэй хүмүүсээ тэнцүүхэн зоохоо мартаагүй. 

Өнөөдөр олон нийтийн радио, телевиз Төрийн ордны цонхоор харж байна. Зарим нэвтрүүлгийг төр, засагтаа бүр тушаачихсан.   Ерөнхийлөгчийн ажлыг сурталчилж өгдөг “Сүлд” нэвтрүүлгийг ЕТГ-ынх гэхэд хилсдэхгүй. Улсын Их Хурал, Засгийн газрын “Нээлттэй засаг” нэвтрүүлэг ялгаагүй. Цэргийн асуудлыг БХЯ-ны харъяа “Дуулга” студи олон нийтийн телевизийн өмнөөс хийж өгдөг. Монголд гэмт хэрэг болон түүнтэй тэмцэж байгаа цагдаагийн ажил Сайнжаргал хурандаа нээж хаадаг “Дуулга” студийн хэлснээр болдог. Ингээд МҮОНРТ төр засгийн, яахав энэ удаад “ардчилсан” засгийн үргэлжлэл, сурталчилгааны  алба болчихож байгаа юм. Хуулиараа бол зөвхөн дайн байлдаан, гамшиг зовлон тохиолдвол төр засаг юу хүссэнээ хийх эрхтэй. Өнөөдөр хааяа нэг ороо бусгаа хэдий ч тайван цаг.

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр өөрийгөө “олон нийтийн дуу хоолой”-гоор өргөмжлөөд удлаа. Мөрөөдөх сайхан, гэхдээ төр, засгийн дуу хоолой гэвэл үнэнд ойртоно. Уг нь мэдээ, сурвалжлагууд хэн нэгний дуу хоолой байх албагүй. Одоо эсвэл “гэгээтэй”, эсвэл “таатай” гэсэн хоёрхон төрлийн мэдээ, сурвалжлага явж байна. Хөтлөгч нь “Бидэнд таатай мэдээ байна … ” гээд нялуурч эхэлнэ дээ. Уг нь мэдээ бол мэдээ. Иргэн мод тарьсан, компани бизнес хийсэн болгоныг бүтээн байгуулалтаар цоллож дараачийн мөчид Засгийн газрын мөрийн хөтөлбөр амжилттай хэрэгжсэн жишээнд бүртгэчихнэ. Саяхны нэг ослыг мэдээлэхдээ, засгийн газраас олон чухал арга хэмжээ авч байгаа билээ,  харин … гэсэн утгатай оршил хэлж сонсогдсон. Хэн ч буруутгаагүй байхад шүү! Хуучин цагийн “Нам, засгийн зөв мэргэн бодлогын ачаар …. ” санагдав.

Элдэв “Нээлттэй хэлэлцүүлэг”, “Цаг үе, үзэл бодол” гэж гол төлөв албан тушаалтнуудыг цуглуулан бодлого ярьж, ингэх тэгэх ёстой талаар хоосон чалчуулдаг нэвтрүүлгүүд үргэлжилсээр. Бодлого яривал том харагдана, албан тушаал нэр хаяг хэлэхгүй, хариуцлага нэхэхгүй учраас олон нийтийн телевизэд хал балгүй. Нэг удаагийн “Нээлттэй хэлэлцүүлэг”-ийн сэдэв “Ардчилсан засаг дээр цахилгаанжуулалтыг нэмбэл …” байлаа. Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилж Төрийн ордноос сүр дуулиантай шууд дамжуулсан үндэсний форумын нэр – “Ард түмэн-Та хаан”! Ингэж нялуурцгаах гэж.

Энэ Засгийн газар бол “шинэчлэлийн” биш. Яагаад гэвэл Монгол улсын хуулиар тийм засаг байхгүй. Эрхэм сайдууд өөрсдийгөө яаж дөвийлгөж сүржигнэх нь тэдний хэрэг. Гагцхүү хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид тоть адил давтаж болох уу? Тэр тусмаа олон нийтийн радио, телевиз. Хэрвээ Засгийн газрын радио, телевиз мөн бол үргэлжлүүлээд байж дээ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Олон нийтийн телевизийн нүүрийг тахалсан мэтгэлцээн

Posted by Ажиглагч on 2012/11/23

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг эс тооцвол манай хэвлэл мэдээллээс мэтгэлцээний хэлбэр байтугай агуулга устчихсан (урьд нь ч байсан эсэх эргэлзээтэй) байсныг дөнгөж сая МҮОНТ ба МҮОНР-гоор шууд дамжуулж дууссан УИХ-ын гишүүн С.Ганбаатар, түүний өдөлтийг хүлээж авсан УИХ-ын дэд дарга С.Баярцогт хоёрын халз мэтгэлцээн ганц удаа ч болов сэргээлээ. Дэлгэцэн дээр шууд тулахыг санаачилж хэдэнтээ хойшлогдсон ч нэхсээр байгаад явуулж чадсан  С.Ганбаатар гишүүнд талархууштай.

Гэхдээ Баярцогт эхний секундээс эхлэн довтолж задгай сайн ярьж бэлэн тоо цифр, зураг схем, “хорин мянган хувьсагч”-аар Ганбаатарыг машиндаж орхилоо. Өрсөлдөгчөө эдийн засаг мэддэггүй, гэрээ уншаагүй, хэрвээ уншсан бол уншсанаа ойлгоосон, ойлгоогүйгээр байн байн дуудаад зогсохгүй Монгол улсад хэтэрхий ашигтай, ямар ч эрсдэлгүй, Айвенхоу, Рио Тинто-г хааш нь хөдөлгөхгүй хүлж орхисон “гайхамшигтай” сайн гэрээ хийж чадсанаа гайхуулсаар төгсгөв. Түүнийхээр бол төгс гэрээ. Чухамдаа энэ сайрхал эргэлзээ төрүүлж орхив. Ямар ч хэлэлцээрт орсон хоёр тал хүссэнээ 100 хувь авах боломжгүй. Гэрээ бол харилцан буултуудаас бүтдэг байж таарна. Хэрвээ С.Баярцогт “Бид ийм хэмжээтэйг авья гэхлээр тэд зөрүүлээд тиймийг нэхсэн” тухай хэлж өгсөн бол сая итгэл төрүүлэхсэн. Барууны капиталист акулууд бидэнд чадуулна гэж юу байхав. Ганбаатар гишүүн өрсөлдөгчдөө няцаагдаж байгаа мэт харагдсан ч гэрээнээс дараа дараачийн эргэлзээтэй заалтуудыг цөхрөлтгүй сөхөж гэрээ төгс биш гэдгийг нотолсоор төгсгөлөө.

Товлосон цагаа сунгаад хоёр цаг гаран үргэлжилсэн мэтгэлцээнээс жирийн үзэгчид Оюутолгойн гэрээний сайн мууг мэдэж авсан гэвэл худлаа. Хугацаа хэрэгтэй. Маргааш, нөгөөдрөөс эдийн засагчид, уул уурхайнхан гээд мэргэжлийн хүмүүс мэтгэлцсэн хоёрын дэлгэсэн тоо баримт, нотолгоонуудыг нягталж дүгнэлт хийгээд, бас өөр хоорондоо зад мэтгэлцэж олон нийтэд хүргэнэ гэж найдья.

Энэ үдэш монголчууд олон нийтийн телевизийг амьсгаа даран үзлээ. Зурагтгүй нь олон нийтийн радиог. Рейтинг нь суга өссөн гэж хэлж болно. Гагцхүү энэ нь телевиз, радиогийн бус, Ганбаатар гишүүний санаачлага. Үүгээрээ маш том тус хүргэлээ. Сэтгүүлч Алтангэрэл мэтгэлцээнийг хөтөлж чадсангүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн адилаар хоёр тал бие биендээ шууд асуулт тавихгүй, зөвхөн өөрөө асуухаар журамласан хэрнээ тэр дороо хяналтаа алдчихсан. Уг нь танхимд анхааралтай ажиглаж суусан бөөн ажиглагчдаас ганц хоёр асуулт авсан ч болохоор байлаа.

Одоо манай телевизүүд, тэр тусмаа олон нийтийн телевиз дараачийн гишүүн санаачлахыг хүлээхгүйгээр үргэлжлүүлж чадах болов уу? Зөвхөн Ганбаатар нар, заавал Оюутолгойн тухай байх албагүй. Уг нь мэтгэлцээний оролцогчид буруу зөрүү, илүү дутуу ярьсан ч улаан нүүрээрээ харагдах учраас олон нийтийн телевизэд ямар ч аюулгүй юмсан.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Хэн нь илүү байв?

Posted by Ажиглагч on 2012/10/05

10-р сарын 3-нд МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 нас хүртэлх хүнд архи, согтууруулах ундаа худалдахгүй байх заалт хэрхэн хэрэгжиж байгаа тухай сурвалжлага бэлтгэж үзүүллээ. Харин сэтгүүлчийн орсон дэлгүүрийн худалдагч тодорхой хариулт өгсөнгүй гэж хэлээд гудамжинд яваа 2-3 иргэний сэтгэгдлийг хэсэг зуур яриулаад дуусгав. Араас нь Хууль зүйн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэлийг студидээ урьж авчран ярилцлага хийв. Бодлого энэ тэр гэсэн том яриа болж хувирлаа.

Тэгвэл өчигдөр яг энэ сэдвээр арилжааны телевизийн төстэй сурвалжлага үзсэн юм. Сурвалжлагч охин яасан бэ гэвэл бас л дэлгүүрт ороход худалдагч бөөрөнхийлөөд байсан тул бяцхан эрэн сурвалжлага сэдэж туршилт явуулах нь тэр. Хоёр жаалд мөнгө атгуулж архи авахуулахад худалдагч цааргалахгүйгээр зарахыг камераар бичээд аваад дараа нь худалдагч дээр очиж ам асуулаа. Цаадах нь элдвээр мэлзэж үзсэн нь баримт бол баримт.

Posted in + ТЕЛЕВИЗ, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Телевизүүд ээ, заримдаа TV9 шиг бай л даа!

Posted by Ажиглагч on 2012/08/07

Ням гаригт TV9-ын сэтгүүлч Б.Отгон Баян-Өлгий аймаг очиж (гэхдээ нүүр царайгаа харуулаагүй) бэлтгэсэн “Миний Монгол” асуудал дэвшүүлсэн тусгай нэвтрүүлэг үзүүллээ. Аймгийн төвийн зам дагуу баригдсан хувийн том том хаусуудыг харуулж нэгбүрчлэн тайлбарлав:

… Энэ бол Баян-Өлгий аймгийн Засаг дарга Хавалын хаус. Аймгийн төвийн төв замаас шууд ордог. Өмнөх талбайгаа туркуудад түрээслэсэн….

… Энэ бол Засаг даргын орлогч … -ын хувийн хаус. Бас л төв замаас шууд ордог…

… Энэ бол аймгийн ИТХ-ын дарга Баяны хаус. Хүргэндээ энэ газрыг дуудлага худалдаагүйгээр авч өгчээ… Ү

… Үүнийг хянах үүрэгтэй Мэргэжлийн хяналтын газрын дарга өөрөө аймгийн 2-р цэцэрлэгийн хашаанд барилгаа барьсан нь энэ…

… Аймгийн цорын ганц хүүхэд, залуучуудын паркийг 2002 онд ЗДТГ-ын дарга Зархум хүүгийнхээ нэр дээр ИТХ-аар тогтоол гаргуулж 700 ам.метр талбайтай, түүхийн олон хөшөө дурсгалтай байсан газрыг 850 мянган төгрөгөөр худалдаж авсан баримт энэ байна. Одоо хувийн хаусаа бариад энд тэндээс нь зарж байна…

Бусад телевизүүд ээ, заримдаа TV9 шиг бай л даа!

Posted in TV9 телевиз | Leave a Comment »

Гурван өдрийн шуурхай мэдээ буюу хэргийн “жинхэнэ эзэд” хаачив?

Posted by Ажиглагч on 2012/08/07

Долоо, наймдугаар сарын зааг дээр шуугиулсан экс ерөнхийлөгч Н.Энхбаярын шүүх хурлыг TV9 телевиз “Шуурхай мэдээ” гэж нэрлэж байгаад гурван өдрийн турш бүх орон даяар шууд дамжууллаа. Өдөр бүр өглөөнөөс орой хүртэл арваад цаг үргэлжилж, шүүхийн шийдвэр гарсны дараа хаврын баривчилгааны бичлэг, шөнө дунд МАХН-ын хэвлэлийн хурал, дараа нь экс тэргүүн хатагтай Цолмонгийн мэдэгдэл (…Миний өвөг эцэг манжийн хааны өмнө өлсгөлөн бартай тэмцээд боож алаад арьсыг нь аваад нутаг буцсан … Би нөхрийнхөө оронд суумаар байна… Соёмбо-Эрдэнэ гэж боловсролгүй .. Энэ бүхний цаана цэвэр Элбэгдорж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна… Цэвэр монгол хүн бол өрөвч… Манай нөхөрт хор өгсөн мэдээлэл ирсэн, Элбэгдоржид Баяр өгсөн байх…Сагсайгийн байж байгааг нь ээ…Сагсай дээд зэргээр эвдэрсэн хүн байна лээ … 2009 онд Ерөнхийлөгчийн сэнтийг хулгайгаар авсан… Баяртайгаа нийлээд том луйвар хийсэн…), араас нь дөнгөж дууссан шүүх хурлын бичлэгийг маргааш үд өнгөртөл давтаж төгсгөлд нь Мэл Гибсоны “Эх оронч” киногоор энэхүү реалити шоу сая нэг түр завсарлав. Лондонгийн олимп, Н.Түвшинбаярын ялалт, ялагдлын мэдээ зүгээр нэг хачир байсан юм. 

Урьд нь манайд шүүх хурлыг ингэж эхний мөчөөс дуусан дуустал шууд бөгөөд бүрэн дамжуулсан удаагүй. Цаг төр бага сага өөрчлөгдөж шүүх засаг овоо нээлттэй болж эхэлсний нотолгоо. Уржнан шүүхийн бүх шийдвэрийг вэб сайтад тавиулна гэхээр нь итгээгүй, харин үнэхээр тэгснийг нүдээр үзэж байж итгэж билээ. Одоо анхны бүрэн нээлттэй энэ шүүх хурал. Монголд мянга мянган сэжигтэн, тэр тусмаа хохирогчид ингэж илэн далангуй шүүлгэхийг хүсэх байх. Харамсалтай нь зөвхөн хувьдаа телевизтэй том хүн үүнийг чадахыг бид харлаа. Бүгд тэгш эрхтэй ч зарим нь илүү тэгш эрхтэй гэж энэ. Бас зөвхөн хувьдаа улс төрийн намтай хүн монголын №1 үйл явдал болгож чадав. МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн даргынхаа нүдэнд харагдаж бүртгүүлэхийн тулд тэнд очиж сууснаас УИХ-ын чуулган таг гацаж монголын төр тэр чигээрээ шүүх хурлыг үзэж саатлаа.

Шүүх хурлыг дамжуулна гэдэг бол хуулийн хичээл, боловсрол . Урьд нь бид ийм хичээлийг зөвхөн Холливудын киногоор заалгасаар өдий хүрлээ. Америк цагдаа машиныхаа капотон дээр хэн нэгийг дарж гарт нь гав зүүх зуураа “Та үг дуугарахгүй байж болно. Таны хэлсэн үг өөрийн чинь эсрэг ашиглагдаж болно” гэхээс эхлээд “Та өмгөөлөгч авч болно, хэрвээ авах мөнгө байхгүй бол танд үнэ төлбөргүй өмгөөлөгч гаргаж өгнө”, “Би өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхгүй” гээд энэ бүх мэдлэг зөвхөн америк киноноос. Шүүх хурал дээр яаж мэтгэлцдэгийг бас л америк киноноос мэдсэн. Бүр 90-ээд оны ДОХ туссан залуу (Том Хэнкс)-гийн эрхийг хамгаалдаг “Филадельфи”, садар самууны “Хастлер” сэтгүүлийн эзнийг шүүсэн “Ард иргэд Ларри Флинтийн эсрэг”, Пирс Броснан, Джулианна Мур нар гэр бүл салалтын хэргийн өмгөөлөгчид тоглосон саяхны “Laws of Attraction” гээд тэр чигээрээ шүүх хурлын кинонууд байна. Гэмт хэрэгтэн, мафийг шүүдэг хичнээн кино бид хэдэн зуугаар нь үзсэн байх. Тангарагтны буюу хөндлөнгийн шүүгчдын дотоод тэмцлийг харуулсан оросын Сергей Михалковын “Арван хоёр” (америкийн тавиад оны “Хилэгнэсэн арван хоёр эр”-ийн сэдвээр хийсэн) гэж кино бий. Саяын шүүх хуралд иргэний гурван төлөөлөгч суусныг хамгийн сүүлд нэг нь босч буруутай, буруугүй гэсэн хэдэн өгүүлбэр түгдрэн байж уншихад санал зөрсөн нөгөө нь TV9-ыг Энхбаяр хулгайлаагүй, яагаад гэвэл шударга сайн телевиз гэж хэлэхэд мэдсэн юм. Гадаад кинон дээр бол өмгөөлөгч нар тэднийг итгүүлэх гэж ямар уран цэцэн аашилдгийг санав. Сэтгүүлч До.Чулуунбаатар манайд Court Channel гараасай гэсэн маш зөв санаа дэвшүүлсэн. Нээрээ ганц хурал, нэг олимпийг 10 телевиз ижилхэн харуулахын оронд төрөлжих цаг болсон. Тэгсэн мөртлөө спортын суваг байхгүй. 

Н.Энхбаяр өөрийг нь шүүх хурлыг шууд дамжуулахыг шаардсан нь учиртай. Ялласан баримтуудыг улс төр, шашин (“Би Жанрайсагийг бүтээсэн”), эх орон, ёс суртахуун, түүх (“Өнөөдөр түүх бичигдэнэ), нүгэл (“Намайг хэлмэгдүүлж байгаа хүмүүс өнөөдөр телевизээр нэр устайгаа бичигдэнэ), шахалт (“алдаагаа зоригтой хүлээгээд намайг цагаатгачих”) гээд бүх юмтай хутгаж живүүлэхийг оролдсон бол С.Нарангэрэл өмгөөлөгч хуулийн баахан гох дэгээнүүд бэлтгэж шидэхийн зэрэгцээ прокурорыг ямар нэгэн юм “горьдож” гэхчлэн гутаасан яриа нэвтрүүлгийн буюу шүүх хурлын ихэнх цагийг эзэлсэн юм. Гэхдээ шүүх шийдвэрээ гаргасан ба мэдээж давж заалдана. Явсаар Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Д.Дуламсүрэн, Ж.Мягмаржаргал нарт Сүхбаатар дүүргийн шүүхээс оноосон ялыг мэдээж бууруулж (дээр үеийн кинон дээр хоёр дугуй цохуулж авахын тулд дөрвийг хүссэн өргөдөл гаргадаг), заримыг нь хэрэгсэхгүй болгож, хэсэгхэн хугацаа өнгөрөөгөөд өршөөснөөр 2013 оны дундуур бүх юм дуусах биз. Ер нь хүн алж хүрээ талаагүй хүмүүсийг шоронд хийхээ болимоор юм. Нотлогдвол торгоод, хураагаад болоо биш үү? АНУ-д санхүүгийн пирамид, биржийн залилангийн хэргээр 200-300 жилээр суулгадгийг би огт ойлгодоггүй. 

