АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘Сурталчилгаа, далд сурталчилгаа, “пиар”’ Category

“Сөрөг мэдээллийг хаах гэрээ”

Posted by Ажиглагч on 2012/04/02

“Эрүүл сэтгүүл зүйн бизнесийн орчин” сэдэвт хэвлэл мэдээллийн удирдах ажилтны зөвлөгөөнд

Өнгөрсөн сарын 20-нд УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баттулга МҮОНТ-ийн “Цаг үе, үзэл бодол” шууд ярилцлагад оролцохдоо Таван толгой, Ухаа худаг, MCS-ийн талаар хийсэн мэдэгдлийг телевизүүд, сонинууд, Засгийн газар, Нямдорж бүгдээрээ үг үсэггүй мөлжсөн хэрнээ нэгхэн хэсгийг анзаараагүй мэт арваад хоногийг өнгөрүүллээ.

Яг тэр хэсэгт Х.Баттулга гартаа барьсан хэдэн хуудаснаас нэгийг эргүүлээд:

– Өнөөдөр нөгөө дөрөвдэх засаглал, хэвлэл мэдээлэл гээд бүгд баригдсан даа, хөөрхий минь… Одоо дахиад MCS-ээ ярих гээд байна. Хэвлэл мэдээллийнхэнтэй хийдэг хамтран ажиллах гэрээн дотроо, би та нарт мөнгө өглөө шүү, MCS группийн дуудсан газарт, тохирсон  цагт ирж мэдээ, сурвалжлага авна… MCS группийн ерөнхий удирдлага Оджаргал, Од нарыг болон шинээр үүсэх бизнесийн салбар, бүтээгдэхүүний талаар аливаа сөрөг мэдээлэл нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээнэ… хэрвээ нэвтрүүлбэл, муугаар ярих юм бол торгууль төлнө, мөнгөө авна гээд ингээд барьчихдаг байхгүй юу... гэхчлэн уншиж өгсөн юм. Тэрбээр  зөвхөн ганц хоёр өгүүлбэрийг ишлэсэн. Хэрвээ арай дэлгэрүүлсэн бол рекламанд гардагчлан “бүр янзтай” байхсан. Нэвтрүүлгийн бичлэгийн ганц хоёр кадрыг томруулж байгаад хэдэн өгүүлбэр гаргаж авлаа.

4.6. М-Си-Эс группийн өгсөн мэдээ болон рекламын эх файлд ямар нэгэн засвар хийхийг хориглоно.

4.7. М-Си-Эс группийн дуудсан газарт, тохиролцсон цагт ирж мэдээ сурвалжлага авна.
4.8. М-Си-Эс холдинг ХХК, Спирт бал бурам ХХК, М-Си-Эс-Кока Кола ХХК, М-Си-Эс Электроникс, М-Си-Эс Азиа пасифик бьюри ХХК, М-Си-Эс Интернэшнл, М-Си-Эс проперти ХХК, Энержи ресурс ХХК, Скайресорт ХК, Орчлон ХХК, Юнител, мөн М-Си-Эс группын ерөнхий удирдлага У.Оджаргал, Ж.Од нарыг болон шинээр үүсэх М-Си-Эс группийн бизнесийн салбар хийгээд бүтээгдэхүүний талаар аливаа сөрөг мэдээллийг нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
4.9. Дээрхи 4.8-д заасан заалт биелэгдээгүй тохиолдолд дараахи нөхцөлийг дагаж мөрдөж ажиллах үүрэгтэй.
– М-Си-Эс группийн талаар, М-Си-Эс группийн захиалгат бус алив сөрөг сөрөг мэдээллийг 1-3 удаа гаргавал Сонин тухайн сарын гүйцэтгэлийн нийт дүнгээс 20% хасаж төлбөрийг нэхэмжлэх
– М-Си-Эс группийн талаар, М-Си-Эс группийн захиалгат бус алив сөрөг сөрөг мэдээллийг 4-5 удаа гаргавал Сонин тухайн сарын гүйцэтгэлийн нийт дүнгээс 30 % хасаж төлбөрийг нэхэмжлэх
– М-Си-Эс группийн талаар, М-Си-Эс группийн захиалгат бус алив сөрөг сөрөг мэдээллийг 6-аас дээш удаа гаргавал сонин тухайн сарыг гүйцэтгэлээс 30 % хасаж төлбөрийг нэхэмжлэх
4.10. М-Си-Эс группийн захиалгат бус алив сөрөг мэдээллийг хаасан тухай товч тайланг (тайланд агуулга . . . . . . . . . . . багтааж) сар бүрийн эцэст бичгээр хүлээлгэн өгч байна. [Цааш гаргагдсангүй]

Ямар ч цензорын санаанд орохгүй заалтууд. Аливаа компаниас ирүүлсэн хэвлэлийн мэдээг тэр чигээр нийтэлбэл жаахан ичгэвтэр, харин тэнд орсон баримт мэдээллийг ашиглаж (илүү дутуу, нуршилт, өөрийн магтаалыг хасаад) шинээр мэдээ бэлтгэхийг сэтгүүл зүй илүүд үздэг. Гэтэл энд хоригложээ. Тэгээд дуудсан газарт гозойж байх үүрэг хүлээлгэсэн байна. Хамгийн хачирхалтай нь, гэрээт телевиз, сонинууд MCS-ийг сарын турш хүссэнээр нь сурталчлахын хажуугаар сөрөг мэдээллийг агнаж, хэрвээ чадаагүй бол тэр тоогоор суутгуулж байж “цалингаа” авдаг нь нэг ёсондоо MCS-д ажилд орсон мэт. Бас “М-Си-Эс группийн захиалгат бус сөрөг мэдээлэл” гэж бичсэнийг харахад “М-Си-Эс группийн захиалгат сөрөг мэдээлэл” гэж байх нь ээ?  MCS гэж Монголдоо багтахгүй том групп  телевиз, сонинуудын мэдээг хянаж хувь процент тооцсон шиг өчүүхэн зан гаргадаг болсон нь хэвлэл мэдээллийг [мөнгөөр] далайсан газартаа далд оруулсаар байгаад баримжаагаа алдсаных.

MCS групп ба Нямдорж сайдтай хоёр фронтод зэрэг дайтаж эхэлсэн Х.Баттулга гишүүн өөрийн хөрөнгө оруулсан C1  телевизээрээ ярих гээд очтол “эзэнтээн, бид MCS-тэй ийм гэрээ байгуулсан, яахав” гээд үзүүлсэн нь MCS-ийг илчилсэн баримтуудын тоог нэгээр нэмчихжээ. Ингээд өнөө цагийн цензурын дээд хэлбэр болсон “хамтран ажиллах гэрээ”-ний хэдэн өгүүлбэр дэлгэгдлээ. Бүх хуудсууд задарвал юу болохов?

Өнөөдөр монголын томоохон телевиз, өдөр тутмын сонинуудаас MCS-тэй гэрээ байгуулаагүй үлдсэн бол би лав маш гайхна. Дээрх гэрээнд сонин гэж бичээд C1 телевизтэй байгуулсан нь ямар ч хэвлэл мэдээллийн нэрийг солиод бичдэг универсал загвар болохыг нотолно.

Эрхэм гишүүн Х.Баттулга хэд хоногийн дараа хэвлэл мэдээллийнхэнд хандахдаа энэ сэдвийг дахин задлав.

… Хэвлэлийг ойлгож байгаа. 80 хувь нь баригдчихсан байгаа. Юунд вэ? Мөнгөнд. Би та нарт нэг гэрээ үзүүлсэн, та нарын эзэд бүгдээрээ тэр гэрээг хийсэн байгаа. C1 хүртэл хийсэн явж байна гэж би хэлсэн дээ. Зурагтаараа гарах гэсэн чинь гаргадаггүй байна шд ээ. Яасан? MCS-ийг муулж болохгүй гэсэн гээд. Тэгээд тэр Монголын үндэсний радио, телевизээр гарах гэсэн чинь бас гаргахгүй гэхээр нь орон сууц ярих гэсэн юм аа гэж худлаа хэлээд орж ярилаа ш дээ. Би Их хурлын гишүүн хүн шүү дээ. Жирийн иргэд тэгэхлээр тэр телевизээр юугаа ярихав? Өчигдөр орой телевизээр Нямдорж, хувьсгалт намынхныг 20 минут ярьж байна.  Намайг хоёр минут л гаргаж байна. За, TV5 бол зүгээр хавтгай. Нам мамаа хамгаалалгүй яахав, гэхдээ намаас өөр эх орон гэж нэг юм байна ш дээ… Хэвлэл мэдээлэл өнөөдөр цензуртай болсон. Та нар заль мэх гаргаад яаж ийгээд гаргаад байхыг бодоорой... гэжээ.

Хэдэн жилийн өмнө “Мобиком” корпораци хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргаж өгснийг “Нийгмийн толь” сонин илчлэхэд тус корпораци  нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаад бараагүй, харин “стратегийн түншлэлийн гэрээ” байгуулснаар учраа амархан ололцсон гэдэг. Ноднин өвөл болсон сэтгүүлчдийн их хурал дээр, компаниуд гэрээ байгуулахдаа шүүмжлэхгүйгээс гадна сөрөг мэдээллийг саармагжуулах үүрэг хүлээлгэдэг талаар зарим сэтгүүлч гомдол мэдүүлэхэд индэрт суусан эзэд дуугүй өнгөрөөсөн.

Хувийн компаниас гадна УИХ, Засгийн газраас эхлээд төрийн байгууллагууд иймэрхүү гэрээг байгуулдаг нь ноцтой бөгөөд тусдаа сэдэв юм. Хэдэн жилийн өмнө Засгийн газрын тогтоолд “төр, засгийн бодлого шийдвэрийг мэдээлж сурталчлах ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх тухай” заалт оруулж шаардагдах хөрөнгө мөнгийг хүссэн хэмжээгээр гаргахыг Сангийн сайдад үүрэгддэг байсан бол одоо баян төрийн багтаж ядсан төсвийн их мөнгөний хаанаас хэдийг яаж гаргаад хэнд өгөөд байгаа нь мэдэгдэхээ больжээ. Х.Баттулга гишүүн ярилцлагадаа “Монгол Улсын Засгийн газар хэвлэл мэдээллийнхэнтэй гэрээ хийчихсэн. Засгийн газрыг муулахгүй гээд” хэмээн битүү юм хэлээд, MCS-ынх шиг задлахгүйгээр зогссон. Тэрбээр өөрөө саяхан болтол Засгийн газарт хуралдаж суухдаа тэр шийдвэрийг батлалцсаных болов уу.

Гэхдээ хувийн компани, Засгийн газар алин ч бай үүнийг хүлээн зөвшөөрч хүртчихдэг нь хэвлэл мэдээлэл. Иймээс хамгийн чөлөөт телевиз, хамгийн шударга өдөр тутмын сонин энэ сэдвээр дуугараагүй. 4-р сарын 6-нд “Эрүүл сэтгүүл зүйн бизнесийн орчин” сэдвээр хэвлэл мэдээллийн удирдах ажилтны зөвлөгөөн хуралдах юм гэсэн.  Гэрээнүүдээ хуудас хуудсаар нь дэлгэж байгаад илэн далангуй ярилцвал эрүүлжих найдвар бий.

