АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘+ РАДИО’ Category

“Улаанбаатар радио FM 101,7 MHz” биш

Posted by Ажиглагч on 2012/11/01

Бүгд “Улаанбаатар радио FM 101,7 MHz” гэж мэддэг, хэвлэл мэдээллийн ном лавлахад тэгэж бичдэгсэн. Өчигдөр өглөө нийслэлийн “Улаанбаатар” радиогоор сонин юутайг сонирхож 101,7 MHz дээр тохируулахад “Шинэ Монголын радио” нэртэй өөр радио уянгалж өгч байлаа. Харин “Улаанбаатар”-ыг урьд нь Formula радио явж байсан 98,1 MHz дээрээс оллоо. Аль аль нь нийслэлийн өмч байгаад 2007 онд хувьчлагдсан Улаанбаатар радио буюу “Улаанбаатар радио” ХХК-д харъяалагдаж байсан юм.

Харин “Шинэ Монголын радио” хаанаас гарч ирэв? Интернэтээс хайлт хийвэл өөрийгөө үндэсний, олон нийтийн, хараат бус хэмээн нэрлэсэн, фэйсбүүк дээр өнгөрсөн 7-р сард нээгдсэн http://www.facebook.com/pages/New-Mongolian-Radio-1017/484108754950790 хуудастай юм байна. Хаягаа “Xac” building. Chin van Chagdarjav street, Peace avanue, 1ts khoroo, Sukhbaatar district гэжээ. “Xac” банкны FM болсон ч юм шиг…

Posted in "Улаанбаатар" радио | 1 Comment »

Хаанахын шилдгүүд вэ?

Posted by Ажиглагч on 2012/01/01

Жилийн өмнө МҮОНРТ  санаачлан зарим арилжааны телевизийг өөртөө элсүүлэх, бас Монголд цорын ганц өргөн нэвтрүүлгийн радио  дээрээ FM-үүдийг нэмэх замаар Монголын радио, телевизийн академийг байгуулжээ. Нэгэнт академи тул саяын шинэ жилээр телевизүүдийн холбооны “Алтан шонхор-2011”-т оролцохгүйгээр томорч тусдаа “Болор үзэг” хэмээх тусдаа шагналыг бий болгосон юм. Одоо сэтгүүлчид үзгээр зөвхөн тэмдэглэж аваад жинхэнэ бүтээлээ keyboard-оор туурвидаг болсон ч яруу найргийн “Болор цом”-ыг санагдуулсан энэ шагналын  анхныхыг гардуулах ёслолын тухай нэвтрүүлгийг 12-р сарын 31-ны үдэш МҮОНТ  ба TV9 хоёр үзүүллээ. Радио, телевизийн академи хэрнээ хэвлэл мэдээллийн бүх төрлийг дүгнэж, ингэхийн тулд Хэвлэлийн хүрээлэн, Суваг, телевизүүдийн нэгдсэн холбоо, Сайтын холбоо, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, ФМ радиогийн нэгдсэн холбоог хамтран зохион байгуулагчаар оролцуулсан гэлээ.  

Оны телевизийн нэвтрүүлэгчээр МҮОНТ-ийн Ч.Ичинхорлоо, Оны гоц нийтлэлийн эзнээр “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, Оны тэргүүн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаар “Хэнтийн мэдээ” сонин, Оны радио дуу хоолойгоор “Гэр бүлийн радио 104.5”, Оны онцлох сэтгүүлээр “Uptown”, Оны фото зургаар “Ардчилал” сонины гэрэл зурагчин Б.Одбаярын бүтээл, Оны онцгой сайтаар www.news.mn, Оны сэтгүүлчээр TV9-ийн Б.Отгон нарыг тодруулжээ. Нэр дэвшсэн материалуудыг үзээгүй ч миний хувьд Оюун-Эрдэнэ, news.mn, Отгон гурвын тухайд санал нийлж байна. Шагналуудыг УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Очирбат, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, бас “Спирт бал бурам”, “Макс групп” зэрэг том компанийн захирлууд гардуулсан тухайд тайлбар хэрэггүй.

Яг долоо хоногийн өмнө болсон энэ арга хэмжээний талаархи мэдээ, сурвалжлагад дээрх 8 номинацийн дараа юу болсныг огт дурдаагүй нь хачирхалтай. Гол юм тэгэхэд эхэлжээ. Монголын радио, телевизийн академийн удирдлагууд (лав МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар, энэ академийн ерөнхийлөгч, МҮОНТ-ийн захирал М.Оюундарь, МҮОНР-ийн захирал Б.Пүрэвдаш нар харагдсан) тайзнаа гарч нийт 10 сая төгрөгийн шагналын сантай хэмээсэн “Мэргэжлийн сэтгүүл зүйн төлөө” уралдааны шагналуудыг гардууллаа. 

