АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘Сэтгүүл зүй’ Category

Улс төрчид юуг нууж байна, тэр нь тэдний жинхэнэ нүүр царай

Posted by Бид on 2011/11/08

Дээрхэн “Шууд” телевизээр урт нэртэй хуулийн зөв бурууг шүүсэн хэлэлцүүлэг болж түүнд оролцсон УИХ-ын гишүүн Кёкүшюзан Батбаяр гол усны эхэнд алт ухдаг компаниудыг өмөөрч өгч байлаа. Сэтгүүлч залуугийн эгдүү хүрч,

– Та уурхайтай юу?

– Надад уурхай байхгүй гэж түс тас хариулаад үргэлжлүүлэн өмөөрсөн эрхэм гишүүн маань сонирхлын зөрчилгүй тул компанийн захирлууд ба иргэдийн хөдөлгөөнүүдийн хажууд зөвхөн үнэн зөвийг хэлсэн ганц хүн болж гялалзлаа.  

Тэрбээр газар төнхөж шороо овоолсон уурхайгүй гэж яах аргагүй үнэнээ хэлжээ. Харин өөрийн мэдлийн хэд хэдэн компанийн нэрээр ашигт малтмалын лицензүүд, түүний дотор Дархан-Уул аймагт алт олборлох лиценз аваад хадгалсан өөр үнэнээ нууж чадав. Асуугаагүй юм чинь. Хэрвээ урт нэртэй хууль бүтэлгүйтвэл кёкүшюзаны уурхай шууд нээгдэнэ. Худлаа хэлээгүй. Цэв цэвэрхэн.

Энэ болон бусад сэтгүүлчдийн оновчгүй асуултуудаар дасгал сургууль хийсээр байгаад Кёкүшюзаны амны фигур маш гоё болсон байна. Тун саяхан УИХ-ын ажлын хэсэгт багтаж Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутгаар явахдаа нинжа нарын фонон дээр “энийг ашиглаж энэ компаниудыг ингээд хөөгөөд гаргачих юм бол бид найрын ширээний нэг ёсондоо л ууц гэсэн үг, нэг ёсондоо бид нар ах дүү төрөл саднаараа бүгд нүүгээд бүгд улсаасаа юм гуйхгүй бүгдээрээ л нинжа болчихмоор байна, ихэнх нь тэгээд ингээд бас ингээд яриад хүмүүсээс асуухлаар бүгдээрээ л нинжа болох сонирхолтой ямар ч нөхөн сэргээлт байхгүй хэдэн газар газрууд үлдээд,  орон нутагт нь ямар нэгэн тийм үлдсэн юм байхгүй, энийг бас өнөөдөр энэ дээр нь ирээд бас яг ингээд нүдээр харахад ойлгож байна” (үг үсэггүй сийрүүлэв) гэсэн ярилцлага өгснийг “25-р суваг” үзүүллээ. Батлагдсан хуулийг сахиулах үүрэгтэй гишүүн өөрөө эсрэг аашилж, бас даапаалж зогсоог ойлгоогүй сэтгүүлч “эрхэм гишүүн хуулийг цаг алдалгүй хэрэгжүүлэх  ёстой гэж үзэж байна” хэмээн даган баясав.

Уг нь хөдөөнөөс биш нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон эрхэм гишүүн 2008 оны сонгуульд нэр дэвшихдээ 10 мянган залууг Япон явуулах гэсэн юм, та нар явахгүй биз хэмээн ажилгүйчүүдийг ангалзуулж байгаад сонгогдсоныг NBS саяхан сөхсөн юм. Гэтэл хэдхэн хоноод хэвлэл мэдээллийн шүүмжлэлийн мөрөөр гайхалтай түргэн арга хэмжээ авч “УИХ-ын гишүүн Батбаяр амалсан ёсоороо Японд явуулж эхэллээ” гэсэн бахдмаар оршилтой сурвалжлага гаргахыг харваас 4-р цахилгаан станцын цехийн дарга, инженер нарын 6 хүнийг мэргэжлээр нь Япон руу хэдэн сар туршлага судлуулахаар үдэж өгч байлаа. Яахав, тэднийг СХД-ийн иргэдэд тооцвол (IV цахилгаан станц тус дүүрэгт байрладаг) зургаа хасагдаж одоо дөнгөж 9994-г явуулах үлджээ. Кёкүшюзанд юухан байхав, дахиад хэдэн төлбөртэй сурвалжлага үзүүлээд “явуулаад л байгаа ш дээ” гэж ярьж зогсох биз. Худлаа яриагүй.

