АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА’ Category

Монголын уран сайхны олон ангит Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа

Posted by Ажиглагч on 2013/06/27

2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль яг хуулийн дагуу, бараг өө сэвгүй болж өнгөрлөө хэмээн дүгнэлээ. Намуудын нэвтрүүлэгт оролцоогүй л бол жирийн иргэд байтугай сэтгүүлчид амаа үдүүлсэн сурталчилгааны кампанийн тухайд тун эргэлзээтэй ч нэгэнт эрх мэдэлтэйчүүд хууль, журам гаргаад шийдчихсэн болохоор яалт ч үгүй.

Гэхдээ 6-р сарын 26-ны өдөр санал хураалт ид үргэлжилж байх зуур Улаанбаатар даяар нэгэн хууль бус явдал гарчээ. MovieBox нэртэй гадаадын уран сайхны кино үзүүлдэг суваг байх. Амралтын өдрөөр гэртээ шигдсэн хүмүүс пиг үздэг. Тэгтэл энэ өдрийн 16 цагаас МАН-ын эсрэг сурталчилгааны “Усны гудамж” нэртэй киноны 10-р ангийг хөтөлбөртөө зарласан төдийгүй үзүүллээ. Гавъяат жүжигчин Ц.Төмөрбаатарын тоглосон дүр өмнөх бүх ангийг дүүргэсэн ганцхан тэр сэдвээр үргэлжлүүлэн гасалж байх юм.

-ГОК-ыг идэж дууссан байна…МАХНистуудын саалийн үнээ байсан байна л ээ шдээ… О-гийн үед, На-гийн үед … Дорлигоо прокурор энэ анатомийг сайн мэддэг хүн дээ… Гоминьдан гэдэг чинь Ардын нам гэсэн үг юм байна лээ ш дээ. Гоймон баатар гэдэг чинь гомин баатар гэсэн үг байна лээ ш дээ… Элбэгдорж ерөнхийлөгч орон нутгийн төсөв гэж яриад байна. Иргэдээрээ хэлэлцүүлэх юм байна лээ шдээ… Төсвийг чинь орон нутагт өгч байгаа юм байна ш дээ…. Элбэгдорж ерөнхийлөгч шууд ардчилал гэж яриад … Манайхан их таатай хүлээж авч байгаа… Сая бид хоёрыг цуглаанд дээр очиход Ээбээгийн дал гэж оюутнууд яриад байх юм. Оюутнуудад өгөх тэтгэлгийн 70 мянган төгрөг байсан юм уу… Иргэний танхим гэдгийг сонирхоод Эрдэнэтээс бүр зорьж ирж суугаад хуралд нь сууж үзээд шууд ардчилал гэдгийг жинхэн утгаар нь мэдэж авлаа… Авлигачдад халтай байж байж л ард түмэндээ ээлтэй ажил хийнэ биз дээ…

Үдэш болгон МАН-ыг гутааж, АН-д тал засч, нэр дэвшигч Элбэгдоржийн ухуулгын материалын өгүүлбэрийг цээжээр урсгасан ийм “агуу дүр”-ийг төрийн соёрхолт, гавъяат жүжигчин бүтээлгэж сонгуулийн санал хураалтын тэг дундуур улаан цайм гаргалаа. Бас болоогүй. Орой 20 цаг өнгөрч байхад дахин нэг ангийг үзүүлсэн байна.

Баригдсангүй ээ. Биш ээ, авлигачдыг хэлээгүй. Санал хураалт ид үргэлжилж, хэн хэнийг  дэмжихээ өөрөөсөө нуух шахам байхад MovieBox суваг ийнхүү сонгуульд хүнээ сойсон намуудын зөвхөн нэгийг дайрч давшилсан сурталчилгааг улаан цайм явуулсан ч баригдсангүй.

Энэ удаагийн сонгуулиар сурталчилгаа шударга байхыг хариуцсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай таг чиг өнгөрөв. Оны эхний өдөр TV7 сувгийн уран сайхны киноны дундуур архины сурталчилгаа орсны төлөө тэр сувгийг алгасаад “цаад эзнийг нь” шууд олж архийг үйлдвэрлэсэн Жем Интернэйшнл үйлдвэрийг хоёр сарын хугацаагаар лацдаж байсан шударгын дээд этгээд юмсан.

Posted in 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

“Ерөнхийлөгчийн сонгуулийн халз ярилцлага” нэвтрүүлгийн үзэлтийн тойм мэдээлэл

Posted by Ажиглагч on 2013/06/25

Өчигдөр орой МҮОНТ-ээр үзүүлсэн 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз ярилцлагын үзэгчдийн судалгааны товч мэдээллийг сонирхоно уу. Хэвлэл мэдээллийн судалгааны “Максима Медиа” ХХК (www.maxima.mn) хийж гүйцэтгэжээ.

Halz yriltslaga_06.24_MNB_MN2

Posted in 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа | 1 Comment »

Жижигхэн ярианууд

Posted by Ажиглагч on 2013/06/24

2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны оргил нэвтрүүлэг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээр дөнгөж сая өндөрлөв. Би яагаад ч юм, бүтэн сар гаруйн  хугацаанд тус тусдаа замд гарч улсаа тойроод ирсэн Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал гурав энэ үдэш нүүр тулан учирч бие биендээ хурц тод асуулт тавьж жинхэнээсээ мэтгэлцэх юм шиг хүлээгээд дахиад хууртчихлаа. Сонгууль болгоноор чадуулах юм аа.

Хэдэн өдрийн өмнөөс орон даяар зарлаж сонгогчдоос утсаар авсан асуултуудыг хэн ч юм шигшээд ихэд нууцлан дугтуйлж бэлтгэснийг хоёр хөтлөгч нэвтрүүлгийн эхэнд задалж нэг нэгээр нь дуудаж өглөө. Тэд өөрсдөө мэдээд асуух эрхгүй гэнэ. Асуулт гэхээс илүү төрийн бодлого гэх мэт албаны үгнүүдэд юу? вэ? уу? гэсэн дагавар залгасан өгүүлбэрүүд байх юм. Ямар ч муу сонгогч ийм жол асуулт тавихын төлөө телевиз рүү залгахаасаа лав ичнэ. Тэдний асуултыг цензурдсэн (өөр юу гэж нэрлэхэв?) үл үзэгдэгч дарга нар ямар ч хал балгүй болтол гөлийлгөж орхисноос зайлахгүй.

Ингээд энэ үдэш айл болгоны ширээн дээр хэвтсэн сурталчилгааны материалд хэдийнэ орсон санаануудаа нэр дэвшигчид ээлжлэн давтсанаар энэ уйтгар арайхийж өндөрлөв. Өөрийг асуугаагүй юм чинь. Монгол даяар ёох хэмээн амьсгаа авсан биз. Гурвуулаа өөр хоорондоо үг ч солиогүй юм чинь “халз” байтугай “ярилцлага” ч биш, зүгээр л жижигхэн ярианууд байлаа. Яахав, орон даяар сүр бадруулсныг нь бодоод “дүр эсгэсэн халз ярилцлага” гэж өргөмжилье.

Сэтгүүлчид энэ тэр нэр дэвшигч сайн муу, худлаа нээрээ гээд хэлэлцэх байтугай асуух ч эрхгүй болчихжээ, нэг мэдсэн чинь.

Posted in 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Яаж зүгээр байхав

Posted by Ажиглагч on 2013/06/19

Өчигдөр 18:35-аас МҮОНТ хөтөлбөртөө “Газар тариалангийн тогтвортой хөгжил” гэсэн нэвтрүүлгийн нэрийг бичин хуурч байгаад сэмхэн сольж саявтар Монголд ирж баахан итгэгчдийг хуйлруулсан оросын Фатима Хадуева гэдэг зөн билэгч эмэгтэйн лекцийг шургууллаа. Монгол Улсын ерөнхийлөгчөөр хэн сонгогдох тухай асуултанд “Монголын төлөө их ажилладаг…. түүнийг шинэчлэгч гэж хэлж болно… олон хүүхэдтэй … маш олон хүүхэдтэй юм байна… гэсэн нь гурван нэр дэвшигчийн нэгэнтэй жигтэйхэн таарав. Бөөн алга ташилт . Нэвтрүүлгийн төгсгөлд ямар ч хаяг, тайлбар гарсангүй.

Тийм дээ, сонгууль болж байхад тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв. Олон нийтийн телевизийн зүгээс Ерөнхийлөгчдөө сэтгэлээсээ өргөсөн хандив юм байгаа биз.  Сурсан юмыг сураар боож болохгүй гэж энэ дээ.

Posted in 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 1 Comment »

Гүтгэлэггүй сонгууль болж өнгөрлөө

Posted by Ажиглагч on 2012/07/04

Хичнээн тэсэхэв, сурталчилгааны сүүлчийн хэдэн орой телевизийн дэлгэцээр ядахдаа ганц нэг “гүтгэлэг” үзэгдэх болов уу гэж хүлээсэн ч нам тайван өнгөрлөө. Мөнгө, архи тараасныг барьж авсан тухай төлбөртэй хэдэн бичлэгийг эс тооцвол. Гэхдээ үнэхээр тарааж харагдаад, амьд хүмүүс гэрчилж ярьсан тул гүтгэлэг биш.

Уг нь төрд гарч төрөл арилжих санаатай хүмүүсийг зад “гүтгэх” байсан юм. Сонгогдвол ингэнэ тэгнэ гэж худлаа нээрээ амлахыг хэн ч чадах учраас нам, нэр дэвшигчдийн урьдын явдлыг дэлгэх нь тэднийг таних ганц найдвартай арга билээ. Хүн хүмүүждэггүй. Хулгайч хэзээ ч хулгайч хэвээрээ үлддэг. Дээшээ гарчихвал хулгайлах мөнгөний тоо л өснө. Алуурчин Их хуралд бус Ганданд суугаад нүглээ намчинчилбал таарна. Урвагч бол урвагч. Эзэн Чингис өөрөөс нь байтугай дайснаас нь урвасан этгээдийн толгойг тас цавчуулдаг байсан. Дээрээс нь намуудын жагсаалтаар бидний сонгоогүй хэсэг хүмүүс сонгогдлоо. Тойрогт нэрээ дэвшүүлсэн бол ихэнх нь ямар ч найдваргүй байсан.

Ингээд худлаа амлагч, үймээн дэгдээгч, авлигач, хуулийн хулгайч, бас хувьцааны хулгайч, газрын наймаачин, дахиад газрын наймаачин Их хуралд залрах нь тэр. Уг нь намууд улс төрийг замбараатай, бодлоготой, хамгаас чухал нь хариуцлагатай болгох учиртай. Гэтэл огт өөр газарт суух ёстой хүмүүс намаар дамжаад Төрийн ордон дотор суудлаа эзэлжээ. Лав газрын мафийнхан хоёр намыг тэгнээд хэвтчихэв.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | 1 Comment »

Мөнгө үнэртдэггүй …

Posted by Ажиглагч on 2012/07/03

Өнгөрсөн хоёр жилийн турш муу муухайг нь дуудаад дуудаад бараагүй өмхий МАНАН, тэндээс нэр дэвшигчдийг TV9 телевиз энэ сонгуулиар бут ниргэнэ, угсруулсан олон “Детектив”-ээр гүйцээнэ гэж хартал тэгсэнгүй. Олигарх, авлигачдын идэж уусан заваан мөнгөнөөс сэжиглэнэ, хэрхэвч хүртэхгүй гэж бодсон ч шууд дамжуулах онцгой эрх авсан хөл бөмбөгөө хүртэл урагш хойш гүйлгэж байгаад цаг наргүй сурталчилж өгснөөр МАН ба АН-ынхан дахин төрд гарахад жинтэй нэмрээ оруулав. Мөнгө үнэртдэггүй гэж үнэн юм байна. Нөгөө шефлэж авсан Ц.Нямдорж, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил нараа муу хэлэхээ зогсоосон байв.

Гэхдээ 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр эрх баригчдын талаар хэлэх гэсэн юмаа гөлөгнөж бөөрөнхийлөхгүйгээр шулуухан хэлж чадсан ганц субъект бол экс ерөнхийлөгч Н.Энхбаяр байлаа. Өөрийнх нь телевиз хүртэл нам болчихоод байхад шүү!

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Шөнө дундын мэтгэлцээн

Posted by Ажиглагч on 2012/06/29

Даваа гаригт зарлагдсан “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг 22.30-аас хуваарьтай байсан ч нэр дэвшигчид минут, секунд бүрийг мөнгөөр зодож булаагаад, араас нь Ерөнхий сайд С.Батболд “Сайд ба сэтгүүлч” ярилцлагаараа оочир дайрснаас шөнө дундын 00 цагаас өмнөхөн ам мөчид амжиж эхэлсэн юм. Бичлэг байсан учраас чөлөөтэй хойшлуулжээ.

Сонгуулийн сурталчилгаа эхэлмэгц Төрийн ордноо хаяж “25-р суваг”-таа эргэж ирээд мэдээллийн хөтөлбөрөө өөрөөрөө эхлүүлдэг болсон З.Алтай гишүүн хөтөлж Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Ш.Гунгаадорж, Д.Содном гурав, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, С.Баярцогт, Д.Зоригт гурав, бас МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар оролцлоо. Харин санаандгүй байтал сонгуулийн сурталчилгааны гурван долоо хоногт тохиосон цорын ганц жинхэнэ мэтгэлцээн болчихов

Эхлэлийг С.Баярцогт гишүүн тавьж өөрийн намын мөрийн хөтөлбөр дэх татварын бодлогын заалтуудыг учир зүггүй магтангуутаа  МАН-ынхыг нэг хувийн татвараас нь эхлээд баахан гоочлов. Д.Зоригт гишүүн “Манай намын мөрийн хөтөлбөрийг бид өөрсдөө тайлбарлая, тэх үү?” гэж өндөлзөөд өндөлзөөд барсангүй. Хөтлөгч З.Алтай дундуур нь орж “цөмөөрөө бие биенээ шүүмжлээд яахав, мөрийн хөтөлбөрөө сайхан ярьцгаая, сонгогчид өөрсдөө дүгнэлт хийнэ биз” гэж усан яриа уруу хөтөлсөн ч С.Баярцогт үргэлжлүүлэн довтолж, Зоригт хариу барьж маргасны ачаар намуудын мөрийн хөтөлбөрийн уриа, лоозон, амлалтын тоо цифрүүд амь орох шиг болов. Манай топ сэтгүүлчид хүртэл улс төрчдөд гологдож байна шүү!

Дуу хөгжмийг нэгэнт хэтэрхий дээд, эсвэл хэт доод өнгөнөөс эхэлчихвэл тэр чигээрээ дуусгахаас өөр аргагүй юм гэсэн. Энэ удаагийн “Дуусдаггүй яриа” шууд өндөр авсны ачаар тэр чигээрээ үргэлжлэв. Муудалцаагүй, тэр тусмаа барьцалдаж аваагүй, тэр байтугай ихэнх асуудлаар санаа нийлсэн хэрнээ арга замуудыг сонгогдож авснаараа ялгарав.

Бат-Үүл баатар мэдээж орон сууцнаасаа эхэлсэн. Монголд хүмүүсийг сайн ажиллуулах ганц арга бол орон сууцтай болгох, Үүний тулд газрын доорх баялгийг газар дээрх үл хөдлөх хөрөнгө болгох хэрэгтэй тухай яриад “Орон сууцтай хүнээр ажил хийлгэх шал өөр. Өнөөдөр том компаниуд хүнийг орон сууцаар л татдаг болсон байна” гэлээ.

Монголчууд ажил голж байгаа шалтгааныг Ерөнхий сайдууд тайлбарлав. Д.Бямбасүрэн: Цалин их бага байхаас илүүтэйгээр нийгмийн баталгаа чухал. Манайд залуучуудыг барилга дээр хэд хоног ажиллуулчихаад элдвээр дуудаад хөөгөөд явуулчихдаг. Ш.Гунгаадорж: Манай хамаатны хүүхдүүд Солонгос яваад ирэхэд нь асуухад тэд 1. Цалинтай 2. Муу, сайн ч гэсэн орон байртай. 3. Маш дэгтэй, хонх дуугарахад юу ч хаяж байсан орхиод кофегоо цайгаа уудаг. Бүх юм нарийн зохион байгуулалттай учраас сайн ажилладаг гэсэн…

Дараа нь улс төрийн намуудыг барьж авлаа. “Өчигдөр Содном гуай “Ийгл” телевизээр ярихдаа “Монгол алт” шиг компаниудын  төсөл дээр намуудын мөрийн хөтөлбөр тулгуурлах ёстой гэж хэллээ. Ингэж болохгүй. МАН баахан тэрбумтныг дэд сайдаар гаргаж ирсэн. Тэгтэл манай АН хүүхдийн парк дотор байшин барьсан Наранхүүг гаргаж ирсэн. Намуудын санхүүжилт маш ноцтой шүү” гэж Бямбасүрэн гуай хурцаллаа. Сонгууль болж үхэх сэхэхээ үзэлцэж байхад хүний өөрийнгүй хэлээд тавьчихна гэдэг тоглоом биш. Э.Бат-Үүл: “Нам гэдэг бол хүмүүсийн эвлэлдэж нэгдсэн арай соёлжсон хэлбэр. Эс тэгвэл отог омгийн, компанийн мэдлийн сум гарч ирнэ”, С.Баярцогт: “Германд парламентад суудалтай намыг л нам гэж үзээд төсвөөс санхүүжүүлдэг. Манай хөтөлбөрт ч тэгэж тусгасан. Намууд нэг байшинд орох ёстой”, Я.Содбаатар: Манай хөтөлбөрт нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад намуудаас гадна иргэний нийгэм оролцох боломжийг хангана гэж заасан…

Д.Бямбасүрэн дахиад өдөөв: Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт улс орны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх орчинг бүрдүүлэхэд их анхаарсан. Өнөөдөр манай хоёр нам хурдан өсөлтийн дон туссан байна. Гадаадын хөрөнгө оруулалт маш их байна. Бид барах уу? Миний тооцоогоор Монголыг 30 тэрбумын өрөнд оруулж магадгүй… Харин Ш.Гунгаадорж тийм алсад санаархалгүйгээр “Маргаашнаас хоёр нам халуун хөнжилд орно доо…” гэж санаа алдсан бол Д.Содном “Сөрөг хүчний мөрийн хөтөлбөрт байгаа сайн юмыг авч хэрэглэх хэрэгтэй” гэж битүүхэндээ дэмжив.

Энэхүү “Дуусдаггүй яриа” шөнийн 02 цагт дууссан юм.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Сонгуулийн сурталчилгааны төгсгөл

Posted by Ажиглагч on 2012/06/29

Энэ удаагийн сонгуулиар МҮОНТ сонгуулийн ерөнхий хорооны хуваарийн дагуу улс төрийн намууд, бие даан нэр дэвшигчдэд үнэ төлбөргүй, ерөнхийдөө ижил цаг гаргаж үйлчилсэн дээрээ нэмж “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр бөөн сурталчилгаа хийж өглөө. Сонгуулийн үйл явдлын мэдээ юм уу гэхэд сурвалжилсан хүмүүс нь зүс царай, нэр усаа огт харуулаагүй, намуудын штабаас ирүүлснээс зайлахгүй бичлэгийг зөвхөн намын ажилтны амнаас гарах тайлбартайгаар уншиж байлаа. Нэртэйгээр нь бас “Цагийн хүрд”-ийг намуудад тэгш хуваагаад өгчихвөл дээр байж. Тэгээгүйгээс Ардын нам ба Ардчилсан Намын нэр дэвшигчид хэт давамгайлж, бас Адьшаа зэрэг нэр дэвшигчийг дахин дахин (“Адьшаа нэр дэвшигчийн үнэмлэхээ гардав”, “Адьшаа сонгогчидтойгоо уулзлаа” гэх мэт) гаргах юм. Бүр Адьшаагийн сурталчилгааны нэвтрүүлгийг үзүүлж амжсан. Товчхондоо, зургадугаар сард олон нийтийн телевизэд сэтгүүл зүй гэж юмны шинж тэмдэг ажиглагдаагүй.

Нийт зургаан удаа мэтгэлцээн (үнэн хэрэгтээ ээлжилсэн ярианууд) зохион байгуулснаас оргил нь сонгуулийн сурталчилгааны хаалтаас хэдхэн цагийн өмнө болж урьдчилж сугалсан хуваарийн дагуу намуудын дарга нар мөрийн хөтөлбөрөө тус бүр 10 минут танилцуулж ярьцгаав. Цагийн тоолуурын минут нь дээшээ, секунд нь доошоо гүйсэн нь сонин харагдсан.

Хөгжлийн хөтөлбөр намын дарга О.Заяа, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, МСДН-аас дэд дарга Д.Энхзаяа, хуульч А.Эрдэнэбилэг,  Иргэний хөдөлгөөний намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүхжаргалмаа, дэд дарга Ж.Занаа, ИЗНН-ын дарга С.Оюун, С.Дэмбэрэл, МУНН-ын дарга Б.Батболд, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх (энэ намд өөр хэдэн хүн байдаг бол? Их хурлаа хийж байгаа зургийг үзэхсэн), Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат нар ээлжиллээ. Харин туг далбаагаа мандуулсаар гарч ирсэн Монголын ногоон намын О.Бум-Ялагч “Монголын ногоон нам өнөөдрийн мэтгэлцээнийг удаан хүлээсэн. Энэ мэтгэлцээнд Монгол Улсын төр барьж байгаа намууд, олон намууд сууж байгаад ардчилсан орны үзэл баримтлал, ёс зүйн хүрээнд бие биендээ асуулт тавьж олон нийтэд байр сууриа илэрхийлэх байх гэж бодсон. Гэтэл өнөөдөр нам болгонд тусад нь цаг өгөөд бид нарыг та бүхэнтэй харьцах бололцоо олгож байгаа нь нэг талаас зөв. Нөгөө талаас бусад намуудын булхайг илчлэх, тэдэнд ард түмнээс гараад байгаа асуултыг тавих бололцоо олгоогүй нь харамсалтай” гэж өдөөд авсан.

Дунд хавьд ярих хуваарь ногдсон Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд С.Батболд студид ирсэнгүй. Гэхдээ зугтаагүй, харин шал өөрөөр зүтгэж, хоёр талдаа туг хатгасан индрээс сонгогчдод хандсан бичлэг ирүүлснийг гаргалаа. Түүний яриа 5-6 минут үргэлжлээд үлдсэн хугацааг МАН-ын мөрийн хөтөлбөрийн тухай МАН-ын сэтгүүлч Д.Сарангэрэлийн амт шимтгүй тайлбараар дүүргэв. Оронд нь тэр Гүрбазараар цоллуулсан бол хавьгүй дээр байж. Ардын нам ингэж пээдийснээр хэдхэн мөчийн дараа заналт өрсөлдөгчийнхөө зууш болсон юм.

Төгсгөлөөсөө хоёрдахь нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл байж М.Энхсайхантай цуг гарч ирсэн Н.Энхбаяр шууд дайрлаа: Юуны өмнө ард түмэнтэйгээ шууд нэвтрүүлгээр дамжуулж уулзаж байгаадаа баяртай байна… Бид шууд та бүхэнтэй уулзахдаа … дуртай байдаг. Зарим намууд шууд уулзахаасаа айж байна. Жишээлбэл, Монгол Ардын намын удирдлага энд ирж уулзахаасаа, та бүхэнтэй уулзахаасаа айж байна. Бичсэн бичлэгээ ирүүлж байна. Видео телевизээр гаргаж байна. Энийг би өнөөдрийн Монгол Ардын нам, Ардчилсан нам эдний удирдлагууд ярих зүйлгүй болсон байна. Айж эмээж байна гэж бодож байна. Айсан эмээсэн хүмүүс сонгууль будлиулж магадгүй. Ялангуяа Монгол Ардын нам…

Мэтгэлцэхэд хамгийн сүүлд дуугарсан нь давуутай. Ямар аз тохиосон юм бүү мэд, ийм завшаан Ардчилсан намд таарч Н.Алтанхуягийн дарга нь гарч гурван минут ярив. Юу ярьсан нь хамаагүй, өөрийн биеэр ирсэн нь хангалттай байв. Араас нь АН-ын нэр дэвшигчдийн мэндчилгээ.

