АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт’ Category

Хоёр дахь асуудалдаа орж байна

Posted by Ажиглагч on 2012/10/21

Надад хамгийн их таалагддаг улс төрийн онигоог дахин хэлье.

1960-аад он. Зөвлөлт Холбоот Улсын хаа нэгтээ. Хамтралын дарга бүх гишүүдийн хурлыг нээж зарласан нь: Өнөөдрийн хурлаар хоёр асуудал хэлэлцэнэ. 1. Малын саравч барих 2. Коммунизм байгуулах. Даанч саравч барих банз байхгүй учраас шууд хоёр дахь асуудалдаа орцгооё…

Улаанбаатарт нэлээн төстэй юм ажиглагдаж байна. Нийслэлд зөвшөөрөлгүй барилгыг зогсооно, хууль зөрчсөнийг хайр найргүй буулгана, хот төлөвлөлтийг ил тод, иргэдийн оролцоотой шийдвэрлэнэ хэмээн ер бусын хүчтэй цуурайтсан амлалтуудыг хэрэгжүүлэхийн тулд эхлээд аль барилга, ямар зөвшөөрөл хууль зөрчсөн, хэн буруутайг ил тод болгох ёстой байсан. Зөвшөөрөлгүй 77, бүрэн бус зөвшөөрөлтэй 168 барилга гэхчлэн жагсаалтууд гарсан боловч бараг бүгд хэвийн үргэлжлэн баригдаж байна. Яагаад? Хариулт байхгүй. Бусад нь зөвшөөрөлтэй гэж аархсан, нэгэнт босчихсон барилгууд юм. Нарийн ярих юм бол тэд ихэнхдээ хууль зөрчсөн байдаг. Хүүхдийн тоглоомын талбайг устгасан, цонх таглаж нар хаасан барилгууд, дархан цаазат Богд хаан уулын Зайсангийн аманд боссон хорооллууд бүгд зөвшөөрөлтэй ангилалд багтана. Зөвшөөрөлтэй, гэхдээ хууль бус зөвшөөрөлтэй барилгууд юм. Урьд жилүүдэд хотыг төлөвлөж газар, барилгын зөвшөөрөл олгож ирсэн, хотын дарга байсан хүмүүс бүгдээрээ газрын наймаачин, мафийн толгойлогчоор дуудуулдаг болсон тэр муу муухайг уудлан илчлэх, иргэд оршин суугчид эсэргүүцэн тэмцсээр атал хүч түрэмгийлэн булааж авсан нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, нар харах эрхийг буцааж авна гэж би хувьдаа ойлгож байлаа. Газрын наймаа цэцэглэж эхэлсэн 1996 оноос хойш нийслэлд газар олгосон Засаг дарга нарын бүх захирамж, шийдвэрийг ил тод болгохыг бид хэдэн жилийн өмнө ил тод, нээлттэй болгохыг шаардахад таг дуугүй өнгөрөөснийг санаж байна. Харин хотын шинэ удирдлага энэ бүхнийг шалгаж эхлэхийг хүлээж байлаа.

Харамсалтай нь, нийслэл одоо хоёрдахь асуудалдаа шилжиж байх шиг. Тэр нь нийслэл Улаанбаатар хотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулах, ингэхдээ ард иргэддээ нээлттэй танилцуулж хэлэлцүүлээд батлуулах тухай юм.

Хойтон жилийн наадам хүртэл хол байдаг. 2030 оны Улаанбаатарт хаана ямар барилга байшин, зам талбай байх ёстойг хэн ч мэдэхгүй.  Үүний оронд нийслэлд зарчим буюу тоглоомын дүрэм бий болгох, юуны өмнө одоо байгаагаа ягштал дагаж мөрддөг болох нь хамаагүй чухал. Хууль зөрчсөн бол ямар ч барилга “автоматаар” буудаг байх. Нурдаг гэсэн ч болно.  Бүр эхэлдэг ч үгүй байх.  Хорь, гучин жилийн дараах ерөнхий төлөвлөгөө нэртэй картоныг биш хоёр, гурван сарын дараа тавих зам, эхлэх барилга, олгох зөвшөөрлийг  хэлэлцүүлдэг байх. Нийслэлийн түүхэн төвөөс юу үлдсэнийг хамгаалахыг оролдох. Чадах чинээгээрээ сэргээх.