Posted in + ТЕЛЕВИЗ, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 1 Comment »

Засаг дарга ба зургаан сэтгүүлч

Posted by Ажиглагч on 2012/03/15

Үзэхгүй гэж хичнээн хичээсэн ч өчигдөр орой (3-р сарын 14-ны Лхагва гариг) нийслэлийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын хэсэг сэтгүүлчидтэй хийсэн “Хот ба сэтгүүлч” нэртэй 50 минутын ярилцлагыг  бараг бүтэн үзчихлээ. Баахан суваг сольж зугтаасан ч баригдахаас өөр яахав. Хар л даа.

C1 телевиз: 18:30 – “Хот ба сэтгүүлч” ярилцлага

UBS телевиз: 19.05 – “Хот ба сэтгүүлч” уулзалт

TV5 телевиз: 20:10 – “Хот ба сэтгүүлч” ярилцлага

NBS: 20:10 – “Хот ба сэтгүүлч” ярилцлага

МҮОНТ: 21.30 – “Хот ба сэтгүүлч”ярилцлага

NTV: 23.00 -“Хот ба сэтгүүлч” ярилцлага

Бултаж чадлаа ч өнөө өглөө (3-р сарын 15-ны Пүрэв) гарцаагүй баригдах байж. МҮОНТ: 10.10 – “Хот ба сэтгүүлч” ярилцлага. NBS: 12:00 – “Хот ба сэтгүүлч” ярилцлага. UBS телевиз: 17.00 – “Хот ба сэтгүүлч” уулзалт…

Ямар агуу мэдэгдэл хийхийн тулд Г.Мөнхбаяр дарга ингэж том хөдлөв өө? Нийслэлд их бүтээн байгуулалт өрнөж байна, хүмүүст хүрсэн, алдаа бага гаргаж байна, бүр ихийг хиймээр байвч даанч эрх мэдэл дутаад байна, энэ жил нийслэлийн орлого анх удаа 200 тэрбумаас  давахад Сангийн сайд 70 тэрбумыг улсын төсөвт татаад авчихсан, 6 хувийн орон сууцны төсөл сайн явна, манай хотынхон ажлаа 8 цагт эхэлдэг, энэ миний санаа, удахгүй огцом шийдвэр гаргана, жишээлбэл, хашаагаа цэвэрлэцгээе, бас эздүүд гал зуух руугаа орж ямар хоолоор үйлчилж байгаагаа хар… гэх мэт. Ердөө энэ үү? Гэр хорооллын иргэдийг газраа бүү өг гэж уриалсан УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн нэрийг дурдахгүйгээр “Их хурлын гишүүд амьдралаас тасархай юм ярьж, хоёр  давхар хаус барьцгаа гэж байна. Тэгье л дээ, гэхдээ хэдэн жил үргэлжлэх юм бэ? Айлуудтай гэрээ байгуулж газрыг нь авахгүйгээр бүтэхгүй… ” гэсэн нь сонин байв. Удахгүй сонгуульд нэр дэвшихдээ туг болгож барих “брэнд” ажлаа тэр чигээр нь зүтгүүлэх нь.

Засаг дарга хүн ажлаа сурталчилж, бас өмөөрөхгүй хаачихав. Гэхдээ сэтгүүлчид хаачив? Өөдөөс нь хараад “… нийслэл өнгөрсөн жил 800 иргэнийг ажилтай болгосон, энэ бол загас барих аргыг зааж өгч байна гэсэн үг… Өмнө Засаг дарга газар олгож иргэдийг хувийн өмчтэй болгосон, харин та түүхэнд юугаараа үлдэх вэ?… та хавар болгон хурц шийдвэр гаргадаг… ” гэх мэтээр магтаал багтаасан асуулт (эсвэл асуултанд боосон магтаал гэсэн ч болно) тавьж сууцгаав. Хурц, эгзэгтэй асуулт сонсоогүй. NBS-ийн Наранбаатарыг тэвдүүлсэн асуулт тавих болов уу гэтэл “нийслэл жилд бүр нэг асуудлыг бүрэн шийдээд явчихаж болдоггүй юм уу?” гэснээс хэтэрсэнгүй. Учрыг төдөлгүй ойлгов. Энэ ярилцлагыг (UBS-ийнхээр бол уулзалт) түүнд оролцсон зургаан сэтгүүлчийн телевизээр, түүний дотор NBS-ээр цацжээ. Илүү дутуу дуугарч байж цацуулахаа больчихвол яана? 50 минутийн цацалтын мөнгө бол жижиг телевизийн хувьд том, алдчихвал хайран биз.

Бүх телевизээр яг ижилхэн бичлэг гарсан. Хэрхэн монтажлах, хасч танахыг, бас завсраар нь нийслэлийн бүтээн байгуулалтын хөгжимтэй дүрсийг үе үе оруулж гоёсон “Хот ба сэтгүүлч” ярилцлага бол Г.Мөнхбаярын пиарын төсөл.

Posted in + ТЕЛЕВИЗ, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | Leave a Comment »

Ам барьдаг гэрээнүүд

Posted by Ажиглагч on 2011/10/25

2011 оны 6-р сарын 9-нд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн нэр дээр Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг, Г.Баярсайхан, Л.Гүндалай нарын долоон гишүүн гарын үсгээ зурж урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх асуудлаар хүсэлт тавьсан албан бичигт хэвлэл мэдээлэлтэй холбоотой нэг санаа оржээ.

“… Уул уурхайн нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй эрэл, хайгуул, олборлолтыг дагаад Монгол улсад нүүрлээд буй байгаль, экологийн сүйрэл, нөхөн сэргээлтийн ажил нь яригдах сэдвээс давж бодит ажил хэрэг болж хэрэгжихгүй байна. Уг асуудлыг эрх зүйн аргаар шийдвэрлэх нэг гарц болсон “Гол мөрний урсац, бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн хэрэгжилтийг саармагжуулах, улмаар энэ хуулийг хүчингүй болгох элдэв санаа, сэдэл газар авч байгааг УИХ анхааралдаа авах цаг болсон байна. Ялангуяа сүүлийн үед гадны томоохон хөрөнгө оруулагчид бидний дөрөв дэхь засаглал хэмээн итгэдэг хэвлэл мэдээлэлийг мөнгөөр боймлож, ард иргэдийг үнэн зөв мэдээлэлээр хангах үүргээс нь хазайлгах оролдлого ил тод хийх болсон нь үндэсний эрх ашигт сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч байна… Гаднын томоохон хөрөнгө оруулагчдын зүгээс хэвлэл, мэдээллийн эрх чөлөөнд нөлөөлөх оролдлого хийж буй эсэх асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос төр, засгийн холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг томилж, шалгуулан УИХ-д танилцуулах зэрэг асуудлаар УИХ-аас хаврын чуулганы хугацаанд багтаан холбогдох шийдвэрүүд гаргах ажлыг цаг алдалгүй зохион байгуулж өгөхийг Танаас хүсье” гэжээ.

“Бороо гоулд” зэрэг хүчтэй компаниуд томоохон телевиз, сонинуудтай  хамтран ажиллах гэрээ байгуулахдаа тухайн компанийн талаар сөрөг мэдээлэл ирвэл тэднээс бодит мэдээллийг авч тодруулж байж нэвтрүүлэх буюу нийтэлнэ гэсэн заалт оруулаад амаа бариулчихдаг. Зарим хэвлэлд хандахад “Бид Оюутолгой, Бороо гоулдтай гэрээ байгуулсан учраас тантай ярилцлага хийхэд түвэгтэй байна” гэж татгалзсан талаар Ц.Даваасүрэн гишүүн ярьсан байдаг.

Одоо дөрвөн сар өнгөрөхөд ажлын хэсэг байгуулаагүй байна. Арай УИХ-тай “хамтран ажиллах” гэрээ байгуулаагүй байлтай.

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар", Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

Хотын удирдлага хэвлэл мэдээллийг “найрав”

Posted by Ажиглагч on 2011/03/28

Өнгөрсөн Бямба гаригт Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, төв замын Улиастайн уулзвараас Налайхын зүгт 20,9 км авто зам  тавихад өртөх айл өрхүүдийн төлөөллийг оролцуулсан санал солилцох анхны уулзалт болсон юм. Олон арван айлын хашаа байшинг шинэ газарт нүүлгэн шилжүүлэх, бас нөхөн төлбөр  олгохыг тойрсон эгзэгтэй яриа өрнөв. Уулзалтанд Нийслэлийн газрын албаны төлөөлөл, Баянзүрх дүүргийн Засаг дарга Батзориг нар оролцохоор зарлагдсан хэрнээ ирсэнгүй. Тэд “чухал ажилтай боллоо” гэсэн нь юу байв?

Энэ өдөр нийслэлийн удирдлага “Хангарьд” ордондоо дүүрэг, харьяа газруудын албан тушаалтнуудын хамт хэвлэл мэдээллийн захирал, эрхлэгч, сэтгүүлчдийг хүлээн авч өдрийг хамтдаа өнгөрүүлжээ. Уламжлалт “Хот ба сэтгүүлч” уулзалтын гуравдахь удаагийнх гэнэ. Нийслэлд энэ жил ноднингийнхоос 3 дахин их бүтээн байгуулалт өрнүүлнэ (хөрөнгө оруулалт тэгэж нэмэгдсэн), хамгийн гол нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 7-р хорооллын барих газрын айлуудыг нүүлгэнэ, цаадуулдаа үнэн зөв мэдээлэл өгөөрэй гэсэн утгатай яриа болжээ.

Үнэн зөв мэдээлэл аль вэ? Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, бид иргэдийн газрыг нь чөлөөлүүлэх замаар утаатай тэмцэх, орон сууцжуулах гэж байхад нэг айлын хашааны газрыг 10-хан саяар авна гэсэн ам дамжсан худал мэдээлэл тарсан. Үгүй, бид нэг өрөө байр олгохоор ярьж байна, ийм байр зах зээлийн ханшаар 40 орчим сая төгрөг байгаа гэж өмнөхөө давтлаа. Ямар нэгэн аргачлал, тооцоо судалгаа, дүрэм журам танилцуулсангүй.

Хашааны газрыг 40 саяар тулгаж авахаар шийдэв үү? Энэ бол Баянзүрх дүүрэгт ч хамаатай. Иргэд мэдээж зөвшөөрөхгүй. Иймээс хэдэн жилийн турш иргэдтэй уулзаж яриа хэлэлцээр эхэлж зүрхлэхгүй,  оронд нь хэвлэл мэдээллийг ээлжит удаагаа найрлаа. Тэдний гараар могой бариулах гэв үү? Иргэд нийтийн эрх ашгийг  бодохгүй, дэндүү ихийг нэхэж хувиа хичээж байгааг илчлэх ёстой болох нь.