Телевизийн мэргэжлийн сэтгүүл зүйн 1-р байранд МҮОНТ-ийн “Нийгмийн захиалга” цувралын “Орцны жижүүр ба хүүхэд”, 2-р байранд бас МҮОНТ-ийн “Тусгаар тогтнол, газар шороо” нэвтрүүлэг, харин 3-р байранд “Шинэ дэлхий” телевизийн “Нэг сэдвээр” нэвтрүүлэг орсон бол радиогийн төрлөөр 1-р байранд МҮОНР-гийн “Тусгал” мэдээллийн хөтөлбөр, 2-р байранд МҮОНР-ийн “Түмний  нэг” радио найруулал, 3-р байранд  МҮОНР-ийн “Хөгжлийн төлөө аж үйлдвэр” нэвтрүүлэг тус тус шалгарчээ. Хөөрхий FM-үүд  МҮОНР-той яаж ч өрсөлдөхөв. Ерөнхийдөө өөртөө зориулсан уралдаан болж таарлаа. МҮОНТ-ээр үзүүлсэн “Болор үзэг-2011” нэвтрүүлгийн энэ хэсэг ойлгомжгүй, мэргэжлийн бус байсан тул “Тусгал” нэвтрүүлэг түрүүлснийг  дараачийн ярианаас мэдэж авлаа. Тэгтэл Их Монгол FM 91,7 радио ямар нэгэн 3-р байр эзэлсэн (1,2-р байрууд хаачсан?), бас МҮОНР-ийн сэтгүүлч, доктор Л.Мөнхтөрийн “Ярьдаг сэтгүүл зүй буюу радио сэтгүүл зүй” шүүмж судлалаар 3-р байр эзэлсэн, эсвэл түрүүлсэн ч юм шиг магтсаар дуусгав. Шинэ оны анхны “Цагийн хүрд”-ээс ч тодорхой болсонгүй.

Санал нийлэхгүй, тохиролцохгүй болохоороо, заримдаа үнэхээр илүү шударга, сайныг гаргаж ирэхийн тулд, бас бушуухан хүртэхийн тулд хэсэг бүлгээрээ салж нэгдэн тус тусдаа шалгаруулсаар байгаад хэвлэл мэдээлэлд бусад бүх салбарын нэгэн адил шагнал, өргөмжлөл маш олон болжээ. Энэ удаад ч гэсэн шагналыг хувааж авахгүй гэж ярьсаар сайхан хувааж авцгаалаа. Нэгэнт олон юм бол хэн, хаанаас тодруулсан шилдэг, тэргүүн, манлай, оны… болохыг заавал хамт хэлж сурахаас өөр аргагүй. Мэргэжлийн боксын дэлхийн аваргууд энд тэндээс зэрэгцээд тодордог, хэн хамгийн мундаг нь ойлгогддоггүй, учрыг лавлахад IBF, WBC, WBA, WBO нэртэй өөр өөр холбооны рейтингээр гарч ирсэн байдаг.

Урьд жилүүдэд Монголын сонины холбоо шилдэг телевиз энэ тэр гээд шалгаруулж ирснийг санаж байна. Хэвлэлийн хүрээлэн цагаан сараар бас тэгэх байх. Дөнгөж өчигдөр “Хэвлэл мэдээллийн салбарын 2011 оны онцлох хүн”-ээр BTV телевизийн гүйцэтгэх захирал Г.Баянжаргалыг зарлав. Ямар ид шидээр онцгойрсныг гайхахын оронд МАН-ын дэргэдэх “Нийгмийн ардчилал” хэмээх Монголын залуучуудын холбооны “Алтан сарнай” наадмын шагнал гэдгийг хэлчихэд бүх юм байрандаа очно. Ирэх УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших хүсэлтэй эмэгтэйчүүдтэй цуврал ярилцлага хийгээд байгаагийн учир ч тайлагдана. 2000 оны “Зууны манлай”-нууд бол манай “Зууны шуудан” сонин, харин “Мянганы хүн Чингэс” бол “Нью-Йорк таймс” сониных бөгөөд сүүлдээ эх сурвалж мартагдсан нь эхний тохиолдолд цагаа олсон сайн пиар, дараачийнханд монголчууд бидэнд таалагдсан учраас тэр юм.   

Манайд Чингэсийн одон хоёр байдаг ч нэг нь төрийнх, нөгөө нь АН-ынх гээд хэлчихэд хоёр “Чингэстэн”-ий хэн нь том болохоо булаалдахгүй.

Юу хэлснээс хэн хэлсэн нь дутуугүй чухал гэж үнэн шүү.

Posted in + ТЕЛЕВИЗ, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Зарлал: Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллээ байршуулна уу

Posted by Ажиглагч on 2010/03/10

Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг http://www.televiz.mn, http://www.khevlel.mn, http://www.radiostants.mn сайтуудад мэдээллээ байршуулахыг урьж байна.

           

Posted in + РАДИО, + СОНИНУУД, + СЭТГҮҮЛ, + ТЕЛЕВИЗ, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 1 Comment »

МҮОНРТ санхүүгийн тайлангаа нууж байна

Posted by Ажиглагч on 2009/06/02

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн 2008 оны үйл ажиллагааны тайлан тус байгууллагын http://www.mnb.mn вэб сайтад нийтлэгджээ.