Ингэж сурталчилгаа дуусахаас хэдхэн минутийн өмнөх Ардын нам баруун, зүүн талаасаа хоёр удаа хүнд цохилт авч амжих нь тэр.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Захиалагчийн нэрний оронд “Төлбөртэй”

Posted by Ажиглагч on 2012/06/24

Хэдхэн хоног үлдлээ. Одоо нам, нэр дэвшигчид өрсөлдөгчийгөө “няцаах хугацаа өгөхгүйгээр гүтгэлэг цацна” гэж хардангаа өөрсдөө тийм “гүтгэлэг”-үүдийг ахиухан бэлтгэж суугаа. Баримт, фактууд байгаа бол сонгуулийн сурталчилгаа эхлэнгүүт, эсвэл бүр эхлэхээс өмнө дэлгээгүй, хэлэлцэж хэрэлдээд буруу зөвөө ололцоогүй, сэтгүүлчид нь эрэн сурвалжлаагүй юм чинь сүүлийн хэдэн өдөрт асгарч л таарна. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв.

Сонин хэвлэл, интернэтийн сайтад гүггэлэг гэмээр элдэв бичлэг ерөөсөө тасраагүй, хар мянгаараа нийтлэгдэж байна. Гэхдээ өнөөдөртөө бүх хэвлэл мэдээлэл дундаас хамгийн чухал нь телевиз учраас телевизийн гүтгэлэг илүү ноцтой. Үүнийг хязгаарлахын тулд Сонгуулийн тухай хуулиар өндөр торгууль төлөвлөснөөс гадна захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар бичиж  нэвтрүүлгийн нийт хугацаанд гаргахыг шаардсан юм. Иймээс сонин, сайтуудтай харьцуулахад телевизүүд хамаагүй аядуу байгаа. Намуудын сурталчилгаа явуулах, хэн нэгнийг магтахдаа “МАН-ын захиалгат нэвтрүүлэг”,  “АН-ын захиалгат нэвтрүүлэг” гэхчлэн титрт бичиж байна. Харин жаахан эгзэгтэй болмогц захиалагчийн нэрний оронд ямар ч эзэнгүй “Сонгууль-2012”, эсвэл “Төлбөрт нэвтрүүлэг” буюу “Захиалгат нэвтрүүлэг” гээд тавьчихаж байгаа нь хариуцлагаас зайлсхийх нүхээ малтаж буй хэрэг юм. “Хэн өгсөн юм бол доо хөө … тэр нөхөр хийсэн байх, бидэнд үзүүлэхгүй яадаг золиг вэ…” хэмээн мэдэн будлихаас эхлэнэ. Цааш нь “… манай намын нэр байхгүй байгаа биз дээ” гээд гүрийнэ. Нээрээ байхгүй юм чинь! Сүүлийн өдрүүдэд энэ тэр сувгаар сэмхэн гарах болсон Н.Энхбаяр ба түүний нөхдийн эсрэг “Аалзны тор цуврал буюу мартагдаагүй түүх – 6”, “Хар цагаан”, бас бус нэвтрүүлгүүд “Төлбөртэй” гэсэн ганц хаягтай.

Одоо үлдсэн хоёр хоногт “гүтгэлэг” сад тавибал хүүе хаая, хэн яагаад гэж хэлж ч амжихгүй. Гэхдээ ихэнх нь баримт нотолгоотой байна гэдэгт найдья. Хэрвээ тийм бол нэрээ нууж яадаг байна?

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Сонгуулийн сурталчилгааны үргэлжлэл буюу уриа лоозон, клип, дуу …

Posted by Ажиглагч on 2012/06/23

Сонгуулийн сурталчилгаа гэдэг бол тэр чигээрээ амлалт. Энэ удаад намууд бэлэн мөнгөнийхөөс дутахгүй том амлалтуудыг цацжээ. 300, 400, 500 мянган айлын орон сууц, татвараас чөлөөлөх, 10 мянган үйлдвэр байгуулах, “ач санах” хууль, тэтгэврийн зөрүүг арилгах, гэр хорооллыг дэд бүтцэд холбох нь тус бүрдээ тэрбум тэрбумын өртөгтэй. Метро ашиглалтанд оруулаад (хэдэн зуун тэрбум!) зогсохгүй “та хэдэн төгрөгөөр зорчих вэ?” гэж санал асууж саймширсан нам бий. Сонгогчид үнэгүй зорчихоос буцахгүй тул дахиад хэдэн тэрбум. Харин ч 2008 оны сонгуулийн амлалтууд тов тодорхой тоо учраас хариуцлага асуух боломжтой юмсан. Ардын нам (тэр үеийн МАХН) хөнжил дотроос нь хорлонтойгоор босч гүйсэн АН-ын үлдээсэн нэг саяыг нэмсний ачаар 1,5 сая гэсэн тоонд арайхийж хүргэсэн амлалтын мөнгөө 6-р сарын 28-наас өмнө өгч харагдах гээд үйлээ үзэж байгаа. Чадахгүй бол унана. Ийм хүнд үед МАН-ын 220 мянган гишүүн өөрсөддөө ногдох мөнгөнөөсөө татгалзаж намаа авраасай билээ.

Намуудын мөрийн хөтөлбөр гэж СЕХ-нд үзүүлээд дуусдаг дэмий цаас байна. Уг нь авлига авна, олигарх болно, нутгаа зарна, ядууруулна, хуйвалдана, нураана гэсэн үг өгүүлбэр тэнд байхгүй. Гэхдээ түүнийг судалж суудаг гэнэн сонгогч нэг ч үгүй. “Манай намынх хамгийн сайн” гэж дуугардаг сонгогч хүртэл уншаагүй, зүгээр л намдаа хайртай учраас тэгэж хэлдэг. МАН-ын мөрийн хөтөлбөрийг хураангуйлсан “Би үлдэнэ” анимэйшн хүртэл залхуутай.

Сонгууль бол сүртэй үгсийн шоу. Ардын нам “Иргэдэд тэгш боломж, нийгэмд шударга ёс”, Ардчилсан нам “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” мэт телевиз, сонин, гудамжны самбараар балбаад сонгогчдын толгойг мушгих ганц зорилготой уриа лоозонгоор эхэлсэн. Пиарын мэргэжилтнүүд анх солиод өгчихсөн бол одоо АН-ынхан “шударга ёс” гээд авч өгөх байлаа. Сайхан амьдарцгаая гэсэн ганцхан уриаг Монголдоо, эх орондоо, нутагтаа, нийслэлд, 100 айлд, Сүхбаатар аймагтаа гэсэн хувилбартайгаар өөр өөр намууд ашиглаж болоод байна. .

Харин одоо дараачийн ээлжийн илүү тодорхой уриа, тэдгээрийг дүрсжүүлсэн клипүүд гарч ирлээ. МАН-ын “Бүтээснээсээ ихийг бүтээнэ” гурван үг утга төгөлдөр. Өөр ямар ч нам үүнийг хэлж чадахгүй. Бас сүүлийн хэдхэн хоногт гудамжаар ярайсан “Зугтаж биш зүтгэж, үгүйсгэж биш бүтээж” гэсэн аварга том самбарууд хамтарсан засгийг хаяад арилж өгсөн Ардчилсан намд маш эвгүй тусч байгаа. (Цаадуул нь “гадаадад байгаа монголчуудыг эх орноосоо зугатсан болгож доромжиллоо” хэмээн саармагжуулахыг оролдож эхэлсэн ч  тийм биш). Ханилж яваад нөхрөө, Түгжил, бусдыг аахилуулаад өөрөө таахалздаг агуулгатай клипүүд араас нь гарч ирлээ.

Тэгвэл АН-ынхны гол уриа – “Олуулаа” үнэхээр хүчтэй. Дагаад “Олуулаа хөгжих үү, цөөхүүл хөлжих үү?” уриа хурц, бүр дэндүү хурц, харин цааш нь задалбал өөрсдөө ч өртөх аюултай тул оронд нь “Дандаа ингэж явахгүй байлгүй дээ”, “Удахгүй цаг өөр болно” гэхчлэн сонгогчдыг гэгэлзүүлж байгаад “Олуулаа ялсан онцгой наадам” руу залж байна. “Намайг Амараа гэдэг” дайчин клип энэ сонгуульд шинэ хувилбараар  үргэлжиллээ. Харин өөдөөс нь МАН-ын зүгээс “Намайг Амараа гэдэг… за за, миний хэн байх нь хамаагүй” сөрөг клип хийсэн ч телевизээр ганц удаа үзүүлээд өнгөрчээ. Хулхи төдийгүй хэт нуршуу учраас тэр биз.

Сонгуулийн сурталчилгааны дунд хавьд хэд хоног дуугаар үзэлцлээ.

Өнгөрсөн сонгуулиар монголын хамаг оддыг элсүүлсэн МАН-ын “Өглөө шиг эх орон” (ая Ц.Балхжав, үг Ш.Гүрбазар) дуунаас намын нэр, тэмдгийг хасаад саяхан болтол цацдаг байсан. Тэгвэл 2012 оны сонгуульд зориулж Ардын намаас “Бид бүгд нэг Монгол” дууны клипэнд Төрийн ордон, Чингэсийн хөшөө, төрийн хүндэт харуулыг дайчилж, Лхагвасүрэн, BX, Болд, Сарантуяа, Эмоушн, Төмөрбаатар, Амархүү, Чинбат, Ариунаа, Отгонжаргал, Жаргалсайханыг дуулуулсан (өөр үлдсэн дуучин бий уу?), эртний Монголд ах дүү хоёр алалцах шахаад эвлэрснийг харуулсан үйл явдалтай хэрнээ өмнөхдөө хүрсэнгүй. Харин “Монголоороо байгаасай” (хэрэв дэлгэцэн дээрхийг би зөв харсан бол, үг Цогжилт, С.Амармандах, ая Баян гэжээ) клип таалагдлаа. Дуучин Б.Дашдондог цуурайтуулж, “Хар сарнай”-н Б.Амармандах дэвхцсэнээс илүүтэй монгол дээл өмссөн бяцхан жаал, охидын түрсэн давталтын ая дэндүү сайхан.

Ардчилсан нам өмнөөс нь шинэ үеийнхний “Өнө мөнх эх орон” дууны клипийг сөргүүлэн тавьжээ. Ая, үг нь МАН-ын сонгуулийн дууны их мастерууд гэж надад ойлгогддог Ц.Балхжав, Ш.Гүрбазар хоёрынх байгаа нь сонин. Дан залуучууд учраас сайхан клип болсон ч сэтгэлд үлдэхүйц аятай биш. Ардчилагчдын хоёр дахь дуу бол  “Халуун элгэн нутаг”. Монголын янз бүрийн аймаг сумынхнаар дуулуулж нэр ус, нутаг орныг бичсэн нь сонин. Даанч шинэ дуу биш. Ингээд Ардчилсан нам дуугаараа дийлдэх нь үү гэтэл “Хонхны дуу. Virtual version” гарч монголын фэйсбүүкчид хэмээх хэдэн залуу дуулж, бас өөр нэг хувилбарыг “Хонх”-ын Энхбаяр өөрөө оролцож дууллаа гэсэн. Хэдийд ч хэнийг ч эргүүлж чадах гайхалтай дуу.

Дуугүй намд найдлага үгүй. Хот хөдөө, гадаад дотоодыг багтаасан лут клип хэд хэдийг хийлгэж бүх сувгаар өдөр шөнөгүй цацуулж чадсан хоёр нам хамгийн олон суудал авна. 2008 онд “Өглөө шиг эх орон” дууны төсөв 300 саяас давсан гэдэг. Зөвхөн ганц дууны, зөвхөн  хийлгэх зардал. Тэгвэл 2012 оных бүр үнэтэй, мөнгөний ханш навс унаж, уран бүтээлчдийнх суга өссөн байх ёстой. Дуунаас гадна арван хэдэн сувгаар нүд эрээлжилтэл солигдож байгаа сурталчилгаа, төлбөртэй нэвтрүүлэг, ярилцлагуудын үнэ тэрбум тэрбум төгрөг болно. Сонгуулийн хувь заяаг мөнгө шийддэг гэж үүнийг хэлээд байгаа юм.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | 1 Comment »

Нэр дэвшигчдийг унагаах асуултууд

Posted by Ажиглагч on 2012/06/23

Өнгөрсөн дөрвөн жилд өөдгүй муу байсан улс төрчдийг огцруулах, бас онцгүй шинэ нөхдүүдийг замаас нь буцаах цорын ганц арга бол сонгууль учраас нэр дэвшигчдийг хатуу шалгах ёстой. Дөлгөөн далайд хэн ч хамаагүй залуурдана, харин хүчтэй шуурга, их давалгааг зөвхөн сайн далайчин гэтэлнэ. Эдийн засагч Д.Жаргалсайхан УИХ ба нийслэлд нэр дэвшигчдэд ноцтой асуултууд тавьсан билээ. Гагцхүү бүр тодорхой болгож тавих хэрэгтэй. Эс тэгвэл “тийм үү, яасан муухай юм бэ, би сонгогдвол үзүүлээд өгнө” гээд зальдаж мэдэх хүмүүс. Манай улс төрчид ичихгүй.

Тухайлбал, нийслэлд нэр дэвшигчдийг баталгаатай шалгах асуулт байна. Хачирхаж, бүр эсэргүүцэж магадгүй, гэхдээ эхнийх нь “Та Зайсанд амьдардаг уу?” Хэрвээ тийм бол таныг сонгохгүй! Дэлхийд хамгийн анхных байж магадгүй дархан цаазтай энэ ууланд зөвхөн аялал жуулчлал эрхлэх хуультай атал Байгаль орчны сайд байсан У.Барсболд, Г.Шийлэгдамба, И.Эрдэнэбаатар (Л.Гансүхийн тухайд сайн мэдэхгүй) нар зогсоо зайгүй газар олгож, хамгаалалтын захиргааны Д.Түмэнхүү гэгч нэмж хутган, нийслэлийн Засаг дарга асан М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр нар ерөнхий төлөвлөгөөнд зурж баталгаажуулаад, хажуугаар нь Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Д.Загджав сэм хумсалсаар нийслэлийн сая хүний нүдэн дээр бүхэл бүтэн орон сууцны хорооллууд босчихоод байна. 2012 оны сонгуулийн сурталчилгаанаас харахад шударга бус явдлыг үл тэвчих, авлигачдыг үзэн ядахаараа уралдаж байгаа нэр дэвшигчид тэнд амьдрах бүү хэл Зайсангийн ам руу хараад бухимдсандаа… сонгуульд өрсөлдсөн байж таарна.

Зарим нь “бүгдээрээ энэ байрнуудад орж байгаа ш дээ” гэх биз. Харин бүгдээс илүү учраас нэр дэвшсэн баймаар. “Харин тийм, би аймаар үнэтэй авч шулуулсан, би энд миллиметр ч газар эзэмшдэггүй, маргааш эндээс нүүлээ” гээд даналзах хүн ч олдоно. Бас 28-наас өмнө Зайсанг цэвэрлэх аян зохиож, Зайсанг хамгаалах хууль санаачлах, У.Барсболд нарыг шоронд суулгахаа амлаж магадгүй. Хэрэггүй ээ. Бид таныг шалгачихлаа.

Дараачийн асуулт: Та Улаанбаатарт газар авсан уу? Нийслэлд газрыг зөвхөн төсөл сонгон шалгаруулалт ба дуудлага худалдаагаар олгох хууль дүрэмтэй. Тэгвэл та ямар төсөл оруулж аль компани, байгууллага, хувь хүмүүстэй өрсөлдөж, эсвэл ямар дуудлага худалдаагаар хэдэн  төгрөгөөр авсан билээ? Энэ асуултанд сурталчилгаан дээрээ шударга төр, хууль ёсыг дуудан цээжээ балбаж байгаа нэр дэвшигчид хариулж чадах ёстой.

Газрын тухай асуултыг хувь нэр дэвшигчээс гадна бүхэл бүтэн, тэр тусмаа эрх баригч намуудад тавихсан. Газар олгох нь зөвхөн нийслэл, бас дүүрэгт байдаг эрх мэдэл. Энэ утгаараа хотын дарга, түүнд хариуцлага тооцдог ИТХ хоёр Ерөнхий сайд, УИХ-аас ч илүү мэдэлтэй. Сүүлийн арваад жилийн хот төлөвлөлтийн дампуурал, дур зоргоороо газар булаалт тасралтгүй үргэлжилсэнд нийслэлд эрх барьсан МАН буруутай. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн ИТХ-д Ардчилсан намаас арваад хүн суусныг мартах ёсгүй. Тэд энэ их муухайг зогсоох гэж үзэлцсэн баримт олдоогүй. Хэрвээ хүчин мөхөсдсөн бол хурал хаях, суулт хийх, иргэддээ хандах зэргээр тэмцсэн, ядахдаа дуу хоолойгоо гаргасан удаа байхгүй. Оронд нь бас зөвшилцөж Засаг даргын орлогчдын тоог гурваар нэмүүлж нэгийг нь хүртэнгүүтээ тэр газар олголтыг үг дуугүй баталсаар өдий хүрчээ. Шударга биш гэж гаслахаасаа өмнө тэр шударга бусыг зогсоохын тулд юу хийснээ өөрөөсөө асуу гэдэгсэн.

Дахин нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийн хувьд “тойргийн мөнгө”-ийг асуухсан. Гэтэл дөрвөн жилийн турш шударгаа гайхаад бараагүй гишүүд хүртэл энэ жил гэхэд тус тусын 3 тэрбумыг тойрогтоо эсгий гэр, зээл, ямар ч задаргаагүй төсөл, хөтөлбөр нэрээр тараалгаж өөртөө наагаад сурталчилгаандаа ашиглаж байна. Хуулиараа, энэ мөнгө зөвхөн хөрөнгө оруулалт байх ёстой.

Ямар ч нэр дэвшигчийг “унагаах” асуулт заавал олдоно. Үүнийг бодож олох, хариулахгүй бултвал нэхэж аваад сонгогчдод хүргэх нь хэвлэл мэдээллийн үүрэг. Үүний тулд дөрөвдэх засаглал, хэвлэлийн эрх чөлөө байдаг. Дайрлаа, гүтгэлээ гэж дүвчигнэж ч магадгүй. Гагцхүү давж гарсан нь УИХ-ын гишүүн, эсвэл нийслэлийн  Иргэдийн хурлын төлөөлөгч болсугай.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Газраас гадна самбарыг хувааж авцгаажээ

Posted by Ажиглагч on 2012/06/16

TV9 телевизэд захиалсан Focus Talk-оор нэвтрүүлгээрээ УИХ-ын сонгуульд АН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн Б.Батбаатарын ам халж энэ удаад самбараар, сурталчилгааны материалаар зодсон сонгууль болж байна гэж шүүмжилснээ өөрийгөө тэдний нэг гэдгийг гэнэт ухаарч цайруулахыг оролдохдоо “Чингэлтэй дүүрэгт би долоохон самбар дээр намынхаа нөхөдтэй хамтраад сурталчилгаагаа тавиулж байгаа. Энэ долоон самбар бол Чингэлтэй дүүргийн Ардчилсан Намын өмч” гэж ярив. Замын хажууд зоосон тоо томшгүй олон жижгүүдийг биш тэнгэр таглаж нар халхалсан, өдөртөө хэдэн зуун мянга, саяар түрээслүүлдэг хааш хаашаагаа арав, хорин метрээр хэмжигддэг тэр самбаруудыг хэлж байна. Улаанбаатар самбар газар шиг үнэ цэнэтэй болжээ.

Өнгөрсөн дөрвөн жилд Чингэлтэй дүүрэгт цөөнх байсан Ардчилсан намынхан олонх байгаа МАН-тайгаа тохиролцож самбарын зөвшөөрлийг хуваагаад авчээ. Тэдэнд долоо ногдсон байна. Дүүрэгтээ сөрөг хүчин санаатай юм бол ийм шударга байдлыг гаргуулахгүйгээр самбарын зөвшөөрлийг ил тод, нээлттэй өрсөлдүүлж олгохыг шаардаж болох байсан уу? Байсан. Гэвч тэгээгүй. Хуйвалдаж хуваах боломж гарвал АН-ынхан хэзээ ч буцдаггүйн жишээ өнөөдөр гудамжаар дүүрэн байна. Гудамжны самбаруудыг анхааралтай хараарай. Тоолсон ч болно.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа, Барилга, хаяг, реклам | Leave a Comment »

Зөвхөн нэр дэвшигчидтэй “Ярилцъя”

Posted by Ажиглагч on 2012/06/15

Олон нийтийн телевизийн Бямба гаригийн “Ярилцъя…” үйл явдлын тойм, тайлбар нэвтрүүлэг сонгуулийн сурталчилгааны горимд бүрэн шилжжээ. Дөнгөж сая дууссан дугаар ер бусын өгөөмөр байж тавын таван нэр дэвшигчийг яриуллаа. Жагсаавал:

1.”Наадам, олимп, сонгууль”. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Энхболд
2. Улс шиг хөгжье, Хүн шиг амьдарья”. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат
3. УИХ-д Үйлдвэрчний эвлэл төлөөлөлтэй байя…. МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар
4. “Ярилцья”. Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, “Чагдаржав сан”-гийн тэргүүн Б.Амарсанаа
5. “Ярилцья”. УИХ-ын гишүүн, АН-аас Говьсүмбэр аймагт нэр дэвшигч Я.Батсуурь

Тайлбараа болилоо.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

“Сонгуулийн хайрцаг” доторх мэтгэлцээн

Posted by Ажиглагч on 2012/06/14

“Ийгл” телевиз УИХ-д сонгуульд хамаатай мэдээ, тайлбар, сурвалжлага, ярилцлага, сурталчилгаа юу байна, бүгдийг багцлаад Election Box нэрээр өглөө, өдөр, үдэш тус бүр 2-3 цагаар үзүүлж байна. Час улаан өнгө, ярайсан хөтлөгчид, тасралтгүй яриа хөөрөө, ээлж дараалсан зочид, завсар зайгүй дүрс, урсдаг мөрүүд,  … нэг үгээр хэлбэл бүх юмтай, пиг дүүрэн бүрэн хөтөлбөр. Гэхдээ нүсэр.

Хэзээ юу гаргахыг урьдчилж мэдэх аргагүй. 12 цагаас мэдээ, 12.15-аас ярилцлага, 12.30-аас мэтгэлцээн гэх мэтээр тогтсон цэг алга. Амаар зарладаг байх, гэхдээ хэзээ? Хэрвээ үгээр урсгадаг бол хэзээ?  Бас сурталчилгаа нь ялгарахгүй холилдчихоод байна. [Энэ тухай дараа дэлгэрүүлье].

Election Box дотор нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг зарлан явуулж эхэлсэн нь анхаарал татлаа. Бүх намуудыг урьсан, үнэ төлбөргүй боловч одоогоор том намууд, тэр тусмаа Их  хуралд нэр дэвшигчид ирээгүй тул голдуу жижиг намуудын жижиг нэр дэвшигчдийн ойр зуурын сулавтар яриа өрнөж байна.