Уулзалтын оройноос олон нийтийн телевиз тэргүүлэн “Жилд нэг удаа хот, сэтгүүлч хоёр зөвлөлддөг юм” хэмээн гайхуулсан бол сонинууд “Хотын удирдлагууд ба сэтгүүлчдийн хишиг өдөр” гэх мэтээр нялуурав.  Уулзалтын дараа тэмцээн зохион хөгжилдсөн гэнэ.  Засаг дарга чамгvй сайн сагсчин, теннисчин болохыг бүгд цохон тэмдэглэжээ.  Гэрэл зурагчид Г.Мөнхбаяр дарга бөмбөг оруулсан тэр моментийг түүхэнд үлдээж чадав.

Ингээд монголын хэвлэл мэдээлэл бараг бүгд очсон мөртлөө юуг ч чангахан асууж зүрхлэхгүй, шинэ юм огт мэдэж чадалгүй зүгээр л бөөн баяр буцжээ. Зөвхөн “Өдрийн сонин”-д уулзалтын талаар бус “Иргэд: Газрыг минь яаж авмаар байгаа хэлж, ярилцаач” гарчигтай сурвалжлага нийтэлсэн байлаа.

Харин хотын дарга нар сэтгүүлчдийг эргүүлээд зав алга.

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 4 Comments »

С.Батболдын ярилцлагын талаар элдвийг сэтгэж болохгүй …

Posted by Ажиглагч on 2011/03/25

Сүүлийн саруудад зурагт үзэхэд Ерөнхий сайд C.Батболдын оролцоогүй их бага хурал, чуулган, зөвлөгөөн, ойн баяр, ёслол, шалгаруулалт, үзэсгэлэн, яармаг үлдсэнгүй. Ганц нэг үлдсэн байж болзошгүй, тэгвэл телевизүүд зөвхөн Батболдтойг л үзүүлсэн байх. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр Солонгос руу айлчлалаар одсон хэрнээ телевизийн дэлгэцнээс салаагүй юм. Инчонд газардаж онгоцны хаалгаар гарч ирмэгцээ монголчуудтайгаа уулзахаар явсныг бараг бүх телевиз шууд дамжуулах мэт сэтгэгдэл төрөв. Тийм олон сэтгүүлчийг дагуулжээ.

Бас Солонгос явахаасаа өмнө хоёр том ярилцлага үлдээгээд явсан нь саявтар зарим нөхдийн ярилцлагад С.Батболд Бороогийн алтыг “Бороо гоулд”-той хавсайдаж, харин “Чингэс” зочид буудлыг ганцаараа залгисан тухай үг, өгүүлбэрүүд дахин орж тэр нь TV9-өөр нэвтэрсний няцаалт юм. Эзгүй хооронд нь бид уншиж судлах ёстой.

Эхлээд 3-р сарын 16-ны Лхагва гаригт 21.30 цагаас МҮОНТ-ийн “Ярилцлага” нэвтрүүлгээр Монгол Улсын Ерөнхий сайд орлоо. С.Батболд өөрөө ирээгүй, харин сэтгүүлч Мөнхтөр өрөөнд нь очиж урт ярилцлага авснаа үзүүлж маргааш нь давтжээ. Ингээд монголчуудад хот, хөдөөгүй үзүүлж чадлаа.

   

Гэхдээ л зарим нөхөд залхуураад үзээгүй байж магад тул “Өнөөдөр” сонинд дараачийн том ярилцлага өгснийг 3-р сарын 21-ны дугаартаа “С.Батболд: Өнгөрснийг шүүхээ больё. Мөрөөдөл ярихаа цэглэе. Урагшаа л харъя” гарчигтайгаар олон нүүр дамжуулан нийтлүүлжээ. Оршил нь: Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзлаа. Хөгжил дэвшлийг зорьсон монгол түмний их нүүдлийн нэгэн хөтөч нь болж яваа түүний санаа бодол, түүний тэргүүлсэн Засгийн газрын бодлого зорилтыг хөндөж бид ярилцав. Баахан урт ярилцлага болсон байж магадгүй. Гэхдээ хэвлэлээр тэр бүрий гараад, яриад байдаггүй Ерөнхий сайдаас асуух, сонирхох зүйл их байлаа. Уншигчид маань уйдахгүй биз ээ”

“Хэвлэлээр тэр бүрий гараад яриад байдаггүй” Ерөнхий сайд маань эхнэр хүүхдээ хүртэл залхтал урт ярьсан мөртлөө Бороо, “Чингэс”-ийн талаар өмнөхөө давтлаа. Ядахдаа “Бороо”-гаас яг хэдийг унагаснаа хэлбэл сонин байхсан. Даанч “өмнөхийг мартах”-ыг сануулаад цаашаагаа тэртээ тэргүй хийх ёстой ажлаа эх захгүй тайлагнасан ярилцлага байлаа.

Гэхдээ телевиз үздэггүй, сонин ч эргүүлдэггүй, Интернэтэд цаг нөхцөөдөг иргэдийн толгойд С.Батболдын үгийг яаж суулгах вэ? Сайтад тавьчихлаар бөөн эрх чөлөө эдэлсэн нөхдүүд зөв буруу бичээд салахгүй.

Гэхдээ арга олжээ. Дээрх ярилцлагыг тэр өдөртөө www.news.mn сайтад ямар нэгэн тайлбаргүйгээр нийтлүүлэв. “Өнөөдөр” сонин өөрийн сайтад ч оруулаагүй мөртлөө бусдад харамгүй зөвшөөрчээ.  Сэтгэгдэл? Бичиж болохгүй. Та “Сэтгэгдэл” гэсэн цэсэн дээр мянга дараад ч нээгдэхгүй.

Ерөнхий сайдын ярилцлагыг үүнтэй нэгэн зэрэг www.shuud.mn сайтад нийтлүүлэв. Сэтгэгдэл? Мэдээж “шууд” хаачихсан. Тийм цэс байх ч үгүй.

Тэгвэл хамгийн олон уншигчтай гэгддэг gogo.mn  сайтад яаж нийтлүүлэх нь сонин байлаа. Хэд хоног азнаад тун бүтээлчээр сэтгэж “Бороо гоулд”-той холбоотой хэсгийг товч тайлбарлан оруулав. Гэхдээ “Төлбөртэй мэдээ” гэж бичээд С.Батболдын ярилцлага тойрсон пиарыг илчлээд хаячихжээ.

Сэтгэгдлийг яасан бол? Ингэсэн байна. Өөрөөр бол төлбөр төлөхгүй байсан биз.

Posted in "Өнөөдөр" сонин, Вэб сайт, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 2 Comments »

Х-ТҮЦ хамтлаг телевизүүдийг шүүмжлэв

Posted by Ажиглагч on 2011/02/05

Наадмыг санахгүй байна, харин шинэ жил, цагаан сарын өдрүүдэд телевиз сахихад хамгийн сайхан зугаа бол Х-ТҮЦ-ийн ээлжит хошин шог байдаг. Энэ цагаан сараар TV9 телевиз “Эгч дүүс” нэртэй шинэ хөтөлбөрийг үзүүллээ. “Гарын таван хуруу”-наас ч олон дүүтэй эгчийн (И.Одончимэг тогложээ) гэрт болсон  явдал.  Бүтэлтэй бүтэлгүй дүү нар нь цувран ирж мөнгө төгрөг нэхэн эрхэлж байтал бас нэг дүү нь цэцгийн баглаа тэвэрч телевизийн сурвалжлагч, зураглаач хоёрыг дагуулан орж ирлээ. “Баярлалаа” нэвтрүүлгийнхэн   гудамжинд тааралдаж цэцэг гардуулаад дагаж ирсэн гэнэ. Хэн нэгний хамт ойр дотнын хүн дээр нь гэнэтхэн очиж сюрприз барилцан баяр талархлын үгс, дуслах нулимсыг харуулдаг ийм нэвтрүүлэг UBS, C1 зэрэг хэдэн телевизэд байдаг санагдана.

Камер ажиллаж эгчийн тухай дуу эгшиглэж Аглуу дүү тэргүүлэн баахан хөгжөөсний эцэст сурвалжлагч залуу “Гоё болж байна. 15-20 минутийн нэвтрүүлэг бараг болчихно. За тэгээд тооцогоо хийгээд дуусгая даа” гэлээ. Цаашаа өрнөсөн яриа: 

– Төлбөртэй нэвтрүүлэг юм уу?

– Төлбөргүй юм гэж хаана байсан юм. Зах зээлд бүх юм төлбөртэй болсоон, миний дүү. 80 мянган төгрөг болно. Наад цэцгийг чинь 35 мянгаар авсан, та нар яахав 30 мянган төгрөг бодоод өгчих…

– Надад та нар өөрсдөө цэцэг…

– Бид ийм нэвтрүүлэг хийж мөнгө олдог юм ш дээ.

– Төлбөртэй гэж хэлэхгүй яасан юм бэ? Тэвэл би орохгүй л байх байсан  шдээ…

– Ямар сонин юм бэ? Мөнгө төгрөгийг асуухад яасан юм бэ?

Сайхан сэтгэлтэй Одончимэг эгч “Яахав яахав. Зөндөө гоё юм боллоо. Эгчийнхээ цүнхийг аваад ир. Өгнө өгнө” гэсээр мөнгийг нь төллөө. Яриа цааш хэсэг үргэлжлэв. 

– Хэзээ гарах юм бэ?

– Танайх кабельтай юу? Кабельтай бол юу яачих за юу… Цагаан сарын үеэр л гарах байх. Цагаан сараар та кабелиа солиод л үзээд бай. Бид хоёр монтажлах студээ олчих юм бол аль нэг телевизээр гаргачихна, за юу.

– Гарах юм уу?

– Гарнаа гарна. Та бүр гоё гарна.

– Ямар сувгаар гарах юм бэ?

– Аль нэг сувгаар нь гарна аа. Та сувгаа солиод л үзээд бай за юу…  

Ингэж санаандгүй X-ТҮЦ-ийнхэн манай телевизүүдийн нэг нууцыг задалчихав. Телевизэд ажилладагүй, студи ч байхгүй хоёр нөхөр мөнгө олж байгаагаар дүрсэлсэн ч жинхэнэ амьдрал дээр том телевизүүд өөрсдөө яг ингэж мөнгөөр баярлуулдаг билээ.  Бүр албан ёсны тарифтай. 

Монголын хошин шогийн №1  хамтлаг болох Х-ТҮЦ цаашид энэ мэтээр ахиухан “улс төржөөсэй”.  Хөгжилтэй, будлиу, согтуу, хазгар, тэнэг, ховдог, гэнэн, сагсуу жирийн монгол хүнийг бусад хамтлагуудын хамт заримдаа хүйсээ хүртэл сольж байгаад олон жил даапааллаа. Хөгжилтэй сайхан байлаа. Хэдэн сарын турш тоглоход Соёлын төв өргөө, МҮЭ-ийн Соёлын төв ордон зэрэг дүүрдэг урлаг болгож чадлаа. Харин одоо худлаа ярьдаг, хоосон амалдаг, шоуддаг (Байнгын хороодын хуралдааныг санацгаая!) улс төрчид, сайд дарга нарын ээлж болсон баймаар. 

