АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘МСНЭ, мэргэжлийн байгууллагууд’ Category

Удирдах зөвлөлүүдэд дарга олдохгүй, Чилаажавыг л залж байна

Posted by Бид on 2011/12/19

Сэтгүүлчдийн их хурлын урьд өдөр  Хэвлэлийн хүрээлэн гэжтөрийн бус статустай газрын  удирдах дээд Ерөнхий чуулган болжээ.  Тэгээд 13 хүнтэй удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг дахиад л МОНЦАМЭ агентлагын ерөнхий захирал Т.Баасансүрэн, “Түгээмэл” дээд сургуулийн захирал Ү.Хүрэлбаатар, МҮОНРТ-ийн хоёрдугаар сувгийн дарга Ц.Лхагвадаш, “Улаанбаатар” радиогийн захирал У.Булган, “Ардын эрх” сонины ерөнхий эрхлэгч Б.Тэмүүлэн, “Зууны мэдээ” сонины эрхлэгч Д.Отгонбаяр, МҮОНРТ-ийн программын хэлтсийн дарга Ч.Батцэнгэл, ЕTV-ийн ТУЗ-ийн дарга Ч.Даваабаяр нарын дарга, захирлуудаар дүүргээд ханалгүй Үндэсний номын сангийн захирал, Зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга,  МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Х.Чилаажавыг тавьжээ. Ёстой нөгөө “ганган хүнд гархи нэмэр” болсон байна. Би олон давхар албан тушаал, элдэв сонгуультай учраас амжихгүй гэх мэтээр татгалзаж сүйд болох байтугай дуртай байсан гэлцэнэ.

Зохиолчдын эвлэлийг би сайн мэдэхгүй, байшинтай учраас түрээслээд сууж л байдаг биз. Харин өөрийнх нь нэг удаа хэлснээр, Үндэсний номын сангийн  түүхэн барилга муудаж хоёр жигүүр нь олон сая номын хүндэд дарагдан доошоо сууж нурахдаа тулсан байгаа. Гэтэл нэгэн этгээд хууль зөрчин яг тэр  хананд тулган эхлээд газар ухаж эхлэхэд ч, өндөр барилгыг зунжин, намаржин босгож байхад ганц үг ч ганхийгээгүй. Аймхайгийх биз. Бас түүний Үндэсний зөвлөлийг нь толгойлж байгаа МҮОНРТ төр, засгийн өвөрт шигдсээр байхад таг дуугүй 5-6 жилийг баржээ.  Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг уншиж үзсэн юм болов уу?  Сүүлдээ юу хийдэг нь үл мэдэгдэх, бүрэн хаалттай Үндэсний зөвлөлийг нааш цааш аялуулсаар гартаа оруулж МҮОНРТ-ийг хяналтгүй эзэмшиж суугаа хэсэг нөхөд Хэвлэлийн хүрээлэн мэт дэл сул байгууллагын удирдлагад өөрсдөө шургалж, бас шургалуулж тал засдаг  болсон байна.

P.S:  Маргааш нь МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар Үндэсний зөвлөлийн гишүүн Б.Ганболдыг сэтгүүлчдийн байгууллагын Ерөнхийлөгч болгохоор яаж зүтгэснийг бүгд сайн харж авлаа.

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд | 1 Comment »

“Хэвлэл мэдээллийн эздийн амьдрах эрх”

Posted by Бид on 2011/12/18

12-р сарын 10-ны Бямба гаригийн өглөө 400 гаруй төлөөлөгчтэйгээр нийслэлийн Хүүхэд, залуучуудын ордонд эхэлсэн Монголын сэтгүүлчдийн 15-р их хурал хэдэн удаагийн сунжирсан завсарлага, хүлээлттэйгээр нийт хорин хэдэн цаг үргэлжилсэн юм. Шөнө дундаас хойш сонгууль явуулж санал хураахад төлөөлөгчдийн арайхийж тэн хагас оролцсон бол Ням гаригийн өглөөний долоон цагаас хойхно тооллогын дүнг зарлах мөчид зуугаад төлөөлөгч баатарлагаартэсч үлдсэн байлаа. Урьд үдэш нь Баасан ах, эгчийн нэрээр хэтрүүлж хүртээд (арай ч хурлын өглөө биш байх) баргардуу ирсэн нэлээд хэдэн төлөөлөгч хуралдаа хэт дайчин оролцож хөгжөөсөн, зарим нь энэ хооронд шараа тайлж бүр цоо эрүүл болоод зогсохгүй орой тийшээгээ буцаад манарч амжсан тийм урт хурал болов.

Сонин хачин яахав, юу өөрчлөгдөв? Хоёр том шинэчлэл явагдлаа. Нэгдүгээрт, МСНЭ-ийг МСЭ болгосон (бүхэл бүтэн үсэг авч хаяна гэдэг тоглоом биш!), хоёрдугаарт,  тэргүүн дэд ба дэд ерөнхийлөгч гэсэн хоёр даргыг шинээр нэмлээ. Тэгээд гүйцээ. Сэтгүүлчдийг дарга нар нь төлөөлдөг социализмын үеийн байгууллагын загвар, бас зарчмыг ардчиллын 21 дэх жилд дахин хэвээр үлдээв. Өдөр тутмын сонинуудын холбоо, Телевизүүдийн холбоо, Суваг телевизүүдийн холбоо, Монголын радиогийн нэгдсэн холбоо, Сайтуудын холбоо, Мэдээллийн сайтуудын холбоо, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Монголын чөлөөт сонинуудын холбоо, Нийслэлийн сонины холбоо, Радио, телевизийн академи, бас МҮОНРТ, МОНЦАМЭ, өдөр тутмын том сонин, телевизүүдийг төлөөлсөн дарга, захирлууд хурлыг зохион байгуулж, удирдаж, нэр дэвшиж, тэгээд сонгогдлоо. Сэтгүүлчдийн бус, хэвлэл мэдээллийн байгууллагуудын эвлэл!

Өөртөө шаардлага тавих тэнэг дарга мэдээж үгүй. Иймээс МСЭ сэтгүүлчдийн эрх ашиг, ажлын байр, цалин хөлсийг нэхэхгүй. Дүрмэндээ үйлдвэрчний эвлэлийн чиг баримжаатай гэсэн ганц өгүүлбэр оруулсан хэрнээ сэжиглэсэн мэт өөрөөсөө зайлуулж тусдаа ҮЭ байгуулан дэмжих тухай дурдаад өнгөрөв. Редакцийн бие даасан байдал, төлбөртэй нийтлэл, нэвтрүүлэг, төр засаг, компаниуд хэвлэл мэдээллийг эрхэндээ оруулдаг “хамтран ажиллах гэрээ” гээд эгзэгтэй асуудлуудыг хэвээр үлдээнэ. Оронд нь дөрөвдэх засаглал, хэвлэлийн эрх чөлөө, хууль тогтоомж, мэдлэг боловсрол гэх мэтээр тэртээ дээгүүр ярьж дараачийн хэдэн жилийг өнгөрөөнө. Бас Монгол Улсыг хэвлэлийн бүтэн эрх чөлөөтэй болгохоор хөөцөлдөх юм гэсэн. Сэтгүүлчдийн ёс зүйн зарчмыг ээлжит удаагаа баталсан ч хурал болгоноор давтаад тас мартдаг хоосон өгүүлбэрүүд учраас хэлэлцэх ч юм байсангүй.

Сэтгүүлчдэд эрх чөлөөг нь олгохгүй юм байна. Одоо жинхэнэ сэтгүүлчдийн байгууллага хэрэгтэй гэсэн хүмүүс МСЭ-ийг хаяж өрх тусгаарлавал би лав гайхахгүй. Уг нь саяын их хурлаар нэг шаанс байсан. Тэр бол нэг гар, хөл нь улс төрд дүрээстэй явдаг, ажил олгодог, цалин өгдөг, бас өгдөггүй, тэгээд сэтгүүлчдээ зардаг эздийг биш, жирийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг удирдлагад сонгох. Дүрмийн шинэ төсөлд ийм заалт оруулахыг хоёр ч сэтгүүлч шаардахад МОНЦАМЭ-ийн ерөнхий захирал Т.Баасансүрэн, МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар хоёр хурлын тэргүүлэгчээр суугаагаа ашиглан ээлж дараалан эсэргүүцэж гарав.

Т.Баасансүрэн:

– Хувийн мэдээллийн хэрэгслийн эзэн Ерөнхийлөгч байж болохгүй гэсэн санал бол Үндсэн хуулинд байдаг хүний эрхийг зөрчиж байна.  Хуулийн дагуу хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болсон юм бол сэтгүүлчдийнхээ байгууллагыг тэргүүлж яагаад болохгүй гэж…

М.Наранбаатар:

– Бүх сонин, бүх телевиз бүгдээрээ хэн нэгэн хүний харьяат байгаа. Тэгэхлээр сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч хэн болох юм бэ! УИХ-ын гишүүн болох юм уу? Бид хэн нэгэн хүнийг сонгож л таарна. Заавал эзэн байх ёсгүй гэх нь утгагүй…

Т.Баасансүрэн:

– Өнөөдөр манай сэтгүүлчдийн жаахан авъяастай, гайгүй гэсэн нь хувьдаа сонин телевизтэй байгааш дээ. Тэгээд сэтгүүлчдийн ерөнхийлөгчөөр ямар хүнээ сонгох юм бэ? Тэр хүн ерөнхийлөгч болчих юм бол хувийнхаа телевизийг өөр хүнд өгч болно.

М.Наранбаатар:

– Бид тэдний бизнес эрхлэх эрх, тэр байтугай амьдрах эрхийг зөрчих гээд байна ш дээ. Сонгох сонгогдох эрх нь хүртэл зөрчигдөж байна.

Тайлбар хэрэггүй биз. Харин МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч (хэвээрээ юу?) Ц.Дашдондов “Ажил авах, ажлаас халах эрх бүхий хүн сэтгүүлчдийн байгууллагын удирдлагад байж таарахгүй ээ. Олон улсын зарчим тэр. Сэтгүүлчдийн хөдөлмөрийн далд мөлжлөгө яваад байна. Сэтгүүлчдийн хөдөлмөрийн үнэлэмж доогуур байна. Нарийн ярих юм бол ажлын бус цагаар ажиллавал яахав, өөрийн унаагаар сурвалжлага хийвэл яахав гэдгийг гэрээнд тусгадаг, эзэдтэйгээ ярьдаг байх ёстой” гэсэн бол сэтгүүлч Б.Цэрэн-Очир “Тэргүүлэгчид та нар хувийн эздийг оруулж ирэх гээд байгаа юм уу?” хэмээн сандаргаж санал хураалгахыг дахин дахин шаардахад М.Наранбаатар “За тэгвэл энэ асуудлаар санал хураах уу гэдэг дээр санал авах хураах уу, яахав?” (УИХ-ын дарга ч түүнээс суралцмаар!) гэхчлэн мэдэн будилж чангаах зуур сөхөө авсан бололтой нөхдүүдийн “Эздийг ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэж байна”, “Өнөөдөр Монгол улсад ашиг сонирхлын зөрчлийн хууль хараахан гараагүй учраас эздийг сонгож болно” гэсэн ухуулга эхэллээ. Энэ асуудлаар санал хураалт ил байсан төдийгүй дарга нар нь хараад сууж байхад сэтгүүлчид дагалгүй хаачихав.

Дарга даргадаа хайртай юм байна. Хоёр тэргүүлэгч хэвлэл мэдээллийн эздийн амьдрах эрхийн төлөө ингэж нэр нүүрээ барж тэмцсэний цаад учир оройхон бүрэн тодорхой болсон юм. Өглөө хурал эхлэхэд л МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр “Зууны шуудан” сонины эрхлэгч Б.Ганболд, дэд ерөнхийлөгчөөр МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь, дэд ерөнхийлөгчөөр “Өнөөдөр” сонины хэлтсийн дарга Д.Заяабат гурвыг тавихаар өчигдөр орой тохиролцсон тухай битүү яриа дэгдчихээд байсан. Халамцуу нөхдийн үгийг би тухайн үедээ тоогоогүй ч оройхон нэр дэвшүүлэх тухай зарлаж хамгийн түрүүнд МУИС-ын тэнхмийн эрхлэгч, доктор, профессор М.Зулькафиль босч “Зууны шуудан” сонины …” гэж дуугарах тэр мөчид сая эргэлзээ тайлагдаж билээ.

МСН-ийн Ерөнхийлөгчид Б.Ганболдоос гадна Б.Галаарид, С.Наранбаатар нар нэр дэвшиж сэтгүүлч, зохиолч, “Эх орон” телевизийн гүйцэтгэх захирал Б.Галаарид сонгогдсоныг сонинууд зөндөө бичсэн тул нуршихгүй. Харин “эздийн амьдрах эрх” (ингэж нэрлэе) төлөвлөгөөний нэгдүгээр заалт яагаад бүтэлгүйтсэнийг шөнийн 01-02 цаг хүртэл үлдэж саналаа өгсөн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг судалж амжаагүй учраас хэлэх таамаг алга. Эргээд санахад ахмадууд ядарч, оройтолгүй харьцгаасан. Бас зарим нь МСНЭ-ийг,  удирдлагыг маш хурцаар шүүмжилсэн, гэхдээ ихэнх нь дарга нарынхаа дэргэд хүндэтгэлтэйгээр амаа хамхиж суусан залуу сэтгүүлчид тэгэсхийгээд явцгаасан. Үлдсэн ганц хоёрыг нь “чиний биологийн нас хамаагүй… чи муу мэдээ бичиж чадахгүй байж“ гэхчлэн толгой түрүүгүй загнах юм. Харин саналын хуудасны тооллого тайзан дээр ил тод, будлиангүй харагдсан.

