Сонин гарчиглах гэж аятайхан үг бий. Өнөөдөр хэвлэгдэн гарч байгаа тэр олон сониныг уншиж барах ч үгүй, шаардлага ч үгүй, ихэнх тохиолдолд гарчиглахад л хангалттай. Эхнээс дуустал уншмаар сайн нийтлэл цөөн, байсан ч часхийсэн гарчигтай байж нүдэнд тусдаг билээ. Сүүлийн хэдэн өдрийн сонинуудаас анзаарсан ганц нэг гарчгийг толилуулья.
Замын-Үүдийн болон Алтанбулагийн чөлөөт бүсийн ажил бүтэл муутай, нэг нэг том хашааг олон жил барьж байгаа тухай албаны тайлангаас хуулсан бололтой нуршуу нийтлэлийн гарчиг нь харин энгийн бөгөөд ойлгомжтой: “Худалдааны чөлөөт бүс хашаатайгаа ноцолдсоор” (“Ардчилал”.2008.05.15).
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хятадын савхны үйлдвэр олон жил ажиллаж залуу сайхан хус модоор туйлж байгааг зурагтаар харсан монгол хүн бүр ийм тохиолдолд боддог тэр юмаа бодсон байх. Харин “Нийгмийн толь” сонины сэтгүүлч бодсоноо шууд хэлж сурвалжлагаа “Монголыг савхдах “шаахайтны нүүдэл айсуй” (2008.05.17-ны дугаар) гэсэн бол дараачийн сонин энэ санааг бүрмөсөн гүйцээж “Монголын газар нутаг савхдуулсаар дуусах нь ээ” (“Ардын эрх”. 2008.05.19) гэжээ.