АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа’ Category

Ням гаригийн хулгайн нэвтрүүлэг

Posted by Ажиглагч on 2009/11/08

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан хөрөнгө орлогоо (хувийн компани, байр, хадгаламж, дүүргийн төсвөөс зүгээр л авсан 10 сая төгрөг зэргийг орхиж) худал мэдүүлсэн тул АТГ-аас хуулийн дагуу огцруулахыг шаардаад бараагүй өдий хүрлээ. Өөрийг нь сонгосон дүүргийн хурлын төлөөлөгчдөө ийш тийш аваачиж найрлаад хөдөлгөдөггүй, сэтгүүлчдийг хөлсөлж аваад “Би ганц эмэгтэй Засаг дарга, намайг гоочиллоо” гэх мэт ярилцлага өгөөд өрөвдүүлчихдэг. Бас “Мөрөөдлийн цэцэрлэгээ” мэдээ болгоноор ярьж баатар болдог.

Саяхан дараачийн “но” цухуйв. 2008 оны орон нутгийн сонгуулиар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших хугацаандаа “Баянгол-түншлэл” нэрээр сурталчилгаа явуулж, төсвийн 10 сая төгрөг зарцуулсныг АТГ-аас илрүүлээд дахин хэрэг үүсгэлээ.

Л.Амгалангийн хариулт удаан хүлээлгэсэнгүй.

2009.11.08-ны Ням гаригийн 12 цагийн үед МҮОНТ-ийн хөтөлбөрт байгаагүй хулгайн нэвтрүүлэг гэнэтхэн орж ирэв. [Яг эхлэлийг үзээгүй тул нэрийг мэдэж амжсангүй]. Баянгол дүүргийн ялалт амжилтыг нэгбүрчлэн танилцуулаад энэ бүгдийг Засаг дарга Л.Амгалан манлайлаад зогсохгүй орон гэргүй эрд гэр олгож, бяцхан охиныг нь өөрөө хөтлөн оруулсан зэрэг сэтгэл хөдлөм явдлыг харуулав. АТГ-ын мөрдөн байцаагчид үзээд нулимс дуслуулсан байх учиртай.

Төгсгөлд нь МҮОНТ-ийнхэн нэр хаяг огт тавьсангүй. Аргагүй дээ. Хулгайч нэрээ үлдээлээ гэж сонссон уу?

Бас нэгэн зүйл. Л.Амгалангийн “Баянгол-түншлэл” нэртэй сурталчилгааны кампанийг МҮОНТ хэд хэдэн удаа хулгайгаар сурталчилж 10 саяас нь овоо юм хүртсэн гэдэг.

Posted in 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 14 Comments »

МАХН-ын үүрийн бага зэрэг өргөтгөсөн хуралд суучихжээ

Posted by Ажиглагч on 2009/03/26

Нийслэлийн 132 (нэг зуун гучин хоёр) хорооны иргэдийн нийтийн хурлууд бөөн будлиантай болж байна.

Бусад хороод хуралдаад байгаа сураг дуулдсан ч миний амьдардаг Сүхбаатар дүүргийн 8-р хорооны Иргэдийн нийтийн хурлыг ирэх Бямба, Ням гаригт хийх биз гэж бодож байлаа. Гэтэл 3-р сарын 26-ны Пүрэв гаригийн 13 цагаас хуралдах зарыг манай байрны ихэнх оршин суугчид хурал болоод өнгөрсний орой сая олж харжээ. Яагаад гэвэл урьд орой нь тэднийг ажлаа тараад гэртээ орчихсон хойно 21 цаг өнгөрч байхад үл үзэгдэгч хүн харанхуйд сэмхэн наачихсан гэнэ. Өглөө хүмүүс гэрээсээ гарахдаа орцны хаалган дээр юу наасныг эргэж харахгүйгээр явчихаж. Ганц нэг хүн өглөө мэдсэн ч ажил төрлөө зохицуулж амжаагүй. ИТХ-даа суу гэж чөлөө өгдөг дарга хаана байна? Ингээд хорооны иргэдийг аль болох оролцуулахгүй байх, гэхдээ зар наасан шдээ гэж хожим ам хаадаг сонгодог арга 2009 онд яг хэвээрээ давтагдлаа.

Би тэр өдөр 13 цагт цайны цагаар гэртээ ирэхдээ зарыг олж хараад хорооныхоо хуралд хоцроод ч гэсэн анх удаа явж очлоо. Биднийг дэндүү дорд үзэж байгааг тэвчмээргүй санагдсан учраас тэр.

… Зааланд “багтахгүй” гээд үүдээ дарчихсан байсан ч зүтгэсээр байгаад орлоо. Хэрүүл нэгэнт эхэлчихсэн байв. МАХН ба АН-аас нэг нэг хүн Иргэдийн хурлын даргад нэр дэвшээд зогсчихсон, бусад нь тойроод үймэлдэж харагдана. Би шууд гарч микрофон аваад, хорооны иргэдэд урьдчилж сайн хэл хүргэхгүйгээр ажлын өдөр хуралдаж болохгүй ээ, оролцуулья гэвэл хэсэгчлээд хийж болдог юм” гэж хэлсэн чинь урд эгнээнээс одон тэмдэгтэй согтуу өвгөчүүд харааж зүхсэнээ нэг нь зодохоор босч ирлээ. Зөвшөөрөлгүй хүн хороон дарга болох нь гэж боджээ. Би хороон даргад өрсөлдөхгүй гэж ам тангарагаа өгч байж буцааж суулгав. Тэгтэл хорооны иргэдийн нийтийн хурлын дарга араас түлхэж “чамайг хөөж гаргана шүү, алив цагдаа дууд” гэж зандарсаар микрофон булааж авлаа.

Юу вэ? Хэдэн он бэ?

Би ганц нэг хүнээс сурагласаар учрыг ойлгов. 8-р хорооны МАХН-ын үүрийн зуу гаруй гишүүд 12 цагаас цугларч хуралдаад хамаг юмаа тохирсон юм байна. 13 цаг болоход МАХН-ын биш цөөхөн хүмүүс ирэхэд л заал пиг дүүрч хаалгаа барьжээ. Тэнд байсан АН-ын нөхдүүд “Бид гуравхан цагийн өмнө мэдсэн” гэж гомдоллож байхыг сонсов. Тэгсэн мөртлөө ийм хурлыг зөвшөөрч эхлүүлээд зогсохгүй Засаг даргын суудал горьдон чадуулж зогсох нь тэр.

Индэр дээр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Нямхүү сууж байснаа босч “амар амгалан байцгаа” гэсэн утгатай өгүүлбэр хэлж Засгийн газар дээр ажилтай гэж пээдийсээр гарч одлоо. Ноднин УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ ихэд шударга дүр эсгэн шүүмжилж, гудамжаар хайр майр гэж үглэж алхаад байсан (телевизийн реклам), дараа хотын хуралд сонгогдоод дуугаа хураасны учир төдөлгүй тайлагдаж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд болсон билээ. Энэ удаад өөрийг нь сайд хийж үзэхийг зөвшөөрсөн буянтай намын гишүүдийг хайрлав бололтой. 

Ил санал хураахад 8-р хорооны ИНХ-ын даргаар МАХН-аас нэр дэвшсэн эмэгтэй зааланд байсан 200 орчим хүнээс 180 орчим санал авч сонгогдлоо. Араас нь МАХН-ын нэг гишүүн босч ИНХ-ын тэргүүлэгчдэд дэвшүүлэх 5 нэр уншлаа. АН-ынхан горьдлогоо үргэлжлүүлж бас төдий тооны нэр дэвшүүлж харагдсан.

Би босч “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгж, түүний удирдлагын тухай хууль”-д хорооны иргэдийн нийтийн хуралд улс төрийн намын оролцооны талаар үсэг ч байхгүй, бид зөвхөн иргэнийхээ хувьд оролцох ёстойг сануулаад нэрээ дэвшүүлж туршихаар шийдлээ. Гэтэл нэр дэвшигчдын жагсаалтыг уншихдаа минийхийг улаан цайм хасчихлаа.  Тэгэхэд нь “Би тэртээ тэргүй сонгогдохгүй ээ. Битгий ай. Зүгээр л намын гишүүн бус хүн нэрээ дэвшүүлж болдог эсэхийг үзэх гэсэн юм” гэсний ачаар оруулж нөхөн уншуулав.

Тэднийг аль аль намын хүмүүс болохоо хэлээч гэхэд зөвшөөрөөгүй ч МАХН-ын гишүүд намынхаа нэр дэвшигчдийг ямар ч алдахгүй таньж бүгдэд нь адилхан 180 орчим өгч сонголоо. Тэднийг үнэхээр сайн бэлтгэжээ. Дараа нь хорооны даргад МАХН-аас өмнөх дарга Жавзмааг дахин дэвшүүлж бас л 180 орчим саналаар сонголоо.

Зугаатай юм гэвэл АН-ынханд голдуу 10 гаруй санал, харин надад 46 санал өгчээ. Төгсгөлд нь би нэхсээр микрофон авч тэдэнд талархаад “Энэ хурал хорооны иргэдийн нийтийн хурал нэртэй МАХН-ын үүрийн өргөтгөсөн хурал юм байна. Та нар ичихгүй байна уу, МАХН-ын гишүүдээ?” гэж хэлэхэд босч давшлах хүмүүс нэг ч гараагүй.

Дараа нь би УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч асан, одоо манай хорооны ИНХ-ын тэргүүлэгчдэд бас 180 санал авч сонгогдсон С.Нямзагдыг хараад очиж дээрх асуултыг тавихад “харин ээ…. тийм ээ … яахав ээ…” гэж бөнжигнөөд “Цэрэнжав аа, холбоотой байгаарай” хэмээн нялуурснаа урьд нь захирал байсан ХҮДС-ийн архан талд босгосон хувийн “Этүгэн” дээд сургууль руугаа яарлаа.

Би ганц муу хурлыг яагаад ингэж дэлгэрэнгүй бичив ээ гэвэл иргэн хүн СӨХ-өө, хороогоо засч чадахгүй байж, ерэн хувь нь Улаанбаатарт шигдсэн манай хэвлэл мэдээлэл нүднийхээ өмнөх булхайг олж харахгүй байж өөр том том юм яриад яахав гэж бодсоных. Ноднин сонгуулийн  будлиан хороо хориноос эхэлдэг гэж нотлоод байсан яав?