Сэтгүүлчдийн хуралд төрд алба хашдаг нөхдүүд, бас төрийн яам, агентлагийн хэвлэл мэдээллийн албаныхан нэлээд олон суулаа.  Тэдний нэг, Улаанбаатар хотын ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Сайнбаяр босч нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр Сүхбаатар дүүргийн долдугаар хороололд сэтгүүлчдийн ордон барих газар олгохоор шийдвэрлэсэн тухай мэдээг дуулгахад төлөөлөгчид алга нижигнүүлэв. Амьдрал хайр дээр шиг, МСЭ өөрийн газар дээр тогтох болж байна. “Эздийн амьдрах эрх” төлөвлөгөө үүнтэй холбоотой ч байж мэдэх. Харин араас нь Т.Баасансүрэнгийн “Нээрээ газар өгсөн, барилга барих компани ч тодорхой болсон”, мөн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Заяабатын “Би энэ газрыг авч өгсөн” гэсэн мэдэгдлүүд энэ бэлгийн талаар бяцхан эрэгцүүлэхэд хүргэлээ.

Сэтгүүлчдийн эвлэлд газар хэрэггүй, МСЭ-ийг атгасан тэр байгууллагууд санхүүжүүлээд, эсвэл гишүүдийн татвар , бусад орлогоороо тохирсон байр түрээсэлж аваад явбал дээр гэж хэлбэл сэтгүүлчид (үнэн хэрэгтээ дарга нар нь) намайг бариад идчих биз. Иймээс аливаа байгууллага газартай, тэндээ байр савтай байвал зүгээр гэж хэлэхээс.

Гэхдээ огт мөнгөгүй, саяын хурлаар саналын хуудсаа ч хэвлээд гаргачих компьютер, принтергүй 4-5 цаг хүлээлгэсэн байгууллагад олон тэрбумын газар бэлэглэнэ гэдэг гайхалтай. Нийслэлд газрыг зөвхөн дуудлага худалдаа, эсвэл төсөл сонгон шалгаруулалт нэрээр олгох дүрэмтэй. Хэзээ дуудсан, эсвэл шалгаруулсан бэ? Хэрвээ сэтгүүлчид (үнэндээ сэтгүүлчдийн нэрээр МСЭ) тэр газрыг авбал Улаанбаатар хотын хаалттай, өрсөлдөөнгүй газар олголтын булхайг хүлээн зөвшөөрсөн төдийгүй оролцсон хэрэг бус уу? “Тодорхой болсон” тэр компани МСНЭ-ийн нэрээр газар авч 10, 20 давхар барилга бариад ганц нэг давхрыг нь өгөхөөр тохирсон операци ч байж мэдэх. Хамгийн ноцтой нь долдугаар хорооллын тэр газраас оршин суугчдыг “хөөж” дуусаагүй, иргэд ч газраа өгөхгүй тэмцэлдсээр өдий хүрсэн. Одоо “сэтгүүлчдийн газраас нүү!” гээд дайрах уу? Бас ирэх хавар нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр эндээс УИХ-д нэр дэвшиж энэ үеэр сэтгүүлчдийн ордны барилгын шав тавьж ч магадгүй.

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд | 1 Comment »

Сэтгүүлчдийн жилийн чуулган

Posted by Бид on 2011/12/06

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн ээлжит их хурал Монголын сэтгүүлчдийн 14-р их хурал нэрийн дор 12-р сарын 10-ны Бямба гаригт болохыг зарлалаа.

2001 онд Монголын сэтгүүлчдийн холбоо (МСХ), Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэл (МЧАСЭ) хоёрыг барилга байшин зэрэг хэдэн том юмаар наймаацан нийлүүлж МСНЭ-ийг байгуулснаас хойш ер өөдөлсөнгүй. Зүгээр л муу ажилласан бол бас яахав, гэтэл Ерөнхий нарийн бичгийн дарга нь МАХН-ын даргын сурталчилгаанд зогсоо зайгүй хүчин зүтгэж, Ерөнхийлөгч нь хэзээ нэгэн цагт сонгуульд нэр дэвшихэд хэрэг болуужин хэмээн нэлээд хэдэн жилийн турш энэ сэтрээр гоёж шоудсан билээ. Тэгээд намаас нь команд өгмөгц “баяртай” ч байхгүй нүүрээ буруулан хаяж оджээ. Удирдлагууд нь сонгууль дөхөхлөөр “фронт”-д дайчлагдаж, харин дуусахлаар эргэн ирж тэврээд хэвтчихдэг нь бүр дүүрч, гагцхүү сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллагын орон зайг эзэлж нэрийг нь барьсан атлаа тэдний эрх ашгийг хамгаалахгүй арав шахам жилийг  алдсан нь харамсмаар. МСНЭ-ийг муу байна гэж сэтгүүлчид энд тэндгүй шүүмжилдэг хэрнээ цуглаад хуралдахаараа дээрх нөхдийн элдэв үгэнд хууртаж, сайндаа л сэтгэлээ онгойтол ярьж аваад бахь байдгаар нь үлдээдэг.

Одоогийн МСНЭ бол үндсэндээ социализмын үеийн зохион байгуулалт юм. Тэгэхэд Монголын сэтгүүлчдийн холбоо нь хэвлэл мэдээллийг бүрэн хамарсан, удирдлага нь сонин сэтгүүлийн эрхлэгч, телевиз, радиогийн дарга нараас бүрддэг, МАХН-аас томилогддог “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч тэргүүлдэг байв. Дарга нараар нь дамжуулан сэтгүүлчдийг удирдан чиглүүлж байсан хэрэг. Тэгвэл хорин жил өнгөрч хэвлэл мэдээллийн салбарт Монголын сонины холбоо, Монголын өдөр тутмын сонинуудын холбоо, Телевизүүдийн холбоо мэтчилэн эздийн байгууллагууд тусдаа гарч эрх ашгаараа ялгарчихаад байхад сэтгүүлчид тусгаар тогтнолоо олоогүй буюу нөгөө л эзэд, дарга, захирлууд буюу тэднийг төлөөлсөн нөхдийн гарын дор явж ирлээ. Өнөөдөр ажилллагсад нь эзэдтэйгээ, хэрвээ төрөөс санхүүждэг бол Засгийн газартай цалин хөлс, нийгмийн асуудлаа ярьдаггүй, гурван талт хэлэлцээр хийдэггүй бараг цорын ганц салбар нь хэвлэл мэдээлэл болон торойжээ. Эзэн, дарга, сэтгүүлч, зохиолч, пиарчин, рекламчин, дээрээс нь улс төрч, нийгмийн зүтгэлтэн гэсэн олон дүрийн аль ашигтайд ээлжлэн хувирсаар байгаад хэн нь мэдэгдэхээ больсон нөхдүүд МСНЭ-ийг гартаа оруулсан.

Өнгөрсөн зун хэсэг сэтгүүлч “Шинэ үе, шинэ сэтгэлгээ” түр хороо байгуулж МСНЭ-ийг шинэчлэхээр хөдөлснөөс хойш  томоохон чуулган зохион байгуулж, бас шүүхдэлцэж амжсан. Явсаар энэ их хуралд тулж ирлээ. МСНЭ-ийн гүйцэтгэх хороо, энэ түр хороо, бас  “Эрүүл сэтгүүл зүйн төлөө” бүлэг (дууриаж, эсвэл сөрөг иргэний хөдөлгөөн шиг гарч ирэв үү?)-ээс хамтран боловсруулж Их хуралд оруулахаар бэлтгэсэн МСНЭ-ийн дүрмийн төслийг үзлээ. Өмнөх дүрмээс зарчмын ялгааг олж чадсангүй. Үндсэн асуудал болсон ажил олгогч, захиалагч эзэд болон сэтгүүлчдийн зааг, харилцах зарчмын талаар юу ч байхгүй, редакцийн бие даасан байдлыг хангах тухайд дурсаад л өнгөрчээ. Дүрмийн эхэнд “МСНЭ нь үйлдвэрчний эвлэлийн чиг баримжаатай байна” гэсэн мөртлөө араас нь “МҮЭ-ийн холбоотой нягт хамтран ажиллаж Хэвлэл мэдээллийн ажилтан, албан хаагчдын салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоог үүсгэн байгуулж хөдөлмөрийн хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ байгуулахад арга зүйн туслалцаа үзүүлнэ” хэмээн өөрөөсөө зайлуулсан заалтууд оржээ. Эздээс илт дөлсөн байна.

Ерөнхийдөө хэвлэл мэдээлэлд хамаатай болгоныг хамж багтаасан байгууллага хэвээр үлдэх бололтой. “Их хуралд МСНЭ-ийн гишүүн болон тухайн хэвлэл мэдээллийн газар ажиллаж буй сэтгүүлч, редактор, гэрэл зургийн сурвалжлагч, баримтад кино бүтээгчид их дээд сургуулийн сэтгүүл зүйн салбарын багш нар, мэргэжлийн судлаач 8 хүн тутмаас их хурлын төлөөлөгч 1 хүнийг сонгоно” гэхчлэн журамласан байна.  Найман хүнтэй байгууллагад эрхлэгч, сэтгүүлч хоёрын хэнийг сонгох бол? Хэрвээ 3,эсвэл 5 хүнтэй редакци байвал яахав? Энэ мэтээр дээрх журам утга муутай учраас Их хуралд оролцохыг маш хүссэн хүмүүс элдэв арга заль зохиож байж л “сонгогдож” чадна.

Эзэд нь сэтгүүлчдээ бүрэн мэдэж бараг албат болгосон харагддаг жишээ бол Монголын сонины холбоо юм. “Өглөөний сонин”, “Хүмүүс”, Хүмүүсийн амьдрал”, “Сэрүүлэг”, “Монголчуудын амьдрал” зэрэг сонины төрд ажилладаг, сонгууль болохлоор МАН (МАХН-аас)-аас нэр дэвшдэг нөхдүүд өөрсдийн эзэмшдэг хэвлэл мэдээллийн сэтгүүлчдэд зориулсан Монголын чөлөөт сэтгүүлчдийн холбоог байгуулж өгөөд хашчихсан байгаа.

Сэтгүүлчдийн байгууллага бол юуны өмнө сэтгүүлчдийнх байх ёстой. Тэр тусмаа хувь сэтгүүлчийнх. Тэрбээр хаана, хэний дор ажилладаг, эсвэл ажилладаггүй, ямар нэгэн салбар, клубт хамрагддаг эсэхээс үл хамааран дүрмийн шаардлагыг хангаж л байгаа бол чөлөөтэй элсэх, тэгээд сонгох сонгогдох, үүний тулд их хуралд оролцох эрхтэй. Гэтэл дүрмэнд “Их Хурлын төлөөлөгчдийг хот, хөдөөгийн сэтгүүлчдийн анхан шатны салбар зөвлөл, Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн дэргэдэх клуб, бүлгийн хурлаас сонгоно” гэсэн нь сэтгүүлчдийг бөөнддөг нөгөө л арга юм. Сэтгүүлч эрх чөлөөтэй байх нь ядахдаа өөрийгөө мэддэг, бас  төлөөлдөг байхаас эхэлнэ. Монгол улс хэтэрхий олон сэтгүүлчтэй учраас багталцахгүй энэ тэр гэх биз. Мянган хүн чуулж яагаад болохгүй гэж? (Үнэн хэрэгтээ хэдэн зуугаас илүү оролцохгүй). Ийм хурлыг ягштал зохион байгуулах нь менежментийн тусдаа асуудал юм.

Харин МСНЭ-ийн дарга нарын тоог нэмэгдүүлж Ерөнхийлөгч, тэргүүн дэд Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга гээд олон сайхан даргатай байхаар дүрмийн төсөлд тусгажээ. Сонирхолтой  хурал болох байх.

Их хурлаар МСНЭ-ийн дүрмийн төслийг хэлэлцэж батлана. Гэхдээ Монголын сэтгүүлчдийн байгууллага ямар байх ёстойг хэн ч төгс мэдэхгүй. Энэ удаад бүрэн шийдэл, хариулт олдохгүй ч байж болзошгүй. Иймээс МСНЭ-ийн Их хурлыг өмнөх жаран жилийнх шиг 4 жилд ганцхан удаа биш, харин жил тутам бүх сэтгүүлчдийн чуулган хэлбэрээр хийдэг байх нь зүйтэй санагдана. Тэгвэл одоо батлах дүрмээ нэг жил “туршаад” ирэх онд засаж сайжруулах боломж нээгдэнэ. Цаашдаа тулгамдсан, тулгарсан асуудлыг хэдэн жилээр хүлээлгэхгүй, шуурхай шийдвэрлэдэг болно. Шинээр сонгогдсон удирдлагад хугацаа олгох ёстой ч нэг жил гэдэг бол юу хийж буйгаа харуулахад хангалттай. Хэрвээ ажил сайн яваа бол үргэлжлүүлнэ, үгүй бол солигдоно. Дөрвөн жилээр гарчихаад олигтой юм хийхгүй мөнхөрдөг, тэгээд бусдыг төдийгүй өөрийгөө залхаадаг байж таарахгүй. 23 хүнтэй байхаар төсөлд тусгасан Гүйцэтгэх хороонд ч хамаатай асуудал юм.

Улс орон, нийгэм, технологи, үйл явц асар түргэн өрнөж байхад сэтгүүлчдийн байгууллага хуучны намын их хурал юмуу одоогийн сонгуулийн мөчлөг бараадан гэлдрэх албагүй төдийгүй ёсгүй.

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд | Leave a Comment »

Гишүүд хаачив?

