1958 он. БНХАУ.
Их жолоодогч Мао Цэдуны их үсрэлтийн бодлогын үеэр хөдөө аж ахуйн ургамлын дөрвөн хортон болох хулгана, шумуул, ялаа, болжмортой тэмцэх кампанит ажил Хятад орон даяар өрнөжээ. Ялангуяа болжмор шувууг хамгийн ихээр ургац идэж сүйтгэдэг ангийн дайснаар тодруулж заналтайгаар онилсон байна.
Болжмор турь муутай, агаарт 15 минутаас удаан нисч чаддаггүй тул тариачид, бас хотоос дайчлагдан ирсэн сая сая ажилчид, залуучууд, пионерууд чавхаар харваж, түмпэн сав, бөмбөр гээд юу ч хамаагүй нүдэж, толгой дээрээ алчуур, шуудай сав эргүүлж, бас шавар байшин, модны оройд хүртэл авирч орилж хашгиралдахад хөөрхий болжморууд бууж чадалгүй бахардаж унахад бяц цохиж гүйцээгээд утсанд хэлхэж овоолдог байж. Үхсэн болжмор дүүртэл ачсан машины тэвшин дээр хятад пионерууд баатарлагаар зогсож явааг зурагтаар үзсэнээ санаж байна…Энэ кампаниар нийтдээ 2 тэрбум ширхэг болжмор устгасан тайлан гарчээ.
2009 он. Монгол Улс.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн гэгээлэг сурталчилгааны өдрүүдэд нэгэн сахилгагүй “болжмор” сонины мухлагт буумагц TV9 телевизийн “Ардын мэдээ” нэвтрүүлгийн хөтлөгч пионер сонор соргогоор мэдэж харваж унаган шинжээд эзнийх нь өрсөлдөгчийн тал нисгэсэн болохыг өчиггүй тогтоож уучлал гуйхыг шаардан баахан дүвчигнэв ээ. Тэр ч бүү хэл хүн бүр “Бор шувуу”-г 500 төгрөгөөр худалдаж аваад уншихгүйгээр, хүнд үзүүлэхгүйгээр шатаан устгахыг шаардлаа. Үнсийг нь цуглуулж тэвшин дээр ачаад гудамжаар явах юм байна л даа….
Энэхүү үйлийн үртэй болжмор бол “Шууданч бор шувуу” нэртэй бичил сонин. Дэлгээд нийлүүлсэн ч сурталчилгааны сонины ганц нүүрнээс хэтрэхгүй, бичил сонин гэхэд ч ахадмаар, алгын чинээ жижигхээн товхимол.
Яг энэ мөчөөс Ерөнхийлөгчийн сонгуульд соёлын хувьсгал эхлэх нь тэр. Бор шувуу тойрсон хэвлэлийн хурлууд цуврав. АН-ын сонгуулийн штаб гэнэт оволзож “Бид хэзээ ч ийм жол юм хийхгүй. Хийвэл хийсэн шиг хийнэ” гэж пээдийгээд хувьсгалт намынхны тавьсан тавьсан жүжиг хэмээгээд хөөрхий болжморыг үргээж явуулсан бол МАХН-ын сонгуулийн штаб, ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчтэй хамтран сэтгүүлчдийг цуглуулж байгаад тэдний нүдэн дээр мөч мөчөөр нь жиргэж орхив. Энэ завсар Ерөнхийлөгчийн зөвлөх найрагч Түмэнжаргал цэрэг цагдаа хөдөлгөж, уржигдар уг сониныг тарааж явсан залууг хэвлэлийн бирж дээр отолт хийж баривчилсан сураг дуулдана.
Араас нь манай сэтгүүлчид ч болжмор үргээх сайн үйлсын аянд мордлоо. “Өнөөдөр” сонин гэхэд л “… энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өнөөх гэм хоргүй “өхөөрдөм” бор шувуу маань муу ёрын, хар зүгийн гэсэн тодотгол зүүж, хэрээний хэлээр шаагилдаж, тасын шуналаар амьсгалах болов” гээд авч өгөх нь тэр.
Монголыг донсолгосон тэрхүү аймшигт “бор шувуу”-г хайж сонины мухлагт хүрч очвол багтаж ядсан олон сонин, сэтгүүлийн завсраар өрөвдөлтэйеэ цухайв. Хөөрхий дөө, хэн ч тоож ч харахгүй юм. Би өрөвдөөд 500 төгрөгөөр худалдаж аваад эргүүлэв.
Д.Арвиныг айлгасан мэдээ
УИХ-ын гишүүн Д.Арвинг Ерөнхийлөгч Н.Энхбаяраас урваагүй маш цөөн хүмүүсийн нэг гэдгийг бид мэддэг. Саяхан Хэвлэлийн төлөөлөгч Я.Төмөрбаатарын нисгэсэн “Ерөнхийлөгч буудуулав” гэсэн мэдээг сонсоод эрхэм гишүүний маань нүд эрээлжлээд унах дөхсөн байв. Удалгүй түүнээс ч дор “Ерөнхийлөгчийн ээжийн бие муу тул Бээжин нисэв” гэсэн мэдээг сонссон гишүүний зүрх хаагдах шахаж сандаргажээ. Сандарсан Д.Арвин Бээжингийн билет яаралтай захиалах гэж байтал Ерөнхийлөгчийн төрсөн ээж бус хадам ээж нь өвдсөн тухай мэдээд арай гэж тайвширсан байна.
Гэх мэтээр элэг хөшөөм мэдээнүүд, бас сонирхолтой баримтууд ч байна.
