Ямар ч байсан энэ удаа Ерөнхийлөгчийн сонгууль халз ярилцлагатай боллоо. [Хоёрхон хоногийн өмнө Монголын үндэсний олон телевиз, радио өөрөө халз мэтгэлцээн гэж зарласан мөртлөө яг хийх болохоороо сэмхэн халз ярилцлага болгож хувиргасныг сая анзаарлаа] Өчигдөр орой буюу 21-ны Пүрэв гаригийн 21.00-23.00-д болж орон даяар шууд нэвтрүүлж үзэгч, сонсогчдоос урьдчилан хүлээж авсан 1400 гаруй асуултаас багцалж 60 асуулт бэлтгэж хайрцаглаад тэндээсээ сугалж 19 асуултыг тавьж амжив.
Тэр оройн “Цагийн хүрд”-ээр МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар “асуултуудаа урьдчилж үзүүлэхгүй, манай радио, телевизэд тэр хэдэн асуултыг багцлах байтугай өөрсдөө зохиодог мундаг сэтгүүлчид байдаг” гэж даналзаад байсан ч их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр сугалж гаргасан асуултууд дэндүү жол, ямар ч найруулгагүй, заримдаа давтагдсан байх юм. Ямар сайндаа шүүхийн тогтолцооны талаар ижилхэн асуулт дахин тавигдахад нэр дэвшигч Энхбаяр ”түрүүн гарсан асуулт байна” гэж дуугарахав. Багцлах байтугай сонгож ч чадсангүй. Ерөнхийлөгчийн эрх хэмжээнд шууд хамаарахгүй баахан асуултууд гарлаа. Үнэхээр мэтгэлцүүлье гэсэн бол тэртээ тэргүй хариулж амжихгүй 60 асуулт бэлтгэх бус, харин хамгийн чухал хэдэн асуултыг тэр мундаг сэтгүүлчдээрээ бэлтгүүлэх байж дээ. Харин ч хоёр нэр дэвшигч өөрсдөө овсгоо гаргаж тавьсан асуултаас зөрж байж бага сага мэтгэлцсэн шүү!
Ярилцлагын эхний хэсэгт Н.Энхбаяр илүү, төгсгөлийн хэсэгт бараг тэнцүү байж, харин Ц. Элбэгдорж чангахан дуусгах шиг санагдлаа.
Эхлээд нэр дэвшигчид сонгогчиддоо хандаж нэг минутийн үг хэлэхэд Н.Энхбаяр сурталчилгаагаа аавынхаа төрсөн нутгаас эхэлж ээжийнхээ төрсөн нутагт дуусгасан тухайгаа зарлав. Элбэгдоржийн юуг сануулаад байгаа нь шууд ойлгогдов.
Дараах асуултууд байлаа.
1. Монгол орны эдийн засгийн байдлыг хэрхэн үнэлж байна вэ?
2. 7-р сарын 1-ны үйл явдлыг хэрхэн үзэж байна вэ?
Хөтлөгч Ц.Мөнхтөр будлив уу, эхний хоёр асуултын хариултыг Ц.Элбэгдоржоор эхлүүлсний дараа л “асуултыг ээлжилж хариулах ёстой юм байна” гэж сая нэг ойлгов.
3. Газрын лицензийг хэрхэн цэгцлэх вэ? Гадаадын иргэдээс буцааж авах тухай.
Газрын лиценз гэж чухам юуг хэлэв? Нэр дэвшигч Энхбаяр таав бололтой хотын газрыг ч, ашигт малтмалын лицензийг ярив.
4. Шүүхийн шударга тогтолцоог хэрхэн хангах вэ?
Хулгай хийгээд 10 жилийн ял авсан эмэгтэйн жишээг Ц.Элбэгдорж хэлмэгц Н.Энхбаяр “Элбэгдоржийн тэр яриад байгаа давтан хулгай хийгээд 10 жил авсан эмэгтэйг би зарлиг гаргаж өршөөсөн” гээд өөртөө оноо нэмэх нь тэр.
5. Хөдөөгийн иргэдэд дэмжлэг үзүүлэхийн тулд ноолуурын татварыг чөлөөлөх боломжтой юу?
6. Хүнсний аюулгүй байдлыг хангах талаар?
