АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘Улс төр, эдийн засаг’ Category

Төмөр замын тулаан удахгүй үргэлжилнэ

Posted by Бид on 2010/01/17

Ухаа худгаас Гашуун сухайтын боомт хүртэлх төмөр замыг тойрсон телевизийн захиалгат нэвтрүүлгийн тулаан оны өмнө ба хойно хоёр удаа оволзоод түр намжаад байна. Олигархуудын санаачлагыг овсгоотой зарим нь үргэлжлүүлэхээ зарлав.      

Posted in Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

МҮОНТ учрыг магадлав

Posted by Бид on 2010/01/17

Төмөр замын асуудлаар дэлгэцэн дээр дэгдсэн тулаанд хэвлэл мэдээлэл бараг л хэлмэгдсэн тухай үг яриа цухалзаж “муусайн олигархууд сэтгүүлчдийг худалдаж авахаа зогсоох”-ыг шаардах болов. Сэтгүүлчдийн нэрийг барьж амжуулах юм аа. Үнэндээ олигархууд сэтгүүлчдийг биш эзэд, захирлуудыг худалдаж авсан бөгөөд цаадуул нь “бонус” болгож сэтгүүлчдийнхээ амыг таглан төмөр замын талаар зөвшөөрөлгүй  дуугарах, тэр тусмаа эрэн сурвалжлахыг зогсоож иж бүрэн үйлчилгээ үзүүлсэн юм. Зөвхөн “25-р суваг” телевизээр сэтгүүлч Пүрэвхүү УИХ-ын гишүүн Л.Гүндалай, ОУСХ-ийн дэд захирал Д.Шүрхүү, эмч Б.Болдсайхан, эдийн засагч Д.Жаргалсайхан нарыг авчирж  маргалдуулав. Гүндалайг үзэх урьдын адил зугаатай, гэвч бүгдээрээ хөндлөнгийн хүмүүс болохоор юу ч тодорсонгүй.

Ухаа худгийн эсрэг ба төлөө захиалгат хоёр нэвтрүүлгийг олон нийтийн телевиз үзүүлээгүй. Яаж тэсэв ээ гэж бодсон шүү! Магадгүй хашир телевиз жинхэнэ эздээс нь урьж байгаад даацтай хэлэлцүүлэх юм болов уу? Би дахиад хууртав.

Мягмар гаригийн оройн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр “Өнгөрсөн амралтын өдрүүдэд хэвлэл мэдээллээр Ухаа худаг – Гашуун сухайтын төмөр замын талаар нэвтрүүлэг явсан, бид учрыг магадлав” хэмээн ихэд намбатай эхэлсэн ч “Төмөр зам тавих зөвшөөрлийг ганцхан “Энержи Ресурс”-д Засгийн газраас олгосон юм биш” гээд өмнөөс нь барьцах маягаар “Монголын алт” (МАК) компанийн зөвлөх, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга асан Д.Содномоор урагш тавих шууд төмөр замыг нь хамгаалж яриулсан, бас эдгээр төмөр замууд хэзээ нэгэн цагт төрийн өмчид ирэх тул амар амгалан байцгаа хэмээн ухуулсан сурвалжлага толилуулав. “Монголын мэдээ” агентлаг өөрөө ч бэлтгээгүй, хэд хоногийн өмнө TV9, TV5 зэрэг сувгаар нэр, хаяггүй цацагдсан бүтээл тэр чигээрээ байлаа.

 Хэдэн минутын дараа эхэлсэн “Бизнес ньюс”-ыг эргүүлтэл Энержи ресурс”-ийн захирал Г.Батцэнгэл Ухаа худгаас төмөр зам  татах зөвшөөрөл авсан тухайгаа тайлбарлаж зогсов. Дээрх сурвалжлагын дэлгэрэнгүй хувилбар болж таарлаа.  Сэтгүүлч М.Оюунчимэг бүр хөөрчихсөн “зах зээл хөгжсөн оронд дэд бүтэц нь хувийн хэвшилд байдаг … Ухаа худгийн төмөр замыг хувийн хэвшил барих боловч ашиглах нь монгол улсын бүх иргэнд нээлттэй юм байна” гэсээр жигтэйхэн баяртай өндөрлөв.

Үүнээс үүдээд сонин зүйлийг олж мэдлээ. Олон нийтийн телевиз тэсээгүй юм байна. “Баялгийн хараал”-аар илчлэгдсэн “Нүүрсний зам” захиалгат нэвтрүүлэг 2009 оны 12-р сарын 29-ны үдэш МҮОНТ-ээр “Танин мэдэхүйн аялал” тодотголтойгоор гарчээ. Үүнийг сэтгүүлч Б.Эрдэнэсолонго Улаанбаатар Эрхүү – Владивосток – Находка – Тэньжин – Бугат – Улаанбаатар маршрутаар хийсэн аялал хэлбэрээр бэлтгэж хойшоогоо ОХУ-ын нутгаар Номхон далай хүрсэн төмөр замыг муулж “…. өргөн төмөр замын үе дуусч байгаа бололтой… Орос, Монгол зэрэг хэдхэн орон өргөн төмөр замтай үлдэж байна… Үлдсэн нь дэлхий нийтийн стандарт болсон нарийн төмөр замтай… Оросууд өөрийн төмөр замыг ажилтай болгох гэж монголын нүүрсийг тээвэрлэхийг хүсч байна…Тэд онгоцны буудалд намайг дарамталж 500 рубль авсан” гэх мэтээр оросуудаас юу ч үлдээсэнгүй. Үргэлжлэлийг бид “Баялгийг хараал”-аас мэдэж авсан билээ. Төгсгөлд нь “Эх санаа M.Boom, BK Consult Forshung компанийн захиалгаар Blue Bird Production (Israel) бүтээв” гэж бичсэн байх юм. Үндэстэн дамнасан нэвтрүүлэг мөн дөө.

Бас болоогүй. 2010.01.03-ны Даваа гаригт МҮОНТ-ийн мэдээгээр Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх төмөр замыг хаагуур тавих талаар УИХ-ын гишүүн Р.Раштай хийсэн ярилцлага гэнэт оржээ. Ухаа худаг – Гашуун сухайтын төмөр замыг тавихыг “Энержи ресурс”-д зөвшөөрсөн тогтоолд 2008 онд гарын үсгээ тавьсан  эрхэм өөрөө, нарийн төмөр замыг ямар нэгэн дамжлага сааталгүйгээр Хятад руу барих нь эдийн засгийн ач холбогдол ихтэй, Чойроор дамжуулж шилжүүлэн ачилт хийхэд үр ашиггүй гэх мэтээр ярьсан нь мэдээж. Аль чиглэлийг сонгохыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо гэдэг судалгааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэх хэрэгтэй гэж тэр үздэг гэнэ. Тэгвэл ҮХШХ-ны дарга нь ямар байр суурьтайгаа “Баялгын хараал”-ын эсрэг захиалгат нэвтрүүлгээр зарласан билээ.

Ухаа худгийн төмөр замын асуудлаар олон нийтийн телевиз зөвхөн “Энержи ресурс”-ын амыг харж сурталчилгааг  нь сэм сэмхэн (бараг хулгайгаар гэсэн үг) хийж өгдөг нь дахин нотлогдов. “Энержи ресурс”-ийн цөм болсон MCS яагаад өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй байдаг вэ гэвэл дурын хэвлэл мэдээллийг, тэгэхдээ МҮОНТ-ийг хамгийн түрүүнд худалдаад авч болдог учраас тэр гэж бодсон шүү.

Posted in + ТЕЛЕВИЗ, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

Амралтын өдрийн “агаарын” тулаан

Posted by Бид on 2010/01/11

“Энержи ресурс”-ын Ухаа худгаас Хятадын хил рүү шууд татах төмөр замыг тойрсон “агаарын” тулаан амралтын хоёр өдөр телевизээр дэгдээд намждаг уламжлал тогтож мэдэхээр боллоо.

Эсэргүүцэгч тал өнгөрсөн Бямба гаригийн үдэш аль ч телевизийн хөтөлбөрт зарлагдаагүй “Баялгийн хараал” нэвтрүүлгийг ТМ, TV9, “25-р суваг”, Ням гаригт “Ийгл” өглөө ба орой хоёр удаа, бас TV9 телевизээр тус тус үзүүлж (суваг эргүүлэхэд тааралдсанаа дурдав. Бусад нь яасныг мэдэхгүй) гэнэтийн цохилт өглөө. Энэ удаад “Баян Монголын төлөө” хөдөлгөөн нэрээр Х.Билгүүн гэж нэрээ бичсэн залуу хөтлөв.

