АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘Спорт’ Category

2030 оны дэлхийн хөл бөмбөгийн аваргад Монгол оролцох …

Posted by Бид on 2010/07/20

Дэлхийд ганцхан Монгол наадмын шөнө дэлхийд ганцхан хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж бараг сүүлчийн мөчид оруулсан золигийн бөмбөгөөрөө испаничууд түрүүллээ. Бүтэн сарын турш Өмнөд Африкт болсон тоглолтуудыг нойргүй (гэхдээ шар айрагтай) сахиж хөл бөмбөгийн гүрнүүдийн сүйрлийг үзэж оволзсон манай залуусын хувьд монгол наадмын хоёр өдөр тэгэсхийгээд өнгөрсөн биз. Монголын шинэ үе хөл бөмбөгийг сонгож байна.

Манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, (Дэмбэрэл даргыг алгасаад?) УИХ-ын гишүүдээс эхлээд зурагт үздэг хүн бүр Английг, Бразилийг, Аргентиныг, Германыг гэхчлэн дэмжжээ. Яагаад гэдгийг мэдэх үү? Яагаад гэвэл Монголын баг оролцоогүй учраас. Монгол Улс хэзээ нэгэн цагт хөл бөмбөгөө учир зүггүй хөгжүүлж чадаад Солонгос, Хятад, Япон мэтийг дийлж Ази тивээсээ гарахын төлөө явахаас өөр яахав. Хэдэн арван жил хэрэгтэй…

Өөр нэг зам бий. Энэ бол дэлхийн аваргыг Монголд явуулж зохион байгуулагч орны хувьд шууд “шалгарах”.

20-р зууны туршид энэ тэмцээн зөвхөн Европ, эсвэл Америк тивд явагдсан бол 2002 онд анх удаа Азид ирж Өмнөд Солонгос, Япон хоёрт зэрэг, 2006 онд Германд, 2010 онд Өмнөд Африкт болж өнгөрлөө. Ирэх 2014 онд Бразильд болно. Харин 2018 ба 2022 онуудад хаана болохыг 12-р сарын 2-нд Швейцарын Цюрих хотноо ФИФА-гийн төв байранд тодруулах аж. 2018 оныход Англи, Орос, АНУ, бас Португали ба Испания (хамт), Бельги + Нидерланд (хамт), харин 2022 оны төлөө Өмнөд Солонгос, Катар, Япон, Австрали тус тусдаа өргөдлөө өгөөд байна.

Яахав 2026 оныг хэн нэгэн аваг. Харин 2030 он Монголынх байж болох уу?

Бүтэшгүй санаа биз. Юуны түрүүнд тус бүрдээ хэдэн арван мянган суудалтай нэлээн хэдэн цэнгэлдэх хүрээлэн хэрэгтэй. Тэрбумаар тоологдох зардал мөнгө…

Гэтэл 2022 оныход бөмбөгөө сайн цөлбөл нисээд усанд уначихмаар бичил (ердөө 11 мянган кв.м буюу манай хамгийн жижиг Сэлэнгэ аймгаас 4 дахин бага) нутагтай, 833 мянган хүнтэй  Катар улс нэрээ өгчээ. Газрын тосоор эх захгүй баяжсан улс гэдэг. Тэгвэл биднийг удахгүй тийм болно гэж Оюутолгой, Тавантолгойн үүцыг задалсан манай томчууд амлаад байгаа. Удахгүй тэндээс мөнгө цутгаж эхэлнэ.

1990 онд Өмнөд Африкт апартеид төгсгөж Нельсон Мандела шоронгоос гарснаас хойш яг 20 жилийн дараа хөл бөмбөгийн аваргыг зохион байгууллаа. Тэгвэл Монголд 1990 онд социализмыг төгсгөснөөс хойш бас 20 жил өнгөрчээ. Барьцаад яахав. 2030 он хүртэл бидэнд сунайсан сайхан хорин жил байна.    

Ингээд бодохлоор болмоор ч юм шиг…  

P.S: Саяхан “ДАШТ-2030 Монгол” төсөл нь хэрэгжиж эхэлсэн тухай сонслоо. Ямар зорилготойг сураглавал “Монгол улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, тив дэлхийд өрсөлдөж чадахуйц тамирчдыг нээн илрүүлэх гэсэн зэрэгт чиглэсэн үйл ажиллагааг явуулах” гэх ерөнхий өгүүлбэр харагдав. Монголчуудаа, хэтэрхий даруу байгаа юм биш үү?

Posted in Спорт | 5 Comments »