Хамгийн эхний мэтгэлцээн 100 мянган орон сууцны асуудлаар байжээ. Хоёрдахь нь титрт бичсэнээр “Нийслэлийн дэд бүтцийг хэрхэн сайжруулах талаар…”. Нийслэлийн ИТХ-д АН-аас нэр дэвшигч Д.Байдраг, МАХН-МҮАН-ын С.Баттулга хоёр индэр дээр зогсож, гуравдахь хүчний Батдэлгэр хөтлөгчдийн хажууд сууж харагдав. Индэр хүрэлцээгүй биз. Содон юм гэвэл “Өнгөрсөн дөрвөн жил танай Ардчилсан намыхан засагт байсан шүү дээ. Да.Ганболд хотын дэд дарга хийсэн” гэсэн Батдэлгэрийн шүүмжлэлийн хариуд Д.Байдраг, нийслэлд АН үргэлж цөөнх байсныг дурдаад “… Сүхбаатарын хөшөөг тэрбум төгрөгөөр хүрэлдсэн. Бас Баянзүрх дүүргийн Засаг дарга офицеруудын ордны цаадах аюулгүй тойрог дээр нохойны хөшөө болгосон. Хэрвээ иргэдээсээ асуусан бол цэцэрлэг бариулах байсан…” гэж ярианы үзүүрийг өөр дүүрэг рүү чиглүүлээд аргалж орхив.

Өнөөдөр болсон гуравдахь хэлэлцүүлэгт бүгдээрээ  Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн Одгэрэл (АН), Жадамбаа (МУНН), Амартүвшин (ИЗНН) гурав ирж (МАН-ын төлөөлөл бас алга) тус дүүргийн тулгамдсан асуудлыг хогноос эхлэн хөндөж эхэлсэн ч яриа муутай нөхдүүд таарч сонирхолгүй болов. Эргээд суваг эргүүлэхэд хөтлөгч Жаргалмаа “Та Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг уу?” гэж ганц зөв асуухыг сонслоо. Энэ асуултыг бүгдэд нь зэрэг тавиад үзэлцүүлэх байсан юм. Бас дүүргийн хүн амын тоо, төсөв, та дүүрэгтээ хэдэн модыг яг хаана суулгасан гээд асуувал бүгд унана…

Мэтгэлцээн хэр болох нь сэдвээ яаж томъёолох (сонсоод л дайраад орчихмоор байх), ямар асуулт тавих (буланд шахсан тас түс)-аас буюу хэрхэн бэлтгэж хөтлөхөөс хамаарна. Цаагуур чинь хэдэн зуун нэр дэвшигч хэл амаа билүүдээд хөлхөлдөж байна.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

МҮОНТ-ийн сэтгүүлчид сонгуульд!

Posted by Ажиглагч on 2012/06/14

Олон нийтийн телевиз Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан хатуу хуваарийн дагуу ажиллах үүрэгтэй ч зарим сэтгүүлч нь амжуулж өгч байх юм.

Ш.Гүрбазарын “Хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэг нэр дэвшигчдийг самсаа шархиртал цоллох горимд шилжээд удлаа. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын сонгуулийн 8-р тойрогт АН-аас нэр дэвшигч Б.Наранхүүтэй хийсэн ярилцлагын үеэр (бусдаас онцолж оргил цагаараа үзүүлсэн нь төлбөр мөнгө ахиу байсных уу?) сэтгүүлчийн амнаас унасан “… сайн хүн гэсэн бодол төрмөөр санагддаг” гэсэн өгүүлбэр гүн сэтгэгдэл төрүүлж бодолхийлэхэд хүргэв. Сэтгэл зүйчид судалмаар тун нарийн үзэгдэл! “Мон-Уран”-ы Б.Наранхүү гэж хүнээс чухам юуны бизнес хийж мөнгө олдог, нийслэлийн тэр олон газрыг ямар сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар гартаа оруулсан, 2008 оны олимпийн аваргуудад сая долларуудаа хаана гардуулах (“очиж сурвалжилья”), паркийн газрыг хэзээ буцааж тушаахыг асуудаггүй сэтгүүлч гэж байдаг, тэр нь Ш.Гүрбазар ажээ. Энэ дугаарыг хэд хоногийн дараа TV5 телевизээр АН-ын цаг дээр давтаж үзүүлсэн. Ийнхүү татвар төлөгчдийн мөнгөөр оршин тогтнодог олон нийтийн телевиз намуудын нэвтрүүлгийг бэлтгэж өгдөг болсон байна. Бүр захирал нь АН-ын “Олуулаа” нэвтрүүлгийг бэлтгээд, хөтлөөд зогсохгүй нэр дэвшчихсэн тууж явааг санацгаая.

Өнөөдөр “Хариулахгүй ч байж болно”-ын ээлжит дугаар TV9 телевизээр гарах нь тэр. Энэ удаад АН-аас Өмнөговь аймагт нэр дэвшигч “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнийн өөдөөс харж суугаад баахан бишрэв. Нялуун халуун үгсээ өмнөх нэвтрүүлгүүдээр хэлээд дуусгасан биз гэж бодтол үгүй байлаа. “Өөрийг чинь амандаа их хүрдэг хүн гэж гадуур ярьдаг”, “Өөрийн чинь тухай муу юм сонсоогүй” гэсэн хоёр өгүүлбэрийг дурдаад зогсоё.

Арван хэдэн жилийн турш орон нутгийн Тавантолгойн ордыг сорж хэмжээлшгүй баяжсан (тэгсэн хэрнээ хэн нэгнийг Өмнөговьд цахилгаан станц барьсангүй гэж дуугарсан), жирийн иргэдийн хувьцааг луйвардсан хэрэг эцэслэгдээгүй, тэрбум тэрбумын татвараас улаан цайм бултсан (УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд С.Батболд “эцэст нь хүртэл шалгана” гэж амалсан, сураг алга) энэ эрхмээс асуух юм Гүрбазарт даанч олдсонгүй. Гэхдээ магтах юм дахиад олдож “Монгол 999″ их дулаахан санагддаг” гэлээ. Цаадах нь өлгөж аваад, 2000 компани нийлсэн нь монголын ард түмний эв нэгдэл, тусгаар тогтнолыг бодсон хэрэг байсан тухай томорч гарлаа.

1990-ээд оны эхээр улсын 400 гаруй үйлдвэрийн хувьцааг Монгол Улсын бүх иргэнд цэнхэр тасалбараар тараасан боловч нэг мэдэхэд хэдхэн хүний гарт орсон шиг “Монгол 999”-ийг тус бүртээ сая төгрөг тушааж элссэн олон мянган компани эзэмшдэг гэж ойлгогддог боловч хэдэн томчууд (тэдгээрийн тоонд Д.Бат-Эрдэнээс гадна МАН-ын Н.Лхагважав нэр дэвшигч багтдаг) нь нэмэлт хувьцаа гарган өөрсдөө худалдаж аваад ихэнхийг эзэмшдэг болсон сураг дуулдсан, үнэн үү? Даанч энэ нэвтрүүлгийн асуултанд хариулахгүй  ч байж болдог төдийгүй энэ мэт хариулмааргүй асуултыг огт тавьдаггүй. Тэр тусмаа нэр дэвшигчдэд.

Арай өмнөхөн МҮОНТ-ээр үзүүлсэн “Хүчирхэг Монголоо хамтдаа байгуулъя ” нэвтрүүлгийг та юуны тухай гэж бодож байна? “Монгол 999″-ийн удирдлага, тэдгээрийн дотор Д.Бат-Эрдэнэ, “Урбанек”-ийн Б.Лхагважав, хуульч Д.Оросоо, АН–ын С.Одонтуяа, Б.Мөнхтуяа нарын нэр дэвшигчид ээлжилсээр өндөрлөсөн юм.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Гомдолтой байна …

Posted by Ажиглагч on 2012/06/13

Хэвлэл мэдээллийн сурталчилгааны үнэ тариф нэр дэвшигчдэд өндөрдөж байх шиг. Үүнийг томоос том хоёр компанийн эздийн гомдлоос харж болно.

6-р сарын 9-ны орой “25-р суваг” телевизийн “Дуусдаггүй яриа”-нд оролцсон “Монос” группийн дэд ерөнхийлөгч Л.Эрдэнэчимэг “Бид телевизээр нэг нэвтрүүлэг гаргах гэхэд 8 сая төгрөг нэхэж байна” гэж дуу алдсан юм. Гэхдээ бүхэл бүтэн нэвтрүүлэг найман сая төгрөг байгаа бол дараачийнхтай харьцуулахад хамаагүй хямд гэсэн үг. 12-ны үдэш бас “25-р суваг”-ийн  “Тодруулга мэдээ”-нд ярилцлага өгсөн МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Б.Лхагважав “Би энэ нэвтрүүлэгт орох гэж 4 сая төгрөг төлж байна. 4000 ширхэг талхны үнийг энэ 10 минутийн нэвтрүүлэгт төлж байна” гэлээ. Эдийн засагч, бизнес эрхлэгч хүний үг мөн. Тэр бээр “Урбанек” компанийн эзэн билээ.

Нэг талаас, хөрөнгө чинээтэй хүмүүс хэвлэл мэдээллийг худалдаж авсаар байгаа зөвхөн мөнгөөр хөдөлдөг муу занд сургачихаж. Ярилцлага хүртэл мөнгө. Нөгөө талаас, УИХ-ын гишүүн болохыг хүсвэл төлөх л болж дээ.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Сэтгүүлчид бүгдээрээ сонгуульд!

Posted by Ажиглагч on 2012/06/12

Телевизүүдийн сурталчилгаа хуулиар зөвшөөрсөн хоногийн хоёр цагийн хязгаарт багтаж байна уу? Хяналт тавьж мониторинг хийх үүрэгтэй Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо хоёр таг чиг. Жирийн сонгогчид цаг, минутыг хэмжээд сууж чадахгүй, тийм үүрэггүй. Хэвлэл мэдээлэл энэ талаар дуугарахгүй. Яагаад гэвэл бүгдээрээ улс төрийн намуудтай гэрээ байгуулаад нэг тал болчихсон. Нэг нь ховх худалдаж авдаг, нөгөө нь дуртайяа худалдагддаг учраас тэр. Манайд авлига өгсөн, авсан хоёрыг зэрэг шийтгэдгээс болж илэрдэггүйтэй адил нам жим өнгөрнө.

Гэхдээ арилжааны ихэнх сувгаар зөвхөн МАН ба АН хоёрт ногдож байгаа хугацааг хэмжихэд тус бүрдээ хоёр цагийг элбэг дүүргэнэ. Ярилцлага болгон 30, 40 минут үргэлжилдэг байхад аргагүй. Энэ хоёр нам хамгийн их цагтайгаас гадна “Ардын мэдээ” ба “Олуулаа” нэртэй тус тусын мэдээллийн хөтөлбөр явуулж мэдээ, сурвалжлага, ганцаарчилсан, хоёр гурваараа нийлсэн, дугуйрч суусан, заал дүүргэсэн ярилцлагууд тасрахгүй байна. Богино сурталчилгаануудыг үзээд байтугай тоолоод ч баршгүй.

Энэ юу ч биш. Сонгуулийн үйл явдлыг сурвалжлахыг сурталчилгаанд тооцохгүй гэсэн цоорхойн ачаар аль ч телевизийн мэдээллийн хөтөлбөр пиг сурталчилгаа болжээ. А намын Б гэдэг нэр дэвшигч тойрогтоо очиход сонгогчид нь шагшаад шагшаад ханаагүй тухай ганцхан загвартай. Хэрвээ чөлөөтэй сэтгүүлчсэн бол төчнөөн хүн цугларчээ, хажууд зогсоо нь тэр тэр, юунаас болж тойргоо сольсон, хэр шанстай, ямар судалгаагаар хэдэд яваа зэрэг асуулт тавьж хамаагүй сонирхолтой байхсан. Даанч захиалга учраас сурвалжлагч нь нүүрээ харуулдаггүй, нэрээ бичдэггүй, ингээд тойргийнхондоо “та нар мэд” гээд өөрийгөө тушааж эрхэлсэн, бас эртхэн улс төрд ороогүйнхээ төлөө нутгийнхандаа зад загнуулсан тухай хөгжилтэй тайлбарууд. Харин бороо дагуулж очсон нэр дэвшигч хараахан алга. Цаг агаарын мэдээ үзээд тааруулж очихгүй дээ. Архангайд нэр дэвшигчийг бүр “УИХ-ын даргын туслах хийж явахдаа бодлого боловсруулалцаж явсан” гээд авч өгсөн. Даргадаа цаасыг нь дамжуулсан байлгүй.

Саяын хэд хоногийн турш Улаанбаатар хотын өнгөрсөн дөрвөн жилийн бүтээн байгуулалтыг “Зам”, “Гэрэлтүүлэг”, “Усан оргилуур” гэх мэтээр сэдэвчилж магтсан дүрстэй тайлбарууд мэдээн дундуур ямар ч тэмдэг, тайлбаргүйгээр гарсныг зөвхөн ганц телевиз “Нийслэлийн МАН-ын хорооноос ирүүллээ” гэж ам алджээ.

Телевизүүдийн оргил цагийн нэвтрүүлгүүд бүгд сурталчилгаа. “25-р суваг” телевизийн “Хэн юу ярив?”, “Ам нээвэл…”, “Гарц”, “Тодруулга”, “Би”, “Оддын ээж” (одоо бол “Нэр дэвшигчийн ээж”), мэдээж “Дуусдаггүй яриа” (анхнаасаа сурталчилгааны нэвтрүүлэг, сүүлийн дугаарыг нэр дэвшигч З.Алтай өөрөө хөтөлсөн нь сонгууль тулснийх), TV9-ын “Бүсгүйчүүд”, “Дотно яриа” (бүр ноднингоос эхэлсэн), TV Lounge, “Ардын парламент” (харин энэ ярилцлага төлбөргүй байж магадгүй санагдсан), C1 телевизийн “Зангиагүй яриа”, TV8-ын “Ард түмний толь”-ийн сурвалжлагууд, “Нээлттэй хүн”, Golf and Coffee, НТВ-гийн “Болзоо”, “Чухал яриа”… Бүх нэвтрүүлэг сурталчилгаа болжээ гэвэл нэг их хэтрүүлэг биш. Шинэ содон нэвтрүүлгүүд ч нэмэгджээ. Жишээлбэл, “Уншъя, ярилцья” нэрээр хэдэн жилийн өмнөх “Үнэн үү? нэвтрүүлгийн хөтлөгч Р.Нямбаяр, Камертоны Л.Ган-Эрдэнэ хоёр сонины мэдээ, сурталчилгаанаас түүж уншингаа МАН-ыг магтаж АН-ыг муулан марзагнаж суудаг болж.

Бүгдээрээ фронтод гэдэг шиг сэтгүүлчид сонгуульд морджээ. Айл хэсэхээ болж сураг тасарсан Г.Алтантүрүү хүртэл Баянхонгорт оччихсон, хажуугаар өнгөрөх машинуудыг зогсоож “энэ зам гоё байгаа биз?” гэж гайхуулж зогсов. Бариулсан хүн нь УИХ-ын гишүүн Х.Баттулга гэнэ ээ. МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Золжаргал МАН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшигч Л.Энх-Амгалангийн тухай “Миний түүх” нэртэй  дөрвөн ангит баримтат киног бүтээсэн бол MNC-ийн “Мөнхтөрийн цаг” АН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн Лу.Болдод зориулагдлаа. Сонины сэтгүүлчид сонгууль угтан телевизийг сонгох болжээ. “Зууны шуудан” сонины Б.Ганчимэг, сэтгүүлч Х.Бүрэнтогтох хоёр нэр дэвшигчдээс асуудаг “1х2″ ток шоугаа эхэлж, “Улаанбаатар таймс” сонин руу явсан сэтгүүлч А.Дагиймаа МАН-ын хэн нэгэнтэй хамт энэ тэр сувгийн дэлгэцэн дээр ээлжлэн хадагджээ.

Харин намууд руу очсон дарга голдуу сэтгүүлчид хөшигний цаагуур далд фронтын дайчид болцгоожээ. Юу хийснийг нь бид орой болгон харж сууна.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Олон нийтийн телевизийн халз … ярианууд

Posted by Ажиглагч on 2012/06/09

МҮОНТ-ээс сонгуулийн санал хураалтын өдрөөс өмнөх Пүрэв гариг бүрийн үдэш улс төрийн намуудын төлөөллийг оролцуулсан халз мэтгэлцээнийг явуулахаа зарласны маргааш буюу 7-р сарын 7-ны орой эхнийх нь болж МҮОНТ, МҮОНР хоёроор нэгэн зэрэг шууд дамжуулжээ.

Тус тусын мөрийн хөтөлбөрт байгаль орчин, экологийн асуудал хэрхэн туссан талаар МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, АН-аас Л.Гансүх, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Д.Тэрбишдагва, ИЗНН-аас Ш.Пүрэвсүрэн, МНН-аас О.Бум-Ялагч, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх (энэ намд өөр хэдэн хүн байдаг бол? Олуулаа хуралдсан зургийг харах юмсан),  А.Ганбаатаргүй болсон МСДН-аас Энхзаяа, Иргэний хөдөлгөөний намаас Д.Сүхгэрэл, МУНН-аас Д.Бадарч, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, “Эх орон” намын И.Эрдэнэбаатар, өөр нэг намаас бизнес эрхлэгч Заяа гэхчлэн арван хэдэн нэр дэвшигч мэтгэлцэх болов. Гэхдээ мэтгэлцээн биш, хүн тус бүрийг хоёр минутаар дэс дараалан яриулж танилцуулга хийлгэсэн нэвтрүүлэг болов. Миний зөв, чиний буруу, манайх илүү .. байхгүй. Өөр хоорондоо огт харилцаагүй. Тэдний яриаг тус тусад нь бичээд нийлүүлж үзүүлбэл бараг ялгаагүй.

Иймээс уйтггартай байлаа. Ганц сонирхолтой юм гэвэл Б.Жаргалсайхан “ярих цаг бага байна” гэж чамлаад нэвтрүүлэг дуусахаас өмнө хаяад явжээ.

Мэтгэлцүүлэхийн тулд яг одоо эрх барьж, хариуцлага хүлээх учиртай МАН, саяхан болтол барилцаад сонгуулийн өмнө амиа хоохойлоод зугатсан АН хоёрт таагүй асуултууд тавьж бусад намуудаар шүүмжлүүлж балбуулах тийм сэдэв, асуултууд хэрэгтэй. Жишээлбэл: “Зайсанг ийм болгосонд хэн буруутай вэ?” гээд мэтгэлцүүлбэл ширүүн яриа болох нь эргэлзээгүй. МАН, АН хоёр юу хэлэх сонин. Бас болоогүй, нэг хэсэг хамтарсан Засгийн газарт орж Байгаль орчны сайдаар хэсэг ажиллах зуураа Зайсангийн газрыг зад заралцсан “Эх орон” намын И.Эрдэнэбаатар сайн балбуулах ёстой. Д.Тэрбишдагва гишүүн ч баярлах болоогүй. Түүний МАХН-МҮАН-ийн “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж байгаа Г.Шийлэгдамба бас сайд байхдаа дутуугүй амжуулсан.

P.S:

Олон нийтийн телевизийн дараачийн мэтгэлцээн “Эдийн засгийн өсөлт, хөгжил” сэдвээр байж “Гуравдахь хүчин” эвслээс Хосбаяр, МНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар, МАХН-МҮАН-аас нэр дэвшигч Н.Дашзэвэг, АН-аас УИХ-ын гишүүн С.Баярцогт, “Эх орон” намын Д.Зоригт (“Идэр” дээд сургуулийн захирал), ИХН-аас нэр дэвшигч Гэрэлмаа, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын мэдээж дарга Ш.Төмөрсүх, бас Заяа, МУНН-ын дарга Б.Батболд, МАН-ыг төлөөлж Н.Энхболд, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, ИЗЗН-ын дэд дарга С.Дэмбэрэл, МСДН-ын Сандуйжав гэх мэтээр бүх намын төлөөлөл ирсэн. Гуравдахь нь “Гэр бүл, хүүхэд, хөгжил” сэдэвтэй байжээ. Аль аль нь мэтгэлцээн болсонгүй.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Арын хаалга

Posted by Ажиглагч on 2012/06/09

Сурсныг сураар боож болдоггүй гэсэн.  Хуулинд зааснаар бол, зөвхөн төлбөргүй, зөвхөн Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хуваарийн дагуу гэснийг МҮОНТ яаж ийгээд давж гараад байх юм.

Өнгөрсөн Бямба гариг буюу 6-р сарын 9-ны “Ярилцья…” шууд ярилцлагын нэвтрүүлэгт МАН-аас нэр дэвшигч Я.Содбаатар, АН-аас нэр дэвшигч Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарыг оролцуулжээ. Хоёр том намын төлөөллөөс зэрэг урихлаар бие биентэйгээ барьцахгүй амар. Эрх баригч хоёр намд зэрэг хандив овоолоод амыг нь хаачихдаг том компаниудын аргыг олон нийтийн телевиз муугүй эзэмшжээ.

Бас 6-р сарын 5-нд хөтөлбөрт бичихгүйгээр сэмхэн үзүүлсэн МАН-аас нэр дэвшигч, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэлийн тухай “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хөрөг нэвтрүүлгийг албан ёсны сурталчилгаа эхлэхээс нэг өдрийн өмнө учраас хамаарахгүй гээд бухаж магадгүй, тэгвэл нэг өдрийн дараа буюу 6-р сарын 7-ны “Өглөө” хөтөлбөрт МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшигч, “Өндөр буянт холдинг” компанийн захирал Н.Төмөрхүү оролцож “Та яагаад нэрээ дэвшүүлэх болсон бэ?” гэх мэт асуултанд хариулж ярилцсаныг хууль зөрчсөн гэж үзэхээс өөр яахав. 500-гаад нэр дэвшигчээс ганцыг онцолж оруулсныг бодоход том арын хаалга байснаас зайлахгүй.

Ийм үйлдэл гаргасан нам, эвсэл, хэвлэл мэдээллийн байгууллага болон хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж бичсэн нь хуулинд дурайж байгаа. Гэхдээ МҮОНРТ-ийн дарга нар айлтгүй, сайндаа л татвар төлөгчдийн мөнгөөр торгуулаад өнгөрнө.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Хэлэлцүүлэг, мэтгэлцээн болоосой

Posted by Ажиглагч on 2012/06/03

Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тухай хууль хатуу чанд болсон гэдэг. 35.24-д нам, эвсэл, нэр дэвшигч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд өөрийн бэлтгэсэн болон захиалсан нийтлэл, нэвтрүүлгийн үнэн зөв, бодитой байдлыг хариуцна, 35.25-д хэвлэл мэдээллийн байгууллага нь өөрийн бэлтгэсэн болон бусдын захиалгаар бэлтгэн нийтэлж, нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нийтлэл, нэвтрүүлгийн үнэн зөв, бодитой байдлыг хариуцахаар зааглаж (хариуцлага нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлж торгох) буух эзэнтэй, буцах хаягтай болгож байгаад бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараасан бол хэдэн саяар торгох заалтаар гүйцээсэн юм.