Зарим сонин ирээдүйн ерөнхийлөгчийг хүмүүжүүлэхээр амалсан байдаг. Даанч манай хэвлэл мэдээлэл бүхэлдээ маргаашийн байтугай өчигдрийн ерөнхийлөгч, өнөөдрийн гишүүд, сайд, жижиг даргыг ч барахгүй байна. Яагаад гэвэл онож асуудаггүй буюу яг хариултыг нэхэж чаддаггүй. Сонины олон нүүрийг задартал чигждэг, гуч дөчин суваг солиод эргэж ирэхэд чалчиж л суудаг урт ярилцлагуудад эрхэм улс төрчийн амьдралын зам, суут ухаан, гэхдээ түүнийгээ огт хүлээн зөвшөөрдөггүй даруу зан, монгол хүн юм чинь морь уяхаас өөр аргагүй, хөл дүүжлэх хэдэн ямбий жиптэй, ирэх сонгуульд дэвшинэ гэхээс уур хүрдэг ч нам нь дэвшүүлчихвэл … бүгд багтдаг. Харин хөрөнгө орлогоо нуусан, тендерийн будлианд нэр нь цохиж яваа тухайд тэмээ унаад явахлаар нохой хуцаад байх юм, хэн гэдгийг мэднэ, гэхдээ нэрийг хэлээд яахав, монголын төр өөртөө зүтгэсэн хүнд халтай, одоо ямар 37 он биш, эр хүн алдаж онодог гэх мэтчилэн түүх, гүн ухаанаар оргилж төгсдөг.

Улс төрчид юуг нууж байна, тэр нь тэдний жинхэнэ нүүр царай юм. Сэтгүүлчид зөвхөн асууж хэлүүлж чадахгүй байгаа бол дүүрсэн хэрэг. Харин улс төрчдийн харлаж бохирдсон нүүр царайг хамгийн сайн цайруулагч, найзлаад, тохироод, төлөөд, гэрээлээд ашигладаг тийм хүмүүс болж хувирдаг нь харамсалтай. Юун хоточ нохой. Манай сэтгүүлчид улс төрчдийг маш буруу хүмүүжүүлж байна. 

Монголчууд, дагаад (эсвэл дагуулаад) монголын сэтгүүлчид дэндүү том жаалдаг. Дандаа агууг хүснэ. Төрийн ордноос гадагш,  геополитикээс ойр, бодлогоос доош, улс төрөөс жижиг юмыг тоохгүй. Тоосон ч гүйцээдэггүй. “Нарийн ширийнд нь чөтгөр бий” гэж барууныхан ярьдаг.  Тэнд ямар нэгэн улс төрчийн “но” цухалзангуут сэтгүүлчид очоод шавчихдаг бөгөөд салахгүй. 

Тэгвэл саяхан манай хэвлэл мэдээллийг хүлээж ядаад цөхөрсөн мэт Н.Энхбаяр Ц.Нямдорж хоёр бие биенийхээ баримтыг өөрсдийн биеэр дэлгэж тавилаа. Зөвхөн үүний дараа экс Ерөнхийлөгчийн TV9 телевизийн сэтгүүлчид Ц.Нямдоржийн түрээсийн байр болон хүүхдүүдийн хаусыг хайж олоод өнгө будагтайгаар үзүүлж тайлбарлав. Харин Н.Энхбаярын баримтын (хэвлэх үйлдвэр, “Өргөө” зочид буудал гэх мэт) хойноос тэгэж явах телевиз алга. Нээрээ нэг сэтгүүлч зүрхэлж асуугаад “Чи мэргэжлээ ашиглаад эрэн сурвалжлахгүй юу” гэж амаа таглуулсан гэнэ.

Бямба гаригт Н.Энхбаяр дахиад өрслөө. Нямдоржийн эхэлснийг хуулийнхан (гэхдээ хэвлэл мэдээлэл биш) үргэлжлүүлж болзошгүй тул “Өргөө” зочид буудалд их хэмжээний хөрөнгө оруулсан нь үнэн,  гэхдээ хувьчилж аваагүй, зөвхөн хувьчлагдах шатандаа яваа гэсэн гайхалтай тайлбарыг TV9-өөр хийлгэв.  Хувьчилж аваагүй байж нийслэлийн өмчид бөөн мөнгө оруулдаг буян хишиг дэлгэрсэн сайхан эрхэм! Гэхдээ дөрвөн жилийн өмнө энэ буудлыг дэндүү хямдхан хувьчилсан, бас зургаан жилийн өмнө хэвлэх үйлдвэрийн барилгыг Ерөнхийлөгч авчихлаа гэж шуугихад сэтгүүлчид асуусан, яг хариултаа нэхэж чадсан бол энэ хүнийг эртхэн хүмүүжүүлж, Ц.Нямдоржийн савраас ч аврах байсан. Бас Нямдоржийг өөрийг нь хүмүүжүүлж чадалгүй алдчихсан нь сая тодорхой боллоо. Пин, хаус хоёрыг мэдэн будлиад л …