Posted by Бид on 2011/08/29

Манайд олон нийтийн, салбарын мэргэжлийн байгууллагууд яахаараа ганц юмуу хэсэг хүмүүсийн мэдэлд орчихдог байна аа? Төрийн бус байгууллагын хуулийн дагуу анхнаасаа тав хүртэл хүн нийлж байгуулсан, нийгэмд үйлчилдэг ТББ-уудыг биш, харин олон гишүүнтэй, тэднийхээ эрх ашгийг хамгаалах зорилготой тэр холбоо, эвлэл, нийгэмлэгүүдийг хэлж байна.  

Хамгийн ойрын жишээ бол МСНЭ. Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг нэгтгэсэн, хэдэн мянга биш юмаа гэхэд лав хэдэн зуун гишүүнтэй байгууллага. Тэгвэл Бямба гаригт яаж шүүмжлүүлэв?!

Бусад салбарт ч мөн адил. Барилгачдын холбоо, тээвэрчдийн холбоо, автозамчдын холбоо,тариаланчдын холбоо гэхлээр бетон цутган  тоосго өрж зогсдог барилгачид, өдөр шөнөгүй жолоо мушгидаг жолооч нар, хөдөө хөрж гадаа гандах замын ажилчид, эсвэл тракторч, комбайнчид хуралдаад байгуулсан гэж та бодож байвал тэрэн шиг эндүүрэл байхгүй. Зүгээр л барилга, тээвэр, зам, газар тариалангийн компанийн эзэд, захирлуудын холбоо юм. Тендерийн комисст хөндлөнгийн хүмүүсийг оруулж хянуулах гэхлээр тендерт оролцож байгаа компанийн төлөөллүүд дээрх нэрээр орж ирээд суучихсан дуулддаг. 

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо гэж мундаг нэртэй байгуулллага бий. Монгол орон даяар хордож хохирсон хэрэглэгчид энд тэндгүй хуралдаж, дараа нь төлөөлөгч сонгож Улаанбаатарт цугларсан нөр их ажил таны нүдэнд харагдав уу?  Үгүй дээ, огцорсон дарга голдуу таван нөхөр хуралдаад төрүүлсэн юм.

Сая 90 жилийн ойгоо тэмдэглэсэн Монголын залуучуудын холбооны нэр бүр ч супер. Гэхдээ Монголын хүн амын дийлэнх болсон залуучуудын нэр барьсан энэ газар хүний нэр дээр бүртгэлтэйг хэн ч мэдэхгүй. 20 жилийн өмнө 300 мянган гишүүнтэй байснаа зах зээлийн далимаар ямар ч тайлбаргүйгээр бүгдийг жийж орхиод өмч хөрөнгийг нь хүртчихсэн билээ.

Монголын оюутны холбоо байна. Оюутнуудын нэрээр бизнес хийдэг, өмч хөрөнгө хураадаг, газар авдаг энэ байгууллагын орой дээр хэзээ нэгэн цагт оюутан байсан байж мэдэх хэсэг нөхөд гарч зайдагначихаад бие биендээ бөмбөг мэт паасалсаар арав гаруй жил өнгөрлөө. Хөөрхий оюутнууд учраа олж ядсаар эхний нэг, хоёр жилийг өнгөрөөх, сая нэг сэхээрч эрх ашиг, холбоо энэ тэрийг бодохтойгоо болмогц хурал яриандаа оруулахгүй, дараа жилээс төгсөлт, диплом, хонхны баяр, тэгэсхийгээд төгсөөд явчихна…

Энх тайван, найрамдлын холбоо гэж Монголдоо багтаж ядсан нэг газар бий. Эхлээд Энх тайван, найрамдлын ордон нь багадаж түүний өмнөх цэцэрлэг, усан оргилуурын газрыг зарж хажуугийн хоёр байрны оршин суугчдын цонхыг тагласан барилга босгоод дуусч байна. Социализмын үед бас л хэдэн зуун мянган гишүүнтэй байснаа залуучуудын холбооны жишгээр нясалж орхисон тул Д.Цахилгаан нарын хэдхэн (бодвол тав) хүн хүртэнэ. Энэ мэтээр ахисаар баримжаагаа алдаж одоо дэлхийн монголчуудыг төлөөлж давхидаг болсон байна. Нэг мэдэхэд Монголыг дэлхийд төлөөлөх биз ээ. Эсвэл төлөөлөөд эхэлчихсэн үү?
 
Тэгэхлээр манай МСНЭ ганцаараа ийм марзан биш учраас бага зэрэг тайвширцгаая.

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд, Улс төр, эдийн засаг | 4 Comments »

Дүрэм, дүрэм, дүрэм …

Posted by Бид on 2011/08/29

Одоо МСНЭ-ийг шинэчлэхэд тулгуур асуудал минийхээр бол энэ байгууллагын дүрэм. Энэ үгийг сонсоход уйтгартай, бөөн хууль ном, бичиг цаас бодогдож түвэгтэй санагдах хэдий ч чухам дүрмээс бүх юм хамаарна. Сайн дүрэмтэй байх дангаараа хангалтгүй, гэхдээ сайн дүрэмгүйгээр ямар ч байгууллага бүтэхгүй.

Энэ их хуримтлагдсан шүүмжлэл саналыг хүлээн авч ирээдүйд алдаа дутагдлаас зайлсхийх, ил тод нээлттэй байх, хариуцлага тооцох арга замууд МСНЭ-ийн дүрэм болж томъёологдох учиртай. Зөвхөн энэ биш. Шинэчлэгдсэн МСНЭ ямар байгууллага байхаас эхлээд хэн элсэж болох болохгүй, юу хийх хийхгүй, мөнгө санхүүг зөвхөн дүрмээр зохицуулна. Дотроо маргалдаж тэмцэлдвэл, дараачийн нөхөр гарч ирээд дураараа дургиж гарвал зөвхөн дүрэм тус болно. Өмнөх дүрэм дэндүү ерөнхий, энд тэндгүй цоорхой.

Сэтгүүлчдийн байгууллагын дүрмийг боловсруулахаар тойрч суугаад ярилцах, хэлэлцүүлэх процесс нь өөрөө маш чухал. Бид тоглоомын дүрмээ тохирч байна гэсэн үг.

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд | Leave a Comment »

Монголын хамгийн муу сэтгүүл гаргадаг байгууллага

Posted by Бид on 2011/08/29

Өнгөрсөн Бямба гаригт “Сэтгүүлчдийн нэгдсэн их хурал” болж өнгөрлөө. Ингэж нэрлэсний учир гэвэл Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн (МСНЭ)-ийн их хурал хараахан биш (тэд дүрмийнхээ дагуу 11-р сард хийнэ гэдгээ мэдэгдсэн), гэхдээ монголын сэтгүүл зүйг мэргэжлийн байгууллагаас нь эхлээд шинэчлэх талаар тун сэтгэл хөдлөлтэй яриа болж өнгөрөв.
  
Хурал дээр яригдсан зарим баримт, санаануудыг сонирхуулья.

– 2004 оны УИХ-ын сонгуулиар МСНЭ-ийн удирдлага МАХН-ыг дэмжих уриалга гаргасан. 2005 оны 6-р сард Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаярыг дэмжсэн. Тэрэлжид уулзалт зохион байгуулсан. Сэтгүүлчдээр тангараг өргүүлсэн. “Авьяас билгийн тэнгэр” дуутай болсон. 2005 оны өвөл “Монголросцветмет” нэгдлийн захирал Х.Бадамсүрэн сая долларыг эхнэрийнхээ “Тун эрдэнэ” компанид шилжүүлсэн нь илэрч Ганц худагт суухад түүнийг хэвлэл мэдээллээр хамгаалах кампани өрнүүлсэн. Тэгээд хэвлэлд ээлтэй хүнээр шалгаруулсан.
– 2008 онд хамтарсан Засгийн газар байгуулагдахад Төрийн өмчийн 11-р байрны заалны зохион байгуулагч Сауле гэж эмэгтэй дэд сайд болсон.  МСНЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн М.Зулькафилийн эхнэр юм.
– “25-р суваг” телевизийн захирал З.Алтай УИХ-ын гишүүн болж телевизээр бүх сэтгүүлчдийг загнадаг болоод удлаа.
– Хууль бус хувьчлалын асуудлаар шоронд орсон “Улаанбаатар таймс” сонины эрхлэгч До.Чулуунбаатарыг өмөөрсөн мөртлөө сая шүүхээр орсон “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Болормааг өмөөрөөгүй…
– МЧАСЭ-ийн “муурын байшинг” хэнд зарж үрсэн бэ?… 
– 2010 онд МСНЭ-ийн ерөнхийлөгч Сарангэрэл гэж эмэгтэй МАН-ын удирдах зөвлөлд ороод халаасны хүнээ шууд томилсон…
– Энэ онд МАН-ын анхны даргаар Бодоог тодруулангуут МСНЭ-ээс Бодоогийн нэрэмжит шагнал бий болгосон. Сэтгүүлчдэд МАН-ын 90 жилийн ойн одон өгөх гэхэд нь арайхийж зугатаж гарцгаасан…
– Энэ хавар Нийслэлийн захирагчийн ажлын албанаас сэтгүүлчидтэй нэг өдрийн арга хэмжээг зохион байгуулсан. Т.Баасансүрэн дарга босоод хотын даргад хандаж үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сэтгүүлчдийн цэцэрлэг байгуулах, VII хороололд  сэтгүүлчдийн байр барих тухай асуухад би эсэргүүцэж илүү чухал зүйлийг ярихыг хүссэн. Тэгтэл намайг “Чи унага байна” гэж хэлсэн. Над шиг унага байдаг юм уу? Эсвэл тэр өөрөө унага байхгүйгээр шууд морь болсон юм уу?
-Сая 6-р сарын 1-нд Харилцаа холбооны зохицуулах хорооноос кабелийн бүх сувгуудийг хаагаад 5-6 хоног нээгээгүй. Манайхыг  одоо болтол нээхгүй байна. Очиж асуухлаар шалтгаан хэлдэггүй.
-Дурлахгүйгээр үнсэлцэе гэдэг шиг улс төржихгүйгээр хэлэлцэе.
-Сэтгүүлчдийн их хурал дээр баахан юм ярьж сэтгэлээ онгойлгож аваад, нэг сайн бүжиглээд одон медаль зүүгээд тардаг шүү дээ.
-Энэ бол сэтгүүлчдийн байгууллагыг шинэчлэх гэсэн хоёр дахь оролдлого. Эхнийх нь МЧАСЭ байсан юм.
-Би сэтгүүлчид ядуу байхыг үзэн яддаг. Гэтэл МСНЭ сэтгүүлчдэд гэр өгч эхэлсэн. Үүгээрээ сэтгүүлчид цалингаараа өөрсөддөө гэр ч авч чадахааргүй ядуу гэдгийг харуулсан. Бүр ерөнхий сайдаар өгүүлж байсан.
– Саяхны судалгаагаар сэтгүүлчдийн 13 жилийн нөөц бэлтгэсэн дүн гарлаа.
– Төсвөөс мөнгө авах нь буруу. Үүний оронд санхүүжилтээ ил тод зарлаад 100 сая төгрөгийн сан байгуулж эрэн сурвалжлага хийх хэрэгтэй.
– “Чингэс хааны академи” сэтгүүлчдийг сургахад бэлэн байна.
– Бид дандаа улс төрчдийн мэдлийн хэвлэл мэдээлэлд ажилладаг. Энэ нууц биш. Улс төрчид зэвсгээ агаарт байрлуулсан, бид тэдний цэргүүд. Одоо эзэмшил нутгаа буцааж авах хэрэгтэй…

Илэн далангуй ярилцсаны эцэст сэтгүүлчдийн тусдаа өөр байгууллага хэрэггүй, харин одоо байгааг шинэчилнэ гэдэг дээр санал нэгдэн ажлын хэсэг байгуулж ирэх 11-р сард болох МСНЭ-ийн их хурал хүртэл ажиллуулахаар тохирч тарлаа.

Сүүлийн жилүүдэд МСНЭ-ийг ингэж хатуу ширүүн, зохион байгуулалттайгаар, бас ил тод шүүмжлэхийг би лав сонсоогүй. Интернэтийн сайтуудад гардаг нэр, хаяггүй сэтгэгдлүүдийг эс тооцвол шүү. Монголын сэтгүүл зүйн шинэчлэхэд тулгарч байгаа хамгийн том саад тотгорын нэг бол яах аргагүй МСНЭ өөрөө юм. Сэтгүүл зүй, сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага мөртлөө огт чаддаггүйгээр үл барам энэ орон зайгаа телевизүүдийн холбоо, сонины холбоо зэрэг эздэд бүрэн алдчихсан тул цаадуул нь хэвлэлийн эрх чөлөөний нэр барьж дураараа дургисаар өнөөдрийг хүрчээ. Хяналтгүй, хаалттай, ядахдаа вэб сайт байхгүй. Дурын жаал нэг ч төгрөг зарцуулахгүйгээр сайт биш юмаа гэхэд блог ажиллуулдаг байхад МСНЭ бардаггүй ээ. Монголын хамгийн муу сэтгүүл бол “Сэтгүүлч”, түүнийг Хэвлэлийн хүрээлэнтэй хамтраад ч жилд ганцаас илүү чаддаггүй. Өнөөдрийн сэтгүүлүүд ямар мундаг болсонтой харьцуулагтун! Сэтгүүлчдийн байгууллага шинэчлэгдэх ёстойг МСНЭ өөрөө ч хүлээн зөвшөөрч байгаа (TV5-ийн баттай эх сурвалжаар) “сурагтай”. Бүү мэд. Өнгөрсөн жилүүдэд зөндөө хуралдаж  “сэтгэлээ онгойтол” ярьцгааж ирсэн ч бахь байдгаараа, тэгэхдээ бүр социализмынх хэвээрээ үлдсэн нь гайхалтай.