Бултах газар үгүй! Одоо хэвлэл мэдээллийн шүүмжлэл болгон гүтгэлэг нэрээр тас цавчуулах эрсдэлтэй. Үүний оронд магтаж сурталчлаад явбал аюулгүй хэрнээ ашигтай! Тэртээ тэргүй монголын хэвлэл мэдээллийн төгс чаддаг нь магтаал, оргил нь нэр сонгуулийн магтаал. Гишүүн, сайд, дарга байсан нэр дэвшигчийг төрд зүтгэж яваа гэж магтахаас эхлэнэ. Сөрөг хүчин мөртлөө дөрвөн жил шахам нэг хөнжилд хэвтсэн бол ард түмнийхээ төлөө яахаас ч буцахгүй болж таарна. Огцорч өгдөггүй нөхрийг төрийн төлөө төрсөн, чадаагүй байсан ч гүйцээх шаардлагатай гэнэ. Бондойсон залуу нэр дэвшигч бол шинэ эрч хүч, харин эмэгтэй бол УИХ-ын танхимыг нинжин сэтгэлээр дүүргэхээс гадна авлига авахгүй. Даргын хүүхэд бол удам сайтай, сэхээтэн, биш бол амьдралын хатуу хүтүүг мэднэ. Баян бол гэдсээ, гэрээ засчихсан, харин ядуу бол ном-ы–ы-ын буюу ухаантай. Элдэв муухайд нэр холбогдсон, шоронгоос гарсан ч хамаагүй – алдаж онож явсан эр хүн. Морь уядаг бол эрийн хийморь, харин уядаггүй бол амьтан зовоодоггүй. Олон хэл мэддэг бол өндөр боловсролтой, ганцтай бол жинхэнэ монгол … Сэтгүүлчид зөвхөн яриа эхлүүлж, “сүүлийн хэдэн минутийг танд үлдээх”-ээс хэтрэхээ больж, сүүлдээ нэвтрүүлгээ нэр дэвшигчид өөрсдөө хөтөлдөг болж байна.

Сурталчилгаа албан ёсоор эхэлмэгц мэдээ, сурвалжлага, дуу хөгжим, найр наадам хүртэл хүртэл сурталчилгаа болж хувирдаг. Гудамжаар явахад (сурталчилгааны самбаруудыг эс тооцвол) нэр дэвшигчид харагдахгүй мөртлөө зурагт үзэж сонин уншихлаар Монголд зөвхөн тэд ажил хийж, хурал хийлгэж, барилга барьж, зам тавьж, бас хоол идэж, гадуур зугаалж, хөдөө гадаа явж, ингэхдээ бороог хүртэл оруулж (голдуу дагуулж очно) харагддаг. Энэ бүхнийг яах ч аргагүй. Харилцаа, холбооны зохицуулах хорооноос баталсан “Олон нийтийн радио, телевизээс бусад телевиз, радиогоор сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам”-д 3.4. Сонгуулийн үйл явдлын тухай мэдээ, сурвалжлага, сонгогчдын боловсролд зориулсан мэдээ … мэдээллийг сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт хамааруулахгүй” тухай заалт бий.

Тэгвэл 2012 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дан яриа, магтаал хоёроор дүүрэх үү? Нам, эвсэл, нэр дэвшигчдийн сайн муу, алдаа оноог хэвлэл мэдээллээр ярьж болох уу? Найдлага бий. Дээрх журмын 3.3-т “Телевиз, радио нь иргэдийг үнэн зөв, бодитой, тэнцвэртэй мэдээллээр хангах зорилгоор тухайн телевиз, радиогийн редакцийн зүгээс бэлтгэн нэвтрүүлсэн нам, эвсэл, нэр дэвшигч, тэдний төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг, сонгуульд өрсөлдөгчдийн хооронд явуулах мэтгэлцээн зэрэг нэвтрүүлгүүдэд нам, эвсэл, нэр дэвшигч, тэдний төлөөллийг оролцуулахдаа оролцогч бүрт адил тэгш боломж олгоно” гэж заажээ. Сувгаа, цагаа, нэвтрүүлгээ лангуун дээр тавьсан мэт зарж суухын завсар зайгаар ийм хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохиож яагаад болохгүй гэж? Зөвхөн Улаанбаатараас эфирийн 16 телевиз, кабелийн бүр олон суваг нам, нэр дэвшигч тус бүрийг ганц нэгээр, хоёр гурваар, нам эвслээр цуглуулж тал талаас төлөөлөл оролцуулж, бас хөндлөнгөөс дүгнүүлж ярилцахыг зөвшөөрсөн байна. Телевиз, сувгууд хамтарсан ч болно. Гэхдээ хэдэн телевизийн сэтгүүлчдийг захиалсан “Ерөнхий сайд ба сэтгүүлч”, “Сайд ба сэтгүүлч”, “Засаг дарга ба сэтгүүлч” шиг бөөндсөн сурталчилгааг хэлээгүй.

Ирэх сонгуулийн сурталчилгаа гуравхан долоо хоног үргэлжилнэ. Эхлэнгүүтээ дуусна. Сая, тэрбумын захиалга цутгаж байхад телевизүүд нам, нэр дэвшигчдийн хойноос хөөцөлдөн цуглуулж явах сөхөөгүй байх биз. Нэг тал нь татгалзвал, эсвэл ирэхгүй бол өрөөсгөл, улмаар гүтгэлэг болж хувирна. Ингээд нэр дэвшигчдийг шүүмжилж хэлэлцэх, бас муу муухайг нь илчлэх ганц арга бас л төлбөртэй буюу захиалгат нэвтрүүлгүүд болно. Энэ удаад захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйцаар бичиж нэвтрүүлэхийг шаардсан заалт орсон учраас телевизүүд зүрхлэх үү? Гэхдээ манайд хууль хэрэгжихгүй гэж “сайхан” юм байдаг.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Сонгуулийн сурталчилгааны оршил

Posted by Ажиглагч on 2012/06/02

Энэ өдрүүдэд 2012 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа хууль ёсоор эхэлж байгаа ч хуулиас өмнө олон сар үргэлжлээд одоо зөвхөн төгсгөлийн шатандаа орсон хэрэг юм. Дахиж нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийн хувьд дөрвөн жил тасраагүй, жил тутам тэрбумаар, энэ онд бүр гурван тэрбум төгрөгөөр баталгаажуулсан сурталчилгаа байлаа. Өрсөлдөгчид нь үлдсэн гуравхан долоо хоногт хичнээн ч чардайгаад найдвар тун бага. Хэрвээ одоогийн гишүүд дахин сонгогдож чадахгүй бол ёстой “хохь нь”.

“Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаагаа … нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлнэ” гэж хуулинд заасан. Гэхдээ тэд хэвлэл мэдээлэлтэй хавсайдаад хэдэн сар дураараа нэг дургилаа.

Юуны өмнө арилжааны телевизүүдэд ямар нэгэн зохицуулалт байтугай ёс зүйн хэм хэмжээ үгүй тул шүүмжлээд ч нэмэргүй. Өөрийгөө хамгийн анхны ардчилсан, чөлөөт, шударга хэмээн сагсуурч ханадаггүй, иймээс жаахан эх захтай байж болзошгүй “25-р суваг” телевизийг ажиглахад ялгаа алга. Улсын Их Хурлын хэсэг гишүүд Пүрэв гаригийн оргил цагаар цэцэрхэж суудаг “Дуусдаггүй яриа” (хамгийн сүүлчийн дугаарт нийслэлийн хот төлөвлөлт, барилгажилтын асуудлаар УИХ-ын гишүүн З.Алтай хөтөлж, Н.Батбаяр, Д.Зоригт, Л.Гантөмөр, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарын зургаан нэр дэвшигч оролцов) багадаад Ардын намынхан үүнийг тусдаа хийдэг “Залуус-Цаг үе” нэвтрүүлэг дөрөвдүгээр сараас нэмэгдсэн нь телевизийн хөтлөгчийн дүрд хувирсан МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатарын хөтөлж буй цаг хорин минутийн яриа юм. 5-р сарын 12-ны дугаарт “Зам – хөгжлийн гарц” сэдвээр нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Мөнхбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Б.Лхагважав, нийслэлийн автозамын газрын дарга Д.Од нар оролцов. Сүүлчийнхээс бусад нь нэр дэвшихийг санаархагчид. 5-р сарын 19-ны дугаарт “Хүний төлөө нийгмийн бодлого”-оор УИХ-ын гишүүн Д.Очирбат, НХХ-ийн дэд сайд Н.Номтойбаяр, бас Ерөнхий сайдын зөвлөх Б.Лхагважав, 5-р сарын 26-ны дугаарт дахиад Ерөнхий сайдын зөвлөх Б.Лхагважав, “Өгөөж” ХХК-ий захирал С.Түмэнгэрэл, Ерөнхий сайдын зөвлөх С.Амарсанаа, Гадаад хэргийн дэд сайд Х.Тэнгэр дөрөв нар тухалж харагдсан. Энэ нэвтрүүлгийг маргааш нь 25-р сувгаас гадна тэр Я.Содбаатарын хувийн “Шинэ дэлхий” телевизээр давтдаг гэсэн. Харин 6-р сарын 2-ны дугаарт “МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн анализ” сэдвээр УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр, БОАЖ-ийн сайд Д.Цогтбаатар нарын өргөн бүрэлдэхүүн оролцоод зогсохгүй хөтлөгчөөс ирэх долоо хоногт энэ цагтаа эргэн уулзахын ерөөл тавьж төгсгөлөө. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн ч зогсохгүй нь.

Бямба гаригт “Миний муусайн найз нар” нэвтрүүлгээр УИХ-ын сонгуульд ИЗНН-аас нэр дэвшигч, Хэнтий аймгийн Засаг дарга асан С.Жаргалыг намын зүтгэлтнүүд нь эргүүлж тойруулан магтаж өглөө. Бүтэн цаг 40 минут үргэлжлэв. Бас хөтөлбөрт бичигдсэнээр, 18-19 цагийн хооронд тус телевизийн эзэн.З.Алтайн “Үүргэвчтэй аялал”-ын “Шинэ Зеланд-2” дугаар гарчээ.  Ингээд энэ өдөр “Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр сурталчилгааны нэвтрүүлгийг төлбөртэй нэвтрүүлж болох бөгөөд сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт хоёр цагаас илүүгүй байна” гэсэн заалтыг дээр дурдсан гурван бүхэл нэвтрүүлгээр авч үзэхэд элбэг хоёр дахин хэтрэхээр байна. Урьд оройн сурталчилгаануудыг өглөө нь давтсаныг тооцвол бараг дөрөв дахин!

Дөрөвдүгээр сараас МАН-ын дөрвөн жилийн амжилтыг ухуулсан “Хөгжлийн хуудас” цувралыг үдэш болгон үзүүлсэн бол тавдугаар сараас “Танайд хоноё”-ийн Алтантүрүүг дахин орлосон Ганзориг гудамжинд гараад хэн нэгнийг зогсооход дандаа нэр дэвшигчид таараллаж АН-аас нэр дэвшигч Б.Болорыг Гадаад харилцааны дэд сайд байхад нь хоносон бичлэг үзүүлж, ИЗНН-аас нэр дэвшигч Б.Хүдэр-Янгийнд хонож, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн хамт вагонд сууж Сайншанд ороод  ирсэн бол, арай өмнөх нэг дугаарт Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын хамт Таван толгойн сургалтын төвд шөнийг өнгөрөөжээ.  Өдөр тутмын “Хэн юу хэлэв?”-ээс эхлээд “Гарц”, “Оддын ээж”, “Би” хүртэл сонгуулийн горимд бүрэн шилжсэн байна.

“25-р суваг” хэдийгээр хувийн телевиз, хэнийг оруулж гаргах тэдний дур зорго мэт боловч нэвтрүүлгээ орон даяар цацдаг  радио долгионы давтамж нь хуулинд зааснаар Оюутолгой, Тавантолгойн адил төрийн өмч, түүнээс нэгээхэн зурвасыг тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшдэг болохоор жаахан хамжааргатай баймаарсан. Харин Сонгуулийн тухай хуулийг огт зөрчих ёсгүй.

Ганц найдвар бол МҮОНРТ. Гэтэл сонгууль хэмээх наадмын өнгийг тодорхойлдог урьдчилсан сурталчилгаа хэмээх сунгаанаас харахад … хэрэг алга. Захиралд нь тойрог олдоогүй ч АН-ын жагсаалтаар нэр дэвшсэн, харин Ерөнхий захиралд тойрог байтугай нам олдоогүй учраас чадаагүй тухай итгэмээргүй сонин сонсдохоос гадна энгийн үед ч хуулиар тас хориотой далд, тодруулбал сонгуулийн далд сурталчилгаа тасарсангүй.

Олон нийтийн телевизийн хамгийн том ярилцлага – “Цаг үе, үзэл бодол”-оор нэр дэвшигчид ээлжилсээр. “Хариулахгүй ч байж болно” бүр хавтгайрсан. Долоо хоногт ганц хуваарьтай байсан бол дөрөвдүгээр сарын дундаас хоёр дахин олширч УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, ЭБЭХ-ний дэд сайд Ц.Гарамжав, Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, бас өөр хэдэн  эрхмийг оролцуулж амжлаа. Зөвхөн нэр дэвшигчид. Мэдээж ярилцлага тус бүрийг маргааш нь давтсан. Харин нэг удаа “Яруу найрагч Б.Ариунсан оролцоно” хэмээн хөтөлбөртөө зарлуулсан нь ЭБЭХ-ний дэд сайд асан, АН-аас Говь-Алтайд нэр дэвшигч болж таарав. Ийнхүү гавъяат сэтгүүлч маань наадмын өдөр Хүй долоон худагт барааны морьдын тоосыг биш, өмнөө суугаа нэр дэвшигчийн нүдийг хараад хамрын самсаа нь шархирдаг болсон мэт “… Таныг нэр дэвшсэнд би үнэхээр баярлаж байна… Та нар л төрд гарах ёстой… Ёстой гоё … Яасан сайхан юм бэ…” маягийн асуулт гэхээсээ илүү нялуурсан магтаалыг хаваржин урсгалаа.

“Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэг МҮОНТ-ийн дэвжээнээс хальж MCS группийн тэргүүн дэд захирал Л.Энх-Амгалангийн оролцсон дугаар тэр чигээрээ TV9 телевизээр гарах нь тэр. Бас нэг дугаартаа “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг оролцуулсныхаа араас “Нутаг минь” нэртэй сэтгүүлчийн тэмдэглэл үзүүлэв. “Би монголоороо гоёдог” брэнд шүлгээрээ эхэлж өөрийн төрсөн нутаг – Дорноговь аймгийн Зүүн баянд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй талаар ярьж, одоо түүхийгээр нь вагон вагоноор урагшаа зөөж байгаад баахан шогширсны эцэст тийм үйлдвэр байгуулах Ц.Анандбазарын нэрийг хэллээ. Тайлбар хэрэггүй биз. Төгсгөлд нь энэ сэдвээр олон олон цуврал хийнэ гэж амалсан. Даанч Ц.Анандбазар нь хоригдчихлоо. Нэвтрүүлэг үргэлжлэх үү?

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

“Захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар бичсэн байх …”

Posted by Ажиглагч on 2012/03/25

“Телевизээр гардаг балиар захиалгатай нэвтрүүлгүүдийг муусайн улс төрч та нар захиалдаг шдээ.  Би та нараас захиалга аваад гаргаж байсны хувьд сайн мэднэ” гэж улс төрч З.Алтай УИХ-сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр чуулганы танхимд баахан цамнасан билээ. Уг нь захиалгат нэвтрүүлгийг хазаарлах шиг амархан юм байхгүй. Үүний тулд өөрийн толгойлж байсан, одоо ч хүндэт Ерөнхийлөгч хэвээр байгаа телевизүүдийн холбоогоор дамжуулан монголын телевизүүд, наад зах нь өөрийн мэдлийн “25-р суваг” телевизэд балиар захиалга авахгүй байх, авлаа ч захиалгын эздийг зарладаг болгоход л хангалттай байсан юм.

Манай хэвлэл мэдээллийн салбар энэ мэт зохицуулалтыг өөрөө хийх хүсэлгүй, тэгэх чадваргүй учраас явсаар хуулиар шийдэхэд хүрчээ. Энэ удаад УИХ-ын сонгуулийн шинэ хуулиар яг тэглээ.

35.24.Нам, эвсэл, нэр дэвшигч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд өөрийн бэлтгэсэн болон захиалсан нийтлэл, нэвтрүүлгийн үнэн зөв, бодитой байдлыг хариуцна.

35.25.Хэвлэл мэдээллийн байгууллага нь энэ хуулийн 35.24-т зааснаас бусад өөрийн бэлтгэсэн болон бусдын захиалгаар бэлтгэн нийтэлж, нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нийтлэл, нэвтрүүлгийн үнэн зөв, бодитой байдлыг хариуцна.

35.26.Хэвлэл мэдээллийн байгууллага нь энэ хуулийн 35.24-т заасан нийтлэл, нэвтрүүлгийг захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр нийтэлж, нэвтрүүлэх бөгөөд нийтлэл, нэвтрүүлгийн материал дээр захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар бичсэн байх ба энэ нь тухайн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарна.

Одоо сумаа тавиад нумаа нуудаг шиг захиалгат нэвтрүүлгийн араас “2012 он” гэсэн хаяг тавиад бултах аргагүй болсон харагдавч хуулийн нэр томьёоны тодорхойлолтод “сурталчилгаа” гэж юуг хэлэхийг ор тас орхигдуулсан нь томоос том цоорхой юм.  Удахгүй ямар ч сурталчилгааг мэдээ, сурвалжлага, ярилцлага хэлбэрээр урсгах түмэн арга олдоно. Бас “нам, эвсэл, нэр дэвшигч” биш, “зүгээр дэмжигчид”, “шударга иргэд”, “санаа зовсон сэтгүүлчид” захиалж эхлэнэ.

Сүүлийн хоёр долоо хоногийн турш арилжааны телевизүүд 7-р сарын 1-ны хэрэгт хамаатай цагдаагийн дарга нарыг өмөөрч Сүхбаатар дүүргийн шүүх ба Ерөнхийлөгч рүү довтолсон захиалгат нэвтрүүлэг “7-р сарын 1 ба дуусаагүй хэвлэлийн хурал…”, “Төр үнэгүйдэж, төрийн цагдаа гэмтэн болов” зэрэг олон нэртэйгээр ээлж дараалан гаргаж байна. “25-р суваг” бүр онцгой, хэд хоноод л дахин дахин үзүүлэх юм гээч. Захиалгад донтохоороо л ингэдэг байх. Төгсгөлд нь нөгөө л “2012 он”.

Posted in + ТЕЛЕВИЗ, 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Сонгуулийн урьдчилсан сурталчилгаа

Posted by Ажиглагч on 2012/03/25

Манай хэвлэл мэдээллийнхэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон гишүүд, сайд дарга нарыг ядахдаа ганц сарын хугацаанд хаашаа ч дагаж явахгүйгээр туршаад үзэхсэн. Цаадуул чинь контороосоо цухуйх ч үгүй, харин баахан хурал, семинар зохиож сэтгүүлчдийг ирүүлэхийг оролдоно. Хөдөө хөхөрч гадаа гандах тухай яриа байхгүй. Гадаад ч явахгүй.

Өнөөдөр сурталчилгаа бол улс төрчдийн амьдрах агаар. Камер, ядахдаа диктофон, үзэг дагуулах хүсэлгүй улс төрч хаана ч байхгүй. Тэр тусмаа сонгуульд нэр дэвшигчийн үхэх сэхэхийг сонинд сайнаар бичигдэж телевизээр гоё гарах л шийднэ. Мянга мянган сонгогчтой уулзсан цуглааныг телевизээр шууд дамжуулж, эсвэл ядахдаа сурвалжлуулж байж санаа амардаг. Хэрвээ телевиз ирэхгүй бол тэр цуглааныг хийх ч үгүй.

Жил жилийн цагаан сараар Улсын сайн малчид, тариаланчдын цол, өргөмжлөлийг хөдөө гэрт очиж гардуулах нь Засгийн газрын гишүүд, дэд сайд нар дээл өмсөөд зурагтаар таахалздаг ховорхон завшаан, хосгүй ёслол бөгөөд УИХ-ын барагтай гишүүнд олдохгүй эрх юм. Тэдний зүгээс гомдолтой хоцордог учраас шалгаруулдаг малчдын тоог байн байн нэмж ирсэн. Эвслийн засгийн газар бутарсны ачаар УИХ-ын гишүүний суудалд гэтэгч Н.Номтойбаяр, Б.Ундармаа хоёрыг НХХЯ ба БСШУ-ны дэд сайдын суудалд суусны дараахан Дорнод аймгийн нэгэн сайн малчны гэрт багтаж ядалцахыг хэдхэн секунд харагдуулахын төлөө бүхэл бүтэн цуваа хотоос хөдөлж телевизийн баг дагасан юм. “Цагийн хүрд”-ээр үзүүлэхдээ Номтойбаярын титрт “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд” хэмээн өргөмжилж амжсан. Яг төр өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын шинэ сайд Д.Цогтбаатар Дундговь аймагт, Батлан хамгаалахын шинэ сайд Ж.Энхбаяр мэдээж Говь-Алтайдаа тэгэж зогссон. Би зөвхөн шинэ сайдуудаар жишээ татлаа. Тэд сонгууль хүртэлх тав, зургаахан сард салбартаа том юм хийхийн тулд биш зөвхөн зурагтаар ахиухан гарахын төлөө энэ суудалд авирч гарсан билээ. Ямар ч эргэлзээгүй. Уг нь би Цогтбаатарыг сүрхий залуу байж магад хэмээн бяцхан найдсан ч дархан цаазтай Богд уулын Зайсангийн ам байшин барилгаар дүүрч байгааг яах вэ гэсэн сурвалжлагчийн асуултад “Надаас өмнө болсон асуудал учраас би мэдэхгүй” гэж хариулахыг үзээд гутсан.

Телевизээр гарахын тулд заавал тойргоо зорьж зүдэрдэг байсан УИХ-ын жирийн гишүүн Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайд болсныхоо ачаар “Энхбаяр цэцэг өргөхөд байлцав”, “Энхбаяр цэргийн ангид очив” сурвалжлагууд тасрахаа байжээ. “Энхбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэв”, “Энхбаяр огцорсонгүй” мэтийг тооцохгүй. Чухам үүний тулд Д.Цогтбаатар гадаадад үргэлж явдаг Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргын атаархам ажлаас хааяа Улаанбаатар хотын муу усны төв цэвэрлэх ба “Харгиа” байгууламжийн өмхий үнэрт зогсохыг илүүд үзжээ. Шанд нь сэтгүүлчдийг дагуулан өөртэйгээ адил хордуулж зогсох юм.  Хэрвээ сэтгүүлчид үгсээд “сайд аа, бид өнөөдөр сэтгүүлчдийн хуралтай, таныг маргааш дагая” гэвэл зөвшөөрөх байх шүү! Бас нэр дэвших сураг дуулдаагүй Эрүүл мэндийн шинэ сайд Н.Хүрэлбаатар ажлаа авснаасаа хойш Улаанбаатар дахь харъяа эмнэлгүүдээр ээлж дараалан орж үүрэг даалгавар өгөхдөө заавал сэтгүүлчдийг байлцуулж гэрчлүүлдэг нь улс төрчийн шинж орж яваагийн шинж.