Хамгийн гол асуулт бол шүүх хурлын үеэр дэлгэгдсэн баримтууд үнэн үү? Прокурор, шүүгдэгч, өмгөөлөгчдийн хэн нь үнэмшилтэй байв? Шүүхийг шийдвэрийг зарласны дараачийн мөчөөс өмгөөлөгч С.Нарангэрэл хэлмэгдүүлэлт, харгислал, Энхбаяр даргыг улс төрөөс олон жил холдуулах оролдлого гэж зогсоо зайгүй мэдэгдэж байгаа ч үнэхээр тэгсэн үү? Шүүх хурлыг шууд дамжуулахад прокуроруудын уншсан яллах баримтууд ч бас тэр чигээрээ цацагдсан билээ.

Энхбаярын таван хэргээс гурвынх нь шинэ шинэ баримтууд анх удаа энэ шүүх хурал дээр дэлгэгдэв. Бурханы телевизийг хэнд бэлэглэсэн, бэлэглээгүй тухай Японоос ирүүлсэн бичгүүд зурагтаар үзсэн надад ойлгогдоогүй. Хувийн боть номуудаа Солонгост хэвлүүлээд МИАТ-ын онгоцоор үнэ төлбөргүй тээвэрлүүлснийг баттай нотолсон баримт сонсдоогүй, иймээс хэргийг хэрэгсэхгүй болгов. Уг нь тухайн үед үүрэг өгсөн МИАТ-ын захирал асан Б.Эрдэнэбилэг яг үнэнийг хэлэх ёстой ч хаа нэг тийш зугатчихжээ. Хамгийн сүүлчийн хэрэг – Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт”-ийн захирал Х.Наранхүү “Хэнлон” компаны захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэн “Эрдэнэт” үйлдвэрт 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг тухайд Ерөнхийлөгч утасдаж “Мягмаржаргалын бизнест ахиухан туслаарай” гэсэн, дараа нь Мягмаржаргал өрөө төлөхгүй, хэл амаар доромжлоход нь буцаагаад Ерөнхийлөгчид утасдаж хошуу хүргэсэн тухайгаа Х.Наранхүү өөрөө мэдүүлсэн баримт ноцтой. Гагцхүү Н.Энхбаяр “Би ган бөмбөлөгийн тухай ярьж явах зав байхгүй. Наранхүү андуурч, эсвэл санаатай хэлсэн юм уу, би мэдэхгүй…” гэж булзлаа. Нээрээ түүний шаардсанаар Наранхүүг зэрэг шүүж болоогүй юм байх даа? 

Нөгөө хоёр хувьчлал та бидний нүдний өмнө явагджээ. “Өргөө” зочид буудал бол нийслэлийн өмчийн барилга байшинг хувийн компанитай хамтарч ашиглана, төдөн зуун сая, тэрбумын хөрөнгө оруулна гэсэн хов хоосон тоог тэдний хувь болгон тооцож давуу эрхийг олгоод дараа нь сэмээрхэн гулгуулсаар нэг мэдэхэд бүрэн өгдөг “хүрээ маягийн хувьчлал”-ын үргэлжлэл юм. Төсөвт ямар ч мөнгө оруулахгүйгээр хувьчилдаг хосгүй луйвар! Төв цэнгэлдэх хүрээлэн, “Ард”, “Од” кинотеатрууд, Хүүхэд залуучуудын ”Найрамдал” парк, “Тэнгис” кинотеатр гээд зөндөө объект яг ингэж хувьд очжээ. “Улаанбаатар банк”, “Улаанбаатар даатгал”-ын хувьчлал ч бас төстэй. Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн нар шүүх хурал дээр “нурчихсан нэг муу орц байсан… тэгэж ярих юм бол хэтэрхий өндөр үнэлж хувийн компанийг хохироосон байна, нийслэл өөрөө олигтой мөнгө оруулаагүй” гэж бараг л нөхөн төлбөр нэхэж даналзсан билээ. Нийслэлийн яг төвд бэлэн байгаа дөрвөн давхар барилгын бүхэл бүтэн орцыг эзэлсэн өмчөө ядахдаа түрээслүүлэх, эсвэл дуудаад худалдахын оронд хэдхэн хоногийн өмнө бүртгүүлсэн, үл мэдэгдэх компанид зүгээр л амалсан, нийслэлийн төсөвт хэзээ ч орохгүй мөнгөний төлөө 75 хувийг өгсөн тухай яриа бүр 2007 онд дэгдэж “нийслэлийн ИТХ-ын дарга Н.Болормаа, өмчийн газрын орлогч дарга Д.Дуламсүрэн, нийслэлийн татварын газрын хэлтсийн дарга Я.Аюушжав нар Ерөнхийлөгчийн авгай хувьчилж авч байгаа, суллаж өг гэж байнгын дарамт үзүүлээд байна” хэмээн тэрхүү буудлын экс дарга сэтгүүлчдэд гомдоллож, Ерөнхийлөгчийн гадаад айлчлалд Дуламсүрэн, Аюушжав нарыг дагуулж явлаа гэхчлэн шивнэлдээд өнгөрсөн. Хэн ч тоогоогүй.  

“Улаанбаатар таймс”-ын хувьчлал бол яг үнэндээ тус сонины биш, Төрийн ордны зүүн талын хэвлэх үйлдвэрийн барилга болон доорхи газрын хувьчлал юм. Ж.Саруулбуян эрхлэгчтэй менежментийн багийн гурван жилийн ажлын үр дүнд тус сонин дампуурчихаад байхад барилга, газраа салгаж авахын оронд дахиад 10, 20 тийм сонин багтчих байшинг заавал дагуулж шүүх хурал дээр дэлгэгдсэн тэр комбинацыг зохиожээ. “Тэр муу нурсан байшин хэнд хэрэгтэй юм? Өнөөдөр бүх юм нь хэвээрээ, газар нь, нурсан байшин нь хэвээрээ” гэж Н.Энхбаяр хэлж байна. Хамаг учир яг энд бий. Сонины нэрээр халхавчилж хотын төвийн А-гийн А бүсэд Төрийн ордонтой хаяа дэрлэсэн тэр газрыг үнэ төлбөргүйгээр авч бараг амжсан билээ.

Нийслэлд өмч хувьчилсан Засаг даргын тогтоол, захирамжуудыг үзэхэд “сургууль цэцэрлэгийн хуучин уурын зуух”, “эвдэрхий агуулах” гэхчлэн үнэгүй буюу инээд хүрэм хямд авч байгаад нь баярламаар объектуудыг жагсаасан байдаг. Авсан эзэн маргааш нь эксковатор авчирч хусахад л хэдэн арав, зуун саяын газар бэлэн. 

Нийслэлд өмч хувьчлах шийдвэрийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нэртэй хэдхэн хүн суугаад гаргадаг байжээ. 2008 оноос өмнөх нэрс нь шүүх хурал дээр бараг тодорчих шиг болов. Тэд бол “хотын мафи” гэгч мөсөн уулын зөвхөн орой нь. Тэд ямар ч хяналтгүй дураараа дургисны балгаар хэдэн хүнийг шоронд аваачлаа. Нийлж байгаад “дарга аа, болохгүй!” гээд гүрийсэн бол яалаа гэж ийм юманд хүрэхэв. Үүнийг Н.Энхбаяр “албан тушаалтан бүр хариуцлагаа өөрөө хүлээх ёстой” гэж маш зөв ярьж тэднийг жийж байв. Гагцхүү Энхбаяр өөрөө том учраас Улаанбаатараас хальж “Эрдэнэт” үйлдвэр, МИАТ-тай холбогдсоноос болж нэмж шийтгүүллээ.  

Энэ таван хэргийн үзүүр Н.Энхбаяр луу чиглэжээ. Гэтэл нөгөө үзүүрт нь тов тодорхой албан тушаалтнууд бий. Тэд бол хэргийн “жинхэнэ эзэд” нь. Сайндаа л бусдад ашиглагдсан, үүрэг даалгавар биелүүлсэн До.Чулуунбаатар, Д.Дуламсүрэн нарыг бус, нийслэлийн өмчийг хууль зөрчин хувьчлах шийдвэр гаргаж заль, луйврыг хууль ёсны юм шиг болгож өгөөд Улсын хэвлэлийн комбинатын түүхэн байшинг газартай нь өгч устгуулсан хотын дарга нарыг шийтгэвэл шударга ёсонд нийцэхсэн. Т.Билэгт дарга зугатсан ч бусад нь Улаанбаатарт байж л байсан… 

Posted in # УЛААНБААТАР, Улс төр, эдийн засаг, TV9 телевиз | Leave a Comment »

Зөвхөн нэр дэвшигчидтэй “Ярилцъя”

Posted by Ажиглагч on 2012/06/15

Олон нийтийн телевизийн Бямба гаригийн “Ярилцъя…” үйл явдлын тойм, тайлбар нэвтрүүлэг сонгуулийн сурталчилгааны горимд бүрэн шилжжээ. Дөнгөж сая дууссан дугаар ер бусын өгөөмөр байж тавын таван нэр дэвшигчийг яриуллаа. Жагсаавал:

1.”Наадам, олимп, сонгууль”. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Энхболд
2. Улс шиг хөгжье, Хүн шиг амьдарья”. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат
3. УИХ-д Үйлдвэрчний эвлэл төлөөлөлтэй байя…. МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар
4. “Ярилцья”. Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, “Чагдаржав сан”-гийн тэргүүн Б.Амарсанаа
5. “Ярилцья”. УИХ-ын гишүүн, АН-аас Говьсүмбэр аймагт нэр дэвшигч Я.Батсуурь

Тайлбараа болилоо.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Олон нийтийн телевизийн халз … ярианууд

Posted by Ажиглагч on 2012/06/09

МҮОНТ-ээс сонгуулийн санал хураалтын өдрөөс өмнөх Пүрэв гариг бүрийн үдэш улс төрийн намуудын төлөөллийг оролцуулсан халз мэтгэлцээнийг явуулахаа зарласны маргааш буюу 7-р сарын 7-ны орой эхнийх нь болж МҮОНТ, МҮОНР хоёроор нэгэн зэрэг шууд дамжуулжээ.

Тус тусын мөрийн хөтөлбөрт байгаль орчин, экологийн асуудал хэрхэн туссан талаар МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, АН-аас Л.Гансүх, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Д.Тэрбишдагва, ИЗНН-аас Ш.Пүрэвсүрэн, МНН-аас О.Бум-Ялагч, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх (энэ намд өөр хэдэн хүн байдаг бол? Олуулаа хуралдсан зургийг харах юмсан),  А.Ганбаатаргүй болсон МСДН-аас Энхзаяа, Иргэний хөдөлгөөний намаас Д.Сүхгэрэл, МУНН-аас Д.Бадарч, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, “Эх орон” намын И.Эрдэнэбаатар, өөр нэг намаас бизнес эрхлэгч Заяа гэхчлэн арван хэдэн нэр дэвшигч мэтгэлцэх болов. Гэхдээ мэтгэлцээн биш, хүн тус бүрийг хоёр минутаар дэс дараалан яриулж танилцуулга хийлгэсэн нэвтрүүлэг болов. Миний зөв, чиний буруу, манайх илүү .. байхгүй. Өөр хоорондоо огт харилцаагүй. Тэдний яриаг тус тусад нь бичээд нийлүүлж үзүүлбэл бараг ялгаагүй.

Иймээс уйтггартай байлаа. Ганц сонирхолтой юм гэвэл Б.Жаргалсайхан “ярих цаг бага байна” гэж чамлаад нэвтрүүлэг дуусахаас өмнө хаяад явжээ.

Мэтгэлцүүлэхийн тулд яг одоо эрх барьж, хариуцлага хүлээх учиртай МАН, саяхан болтол барилцаад сонгуулийн өмнө амиа хоохойлоод зугатсан АН хоёрт таагүй асуултууд тавьж бусад намуудаар шүүмжлүүлж балбуулах тийм сэдэв, асуултууд хэрэгтэй. Жишээлбэл: “Зайсанг ийм болгосонд хэн буруутай вэ?” гээд мэтгэлцүүлбэл ширүүн яриа болох нь эргэлзээгүй. МАН, АН хоёр юу хэлэх сонин. Бас болоогүй, нэг хэсэг хамтарсан Засгийн газарт орж Байгаль орчны сайдаар хэсэг ажиллах зуураа Зайсангийн газрыг зад заралцсан “Эх орон” намын И.Эрдэнэбаатар сайн балбуулах ёстой. Д.Тэрбишдагва гишүүн ч баярлах болоогүй. Түүний МАХН-МҮАН-ийн “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж байгаа Г.Шийлэгдамба бас сайд байхдаа дутуугүй амжуулсан.

P.S:

Олон нийтийн телевизийн дараачийн мэтгэлцээн “Эдийн засгийн өсөлт, хөгжил” сэдвээр байж “Гуравдахь хүчин” эвслээс Хосбаяр, МНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар, МАХН-МҮАН-аас нэр дэвшигч Н.Дашзэвэг, АН-аас УИХ-ын гишүүн С.Баярцогт, “Эх орон” намын Д.Зоригт (“Идэр” дээд сургуулийн захирал), ИХН-аас нэр дэвшигч Гэрэлмаа, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын мэдээж дарга Ш.Төмөрсүх, бас Заяа, МУНН-ын дарга Б.Батболд, МАН-ыг төлөөлж Н.Энхболд, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, ИЗЗН-ын дэд дарга С.Дэмбэрэл, МСДН-ын Сандуйжав гэх мэтээр бүх намын төлөөлөл ирсэн. Гуравдахь нь “Гэр бүл, хүүхэд, хөгжил” сэдэвтэй байжээ. Аль аль нь мэтгэлцээн болсонгүй.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Улаан талбайгаас “шууд үзүүлэв”

Posted by Ажиглагч on 2012/05/10

Тэр цагт зөвлөлтийн, одоо оросын ард түмний Эх орны дайны ялалтын 67 жилийн ойн баярын парадыг манай нэлээд хэдэн телевиз шууд үзүүлсэн нь санаандгүй байлаа. Улаанбаатарын цагаар 14 цагт эхэлсэн энэ парадыг сурвалжлах юмуу дамжуулахаар монголоос телевизийн баг очоогүй ч оросууд дэлхий даяар шууд цацсаныг энд хүлээж аваад тайлбар орчуулгатайгаар шууд гаргасныг харгалзаад “шууд үзүүлсэн” гэе. Ялгахын тулд.

“Ийгл” телевиз шууд үзүүлэхдээ Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-ийн референт албатай, монголоор сайн ярьдаг орос эр (нэр овгийг харж амжсангүй), дараа нь манай бригадын генерал М.Хүрлээ хоёроор тайлбарлуулав. Харин тийм ч сонирхолтой ярьж чадаагүй.  Бас хэд хоногийн өмнө тус телевиз ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг шууд дамжуулсан гэв. Шууд үзүүлсэн биз. Энэ үеэр суваг эргүүлэхэд “Ийгл”-ээс гадна “Шинэ дэлхий”, “Шонхор”, MNC, TV5, ETV гээд нийт монголын 6 телевиз өөр өөрийн тайлбартайгаар нэгэн зэрэг гаргасан нь сонин байв. Үдээс хойш учраас тэртээ тэргүй үзүүлэх юмаа олж ядаж байгаа манай энэ олон телевизийн цаг чөлөөтэй байжээ.

Тэр яахав. Бид Оросыг элдвээр хэлдэг ч цагаа тулахаар нэг түүхтэй, Ялалтын баяр бидний баяр хэвээрээ.

Posted in + ТЕЛЕВИЗ | 4 Comments »

“Детективийн эсрэг детектив” хаачив?

Posted by Ажиглагч on 2012/04/23

Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгчийн ажил хийдэг Н.Энхбаярын ярьж өгсөн “Детектив” нэвтрүүлгээр түүний хэргийг шалгаж байсан УМБГ-ын мөрдөн байцаагч, хошууч Р.Отгонжаргалыг гүтгэж, бас хачирт нь доромжилсний төлөө цаадах нь Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргасны дараа TV9-ээр онц байдал зарлаж “Манайхныг дуудаж байцаалаа… Бидний шударга нэвтрүүлгийг зогсоох гэж байна … Энэ бол хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хэрэг” гэхчлэн хэвлэлийн хурал хүртэл зарлаж  удахгүй “Детективийн эсрэг детектив” нэвтрүүлэг хийж монголын бүх авлигийг цувралаар илчлэхээ амлахад би хувьдаа их үнэлж билээ. Манай телевизүүдээс анх удаа жинхэнэ эрэн сурвалжлага явуулж гаргах болсон учраас.

Эхлээд 2-р сарын 11-ны орой 21.00 цагаас хөтөлбөртөө “Детективийн эсрэг детектив” гэж зарласан байв. “Шударга үнэний дуу хоолой” бэлэн байх нь аргагүй гэж бодов. Тэгтэл ямар ч тайлбаргүйгээр цуцалж онгойсон цагийг баахан рекламаар таглаж орхилоо. Хэтэрхий хүчтэй баримт орсон, магадгүй “бөмбөг дэлбэрэх” байсан учраас зүрхлээгүй байж мэдэх. Эсэхүл баримт нотолгоо дутсан? Ингээд дахин хүнд хүчир эрэн сурвалжлагаа үргэлжлүүлсэн мэт дахин хоёр сар шахам хүлээлгэсний эцэст хэдэн үдшийн өмнөөс анхааруулж байн байн зарласны эцэст 5-ны Пүрэв гаригийн 21.40-д, бас 7-ны  Бямба гаригийн 21.00 цагаас “Детективийн эсрэг детектив” нэвтрүүлгээ хоёр удаа зарлав. Гэвч дахиад хуурлаа. Худлаа нээрээ тайлбарлаж барих гэж оролдсон ч үгүй.

Өнөөдөр Н.Энхбаярыг барьж хорьчихоод байхад “Детективийн эсрэг детектив”-ээ гаргахгүй, гаргах байтугай зарлаж айлгах ч үгүй байна. Үнэхээр гүтгэчихсэн учраас тэр. Мөрдөн байцаагч яахав, монголын авлигачид энэ удаад аврагдлаа.

Posted in TV9 телевиз | Leave a Comment »

ТV баривчилгаа

Posted by Ажиглагч on 2012/04/13

4-р сарын 12-ны орой ажил тарах үед эхэлсэн Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үйл явдлыг хамгийн түрүүнд “Ийгл” телевиз  утсаар авсан мэдээгээр хүргэж, удалгүй дүрстэйгээр шууд дамжуулж эхэлснээрээ энэ талаар Монголд №1 гэдгээ дахиад нэг удаа нотлов. Явуулын ганц биш, хоёр гурван станц аваачжээ. Харин түүний хувийн TV9 телевиз барагцаалбал нэг цагаар хоцорчээ. Олон нийтийн телевиз  тэр шөнө унтахаасаа өмнө ямар ч байсан товчхон мэдээлж (гэхдээ амаараа?) амжсан нь сайшаалтай.