Гэтэл үүний оронд хотын төвийн хэдийнэ барилга бариад, барьж амжаагүйд нь зөвшөөрөл олгоод дууссан 1300 га газарт газар олгохгүй гэсэн байх юм. Энэ нь хэрэг хийсэн хүнийг хуулийн дагуу шийтгэх тухай Хууль зүйн сайдын тушаал гарч байгаатай адил юм уу даа. Ёстой нөгөө намайг барьж байгаарай, би яаж ч магадгүй … болжээ. Бас нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн даргын амнаас газрын өршөөлийн тухай үг цухалзсан. Бас болоогүй, Зайсангийн амыг байгалын дархан цаазат, тусгай хамгаалалтын бүсээс гаргах хуулийн төслийг өргөн барих юм гэсэн. Ингээд газрын наймаа, нийслэлийн мафи … бүгдээрээ цайрч байгаа нь тэр.

Нийслэлд тоглоомын шинэ дүрэм буюу дүрэм, журам, хэм хэмжээ, ядахдаа байгааг нь ягштал хэрэгжүүлэх хатуу чанд процедурийг тогтоогоогүй цагт 2030 оны ерөнхий төлөвлөгөө бол зай завсар болгоныг булааж, эсвэл хуучин болгоныг нурааж бүр гоё, цоо шинэ, илүү өндөрийг барих халхавч болж хувирна. Одоо сайхан сонсогдож байгаа хурдны зам, гүүрэн гарц, метро тус болохгүй. Харин зарчим тогтсон цагт бусад нь зах зээлийн жамаар болно. Сүхбаатарын талбайг тойруулаад 10-аас дээш давхар барьж болохгүй, шинэ барилга байшин бүр машины зогсоол, тоглоомын талбайтай байна гэх мэтээр тогтчихвол хот тэлнэ, дагуул хотууд хөгжинө, нийслэлд чихэлдэхээ болино.

Би үүнийг яагаад бичив? Нийслэл Улаанбаатар хотын эрх мэдлийг гартаа авсан Ардчилсан намын хувьд эхний хэдэн сар шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл баахан сүр үзүүлсний эцэст “зөвшөөрөлтэй”, үлдсэнийг өршөөнө, нийтдээ иргэдийн хувийн өмч гээд цайруулж байгаа юм байна. Хэдэн зуу, мянган иргэний газрыг хууль бусаар аваад барилга барьчихсан луйварчин иргэн байсан ч хамаагүй. Ингээд цаашид дуугарах эрхгүй болж байна. Магадгүй АН өөрөө нийслэлийн газрын мафийн нэг хэсэг учраас тэр биз. Зөвхөн өнгөрсөн 4 жилд гэхэд нийслэлийн ИТХ-д Ардчилсан Намын арав шахам төлөөлөлтэй бүлэг суусан ч жил жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг гар өргөн баталж нийслэлийн Засаг даргад газар олгох эрхийг дуулгавартай шилжүүлж, тэгээд ажлыг нь “хангалттай” хэмээн дүгнэлцэж ирсэн билээ. Шинэ зарчим тогтоохыг шаардан эсэргүүцэж тэмцсэн тохиолдол огт ажиглагдаагүй. Өнөөдөр том дуугарахад эвгүй учраас тэгэсхийгээд дуугаа хураав бололтой.

Posted in # УЛААНБААТАР, Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | 1 Comment »

Фукуяама ба Сото

Posted by Ажиглагч on 2012/10/20

Өнгөрсөн зун америкаас Фукуяама нарын гурван эрдэмтэн ирж улс төр, ардчилал, эдийн засаг, хөгжлийн сэдвээр хэдэн лекц уншсан билээ. Ерөнхийдөө улс төрчид, эдийн засагчид, судлаачдад хамаатай байсан. Гэхдээ Төрийн ордны их танхимд хүмүүс пиг дүүрэн сонссон билээ. Болж байна. Гэхдээ хоёр жилийн өмнө өрнөдөд болж бүтээд байгаа капитализм бусад улс орнуудад хий эргээд байгааг тайлбарласан “Капиталын нууц” номын зохиогч, Перугийн эрдэмтэн Эрнандо де Сото манайд айлчилж One Law Rule буюу сайн тоглоомын дүрэм буюу зарчим тогтоохыг хэлж зөвлөөд буцсаныг бид таг мартжээ. Дэлхий нийтийн ардчилал, зах зээлийн хувь заяанд санаа зовох хамаагүй амар.