Дөчин минутийн туршид Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Д.Энхбат, Лу.Гантөмөр, Ж.Сүхбаатар, МУНН-ын дарга Батболд, Ноолуурын холбооны тэргүүн Н.Баатарсайхан, УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан, ЗТБХЯ, Улаанбаатар төмөр замын албан тушаалтнууд, түүхч О.Батсайхан, улс төрийн тоймч Ц.Дашзэвэг, ММГШ хөдөлгөөний тэргүүн П.Болд, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Бурмаа, эдийн засагч Д.Жаргалсайхан, геополитик судлаач О.Чулуунбилэг, Геологийн сайд асан Ч.Хурц, геологич Дүгэржав, жүжигчин Сосорбарам нарын яриа үзэгдэв. Ингэхдээ “Энержи ресурс”-ийн Ж.Оюунгэрэл, Ж.Оджаргал, П.Батсайхан, Г.Батцэнгэл нарын хэвлэлийн хурлыг үг, өгүүлбэрээр нь няцааж Хятадын эртний жанжин Сунцигийн номлолд үйлчилдэг уугуул ба суугуул урвагчид гэх мэтээр ниргэсэн ширүүн нэвтрүүлэг болжээ.

Миний сонирхлыг оны өмнөхөн телевизүүдээр цацсан “Нүүрсний зам” нэвтрүүлгийг илчилсэн хэсэг татлаа. Хэсгээс сийрүүлье:

… Саяхан уугуул, суугуул урваачдын оролцоо, захиалгаар нэгэн нэвтрүүлэг бэлтгэгдэн мөнгөөр зодон байж бүхий л сувгаар цацагдсан билээ. [Тэр нэвтрүүлгийн хэсэг. Сэтгүүлч: Үнэхээр аварга юм аа. Ёстой зууны бүтээн байгуулалт гэмээр Энэ том үйлдвэртэй нэгбүрчлэн танилцаад явах юм бол өдөртөө яваад барагдахгүй юм байна. Үнэхээр нүсэр байгууламж гэдэг нь мэдэгдэж байна даа…]

…. Бугат бол Хойт Хятадын эдийн засгийн онцгой объект бөгөөд энд гадаадын хүн сэлгүүцэх, зураг авахыг хатуу хориглодог. Гэтэл монголын нэг шальдир сурвалжлагч очоод дуртай газраа нэвтрээд хүссэн зургаа аваад явсныг юу гэж тайлбарлах вэ? Энэ бол хятадууд “Энержи ресурс”-д дээд зэргийн халамж үйлчилгээ үзүүлж хөхиүлэн дэмжиж байгаагийн тод илэрхийлэл. Энэ этгээдийн амнаас нэвтрүүлгийн туршид нэг л санаа улиг болтол давтагдлаа. Хятадуудад хямдхан, хурдханаар, ахиухнаар түүхий нүүрс хүргэж өгөх юмсан.. Худалдагдсан этгээдүүд монголоо үхэр тэргээр зүйрлэн доромжилж хятадын сансрын пуужинтай адилтган бахадсаар нэвтрүүлгээ жаргааж байх юм… Уг нэвтрүүлгийн хөтлөгч Сайншандын үйлдвэрийн цогцолборт огтхон ч санаа зовохгүй байгаа хэрнээ хятадын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдох вий, тэдэнд нийлүүлэх монголын түүхий эдийн үнэ өсчих вий гэж ихэд зовниж байлааа. Монголд боловсруулах үйлдвэр хөгжөөсэй гэж ерөөчихөж чадахгүй хэрнээ харийн үйлдвэрийн чадлыг бахдаж гайхан биширч бусдыг өөр шигээ сөгдөн мөргөхийг албадагч энэ эрийн судсаар монгол цус гүйж байгаа болов уу? Хэдэн жилийн өмнө шар хэвлэлүүдэд хов жив, садар самуун мэдээ нийлүүлж явсан энэ эр одоо хятадын үйлдвэрүүдийн хувь тавиланд юунаас ч илүү санаа зовж явахын учир юм билээ. Ойлгомжтой. Мөнгө.

Уугуул, суугуулуудад урдаас хаяж өгсөн асар их мөнгөнд цатгалдагсад түүнийг хөлслөн турхирч байна. Нэгээн уугуул саяхан саяхан тэрбум төгрөгөөр испани зураачийн зургийг худалдан авснаа сайрхан ярилцлага өгчээ. Хэний баялгаар, хэний хүчээр… 250 мянган хүний сарын цалингаар ганц зураг авч баярхаж сагах хүртлээ тэнэглэсэн монголын олигархууд эхнэртээ 15 мянган доллараар цүнх авч өгч үнэтэй костюм гучийг шкафандаа овоолох мөнгийг ядуу монголчууд л төлдөг юм. Олигархуудын найруулсан архи, оросоос зөөж нугалан шахдаг бензиныг монголчууд л хөлсөөрөө, хөдөлмөрөөрөө төлж амьдралаа нулимм, архи, согтуурал, мансуурал, зовлон гуниг дунд өнгөрүүлж байгаа монголчууд тэднийг тэтгэдэг юм…

Энд балбуулж байгаа сэтгүүлчийн нэрийг Эрдэнэ ……… гэдэг шиг санана. Захиалгат нэвтрүүлэг захиалгат нэвтрүүлгээ, захиалгат сэтгүүлч захиалгат сэтгүүлчээ илчилдэг цаг ирэв бололтой. Огт илчилдэггүй байсныг бодоход том дэвшил!

Бас ноцтой баримтаар “Энержи ресурс”-ийг илчилсэн байна. Ухаа худаг – Гашуун сухайтын төмөр зам тавих зөвшөөрөл олгосон заалт нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Монгол улсын зургаан хуулийн 11 заалтыг зөрчсөн, бусад төмөр замыг 51 хувийг төрийн мэдэлд авах болзолтойгоор зөвшөөрсөн бол “Энержи ресурс-ийн тухайд ийм заалтыг санаатайгаар орхигдуулжээ.

Одоо “Энержи ресурс”-ийн ээлж. Тэд гэнэдсэн боловч түргэн авч Ням гаригийн үдэш гэхэд хариу барилаа. Сэтгүүлчид, телевизүүд бэлэн байжээ. Нэвтрүүлгийн нэр харагдсангүй. “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлийн мэдэгдлээр эхэлж “Энэ амралтын өдрүүдэд “Энержи ресурс” компанийн хэрэгжүүлж байгаа төмөр замын төслийн эсрэг захиалгат нэвтрүүлэг телевизүүдээр цацагдлаа… Тусгай зөвшөөрлийг холбогдох хууль журмын дагуу авсан… Бид Сайншандын төслийг хэзээ ч үгүйсгэж байгаагүй…

Ингээд араас нь баахан хүмүүсийн яриаг хөврүүлж өчигдрийн дайралтанд зүтгэсэн хүмүүстэй эчнээгээр тулалдуулав. “Монголчууд замын дөтийг хардаг” хэмээн гоё хэлсэн Бавуугийн Лхагвасүрэнгийн араас УИХ-ын гишүүн Д.Энхбат гарч өчигдрийн нэвтрүүлэгт гарсан өөртэйгээ үзэлцэх мэт харагдсан ч түүний болон МЭТНХ-ны ерөнхийлөгч Д.Цахилгаан, УИХ-ын гишүүн асан Л.Одончимэг нарын ярианаас “зөв зүйтэй” үг өгүүлбэрийг тасалж авсан байх. Нүүрсний ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран, эдийн Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх, Хас банкны Ч.Ганхуяг, Улаанбаатар төмөр замын газрын орлогч дарга Ё.Батсайхан нар ерөнхийдүү дуугарсан бол Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн: Төмөр зам шууд урагшаа гарвал ямар ч төмөр замын царигийг солихгүй амар…, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун: Оросын төмөр замаар тээх шаардлага байхгүй… УИХ-ын гишүүн С.Оюун: Намайг Засгийн газрын гишүүн байхад энэ зөвшөөрлийг өгсөн. Одоо ч гэсэн зөв гэж бодож байна….УИХ-ын гишүүн З.Алтай: Тавантолгойгоос урагшаа Нарийн сухайт руу 260 км төмөр замыг тавих нь зөв. Тэд чинь боловсруулах үйлдвэр барина гээд төслөө боловсруулсан байна… доктор С.Авирмэд: Урагш тавих төмөр замыг улайран эсэргүүцэж болохгүй…, Эдийн засагч Н.Дашзэвэг: Баттулга сайд нарийн төмөр замаар зөвхөн ачаа тээнэ гэсэн шийдвэр гаргачихвал нэг ч хүн тээхгүй шүү дээ… гэхчлэн ямар ч эргэлзээгүй дэмжлээ. Засгийн газрын дээрх тогтоолд Ерөнхий сайд асан С.Баярын хамт гарын үсгээ зурсан УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд байсан Р.Раш Ухаа худгаар тавих замыг цээжээрээ хамгаалж ярьсан нь мэдээж.