Удалгүй Улаанбаатарт байдаг телевизүүдийн ихэнх яаравчлан очиж шуурхай сурвалжлага, бичлэгүүдийг шөнийн турш (02 цагаас хойш яасныг мэдэхгүй, би унтчихав), харин үүрээр эртэлж өглөө нар мандтал үзүүлснээр энэ баривчилгаа гучаад жилийн өмнө Гүррагчаа сансарт ниссэн шиг монголчуудыг зурагтын өмнө уяж чадлаа. Манай телевизүүд яасан ч мундаг, хөдөөгүүр яасан ч олон сувгийг шууд үздэг болчихсон юм, хотоос ялгарах юм огт үгүй, тэр дор нь “яана аа, оймстой нь өргөхдөө яадаг юм” гэсэн ууртай сэтгэгдэл ирүүлээд байсан.

Үйл явдлын газарт тэр шөнө том бужигнаан боллоо. Хаана нь цагдаа, хаана нь сэтгүүлч, хаана нь МАХН-ын гишүүд, дэмжигчид, өөр хаана хэн байгааг бүү мэд. Монголчууд бид голдуу хар бараан хувцасладаг, иймээс хав харанхуй шөнө, хав хар хувцастай … бөөн хар юмнууд. Цагдааг форм, сэтгүүлчдийг камер, аппарат, микрофоноор ялгаж болох ч орилоон чарлаан хэнээс гарсныг таагаад ч нэмэргүй. Хан-Уул дүүргийн цагдаагийн ямар нэгэн дарга бололтой том эр, Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаах хэлтсийн дарга Амарбат хоёрыг баахан хүүхнүүд бүслээд асуугаад ч байх шиг, загнаад ч байх шиг.  Тэр хавийг дүүргэсэн МАХН-ынхны уриа шаардлагад охид голдуу сурвалжлагчдийн толгой бүтэн эргэж “баривчлах бичгээ үзүүл”, “хүний эрхийг зөрчиж болж байна уу?”, “та нар Энхбаяр даргыг буудах гэсэн юм уу?”, “хэний захиалгаар яваад байна?” мэтийн үгэнд эргэлдлээ. TV9-ийнхэн сүрхий сайн ажиллаж энгийн хувцас өмссөн цагдаагийн бололтой ажилтнуудыг соргогоор илрүүлээд зогсохгүй араас нь элдэж хувцаснаас чангаан зургийг авч амжсан. Арай л баривчилж тушаагаагүй.

TV9-ын тайлбарууд нь ер бусын хурц агаад “амь насанд халдах оролдлого”, “7-р сарын нэгний хэргийг илчилсний хариу”- гаас доош буусангүй. Үнэхээр дайчин зэвсэг юм аа. Шөнө дунд Н.Энхбаяр сурвалжлагчаа гэртээ оруулж суулгаад өөрийг нь баривчлахаар цагдааг явуулсан 6 хүний нэрийг хэлж өглөө: Д.Дорлигжав, Ц.Элбэгдорж, С.Баяр, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж, Илүү ч үгүй, дутуу ч үгүй. Тэр зургаа даалгавар өгөхөд нь Н.Энхбаяр хажууд нь зогсож байснаас зайлахгүй.

Энэ баривчилгаа телевизүүдийн хувьд мэдээллийн найр байв. Яаж ч фантаазлаад, ямар ч реалити шоу зохиогоод Монгол улсын төрийн тэргүүн байсан хүнийг бөөн адал явдалтайгаар, хүчээр, сэвхийтэл өргөөд ачиж явахыг бодож олохгүй. Энэ бол бүхэл бүтэн улс төрийн нам, УИХ-ын дөрвөн гишүүнийг хоромхон зуур дэргэдээ авчирч чадсан Н.Энхбаярын нэр хүнд, бас “гавъяа”. Гэхдээ Монгол Улсын иргэн урьд нь жолооч, бизнесмен, Ерөнхийлөгч, малчин, авлигын загалмайлсан эцэг, өвгөнтийн архичин, цагдаа хэн ч байсан, хуулийн байгууллагаас арван удаа дуудуулахгүйгээр очоод уулзчих, цагдаагийнхний хувьд гадаад кинон дээр гардаг шиг тухайн газарт хөндлөнгийн хүмүүсийг нэвтрүүлэхгүй тууз (police line) татаж тусгаарлах, Авлигатай тэмцэх газрын хувьд хэвлэлийн төлөөлөгчөө урдаа гаргаад яриулах,  сэтгүүлчдийн хувьд өөрийн телевизийн нэрийг томоор бичсэн хантааз өмсөж ялгарах гээд бөөн сургамжтай боллоо. Телевизээр үзсэн миний чихэнд гэхэд зарим этгээдийн чулуудсан тун эвгүй үгнүүд хэдэнтээ сонсодсон. Хамгийн бага муугаар бодоход, нэг охин ойчоод бусдын хөлд гишгүүлчихвэл, нэг тэнэг сэмээрхэн том чулуу аваад олны толгой дээр шидчихвэл юу эхлэхэв? МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал “маргааш Сүхбаатарын талбай дээр гарч сонгуулийн бус хувьсгал хийж энэ засгийг унагаая” гэж албан ёсоор уриалсан. Чадаагүй нь яамай.

Маргааш үдээс өмнө телевизүүд хэсэгхэн амсхийж, харин 14 цагаас Хэвлэлийн хүрээлэнд АТГ-аас хийсэн хэвлэлийн хурлыг багтаж ядсан олон сэтгүүлч сурвалжлахад бас л “Ийгл” (бага зэрэг дүрсний алдаатайгаар) шууд дамжуулах шиг болов. Н.Энхбаяр Японы шашны байгууллагын бэлгийг завшиж TV9-ыг байгуулсан тухай баримт уншигдсаны дараа тус телевизийн сурвалжлагч “Та нар TV9 телевизийг хаана гээд 150 гаруй ажилчдыг ажилгүй болгох уу? гэж асуулаа. Зүв зүгээр ажлаа хийж яваа сэтгүүлчийг ингэж айлгах гэж. Энэ хэвлэлийн хурлыг TV9 хэзээ хойно хасч тайраад хагас дутуу гаргажээ.

Өдрийн 14 цагаас Сүхбаатарын талбай дээр МАХН-аас зохион байгуулахаар зарласан цуглааныг TV9 телевиз 14.30-ын үед шууд дамжуулж эхлэхдээ “TV9-өөс өөр телевиз эрх баригчдын дарамтаас айгаад очихгүй байна, бид дамжуулна” гэж амалсан хэрнээ хувьсгал хийхэд хангалтгүй цөөн хүн цугларсан тул 14.55-ын үед шууд таслаад солонгос киногоо үзүүлж тайвширсан байна.

Амралтын өдрүүдэд Энхбаярыг хамгаалсан ярилцлагууд TV9-ээр дүүрчээ. Гэтэл түүний засаглалын үед Соёлын гавъяат хүртсэн нэгэн “Энхбаяр бол гэгээрсэн хүн” хэмээн дүгнээд дараачийн магтаалуудыг үнэ цэнэгүй болгов. Бусад нь бурхны хэмжээний юм ярих л үлдсэн.  TV9-ын ширүүн мэдээ, сурвалжлагуудын эх сурвалж нь “… гэсэн мэдээлэл байна”, “.. . гадуур яригддаг”, “… гэж ойлгогдохоор байна”, “… гэж үзэх хүн ч бий”, “… гэсэн болгоомжлол төрөхөөс өөр аргагүй” болж хувирлаа. Монголын уул уурхайн баялаг, байгаль орчныг сайн хамгаалдаг TV9 телевизийг энэ өдрүүдэд эзэн нь, түүнийг дагасан улс төрчид жинхэнээсээ “алж байна”.

P.S: 2012.04.14-нд хийсэн хэвлэлийн хурал дээр Н.Удвал “Цэргийн ангиуд биднийг дэмжиж байна. Бас цагдаагийнхан МАХН-ыг дэмжиж энэ муухай юманд оролцохгүй гэж байгаа тухай мэдээ бидэнд ирж байна” гэж ярив. Өдөөн хатгана гэж энийг хэлэх байх.

P.P.S: 2012.04.15-ны орой Н.Удвал дарга “Шонхор” телевизийн ярилцлагад оролцохдоо “… Буудлаа шүү, аллаа шүү гээд ороод ирсэн… Ямар ч үгийн солиогүй муужруулаад аваад явсан…” гэлээ. Сүүлийн хэдэн өдөр энэ хатагтайн хэлж ярьж байгаа нэг л биш ээ!

Posted in + ТЕЛЕВИЗ, Улс төр, эдийн засаг, TV9 телевиз | 2 Comments »

Телевизүүдийн холбооноос хууль баталдаг болжээ.

Posted by Ажиглагч on 2012/04/04

7-р сарын 1-ны гэгдэх хэрэгт буруутгагдаж байгаа цагдаагийн генерал ба хурандаа нарын ээлжит шүүх хурал 2012 оны 3 дугаар сарын 28-нд урьдчилан хорих төвд болоход нээлт, хаалтыг нь чөлөөтэй сурвалжлуулсан атлаа зөвхөн гурван телевизийг сонгон авч бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийг дотогш нэвтрүүлэхийг хориглосныг Монголын телевизүүдийн холбоо эсэргүүцэж ингэж ялгаварлан гадуурхсан  шүүх, шүүхийн шийдвэр биелүүлэхийн  холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан ширүүн мэдэгдэл нийтлүүлжээ.

Ширүүнээс гадна хөгжилтэй мэдэгдэл болжээ.

“Энэ нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Хуулийн хүрээнд мэдээ, мэдээллийг хайх, эрэн сурвалжлах, хүлээн авах, цуглуулах, дүн шинжилгээ хийх, өөрийн хэрэгцээнд ашиглах, эсхүл хэвлэн нийтлэх буюу бусад аргаар нийтэд түгээх замаар хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хэрэгжүүлнэ.”, 7 дугаар зүйлийн 7.1 дахь хэсэгт “Хэвлэл мэдээллийн байгууллага нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах мэдээ, мэдээллийг хайх, хүлээн авах, шалгах, боловсруулах, эвлүүлэх, нийтлэх, нэвтрүүлэх, хадгалах, мэдээллийн эх сурвалжаа хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд хараат бус, чөлөөтэй эрхэлнэ.”, 7.2 дахь хэсэгт “Хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаагаа төрөөс хараат бус явуулна.” хэмээн заасныг ноцтой зөрчсөн байна” гэж уг мэдэгдэлд залхуугүйгээр, бас тун хариуцлагатай ишлэсэн байлаа.

Гэтэл дээрх өгүүлбэрүүд бол одоо зөвхөн боловсруулаад хэлэлцүүлж буй, өөрөөр хэлбэл батлагдаагүй хуулийн төслийн заалтууд юм. Телевизүүдийн холбоо хэмээх эзэд, захирлуудын байгууллага “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль” гэсэн ганц хуудсыг уншиж ч үзээгүй юм байна. Сураг сонсоход, МАН-д ажилд орсон хэрнээ TV5-ын нэрээр тус холбооны тамгыг атгаж суугаа хатагтай Д.Сарангэрэлийн бүтээл ажээ.

Бас төгсгөлийн өгүүлбэрт шүүхийг “Олон түмний нүдэн дээр ил явагдсан хэргийг хаалттай явуулах гэж улайрч …” хэмээн буруутгажээ.  Ил явагдчихсан юм бол хаалтай явуулж болох уу? Шүүхийнхэн уншаад улайрахтай манатай бөөн инээдэмд автаж хөгжилдсөн биз.

P.S: Тэрхүү шүүх хурлын дараа УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж яг ийм утгатай мэдэгдэл хийж сэтгүүлчдийг хамгаалжээ. Сайхан хоршсон байна.

Posted in + ТЕЛЕВИЗ, Хэвлэлийн эрх чөлөө | Leave a Comment »

“Сөрөг мэдээллийг хаах гэрээ”

Posted by Ажиглагч on 2012/04/02

“Эрүүл сэтгүүл зүйн бизнесийн орчин” сэдэвт хэвлэл мэдээллийн удирдах ажилтны зөвлөгөөнд

Өнгөрсөн сарын 20-нд УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баттулга МҮОНТ-ийн “Цаг үе, үзэл бодол” шууд ярилцлагад оролцохдоо Таван толгой, Ухаа худаг, MCS-ийн талаар хийсэн мэдэгдлийг телевизүүд, сонинууд, Засгийн газар, Нямдорж бүгдээрээ үг үсэггүй мөлжсөн хэрнээ нэгхэн хэсгийг анзаараагүй мэт арваад хоногийг өнгөрүүллээ.

Яг тэр хэсэгт Х.Баттулга гартаа барьсан хэдэн хуудаснаас нэгийг эргүүлээд:

– Өнөөдөр нөгөө дөрөвдэх засаглал, хэвлэл мэдээлэл гээд бүгд баригдсан даа, хөөрхий минь… Одоо дахиад MCS-ээ ярих гээд байна. Хэвлэл мэдээллийнхэнтэй хийдэг хамтран ажиллах гэрээн дотроо, би та нарт мөнгө өглөө шүү, MCS группийн дуудсан газарт, тохирсон  цагт ирж мэдээ, сурвалжлага авна… MCS группийн ерөнхий удирдлага Оджаргал, Од нарыг болон шинээр үүсэх бизнесийн салбар, бүтээгдэхүүний талаар аливаа сөрөг мэдээлэл нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээнэ… хэрвээ нэвтрүүлбэл, муугаар ярих юм бол торгууль төлнө, мөнгөө авна гээд ингээд барьчихдаг байхгүй юу... гэхчлэн уншиж өгсөн юм. Тэрбээр  зөвхөн ганц хоёр өгүүлбэрийг ишлэсэн. Хэрвээ арай дэлгэрүүлсэн бол рекламанд гардагчлан “бүр янзтай” байхсан. Нэвтрүүлгийн бичлэгийн ганц хоёр кадрыг томруулж байгаад хэдэн өгүүлбэр гаргаж авлаа.

4.6. М-Си-Эс группийн өгсөн мэдээ болон рекламын эх файлд ямар нэгэн засвар хийхийг хориглоно.

4.7. М-Си-Эс группийн дуудсан газарт, тохиролцсон цагт ирж мэдээ сурвалжлага авна.
4.8. М-Си-Эс холдинг ХХК, Спирт бал бурам ХХК, М-Си-Эс-Кока Кола ХХК, М-Си-Эс Электроникс, М-Си-Эс Азиа пасифик бьюри ХХК, М-Си-Эс Интернэшнл, М-Си-Эс проперти ХХК, Энержи ресурс ХХК, Скайресорт ХК, Орчлон ХХК, Юнител, мөн М-Си-Эс группын ерөнхий удирдлага У.Оджаргал, Ж.Од нарыг болон шинээр үүсэх М-Си-Эс группийн бизнесийн салбар хийгээд бүтээгдэхүүний талаар аливаа сөрөг мэдээллийг нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
4.9. Дээрхи 4.8-д заасан заалт биелэгдээгүй тохиолдолд дараахи нөхцөлийг дагаж мөрдөж ажиллах үүрэгтэй.
– М-Си-Эс группийн талаар, М-Си-Эс группийн захиалгат бус алив сөрөг сөрөг мэдээллийг 1-3 удаа гаргавал Сонин тухайн сарын гүйцэтгэлийн нийт дүнгээс 20% хасаж төлбөрийг нэхэмжлэх
– М-Си-Эс группийн талаар, М-Си-Эс группийн захиалгат бус алив сөрөг сөрөг мэдээллийг 4-5 удаа гаргавал Сонин тухайн сарын гүйцэтгэлийн нийт дүнгээс 30 % хасаж төлбөрийг нэхэмжлэх
– М-Си-Эс группийн талаар, М-Си-Эс группийн захиалгат бус алив сөрөг сөрөг мэдээллийг 6-аас дээш удаа гаргавал сонин тухайн сарыг гүйцэтгэлээс 30 % хасаж төлбөрийг нэхэмжлэх
4.10. М-Си-Эс группийн захиалгат бус алив сөрөг мэдээллийг хаасан тухай товч тайланг (тайланд агуулга . . . . . . . . . . . багтааж) сар бүрийн эцэст бичгээр хүлээлгэн өгч байна. [Цааш гаргагдсангүй]

Ямар ч цензорын санаанд орохгүй заалтууд. Аливаа компаниас ирүүлсэн хэвлэлийн мэдээг тэр чигээр нийтэлбэл жаахан ичгэвтэр, харин тэнд орсон баримт мэдээллийг ашиглаж (илүү дутуу, нуршилт, өөрийн магтаалыг хасаад) шинээр мэдээ бэлтгэхийг сэтгүүл зүй илүүд үздэг. Гэтэл энд хоригложээ. Тэгээд дуудсан газарт гозойж байх үүрэг хүлээлгэсэн байна. Хамгийн хачирхалтай нь, гэрээт телевиз, сонинууд MCS-ийг сарын турш хүссэнээр нь сурталчлахын хажуугаар сөрөг мэдээллийг агнаж, хэрвээ чадаагүй бол тэр тоогоор суутгуулж байж “цалингаа” авдаг нь нэг ёсондоо MCS-д ажилд орсон мэт. Бас “М-Си-Эс группийн захиалгат бус сөрөг мэдээлэл” гэж бичсэнийг харахад “М-Си-Эс группийн захиалгат сөрөг мэдээлэл” гэж байх нь ээ?  MCS гэж Монголдоо багтахгүй том групп  телевиз, сонинуудын мэдээг хянаж хувь процент тооцсон шиг өчүүхэн зан гаргадаг болсон нь хэвлэл мэдээллийг [мөнгөөр] далайсан газартаа далд оруулсаар байгаад баримжаагаа алдсаных.

MCS групп ба Нямдорж сайдтай хоёр фронтод зэрэг дайтаж эхэлсэн Х.Баттулга гишүүн өөрийн хөрөнгө оруулсан C1  телевизээрээ ярих гээд очтол “эзэнтээн, бид MCS-тэй ийм гэрээ байгуулсан, яахав” гээд үзүүлсэн нь MCS-ийг илчилсэн баримтуудын тоог нэгээр нэмчихжээ. Ингээд өнөө цагийн цензурын дээд хэлбэр болсон “хамтран ажиллах гэрээ”-ний хэдэн өгүүлбэр дэлгэгдлээ. Бүх хуудсууд задарвал юу болохов?

Өнөөдөр монголын томоохон телевиз, өдөр тутмын сонинуудаас MCS-тэй гэрээ байгуулаагүй үлдсэн бол би лав маш гайхна. Дээрх гэрээнд сонин гэж бичээд C1 телевизтэй байгуулсан нь ямар ч хэвлэл мэдээллийн нэрийг солиод бичдэг универсал загвар болохыг нотолно.