Posted in Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | Leave a Comment »

Тусалдаггүй удаан тусламж ба эрэн сурвалжилдаггүй сэтгүүлчид …

Posted by Ажиглагч on 2012/10/19

Өнгөрсөн 9-р сарын 17-нд “Тэнгис” кинотеатрын хажууд баригдаж байсан үл мэдэгдэх 16 давхар өндөр барилга дээрээс тулгуур төмөр унаж 20 настай оюутан залуугийн амийг хөнөөснийг хэвлэл мэдээллээр “дэндүү сайн үзүүлж харуулж бичсэн билээ. (Ийм эмгэнэлт явдалд сайн гэдэг үг  хүртэл зохимжгүй  тул хашилтанд хийлээ).  Хөөрхий залуу амь тавьж байгааг нэгбүрчлэн харуулах шиг болсон. Аймшигтай.

Түүнийг аварч  болох байсан уу? Энэ асуултыг хариуг хэвлэл мэдээллийнхэн мэдээж эрж хайсан. Юу тодорсон бэ гэвэл тэр залуу толгойн тус газраа цөм цохиулсан ч гучаад минутын турш амь тавьж гар хөл нь хөдөлж байжээ. Хэн нэгний дуудсан түргэн тусламжийн машин тэр гучин минутын дараа арайхийн морилж ганц залуу эмч буугаад даралтыг хөдөлж ядан үзсэн гэнэ. Тэгснээ машиндаа оруулж эмнэлэгт аваачих замд залуу нас баржээ. Гэтэл түүнээс өмнө замаар өнгөрч явсан түргэн тусламжийн машиныг харсан хүмүүс зогсоож хохирогч дээр очихыг шаардахад “Бид дуудлагатай явж байгаа, удахгүй өөр тэрэг ирнэ” гээд хаяад явчихжээ.

Зарим сэтгүүлч түргэн тусламж яагаад ийм өөдгүй, тэгээд удаан байсныг тодруулахаар Яаралтай тусламжийг төвийн удирдлагад ханджээ. Маш зөв. Ингэхдээ тэр хаяж явсан машин хаашаа яг ямар дуудлагаар явж байсан, түүнийгээ хойшлуулж “Тэнгэс”-ийн хажууд саатаад тусламж үзүүлж болох байсан эсэхийг тодруулж өгөхийг хүлээлээ. Гэтэл би юу мэдэж авсан гээч? Түргэн тусламжийн автомашины тоо хүрэлцээгүй, хуучирсан, төсөв хүрэлцээгүй, замын бөглөөгөөс болж удаан явдаг талаар баахан донгосохыг дамжуулахаас хэтрээгүй байгаа юм даа!

Харин зол болох шахаж түргэн тусламжийн машин хажуугаар явж таарсан байна. Хэдхэн метр эргээд тэр залуу дээр очих шаанс тохиожээ. Яаралтай тусламжийн бааз ганцхан машинтай байгаад, тэр нь тэнд явж таарсан бол очих ёстой байсан ч тэгсэнгүй. Тийм зохион байгуулалт, хариуцлага байтугай сэтгэл байсангүй. Бүр очлоо гэж бодоход үхэж байгаа хүнийг чагнаад орхих байсан биз. Манай сэтгүүлчид үүнийг яагаад нэхээгүй, эрэн сурвалжилж илчилсэнгүй вэ? Эрүүл мэндийн салбарын бодлого, зорилтын талаар сайд дарга нартай ток шоу, ярилцлага хийж том том ярихдаа хичнээн мундаг гээч.