Энэ бүхэн сонгуулийн урьдчилсан сурталчилгаа юм. Хуулийн хугацаа эхлээгүй ч хэдийнэ de facto эхэлчихсэн. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Одонтуяа гэж хүүхэн өнгөрсөн 2-3 жил дэлгэцнээс ховхорсонгүй. TV9 телевизийг орой үзэхлээр “Бүсгүйчүүд” нэвтрүүлэгт Одонтуяа сууж л харагддаг. Өөр хүн бол ганц хоёр оролцоод хэлэх санаагаа дуусч залхана, харин Одонтуяа өвөл, зун, хавар, намаргүй сууж л байгаа. Нэг удаа түүнийг алга байхад (гадаад дотоод явсан биз) сонин санагдаж бараг үгүйлсэн шүү. TV9-өөс  гадна бусад бүх телевизийг гүйцээсэн гайхалтай эмэгтэй. Мэдээнүүдээс эхлээд “Дуусдаггүй яриа”, хоолны нэвтрүүлгүүд, эдийн засагч Д.Жаргалсайханы гадаадынхан юмуу англи хэлтэй монголчуудын голлон урьдаг De facto-д хүртэл ороод амжжээ.  Өнгөрсөн өвөл Одонтуяа гурван сувгаар зэрэг гарахыг харснаа нэгэн үзэгч дурсаж “хувцсаа солиод л гараад байсан” гэж билээ. Гэхдээ хоёр нь бичлэг, эсвэл давталт байсан биз ээ. Хүн ингэж их хүсч байхад манайхан ирэх зургадугаар сард түүнийг УИХ-ын гишүүнээр сонгоод өгөөсэй гэж боддог боллоо. Эс тэгвэл дахиад дөрвөн жил телевизийн дотор амьдарч бизнесээ, намын ажлаа, “Иргэн та баялаг” сангаа, тэр ч бүү хэл гэр орноо ч мартвал яана? Юутай ч энэ сонгуулийн өмнө “25-р суваг”-ийн Алтантүрүүг дуудаж хонуулбал гэр орондоо хэвийн эсэхийг мэдэж авцгаая. (Мартсанаас, сүүлийн хэдэн сар Алтантүрүүгийн оронд буцаад Ганзориг айлаар хоножээ. Бас яачихав?)

Сонгуулийн урьдчилсан сурталчилгааны онцгой арга бол нэвтрүүлэг хөтлөх. Нэр дэвших нь эргэлзээгүй “Шударга иргэдийн фронт”-ын Я.Арслан долоо хоног тутам  NBS-ээр ширүүн лекцэлдэг бол Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын Төмөрсүх гэж дарга “цагаан утас” тавьчихсан дуудлага хүлээж сууна. (Саяхан TV9-өөр шинэ нэвтрүүлэг эхэлсэн Г.Уянга мэргэжлийн сэтгүүлч, гэтэл МАХН-ын залуучуудын байгууллагын тэргүүн залуу ток шоу шиг юм хөтлөөд эхэлжээ). Гэхдээ тэд анхдагчид биш.  25-р сувгийн “Дуусдаггүй яриа”-гаар УИХ-ын одоогийн хэсэг гишүүн чуулганы танхимд чадаагүйгээ амаараа гүйцээж “76 дурак”-аас арай гайгүйгээ нотлох гэж хэдэн жил чардайж байгаа бол З.Энхболд гишүүн саяхан болтол TM телевизээр С.Эрдэнэ нарын өөр хэдэн гишүүнийг элсүүлсэн арай цомхон ярилцлага хөтөлж МАН-тай эвссэн өөрийн намыг шүүмжилж суулаа.

Posted in + ТЕЛЕВИЗ, 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа, СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА | 1 Comment »

Гишүүнийг дагаагүй сурвалжлагууд

Posted by Ажиглагч on 2012/03/25

УИХ-ын гишүүн, сайд даргын албан тушаалтай нэр дэвшигчдийг сурталчлах аргаа олон нийтийн телевиз хэдийнэ олчихсон. Өнгөрсөн долоо хоногт орон нутгаас бэлтгэсэн мэдээ, сурвалжлага олширсон нь чуулган завсарлаж эрхэм гишүүд тойрогтоо үзэгдэхээр явахдаа “Монголын мэдээ”-г дагуулсных. Гэхдээ тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг хараахан гишүүн биш нэг нэр дэвшигчийг дагасан нь тун сонин байлаа.

Хөвсгөл аймгийн нэгэн суманд эмч, багш нарын зөвлөгөөн болсон, Хөвсгөл аймагт малчдын холбоо зөвлөгөөн хийсэн, Хөвсгөл аймгийн мал аж ахуйн мэргэжилтнүүдийн холбоо байгуулагдаж семинардсан зэрэг баахан сурвалжлага “Цагийн хүрд” болон мэдээгээр гарчээ.  УИХ-ын гишүүн очоогүй жижигхэн арга хэмжээнүүдийг сонирхуулахын тулд хаа холыг зорьж шууд дамжуулахад ч бэлэн байсны учир начир төдөлгүй тайлагдав. Тэр болгоны индэр нэгэн эрхэм байнга сууж, тэгснээ босоод үг хэлж байсан нь MCS-ийн дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан байлаа.

Эрх мэдэл, мөнгө хоёр бол өөр хоорондоо чөлөөтэй хөрвөдөг валют. “Монголын мэдээ” зөвхөн валютаар үйлчилдэг юм байна.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 2 Comments »

Олон нийтийн телевиз сонгуулийн өмнө

Posted by Ажиглагч on 2012/03/24

УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийн 35-ын 8-д “Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нэвтрүүлэг /цаашид “сурталчилгааны нэвтрүүлэг” гэх/-ийг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хуваарь, цагийн дагуу зөвхөн төлбөргүй нэвтрүүлэх ба төлбөртэй нэвтрүүлэхийг хориглоно” гэжээ. Өмнөх сонгуулиар бас ийм заалттай байсныг МҮОНРТ  хэрхэн зөрчиж ил, далд сурталчилгааг илээр, хулгайгаар ч явуулсныг дөрвөн жилийн өмнө ажигласнаа би хэдэнтээ бичиж үлдээсэн.

Дээрх сүртэй боловч огт хэрэгждэггүй заалтыг тойрч гарах дэндүү амархан. Үүний тулд СЕХ-ны хуваарийг сахисан дүр үзүүлээд хажуугаар нь төр, засгийн ажил, албыг яг одоогийнх шигээ зогсоо зайгүй мэдээлж сурвалжлах бөгөөд өнөөх нэр дэвшигчид маань УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, сайд, дэд сайд болон бас бус нэрээр гараад ирнэ. Гүйцээ. Энэ нь МҮОНРТ ба төр, засаг хоорондоо “бид төр, засгийн арга хэмжээг сурталчилна, харин та нар төрд гарахаа мэд” гэж тохирсонтой ижил юм. Цаадуул нь үүнийг дээд зэргээр мэдэж, саяхан гэхэд дэд сайдын суудлуудаар таран байршсан билээ. Бас төрд дансгүй ч төрийн элдэв ажил хэрэгт оролцоод “санаандгүй” тааралдаж бас болно… Энэ хаврын цаг агаарын төлөв байдал гэдэг шиг олон нийтийн телевизийн сонгуулийн сурталчилгааны өнгө иймэрхүү харагдаад байна.

Харин олон нийтийн телевизийнхэн УИХ, Засгийн газар, яам, агентлаг, ИТХ, ЗДТГ-уудын хурал, семинар, уулзалт, шийдвэр, амлалт, аян, хөтөлбөр, мэндчилгээ, нээлт, хаалт, тууз хайчлалтаас нэгийг ч алгасалгүй сурвалжлах тухайд санаа зовохгүй байж болно. МҮОНТ-ийн дуу хөгжим, шинжлэх ухаан, танин мэдэхүй, шоу, тэмцээнийг хасахад мэдээллийн хөтөлбөр, мэдээ, нийгэм-улс төрийн нэвтрүүлгүүд тэр чигээрээ төр, засгийн ухуулга сурталчилгаа юм. “Төрийн халамжийн бодлого хавтгайрлаа”, “Тавантолгойн хувьцаа удааширч байна” мэтийн сүрхий үг өгүүлбэр, хууль тогтоомжийг сайжруулах, зөв бодлого явуулах хэрэгтэй тухай том том яриа зөндөө хэрнээ хөндлөнгийн байр суурь, дүн шинжилгээ, олон талтай мэтгэлцээн, нэр хаягтай шүүмжлэл, баримт мэдээллийн араас тултал хөөцөлдсөн эрэн сурвалжлага гэж байхгүй.

Харин өнгөрсөн сард МАН, АН хоёр тийшээ харж хоорондоо муудалцсаныг дагаад “Монголын мэдээ” агентлаг ба МҮОНТ-ийн хооронд ганц хоёр удаагийн толхилцол ажиглагдлаа. Харж л байя.

Posted in + ТЕЛЕВИЗ, 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Арилжааны телевизүүд сонгуулийн өмнө

Posted by Ажиглагч on 2012/03/24

2011 оны 12-р сарын 15-нд батлагдсан УИХ-ын сонгуулийн шинэ хуулиар хэвлэл мэдээллийн сурталчилгаа “үнэн зөв, бодитой” биш байвал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас дал дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулахаар журамлажээ. Тэгвэл “үнэн зөв, бодитой”-гийн хэмжүүр хаана байна? Хуулинд юу ч алга. Сонгуулийн ерөнхий хороонд үүнийг хэмжих жинлүүр, шугам лав байхгүй. Нэг үнэн, нөгөө нь худлаа гээд зүтгэхэд, эсвэл 10 баримтын 9 нь үнэн, ганцхан нь худлаа юмуу эргэлзээтэй байвал яахав? Шүүхээр явахад сонгуулийн сурталчилгааны 60 хоногт шийдэж амжихгүй.

Эндээс харахад, МАН ба АН хоёр хөнжил дотроо хавсайдаж баталсан хуулийн энэ томъёолол нь хэвлэл мэдээллийг зөвхөн сонгуулийн штаб, нэр дэвшигчдээс ирүүлсэн захиалгат нэвтрүүлгийг цацаад сууж байхыг тулгасан хэрэг юм. Бүр тодруулбал, хамгийн их мөнгөтэй манай хоёрт зарагдаад бай гэсэн үг. Марзан юм гэвэл өөрсдийг нь “үнэн зөв, бодитой” бишээр тэнгэрт тултал бялдуучлан магтасны торгууль төлөө торгууль ногдуудах байтугай мөнгө нэмж төлнө.

Ийм нөхцөлд сонгуулийн үеэр арилжааны телевизүүдээс сэтгүүл зүйн нийтлэл, нэвтрүүлэг бүрэн шахагдана. Аливаа сурталчилгааны үнэн зөв, бодит байдлыг тогтоох ганц арга бол шүүхийг эс тооцвол тэр сурталчилгаанд орсон баримт мэдээллийн мөрөөр сэтгүүлчдийг явуулж эрэн сурвалжлуулах явдал юм. Гэтэл ингэж яваад алдаж оновол “тавиас дал дахин нэмэгдүүүлсэнтэй тэнцэх” буюу арваад сая төгрөгийн эрсдэлтэй учраас хэвлэл мэдээллийн эзэд намуудаас бэлэн мөнгө аваад зүгээр суухыг илүүд үзнэ.  Гэхдээ хүний шунал хязгааргүй тул нэмэлт орлогоос татгалзахгүй, үүний тулд мэдээ, сурвалжлага, ярилцлагуудаа сонгуулийн далд сурталчилгаа болгож хувиргана.

Posted in + ТЕЛЕВИЗ, 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »

Нэр дэвшихэд ТББ хэрэг болдог

Posted by Ажиглагч on 2012/03/08

2012 оны УИХ-ын сонгуудьд нэр дэвших хүсэлтэй компанийн захирлууд янз бүрийн ТББ-ын нэрээр телевизийн дэлгэц рүү нэвтэрч сэм сурталчилгаагаа эхэлсээр байна.

Тэдний нэг “Гандирс” компанийн захирал Ц.Эрдэнэчулуун гэдэг эмэгтэй өнгөрсөн сард МҮОНТ-ийн “Ярилцья” нэвтрүүлэгт “Мянганы дэвшил” ТББ-ын тэргүүний хаягаар оролцож хөдөөгийн малчин эмэгтэйчүүдийг Америк руу авч явахаа зарлав. Арай өмнөхөн Ш.Гүрбазарын “Хариулахгүй ч байж болно” нялуун ярилцлагад оролцсон бичлэг нь youtube-д “Дэлхийн шилдэг бизнес эмэгтэй Эрдэнэчулуун” гарчигтайгаар тавигджээ. Ноднингоос хойш хэд хэдэн сэтгүүлд ярилцлага өгч хавтсан дээр нь байрласан билаа. Тун саяхан “25-р суваг” телевизийн “Би чамаас-Чи надаас” эчнээ ярилцлагад сууж харагдав.

Үнэхээр нэр дэвшихээр шийджээ.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Телевизээр цохилт өгөв

Posted by Ажиглагч on 2009/11/30

Өнгөрсөн амралтын өдрүүдийг тааруулж хэн нэгэн “Үндэсний үйлдвэржилтийг мөхөөх өмнөдийн бодлого” нэртэй нэвтрүүлгээр Ухаа худгийн нүүрсийг шууд урагшаа БНХАУ руу ачих төмөр зам тавих гэсэн “Энержи Ресурс” компанид “үхлийн цохилт” өгөхийг оролдов.

Сүүлийн үед хамгийн том сөрөг хүчин болоод байгаа TV9 телевиз Баасан гаригийн 22 цагийн үед эхэлж, C1 телевиз 23 цагаас, хэдэн минутийн дараа SBN телевиз угсруулан довтоллоо. Мэдээж альч телевизийн хөтөлбөрт байгаагүй.

“1920 онд герман гаралтай Роберт Фридланд Богд хааныг чөлөөлж Монголыг Хятадаас салгасан бол 2000 оноос хойш бас герман цустай Фридланд бас барон Унгерн шиг үүрэг гүйцэтгэв” гэж эхэлсэн 40 минутийн нэвтрүүлэг баримт нотолгоогоор дүүрэн. УИХ-ын гишүүдээс эхлээд судлаач зэрэг олон хүнтэй уулзаж хятадууд монголын ноолуурын зах зээлийг унагасныг сануулаад “Энержи ресурс”-ийг барьж авав. Таван толгой буюу Ухаа худгаас Хятадын хил рүү төмөр зам татсанаар ашигт малтмалаа зөвхөн урагшаа зөөхөд хүрч хятадуудын эрхэнд орно, харин зүүн тийш Монголын гол төмөр замтай холбовол дэлхийн зах зээлд гаргана, бас Сайншандад баригдах аж үйлдвэрийн цогцолборт боловсруулна гэх мэт давуу талуудыг тайлбарлав. “Энержи ресурс”-ийн Ухаа худгаас шууд Хятад руу тавих замын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцээд дэмжээгүй атал 2008 оны сонгуулийн өмнөхөн Засгийн газраар зөвшөөрүүлж чадсан баримт (тогтоолын дор гарын үсэг нь харагдах ЗТАЖ-ын сайд байсан Р.Раш нэвтрүүлэг оролцож том том юм ярьж суух нь марзан), саяхан УИХ-ын байнгын хороогоор дэг зөрчиж оруулж гэнэт хэлэлцүүлсэн Эдийн засгийн байнгын хорооны дарга Баярсайхан, уг төмөр замын асуудлаарх ажлын хэсгийг “ичихгүйгээр” ахалсан УИХ-ын дэд дарга Батхүү нарын сонирхлын зөрчлийг дэлгэж “…Тэд Тавантолгойн хамгийн их нөөцтэй Ухаа худагийг авч үлдсэн. Тэд нүүрс зарсангүй гээд өлсөх хэмжээний хүмүүс биш… “Энержи ресурс” компани бол MSC болон Хятадын төрийн өмчийн Шинхуа группийн хамтарсан хөрөнгө оруулалттай. Энержи ресурс Ухаа худгаас хил хүртэл 240 км төмөр зам тавиулж чадвал Шинхуа группээс … амалсан… MCS групп Хонконгийн Керри групп гэдэгт асар их өртэй. Энэ өрийн зарим хэсэг нь Улаанбаатарын төв дэх 15 давхар барилгын өр найдваргүй ангилалд багтсан… Тэд УИХ-ын ихэнх гишүүдийг худалдаад авчихсан тул “Үйлдвэржүүлэлт эхэллээ” гэж хэлсэн Элбэгдоржид найдах хэрэгтэй … Хятадууд MCS компанийг дааж давшгүй их өрөөр нь барьцаалаад байна” гэх мэтээр сонин баримт, санаауудыг урсгалаа. Бас болоогүй, уг нэвтрүүлгийг хөтөлсөн үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч”-ийг эрхэлдэг, иймэрхүү захиалгат нэвтрүүлгээр мэргэшсэн Гэрэлт-Од хэмээх сэтгүүлч “дараачийн дугаартаа “Энержи Ресурс”, MCS компанийн тухай дэлгэхээ мэдэгдэж байна” хэмээн амаллаа.

SBN-ээр үзэж байтал төгсгөлийн хэсгийг ямар ч тайлбаргүйгээр таслах нь тэр. Цаагуураа бөөн юм болсон биз.

Бямба гаригт довтолгоо бараг зэрэг суларч 23 цагаас зөвхөн “25-р суваг” телевиз, харин Ням гаригт гаригт буцаад чангарч TV9 телевиз өөрөө хоёрдахь удаагаа, гэхдээ бүр оргил цагаар буюу 20.40 цагаас, араас нь “25-р суваг” телевиз дахиад хоёрдахь удаагаа, нэмээд BTV, ТМ телевизүүд хүч хавсрав. 

Энэ нэвтрүүлгийн цаасан хувилбар болон төстэй нийтлэл сонинууд дээр гарсан. Харин зурагтаар ингэж гэнэдүүлж дайрсан тул “Энержи ресурс”-ийнхэн ням гаригт түргэн авч мэдэгдэл гарган зогсоохыг оролдов. Түүндээ Ухаа худгаас төмөр зам тавихыг Засгийн газрын тогтооолоор зөвшөөрснийг сануулаад “өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Энержи ресурс” компани болон түүний хувь нийлүүлэгчид болох MCS, Петровис, Шунхлай компаниудын нэр хүндийг унагах санаархалтай бохир захиалгат үйл ажиллагаа явагдлаа. Хүлээцтэй хандахад хязгаар гэж бий. Энэ үйлдэл нь улс орны эдийн засгийн эрх мэдлийг гартаа оруулах харийнхны бодлого байв уу? Монгол төрийн нэрийг барьж хувийн эрх ашиг, бизнесийн атаа жөтөөгөө бүхнээс дээгүүрт тавьсан атгаг санаа байв уу? … Цаашид энэ мэт хар пиарын материал ямар нэгэн хэвлэлээр гарвал бид захиалагчийг олон нийтэд ил тод зарлаж гар хөл бологчдийг нь хуулийн байгууллагад шалгуулж нэр төрөө сэргээлгэх болно… “Энержи ресурс” компанийг гүтгэн доромжлох, хар аргаар мохоож чадахгүй гэдгийг захиалгат нэвтрүүлгийн эзэнд хандан мэдэгдэж байна” гэжээ.

Телевизүүд “Энержи ресурс”-ийн мэдэгдлээр амьсгалах ээлж ирэв. TV5 гэхэд “Цаг хөтөлбөрийнхөө өмнө, хойно, дундуур уншсан бол UBS, НТВ, SBN бүгд телевизүүд ч дутахгүйг хичээв. TV9-ын “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрөөр мэдэгдлийг уншаад, залгаад тэрхүү “гүтгэлэг”-ийн нэвтрүүлгээ цацаж, араас нь дахин мэдэгдлийг уншиж зугаацав.

Амралтын өдрүүдэд дэлгэцэн дээр ийм юм болж өнгөрлөө. Өнөөдрийг хүртэл Оюутолгойн ард халхлагдаад байсан сая биш, тэрбум биш, их наядын төлөө тэмцэл ийнхүү дэлгэцэн дээр ил гарав. Ийм чухал асуудлыг хэвлэл мэдээллээр хэлэлцэж чи би-дээ тулах нь зүйн хэрэг, харин яагаад зөвхөн захиалгат нэвтрүүлгээр үзэлцдэг юм бэ? Манайд хараат бус бөгөөд өндөр түвшинд хүрсэн судлаач, шинжээчид, бас хараат бус хэвлэл мэдээлэл алга учраас тэр.

“Энержи ресурс”-ийн нэрлэхээр айлгаад байгаад “захиалгат нэвтрүүлгийн эзэн” (эзэд биш эзэн гэснийг анзаарна уу) дээр дурдсан УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр болон дараа нь “”Энержи ресурс”-ийн төмөр замыг эсэргүүцэн тэмцэлдсэн сайд бөгөөд “Женко” Х.Баттулгыг гэж үзвэл тэрбээр хэвлэл мэдээллэээр олигтойхон хэлэлцэж шуугихыг хүлээж ядаад арга барахдаа захиалж эхэлсэн биз.

Одоо “Энержи ресурс”-ийн ээлж ирлээ. Өчигдрийн мэдэгдлүүд хүртэл төлбөртэй байснаас зайлахгүй.

Posted in СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА, TV9 телевиз | 7 Comments »

Бэлэн мөнгө амалсан юм уу?

Posted by Ажиглагч on 2009/11/11

МАХН-ын Эх орны хишигУржигдар “25-р суваг” телевизийн “Хэлэлцүүлэг” нэвтрүүлэг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Э.Мөнх-Очир, Д.Зоригт, Д.Одхүү нарыг урьж 2008 оны сонгуулиар Ардчилсан намын түрүүлж амалсан 1 сая, МАХН-ын давуулж амалсан 1,5 сая төгрөгийг хоёуланг нь бэлэн мөнгөөр өгүүүлэх хөдөлгөөнийг санаачилсан ҮШН-ын Б.Цогтгэрэл, бас нэг нөхөр, Г.Уянга нартай зэрэгцүүлж суулгаад нэлээд сайн мэтгэлцүүллээ. Харин амлалтуудаа хэдийнэ нэгтгээд “Хүний хөгжлийн сан” нэрээр бүр гоёыг амалж яваа улс төрчид “бид энд хэн нэгэнд боорлуулахаар ирээгүй” хэмээн нам дарж “Энэ бол хоёр намын улс төрийн амлалтын тухай нэвтрүүлэг. Монтажлахдаа энэ талаас нь хийгээрэй” гэж Г.Уянгыг хэлэхэд Хүрэлбаатар гишүүн “Монтажлах юм бол шүүхэд өгнө шүү” гэсэн хариу барьж байлаа.

Нэвтрүүлгийг хөтөлсөн сэтгүүлч Пүрэвхүү, Ариунаа нар “Та нар бэлэн мөнгө амалсан шүү дээ?” хэмээн хамт нэхэлцсэн боловч тэдэнд нотлох баримт (бичлэг гэх мэт) байсангүй. Хоёулаа 2008 оны УИХ-ын сонгуулиар МАХН ба АН-ын нэр дэвшигчдийн сурталчилгаанд ээлжлэн зүтгэсэн учраас тэр.

2008 оны сонгуулийн хавар хоёр намын улс төрчид 1 сая ба 1,5 сая төгрөгийн амлалтаар сонгогчдыг ховсдож, айл гэрүүдээр батламж тараан баярхаж явахад “Бэлэн мөнгө амлах хуулиар хориотой байхад танай нам яагаад?”, “Үнэхээр бэлэн мөнгө өгөх юм уу?”, “Энэ батламж чинь бэлэн мөнгө шиг харагдаад байна даа!?”, “Яг хэзээ өгөх вэ, нэг удаа юу, жил болгон юм уу? “Хүмүүс сонгуулийн маргааш өглөө эртхэн очиж авна гэж яриад байна?”, “Бэлэн мөнгийг өөр юмаар орлуулж зальдахгүй биз?”,  гэх мэтээр шаардаж, бас сонгогчдоос “Та 1,5 сая ба 1 сая төгрөгийг яг бэлнээр авна гэж ойлгов уу, эсвэл?” гэж мэтээр асуулт тавьж хариулт аваад хадгалчихсан сэтгүүлчийг би санахгүй байна. Тэр өдрүүдэд хэвлэл мэдээллийнхэн нэр дэвшигчдийн дуудлагаар очиж үйлчлээд тийм сэхээ байгаагүй юм.