Хариу нэвтрүүлгийг үзүүлсэн телевиз гэвэл TM, TV5 (хоёр удаа, “төлбөртэй” гэсэн тайлбаргүйгээр), TV9, TV8, “25-р суваг”, “Ийгл” юм.

Манай арилжааны телевизүүдийн хөтөлбөрийг Бямба, Нямд ч хамаагүй зоргоороо өөрчлүүлж хүссэн нэвтрүүлгээ дуртай цаг, минутанд шургуулж чаддаг хүч бол зүгээр л мөнгө юм. Тэр мөнгийг төр, улс төрийн нам, олигарх, компани, нэр дэвшигч, луйварчин, хятад, орос, америк хэн сарвайх нь мөнгө хураагч эздэд огт падгүй. Иймээс энэ удаад хоёр талд зэрэг ажиллаж олон ургальч үзлийн “үлгэр жишээ”-г үзүүлсэн хэрэг. Зөвхөн үүгээр зогсдог бол бас яахав. Мөнгөний “ачаар” улс орны хувь заяатай холбоотой чухал чухал асуудлаар жижиг мэдээ, сурвалжлагыг эс тооцвол маргаан, хэлэлцүүлэг телевизээс алга болжээ. Эрэн сурвалжлага ор тас мартагдсан. Сэтгүүл зүйн зарчмууд ингэж ууршсаар одоо голдуу сувгаа зардаг ажилтай болцгоожээ.

Тулаан газарт, тэнгэрт, тэнгист үргэлжилнэ гэдэг шиг араас нь сонинууд, бас сайтууд залгаж авах нь лавтай.

Posted in + ТЕЛЕВИЗ, Улс төр, эдийн засаг | 8 Comments »

Тэд Шангри-Ла-г чадсан…

Posted by Бид on 2009/12/03

Телевизээр гэнэт сайн гүвүүлсэн “Энержи ресурс” компани өнгөрсөн ням гаригт “цаашид энэ мэт хар пиарын материал ямар нэг хэвлэлээр гарвал бид захиалагчийг олон нийтэд ил тод зарлаж гар хөл бологчдийг нь хуулийн байгууллагад шалгуулж нэр төрөө сэргээлгэх болно” хэмээн том дуугаар мэдэгдсэн ч хэлсэндээ хүрсэнгүй. Даваа гаригт “Өнөөдөр” зэрэг сонинууд палийтал хэвлэж орхисон ч дуугараагүй. Х.Баттулгын нэрийг зарлана, шүүхдэнэ гэхлээр “Үндэсний үйлдвэржилтийг мөхөөх өмнөдийн бодлого”-д “Энержи ресурс”-ийг элдэв үгээр дуудсанаас биш Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолоос эхлээд гарцаагүй баримтаар нотолсон байдаг…

Гэхдээ “Энержи ресурс” хариултаа хэдийнэ бодчихсон, угтуулаад нэг, хоёр ба дөрөвдэх засаглалыг Утаа худагтаа дуудаж аваачаад сэнхрүүлж өгчээ. Урьдын явдлаа олонд сануулахаас эмээж Дундговь хавиар эргэлдээд буцсан “Энержи ресурс”-ийн анхдагч, одоо Монгол улсын Ерөнхий сайд Сү.Батболдын оронд очсон тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг “ашигт малтмалыг боловсруулах нь чухал” гэж сөрөг санаатай өгүүлбэрээр бөөрөнхийлснийг эс тооцвол УИХ-ын гишүүд (Х.Бадамсүрэн, Д.Баярсайхан) болон “Энержи ресурс”-ийнхний амнаас гарсан “урд хилийг бушуухан цоолж төмөр зам тавихгүй бол сүйрлээ, хятадуудаас ичиж байна” гэсэн ухуулга дараачийн хоёр өдөр бүх телевизээр гарч нөгөө “гүтгэлэг”-ийг булж орхив.

Ухаа худаг-улсын хилийн төмөр замыг “Энержи ресурс” тавьж л таарна. Үүсгэн зохион байгуулагч нь одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн бөгөөд Засгийн газрын тэргүүн! Харин олон нийтийн санаа бодлыг яаж эргүүлэх вэ?

Хэдхэн жилийн өмнө Сүхбаатарын талбайн зүүн урд зам дээр “Шангри-Ла” зочид буудлын барилга босгохыг бүгд эсэргүүцэхэд “Энержи ресурс”-ийн гол компани – MCS яасан билээ? Телевиз, сонин болгоноос сэтгүүлчдийг цуглуулж Хонконгт хэдэн ээлжээр айлчлуулан Шангри-Ла буудалд хонуулж авчраад “Бид ямар азтай улс вэ? Улаанбаатар маань “тэнгэрийн диваажин” (орчуулбал ийм утгатай гэнэ)-тай болно” гэсэн нийтлэл, нэвтрүүлгээр бөмбөгдүүлэхэд бүгд нам гүм болж … тэнд MCS-ийн офис сүндэрлэсэн билээ.

P.S: Сүүлийн үед зарим телевизийн хөтөлбөрт “Нүүрсний замын тэмдэглэл” нэртэй цуврал нэвтрүүлгийн нэр бичигдсэн харагдана. Сонирхвоос, “Энержи ресурс”-ийн төмөр замын магтуу ажгуу.

Posted in Улс төр, эдийн засаг | 1 Comment »

Отгонбаяр сайдын телечадавхи

Posted by Бид on 2009/11/22

Монголын бүх телевиз, радио, сониныг зэрэгцүүлэн эзэмддэг эрхмийг танилцуулья. Нэр нь Ё.Отгонбаяр. Үндсэн ажил нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд.

Зөвхөн сүүлийн хэдхэн сард МҮОНТ-ээр түүний “тоглосон” ямар ямар мэдээ, сурвалжлагууд үзсэнээ эргэн санахыг оролдьё. Лхагва гариг бүрийн Засгийн газрын хуралдааны дараа өөрийн салбарын хэлэлцсэн асуудлыг сэтгүүлчдэд танилцуулах, түүнийгээ “Нээлттэй засаг”-аар гүйцээж ярих, их, дээд, дунд, бага сургуулийн хичээлийн жилийн нээлт, сургууль цэцэрлэгийн барилга ашиглалтанд оруулах ёслол дээр үг хэлж харагдах нь зөвхөн бие халаалт байжээ.

Ялангуяа сургууль, боловсролын үйл явдал болгон заавал бүх зурагтаар гардаг, тэр болгонд Отгонбаяр сайд заавал ярилцлага өгдөг заншил тогтоод удлаа. АНУ-ын боловсролын байгууллагатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан, “Орчлон” сургуулийн сурагчид олон улсын ерөнхий боловсролын үнэмлэхээ хүлээн авсан ёслол, Солонгост болсон урлагийн наадмаас медаль авсан хүүхдүүдэд баяр хүргэсэн, сүүлдээ БСШУЯ ба ЭМЯ хамтран ажиллах (гайхалтай!) гэрээнд гарын үсэг зурсан тухай сурвалжлагууд гарч бүгдээрээ Отгонбаярын яриагаар өндөрлөж байлаа. Төрийн хоёр яам энэ мэт ажлаа телевизгүйгээр, ерөөсөө гэрээгүйгээр, утсаар тохироод хийж чадахгүй юу? Нэг мэдэхэд БСШУЯ-наас ЭМЯ-нд явуулах албан бичигт Отгонбаяр сайд гарын үсэг зурсан тухай сурвалжлага “Цагийн хүрд”-ээр цацагдаж Отгонбаяр сайд тэр бичгийнхээ ач холбогдлыг тайлбарлаж зогсохнээ.

Алс холын Энэтхэгээс хүртэл монголын телевизийн дэлгэцийг эзэгнэсэн гээч. Ерөнхийлөгч Элбэгдорж Энэтхэгт хийсэн албан ёсны айлчлалын сурвалжлагуудын дундуур Ерөнхийлөгчөөс дутуугүй харагдаж ярьсан хүн бол Отгонбаяр.

Гай болж гахайн ханиад дэлгэрэв. Засгийн газрын хуралдаанаар сурагчдын амралтыг наашлуулсан, сунгасан, дуусгахаар шийдсэнийг зөвхөн Отгонбаяр дамжуулж, телехичээлийг Отгонбаяр эхлүүлж, ийм хичээлийг “Боловсрол суваг” телевизийнхэн бэлтгэж бусад телевизээр гаргадгийг Отгонбаяр ойлгуулж, цааш үргэлжлэх эсэхийг зөвхөн Отгонбаяр зарлав. Бусад өдрүүдэд телехичээлийн явцтай Отгонбаяр сайд танилцсан тухай сурвалжлагууд үргэлжилж, Отгонбаяр сайд юу үзсэн талаар Отгонбаяр сайд өөрөө танилцуулж зогссон. Ашгүй хичээл эхэлж телехичээл мэдээний сэдэв биш болохоос өмнө амжиж хичээлүүдийг CD-нд бичүүлэн тараах ёслолын ажиллагааг яаман дээрээ зохион байгуулж бүх телевизээр дахиад нэг гарч CD-ны ач холбогдлыг ярьж билээ.