Саяхан “Ийгл” телевиз ганц удаа “Иргэдийн хурлын талаар гомдлууд ирсээр байна” гэж цухалзуулсныг бодоход иргэд “Ийгл”-д найдаж утасдагч ч тоодоггүй бололтой. Бас C1 телевиз ганц нэг хорооны Засаг даргад үзэлцээд ялагдсан АН-ынхны гомдлоор товчхон сурвалжлахыг үзсэн. Олон нийтийн телевиз? Тэр бол төр засгийн телевиз хэвээрээ байгаа.

Манай хорооных шиг луйвар зөвхөн Улаанбаатарт 132 (нэг зуун гучин хоёр) удаа болсон буюу болж байна шүү!

Posted in 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа | 9 Comments »

Орон нутгийн сонгуулийн ирц хүрэхээс өөр арга алга

Posted by Ажиглагч on 2008/11/30

2008-11-30-sanalaa-ogoorei

Хамаг зах, арилжаа наймааны газар, зугаа цэнгээнийг хааж телевиз, радиогоос эхлээд гар утсаар хүртэл ухуулж байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, хотын дарга дөрөв үлгэр жишээ эртлэн босч морин цагт багтаан саналаа өгөөд камерийн өмнө хэдэн мөч саатахдаа “Таминь саналаа л өгөөрэй” гэж ганцхан зүйлийг захиж байлаа.

Уг нь бид сонгуульд аль нам ялж хэн сонгогдох бол гэж хүлээдэгсэн. Харин энэ удаагийн сонгуульд зөвхөн хүчинтэй болгохын тулд оролцлоо. Би л хувьдаа саналын хуудас аваад үзсэн чинь нэр дэвшигчдийн жагсаалт өмнөх  санал хураалтынхаас өөрчлөгдсөн байх юм. Шинэ хүмүүсийг танихгүй ч ядахдаа  нэрийг нь хэдэн секунд ажиглаж хэн нь хэн болохыг таамаглах гэтэл ирц хүргэхээр ирсэн ухамсартай сонгогч араас тулж зогссон тул санаа зовоод чадсангүй…

Posted in 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Арилжааны телевизүүдийн сүүлчийн үдэш

Posted by Ажиглагч on 2008/11/29

Орон нутгийн сонгуулийн тухай хуулинд  арилжааны телевизийн сурталчилгааг  огт хязгаарлаагүй, зөвхөн олон нийтийн радио, телевизийн тухайд хориглосон билээ. Харин “Орон нутгийн радио, телевизээр сонгуулийн аливаа сурталчилгааг төлбөргүй явуулах хугацаа, хуваарийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо тогтооно” гэсэн заалт оржээ. Гэтэл Улаанбаатарт байдаг бүх телевиз орон нутгийнх биш  үндэснийх бололтой.  Улаанбаатар хотын гэж ойлгогддог UBS хүртэл.  Зөвхөн Улаанбаатарт гардаг “Ийгл” хүртэл. Иймээс сүүлчийн хэдэн үдэш МҮОНТ ба “Боловсрол”-оос бусад телевизийн дэлгэцийн дэлгэцээр багтаж ядсан олон ухуулга, сурталчилгаа үзлээ. Ярилцлагууд байтугай мэдээ, сурвалжлагууд хүртэл нэр дэвшигчдэд зориулагдаж байлаа. 

“Ийгл” телевизийн “Зочны цаг” өнгөрч буй долоо хоногт дангаараа буюу багаараа ирсэн нэр дэвшигчдийг л хүлээж авлаа. UBS-ийн “Цай, кофе”-г зөвхөн нэр дэвшигчид уув. “25-р суваг” телевизээр нэр дэвшигчид гарахгүй бол  сэтгүүлч Ганзориг үзэгдэж байв.  Мэдээллийн хөтөлбөрөө хүртэл өөрөө  хөтөлж ажлаа сурталчилгаа болгов. Дээрээс нь төстэй аргаар үлгэр жишээ болж УИХ-ын гишүүн болсон З.Алтай ах нь  орой болгон гарч ирээд “манай Ганзоригийг …” гэж хэлээд дуу нь тасарч байлаа.  UBS телевизийн Сity News мэдээллийн хөтөлбөрийн “Энэ сэдвээр” ярилцлагы н тэр сэдэв юу байсныг таах хэрэггүй биз. Нэг орой Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшигч, “Хас” банкны гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Ийгл” ба UBS-ээр зэрэг гарч харагдсан бол МАХН-аас нэр  дэвшигч C1-ээр ярьж дуусангуутаа ТМ-ийн студид амьсгаагаа дарж амжилгүй орж ирэх жишээтэй.   

Баасан гаригт буюу сурталчилгааны хамгийн сүүлчийн оргил цагаар нийслэлийн АН  телевизүүдийн том студид дүүрэг дүүргийн нэр дэвшигчдийг ярайтал суулгаж яриулсан “Улаанбаатар-Шинэ давалгаа” нэртэй  ижил загварын нэвтрүүлгүүдийг “25-р суваг”, C1, ТМ, SBN, НТВ, Ийгл телевизээр зэрэг шахам үзүүлэв. Ингэхдээ НТВ телевизээр  Хан-Уул  дүүрэг, SBN телевизээр Баянзүрх дүүрэг, “Ийгл” телевизээр СХД-ийн нэр дэвшигчдийн “Улаанбаатар-Шинэ давалгаа”-г гаргалаа. 

Харин МАХН-ын сурталчилгааны хаалт нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн МАХН-ын хорооны дарга, НИТХ-д Сонгинохайрхан дүүргийн 8-р тойрогт нэр дэвшигч Т.Билэгтийг  “урьж оролцуулсан”  TV5 телевизийн “Монгол орноо хөгжүүлье”  ток шоу байлаа. Хөтлөгч Э.Дагиймаа “ МАХН шижигнэсэн сайхан залуусаа 45 суудалд нэр дэвшүүлсэн байна…” гэхчлэн дуу алдаж байгаад хамаг чадлаараа үйлчлэв.

tv5-oron-nutgiin-songuuli tv5-oron-nutgiin-songuuli2

Posted in + ТЕЛЕВИЗ, 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа | 1 Comment »

Олон нийтийн телевизэд онц эрхтэй нэр дэвшигчид

Posted by Ажиглагч on 2008/11/29

Нэр дэвшигчдийн эх захгүй их мөнгө хажуугаар нь урсаж арилжааны телевизүүд рүү цутгахыг МҮОНТ хэдэн өдрийн турш хараад “тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв” гэгчээр өчигдөр буюу сонгуулийн сурталчилгааны сүүлчийн орой хэдэн төгрөг хийхээр шийджээ.   

20  цагийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр  Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг багасгахын тулд хууль эрх зүйн орчинг шинэчлэх хэрэгтэй хэмээн “Ногоон бүс, экологи” ТББ үзэж байна гээд тус байгууллагын тэргүүн Ганбатыг яриулсан сурвалжлага үзүүлэв.  Өмнөх санал хураалтын өмнө буюу 10-р сарын 10-нд “Цагийн хүрд”-ийн “Өнөөдрийн сэдэв”-ээр студэд уригдаж чадсан овсгоотой нөхөр мөн байна.  Хэрвээ би эндүүрээгүй бол Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ийн сонгуульд нэр дэвшээд яваа.

Дараачийн сурвалжлага Дэлхийн банкнаас зохион байгуулсан олон улсын 10-р бага хуралд ХАС банкны гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг оролцож үг хэлсэн тухай байж тэр үгийг хэлсэн тухай нь үг хэлүүлэв.  МҮОНТ-ийн хувьд онцгой эрхтэй энэ залуу нийслэлийн ИТХ-ын Сүхбаатар дүүрэг дэх 9-р тойрогт бие даан нэр дэвшиж байгаа. Намын гишүүн биш ч гэсэн мөнгөтэй, мөнгөтэй төдийгүй МҮОНТ-д зээл сурталчилгаагаар тусалж байгаа гэсэн.

muont-oron-nutgiin-songuuli-hasbank-ganhuyag12 

Араас нь Замын-Үүдэд  вагоны эргэлтийг сайжруулсан учраас ачаа саатахаа больсон тухай яаралтай мэдээлэв. Орон нутгийн сонгуультай ямар ч холбоогүй сурвалжлага уу гэтэл  нийслэлйн ИТХ-ын Баянгол дүүрэг дэх 4-р тойрогт нэр дэвшигч В.Отгондэмбэрэл Улаанбаатар төмөр замын дарга нэрээрээ гарч ирээд  контейнер энэ тэрийн талаар ярих нь тэр. Өмнөх санал хураалтын өмнө бас л энэ студэд уригдан ирж төмөр замын ажлын талаар ярьж суусан билээ. 

muont-oron-nutgiin-songuuli-otgondemberel

“Монголын мэдээ” агентлаг  ганц хөтөлбөрийн туршид гурван нэр дэвшигчийг “амжуулсан” нь багадаад сурталчилгаа дуусахын өмнөхөн “Үдшийн  мэдээ”-ндээ дахиад нэгийг нэмлээ. Тэр нь нийслэлийн ИТХ-д Баянгол дүүрэг дэх 4-р тойрогт МАХН-аас  нэр дэвшигч, тус дүүргийн Засаг дарга Л.Амгалан байв. “Нийслэл хотын хөгжлийн илэрхийлэл болсон Баянгол дүүргийн иргэдэд шинэ боломж нээгдэж байна. Тэд хөгжлийн гарцаа хэлэлцэх нэгэн чуулганыг удахгүй зохион байгуулах гэж байна… ирэх сарын 12-нд “Баянгол-түншлэл” чуулган зохион байгуулах меморандумд тус дүүргийн Засаг дарга Амгалан гарын үсгээ зурлаа” гэсэн утгатай сурвалжлага юм. Мэдээж Амгалан даргыг заавал яриулж “Та санал бодлоо хороон даргадаа хэлбэл 2012 он хүртэл хэрэгжих Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусах юм байна”  гэж төгсгөв. Тэр хүртэл Засаг дарга хэн байх ёстойг ойлгов уу?  

 muont-oron-nutgiin-songuuli-lamgalan2  muont-oron-nutgiin-songuuli-lamgalan

МҮОНТ-ийнхэн халтур хийсэн, эсвэл “Цагийн хүрд”-ийг бэлтгэдэг “Монголын мэдээ” агентлагын захирал Д.Энхтуяа албан тушаалаа ашиглан өөрийн намын нэр дэвшигчийг дэмжсэн гэж ойлгогдлоо. Мөнгө төгрөг авалгүй өгөөмөр загнасан ч байж мэднэ. Тэд хоёулаа МАХН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны зүтгэлтнүүд юм.