Одоо батламж нэртэй цааснаас өөр ямар ч ул мөр үлдээгүй.

Posted in 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, 25-р суваг телевиз | 6 Comments »

Ням гаригийн хулгайн нэвтрүүлэг

Posted by Ажиглагч on 2009/11/08

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан хөрөнгө орлогоо (хувийн компани, байр, хадгаламж, дүүргийн төсвөөс зүгээр л авсан 10 сая төгрөг зэргийг орхиж) худал мэдүүлсэн тул АТГ-аас хуулийн дагуу огцруулахыг шаардаад бараагүй өдий хүрлээ. Өөрийг нь сонгосон дүүргийн хурлын төлөөлөгчдөө ийш тийш аваачиж найрлаад хөдөлгөдөггүй, сэтгүүлчдийг хөлсөлж аваад “Би ганц эмэгтэй Засаг дарга, намайг гоочиллоо” гэх мэт ярилцлага өгөөд өрөвдүүлчихдэг. Бас “Мөрөөдлийн цэцэрлэгээ” мэдээ болгоноор ярьж баатар болдог.

Саяхан дараачийн “но” цухуйв. 2008 оны орон нутгийн сонгуулиар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших хугацаандаа “Баянгол-түншлэл” нэрээр сурталчилгаа явуулж, төсвийн 10 сая төгрөг зарцуулсныг АТГ-аас илрүүлээд дахин хэрэг үүсгэлээ.

Л.Амгалангийн хариулт удаан хүлээлгэсэнгүй.

2009.11.08-ны Ням гаригийн 12 цагийн үед МҮОНТ-ийн хөтөлбөрт байгаагүй хулгайн нэвтрүүлэг гэнэтхэн орж ирэв. [Яг эхлэлийг үзээгүй тул нэрийг мэдэж амжсангүй]. Баянгол дүүргийн ялалт амжилтыг нэгбүрчлэн танилцуулаад энэ бүгдийг Засаг дарга Л.Амгалан манлайлаад зогсохгүй орон гэргүй эрд гэр олгож, бяцхан охиныг нь өөрөө хөтлөн оруулсан зэрэг сэтгэл хөдлөм явдлыг харуулав. АТГ-ын мөрдөн байцаагчид үзээд нулимс дуслуулсан байх учиртай.

Төгсгөлд нь МҮОНТ-ийнхэн нэр хаяг огт тавьсангүй. Аргагүй дээ. Хулгайч нэрээ үлдээлээ гэж сонссон уу?

Бас нэгэн зүйл. Л.Амгалангийн “Баянгол-түншлэл” нэртэй сурталчилгааны кампанийг МҮОНТ хэд хэдэн удаа хулгайгаар сурталчилж 10 саяас нь овоо юм хүртсэн гэдэг.

Posted in 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 14 Comments »

“Зоригттой тойм”

Posted by Ажиглагч on 2009/11/08

Toim setguul, D.ZorigtНоднин зуны УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт МАХН-аас нэр дэвшигчид болон Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баярт нарт зориулсан хоёр дугаараас хойш “Үндэстний тойм” сэтгүүлийг хараагүй явснаа саяхан болж өнгөрсөн УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн, ЭБЭХ-ний сайд Дашдоржийн Зоригттой дугаарыг санаандгүй олж үзлээ. Чингэлтэй дүүргийн олон мянган айлуудаар үнэгүй тараагдсан, иймээс номын дэлгүүр, сонины мухлагаар үзэгдээгүй биз

Редакцийн зурвастаа “Монголчуудын хүсэн хүлээсэн Оюутолгойн гэрээ батлагдлаа. Удтал дуншсан энэ гэрээ ард түмэн, иргэний хөдөлгөөн, улс төрчдийн хамтын хүчээр тодорхой тооны хэдэн хүнийг эс тооцвол бүгдийн сэтгэлд нийцэхээр нөхцөлтэй батлагдсан гэдэгт бид итгэлтэй байна” (яаж мэдэж байна аа?) гэж эхлээд “Чингэлтэй дүүрэгт болж буй нөхөн сонгуулийн өмнө гарч байгаа тул энэ сэдвийг бас тойроогүй ээ. Тус сонгуульд МАХН-аас нэр дэвшиж буй Д.Зоригтод бид гол өгүүллээ зориулсан” гэнэ. Санаандгүй таарчихаж.

Гол өгүүлэл нь бүхэл бүтэн багц бөгөөд хоёрдахь ерөнхийлөгч Н.Багабандийн “Хүнийхээ хувьд их зөв залуу” , Д.Зоригтын өөрийнх нь бичсэн “Есөн эрдэнийн эх орон”, бас “Үндэсний шуудан” сонины Б.Ганчимэгийн “Дөчин насных нь босгон дээр дөрөөнд нь сүү дусааж угтаарай”, “Нийгмийн толь”-ийн Л.Мөнхбаясгалангийн “Түүний зүрх сэтгэлд итгэнэ”, “Аугаа Монголын залуу нас чи алдахаасаа бүү айтугай” нийтлэлүүд багтжээ. Манай топ хоёр захиалгат сэтгүүлчийн эдгээр нийтлэлүүд сайтуудад бас тавигдсаныг (харин сэтгэгдлийг тас хаасан байв) саналаа. Нэг сумаар баахан туулай намнажээ.

Дугаарт орсон танин мэдэхүйн бусад нийтлэлүүд урьдын адил дэндүү сонирхолтой. Ялангуяа С.Содбаатарын “Банхар” өгүүлэл. Тэд чинь төвд гаралтай юм байна шүү!

Posted in + СЭТГҮҮЛ, 2009 оны УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгууль | 3 Comments »

“Намайг барьж байгаарай…”

Posted by Ажиглагч on 2009/10/25

УИХ-ын Чингэлтэй дүүрэг дэх 24-р тойргийн нөхөн сонгуулиар ялалт байгуулсан эрх баригч нам хууль зөрчсөнийг илчлээд зогсохгүй хариуцлага нэхэж сандаргах, магадгүй том хэрэг үүсгэх хөдөлшгүй баримт УИХ-ын гишүүн З.Алтайг ажилдаа ирэх замд нь өөрөө ороод ирэх нь тэр.

Шинээр сонгогдсон гишүүн Д.Зоригтыг тангараг өргүүлсэн нэгдсэн хуралдаан дээр түүний юу ярьсныг дор буулгав.

“Зоригт боловсролтой, чадалтай, намын залуу сайн кадр, цаашдаа төр түшилцээд явахад бүрэн боломжийн хүн гэж бодож байгаа. Аав ээжийг нь ч би сайн танина, монгол телевизэд бид бас хамт олон жил ажиллаж байсан аятайхан улсууд байдаг гэж бодож байгаа. Гэхдээ саяын болж өнгөрсөн сонгуулийн талаар би энэ хувьсгалт намын нөхдүүдэд, ардчилсан намын нөхдүүдэд ч гэсэн, Сонгуулийн ерөнхий хороонд бас нэг зүйлийг хэлмээр байна. Зоригт бол үндсэндээ өөрийн чадал чадавхи, оюун ухаанаар энэ Чингэлтэйн тойрогт ямар нэгэн шахалт… муу зүйлгүйгээр гараад ирвэл гараад ирчих бүрэн боломжийн залуу шүү дээ. Өөрийнхөө чадлаар, өөрийнхөө нэрээр. Гэтэл энэ сонгуулийн ажиллагаанд хувьсгалт намын сонгуулийн штабын нөхдүүд, би тэгэж л бодож байгаа, удирдах зөвлөл нь дээрээс удирддаг юм уу асар их хэмжээний мөнгө тараасан. Хорь хорин мянгыг гарцаагүй өгсөн ш дээ. Үгүй гэж та нар хэлж чадахгүй. Манай жолооч гэр бүлээрээ тэнд амьдардаг. Манай жолоочийнд очоод 40 мянган төгрөг өгсөн. Сонгуулийн өдөр өглөө гэрээс нь машинаар авч яваад ээжтэй нь цуг сонгуулийн штаб дээр сонгуулийг нь өгүүлээд авчирч гэрт нь буулгадаг. Мөн сайхан үйлчилгээ байгаа биз. Тэр хавийн зөндөө улсуудад Энхбатаас өгсүүлээд мэднэ хорь хорин мянган төгрөг өгсөн. 60 гаруй мянган сонгогч Чингэлтэй дүүрэгт байдаг юм бол 20 мянгаар үржээд үз. Тэрбум 200 сая төгрөг биз дээ. 40 мянган сонгогч сая саналаа өгсөн юм бол хэд болохов? Би зүгээр Зоригтийг өгсөн гэж хэлэхгүй, Зоригт арай тийм муухай юм бодож санах ийм сэхээтэн залуу биш. Ерөөсөө нэг егзөр муусайн намын сонгуулиас сонгуулийн хооронд сонгуулийг эд агуурс, мөнгө хөрөнгө, элдэв юмаар … одоо хүмүүст тарааж өгч саналыг нь авч үзэл бодлыг нь эргүүлж муйхарлаж явдаг намын нэг муухай улсуудын заваан аргыг л намын штаб нь, намын хуучин егзөр кадрууд нь хэрэглэсэн гэж л би бодож байгаа. Зоригт бол тэр 20 мянгыг мэдээ ч үгүй байх. Бүх гишүүдийг би хэлэхгүй ээ. Энэ мөнгөөр аргалдаг, өрөө чадал байхгүй, нэр хүнд байхгүй, мөнгөөр аргалж хүний сонголтыг худалдаад аваад энд ичихгүй сууж байгаа энэ хоёр нам дотор цөөнгүй улсууд байгаа шүү. Одоо ингээд л гэмгүй царайлчихсан сууж байгаа. Энийгээ дараа 12 оны сонгууль дээр та нар болиоч ээ. …

Хэрвээ З.Алтай сонгуулийн луйврыг үнэхээр таслан зогсоохыг хүссэн бол Д.Зоригтод хандаж “Танай нам мөнгө тараасныг нотолчихвол чи УИХ-ын гишүүнээсээ буцах уу?” гэх мэтээр ам өчгийг нэхэхээс эхлээд гишүүний хувьд асуулга тавих, парламентын комисс байгуулахыг шаардах, бас жолоочдоо чөлөө өгч Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар луу мэдүүлэг өгүүлэхээр илгээх, хэрвээ цаадах нь зүрх алдаад байвал өөрөө хөдөлж болохсон. Жирийн жолооч ба эрх мэдэлтэй төрийн түшээ, тэр тусмаа хамгийн “шударга” гишүүний ялгаа чухам энд байх учиртайсан.

Гэтэл яав? Танхимд байхгүй хувьсгалт намын штаб гэгчийг эзгүйчлэн харааж хэд цамнаад, харин цаадуулынхаа хулгайлж өгсөн юмыг аваад УИХ-ын танхимд ороод ирснийг нь мэдсээр байж Зоригтод тал засч байж хоёр нүүр гаргах нь тэр.

“Намайг барьж байгаарай” гээд бариулаад хэн хэндээ хал балгүй агсарч бусдын зугаа гаргадаг нэгнийг санагдуулчихлаа.

Posted in 2009 оны УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгууль, Улс төр, эдийн засаг | 4 Comments »

“Хүүхнүүд хүүхнүүддээ маш дургүй”

Posted by Ажиглагч on 2009/10/16

Чингэлтэй дүүргийн 24-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшсэн хүүхнүүд хүүхнүүдтэйгээ үзэлцээд, бас тэднийг бичдэг сэтгүүлч хүүхнүүд нэр дэвшигч залууг л дэмжсэн нийтлэлүүдийг (өмнөх “Сэтгэгдэл оруулах боломжгүй” бичлэгийг үзээрэй) уншихад “хүүхнүүд хүүхнүүддээ дургүй” гэдэг үнэн байж магадгүй. Үг, өгүүлбэрээс нь харахад “маш дургүй” бололтой.

Энэ удаагийн санал хураалтаар эсвэл ялна, эсвэл ялагдана. Хоёрдугаар байр, мөнгөн медаль гэж үгүй. Иймээс Д.Зоригт ялахнээ. Харин хүүхнүүд бие биенээ намнасаар байна. Бараг бүх сонин, сайтад өнгөтөөр тавигдсан “24 дүгээр тойргийн хоёр хатагтай хэн нь хэн бэ?” (... Г.Уянга: Нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 20 жил улс төрд идэвхитэй ажиллах боломжтой. Р.Бурмаа: Нөхрөөсөө салсан. 3 жилийн дараа тэтгэвэрт гарна. Тийм учраас сонгогчиддоо тараасан бүх материалд хэдэн онд төрсөнөө бичдэггүй… ) гэсэн харьцуулалт үүний бас нэг жишээ.

Магадгүй тэдэнд хэн нэгэн “туслаад” байна уу?

Posted in 2009 оны УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгууль | 7 Comments »

“Сэтгэгдэл орох боломжгүй”

Posted by Ажиглагч on 2009/10/16

Сонин юм анзаарлаа. Вэб сайтад нийтлэгдсэн өгүүллийн араас уншигчид элдэв юм бичдэг зовлонтой асуудал бий. Уг нь сэтгэгдэл бичих ёс зүйн дүрэм маягийн юм зарлаад илт хараал ерөөл, АНУ-аас дөнгөж оруулж ирсэн компьютерийн зар сэлтийг хасаад байж болохсон. Даанч манай сайтууд залхуурч зүгээр л сул тавьдаг хэрнээ “эгзэгтэй” нийтлэлийн сэтгэгдлийг шууд хаачихаж байна. Яагаад?

Хэд хоногийн өмнө нэрт сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Агуу Монголын залуу нас чи алдахаасаа бүү айтугай” гэж уриалсан (…энэ удаагийн сонгууль эхлэв үү үгүй юу энэ залуу халуун насыг минь элдвээр харааж зүхлээ. Учир нь МАХН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтийн нас дэндүү залуу байна гэнээ. Боловсрол мэдлэг нь болж байна, харин залуу байгаа нь буруу гэцгээж байна. Ажиглаад байхад залуу халуун бүхнийг үгийн илдээр хайр найргүй сийчиж амтай болгон зоргоороо элдвэлдэг муухай зуршил тогтчих гээд байх тул харин миний залуу нас эмнэг адуу мэт цамнаж үгээ хэлэхээр үзгээ шүүрлээ…. Авилгад идэгдэж өдрөөс өдөрт доройтох нийгмээ шинэчлэхийн төлөө сэтгэл зүрхэндээ гал асаан нэр дэвшсэн Дашдоржийн Зоригт чи бас бидний залуу нас…) бичлэг http://www.news.mn-д нийтлэгджээ.

Хоёр биенийхээ залуу насыг дуудсан уян налархай мөрүүдийн араас уншигчид, Д.Зоригт ах чинь дунд насных, үүний оронд жинхэнээсээ залуу Жавхлан, Уянга нарыг төлөө цамнаад өгөөч гэх мэтээр бичиж таарна. Тэр тусмаа ийм мундаг нийтлэлийг захиалагчид нь хэдээр үнэлснийг сонирхож ч магадгүй. Иймээс “Энэ мэдээнд сэтгэгдэл орох боломжгүй байна” гээд хаачихаж. Сүүлийн өдрүүдэд түүний туурвисан “Д.Зоригт: Би төр түмэндээ хүчээ өгөх гэж зүтгэж байгаа жирийн л залуу”, “Энэ чинь ардчилал юмуу, Р.Бурмаа” гэх мэт нийтлэл, ярилцлагуудад бас л “Сэтгэгдэл бичих боломжгүй”.

http://www.sonin.mn сайтад бүр илүү нэрт сэтгүүлч Б.Ганчимэгээс МАХН-аас нэр дэвшигч Д.Зоригтод зориулсан “Дөчин насных нь босгон дээр дөрөөнд нь сүү дусааж угтаарай!” нийтлэл тавигджээ. (… Д.Зоригт сайд гаднаасаа зөөлөн, даруу хүн харагддаг. Зөөлөн, даруу төрхнөөс нь үүдээд зарим хүн түүнийг зориггүй гэж харах гээд байдаг тал ажиглагддаг. Мэдээж улстөрч хүнд зориг чухал. Зоригийн тухайд Д.Зоригт хар багаасаа л шийдэмгий товарищ байсан нь анзаарагддаг… Төрд ажилласан намтраас нь ёс суртахууны өндөр үнэлэмж ханхалдгийг Ерөнхий сайд С.Баяр онцгойлон иш татаж байна лээ. Үүгээрээ тэр цэвэр тунгалаг нэр хүнд, ёс суртахууны гэрэл гэгээтэй жишгийг улс төрд босго болгон тавьж байгаагаа зарласан гэж бид хүлээн авч байна…) Эдгээр гоё үгнүүдээс юу ханхлаад байна аа? Иймээс “Сэтгэгдэл оруулах боломжгүй”. (Сониноос, энэ ярилцлага маргааш нь алга болчихов. Үүргээ биелүүлсэн тул хассан бололтой)

Харин http://www.gogo.mn сайт уг ярилцлагыг одоохондоо байлгаж харагдана. Төгсгөлд нь “Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгvй байна” гэжээ. Уучлал гуйх нь аргагүй. Өмнөөс нь ичсэн биз.

Posted in 2009 оны УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгууль | 6 Comments »

“Өнөөдөр”-ийн чулуудсан яс

Posted by Ажиглагч on 2009/10/13

УИХ-ын нөхөн сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд сонинууд заваарч өгч байгаа бололтой. Монголын хэвлэл мэдээлэл дундаас өөрийгөө хамгийн цэвэрт тооцдог “Өнөөдөр“ сонины өчигдрийн дугаарын  Hot news буланд “М.Ичинноров “дүрдээ итгэв” гарчигтай мэдээ нийтлэгджээ.

“Хуульч М.Ичинноров улс төрийн бохир тоглоомоор өөрийгөө илэрхийлэхийг хүссэн бололтой. СЕХ-нд бие даан нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ хуулийн дагуу зохих материалаа бүрдүүлээгүй гэх тэрбээр АН-ын нэр дэвшигч Р.Бурмаагийн нэр хүндэд халдсан мэдэгдлүүд хийх болсон билээ. Нөхөн сонгууль тойрсон улс төрд нөхөөс маягаар ийнхүү хөл тавьсан энэ эмэгтэй саяхнаас бүр ч “дүрдээ итгэж, Р.Бурмаагийн эсрэг хүйтэн дайн зарлаад байна. СЕХ-ноос М.Ичинноровын бие даан өрсөлдөх асуудлыг дахин авч хэлэлцэх сураг гарсан. Гэвч энэ үр дүн түүнд хэрэггүй аж. “Сонгуульд өрсөлдөх боломж алга” хэмээн мэдэгдэж, хэвлэлийн бага хурал зарлахаар зэхэж буй М.Ичинноров өдөр тутмын сонинуудад Р.Бурмааг элдвээр гоочилсон төлбөртэй нийтлэл хэвлүүлэхээр гуйж явна. “М.Ичинноров хөөрхөн, Р.Бурмаа муухай” гэж тунхагласан уг төлбөрт нийтлэлийн өндөр зардлыг хэн төлж байгаа нь сонин хэвээр үлдэв”

Нээрээ сонин юм даа гэж бодов. Тэгтэл “Өнөөдөр” сонины яг энэ дугаарт “Нөхөн сонгуулийн анир буюу Р.Бурмаагаас М.Ичинноров хүртэл” өгүүллийг тэргүүн нүүрнээсээ хоёрдугаар нүүрэнд дамнуулан саарал дэвсгэртэйгээр ихэд чухалчлан нийтэлснийг уншаад  нүдэндээ итгэсэнгүй. Хэдэн ишлэл авья:

… Учир нь түүнийг [Ичинноровыг] нэр дэвших сургаар Р.Бурмаа ихэд цухалдсан гэдэг. Тэрбээр М.Ичинноровын нэрийг тойргийн хороогоор хасуулахаа мартсангүй… Р.Бурмаа Ичинноровоос сэргийлэн ийнхүү нэрийг нь хасаж сүр хүчийг үзүүлэв… түүнийг нэр дэвшүүлэхгүйн төлөө, М.Ичинноровын тухай мэдээ гаргахгүй гэсэндээ зарим сонин, телевизүүдэн мөнгө амлаж байсан сураг бий… М.Ичинноровын нэрийг хассан Чингэлтэй дүүргийн тойргийн хорооныхон Нийслэлийн Ардчилсан нам гэсэн микроавтобуснаас бууж ирсэн гэсэн… Энэ бүх үйл явдлуудаас харахад М.Ичинноровоос Р.Бурмаа айж түүнийг нэр дэвшсэн тохиолдолд өөрөө сонгогдохгүй байх магадлалаа олж харсан учраас ийм бохир арга хэрэглэжээ гэж үзэхээс өөр тайлбар байхгүй мэт санагдана… Хүний эрхийн хуульч бүсгүйтэй нэг тойрогт өрсөлдөхөөс юунд тэгтлээ айж өөдгүй арга хэрэглэх болсон нь хачирхалтай бөгөөд харамсалтай… Р.Бурмаа хатагтай нас залуу, боловсролтой, дайчин эмэгтэйчүүдэд дургүй юм гэж үү?…

“М.Ичинноров хөөрхөн, Р.Бурмаа муухай” гэсэн хов живийн цуглуулга мөн байна! (“М.Ичинноров “дүрдээ итгэв” мэдээг www.mongolnews.mn сайтдаа тавьсан мөртлөө энэ өгүүллийг орхисон нь учиртай байж). Төгсгөлд нь мутраа хайрласан Д.Гансүх нэртэй сэтгүүлчийг харах юмсан…

Хулгайч хулгайчаа бариарай гэж орилдог тал бий. Харин өөрөө хулгай хийчихээд бариарай гэж дэмийрэв бололтой, “Өнөөдөр” сонин. Тэгэхлээр “нийтлэлийн өндөр зардлыг” хэн төлж байгааг тус сонин мэдэхээр барахгүй (зардал “өндөр” гэдгийг хүртэл сайн мэджээ. Золтой л тоог нь бичсэнгүй) аваад халаасалчихсан, эсвэл хоёр нэр дэвшигч эмэгтэйн хооронд яс чулуудаж, үүгээрээ өөр нэгэн нэр дэвшигчид тус болж харагдлаа.

P.S: Үлдсэн өдрүүдэд сонгуулийн сурталчилгааг анзаарья байз.

Posted in 2009 оны УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгууль | 7 Comments »

Сонгуулиар завсарладаг мэргэжил

Posted by Ажиглагч on 2009/08/10

Ерөнхийлөгчийн сонгуулиар сураг алдран далд фронтод сэмээрхэн дайтаж яваад ирсэн зарим сэтгүүлч хэсэг амсхийгээд дэлгэцнээ дахин үзэгдэж эхэллээ.

Жишээлбэл, нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгааны штабт зүтгэсэн “25-р суваг” телевизийн сэтгүүлч Пүрэвхүү “Миний мэргэжил-сэтгүүлч” нэвтрүүлгээ сэргээж Сүхбаатарын талбайн урдах Ахмадын холбооны байранд очиж Баасан хатагтайтай уулзсан бичлэгээ үзүүлэв. (Нурах шахсан барилгад Баасан конторлож ахмадууд цугларсан хэвээрээ, хэрвээ тэдний мэдэлд өгчихвөл хөрөнгө оруулагч бэлэн, засаад гоё байшин болгохоо амалж байна)

Ингээд сонгуулийн өдрүүдэд Пүрэвхүүгийн “Миний мэргэжил – сэтгүүлч” биш байсан бол одоо буцаад мөн болсон хэрэг.