Эрхэм гишүүн Х.Баттулга хэд хоногийн дараа хэвлэл мэдээллийнхэнд хандахдаа энэ сэдвийг дахин задлав.

… Хэвлэлийг ойлгож байгаа. 80 хувь нь баригдчихсан байгаа. Юунд вэ? Мөнгөнд. Би та нарт нэг гэрээ үзүүлсэн, та нарын эзэд бүгдээрээ тэр гэрээг хийсэн байгаа. C1 хүртэл хийсэн явж байна гэж би хэлсэн дээ. Зурагтаараа гарах гэсэн чинь гаргадаггүй байна шд ээ. Яасан? MCS-ийг муулж болохгүй гэсэн гээд. Тэгээд тэр Монголын үндэсний радио, телевизээр гарах гэсэн чинь бас гаргахгүй гэхээр нь орон сууц ярих гэсэн юм аа гэж худлаа хэлээд орж ярилаа ш дээ. Би Их хурлын гишүүн хүн шүү дээ. Жирийн иргэд тэгэхлээр тэр телевизээр юугаа ярихав? Өчигдөр орой телевизээр Нямдорж, хувьсгалт намынхныг 20 минут ярьж байна.  Намайг хоёр минут л гаргаж байна. За, TV5 бол зүгээр хавтгай. Нам мамаа хамгаалалгүй яахав, гэхдээ намаас өөр эх орон гэж нэг юм байна ш дээ… Хэвлэл мэдээлэл өнөөдөр цензуртай болсон. Та нар заль мэх гаргаад яаж ийгээд гаргаад байхыг бодоорой... гэжээ.

Хэдэн жилийн өмнө “Мобиком” корпораци хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргаж өгснийг “Нийгмийн толь” сонин илчлэхэд тус корпораци  нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаад бараагүй, харин “стратегийн түншлэлийн гэрээ” байгуулснаар учраа амархан ололцсон гэдэг. Ноднин өвөл болсон сэтгүүлчдийн их хурал дээр, компаниуд гэрээ байгуулахдаа шүүмжлэхгүйгээс гадна сөрөг мэдээллийг саармагжуулах үүрэг хүлээлгэдэг талаар зарим сэтгүүлч гомдол мэдүүлэхэд индэрт суусан эзэд дуугүй өнгөрөөсөн.

Хувийн компаниас гадна УИХ, Засгийн газраас эхлээд төрийн байгууллагууд иймэрхүү гэрээг байгуулдаг нь ноцтой бөгөөд тусдаа сэдэв юм. Хэдэн жилийн өмнө Засгийн газрын тогтоолд “төр, засгийн бодлого шийдвэрийг мэдээлж сурталчлах ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх тухай” заалт оруулж шаардагдах хөрөнгө мөнгийг хүссэн хэмжээгээр гаргахыг Сангийн сайдад үүрэгддэг байсан бол одоо баян төрийн багтаж ядсан төсвийн их мөнгөний хаанаас хэдийг яаж гаргаад хэнд өгөөд байгаа нь мэдэгдэхээ больжээ. Х.Баттулга гишүүн ярилцлагадаа “Монгол Улсын Засгийн газар хэвлэл мэдээллийнхэнтэй гэрээ хийчихсэн. Засгийн газрыг муулахгүй гээд” хэмээн битүү юм хэлээд, MCS-ынх шиг задлахгүйгээр зогссон. Тэрбээр өөрөө саяхан болтол Засгийн газарт хуралдаж суухдаа тэр шийдвэрийг батлалцсаных болов уу.

Гэхдээ хувийн компани, Засгийн газар алин ч бай үүнийг хүлээн зөвшөөрч хүртчихдэг нь хэвлэл мэдээлэл. Иймээс хамгийн чөлөөт телевиз, хамгийн шударга өдөр тутмын сонин энэ сэдвээр дуугараагүй. 4-р сарын 6-нд “Эрүүл сэтгүүл зүйн бизнесийн орчин” сэдвээр хэвлэл мэдээллийн удирдах ажилтны зөвлөгөөн хуралдах юм гэсэн.  Гэрээнүүдээ хуудас хуудсаар нь дэлгэж байгаад илэн далангуй ярилцвал эрүүлжих найдвар бий.

Posted in + ТЕЛЕВИЗ, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 1 Comment »

“Одонтуяа гишүүн”

Posted by Ажиглагч on 2012/03/31

Өнгөрсөн Мягмар гаригт C1 телевизийн “Иргэний удирдлага” нэвтрүүлгээр Ш.Батцэцэг нэртэй хөтлөгч Л.Эрдэнэчимэг гэдэг хатагтайтай муухай төр засаг, шударга сонгууль, хөөрхий эмэгтэйчүүдийг ярьж суулаа. Нягталбаас, хоёулаа АН-ын гишүүн,  хоёулаа УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр довтолгож буй ажээ. Энэ нэвтрүүлэг Мягмар гариг бүр 18.30-19.00 цагийн хооронд гардаг юм байна. Хөтлөгч нь хэвээрээ, харин оролцогчид солигдож голдуу нэр дэвшихээр жагсагсад ээлжилдэг гэнэ.

Монголын телевизүүдийн шинэ одон С.Одонтуяа бүсгүй энэ долоо хоногт “Бүсгүйчүүд” нэвтрүүлгээ амжуулсан төдийгүй Пүрэв гаригт “25-р суваг” телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэгт мэргэжилтэн дүрд хувиран ээлжит удаагаа уригдуулан оролцов. 100 мянган айлын орон сууцны асуудал Одонтуяа нэртэй хүнээр дутаагүй мэдээж болохоор “би орьё” гээд давхиж очжээ. Хамгийн хөгжилтэй нь Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар яриан дундаа “… Одонтуяа гишүүн түрүүн хэллээ… “ гэв. Өдөржин зуун мянган орон сууцны ажлаа хийгээд орой харьж сая нэг зурагт үздэг ерөнхийлөгчийн толгойг эргүүлж чадсан байна.

Нэр дэвшихгүй [байх] өөр нэг од гялтганасан нь Усны газрын дэд дарга Б.Батбаяр. 3-р сарын 22-нд тэмдэглэсэн Дэлхийн усны өдөрт зориулсан бүх мэдээ, сурвалжлага, ярилцлага ганцхан З.Батбаяр хэмээх гол баатартай байв. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дэд дарга нь зогсоо зайгүй хэрэгжүүлэхийн оронд зогсоо зайгүй ярьдаг болохоор Монголд усны асуудал улам хурцадсаар байх нь аргагүй. Усны газарт хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан байдаг бол түүнийг эхлээд ажилгүй болгож дараа нь халсан байх. Энэ удаад Батбаяр дарга Парист болсон Дэлхийн усны том хуралд оролцоод ирснийгээ бүх сувгаар ярьж, дараа нь аян замын бичлэгээ TV9 телевизээр нэвтрүүлэг болгон үзүүлжээ. Ямар их зав, чөлөө вэ? Хайран Монголын ус…

Posted in 25-р суваг телевиз, C1 телевиз, TV9 телевиз | Leave a Comment »

“Захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар бичсэн байх …”

Posted by Ажиглагч on 2012/03/25

“Телевизээр гардаг балиар захиалгатай нэвтрүүлгүүдийг муусайн улс төрч та нар захиалдаг шдээ.  Би та нараас захиалга аваад гаргаж байсны хувьд сайн мэднэ” гэж улс төрч З.Алтай УИХ-сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр чуулганы танхимд баахан цамнасан билээ. Уг нь захиалгат нэвтрүүлгийг хазаарлах шиг амархан юм байхгүй. Үүний тулд өөрийн толгойлж байсан, одоо ч хүндэт Ерөнхийлөгч хэвээр байгаа телевизүүдийн холбоогоор дамжуулан монголын телевизүүд, наад зах нь өөрийн мэдлийн “25-р суваг” телевизэд балиар захиалга авахгүй байх, авлаа ч захиалгын эздийг зарладаг болгоход л хангалттай байсан юм.

Манай хэвлэл мэдээллийн салбар энэ мэт зохицуулалтыг өөрөө хийх хүсэлгүй, тэгэх чадваргүй учраас явсаар хуулиар шийдэхэд хүрчээ. Энэ удаад УИХ-ын сонгуулийн шинэ хуулиар яг тэглээ.

35.24.Нам, эвсэл, нэр дэвшигч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд өөрийн бэлтгэсэн болон захиалсан нийтлэл, нэвтрүүлгийн үнэн зөв, бодитой байдлыг хариуцна.

35.25.Хэвлэл мэдээллийн байгууллага нь энэ хуулийн 35.24-т зааснаас бусад өөрийн бэлтгэсэн болон бусдын захиалгаар бэлтгэн нийтэлж, нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нийтлэл, нэвтрүүлгийн үнэн зөв, бодитой байдлыг хариуцна.

35.26.Хэвлэл мэдээллийн байгууллага нь энэ хуулийн 35.24-т заасан нийтлэл, нэвтрүүлгийг захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр нийтэлж, нэвтрүүлэх бөгөөд нийтлэл, нэвтрүүлгийн материал дээр захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар бичсэн байх ба энэ нь тухайн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарна.

Одоо сумаа тавиад нумаа нуудаг шиг захиалгат нэвтрүүлгийн араас “2012 он” гэсэн хаяг тавиад бултах аргагүй болсон харагдавч хуулийн нэр томьёоны тодорхойлолтод “сурталчилгаа” гэж юуг хэлэхийг ор тас орхигдуулсан нь томоос том цоорхой юм.  Удахгүй ямар ч сурталчилгааг мэдээ, сурвалжлага, ярилцлага хэлбэрээр урсгах түмэн арга олдоно. Бас “нам, эвсэл, нэр дэвшигч” биш, “зүгээр дэмжигчид”, “шударга иргэд”, “санаа зовсон сэтгүүлчид” захиалж эхлэнэ.

Сүүлийн хоёр долоо хоногийн турш арилжааны телевизүүд 7-р сарын 1-ны хэрэгт хамаатай цагдаагийн дарга нарыг өмөөрч Сүхбаатар дүүргийн шүүх ба Ерөнхийлөгч рүү довтолсон захиалгат нэвтрүүлэг “7-р сарын 1 ба дуусаагүй хэвлэлийн хурал…”, “Төр үнэгүйдэж, төрийн цагдаа гэмтэн болов” зэрэг олон нэртэйгээр ээлж дараалан гаргаж байна. “25-р суваг” бүр онцгой, хэд хоноод л дахин дахин үзүүлэх юм гээч. Захиалгад донтохоороо л ингэдэг байх. Төгсгөлд нь нөгөө л “2012 он”.

Posted in + ТЕЛЕВИЗ, 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Сонгуулийн урьдчилсан сурталчилгаа

Posted by Ажиглагч on 2012/03/25

Манай хэвлэл мэдээллийнхэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон гишүүд, сайд дарга нарыг ядахдаа ганц сарын хугацаанд хаашаа ч дагаж явахгүйгээр туршаад үзэхсэн. Цаадуул чинь контороосоо цухуйх ч үгүй, харин баахан хурал, семинар зохиож сэтгүүлчдийг ирүүлэхийг оролдоно. Хөдөө хөхөрч гадаа гандах тухай яриа байхгүй. Гадаад ч явахгүй.

Өнөөдөр сурталчилгаа бол улс төрчдийн амьдрах агаар. Камер, ядахдаа диктофон, үзэг дагуулах хүсэлгүй улс төрч хаана ч байхгүй. Тэр тусмаа сонгуульд нэр дэвшигчийн үхэх сэхэхийг сонинд сайнаар бичигдэж телевизээр гоё гарах л шийднэ. Мянга мянган сонгогчтой уулзсан цуглааныг телевизээр шууд дамжуулж, эсвэл ядахдаа сурвалжлуулж байж санаа амардаг. Хэрвээ телевиз ирэхгүй бол тэр цуглааныг хийх ч үгүй.

Жил жилийн цагаан сараар Улсын сайн малчид, тариаланчдын цол, өргөмжлөлийг хөдөө гэрт очиж гардуулах нь Засгийн газрын гишүүд, дэд сайд нар дээл өмсөөд зурагтаар таахалздаг ховорхон завшаан, хосгүй ёслол бөгөөд УИХ-ын барагтай гишүүнд олдохгүй эрх юм. Тэдний зүгээс гомдолтой хоцордог учраас шалгаруулдаг малчдын тоог байн байн нэмж ирсэн. Эвслийн засгийн газар бутарсны ачаар УИХ-ын гишүүний суудалд гэтэгч Н.Номтойбаяр, Б.Ундармаа хоёрыг НХХЯ ба БСШУ-ны дэд сайдын суудалд суусны дараахан Дорнод аймгийн нэгэн сайн малчны гэрт багтаж ядалцахыг хэдхэн секунд харагдуулахын төлөө бүхэл бүтэн цуваа хотоос хөдөлж телевизийн баг дагасан юм. “Цагийн хүрд”-ээр үзүүлэхдээ Номтойбаярын титрт “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд” хэмээн өргөмжилж амжсан. Яг төр өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын шинэ сайд Д.Цогтбаатар Дундговь аймагт, Батлан хамгаалахын шинэ сайд Ж.Энхбаяр мэдээж Говь-Алтайдаа тэгэж зогссон. Би зөвхөн шинэ сайдуудаар жишээ татлаа. Тэд сонгууль хүртэлх тав, зургаахан сард салбартаа том юм хийхийн тулд биш зөвхөн зурагтаар ахиухан гарахын төлөө энэ суудалд авирч гарсан билээ. Ямар ч эргэлзээгүй. Уг нь би Цогтбаатарыг сүрхий залуу байж магад хэмээн бяцхан найдсан ч дархан цаазтай Богд уулын Зайсангийн ам байшин барилгаар дүүрч байгааг яах вэ гэсэн сурвалжлагчийн асуултад “Надаас өмнө болсон асуудал учраас би мэдэхгүй” гэж хариулахыг үзээд гутсан.

Телевизээр гарахын тулд заавал тойргоо зорьж зүдэрдэг байсан УИХ-ын жирийн гишүүн Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайд болсныхоо ачаар “Энхбаяр цэцэг өргөхөд байлцав”, “Энхбаяр цэргийн ангид очив” сурвалжлагууд тасрахаа байжээ. “Энхбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэв”, “Энхбаяр огцорсонгүй” мэтийг тооцохгүй. Чухам үүний тулд Д.Цогтбаатар гадаадад үргэлж явдаг Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргын атаархам ажлаас хааяа Улаанбаатар хотын муу усны төв цэвэрлэх ба “Харгиа” байгууламжийн өмхий үнэрт зогсохыг илүүд үзжээ. Шанд нь сэтгүүлчдийг дагуулан өөртэйгээ адил хордуулж зогсох юм.  Хэрвээ сэтгүүлчид үгсээд “сайд аа, бид өнөөдөр сэтгүүлчдийн хуралтай, таныг маргааш дагая” гэвэл зөвшөөрөх байх шүү! Бас нэр дэвших сураг дуулдаагүй Эрүүл мэндийн шинэ сайд Н.Хүрэлбаатар ажлаа авснаасаа хойш Улаанбаатар дахь харъяа эмнэлгүүдээр ээлж дараалан орж үүрэг даалгавар өгөхдөө заавал сэтгүүлчдийг байлцуулж гэрчлүүлдэг нь улс төрчийн шинж орж яваагийн шинж.

Энэ бүхэн сонгуулийн урьдчилсан сурталчилгаа юм. Хуулийн хугацаа эхлээгүй ч хэдийнэ de facto эхэлчихсэн. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Одонтуяа гэж хүүхэн өнгөрсөн 2-3 жил дэлгэцнээс ховхорсонгүй. TV9 телевизийг орой үзэхлээр “Бүсгүйчүүд” нэвтрүүлэгт Одонтуяа сууж л харагддаг. Өөр хүн бол ганц хоёр оролцоод хэлэх санаагаа дуусч залхана, харин Одонтуяа өвөл, зун, хавар, намаргүй сууж л байгаа. Нэг удаа түүнийг алга байхад (гадаад дотоод явсан биз) сонин санагдаж бараг үгүйлсэн шүү. TV9-өөс  гадна бусад бүх телевизийг гүйцээсэн гайхалтай эмэгтэй. Мэдээнүүдээс эхлээд “Дуусдаггүй яриа”, хоолны нэвтрүүлгүүд, эдийн засагч Д.Жаргалсайханы гадаадынхан юмуу англи хэлтэй монголчуудын голлон урьдаг De facto-д хүртэл ороод амжжээ.  Өнгөрсөн өвөл Одонтуяа гурван сувгаар зэрэг гарахыг харснаа нэгэн үзэгч дурсаж “хувцсаа солиод л гараад байсан” гэж билээ. Гэхдээ хоёр нь бичлэг, эсвэл давталт байсан биз ээ. Хүн ингэж их хүсч байхад манайхан ирэх зургадугаар сард түүнийг УИХ-ын гишүүнээр сонгоод өгөөсэй гэж боддог боллоо. Эс тэгвэл дахиад дөрвөн жил телевизийн дотор амьдарч бизнесээ, намын ажлаа, “Иргэн та баялаг” сангаа, тэр ч бүү хэл гэр орноо ч мартвал яана? Юутай ч энэ сонгуулийн өмнө “25-р суваг”-ийн Алтантүрүүг дуудаж хонуулбал гэр орондоо хэвийн эсэхийг мэдэж авцгаая. (Мартсанаас, сүүлийн хэдэн сар Алтантүрүүгийн оронд буцаад Ганзориг айлаар хоножээ. Бас яачихав?)

Сонгуулийн урьдчилсан сурталчилгааны онцгой арга бол нэвтрүүлэг хөтлөх. Нэр дэвших нь эргэлзээгүй “Шударга иргэдийн фронт”-ын Я.Арслан долоо хоног тутам  NBS-ээр ширүүн лекцэлдэг бол Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын Төмөрсүх гэж дарга “цагаан утас” тавьчихсан дуудлага хүлээж сууна. (Саяхан TV9-өөр шинэ нэвтрүүлэг эхэлсэн Г.Уянга мэргэжлийн сэтгүүлч, гэтэл МАХН-ын залуучуудын байгууллагын тэргүүн залуу ток шоу шиг юм хөтлөөд эхэлжээ). Гэхдээ тэд анхдагчид биш.  25-р сувгийн “Дуусдаггүй яриа”-гаар УИХ-ын одоогийн хэсэг гишүүн чуулганы танхимд чадаагүйгээ амаараа гүйцээж “76 дурак”-аас арай гайгүйгээ нотлох гэж хэдэн жил чардайж байгаа бол З.Энхболд гишүүн саяхан болтол TM телевизээр С.Эрдэнэ нарын өөр хэдэн гишүүнийг элсүүлсэн арай цомхон ярилцлага хөтөлж МАН-тай эвссэн өөрийн намыг шүүмжилж суулаа.