Posted in 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

МҮОНТ дахин санал хураалтын өмнө хуучнаа эхлэв

Posted by Ажиглагч on 2008/11/28

Орон нутгийн сонгуулийн  дахин санал хураалтын өмнө намууд болон нэр дэвшигчид эх захгүй сурталчилгаагаа сэргээсэн бол МҮОНТ бас л хууль зөрчиж хэдэн төгрөг олж байна. 

Өчигдрийн жишээ. 2008 оны 11-р сарын 27-ны “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөөр аж үйлдвэрийн технологийн парк байгуулах явдал чухал ач холбогдолтой гэсэн тайлбар үзүүлэв.  Цаасан дээрх төслийн тухай юм байна. Аж үйлдвэрийн технологийн паркийн консорциум гэж байгууллагын ерөнхийлөгч Энх-Амгалан гэдэг залуу хоёр удаа гарч ирээд хууль эрх зүйн орчин хэрэгтэй тухай ярив. Гэтэл яг энэ сурвалжлагыг өмнөх санал хураалтын өмнө буюу 10-р сарын 6-нд  “Цагийн хүрд”-ээр үзүүлсэн билээ. Яагаад давтав? “Таван эрдэнэ” компанийн захирал, нийслэлийн ИТХ-ын Хан-Уул дүүрэг  дэх 13-р тойрогт МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа “Таван эрдэнэ” компанийн захирал  Б.Энх-Амгаланд МҮОНТ-ээр дахин гарч өөрийгөө рекламдах хүсэл төржээ. Мөнгөтэй хүн хүсвэл МҮОНТ хэзээд бэлэн. 

muont-iin-tsagiin-hurd-benkh-amgalan

Дараачийн сурталчилгааг шөнө дундаас хойш үйлдэв. “Гэрэлтэй цонх” хөтөлбөрийн  “Үдшийн зочин” ярилцлагад  Нийслэлийн ИТХ-ийн  сонгуульд Хан-Уул дүүрэгт МАХН-аас нэр дэвшигч, “Орхон” их сургуулийн захирал Н.Хажидсүрэн оролцож 10 минутийн турш сургааль айлдав. Хүмүүүс унтаж амрах гэж байхад шүү. Намайг сонгоорой гэж хэлэхээсээ ичсэн биз. 

muont-iin-gereltei-tsonk-hajidsurengiin-surtalchilgaa2  muont-iin-gereltei-tsonk-hajidsurengiin-surtalchilgaa11

Хууль сануулья.  Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн 30-р зүйлийн 9-р заалт  “Олон нийтийн радио, телевизээр орон нутгийн Хурлын сонгуулийн аливаа сурталчилгаа явуулахыг хориглоно гэсэн  бол Олон  нийтийн радио, телевизийн тухай хуулийн 13-р зүйлийн 1-р заалтад Олон нийтийн радио, телевизээр арилжааны болон далд зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно” гэжээ. 

МҮОНРТ-ийн томчууд болон тэдний өгсөн үүргийг дуулгавартай биелүүлдэг сурвалжлагч байтугай зургаан настай сурагч хүртэл “б-о-л-о-х-г-ү-й” гэж үсэглээд ойлгомоор тодорхой байгаа биз?

Posted in 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Нийслэлийн өдрийг “Улаанбаатар таймс” сонин 10-р сарын 12-нд тэмдэглэв

Posted by Ажиглагч on 2008/10/16

Уг нь нийслэлийн өдрийг жил бүрийн 10-р сарын 29-нд тэмдэглэдэгсэн. Харин нийслэлийн нэрийг зүүсэн “Улаанбаатар таймс” сонин үүнийг мартчихсан мэт энэ жилийн нийслэлийн өдөрт зориулсан тусгай дугаараа 10-р сарын 9-нд хэвлүүлжээ. Өдөр тутмын сонины хувьд арай эрт байгаа биз? 

Учрыг амархан оллоо. “Нийслэлийн 369 жилийн ойд зориулав” хэмээн хаягласан энэ дугаар тэр чигээрээ орон нутгийн сонгуульд зориулагдаж 10-р сарын 12-ны санал хураалтын өмнө амжиж тараахын тулд ийнхүү яарчээ. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг харьцуулж, сайн мууг дүгнэж цэгнэсан агуулгатай юм болов уу гэтэл зүгээр л МАХН-ын сурталчилгааны дугаар байх юм. Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баярын UBS телевизэд өгсөн ярилцлагаар эхэлж бас хэд хоногийн өмнө “Улаанбаатар” радиогоор явсан “Маргааш сонгуулийн дүн гарвал” прогноз, бусад магтаал сайрхлууд багтжээ. Хэний төлөө саналаа өгөхийг янз бүрийн хүнээс асууж хариулт авахад бүгдээрээ зөвхөн МАХН-ыг дэмжихээ илэрхийлсэн байна. 

Бас МАХН нэр дэвшигчдийн талаар “Нөхөрсөг элэглэл”-үүд нийтэлжээ. Заримыг ишлэе. 

Нийслэлийн ИТХ-ын дарга Г.Мөнхбаяр танаа. 

“Нийтийн аж ахуйн оргилын “сар” 

Нийслэлийн менежментийн ойрын “бар”…”

Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Мөнхбаатар танаа

“Байгаа байдал нь бөх

Байраа сүр нь “бух”

Баянзүрхдээ “бар”

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Л.Найдан танаа. 

“..Найдан даргад найдвар бий. 

Намаас өгсөн даалгавар бий. 

Найраг бичдэг авъяас ч бий… ”  

гэхчлэн хөөргөсөн бол АН-аас нэр дэвшигчдийг болохоор “Жиг жуг” буланд “Нарантрэйдын босс бусдын алдаанд нүд хурц”, “УИХ-д унтаж сурсан Б.Батбаатар нийслэлийн ИТХ-д юу хийх юм?”, “Хэтэрхий мэргэн жараахай буюу Баабар” гарчигтайгаар баалж өгчээ.

Ингээд өнгөтөөр 150 мянган хувь хэвлүүлж сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдөр нийслэлийн айл өрхүүдээр тараасан байна. “Улаанбаатар таймс” сонин өөрөө хэдхэн зуун захиалагчтай боловч нийслэлийн удирдлага Төрийн ордны зүүн талын хэвлэх үйлдвэрийн урт барилгыг түүнд эзэмшүүлж байгаад хэн нэгэнд хувьчилж өгөх нууц ажиллагаа хэдэн жилийн турш чимээгүйхэн үргэлжилж байгаа билээ. Зарим хэвлэл мэдээлэл Ерөнхийлөгчийн гэр бүлийг нэрлэсэн байдаг. Магадгүй ээ. Саяхан ерөнхий эрхлэгчээр нь Ерөнхийлөгчийн шадар сэтгүүлч До.Чулуунбаатарыг томилсон харагдана.

Posted in + СОНИНУУД, 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Ирц хүрээгүй сонгууль ба хөдөөд хүрээгүй телевизүүд

Posted by Ажиглагч on 2008/10/13

Өчигдөр 2008 оны орон нутгийн хурлын сонгуулийн санал хураалтын өдөр байлаа.  

Санал хураалтын явцыг манай телевизүүд шуурхай сурвалжилж өдрийн турш байн байн мэдээлсэн бол “Ийгл” телевиз шууд дамжуулж байв. МҮОНТ ч гэсэн өдөр тийшээгээ нэг удаа шууд сурвалжлаад болив.

Энэ удаад нийслэлийн сонгогчдын ирц өглөөнөөс эхлээд маш бага байж, үдшийн 22 цагт санал авах байруудын хаалга хаагдахад хуулинд заасан 50 хувьд хүрэх эсэх нь энэ өдрийн ноцтой асуудал болж хувирлаа. Сүүлчийн эгзэгтэй энэ хэдэн минутийг “Ийгл” телевиз сонгуулийн нэгэн хэсгээс “яг одоо 21 цаг 59 минут” гэж байгаад хаалгаа барьж түгжихийг хүртэл шууд дамжуулсан ч ирц хүрсэн цөөхөн хэсгийн нэг байж таарав. Хэсгийн дарга нь ярилцлага өгч үүнийг хэлсэн. Хэрвээ ирц хүрэхгүй тэвдэж байгаа хэсгийн санал авах байрны уур амьсгал, шөнийн гудамжинд цагаан хоолойноос цуурайтах “Иргэд ээ! саналаа өгөөрэй” гэсэн ухуулга, сандран гүйлдэх хүмүүсийг харуулсан бол тун сонирхолтой байхсан. 

Маргааш өглөө нь МҮОНТ миний мэдэхээр сүүлийн жилүүдэд анх удаа Даваа гаригийн 9 цагт сэрж нэвтрүүлгээ эхэлсэн ба өнгөрсөн шөнө Нийслэлийн сонгуулийн хорооноос зарласан хэвлэлийн хурлуудыг мэдээлж бусад бүх телевизээс өрслөө. Болж л байна.

Гэхдээ үндэсний хэмжээний гэгддэг цорын ганц телевиз мөртлөө хөдөө орон нутаг дахь аймаг, сумдын иргэдийн хурлын сонгуулийн явц, тухайлбал ирцыг тусгайлан мэдээлсэнгүй. “Нэгдсэн дүн ирээгүй байна” гээд хааж байх юм. Монгол улс ганцхан Улаанбаатар биш. Нийслэл хотод 400 гаруй мянган сонгогч амьдардаг (ихэнх нь саналаа өгөөгүй) бол хөдөө орон нутагт бараг хоёр дахин олон буюу 900 шахам мянган сонгогчтой (ихэнх нь саналаа өгсөн) тул тэднийг тоохгүй орхиж болох уу? Ямар UBS биш. Хэрвээ ойрын аймаг руу “Ниссан”  хөлөглөөд давхихаас залхуураад байвал монголын бүх 21 аймаг, бараг бүх сумд руу Мобиком, Юнител, G-Mobile-ийн дуртай утсаа цохиж хүссэн мэдээлэл, ярилцлага авч, зарим нь уул давж ус гатлан сумын төвдөө ирсэн хөдөөний сонгогчдийн ирц хэрхэн 50 хувийг давж цаашаа  60, 70 хувь руу авирахыг нийслэлчүүдэд гайхуулж ичээх байсан юм. 