Бас болоогүй. Отгонбаяр сайд оюутнуудад амны хаалт гардуулсан, Отгонбаяр сайд Т.Ганди сайдын хамт оюутнуудад аарц, чацарганыг улаан гараараа тараасныхаа боловсролын болоод анагаах ухааны гүн гүнзгий утга учрыг зөвхөн Отгонбаяр сайд өөрийн дуу хоолойгоор тайлбарлаж байж санаа амрав.

Өнгөрсөн долоо хоногт Олон улсын оюутны өдөр тохиоход “Цагийн хүрд”-ээр бас л Отгонбаяр сайд гэгээн дүрээрээ мэндчилгээ дэвшүүлж тэр өдөртөө амсхийх шиг санагдсан ч хэдхэн минутын дараа МҮОНТ-ийн сурталчилгааны клипэнд тоглоод дахин гарч харагдах юм. Ийнхүү боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт багтдаг хагас сая гаруй сурагч, оюутан, багш, эрдэмтэн, театр, урлагынхан, тэдний бүх ажил, амьдрал Отгонбаяр сайдын зурагтаар гардаг фон болж хувираад байна.

Хүйтны эрч чангарсан сүүлийн гурав хоногт Отгонбаярын сайдын телечадавхи дагаад чангарлаа.

19-ны Пүрэв гаригийн үдэш НТВ-ийн “Чухал яриа”-гаар БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр

20-ны Баасан гаригийн орой TV5 телевизийн “Монгол орноо хөгжүүлье” хөтөлбөрөөр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр.

21-ны Бямба гаригийн өглөө МҮОНТ-ийн “Ярилцъя…” нэвтрүүлгээр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр (Саяхан шинэ ерөнхий сайд Сү.Батболд “боловсрол – тэргүүлэх салбар” гээд хэлчихснийг хоёр талаасаа ийнхүү “баярлан угтав”. Тэгэж яривал эзэн Чингэсээс эхлээд Сүхбаатар, Цэдэнбал бүгдээрээ эрдэм мэдлэгийг дээдэлдэг байсан, энэ утгаараа лав 800 жилийн өмнөөс тэргүүлэх салбар)

P.S:

Өнөөдөр амралтын өдөр МҮОНТ-ийн мэдээг санаандгүй үзтэл нөгөө Ё.Отгонбаяр сайд костюм пиджакаа ч тайлах завгүй “Бид сургуулиудад бүтэн сар хэрэглэх “Санитол” олгосон байгаа… ” хэмээн ярьж зогсоно. Хэзээ амардаг юм болдоо, хөөрхий. Ариутгалын “Санитол”-ыг хүртэл зүгээр өнгөрөөхгүй юм.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Улс төр, эдийн засаг | 9 Comments »

2012 он хүртэл …

Posted by Бид on 2009/11/10

Сүүлийн өдрүүдэд УИХ-ын чуулганы хуралдаанууд дээр байн байн түгшүүртэйгээр дурдах болсон 2012 оноос өмнө амжиж ноднингийн сонгуулиар “сайхан хуурсан” сонгогчдынхоо амыг мөнгөөр таглахгүй бол эрхэм гишүүдийн хувьд “ертөнцийн төгсгөл” ирнэ. Лав МАХН-ынхан үүнийг эртхэн ухаарч нийслэлийн намын хороогоо ийн чимэглэсэн ч юм билүү, хэн мэдлээ.  [Тэр орхимжтой, нүүрээ буруулсан нөхөр хэн бол?]

Үнэндээ анхааруулах зүйл олон бий. “1,5 саяыгаа гар зүсэм 20 мянгатын дэвсгэртээр тоолж авна (1.500.000 төг : 20.000 төг = 75 ширхэг юм байна!) гэдгээ анхааруулахгүй бол цэнхэр, ягаан тасалбар шиг юмаар зальдаж мэднэ. Бас одоо төсөв мөнгө хэлэлцэж байх үеэр дуу шуу муудсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ч гэсэн 2,5 саяыг нь (1,5 сая + 1 сая) анхааруулахад гэмгүй. Энэ тохиолдолд хүн бүрт 2.500.000 төг : 20.000 төг = 125 ширхэг  буюу овоохон боодол мөнгө ногдоно. Нийтдээ ийм 2,7 сая боодол мөнгө хэрэгтэй гэсэн үг. 

2012MAHN

Posted in Улс төр, эдийн засаг | 7 Comments »

“Намайг барьж байгаарай…”

Posted by Бид on 2009/10/25

УИХ-ын Чингэлтэй дүүрэг дэх 24-р тойргийн нөхөн сонгуулиар ялалт байгуулсан эрх баригч нам хууль зөрчсөнийг илчлээд зогсохгүй хариуцлага нэхэж сандаргах, магадгүй том хэрэг үүсгэх хөдөлшгүй баримт УИХ-ын гишүүн З.Алтайг ажилдаа ирэх замд нь өөрөө ороод ирэх нь тэр.

Шинээр сонгогдсон гишүүн Д.Зоригтыг тангараг өргүүлсэн нэгдсэн хуралдаан дээр түүний юу ярьсныг дор буулгав.

“Зоригт боловсролтой, чадалтай, намын залуу сайн кадр, цаашдаа төр түшилцээд явахад бүрэн боломжийн хүн гэж бодож байгаа. Аав ээжийг нь ч би сайн танина, монгол телевизэд бид бас хамт олон жил ажиллаж байсан аятайхан улсууд байдаг гэж бодож байгаа. Гэхдээ саяын болж өнгөрсөн сонгуулийн талаар би энэ хувьсгалт намын нөхдүүдэд, ардчилсан намын нөхдүүдэд ч гэсэн, Сонгуулийн ерөнхий хороонд бас нэг зүйлийг хэлмээр байна. Зоригт бол үндсэндээ өөрийн чадал чадавхи, оюун ухаанаар энэ Чингэлтэйн тойрогт ямар нэгэн шахалт… муу зүйлгүйгээр гараад ирвэл гараад ирчих бүрэн боломжийн залуу шүү дээ. Өөрийнхөө чадлаар, өөрийнхөө нэрээр. Гэтэл энэ сонгуулийн ажиллагаанд хувьсгалт намын сонгуулийн штабын нөхдүүд, би тэгэж л бодож байгаа, удирдах зөвлөл нь дээрээс удирддаг юм уу асар их хэмжээний мөнгө тараасан. Хорь хорин мянгыг гарцаагүй өгсөн ш дээ. Үгүй гэж та нар хэлж чадахгүй. Манай жолооч гэр бүлээрээ тэнд амьдардаг. Манай жолоочийнд очоод 40 мянган төгрөг өгсөн. Сонгуулийн өдөр өглөө гэрээс нь машинаар авч яваад ээжтэй нь цуг сонгуулийн штаб дээр сонгуулийг нь өгүүлээд авчирч гэрт нь буулгадаг. Мөн сайхан үйлчилгээ байгаа биз. Тэр хавийн зөндөө улсуудад Энхбатаас өгсүүлээд мэднэ хорь хорин мянган төгрөг өгсөн. 60 гаруй мянган сонгогч Чингэлтэй дүүрэгт байдаг юм бол 20 мянгаар үржээд үз. Тэрбум 200 сая төгрөг биз дээ. 40 мянган сонгогч сая саналаа өгсөн юм бол хэд болохов? Би зүгээр Зоригтийг өгсөн гэж хэлэхгүй, Зоригт арай тийм муухай юм бодож санах ийм сэхээтэн залуу биш. Ерөөсөө нэг егзөр муусайн намын сонгуулиас сонгуулийн хооронд сонгуулийг эд агуурс, мөнгө хөрөнгө, элдэв юмаар … одоо хүмүүст тарааж өгч саналыг нь авч үзэл бодлыг нь эргүүлж муйхарлаж явдаг намын нэг муухай улсуудын заваан аргыг л намын штаб нь, намын хуучин егзөр кадрууд нь хэрэглэсэн гэж л би бодож байгаа. Зоригт бол тэр 20 мянгыг мэдээ ч үгүй байх. Бүх гишүүдийг би хэлэхгүй ээ. Энэ мөнгөөр аргалдаг, өрөө чадал байхгүй, нэр хүнд байхгүй, мөнгөөр аргалж хүний сонголтыг худалдаад аваад энд ичихгүй сууж байгаа энэ хоёр нам дотор цөөнгүй улсууд байгаа шүү. Одоо ингээд л гэмгүй царайлчихсан сууж байгаа. Энийгээ дараа 12 оны сонгууль дээр та нар болиоч ээ. …

Хэрвээ З.Алтай сонгуулийн луйврыг үнэхээр таслан зогсоохыг хүссэн бол Д.Зоригтод хандаж “Танай нам мөнгө тараасныг нотолчихвол чи УИХ-ын гишүүнээсээ буцах уу?” гэх мэтээр ам өчгийг нэхэхээс эхлээд гишүүний хувьд асуулга тавих, парламентын комисс байгуулахыг шаардах, бас жолоочдоо чөлөө өгч Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар луу мэдүүлэг өгүүлэхээр илгээх, хэрвээ цаадах нь зүрх алдаад байвал өөрөө хөдөлж болохсон. Жирийн жолооч ба эрх мэдэлтэй төрийн түшээ, тэр тусмаа хамгийн “шударга” гишүүний ялгаа чухам энд байх учиртайсан.