МСНЭ бол сэтгүүлчдийн гэхээсээ илүү сэтгүүлчдийн нэр барьсан, сэтгүүлчдэд ажил олгодог, халж сольдог, үүрэг даалгавар өгдөг дарга, тэгээд аль нэг намын батлах өвөртөлсөн албан тушаалтан, эзэд давамгайлсан байгууллага учраас шинэчлэгдэхгүй байна. Хэвлэл мэдээлэлтэй хавьтсан болгоныг сэтгүүлчид тооцдог, тэгээд захирч зааварладаг дарга нартай нь хамт нэг саванд чихэж, өөр, заримдаа тэс хөндлөн эрх ашгуудыг хольж хутган зуурч гөлийлгөөд дуулгавартай байлгах, улмаар тэдний өмнөөс том том дуугарч тодрох газар болсон байна, энэ сэтгүүлчдийн эвлэл. Мөнгөө тоолж бардаггүй эзэд цалингаа нэмж, ажилтнууддаа зээл өгч байр сууцтай залгуулахын оронд сэтгүүлчдийн ядуу зүдүү, үзэгнээс өөр юмгүй хувхай хоосныг дуудан сүржигнэх  нь хамаагүй амар. Манайд хэвлэлийн эрх чөлөөг сэтгүүлчдээс илүү эзэд хамгаалдаг нь сэжигтэй санагдахгүй байна уу? Ихэнхдээ дураараа худалдагдах эрх чөлөө байдаг юм даа.
 
Саяын их хурлын танхимд сонин юм харлаа. Өнөөдрийн хэвлэл мэдээллийн хамаг хүндийг нуруундаа үүрч буй залуу, жирийн сэтгүүлчид ихэнх нь байсан. Хажуугаар нь сэтгүүл зүйн наад захын зарчмуудыг (хууль дүрмийг ярихаа бүр больё) байн байн зөрчиж сэтгүүлчдээ зардаг эзэд, дарга, тэдэнд захиалга өгч татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авдаг албан тушаалтан эрхмүүд сэтгүүлчийнхээ хувиар хүрэлцэн ирж МСНЭ-ийг хэрхэн шинэчлэхийг уриалж, бас зааж өглөө. Энэ өдрөөс эхлэн засрахаар шийдсэн бол харж л байя.

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд | Leave a Comment »

Хэвлэл мэдээллийн [эздийн] эрх чөлөө

Posted by Бид on 2011/05/06

Энэ жил Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр АНУ-ын Freedom House байгууллагаас ээлжит тайлангаа гаргаж манайхыг дахиад хагас эрх чөлөөтэйгээр цоллов. Бүхэлдээ тийм байх. Гэхдээ хэвлэл мэдээллийн нэг эрх чөлөө Монголд бүтэн бий.  Тэр бол эздийн эрх чөлөө.

Эзэд худалдах, худалдагдах эрх чөлөөгөө хэрхэн эдэлж ирснийг бахдаад баршгүй.  Сүүлдээ шийдвэр гаргах, хууль тогтоох түвшинд нэвтэрч хүссэнээ гүйцэлдүүлдэг болжээ. 2006 онд сонин хэвлэлд ногдуулах НӨАТ-ийг цуцлуулсан. 2008 оны эхээр Засгийн газрын хуралдаанаар Зар сурталчилгааны хуулинд өөрчлөлт оруулж хувь хэмжээ тогтоох талаар хэлэлцэхийн өмнөхөн телевизийн эзэд дайрах шахам орж зогсоосон. 2010 онд Архидан согтуурахын эсрэг хуулинд  өөрчлөлт оруулж хоригийг цуцлуулсан. Хамгийн сүүлд сонины эзэд төрийн өмчит “Монгол шуудан” компанийн хэвлэл түгээх шимтгэлийг ээлжит удаагаа бууруулж чаджээ.

Тэд дуртай намын гишүүн байж, дуртай сонгуульд нэр дэвшдэг. Ялагдвал юу ч болоогүй мэт буцаад ирнэ. Ялаад төрд орсон ч эзний эрх чөлөөгөө эдэлсээр. Саяхан ээлжит их хурлаа хийсэн Монголын сонины холбооны удирдлагуудыг дээрээс жагсаахад Ерөнхийлөгч Р.Хадбаатар нь яг одоо нийслэлийн “Улаанбаатар” сангийн гүйцэтгэх захирал, дэд ерөнхийлөгч С.Баярмөнх ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын дарга (магнатаа болиод хэрэндээ л олигархууд болцгоожээ), цаашилбал Л.Нинжжамц Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны хэвлэлийн төлөөлөгч … гэхчлэн жагслаа.  Гэхдээ тэд өгөөмөр улс.  Өөрсдийн эзэмшдэг сонинуудын сэтгүүлчдэд зориулж ЧӨЛӨӨТ сэтгүүлчдийн холбоог байгуулж өгөөд хатавчиндаа томоотой суулгасан юм.

Өнөөдөр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд бүтэн эрх чөлөөтэй орнуудын жишгээр редакцийн хараат бус байдлыг хангах тухай заалт оруулан хэлэлцүүлж байгаа. Харин эзэд “Редакц-эзэнтэйгээ гэрээ байгуулах нь үнэндээ үл бүтэх яриа. Энэ нь эзний оролцоог байхгүй болгоно гэсэн гэнэхэн яриа бололтой. Эзэн нь оролцдоггүй юм бол редакцийг хэн санхүүжүүлэх юм. Санхүүжүүлэхгүй л байхгүй юу. Мөнгөгүй редакц тардаг л байхгүй юу” (“Өдрийн сонин”) гэхчлэн бичүүлж байна.

Сонинуудын холбоо, өдөр тутмын сонинуудын холбоо, телевизүүдийн холбоо эздийнх. Уг нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэж байдаг. Харамсалтай нь хэвлэл мэдээллийн захирал, дарга, эрхлэгч зэрэг албан тушаалтнуудын мэдэлд явдаг. Ерөнхийдөө эздийн эдэлдэг бас нэг байгууллага юм.

Монгол Улсад хэвлэл мэдээллийн эзэд бүрэн эрх чөлөөтэй.

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд, Хэвлэлийн эрх чөлөө | Leave a Comment »

Эзэд, захирал, улс төрчдөөр дүүрэн сэтгүүл зүй

Posted by Бид on 2010/05/07

Хэвлэлийн хагас эрх чөлөөтэй гэж хөндлөнгөөс тавьсан оноштой монголын хэвлэл мэдээллийнхэн 5-р сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг бүрэн эрх чөлөөтэй тэмдэглэжээ.

МСНЭ-ээс “Асуудлаар дүүрэн сэтгүүл зүй” ярилцлага зохион байгуулж хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондогоор лекц уншуулж ярилцахдаа баримт жишээ ганцыг ч хэлэлцээгүй байна. Яагаад гэвэл хагас дутуу эрх чөлөөтэй байлгадаг тэр “асуудал” нь сэтгүүлчдийн байгууллагын толгойд гарчихаад 2012 оны сонгуулийг тэсч ядан хүлээж суугаа хэвлэл мэдээллийн эзэд өөрсдөө юм.  Харин өнгөрсөн 2008 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн, одоо төрд том алба хашигч хоёр “магнат”-аар удирдуулсан Монголын сонины холбоо өөрийн мэдлийн Монголын чөлөөт сэтгүүлчдийн эвлэлийн болон бусад байгууллагын зуугаад сэтгүүлчийг Эрдэнэтэд аваачиж уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн өвөрт баахан эрхэлж байгаад ирсэн байна. Мэдээж шагнал урамшуулал цувж хамгийн томыг нь ноднин Засгийн газрын хэвлэлийн албаны дарга байгаад одоо Сангийн яам руу шилжсэн Л.Нинжжамцад олгосон гэнэ.  Маргааш орой нь МАХН-ын дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар хэвлэл мэдээллийн эздийг урьж нэгэн үдшийг өнгөрөөжээ.

Зарим том компани өдөр тутмын сонинуудын бүтэн нүүрийг худалдан авч Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний баяр хүргэсэн байна. Ил захидал биш төлбөртэй нүүрээр. Энэ мэтээр сонин юм их болжээ.

Мэдээж төрийн гурван өндөрлөг илгээлт ирүүлжээ. Гурвуулаа хэвлэлийн эрх чөлөөнд хайртай бөгөөд монголын хэвлэл мэдээллийг дэндүү өндөр үнэлдэг юм байна. Бөх барилдуулах л дутлаа. Бас дэлхийд ганцхан байдаг “Хэвлэлийн эрх чөлөө” дуу…  

Дэндүү олон жил үргэлжилсэн ийм нялуурлаас болж Монголд хэвлэлийн эрх чөлөө бүтэхгүй байгаа юм.

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд, Хэвлэлийн эрх чөлөө | 3 Comments »

2009 оны онцлох үйл явдал: Телевизүүдийн сагсуурал

Posted by Бид on 2010/01/06

2009 он бүрэн дуусч түүх болон хоцорлоо. Харин манай хэвлэл мэдээлэл он дуусахад бүтэн сар дутуу байхад 2009 оныг дүгнэж эхэлсэн билээ.

Ардчиллын 20 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн одон, медалийг мянга түмээр тарааж, араас нь Ерөнхийлөгчийг орлож пээдийх зуршилтай Д.Дорлигжав гэгч “харин ч багадуулчихлаа” гэж ихэрхэж байх тэр өдрүүдэд сонин хэвлэл “Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо буюу” Ц.Элбэгдоржийн найзууд энгэр цоолох цагаар” (“Өнөөдөр” сонин) гэх мэтээр шуурч эхэлсэн боловч цаадах нь арга сийлж өөрсдөд нь бөөн цол, тэмдэг зүүж өгөөд зогсохгүй жил болгоны энэ өдөр сэтгүүлчдийг шагнаж байхаа амлах нь тэр. Одоо “чи ч идсэн, би ч идсэн” …

Тэр мөчөөс эхлэн телевиз, радио, сонины одон медалийн шүүмжлэлээ санал нэгтэй зогсоож он дуусталх өдрүүдэд өөрийн магтаалд (хуучин цагт өөрийн шүүмжлэл гэж байдагсан) умбалаа. Монголын сонины холбоо, Монголын чөлөөт сэтгүүлчдийн холбооны “Дөрөвдэх засаглал”, Монголын телевизүүдийн холбооны “Алтан шонхор”, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн оны шилдэг шалгаруулах ёслолуудаас хийсэн олон цагийн шууд нэвтрүүлэг (дундуур нь согтууруулах ундааны сурталчилгааг хавчуулахаа мартаагүй) МҮОНТ-ээс бусад бүх телевизийн дэлгэцийг эзэгнэв. 2009 онд Монголд, монголчуудад тохиолдсон өөр ямар ч үйл явдалд арилжааны телевизүүд оргил цагаа ийнхүү амь хайргүй зориулаагүй юм. Тэр нь багадаад маргааш өглөө бүгд давтсан гэж байгаа.  Энэ олон телевизэд сайн нэвтрүүлэг, нэвтрүүлэгч, сэтгүүлч, зураглаач, найруулагч, хөтлөгч зөндөө байж таарна, тэднийг мэргэжлийн үүднээс шалгаруулж өргөмжлөх нь зүйтэй байх, гэхдээ өөр ямар ч улсын телевизүүд “эрх мэдлээ ашиглан” улс орон даяараа өглөө, оройгүй цацаж сагсуурдаггүй. Дээрх ёслолууд дээр манай төрийн гурван өндөрлөг гурвуулаа бөөндөж заларсныг (яасан хөнгөмсөг төр вэ?!) харсан сумо Батбаяр гишүүн “та гурав нэг газарт, нэг цагт цугтаа шоудаж болдог юм уу?” хэмээн мэл гайхжээ.

МҮОНТ-ийг хамгийн шилдэг мэргэжлийн телевизээр шалгаруулжээ. Бараг хагас зууны түүхтэй, хамаг юм нь бэлэн, тэрбумаар тэрбумаар тэжээлгэдэг олон нийтийн телевиз өөр ямар байх ёстой вэ? Бас мэдээ, сурвалжлага, ярилцлага, “Шар мэдээ”-гээ минут, секундээр үнэлэн худалдаж үзэгчдээ мэхлэх талаараа мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн TV5-ын “Цаг” мэдээллийн хөтөлбөр оны шилдгээр тодорчээ.

Бас болоогүй, телевиз болгон 2009 оны амжилт ололтоо бахадсан нэвтрүүлэг бэлтгэж үзүүлсэн юм. Тийм мундаг телевизүүдийг үздэг байснаа би тэгэхэд л мэдэж авлаа. Олон нийтийн телевизийнх “Олон нийт МҮОНРТ-ийг сурвалжилсан нь” нэртэй хэрнээ өөрсдөө өөрсдийгөө сурвалжилсан байв.

Телевиз бол гарцаагүй хүчирхэг мэдээллийн хэрэгсэл боловч манайд шоу цэнгээн, савангийн дуурь, төлбөртэй нэвтрүүлэг, эх захгүй сурталчилгаанд эзлэгдэж, нийгэм-улс төрийн нэвтрүүлэг нэртэй хоосон ярианууд, харин мэдээллийн хөтөлбөрүүд тэр чигээрээ төр, засгийн ажил болжээ. Ийм байж өөрөөрөө сайрхаж чаддаг телевизүүдийн цаана сонинууд халхлагдаж үлддэг нь харамсалтай. Ноцтой баримт, гүнзгий дүгнэлт, шинэ санаанууд чухамдаа өдөр тутмын сонинуудад нийтлэгддэг билээ.