Уншлаа. Ноднин МҮОНРТ ер бусын сайн ажиллаж УИХ-ын сонгуулиас эхлээд 7-р сарын 1-ны онц байдлын үеэр үүргээ онцсайн биелүүлж монголын хамаг шагнал өргөмжлөлийг хамаад зогсохгүй Ази, Номхон далайн бүсэд гайхагдаж байгаа ажээ. Үзэгчид магтаж сайшаагаад сүйд гэнэ. Яаж тэгэж чадав аа?

Уг нь “Олон нийтийн радио, телевизийн тухай хууль”-ийн “Олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны ил тод байдал” гэсэн 6-р зүйлд юу юуг тайлагнахыг нэгбүрчлэн зааж өгсөн байдаг. Сануулья.

6.1. Олон нийтийн радио, телевиз жил бүр үйл ажиллагааныхаа дэлгэрэнгүй тайланг өдөр тутмын сониноор, эсхүл нийтэд хүртээмжтэй бусад хэлбэрээр мэдээлэх бөгөөд тайланд дараахь мэдээллийг тусгана:

6.1.1. олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийн бодлогын хэрэгжилт, нэвтрүүлгийн хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл;

6.1.2. санхүүгийн жилийн тайлан, аудиторын дүгнэлт;

6.1.3. олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралтай байгуулсан гэрээний хэрэгжилт;

6.1.4. ирэх жилийн зорилт, хөтөлбөрт оруулах өөрчлөлтийн талаархи санал;

6.1.5. сонсогч, үзэгчдийн санал, хүсэлт, гомдлын талаархи мэдээлэл, тэдгээрийг шийдвэрлэсэн байдал.

Гэтэл дээрх тайланд санхүүгийн жилийн тайлан, аудиторын дүгнэлт; Ерөнхий захиралтай байгуулсан гэрээний хэрэгжилт ор тас алга. Арилжааны банкууд хүртэл аль эрт аудит хийлгээд олон нийтэд тайлагнаж амжсан байхад шүү!

Ноднин МҮОНРТ-д улсын төсвөөс 8.5 тэрбум төгрөг, Монгол улсыг хөгжүүлэх сангаас хөрөнгө оруулалтанд 2 тэрбум төгрөг, барилгын дээврийн засварт 320 сая төгрөг, тоног төхөөрөмжинд 541 сая төгрөг, нийлээд 11 тэрбум гаруй төгрөгийг хуваарилжээ. Дээрээс нь хуулиар хүлээн зөвшөөрсөн 2 хувиас хэд дахин хэтэрсэн реклам сурталчилгаа, ивээн тэтгэлэг, мөн төлбөртэй нэвтрүүлгийн хууль бус орлогууд нэмэгдэнэ…

Ийм их мөнгийг МҮОНРТ-ын удирдлага тайлагнахгүй, хууль руугаа нулимсан хэвээр байна.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 4 Comments »

“Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болбол хувьсгал хийнэ”

Posted by Ажиглагч on 2009/05/09

Хэрвээ та өнөө өглөө шугамын радиогоор юмуу FM-ын 101,7 MHz долгион дээр нийслэлийн “Улаанбаатар” радиог сонссон бол гайхалтай нээлт хийх байлаа.

Эхлээд “МАХН-аас ярьж байна” гэснээ “Улаанбаатар радиогийн нэвтрүүлэг” гэж булаацалдаад Мянганы сорилтын сангийн тухай 20 минутийн тайлбар сонсголоо. Нэр дэвшигч Н.Энхбаярын магтаалаар эхэлж, дуусч байна. Тэр яахав, энэ байтугай гадуур магтаж байгаа. Харин нэвтрүүлгийн эхлэл агуу:

“… Манай улсад ажилгүйдэл, ядуурал, мөн нийгмийн эмзэг давхаргын хүн ам өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа тухай бид өдөр бүр сонсож харж байна. Энэ байдлыг мэдэрч харж байгаа манай төрийн тэргүүн маань Мянганы сорилтын санг анх сэдсэн юм…”.

Ямар азаар АНУ-ын албаны хүмүүс, ялангуяа экс Ерөнхийлөгч Жорж Буш “Улаанбаатар” радиог сонсдоггүй вэ?

2008 оны УИХ-ын ба орон нутгийн сонгуулиар тус радио зөвхөн МАХН-ын сурталчилгааг эцсээ хүртэл явуулсан. Гэтэл нийслэлийн удирдлага зөвхөн 2009 онд орон нутгийн төсвөөс 50 сая төгрөг гарган санхүүжүүлж байгаа. Урьд жилүүдэд ч тэгсэн. Өнөөдөр “Улаанбаатар” радиогийн эзэмшил тодорхойгүй бөгөөд орон нутгийн өмчөөс захирал У.Булган гэдэг эмэгтэйн халаас руу гулсах шилжилтийн насандаа яваа гэж ойлгогддог. Ямар ч байсан татвар төлөгчдийн мөнгөөр нэг намын сурталчилгааг сийхгүй явуулж байх юм.

Энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуулийн кампани эхлэнгүүт нийслэлийн МАХН-ын хорооны дуу хоолой болж хувирч “Ирэх сонгуульд Энхбаярыг сонгох шалтгаан”, “Хямралын эсрэг эвийг эрхэмлэгч ерөнхийлөгч хэрэгтэй” нэртэй нэвтрүүлгүүд цуварлаа. Сүүлдээ “Хэрвээ Ц.Элбэгдорж Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болбол хувьсгал хийнэ” гэж айлгаад авсан шүү.

Шугамын радиогийн чих мушгин чангалж суллаж суудаг гэрийн ажилтай хөгшид, хүүхнүүдийг басаад байх шиг. Тэд юм хэлэх биш.

Posted in "Улаанбаатар" радио, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, FM радио | 2 Comments »

Телевизээр гарахдаа өмсдөг баг

Posted by Ажиглагч on 2008/10/10

Орон нутгийн хурлын сонгуулийг угтуулж TV9 телевиз “Ардын мэдээ” нэртэй нэвтрүүлгийг ивээлдээ авч хэсэг гаргалаа. Өөрийн нэрийг титрт “Иргэн Б.Цогтгэрэл” даруухнаар бичсэн хөтлөгч залуу үзэгчидтэй шууд утсаар ярилцаж нэр дэвшигчдийн хариуцлага, тэнцвэртэй сурталчилгаа, шударга өрсөлдөөн гээд олон зөв юм ярьж харагдсан. Харин Пүрэв гаригийн дугаараар нэгэн үзэгч хотын даргаар Билэгт хэвээрээ үлдээсэй, АН-ын Эрдэнэ бол бүтэхгүй гэсэн утгатай санаа хэлэхэд хөтлөгч маань загатнасан газраа маажуулсан мэт учиргүй таашааж төрийн залгамж чанар, саяхан уншсан зөвлөлтийн сэтгүүлч Шинкаревын ном, түүнд Цэдэнбал, Самбуу дарга нарын талаар юу бичсэнийг ярьж өглөө.

Юу болов? Өнгөрсөн долоо хоногт нэгэн сэтгүүлч Билэгтийг магтаж Эрдэнийг муулаад байсныг санагдуулав. Яг тийм! Улаанбаатар радиогоор “Би хотыг удирдъя” нэртэй нэвтрүүлэг хийж, хотын дарга болох санаатай С.Эрдэнийн хамаг хамаг нүглийг бүртгэж “шинэ үеийн залуус бид шинэ залуусыг сонгоод шинэ Улаанбаатарт өөрөөр амьдрах цаг нь ирлээ” хэмээн зарлахдаа “Нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн сурвалжлагч Батчулууны Цогтгэрэл” гэж гайхуулаад байсан тэр нөхөр мөн байна!

Б.Цогтгэрэл ханаагүй бололтой энэ долоо хоногт “Улаанбаатар” радиогоор дахиад нэг ярихдаа Монголд хоёрхон нам байхад хангалттай, бусад намууд хэрэггүй, том намуудын нэр дэвшигчид будлиан тарьж байгаа нь энэ хоёр нам нээлттэй сайн байгаагийн шинж, нийслэл хотын амьдралыг мэддэг хүмүүс МАХН ба АН хоёрт л байгаа гэж зэрэг магтсанаа эцсийн мөчид “гэхдээ л МАХН-д арай түлхүү байгаа” гэж хэлээд багаа хуулж орхив. Түүнийг “Ардын мэдээ” нэвтрүүлгийн ерөнхий редактор, “Шударга сонгууль” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Б.Цогтгэрэл гэж танилцуулсан. Харин үе үе “Улаанбаатар” радиод МАХН-ын сурталчилгааны нэвтрүүлэг хөтөлдөгөө нуусхийдэг биз.

“Шударга сонгууль”, “Ардын мэдээ” хоёр бол түүний телевизээр ил гарахдаа өмсдөг багнууд. “Улс төрчид юуг нууж байна, тэр нь түүний жинхэнэ нүүр царай байдаг” гэсэн үг Цоггэрэлд яг тохирч байна.  Радиогоор бол хэн ч харахгүй, харахгүй учраас танихгүй гэж боджээ. Хүүхдүүд нялх байхдаа нүүрээ гараараа таглаад нуугдчихлаа гэдэг шиг.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн кампанийн үеэр “Шударга сонгууль” нэртэй төрийн бус байгууллага хэтэрхий шударга ажиллаж нэрийн хуудсаар нь дээрх Цогтгэрэл тодорсон билээ. Харин тэргүүн нь Д.Мягмарсүрэн гэж улс төр судлаач залуу байсан. Гэтэл энэ удаагийн орон нутгийн сонгуулиар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын сонгуулийн 3-р тойрогт ШУТИС-ын Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Улс төр-стратеги судлалын багш, Монголын залуу сэхээтний холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Бодлогын шинжилгээний анализ төвийн гүйцэтгэх захирал Дашзэвэгийн Мягмарсүрэн нэрээр МАХН-аас нэр дэвшсэн харагдана. Бүр МАХН-д элсээд авчээ. Харин “Шударга сонгууль” ТББ-ын тэргүүн гэдгээ намтартаа бичихээ “таг мартчихаж”. Ичсэн байлгүй.