P.S: Маргаашийн үдэш болчихоод байхад хөдөө орон нутаг дахь сонгуулийн тухай сурвалжлага, хэдэн дүрс, ядахдаа ганц тоо ч алга аа.

Posted in + ТЕЛЕВИЗ, 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Нэр дэвшигч гэдгээ нуусан нэр дэвшигчдийн гарт МҮОНТ

Posted by Ажиглагч on 2008/10/11

“Төөрсөөр төрөлдөө” киноны Балт хоорондоо барьцалдсан улаантан, цагаантан хоёрт салгаад “хэрвээ дахиад ингэвэл…” гээд нэг нэг сум харуулдаг шиг товч бөгөөд тодорхой заалт Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд дурайж байна.

30.9.Олон нийтийн радио, телевизээр орон нутгийн Хурлын сонгуулийн аливаа сурталчилгаа явуулахыг хориглоно.

Аливаа буюу ил далд сурталчилсан мэдээ, сурвалжлага, ярилцлага болгон хориотой гэсэн үг. Зөвхөн, хэрвээ, бусад энэ тэр гэсэн ямар ч цоорхой байхгүй.

Тэгвэл 2008 оны орон нутгийн сонгуулийн сурталчилгааны кампанийн үеэр Монголын үндэсний олон нийтийн телевиз (Олон нийтийн радиог мэдэхгүй, яагаад гэвэл сонсоогүй) нэр дэвшигчдийг яаж ийгээд сурталчилж чадлаа.

Бүр 9-р сарын сүүлчээр “Гэрэлтэй цонх” хөтөлбөрөөр урьд үзэгддээгүй хүмүүс, тухайлбал “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Анандбазар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Баярмагнай уригдаж юу ч хамаагүй ярьдаг болов. Тэд хожим нэр дэвшигчид болж таарсан.

Сурталчилгааны кампани эхэлмэгц нийслэлийн ИТХ-ын 9-р тойрогт дэвшихээр шийдсэнээ зарласан “Хас” банкны захирал Ч.Ганхуягийн хэвлэлийн хурлын “Цагийн хүрд”-ээр хамгийн түрүүнд тусгайлан сурвалжилсан билээ. Араас нь сураг тасарсан Ceo Club нэвтрүүлгээ сэргээж Ч.Ганхуягийг “Оюуны ундраа” компанийн захирал Амарсайханаар жийрэглэж байгаад дахин яриулав. Улмаар Ганхуяг захирал энэ өдрүүдэд МҮОНТ-ээр хамгийн олон удаа сурталчлуулсан юм. “Хас” банкны лизингийн зээлээр “Моннис” компаниас баахан машин авсныхаа хариуд “Цагийн хүрд”-ын дугаар болгондоо “Хас” банкны тухай сурвалжлага оруулж буйгийн үргэлжлэл болой.

Нэг удаа 18 цагийн “Цагийн хүрд”-ээр нийслэлийн ИТХ-д Сонгинохайрхан дүүрэгт МАХН-аас нэр дэвшсэн залуучууд бүгдээрээ гадаадад боловсрол эзэмшсэн, тэдний боловсруулсан хөтөлбөр сайн болсон гэж магтсан сурвалжлага үзүүлснээ 20 цагийнхаас хасчихсан байсныг саналаа. Телевизийн дарга нар хэл амнаас болгоомжилж илүү нарийн аргад шилжих хэрэгтэйг ойлгожээ. Ямар арга бодож олсныг баримтаар харуулья.

2008.10.06
“Цагийн хүрд”:
– Нийслэлд аж үйлдвэрийн парк байгуулах шаардлагатай тухай тайлбар сурвалжлага. УИХ-аас эрх зүйн орчин бий болгох ёстой гэнэ. Харин ийм парк байгуулах консерциумын ерөнхийлөгч гэсэн цол гуншинтэй Б.Энх-Амгалан хэмээх залуу хоёр удаа ярьж паркаа Хан-Уул дүүргээс байгуулж эхлэнэ гэв. Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн Хан-Уул дүүрэг дэх 12-р тойрогт АН-аас нэр дэвшсэнийг мэдээж хэлээгүй.

2008.10.07
“Өглөө” хөтөлбөрийн “Замд гаръя” нэвтрүүлэг:
– Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж дүүргийнхээ нутаг дэвсгэрээр хийсэн аялал экскурс маягтай. Засаг дарга Б.Мөнхбаатарыг таниулахаас гадна дүүргийн ЗДТГ-ын хэлтсийн дарга Э.Бат-Амгалан, Э.Оюун-Эрдэнэ нарыг харуулж яриулав. (Тэд бүгд нэр дэвшигчид байв). Сүүлийн үед МҮОНТ Баянзүрх дүүргийн удирдлагатай нэлээд сүжирсэн ба хэд хоногийн өмнөх “Цагийн хүрд”-ээр тус дүүргээс сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч нэг нөхрийн буяны ажлыг сурвалжилсныг саналаа.

“Гэрэлтэй цонх”:
Монголын манлайлагч эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн тэргүүн Н.Оюундарь уригдаж өөрийн баян тансаг намтраас эхлээд Байгаль орчны яаманд ажиллахдаа байгуулсан гавъяагаа дурдаж, мөн шөнийн цагт гэр хорооллын цахилгааныг үнэгүй болгохоо амлав. Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг санагдуулахгүй байна уу? НИТХ-ын сонгуулийн Сүхбаатар дүүрэг дэх 10-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч учраас аргагүй ээ.

2008.10.08
“Цагийн хүрд”:
– Хүнсний аюулгүй байдлын сэдвээр Монголын хүнсчдийн холбооны тэргүүлэгч Халтмаагийн Баттуулыг студидээ урьж ярилцав. Хүнсчдийн холбоо арав шахам тэргүүлэгчтэй боловч ганцхан тэрбээр яагаад уригдав? Яагаад гэвэл нийслэлийн ИТХ-ын Хан-Уул дүүрэг дэх 12-р тойрогт АН-аас нэр дэвшигч бөгөөд “Махимпекс”, “Талх чихэр” гээд том компаниудын захирал, бас УИХ-ын гишүүн Х.Баттулгын дүү уригдах хүсэлтээ тавьсан учраас.

“Та хариулахгүй ч байж болно”:
– Хэдэн өдрийн өмнөөс арай өөр хүн оролцох анонс яваад байсан ч ч энэ орой гэнэдүүлж байгаад Нийслэлийн ИТХ-ын дарга Г.Мөнхбаярыг авчирч хариулаад байхаас өөр аргагүй манж асуултуудыг тавилаа. Хөтлөгч Ш.Гүрбазар.

“Гэрэлтэй цонх”:
Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын даргын тухай “Нутаг амьтай хүн” нэртэй хөрөг маягийн нэвтрүүлэг. Ямар ид шидтэй хүн болохыг ойлгосонгүй. Нутагтаа сүрхий нэр дэвшигч бололтой.
– “Зочны цаг”. “Чингис хаан” банкны хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Т.Батмагнайг урьжээ. Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн Сүхбаатар дүүрэг дэх 9-р тойрогт АН-аас нэр дэвшигч байв.

2008.10.9
“Цагийн хүрд”:
– Ирэх 11-р сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн Монголд хэрхэн нөлөөлж болох тухай тайлбар дотоод мэдээнүүдийн дундуур гэнэт орж ирлээ. Ингээд гадаад харилцааны мэргэжилтэн биш дотоод улс төр судлаач Д.Мягмарсүрэнгээр тайлбарлуулж байх юм. (Обама, Маккейны түвшинд өөрийгөө таниулж чадсан энэ залуу бол Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын сонгуулийн 3-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч Д.Мягмарсүрэн).
– Сүүлийн үед орон сууцны үнэ ханш хэрхэн өөрчлөгдөж байгааг тайлбарласан сурвалжлага. Дундуур нь Zoom үл хөдлөх хөрөнгийн компанийн захирал Ж.Отгонбилэг санаа оноо хэлэв. (Нэр дэвшигч эсэхийг мэдэж чадсангүй)
– Нийслэлийн Хан-Уул дүүргийн гэр хороололд дэд бүтэц ерөөсөө алга байгаад санаа зовсон сурвалжлага. CFC группийн ерөнхийлөгч Б.Ариунболд дэлгэцнээ гарч “би энд төрсөн, тэрнээс хойш юу ч өөрчлөгдөөгүй байна, би цахилгаан татна” гэж амлаад далд оров. Мөрийн хөтөлбөрийн товчоо байгаа биз. (Нийслэлийн ИТХ-ын Хан-Уул дүүргийн 12-р тойрогт АН-аас нэр дэвшигч Б.Ариунболд)
– “Өнөөдрийн сэдэв: Төмөр замын цаг үеийн ажил” гэсэн ярилцлага. Монголын төмөр замын дарга В.Отгондэмбэрэлийг студид урьж нүүрс болон ургац тээвэрлэлт зэрэг намрын ажилд төмөр зам хэр бэлэн байгааг асуув. Орлогчийн орлогч нь хариулахад хангалттай байжээ. Том дарга “бэлэн” гэж хэлээд цааш ярих юм үлдээгүй учраас Мянганы сорилтын сангийн мөнгө хэзээ орж ирэх тухай ойр зуур юм сонирхсон болоод өндөрлөв. (Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Баянгол дүүргийн 3-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч В.Отгондэмбэрэл)