Posted in # УЛААНБААТАР, Барилга, хот төлөвлөлт, газар, Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | Leave a Comment »

“Манайд бөхийн чөлөөт барилдаан амжилттай хөгжиж байна”

Posted by Ажиглагч on 2011/11/05

Монголчууд шуудангийн хаягаа эхлээд улс, дараа нь хот, аймаг, араас нь ажлын газар, эсвэл шуудангийн хайрцаг, хамгийн эцэст нэрээ бичдэг бол гаднаас ирсэн захианд эсрэгээрээ байдаг нь бидний буруу зөвийг биш юмаа гэхэд ерөнхийгөөс дотогш задалж явдаг тэр сэтгэлгээг харуулсан жишээ юм. Бас орос, зөвлөлтийг дагасан тал байдаг. Ж.Барамсайн шог өгүүллэгт Спортын төв ордноос шууд нэвтрүүлэг хөтөлж байгаа тайлбарлагч өмнөө харж байгаа барилдааны явц, бөхчүүдийн мэх, нуман тулгуур, онооны тухай яриагаа минут тутамд орхиж “Манай улсад бөхийн чөлөөт барилдаан амжилттай хөгжиж байна” гэж хэлдэг. Заавал том юм хэлж байж санаа амардаг, бас таашаал авдаг байсан хэрэг.

Posted in Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | Leave a Comment »

“Тог таслах хуваарь”

Posted by Ажиглагч on 2011/11/04

1991 онд би “Үнэн” сонинд ажиллаж байлаа.  Нүдний өмнө социализм нуран унаж дэлгүүрийн лангуу хоосроод зогсохгүй оройн цагаар нийслэлийн энд тэнд цахилгааныг гэнэтхэн тасалчихдаг болов. Сонинууд уншигчдын гомдолд дарагдаж хариуд нь эрчим хүчнийхэн “нүүрс, вагон, сэлбэг …. “ гэх мэтчилэн учирлаж бөөн юм болдогсон. Оройн ачаалал оргилдоо хүрч цахилгаан станцын хүчин чадал дутагдаж эхэлмэгц диспетчерийн албаныхан “за тэгвэл 11-р хорооллыг жаахан таслахад бараг таарна” гээд шийддэг байсан болов уу.

Өөр аргагүй юм бол оройдоо хэр хүчин чадал дутахыг тооцоолж тэр хэмжээгээр хорооллуудын цахилгааныг ээлжлэн таслах хуваарь гаргаад түүнийгээ сониноор дамжуулаад зарлачихвал хөдөлмөрчид ажил амьдралаа зохицуулах учраас гомдол ч багасна гэж бодоод эрчим хүчнийхэнд утасдаж саналаа хэлсэн юм. Нээрээ хэд хоногийн дараа “Цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх хуваарь” гаргаад ирүүлснийг шинэ дугаартаа оруулж билээ. Удалгүй бусад сонинууд телевизийн мэдээтэй зэрэгцүүлэн нийтэлдэг болсон.

Яг хоолоо хийж байхад гэнэдүүлж хоёр цаг тасалснаас урьдчилж хэлээд гурван цаг тасалсан нь хамаагүй дээр санагдаж билээ. 

Юм тодорхойгүй байх хэцүү.

Posted in Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | 2 Comments »

“Тэнэг” хуулиуд

Posted by Ажиглагч on 2011/09/21

Бид хэвлэл мэдээллийн сонин хачны булангаар Америк, Англид голдуу байдаг тэнэг хууль, дүрэм, журмуудын талаар зөндөө уншиж сонсож байсан.

АНУ-ын Алабама муж улсад нүдээ боогоод машин жолоодож болохгүй, Канзаст харанхуйд явганаар зам гарах бол заавал гэрэл ойлгогч зүүх ёстой, Калифорнийн Лафайет хотод бусдаас метрийн дотор шүлсээ хаявал, Аризона мужид аяга ус харамлавал, Арканзаст мужийн нэрийг буруу дуудвал, Колорадо мужид согтуугаар морь унавал, харин Коннектикутэд сахлын хутаг ашиглаад хаявал гэмт хэрэгт тооцогдоно. 