Магадгүй хошин урлагийн жанрын хууль сэтгүүл зүйнхээс өөр байх. Гэхдээ л …

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар", TV9 телевиз | 3 Comments »

Рекламанд дарлуулсан “Зэрэг цохилох зүрх”

Posted by Ажиглагч on 2011/01/31

Энэ сард орой болгон UBS телевизээр оросын “Зэрэг цохилох зүрх” олон ангит кино гарч дууслаа. Үзэгчид киноны сайхнаас илүү реклам сурталчилгааных нь уртыг нь гайхан биширчээ.  Зөвхөн киноны дундуур биш, кино өмнө хойно пиг реклам. Үзэгчид кино эхлэхийг хүлээж дэлгэц ширтэн суугааг тааруулан бөөндөж шахдаг аж. Нэгдүгээр сарын 30-ны үдэш нэг иймэрхүү байлаа. 

Эхлээд мэдээ, сурвалжлагаасаа дутахааргүй олон реклам бизнес мэдээтэй “City news” сунжирч дуусав. Дараа нь?

22.03. Рекламууд эхлэв (20 минут үргэлжлэв)

22.23. “Зэрэг цохилох зүрх” кино эхлэв (10 минут үргэлжлэв)

22.39. Реклам эхлэв (18 минут үргэлжлэв)  

22.57. Кино үргэлжлэв (13 минут үргэлжлав)

23.10. Реклам эхлэв (16 минут үргэлжлэв)

23.26. Кино үргэлжлэв. (18 минут үргэлжлэв)

23.44  Кино дуусав

Араас нь реклам, “Шар айраг” хамтлагийн дууны клип (5 минут)

23.49. Business News нэртэй реклам сурталчилгааны нэвтрүүлэг (20 минут).  

(Бас 2011.01.22-ны  өдөр иймэрхүү байжээ. Эхлээд 30 минутын реклам явлаа. Дараа нь 23.32 – “Дышим вдвоем” кино эхлэв. 23.47- Реклам эхлэв. 00.07 Кино эхлэв. 00.24 – Реклам эхлэв. 00.43 – Кино эхлэв. 00.55 – Кино дуусав)

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 6 Comments »

Телевизийн зар сурталчилгааны хэмжээ 2010 онд хоёр дахин өсчээ

Posted by Ажиглагч on 2011/01/28

Дэлгэрэнгүй танилцуулгыг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in + ТЕЛЕВИЗ, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 7 Comments »

Сэтгүүлчдийг гарга! Камертай нь!

Posted by Ажиглагч on 2011/01/10

Оны өмнөхөн УИХ-ын чуулганыг сурвалжилдаг сэтгүүлчдийг нэгтгэсэн Парламентийн сэтгүүлчдийн холбоо УИХ-ын тамгын газрынхантай нийлж олон улсын “Найрамдал” зусланд сайхан амарчээ.  Эхлээд бие биенээ хэсэг магтаж дараа нь “Шонхор”, “Бүргэд”  багуудад хуваагдан спортоор өрсөлдсөн байна.

Гэхдээ энэ амралтын оргил үйл явдал нь Парламентын сэтгүүлчдийн холбооноос УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржид сэтгүүлчдийн ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч парламентын сэтгүүлчдийн бүтээлийг нэгтгэсэн товхимол, баримтат кино бүтээхэд дэмжлэг үзүүлсэн тул оны шагналаа гардуулжээ. Дахиад нэг өргөмжлөл!

Ингэж нялуурч байх тэр мөчид парламентын гал зууханд чанагдаж байсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөлд сэтгүүлчдийг байнгын хорооны хуралдаанд “камертай” байтугай камергүй ч оруулахгүй болж байгааг Шаравдорж дарга дотроо санаад хөх инээд нь хүрч зогссоноос зайлахгүй. 

Хамгийн эгзэгтэй хуулиудыг “амжуулдаг” тэр аргаар оны сүүлчийн өдөр УИХ-аар дэгийн тухай хуулийг гэнэдүүлэн батлуулав.  Өнөөдөр хамгийн ардчилагч, эрх чөлөөсөг гишүүд хүртэл ийм заалт орсныг санахгүй, “хэрвээ мэдсэн бол барьж аваад сэтгүүлч та нартаа тушаачихгүй юу?” хэмээн ярьж сууна.  Эрчим хүч хэрэглэгчид,  шударгаар татвар төлөгчид, сонгогчид, жирийн иргэд ордны гадна учраас дандаа чадуулдаг. Харин сэтгүүлчид аз таарч ордон дотор сууж байсан тул бөөн шуугиан дэгдээлээ. Ажил нь тэр юм чинь. Маргаашнаас нь байнгын хороодын дарга нарын хэвлэлийн хурлыг бойкотолж эхлэв. Тэд анх удаа улс төрчдөөс асуухгүйгээр хүчээ харуулав.

Яагаад? гэсэн асуултанд УИХ-ын гишүүд хариулахдаа, камер хараад өөрийн эрхгүй шоуддаг, улс төрждөг, бас хамраа ухдаг учраас гэснээс өөр тоймтой юм хэлээгүй. Хуруугаа хамраасаа аваад л шийдчих амархан асуудал. Улс төр бол хариуцлагатай, гэхдээ тэр чигээрээ шоу. Камер хараад хэл орж, хэл амаа билүүдсэн болгон муу биш. Хэн нь хэн болохоо харуулна. Улс төрчид мөртлөө улс төржихгүй байж болох уу?  Өөр нэг улс төрч – Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэгийн тухай хуулинд хориг тавиагүй хэрнээ УИХ-ын дарга  Д.Дэмбэрэл, байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар нарыг дуудаж хуулиа өөрчлөхийг үүрэгдэх далимаар бяцхан лекц уншиж “сайхан” шоудахыг харав.  Тэглээ гээд энэ гурвын уулзалтыг хаалттай хийх байсан уу?

Хэдэн жилийн өмнө УИХ-ын чуулганы хуралдааны танхимаас сэтгүүлчдийг гаргаж тусгай өрөөнд дэлгэцийн өмнө суулгасан бол яг одоо байнгын хорооны хаалгыг тас хаачихаад байна. Тэр ч бүү сэтгүүлчдийн туршлага, мэргэжил, боловсролыг харгалзан УИХ-аас нэр зааж сурвалжлах эрх олгоно гэсэн заалт оруулжээ. Арай л даварсан санаа. Энэ бүгдээс хандлага харагдаж байгаа биз?

Сэтгүүлчид салахгүй нэхсэний хүчинд Дэгийн тухай хуулийг бага сага засахаар боллоо. Яаж? Байнгын хорооны хуралдаанд хэвлэл мэдээллийнхэн та нар суугаад яахав, оронд нь бичлэг, эсвэл протоколыг өгье гэж магадгүй. Сэтгүүлчид бол түүхчид биш юмсан. Эсвэл камергүй ороод сууцгаа гэж болох… Харамсалтай нь энэ бүхнийг ажлын хэсэг, байнгын хороогоор хаалттай хэлэлцэнэ. Дараа нь нэгдсэн хуралдаан дээр “цагаан утас” ажиллуулж гаднаас дуудлага авахгүй л юм бол саналаа хэлэх бас л боломжгүй. 

Санаснаас, парламентын сэтгүүлчдэд халамжтай нөгөө дарга хаачив аа? Өргөмжлөлөө буцааж авалтай.

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар", Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

Батболдгүйгээр нар харахуй…

Posted by Ажиглагч on 2011/01/03

Шинэ оны анхны өглөөний нар харах ёслол Улаанбаатар хотоос баруун урагшаа 100-аад км-ын зайтай Хангай өртөөнд болдог. Голдуу жирийн иргэд, бас жуулчид баярын шөнө унтахгүйгээр, эсвэл хугаслан босч 05.30-аас вокзал дээрээс галт тэргэнд сууж явсаар тэнд хүрч 8 цагаас хойхно намхан уулсын цаанаас улаан наран өндийхийг нүд салгалгүй ширтэхдээ өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж өөдрөг сайхныг бясалгаж зогсдог учиртай юм. Ийнхүү хэсэг бужигналдаад дахин галт тэргэндээ сууж буцдаг уламжлалтай. 

Харин энэ жил Ерөнхий сайд С.Батболд бараа бологсодтойгоо тэнд заларч төрийн далбаа мандуулснаар бас нэгэн тахилга болгон хувиргав. Яах гэж? Телевизээр гарах гэж!  Тэр өдөр, үдшийн телевизийн сурвалжлагуудыг  үзэхэд нар бүдэгдүү, харин Ерөнхий сайд тод сайхан харагдав. Нар тэнгэрт дув дуугүй мандаж (түүнд гарч орохоос өөр хийдэг ажил байх биш) төдөлгүй дэлгэцнээс хасагдсан бол Ерөнхий сайд Засгийн газрынхаа  хийсэн ажлын тайлан, бас зорилтыг багтаасан мундаг үгээрээ түүнийг орлов.

Ядахдаа нарыг С.Батболдгүйгээр хардаг байхсан. Бас тэртээ тэргүй мандах нарыг заавал тийшээ очихгүйгээр Улаанбаатартаа хардаг болохсон.

Ерөнхий сайд буцахдаа Улаанбаатар өртөөнд “саатаж” Монголын төмөр замын ажлыг дүгнэсэн цуглаан хийж илтгэл тайлан өрнүүлсэн байна. Яах гэж? Бас л телевизээр гарах гэж! Тэрнээс биш төмөр замын шинэ дарга Очирхүүг дуртай цаг, минут, секундэд дуудаж илтгэлийг нь сонсож үүрэг даалгавар өгч чадахсан.

Хэдхэн цагийн өмнө буюу 2010 оны сүүлчийн үдэш.  Айл өрх бүр шинэ оноо угтахаар бэлтгэж байсан 21-22 цагийн үед МҮОНТ-ийн дэлгэцийг Ерөнхий сайд С.Батболд бүтэн цаг гаруй эзэгнэж нөгөө ярьдаг юмаа мянга нэгдэх удаагаа давтах нь тэр.  Бид сонсохоос залхаж байхад тэр ярихаас залхдаггүй юм байна.

Баярын өдрүүдэд олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн үндсэн хэсэг нь Засгийн газар, яам, агентлагуудын 2010 оны ажил, 2011 оны зорилтыг тоочсон тайлбарууд байжээ. 12-р сарын 31, 1-р сарын 1,2-ны үдэш сайд, дарга нар албан өрөөндөө МҮОНТ-ийн сурвалжлагчийг хүлээн авч ярилцлага өгч харагдсан гээд төсөөл дөө! Гэхдээ гол дүр нь С.Батболд өөрөө. Зурагтаар гарсан шинэ жилийн бүх арга хэмжээ, өргөмжлөл гардуулах ёслол, найр наадмын оройд тэр заларч байв.