Posted in + ТЕЛЕВИЗ, 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа, СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА | 1 Comment »

Гишүүнийг дагаагүй сурвалжлагууд

Posted by Ажиглагч on 2012/03/25

УИХ-ын гишүүн, сайд даргын албан тушаалтай нэр дэвшигчдийг сурталчлах аргаа олон нийтийн телевиз хэдийнэ олчихсон. Өнгөрсөн долоо хоногт орон нутгаас бэлтгэсэн мэдээ, сурвалжлага олширсон нь чуулган завсарлаж эрхэм гишүүд тойрогтоо үзэгдэхээр явахдаа “Монголын мэдээ”-г дагуулсных. Гэхдээ тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг хараахан гишүүн биш нэг нэр дэвшигчийг дагасан нь тун сонин байлаа.

Хөвсгөл аймгийн нэгэн суманд эмч, багш нарын зөвлөгөөн болсон, Хөвсгөл аймагт малчдын холбоо зөвлөгөөн хийсэн, Хөвсгөл аймгийн мал аж ахуйн мэргэжилтнүүдийн холбоо байгуулагдаж семинардсан зэрэг баахан сурвалжлага “Цагийн хүрд” болон мэдээгээр гарчээ.  УИХ-ын гишүүн очоогүй жижигхэн арга хэмжээнүүдийг сонирхуулахын тулд хаа холыг зорьж шууд дамжуулахад ч бэлэн байсны учир начир төдөлгүй тайлагдав. Тэр болгоны индэр нэгэн эрхэм байнга сууж, тэгснээ босоод үг хэлж байсан нь MCS-ийн дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан байлаа.

Эрх мэдэл, мөнгө хоёр бол өөр хоорондоо чөлөөтэй хөрвөдөг валют. “Монголын мэдээ” зөвхөн валютаар үйлчилдэг юм байна.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 2 Comments »

Олон нийтийн телевиз сонгуулийн өмнө

Posted by Ажиглагч on 2012/03/24

УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийн 35-ын 8-д “Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нэвтрүүлэг /цаашид “сурталчилгааны нэвтрүүлэг” гэх/-ийг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хуваарь, цагийн дагуу зөвхөн төлбөргүй нэвтрүүлэх ба төлбөртэй нэвтрүүлэхийг хориглоно” гэжээ. Өмнөх сонгуулиар бас ийм заалттай байсныг МҮОНРТ  хэрхэн зөрчиж ил, далд сурталчилгааг илээр, хулгайгаар ч явуулсныг дөрвөн жилийн өмнө ажигласнаа би хэдэнтээ бичиж үлдээсэн.

Дээрх сүртэй боловч огт хэрэгждэггүй заалтыг тойрч гарах дэндүү амархан. Үүний тулд СЕХ-ны хуваарийг сахисан дүр үзүүлээд хажуугаар нь төр, засгийн ажил, албыг яг одоогийнх шигээ зогсоо зайгүй мэдээлж сурвалжлах бөгөөд өнөөх нэр дэвшигчид маань УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, сайд, дэд сайд болон бас бус нэрээр гараад ирнэ. Гүйцээ. Энэ нь МҮОНРТ ба төр, засаг хоорондоо “бид төр, засгийн арга хэмжээг сурталчилна, харин та нар төрд гарахаа мэд” гэж тохирсонтой ижил юм. Цаадуул нь үүнийг дээд зэргээр мэдэж, саяхан гэхэд дэд сайдын суудлуудаар таран байршсан билээ. Бас төрд дансгүй ч төрийн элдэв ажил хэрэгт оролцоод “санаандгүй” тааралдаж бас болно… Энэ хаврын цаг агаарын төлөв байдал гэдэг шиг олон нийтийн телевизийн сонгуулийн сурталчилгааны өнгө иймэрхүү харагдаад байна.

Харин олон нийтийн телевизийнхэн УИХ, Засгийн газар, яам, агентлаг, ИТХ, ЗДТГ-уудын хурал, семинар, уулзалт, шийдвэр, амлалт, аян, хөтөлбөр, мэндчилгээ, нээлт, хаалт, тууз хайчлалтаас нэгийг ч алгасалгүй сурвалжлах тухайд санаа зовохгүй байж болно. МҮОНТ-ийн дуу хөгжим, шинжлэх ухаан, танин мэдэхүй, шоу, тэмцээнийг хасахад мэдээллийн хөтөлбөр, мэдээ, нийгэм-улс төрийн нэвтрүүлгүүд тэр чигээрээ төр, засгийн ухуулга сурталчилгаа юм. “Төрийн халамжийн бодлого хавтгайрлаа”, “Тавантолгойн хувьцаа удааширч байна” мэтийн сүрхий үг өгүүлбэр, хууль тогтоомжийг сайжруулах, зөв бодлого явуулах хэрэгтэй тухай том том яриа зөндөө хэрнээ хөндлөнгийн байр суурь, дүн шинжилгээ, олон талтай мэтгэлцээн, нэр хаягтай шүүмжлэл, баримт мэдээллийн араас тултал хөөцөлдсөн эрэн сурвалжлага гэж байхгүй.

Харин өнгөрсөн сард МАН, АН хоёр тийшээ харж хоорондоо муудалцсаныг дагаад “Монголын мэдээ” агентлаг ба МҮОНТ-ийн хооронд ганц хоёр удаагийн толхилцол ажиглагдлаа. Харж л байя.

Posted in + ТЕЛЕВИЗ, 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Арилжааны телевизүүд сонгуулийн өмнө

Posted by Ажиглагч on 2012/03/24

2011 оны 12-р сарын 15-нд батлагдсан УИХ-ын сонгуулийн шинэ хуулиар хэвлэл мэдээллийн сурталчилгаа “үнэн зөв, бодитой” биш байвал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас дал дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулахаар журамлажээ. Тэгвэл “үнэн зөв, бодитой”-гийн хэмжүүр хаана байна? Хуулинд юу ч алга. Сонгуулийн ерөнхий хороонд үүнийг хэмжих жинлүүр, шугам лав байхгүй. Нэг үнэн, нөгөө нь худлаа гээд зүтгэхэд, эсвэл 10 баримтын 9 нь үнэн, ганцхан нь худлаа юмуу эргэлзээтэй байвал яахав? Шүүхээр явахад сонгуулийн сурталчилгааны 60 хоногт шийдэж амжихгүй.

Эндээс харахад, МАН ба АН хоёр хөнжил дотроо хавсайдаж баталсан хуулийн энэ томъёолол нь хэвлэл мэдээллийг зөвхөн сонгуулийн штаб, нэр дэвшигчдээс ирүүлсэн захиалгат нэвтрүүлгийг цацаад сууж байхыг тулгасан хэрэг юм. Бүр тодруулбал, хамгийн их мөнгөтэй манай хоёрт зарагдаад бай гэсэн үг. Марзан юм гэвэл өөрсдийг нь “үнэн зөв, бодитой” бишээр тэнгэрт тултал бялдуучлан магтасны торгууль төлөө торгууль ногдуудах байтугай мөнгө нэмж төлнө.

Ийм нөхцөлд сонгуулийн үеэр арилжааны телевизүүдээс сэтгүүл зүйн нийтлэл, нэвтрүүлэг бүрэн шахагдана. Аливаа сурталчилгааны үнэн зөв, бодит байдлыг тогтоох ганц арга бол шүүхийг эс тооцвол тэр сурталчилгаанд орсон баримт мэдээллийн мөрөөр сэтгүүлчдийг явуулж эрэн сурвалжлуулах явдал юм. Гэтэл ингэж яваад алдаж оновол “тавиас дал дахин нэмэгдүүүлсэнтэй тэнцэх” буюу арваад сая төгрөгийн эрсдэлтэй учраас хэвлэл мэдээллийн эзэд намуудаас бэлэн мөнгө аваад зүгээр суухыг илүүд үзнэ.  Гэхдээ хүний шунал хязгааргүй тул нэмэлт орлогоос татгалзахгүй, үүний тулд мэдээ, сурвалжлага, ярилцлагуудаа сонгуулийн далд сурталчилгаа болгож хувиргана.

Posted in + ТЕЛЕВИЗ, 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Засаг дарга ба зургаан сэтгүүлч

Posted by Ажиглагч on 2012/03/15

Үзэхгүй гэж хичнээн хичээсэн ч өчигдөр орой (3-р сарын 14-ны Лхагва гариг) нийслэлийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын хэсэг сэтгүүлчидтэй хийсэн “Хот ба сэтгүүлч” нэртэй 50 минутын ярилцлагыг  бараг бүтэн үзчихлээ. Баахан суваг сольж зугтаасан ч баригдахаас өөр яахав. Хар л даа.

C1 телевиз: 18:30 – “Хот ба сэтгүүлч” ярилцлага

UBS телевиз: 19.05 – “Хот ба сэтгүүлч” уулзалт

TV5 телевиз: 20:10 – “Хот ба сэтгүүлч” ярилцлага

NBS: 20:10 – “Хот ба сэтгүүлч” ярилцлага

МҮОНТ: 21.30 – “Хот ба сэтгүүлч”ярилцлага

NTV: 23.00 -“Хот ба сэтгүүлч” ярилцлага

Бултаж чадлаа ч өнөө өглөө (3-р сарын 15-ны Пүрэв) гарцаагүй баригдах байж. МҮОНТ: 10.10 – “Хот ба сэтгүүлч” ярилцлага. NBS: 12:00 – “Хот ба сэтгүүлч” ярилцлага. UBS телевиз: 17.00 – “Хот ба сэтгүүлч” уулзалт…

Ямар агуу мэдэгдэл хийхийн тулд Г.Мөнхбаяр дарга ингэж том хөдлөв өө? Нийслэлд их бүтээн байгуулалт өрнөж байна, хүмүүст хүрсэн, алдаа бага гаргаж байна, бүр ихийг хиймээр байвч даанч эрх мэдэл дутаад байна, энэ жил нийслэлийн орлого анх удаа 200 тэрбумаас  давахад Сангийн сайд 70 тэрбумыг улсын төсөвт татаад авчихсан, 6 хувийн орон сууцны төсөл сайн явна, манай хотынхон ажлаа 8 цагт эхэлдэг, энэ миний санаа, удахгүй огцом шийдвэр гаргана, жишээлбэл, хашаагаа цэвэрлэцгээе, бас эздүүд гал зуух руугаа орж ямар хоолоор үйлчилж байгаагаа хар… гэх мэт. Ердөө энэ үү? Гэр хорооллын иргэдийг газраа бүү өг гэж уриалсан УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн нэрийг дурдахгүйгээр “Их хурлын гишүүд амьдралаас тасархай юм ярьж, хоёр  давхар хаус барьцгаа гэж байна. Тэгье л дээ, гэхдээ хэдэн жил үргэлжлэх юм бэ? Айлуудтай гэрээ байгуулж газрыг нь авахгүйгээр бүтэхгүй… ” гэсэн нь сонин байв. Удахгүй сонгуульд нэр дэвшихдээ туг болгож барих “брэнд” ажлаа тэр чигээр нь зүтгүүлэх нь.

Засаг дарга хүн ажлаа сурталчилж, бас өмөөрөхгүй хаачихав. Гэхдээ сэтгүүлчид хаачив? Өөдөөс нь хараад “… нийслэл өнгөрсөн жил 800 иргэнийг ажилтай болгосон, энэ бол загас барих аргыг зааж өгч байна гэсэн үг… Өмнө Засаг дарга газар олгож иргэдийг хувийн өмчтэй болгосон, харин та түүхэнд юугаараа үлдэх вэ?… та хавар болгон хурц шийдвэр гаргадаг… ” гэх мэтээр магтаал багтаасан асуулт (эсвэл асуултанд боосон магтаал гэсэн ч болно) тавьж сууцгаав. Хурц, эгзэгтэй асуулт сонсоогүй. NBS-ийн Наранбаатарыг тэвдүүлсэн асуулт тавих болов уу гэтэл “нийслэл жилд бүр нэг асуудлыг бүрэн шийдээд явчихаж болдоггүй юм уу?” гэснээс хэтэрсэнгүй. Учрыг төдөлгүй ойлгов. Энэ ярилцлагыг (UBS-ийнхээр бол уулзалт) түүнд оролцсон зургаан сэтгүүлчийн телевизээр, түүний дотор NBS-ээр цацжээ. Илүү дутуу дуугарч байж цацуулахаа больчихвол яана? 50 минутийн цацалтын мөнгө бол жижиг телевизийн хувьд том, алдчихвал хайран биз.

Бүх телевизээр яг ижилхэн бичлэг гарсан. Хэрхэн монтажлах, хасч танахыг, бас завсраар нь нийслэлийн бүтээн байгуулалтын хөгжимтэй дүрсийг үе үе оруулж гоёсон “Хот ба сэтгүүлч” ярилцлага бол Г.Мөнхбаярын пиарын төсөл.

Posted in + ТЕЛЕВИЗ, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | Leave a Comment »

“Гамбир”-дуулсан Молекул

Posted by Ажиглагч on 2012/03/10

Манай телевизийн ярилцлагууд даанч залхуутай, яагаад гэвэл хөтлөгч нь зочиндоо тал зассан асуултуудыг ээлж дараалан дэвсэж таатай яриа өрнүүлэхээс өөр хэрэгтэй юм хэлүүлж чаддаггүй. Иймээс худалч, хоосон чалчигч, авлигач, хүнд сурталтан, олигарх, газрын наймаачин, тендерийн хулгайчыг урихад айж ичихгүй дэгдээд л орж ирдэг. Эсэхүл мөнгөө төлчж асуулт захиалчихаад  хариулт бэлэн ирж тухална. Бас захын дурак ярилцлага хөтөлдөг болжээ. Телевизийн суваг дэндүү олон учраас хаа нэгтээ шургалж хэн нэгэнтэй 30-40 минут чалчаад суучих юм. Элдэв улс төрч, нэр дэвшигч, горилогчид сонгуулийн хөтлөгч болж тоглох дуртай.

Одоогоор уригдсан зочноо байцааж чадахыг ганц хичээж байгаа нь “Шууд” телевизийн “Гамбир” нэвтрүүлэг. Миний үзээгүй нэгэн дугаарт өөрийгөө хөдөлдөг болгоны удирдагчаар өргөмжилсөн, 7-р сарын 1-ны үймээнийг дэгдээгч Магнай уриа лоозонгоо хашгирч эхлэхэд нь (гэртээ хүртэл цуглаан зохиож суудаг биз) өөр шигээ тэмцэхгүй байна гэж зэмлэсэн хүмүүсийн ядахдаа ганц нэр хэлээч гэж буланд шахаж гомдоосон, өөр нэг дугаарт Арго багшаас мэддэг 20-30 хэлнийхээ зөвхөн тавханаар ганц өгүүлбэр орчуулж өгөөч гэж гэнэтийн шалгалт авч унагасан, саяхны нэг дугаарт твиттерийн хэдэн мянган фэнээсээ “Гамбир” ярилцлагад орох уу, яах уу?” гэж зөвлөгөө авч ихэд бэлтгэлтэй ирсэн Сангийн дэд сайд Ч.Ганхуягаас дэлгүүрт байгаа талхны үнийг асууж “300 төгрөг” гэж хариулсныг цацаж онигоонд оруулсныг шторкоос харсан.

Зөвхөн хөтлөгч (залуугийн нэр хэн билээ?) асуугаад байдаггүй, бас үзэгчдээс асуулт цуглуулж дамжуулдаг бөгөөд өчигдрийн “Гамбир”-т оролцсон УИХ-ын гишүүн Батж.Батбаярыг тэвдүүлсэн зарим асуулт бас үзэгчдийнх байжээ. Нэг үзэгч тов тодорхой асуув:

-Та хамгийн сүүлд хэзээ нийтийн тээвэр буюу автобусанд суусан бэ?

-Би зургаа долоо хоногийн хоёрдугаар эмнэлгээс гарч хуучнаар Бактериологийн хүрээлэнгийн тэндээс автобусанд суугаад Ленин клубын урд буугаад явган алхаж гэртээ харьсан.

Сайхан худлаа хэлэх юм аа. Зүүн талаас ирсэн автобусууд Ленин клубын урд зогсдогггүй. Учир нь тэнд байсан автобусны буудлыг гурав, дөрвөн жилийн өмнө хаасан тул 40 мянгатаас нааш буудалгүй. Өмнөх нэгэн сонгуулийн сурталчилгааны сонин дээрээ “Танд ямар дутагдал байдаг вэ?” гэсэн асуулт захиалж “Худлаа хэлж чаддаггүй ганц том дутагдалтай” гэж агуу худлаа ярьсан Батбаяр яг хэвээрээ. Харин автобусны тасалбарын үнэ 400,  троллейбусных 200 төгрөгийг яг хэлсэн. Ганхуягаас сургамж авч цээжилж цээжилж ирсэн байх.

Би ярилцлагыг дундаас нь үзэхэд хөтлөгчийн бусад асуултууд Батбаярыг бажгадуулж байсан. Ерөөсөө зурагт үздэггүй, өөдтэй юм гардаггүй гэж даналзсан ч “байцаалт”-ын эцэст “Цагийн хүрд”, 25-ын мэдээ хоёрыг үздэг, бас телевизийн зарим нэвтрүүлэг гайгүй болж таарлаа. 2008 онд Баянхонгор аймгаас сонгогдсоноос хойш тийшээ хоёрхон удаа очсоноо хичнээн цайруулаад ч “хоёрхон удаа” хэвээр үлдэв. “Баянхонгорчууд өөрсдөө  улс төржсөн” гэж дуугарсныг бодоход сонгогчидтойгоо түр тар хийсэн бололтой.

Харин хүүхдүүдээ улс төрд оруулах уу гэсэн асууултанд бултаад нэмэргүйг ойлгосон бололтой, томыгоо улс төрд бэлтгэж байгаа гэв.

Төгсгөл рүүгээ хөтлөгчийн асуултанд бачимдаж “… Чи залуугаасаа ийм явах юм бол чиний амьдрал тиймэрхүү л байх болно. Чи 24-хэн настай байж яаж чадаж байна аа… Миний хүүхэд байсан бол би алгадаад унагаачихсан, “битгий солиор” гэж хэлнэ”, бас “молекул” нэрний утгыг асуухад “Би чамаар молекул гэж хэлүүлмээргүй байна” (сонины ярилцлагад, энэ нэрнээс ичдэггүй, намайг нямбай, нарийн, тооцоотой учраас найзууд тэгдэг” гэж хариулсан удаатай), … Би арай өөр яриа байх гэж бодож танай энэ “Гамбир” нэвтрүүлэгт орж ирсэн. “Гамбир” гэдэг нь гамбир болгоно гэсэн үг юм байна даа” гэх мэтээр баахан нервтсэн ч гар барьж салсан юм.

Батж.Батжаргалын хамгийн чухал нууц – Хөвсгөлийн фосфофитыг “Талст маргад”-тай хамт яг яаж авсныг тултал асуух байсан ч хөтлөгчид мэдээлэл дутаж үргэлжлүүлээгүй, бас Тавантолгойн 14-ийн нэг байсан түүхийг сөхсөнгүй.

Оносон асуултууд улс төрчдөд хүмүүжлийн ач холбогдолтой бөгөөд оносон сум шиг улс төрчийнх нь хувьд дуусгаж ч чадна. Хурааж цуглуулснаа идэж уугаад жаргаж сууна биз.