Сонгуулийн дараа монголын хамгийн “шударга” хоёр залуу юу ч болоогүй юм шиг телевизийн дэлгэцээр гарч ирээд маш гоё юм ярьж өгнө дөө…

Posted in "Улаанбаатар" радио, + ТЕЛЕВИЗ, 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа, TV9 телевиз | 2 Comments »

Энэ радио засагдахаасаа өнгөрчээ

Posted by Ажиглагч on 2008/10/10

Ардчилсан Монгол даяар ардчилсан сонгууль, тэхдээ зүгээр л орон нутгийн жирийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох гэж байхад нийслэлийн албан ёсны “Улаанбаатар” радио ганцхан намын нэр дэвшигчдийг дагнан сурталчилсаар сонгуулийн кампанийг дуусгахнээ. Ядахдаа худлаа нээрээ олон ургальч дүр үзүүлж АН-ын нэр дэвшигчдийг сурталчилдаггүй юмаа гэхэд арай гайгүйгээс нь ганц хоёрыг хэдэн секунд ч болов яриулах, бас жижиг намуудын нэр дэвшигчид, бие даагчдын (тэд хэдэн зуугаар тоологдоно) талаар ганц хоёр үсэг дуугарах болов уу гэтэл тэгсэнгүй. Бүхэл бүтэн радио донтоно гэдэг муухай юм аа. 

2008.10.06
“Элсэн цаг” хөтөлбөр:
Батзандан, Магнай, Гүндалай гурвыг өөрсдийн намаа орхиж Ардчилсан намд урваж шарваснаар нь дуудаж “хагарсан шаар” гэж цоллов.
“Орон нутгийн сонгууль-2008” хөтөлбөр:
Монголд хоёрхон нам байхад хангалттай, гэхдээ МАХН арай илүү гэсэн утгатай тайлбар (Дараачийн бичлэгийг үзээрэй)

2008.10.07
“Элсэн цаг”:
Монгол Улсын ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баярын UBS телевизийн “Нүүр тулсан ярилцлага” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагын тойм
“Орон нутгийн сонгууль-2008”:
Сонгогчид, эдийн засагчид, эрдэмтэн судлаачид МАХН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжих үндэслэлтэй сайн хөтөлбөр болжээ хэмээн дүгнэцгээж байна гэж эхлээд МАХН-аас нийслэлийн ИТХ-ын Сүхбаатар дүүргийн 9,10-р тойрогт нэр дэвшиж байгаа “боловсролтой,эрч хүчтэй залуу дэвшигчид маань [!!] хэрэвзээ сонгогдчихвол ямар ажил хийж хэрэгжүүлэхийг сонирхоцгооё” гээд Хангал, Баттүшиг, Оюундарь, Цогзолмаа, Батхуяг, МАХН-аас нэр дэвшигч Идэрмаа нарыг яриулав.

2008.10.08
“Элсэн цаг”:
“Билэгт үү, Эрдэнэ үү” гэсэн тайлбар. Мэдээж Билэгт.
“Орон нутгийн сонгууль-2008”: 
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт, “Өндөр буянт холдинг” компанийн захирал Төмөрхуяг, Баянгол дүүргийн Засаг дарга П.Цогтбаатар, “Оргил” худалдааны төвийн захирал Ганбаатар (ИТХ-д ихэнх нь төр захиргааны ажилтнууд байна. Харин иргэдийн дуу хоолой дутуу байна, үүнийг би нөхөж ажиллана гэв), “Баянгол тохижилт” компанийн ТУЗ-ын дарга Баянмөнх нарын яриа.

2008.10.09
“Элсэн цаг”:
Матери ухамсар, тоталитар, авториатар, иргэний нийгэм, Махатма Ганди, хоёр систем гэх мэтээр онол шахуу том юм ярьж эхэлснээ “… ардчиллаар нэр баригчид бүхнийг бусниулсан, харин МАХН зангараг заагаагүй бол соёлт ертөнц монголтой харьцаагаа таслах байсан … МАХН хаана ч хэнтэй ч түнш байж чаддаг чадвараа үзүүллээ. … одоо дэлхийд МАХН улс төрийн хүсэл зоригоороо бахархагдлаа…. Харин АН необольшевизмд автагдаж байна уу… Монгол түмэн аавын хүү, ээжийн охиноор дутаагүй, гэхдээ нэгэн зүтгэлтнээ төрүүлсэн, тэр нь Санжийн Баяр… Ард түмэн орон нутагт МАХН-ыг дэмжинэ, яагаад гэвэл хөгжил дэвшлийн утга учир болохоор… хэмээн дүвчигнэж гарлаа. 
Зарим сэтгүүлч бялдуучилж бичдэг. Зарим нь орон гаран юм бичдэг. Харин “Улаанбаатар” радиод хоёуланг хослуулж чаддаг хосгүй нөхдүүд ажилладаг юм байна. 
“Орон нутгийн сонгууль-2008”:
“Ухрах уу, урагшлах уу?” нэртэй. АН бол гэмт хэрэгтнүүдийг орогнуулдаг хөгийн этгээдүүд гэсэн утгатай.