2008.10.10
“Цагийн хүрд”:
– “Өнөөдрийн сэдэв: Улаанбаатар хотын ногоон бүс” ярилцлагаар “Ногоон бүс, байгаль экологи” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Ганбат студэд уригджээ. Иргэдийг гэгээрүүлэх хэрэгтэй гэсэн ганцхан санаа хэлэв. Үүний тулд хайран цагаа зориулах хэрэг байсан юм уу? (Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч Д.Ганбат бололтой)
– Хас банкны 10 жилийн ой ба шинэ үйлчилгээний нээлтийн сурвалжлага.
– “Өнөөдрийн сэдэв: Монгол Улсад бичил санхүү үүссэний 10 жилийн ой”. “Хас” банкны гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийг студид урьж сайн гэгч яриулав. (Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн Сүхбаатар дүүрэг дэх 9-р тойрогт бие даан нэр дэвшигч Ч.Ганхуяг гэдгийг бүгд мэддэг болсон)
– Иргэд орон нутгийн сонгуульд хэрхэн оролцож саналаа өгөх тухай нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ц.Болдсайханы яриа. Ганц хэрэгтэй тайлбар байв.
– Сонгинохайрхан дүүргийг дарсан хур хог тэндхийн иргэдийг бухимдуулж байна, гэхдээ энэ асуудлыг удалгүй Японы тусламжтайгаар шийдэх гарц нээгдэж байгаа гээд УИХ-ын гишүүн кёкшүзан Д.Батбаяраар тайлбарлуулав. (Төрсөн дүү Батсайхан нь яг энэ дүүрэгт нэр дэвшиж төстэй зүйл ярьж яваа).
– Дахиад Сонгинохайрхан. Тус дүүргийн Засаг дарга Т.Найдан удалгүй “Өнөр” хорооллын арын дэнж дээр Өнөр-2″ хороолол барихаа амалсан бол нийслэлийн Засаг дарга Т.Билэгт хот баруун тийшээ тэлж хөгжих тухай мэдэгдэв. Сүүлийн хэд хоногийн турш телевиз, радио, сониноор зогсоо зайгүй ярьж цээжлүүлсэн мөрийн хөтөлбөрүүдийн нэг байна. Залгуулаад тэд МАХН-ын туг далбаа намирсан сурталчилгааны арга хэмжээн дээр зэрэгцэн сууж байгааг харууллаа. (Нийслэлийн ИТХ-ын Сонгинохайрхан дүүрэг дэх 8-р тойрогт МАХН-аас нэр дэвшигчид). Шууд сурталчилгаа байлаа.

“Гэрэлтэй цонх”:
– “Зочны цаг”. Женко группийн зөвлөх Х.Баттуул студид уригджээ. Хөтлөгчийн зүгээс “Та Хан-Уул дүүргийн 12-р тойрогт АН-аас нэр дэвшсэн. Ямар ажил хийх гэж байна. Амжилт хүсье. Хан-Уул дүүргээ хэвийн байдалд нь оруулаарай” гэчхлэн нууж хаалгүй сурталчилж өглөө. Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн Хан-Уул дүүрэг дэх 12-р тойрогт АН-аас нэр дэвшигч Х.Баттуул хэдхэн хоногийн өмнө “Цагийн хүрд”-ээр Монголын хүнсчдийн холбооны тэргүүлэгч нэрээр бас уригдсан билээ.
– Сүхбаатар дүүргийн 18-р хороон дээр сонгуулийн ажил хэрхэн өрнөж байгааг сонирхуулья гэсэн сурвалжлагаар “Нью Майнд” компанийн захирал Г.Идэрмаа тус хорооны тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярив. Энэ эмэгтэй нийслэлийн ИТХ-ын 10-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч гэдгийг мэдээж хэлээгүй.

Ийнхүү орон нутгийн сонгуулийн сурталчилгааны сүүлчийн мөч – 10-р сарын 10-ны 24 цаг хүртэл МҮОНТ далд сурталчилгаа хийсээр байв. УИХ-ын сонгуулийн үеэр хулгайгаар явуулсан иймэрхүү сурталчилгаагаа МҮОНТ-ын дарга нар “сэтгүүл зүйн бүтээл байсан” гэж зөвтгөхийг оролдсон. Тэгвэл 11-ны өглөө буюу сурталчилгааны чимээгүй өдөр “Цагийн хүрд”-ээ давтахдаа нэр дэвшигчдийг яриулсан “бүтээлүүд”-ээ  бүгдийг хассан байлаа. Сурталчилгаа байсныг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн хэрэг.

Posted in 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Телевизээр гарахдаа өмсдөг баг

Posted by Ажиглагч on 2008/10/10

Орон нутгийн хурлын сонгуулийг угтуулж TV9 телевиз “Ардын мэдээ” нэртэй нэвтрүүлгийг ивээлдээ авч хэсэг гаргалаа. Өөрийн нэрийг титрт “Иргэн Б.Цогтгэрэл” даруухнаар бичсэн хөтлөгч залуу үзэгчидтэй шууд утсаар ярилцаж нэр дэвшигчдийн хариуцлага, тэнцвэртэй сурталчилгаа, шударга өрсөлдөөн гээд олон зөв юм ярьж харагдсан. Харин Пүрэв гаригийн дугаараар нэгэн үзэгч хотын даргаар Билэгт хэвээрээ үлдээсэй, АН-ын Эрдэнэ бол бүтэхгүй гэсэн утгатай санаа хэлэхэд хөтлөгч маань загатнасан газраа маажуулсан мэт учиргүй таашааж төрийн залгамж чанар, саяхан уншсан зөвлөлтийн сэтгүүлч Шинкаревын ном, түүнд Цэдэнбал, Самбуу дарга нарын талаар юу бичсэнийг ярьж өглөө.

Юу болов? Өнгөрсөн долоо хоногт нэгэн сэтгүүлч Билэгтийг магтаж Эрдэнийг муулаад байсныг санагдуулав. Яг тийм! Улаанбаатар радиогоор “Би хотыг удирдъя” нэртэй нэвтрүүлэг хийж, хотын дарга болох санаатай С.Эрдэнийн хамаг хамаг нүглийг бүртгэж “шинэ үеийн залуус бид шинэ залуусыг сонгоод шинэ Улаанбаатарт өөрөөр амьдрах цаг нь ирлээ” хэмээн зарлахдаа “Нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн сурвалжлагч Батчулууны Цогтгэрэл” гэж гайхуулаад байсан тэр нөхөр мөн байна!

Б.Цогтгэрэл ханаагүй бололтой энэ долоо хоногт “Улаанбаатар” радиогоор дахиад нэг ярихдаа Монголд хоёрхон нам байхад хангалттай, бусад намууд хэрэггүй, том намуудын нэр дэвшигчид будлиан тарьж байгаа нь энэ хоёр нам нээлттэй сайн байгаагийн шинж, нийслэл хотын амьдралыг мэддэг хүмүүс МАХН ба АН хоёрт л байгаа гэж зэрэг магтсанаа эцсийн мөчид “гэхдээ л МАХН-д арай түлхүү байгаа” гэж хэлээд багаа хуулж орхив. Түүнийг “Ардын мэдээ” нэвтрүүлгийн ерөнхий редактор, “Шударга сонгууль” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Б.Цогтгэрэл гэж танилцуулсан. Харин үе үе “Улаанбаатар” радиод МАХН-ын сурталчилгааны нэвтрүүлэг хөтөлдөгөө нуусхийдэг биз.

“Шударга сонгууль”, “Ардын мэдээ” хоёр бол түүний телевизээр ил гарахдаа өмсдөг багнууд. “Улс төрчид юуг нууж байна, тэр нь түүний жинхэнэ нүүр царай байдаг” гэсэн үг Цоггэрэлд яг тохирч байна.  Радиогоор бол хэн ч харахгүй, харахгүй учраас танихгүй гэж боджээ. Хүүхдүүд нялх байхдаа нүүрээ гараараа таглаад нуугдчихлаа гэдэг шиг.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн кампанийн үеэр “Шударга сонгууль” нэртэй төрийн бус байгууллага хэтэрхий шударга ажиллаж нэрийн хуудсаар нь дээрх Цогтгэрэл тодорсон билээ. Харин тэргүүн нь Д.Мягмарсүрэн гэж улс төр судлаач залуу байсан. Гэтэл энэ удаагийн орон нутгийн сонгуулиар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын сонгуулийн 3-р тойрогт ШУТИС-ын Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Улс төр-стратеги судлалын багш, Монголын залуу сэхээтний холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Бодлогын шинжилгээний анализ төвийн гүйцэтгэх захирал Дашзэвэгийн Мягмарсүрэн нэрээр МАХН-аас нэр дэвшсэн харагдана. Бүр МАХН-д элсээд авчээ. Харин “Шударга сонгууль” ТББ-ын тэргүүн гэдгээ намтартаа бичихээ “таг мартчихаж”. Ичсэн байлгүй.

Сонгуулийн дараа монголын хамгийн “шударга” хоёр залуу юу ч болоогүй юм шиг телевизийн дэлгэцээр гарч ирээд маш гоё юм ярьж өгнө дөө…

Posted in "Улаанбаатар" радио, + ТЕЛЕВИЗ, 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа, TV9 телевиз | 2 Comments »

Энэ радио засагдахаасаа өнгөрчээ

Posted by Ажиглагч on 2008/10/10

Ардчилсан Монгол даяар ардчилсан сонгууль, тэхдээ зүгээр л орон нутгийн жирийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох гэж байхад нийслэлийн албан ёсны “Улаанбаатар” радио ганцхан намын нэр дэвшигчдийг дагнан сурталчилсаар сонгуулийн кампанийг дуусгахнээ. Ядахдаа худлаа нээрээ олон ургальч дүр үзүүлж АН-ын нэр дэвшигчдийг сурталчилдаггүй юмаа гэхэд арай гайгүйгээс нь ганц хоёрыг хэдэн секунд ч болов яриулах, бас жижиг намуудын нэр дэвшигчид, бие даагчдын (тэд хэдэн зуугаар тоологдоно) талаар ганц хоёр үсэг дуугарах болов уу гэтэл тэгсэнгүй. Бүхэл бүтэн радио донтоно гэдэг муухай юм аа. 

2008.10.06
“Элсэн цаг” хөтөлбөр:
Батзандан, Магнай, Гүндалай гурвыг өөрсдийн намаа орхиж Ардчилсан намд урваж шарваснаар нь дуудаж “хагарсан шаар” гэж цоллов.
“Орон нутгийн сонгууль-2008” хөтөлбөр:
Монголд хоёрхон нам байхад хангалттай, гэхдээ МАХН арай илүү гэсэн утгатай тайлбар (Дараачийн бичлэгийг үзээрэй)

2008.10.07
“Элсэн цаг”:
Монгол Улсын ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баярын UBS телевизийн “Нүүр тулсан ярилцлага” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагын тойм
“Орон нутгийн сонгууль-2008”:
Сонгогчид, эдийн засагчид, эрдэмтэн судлаачид МАХН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжих үндэслэлтэй сайн хөтөлбөр болжээ хэмээн дүгнэцгээж байна гэж эхлээд МАХН-аас нийслэлийн ИТХ-ын Сүхбаатар дүүргийн 9,10-р тойрогт нэр дэвшиж байгаа “боловсролтой,эрч хүчтэй залуу дэвшигчид маань [!!] хэрэвзээ сонгогдчихвол ямар ажил хийж хэрэгжүүлэхийг сонирхоцгооё” гээд Хангал, Баттүшиг, Оюундарь, Цогзолмаа, Батхуяг, МАХН-аас нэр дэвшигч Идэрмаа нарыг яриулав.