Тэрбээр үүгээрээ он солигдох мөчид ард түмэндээ хандаж үг хэлэхдээ аяга сүү өргөж шоудсан (арай дэндэнэ ээ! Оргилуун дарс уугаад согтсон, архинд орсон хүн гэж сонсоогүй юм байна) Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүртэл ардаа орхиж чадлаа.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 2 Comments »

“Шилдэг улс төрч” хэмээх дон

Posted by Ажиглагч on 2010/12/30

Засгийн газрын хэвлэлийн албанаас тараасан “Ерөнхий сайд болон түүний “цэргүүдийг” шилдгээр тодруулжээ” гэсэн уран сайхан гарчигтай хэвлэлийн мэдээ “Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг 2010 оны шилдэг улстөрч хэмээн тодруулжээ” гэж эхлээд “Монголын Сайтын холбоо, “Өөрсдийнхөө төлөө өөрсдөө” төрийн бус байгууллага, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тандалт судалгааны төвөөс шалгаруулсан энэхүү шилдэг 10 улстөрчийн жагсаалтад Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд С.Баярцогт нар багтжээ. Хамтарсан Засгийн газрын дөрвөн сайд оны шилдэг улстөрчөөр шалгарсан нь энэ Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа олон нийтэд хүрч, иргэдийн амьдралд ойрхон тусч байгаагийн илрэл гэж зохион байгуулагчид үзэж байгаагаа “Шилдэг, шударга 10 улстөрч”-дөд өргөмжлөл гардуулахдаа хэллээ” гэсэн байна.

Ямар учиртай судалгаа болохыг сонирхож бяцхан хайлт хийгээд зарим сонин хачин зүйлийг анзаарав. 

Нэгдүгээрт, Ерөнхий сайд C.Батболд зөвхөн хоёрдугаарт орсон юм байна. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүлжээ.  Засгийн газрын мэдээнд энэ тухай огт байхгүй. Бүрэн жагсаалт энэ байна:

1. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2. Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд
3. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан С. Баяр
4. УИХ, ЗГ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг
5. УИХ, ЗГ-ын гишүүн, Сангийн сайд С. Баярцогт
6. УИХ, ЗГ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболд
7. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх
8. УИХ-ын гишүүн, УИХ дах АН-ын бүлгийн дарга Ч. Сайханбилэг
9. УИХ-ын гишүүн, З.Энхболд
10. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Лу. Гантөмөр

Хоёрдугаарт, зүгээр нэг шилдэг биш, харин “Шилдэг, шударга улс төрч-2011” гэсэн шагнал юм.  Харин Засгийн газрын хэвлэлийн алба “шударга” үгнээс ичингүйрч эхэндээ шууд хасч сүүлдээ хальт дурьдсан нь зугаатай. Дэргэд нь байдаг хүмүүс илүү сайн мэддэг биз ээ. 

Гуравдугаарт, “Ард түмэн, сонгогч олны холч ухаан, үнэнийг олж, учрыг тунгаадгийг мэдэрсэн 60 мянга гаруй иргэд дотоод, гадаадаас энэ удаагийн онлайн сайтуудын судалгаанд идэвхтэй оролцсон” гэхчлэн танилцуулсан судалгааг зохион байгуулсан Монголын Сайтын холбоо, “Өөрсдийнхөө төлөө өөрсдөө” төрийн бус байгууллага, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тандалт судалгааны төвийн хаяг, танилцуулга олдсонгүй. Нууц байгууллагууд бололтой. Тэр судалгааны материалыг үзэхсэн.    

Дөрөвдүгээрт, шагнал гардуулж байгаа хүмүүсийн дунд ноднин Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Н.Энхбаярын сурталчилгааг TV9 телевизээр явуулж хөглөсөн Цогтгэрэл байхаа, тэр залуу харагдана.

Сонгууль ч дөхлөө. Хэдэн залуу худлаа нээрээ юм зохиож томчуудтай гар барьж тодрохыг хүссэн биз. Тэглээ гээд манай төрийн өндөр албан тушаалтнууд тэдний зоргоор, судлахгүйгээр, илт бялдууч өргөмжлөлөөс огт сэжиглэхгүйгээр Төрийн ордонд ярайтал номхон зогсчихсон, хүндэтгэлтэйгээр угтан авч хамтдаа хөөрцөглөх юм даа. 

Read the rest of this entry »

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 5 Comments »

Хүч тэнцвэргүй …

Posted by Ажиглагч on 2010/12/26

2010 оны зун Work and Travel USA хөтөлбөрөөр монголын 1300-аад оюутан ямар ч байсан Америк явсан боловч урьдчилан тохирсон ажил нь худлаа байснаас болж хэдэн сарыг Work ч биш Travel ч биш өнгөрүүлсэн юм. Үүнийг Америкт суугаа монголчууд мэдэж нэвтрүүлэг бэлтгэсэн нь Интернэтэд тавигдаж бас монголын зарим сувгаар гарснаар тэднийг зуучилсан компаниуд хэрхэн хулхидсан нь ил болсон. Хохирсон оюутнууд намар эх орондоо ирээд уучлал, хариуцлага нэхсэн ч тэгэсхийгээд замхрав. Их дээд сургуулийн удирдлага, оюутны холбоод таг дуугүй өнгөрсөн.  

Дөрөвдэх засаглал яав? Ганц нэг сонин, телевиз эхэндээ “сонирхоод” дуугарсан ч удалгүй нэг талд оржээ. Бусад оронд зуучлагч компаниуд нэг оюутнаас ганц, хоёр зуун доллар авдаг бол манайд 1000-аас дээш доллар хурааж цулайсан компаниуд телевиз, сонинуудыг захиалгат нэвтрүүлэг, ярилцлага, нэр хаяггүй нийтлэлээр шууд л худалдаад авсан.

Work and Travel бол АНУ-ын олон улсын хөтөлбөр бөгөөд манай зуучлагч компаниуд оюутны материалыг бүрдүүлж явуулаад ажлын байрны баталгаатай санал ирмэгц визэнд оруулдаг. Гэтэл оюутан бүрээс унагах 1000 долларт шунаад хагас дутуу, хүчингүй ажлын саналаар оюутнуудыг, бас АНУ-ын ЭСЯ-ыг мэхэлсэн байдаг. Ингээд Америкт очоод ажлын байргүйгээ мэдсэн оюутнууд Атланта нэртэй хот руу “тэрэг түрэх”-ээр хэдэн зуугаараа цувсаныг бид харсан. 

Одоо 2011 оны Work and Travel USA хөтөлбөрийн бүртгэл эхэлжээ. “Open World үзүүлж байна” нэвтрүүлгээр өнгөрсөн зун Америкт очоод ажил олсон оюутнуудын яриаг дахин дахин гаргасаар. Бас Prince World нэртэй компанийн захирал өглөөний хөтөлбөрөөр орж алтан гургалдай шиг донгодов. Ноднин зуны явдалд санаа зовсон шинж өчүүхэн төдий ч алга. Ичиж зовохоо мартсан компаниуд зуучлалын хөлсөө бүр нэмсэн сурагтай.

Хэд хоногийн өмнө МУИС-ын хичээлийн байрны үүдэнд ийм нэгэн сэрэмжлүүлэг наасан байлаа. Ядруухан, бүр арга ядсан шинжтэй, утас, хаяг ч алга.

Тэгвэл зуучлагч компаниуд ямар том хүчээр довтолж байгааг дор үзнэ үү. Лав МУИС-ын оюутнуудад зугатах газар алга. Энэ бол зөвхөн гудамжинд ил харагдсан нь шүү! 

Read the rest of this entry »

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 8 Comments »

Өдөр бүр зөрчиж хааяа нэг торгуулдаг. 250 мянга хүртэл …

Posted by Ажиглагч on 2010/09/18

Урьд нь архи, шар айргийг хэвлэл мэдээллээр сурталчлахыг бүрэн хориглосон юм шиг байхад ч, “25-р суваг” телевизийн захирал байгаад УИХ-ын гишүүн болсон З.Алтай ноднин архины компаниудтай хавсайдаж 22-06 цагийн хооронд шар айргаар гайхуулахыг зөвшөөрдөг болгосны дараа ч телевиз, сонинууд дураараа сурталчилсаар ирсний шалтгаан нь хууль зөрчсөний төлөөх торгууль ердөө 250 мянга хүртэл  төгрөг байсных юм.  

Хяналтыг хариуцдаг байсан Оюуны өмчийн газар хэдэн сараар дуугүй харж суугаад жилдээ ганц хоёр удаа “250 мянга хүртэл” (50 мянга ч байж болох) төгрөгөөр торгосон болж, ихэнхдээ торгох тухайгаа анхааруулсан ярилцлага өгөхөд нь телевизүүд араас нь архины реклам оруулж даапаалдаг, “сайн дураараа нэмж торгуулахсан” гэж тавладаг гэсэн. 

Хэрвээ Оюуны өмчийн газрынхан “250 мянган төгрөгийн торгууль багадаад байна, энэ бол хуулийн аймаар том цоорхой”, “Хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай”  хэмээн хоосон шогширч суухын оронд ил, далд сурталчилсан архи болгоны төлөө биш юмаа гэхэд нэг өдрийнхийг багцлаад 250.000 мянгын торгуулийг өдөр бүр бичдэгсэн бол амархан журамлаж болох байсан…

Өнгөрсөн зун Өрсөлдөөний тухай хууль шинээр батлагдсантай холбоотойгоор Зар сурталчилгааны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, хууль бус сурталчилгааг захиалагч байгууллага, аж ахуйн нэгж, гүйцэтгэгч болон хэвлэн нийтлэгчдийг тус бүр 10 хүртэл сая төгрөгөөр торгодог байхаар заажээ.

Манайд компаниуд хуулийг яаж ашиглахаа, харин төрийн яам, агентлагууд яаж ашиглахгүй байхаа сайн мэднэ.  Жишээлбэл, 10 хүртэл сая гэдэг бол буцаад 250 мянга ч байж мэднэ. Бас Зар сурталчилгааны хуулийг сахиулах үүрэгтэй болсон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өөрсдөд ногдсон хуулиудыг хүчин төгөлдөр болсон, болоогүй гэж зунжин мэтгэлцсэн бол саяхнаас дэндүү нухацтай судалж, энэ судалгаа дахиад хэдэн жил үргэлжилж магадгүй гэнэ.

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | Leave a Comment »

Амайн аян замын бичлэг зурагтаар гарах уу?

Posted by Ажиглагч on 2010/05/16

2005 оны 11-р сараас хойш дөрвөн жил  хагасын турш Ази, Европ, Африкийн  55 орноор явган голдуу аялаад ирсэн Амай хэмээх Ж.Золбаярын бичлэг, эсвэл түүгээр хийсэн нэвтрүүлэг аль нэг телевизээр гарах болов уу гэтэл үгүй бололтой. Түүнийг замд явахад аав нь ийм нэгэн ярилцлага өгч байжээ. 

-Хэрвээ хөрөнгө мөнгө нь байсан бол мэдээж телевизийн нэвтрүүлэг бэлтгэх хүсэл байсан байх?