2008 оны УИХ-ын сонгуулиар яасан билээ? АН 1,5 сая, МАХН 1 сая төгрөгийг амлахад иргэд сонгуулийн маргааш өглөө эрт,  бэлэн тоолж өгнө, жил болгон… гэх мэтээр баярлан угтсан. (Одоо бол ирэх 2012 оны сонгуулийн урьд өдөр өгч дуусгана гэж байгаа). Чухам алин болохыг ганц ч сэтгүүлч асуух сөхөөгүй сурталчилгаанд гүйж явжээ. Манай төр тэр сонгуулийн дараа 5 хүнийг буудаж алсан буруутныг тогтоож чадалгүй дараачийн сонгуультай золгоход бид яаж ч чадахгүй байна. 

Монголд эрхбиш чөлөөт хэвлэл мэдээлэл байгаа болохоор эгзэгтэй баримт мэдээлэл (эсвэл түүний сэжүүр)  дэлгэгддэг атал сэтгүүлчид маань ухаж төнхөхгүй, тэгэсхийгээд орхидог хэвээрээ. “Монгол” нэртэй телевизийн ярилцлагын үеэр МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатараас “Тусгаар тогтнолын ордон”-д хэн хэн хандив өргөснийг асуухад “Нуугаад байх юм байхгүй” гэж тун цовоо эхэлж 14 тэрбумын есийг улсын төсвөөс авснаа хэлээд зогсоход хөтлөгч дагаад зогслоо. Тэгснээ намын бодлого, мөрийн хөтөлбөр асууж хамтдаа тэнээд явчихав. “Монголын алт” буюу МАК 1 тэрбум, MCS-ээс 1 тэрбум, УИХ-ын гишүүн Чойжилсүрэнгийн “Хурд”  компани 1 турбум, араас нь Дамба-Очирын “Очир төв” … гээд урсгахгүй байсан ч хамаагүй нэхэх байсан юм. 

Факт, факт, факт. Ганцхан сум гэдэг шиг заримдаа ганц факт хангалттай байдаг. Холдох тусам тайлбар, сэтгэгдэл, бодол, бодлогширол болоод явчихна. Байгаль орчныг олз ашгийн төлөө улайрал, цэвдэг сэтгэл, хариуцлагагүй явдал энэ тэр биш, тов тодорхой овог, нэр зүүсэн компанийн захирал, нинжа нар сүйтгэдэг.  Авлигыг хүний шунал, арын хаалга, хуулийн цоорхой биш бас л овог, нэртэй албан тушаалтан, хүмүүс өгч авалцдаг. Гэтэл байгаль орчин аймаар бохирдож байна, авлига хавтгайрлаа, өмнөх сонгууль шударга биш болжээ (хэн яаж нотолсон юм бэ?) гэх мэт хаа нэгтээ сонссон мундаг “факт”-уудыг тойрч бясалгасан, сэтгүүл зүйн наад захын хэн, юу, хэзээ, хаана, яагаад, яаж гэдэгт хариулахын оронд эцэс төгсгөлгүй бодлого, арга хэмжээ, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгтэй,  шаардлагатай, цаг нь болсон тухай том том юм яриад газарт бууж чаддаггүй хов хоосон нийтлэл, нэвтрүүлгүүд пиг дүүрэн.

Факт талаасаа сонинууд хамаагүй илүү, гэхдээ иргэдийн олонхи зөвхөн телевизор үздэг.

Posted in + СЭТГҮҮЛ ЗҮЙ, НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛЭГ, Сэтгүүл зүй, Улс төр, эдийн засаг | 1 Comment »