Гэтэл яав? Танхимд байхгүй хувьсгалт намын штаб гэгчийг эзгүйчлэн харааж хэд цамнаад, харин цаадуулынхаа хулгайлж өгсөн юмыг аваад УИХ-ын танхимд ороод ирснийг нь мэдсээр байж Зоригтод тал засч байж хоёр нүүр гаргах нь тэр.

“Намайг барьж байгаарай” гээд бариулаад хэн хэндээ хал балгүй агсарч бусдын зугаа гаргадаг нэгнийг санагдуулчихлаа.

Posted in 2009 оны УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгууль, Улс төр, эдийн засаг | 4 Comments »

No NGO …

Posted by Бид on 2009/10/07

2005 оны үед Айвенхоу Майнз-ийн ерөнхийлөгч Роберт Фридланд уул уурхайн олон улсын хурал дээр өөрийн эзэмшлийн Монголын өмнөд говийг “яндаж болдоггүй далай шиг яасан баян нутаг вэ?” гэж шагшраад тэнд хот суурин, хүн амьтан байхгүй, садаа хийх төрийн бус байгууллага ч алга  (“no NGO”) хэмээн гайхуулсан удаатай.

Дөрвөн жилийн дараа Оюутолгойн гэрээг байгуулах тэр мөчид Төрийн ордны их танхимд дахин “no NGO” байлаа.  Тэдний оронд Думаагийн Содном гэдэг жив жирийн ганц иргэн бүгдийг төлөөлөн  (“иргэдийн төлөөлөл” гэв) уригдаж үг хэлсэн юм.

Засгийн газар сүүлийн хэдэн сард хэвлэл мэдээллийн амыг барьснаар NGO-нуудыг хамтад нь нам болгож чадсан ч энэ өдөр Төрийн ордны баруун талд уриа лоозон дэлгэсэн хэсэг нөхөд цугларч Оюутолгойн гэрээг шүүмжилсэн ч нэгэнт хожимджээ. Тэднийг өнөөдөртөө шуугиж л байг, “сумны гарз” гэж бодсон биз. …

Яг юу болоод өнгөрөв? Монголын гурван сайд, бас төрийн өмчит компанийн захирал гадаадын хоёр компанийн дэд захирлуудтай нэгэн орд газрыг ашиглах гэрээнд гарын үсэг зурсан. Иймээс энэ ёслолыг Сангийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хурлын зааланд үйлдэхэд хаваасаг. Гэтэл Төрийн ордондоо залаад зогсохгүй төрийн ёслолын хэмжээнд өргөмжилж баярын цуглаан болгов. Монголын ард түмэн төр засагтайгаа хамт Оюутолгойн гэрээг дэмжин баяр хөөр болж байгааг дэлхий дахинд харуулж чадлаа. Орой их жанжин Сүхбаатарын талбайд ёслолын буудлага хийсэн бол гайхах явдалгүй…

Гэрээ чухал, мөнгөний тоо том, Айвенхоу Майнз мундаг (монгол улсын хуулийг ч цуцлуулж чаддаг!) хэдий ч манай төр хувийн компаниас бага зэрэг том баймаар.

Оюутолгойн гэрээ ашигтай юу? Ашигтай. Гэхдээ баялаг нь манайх учраас бидэнд бүр их ногдох ёстой гэж төрийн бус байгууллагууд хэлээд байгаа шүү. Цаашид зэсийн үнэ тасралтгүй өснө, тэр өссөн ашиг нөгөө талын халаас руу цутгана… Хэдэн жилийн дараа Бороо гоулдын гэрээ шиг амаа барихгүй гэсэн баталгааг хэн ч өгөөгүй.

Дуу хуураар эхэлсэн ёслол “Хөрсөн дор минь эрдэнээр баян … Яндаж болдоггүй далай шиг яасан баян нутаг вэ?” дуугаар төгсжээ. Тайвшрах юм гэвэл энэ. Монголд дахиад олон Оюутолгой үлджээ.

Posted in Улс төр, эдийн засаг | 10 Comments »

Ч.Сангарагчаа: Би хэвлэл мэдээллийнхэндээ хандаж хэлмээр байна…

Posted by Бид on 2009/10/04

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчааг дэд даргатай хамт дуудаж баахан загнажээ. Хэвлэл мэдээллийнхэн монголын авлигын загалмайлсан эцэг гэж урьд нь яг энэ өрөөнд сууж байсан эрхмийг зааж өгөөд байхад хөдлөөгүйд ихэд хилэгнэсэн байна.

Загнахдаа тун сайн бэлтгэсэн нь илт. Үүний тулд АТГ-ынхан 14 ажилтнаа орон сууцтай болгоход зориулж төсвийн мөнгөнөөс олгосон баримтыг “Өдрийн сонин” дээрээ дэлгэж, бас АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүдийг зарлигаараа өөрчилж (Ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудал юм байна) “ардчиллынхан” зонхилсон 15 хүнтэй болгож өргөтгөөд тэднээс Ж.Батзандан тэргүүтнийг (бусад нь үзэгдсэнгүй) байлцуулав.

АТГ-ынхан “орон сууцны” нээнтгээ арилгах гэж тэр оройдоо мэдэгдэл гаргаж бүх телевизээр уншуулсан ч монголын хамаг телевизээр орон даяар шууд дамжуулах шахсан “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ыг хангалтгүй ажиллаж байна гэж дүгнэв” реалити шоуны хажууд юу болохов.

Араас нь Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба, хэвлэлийн төлөөлөгчийг байтугай Ерөнхийлөгчийг өөрийг нь орлож дутуу ярьсныг (уг нь Элбэгдорж дутуу ярина юу байхав!) гүйцээж тайлбарладаг болсон“дэд ерөнхийлөгч” Д.Дорлигжав (жинхэнэ ажил нь тамгын газрын дарга гэсэн байх шүү!) ээлжит ярилцлагаа өгч “Ийм хүнийг анх удаа л харж байна” гэж шогшроод Сангарагчааг огцрох хэрэгтэй гэв.  Ажлаа авснаас нь хойш ирж уулзаагүй юм гэнэ.

Хуулиараа бол АТГ-ын дарга өөрөө л хүсэхгүй бол Ц.Элбэгдорж байтугай Д.Дорлигжав ч огцруулах эрхгүй юм байна. Гэхдээ ингэж цочоох цаг хэдийнэ болсон. Маргаашнаас нь Н.Энхбаяр гэдэг хүн, TV9 гэдэг телевиз хоёрыг шалгаж эхэлсэн сураг дуулдав…

Энэ өдрүүдэд АТГ-аас манай хэвлэл мэдээллийг хэрхэн дүгнэсэн нь тун сонин байлаа. Тус газрын мэдэгдэлд “… өдөр тутмын зарим хэвлэлд гаргасан “Авлигатай тэмцэх газрын удирдлагууд төрийн мөнгийг дур мэдэн зарцуулдаг” гэсэн утга бүхий мэдээлэл нь худал ташаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Авлигачид, тэдний хууль бус орлогоос хүртэгч бүлэглэлийн энэ мэт явуургүй оролдого нь хэзээ ч бүтэхгүй санаархал …” гэжээ. Заримсаад байх юмгүй “Өдрийн сонин”-ийг хэлж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хамгийн ихээр дэмждэг, энэ утгаараа түүнтэй “холбоотой” сонин. Тэгэхлээр “авлигачид, тэдний хууль бус орлогоос хүртэгч бүлэглэл” хэн хэн болж таарахав?