Г.Батхүүгийн хандив
Ерөнхийлөгчтэй тохиролцсоны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшээд сайн дураараа “өгөөш” болох гэж байсан УИХ-ын гишүүн Г.Батхүү өөрийн намын нэр дэвшигчид хандиваа өгснийхөө дараахан МАХН-аас нэр дэвшигч дээр очин Ц.Элбэгдоржид өгснөөсөө арав дахин илүү мөнгө хандивласан байна. 2005 оны сонгуулиар энэ эрхэм М.Энхсайханд 20 сая, Н.Энхбаярт 100 сая төгрөг хандивлаж байсныг нь Баабар гуай нийтэд ил зарласан билээ. Энхбаяр Батхүү хоёр хөрөнгө мөнгөөр холбогдсон эртний андууд аж.
TV9-ын хөтлөгч пионер Батхүүгийн өмнөөс ихэд гомдож “Ахаа, таныг доромжилсон байна шдээ, будаа болгоод өгөөч” гэж ховлоод байсныг саналаа. Минийхээр бол мөнгө ихтэй тэр эрхмийг нам эвсэл гэж явцуурдаггүй өглөгч болохыг харуулсан гэгээлэг мэдээ байна даа.
Бусад мэдээг МАХН-ын сонгуулийн штабыхан няцаах нэрээр монголын бүх телевизээр үг үсэггүй уншиж өгсөн тул алгасъя. Тэгээд ч бичил сонин Интернэтийн хаягаа бичжээ. Хэрвээ та 500 төгрөгөө хэмнэе, эсвэл гадаадад суугаа бол http://www.borshuvuu.blogspot.com хаягаар ороод бүрэн эхээр нь уншаарай.
Харин цаасан дээр буугаагүй нэгэн реклам энд тавигджээ: “Итгэхэд бэрх ч тэд Таниас хандив гуйж байна”. Маш гоё сөрөг сурталчилгаа.

Харин арын нүүрэнд одоогийн Ерөнхийлөгчийн эсрэг агуулгатай зохиомол “Энхбаярын дуу”-г тавиад З.Түмэнжаргал, Ч.Энхээ нарыг зохиосон гэжээ. Тэд яалаа гэж ийм муухай юм зохиохов. Гэхдээ овоо босгоогүй бол болжмор хаанаас суухав. З.Түмэнжаргал найрагч Ерөнхийлөгчийн бөөрөнд үргэлж наалдаастай, Ч.Энхээ Ерөнхийлөгчийн сонгууль эхлэх бүрийд түүнийг дэмжих хөдөлгөөн байгуулдагийг ашиглаж муулсан хэрэг.
Бас итгэхэд бэрх хачин мэдээ ч байна: “Ерөнхийлөгчийн удам судрын талаар бичсэн сэтгүүлч ор сураггүй болов” Энэ бол 100 хувь худлаа байж таарна.
Гэхдээ “Шууданч бор шувуу” бусдаас илүү худалч, марзагнагч биш ээ. Бичээд байгаа хоёр нэр дэвшигчийн нэг нь мянган хүний өмнө “Надад 500 сая төгрөгийн хахууль өгөх гээд…” сийхгүй худал залсан бол нөгөө нь албаны нисдэг тэргээр ан хийгээд шүүмжлүүлэхдээ “монголын төр өөртөө зүтгэсэн хүнд халтай” гэж ихэрхсэн санагдана. Тэгэхэд хэнийг нь ч отолт хийж бариагүй билээ.
Баасан гаригийн “Өнөөдөр” сонины дугаарт “Энхбаяр агуу агуу” гэсэн бичлэг нийтлэгдэв. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Төмөрбаатартай ярилцсаны сэм бичлэг гэнэ. Харин ориг Төмөрбаатар нь албан ёсоор няцаалаа. Зохиосон байж таарлаа. Гэхдээ түүний нэрийг хасчихвал агуулга нь надад таалагдав. Ерөнхийлөгч Н.Энхбаяр дээд боловсролыг үнэ төлбөргүй болгох авантюр амлалтаа хожим хэрхэн тайлбарлаж болох нэг л хувилбарыг маш логиктой дэлгэж чаджээ.
Яагаад өчүүхэн “бор шувуу” том намуудыг донсолгож монголын сонгуульд хятад маягийн “соёлын хувьсгал”-ыг эхлүүлэв ээ? Ер нь яагаад хоёр нэр дэвшигчийн талаар чөлөөтэй жиргэж, уран зохиож, элэглэж, таамаглаж болохгүй болчихов? Шалтгаан маш энгийн: МАХН, АН хоёр найрч зөвшилцсөөр байгаад бие биенээ ил тод шүүмжлэхэд бэрх болж. Нэг нь шүүмжилбэл нөгөө нь “гүтгэлэг” гээд чарлачихна. Ингээд хоёр тал нэр, хаяггүй нийтлэл нэвтрүүлгээр “соёлтой “үзэлцэж байна. Намынхаа нэвтрүүлэг, захиалгат сурвалжлагаар харилцан “гүтгэхлээр” яах ч үгүй, харин үл мэдэгдэх нөхөр хэдхэн ширхэг бичил сонин (уншсан хүмүүс нь гэвэл хоёр намын штабынхан, тэгээд би… ингээд дуусах байх) гаргахад л цагдаагаар бариулах нь тэр. МАХН, АН хоёр “гүтгэлэг” хийх эрхийг хүртэл өмчлөөд авчихаж…
“Шударга” гэгдэх сонгуулийн дайсан – болжмор намнах кампани Монголд оволзов.