Posted in + СЭТГҮҮЛ ЗҮЙ, НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛЭГ, + ТЕЛЕВИЗ, МСНЭ, мэргэжлийн байгууллагууд, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV5 телевиз | 2 Comments »

Ерөнхий захирлын Гавъяат цолыг Ерөнхий зөвлөх нь авчихжээ

Posted by Бид on 2009/03/18

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн удирдлага ноднин намрын их хурлаасаа хойш сэтгүүлчдийнхээ төлөө зав чөлөөгүй хөдөлмөрлөсний дүнд анхны томоохон амжилтанд хүрч чадлаа. Сэтгүүлчдийн ёс зүй, нийгмийн асуудлыг шийдэж эхлээгүй ч цагаан сараар МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч бөгөөд бөгөөд МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий захирал Т.Баасансүрэн, харин цэргийн баяраар жинхэнэ Ерөнхийлөгч бөгөөд TV5-ын . . . . . . . .  . (албан тушаалыг дор үзнэ үү) Д.Сарангэрэл дараалж,  хоёулаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн болцгоожээ. Тэднийг МСНЭ буюу өөрсдөө гавъяатад тодорхойлсон гэдэгт би эргэлзэхгүй байна.

Энэ үеэр нэг сонин юм анзаарснаа хуваалцъя.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигад байгуулсан гавъяаг нь ширхэгчлэн тоочоод “ТV-5 телевизийн ерөнхий захирал Даваажанцангийн Сарангэрэлд Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол … олгосугай” гэжээ. Анзаарав уу? “ерөнхий захиралд” гэсэн байна. Хэвлэл мэдээллээр Ерөнхийлөгчийн зарлигийг дагаад бас л “ерөнхий захиралд” гэж мэдээлсэн.

Харин зөвхөн TV5 телевиз тэс өөрөөр гүрийлээ.
Тэр оройн “Цаг” мэдээллийн хөтөлбөр шинэ гавьяат маань Гагаринтай хамт сансарт нисээд ирсэн мэт телевиз дээрээ буухыг сурвалжлан үзүүллээ
Хөтлөгч: МСНЭ-ийн ерөнхийлөгч Сарангэрэл соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ…..
Сурвалжлагч: Энэ өдөр манай телевизийн хувьд баяртай өдөр болж байна. TV5 телевизийн Ерөнхий зөвлөх МСНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Сарангэрэл Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтнийн цол тэмдгийг энгэртээ зүүж байна…
Хөтлөгч: МСНЭ-ийн ерөнхийлөгч, TV5 телевизийн ерөнхий зөвлөх Сарангэрэлд … гэж Ерөнхийлөгчийн зарлигт дурджээ… TV5 телевизийн ерөнхий зөвлөх Сарангэрэлд …
Сэтгүүлч: Эмэгтэй сэтгүүлчдын дундаас TV5 телевизийн ерөнхий зөвлөх … МСНЭ-ийн ерөнхийлөгч…

Нэг ч удаа “Ерөнхий захирал” гэсэнгүй

Маргаашийн “Цаг” мэдээллийн хөтөлбөр өчигдрийн түүхэн үйл явдлыг эргэн дурсаж, сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Д.Сарангэрэл гавьяат авахаас өөр аргагүй гэж монголчууд тэр чигээрээ шуугиж байгааг хаанаас юм чагнаснаа сонордуулав. Төгсгөлд нь МСНЭ-ийн сүлд дуу цуурайтав аа…

Гэтэл хачин юм болов. TV5 телевизийн ерөнхий захирал Ц.Базаррагчаа гэдэг нөхөр баяр хүргэж цэцэг гардуулж харагдах нь тэр.

Энэ юу гэсэн үг вэ? Эсвэл Монгол улсын Ерөнхийлөгч Соёлын гавъяат зүтгэлтэн цолыг TV5 телевизийн ерөнхий захиралд олгохоор зарлигдсаар байтал ерөнхий зөвлөх нь нэрээ шургуулаад авчихсан, эсвэл тэрбээр өөрийгөө TV5-ын эзэн биш, захирал ч биш, ердөө зөвлөх, жирийн сэтгүүлчдийн нэгэн адил хөлслөгдөж яваа нэгэн хэмээн худлаа танилцуулаад, нэг ёсондоо залилан хийж байгаад МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдсон болж таарлаа. Харин тэрийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн протокол илчлээд хаячихав. Төр заримдаа төмбөгөр байдаг аж.

Нэгэнт албан ёсоор илчлэгдсэн юм чинь Сарангэрэл энэ өдрөөс хойш ариун мөрийн замд орж шударгаар явах болов уу гэтэл үргэлжлүүлэн мэхэлсээр байх санаатай. Магадгүй түүнд, гавьяат жүжигчин цол олговол дээр байж уу?

Posted in + ТЕЛЕВИЗ, МСНЭ, мэргэжлийн байгууллагууд, TV5 телевиз | 24 Comments »

“Алтан шонхор-2008” буюу “Шинэ жилийн мэнд хүргэе!” гэж байна…

Posted by Бид on 2008/12/31

Монголын Телевизүүдийн Холбооны “Алтан шонхор” наадам 17 номинацаар дараах шилдгийн шилдгүүдийг шалгаруулжээ. Оролцогсод нь C1, TM хоёроос бусад арилжааны телевизүүд байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хоёр Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизгүй энэ арга хэмжээнд ирсэн байв.

2008 оны “Алтан шонхор”-тнуудын жагсаалт:

1. Хүүхдийн шилдэг нэвтрүүлэг – SBN телевизийн “Нахиа” нэвтрүүлэг
2. Шилдэг студи –
UBS телевизийн харьяа Дэүс студи
3. Орон нутгийн шилдэг телевиз –
“Лха” телевиз (Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймагт салбарласан сүлжээ телевиз)
4. Шилдэг инженер –
TV5 телевизийн инженер Оюунтуяа
5. Шилдэг тайзны зураач
– UBS телевизийн Тулга
6. Шилдэг компьютер графикч –
UBS телевизийн Энхзаяа
7. Хөгжмийн шилдэг нэвтрүүлэг –
TV8 телевизийн “Ретро аккорд” нэвтрүүлэг
8. Нийтлэл, танин мэдэхүйн шилдэг нэвтрүүлэг –
“25-р суваг” телевизийн “Би” нэвтрүүлэг.
9. Мэдээллийн шилдэг хөтөлбөр –
“Ийгл” телевизийн “Ийгл”-ийн мэдээ”
10. Спортын шилдэг нэвтрүүлэг –
НТВ телевизийн “Бээжин хүрэх замд” нэвтрүүлэг
11. Шилдэг найруулагч
– “25-р суваг” телевизийн Г.Энхтүвшин “Алтан ургийнхан” бүтээлээрээ
12. Киноны дуу оруулгын шилдэг алба –
TV9 телевизийнTV9 продакшн (Кино алба гэж товчилж хэлэхлээр буруу болдог, яагаад гэвэл кино бүтээдэг гэж ойлгогдоно)
13. Шилдэг цэнгээнт нэвтрүүлэг –
UBS телевизийн “Мистер энд Мисс” нэвтрүүлэг
14. Уран сайхны зохиомжит шилдэг нэвтрүүлэг-
UBS телевизийн “Амитаба” зохиомжит нэвтрүүлэг.
15. Шилдэг зураглаач
– “25-р суваг” телевизийн зураглаач Г.Нацагдорж “Үлэмжийн чанар” бүтээлээрээ
16. Шилдэг хөтлөгч –
SBN телевизийн хөтлөгч Б.Мэндсайхан
17. Шилдэг сэтгүүлч –
“25-р суваг” телевизийн сэтгүүлч Ц.Пүрэвхүү “Сэдэв” нэвтрүүлгээрээ.

Харин МСНЭ, Монголын сонины холбоо хүртэл тодруулдаг шилдэг телевиз гэсэн номинаци алга байв. Орон нутгийн шилдэг телевизийн шалгаруулсан мөртлөө “төвийнхийг” тэгсэнгүй. “Алтан шонхор”-ын шалгаруулалт бол арилжааны телевизийн захирлуудын нэг ёсны зөвшилцөл учраас аль нэгийгээ илүү гаргахыг хүлээн зөвшөөрөхгүй биз. Ингээд нийт дүнгээрээ UBS телевиз 5, “25-суваг” телевиз 4, SBN – 2, TV9, TV5, НТВ, TV8, “Ийгл”, Лха телевизүүд тус бүр нэг “Алтан шонхор”-той харьжээ. “Соёмбо”-оос бусдад нь хүртсэн байна.

Шилдэг инженер, зураач, компьютер графикчийн талаар мэдэх юм алга. Хүүхдийг шилдэг нэвтрүүлгээр “Лоолоогийн найзууд” шалгараагүй аж. Гэхдээ SBN-ийн “Нахиа” илүү юм байгаа биз. Бүгдийг үзээгүй болохоор UBS-ийнхэн бараг бүгдэд нь түрүүлсэн уран сайхны болон цэнгээнт нэвтрүүлгийн номинацуудын талаар хэлэх юм бас алга. Шилдэг студи Дэүс-ийг хэн мэдэж байна? Бусад телевизийн ижил төстэй олон нэвтрүүлэг, студиэс юугаараа давуууг шүүгчид микроскопоор харж шийдсэн гэж найдъя.

Хамгийн чухал хоёр номинацийн тухайд.

“Ийгл” телевизийн “Ийгл”-ийн мэдээ” мэдээллийн шилдэг хөтөлбөр болжээ. Нэг талаас залуу сэтгүүлчид нь төр засгийн бодлого, бүтээн байгуулалт, гэрэл гэгээтэй мэдээ энэ тэрийг үзүүлнэ гэж албархахгүйгээр, хаана сонирхолтой байна, тэнд очоод чөлөөтэй сурвалжилж чаддаг энгийн мэдээнүүдээс бүрдсэн сайн хөтөлбөр. 7-р сарын 1-ны үйл явдлыг CNN маягаар шууд дамжуулсныг бас үнэлсэн байх. Нөгөө талаас тогтсон цаг, эхлэл төгсгөл үгүй бөгөөд христийн зар, сурталчилгаатай холилдон зогсоо зайгүй давтан урсдаг нь ядаргаатай. Миний хувьд TV9 телевизийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрийг шалгарч магадгүй гэж бодож байлаа. Маш сайн эрэн сурвалжлага, тайлбарууд, орон нутгаас мэдээ авдаг “Инфо” сүлжээг дурдахад л хангалттай юм. Даанч арилжааны бусад телевизийн нэгэн адил “Бизнес мэдээ”-ндээ идэгдэж хөтөлбөр нь сунаад жирийн үзэгчдэд ялгарч харагддаггүй байж магадгүй.

“25-р суваг” телевизийн сэтгүүлч Ц.Пүрэвхүү шилдэг сэтгүүлчийн “Алтан шонхор”-ыг хүртлээ. Түүний хөтөлдөг “Сэдэв” нэвтрүүлэг манай телевизүүд дундаас (МҮОНТ-ийг оруулаад шүү!) улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлыг хамгийн сайн задлан тайлбарлаж чаддаг. Харамсалтай нь Пүрэвхүү 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр МАХН-аас Орхон аймагт нэр дэвшигч Д.Дамба-Очир, АН-аас Баянхонгор аймагт нэр дэвшигч Х.Баттулга хоёрын сурталчилгааг зэрэг хийж амжсан билээ. Сэтгүүлчийн ёс зүйн хувьд тааруухан энэ үйлдлийн шалтгааныг түүнд хангалттай цалин мөнгө өгдөггүй “25-р суваг” телевизийн удирдлагаас асуух хэрэгтэй байх.

Төгсгөлд нь “Алтан шонхор” наадмыг телевизээр үзэхдээ зугаатай гэмээр хэдэн тохиолдлыг анзаарснаа хуваалцъя.

Шагнал хүртсэн “25-р суваг” телевизийн “Би” нэвтрүүлгийг бүтээгчдийн нэг нь “бидний сайных биш, нэвтрүүлэгт оролцсон тэр хүмүүсийн сайных” гэж хэт жижгэрсэн бол нөгөө нь “Энэ бол Монголын Оскар шүү дээ” гэж хэт томров. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ээлжит номинацийн ялагчийг зарлахаар гарч ирээд дугтуй нээхдээ “Шинэ жилийн мэнд хүргэе!” гэж байна” хэмээн уншиж инээдэм болгов. 1980 оны Москвагийн олимпийн нээлт дээр Л.Брежнев хэлэх үгнийхээ эхэнд байсан таван цагиригыг хараад “О…О…О…О…О” гэж уншсан тухай онигоо зарим хүний санаанд оржээ. Телевизүүдийн холбооны ерөнхийлөгч бөгөөд УИХ-ын гишүүн З.Алтай уран сайхны шилдэг нэвтрүүлгийг зарлахын өмнө “Дахиад 25-х суваг телевиз юмуу … битгий баярла” гэж эв хавгүй марзагнаж телевизийнхнээ гомдоох шахав. Тэгснээ “Үл ойлгогдох нэр байна, монгол нэр биш байна… Али баба гэнэ үү” хэмээн үргэлжлүүлж намба алдлаа. Харин “Амитаба” нэвтрүүлгийн зохиогч охин, энэ бол яруу найрагч Нямсүрэнгийн алдартай шүлгийн нэр болохыг, бас яаж орчуулсан байдаг талаар бяцхан хичээл зааж эвтэйхан хариу барих нь тэр…

Нэвтрүүлгийг ивээн тэтгэсэн бололтой ХААН, “Голомт” банк, “Спирт, бал бурам” компанийн гадаад, дотоод захирлын хажуугаар нийслэлийн МАХН-ын хорооны дарга П.Цогтбаатар гарч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн нь сондгой харагдлаа. Нэг л учир байна даа…

Posted in + ТЕЛЕВИЗ, МСНЭ, мэргэжлийн байгууллагууд | 15 Comments »

Монголд хоёрхон телевиз байдаг. Нэг нь олон нийтийн, бусад нь арилжааны.