Н.Энхбаяр хариулахдаа, Элбэгдорж нэр дэвшигч Архангайн цагаан идээг ярилаа. Миний багаасаа идэж өссөн Архангайн ааруул амттай шүү. Өрсөлдөгчдөө баярлалаа гэж дахиад овсгоо гаргав.
7. Одоогийн шүүхийн тогтолцоог хэрхэн дүгнж байна вэ?
8. Бүсийн төвүүдийг эрчимтэй хөгжүүлэх талаар таны бодлого?
Ц.Элбэгдорж сайн мэдэхгүй байгаа бололтой “Бүсийн төвүүдээс гадна орон нутгийн хөгжлийг ярих хэрэгтэй.. “ гээд баахан хальсан бол Н.Энхбаяр “Энэ бол миний хамгийн их анхаарал тавдаг асуудал гээд 8 бүсийн төвийг нэгбүрчлэн нэрлэж байгаад хариулав. Үнэхээр мэддэг юм байна.
9. Монголчууд бүтэн хоёр жил сонгууль хийж байна. Үүнийг өөрчлөх арга байна уу?
Н.Энхбаяр “Бид өдөрт Оюутолгойгоос 1 сая доллар алдаж байна. Сонгуулийг нэгтгэх хэрэгтэй
Ц.Элбэгдорж “Саналыг худалдаж авна гэх юм аа… Худалдаж авахгүй гэхлээр булааж авна гэх юм. Булаалгахгүй гэхлээр шоронд хийгээд байх юм..
10. Монгол оронд засаглалын хуваарилалт ямар байна вэ?
Ямар “мундаг” асуулт вэ? Яг үүнийг ашиглан Н.Энхбаяр гэнэтийн дайралт хийж “Бороо гоулдын тогтвортой байдлын гэрээгээр 43 тонн алт олборлосноос бид150 сая доллар алдсан… Энэ гэрээний цаана авлига байгаа гэж Элбэгдорж ярьдаг… Энэ гэрээг Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа хийсэн… Би энд Элбэгдоржийн тухай ярьж байгаа юм биш… ” гээд Элбэгдоржийг угсруулан нэрлэж шууд буруутгалаа.
11. Ерөнхийлөгчөөр сонгогдох юм бол хамтарсан засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дэмжих вэ?
Н.Энхбаяр: Би эх орны хишгийг санаачилсан хүний хувьд энэ Засгийн газрыг дэмжиж ажиллана.
Ц.Элбэгдорж: Олон удаагийн амлалтуудыг нийгмийн амлалтуудыг хэрэгжүүлэхийн тулд хамтарсан Засгийн газрыг байгуулсан… Одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөл дан нэг намаас байгаа. Одоо Ерөнхийлөгчийг сонгохдоо үүнийг анхаарах хэрэгтэй.
Тэрбээр шинэ аргумент гаргаж ирлээ.
12. Хэрвээ та ерөнхийлөгчөөр сонгогдвол үндэсний уламжлалыг авч үлдэх асуудлыг системтэй явуулж чадах уу?
Н.Энхбаярын ганц чаддаг сэдэв тул “хөдөө орон нутгаараа явахдаа өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрдөг… Би Ерөнхийлөгчийн хувьд санаачлага гаргаж Төрийн дууллаа шинэчилсэн…” гээд авч өглөө.
13. Говь болон алслагдсан бүс нутгийн талаар онцгой арга хэмжээ авах цаг болсон юм биш үү?
Ц.Элбэгдорж: Өмнөговь аймагт АН олонхи болж нийт иргэддээ 50 мянган төгрөг тараагаад өгсөн. Одоо 7 сард бас 50 мянган төгрөг өгнө…
14. Малчдын нийгмийн даатгалын төрөөс хариуцдаг болох тухай?
15. УИХ-ын гишүүн ба Засгийн газрын гишүүдийг заагласнаар төрийг сайжруулж чадах уу?
Ц.Элбэгдорж: Авлигачид төрөөс 3 тэрбум доллартай тэнцэн мөнгө завшсан байна гэсэн тоо гарсан байсан… Оюутны төлбөрийг гар дээр нь тавьж өгөх хэрэгтэй. Сургуулиа, багшаа өөрөө сонгодог байх хэрэгтэй…гэж өрсөлдөгчийнхөө сурталчилгааны нэг гол хөзөр болоод байгаа үнэ төлбөргүй боловсролын талаар байр сууриа илэрхийлэв. (Ийм л асуудлыг тусад нь тавьж мэтгэлцүүлэх байсан юм).