2008.10.08
“Элсэн цаг”:
“Билэгт үү, Эрдэнэ үү” гэсэн тайлбар. Мэдээж Билэгт.
“Орон нутгийн сонгууль-2008”: 
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт, “Өндөр буянт холдинг” компанийн захирал Төмөрхуяг, Баянгол дүүргийн Засаг дарга П.Цогтбаатар, “Оргил” худалдааны төвийн захирал Ганбаатар (ИТХ-д ихэнх нь төр захиргааны ажилтнууд байна. Харин иргэдийн дуу хоолой дутуу байна, үүнийг би нөхөж ажиллана гэв), “Баянгол тохижилт” компанийн ТУЗ-ын дарга Баянмөнх нарын яриа.

2008.10.09
“Элсэн цаг”:
Матери ухамсар, тоталитар, авториатар, иргэний нийгэм, Махатма Ганди, хоёр систем гэх мэтээр онол шахуу том юм ярьж эхэлснээ “… ардчиллаар нэр баригчид бүхнийг бусниулсан, харин МАХН зангараг заагаагүй бол соёлт ертөнц монголтой харьцаагаа таслах байсан … МАХН хаана ч хэнтэй ч түнш байж чаддаг чадвараа үзүүллээ. … одоо дэлхийд МАХН улс төрийн хүсэл зоригоороо бахархагдлаа…. Харин АН необольшевизмд автагдаж байна уу… Монгол түмэн аавын хүү, ээжийн охиноор дутаагүй, гэхдээ нэгэн зүтгэлтнээ төрүүлсэн, тэр нь Санжийн Баяр… Ард түмэн орон нутагт МАХН-ыг дэмжинэ, яагаад гэвэл хөгжил дэвшлийн утга учир болохоор… хэмээн дүвчигнэж гарлаа. 
Зарим сэтгүүлч бялдуучилж бичдэг. Зарим нь орон гаран юм бичдэг. Харин “Улаанбаатар” радиод хоёуланг хослуулж чаддаг хосгүй нөхдүүд ажилладаг юм байна. 
“Орон нутгийн сонгууль-2008”:
“Ухрах уу, урагшлах уу?” нэртэй. АН бол гэмт хэрэгтнүүдийг орогнуулдаг хөгийн этгээдүүд гэсэн утгатай.

2008.10.10.
“Элсэн цаг”:
Орон нутгийн сонгуулийн талаар иргэдийн санал бодлыг сонсгов. Бүгдээрээ МАХН-ыг дэмжсэн бөгөөд нэгэн эмэгтэй үхэн үхтлээ МАХН-ын төлөө саналаа өгөхөө тангараглав.
“Сонгууль-2008”:
Энэ удаагийн сонгуулиар аль намын хэн ялах тухай нэрээ тас нуусан сэтгүүлчийн прогноз. “МАХН-аас шинэ үеийн сайхан залуучууд дэвшсэн бол АН-ын нэр дэвшигчид голдуу УИХ-ын сонгуульд унагсад байна” гэсэн дүгнэлтээс эхэлсэн тул МАХН-ынхан орон нутгийн хурлын ихэнх суудлыг авах тухай ярих байх гэж бодтол үгүй аж. МАХН-ын нэр дэвшигчид бүх тойрогт хол тасархай ялах юм байна.

Энэ радио засагдахаасаа өнгөрсөн юм байна. Сонгуулийн дараа яаж ч олон ургальч болж тоглосон би лав итгэхгүй.

Posted in "Улаанбаатар" радио, 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа, FM радио | Leave a Comment »

Унтлагын биш мөнгөний мешоктой “Танайд хоноё”

Posted by Ажиглагч on 2008/10/06

Уг нь “Танайд хоноё” зугаатай нэвтрүүлэг. Хөтлөгчийн хамт шал танихгүй айлаар орж хоол ундыг нь идэж уухаас бусдаар хамаг юмыг нь нүдээрээ үзэж хардаг.  Харин сонгуулийн өмнө миний хувьд Алтантүрүүгийн очсон айлын сонин хачин  биш, харин чухам яагаад тэр айлыг сонгосноо яаж худлаа тайлбарлаж жүжиглэх нь илүү зугаатай байсан юм.

Түрүүчийн долоо хоногт Нийслэлийн ИТХ-д нэр дэвшсэн хоёр залуугийнд урилгаар хоносноо займчуулах гэж эв хавгүй тайлбар хийж билээ. Гэхдээ ингэж дуудлагаар айлд очиж хонох муухай гэдгийг ухаарсан бололтой саяын ням гаригийн нэвтрүүлгээ хамаатны ахынхаа дам дамаар зөвлөснөөр “сонирхолтой юм ярьж өгөх”  хүний гэрт зочлох болсноо хэлж эхлүүлэв. Би урьд нь Алтантүрүүг нэр дэвшигчдэд үйлчилж хоноод байна, бүр унтлагын биш мөнгөний мешоктой очдог болж гэх мэтээр ихэд буруугаар бодож байсандаа тэрхэн мөчид гэмших шиг болсон. Тэд мөнгөөр хичнээн далласан ч манай Алтантүрүү мэргэжлийн ёс зүйгээ сахиж чаддагаа харуулахнээ. 

Ингээд төмөр замд амьдардаг Ганбаатар нэртэй эрхмийн төмөр хаалгыг тогшиж ороход цаадах нь “нэгэнт ирсэн бол орохоос доо” гэсээр угтахад Алтантүрүү “яг хонуулна биз, гэнэтхэн хөөгөөд гаргахгүй биз” хэмээн  шалгааж ам өчгийг авч байж босгыг алхав. Жирийн 3 өрөө байранд амьдардаг ч барилгын компани эрхэлдэг, найрсаг авгай болон гэрэлтсэн охидтой сайхан айл байна. Хоол ундаа бэлэн, ширээн дээрх идээ будаа хэдийнэ өрөгджээ. Одоо Алтантүрүүгийн хамаатны амалсан сюрприз яриаг хүлээлээ. Гэтэл эхнэртэйгээ яаж танилцсан болон хятадуудыг яагаад ажиллуулдаг тухай яриа уйтгартай биш боловч санасанд хүрсэнгүй. Бас Алтантүрүү маань унтахаасаа өмнө ганцаараа үлдэж байгаад хоносон айлынхаа талаар алдарт ерөөл магтаалаа хэлсэнгүй. Ядахдаа шүдээ ч угаасангүй. Тэгээд өглөө нь босч гэрийн эзэнтэй сууж цайлаад хамт гарч салж явахдаа “танайд дахиж ирэхгүй ээ” гэж хэдэнтээ амалсан нь хачин санагдсан. Гэхдээ яахав. Санаанд хүрээгүй ч мөнгө төгрөг өгч авалцаагүй, ядахдаа шударга нэвтрүүлэг боллоо гэж бодоод өнгөрөв. 

Гэтэл тэр орой яасан гэж санана?! “25-р суваг” телевизийн “Өнөөдөр” нэвтрүүлгээр нөгөө нөхөр чинь “Барилгын инженер В.Ганбаатар. Нийслэлийн ИТХ-ын 1-р тойрогт АН-аас нэр дэвшигч” гэсэн хаягтайгаар гараад ирэх нь тэр. 

Алтантүрүү засрахгүй юм байна. Урьд өдөр нь “Танайд хоноё” нэвтрүүлгээ хөтөлбөрт 21 цагаас гэж зарлуулсан боловч өдөр 14-15 цагийн үед гэнэтхэн үзүүлжээ. (Иймээс би үзэж чадаагүй) Сураг сонсохнээ Чингэлтэй дүүрэгт ИЗН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн “молекул” Батбаярын хүү Батбилэг гэдэг залуугийнд хоносноо нууж бултуулсан байж. 

Харин тэр орой “Танайд хоноё” нэвтрүүлгийн цаг дээр “Би” нэвтрүүлэг гарч Комацу-гийн нэр дэвшигч Э.Тамир хэмээх залуу урт удаан амьдралынхаа түүхэн замналаас бүтэн цагийн турш  хүүрнэжээ. Ямар Алтантүрүүг дахин дуудаж мориныхоо жүчээнд хонуулалтай биш…

Posted in + ТЕЛЕВИЗ, 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа | 3 Comments »

Нийслэлийн МАХН-ын хорооны дэргэдэх “Улаанбаатар” радио

Posted by Ажиглагч on 2008/10/02

Монголын хэвлэл мэдээлэлд ардчилал, олон ургальч үзлийн салхи огт ороогүй өнцөг булан хаана үлдэж хоцорсныг санаандгүй мэдэж авлаа. 

2008 оны 10-р сарын 1-ны өглөөний 8 цагийн үед радиогийн суваг эргүүлтэл “Улаанбаатар” радиогийн “Ухрах уу, урагшлах уу” нэртэй нэвтрүүлгээр “… УИХ-ын сонгуулиар МАХН-д өгсөн олонхийн саналаа солих үндэслэл байхгүй …МАХН, АН хоёр УИХ-ын сонгуулийн дараа зөвшилцсөн нь хамаагүй… МАХН-д өгсөн итгэлээ улам бэхжүүлэх хэрэгтэй…” гэх мэтээр сонгогчдийн зүрх сэтгэлийн асуудлаар сургамжилж өгч байхтай таарав. Орон нутгийн сонгууль эхэлсэн тул нийслэлийн МАХН-ын хорооноос захиалсан юм болов уу гэтэл тийм тодруулга хийсэнгүй. Сэтгүүлч, редакторын нэрийг ч дурдсангүй. Тэгэхлээр “Улаанбаатар” радиогийн байр суурийг илэрхийлсэн албан ёсны тайлбар байжээ. Араас нь залгасан “Орон нутгийн сонгууль-2008” нэвтрүүлэг нийслэлийн ИТХ-д МАХН-аас нэр дэвшигчдийн 70 гаруй хувь нь шинэ залуу хүмүүс байгаа тухай баяртай мэдээ дуулгаад Баянзүрх дүүрэгт дэвшигч Гантөмөр, Пүрэвжав, Амарбаясгалан гэхчлэн ширхэглэн магтсаар энэ өглөөг үдэв.   