Уул уурхайн мөнгөөр …

Posted by Бид on 2010/08/08

Маргаашнаас эхлээд монголчуудыг тэжээхээр амалсан уул уурхайн үр шимийг манай хэвлэл мэдээлэл өнөөдрөөс хүртээд хүртээд эхэлжээ. Яг үнэндээ өчигдрөөс. “Айвенхоу Майнз” компани Оюутолгойгоос ганц грамм ч зэс олборлож зараагүй мөртлөө тэрбум доллар зарцуулсан гээд байгаагийн овоохон хэсэг олон нийттэй харилцах, тэрэн дотроо телевиз, радио, сонин сэтгүүлийн сурталчилгаа буюу захиалгатай нийтлэл, нэвтрүүлэг, сэтгүүлчдийн аялал, уулзалт нэртэй зүйлд зарцуулагдсаны үр дүнг бид өнгөрсөн 4-5 жил үзэхээрээ нэг боллоо. Ноднин тэр гэрээ батлагдаж хэрэг бүтсэн болохоор хэсэг намжсан ч энэ хавраас өдөр тутмын сонинуудын хамгийн том реклам захиалагчаар гадаадынхан 66 хувийг нь эзэмшдэг “Оюутолгой” нэртэй “монгол” компани тодроод байна. Сонины хэдэн нүүр үргэлжилсэн ажлын зарууд дугаараас дугаарт салахаа болив. Сая зуны амралтаар ганц хоёр оюутныг ажиллуулахын тулд хэдэн саяын зар нийтлүүлэх жишээтэй.

Бас энэ хавар, зун Таван толгойн гэрээг батлахыг угтуулж “Монгол 999” нэртэй нөхдүүд хэдэн мянган сая төгрөгийг цуглуулсныхаа ихэнхийг телевиз, сонины төлбөртэй нийтлэл, нэвтрүүлэгт зарцууллаа.

Таван толгойг монголчууддаа хүртээхээс урьтаж овоохон сорчлоод үмхчихсэн “Энержи ресурс”-ын Ухаа худгийн уурхайн тухай нэвтрүүлэг, сурвалжлагууд социалист бүтээн байгуулалтын үеийн магтаалаас дутахааргүй нялуун.

Монголын эдийн засаг төдийгүй хэвлэл мэдээлэл уул уурхайгаас бүрэн хамааралтай болох тийш зүглэжээ. Хамаг реклам сурталчилгаа, төлбөртэй нэвтрүүлгийн захиалга тэндээс ирнэ. Олон сонин, сэтгүүл, телевиз уул, уурхайн мөнгөн дээр оршин тогтноно. Хэвлэл мэдээллийн янз бүрийн арга хэмжээ, үйл ажиллагаа, сэтгүүлчдийн сургалтууд мөн адил. Вэб сайтууд хүртэл. Өнөөдөр уул уурхайн бүх томилолт, сурвалжлагын зардлыг цаад компаниуд бүрэн даадаг болжээ. Редакциасаа мөнгө гаргаад уул уурхай руу илгээдэг эзэн, эрхлэгч, захирал  ганц ч үлдсэнгүй….

Монголын хэвлэл мэдээлэлд сайн засаглал тогтож амжаагүй байхад их мөнгө ороод ирлээ. Дөрөвдэх засаглалыг эзэд, сэтгүүлчид, байгууллага, өөрийн зохицуулалт, ёс зүйн зарчимтай юутай нь цуг угжиж эхэллээ.

Posted in Сэтгүүл зүй | Leave a Comment »

1,5 сая +1 сая = 2,5 сая төгрөг хаачив?

Posted by Бид on 2010/04/22

4-р сарын 5-нд эхэлсэн Амлалт нэхэх ард түмний холбооны суулт, араас нь залгасан өлсгөлөн өндөрлөв. Тэдний УИХ-д хандаж тавьсан 7 (эсвэл 8) зүйл шаардлагыг цаадуул нь биелүүлээгүй ч цаашаагаа өлсөж цангалгүйгээр ярилцахаар тохирчээ. Ингээд хоёр тал хоёулаа нэр цэвэр, хэн нэгэн амь насаа алдаагүй, эрүүл мэндээр сүрхий хохироогүй өнгөрсөн нь өөрөө амжилт юм.