Сурталчилгаа эхлэхэд хоёр намын штаб телевизийн захирлуудад хандаж “татгалзахааргүй санал” олныг тавьсны нэг нь гайгүй сэтгүүлчдийн нэр цохож штабтаа авч ажиллуулах хүсэлт байжээ. Бараг бүх захирлууд зөвшөөрч сэтгүүлчдээ зарчихсан байна. Зараагүй, зүгээр л чөлөө өгөөд явуулсан гэх биз. Гэхдээ редакцийн ёс зүйн зарчим энэ тэрийг “мартсаныхаа” төлөө тухайн телевиз асар их сурталчилгааг өндөр тарифаар саадгүй авч цацсан билээ. Зарагдсан сэтгүүлчийн тухайд гэвэл тусдаа гэрээ байгуулж үнэ хөлсөө тохирсон …

Харин одоо “шударга, тэнцвэртэй”, бас “хэнд ч худалдагдахгүй” ажиллах цаг ирлээ. Юу ч болоогүй юм шиг …

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 25-р суваг телевиз | 7 Comments »

Өнгөрсөн ба энэ 7-р сарын 1.

Posted by Ажиглагч on 2009/07/02

2008 оны УИХ-ын сонгуулиас хойшхи хоёр дахь 7-р сарын 1 өнгөрлөө. Эхнийхээр нь үймээн самуун дэгдэж МАХН-ын байр, Соёлын төв өргөөг галдан шатаасан, үй олон энгийн иргэн, цагдааг гэмтээж бэртээсэн, дараа нь 5 хүнийг буудаж хөнөөсөн, тэгээд хэдэн зууг шоронд хийсэн билээ. Дахиад хэд ачигдах дутуу байгаа…

Харин хоёрдахиар нь эхнийхийг эргэн дурслаа. Улс төрчдөөс эхлээд жирийн иргэд тэр хэрэг явдлын шалтгааныг “сонгууль шударга биш болсноос” гэж ярихыг өдөржин сонслоо.

Тэр ч бүү хэл экс ерөнхийлөгч Н.Энхбаяр “7-р сарын 1-ны хэрэг явдлын учрыг олохын тулд бүхнийг хийх болно” гэж тангараглаад буусны дагуу “Зууны мэдээ” сонин, TV9 телевиз санал асуулга зарлаж “Төрийн эргэлт хийх оролдлого уу?”, “Өнгөт хувьсгал хийхийг санаархсан уу?” гэх мэтээр чиглүүлж өгөөд байхад л 66 хувь нь “сонгуулийн будлианаас” гэж хариулснаар эзнээ хүнд байдалд оруулах нь тэр.

Бас энэ орой Монгол Улсын цоо шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МҮОНТ-ээр ярилцлага өгөхдөө (тэртээ тэргүй буучихсан Н.Энхбаярын араас “уул тахиад байгаа юм уу, хүн тахиад байгаа юм уу?” зэрэг хэдэн үг чулуудсанаар өөр гойд юмгүй яриа болов) 7-р сарын 1-нээс сургамж авах хэрэгтэй гэхээс цааш хэтэрсэнгүй.

Уг нь ноднингийн санал хураалтын маргааш АН-ын дарга Цахиагийн Элбэгдорж өөрийн биеэр хэвлэлийн хурал зарлаж “бидэнд өгсөн саналыг луйвардчихлаа” гэж цамнаад эхэлснийг санаж байна.

Сонгууль үнэхээр будилсан юм уу? Хэрвээ бид энэ асуултанд шударгаар хариулж чадахгүй бол 7-р сарын 1-ны үйл явдалд зөв онош тавьж чадахгүй ээ. Мэдээж төгс сонгууль болоогүй. Будлиан зөрчил зөндөө гарсан. Гэхдээ сонгогчдын олонхи АН-ын төлөө саналаа өгснийг МАХН руу хэлтийлгэснийг хэн нотолсон юм бэ?

Дан ганц иргэний үнэмлэхээр санал өгүүлснийг буруутгасан АН-аас нэр дэвшигч Р.Бурмаагийн гомдлыг шүүх дэмжсэн ч сонгуулийн дүнг бүхэлд нь эргүүлэхээр биш байсан бол бусад гомдол заргууд бүгд нотлогдоогүй өнгөрсөн билээ. Надад ч гэсэн шударга бус санагдсан ч хуулиндаа тэгээд заачихсан, эсвэл түс тас журамлаагүйн улмаас бүгд л өөрсдийн зөв гэж хэрэлдэхээс хэтрээгүй реалити шоу хичнээнийг ч харав даа. Хууль нь тийм юм чинь.

2008 оны сонгуулийг явуулсан хууль бол МАХН ба АН хоёр зөвшилцөөд нэг хөнжилд ороод байсан 2005 оны 12-р сард төрсөн “хүүхэд”. Цаадуул нь Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг “огцрууллаа.. болилоо… тэгвэл огцрууллаа… “ гэж сандалтай нь дэнжигнүүлсээр байгаад амжуулчихсан эд. АН-ынхан сайн хуулийг бус Ерөнхий сайдын суудлыг сонгосон ч МАХ намынхан хэргээ дуусмагц хагас сарын дараа хөмрүүлж орхисон …

Дараачийн буруутны тухайд. 2008 оны УИХ-ын сонгуулийн “будлианы” гол буруутнаар тодроод байгаа СЕХ-нд хэн хэн орсон билээ? Хоёр нам бас л зөвшилцөж “дарга нь манайх, дэд нь танайх.. гээд хувааж авцгаасан санагдах юм.

Бас сонгогчдын нэрсийн жагсаалт, санал хураалт, тооллого, нэгтгэлийг ямар үл мөргүй будлиулдаг 90-ээд оны “Алтан цөгц”, Өнөрмаагийн гал мэт ид шидийн аргуудыг хэрэглэсэн гэж ноднингоос хойш хичнээн шуугив? Тэгвэл 2008 оны сонгуулийн тойрог, хэсгийн хороодын бүрэлдэхүүний лав тэн хагаст намаасаа томилогдож очсон ардчиллынхан хаана байв? Сонгуулийг шударгаар явуулахад оролцох, хяналт тавихад өөр юу хэрэгтэй юм бэ? Гадаадынхнаар хуулиа батлуулж, сонгуулиа хийлгэх байсан юм уу?  

Тэгчихээд “сонгууль шударга бус боллоо” хэмээн албан ёсоор турхирахад (мэдээж Магнай, Батзандан, Жаргалсайхан нар буухиалан үргэлжлүүлсэн) саналаа хайр гамгүй өгсөн АН нь ялаагүйд бухимдсан баахан залуучууд доргиж 2008 оны 7-р сарын 1-ны шударга ёсыг тогтоох хувьсгалын баатрууд гэж гэж дүрдээ итгээд …. нэг мэдэхэд түймэр, үхэл, хагацал, шоронгоор төгссөн.

Дашрамд дурдахад, 2008 оны сонгуулийн дүнг будлиантуулсан нэг хэрэг бараг нотлогдсон нь Баянгол дүүргийн сонгуулийн тойрогт АН-аас нэр дэвшигч, УНДЕГ-ын дарга асан С.Эрдэнийн хамсаатнуудынх. Шүүх хурал дээр АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд ирээд шүүгчдийг эгцлэн харж дарамтлаад суучихдаг. Хөөж гаргалтай биш…

Тэгвэл одоо 2008 оны сонгуулийг луйвардуулсан гэх АН-ынхан луйвардсан гэх МАХН-тайгаа дахиад л эвсээд (харин үүнийг шинэ Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн байхдаа эсэргүүцээд дийлээгүй санагдана) яваа. Уг нь хоёр нам УИХ-ын танхимд хайр майргүй үзэлцээд (эрхбиш насанд хүрсэн хүмүүс учраас гайгүй биз) дэлгэрэнгүй бөгөөд цоорхойгүй хууль гаргах ёстой атал найзалчихлаар нэг л өдөр сонгогчид нь гудамжинд үзэлцэж эхлэнэ биз дээ?

7-р сарын 1-ны аймшигт хэрэг явдлын учир шалтгааныг парламентын комисс байгуулан жинхэнэ үнэнийг тодруулж зарлахын оронд иргэний нийгмийн байгууллагууд бүтэн жилийн турш хийж байгааг дууриаж нэгэнт өнгөрсөн хүний эрхийн зөрчлийг шалгах УИХ-ын ажлын хэсэг байгуулж, бас өршөөлийн хууль, нөхөн төлбөр зэргээр хоёр нам нүглээ халхлан сугарч үлдлээ.  Зөвхөн цагаан байр, цагдаа, залуучууд гурвын хооронд нэг юм болоод өнгөрсөн юм шиг…

Чухамдаа 7-р сарын 1-ны хариуцлагыг дээрээсээ  бөгөөд өөрөөсөө эхлээд тооцсон бол шинэ Ерөнхийлөгчийн амалсан тэр шударга ёс Монголд тогтох эхлэл болохсон.

Харамсалтай нь дахиад хойшиллоо…

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 13 Comments »

“Буцаагаад яах юм бэ? Надад өгчих. Би зүүгээд явж байя”

Posted by Ажиглагч on 2009/06/21

Бууж байсан Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гаргаж баахан хүнд төрийн дээд шагнал, одон медаль түгээснийг яам, тамгийн газрууд гурван өдөр дараалан түгээж байж сая барах шиг болов. Хэвлэл мэдээллийнхнээс TV9 телевизийн захирал Ц.Энхбат, “Зууны шуудан” сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболд хоёр гавъяат, бас “Зууны мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Д.Болдхуяг, “Улаанбаатар” радиогийн захирал У.Булган, МҮОНРТ-ийн “ММ” агентлагийн захирал Д.Энхтуяа нар одон тэмдэг авчээ. Заримыг нь 2000 оноос хойш МҮОНРТ-ын даргаар тавьж үнэнчээр зүтгүүлсэн, зарим нь одоо өмч хөрөнгийг нь сахиж буй, тэгээд бүгдээрээ саяын сонгуулиар “гэмгүй” сайн зүтгэсэн хүмүүс гэдгийг дурдахаас илүү тайлбар хэрэггүй биз.

Харин яагаад Б.Ганболдоос бусдад нь Ерөнхийлөгч өөрийн биеэр гардуулсангүй вэ? Эзэн хүн хувийн телевизийнхээ Ерөнхий захирал, бас Ерөнхий нягтлангийн (саяын сонгуулиар мөнгө төгрөг яасан ийснийг мэдэж авсан, гомдоож болохгүй чухал хүн!) энгэрт одон, тэмдэг зүүгээд зогсож байна төсөөл дөө! Н.Энхбаяр хүртэл ичнэ биз дээ?  Иймээс өөрт зүтгэсэн тэр нөхдийг Монгол төрийн өмнө үнэхээр гавьяа байгуулсан хүмүүстэй хольж байгаад бөөндчихлөөр сүлэгдээд танигдахаа больчихож байгаа юм (Насандаа ганц олдсон одон тэмдгээ Ерөнхийлөгчийн гараас авч чадаагүй жирийн гавьяатууд л сэтгэл гонсгор үлдсэн байх).  Саяын сонгуулиар Н.Энхбаярын сурталчилгааны гол зэвсэг болсон TV9 телевизийн ерөнхий захирал Ц.Энхбатын гавъяатынх нь тэмдгийг БСШУ-ны сайд гэхэээсээ илүү МАХН-ын сонгуулийн штабын дарга Ё.Отгонбаяр зүүж өгснийг  анзаарсан уу?

Эрх мэдэлтнүүд хэвлэл мэдээллийг өөртөө үйлчлүүлдэг байсан бол одоо өмчилдөг болжээ. Харин шагналыг нь төрөөс гаргадаг хэвээрээ. Хувийнхаа юмуу намынхаа шагналыг өгдөг юм байгаа биз…

P.S:

Саяхан Баатар найруулагч гавьяатын цол тэмдгээ буцааж өгөхөө зарласан тухай мэдээний ард “Буцаагаад яах юм бэ? Надад өгчих. Би зүүгээд явж байя” гэсэн сэтгэгдэл бичсэн харагдсан. Одон, медаль зугаа болж гүйцлээ. Удалгүй баяр наадмын өмнө шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяын сонгуульд хөлслөгдсөн хүмүүс болон намын үнэнч нөхдөө жинхэнэ гавьяатнуудтай нийлүүлж бөөндөхгүй гэдэгт найдья.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 10 Comments »

Сүхбаатарын талбайн дөрөвний нэгийг ч дүүргээгүй…

Posted by Ажиглагч on 2009/06/20

Би андуурсан юм шиг байна. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг TV9 шууд дамжуулаагүй гэж зарим үзэгч хэллээ. Кино гарч байсан гэнэ.

Харин тэр оройдоо “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрөөр Сүхбаатарын талбай дээр болсон цэргийн жагсаалын тухай даруухан сурвалжлагадаа “шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын зардал өмнөх Ерөнхийлөгчийнхөөс хоёр дахин нэмэгдсэн… цэргийн парад хийсэн нь юуны өмнө гадаадын зочдод зориулсан үзвэр болов… Сүхбаатарын талбайн дөрөвний нэгийг ч дүүргэхээргүй хүмүүс цугларлаа” хэмээн гомдолтой төгсгөжээ. Маргаашийн “Энэ өдөр ”Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 150 гаруй орны зочид, төлөөлөгчдийг урьснаас хамгийн том нь ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Миронов байлаа” гэж голонгуй дуугарсан бол араас нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын түүхэн гавъяаг тайлбарлахдаа сэргэж “Үе үеийн ерөнхийлөгчид дундаас мөрийн хөтөлбөрөө 100 хувь биелүүлж чадсан ерөнхийлөгч гэдгийг хүн бүхэн хүлээн зөвшөөрдөг” гэв.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, TV9 телевиз | 5 Comments »

UBS-ын хоёрхон нүүр

Posted by Ажиглагч on 2009/06/17

Саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар телевизүүд хэтэрхий “тэнцвэртэй” ажилласнаа нотолж, тэр нь нотлогдохгүй бол “нэг нам нь нэвтрүүлгээ өгөөгүй учраас нөгөө намынх илүү гарч зовоогоод” хэмээн бухаж үзсэн билээ. Хэрвээ тийм бол нэг намынх хэмжээндээ, харин нэвтрүүлгээ өгөөгүй намынх СЕХ-ны баталсан хуваариас бага байхсан. Гэтэл хоёр намын сурталчилгаа хоёулаа хэд дахин хэтэрсний учрыг тайлбарлахыг тэд хүсдэггүй.

Тэгвэл UBS телевизийн ерөнхий редактор Ө.Гэрэлтцэцэг тус телевиз сонгуулийн сурталчилгаанд ёс зүйг дээд зэргээр эрхэмлэж хандсан гээд “Намуудын нэвтрүүлгийг урьдчилж үзээд өрсөлдөгч рүүгээ дайрсан тохиолдолд нэвтрүүлэхээс татгалзаж байсан, тухайлбал АН-аас ирүүлсэн тийм нэвтрүүлгүүд хасагдсанаар МАХН-ынх бага зэрэг илүү гарсан” тухай ярьж байв.

Тэгвэл дараах жишээг яаж тайлбарлах бол? АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг удам судраар нь доромжилсан “Монголоороо л үлдэх юмсан” нэвтрүүлгийг UBS телевиз жа хэмээн хүлээн авч лав 5-р сарын 20-ны өглөө “сэмхэн” үзүүлсэн гэх юм?

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, UBS телевиз | 7 Comments »

Тэнцвэртэй худалдагдсан …

Posted by Ажиглагч on 2009/06/15

Олон нийтийн телевиз өөрийн сайтдаа “Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр МҮОНРТ тэнцвэртэй ажиллажээ” хэмээн зарлав. Гэхдээ тэдний иш татсан сонгуулийн сурталчилгааны мониторингийн хэлэлцүүлэг дээр сууж, бас санал бодлоо хэлсний хувьд МҮОНТ үзэгчиддээ зөвхөн тал үнэнийг хэлснийг гүйцээхээс.

2009 оны 4-5-р саруудад орон даяар нэвтрүүлгээ явуулдаг телевизүүд, түүний дотор олон нийтийн телевиз зөвхөн хоёр нэр дэвшигчийн сонгуулийн штабын захиалгаар ажиллаж өөрсдийн буюу сэтгүүл зүйн мэдээ, сурвалжлага, тайлбар гэж байдгийг “мартсан”-аа бүгд хүлээн зөвшөөрсөн. Тэгэхлээр сурталчилгаа тэнцсэн тэнцээгүй нь тухайн телевизийн гавьяа юмуу буруу биш, харин сонгуулийн штабуудын дур зоргийн хэрэг байв. Хэрвээ хүсвэл нэр дэвшигчээ магтаж, хүсвэл өрсөлдөгчийг нь муулах хоёрыг ээлжилсний дүн магадлалын онолоор ойролцоо гарчээ. 

МҮОНТ үзэгчдээсээ нуусан тал үнэн бол тэд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу СЕХ-ноос баталж аль намын нэвтрүүлэг хэдний өдөр, хэдэн цаг минутаас явж хичнээн үргэлжлэхийг нэгбүрчлэн зааж өгсөн хуваарийг намуудын штабуудтай хуйвалдан зөрчиж хамаагүй илүү сурталчилгаа хийж өгсөн байлаа. Харин тэнцвэртэй худалдагдсаныг хэлэх хэрэгтэй.

Чухамдаа битгий худалдагдаарай гэж төрөөс Олон нийтийн телевизийн тухай хууль гаргаж, зөвхөн 2008 онд гэхэд төсвөөс болон үзэгчдийн хураамжаас 8 тэрбум төгрөг өгөөд зогсохгүй Ерөнхийлөгчийн сонгуулиар бага сага төлбөртэй нэвтрүүлэг явуулж халтур хийхийг зөвшөөрчээ. Гэтэл тэр нь чамлагдаж “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн цагаа лангуун дээр тавьж байгаад нэг минутыг нь 500 мянган төгрөгөөр үнэлж улс төрийн хоёр намд сар гаруйн турш зарсан билээ. Ердийн үед 300.000 төгрөг байдаг ажээ.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Ерөнхийлөгчийн намын ерөнхий нарийн бичгийн дарга

Posted by Ажиглагч on 2009/06/04

Өнөөдөр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчидтэй уулзахдаа “АН ерөнхийлөгчтэй болно гэдэг асар их хариуцлага” гэсэн хариуцлагагүй мэдэгдэл хийжээ. Сонгуулийн кампанийн туршид “ард түмний ерөнхийлөгч” байхаа зогсоо зайгүй амалсан Ц.Элбэгдорж 6-р сарын 18-д тангарагаа өргөөд намаасаа түдгэлзэж АН-ын байраар шагайх ч эрхгүй болно. Гэтэл Эрдэнэбат даргын сонгуулийн халуун буугаагүй явна. Одоо салахгүй нь ээ. 

Урьд нь МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболд гэж нөхөр МАХН-ын гишүүн байсан 40-өөд мянган төрийн албаны хаагч 2009 оны 1-р сарын 1-нээс хуулийн дагуу намаасаа түдгэлзсэнийг “харин ч манай намд ашигтай юм боллоо. Манай намын гишүүн мөртлөө гишүүн биш хэлээд төрд орчихож байгаа юм” гэсэн утгатай тайлбар хийж тэдэнд тусгай даалгавар өгч нууц ажилд томилсноо гайхуулах мэт додигор байж билээ.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 2 Comments »

Хэдхэн хоногт мартагдсан 335 иргэний үнэмлэхийг эргэн дурсахуй…

Posted by Ажиглагч on 2009/06/04

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн бас нэг дуулианыг сануулья.

Санал хураалтын өмнөх өдөр МУБИС, ХҮДС, “Гурван эрдэнэ” дээд сургуульд хөдөө орон нутгаас суралцаж байгаа, саналаа өгөх боломжгүй оюутнуудаас иргэний үнэмлэхийг нь даваа гаригийн 10 цаг буцааж өгөх болзолтойгоор нэг бүрийг таван мянган төгрөгөөр худалдан авч байсан МУБИС-ийн оюутан Н.Батзаяа, түүний дүү Н.Отгонжаргал, бас тэдэнд мөнгө өгч захиалсан Ж.Оргилсайхан гурвыг маргааш нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн ажилтнууд саатуулан тайлбар мэдүүлэг авч байгаа талаар телевизүүд шууд сурвалжлах шахсан билээ.

Улмаар Оргилсайхан нь хэргийн жинхэнэ захиалагч Оюунчимэг гэдэг эмэгтэйн үүрлэсэн “Тамир” зочид буудлыг зааж өгчээ. Цагдаагийнхан очиход зугтаж амжсан ч ноутбүүк болон бичиг баримтаа орхисон байв.

Цагдаагийн алдарт хурандаа Сайнжаргал нийтдээ 335 иргэний үнэмлэх хураасныг сэтгүүлчдэд бараг тоолж үзүүлээд “сонгууль явагдаж байгаа учраас намын нэрийг одоо хэлмээргүй байна” гэж цааргалсан ч зарим телевиз (аль телевиз гэдгийг таагаарай) тэр хүмүүс Ардчилсан Намын гишүүд байсныг илчлэхгүй хаачихав.

Сонгууль дуусаад олон хоног өнгөрлөө.  АН-ынхан эвгүй дурсамжаа сэдрээхийг хүсэхгүй байж болно. Харин хэрэг болгоныг нүдэнд харагдтал ярьж өгөх үүрэгтэй Сайнжаргал хурандаа яагаад дуугаа хураав?

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 1 Comment »

Нэг нь гүтгэж, нөгөө нь няцааж тоглосон уу?

Posted by Ажиглагч on 2009/06/02

Зөвлөлтийн ард түмний эх орны дайны тухай ийм үг байдаг: Хэрвээ амь үрэгдсэн сүүлчийн цэргийн шарилыг олж ёс төртэйгээр оршуулаагүй цагт дайныг бүрэн дууссан гэж үзэж болохгүй.

Саяын Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн улайрсан сурталчилгааг эргээд санахад “Сонгуулийн үеэр гарсан дайралт, няцаалт, гүтгэлэг болгоны “үнэн”-ийг олж цэг тавиагүй цагт энэ сонгуулийн асуудал дууссан гэж хэлж болохгүй” санагдлаа.

Хоёр намын захиалгат нийтлэл, нэвтрүүлэгт хичнээн олон “үнэн” бяц даруулан хэвтэж байгаа бол?

Тухайлбал, нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн Солонгосын байгууллагаас хандив авсан гэх асуудал яасан бэ? Сонгуулийн өдрүүдэд TV9 телевизийн дэлгэцэнд хадагдчихсан нэг пионер “Надад нам нам огт хамаагүй. Би иргэнийхээ хувьд Элбэгдорж гуайд асуулт тавьж байна” гэхэд ард нь МАХН-ын С.Баяр, Ц.Нямдорж, С.Нарангэрэл тэргүүтэй ах нар “энэ хүүгийн асуултанд хариул” гэж шаардаад байсан. Яасан бэ?

АН-ын зүгээс бас л дуугаа хураав. Монголоос ямар бүрэлдэхүүнтэй “сурвалжлах баг” Сөүлд нисэн очиж гудамжнаас хоёр солонгосыг гурван сая воноор хөлслөн Элбэгдоржийн 1,5 сая воны хандивын талаар яриулж гүтгүүлснийг зарлах болоогүй юу? Солонгосын цагдаа тэднийг олсон гээд байсан. Ау, яасан бэ?

Хоёулаа таг чиг.  Нэг нь гүтгэж, нөгөө нь няцааж тоглосон болж байна уу?