Тус радио нийслэлийн МАХН-ын хорооны мэдэлд очсон байж магадгүй тул маргааш өглөө эртлэн босч дахин сонсохуй яах аргагүй “Монгол Улсын нийслэлийн “Улаанбаатар” радио ярьж байна” гэв. Тэгснээ ухуулгаа үргэлжлүүлэв. Эхлээд “Элсэн цаг” нэвтрүүлэг орон нутгийн сонгуулийн чухлыг баахан ухуулснаа гэнэт АН-ын дотоод зөрчилд санаа зовж “үүнээсээ болж МАХН-ын нэр дэвшигчид рүү дайрч байна” хэмээн буруутгаад цаашаа шуударч нийслэлийн МАХН-ын байгуулллагын мөрийн хөтөлбөрт багтсан 12 төгөлдөршлийн сайхныг магтсаар өндөрлөв. Дараа нь “Би хотыг удирдъя” нэртэй улс төрийн нийтлэлийн нэвтрүүлгээр нийслэлийн АН-ын дарга бөгөөд хэрвээ УИХ-д орж чадахгүй бол хотын дарга болох санаатай С.Эрдэнийн хамаг муу муухайг сануулж “хүн хүссэн газартаа амьдрах эрхтэй” гэдгээр далимдуулан Улаанбаатарт нь зөвшөөрөлгүй шаваад байгаа хөдөөнийхөнтэй нийлүүлж байгаад элдэв үгээр дуудав. Завсраар нь СХД-ийн Засаг дарга Найдан, ИТХ-ын дарга Баярсайхан гэдэг хоёр нэр дэвшигчийг (мэдээж хоёулаа МАХН) магтаж амжаад төгсгөлд нь “шинэ үеийн залуус бид шинэ залуусыг сонгоод шинэ Улаанбаатарт өөрөөр амьдрах цаг нь ирлээ” хэмээн зарлаж “Нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн сурвалжлагч Батчулууны Цогтгэрэл” болохоо хэлж байж сая нэг салав.   

Би гайхаад Орон нутгийн хурлын сонгуулийн хуулийг сөхөж үзвэл,   

30.7. Орон нутгийн радио, телевизээр сонгуулийн аливаа сурталчилгааг төлбөргүй явуулах хугацаа, хуваарийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо тогтооно.

30.8. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нь орон нутгийн радио, телевизээр төлбөргүй явуулах сурталчилгааны хуваарийг батлахдаа нэр дэвшигч болон нам, эвсэл бүрт тэнцүү хугацаа ногдохоор тооцож, холбогдох шийдвэрийг гаргана.

30.10. Сонгуулийн хорооноос тогтоосон хугацаанаас бусад цагт нэр дэвшигч, нам, эвсэл орон нутгийн болон орон нутагт нэвтрүүлгээ цацаж байгаа энэ хуулийн 30.9-д зааснаас бусад төвлөрсөн радио, телевизээр төлбөртэй сурталчилгаа явуулах эрхтэй гэжээ. 

“Улаанбаатар” радио бол UBS телевиз, “Улаанбаатар таймс” хоёрын нэгэн адил адил нийслэлийн ИТХ-ын харьяанд байсныг 2004 оноос менежментийн гэрээгээр ажиллуулснаас хойш сэмхэн хувьчлагдаагүй л бол нийслэлийн статустай хэвээрээ байж таарна. Гэтэл ганцхан намыг улаан цайм сурталчлаад байдаг. Эсвэл нийслэлийн сонгуулийн хорооноос “Улаанбаатар” радиогийн цагийг зөвхөн МАХН-д хуваарилсан уу?  

Нийслэлд телевиз хэт хөгжсөн учраас нийслэлчүүд радио сонсох нь бага. Гэхдээ “Улаанбаатар” радио шугамын радио хэмээх сувгийг эзэгнэж түүгээрээ өглөө бүр хоёр цагийн мэдээлэл, нийгэм-улс төрийн нэвтрүүлэг бүхий хөтөлбөр сонсгодог. Ямар агуулгатай болохыг дээр хэллээ. Шугамын радиог голдуу сонсдог гэрийн ажилтай хүмүүс, ялангуяа өвгөд хөгшдийн толгойг “Улаанбаатар” радио өглөө эртлэн сэмхэн угаачихдаг юм байна. 

Шугамын радиогийн сувгийг сольж болдоггүй шиг арваад жилийн турш солигдохгүйгээр тасралтгүй удирдсан захирал Булган нь “Улаанбаатар” радиог нийслэлийн МАХН-ын хорооны радио огт биш гэдгийг одоо хүртэл ойлгоогүй тууж явна. Маргааш өглөө нийслэлийн ИТХ-аар орж хүн амьтнаас асуумаар юм. Ядахдаа өөрийнхөө радиогоор “Монгол Улсын нийслэлийн “Улаанбаатар” радио ярьж байна” гэж зарладаг нь ямар учиртай болохыг ойлгох гэж оролдоосой.

P.S: 

Дараачийн буюу 10-р сарын 3-ны өглөө “Элсэн цаг” хөтөлбөр “хүн амын шилжилт хөдөлгөөн үргэлжилж байгаа их хотод … проблем цөөнгүй байгаа. Тэр болгоныг томруулж хараад МАХН-д шударга бус үйлдэл болох буйзаа. Харин олон түмэн нь Ардчилсан намд итгээд ихэнх суудлыг өгөөд байсан бол их хотын ажил амьдрал одоогийнхоос долоо ч биш, найман дор байхыг хэн ч үгүйсгэхгүй ээ. Тийм ч учраас нийслэлийн иргэд хэнийг сонгохоо нэг муу юм мэдээд байдаг юм шүү” гэж агсарсан бол “Орон нутгийн сонгууль-2008” нэвтрүүлэг Сонгинохайрхан дүүргийн 8-р тойрогт МАХН-аас нэр дэвшсэн Нийслэлийн засаг дарга Т.Билэгт, дүүргийн Засаг дарга Найдан, “Сод Монгол” группийн захирал Анандбазар гурвын мөрийн хөтөлбөр амьдралд илүү ойр, ажил хэрэгч, зарчимч хүмүүс баг болж ажиллаж байгаа болохоор биелүүлэх тал дээрээ ч дориун гэж сонгинохайрханчууд үнэлж дуу нэгтэйгээр дэмжихээ илэрхийлж байхыг сонсчээ. Тэгээд сөрөг хүчний дайралтаас хотын даргаа хамгаалахыг уриалаад МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс уншиж өгөв. 

Сэтгүүлч эмэгтэй “энэ гурвын мөрийн хөтөлбөр амьдралд ойрхон байна, тиймээ?” гэж урьдчилаад дүгнэчихсэн асуулт тавьж хүссэн хариултаа авч байлаа. Булган захирал сэтгүүлчдээ хүртэл нийслэлийн МАХН-ын хорооны ухуулга сурталчилгааны ажилтан болгоод амжжээ.

Posted in "Улаанбаатар" радио, 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа, FM радио | 1 Comment »

“За тэгье … Танайд хоноё… Хэдээр вэ?”

Posted by Ажиглагч on 2008/09/29

“25-р суваг” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч Алтантүрүү хэсэг завсарласны эцэст дахин мөнгөөр айлд хонож эхэллээ. Тэрбээр өөрөө соёлтой залуу болохоороо “би зорьж ирсэн, хажуугаар нь бас урилгатай ирсэн” гээд боловсон үгээр тайлбарлаж байна. Зорьж ирэхийг нь мэдээд урина гэж юу байхав, тэгэхлээр урьсан учраас зорьсон байж таарна. 

Бямба гаригийн “Танайд хоноё”. 

Энэ удаад “Өсөхбаяр” сангийн тэргүүн Өсөхбаяр нэртэй залуугийнхийг “зорин уригджээ”. Тийм байх аа. Өнгөрсөн зун ийм нэртэй сан байгуулсан тухайгаа хэвлэлийн хурлаар зарлахад хүмүүс “Өсөхбаяр аваргынх байж таарна, энэ залуу түүний өмнөөс гүйх нь, харин яагаад Хан-Уул дүүргээс ажлаа эхлэх юм бол” гэж бодоод өнгөрсөн. Тэгтэл аваргын нэрээр анхаарал татаж байгаад нийслэлийн ИТХ-ын хуралд Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвшихээр эртнээс онилсон овсгоотой залуу байж. 

Алтантүрүүг гэртээ авчран зочлоод, хонуулсны (бас мөнгө өгсний) хариуд Алтантүрүү

Иргэдийн төлөө орон нутгийн сонгуульд өрсөлдөж байгаа энэ 26-хан настай энэ залуу Улаанбаатар хотын оршин суугч бидний амьдрах орчныг шийдэж өгөх итгэл даах хүн мөн үү биш үү гэдгийг үзэгч та бүхэнд харуулахыг хүссэн юм.  Сонгуультай холбоотой учраас би энд их юм яримааргүй байна… гээд мешок руугаа шурган орж нойрлоо. 

Түүнд их юм ярих хэрэг үнэхээр байгаагүй, учир нь Өсөхбаяр өөрийгөө “гадаадад 10 хонохлоор дотор давчдаад буцаж ирмээр санагддаг” гэх мэтээр тултал рекламдаж авсан. Дахиад жаахан яриулсан бол Хан-Уул дүүргээсээ  холдож Энхтайвны гүүрийг даван хотын төв рүү орохлоор дүүргээ санадаг сэтгэлээ илчлэх нь гарцаагүй байсан. Ийм эх оронч бөгөөд хан-уулч хүнийг сонгохгүй байж болох уу? Болохгүй. 

Ням гаригийн “Танайд хоноё”.   

Сүүлийн өдрүүдэд Японы Комацу пүүсийн Монгол дахь салбарын захирал Э.Тамир орой болгон телевизээр гарч компанийхаа 15 жилийн ойн мэндчилгээг монголын ард түмэнд дэвшүүлсээр бүгдийн танил болжээ. (Яг одоо дахиад гарч байна. Сайн уу, Тамир аа!)

Тэгтэл  орон нутгийн сонгуулийн кампани эхэлж таарснаас болов уу нийслэлийн ИТХ-д Ардчилсан Намаас нэр дэвшихээр тодрох нь тэр. 