Бямба гаригт МҮОНТ-ийн “Ярилцъя” хөтөлбөрөөр Ч.Сангарагчаа дарга дахин дэлгэцнээ үзэгдэж “Би хэвлэл мэдээллийнхэндээ хандаж хэлмээр байна. Манай хэвлэл мэдээллийн байгуулагууд авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтооход ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа. Та наргүйгээр бид алхам ч урагшаа явахгүй. Та нараар дамжуулж өдөр тутам авлигатай холбоотой эерэг, сөрөг мэдээлэл сүүлийн 2 жил дараалан сонин хэвлэлээр гардаг болсон. Авлигатай тэмцэхэд маш том тус дэмжлэг болж байгаа. Тэгэхээр би энэ удаад хэвлэл мэдээллийнхнээ энэ ажлаа улам эрчимжүүлээч гэж хэлмээр байна. Нөгөө талаас энэ хэвлэл мэдээллийнхний маань дотор шударга бус, олигархуудын гар хөл болсон, худалдагдсан, шуудхан хэлэхэд, тийм хэвлэл мэдээллийн сонин ч гэх юм уу юу ч гэх юм хэвлэл мэдээллийн хэрэгсэл цөөнгүй байгаа шүү. Үүнийг ард түмэн зүгээр энэ сонинг авч үзээд л шууд шууд хэлж байгаа шүү, энэ тэрний сонин байна, энэ тэр намын сонин байна, энэ тэр эрхтэн дархтаны сонин байна гээд л … Энэ олигархуудын дарангуйллаас хэвлэл мэдээлэлийнхэн минь гараачээ” гэж уриалмаар байна гэж өөрийн биеэр бататган хэллээ.

Авлигатай тэмцэх газрын дарга хэлж байна шүү!

Posted in "Өдрийн сонин", Улс төр, эдийн засаг | 2 Comments »

Д.Дорлигжавын албан ёсны том айлчлал эхэллээ

Posted by Бид on 2009/08/14

Өчигдөр орой МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Дорлигжав ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Сурковын урилгаар хоёр өдрийн албан ёсны айлчлал хийхээр мордлоо гэсэн албан мэдээг Монгол орон даяар шуурхайлан цацлаа.

Ээ, бурхан гончигсумлаа минь, ямар том айлчлал вэ!

Араас Дорлигжав дарга өөрөө гарч ирээд, айлчлалын учрыг ойлгохгүй байсан над мэтийн монголчуудад ОХУ-ын Ерөнхийлөгч Медведевын Монголд хийх өөр нэг чухал айлчлалын бэлтгэлийг Гадаад харилцааны яам зохицуулж байгаа ч өөрийн биеэр очиж зарим нарийн ширийн зүйлийг тохирохоос өөр аргагүй тухай тайлбар хийлээ. Маш хэцүү ажилтай явах тул юмыг яаж мэдэхэв гээд “баяртай” гэж хэлсэн хэрэг.

Өнөөдрөөс “Дорлигжав Москвад хүрэлцэн ирлээ. Нисэх онгоцны буудал дээр …. гэсэн мэдээнүүд цувах юм болов уу? Нэгэнт ингэж хүчтэй эхэлсэн юм чинь буцаж ирээд “Чингэс хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр сэтгүүлчдийг цуглуулж ч магадгүй.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Улс төр, эдийн засаг | 1 Comment »

Өнөөдөр шинэ ерөнхийлөгч тангараг өргөхийг үзэв. (Зурагтаар)

Posted by Бид on 2009/06/18

Elbegdorj1

Цоо шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангаргаа өргөх ёслолыг зурагтаар үзэж байна хэмээн нэг нөхөр хөдөө сумаас утасдаж “наана чинь яаж байна?” гэж сонин содон юм нэхлээ. Яах юу байхав, нийслэлд суугаа бид ч бас зурагтаар яг адилхан юм үзэж байлаа.

“Ийгл” телевиз шууд нэвтрүүлгээ бусдаас түрүүлж 10.00 цагаас эхэлж талбай дээр хүмүүстэй ярилцлага хийж дамжуулсан нь сонин байв. Ингээд яг 12.06-д болсон тангараг өргөх ёслол бүхий УИХ-ын чуулганы ёслолын хуралдааныг МҮОНТ, TV5, TV9, НТВ, “Ийгл” зэрэг телевизүүд шууд дамжуулав. Харин Төрийн ордонд үргэлжилсэн дараачийн үйл явдлууд, тухайлбал шинэ Ерөнхийлөгч төрийн 9 хөлт цагаан сүлдэд мөргөж намын батлахаа АН-ын даргадаа хураалгаснаас эхлээд Төрийн тамгаа хуучин Ерөнхийлөгчөөс хүлээж авсан, бас Н.Энхбаяр зөвлөхүүд, шадар хүмүүсээрээ үдүүлэн машинд сууж ордныг орхин одох тэр мөчийг зөвхөн МҮОНТ ганцаараа шууд харуулжээ.

Дараа нь Сүхбаатарын талбай дээр болсон үргэлжлэлийг тэнд байсан бүх телевиз дамжуулсан төдийгүй хурсан олон гартаа атгасан авдаг, бичдэг камер юмуу гар утсаараа дурсгал болгон татаж байв.

Эхний сэтгэгдлээ хуваалцъя. Тангараг өргөчихөөд ард түмэндээ хандаж цээжээрээ хэлсэн үг нь хүчтэй  (… Монгол бол өөрийгөө өргөмжилсөн удирдагч шаардлагагүй орон… Энэ завхралд өнөөдрөөс цэг тавилаа… ) мөртлөө арай нуршуу, энгийн яриа тал руугаа байв. Уулзалт хийж байгаа нэр дэвшигч биш, сонгогдоод тангаргаа өргөсөн Ерөнхийлөгч  юм чинь цаасан дээр бэлтгэж ирээд нэг,  хоёр гэж байгаад зарлиг мэт тунхагласан бол дээр байж. (Дээл хэр зохисон тухайд гэвэл монгол дээл өөрөө ямар ч хүнд зохидог эд. Даанч шинэ Ерөнхийлөгч тэнийж итгэлтэй зогсохын оронд биеэ хэт барьж заримдаа бага зэрэг бөгтийж харагдсан.  Сүүлдээ дээлээ тайлан костюм пиджакаа өмсөж байж сая цээж тэнийв)

Дараа нь шинэ Ерөнхийлөгч Төрийн ордноос гарч Чингэсийн хөшөөний өмнөх шатаар Сүхбаатарын талбай руу бууж цэргүүдийн урдуур нь явж мэндчилсний дараа жагсаал эхлэв. Сүүлийн үед зурагтаар зөвхөн Хойт Солонгосын парадыг дайнч гэсэн утгаар үзүүлэхийг зөндөө үзсэн надад манай цэргийн жагсаал сайхан санагдаж өөрийн эрхгүй бахархал төрүүллээ. Сүр жавхаа төдийгүй эмх цэгц, дэг журам, чанд сахилга гэж юу байдгийг гэнэт мэдэрлээ. Мартагдсан байж шүү!

Posted in Улс төр, эдийн засаг | 7 Comments »

Уулзаад, бас хоноод явахгүй дээ…

Posted by Бид on 2009/05/13

Өнөөдөр үдээс хойш ОХУ-ын Засгийн газрын дарга В.Путин Монголд айлчлаад оройдоо багтаж ниссэн байна. Би ихэнх улаанбаатарчуудын адилаар яг айлчлал болж байгааг зөвхөн зурагтаар харав.

Путины онгоц 15 цагийн үед Улаанбаатарт газардахад “Ийгл” телевиз өөрийн алдарт шууд сурвалжлагаа эхэлсэн ч камер нь Чингэс хаан олон улсын нисэх буудалд биш, харин Төрийн ордны хашааны бүр гадна зоолттой байж баахан хүлээлт үзүүлж хүлээлгэв. Ингээд 16 цагийн үед Төрийн ордонд хоёр орны Засгийн газрын тэргүүний хэлэлцээр эхэлсэн тухай сурвалжлагыг “Ийгл” дээр нэмж TV5 телевиз үзүүллээ. Эхлээд сэтгүүлч Дагиймаа дэлгэц дүүрэн чалчиж эхлэхэд нь Путин, Баяр хоёрыг яриулахгүй нь гэж айсан шүү. Ашгүй тэгэсхийгээд больсон.

Дараа нь С.Баяр, В.Путин зэрэгцэн зогсож урдуур нь хоёр орны сайд дарга нар ээлжлэн ширээнд сууж баахан хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолыг МҮОНТ ба TV5 телевиз шууд дамжуулан үзүүллээ. Зөвхөн энэ хоёр телевизэд онцгой эрх олгожээ. Бас монгол, оросын зөвхөн нэг нэг сэтгүүлчид асуулт тавихыг зөвшөөрсөн байв. Хоёр талаасаа хэтэрхий цензурдсэн үү, бүү мэд хал балгүй жол асуултууд тавигдав. Дашрамд хэлэхэд монгол орчуулагч (эмэгтэй) маш сайн, харин оросын талын орчуулагч нь гацаа ихтэй байв. Түүний орчуулгыг Путин хэд хэдэн удаа тасалж дараачийн өгүүлбэрээ хэлж байв.