Posted by Бид on 2008/12/31

Дэлхийд хоёрхон төрлийн суудлын машин байдаг, тэр нь Мерседес Бенц ба бусад гэдэг шиг монголын телевизүүдийг олон нийтийн ба арилжааны хэмээн хоёр ангилж болно. Энэ нь манай телевизийн салбарт МҮОНТ Мерседес Бенц хосгүй сайн, чанарын эталон гэсэн үг хараахан биш. Гэхдээ МҮОНТ дэлгэцэн дээр үзэгдэхгүй бол бүгд нэхнэ, харин аль нэг арилжааны телевиз алга болчихвол тэгтлээ сүйд болохгүй. Цаана нь дахиад 10 тийм телевиз үлдэх юм чинь…

Би яагаад үүнийг хэлж байна вэ гэвэл хэдхэн хоногийн өмнө Монголын телевизүүдийн холбооны 2008 оны шилдгийн шилдгийг шалгаруулах “Алтан шонхор” шагнал гардуулах ёслолын ажиллагаанд МҮОНТ-ийнхэн оролцоогүй, 17 номинацийн алинд ч нэвтрүүлэг ба уран бүтээлчдээ дэвшүүлээгүй ажээ. Гэтэл ноднин МҮОНТ-ээс нэр дэвшиж зарим нь шалгарч ёслолын ажиллагааг хөтөлсөн МҮОНТ-ийн сэтгүүлч Ш.Гүрбазар телевиздээ ногдсон “Алтан шонхор”-ыг гардаж байсан санагдана. Энэ жил юу болов? МҮОНТ-ээр “Алтан шонхор”-ын талаар мэдээлсэн ч үгүй. Энэ бүхэн тусдаа ярих сэдэв байх.

Яг өнөөдөр Монголын телевизүүдийн холбоо бол арилжааны телевизүүдийн холбоо юм байна (C1, ТМ телевизүүд ч үзэгдсэнгүй). Тэгэхлээр “Алтан шонхор” бол арилжааны телевизүүдэд  хамаатай шагнал гэж ойлголоо.

Бас нэгэн зүйл. 2008 оны “Алтан шонхор” шагнал гардуулах ёслол өнгөрсөн долоо хоногт буюу 12-р сарын 26-ны Баасан гаригт болжээ. Гэхдээ “Өнөөдөр” сонин өөрийн “25-р суваг” телевизийнхэн ямар шагнал хүртсэнийг түрүүлж зарласныг эс тооцвол хэвлэл мэдээлэл таг дуугүй хүлээв. Телевизүүд товч мэдээлэхээс хэтрээгүй бөгөөд үзэгчид бараг юу ч мэдэлгүй хэд хоносон гэхэд болно. Сонин байгаа биз? Ямар нэгэн үйл явдал зөвхөн телевизээр гарсан цагт сая үйл явдал болдог ажээ. Хэрвээ гараагүй бол болоогүй мэт.

Ингээд арилжааны телевизүүд бүтэн дөрөв хоногийн пауз авч байгаад өчигдөр буюу 30-ны Мягмар гаригийн орой 22 цагаас “Алтан шонхор” наадмын тухай нэг ижил нэвтрүүлгийг  бэлтгэн TV5, TV9, 25-р суваг, TV8, НТВ, SBN, “Ийгл” телевизээр нэгэн зэрэг цацлаа.

(Миний хувьд оройтоод хальт харлаа. Өнөөдрөөс бүтнээр олж үзээд шагналтнуудын талаар товч тайлбар хийхээс).

Posted in + ТЕЛЕВИЗ, МСНЭ, мэргэжлийн байгууллагууд, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Монголын хамгийн шилдэг олон нийтийн телевиз болон бусад

Posted by Бид on 2008/12/24

Хэд хоногийн өмнө МСНЭ-ээс хэвлэл мэдээллийн салбарын 2008 оны шилдгүүдийг зарлажээ. Тус эвлэлийн ерөнхийлөгч Д.Сарангэрэлийн хувийн TV5 телевизээр хэд хоног сүйд болов. Уг нь сэтгүүлчдийн байгууллага сайн сэтгүүлч юмуу нэвтрүүлгийг шалгаруулбал илүү зохих боловч шунаад шилдэг телевиз, радио, сонин, сэтгүүл гэж байгаад яг эздийн байгууллага мэт аашилжээ. Энд гайхаад байх явдалгүй, ерөөсөө МСНЭ бол хэвлэл мэдээллийн эзэд, дарга нарын эрх ашгийг түрүүнд тавьсан байгууллага юм. Шалгаруулалт нь бас тийм. Үүнийгээ далдлах гэж “Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн дээд байгууллагын удирдлага шалгаруулалтыг уншигчид болон сэтгүүл зүйн мэргэжлийн судлаачдын санал, дүгнэлтэд үндэслэн хийснээ тэмдэглэж байсан” тухай мессеж хаяв. Хэзээ, хаана, ямар санал асуулгыг уншигчдын дунд явуулж хэдэн хүн оролцсон, бас хэн хэн гэдэг судлаач саналаа өгснийг бүү мэд.

Өдөр тутмын шилдэг сонин – “Өнөөдөр”:

Хэрэв сэтгүүл зүйн талаас нь авч үзвэл тус сонин 2008 онд харьцангуй төв байр сууриа алдаж УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр төдийгүй түүний өмнө ба хойно хэнд үйлчилж давхих болсныг бүгд харсан. Тэгэхлээр МСНЭ-ийг ивээлдээ авсан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт ирэх жил саад хийхгүй гэж амалсан Ерөнхий сайд С.Баярын ивээлийн сонинг шалгаруулахгүй байж болох уу? Бусад орных шиг гонжийсон нарийн форматаар хэвлэгдсэнийг хэвлэх үйлдвэрүүд, эсвэл сонины юмуу өдөрт тутмын сонинуудын холбоо дүгнэвэл хамаагүй дээрсэн.

Өдөр тутмын сонины шилдэг сэтгүүлч – Б.Нацагдорж (“Улаанбаатар таймс” сонин):

Олон жилийн туршлагатай сайн сэтгүүлч боловч хэн ч уншдаггүй энэ сонинд 2008 онд юу хийснийг нь үзэгчид байтугай “мэргэжлийн судлаачид” ч мэдэхгүй. Харин Ерөнхийлөгчийн тамгын газраас зохиолч, сэтгүүлч До.Чулуунбаатар тус сонины ерөнхий эрхлэгчээр томилогдон ирж, бас МСНЭ-ны удирдлагад гүйцэтгэх хорооны гишүүн нэрээр буцаж оронгуутаа сониноо өөд татахаар шийджээ. Ингэхдээ өөрийгөө мартаагүй бөгөөд Азийн сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч нэрээр МСНЭ-ийн дээд шагнал – хүндэт медалиар энгэрээ цоолохыг эелдгээр зөвшөөрсөн байна. (Тэр Азийн сэтгүүлчдийн холбоо гэж юу болох, Чулуунбаатар хэнийгээ төлөөлж суудаг талаар мэддэг сэтгүүлч байна уу?)

Шилдэг телевиз – МҮОНТ:

Юугаараа? Энэ шагналыг авсан МҮОНТ-ийн захирал М.Наранбаатар өөрөө ч сайн ойлгоогүй, 2008 онд манайх техник тоног төхөөрөмжөө шинэчилсэн, бас манай телевиз улс төрчдөд ч үйлчилнэ, олон нийтэд ч үйлчилнэ хэмээн хадуурч харагдсан. Товчхондоо олон нийтийн телевиз учраас шалгарчээ.  Тэгвэл Монголын хамгийн шилдэг олон нийтийн телевиз гэвэл шулуухан бус уу? 2008 оны Монгол Улсын хамгийн шилдэг Ерөнхийлөгчөөр Н.Энхбаярыг, хамгийн шилдэг Ерөнхий сайдаар С.Баярыг шалгаруулснаас ялгаа юу байхав.

Телевизийн шилдэг сэтгүүлч – Э.Дагиймаа (TV5 телевиз):

УИХ-ын сонгуулиар нэр бүхий нэр дэвшигчдийн булхайг нуусан сурталчилгаа хийж өгсөн нь сэтгүүлч хүний хувьд ариун явдал уу? Тэрбээр энэ шагналыг авахад бэлтгэсэн мэт хэдхэн хоногийн өмнөөс тэртээ тэргүй 2 цаг үргэлжилдэг, бизнес мэдээгээр пиг дүүрсэн уртаас урт мэдээллийн хөтөлбөрийнхөө өмнө “Зохиогчийн хөтөлбөр” гэгчээр урьдчилаад 30 минут хоосон чалчдаг болсон юм. Ямар азаар телевизийн удирдлага гэж сайхан юм байдаг байна аа. (Сарангэрэл эзнийг нь хэллээ гэж андуураад магтаад эхлэв ээ! Remote Control буюу алсын удирдлагыг хэлсэн юм шүү).

Монголын шилдэг хамгийн радио – MҮОНР.

Шалгаруулахын тулд хэн нэгэнтэй өрсөлдүүлэх хэрэгтэй. Гэтэл тусад нь шалгаруулсан FM-үүдээс өөр радиог хайгаад хайгаад олсонгүй. Тэгэхлээр МҮОНТ өөрөө өөртэйгээ ширүүн өрсөлдөөд ялалт байгуулжээ.

Радиогийн шилдэг сэтгүүлч – Ц.Түвшинзаяа (МҮОНР-гийн Хүүхдийн нэвтрүүлгийн редакц)

Би сайн мэдэхгүй ч сайн сэтгүүлч байх аа. Баяр хүргэе! Улс төрчдийн хувийн сэтгүүлч, эсвэл наймаачин-сэтгүүлчид бүгд телевиз, сонин руу хошуурдаг, иймээс өөрт чинь саад болоогүй байх. Гэхдээ захирал Б.Пүрэвдаш нь МСНЭ-ийн дээд шагналыг зүүхээ яаж мартахав.

Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч-Б.Бямба-Очир /”Өнөөдөр” сонин/:

7-р сарын 1-ны өдрийн жагсаал цуглааны үеэр даварсан этгээдүүдийн чулуунд өртөж хүнд гэмтэл авсан залуу сэтгүүлчид түргэн эдгэрэхийг ерөөх л үлдэж байна.

Хэвлэл, мэдээллийн хэрэгслийг дэмжигч шилдэг байгууллага-“Макс” групп, 

Хэвлэл, мэдээллийн хэрэгслийг дэмжигч шилдэг бизнесмэн-Ж.Оюунгэрэл /”Петровис”/:

Энэ хоёр номинац огт ойлгомжгүй. Хэрвээ өөрсдийн компани, бараа үйлчилгээний реклам сурталчилгааг хамгийн ихээр захиалж хэвлэл мэдээллээр гаргасан бол зүгээр л тэдний бизнесийн үргэлжлэл. Хэрвээ хэвлэл мэдээлэл юмуу сэтгүүлчид мөнгө төлж захиалга өгсөн бол огт өөр хэрэг. Ер нь Д.Сарангэрэл нарын эзэд МСНЭ-ийн эрх мэдлийг дахин авч тэдний өмнөөс төр засагт, бизнест хандаж тусламж дэмжлэг хүсээд байгаагийн цаана эх захгүй реклам сурталчилгаанаас олж байгаа тоймгүй их ашиг орлогоосоо сэтгүүлчидтэйгээ хуваалцах, тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд зориулахыг хүсэхгүй учраас тус байгууллагыг сэтгүүлчдийн өмнөөс дуугардаг ҮЭ болгохгүй гэсэн бас нэг шалтгаан бий.

Шилдэг салбар зөвлөл – МСНЭ-ийн Орхон аймгийн салбар зөвлөл:

Би МСНЭ-ийн дотоод ажлыг мэдэхгүй. Гэхдээ энэхүү салбарын нэг ид шид уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт байдаг нь эргэлзээгүй.

Шилдэг сэтгүүл – “Mongolian mining journal” сэтгүүл:

Миний мэдэхээр өнгөрсөн намар 2 дугаар хэвлэгдэж гарсан. Нэр нь хүртэл гадаад, нэг дугаарын үнэ 20 доллар учраас монголчуудад гэхээсээ илүү гадаадынханд зориулсан сэтгүүлийг тодруулжээ. Mongolian #1 magazine гэж өөрийгөө өргөмжилсөн Uptown-аас эхлээд 5 жил тасралтгүй гарч байгаа “Алтан гадас”, “Шинэ ертөнц”, бас “Цаг төр”, бас бус сэтгүүлийг өрсөлдүүлсэн болов уу? Заримынх нь “нам” таараагүй бололтой.

Шилдэг FM радио – Улаанбаатар радиогийн II суваг FM 101.7:

Саяын их хурлаар МСНЭ-ийн гүйцэтгэх хороонд багтсан “Улаанбаатар” радиогийн захирал, МАСЭХ-ны зүтгэлтэн У.Булганы бүтээсэн хамгийн эхний ажил. FM 101.7 бол түүний удирддаг (хувийн ч байж магадгүй) “Улаанбаатар” радиогийн мэдлийн хөгжмийн суваг билээ.

Тэр баярт үдэш дээрх шагналтнуудад хэн ирж баяр хүргэсэн (магадгүй шалгасан) гээч? Та зөв таажээ. Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр.