Францад гахайг Наполеоноор нэрлэхийг хатуу хориглодог ба төмөр зам дээр үнсэлцэхийг зөвшөөрдөггүй. Англид хатан хааны маркийг дугтуйн дээр уруу харуулж наавал төрийн гэмт хэрэг. Австралид машиндаа түлхүүрийг нь үлдээж болохгүй, Викториа мужид чийдэнг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй цахилгаанчин солих эрхтэй. Мөн зурхайн зурлага зохиох, унших, мэргэлэх хориотой. Бас амиа хорлохыг хүнд гэмт хэрэгт тооцдог гэнэ. Дани улсад жолооч машинаа асаахын өмнө 1. Гэрэл, тормос, жолоо, дохиогоо шалгана. 2. Машин дор хүүхэд байгаа эсэхийг шалгах үүрэгтэй. Канадын Квебект францаар хараал хэлэх, машинаа гудамжинд угаах хориотой бол Нова Скотиа мужид борооны үеэр зүлэг усалж болохгүй. Боливид эмэгтэй хүн бар, ресторанд ороод ганц  хундагаас илүү вино уухын хорьсон хууль зуугаад жил үйлчилж байна. Сингапурт ойлгомжтой. Тэнд метронд бохь зажлах, гэртээ нүцгэн явах, жорлонгийн ус таталгүй үлдээх хатуу шийтгэлтэй. Өмнөд Солонгост замын цагдаа нар өдрийн туршид авсан хахуулиа даргадаа мэдэгдэх албатай бол Тайландын иргэн улсынхаа мөнгө тэмдгээ гишгэлбэл гэмт хэрэг, учир нь түүн дээр эзэн хааны зураг байдаг. Бидний мэдэхээр Хятадад нэгээс дээш хүүхэд төрүүлэхийг хориглож дааж давшгүй торгууль төлүүлдэг төдийгүй их сургуульд зөвхөн “оюун ухааны хөгжилтэй хүмүүс” элсэх эрхтэй байдаг.

Бүр усан тэнэг гэмээр хуулиуд (“тэмээн дээрээс загас барихыг хориглоно”, “загасанд архи өгч согтоож болохгүй” гэх мэт) зөндөө. Эрт урьдын цагт голын эрэг дээр хэдэн ковбой загас барингаа архидаж (эсвэл архидангаа загас барьж) суугаад дэгээнд юу ч ороогүйд бухимдсан шал согтуу нэг нь дэмийрч “энэ муу загасыг согтоогоод барина аа” гээд лонхоо атгаад ус руу орсон,  тэгээд живсэн байж магадгүй. Одоо бол хэн ч зөрчихгүй, яагаад гэвэл тийм хэрэг гарахгүй.

Тэдний Ерөнхийлөгч, парламентийн гишүүд,  муж, хотын захирагч нар үнэхээр тэнэг байсан хэрэг үү? Судлаад үзэхэд, дээрх хуулиуд анхандаа тийм ч тэнэг биш, тус бүрдээ амьдралд тохиолдсон  тов тодорхой хэрэг явдал, гэмт хэрэг, осол, гэнэдлээс сэргийлэх, давтаж гаргуулахгүйн тулд зохиогдсон ч он жилүүд өнгөрч цаад нөхцөл шалтгаан арилахын хэрээр дэмий, шал дэмий, сүүлдээ тэнэг болон хувирчээ. Гэхдээ зуун жилийн өмнөх ч шүүхийн шийдвэр хүртэл жишиг буюу прецедент болдог хуулийн тогтолцоотой улс оронд хэрэг болдог байх. Эсвэл тоож цуцалдаггүй. Ямар ч байсан тэр нийгмийн амьдралын зөв зохион байгуулалт, өндөр соёл хэзээ нэгэн цагт дүрэм, журам, хуулиас хэлсэн байна. Огт үгүй байснаас тэнэг ч гэсэн хуультай байвал дээр. Мэдээж сайн хуультай бол бүр сайн.