“Ийгл” телевиз яг энэ арга хэмжээг сурвалжилж чадаагүй болохоор айлчлалын талаар үзэгчидтэй ярилцав. Хамгийн эхэнд холбогдсон үзэгч “Энэ бол Баярын гуйлтаар хийж байгаа айлчлал. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой шоу” гэж хэлээд дараачийн бүх үзэгчдэд толгой түрүүгүй загнууллаа. Гэхдээ В.Путин өөрөө “Монгол Улсын Ерөнхийлөгч бол олон улсын тавцан дээр нэрд гарсан хүн, манай орны анд нөхөр” гэж хэлээд авсан шүү.

2005 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Монголд бас л буугаад мордоход оросын сонинууд “Монголчууд АНУ-ын хүсэлтээр Иракт цэргээс илгээсний төлөө баярлалаа гэж хэлэхэд Бушт тав, зургаан цаг хангалттай байлаа” хэмээн бичсэнийг санаж байна. Энэ удаад Монгол Улс Оростой төмөр зам-ураны хамтарсан компани байгуулахыг зөвшөөрснийг сайшааж, хажуугаар нь Н.Энхбаярын талаар хэдэн үгийг хэлэхэд В.Путинд бас л төдийчинээн хугацаа элбэг хүрэлцэв.

Гэхдээ Путин Н.Энхбаярын нутагт нь ирж, бүр ордонд нь орж ирсэн мөртлөө түүнтэй уулзахгүй явлаа гэж ойлгосон. Үнэн үү? (Зөвхөн ОХУ-ын төмөр замын РЖД компанийн ерөнхийлөгч В.М.Якунин бараалхав гэсэн мэдээ байв). Монгол айлчлах сураг дуулдангуут зарим монголчууд “сонгуулийн өмнө Н.Энхбаярыг дэмжихээр ирэх нь” гэж баахан шуугисан тул орос зангаараа “яршиг” гээд больсон байж мэднэ.

Уулзаад, бас хоноод явахгүй дээ…

Posted in ДЭЛХИЙ: Улс орон, байгаль, газар зүй, Ийгл телевиз, Улс төр, эдийн засаг | 7 Comments »

“3өв” газар төрж, “зөв” нам дагахын ач холбогдол

Posted by Бид on 2009/03/11

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээлэлд шууд болон шууд бусаар хамаатай гурван албан тушаалд тус тусын хүмүүсийг тавьцгаалаа.

Хэдэн сарын турш сүр бадруулан явуулсан УИХ-ын хэвлэл мэдээлэл, сурталчилгааны албаны даргын сонгон шалгаруулалтаар Нэргүй гэдэг хүн шилэгдсэнийг албан ёсоор зарласан мөртлөө “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Золбаярыг томилжээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй нэг нутагт төрсөн учраас түүнийг таална хэмээн эртнээс тааварлаж байсан үнэн болж таарлаа.

“Зөв” аймаг сумаа олоод төрчихөж чадаагүй юм бол “зөв” намыг дагах байсан юм гэдгийг дараачийн суудал харуулав. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар МоСХ-ны гүйцэтгэх захирал, бас МАХН-ын элдэв юмны гишүүн Л.Нинжжамцыг тохоон томилжээ. Түүний бусад ид шидийг нь харж байж хэлье.

Харин Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн захирлаар Ц.Оюундарь очлоо. Арав шахам жил Америкт амьдарч юм үзэж нүд тайлсан сайн сэтгүүлчийг томилсон нь болж дээ. Харин энэ албан тушаал тэртээ тэргүй АН-ын хуваарьтай тул түүнд О. гэдэг хүнийг томилохоор тодорхой хүрээнд нэлээд эрт шийдсэн ч баараггүй хийхийн тулд сонгон шалгаруулалтыг битүүний урд өдөр зарлуулж хугацааны ихэнхийг Цагаан сарын ууц, буузанд уягдсан олон өдрүүдэд тааруулж бараад үндсэндээ ганцхан долоо хоног үлдээсэн байх юм. Үүний ачаар “ардчиллын биш” нөхдүүд нэрээ дэвшүүлж амжаагүй бөгөөд хоёулаа АН-ын үзэл суртлын шалгарсан дайчид болох Ц.Мөнхтөр (“Монголын мэдээ” агентлагын ерөнхий редактор), Ц.Оюундарь хоёр “шударгаар” өрсөлджээ. Шалгаруулалтыг 3-р сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар болзолдоо зарласан хэрнээ хэт хичээж 10-ны өдөр урьдчилан амжуулсан нь сонин.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл “үүргээ” сайн биелүүлж баталгаатай хийж чадсан байна, гэхдээ арай хэтрүүлчихэж…

Posted in + ТЕЛЕВИЗ, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Улс төр, эдийн засаг | 5 Comments »

… Муу хууль байсан ч сайн ажиллаад явчихна …

Posted by Бид on 2008/12/07

МҮОНТ-ийн Бямба гаригийн “Ярилцья” нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оролцов. Энэ удаад би нэвтрүүлгийн тухайд биш, харин эрхэм сайд (эрхэм гишүүн + сайд)-ын ярьснаас үүдэн хэдэн үг бичив.  

tsnyamdorj-on-muontv-1 tsnyamdorj-on-muontv

 Тэрбээр Хууль, зүй дотоод хэргийн яаманд 2000 онд сайдаар очоод Монголд хууль ёсыг  тогтоож эхэлсэн, буцаад уначихсан байсныг энэ удаад ч бас босгож байгаа,  үүний тулд юунаас ч айхгүй тухайгаа ярилаа. Бас завсраар нь 2005 оны тавдугаар сард ерөнхийлөгчийн сонгууль эхлэх үед энэ Энхсайхан гэдэг этгээд Оюутолгойн асуудлыг, ашигт малтмалын асуудлыг улс төржүүлж эхэлсэн. Үүнээс болж гурван жил алдлаа. Нэг хүний хорлол багагүй гэдгийг харууллаа” гэж улс төрийн тавцангаас хэдийнэ арчигдаж сураг алдарсан тэр нөхрийн араас чулуу нүүлгэж амжлаа. Яасан тавьдаггүй хорсол вэ? (Хэдэн жилийн өмнө нэгэн охин гар утас хулгайлаад “Нямдоржийн”  гэгдэх эрүүгийн хуулиар 11 жилийн ял авсанд монгол даяар дургүйцэхэд таг дуугүй байснаа Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсаны хэзээ    хойно “тэр чинь давтан хулгай хийсэн юм чинь” гэж байнгын хорооны хуралдаан дээр ярьж суусан билээ. Ая нь таарвал буцааж хийхнээ). Бас Америкт ерөнхийлөгч нь голдуу хуульч байдаг гэж нотлов. Барак Обама хуульч байж түүнийг зоригжуулсан хэрэг. Одоо Нямдоржоос өөр Монголын ерөнхийлөгчид таарах хүн алга аа… 

 За, тэр яахав. Монголд хууль яагаад хэрэгжихгүй байгаа, ялангуяа сонгууль будилсан талаар төрийн хуулийн бодлогыг авч явдаг сайдын байр суурь надад сонин байсан юм.   