Он хараахан дуусаагүй байна. Удахгүй болох телевизүүдийн холбооны “Алтан шонхор” шалгаруулалтыг илүү болно гэж найдья. Сүүлийн хэдэн өдөр телевизүүд дэлгэцэн дээрээ нэр дэвшүүлж байгааг харахад шилдэг найруулагч, зураглаач, хөтлөгч, мэдээллийн хөтөлбөр гэсэн номинацууд харагдаж байсан. Тодорхой учраас өрсөлдөөнтэй, иймээс шударга байх найдлагатай. Миний бодлоор, шилдэг мэдээллийн хөтөлбөрөөр TV9-ын “Энэ өдөр” бараг шалгарах байх. “Инфо” мэдээллийн сүлжээ нь тун давгүй. Шилдэг сурвалжлагч (зүгээр нэг “сэтгүүлч” биш ) шалгаруулбал, уул уурхай, байгаль орчны чиглэлээр ширүүн сурвалжлагуудыг бэлтгэдэг Отгон, газрын асуудлаар эрэн сурвалжилж байсан Отгонжаргал хоёрыг нэрлэе. Бусад телевизээс гэвэл “Ийгл”-ийн Батхишиг санаанд орж байна.

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 5 Comments »

Монгол Улсын Ерөнхийлөгч + 100 сэтгүүлч = 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль

Posted by Бид on 2008/12/20

Өнгөрч буй долоо хоногт “Ерөнхийлөгч ба 100 сэтгүүлч” уулзалт болжээ. Энэ удаагийнхийг Ерөнхийлөгч Н.Энхбаяр анх удаа Төрийн ордноос гаргаж Хэвлэлийн хүрээлэн дээр очин тэндхийн 5000 дахь хэвлэлийн хурлын оронд хийсэн байна. Яагаад? 

Сүүлийн үед Ерөнхийлөгч маань ер бусын байгаа. Хэд хэдэн удаа уртаас урт ярилцлага өгч улс орны нөхцөл байдлыг дүгнэж хэрхэн засаж янзлах хэрэгтэйг тайлбарласан. Харин сэтгүүлчидтэй уулзахдаа хараахан дуусаагүй байгаа энэ онд юу хийснээ тайлагнасан ном тараажээ. Ерөнхийлөгчийн хувийн сэтгүүлчийн эрхэлдэг “Улаанбаатар таймс” сонинд бичсэнээр “… Бидний хооронд өрнөсөн халуун яриа гурван цаг үргэлжилсэн. Ерөнхийлөгч сэтгүүлчдэд хандаж “Сэтгүүлч, ерөнхийлөгч хоёрт нэг адил зүйл бий. Тэр нь ард түмэнтэйгээ, ард түмнийхээ талд байгаа цагт хэзээ ч буруудахгүй гэсэн зарчим” гэж хэлсэн байна. Ийнхүү сэтгүүлчдийг өөртэйгээ зүйрлэн өргөмжлөхийн зэрэгцээ дараах зүйлийг ярьжээ. (Үг үсэг өөрчлөлгүй ишлэв):

Засгийн газраас, эсвэл төр засгаас ч юм уу энэ хэвлэл мэдээллийн байгууллагатай харьцахдаа улам илүү ил тод мэдээллийг өгдөг байх хэрэгтэй юмаа. Зарим сургалтад хамрагдах тал дээр тусалдаг байж болох юм. Ерөнхий сайдаар би ажиллаж байхдаа тухайн жил сэтгүүлчийн мэргэжил эзэмшиж төгсөж байгаа хамгийн сайн сурлагатай оюутнуудыг 14 хоногийнх байсан байх аа, би буруу санаагүй бол тодорхой хугацааны семинарт суулгаж, тэр үед ажиллаж байсан Засгийн газрын гишүүд, Их Хурлын гишүүдээр лекц уншуулж, мэдээлэл өгч ингэж одоо анхных нь ажлынх нь гарааг нь хийхэд нь тодорхой тус дэмжлэг үзүүлж байсан. Тэр залуучуудаас олон нь одоо хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг гэж би ойлгодог. Тэхлээр цаашдаа ч энэ хэлбэрын ажил ч юм уу өөр шинэ хэлбэрийн ажлуудыг бид хийхэд бэлэн байна. Манай сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэлийн хүрээлэн, бусад одоо байгууллагууд тус тусдаа болон хамтраад иймэрхүү ажил хиймээр байна аа гэсэн санал гаргавал бид бололцооныхоо хэрээр дэмжиж ажиллая аа гэсэн ийм бодолтой байна. Түрүүн би бас төрийн бус байгууллагуудтай харьцах тал дээр бол шинэ зарчим нэвтрүүлбэл яасан юм бэ гэж хэлсэн. Миний зүгээр ойлгож байгаагаар бол сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл бол хамгийн их одоо сэтгүүлчидтэй холбоотой … сэтгүүлчдийн эрхийг хамгаалах асуудалтай холбоотойгоор гадаад, дотоодоос мөнгө босгох чадвартай байгууллага байх гэж бодож байгаа. Тэхлээр тэр босгосон мөнгөтэй нь яг тэнцэхүйц мөнгийг Засгийн газраас өгч ингэж хоёр талын дэмжлэг өгч энэ сэтгүүлчдийн байгууллага ажиллаж сэтгүүлчдээ бэлдэх, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх, эрхийг нь хамгаалах асуудал дээр тодорхой ахиц дэвшил гаргах бололцоотой байх болов уу гэж ингэж бодож байна…  

Үүнийг Ерөнхийлөгчийн ивээлд ийнхүү орсон МСНЭ-ийн ерөнхийлөгч Д.Сарангэрэлийн хувийн TV5 телевизийн сэтгүүлч Э.Дагиймаа Сэтгүүлчдийн байгууллагаа төр тодорхой хэмжээгээр дэмжих учиртай. Сэтгүүлч хүн гэдэг нийгмийг байлдан дагуулдаг, хэзээ ч хөгширдөггүй, цуцдаггүй хүмүүс, боловсрол мэдлэгийг нь дээшлүүлэхэд анхаарал хандуулна гэж амаллаа” хэмээн бөөн баяр болж энэ тухай сурвалжлагаа Монгол Улсын Ерөнхийлөгч + 100 сэтгүүлч = Хөгжил” гэсэн сүржин шторкоор чимэглэн үзүүлэв.

Хөгжилсөөд байх юу байхав. Цаана чинь ард түмний бэлэг тэмдэг маань 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээ албан ёсоор зарлаж “… Надад энэ албыг хашихад давуу тал бий. Би МАХН, нийт ард түмний дэмжлэгээр Монгол улсын Ерөнхийлөгчийн амаргүй албыг хашиж байна. Миний хувьд төрийн тэргүүний өндөр албан тушаалд сонгогдох нь гол биш. Цаг хугацаа өнгөрөх тусам хийе бүтээе гэсэн ажил, бүтээл оргилж байна. Эхлүүлсэн ажил ч их байна. Миний хийж бүтээсэн ажлын цаана ард түмэн минь байгаа. Өнөөдөр надад албан тушаал цуглуулах сонин биш байна. Цоо шинээр хийж бүтээх их ажил хөдөлмөрийг цуглуулах нь чухал байна” гэж мэдэгдсэн байна. Орчуулга хэрэггүй ээ. Урьд өдөр нь нь Ерөнхий сайд С.Баяр Ерөнхийлөгчид нэр дэвшихгүйгээ амлан байраа тавьж өгсөн нь ийм учиртай байж. 

Одоо Ерөнхийлөгч сэтгүүлчдийг гарын дороо байлгах шаардлагатай хариуцлагатай үе эхэллээ. Иймээс Соёлын сайд байхдаа Хэвлэлийн хүрээлэнг барьж өгснөөс эхлээд Ерөнхий сайд байхдаа хэвлэл мэдээллийнхнийг хэрхэн халамжилж байснаа сануулсан хэрэг. Харин яагаад ч юм даруу зан гаргаж зөвхөн хэдэн оюутныг сургасан гэжээ. Үгүй дээ. Оюутнуудыг биш, ажиллаж байсан сэтгүүлчдийг, гэхдээ тэднийг сургадаг биш, үүрэгддэг байсан. Үүний тулд эхнэрийнхээ нэрээр “Чөлөөт хэвлэл” сан байгуулж хэдэн сонины эздийг халаасалчихсан явдагсан. Тэр жилүүдэд төсвийн мөнгийг хэн хэнд сая саяар хүртээсэн баримтууд хожим бага сага илэрсэн.  Хил давж тив алгасан гадаад оронд айлчлахдаа тэднийг онгоцондоо дүүрэн ачдаг, цаадуул нь буцаж ирээд тэр үеийн ерөнхийлөгч Багабандийг муулдаг сонин цаг байлаа. Ингээд 2005 оны зуны Ерөнхийлөгчийн сонгууль гэхэд шар дээлтэй нэр дэвшигчийг шууд дэмждэг хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид  ажлаа “бөөн баяр” эхэлсэн…  Сонгуулийн дараа МСНЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга нь бүр Ерөнхийлөгчийнхөө (МСНЭ-ийн биш, Монгол Улсын!) дэргэд нүүгээд оччихсон байсан шүү! 

Удалгүй 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Энхбаярч арга давтагдахнээ. Энэ удаад “Чөлөөт хэвлэл” санг биш (тэрбээр Ерөнхий сайдаа больж төсөв мөнгийг шууд мэдэхээ больсон тул татан буулгасан биз), МСНЭ-ийг ашиглах бололтой. Юу хэрэгтэйгээ хэлээд бай, мөнгө өгөөд байя гэсэн байна.  Гадаад дотоодоос мөнгө босговол яг тэнцэхүйц мөнгийг нэмнэ гэснийг бодоход тун нарийн схем зохиожээ. Харин мөнгийг нь Засгийн газар өгнө гээд гэснийг бодоход цаад Баяртайгаа хэдийнэ тохирчихсон байж таарлаа. (Даанч Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар МАХН-ын нарийн бичгийн дарга Амарсанааг өгч авалцаад байсан юм аа)

МСНЭ-ийн удирдлага Ерөнхийлөгчтэй уулзах тоолондоо төрөөс байр нэхдэг, цаадах нь амалсан харагддаг. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, эсвэл Ерөнхийлөгчийн сонгуулиар хэр зүтгэснийг нь харж байгаад  өгөх ч байх. Уг нь Жасрай агсан Ерөнхий сайд байхдаа хотын яг төвд аятайхан байшинг сэтгүүлчдийн байгууллагад олгосон, даанч түүнийг нь Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх бөгөөд МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондов хувьдаа завшсаныг бүгд сайн мэдэж байгаа… Бүр хавь ойрын газрыг нь зарсан сураг байдаг.   

Сонгууль дөхөхлөөр сурталчилгааны баг болж хувирдаг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхүүдийн багт МСНЭ-ийн ерөнхийлөгч Д.Сарангэрэл оржээ. Б.Чадраа, Д.Чойжамц, С.Ганбаатар (МҮЭ-үүдийн холбооны Ерөнхийлөгч, 2005 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар хэнийг дэмжсэн лекц уншиж монголын бүх аймгийг тойрсныг санав уу?) , Н.Баяртсайхан, Ж.Эрдэнэчимэг, Т.Намжим, Б.Пүрэвбат гээд бусад  зөвлөхүүдийн нэрийг дурдвал илүү тайлбар хэрэггүй биз. 

Саяын их хурлаар МСНЭ-ын удирдлага дахь МАХН-ын гишүүдийн байршил улам “сайжирлаа”. Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх хорооны бүрэлдэхүүний тухай би нэгэнтээ бичсэн. Ерөнхийлөгчид сөрөг гэгддэг “Өдрийн сонины” нэг төлөөлөл багтсан ч УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны даргаар очих болсон гэлцэнэ. Тэгтэл Ерөнхий нарийн бичгийн даргаа “шударгаар” шалгаруулж авах болж сонин хэвлэлээр тендер зарлаад хэнийг олсон гээч? УИХ-ын сонгуулиар бас л МАХН-ын сонгуулийн төв штабт ажилласан сэтгүүлч Я.Сумъяаг

Юмыг баталгаатай хийх юмаа…

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд | 6 Comments »

Телевизийн эздийн бэлэг

Posted by Бид on 2008/11/30

TV5 телевизийн мэдээлснээр бол Монголын телевизүүдийн холбооны удирдлага “Эрдэнэт” үйлдвэрийн 30 жилийн ойд зориулан нэгэн дуу бүтээж бэлэглэжээ.  Шүлгийг нь соёлын гавъяат зүтгэлтэн, жирийн сэтгүүлч Ш.Гүрбазар, харин аяыг мэдээж UBS телевизийн эзэн, соёлын гавъяат зүтгэлтэн Ц.Балхжав зохиожээ. Ойн баярын хүлээн авалтанд уригдан очиж дуугаа хүлээлгэн өгч байгаа “комисс”-ын бүрэлдэхүүнд өөрийгөө TV5 телевизийн эзэн биш гэж байгаад МСНЭ-ийн ерөнхийлөгөөр 2 дахь удаагаа сонгогдсон Д.Сарангэрэл харагдав. Дуунд шүлэг, аяаас өөр зохиох юм байдаггүй тул Монгол улсыг авч явдаг “Эрдэнэт” үйлдвэрт гараа сунгасан өгөөмөр хүмүүсийн тоонд өөрийн эзнийг багтаахын тулд TV5 телевизийн нэрээ нуусан сэтгүүлч “телевизүүдийн холбооны удирдлага бэлэглэв” гэж тайлбарласан хэрэг. Тэгснээ “Энэ дуу ХИТ болно доо гэж сонссон хүмүүс эргэлзээгүй хэлж байна” гэж нөгөө хоёрт нь тал засав.    

Урьд цагт уран бүтээлчид “зүрх сэтгэлээсээ” намын магтуу зохиодог байсан бол одоо ямар ч мөнгө төгрөг авахгүйгээр том үйлдвэр, компанийг магтсан уран бүтээл үйлдэж бэлэглэдэг сайхан цаг иржээ.