АНАТХ-ныхан улс төр хийсэн хэдий ч улс төрчдөөс мөнгөний амлалтыг нэхэх маш зөв шаардлага тавьсан билээ. Хэд хоногийн өмнөөс Засгийн газар амлалтыг яаж биелүүлэхээ зарлаж, цагдаагийн удирдлага тэмцэгчдийг урьдчилсан хүлээн авч хүндэтгэл үзүүлж, эхний өдрөөс л Сүхбаатарын талбайн эргэн тойронд шилдэг цагдаа нараа хуралдуулан бараа болж, хэд хоногийн дараа эмч нарыг далдуур найран өлсөгчдийг гар дээрээ өргөн эмнэлэгт хүргэн тордуулж (өлссөн, даралт ихэссэн монгол хүн болгоныг ингэж халамжлаасай), бас үүр шөнийн заагаар согтуу эр Ланд-аар дайрч сенсаац дэгдээн, энэ хооронд УИХ-ын эрхэм гишүүд Төрийн ордонд байн байн хүлээн авах зэргээр бүгд л эрвийх дэрвийхээрээ “дэмжсэн” юм. Даанч өлсөгчид маань амлалтаа нэхэхийн хажуугаар УИХ-ыг тараах томоос том шаардлага зүүж, араас нь Оюутолгойн гэрээ, хүүхдийн  мөнгө, 7-р сарын 1, 76 тэрбум, Үндсэн хуулийг өөрчлөх гээд биелүүлэх байтугай уншаад ч барахааргүй олон зүйлийг залгасан тул эхэндээ дэмжих аядсан иргэдийн толгой эргэж гэртээ суухыг илүүд үзжээ. 

2008 оны УИХ-ын сонгуулиар МАХН ба АН-ын амалсан 1,5 ба 1 сая төгрөгүүдийг сонсоход тов тодорхой тоо хэрнээ огт тодорхойгүй амлалт байжээ. Энэ мөнгийг дараачийн сонгууль хүртэл 1 удаа олгох уу, эсвэл жил болгон уу? Бэлэн мөнгөөр үү? Биш юм бол яагаад мөнгөний зурагтай батламж гардуулав? Сар сараар цалин шиг өгөх үү, бөөндөх үү? Өгч чадахгүй бол яахав, огцрох уу? Эдгээрийг асуух сөхөө амлалтанд согтсон сонгогчдод байсангүй. Ганц найдвар хэвлэл мэдээлэл байсан ч тэднийг мөнгөөр угжсан намууд, нэр дэвшигчид илүү юм асуухыг зөвшөөрөөгүй бололтой өнөөдөр тийм хариултыг агуулсан бичлэг, сонины хайчилбар олдохгүй байна.

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Би МАХН-ын 1,5 сая, АН-ын 1 саяыг хоёуланг нь өгүүлнэ” гэж амалсан билээ. Гэтэл сонгогчид ба хэвлэл мэдээллийнхэн нөгөөх асуултуудыг дахиад л тавиагүй ажээ. Иймээс АНАТХ-ны тэмцэл эхэлсэн тэр өдөр нээгдсэн УИХ-ын хаврын чуулган дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Олныг нуршилгүй шууд хэлэхэд иргэдийн “хэзээ” гэсэн асуултад өнөөдрийг оролцуулаад 2011 он гэж амлалтыг хэрэгжүүлэх хугацаагаа тогтоё” гээд бардамнан даапаалж байх юм. 2011 оноос өмнө үү, эсвэл 2011 ондоо багтааж юм уу, бүү мэд. Ерөнхийдөө “2012 он гэхэд хэдэн төгрөг тараагаад цаад сонгогчдоо дуугүй болго” гэсэн санаа биз.  Яагаад мөнгөний тоо хэлсэнгүй вэ? Нөгөө 1,5 сая +1 сая  = 2,5 сая төгрөг хаачив?

Ингээд бүхэл бүтэн ард түмэн улс төрчиддөө угсраагаар хууртдаг юм байж. Харамсалтай нь тэдэнд хэлж сануулах үүрэгтэй хэвлэл мэдээлэл хуурах ажилд эхнээс нь оролцжээ. Харин сая иргэдийн өмнөөс хэсэг нөхөд амлалт нэхэх гэсэн чинь 1,5 сая, 1 сая, 2,5 сая, бэлэн мөнгөөр, бэлэн мөнгөөр биш, жил тутам, дөрвөн жилд ганцын алин болох нотолгоо үгүй тул чухам алинийг онилж яг юуг яаж нэхэхээ мэдэхгүй баахан тэмтэчсээр ийм болов. Одоо улс төрчдийн дуугарсан 1,5 саяын хугацаа энэ тэрийг нааш цааш ярих л үлдлээ. Амлаагүйг нэхэж бас болохгүй.

Магадгүй нэр дэвшигчдийн тус тусдаа өгсөн амлалтуудыг нэхвэл хавьгүй дээр.  Яагаад гэвэл нотлох баримттай. Сонгуулийн үеэр айл гэрээр оруулж өгсөн сурталчилгааны материалуудыг хэлж байна. Харин одоо хэдэн айлд ийм нотлох баримт үлдсэн бол?

Posted in + СЭТГҮҮЛ ЗҮЙ, НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛЭГ, Сэтгүүл зүй, Улс төр, эдийн засаг | Leave a Comment »