Ц.Нямдоржийн ярианаас ишлэл: 

Улс төрийн соёл гэдэг юм руу орох гэж байна. Манайд төрийн ажлыг ном журмынх нь дагуу хийж чадахгүй байна. Манай хуулийн орчин муу биш шүү. Гагцхүү ёс суртахуун, тэр хуулийг нь хэрэгжүүлж байгаа гол хүмүүс, улс төрийн гол хүчин хуулиас өөр байх [?] юм бол нэмэр байхгүй… Хуулийн цаана ёс суртахуун гэж нэг юм байна

 Араас нь хөтлөгч Мөнхтөр “сонгууль будилсныг хууль руу чихэж байна, муу хуультай учраас сонгуулиа хийж чадахгүй байна” гэсэн асуулт дэвсэж өгөхөд,  

Тэр бол ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийн хэлдэг үг. Сая хотын сонгууль дахихад арилжаа, бар дэлгүүрүүдээ ажиллуулахаа болиход санал авах өдрөө 51 хувь бүрдчихх байсан. Сая хүрлээ. Зохион байгуулбал болж л байгаа биз. Ард түмэн сонгуульд ирж байгаа биз…  Хууль дээр алхам тутмыг бичүүлэх гэж оролдоод байдаг. Алхам тутмыг бичүүлэх хуульчийн ерөнхий сэтгэлгээ хуулийнхаа ерөнхий онолыг дагасан ерөнхий сэтгэлгээний задрал гэж юм байдаг, тэр нь задраагүй байна. [Эрхэм сайд дэндүү цэгцгүй ярих юм. Бага сага найруулаад ч нэмэр алга. Өмнөөс нь бичилтэй биш-Д.Ц.] … Жишээ 25-р тойрог дээр гарсан маргаан хагас жил боллоо,  эхний гурав нь гарцаагүй ялсан юм чинь өргөн барьж болно оо доо. Би энэ санааг хэлээд байгаа… Тэгэж чадахгүй  дандаа хууль руу дайрдаг… Сэтгэлгээний задрал … Хуулийн орчин муу байж болно.  Самбуу гуай шиг, Эрдэнэбатын Оюун гуай шиг ийм хүмүүс их хуралд сууж байвал хууль муу байсан ч сайн ажиллаад явчихна. Мянган  сайн хууль бичиж өгөөд, бүр цэг таслалаар нь зааж өгөөд ч ёс суртахуунгүй гишүүн, сайд ч байсан, агентлагын дарга ч байхад  хэцүү… Төрийн том ёс суртахууны асуудлыг би ирэх дөрвөн жилд хоёр нам хамтраад засаг барьж байгаа дээр сайн бодоосой гэж хэлэх гээд байна…  гэхчлэн цааш үргэжлүүлэв.

Сайдын хэлснээр бол Монголын хуулиуд маш сайн ч юм шиг, тэгснээ муу байсан ч хамаагүй юм шиг, гагцхүү улс төрчид ёс суртахуунтай л байвал болох юм гэнэ.  Хууль зүй биш, Ёс суртахуун, дотоод хэргийн сайд гэлтэй. Тэгвэл ерөнхийлөгч нь хуульч байдаг АНУ-д, эсвэл Энхсайхан гэх мэтийн “ёс суртахуунгүй” улс төрчгүй бусад улс орнуудын хуулиуд нь яагаад “алхам тутмыг бичсэн” байдаг юм бол? 

2008 оны УИХ-ын сонгууль ерөнхийдөө шударга болсон байж таарна. Хоёр гурван жилийн өмнө Нямдорж УИХ-ын дарга байхдаа удирдаж, бас “сэмхэн” засаж сайжруулсан УИХ-ын сонгуулийн хууль чухамдаа энэ “алхам тутмыг” зааж өгөөгүй учраас эцэс төгсгөлгүй маргаан. Орон нутгийн сонгуулийн хууль ч мөн адил.  Бараан зах, баар савыг хааж байж ирц хүргэнэ гэсэн заалт хаа ч байхгүй. Эсвэл хууль бусаар хааж байж ирц хүргэв үү? Бас нэг будлианы сэжүүр.

Эрхэм гишүүд өөрсдийгөө өмгөөлөн СЕХ-ны дарга Д.Баттулга, нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ц.Болдсайхан хоёрыг яллаж, Төрийн ордонд авчран загнаж, бухимдсан иргэд, залхсан сэтгүүлчид гал дээр тос нэмж давхиад байгаа болохоос биш сонгуулийн хууль “шүүрэн шанага” гэдэг бол ортой.  Төрийн эрх мэдлийн төлөөх улайрсан тэмцлийг ямар ч эргэлзээ төрүүлэхгүйгээр зохицуулахад эдгээр хуулийн чадал хүрэхгүй байгааг бид энэ зунжин, намаржин харлаа. Шүүх хүртэл шийдэж чадахгүй байна.   

Ардчилал бол процедур гэж хаа нэгтээ уншсан санагдана. Ягштал бодож тогтоосон хууль журмыг дагахыг хэлнэ. Тэгвэл өнөөдрийн хуулиуд аль социализмын үеийн Октябрийн баярын уриа лоозон шиг ерөнхий санагдах боллоо. Социализм, МАХН энэ тэр гэсэн үгийг хасаад жишээ татвал: “Нөхөд өө! Хууль  ёсыг хэлбэрэлтгүй сахин биелүүлцгээе!”, “Улс төрийн соёлтой байцгаая!” гэх мэт. 

Нямдорж сайдын яриагаар бол Монголын хуулиуд  сэвгүй ажээ. Өөрөө “засаж янзалсан” болохоор аргагүй ээ. Одоо зөвхөн улс төрийн соёл, сэтгэлгээний задралыг шаардаж, цаг гарвал Энхсайханыг ээлжит удаагаа муулж суух бололтой. Саяхан яамных нь Нээлттэй хаалганы өдрөөр хэдэн хөгшдийг дагуулан очиж уйлсны төлөө Баасан гэдэг эмэгтэйг 14 хоног бариулж хорьсон байх юм.  

Мөн ч өндөр улс төрийн соёл шүү…

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Улс төр, эдийн засаг | 7 Comments »

“Шуурга …шуурга…шуурга аа гэж …”

Posted by Бид on 2008/08/19

“Далай дөлгөөн байхад хөлөг онгоцыг хэн ч залуурдаж чадна. Харин шуурга дэгдвэл зөвхөн сайн залуурч давж гардаг” гэсэн утгатай үгийг  одоо олимп болж байгаа Бээжинд хотноо, гэхдээ олон жилийн өмнө Мао дарга нь хэлжээ.

Манай төрийн залуурчид Найдангийн Түвшинбаяр хэмээх залуу Монголын олимпийн анхны алтан медалийг авангуут Сүхбаатарын талбайд дэгдсэн баяр хөөрийн шуурганаар ямар сүрхий овсгоо гаргав аа! Хэдэн арван мянган хүн цугларч бужигнасан нь багадаж “Их салхи нижигнэнхэн хөдөлтүгэй” гэсэн шиг эрүүл, согтуу холилдсон залуурчид эзэн Чингэсийн өмнүүр хөтлөлцөн гарч ирснийг бид нүдээрээ харж мэл гайхсан. “Азтай” ерөнхийлөгч Энхбаяр маань согтуу хүн сохор ухаантайг далимдуулж “азтай” Ерөнхий сайд Баяр, “азтай” АН-ын дарга Элбэгдорж хоёрын амнаас улс төрийн зөвшилцлийн үг унагахыг оролдож эхлээд С.Баярт үг өгсөн боловч МАХН-ын залуурч маань “Би Монгол улсын Ерөнхий сайд Баяр байна” гэж хашгираад тэнхээ нь тасарсан тул бүтээгүй билээ. Хэрвээ С.Баяр тэр үдэш эрүүл байсан бол Ерөнхийлөгч “Та хоёр Түвшинбаярын ялалтыг бодоод тангарагаа өргөж УИХ-аа эхлүүлээч” гэж хөөрсөн түмний нүдэн дээр хүсч Ц.Элбэгдорж зөвшөөрөхөд бэлэн байсан болов уу. Утга учраа алдсан гацаанаас АН нэр цэвэр гарах сайхан шалтаг байлаа. Яая гэхэв. Архидалт монголчуудад сайн юм авчрахгүй гэдэг нь дахиад нотлогдов.

Найгаж цовхочсон залуурчид хэзээ ч мартагдахааргүй зугаатай харагдсан. Гагцхүү монгол хүн бүрийг уяруулсан гайхамшигт үйл явдал тохиосон тул цугларагсад бүтэлгүй залуурчдаа  нэг удаа өршөөж цаашаагаа шөнө дунд хүртэл цэнгэн хөгжилдөөд тарцгаажээ.

Тэр үдэш Сүхбаатарын талбайг харъяалдаг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Амарсайханы хахир сэтгэл хүртэл уярч “урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл аваагүй, үргэлжлэх хугацаа, хэн хариуцах болон оролцогчдын тоо тодорхойгүй” байхад цугларсан талбай дүүрэн иргэдийг 14 хоног суулгахгүй  байхаар шийдсэн бол эрүүлжүүлэхийнхэн “согтууруулах ундаа хэрэглэж, олон нийтийн газарт орилж хашгирсан” зарим залуурчинг гэрт нь хүргэж өгсөн байж таарна.

Харамсалтай нь, залуурчид маань өөр шуургыг давахдаа тааруу гэдгээ харуулсан. Сар хагасын өмнө буюу 7-р сарын 1-нд МАХН-ын байрны өмнө болсон үймээн самууны шуурганд 5 хүний амийг үйж байж цаана нь гарсан бол өнөөдөр үнийн өсөлтийн шуурга дэгдээд байхад залуурдах ч үгүй юм. “Энэ хүүхнүүд үү?” киноны Жамц даргын “Шуурга … шуурга … шуурга аа гэж …” болж байх шиг.

Posted in Улс төр, эдийн засаг | 3 Comments »