2008.10.10.
“Элсэн цаг”:
Орон нутгийн сонгуулийн талаар иргэдийн санал бодлыг сонсгов. Бүгдээрээ МАХН-ыг дэмжсэн бөгөөд нэгэн эмэгтэй үхэн үхтлээ МАХН-ын төлөө саналаа өгөхөө тангараглав.
“Сонгууль-2008”:
Энэ удаагийн сонгуулиар аль намын хэн ялах тухай нэрээ тас нуусан сэтгүүлчийн прогноз. “МАХН-аас шинэ үеийн сайхан залуучууд дэвшсэн бол АН-ын нэр дэвшигчид голдуу УИХ-ын сонгуульд унагсад байна” гэсэн дүгнэлтээс эхэлсэн тул МАХН-ынхан орон нутгийн хурлын ихэнх суудлыг авах тухай ярих байх гэж бодтол үгүй аж. МАХН-ын нэр дэвшигчид бүх тойрогт хол тасархай ялах юм байна.

Энэ радио засагдахаасаа өнгөрсөн юм байна. Сонгуулийн дараа яаж ч олон ургальч болж тоглосон би лав итгэхгүй.

Posted in "Улаанбаатар" радио, 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа, FM радио | Leave a Comment »

Нийслэлийн МАХН-ын хорооны дэргэдэх “Улаанбаатар” радио

Posted by Ажиглагч on 2008/10/02

Монголын хэвлэл мэдээлэлд ардчилал, олон ургальч үзлийн салхи огт ороогүй өнцөг булан хаана үлдэж хоцорсныг санаандгүй мэдэж авлаа. 

2008 оны 10-р сарын 1-ны өглөөний 8 цагийн үед радиогийн суваг эргүүлтэл “Улаанбаатар” радиогийн “Ухрах уу, урагшлах уу” нэртэй нэвтрүүлгээр “… УИХ-ын сонгуулиар МАХН-д өгсөн олонхийн саналаа солих үндэслэл байхгүй …МАХН, АН хоёр УИХ-ын сонгуулийн дараа зөвшилцсөн нь хамаагүй… МАХН-д өгсөн итгэлээ улам бэхжүүлэх хэрэгтэй…” гэх мэтээр сонгогчдийн зүрх сэтгэлийн асуудлаар сургамжилж өгч байхтай таарав. Орон нутгийн сонгууль эхэлсэн тул нийслэлийн МАХН-ын хорооноос захиалсан юм болов уу гэтэл тийм тодруулга хийсэнгүй. Сэтгүүлч, редакторын нэрийг ч дурдсангүй. Тэгэхлээр “Улаанбаатар” радиогийн байр суурийг илэрхийлсэн албан ёсны тайлбар байжээ. Араас нь залгасан “Орон нутгийн сонгууль-2008” нэвтрүүлэг нийслэлийн ИТХ-д МАХН-аас нэр дэвшигчдийн 70 гаруй хувь нь шинэ залуу хүмүүс байгаа тухай баяртай мэдээ дуулгаад Баянзүрх дүүрэгт дэвшигч Гантөмөр, Пүрэвжав, Амарбаясгалан гэхчлэн ширхэглэн магтсаар энэ өглөөг үдэв.   

Тус радио нийслэлийн МАХН-ын хорооны мэдэлд очсон байж магадгүй тул маргааш өглөө эртлэн босч дахин сонсохуй яах аргагүй “Монгол Улсын нийслэлийн “Улаанбаатар” радио ярьж байна” гэв. Тэгснээ ухуулгаа үргэлжлүүлэв. Эхлээд “Элсэн цаг” нэвтрүүлэг орон нутгийн сонгуулийн чухлыг баахан ухуулснаа гэнэт АН-ын дотоод зөрчилд санаа зовж “үүнээсээ болж МАХН-ын нэр дэвшигчид рүү дайрч байна” хэмээн буруутгаад цаашаа шуударч нийслэлийн МАХН-ын байгуулллагын мөрийн хөтөлбөрт багтсан 12 төгөлдөршлийн сайхныг магтсаар өндөрлөв. Дараа нь “Би хотыг удирдъя” нэртэй улс төрийн нийтлэлийн нэвтрүүлгээр нийслэлийн АН-ын дарга бөгөөд хэрвээ УИХ-д орж чадахгүй бол хотын дарга болох санаатай С.Эрдэнийн хамаг муу муухайг сануулж “хүн хүссэн газартаа амьдрах эрхтэй” гэдгээр далимдуулан Улаанбаатарт нь зөвшөөрөлгүй шаваад байгаа хөдөөнийхөнтэй нийлүүлж байгаад элдэв үгээр дуудав. Завсраар нь СХД-ийн Засаг дарга Найдан, ИТХ-ын дарга Баярсайхан гэдэг хоёр нэр дэвшигчийг (мэдээж хоёулаа МАХН) магтаж амжаад төгсгөлд нь “шинэ үеийн залуус бид шинэ залуусыг сонгоод шинэ Улаанбаатарт өөрөөр амьдрах цаг нь ирлээ” хэмээн зарлаж “Нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн сурвалжлагч Батчулууны Цогтгэрэл” болохоо хэлж байж сая нэг салав.   