-Тэгэлгүй яах вэ. Камер авч явсан л даа. Тэгээд гадагшаа гарсан хойноо нэлээд хэдэн бичлэг хийгээд нэг телевиз рүү хамтарч ажиллах санал тавьж ярьсан юм билээ. Үнэхээр хүмүүс сонирхож үзнэ гэдэгт Амай итгэлтэй байсан. Гэтэл нөгөө телевиз нь мөнгө нэхэж, төлбөртэй гаргана гээд л урмыг нь хугалчихсан. Тэгээд камер хэрэглэхээ болиод фото зураг авч эхэлсэн. Одоо фото фонд нь хэдэн мянган зурагтай болсон. Фотогоороо аяллынхаа дүр төрхийг харуулж яваа даа.

Би бүр телевизүүд булаацалдаж мөнгө төлөөд үзүүлэх байх гэж бодож байлаа. Ийм бэлэн “сурвалжлагч” ямар ч зардал гаргалгүй явж байхад… 

Read the rest of this entry »

Posted in + ТЕЛЕВИЗ, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 1 Comment »

Зарлал: Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллээ байршуулна уу

Posted by Ажиглагч on 2010/03/10

Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг http://www.televiz.mn, http://www.khevlel.mn, http://www.radiostants.mn сайтуудад мэдээллээ байршуулахыг урьж байна.

           

Posted in + РАДИО, + СОНИНУУД, + СЭТГҮҮЛ, + ТЕЛЕВИЗ, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 1 Comment »

МҮОНТ манлайлав

Posted by Ажиглагч on 2009/12/06

Ням гаригийн үдэш хачин юм болж МҮОНТ 18 цаг 40 минутаас хөтөлбөртөө зарласан “Амьдрал ISO-д дуртай” гэсэн халамцуу нэртэй, тодруулбал, “Сэнгүр” шар айргыг сурталчилсан нэвтрүүлгээ цуцалжээ. Олон нийтийн радио, телевизийн тухай болоод Архидан согтуурахтай тэмцэх хуулиудийн заалтыг зөрчихөө больж ариун мөрийн замд оров уу?

Даанч тэгсэнгүй. Оронд нь “Энержи ресурс”-ын захиалгат нэвтрүүлгийг гэнэдүүлэн цацаж Ухаа худгийн төлөөх телевизийн сурталчилгааны кампанийг манлайлав. Өмнөх Бямба гаригийн өглөөний “Ярилцья” нэвтрүүлэг ахмад дипломатч, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, тус компанийн гүйцэтгэх захирал Батцэнгэл хоёрыг урьсан бол  тэр үдшийн “Цагийн хүрд”  мань хоёрыг Ухаа худаг дээр зогсоож байгаад яриулжээ.

Түрүүчийн амралтын өдрүүдээр арилжааны телевизүүд “Энержи ресурс”-ийн төмөр замыг эсэргүүцсэн нэвтрүүлгээр дүүрсэн байсан бол энэ Бямба, Ням гариг “Энержи ресурс”-д бүрэн эзлэгдэж, уул овоо шиг их ажил хийсэн Ухаа худаг уурхайн төслийн магтаал, бас саяхан Ухаа худагт баяжуулах үйлдвэрийн шав тавих ёслолд оролцсон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Баярсайхан тэргүүтэй гишүүдийн амнаас унасан сайшаалын үгсээр зүйсэн  хоёр янзын нэвтрүүлгийг зэрэгцүүлэн үзүүлж ах телевизтэйгээ хүч нэгтгэв. Үүний тулд телевизүүд хөтөлбөрөө уухайн тас өөрчилж “Энержи ресурс”-ийн хүссэн цагийг гаргаж өгчээ.

Одоо олон нийтийн ба арилжааны телевизийн ялгааг олно уу.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 1 Comment »

“Энержи Ресурс”-ийн телевиз үү?

Posted by Ажиглагч on 2009/12/05

Ухаа худгаас урагш тавих төмөр замыг тойрсон маргаанд МҮОНТ одоогийн байдлаар “Энержи ресурс”-ийн талд байна. Тус компанийн захиалгат нэвтрүүлгийг ямар ч нэр хаяггүйгээр үе үе хулгайгаар үзүүлсээр. Хэд хоногийн өмнө бусад хэвлэл мэдээллийнхэнтэй хамт Ухаахудагт очсон сурвалжлагаараа “Энержи ресурс”-ийн ажлыг зогсоох нь бодитой болбол олон тэрбум төгрөгийн хэрүүл зарга босох нь тодорхой” хэмээн тэдний өмнөөс анхааруулж байв. “Өмнөговь аймгаас Хятад улс руу төмөр зам тавихаар нэгэнт эхлүүлсэн ажлыг зогсоох нь зүйтэй гэсэн агуулга бүхий захиалгат нийтлэл, нэвтрүүлэг гарах болсон” тухай дурдсан ч тэр байр суурь, баримт нотолгоог огт сонирхоогүй, “Нээлттэй хэлэлцүүлэг”, “Би чадах уу?” зэрэг хоосон бөгөөд хайран ярилцлагуудаараа мэтгэлцүүлэх болов уу гэтэл таг чиг. Захиалга ирээгүй учраас тэр биз.

Бямба гаригийн “Ярилцъя… үйл явдал, тойм, тайлбар” шууд нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Энхбат хоёроор 15 минут жийрэглэж байгаад Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Батцэнгэл хоёртой 30 минут ярилцлаа. “Атаархал төрийн бодлого болж болохгүй” гэх мэтээр, бодвол Х.Баттулгад хандаж суугаа ахмад дипломатч маань “Таван толгой”-г сэмхэн авчихсан байсан “Энержи рессурс”-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн анхны даргаар ажиллаж байгаад хэсэг хугацааны дараа МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлд томилогдсоны хэрэг ч гарлаа. Хөтлөгч Ц.Мөнхтөр “Энэ замыг тавиулахгүй байх сонирхол байна уу?” зэрэг асуултаар тусалж сайхан яриулав.

Төгсгөлийн хэсэгт “Норовбанзад” сангийн тэргүүн нэрээр оролцсон Б.Дэлгэрмаа (МҮОНТ-д онц эрхтэй энэ улс төрч хэд дэх удаагаа ч “Ярилцав” даа!) “Сая Гомбосүрэн гуайн ярьсан төмөр замын асуудлаар үнэн мөнийг хэвлэл мэдээлэл хэлж өгмөөр байна” гээд хэн нэгнээс нэхээд байх юм. Хэвлэл мэдээлэл нь өөдөөс хараад сууж байхад шүү!

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | Leave a Comment »

Реклам: Нэрээ солиход ч бэлэн

Posted by Ажиглагч on 2009/11/13

Ойрд телевизүүдээр зогсоо зайгүй үзүүлж байгаа “Орбит” бохины рекламын энэ клип маш зугаатай санагдлаа.

Orbit01 Read the rest of this entry »

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 6 Comments »

Архи, пивоны компаниуд ба телевизүүд хуулийн хоригийг цуцлаад байна

Posted by Ажиглагч on 2009/07/14

Наадмаар согтууруулах ундааны сурталчилгаа телевизийн дэлгэцнээ сад тавьж найр болж хувирлаа. Яваандаа найр хавтгайрав бололтой, 22 цагаас өмнө ба 18 градусаас дээш “болохгүй” гэсэн хоригийг архи пивоны компаниуд ба телевизүүд “мэдээд” буюу тохиролцоод цуцалсан байх юм.

Наадмын хэдэн үдэш ихэнхдээ 22 цагаас өмнө“Жем Интернэйшнл”, UFC, “Морьтой Чингэс”, “Чингэс” (18 граудсаас зөөлөн архинууд юм байх даа?), “Жалам хар”, “Сэнгүр”, “Алтантүрүү”-гийн шинэ шинэ клипүүд эрээлжилж АПУ, “Спирт, бал бурам” болон бусад компаниуд баярын мэнд хүргэж сайхан наадахыг ерөөж салсангүй. Мэдээ  сурвалжлаган сурталчилгаанууд зөндөө. Маргааш өглөө нь бүгдийг давтаж үзүүлэв. (Хуулиар бол 06 цагт зогсоох ёстой).

Сэтгүүлч Ш. Гүрбазарын “Алтантүрүү” архийг сурталчилсан клипэнд тоглож (олон нийтийн телевизийн хуулиар хориотой) арилжааны телевизүүдээр гаргасан орлого чамлалтай санагдсан бололтой наадам дууссаны дараа МҮОНТ-ийнхээ “Гэрэлтэй цонх”-он дээрээ лого тавьж байгаад бөхийн хууч дэлгэв. “Алтантүрүү” 40 градусын архи байснаа төрөл арилжиж шар айраг болсон юм уу?

P.S: MTC компанийн Ice брэндийн “бүтээгдэхүүн”-ийг наадмын өмнөхөн юутай хамтатгаж яаж сурталчилсныг мэдсэн үү? Таныг мэдээгүй өнгөрөх вий гэж санаа зовсон телевизүүд нөхөн үзүүлэхгүй хаачихав. Нэгэн зэрэг. Команд авсан мэт.

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 2 Comments »

22 цагаас өмнө…

Posted by Ажиглагч on 2009/07/09

Бараг ижил зорилготой архи, [шар] айрагны компаниуд ба телевизийн эздийн лоббинд дуртайяа автсан УИХ-ын гишүүд Зар сурталчилгааны болон Архидан согтуурахтай тэмцэх хуулийг засварлаж өгснөөр 18-аас доош градустай согтууруулах ундаа, шар айргийг хэвлэл мэдээллээр сурталчлахыг зөвшөөрсөн билээ. Гэхдээ телевизээр бол 22-06 цаг, харин сонин хэвлэлээр долоо хоногт ганц удаа.

Эздэд энэ хамаагүй. Тэдэнд зөвхөн сиймхий хэрэгтэй. Урьд нь хуулийг зөрчиж дураараа сурталчилж ирсэн бол одоо “бараг” зөрчихгүйгээр хүссэн цагтаа, хүссэн градустай сурталчилгаа явуулах эрхээ олж авчээ. Хугацаа, градус хоёрыг хэтрүүлээ л биз…

Сонины хуудсууд архи, пивээр хэдийнэ нэвчсэн бол телевизийн дэлгэц дээр үзэгчдийн сайхан наадах эсэхэд санаа зовсон согтууруулах компаниуд ээлж дараалан байраа эзэллээ: Жем Интернэйшнл, UFC…. Морьтой Чингэс дээр юм байна. Маргааш ажилтай шүү дээ!!!… [Зүгээр] Чингэс … Хан тэнгэр шиг харчууддаа зориулав. Жалам хар… “Арвай” унаагүй байна шүү?…

Тэгээд ихэнхдээ 22 цагаас хамаагүй өмнө гарч байх юм. Нөгөө шинэхэн засагдсан хууль арвай шууд биш будаа болох нь тэр.

Манай арилжааны телевизүүд дүүрчээ. Тэгвэл олон нийтийн телевиз?