Posted in Шууд ТВ | 9 Comments »

Нэр дэвшихэд ТББ хэрэг болдог

Posted by Ажиглагч on 2012/03/08

2012 оны УИХ-ын сонгуудьд нэр дэвших хүсэлтэй компанийн захирлууд янз бүрийн ТББ-ын нэрээр телевизийн дэлгэц рүү нэвтэрч сэм сурталчилгаагаа эхэлсээр байна.

Тэдний нэг “Гандирс” компанийн захирал Ц.Эрдэнэчулуун гэдэг эмэгтэй өнгөрсөн сард МҮОНТ-ийн “Ярилцья” нэвтрүүлэгт “Мянганы дэвшил” ТББ-ын тэргүүний хаягаар оролцож хөдөөгийн малчин эмэгтэйчүүдийг Америк руу авч явахаа зарлав. Арай өмнөхөн Ш.Гүрбазарын “Хариулахгүй ч байж болно” нялуун ярилцлагад оролцсон бичлэг нь youtube-д “Дэлхийн шилдэг бизнес эмэгтэй Эрдэнэчулуун” гарчигтайгаар тавигджээ. Ноднингоос хойш хэд хэдэн сэтгүүлд ярилцлага өгч хавтсан дээр нь байрласан билаа. Тун саяхан “25-р суваг” телевизийн “Би чамаас-Чи надаас” эчнээ ярилцлагад сууж харагдав.

Үнэхээр нэр дэвшихээр шийджээ.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

МҮОНТ: Гэрээт банк, компаниуд …

Posted by Ажиглагч on 2012/03/06

МҮОНТ, ялангуяа “Монголын мэдээ” агентлагийн удирдлага Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг дахиад нэг уншвал гайхаж, бас цочиж магадгүй. Үнэхээр тийм: мэдээллийн хөтөлбөрийн дундуур ямар ч зар сурталчилгаа нэвтрүүлэх ёсгүйгээс гадна арилжааны болон далд зар сурталчилгааг бүрмөсөн хориглодог. Гэтэл тэд хуулиа сэм сэмхэн зөрчсөөр байгаад сүүлдээ баримжаагаа алдаж улаан цайм болжээ.

Юуны өмнө “Цагийн хүрд”. Энэ удаад төр засгийн ухуулга сурталчилгааг үлдээгээд (дараа бичнэ) зөвхөн арилжааны реклам сурталчилгаанд анхаарлаа хандуулья.

Сүүлийн хэдэн жилийн турш “Цагийн хүрд”-ийн дугаар бүрт “Монголын мэдээ” агентлагийн технологийн түнш – Summit Computer Systems, Юнител-ийн Premium үйлчилгээ зэрэг байнгын болон нэг удаагийн 2-3 ил сурталчилгаа, бас 1-3 далд сурталчилгаа орж байна. Эхнийхийг ивээн тэтгэлэг гэж өмөөрөхийг сонссон, тэгвэл  мэдээллийн хөтөлбөрийг ивээн тэтгэх явдал бас хуулиар хориотой.

Далд сурталчилгаанууд нь сэтгүүл зүйн мэдээ, сурвалжлагын хэлбэрээр байдаг.  Ажиглахад, олон нийтийн телевизэд хэдэн том банк, компани  онцгой эрх эдэлжээ. Юуны өмнө ХААН банк. Ноднингоос хойш Ням гариг бүрийн 19.40-өөс “ХААН банк-талархлын баяр”-ын азтан тодруулах арга хэмжээг шууд дамжуулж (бас “Цагийн хүрд”-ээр давтаж мэдээлэхээ мартдаггүй) байна. Ийм тансаг сурталчилгаа гэж байх уу? Тус банкныхан юу ч болсон хамаагүй, саяхан худалдааны санхүүжилтын гэрээ байгуулах сэдвээр сургалт явуулахдаа “Монголын мэдээ”-гийн сэтгүүлчийг дуудсан байв. Дараачийнх нь “Капитал” банк. “Цагийн хүрд” эхлэхийн өмнө байнга үзүүлдэг нэгэн сурталчилгаанд өмнө цацаж байсан захиалгат сурвалжлагуудаа нэгтгэжээ. Огт нуухгүй, санаа зовохгүй байна гэсэн үг. Сүүлдээ цаг агаарын мэдээгээ “Капитал”-ын сурталчилгаатай хамтруулдаг болов. Энд тэнд  банкны салбар нээгдэж  тууз хайчилсан арга хэмжээнүүд “Цагийн хүрд”-ын хамгийн дуртай сэдэв. “Хаан”, “Капитал”-аас гадна “Хас” банкны элдэв арга хэмжээ, жишээлбэл “Хас лото”-гийн шалгаруулалт, Төрийн банк, Хадгаламж банкны сурвалжлаган сурталчилгаанууд ээлжлэн гарсаар байна.

Компаниудаас “Мобиком” ба “Юнител” хоёрын шинэ салбар, шинэ дугаар, урамшуулал, сугалаа тасрахгүй. MCS группын сурталчилгаанууд бас тасархай: түүний харьяа “Орчлон” сургуулийг монголын бусад бүх сургуулиудыг нийлүүлснээс олон удаа сурвалжилжээ. Саяхан “Орчлон” сургуулийнхан их ажилтай байна” гэж магтаж ядсан мэдээ үзсэн. Он гарснаас хойш Моннис ба MSM-ийн автомашины өргөтгөсөн худалдаа, нээлттэй өдөрлөгүүдийг алгасалгүй зарлаж өгч байна. “Соёолж” төв,  “Талх чихэр”, “Мах импекс”-ийн сурталчилгаа үе үе гардаг. Үл хөдлөх хөрөнгийн “Мастер пропертиз” компани  дөрвөн жилийн ойн арга хэмжээгээ хэдэнтээ үзүүлсэн бол “Тэсо” компани “Дэлхийн аялал” нэртэй урамшууллын азтан шалгаруулах нэвтрүүлгээ шууд цацуулжээ. “Оюуны ундраа” групп өөрийн зардаг европын “Грюндиг” брэндийн цахилгаан бараа ба “Монголын санхүүгийн групп” ББСБ-ынхаа зээлийн үйлчилгээг бас “Цагийн хүрд”-ээр танилцуулсан. Тусгаар тогтнолын ордонд нээгдсэн “Оргил” супермаркет ч бас амжуулжээ. Саяхнаас “Улаанбаатар цахилгаан шугам сүлжээ” гэж компани ой тэмдэглэсэн ч, хурал зохиосон ч, ажилчиддаа байшин өгсөн ч олон нийтийн телевизээр гайхуулах боллоо. Цагаан сараар компаниуд мэндчилгээ нэрээр цагаандаа гарсныг бэлэг дэмбэрэлээ бодоод, бас дуусахгүй учраас нэрээр тоочихгүй  өнгөрөөе.

Энэ бүхэн Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг шууд зөрчиж байгаа баримтууд юм. “Сауз гоби сэндс” компани ажилчдаа бөөнөөр халсан, хайгуулын лицензээ ашиглалтын болгосныг тойрсон дуулиан дэгдээд байхад тус компани 2011 оныг гайхамшигтай амжилтаар үдсэн талаар “Цагийн хүрд”-ээр жигтэйхэн сайхан сурвалжилж өгсөн нь бас л далд сурталчилгаа.

Том банк, компаниуд МҮОНТ-ээр мэдээ, сурвалжлага захиалах тоолондоо мөнгө бариад гүйдэггүй, бөөнөөр шилжүүлдэг, үүний тулд “хамтран ажиллах гэрээ” байгуулж, тухайн компанийн талаар сөрөг мэдээлэл цацахыг хааж чадаж байна. Иймээс “төлбөртэй”-гийн оронд “гэрээт” мэдээ, сурвалжлага гэж нэрлэе.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

МҮОНТ: Нэвтрүүлгийн нэрний цаана …

Posted by Ажиглагч on 2012/03/04

МҮОНТ-ийн хөтөлбөрт зөвхөн нэрийг нь битүүхэн зарлаж байгаад үзүүлдэг төлбөртэй нэвтрүүлгүүдийг хэлье. Юуны тухай, ямар агуулгатайг нэрнээс  таах аргагүй бөгөөд оршил, танилцуулгагүйгээр эхэлж, төгсгөхдөө уран бүтээлчдийн нэрс, хаяггүйгээр зөвхөн “2012 он” гэж бичдэг хачин онцлогтой. Бодоход, нэрээ нуусан сэтгүүлч, зураглаач нар хаанаас ч юм захиалга авч бэлтгээд олон нийтийн телевизийн хаалгаар оруулж, дээр нь мөнгө тавиад зугтдагаас зайлахгүй. Цагаан сараас өмнө надтай тааралдсан тийм нэвтрүүлгүүдийг тэмдэглэж авснаа жагсаав.

1-р сарын 18. 21.30 “Зуун дамнасан тэмүүлэл”

1-р сарын 19. 18:30 “Эрдмийн баяр” сурвалжлага

1-р сарын 26. 19.00 Сэтгэлд шингэсэн үйлчилгээ.

Гаднын захиалга. Бүгд Найрамдах Солонгос улсын нэгэн эмнэлгийн тухай цуврал нэвтрүүлэг  

1-р сарын 31. 18.40 “Хамтын ажиллагааны эхлэл”. БНСУ-аас бэлтгэв.

Гаднын захиалга. Солонгосын Гуму нэртэй хотын нэгэн эмнэлгийн тухай сурталчилгааны нэвтрүүлэг

2-р сарын 1. 18:30 Сэтгэлд шингэсэн үйлчилгээ. 

Дахиад Солонгос улсын нэгэн эмнэлгийн тухай цуврал нэвтрүүлэг

2-р сарын 1. 19:00 Захиалгат нэвтрүүлэг: “Илч гэрлийн эзэд” Дулааны IV цахилгаан станц ХК

2-р сарын 3. 18.10    Захиалгат нэвтрүүлэг: “Илч түгээсэн он жилүүд

Дархан-Уул аймгийн “Дулаан түгээх сүлжээ” ТӨК-ийн амжилтын тухай. Дээрх хоёр нэвтрүүлэг бол “захиалгат” гэж бичсэн ховорхон тохиолдол. Хэрвээ бүгдийг ингэж шударгаар бичвэл олон нийтийн телевизийн хөтөлбөр хэцүүхэн харагдана.     

2-р сарын 4. 19.10    “Хөгжлийн түлхүүр-хүн”

MCS группийн сурталчилгааны нэвтрүүлэг. 

2-р сарын 11. 19.05    “Хөгжлийн түлхүүр-хүн”. 

MCS группийн сурталчилгааны нэвтрүүлэг. 

2-р сарын 12. 12.50    “Хөгжлийн түлхүүр-хүн”

MCS группийн сурталчилгааны нэвтрүүлэг.

2-р сарын 13. 18.10    Шинэ цагийн эхэнд. 

“Хас” банкны 10 жилийн ойд зориулсан сурталчилгааны нэвтрүүлэг. Төгсгөлд нь нэр, хаяг байтугай  он ч гараагүй.

2-р сарын 14.  17.30    Эх орны үйлдвэр: Монгол зэс – “Эрдмин” үйлдвэр”

“Эрдмин” үйлдвэрийн 15 жилийн ойд зориулсан сурталчилгааны нэвтрүүлэг. Эрдэнэтийн “Зэс эрдэнийн хувь” хөдөлгөөнийхөн байр сууриа илэрхийлье гэсэн хүсэлтийг МҮОНТ-ийнхэн хүлээж авалгүй хэдэн сар хүнд сурталдсаны эцэст сая нэг Орхон аймагт морилж хоёр талын байр суурийг ээлжлэн яриулсан цуврал бэлтгэж гаргасан нь сайшаалтай. Гэхдээ гар хоосонгүй, төлбөртэй нэвтрүүлэгтэй буцаж ирсэн нь энэ юмТөгсгөлд нь нэр хаяг үгүй, 2012” гэсэн тоо л гарлаа. 

2-р сарын 15. 13.10    Үйлс ундарсан жил. 

“Улаанбаатар төмөр зам”-ын өнгөрсөн оны ажлын амжилтыг танилцуулсан сурталчилгааны нэвтрүүлэг.

2-р сарын 15. 19.20    Ерөөл шингээсэн “Өглөө”сүү.

2-р сарын 20. 11.40    Ерөөл шингээсэн “Өглөө” сүү.

Тайлбар хэрэггүй биз.

Нарийн яривал, захиалгатай буюу төлбөртэй нэвтрүүлэг зөвхөн энэ хэд биш юм. Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар бэлэглэе”, ХЗДХЯ-тай хамтарсан “Эрх зүйн хөтөч”, ноднин жилийн турш үргэлжилсэн “Ногоон хөгжил” зэрэг нь төслийн нэвтрүүлгүүд. Долоо хоног тутмын “Орчин үеийн биотехнологи ба био аюулгүй байдал” гэж бас байна. Миний үзээгүй, надтай тааралдаагүй  өөр нэвтрүүлгүүд байгааг үгүйсгэхгүй.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

МҮОНТ: Зарладаггүй …

Posted by Ажиглагч on 2012/03/02

Нэгдүгээр сарын сүүлчээр шинэ сайдуудыг томилсон УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр АН-ын дарга Н.Алтанхуяг “Засгийн газрын асуудал ярингуут захиалгат нэвтрүүлэг явуулах юм. Үүнийгээ болиоч” гэснийг МҮОНТ-ийн “Цагийн хүрд”-ээр үзүүлсэн юм. Ерөнхий сайдаас Ухаахудагийн лицензийг нэхэх хүртлээ хурцдаж байсан урт хэлэлцүүлгээс зөвхөн үүнийг онцолсон нь сонин байлаа.

Орон гарсан сайдуудын оронд УИХ-ын гишүүдээс нэр дэвшүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгч, араас нь АН-ынхан няцаасныг “Монголын мэдээ” өөрөө хэдэнтээ шүүмжилсэн билээ. Эзэнгүй тайлбар хэлж, бас иргэдийн яриаг “Цагийн хүрд-ээр шалгарсан аргаараа оруулаад (гудамжинд яваа хүнээс хүссэн хариултаа авах амархан:  “Засгийн газар хурдхан бүрдээд ажлаа сайн хийгээсэй гэж та боддог уу?” гэсэн асуултанд бүгд “боддог” тухайгаа хэлж таарна) “төрийн ажил саадгүй яваасай гэсэн иргэдийн хүсэл нэг байна” гэсэн дүгнэлт хийснээс гадна Батлан хамгаалах сайд агсан Ш.Жадамбаагийн тухай “Эх орны төлөө цохилох зүрх” баримтат киног 1-р сарын 23,24-ны өдрүүдэд давтан гаргажээ. Ерөнхий продюсер нь түүний хүү бөгөөд Батлан хамгаалахын сайдад нэр дэвшээд дэнжигнэж байсан Ж.Энхбаяр. Товчхондоо, пиар байлаа.

Энэ баримтат кино хөтөлбөрт бичигдээгүй бөгөөд гэнэтхэн дайрч орсон юм. Аливаа телевизэд нийтийн өмч болсон агаарын долгионыг ашиглуулж байгаагийн хувьд улс оронд онцгой  нөхцөл үүсэхэд “хөтөлбөрт ороогүй” нэвтрүүлгийг оруулах эрхийг төр эдэлдэг. Харин дээрх тохиолдолд сайдын суудлын хувь заяаг онцгойд тооцжээ. Дээрхэн “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн”-ийхөн МҮОНТ дээр очиж үзэл бодлоо илэрхийлэх цаг олгохыг шаардахад “манайх хөтөлбөрөө бүтэн жилийн өмнөөс баталдаг учраас ямар ч зай завсар байхгүй” гээд буцаасан цуутай тайлбар бий.

Юун жилийн өмнө төлөвлөх. Хэрвээ та эрх мэдэлтэй, эсвэл мөнгөтэй бол хүссэн нэвтрүүлгээ “оочиргүй”  оруулж чадна. Нэгдүгээр сард МҮОНТ-ийн хөтөлбөрт байгаагүй БНХАУ-ын Өвөр Монголын Monmilk компанийн сурталчилгааны жижиг нэвтрүүлэг хэдэнтээ (жишээлбэл, 1-р сарын 18,25,28-нд) гарлаа. Яг энэ нэвтрүүлэг “25-р суваг” телевизээр зөндөө гарсан ч зөвхөн олон нийтийн телевизэд ийм далд сурталчилгааг хориглосон хуультай. Арилжааны телезизүүд “Монмилк”-ийн меламинтэй байж болзошгүй сүү Монголд дахин худалдагдаж эхэлснийг шүүмжилсэн сурвалжлага үзүүлж байхад олон нийтийн телевиз иймэрхүү асуудлын учрыг олж хужрыг тунгаахын оронд шууд захиалга авч гүйцэтгэжээ. Хэн, хэзээ мөнгө бариад орж ирэхийг мэдэх аргагүй тул иймэрхүү нэвтрүүлэг хөтөлбөрт байхгүй нь аргагүй.

P.S: Хоёрдугаар сарын эхээр нэгэн орой МАН-ын бага хурлын 3-р хуралдааны бичлэгийг хэдэн цагийн турш үзүүлсэн бол 3-р сарын 1-нд Эх орончдын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг гэнэтхэн шууд дамжуулав. Дараа нь “Ийгл” телевизийн “Блиц 100” ярилцлагыг давтлаа. Олон нийтийн телевиз арилжааны телевизийн дамжуулагч болж тусалсны тайлал нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ярилцсанд байжээ.

P.P.S: 3-р сарын 13-ны Ням гаригийн хөтөлбөрт 17.40 “Эх орны төлөө” нэвтрүүлэг бичигджээ. Гэхдээ оронд нь “Сэрүүн сервис” компанийн инженерүүд Арабын нэгдсэн Эмират Улсын Дубай хотод сургалтанд суусныг сурвалжилсан нэвтрүүлэг үзүүллээ. Ямар ч ул мөр үлдээгүй, цэв цэвэрхэн…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

“Яасан сонин юм бэ?”-гээс “Зүгээр ээ” хүртэл

Posted by Ажиглагч on 2012/03/02

Ойрын өдрүүдийн хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг бол UBS телевизийн Universe Best Songs юм шиг байна. Үдэш бүрийн оргил цагаар бүгд л үзэж харагдах юм. Нэлээд хэдэн жил зохиогдож зүгээр нэг дууны тэмцээнээс хальж  эхлэл, хоёр хөтлөгчийн жүжиглэл, төгсгөлийн дууг багтаасан бүхэл бүтэн шоу болж хувирсан энэ нэвтрүүлгийн хэдэн дугаарыг арга буюу үзлээ. Дуучны хоолойн бүдүүн, нарийний (энэ хоёрыг ч нэг муу ялгаад байгаа) хажуугаар доод, дээд өнгө, нугалаа, диапазон гэж юм байдгийг мэдэж авлаа.  Харин яахаараа “чи шүү” болдгийг бүү мэд. Гэхдээ яаж дуулснаас илүү яаж шүүж, бас шүүлгэж байгаа хамаагүй сонирхолтой.