Манайд заримдаа иймэрхүү “тэнэг” хууль, журам үнэхээр үгүйлэгдэх юм. Траншейны нүхийг таглаж байхыг үүрэгдээд орхих бус, жишээлбэл, тагыг хаягдал төмөрт хүлээж авсан бизнесменээр дахиад 10 тагны мөнгийг гаргуулж бүрэн бүтэн байдлыг жилийн турш хариуцуулах,  хариуцсан байгууллагын даргаар “траншейны тангараг” өнгөрүүлэх (“таг болгоныг  гагнуулна, орой бүр очиж шалгана” гэх мэтээр) ч юм уу. Арваад жилийн өмнө “Хархорин” зах дээр аавынхаа гараас хөтөлж явсан 8 настай охин траншейны нүхээр ойчиж цогцсыг нь хэдэн километрийн цаадах цэвэрлэх байгууламжаас гаргаж авснаас хойш жил бүр хэдэн хүн (хамгийн сүүлд манай нэртэй сэтгүүлч) траншейнд унаж амиа алдаж байгааг сануулбал огт инээдтэй биш. Бүр дээшээ явбал, сонгуулиар олонхи, цөөнх болсон хоёр нам нэг хөнжилд орохыг хориглох гээд  “тэнэг” хуулийн шаардлага мөн ч их байна даа.

Хэрвээ Монголд хаа сайгүй “тэнэг” юм гарч байвал тэдгээрт таарсан “тэнэг” хууль журам гаргаж тэр хавтгайрсан тэнэглэлийг таслан зогсоож байхаас өөр арга алга.

Posted in Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | Leave a Comment »

“Эднийх үнэхээр шударга явагддаг юм байна”

Posted by Ажиглагч on 2011/09/20

Ямар нэгэн сугалаа, хонжвор, тааварт оролцож хожсон азтанууд сэтгэгдлээ хуваалцахдаа  ”Эднийх үнэхээр шударга явагддаг юм байна” гэж хэлэхийг би үргэлж сонсдог.  Тэгвэл хожоогүй хүмүүс “шударга биш юм байна” гэж хэлэх ёстой юу? Хожсон, хожоогүй бүгд шударга гэдэгт итгэхийн тулд сугалааны дүрэм тов  тодорхой байж, нүдний өмнө ил тод явагдах учиртай.  Тэгвэл манайд сонгууль ”шударга явагддаг юм байна” гэж хэн ч хэлж чаддаггүйн учир юунд вэ? Сонгуулийн хууль бүдүүн бараг заалтуудтай, дагаж гаргасан журам, зааврууд дагаад бүдүүн бараг учраас тэр. Ингээд ялагдагсад “луйвардуулчихлаа” гэж зоргоороо хашгичих эрхтэй болдог…

Posted in Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | Leave a Comment »

Япон хүн

Posted by Ажиглагч on 2011/09/20

Япончууд үнэхээр дэгтэй улс юм. Зочин үдэхдээ 10 удаа бөхөлзөх ёстой бол зочныгоо цахилгаан шатанд оруулаад хаалга нь хаагдсан байсан ч хамаагүй заавал гүйцээж бөхөлздөг гэнэ ээ.

Posted in Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | Leave a Comment »

“Манай Их хурлын гишүүд ёстой гурилддаг юм байна шдээ”

Posted by Ажиглагч on 2011/09/20

Яагаад ч юм бөхчүүдтэй холбодог нэг онигоо бий. “Кама сутра” үзчихээд “Бид ёстой гурилддаг байсан байна шдээ” гэсэн гэж. Тав, арван хуудаснаас хэтэрдэггүй монголын хуулиудыг үзэж дассан хэн нэгэн гадаад орнуудын бараг ботиор хэмжигдэх зузаан хуулийг харчихаад “Манай Их хурлын гишүүд ёстой гурилддаг юм байна шдээ” гээд дуу алдвал гайхах явдалгүй. Бид хууль болгоныг дэндүү ерөнхий, бөөн цоорхой, хэрэгжүүлэх механизм алга, хариуцлага тооцох аргагүй гэж гомдоллодог шалтгаан энэ.