МҮОНТ-ийн 2009.07.06-ны хөтөлбөрт 18.25-18.55. “Дэлхийн бренд Монголд 2 жил” гэсэн нэвтрүүлэг зарласан нь “Тайгер” шар айрагны сурталчилгааны нэвтрүүлэг байлаа. Юм болгонд далдагнаж явдаг Ц.Ганхүү нэртэй “од” хөтөлж “Тайгер”-аар ивээн тэтгүүлсэн учраас үгүй гэх эрхгүй хэсэг хүмүүсийг шахаж баахан магтуулаад сүүлдээ яриандаа согтож “… Тайгер” үйлдвэр бол нийгмийн хамгийн хариуцлагатай компани … Тайгер Монголын хөгжилд их хувь нэмэр оруулж байна… Бидний зүгээс, үзэгчдийнхээ зүгээс “Тайгер” брэндийн хамт олон хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!” гэж төгсгөсөн. Тэрбээр өөрөө Тайгер хавьд ажилладаг байх шүү. Бас нэг нөхөр: “Сая УИХ-дээр 18 градусаар бага согтууруулах ундаагаар урлаг спортыг дэмжих хэрэгтэй гэсэн маш зөв санаа гарсан” гэж магтсан.

МҮОНТ-ийн 2009.07.09-ны хөтөлбөр. 18.30-19.30 “Анхны мөнгөн медальт” гэсэн нэвтрүүлэг орсныг үзтэл, “Сэнгүр” шар айрагны ямар нэгэн ой, бас Австралийн үзэсгэлэнгээс мөнгөн медаль хүртсэн үйл явдалд зориулсан сурталчилгааны нэвтрүүлэг байлаа.

Арилжааны ба олон нийтийн телевизийн хооронд ялгаа алга.

Posted in + ТЕЛЕВИЗ, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 2 Comments »

Ер нь хязгаарлаад яах юм?…

Posted by Ажиглагч on 2009/06/26

Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Зар сурталчилгааны тухай болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулж 18 хувиас бага градустай дарс, шар айргийг телевизээр оройн 22 цагаас өглөөний 06 цаг хүртэл, харин өдөр тутмын сонинд долоо хоногт нэг нүүрний 50 хувиас хэтрүүлэхгүйгээр, харин вэб сайтаар зоргоороо сурталчлахыг зөвшөөрсөн тухай мэдээлэв.

Ийнхүү эрхэм гишүүд маань шар айраг, дарс уусан хүмүүс шууд гэртээ харьж унтдаг, харин 40 градусын архи уувал тас үсрэнэ, тэгээд архичин болно гэдгээ мэддэггүй тэнэг сонгогчдоо ухуулж сэнхрүүлэх шаардлагатай талаар эхний хундагнийх шиг сайхан үгсийг хаваржин урсгаж байгаад Монгол орны өмнө “асар тулгамдсан” уг асуудлыг эдийн засгийн хямрал, банкны дампуурал, Оютолгойн гэрээнээс өмнө хичээнгүйлэн шийдэж өглөө.

Анх хязгаартай сурталчлах хуулийн төсөл оруулж ирснээ яг хэлэлцэх болохоороо “Ер нь хязгаарлаад яах юм?” хэмээн дуугарч эхэлсэн. Хамгийн сүүлчийн хэлэлцүүлэг дээр Лу.Гантөмөр гишүүн “Сонинуудыг хагас нүүрээр хязгаарласан нь тэднийг хохироож байна” гэж гомдоллоход байнгын хорооны дарга Жакей “Асуудал цаашдаа нээлттэй“ гэж дэмжиж харагдсан. Захиалга өгсөн архины компанийн захирлууд ба хэвлэл мэдээллийн эзэд ч “энэ бол зөвхөн эхлэл” гэдгийг мэдэж байгаа. Зарим нь бүр тэгэж ярьж суусан.

Архи, тамхины сурталчилгаа бол бусад оронд халуун маргаан дэгдээж байж зөвшилцдөг асуудал. Харин манай УИХ ямар ч нотолгоо, тооцоо судалгаа үзүүлэхгүй, хуулийн төслийг олон нийтэд танилцуулж санал бодлыг сонсохгүй байсаар шийдлээ.

Хэвлэл мэдээлэл таг дуугүй байв. Эргэлзсэн ганц үг ч хэлэгдсэнгүй.  Юу бичиж нийтлэхийг уншигч, үзэгч, сонсогчдын өмнөөс сэтгүүлчид биш зөвхөн эзэд, реклам захиалагчид шийддэгийн бас нэг нотолгоо.

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 1 Comment »

Хэдхэн хоног тэсэхгүй байна

Posted by Ажиглагч on 2009/06/16

Алимтай “Хараа” нэртэй ууж хэрэглэдэг бүтээгдэхүүний сурталчилгааг зөвшөөрсөн хоёрын хоёр хуулийн өөрчлөлт өнөө маргаашгүй батлагдахаар дуншиж байгаа ч манай хэвлэл мэдээлэл “тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв” болж байх шиг. Аль хэдийнэ сонинуудыг дүүргэсэн алимтай “Хараа” одоо зарим телевизийн дзлгэцэн дээр хундаглагдах болжээ. Тэгэхдээ хууль батлагдсан ч хориотой байх учиртай 22 цагаас хамаагүй өмнө!

Олон нийтийн телевиз ч гэсэн энэ найрнаас хоцорсонгүй. 16-ны оройн хөтөлбөртөө “Шинэ технологи, шилдэг бүтээгдэхүүн” гэдэг шинжлэх ухаанч нэртэй нэвтрүүлэг зоосон нь нь АПУ хувьцаат компанийн “Натур агро” хэмээх спиртийн үйлдвэрийн тухай сурталчилгаа байв. Тэр спирт нь хүний биед ямар ч хоргүй төдийгүй ашигтай гэсэн шүү! Улмаар АПУ-гийн зарим “бүтээгдэхүүн”-ийг магтсаар дуусгасан энэхүү эрүүл мэндийн нэвтрүүлгийг бүтээгчид нь нэрээ нуухаа мартаагүй юм.  Бас “Цагийн хүрд”-ээрээ АПУ-г сурталчилгааг сурвалжлагаар явуулж даруулахаа ч мартсангүй.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | Leave a Comment »

Алимтай “Хараа”

Posted by Ажиглагч on 2009/06/10

Өчигдөр өдөр тутмын зарим сонины тэргүүн нүүрэнд “Алимтай хараа” худалдаанд гарсан тухай сурталчилгааг нийтлэгджээ. Алим жимс харуулаад байхад л уншигчид ямар учиртай “бүтээгдэхүүн” болохыг шууд таньж байна. Жинхэнэ нэр нь алимтай “Хараа” юм шүү. Манайд согтууруулах ундааны сурталчилгаа ийм өндөр түвшинд хүрчээ.

Гэтэл УИХ-ын гишүүд багадаад байна гэж үзээд Зар сурталчилгааны болон Архидан согтуурахтай тэмцэх хуулинд өөрчлөлт оруулж 18 градус хүртэлх шар айраг, бусад согтууруулах ундааг телевизээр үдшийн 22 цагаас 06 цаг хүртэл, сонинд долоо хоногийн нэг өдөр сурталчлахыг зөвшөөрөх гэж байна. Үүнийхээ төлөө байнгын хороодын хуралдаан дээр гайхалтай сонин зүйл ярьцгаав. Э.Бат-Үүл гишүүн “Манай хэвлэл мэдээлэл улс төрийн сонгуулиар л жаахан мөнгө олдог учраас худалдагдаад байгаа юм. Бага градустай архиар мөнгө олдог бол тэгэхээ болино” гэв. Шунах, согтуурах хоёрт хязгаар үгүй гэдгийг тэр мартжээ. 2012 оны сонгуулиар телевизийн захирлууд улс төрчдийн сарвайсан боодолтой мөнгийг “Уучлаарай. би шар айраг, бага градустай архинаас хангалттай мөнгө олдог” гээд буцаахыг харахаас. Ч.Сайханбилэг гишүүн “Би ардаа архины үйлдвэргүй, хэвлэл мэдээлэлд хувьцаа эзэмшдэггүй” гэж шударгаа гайхаад “Согтууруулах ундааны сурталчилгааг хоёрын хооронд хагас дутуу зөвшөөрөөд хэрэгггүй. Бүрэн чөлөөлөх хэрэгтэй” гэсэн санал дэвшүүлэв. MCS-д нь ямар их таалагдаа бол?

Архи, шар айрагны үйлдвэрүүд, хэвлэл мэдээлэл эрвийх дэрвийхээрээ дэмжиж байна. Өчигдөр орой “25-р суваг” телевизээр “шар айраг”-ын Ганхүү согтууруулах ундааг хориглох нь буруу гээд 1930-аад оны Америкийн “хуурай хууль”-иар айлгасан бол өнөө өглөө UBS телевизийн “Цай юу, кофе юу?” нэвтрүүлгээр “Чингэс шар айраг компанийн Очирхуяг захирал бас л дээрх санааг давтаж, бас чанартай “бүтээгдэхүүн”-ийхээ ач тусыг эрдэмтдээр яриулж өгөхөө амлав.

Хуулийн өөрчлөлтүүд УИХ-аар ямар ч саадгүй батлагдах нь тодорхой болжээ. Тун удахгүй 22 цагаас хойш телевиз болгоноор хүүхэд, залуучуудад зориулсан “соёлтой хэрэглээ”-ний дамжаанууд нээгдэнэ (Эсвэл тэднийг үдшийн үлгэр үзээд 21.59-д орондоо ордог гэж бодсон уу?). Тэгээд эрхэм гишүүдийг “Алимтай хараа юу, шар айраг уу?” нэвтрүүлэгт эрхэм гишүүдийг урих буйзаа.

Бүх архидалт соёлтой эхэлдэг.

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 7 Comments »

Архины сурталчилгааг тэд мэднэ

Posted by Ажиглагч on 2009/06/02

Өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн З.Алтай, Р.Амаржаргал, Ж.Сүхбаатар, Д.Энхбат, З.Энхболд нарын хэсэг гишүүд санаачлан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг засварлаж пиво, хатуулаг багатай дарсыг шөнийн цагаар телевизээр сурталчлахийг зөвшөөрөх хуулийн төслийг боловсруулсан нь явсаар Хууль зүйн байнгын хороог давж УИХ-ын нэгдсэн хуралдаанд тулж очоод байна.

Эрхэм гишүүд төрийн бодлогын ямар агуу “чухал” асуудалд хууль санаачлах хүртлээ санаа зовов оо? “25-р суваг” телевизийн захирал З.Алтай архины рекламыг хүссэнээрээ явуулж чадаагүйгээс асар их орлого алдсан олон жилийн “шар”-аа ноднин УИХ-д оронгуутаа тайлж дээрх хуулийн төслийг санаачлан зүтгүүлсэн санагдана. Одоо бөөнөөрөө болжээ. Согтууруулах ундааны сурталчилгааг бүрэн хориглосноос болж далд аргаар сурталчилж, улмаар чанаргүй архийг ихээр ууж, согтуугаар гэмт хэрэг үйлдээд байна хэмээн тайлбарлаад одоо пиво, дарсыг шөнийн цагаар радио, телевизээр, харин сонин, сэтгvvлийн хэвлэлийн тодорхой хуудсанд сурталчлахыг зөвшөөрөх юм байна.

