Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай шинэ хуулийн төслийг хэвлэлд нийтлэн хэлэлцүүлж эхэллээ. Он дамнуулж иргэд, олон нийтийн саналыг цуглуулаад 2010 оны 1-р сарын 12-нд Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний Танхимын Нээлттэй хэлэлцүүлгээр оруулах гэж байна.
Анх 1998 оны 8-р сарын 28-нд УИХ-аас баталсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн заалтууд АНУ-ын Үндсэн хуулийн нэг дэх нэмэлт (“Конгресс … болохгүй”) мэтийг дууриасан тунхаглалууд байсан юм. Тэр хуулийг эргэн сануулья.
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино
2 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах
Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно.
3 дугаар зүйл. Мэдээлэлд хяналт тавихыг хориглох
3.1. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт (цензур) тогтоохгүй.
3.2. Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй.
4 дүгээр зүйл. Төрийн байгууллагын мэдээллийн хэрэгслийг хориглох
Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно
Монгол Улсын Их Хурлын дарга Р.Гончигдорж
Ердөө энэ. Нэгэнт тунхаглалууд болохоор дагалдуулан 103 дугаар тогтоол гаргаж “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонин, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, яам агентлаг, түүнтэй адилтгах байгууллагын дэргэдэх радио, телевиз, сонин, сэтгүүлийг 1999 оны 1-р сарын 1-ны өдрөөс татан буулгах; тэдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэрийг 5 жилийн хугацаанд дахин ашиглахгүй байх; Хууль, УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар болон хуулиар олгогдсон эрх бүхий байгууллагын нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг гагцхүү “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор хэвлэн нийтэлж байх; Радио, телевизийн хэрэг эрхлэх газар, МОНЦАМЭ агентлагийг Засгийн газрын тохируулагч агентлагийн хувьд татан буулгаж, Үндэсний нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгон өөрчлөн зохион байгуулах, Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх радио телевизийг Үндэсний нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын харьяанд ажиллуулахаар өөрчлөн зохион байгуулахаар тус тус шийдвэрлэсэн юм.
Цаашаа юу болсон бэ? “Ардын эрх” ба “Засгийн газрын мэдээ”-г тэр үед эрх барьж байсан АН ба МАХН-ын талын сэтгүүлчид нэг нэгээр хувьчлаад авсан, хоёр нам Монголын үндэсний телевиз ба радиог дахиад 7 жил ээлжлэн хэрэглээд зөвхөн 2005 онд аргагүйн эрхэнд зөвшилцөж олон нийтийн пайз зүүж өгсөн (бас МОНЦАМЭ агентлаг олон нийтийн статустай болох байж шүү!) билээ. Баян-Өлгийн радио, телевиз аймгийнхаа төр захиргаанаас нэг их холдоогүй. Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон заалтыг эхэндээ хавтгайдаа зөрчиж ирсэн бол одоо хэвлэл мэдээлэлтэй байх шаардлага үгүй болж төсвийн мөнгөөр ховх худалдан авдаг болжээ. Одоо төрд худалдагдахын төлөө зодолддог болж. Телевизүүдийн холбоо vs МҮОНРТ гэсэн байнгын дайралт бол нэг жишээ. Явсаар хэвлэлийн эрх чөлөө маань хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төрд болоод бизнест худалдагдах эрх чөлөө болон хувирчээ.
Уг нь хэвлэл мэдээлэл эрх чөлөөгөө өөрөө мэдээд явбал дээрсэн. Үүний тулд өөрийн зохицуулалт байдаг. Даанч зөвхөн хэвлэлийн консул (зөвлөл)-ын тухайд гэхэд бараг 20 жил ярилаа. Хэвлэл мэдээллийн эзэд, сэтгүүлчид, олон нийт гурван талаасаа зөвшилцөөд наанаа сэтгүүлчдийг, цаагуураа хэвлэлийн эрх чөлөөг хамгаалдаг механизм. Манайд телевизүүдийн холбоо, өдөр тутмын сонины холбоо нэртэй эздийн том холбоод бий. Харин сэтгүүлчдийн эвлэл? МСНЭ-ийн ерөнхийлөгч нь телевизийн эзэн, дэд ерөнхийлөгч нь төрийн агентлагийн захирал. Хийдэг ажил нь төрөөс байр, гэр, газар, мөнгө, одон медаль, гахайн томууны вакцин гээд юу ч хамаагүй нэхэх. 2008 онд хэвлэлийн консул байгууллаа гэж сүртэй зарлахад эзэд хэдэн сэтгүүлчдээ үүрэг өгч эсэргүүцлийн өгүүлэл хэд гурвыг бичүүлэхэд шууд дуугаа хураасан. Бас Монголын чөлөөт сэтгүүлчдийн эвлэлийн сураг дуулддаг боловч Монголын сонины [эздийн] холбооны халааснаас цухуйж огт үзээгүй.
Шинээр боловсруулсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд хэвлэлийн зөвлөлийн тухай заалт орсон бол “ингэх гээд байсан юм”. Хэвлэл мэдээлэл өөрөө чадаагүй учраас төр “туслах” бололтой. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт намайг оруулсан тул саяхан хуралд нь очиж тэр заалтыг тойрч баахан маргалдав. Би хувьдаа хасах саналтай байсан ч хуулийн ийм субьект байвал гүтгэлэгтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлэхдээ “хэвлэлийн зөвлөлд шилжүүлэх”, “хэвлэлийн зөвлөлийн санал дүгнэлтийг үндэслэн” гэх мэтээр зааж болох, энэ утгаараа сэтгүүлчдийг хамгаалах механизм болно гэдэгт хуулийн мэргэжлийн хүмүүс итгүүлсэн юм. Харин яаж байгуулах, эсвэл байгуулахгүй байх, хэрхэн ажиллахыг хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө шийдэг. Албадан сургалт гэх мэт гаднын хуулийн санааг манайхан хүлээж авахгүй биз. Бусад заалтуудыг нэгбүрчлэн ярилцаж амжаагүй. Ингээд хэвлэлд нийтлэгдсэн төслийн хувилбарыг харахад нэр томёонууудыг цэгцлэх, жигдлэх ажлыг дутуу хийжээ. Маргаантай заалтууд хэвээрээ үлджээ. Чухам ийм учраас иргэдээр хэлэлцүүлэх биз ээ.
Read the rest of this entry »