16. Стратегийн ордуудыг ашиглаж эргэлтэнд оруулах талаар таны бодол?
Ц.Элбэгдорж: Хувьцаа болгож ард түмэндээ өгнө. Ерөнхийлөгч гадаадынхан ирэхэд нь ард түмэндээ хувь болгоод өгчихсөн гэж хэлж чаддаг ерөнхийлөгч байх ёстой.
Н.Энхбаяр: Миний байр суурь дэндүү тодорхой… Элбэгдоржтой нэг зүйл дээр санал нийлэхгүй. Хувьцаа хэлбэрээр өгвөл 1990-ээд оны ягаан тасалбар шиг юм болоод иргэд алдчих вий…
17. Өмч хувьчлал хэр зэрэг шударга болсон бэ? Орон сууц? ….Газар гэж битгий хэлээрэй….
Н.Энхбаяр: Өмч хувьчлал нэрээр ягаан цэнхэр тасалбараар үйлдвэрүүдийг авсан гэж ард түмэн маань ярьдаг.
Яг энд Ц.Элбэгдорж чангарч хариу дайралт хийлээ: “Өнөөдөр хүмүүс [Н.Энхбаяр гэсэн үг] амлаж болох бүх юмыг амлаж байна. Харин шударга ёсыг л амлахгүй байна… Социализмын үед гаднаа 500 хонь хэвтүүлчихээд эхнэр нь амаржихад хонь гаргаад шөл уулгачихаж чаддаггүй байсан… Дэлхийн гал зуух болсон Таван толгойг өгөх юм бол ….. хувьцаа нь дараа жил өснө…. Бид Бороо гоулдын гэрээг ашигтай, татвар авахаар байгуулсан байхад дараа жил нь [Энхбаяр та өөрөө] гарч ирээд өөрсдөө татвараас чөлөөлөөд өөрсдөө [Сү.Батболдоос өөр хэн байхав] хувь ороод авчихсан байсан…
Хэрвээ жинхэнэ мэтгэлцээн байгаад цааш үргэлжилсэн бол сонгогчид хэн нь хэн болохыг мэдэж авах байсан биз.
18. 7-р сарын 1 давтагдахгүй байж болох уу?
Ц.Элбэгдорж: Шударга ёсон дээр эв нэгдэл суурилдаг. Хүүхдийг нь буудчихаад ээжтэй нь эв нэгдэл ярьж болохгүй!
Н.Энхбаяр: Би зарлиг гаргаж Монгол даяар тархахыг зогсоож чадсан. АН-ын штабын хүмүүс санал сайн авч чадвал 10000 төгрөг өгнө гэсэн байгаа. Шударга сонгууль явуулахад үнэхээр бэлэн байна уу? .. Өдөөн хатгачихаад зөвтгөж ярьж болохгүй. Уучлал гуйх хэрэгтэй..
Зөвхан энэхэн хэсэг жинхэнэ мэтгэлцээн байв.
19. Ажилгүйдэл юунаас үүдэлтэй вэ?…
Мэдээжийн асуулт учраас хариулт сонирхолтой байсангүй.
Төгсгөлд нь хоёр нэр дэвшигч сонгогчиддоо хандаж тус бүр 2 минутийн үг хэлэв.
Ц.Элбэгдорж: Миний өвөө Монгол нь Ховд аймгийн Мөстийн Бодончийн хавцалд төрсөн. Миний аав Мөст суманд төрсөн… би ээжийнхээ хамгийн бага нь … Захны даавуугаа янданд нааж индүүдээд явдаг байсан … Би 4 хүүтэй…
Н.Энхбаяр: Би өрсөлдөгчийнхөө талаар өөрийн зохиол гэсэн тараагаагүй… Монгол улс салаа замын уулзвар дээр ирээд байна… Бүтээх үү, нураах уу?… Эвийн хүч дотор шударга ёс багтаж байгаа…
Одоо л жинхэнээсээ мэтгэлцэж эхэлсэн ч ярилцлагын цаг дуусч хөтлөгч Ц.Мөнхтөр “Нэр дэвшигчдийн халз ярилцлагыг МҮОНТ амжилттай зохион байгууллаа” хэмээн гялс дүгнэж амжив. Энэ бол түүний хамгийн сайн хөтөлсөн хэсэг.