Энэ бол эхлэл, гэхдээ архины сурталчилгаа хавтгайрахын зөвхөн эхлэл. Хуулиар бүрэн хориглочихоод байхад өдөр, шөнөгүй сурталчилж чаддаг хүмүүст сиймхий гаргаад өгөхлөөр яаж дураараа дургих бол? Тэр цагт одоогийн “Сайн үйлсийн аян”, “Алсын хараатай амьдрал”, “Гуала бөглөө” сэлт хүүхдийн зугаа шиг санагдах болно.

Эрхэм гишүүд Афганистан руу цэрэг илгээх мэтийн дайн байлдааны том асуудлыг мэдээд шийддэг юмаа гэхэд архи, тамхийг иргэдтэйгээ “хуваалцмаар”. Тэдний зөвшөөрсөн сурталчилгааг шөнө үзэж өдөр уншин хүмүүжих учиртай жирийн согтуучууд, тэдний эхнэр хүүхэд, ээж аав нар гологдоод байвал эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагаас асуугаад үзээсэй. Их юм хэлэх байх шүү! Тэдэнд төслөө илгээж хэлэлцүүлэх, саналыг нь сонсох учиртай цорын ганц хууль энэ баймаар.

Мартсанаас, төрийн бодлогын ийм “чухал” асуудал дээр Г.Батхүү гишүүн хамтрахгүй хаачив?

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 3 Comments »

10, 20, 30 дахь рекламыг хэн үзэх вэ?

Posted by Ажиглагч on 2009/01/16

Монгол дахь телевизийн мониторингийн хамгийн анхны бөгөөд одоогоор цорын ганц “Максима” агентлагаас зарим томоохон компанийн реклам, сурталчилгааны ажилтнуудыг урьж телевизийн рекламын зах зээлийн талаар ярилцлаа. Тус агентлагын судлаач Я.Хишигсүрэнгийн бэлтгэсэн танилцуулгыг түүний зөвшөөрөлтэйгээр толилуулж байна.

Оршил болгож зарим нэг тодруулга хийж санаагаа нэмэрлэе.  

Монголын телевизүүдийн рекламын өртгийг үндсэн тарифаар бодвол 2008 оны эхний 10 сарын байдлаар 20,6 сая долларт хүрчээ. Гэхдээ телевизүүд ба компаниудын хоорондын гэрээний нөхцөл, хямдрал тодорхойгүй учраас бодит хэмжээ хамаагүй бага буюу 8 сая орчим доллар хэмээн тооцоолжээ.

Судалгаанаас үзэхэд манай телевизийн нэвтрүүлэгт зар сурталчилгааны эзлэх хэмжээ 15 хувьд хүрч байгаа. Бусад улс орнуудтай харьцуулахад нэлээн өндөр үзүүлэлт юм. Ялангуя оргил цагт бүр их ногддог. Зар сурталчилгааны байршлыг авч үзэхэд 24-69 хувь мэдээллийн хөтөлбөрт ногдож байгаа нь сэтгүүл зүйн утгаараа гаж үзэгдэл. Уг нь мэдээлэл, сурталчилгаа хоёр харш. Гэтэл 2 цаг хүртэл үргэлжилдэг реклам-мэдээллийн хөтөлбөрүүд арилжааны бүх телевизийг эзэлжээ. (Зөвхөн олон нийтийн телевизийн 45 минутын “Цагийн хүрд” далд сурталчилгааг эс тооцвол нэг ч реклам агуулдаггүй. Гэхдээ МҮОНТ энэ тайланд хамрагдаагүй)

Ийм урт хөтөлбөрийг бүтэн үзэх тэвчээртэй хүн хэр олон байхав? Ихэнх нь реклам гарангуут сувгаа солино. Тэгэхлээр 10, 20, 30 дахь рекламыг хүмүүс маш бага үзнэ. Гэтэл компаниуд “Манай реклам оргил цагаар, мэдээллийн хөтөлбөр дундуур гарсан” гэж ойлгодог нь хууртаж байгаа хэрэг юм. Энэ бүхэн манай арилжааны телевизүүд эфирийн цаг, ялангуяа оргил цагаа үй олон рекламаар дүүргэж хялбар орлого олох боломжийг олгож байна. Нэвтрүүлэг, хөтөлбөр тэр хэмжээгээр багасна. Ингээд үзэгчид хохирч байгаа юм.

Телевизийн болон хэвлэл мэдээллийн зар сурталчилгаанд хуулийн зохицуулалт хийх цаг хэдийнэ болсон байна. УИХ-ын гишүүн З.Алтай тэргүүтэй телевизийн холбооныхон ноднингийнх шигээ эсэргүүцэж сүйд болох биз, гэхдээ реклам захиалагчид буюу том компаниуд мониторингийн судалгааны дүнд тулгуурлан зохих шаардлага тавьдаг болох биз. Тэд мөнгөө салхинд хийсгээд байхыг хүсэхгүй. Харин үзэгчдийн эрх ашгийн төлөө хэн дуугарах нь тодорхойгүй.

“Максима”-гийн танилцуулгын төгсгөлд, монголын телевизийн зар сурталчилгааны зах зээлд оролцогчдын байдлыг олон улсын загвартай харьцуулан тодорхой санал дэвшүүлжээ. Үзээрэй.  

tv-rekalm-zah-zeel-2008-02

Read the rest of this entry »

Posted in + ТЕЛЕВИЗ, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 2 Comments »

Монголын телевизийн рекламын зах зээл 20,6 сая долларт хүрчээ

Posted by Ажиглагч on 2008/09/17

Монголын телевизүүдийн нэвтрүүлэгт байнгын мониторинг хийдэг төрөлжсөн байгууллага болох – “Максима” ХХК-иас телевизийн зар сурталчилгааны зах зээлийг олон улсынхтай харьцуулсан сонирхолтой танилцуулга бэлтгэснийг тус компанийн зөвшөөрөлтэйгээр нийтэлж байна. (“Максима” ХХК. Утас: 98118887, И-мэйл: khishigsuren@maxima.mn)

Энэхүү танилцуулга нь өргөн нэвтрүүлгийн буюу нийслэл Улаанбаатар хотоос эфирээр цацагддаг 12 телевизийн бүх нэвтрүүлгээс зар сурталчилгаа болгоныг бүртгэж үргэлжлэх хугацааг хэмжин дүнг нэгтгэсэн тоон мэдээлэл дээр тулгуурласнаараа үнэ цэнэтэй юм. 

Нийт 20 слайдын зураг байгааг дор үзнэ үү.  

Read the rest of this entry »

Posted in + ТЕЛЕВИЗ, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 7 Comments »

“Нөгөө тэмээ чинь нулимдаг гэж байншдээ…”

Posted by Ажиглагч on 2008/06/07

Бид орой болгон телевизээр хэдэн арван реклам үздэг. Давталтыг тооцвол хэдэн зуу болох биз. Гэхдээ санаанд үлдэж хоцордог нь маш цөөн. Харин хэдэн жилийн гарч байсан, өнгөрсөн хавраас дахин үзүүлж байсан энэ реклам надад таалагддаг шүү. 

   

 – Хөдөө нутагт анх удаа ирж байгаа юм аа даа                              – Яасан ч ганган залуу вэ дээ.
– Тийм ээ                                                                                        ….

   

                                                                                             – Нөгөө тэмээ чинь нулимдаг гэж байншдээ…

 

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | Leave a Comment »

Телевизүүд хуурах ажилд эхнээс нь оролцсон…

Posted by Ажиглагч on 2005/12/06

Яагаад гэвэл манай хэвлэл мэдээлэл, юун тvрvvнд телевизvvд хадгаламж зээлийн хоршоод (ХЗХ)-ыг зогсоо зайгvй сурталчилсаар байгаад “өдий зэрэгт” хүргэлээ. 

“Өдий” гэдэг нь жилийн 30-40 хувийн хvv төдийгvй хонжвор зарлаж алт мөнгө, автомашин, 2005 ширхэг  (!!!) компьютер мэтчилэн ичиж зовохгүй амалдаг болсныг хэлж байна. Арилжааны ямар ч том банкууд нийлээд ч ингэж дургидаггvй. Тэгэхлээр ХЗХ бол сvлжээний бизнесийн ээлжит хувилбар мөнөөс мөн. Нэг л өдөр …

Уг нь хэвлэл мэдээллээр ХЗХ-дын аливаа сурталчилгааг явуулах нь хуулиар хориотой. Гэтэл реклам нь бvх телевизээр пиг дvvрчээ. Энэ ч яахав. Хариуцлагыг “зарлуулсан байгуулага өөрөө хvлээнэ” гэж найдья. Тэгвэл “Цагын хvрд”, “Цаг”, “Энэ өдөр”, “25 цаг”, “City nөws” мэдээллийн хөтөлбөрөөр аль нэгэн ХЗХ-ны сурталчилгааг мэдээ, сурвалжлага хэлбэрээр “Бизнес мэдээ” гэсэн гоё шошготойгоор байнга vзvvлдэгийг яах вэ? Тухайн ХЗХ найдвартай гэдгийг сурвалжлагч яаж мэдэж байна аа? Данс тооцоог vзсэн юм уу? Төгсгөлд байршил, хаяг, утсыг хэлж өгөөд телевиздээ орлого оруулж, өөртөө хувь хvртээд зvйл дуусдаг.

“Бизнес мэдээ”-ний сурвалжлагч ХЗХ-ны офист очоод юуг харуулдаг вэ? Гүйцэтгэх захирал хэмээх пээдийсэн залуу ширээнээ заларч, харин гаднаас орж ирсэн иргэн сvрдсэн байртайгаар боодолтой мөнгөө тушаана… Уг нь тэр vйлчлvvлэгч бол “хоршооны гишvvн” болж, захирлын дарга байх учиртай. Тэгээд “яахлаараа бидний мөнгөөр сурталчилгаа хийлгэв” гээд загнах ч эрхтэй.

Харамсалтай нь vvнийгээ ойлгодоггvй, яагаад гэвэл ХЗХ-ын захирал, телевизтэй хамсаад толгойг нь эргүүлчихсэн. Телевизvvд хааяа зарим нэгэн ХЗХ дампуурсан талаар мэдээлсэн, гэхдээ зөвхөн “Ийм муухай хоршоо байхад, харин энэ хоршоо шал өөр, бүр гайхамшигтай” гэсэн ээлжит сурвалжлагынхаа фон болгохын тулд.

Дахин хэлэхэд ХЗХ, телевиз хоёр нийлээд хvмvvсийг хуурч байна. “Энэ хvvхнvvд vv?” кинонд Итгэл нэртэй залуу зоотехникч Дуламсvрэнг эмэгтэй гэдгийг нуулцаж “хуурах ажилд” дундаас нь оролцсоноо хvлээдэг. Харин хожмын нэг өдөр ХЗХ гэдэг цасан уруй нурахад манай телевизvvд хуурах ажилд дундаас биш эхнээс нь оролцсоноо хvлээж чадах уу?

Posted in + ТЕЛЕВИЗ, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | Leave a Comment »