Posted in Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | 1 Comment »

Төр зөвхөн хуулиар зөвшөөрснийг хийх ёстой

Posted by Ажиглагч on 2011/09/20

Ноднингоос хойш Авлигатай тэмцэх газрынхан орон нутгийн төр, захиргааны байгууллагуудын онц шаардлагагүй дүрэм, журмууд ард иргэдэд хүнд суртал, чирэгдэл учруулж улмаар авлигын нөхцлийг бүрдүүлж байна гэж үзээд тэдгээрийг нягтлан үзэж, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох ажлыг аймгуудад зохион байгуулснаа мэдээлсэн. Лав Өвөрхангай аймагт 2008-2011 оны хооронд баталсан тогтоол, захирамж, шийдвэрүүдийн жагсаалтыг архиваас шүүж нэгбүрчлэн хянаж үзээд хэрхэх саналыг эрх бүхий албан тушаалтан, байгууллагад хүргүүллээ гэсэн. Чухам ямар дүрэм, журмыг засаж сайжруулсан, эсвэл цуцалсан, хэр үр дүнтэй ажил болсон талаар мэдээлэл алга. 

Хуультай нийгэмд иргэн хүн хуулиар хориглоогүй болгоныг хийх эрхтэй бол төр зөвхөн хуулиар зөвшөөрснийг хийх ёстой. Төрийн байгууллага, албан тушаалтнуудын бүх ажил хууль дүрмээр зохицуулагдаж ямар ч уран сайхан байх ёсгүй гэсэн үг. Гагцхүү тов тодорхой бөгөөд ойлгомжтой, бусад хууль тогтоомжтой зөрчилдөөгүй, яг дагаад явахад төрийн үйлчилгээг хамгийн шуурхай авч чадах тийм дүрэм журмууд хэрэгтэй болж байна.   

Хоёр жилийн өмнө барилгын компаниуд 144 гарын үсэг цуглуулаад зүдэрч байна гэж баахан гомдоллосны дараа нэлээд цөөлсөн дуулддаг. Гэхдээ хэт цөөлж яавч таарахгүй. Зуун жил сүндэрлэж мянга хүн амьдарч ажиллах байшинг хоёр гуравхан гарын үсгээр зөвшөөрөх ёсгүй. Тэр 144-ын ихэнх нь янз бүрийн салбар, мэргэжлийн ажлын хэсэг, комиссын гишүүдийн гарын үсгүүд байгаа. Зөвхөн шугам сүлжээ гэхэд цахилгаан, дулаан, цэвэр бохир ус гээд задарна, тус бүрийг нэг биш байгууллага, мэргэжилтнүүд хянаж зөвшөөрөх учиртай. Өнөөдөр босч байгаа зарим барилгыг харахад зөвшөөрөл олгох гарын үсгийг буцаагаад олшруулмаар санагдаж байна. Хүүхдийн тоглоомын талбай дээр эсвэл айлуудын цонх таглаж барилга баримаар санагдвал оршин суугч тус бүрээс гарын үсэг цуглуулдаг болоосой.  

2005 онд Ерөнхий сайд байсан Ц.Элбэгдорж Төрийн ордны их танхимд болсон хурал дээр хэд хэдэн яам, агентлагийн “хүнд суртлын” дүрэм журмыг “май чи“ гэж байгаад хогийн сав руу шидсэн. Тэр дунд татварын заалтуудтай нэг чухал журам амьсгал хурааснаас болж улсын төсөвт олон сая төгрөг орохгүй болсон гэж татварын ажилтан хожим ярьсан.

Posted in Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | Leave a Comment »

Цэгцгүй Монгол

Posted by Ажиглагч on 2011/09/20

1979 оны өвөл Ренчингийн Чойном Улаанбаатараас хөдөө найздаа хаягласан захидалдаа, манайх шиг итгэл төрүүлдэггүй шуудан харилцаа дэлхий дээр байдаг болов уу хэмээн халаглаад “Ер нь монгол хүний хариуцан хийж байгаа ажил бүхэн үхээнц хариуцлагагүй байдаг. Ер нь монгол хүн юмыг хийж чаддаггүй, хийлгэж ч чаддаггүй, ганцхүү туршлагын амьтад байвал зохих улс ажээ. Хичнээн сайхан юмыг тоохгүй сүйтгэж мэдэхгүй баллаж байгааг нь хараад уур хүрэх юм. Би ч эдний нэг нь мөн” гэж бичжээ.