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 5 Comments »

“… Шүүмжлэл маань одоо бол ер нь худлаа тал руугаа байсан юм байнаа гэдгийг зарим талаараа мэдрээд …”

Posted by Ажиглагч on 2009/05/28

Олон телевиз дамжин мэдээ уншихдаа этгээд яриагаараа ялгарч жижигхэн брэнд болсон сэтгүүлч Алтаншагай хамгийн сүүлд “Ийгл” телевизэд зурвас үзэгдээд сураг алдарснаас хойш бараг жилийн дараа 2009 оны 05-р сарын 22-ны үдэш Монгол Улсын Ерөнхийлөгч, МАХН-аас нэр дэвшигч Намбарын Энхбаярын сонгуулийн сурталчилгааны хаалтын ажиллагааны үеэр Соёлын төв өргөөний тайзан дээр гэнэтхэн гарч ирлээ.

Хөтлөгч:

– Та бүхний дунд ажлаа хийж байгаа нэгэн хүсэлт тавьж сэтгэгдлээ илэрхийлэх гэсэн юм. Сэтгүүлч Алтаншагай таныг урьж байна хэмээн зарлав. Чухам ямар ажил гэдгийг хэлээгүй, тэгээд ч энэ удаагийн сонгуулиар дэлгэцэн дээр харагдаагүй болохоор хөшигний цаана далд фронтод ажилласан байж мэдэх тэрбээр үнэхээр гарч ирлээ.

Сэтгүүлч Алтаншагай:

snapshot20090528125735

– Сайн байцгаана уу? Би та бүхэнд мэдээ танилцуулья, Алтаншагай. Энэ дууг сонссон уу? [Алга ташилт]. Яг энэ миний энэ дуу хоолой бараг сар гаруй TV9 телевизээр яваад байна л даа, “Шударга мэдээ” гээд. Би нэг зүйл хэлэх гэсэн юм. Өөрийгөө хамгаалж байна гэж ойлгоно уу яана уу, өөрсдөө мэд. Тэр “Шударга мэдээ”-г миний бие, би хийгээгүй. Алтаншагай мэдээллээ гэдэг утгаараа хийгээгүй. Тэр мэдээг хийсэн ч гэсэн тийм шударга мэдээ байдаггүй л байхгүй юу! Хүнийг яаж хутган.. гутаан доромжилж байна, тийм үү? Зүгээр одоо Алтаншагайг ард түмний зарим хэсэг ардчиллыг дэмждэг гэдэг утгаар нь мэдэх байх….Гэхдээ ардчилллыг дэмжихдээ хүнээ ялгаж дэмжих ёстой биз дээ [Алга ташилт]. Тэгээд нэг ийм залруулга хийж байгаа юм. Би ноён Энхбаярыг зарим хэвлэлээр… нэлээд сайн авч өгдөг л дөө… Гэхдээ тэр шүүмжлэл маань одоо бол ер нь худлаа тал руугаа байсан юм байнаа гэдгийг зарим талаараа мэдрээд ноён Энхбаяраас одоо албан ёсоор уучлал гуйгаад, та энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуульд ялна аа, нөгөө хүн чинь таныг хувь хүнийхээ хувьд ч тэр, хийж бүтээж байгаа юмныхаа хувьд тэр шал өөр, эсрэг тэсрэг. Би ноён Элбэгдоржтой бас хамтарч ажиллаж байсан, ямар хүн гэдгийг мэднэ… Тийм учраас би өөрийнхөө сонголтыг хийж байгаа байхгүй. Миний сонголт бол ноён Энхбаяр. Та ялна аа… Танаас уучлалт хүсье! (Очиж тэврэлдэв).

snapshot20090528130117

Сонгуулийн сурталчилгааны сүүлчийн шийдвэрлэх өдөр ноён Н.Энхбаярыг монголчууд тэр чигээрээ дэмжиж байгааг харуулж УИХ-ын гишүүдээс эхлээд ахмадууд, эмэгтэйчүүд, оюутан сурагчид, үндэстэн ястнууд, олимпийн аваргууд, бөхчүүд, цэргийн албан хаагчид, урлаг соёлын одууд гээд нийгмийн анги давхарга, ажил мэргэжил болгоноос цуглуулж Соёлын төв өргөөний тайзан дээр долоон эгнээ ярайтал суулгаж заримаар нь үг хэлүүлэхдээ Н.Энхбаярыг дэмжсэн “намын дайчин байлдагчид”-ын шинэ үеийн төлөөллийг үлдээчихэв үү гэтэл ашгүй сэтгүүлч Алтаншагай өөрөө хүсэлт тавьж энэ алдааг засчээ.

Уучлал гуйсан тухайд. Сэтгүүлч хүн өөртөө шүүмжлэлтэй хандах сайн хэрэг боловч өмнө ярьж хэлж байснаа “худлаа тал руугаа байсан” гэж үгүйсгэх нь өөрөө “худлаа тал руугаа” байх шүү.  Урьд нь сэтгүүлч Алтаншагай улс төрчдийг, түүний дотор Н.Энхбаярыг зөндөө шүүмжилсэн байх, гэхдээ камерын өмнө улаан цайм гүтгэж суусан гэж бодохгүй байна. Өөрийгөө хүндлэх хэрэгтэй шүү! Тэр тусмаа үүнийгээ дөрвөн жилд ганц удаа тохиох  сонгуулийн урьд өдөр зөвхөн “зарим талаар” (бүрэн гүйцэт биш!) мэдэрчихээд гүйж очоод тэврэлдэх хэрэг байсан уу? Одоо яаж “шударга мэдээ” хийнэ дээ.

Эсвэл “татгалзахааргүй санал” ирсэн юм уу?

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 17 Comments »

Тэргүүн нүүрний эсэргүүцэл

Posted by Ажиглагч on 2009/05/27

Саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар өдөр тутмын сонинуудын дунд хоёр туйл байсны нэг нь “Өдрийн сонин”, нөгөө нь “Зууны мэдээ”. Бүр 1999 онд төр, засгийн хоёр сониныг Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар татан буулгах нэрээр итгэлтэй хүмүүстээ авч өгсөн нь явсаар 10 жилийн дараа хэрэг болжээ. Улс төрчид холыг харах юм аа.

Өнгөрсөн саруудад хоёр сонин ямаршуу байсныг бид мэднэ. Харин санал хураалт дуусч сонгуулийн дүн тодорсон ч тэд тайвшраагүйг тэргүүн нүүрүүд илэрхийлсээр байна.

“ӨДРИЙН СОНИН”

2009.05.25-ны Даваа гаригийн дугаар шөнө дундаас хойш хэвлэлтэнд шилжиж ялалтын мэдээг тэргүүн нүүрэндээ залж амжсан байна: “02.30 цагийн байдлаар Ц.Элбэгдорж ялж байв”. Гэтэл хажууд нь “Экс ерөнхийлөгч үхэлдээ хэнийг ч буруутгахгүй байхыг хүсчээ. Тэр хаднаас үсэрч амиа хорлов” гээд БНСУ-ын Ерөнхийлөгч байсан Ну Му Хен-ы үхлийн тухай том тайлбарын эхлэлийг зураг хөрөгтэйгээр өнгө ялган онцолжээ. Солонгост гарцаагүй сенсаац боловч Монголд шууд хамаагүй энэ явдлыг тэргүүн нүүрэндээ залж гашуудсан нь хачин. “Өдрийн сонин” тэр Ерөнхийлөгчид тун сайн байж дээ…  

 2009.05.26-ны дугаарын эхний нүүр арай даруухан байв: “Ардчилсан ерөнхийлөгч ард түмнийхээ төлөө ажиллахаа амаллаа”, Н.Энхбаяр: Би санал хураалтын дүнг хүндэтгэж байна” гэсэн тайван сурвалжлагуудыг нийтэлж “Элбэгдорж 51.24 хувиар ялалт байгууллаа” гэсэн ялалтын мэдээ 3-р нүүр лүү шилжсэн байна.

2009.05.27-ны дугаарын тэргүүн нүүр буцаад хачин болчихов: “МАХН-ын “Б” төлөвлөгөө буюу ялалтыг яаж хүчингүй болгох вэ?”. Бас нэг ярилцлагын гарчиг: “Сонгуулийн ерөнхий хороо сэжигтэй байна”.

Одоо сонгуулийн дүнг СЕХ-ноос бушуухан баталгаажуулж зарлахгүй бол “Өдрийн сонин” хэцүүдлээ шүү!

Тэгвэл “ЗУУНЫ МЭДЭЭ” яав?

2009.05.25-ны Даваа гаригийн дугаарын тэргүүн нүүр зөвхөн “СЕХ-ны дарга Н.Лувсанжав 21.00 цагийн мэдээгээр улсын хэмжээнд нийт сонгогчдын 64.61% санал өглөө” гэж мэдээлэв. Хэрвээ Энхбаяр ялж яваа мэдээлэл ахиухан  ирсэн бол энэ нүүр ямар их баяр хөөрөөр дүүрэх байсан бол?

 2009.05.26-ны эхний нүүрний гарчиг гайхалтай: “Н.Энхбаяр 50.31 хувийн саналаар орон нутагт ялжээ”. Одоогийн ерөнхийлөгч ингэж ялаад байхад өрсөлдөгч нь бас ялчихсан байгаа үзэгдээгүй явдлыг мэдээнийхээ дотор тун дургүй хүлээн зөвшөөрсөн харагдана. Гэхдээ хоёрдугаар нүүрэндээ “Н.Энхбаяр зангарагтай улс төрч гэдгээ харуулсан”-ыг бахархалтайгаар зарлав.  

2009.05.27-ны дугаараас сонгуулийн үнэр бүрэн арилжээ. Өнгөрсөн бүтэн сайнд болсон “жижиг” үйл явдлыг ингээд мартав уу гэтэл “Хөрөнгө оруулагчид Монгол Улсаас болгоомжилж эхэллээ” гэсэн том нийтлэлийн гарчиг байна. Ц.Элбэгдорж ялсанд гадныхан тун дургүй байгаа гэнэ.

Монголчууд буруу сонголт хийснээ цаашдаа “Зууны мэдээ”-гээс улам сайн мэдэж авах биз.

Posted in "Зууны мэдээ" сонин, "Өдрийн сонин", 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 3 Comments »

TV9 өөрөөсөө ичиж TV5 ичихээ ч болив

Posted by Ажиглагч on 2009/05/27

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд хийсэн мониторингийн дүнгээ Хэвлэлийн хүрээлэн (өдөр тутмын болон долоо, арав хоногийн сонинууд) ба “Глоб Интернэйшнл” ТББ (улс орон даяар цацагддаг телевиз, радиогийн5-р сарын  18-22-ны таван өдрийн хөтөлбөр) хамтран хэвлэлийн хурал хийж танилцуулжээ. Үүнийг сонинууд яаж мэдээлснийг бүү мэд, харин миний үзсэн телевизүүд өөрсдөө хэрхэн танилцуулав? Хамгийн сонирхолтой нь TV9 байлаа.

ТВ-9 телевизийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр.

Хэвлэлийн хурлын тухай сурвалжлагадаа зөвхөн сонинуудын тэнцвэртэй байдалд учир зүггүй санаа тавьж Хэвлэлийн хүрээлэнгийн мониторингийн дүнгээс баахан уншсанаа телевизүүдийн мониторингыг шууд алгасч зөвхөн МҮОНТ-ээр явуулсан халз ярилцлагыг хэдэн хувь үзсэн тухай дурьдаад өөрийгөө тас нууж дуусгав. Өөрөөсөө ичсэн байх.  Мониторингийн мэдээнд тус телевизэд “Нийт цагийн 71,2%-ийг эзэлж байгаа Н.Энхбаярын мэдээллийн 93,2% нь эерэг байна. Харин Ц.Элбэгдоржийн мэдээлэл нийт цагийн 28,8%-ийг эзэлж, үүний 76,9% нь сөрөг мэдээлэл байна” гээд дурайж байлаа.

TV5 телевизийн “Цаг” мэдээлийн хөтөлбөр

Дээрх хэвлэлийн хурлыг мэдээлэхдээ “нэр дэвшигчдийн сурталчилгаа эрчимтэй явагдаж байсан сүүлийн 5 хоногт дүн шинжилгээ хийхэд үндэсний хэмжээнд эфирээ цацдаг манай телевиз онц гэсэн үнэлгээ авсан байна. Хэт нэг талыг барьсан мэдээ нэвтрүүлэг гаргалгүй, тэнцвэртэй байдлаар хандсан нь ийм дүгнэлтэд хүрэхэд нөлөөлжээ” гээд сийхгүй залав. “Глоб”-ийн мэдээг үзэхэд ямар ч дүн алга. Өөртөө дүн тавиад зогсохгүй UBS, 25-р суваг телевиз тэнцвэр муутай байсныг нотолсон тоонууд уншиж тэрүүхэндээ нүглийг нь илчлээд амжив.  Хэлээгүй л болохоос биш муу дүн тавьжээ. Гэхдээ TV5 өөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, СЕХ-ноос баталж өөрсдөө гарын үсгээ зурсан хуваарийг хэрхэн эрээ цээргүй зөрчсөнийг би урьд нь бичиж байсан. Зөвхөн сүүлчийн 5 хоногт 130 минутийн сурталчилгааны нэвтрүүлэг явуулах хуваарьтай атлаа 475 минутийг явуулж бараг 4 дахин хэтрүүлжээ. Тэнцвэрийн тухайд гэвэл 2 намд хоёуланд нь зэрэг худалдагдсаных.

“25-р суваг” телевизийн “25 цаг” мэдээллийн хөтөлбөр

Мониторингийн дүнг танилцуулахдаа тус нэвтрүүлгийг нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас захиалсан эсэх, нэгэнт тэгш боломж олгосоор атал тухайн цагт нь нэвтрүүлгээ болон ярилцлагаа өгөхгүй өөрсдийн сонголтоо хийсэн зэрэг нарийн учрыг нь төдийлөн тодруулаагүй болохоор зарим талаар бүрэн хэмжээний тэнцвэрт байдлын судалгаа гэж хэлэхэд боломжгүй харагдаж байгаа юм…” гэлээ. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярьчихлаа. Нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас захиалаагүй буюу хууль зөрчсөн нэвтрүүлэг явуулдаг, өрсөлдөгч талууд заримдаа нэвтрүүлгээ өгдөггүй байхад л  хоёр талын сурталчилгааны хэмжээг хэд дахин хэтрүүлснээ хүлээн зөвшөөрөв.

“Нарийн учир” гэж телевизүүд хууль зөрчихдөө сонгуулийн штабуудтай хэрхэн хуйвалдсаныг хэлсэн юм болов уу? Түүнийгээ жагсаагаад ил болгомоор юм даа.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 25-р суваг телевиз, TV5 телевиз, TV9 телевиз | 3 Comments »

Телевизүүд сонгуулийн шөнө …

Posted by Ажиглагч on 2009/05/26

5-р сарын 24-нд манай телевизүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын явцыг өдөржин сурвалжилж СЕХ-ны зарласан хэвлэлийн хурлыг хэдэнтээ дамжуулсан билээ. Зарим нь бүр Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгийн төвд яваад оччихсон, эсвэл бүр холын аймгуудаас дүрстэй дүрсгүй мэдээ, сурвалжлага хүлээн авч үзүүлэв. Хөвсгөл айлын байшин  шатаасныг бид дор нь мэдэж авсан. Ингээд 22 цагт санал хураалт дуусахтай зэрэгцэн СЕХ-ноос сонгуулийн ирцыг 21 цагийн байдлаар мэдээлснээс хойш дэлгэц ширтсэн хүлээлт эхэлж хот хөдөөгүй шөнөжин үргэлжилсэн юм.

Телевиз болгон сонгуулийн дүн яаж тодрохыг цаг минут алдалгүй шуурхай мэдээлж нойргүй хонохоо амалж сүрхий эхэлсэн боловч удалгүй ямар ч мэдээлэлгүй болж усны эрэг дээр гаргаад хаячихсан загас шиг яахаа мэдэхгүй ангалзаж гарав. Өдөр дууссан нацу баше их аварсан даа. Тэгтэл шөнө дундаас хойхно АН-ын байрны хурлын танхимд тойрч суусан дарга нар, хөдөөний ганц нэг багийн санал тоолоход Ц.Элбэгдорж илүү санал авсныг тэнд овоорсон сэтгүүлчдэд дуулгаж эхлэв. Удалгүй МАХН-ны байранд сэтгүүлчдийг үүднээсээ цааш нэвтрүүлээгүй ч хэвлэлийн төлөөлөгч Төмөрбаатар гарч ирээд Н.Энхбаярын түрүүлж яваа хөдөөний баг, сумдын мэдээллийг ширхэгчлэн уншив. Энэ бүгдийг “Ийгл” телевиз уламжлал ёсоороо манлайлж, бас Vivia гэдэг мундаг станцтай болсон МҮОНТ удаалан шууд дамжуулж, бусад нь тун шуурхай сурвалжилж хүргэж байлаа.

Харин намуудын мэдээлэл хоёр хоёр давтагдаж Ц.Элбэгдорж түрүүлж яваа нь илт болохын хэрээр хэдэн сарын турш сонгуулиар эцэж цуцалгүй амьсгалсан зарим телевизийн дуу нь суларсаар өглөөний 06 цагийн үед АН-ын дарга Н.Алтанхуяг Монгол Улс шинэ ерөнхийлөгчтэй болсон шинэ өдрийн мэнд дэвшүүлсэн хэвлэлийн хурлыг “Ийгл” телевиз шууд дамжуулах тэр мөчид МҮОНТ өөрийн 40 жилийн ойн концертыг толилуулан баясгаж байсан бол  TV9, UBS телевизүүд танин мэдэхүйн гоё кино, нэвтрүүлэг гаргаж, TV5, 25-р суваг телевизүүд  эфирээ хаагаад гүн нойрссон байлаа.

P.S: Бас НТВ телевиз энэ бүгдийг шууд дамжуулсан гэж үзсэн хүмүүс хэллээ.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Ийгл телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, НТВ телевиз, TV5 телевиз, TV9 телевиз, UBS телевиз | 4 Comments »

Сүүлчийн мөч хүртэл хууль зөрчсөөр өндөрлөв

Posted by Ажиглагч on 2009/05/22

Одоо яг 23 цаг 58 минут. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуусч байна. Намуудын штабын дарга нар болон телевизийн захирлууд гарын үсгээ зурж СЕХ-ны тогтоолоор баталсан төлбөргүй ба төлбөртэй нэвтрүүлгийн хуваарийг манай телевизүүд ядахдаа ганц өдөр зөрчихгүй байж чадав уу?

МҮОНТ:

СЕХ-ноос баталсан хуваарь:
5 сарын 22. Баасан. 21.15-21.30 15 мин – МАХН
5 сарын 22. Баасан. 21.30-21.45 15 мин – АН

Өнөөдөр МҮОНТ хэдэн минут илүү дутуу гаргасныг эс тооцвол чадлаа.

TV9 телевиз:

СЕХ-ноос баталсан хуваарь:
5 сарын 22. Баасан. 18.30-19.00 30 мин – МАХН
5 сарын 22. Баасан. 21.20-21.50 30 мин – АН

Харамсалтай нь TV9 бол цайчихсан телевиз. Өнөөдөр өдөржин, оройжин сонгуулийн сурталчилгаа явууллаа. Жагсаагаад ч барахгүй. Талыг нь Н.Энхбаярыг магтахад зориулсан ч нөгөө талыг түүний өрсөлдөгч Ц.Элбэгдоржид зориулсныг шударгаар хэлэх хэрэгтэй. Ялгаа нь гэвэл түүнийг зөвхөн муулсан байлаа. [Одоо 23.50-д Н.Энхбаярын сонгуулийн сурталчилгааны хаалтын сурвалжлага гарч байна]

TV5 телевиз:

СЕХ-ноос баталсан хуваарь:
5 сарын 22. Баасан. 22.30-23.00 30 мин – АН
5 сарын 22. Баасан. 23.00-23.30 30 мин – МАХН

Тэгвэл өнөөдөр сурталчилгааны дараах нэвтрүүлгүүд явлаа.

20.30-20.43. АН-ын “Шударга мэдээ”

20.44-21.40. МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяртай TV5 телевиз UBS телевизтэй хамтран хийсэн ярилцлагын нэвтрүүлэг.

22.31-23.27. АН-ын захиалгат нэвтрүүлэг. Сүхбаатарын талбай дээр болсон цуглаан сурвалжлага.

23.28-23.58 МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын сонгуулийн сурталчилгааны хаалтын ажиллагаан дээр С.Баяр, Н.Энхбаяр нарын хэлсэн үгийг TV9 телевизтэй зуузай холбон үзүүлж эх орны тухай дууны клипээр чимэглэн төгсгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 28-р зүйлийн 3-т “Улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевизээр Сонгуулийн ерөнхий хорооны баталсан хуваарьт зааснаас өөр төлбөртэй ба төлбөргүй нэвтрүүлэг явуулж үл болно” гэсэн байдаг. Гэтэл сүүлчийн мөчийг хүртэл төрийн хууль руугаа нулимсан сурталчилгааны кампани болж өнгөрлөө дөө.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, TV5 телевиз, TV9 телевиз | 4 Comments »

Эсвэл нээгээд … эсвэл хаагаад …

Posted by Ажиглагч on 2009/05/22

Өнөөдөр шөнийн 24 цагт буюу сонгуулийн сурталчилгаа дуусангуут http://www.news.mn сайт сэтгэгдлээ нээхээ зарлажээ. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн эхний өдрүүдэд тус сайтад тавьсан сонгуультай хамаатай төдийгүй хамаагүй нийтлэл болгоны араас залгагдсан сэтгэгдлийн хэсэгт хараал ерөөл, гүтгэлэг доромжлолын жинхэнэ дайн дэгдсэн тул 4-р сарын сүүлчээр хаачихсан юм.

Даанч хаасны ач тус нэг их гараагүй, учир нь МҮОНТ-ээс эхлээд бусад бүх телевизийн дэлгэц, сонины хуудсан дээрх МАХН ба АН-ын штабын бэлтгэсэн төлбөртэй нэвтрүүлэг, нийтлэлүүд тус сайт дээр үгээр бичсэн ямар ч сэтгэгдлээс илүү заваан, тэгэхдээ бүр өнгө будаг, дуу дүрстэйгээ байлаа.

Сонирхолтой нь, news.mn сайт сэтгэгдлээ нээх яг тэр 24.00 цагаас сонгуулийн сурталчилгааг хуулиар зогсоож байгаа билээ. Чухам хуулийн энэ заалтыг “үндэсний портал” http://www.GoGo.mn ишлэж байгаад өнөөдрийн 18.00 цагаас эхлэн сонгуулийн санал хураалтын дүн мэдээ гартал сэтгэгдэл бичих үйл явцыг хаахаар болжээ. 18 цагаас ч байхдаа яахав. Ноднин 7-р сарын 1-ны дараа онц байдал тогтоох тухай Ерөнхийлөгчийн зарлигаар хэвлэл мэдээллийг хаахдаа FM-үүдийг мартчихсан юм билээ. Гэтэл СТӨ-нд байрладаг зарим FM шатаад дуугаа хураасныг бусад FM-үүд сонсоод (өөрөөр хэлбэл сонсоогүй тул) “ухамсраараа” нэвтрүүлгээ зогсоосон гэдэг. GoGo.mn үүнийг санагдуулчихлаа.

Тэгтэл http://www.olloo.mn сайт өнөөдөр сэтгэгдэл авахаа гэнэтхэн зогсоочих юм.  Сонгуулийн кампанийн туршид хаах байтугай цензургүй байлгасан санагдана. (Шалтгааныг таамаглаж байна. Гэхдээ дараа хэлнэ ээ)

Ингээд сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдөр монголын Интернэтэд сонин сонин юм болохнээ.

(Би бас сэтгэгдэл авахаа зогсоодог юм билүү? Даанч блогийн сэтгэгдлийг яаж хаадгийг сайн сураагүй байдаг..)

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | 7 Comments »