Би гайхаад Орон нутгийн хурлын сонгуулийн хуулийг сөхөж үзвэл,   

30.7. Орон нутгийн радио, телевизээр сонгуулийн аливаа сурталчилгааг төлбөргүй явуулах хугацаа, хуваарийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо тогтооно.

30.8. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нь орон нутгийн радио, телевизээр төлбөргүй явуулах сурталчилгааны хуваарийг батлахдаа нэр дэвшигч болон нам, эвсэл бүрт тэнцүү хугацаа ногдохоор тооцож, холбогдох шийдвэрийг гаргана.

30.10. Сонгуулийн хорооноос тогтоосон хугацаанаас бусад цагт нэр дэвшигч, нам, эвсэл орон нутгийн болон орон нутагт нэвтрүүлгээ цацаж байгаа энэ хуулийн 30.9-д зааснаас бусад төвлөрсөн радио, телевизээр төлбөртэй сурталчилгаа явуулах эрхтэй гэжээ. 

“Улаанбаатар” радио бол UBS телевиз, “Улаанбаатар таймс” хоёрын нэгэн адил адил нийслэлийн ИТХ-ын харьяанд байсныг 2004 оноос менежментийн гэрээгээр ажиллуулснаас хойш сэмхэн хувьчлагдаагүй л бол нийслэлийн статустай хэвээрээ байж таарна. Гэтэл ганцхан намыг улаан цайм сурталчлаад байдаг. Эсвэл нийслэлийн сонгуулийн хорооноос “Улаанбаатар” радиогийн цагийг зөвхөн МАХН-д хуваарилсан уу?  

Нийслэлд телевиз хэт хөгжсөн учраас нийслэлчүүд радио сонсох нь бага. Гэхдээ “Улаанбаатар” радио шугамын радио хэмээх сувгийг эзэгнэж түүгээрээ өглөө бүр хоёр цагийн мэдээлэл, нийгэм-улс төрийн нэвтрүүлэг бүхий хөтөлбөр сонсгодог. Ямар агуулгатай болохыг дээр хэллээ. Шугамын радиог голдуу сонсдог гэрийн ажилтай хүмүүс, ялангуяа өвгөд хөгшдийн толгойг “Улаанбаатар” радио өглөө эртлэн сэмхэн угаачихдаг юм байна. 

Шугамын радиогийн сувгийг сольж болдоггүй шиг арваад жилийн турш солигдохгүйгээр тасралтгүй удирдсан захирал Булган нь “Улаанбаатар” радиог нийслэлийн МАХН-ын хорооны радио огт биш гэдгийг одоо хүртэл ойлгоогүй тууж явна. Маргааш өглөө нийслэлийн ИТХ-аар орж хүн амьтнаас асуумаар юм. Ядахдаа өөрийнхөө радиогоор “Монгол Улсын нийслэлийн “Улаанбаатар” радио ярьж байна” гэж зарладаг нь ямар учиртай болохыг ойлгох гэж оролдоосой.

P.S: 

Дараачийн буюу 10-р сарын 3-ны өглөө “Элсэн цаг” хөтөлбөр “хүн амын шилжилт хөдөлгөөн үргэлжилж байгаа их хотод … проблем цөөнгүй байгаа. Тэр болгоныг томруулж хараад МАХН-д шударга бус үйлдэл болох буйзаа. Харин олон түмэн нь Ардчилсан намд итгээд ихэнх суудлыг өгөөд байсан бол их хотын ажил амьдрал одоогийнхоос долоо ч биш, найман дор байхыг хэн ч үгүйсгэхгүй ээ. Тийм ч учраас нийслэлийн иргэд хэнийг сонгохоо нэг муу юм мэдээд байдаг юм шүү” гэж агсарсан бол “Орон нутгийн сонгууль-2008” нэвтрүүлэг Сонгинохайрхан дүүргийн 8-р тойрогт МАХН-аас нэр дэвшсэн Нийслэлийн засаг дарга Т.Билэгт, дүүргийн Засаг дарга Найдан, “Сод Монгол” группийн захирал Анандбазар гурвын мөрийн хөтөлбөр амьдралд илүү ойр, ажил хэрэгч, зарчимч хүмүүс баг болж ажиллаж байгаа болохоор биелүүлэх тал дээрээ ч дориун гэж сонгинохайрханчууд үнэлж дуу нэгтэйгээр дэмжихээ илэрхийлж байхыг сонсчээ. Тэгээд сөрөг хүчний дайралтаас хотын даргаа хамгаалахыг уриалаад МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс уншиж өгөв. 