Ингээд Алтантүрүүг  дуудан гэртээ хонуулж аж амьдралаа илүү сайн дэлгэхээр шийджээ. Гэтэл юу болов? Эхлээд тансаг харшаараа оруулж тоолж барахааргүй олон өрөөгөөрөө шагайлгаж хөөрхий сэтгүүлчийг маш их горьдоосон (Алтантүрүү “энд хономоор байна… хонуулахгүй юм байх даа” гээд үглээд байсан) мөртлөө хонуулахгүй, бас авгайгаа үзүүлэхгүй (зөвхөн хүүхдүүд нь харагдсаныг бодоход авгай нь тэр хавьд нуугдсан байж) машиндаа суулган авч давхисаар Өлзийт хавьд байдаг мориныхоо хашааны дэргэдэх байшинд аваачиж хэсэг ярьж суугаад унтууллаа. Тун тохилог байшин, гэхдээ л хачин байгаа биз? Алтантүрүү маань “яая гэхэв” хэмээн хэд үглээд дуугүй л хонов.  Мориныхоо жүчээнд очоод унтчих гэвэл зөвшөөрөх байсан. Мешоктойгоо очсон юм чинь. Мөнгө, тэгэхдээ их мөнгө авчихсан бол яая гэхэв…

Posted in + ТЕЛЕВИЗ, 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа, 25-р суваг телевиз | 5 Comments »

УРИАЛГА

Posted by Ажиглагч on 2008/09/26

Хэвлэл мэдээллийн байгууллагуудад

2008 оны 6-р сарын 29-нд болсон УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, санал хураалт, санал тооллого болон сонгуулийн дүнг гаргах явцад улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс болон янз бүрийн шатны сонгуулийн байгууллагууд зарим алдаа, хууль зөрчсөн үйлдэл гаргаж байсны улмаас сонгууль тойрсон зөрчил даамжирч улмаар эмгэнэлт үр дагаварт хүргэсэн ба одоо хүртэл маргаан үргэлжилсээр байна. 

Иймээс хэдхэн хоногийн дараа буюу 10-р сарын 12-нд болох Орон нутгийн хурлын сонгуулиар дээрх алдаа, хууль зөрчсөн  үйлдлийг давтан гаргуулахгүйн тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд  чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзээд дараах уриалгыг гаргаж байна. 

1. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь сонгогч иргэдэд хамгийн ойр, тэдний шууд төлөөлөл болж байдгийг харгалзан УИХ-ын сонгуулиас дутуугүй ач холбогдол өгч мэдээлж сурвалжлах, 

2. Энэ удаагийн орон нутгийн хурлын сонгуулийн кампанит ажил богино хугацаанд үргэлжлэх тул түүний явц, зохион байгуулалт нь хууль, журмын  дагуу байгаа эсэхийг цаг алдалгүй сурвалжилж олон нийт, холбогдох байгууллагуудын анхаарлыг хандуулж байх, 

3. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрсдийн эзэмшил, харьяаллаас үл хамааран олон нийт сонгуультай холбоотой үнэн зөв, бодитой мэдээлэл авах эрхийг хүндэтгэн үзэж нийтлэл нэвтрүүлгээ чиглүүлэн ажиллах, 

4. Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу арилжааны телевизүүд сонгуулийн сурталчилгааны хязгаарлалт, зохицуулалтыг ягштал баримталж ажиллах, харин Олон нийтийн радио, телевизээр орон нутгийн Хурлын сонгуулийн аливаа сурталчилгааг явуулахгүй байх, 

5. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид мэргэжлийн тулгуур зарчмуудыг баримталж, улс төрийн намууд, нэр дэвшигчдийн сурталчилгааг аль болох тэнцвэртэй явуулах, тэдний талаар олон талын мэдээлэл өгч, иргэд бодит мэдээлэл дээр тулгуурласан ухамсартай сонголт хийхэд нь туслах,   

6. Төлбөртэй сурталчилгааг үзэгч, сонсогч, уншигчдад ойлгогдохуйц ялган зааглах, 

7. Далд сурталчилгаа явуулахгүй байх, сонгуультай холбоотой нэр хаяггүй нийтлэл, нэвтрүүлгийг гаргахгүй байх, гэхдээ ноцтой баримтыг илчилсэн тохиолдолд эх сурвалжаа нууцлах,

8. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэргэжлийн байгууллага, сэтгүүлчид сонгуулийн үеэр баримтлах редакцийн дотоод журам, ёс зүйн зарчим зэрэг өөрийн зохицуулалтын бусад механизмыг өргөнөөр ашиглах.   

СЕХ-ны дэргэдэх хараат бус Хэвлэл мэдээллийн орон тооны бус зөвлөл

2008 оны 9-р сарын 26.

Posted in 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

МҮОНТ зарим нэр дэвшигчдийн сурталчилгааг үнэ төлбөргүй хийж өгдөг

Posted by Ажиглагч on 2008/06/08

УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаанд олон нийтийн радио, телевизийн баримтлах бодлого, бас журам гэсэн хоёр баримт бичиг гарчихсан, бас  сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд байхад МҮОНТ-ийнхэн сурсан зангаа ерөөсөө тавихгүй юм. Бас л “Цагийн хүрд”-ээр жишээ авья.

2008.06.03.
Шастины нэрэмжит нэгдсэн 3-р эмнэлэгт гаднын тусламжаар орчин үеийн  оношлогооны лаборатори байгуулж хүлээлгэн өгсөн ёслолын ажиллагаанаас хийсэн сурвалжлага. Гэтэл тоон дунд үсэг цохиж явна гэгчэээр УИХ-ын гишүүн Н.Баяртсайхан нээлтэд оролцон ярилцлага өгчээ. Эрхэм гишүүд эмнэлэгт очиж тууз хайчлах дуртай ч  нийгмийн бодлогын байнгын хорооны дарга ч юм уу, эсвэл тухайн тойргоос сонгогдсон гишүүн байх учиртай.  Тэгвэл Н.Баяртсайхан аль нь ч биш, бүр Хан-Уул дүүргээс сонгогдсон билээ. Гэхдээ учир нь амархан олдов: Тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуульд  тэрхүү 3-р эмнэлэг байрладаг Баянгол дүүргээс сойгдох болсон гэнэ.

2008.06.05.
УИХ-ын сонгууль ойртож байгаа энэ цаг мөчид сонгогчид юу хүсч байгааг мэдэж хэрэгжүүлэх нь маш чухал гэсэн сүрхий оршилтой сурвалжлагыг Сэлэнгэ аймгаас бэлтгэжээ. Хөтлөгч иргэдийг бизнес эрхлэхэд  нь тусалж дэмжих тухай текст уншиж байтал аймгийн төвийн гудамжинд нэрээ титрт нь  “Эдийн засагч О.Чулуунбат” гэсэн даруухнаар бичүүлсэн (урьд нь үргэлж “Монгол банкны ерөнхийлөгч асан” гэж даналздагсан)  МАХН-аас нэр дэвшигч  нөхөр таааралдаж 1. Иргэд бизнес эрхлэхэд  нь зээл олгох хэрэгтэй, 2. Банкуудын зээлийн хүүг бууруулах хэрэгтэй,  3. Дэлхийгээр дүүрэн мөнгө хэвтэж байна, авах хэрэгтэй гэсэн гурван хэсэг бүхий микро лекцээ уншиж амжив. Сэлэнгэ аймагт 10 гаруй хүн нэр дэвшээд байхад хотоос очсон нэгийг нь ямар мундаг олов оо. Хэрвээ Чулуунбат төрийн албан тушаалтан бол ажлаа хийж явна гэхсэн.

2008.06.07.
Энэ бямба гаригийн “Монголын мэдээ” агентлагын “Ярилцъя” нэвтрүүлэг  3 хэсэг ярилцлагаас бүрдэв.
Эхлээд Сэлэнгэ аймгаас “Эдийн засагч О.Чулуунбат” гэдэг даруухан эрийг дуудан нь авчирч 20 минут лекцлүүлэв. Хөтлөгч Мөнхтөр “жишээлбэл нэг суманд газар тарилан эрхлэх гээд зээл авбал … гэж нэр дэвшсэн аймагт нь зориулсан асуулт дэвсэж өгөхөд Чулуунбат дэлхийгээр дүүрэн байгаа мөнгийг тоолж баахан хадуурснаа  гэнэт сэхээрч “Би сая Сэлэнгэ аймгийн 2 сумаар яваад ирлээ. Хүмүүс мөнгө нэхэхээ больжээ, харин үйлдвэрлэл эрхлэх зээл нэхэж байна” гээд тойргийнхоо сонгогчдод сая нэг хандлаа.

Дараачийн ярилцлагын сэдэв – “”Хүн-байгаль”. Энэ сэдвээр Монголд ярьж чадах цорын ганц хүнийг олсон бололтой, “Экологич,  доктор Баярсайхан” гэдэг сагсуу залуу сүүлийн хоёр сарын турш арван телевизээр 24 цагийн турш нэгэн зэрэг тасралтгүй чалчиж байгаа нь хангалтгүй гэж хөтлөгч Мөнхтөр  үзжээ.

Араас нь “УИХ ба улс төрийн намууд” сэдвээр УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Ц.Нямдорж, АН-ын бүлгийн дарга Гансүх нар ярилаа. Энэ их хурал сайн ажилласан гэж дуу нийлүүлэн хамгаалсан энэ ярилцлага урьдчилан бэлтгэсэн бичлэг байв. Тэгэж захиалсан биз. Төгсгөлд нь  УИХ-ын гишүүн М.Энхсайханы яриа. 

Бүгдээрээ УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид байх юм. Сонгуульд нэр дэвшээгүй ч гэсэн юм ярьж чаддаг хүн Монголд алга уу? Би МҮОНТ-ийнхнийг мөнгө аваад далд сурталчилгаа хийсэн гэж хэлж чадахгүй. (Яагаад гэвэл МҮОНТ-ийн санхүү нь олон нийтэд хаалттай) Тэгвэл зарим нэр дэвшигчдийн сурталчилгааг үнэ төлбөргүй, оочир дугааргүй, дахин дахин хийдэг болж таарлаа. МҮОНТ татвар, хураамж төлөгчдийн мөнгөөр хэдхэн нэр дэвшигчид үйлчилжээ гэсэн үг.

Posted in 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | 1 Comment »