Хүн бүр бага балчраасаа баатарчууд, пионер, эвлэлээр хүмүүждэг, насанд хүрэхэд алхаа гишгээ бүрийг нам, засаг зөв мэргэн залж чиглүүлдэг, хариуцлага нь дэндсэн, ахмадууд одоо хүртэл санагалздаг “дээр үеийн өндөр шаардлага” ноёлсон тэр цагт шүү! Төдөлгүй монгол хүмүүс өөрчлөн байгуулалтаар дамжин эрх чөлөөнд хүрээд зоргоороо болцгоож, тэгснээ ходоод, эцэстээ мөнгө ямар ч эрдэмд сургадгийг ухаарч юуг эс үзлээ. Бидэнд хэн ч садаа хийдэггүй, элдвээр хэлүүлдэг хятадууд Эрээнээ хаадаггүй, оросууд бензинээр тасалдаггүй, гуравдахь хөршүүд Америк, Японоос эхлээд өгч ханадаггүй, гаднаас хэн ч өнгөлздөггүй, тал талаас зөвхөн магтаал сонсдог, дотроо тэмцэл хөдөлгөөн байтугай ажил хаялт ч гардаггүй (хавартаа ганц бужигнадаг бол үгүйтэй адил юм), газар хөдөлдөггүй, цунами ирдэггүй… Бас хэмжээгүй баян. Газраа ухуулаад олдсоны талыг алдаад үлдсэний талыг идүүлсэн ч 3 сая хүнийг цатгах тийм их баялагтай. Өөр юу хэрэгтэй юм бэ?

Одоо ямар ч асуудал, хэнбугайг ч мөнгөөр навс зоддог болсон байна. Сая, тэрбумаар гаргаад шидчихнэ, тал нь алга гэвэл дахиад шиднэ, өлссөн хүн байвал тараачихна, саналаа хэнд өгөхийг амлаад урвуулчихна.  Энэ их төгрөг, долларууд бидний замбараагүйтэл, бүтэлгүй алхмууд, хэн ч хариуцлага хүлээдэггүй хэрэг явдлууд, элдэв завхралыг цайруулаад байх шиг. Чойномын уурыг хүргэсэн бүхэн бараг хэвээрээ, эмх цэгц, дэс дараа, хэм хэмжээ, стандарт, томоор яривал хууль ёс дэндүү хоцрогдож байна.

Юм л бол ухуулж сэнхрүүлэх, зан үйлийг өөрчлөх тухай ярьдаг болжээ. Үүнийг хуучин цагт коммунист хүмүүжил гэж нэрлэдэг байсан санагдана. Захиргаадаж болохгүй, эрх чөлөөг ханатал эдлүүлбэл хүмүүс учраа олоод амьдрал цэгцэрнэ, элдэв хаалт, хязгаарлалт дэмий, сүүлдээ төр ерөөсөө хэрэггүй гэдэг болж. Би итгэхгүй байна. Дэлхий дээр хаа нэгтээ жинхэнэ эмх цэгц, сайн зохион байгуулалт байгаа бол тэр нь хэдэн арав, зуун жилийн турш хууль ёс, дэг журмаар балбасны үр дүн байж таарна. Тэд чөлөөтэй сайхан, дарамтгүй, хэнээр ч хэлүүлэхгүйгээр хуулиа дагадаг, зүгээр л соёлтой харагддаг, гэхдээ энэхүү соёл гээч бол дадал, хэвшил болсон дэг журам бололтой.

Мэдээж хууль журмыг хэлэлцэж тохирох хүртлээ ардчилал байх ёстой. Харин дараа нь …  Ардчилал бол үр дүн биш, харин арга зам, ардчилал бол процедур ч гэдэг. Энэ сэдвээр хааяа бичиж бусдад, бас өөртөө сануулж байя. Яагаад гэвэл би бас гучин жилийн өмнө Чойномын тодорхойлсон хариуцлагагүй монголчуудын нэг мөнөөс мөн.

Posted in Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | Leave a Comment »