Сэтгүүлч эмэгтэй “энэ гурвын мөрийн хөтөлбөр амьдралд ойрхон байна, тиймээ?” гэж урьдчилаад дүгнэчихсэн асуулт тавьж хүссэн хариултаа авч байлаа. Булган захирал сэтгүүлчдээ хүртэл нийслэлийн МАХН-ын хорооны ухуулга сурталчилгааны ажилтан болгоод амжжээ.

Posted in "Улаанбаатар" радио, 2008 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа, FM радио | 1 Comment »

Онц байдлын үеэр Интернэтийг хаагаагүй сайн Ерөнхийлөгч …

Posted by Ажиглагч on 2008/08/07

7-р сарын 1-ны үйл явдлын дараа амь насаа алдсан 5 иргэний ар гэрийнхнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүлээн авч уулзах үеэр МҮОНТ-ийг хэдэнтээ дурдаад авчээ.

Тэдгээр иргэд МҮОНТ-ийн удирдлагад хандаж, хүмүүсийг буудсан хэрэг явдлын тухай нэвтрүүлэг хийлгэх хүсэлт  тавьсан боловч цаадуул нь тодорхой хариулт өгөлгүй бултчихжээ. Уг нь онц байдлын 4 өдрийн туршид амь үрэгдсэн хүмүүсийн талаар огт дуугараагүй, эхний өглөө 1-р эмнэлгээс санаандгүй хийсэн сурвалжлагаа ч дахиж үзүүлэхгүй хассан олон нийтийн телевиз нүглээ наманчилж энэ байтугай нэвтрүүлгийг санаачлагаараа хийчихсэн баймаар. Тэнд онц байдал өнөөдөр ч үргэлжилсэн хэвээр бололтой.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч “Би онц байдал зарлахдаа олон нийтийн санаа сэтгэлийг үймүүлэхгүйн тулд арилжааны телевизүүдийг хааж ганцхан МҮОНТ-ийг үлдээсэн, харин сонин хэвлэлүүд гардгаараа гарсан, FM радио, бас Интернэтийг яагаа ч үгүй” гэлээ. Юу  ярьчихав аа?!

Зарим FM-ийн байр үймээн самууны хөлд өртөж шатсаныг бид мэднэ. Гэтэл монгол телевизийн цамхаг дээр байрлуулсан антенныг нь ямар ч тайлбаргүйгээр унтрааснаас болж хэд хэдэн FM тасарчээ. Инээдтэй нь гэвэл, бусад FM-үүд дуугаа хураасныг мэдээд “тэгэх ёстой юм байлгүй” гээд эфирээ хаасан “ухамсартай” FM байсан аж. Гэтэл зарлиг мутарласан Ерөнхийлөгч өөрөө үүнийг мэдээгүй тууж явна. “Яаж энэ улс орныг удирдана даа” гэж дуу алдмаар. Тэр өдрүүдэд FM-ийн антенныг хэн унтрааж Ерөнхийлөгчийн зарлигыг зөрчсөнийг шалгахад ч илүүдэхгүй.

Бас Ерөнхийлөгч онц байдлын өдрүүдэд Интернэтийг яагаа ч үгүй, вэб сайтууд чөлөөтэй ажилласан тухай хэлээд авсан. Баярлалаа, Ерөнхийлөгч өө. Гэхдээ Интернэтийг дэлхийн хамгийн хүчирхэг гүрний ерөнхийлөгч, таны анд Жорж Буш хүртэл хянаж чаддаггүй, нөгөө Бен ладен, “Аль Кайда” нь ална хядна  гээд онлайнаар заналхийлсэн хэвээр билээ. Бас Хятадын Шинжааны “Дорнод Туркестан” нэртэй алан хядагчид Олимпийн үеэр дэлбэлж шатаах мэдэгдлээ цацсаар байгааг Интернэтийг цензурдэх арвин туршлагатай Хятадын мэргэжил нэгт Хуа Жинтао ч болиулж чадалгүй Олимпоо эхлүүлж байх шиг. Харин манай Ерөнхийлөгчийн толгойд “олон нийтийн санаа бодлыг үймүүлэхгүйн тулд” Интернэтийг цензурдэх санаа төрсөн ч бүтэхгүйг нь мэдээд арилжааны телевизээс өөр юуг ч хориглоогүй сайн Ерөнхийлөгч болж харагдахыг оролдов уу? Тэгээгүй юм бол иймэрхүү дэмий юм ярихгүйсэн.

Posted in 2008.07.01, ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, FM радио | 3 Comments »