Уржигдар үдэш нэг охин дараачийн шатанд тэнцэх шахсанаа ойлгохгүйгээр, шүүгчдийн жаахан шүүмжлэлийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлэхийн оронд “би өөрийгөө урлагт авъяастай гэж үздэг” гээд гөжлөө. “Дургүй хүрсэн” (Амархүүгийн үг) шүүгчид түүнийг бусдын үгийг сонсож сурах хэрэгтэйг сануулахад “ямар сонин юм бэ?” гэж хялалзаад өөрийгөө бүрмөсөн баллаж орхив. Бүр тайзнаас буухгүй аашилсан  тул шүүгчдийн нэг “эсвэл чи, эсвэл би явъя” хэмээн айлгаж байж сая нэг холдуулав. Камерийн өмнө бишсэн бол тачигнатал хэрэлдэхээс сийхгүй бэлтгэлтэй санагдсан шүү.

Харин өчигдөр өөр нэг охин англиар дуулахдаа үгийг нь бараг уншсанаас тэр үү шүүгч Рагу шууд зогсоож “дуу бол ном биш” гэж сануулав. Араас нь нөгөө хоёр шүүгчээс “чи тэнцэхгүй” гэсэн үг сонссон  авъяастан маань “зүгээр ээ” гэж гудиггүйхэн талархаад  цааш одов. Бөөн инээд.

Posted in UBS телевиз | Leave a Comment »

Хүмүүжээгүй “Хатагтай”

Posted by Ажиглагч on 2012/02/18

Хүмүүс гамшиг осол тохиолдож амь нас аюулд учирсан тохиолдолд гал команд, цагдаа, түргэн тусламжийг дууддаг. Хөдөлгөөнт эргүүл бол маш шуурхай ирнэ. Харин эрх ашиг хохирч арга барагдах, заримдаа бухимдахаараа 1952 дугаарт залгаж TV8 телевизэд ханддаг болжээ. Хааяа хог шатаагаад байна, ус алдлаа, тог тасрав гэсэн ялих шалихгүй гомдлын мөрөөр очин хэрүүл маргаанд оролцдог бол саяхан хойт аав, согтуу ээж хоёртоо зодуулж байсан жаал хүүг хөршүүдийн дуудлагаар очиж хамгаалсан, магадгүй аварсан. Ноднин үргэлж согтуу ирж бусниулдаг танхай хүүгээ TV8 дуудаж өгсөн ээжийг үзсэн.  Үнэхээр арга тасарч цөхөрсөн хэрэг. Бас ядуугийн туйлд хүрсэн, эдгэшгүй өвчинд нэрвэгдсэн зөндөө айл өрхийг “Ард түмний толь”-иор үзсэн сайхан сэтгэлтэй хүмүүс хоосон өрөвдөөд суулгүй тусалсан жишээ олно. Иргэд өөр телевизүүд рүү утасдахад очиж сурвалжлах магадлалтай ч TV8 шиг өдөр шөнөгүй явдаггүй.

Энэ ажил сэтгүүлчийн хувьд нойр хоолоо алдахаас гадна эрсдэлтэй. “Толь” мэдээллийн хөтөлбөрийн сурвалжлагч Ж.Минжин “Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар” нийгэмлэгийнхэн “Дэлхий 2012 онд сөнөнө” гэж номлодог талаар мэдээлэл авч тийш очоод солонгос эзнээс авсан үгүйсгэсэн хариултыг багтаасан сурвалжлага бэлтгэж 2011 оны 9-р сарын 6-нд нэвтрүүлсний дараа тус сүмээс телевизийн захирал руу ярьж бичлэгийг устгуулсан төдийгүй сүмийн солонгос эзэн,  монгол залуугийн хамт ирж “Чамайг ална. Чамайг хорлоно. Танай муусайн хэдэн сэтгүүлчдийг ахиж ганц үг дуугарахгүй болгоод өгч чадна шүү” хэмээн заналхийлж байгаад явжээ. Тус сүмийн бусад итгэгч нар ч удаа дараа дарамталсан байна. Бас болоогүй 2011“бодит байдалд нийцэхгүй мэдээлэл нийтэд тарааж шашин шүтэх, эс шүтэх эрхэнд халдаж, нэр хүндэд хохирол учирсан” гэх үндэслэлээр 30 сая төгрөг шаардаж, дээрх сурвалжлагадаа телевизээрээ няцаалт хийх, уучлал гуйхыг шаардсан нэхэмжлэлийг  2011 оны 12-р сарын 27-нд  Чингэлтэй дүүргийн шүүхэд  гаргаад байгаа.

Саяхны нэг жишээ. 2-р сарын 14-нд TV8 телевизийн сэтгүүлч “Хатагтай” эмнэлэгт эхнэрээ хэвтүүлсэн ч сайн эмчлүүлж чадаагүй залуугийн гомдлын дагуу очжээ. Эхнэр нь тус эмнэлгийн эмч нарыг бүдүүлэг, дуудуулж байж ирдэг, өрөө нь хүйтэн гэсэн бол нөхөр нь “хүүхэд гарчих гээд байхаар нь тогтоох гэж энд хэвтүүлэхэд  маргааш өдөр болтол эмчилгээ хийхгүй болохоор нь Отгонболд эмчид хэлэхэд дусал залгачихья гэсэн. Гэтэл гурав хоногийн дараа хүүхдийг нь “цэвэрлэнэ” гэсэн тул орж муудалцахдаа хараал хэлсэн (яах аргагүй түүний буруу), улмаар зодуулах шахсанаа ярьжээ. Сэтгүүлч Отгонболд эмчтэй утсаар холбогдоход “ярилцлага өгч чадахгүй” гэсэн бол аав нь тэнд тааралдаж өвчний түүхийг үзээггүй мөртлөө “Та нар анагаах ухааны доктор хүнтэй юу яриад байгаа юм… Тэр эмэгтэйн аборт хийлгэснийх биз, 28 хүртэл аборт хийлгэхгүй явна гэдэг чинь худлаа, өнөөдөр аборт гэдэг чинь секс хийхтэй адил зүйл болсон” гэж загнахыг “Ард түмний толь”-иор нэгд нэгэнгүй үзүүлсэн юм. Тэр ярианд үзэгчид маш дургүйцсэн биз.

Маргааш нь эмнэлэг, телевиз хоёрын хооронд юу болсныг таахаас өөр аргагүй. Нөгөөдөр орой буюу 2-р сарын 16-нд “Хатагтай” эмнэлгийн талаар төрөл арилжсан сурвалжлага үзүүлэв. Отгонболд эмч өөрийгөө хамгаалж “Тэр залуу үзлэг хийж байсан өрөөнд орж ирээд намайг хараахаар нь би гарч учраас ольё гэсэн…. Өрөө сэрүүхэн байна гэдгээр далимдуулан мөнгөө төлөхгүй гарах гэсэн байх чааваас…. Би 30 мянганы хүний амь сүйтгэж байгааг эсэргүүцсэн… Иймээс миний эсрэг далд явуулга байх…. Би учрыг олно…” гэхчлэн ярьж суулаа. Дараа нь сурвалжлагч Минжин тус эмнэлэгт хэвтэж байгаа эмэгтэйчүүдтай уулзаж өрөөнүүд дулаахан сайхан байгааг хэлүүлж төгсгөв.

Отгонболд захирал TV8-ын сэтгүүлчийг нэлээд сайн “хүмүүжүүлжээ”. Телевизийн захирал нь сэтгүүлчээ хамгаалсангүй. Иймээс эргээд нөгөө залуудаа хандаж дахин тайлбар авахаас айжээ. Миний хувьд хоёр талаасаа уучлал гуйж гар барилцахыг хүлээж байсан гээч. Найдвар тээж эмчлүүлэхээр ирсэн хөөрхий тэр эмэгтэйг эмчилж чаддаггүй юмаа гэхэд ядахдаа халамж тавьж ар гэрийнхэнтэй нь эелдэгээр харьцаж чаддаггүй “Хатагтай” эмнэлэг энэ удаад “хүмүүжсэнгүй”.

Posted in TV8 телевиз | 1 Comment »

Энхбаярын ярьж өгсөн нэвтрүүлгийн дараа

Posted by Ажиглагч on 2012/01/19

Өнгөрсөн оны 12-р сард “Улаанбаатар таймс” сонины (яг үнэндээ хэвлэх үйлдвэрийн хуучин байр, түүний газрын) хувьчлалын талаар “Детектив” нэвтрүүлгийг бэлтгэж үзүүлсний дараа TV9 телевизийнхнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс хэрэг үүсгэн дуудаж мэдүүлэг авсан талаар тус телевизийн ерөнхий захирал Ц.Энхбат, ерөнхий продюссер, Д.Төрмөнх, мөн өмгөөлөгч О.Баа­санхүү (бас МАХН-ын өмгөөлөгч гэдгийг мэднэ) нар Монго­лын Сэтгүүлчдийн Эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридаар хүч нэмэгдүүлсэн хэвлэлийн хурал хийлээ.

Тэд их л томоос эхэлж ардчиллаас хойш 20 жил өнгөрөхөд Монголд хэвлэлийн эрх чөлөө бүрмөсөн алга болсныг Энхбат захирал зарлав. Санал нийлэхгүй байна. Асуудал байгаа нь үнэн, гэхдээ 10 жилийн өмнө буюу 2000 онд тус телевизийн одоогийн эзэн Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайд болонгуутаа тэр үеийн хэвлэл мэдээлэлд давамгайлж байсан сонинуудад шалгалт оруулж зарим нэгийг хаалгасан, Монгол телевизийг аль 1999 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу олон нийтийн болгохын оронд өөрийн засаглалын жилүүдэд бүрэн мэдэлдээ байлгаж Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газрын даргаар өөрийнхөө сэм хувьчилж авсан “Засгийн газрын мэдээ”/“Зууны мэдээ”-г мануулж үлдээгээд байсан Б.Ганболдыг, харин Монгол телевизийн захирлаар өөрийг нь томилсон,  бас эхнэрийнхээ удирддаг “Чөлөөт хэвлэл” сангийн нэрээр чөлөөт сонинуудыг жагсааж байгаад Ерөнхийлөгч Н.Багабандийг туулгасан тэр хэдэн жилийнхтэй зүйрлэхийн аргагүй дээрдсэнийг мэдэн будилжээ. Наад зах нь улс төрөөс арчигдах шахсан экс ерөнхийлөгч хүртэл өнөөдөр телевиз эзэмшээд тааваараа тооцоо бодож суугаа билээ.

Хуралд оролцогсод том ярьцгаасан хэрнээ TV9-ыг яг юуны төлөө буруутгасныг тодорхой хэлсэнгүй. Зөвхөн Д.Төрмөнхийн ярианаас, уг нэвтрүүлэгт “Улаанбаатар таймс”-ын хувьчлалтай холбогдуулан Н.Энхбаярыг өмөөрсөн, эсвэл Д.Дорлигжав, Т.Бадамжунай, Ц.Нямдорж, Т.Билэгт, Л.Сэргэлэн тэргүүтэй олон хүмүүсийг буруутгаж илчилсний төлөө дуудаагүй, харин уг хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч, хошууч Отгонжаргалын “нэр явж байсан учраас” гэж ойлгогдов. Хэрвээ тийм бол арай өөр хэрэг. Гэхдээ нэвтрүүлэгт тэр нэр яаж “явсныг” сийрүүлбэл, “… Хошууч Отгонжаргал нь Бөхийн холбооны тэргүүн Нямдоржийн төрсөн дүү. Уг нь шударга байхыг хичээдэг мөрдөн байцаагч байсан. Тэгээд ч бөхийн холбооны Нямдорж ах нь “Манай удмынхан хэзээ ч хүнд муу юм хийж амь амьдралаа залгуулж байгаагүй. Чи ч гэсэн “Улаанбаатар таймс”-ын дуулиантай асуудлаар шударга л бай. Дээрээс чинь шахаад буруу юм хийлгэх гээд байвал наад ажлаасаа гар гэж хэлсэн гэдэг. Уг нь ухаантай хүнд сонсвол юм бодохоор л үг. Даанч Отгонжаргал нь ахынхаа үгэнд орохгүй, удмандаа хүний муу үзэж амьдрах гэж оролдож байгаа анхны хүн болов. Тэр дарга нарынхаа даалгаврыг биелүүлж буруугүй хүмүүсийг буруутгах гэж улайрна. Ямар сайндаа л Нямдорж сайд “До.Чулуунбаатар сэтгүүлч  хүний өмнөөс 2-3 сар шоронд суусан” гэхэв. Ийм илт хууль зөрчсөнийг хүлээн зөвшөөрсөн ажлыг хэн хийв? Ажлын хэсгийн ахлагч Отгонжаргал хошууч… Хамгийн инээдтэй бөгөөд харамсалтай нь үүрэг даалгавар өгсөн дарга нар нь “бууны нохой” болсон Отгонжаргал мэт, дунд доод шатны албан тушаалтныхаа араар гэмгүй царайлж нуугдана… Отгонжаргал яагаад ахынхаа ухаантай үгэнд орохгүй байгаа юм бэ? Өөрөө дарга нар нь хууль бус даалгавар өгч байгааг сайн мэдэж ойлгож байгаа шүү дээ. Энэ тухай шалгаж байгаа хүмүүст, өмгөөлөгч нар учирлан хэлсэн байдаг…”.

Зүгээр ч нэг “яваагүй” юм байна. Ажлаа хийж яваад удам судраараа дуудуулсан мөрдөн байцаагч Отгонжаргал Сүхбаатар дүүргийн цагдаад гомдол гаргасан бололтой. Хамгийн гол нь ах нь дүүдээ юу гэж сургасныг, ер нь баахан хүний, тэр тусмаа албан тушаалтнуудын хоорондын яриаг тагнаж чагнаагүй л юм бол нэвтрүүлгийн зохиогчид хаанаас мэдэв?  Иймээс Н.Энхбаярын ярьж өгсөн нэвтрүүлэг  гэдэгт эргэлзэх юм алга. Жишээлбэл, түүний хэн нэгэнтэй хоёулхнаа юу ярьсныг Энхбаяраас өөр хэн ч хэлэхгүй. Үүнийгээ булзааруулах гэж дээрхэн үед Бямбын Ринчингийн хэлснээр “нэрээ нуугаачингуудын” аргыг хэрэглэж урт бичдэг нэгэн нийтлэлчид “сэтгэлээ онгойтол” ярьж томоос том өгүүлэл бичүүлээд “Боршувуу” нэртэй блог дээр тавиулж (дараа нь хулгайч сайтууд хуулж тавихыг хүлээж байгаад устгачихсан. Одоо бүгд л муу нэртэй “Бор шувуу”-г чичилсэн жигтэйхэн цэвэрхэн улсууд) түүнээсээ авч уншаад дүрсжүүлсэн нэвтрүүлэг байжээ.

Хурал дээр зарласан өөр нэг чухал мэдээлэл бол уг нэвтрүүлгийг хөтөлсөн залуу сэтгүүлч (Биндэрьяа гэсэн байх) цагдаад дуудагдсанаас болж “цочирдож, зүрх зориг нь мохож” цаашид энэ нэвтрүүлгийг хөтлөхгүй гэж өргөдлөө өгсөн гэнэ. Айсандаа бус, бусдын гар хөл болж явахаас цэрвэсэн биз. Энэ бол анх удаа сэтгүүлч өөрийн үзэл бодолд нийцэхгүй нэвтрүүлэг хийхээс татгалзсан хэрэг юм.

TV9-ийнхөн мөрдөн байцаагдсан талаараа “Детективийн эсрэг детектив” нэвтрүүлэг хийнэ, цаашид “Детектив” нэвтрүүлгийг үргэлжлүүлнэ, өмч хувьчлалын талаар “зөндөө нэвтрүүлэг бэлтгэж байгаа” гэж амалсан юм. Тэгээсэй. TV9 телевиз байгаль орчных шигээ эрэн сурвалжлагууд үзүүлэхийг тэсч ядан хүлээж байя. Гэхдээ энэ төлөвлөгөө Н.Энхбаярын “Өргөө” зочид буудал ба “Улаанбаатар таймс”-ын нэртэй байшингийн хувьчлал яаж шийдэгдэхээс шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл, өмч хувьчлалын бусад хулгай луйврыг энэ нэвтрүүлэг шиг илчлүүлэхийн тулд хошууч Отгонжаргал экс ерөнхийлөгчийн хэргийг үргэлжлүүлэх хэрэгтэй болжээ.

Нэвтрүүлгийн эх сурвалж болгосон тэр нийтлэлийг үнэхээр сайн бичсэнийг хэлэх хэрэгтэй. Д.Дорлигжав, Т.Бадамжунай, Ц.Нямдорж, Л.Сэргэлэн нар үнэхээр муу хүмүүс, хулгайч, дарамтлагчид болохыг залхуугүй нотолжээ. Харин Н.Энхбаяр гэдэг гэгээнтний дандаа ойр дотнын хүмүүс энэ муухай юманд хутгалдсан нь тун сэжигтэй.

Posted in TV9 телевиз | Leave a Comment »

“Гадуур яригдаж байгаа …”

Posted by Ажиглагч on 2012/01/12

Өчигдрөөс хойш бүх хэвлэл мэдээллийн үндсэн сэдэв болоод байгаа Ардчилсан намын ҮЗХ-ны хурал дээр УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга чухам юу хэлж шуугиулсныг үзэгчиддээ хүргээгүй мөртлөө МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр энэ орой дээрх шүүмжлэлийг няцаасан MCS-ийн мэдэгдлийг цаг алдалгүй нэвтрүүлсний оршил нь “Энержи ресурс” уул уурхайн компани Монгол Улсын Засгийн газарт тогтвортой байдлыг гэрээг байгуулахаар өргөн бариад байгаа. Энэ гэрээний талаар гадуур яригдаж байгаа мэдээллэлтэй холбогдуулан MCS болон “Энержи ресурс” компанийн удирдлагууд мэдээлэл хийлээ” байв. Гадуур биш, дотуур, бүр Төрийн ордон дотроос тов тодорхой  ярьсныг яагаад ч юм хэлж зүрхэлсэнгүй. Араас нь “Энержи ресурс”-ын гүйцэтгэх захирал Батцэнгэл, MCS-ийн олон нийттэй харилцах албаны захирал Баяраа хоёрын яриаг үзүүлснийхээ дараа “энэ асуудал зөвхөн төслийн хэмжээнд яригдаж байгаа, өргөн баригдаагүй” гэж тайвшруулсаар төгсгөлөө.

Манайд ямар азаар олон телевиз байна аа. Хэрвээ ганцхан МҮОНТ байсан бол яана!