Мартсанаас, хэдхэн хоногийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн дарга нар 30 жилийн ойгоо угтуулж зарласан уран зохиолын уралдаанаа дүгнэж хэсэг зохиолчдод баахан мөнгө тараасан билээ. Эдгээр роман (тууж)-ууд бестселлер болно гэж уншсан хүмүүс хэлж байгаа болов уу?

Posted in + ТЕЛЕВИЗ, МСНЭ, мэргэжлийн байгууллагууд | 2 Comments »

МСНЭ-ийн гүйцэтгэх хороонд хэн хэн оров?

Posted by Бид on 2008/11/11

МСНЭ-ийн 3-р их хурлаар сонгогдсон 15 хүнтэй гүйцэтгэх хорооны бүрэлдэхүүнийг жагсаавал, ерөнхийлөгч Д.Сарангэрэл, дэд ерөнхийлөгч Т.Баасансүрэн нараас гадна МУИС-ын тэнхмийн эрхлэгч, доктор М.Зулькафиль, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Золбаяр, “Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч До.Чулуунбаатар, ахмад сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ, “Улаанбаатар радио”-гийн ерөнхий захирал У.Булган, Монголын радиогийн ерөнхий захирал Б.Пүрэвдаш, мэдээлэл, сурталчилгааны “Интерком сан” ХХК-ийн захирал Ц.Цэдэн-Иш, МҮОНТ-ийн сэтгүүлч Ц.Алтанцэцэг, “Өнөөдөр” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Заяабат, МСНЭ-ийн Эрдэнэт  дэх салбар зөвлөлийн дарга Т.Сувдаа, Дорнод салбарын дарга Б.Туяа, МСS группийн дэд захирал Л.Энх-Амгалан нар болно.  

Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн яагаад монголын сэтгүүлчдийн төлөө хүчин зүтгэх болов? “Монголросцвет” нэгдлийн ерөнхий захирал байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаад тэр нь “нотлогдоогүй” өнгөрсөн энэ эрхэм  TV5 телевизийн ивээн тэтгэгч, магадгүй нууц эздийн нэг гэгддэг. Зарим төлөөлөгч болж “байгаа юм уу?” гэж асуухад өнөөдрийн их хурлыг санхүүжүүлсэн гэж ойлгуулаад нам болгосон юм гэнэлээ.  Их хурлаараа нийлж авлига авснаас ялгаа юу байхав. Нэмж бас “Таван богд” группийн захирал Баатарсүрэнг зүтгүүлж үзсэн сурагтай. Коктейль найруулагч нь сэтгүүлчдийн байгууллагыг амины телевиз шигээ байлгахыг хүсчээ.   

Ингээд МСНЭ-ийн Гүйцэтгэх хорооны шинээр сонгогдсон 15 гишүүн дотроос ажил олгогч биш бөгөөд сэтгүүлчийн ажлаа хийж байгаа хүн 5 олдлоо. Б.Золбаяр, Ц.Алтанцэцэг, Д.Заяабат гурав дээр МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбарын дарга, кабелийн телевизийн захирал Т.Сувдаа, Дорнод аймаг дахь салбарын дарга, “Дорнодын мэдээ” сонины эрхлэгч Б.Туяа хоёрыг нэмээд шүү!  

Намын харъяаллын хувьд МАХН-ын гишүүн лав 9 байна.  (Илүү ч байж магадгүй, гэхдээ би заримыг сайн мэдэхгүй) 

Одоо ямар нэгэн тайлбар хэрэггүй байх аа.

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд | Leave a Comment »

МСНЭ-ийн 3-р их хурал: TV5 хөөрч МҮОНТ бойкотлов

Posted by Бид on 2008/11/08

Сэтгүүлчдийн их хурлын талаар манай телевизүүд юуг мэдээлэв? Ихэнх нь “хаяагаа хадрахгүй” зарчмаар илүү дутуугүй сурвалжлаад өнгөрсөн. Харин хоёр телевиз тэс өөрөөр хандлаа. 

Оройн 18 цагт их хурал дуусаагүй үргэлжилж байсан ч TV5 телевизийн “Цаг” мэдээллийн хөтөлбөр МСНЭ-ийн их хурал 3-р их хурал хэмээх түүхэн үйл явдлын талаар дэлгэрэнгүй сурвалжлагаар эхэллээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр илгээлт явуулсан, гэхдээ сайд дарга нарыг уриагүй, иймээс сэтгүүлчид дангаараа толгойгоо мэдэж хараат бусаар хуралдсан гээд МСНЭ-ийн ерөнхийлөгч Д.Сарангэрэлийн илтгэлийн хэсгээс сонсгож дэлгэцэн дээрх танилцуулгаас ньүзүүллээ. Өнгөрсөн 3 жилд МСНЭ-дээ 45 сая төгрөг оруулсан, жишээлбэл  ДОХ-ын төслөөс 2 үе шаттайгаар 15 сая төгрөгийн төсөл харэгжүүлсэн, Их Монгол улсын 800 жилийн ойн арга хэмжээний төсвөөс 10 сая төгрөг авсан, мөн МСНЭ-ийг өөрийн байртай болгож тохижуулсан, Монголын сэтгүүлчдийн байгууллагын түүхэн тэмдэглэл ном гаргасан гэхчлэн тайлагнажээ. Бас Брюссель төвтэй ОУСБ-ын зарчмыг ямарч эргэлзээгүйгээр, ямар нэгэн далд эрх ашгийг бодохгүйгээр ажиллаж чадсандаа баяртай байна хэмээн тэр илтгэжээ. Араас нь Д.Амбасэлмаа, М.Зулькафиль хоёроор МСНЭ өнгөрсөн 3 жилд маш сайн ажиллласан гэж магтуулаад, төгсгөлд нь МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр Д.Сарангэрэл дөнгөж сая сонгогдсон баяртай мэдээг хамгийн түрүүнд хүргэлээ. Оройн 21 цагаас энэ сурвалжлагаа давтан үзүүлэв.  

TV5 телевиз ингэж хөөрөхөөс өөр яахав. Сурвалжлагын гол баатар бол өөрийнх нь эзэн. Яахав, ерөнхий зөвлөх гэсэн даруухан нэртэй. (Цаашдаа ерөнхий эзэн юм уу эзэн зөвлөх гээд нэрлэвэл ямар бол?)

Гэтэл Монголд хамгийн олон сэтгүүлч нэг дор ажилладаг төдийгүй улс оронд болсон үүнэс ч жижиг үйл явдлыг тэр орой сурвалжилсан МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр таг дуугүй өнгөрөөх нь тэр.  Магадгүй, их хурал оройтож тарсан учраас амжаагүй, эсвэл сурвалжлагч нь их хурлын зааланд ороод сэтгэл хөдөлж коктейльдоод саатчихсан, иймээс маргааш орой үзүүлэх биз гэж бодоод өнгөрөв.  

Гэтэл маргааш оройн “Цагийн хүрд“ сэтгүүлчдийн их хурлыг дахиад тоосонгүй. (Эсвэл өдрийн мэдээгээр мэдээлсэн байж болох. Үзсэн хүн байвал хэлээрэй)

МҮОНТ сэтгүүлчдийн их хурлыг мэдээлэхгүйгээр бойкотолсны жинхэнэ шалтгаан өөр байх. Ноднин МҮОНТ дотроо бужигнаж суулт өлсгөлөндөө хүрсэн тэр өдрүүдэд TV5 хэмээх арилжааны телевизийн эзэн Д.Сарангэрэл МСНЭ-ийн ерөнхийлөгч нэрээр давхиж ирээд нэмж бужигнуулсны хариуг жилийн дараа барив бололтой. 

Нэг телевизийн, тэр тусмаа олон нийтийн телевизийн дотоод хэрэгт нөгөө телевизийн эзэн оролцохыг эсэргүүцэх нь түмэн зөв.  Гэхдээ  Д.Сарангэрэлийн Брюссель төвтэй ОУСБ-ын зарчмыг ямарч эргэлзээгүйгээр, ямар нэгэн далд эрх ашгийг бодохгүйгээр ажиллаж чадсан гэж худлаа ярьснаас эхлээд сэтгүүлчдийн даргаар өөрийгөө дахиад сонгуулсан зэргийг нь илчилж сурвалжилсан бол дээр байж. Юуны тулд шударга үнэнийг эрэлхийлж бүх нийтэд хэлэх үүрэгтэй олон нийтийн телевиз билээ? Тэр тусмаа сэтгүүлчид нь төлөөлөгчөөр оролцоод байхад.

Posted in + ТЕЛЕВИЗ, МСНЭ, мэргэжлийн байгууллагууд, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV5 телевиз | 7 Comments »

Монголын сэтгүүлчдээр найруулсан коктейль

Posted by Бид on 2008/11/07

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ)-ийн 3-р их хурал өчигдөр “Чингэс” зочид буудалд хуралдаж дууссан байна. 

Бас л хэвлэл мэдээллийн байгууллагуудын дарга, албан тушаалтнууд зонхилсон том хурал болж өнгөрчээ. Миний хүндэлж явдаг ахмадууд олон харагдсан, гэхдээ тэд өнөөдрийн сэтгүүл зүйн тулгамдсан асуудлыг шийдэх арга механизмыг “одоогийн залуучууд хөөрхий юм мэдэхгүй учраас тэдэнд сайн хэлж сэнхрүүлээд өгөхөд болно” хэмээн итгэж явдаг улс. Эдгээр ахмадыг дарга нараар нь томилуулж ирүүлсэн дуулгавартай (ихэнх нь сүржин ярианаас цаашгүй) сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийг тойрон эргэлддэг баахан нөхдүүдтэй хольж дүүргээд өөр байр суурьтай цөөн хэдийг дунд нь живүүлж байгаад  нөгөө л дарга, албан тушаалтнуудыг буцаагаад сонгож өгөх тийм коктейль найруулж чаджээ. Сүүлийн үед моодонд орсон жинхэнэ “молотов” дэлбэрэх аюултай бол ийм коктейль жаахан исгэрч шуугиад шалчийдаг билээ. 

Үнэхээр тэгжээ. Телевизээр гарч сонинд бичигдсэнээс үзвэл их хурлын төлөөлөгчид … хэвлэлийн эрх чөлөө дутаад байх юм … хараат бус ажиллах шаардлага тулгарлаа … сэтгүүлчийн нэр хүнд унаж байна …. сэтгvvлчид улстөрчид, мөнгөтэй хvмvvсийн амнаас гармаар байна … олон нийтийн радио телевизийн хууль сайн хэрэгжихгvй байна … Сэтгvvлчид эрх нь зєрчигдөөд сонин, телевиз дамжин хөөгдөж яваад байна,  тэднийг хамгаалах юмсан … гэх мэтээр баахан ярьж хийгээ гаргаснаар тайвширчээ. Ганцхан “Глоб Интернэйшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал, сэтгvvлчдийн байгууллагын тэргvvнээр сэтгvvлчдийг ажилд авдаг эздийг сонгодгийг болиулах ёстой, яагаад  гэвэл сэтгvvлчдийг ажилд авдаг, халдаг хүн эрх ашгийг нь хамгаална гэж байхгvй гэж хэлээд авсан ч заал сонссонгүй. Энэ нь коктейлийг маш нарийн жороор “баталгаатай” найруулсан хэрэг. 

Анх байгуулагдсан цагаас хойш энэ байгууллагад сэтгүүлчдийг дарга нартай нь хамт оруулаад найдвартай хяналтанд байлгадаг тэр арга дахиад хэдэн жил үргэлжлэхнээ. Урьд нь үүнийг нам, засаг албан ёсоор зохион байгуулдаг байсан. Өнөөдөр цаг үе өөр болсон ч МСНЭ бахь байдгаараа. Монголд сэтгүүлчийн эрх чөлөө, хараат бус байдлын салхи ороогүй ганц газар энэ байх.       

Ингээд МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр TV5 телевизийн ерөнхий зөвлөх гэсэн баг өмссөн, үнэн хэрэгтээ жинхэнэ эзэн гэдгийг их хурлын бүх төлөөлөгч мэддэг, бас Монголын телевизүүдийн холбоо хэмээн эздийн байгууллагын гишүүн Д.Сарангэрэлийг улираан сонгожээ. Дэд ерөнхийлөгчөөр дахиад нэг ажил олгогч – МОНЦАМЭ агентлагын ерөнхий захирал Т.Баасансүрэнг нэмж сонгосон байна. Хоёулаа  МАХН-ын гишүүд бөгөөд эхнийх  нь МАХН-ын дэргэдэх МАСЗХ-ны 2007 оны шилдэг сэтгүүлч өргөмжлөл зүүсэн, нөгөөдөх нь 2008 оны УИХ-ын сонгуулиар МАХН-ын сонгуулийн штабт ажиллаж дуусаад өнгөрсөн зун МОНЦАМЭ агентлагт ирсэн нэгэн билээ.  Төр засаг хүртэл 2009 оны 1-р сарын 1-нээс төрийн албан хаагчдийг улс төрийн намын харъяалалгүй болгочихоод байхад шүү!  

Өнөөдөр хятадын хөрөнгө оруулалттай оёдлын үйлдвэрын эздэд дарлуулж байгаа ядарсан оёдолчин эмэгтэйчүүд хүртэл эрхээ хамгаалан тэмцдэг болж. Тэдний эрх ашгийг хамгаалдаг ҮЭ муу сайн ч гэсэн тусдаа байна. Харин сэтгүүлчид бол үгүй. Яагаад гэвэл тэдний эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага дахиад л эздийнх нь гарт оржээ. 

Дараа нь их хурлын дараа төлөөлөгчдөд зориулсан жинхэнэ коктейль болсон гэнэлээ.

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд | Leave a Comment »