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 2 Comments »

Юмтай хүмүүс

Posted by Ажиглагч on 2012/01/12

“Шинэ дэлхий” телевизийн мэдээллийн хөтөлбөр хоёр үдэш дараалан нэгэн эрхмээр нээгдэв. Өчигдөр ямар нэгэн баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, МАН-ын намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, сонин хэвлэлийн асуудал задгай байгаа учраас мэдээллийн эрх чөлөөний асуудлыг нэг тийш шийдэх хэрэгтэй, сониныг ХЗДХЯ, телевизийг болохоор ХХЗХ бүртгээд байна гэсэн битүү юм ярихыг (МАН өөрөө бүртгэх үү?) үзүүлсэн бол өнөөдөр Нийгмийн ардчилал МЗХ-ноос зохион байгуулсан хэлэлцүүлгээр эхэлж гол баатар нь тус арга хэмжээг задалж тайлбарласан Я.Содбаатар байв. Хэд хоногийн өмнө Засгийн газраас гарахаа зарласан нөгөө намыг аймшиггүйгээр муулсан мэдэгдэл уншаад байсан тус телевизийн эзэн ч юмтай хүн шиг аашилж байна аа.

Бас өчигдөр TV5 телевизийн “Цаг” мэдээллийн хөтөлбөр “Ерөнхий сайд ба иргэн” уулзалтыг нэгд нэгэнгүй уянгалуулан сурвалжлах зуураа “энэ сайхан арга хэмжээг дуулиан шуугиангүй, дотно байлгахын тулд хэвлэл мэдээллийг бараг уриагүй” гэв. Уригдсан ганц нь Ерөнхий сайд дэргэд сууж харагдсан МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл хатагтайн эзэмшдэг TV5 өөрөө байсан хэрэг. Маргааш нь орой нь уулзалтыг дахиад бүтэн давтлаа.

Телевизүүд сонгуулийн горимд зугуухан шилжиж байна.

Posted in Шинэ дэлхий, TV5 телевиз | 1 Comment »

“Холимог хурал”

Posted by Ажиглагч on 2012/01/07

Олон төрөл жанрын хэвлэлийн хурал байна. Анх чухал арга хэмжээ, үйл явдлыг зарлах, онцгой мэдэгдэл хийхийн тулд сэтгүүлчдийг цуглуулдаг юм шиг байснаа сүүлдээ лекц унших, хичээл заах (гэхдээ дараачийн хуралд шахагдаад ганц цагаас хэтэрдэггүй нь сайхан), бас улс төрийн явдлыг зурагтаар үзээд төрсөн сэтгэгдлээ сонирхуулж, заримдаа хөнжилдөө хурхирч байгаа хоёр намыг сэртэл нь загнадаг хурал зөндөө болжээ. Амьдралаа хэнгэнэтэл хүүрнэх явдал ч гардаг. Нэг илтгэгч хамаг мөнгөө алдаж хоосорсноо (“одоо явган явж байна өө”) гэж гомдоллосон ч хурлын төлбөрөө дийлсэн л байгаа юм. Орой нь бүх телевизээр цацагдаж, маргааш өглөө бүх хэвлэлд бичигдэхэд сэтгэл онгойхгүй хаачихав. Эрдэнэчимэг гэж хүүхэн үе үе шүлэглэж бөөлдөгийг бүгд мэднэ. Ууланд гарч биш, хурал зарлаж байгаад! Тоосго шиг лаг номнуудаа урдаа хураачихаад өргөж гайхуулдаг Арго багш ойрд үзэгдээгүй. Борлуулж дууссан бол сайн хэрэг. Хэрэг түвэгт орооцолдсон этгээдийн сүүлчийн найдвар хэвлэлийн хурал ч тааралддаг.  Харин хүүхдийн тоглоомын талбай дээр газар ухаж барилга бариад эхэллээ, эсвэл Солонгос явж эмчлүүлэхэд 70 сая төгрөг хэрэгтэй гэж аврал эрсэн хурлыг шоолж таарахгүй.

Тэгвэл өчигдөр хэвлэлийн “холимог хурал” (хуурга биш хурал!) хэмээх цоо шинэ форматыг МҮОНРТ-ийн хэсэг дарга нар зохион бүтээлээ. Давхар, эсвэл хурал доторх хурал гэсэн ч болно.

Ийм учиртай. Сүүлийн хоёр жил шахам “Зэс эрдэнийн хувь” нэртэй хөдөлгөөний тэргүүн Д.Алтанхуяг “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн хаягдал овоолгыг боловсруулан зэс гаргаж борлуулаад Орхон аймгийн иргэдэд хүртээх санаачлага гарган бужигнуулж яваа. Ноднин иргэдээс 1000,1000 төгрөгийг татаж компани байгуулсан ч үйлдвэрийн удирдлага, Төрийн өмчийн хорооныхон судлах хэрэгтэй, оросуудаас асууна гээд огт зөвшөөрөөгүй. Тэгтэл үйлдвэрийн хэдэн дарга нарын ивээлээр “Ачит-Ихт” нэртэй үл мэдэгдэх компани сэмээрхэн зөвшөөрөл авч үйлдвэрээ байгуулж эхэлсэн нь саяхан илчлэгджээ. Бухимдсан Алтанхуяг үүний учрыг олохоор хэдэн сар хөөцөлдөөд бараагүй тул Ерөнхий сайд С.Батболдод хандаж “… Бид хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа төрийн мэдлийн МҮОНТелевизэд хандаад 2 сар орчим хугацаа өнгөрч байгаа боловч МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар үндэслэлгүйгээр хүндрэл учруулж эхэлсэн бөгөөд учрыг тодруулвал энэ эрхэм хүн бас л таны Засгийн газрын томилгоотой, эрхэм Сугартай нэг нутаг ус, найз нөхөд юм байх. Үүний зэрэгцээ ажлын байрандаа архидаж найрлаж, бид түүнд нь саад болж уур хилэнг нь их хүргээд, бидний хүсэлтийг хүлээн авахгүй байх шиг байна” гэсэн үгтэй шаардлагаа танилцуулахаар өнгөрсөн Баасан гаригт Mongolnews-ын мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлаад ярьж байтал гэнэтхэн МҮОНТ-ийн ерөнхий продюсер Ц.Лхагвадаш, программын хэлтсийн дарга Ч.Батцэнгэл, бас нэг дарга Ө.Нарангэрэл, мөн МҮОНР-ийн захирлаар мөнхөрсөн Б.Пүрэвдаш нар (ийм лут бүрэлдэхүүнтэй ирснийг бодоход Наранбаатар нь үүрэг өгчээ) ирж өөдөөс нь харж суугаад хариу ярьж эхэлснээр хэвлэлийн хурал дотор өөр нэг хэвлэлийн хурал үүсч сэтгүүлчдийг баахан алмайруулж хоёр тийш харайлгав.

Ч.Батцэнгэл Алтанхуягыг оны дараахан МҮОНРТ-ийн байранд очиж нэвтрүүлэг нэхэхдээ муудалцаж өөрийг нь боож унагасан бичлэг камерт үлдсэнийг сануулж “Танай хөдөлгөөн ямар хүнээр удирдуулж яваагаа хар” хэмээн ичээхэд цаадах нь мөчөөгөө өгөхгүй, тэгвэл МҮОНРТ-ийн дарга нар ажил дээрээ энэ бүрэлдхүүнээрээ архидаж байсныг нүдээрээ харсан тухайгаа хэлж оноо тэнцлээ.

Уг нь МҮОНТ-ийхэн Төрийн өмчийн хороонд хандаж нэвтрүүлэгт урьсан бичиг явуулснаа харуулсан ч зөвшөөрөөгүй гэнэ. Одоо энд тайлбар хийе. МҮОНТ-ийн амиа авч гардаг олон аргын нэг энэ байна. Ямар нэгэн эгзэгтэй асуудлыг боож унагахын тулд гэнэтхэн олон ургальчид хувирч нөгөө талтай барьцалдуулан гацаадаг. Заавал баахан дарга нарыг заавал телевиз дээрээ “жа” гэж цуглуулах (хов хоосон ярьцгаана л биз) ёстой гэж хэн хэлсэн юм бэ? Өрөөндөө пялхайж сууцгаахын оронд босож очоод эрэн сурвалжилж болохгүй юу? Хэрвээ энэхүү ноцтой асуудлын мөрөөр үнэхээр явья гэвэл тэр Алтанхуягтай (өөрөө ярилцлага өгөхийн түйс байж таарна), бас Төрийн өмчийн хороогоор дайрч Сугартай (заавал ярилцлага авна гээ сахихад зугтаад зугтаад хаачихав), дараа нь Эрдэнэтийг зүглэж Ганзориг захиралтай уулзаж бажгадуулаад, эцэст нь Эрдэнэт уулын тэр хэл амтай овоолгон дээр, тэр сэм үйлдвэрийн барилга дээр очоод зураглахад л бүх зүйл тодорно.

“Холимог хурлын” багийг тийш илгээх юмсан. Замдаа найрлаад сайхан явцгаана даа.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Хөнгөхөөн улс төржив

Posted by Ажиглагч on 2012/01/01

Бид 2011 оныг зурагт үзэж, 2012 оныг бас тэгэж угтлаа. Анзаарвал, заавал шинэ жилээр гэлтгүй нэртэй, нэргүй хүмүүс цугларч ууж идэнгээ пан гөрөхийг нэвтрүүлэг гэдэг болсон санагдав. Дунд ороод суучихсан мэт, уйдсангүй ээ. Он солигдсоны дараа шөнөжин сахиж суугаад ч хамаагүй заавал үздэг Х-ТҮЦ-ийн баярын хөтөлбөр энэ удаад “Өвлийн инээмсэглэл-2011” нэрээр UBS телевизээр гарав.

Театрын авъяастныг тодруулдаг To Be or Not To Be тэмцээнийг элэглэсэн нь үе үе элэг хөшөөсөн нэвтрүүлэг болжээ. Шинэ юм гэвэл “улс төржих” янз цухалзав. Аглуу (гавъяат жүжигчинЛ.Баттулга)-г хэлж байна. Нээрээ ч манай хошин шогийнхон тэнэгтсэн эр, аальгүй хүүхэн, хадам ээж, хазгар хөгшнөөр хэдий болтол зугаа гаргахав. Улс төрчийн ээлж дөхсөн байлтай.

Алиалагчийн хувцас өмсөж ирсэн эрхэм шууд л улс төр ярьж шалгаруулалтаас тэр дороо ус цацуулж хөөгдсөн ч хорооныхоо иргэдтэй мэндчилснээр барахгүй 2012 онд сонгуулиар хэнийг дугуйлахаа сайн бодохыг уриалж амжсан бол хойноос ирсэн Алла Пугачёва томчуудад хандсан гэмээр “Эй вы там наверху …” (үнэн хэрэгтээ тийм биш) дуугаа дуулав. Дараа нь үзүүлсэн “Алтыг нь аваад авдар нь үлдсэн Монгол” нэртэй модерн бүжгийн  тахийж  мурийсэн хөдөлгөөнүүд бүжигчин Аглуугийн шүүгчдэд тайлбарласнаар бол “уул усаа ухаж хонхойлгоод байна … нөхөн сэргээлтгүй газрууд ихэслээ … байгаль дэлхий нэг л шилгээнэ шүү … дэлхийн  зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ хэт өндөр байгаа”-г илэрхийлсэн гэнэ. Бас болоогүй, хоёрдугаар шатанд гараад хүний наймаа, хар тамхины наймаа мэтийг бүжиглэж үзүүлэхээ амаллаа. 

Энэ удаад Х-ТҮЦ-ийнхөн хөнгөхөн бөгөөд бүдэгхэн улс төржив. Дараагийн удаад арай тодруулж, нэр хаяг цухалзуулж элэглэвэл болох уу?

Posted in + ТЕЛЕВИЗ | 1 Comment »

Хаанахын шилдгүүд вэ?

Posted by Ажиглагч on 2012/01/01

Жилийн өмнө МҮОНРТ  санаачлан зарим арилжааны телевизийг өөртөө элсүүлэх, бас Монголд цорын ганц өргөн нэвтрүүлгийн радио  дээрээ FM-үүдийг нэмэх замаар Монголын радио, телевизийн академийг байгуулжээ. Нэгэнт академи тул саяын шинэ жилээр телевизүүдийн холбооны “Алтан шонхор-2011”-т оролцохгүйгээр томорч тусдаа “Болор үзэг” хэмээх тусдаа шагналыг бий болгосон юм. Одоо сэтгүүлчид үзгээр зөвхөн тэмдэглэж аваад жинхэнэ бүтээлээ keyboard-оор туурвидаг болсон ч яруу найргийн “Болор цом”-ыг санагдуулсан энэ шагналын  анхныхыг гардуулах ёслолын тухай нэвтрүүлгийг 12-р сарын 31-ны үдэш МҮОНТ  ба TV9 хоёр үзүүллээ. Радио, телевизийн академи хэрнээ хэвлэл мэдээллийн бүх төрлийг дүгнэж, ингэхийн тулд Хэвлэлийн хүрээлэн, Суваг, телевизүүдийн нэгдсэн холбоо, Сайтын холбоо, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, ФМ радиогийн нэгдсэн холбоог хамтран зохион байгуулагчаар оролцуулсан гэлээ.  

Оны телевизийн нэвтрүүлэгчээр МҮОНТ-ийн Ч.Ичинхорлоо, Оны гоц нийтлэлийн эзнээр “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, Оны тэргүүн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаар “Хэнтийн мэдээ” сонин, Оны радио дуу хоолойгоор “Гэр бүлийн радио 104.5”, Оны онцлох сэтгүүлээр “Uptown”, Оны фото зургаар “Ардчилал” сонины гэрэл зурагчин Б.Одбаярын бүтээл, Оны онцгой сайтаар www.news.mn, Оны сэтгүүлчээр TV9-ийн Б.Отгон нарыг тодруулжээ. Нэр дэвшсэн материалуудыг үзээгүй ч миний хувьд Оюун-Эрдэнэ, news.mn, Отгон гурвын тухайд санал нийлж байна. Шагналуудыг УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Очирбат, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, бас “Спирт бал бурам”, “Макс групп” зэрэг том компанийн захирлууд гардуулсан тухайд тайлбар хэрэггүй.

Яг долоо хоногийн өмнө болсон энэ арга хэмжээний талаархи мэдээ, сурвалжлагад дээрх 8 номинацийн дараа юу болсныг огт дурдаагүй нь хачирхалтай. Гол юм тэгэхэд эхэлжээ. Монголын радио, телевизийн академийн удирдлагууд (лав МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар, энэ академийн ерөнхийлөгч, МҮОНТ-ийн захирал М.Оюундарь, МҮОНР-ийн захирал Б.Пүрэвдаш нар харагдсан) тайзнаа гарч нийт 10 сая төгрөгийн шагналын сантай хэмээсэн “Мэргэжлийн сэтгүүл зүйн төлөө” уралдааны шагналуудыг гардууллаа. 

Телевизийн мэргэжлийн сэтгүүл зүйн 1-р байранд МҮОНТ-ийн “Нийгмийн захиалга” цувралын “Орцны жижүүр ба хүүхэд”, 2-р байранд бас МҮОНТ-ийн “Тусгаар тогтнол, газар шороо” нэвтрүүлэг, харин 3-р байранд “Шинэ дэлхий” телевизийн “Нэг сэдвээр” нэвтрүүлэг орсон бол радиогийн төрлөөр 1-р байранд МҮОНР-гийн “Тусгал” мэдээллийн хөтөлбөр, 2-р байранд МҮОНР-ийн “Түмний  нэг” радио найруулал, 3-р байранд  МҮОНР-ийн “Хөгжлийн төлөө аж үйлдвэр” нэвтрүүлэг тус тус шалгарчээ. Хөөрхий FM-үүд  МҮОНР-той яаж ч өрсөлдөхөв. Ерөнхийдөө өөртөө зориулсан уралдаан болж таарлаа. МҮОНТ-ээр үзүүлсэн “Болор үзэг-2011” нэвтрүүлгийн энэ хэсэг ойлгомжгүй, мэргэжлийн бус байсан тул “Тусгал” нэвтрүүлэг түрүүлснийг  дараачийн ярианаас мэдэж авлаа. Тэгтэл Их Монгол FM 91,7 радио ямар нэгэн 3-р байр эзэлсэн (1,2-р байрууд хаачсан?), бас МҮОНР-ийн сэтгүүлч, доктор Л.Мөнхтөрийн “Ярьдаг сэтгүүл зүй буюу радио сэтгүүл зүй” шүүмж судлалаар 3-р байр эзэлсэн, эсвэл түрүүлсэн ч юм шиг магтсаар дуусгав. Шинэ оны анхны “Цагийн хүрд”-ээс ч тодорхой болсонгүй.

Санал нийлэхгүй, тохиролцохгүй болохоороо, заримдаа үнэхээр илүү шударга, сайныг гаргаж ирэхийн тулд, бас бушуухан хүртэхийн тулд хэсэг бүлгээрээ салж нэгдэн тус тусдаа шалгаруулсаар байгаад хэвлэл мэдээлэлд бусад бүх салбарын нэгэн адил шагнал, өргөмжлөл маш олон болжээ. Энэ удаад ч гэсэн шагналыг хувааж авахгүй гэж ярьсаар сайхан хувааж авцгаалаа. Нэгэнт олон юм бол хэн, хаанаас тодруулсан шилдэг, тэргүүн, манлай, оны… болохыг заавал хамт хэлж сурахаас өөр аргагүй. Мэргэжлийн боксын дэлхийн аваргууд энд тэндээс зэрэгцээд тодордог, хэн хамгийн мундаг нь ойлгогддоггүй, учрыг лавлахад IBF, WBC, WBA, WBO нэртэй өөр өөр холбооны рейтингээр гарч ирсэн байдаг.

Урьд жилүүдэд Монголын сонины холбоо шилдэг телевиз энэ тэр гээд шалгаруулж ирснийг санаж байна. Хэвлэлийн хүрээлэн цагаан сараар бас тэгэх байх. Дөнгөж өчигдөр “Хэвлэл мэдээллийн салбарын 2011 оны онцлох хүн”-ээр BTV телевизийн гүйцэтгэх захирал Г.Баянжаргалыг зарлав. Ямар ид шидээр онцгойрсныг гайхахын оронд МАН-ын дэргэдэх “Нийгмийн ардчилал” хэмээх Монголын залуучуудын холбооны “Алтан сарнай” наадмын шагнал гэдгийг хэлчихэд бүх юм байрандаа очно. Ирэх УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших хүсэлтэй эмэгтэйчүүдтэй цуврал ярилцлага хийгээд байгаагийн учир ч тайлагдана. 2000 оны “Зууны манлай”-нууд бол манай “Зууны шуудан” сонин, харин “Мянганы хүн Чингэс” бол “Нью-Йорк таймс” сониных бөгөөд сүүлдээ эх сурвалж мартагдсан нь эхний тохиолдолд цагаа олсон сайн пиар, дараачийнханд монголчууд бидэнд таалагдсан учраас тэр юм.   

Манайд Чингэсийн одон хоёр байдаг ч нэг нь төрийнх, нөгөө нь АН-ынх гээд хэлчихэд хоёр “Чингэстэн”-ий хэн нь том болохоо булаалдахгүй.

Юу хэлснээс хэн хэлсэн нь дутуугүй чухал гэж үнэн шүү.

Posted in + ТЕЛЕВИЗ, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »