АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘МОНГОЛЫН АМЬДРАЛ’ Category

МҮОНТ-ийн “Луйвар”

Posted by Ажиглагч on 2013/07/01

Өнгөрсөн 7-р сарын 1-нээс хэдхэн цагийн өмнө буюу 6-р сарын 30-ны 22.50 цагаас  “Луйвар” нэртэй уран сайхны кино МҮОНТ-ийн хөтөлбөрт бичигдсэн байжээ. Гэтэл тэр кино гарсангүй. Оронд нь 2008 оны 7-р сарын 1-ны үйл явдлын тухай баримтат нэвтрүүлэг гарч ирлээ. Баримтат кино ч байж магадгүй. Луйвар, хулгай, бас захиалгатай бөгөөд захиалагч, үйлдэгчид нь нэрээ нуусан ийм нэвтрүүлэг олон нийтийн телевизээр гарах нь бүгд нэг зүгийнх. Хөтөлбөрт бичихгүйгээр, гэхдээ удтал бэлтгэж байгаад чухам энэ орой гэнэдүүлэн үзүүлсэн хэрэг. Тэр тусмаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дуусмагц.

7-р сарын 1-ны 5 жилийн ойг тэмдэглэхдээ Монгол орны өнцөг булан бүрт хүрдэг энэ телевиз юуг өгүүлэв. 2008 оны УИХ-ын сонгууль будлиантай, луйврийн болсон тухай дүгнэлтээр эхэлжээ. Гэхдээ нар зүүнээс гардаг, Улаанбаатар бол Монгол Улсын нийслэл байдаг шиг 2008 оны сонгууль шударга бус гэдэг нь нотлогдчихсон юм байна. Даанч хэн, хэзээ, юуг, яаж луйвардсан факт ширхэгийг ч дурдсангүй.

Нэгэнт муухай сонгууль байсан юм чинь үймээн самууныг яаж ч зөвтгөж, 5 хүний амийг зоргоороо тайлбарлахад чөлөөтэй. Аймаар юм болж МАХН-ын байр шатсаныг хэлэх нь хэлж байна аа. Гэхдээ шатаасан хүмүүс  нь буруугүй, яагаад гэвэл сонгууль шударга бус болсныг эсэргүүцсэн сайн хүмүүс. Харин үл үзэгдсэн эрүүгийн элементүүд цагдаа нарыг чулуугаар яаж шидэхийг тэдэнд зааж өгчээ. Сүүлдээ хөөрхий залуучууд хэдэн зуугаараа баригдан хэлмэгдэж түмэн зовлон амсчээ.

Нүүр царайгаа нуулгүйгээр улангассан залуучууд цагдаа нарыг өдөржин дайрч зодон довтолсоор барилга байшингуудыг галдан шатаасныг яаж аргалав? Цагдаа нарын төлөө матрын нулимыг бөн бөн бөмбөрүүлж гарлаа. Гэмтэж бэртсэн цагдаа нарын гомдлыг яриулж тайлууллаа.  Тэднийг залуучууд яагаа ч үгүй, харин “бэлтгэлгүй байсан, зэвсэг хэрэгсэл байгаагүй, цагдаагийн мэргэжлийн арга технологи хоцрогдсон, эсэргүүцэгчидтэй хэлэлцээр хийх хүн цагдаад байгаагүй” улмаас хэдэн зуугаар бэртэж гэмтэн, тахир дутуу болж, хожим зарим нь нас барсан юм байх. Тэр ч бүү хэл цуглааныг зохион байгуулагчид “цагдаа нарыг битгий зод” гэж гуйгаад гуйгаад бараагүй гэнэ. Тэгээд үймээн самууныг ингэж тэгэж зогсоох байсны яг мэдэж байсан бөөн шинжээчид энэ үдэш тодорлоо.

Нэгэнт цагдаа нарыг аргалсан  юм чинь үймээн самууны буруутныг нэрлэлээ. Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил нар юм байна. Тэднийг нэвтрүүлгийн туршид харааж зүхлээ. Тэд жагсагчдын шаардангуут гарч ирээгүйгээс бүх юм болжээ. Товчхондоо, “жагсагчдын Баяр даргад бухимдсан уур МАХН-ын байранд гал болон дүрэлзсэн юм” гэнэ.

Төгсгөлд нь амиа алдсан 5 хүн, хэд хоног суугаад гарсан залуучуудын дахин өрөвдлөө. Тэд хэдийнэ өршөөгдсөн ч одоо бүр цагаатгах цаг болсон гэнэ. Яасан гэж? Мэдээж, сонгууль шударга бус болсон учраас.   Энэ бол өнгөрсөн 5 жилийн турш төгс боловсорсон технологи.

Нэвтрүүлэгт 7-р сарын 1-ны гол шинжээчээр Хосбаяр гэгч тодорч “тэр өдөр манай авгай төрөөд би эрт харьсан” хэмээн араа малтаж (“юмыг яаж мэдэхэв”) байгаад хувьсгалт намын байрыг мэргэжлийн хяналтаас акталсан байсан, яах аргагүй эрүүгийн элементүүд шатаасан зэргийг өнгөтөөр ярьж өглөө. Авгай нь төрөөд гэртээ эрт харьсан хүн гэж байгаа…

Ийм чалчигч зөндөө олдоно. Харин нөгөө Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглааныг эхлүүлж, Цагаан ордны урд үргэлжлүүлж үймээнийг өдөөсөн, дараа нь баривчлагдаж хэлмэгдсэн гээд хашгичаад байсан  хувьсгалчид хаачив аа? Тэд яагаад энэ нэвтрүүлгээр гарч, сонгууль шударга бус болсон тухай хэлж өгсөнгүй вэ?  Манайд санаандгүйгээр хээрийн түймэр тавьсан хүнийг хүртэл олж шийтгэдэг. Харин 7-р сарын 1-ны үймээнийг дэгдээсэн хүмүүс олдохоо больжээ. Чухам тэднийг юу хийснийг бүрмөсөн мартуулахын тулд, магадгүй тэд өөрсөөд шууд бусаар, эсвэл бүр шууд энэ нэвтрүүлгийг захиалжээ. Ямар ч эргэлзээгүй.

Олон нийтийн телевиз бол гүйцэтгэгч нь.

Posted in 2008.07.01, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 2 Comments »

Би Б.Бат-Эрдэнийн төлөө саналаа өгнө

Posted by Ажиглагч on 2013/06/24

Өнөөдөр миний мэддэг хүн болгон хэний төлөө санаа өгөхөө зарлаж байх шиг. Би ч бас хоцроод яахав.

Энэ сонгуулиар Ц.Элбэгдорж тасархай ялна. Одоо эрх мэдэлтэй байгаа Ерөнхийлөгчийн шанс заавал илүү байдаг. Сонгуулийн сурталчилгааны үеэр төр, засаг хамаг үйл хөдлөлөөрөө түүнийг дэмжлээ. Өөрөө ч өнгөрсөн дөрвөн жилд сүр дуулиантай зүйл олныг амжуулжээ. Түүний томилдог гуравдахь засаглал хэдэн авлигачийг шоронд суулгасан нь хүмүүст аятайхан санагдсан. Иргэний танхим гэж өөрийг нь дууриаж сайхан ярьдаг газар бий болов.

Улс төрийн нам бол эрх мэдэлд санаатай хүмүүсийг зохион байгуулж журамладаг маш чухал зүйл. Хулгайч, авлигачид тэндээ шүүгдээд дээш гарах учиргүй. Харамсалтай нь өнөөдөр манай намууд тийм хүмүүсийн хоргодох байр төдийгүй төр лүү авирах гишгүүр болсон байна. Цахилгаан шат ч байж магадгүй. Тэр дундаа өнөөдөр эрх барьсан Ардчилсан нам. Тэд 2012 оны сонгуулиас хойш төрийг хэрхэн эдэлж хэрэглэж байгааг хараад тэд илүү ардчилагчид биш, харин илүү ашигтай учраас ардчилал ярьдаг гэж бодоход хүрлээ. Эрх мэдэл хүнээс гадна намыг бүрмөсөн эвддэг юм байна.

Харсаар байтал Ардчилсан нам Ардын намыг намнасаар байгаад ганцхан жилийн дотор бараг гүйцээчихлээ. Динозавр болгох цаг тун ойртжээ. Удахгүй музейг нь нээнэ. Ялагдах, дээрэлхүүлэх, хулхидуулахаас өөр ажилгүй, сүр сүлд нь буучихсан, түүх нь төгсөж байгаа энэ намын нөгөө багтаж ядсан боловсон хүчнүүд бүгд сураг тасарчээ. Ганцхан Б.Бат-Эрдэнэ аварга босоо үлдсэн байна. Эр хүн. Аз нь таарвал гараг, тэгээд төрийн гурван өндөрлөгийн голд ахлаад зогсож байг. Олон юм чалчихгүй, юм болгонд хуруугаа дүрэхгүй, төрд гарсан нөхдийг жаахан ах зах, хамжааргатай байлгавал зүгээрсэн. Хааяа шил рүү нь буулгаад авдаг байсан ч яахав.

Гэхдээ Б.Бат-Эрдэнэ аварга гарахгүй биз ээ. Юутай ч би түүний төлөө саналаа өгнө.

Posted in Улс төр, эдийн засаг | 2 Comments »

Зарчим өөрчлөгдсөн үү?

Posted by Ажиглагч on 2013/06/23

Сүүлийн үед манай боловсролыг хэрэгтэй хэрэггүй элдэв шинжлэх ухаан судлуулж, амьдралаас тасархай онолдож зовоодгоор нь дуудаж шүүмжилсээр хэрэглээ тал руу нь эргүүлж байх шиг. Уг нь ертөнцийн юмс үзэгдлийн мөн чанар, уялдаа холбоог номоор нь таниулахыг оролддог сайн тал бий юмсан. Сурсан хүнд өдөр тутмын хоол болохгүй ч насан туршийн баримжаа. 18-р зууны францын гүн ухаантан  Клод Хельвеци  “Зарим зарчмыг мэдэж байх нь зарим фактыг мэдэхгүй байхыг амархаан нөхдөг” хэмээсэн байдаг. Заавал бүх мэдлэгийг хурааж байжсая ухаарах албагүй гэсэн үг.

Санаанд орсон ганц нэг жишээ. Иргэний зориг нам байна. Сонгууль дөхмөгц өөрийгөө гуравдахь болоод сөрөг хүчнээр дуудаж сүржигнэж гарна. Тэгээд Ардчилсан нам Засгийн эрхэнд гарвал заавал шургалдаг түүхэн замналтай. Дараа ч тэгнэ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гэж бий. 2004 оноос Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллахдаа дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн баримт фактууд нэг хэсэг тасраагүй.  Одоо дахин тэр салбараа хариуцсан сайд. Хэдэн жилийн дараа төр солигдвол Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг буусны дараа юу илрэх бол? Би төсөөлж байна. Нам, хүн хоёр хүмүүжнэ гэж байхгүй, иймд солиод л байх хэрэгтэй.

Улс төрийн нам, улс төрчийн сайн муугийн шалгуур нь элдэв “зоримог алхам”-аас гадна зарчим. Урьд нь Ардын нам Засгийн эрхэнд байхдаа хууль дүрмийг байн байн дэвсэлж, хүсэхээрээ өөртөө тааруулаад засч ирсэн. Тэгвэл Ардчилсан нам гарч ирээд энэ зарчмыг өөрчилсөн үү? Огт үгүй.

Миний хувьд эрх баригчдын шударга эсэхийн шалгуур бол газар олголт. Тэгвэл 2012 оны сонгуулиас хойш зарчим нь өөрчлөгдөв үү? Үгүй. М.Энхболд, Т.Билэгт, Г.Мөнхбаяр нарын хууль дүрэм, норм, норматив зөрчиж дураараа олгосон нэг ч барилга буусангүй. Ядахдаа барилга босч амжаагүй газраас нэгийг ч цуцалсангүй. Нийтийн эзэмшил, тоглоом, зүлэг модыг булааж айлын цонх тагласан, дархан цаазтай Зайсан толгой, Нүхтийг эзэлсэн бүх шийдвэрийг нийслэлийн шинэ засаг хэвээр үлдээжээ. Газрын маргаан бахь байдгаараа гарсаар. Хэрвээ тоо нь цөөрсөн бол газар багассаных. Биш ээ, нийслэлийн доторх газар дуусан ч эргэн тойрны газруудыг яг хуучин зарчмаар өгч авалцаж байна. Зарим эрхэм эдлэнгийн газраа хэдэн га-гаар чөлөөтэй  авч байхад Монгол улсын айл өрх, дараа нь иргэн тус бүрт 0,07 га газрыг үнэ төлбөргүй олгох гурван удаагийн сунгалт бүрэн дампуурсны дараа төчнөөн га-г өмчлүүлнэ, эзэмшүүлнэ хэмээн үргэлжлүүлэн мэхэлсээр байх юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн танхайрал “ардчилсан” засгийн үед ч үргэлжилж байгаад “боль” гэж хэлсэнгүй. Алтанхуягийн Засгийн газар байгуулагдахын өмнөхөн УИХ-ын гишүүн сайдын албыг хавсрахгүй шүү гэж телевизийн өмнө анхааруулснаа маргааш нь ямар ч тайлбаргүйгээр зөвшөөрчихсөн билээ. Тэгтэл саяхан дахиад “болохгүй” гэж дуугарснаа зөвхөн 2016 оноос хойш гэв. Биднийг даапаалаад байгаа юм болов уу?

Зарчим өөрчлөгдсөнгүй.

Posted in Улс төр, эдийн засаг | 4 Comments »

Дуусч өгдөггүй яриа

Posted by Ажиглагч on 2013/06/22

Шинэчлэлийн гэгдэх Засгийн газрын сурталчилгаа оргилдоо хүрсэн байна. Бямба гариг бүрт хуралдаж эхэлснээр амралтын өдрүүд төдийгүй долоо хоногийн гол үйл явдал нь Засгийн газрын зөв мэргэн шийдвэрүүд болж хувирлаа. Багтаж ядсан төсвийн мөнгөөр юу хүссэнээ амлах, нээх, эхлүүлэх, зарлахыг, бас дотоод ажлаа хүртэл шоуны болгон гялалзтал зохион байгуулж сурчээ. Аймгуудтай хийдэг цахим хурал бол яг үнэндээ телевизэд зориулсан арга хэмжээ. Пүрэв гариг бүрийд яамдын сайдууд сэтгүүлчдийг цуглуулж, бас нэг хэсэг өглөөний цайнд дуудаж хэдэн хоногтоо нийтэлж, нэвтрүүлээд барахааргүй их яриа, бичлэгээр хангадаг болов.

6-р сарын 20-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг өдөр нь сэтгүүлчидтэй уулзаж, үдэш нь иргэдтэй цахимаар уулзах нэрээр олон нийтийн радио, телевизээр Монгол орон даяар бүтэн хагас цаг ярьжээ. Өмнөх хоёр, гурван өдөрт Улаанбаатарт орон сууцны 8 хувийн зээлийг хэдэнтээ нээж, Төв, Хөвсгөл аймагт очиж бужигнуулаад, хотод буумагцаа Сонгинохайрхан дүүрэгт төрийн мэдээллийн ТҮЦ-ын нээлтэнд оролцсон талаархи мэдээ, сурвалжлагууд гарч дуусаагүй байхад шүү.

Өнөөдөр энэ хүн хэвлэл мэдээллийн гол дүр мөн. Зурагт үзэхлээр Монголд Алтанхуяггүйгээр бүтэж байгаа юм алга. Түүний угсарсан яриа, ярилцлагуудыг сонсохлоор монголчууд зөвхөн түүгээр тайлбарлуулж байж бага сага ойлгох ёстой бололтой. Манайд (заримдаа дэлхийд ч юм шиг) хамгийн уран илтгэдэг улс төрч гэхлээр бидний толгойд хамгийн түрүүнд Ц.Элбэгдорж буудаг. Харин одоо Н.Алтанхуяг зуузай холбож эхэллээ. Цол дагаж бяр нэмнэ гэдэг дээ. “Монгол Улсын Ерөнхий сайд үг хэлнэ” гэж зарлуулан гарч ирсээр байгаад сайхан ярьдаг болжээ. Сүүлдээ бяр амтлагдаж Пүрэв гариг бүр “Ерөнхий сайдын 30 минут”-ыг зарлаж сэтгүүлч охидын хал балгүй хэдэн асуултыг няслан дасгал хийж суужээ. Юуг ч цайруулж, ямар ч ноцтой асуултаас бултаж чадна. Аймгуудын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, Тагнуулын ерөнхий газрын дэд даргыг хууль зөрчиж тавьсан нь Үндсэн хуулийн цэцэд очиход буруугаа мэдэж цуцалсан хэрнээ “Би Ерөнхий сайд байж хүн томилж болохгүй юу” хэмээн даналзаж суусан. Буланд гарцаагүй шахагдвал “юм хийх гэж оролдсон хүн алдаж оноо л биз” хэмээн уяруулна. Хэрвээ дахин дахин нэхээд байвал “Та нар яасан хууль сахидаг болчихоов?”, арга тасарвал “Та нар юм яриад байвал би бас ярина шүү” гэж айлгахад сөрөг хүчин нам. Хийсэн ажлын тоо цифр өндөр гарвал даналзаж “Сонсож бай! Ганц нэг тоо хэлчихье, илүү юм яриад яахав” гэнэ. Хэрвээ тааруухан байвал “Шинэчлэлийн Засгийн газар тоо хөөцөлдөхгүй” гээд гүйцээ.

“Шинэчлэлийн” гэж өөрийгөө цоллосон энэ Засгийн газар “Шинэчлэл бол сэтгэл гаргаж хийх ажил” хэмээсэн шүлгэн уриатай. Тэгвэл өмнөх дөрвөн жилд эвслийн Засгийн газарт С.Батболдтой хамт нэг хөнжилд байхдаа шинэчлэхгүй, сэтгэл гаргахгүй юугаа хийж хэвтсэн юм бол?

P.S: Дахиад нэг! Засгийн газраас Даваа гариг бүрийн 15 цагаас “Бүтээн байгуулалтын цаг” нэртэй шинэ арга хэмжээ явуулах болсноо зарлав. Өнөөдөр эхнийх нь зохион байгуулагдаж Ерөнхий сайд авч өгөх нь тэр. Оройжин. Бүх сувгаар.

Posted in Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

7-р сарын 1-ны фактууд

Posted by Ажиглагч on 2013/06/12

Эрх мэдэлтэй, бас чанга хашгирдаг хүмүүс “зөв” ойлгуулсаар байгаад юунд хүрдэг вэ? Дээрхэн ямар ч худлыг мянга давтахад үнэн болно гэдэгсэн. Энэ бол дэндүү болхи тул хоцрогджээ. Одоо том жижиг олон үнэнээс зөвхөн заримыг сугалан авч томруулахад бусад нь жижигрээд замхардаг тийм арга дэлгэрчээ.

Жишээ. 2008 оны 7-р сарын 1-ны үйл явдал юу байсан билээ? Сонгууль шударга бус болсонд дургүйцсэн ард түмэн жагсаж тэмцэхэд нэг байшин шатсан, тэр яахав, хамгийн гол нь цагдаа нар тэмцэгчдийг харгислаж таван хүнийг буудаж алаад, баахан залуучуудыг хэлмэгдүүлж барьсан. Өнөөдөр үүнээс өөрөөр ярьж бичихээ больжээ.

Бусад фактууд хаачив? УИХ-ын сонгуульд намаа ялагдууллаа гэж сандарсан Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж санал хураалтын маргааш 11 цагаас намынхаа байранд хэвлэлийн хуралд цуглуулж хаана хэдэн саналыг яаж луйвардуулснаа тоо баримтаар зарлаад, дараа нь Сүхбаатарын талбайд гарч Ордныг тойрон гороолж байгаад тэмцэлд уриалсан нь факт. Сонгуулийн дүнг албан ёсоор зарлаагүй байхад шүү! Араас нь  ялагдсанаа барагцаалж хорсол нь буцалсан их удирдагч О.Магнай нар МАХН-ын Цагаан ордоны өмнө очиж замдаа тааралдсан болгоныг дагуулан улангасан дайрч турхирсан нь факт. Хөөрч сагсуурсан залуучууд хяналтаас гарч галдан шатааж эхэлмэгц тэд сүүлээ хавчин зугатсан нь бас факт. Удалгүй МАХН-ын байрыг бүрэн шатааж, Соёлын төв өргөө рүү халдсаны дараа арга буюу онц байдал зарласан нь факт. Өнөөдөр энэ бүх фактууд мартагджээ. Харин өдөржин, оройжин чулуугаар шидүүлж хилэгнэсэн цагдаа нар тушаал өгөнгүүт хариугаа авахдаа бас зоргоороо аашилж 5 хүнийг нам буудсан, бас  хэдэн зуугаар баривчилж хорихдоо хүний эрхийг зүсэн бүрээр зөрчсөн нь  фактуудыг зөвшөөрч, бусдыг тас хориглосон байна.  Удалгүй шүүхээр шийтгэгдсэн хүмүүсийг өршөөснөөр ул мөрөө балласан гэхэд болно. Элбэгдоржоор эхэлж Элбэгдоржоор дууссан ийм нэгэн хэрэг.

Сонгуулийн үеэр маргаан зөрчил үргэлж гардаг. Гэхдээ 2008 онд ард түмэн босч тэмцэхээс аргагүйд хүргэсэн муухай сонгууль байсныг нотолсон фактууд хаана байна? Бүгдээрээ Их хуралдаа орцгоосныг бодоход зүгээр сонгууль болжээ. Тэр үеийн МАХН буюу одоогийн МАН-ын удирдлага, нэрлэвэл С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар өөрсдөө хариуцлагаа тооцуулахаас гадна “цаад эзэд”-ээс нь хариуцлага шаардах байсан ч гай болж таван хүн буудуулсанд бантаж амиа хоохойлсоор өдий хүрчээ. Энэ бол бас факт.

Posted in 2008.07.01, Улс төр, эдийн засаг | 2 Comments »

Факт, тайлбар ба үнэн

Posted by Ажиглагч on 2013/05/12

Уг нь бид бодит ертөнцөд амьдардаг. Эргэн тойронд юу болсон, “хэн хаагуур ямар юмаа хийгээд яваад байгаа” нь тийм, үгүй, болсон болоогүй, төд төчнөөн гэхчлэн тов тодорхой хариулттай. Үүнийг факт гэе. Баримт гэхлээр зөвхөн бичиг цаас ойлгогддог. Олон факт нийлж, гэхдээ овоорч биш, өөр хоорондоо  дэс дараа, утга учраар холбогдож байж сая юмс үзэгдлийн үнэн дүр зураг болж тодорно.

Өнөөдөр сонин хэвлэл, радио, телевиз, одоо интернэтийн сайтууд нэмэгдсэн бүхэл бүтэн салбар буцалж байна. Хийдэг ажил нь гэвэл хэн, юу, хэзээ, хаана, яаж, яагаад гэдэгт хариулах. Шинэ, чухал хоёрыг хослуулан тов тодорхой хэлж өгсөн мэдээг нийтлэл, нэвтрүүлгийн дээд хэлбэр гэж үздэг нь учиртай.

Фактыг тайлбар дагана. Үнэнийг таньж мэдэх, чадах чинээгээрээ ойртохын тулд фактуудыг мэдэх, харьцуулах, тэгээд тайлбарлах, бас тайлбарлуулах хэрэгтэй. Дан факт юу ч болохгүй, гэхдээ ямар ч агуу тайлбар фактгүйгээр юу ч биш. 

“Улс төрч юуг нуув, тэр нь түүний жинхэнэ нүүр царай” гэдэг бол нотлогдсон факт. Задгай нийгэмд арга буюу “шүд зууж” байгаад нээлттэй байхад хүрдэг. Ихэнхдээ өөрийгөө гоё харагдуулах фактыг түмэнтээ давтах маягаар. Бүр илүү найдвартай арга бол тайлбарлах буюу “зөв ойлгуулах”. Товчхондоо пиар гэсэн үг. Сүүлийн үед манайд бүр төгс аргыг хэрэглэдэг болжээ. Энэ бол төр, улс төрчид нээлттэй болж тоглох. Үүний тулд ил тод байдлын хууль гаргаж, улс орныг доргиосон форум хуралдуулж, бүр иргэдийг оролцуулахаас ч буцахгүй байна. Харамсалтай нь, факт байдаггүй.

Улс төрчид биднийг факттай уулзуулж, цуг үлдээхийг хүсэхгүй байна. Бид фактыг өөрийнхөөрөө ойлгох эрхгүй, заавал тэднээр тайлбарлуулах ёстой болжээ. Факт биш эцэс төгсгөлгүй тайлбар, пиар сурталчилгаагаар бий болгосон гоё үг,  өгүүлбэр, төсөөлөл, дүр зурагт итгүүлдэг.

Posted in Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

Ийм нэгэн зураг

Posted by Ажиглагч on 2013/03/31

Ноднин Монгол Улсын Ерөнхийлөгч анх танилцуулснаас хойш Улаанбаатарын гудамжинд том самбарын дүрээр, эсэхүл Төрийн ордны их танхимд индрийн арын дэвсгэр болж заларсан нэг сүрхий зураг байна. Хөөрхий өнчин модыг ард түмэн өмөөрсөн учраас төр засаг уярч зам тавихдаа мурийлгасныг харуулсан зураг хэмээн тайлбарлаж билээ.

Ийм буянтай төр хаана оршдогийг мэдэхийг хүссэн ч олдохгүй байна. Тэр ганц мод халуун дулаан орных шиг харагдахаас өөр баримжаа алга.

???????????????????????????????

Харин сая Интернэтээс жинхэнэ эх зураг нь олдох шиг болов. Илүү тодоос гадна нэг илжиг гарч ирээд далдуу мод руу дөхөж байх юм. Харин “монгол” хувилбар дээр илжиг алга. Нисээд явчихсанаас зайлахгүй. Яагаад гэвэл тэр замаар цуварсан машинууд байрнаасаа огт хөдлөөгүй байна.

Фотошопдож арилгасан хөөрхий илжиг хэнд садаа болов? Иргэдээс асуусан юм уу?

Шууд ардчилалын зураг (1)

Posted in Улс төр, эдийн засаг | 7 Comments »

Шагналын холио

Posted by Ажиглагч on 2013/02/23

Хэрэв та анзаарсан бол Монголд шагнал хавтгайрсан талаар манай хэвлэл мэдээлэл шүүмжлэхээ бүрмөсөн больжээ. Учрыг олох амархан. Ерөнхийлөгчийг хүмүүжүүлдэг нөхдүүдээс одон тэмдэг зүүгээгүй хүн үлдээгүй гэсэн үг. Үе үе шинэ шүүмжлэгч тодорч одон медалийг будаа болтол балбадаг ч энгэрээ цоолуулангуутаа буруугаа ухаарч дуугаа хураана. Социализм, капитализм, хувьсгал, ардчиллын алинд ч тал алдаагүй энэ зүйлийг П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр нар буухиалсаар Ц.Элбэгдоржид хүлээлгэж өгснийг тэрбээр улам чанга атгасаар авч яваа.

Дөрвөн Ерөнхийлөгч маань төрийн одон, медаль, цолыг баруун солгойгүй цацсан харагдавч нарийндаа хоёр төрлийн хүмүүст тун бодож олгосон байна. Нэгдүгээрт, үнэхээр онцгой үйл хэргийг бүтээж, гавъяа байгуулсан хүмүүст. Энд ярих юм байхгүй. Хоёрдугаарт, өөрийн талынхан буюу намынхан, хамтрагчид болон хамсаатнуудад. Хэвлэл мэдээллээс гэхэд өөрт, өөрийн сонгуулийн сурталчилгаанд хүчин зүтгэсэн эрхлэгч, дарга, сэтгүүлчдийг ээлж дараалсаар гүйцээжээ.

Муухай харагддаг ч үе үеийн Ерөнхийлөгч нарын хэрэглэж ирсэн нэг шалгарсан арга бий. Гавъяатай ба өөрийн тал гэсэн хоёр төрлийн хүмүүсийг сайтар хольж байгаад нэг зарлигаар бөөндөх. Хэн ч анзаарахгүй. Хэдхэн хоногийн өмнө хэсэг газрын наймаач, авлигачид манлай уяач нэрээр дуудуулж Ерөнхийлөгчөөр цол тэмдэг зүүлгэж зогсохыг харлаа.

Өнөөдөр хоёрдахь удаагаа Ерөнхийлөгч болохоор шийдсэн Ц.Элбэгдорж одон медаль, гавьяатыг өмнөх гурваасаа илүүтэйгээр түгээж эхэллээ. Нэг удаад хэдэн зуугаар хүртээж байгаа учраас зөвхөн хэдхэнийг сонгож Төрийн ордонд өөрөө зүүж өгөөд бусдыг нь элдэв Засаг дарга, сайд, дарга нараар зүүлгүүлдэг юм байна. Ерөнхийлөгч зөвхөн өөрийн гараар зүүж барах тийм тооны одон, медаль, цол тэмдгийн зарлиг гаргавал дээрсэн.

Өнөөдөр аль Ерөнхийлөгч хэн хэнийг байтугай хэдэн хүнийг шагнасан тоог огт хэлэхгүй байна. Ямар ч статистик алга.

Posted in Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

Түүх ингэж гуйвдаг

Posted by Ажиглагч on 2012/12/22

Өчигдөр олон нийтийн телевиз, радиогийн оргил цагаар хөтөлбөрт байгаагүй “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэг дайран орж ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж телевизийн таван сэтгүүлч эмэгтэйг (жендерийн хувьд төгс, эсвэл өрөөсгөл алин болохыг мэдэхгүй) суулгаж байгаад уншсан урт лекц.

Ерөнхийлөгч намтраасаа нэгэн түүхийг дурсаж одоогийн улс төрчдийг ичээв. Тэртээ 1994 онд Улсын Их Хурлын гишүүн байхдаа улсын нууц задруулсан хэрэг үүсэнгүүт тэр өдөртөө Н.Багабанди даргад өргөдлөө өгөхөд МАХН-ынхан баярлан хуралдаад шууд чөлөөлсний дараа өөрт нь 4,6 жил төлөвлөсөн шүүхэд явж очоод 30 минутын үг хэлээд өөрийгөө цагаатгаад гарснаа гайхуулаад араас нь “Би ердөө Монголыг эдийн засгийн аргаар эрхэндээ оруулах гэж байгааг анхааруулсан хэрэг шүү дээ” гэв.

Нээрээ юу?

Ц.Элбэгдорж УИХ-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж тэр үеийн Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын ажилтай танилцжээ. Хэд хоногийн дараа Ялалтын талбай дээр болсон улс төрийн цуглаанд оролцож Жасрайн Засгийн газрын муу муухайг дуудахдаа хөөрч “эх орны тусгаар тогтнол алдагдаж байна… манайд хятадын тагнуулын  7 обьект байна, тэр талаар өөрийн нүдээр үзлээ” гээд туучихсан түүхтэй.

Зарим хүн 14 обьектыг хэлсэн гэдэг. Юутай ч тоо хэлчихсэн. Үүнийг цаад “объект”-ууд нь баталгаатай сонсоно. Хэдхэн мөчид урагшаа мэдээ дамжиж Улаанбаатарт цуглаан тараагүй шахам байхад Хятад улсын амрыг хамгаалахынхан хуралдаж “Ар монголчууд манай … объектоос долоог мэдчихжээ. “Найдвартай” хүн хэлсэн байна. Харин аль долоо бол …яахаарааа энэ долоо … ” гэхчлэн шалгах ажилдаа орохгүй хаачихав. “Тэр нөхөр манай объектэд шургалжээ” гээд тогтоосон ч байж магад. Товчхондоо, хятадын барагтай тагнуулчтай мөчөөрхсөн тус хүргэсэн юм. Харин шүүх хурал дээр хурц дайчин үг хэлж цагаадсан тухайд гэвэл манайхан тоогоогүй дүр эсгэсэн биз ээ. Өөр яахав.

Тэр үдэш Ерөнхийлөгчид асуулт тавьж харагдсан шилэгдмэл сэтгүүлч хүүхнүүд энэ тухай мэдэхгүй, мэдэхгүй дээрээ асуух эрхгүй.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Улс төр, эдийн засаг | 3 Comments »

Хятад чанар

Posted by Ажиглагч on 2012/11/05

Хорт хавдар үүсгэдэг бензоприн хэмээх хорт бодисыг агуулдаг нь илэрснээс болж Солонгосын “Нонгшим” бэлэн гоймонг Солонгосоос гадна Тайван зэрэг Азийн улс орнуудын дэлгүүрээс хураан устгаж байгааг сонсоод манайд дууриаж баахан бужигналаа. Тэгтэл Хятадад үйлдвэрлэсэн “Нонгшим”-ээс бензоприн илрээгүй болж таарахад мэргэжлийн хяналтынханд баахан гоймонгоо хураалгаж борлуулалт нь зогсох шахсан “Green City” компанийнхан хэвлэлийн хурал зарлажээ.

– Бидний оруулж ирж байгаа “Нонгшим” гоймон ямар ч хоргүй! Бичиг нь энэ байна! Яагаад гэвэл Солонгост биш Хятадад үйлдвэрлэсэн!

Миний мэдэхээс, энэ бол манайд хятадын хүнсийг солонгос мэтийн өндөр хөгжсөн орнуудынхаас дээр тавьж даналзсан анхны тохиолдол.

Бид дийлэнх бараа таваар, бас үлэмжхэн хоол хүнсээ урд хөршөөс оруулж ирдэг хэрнээ зогсоо зайгүй муулсаар өдий хүрчээ. Өнгөрсөн зууны ерээд оны эхээр “Харсан бүхнээ авмаар, авсан бүхнээ хаямаар” гэж байгаад эхэлсэн билээ. Үнэхээр муу байсан биз. Эрээнээс хөлөөр нь оруулж ирсэн гутал зарах тухай элэг хөшөөсөн онигоо зөндөө. Наймаачид бараагаа”Гонконгийнх”, “Бээжингээс авчирсан”, “улсын үйлдвэрийнх”,  арга тасарвал “… гэхдээ германы технологиор хийсэн”-ээр нь дуудаж өөд  татдагсан. Хятадаас авчирсан гурил, будаа, төмс, хүнсний ногоо амт шимтгүй, бас хачин үнэртэйгээрээ “гайхуулдаг” хэвээрээ. Тэгтэл хятад хүнс нь сав боодолтойгоосоо эхлээд чанартайд тооцогдох боллоо.

1950-иад оноос японы бараанууд америкийн зах зээлд гарч иржээ. Нэгэн эрхмийн худалдаж авсан япон багажууд нь ээлж дараалан хэмхэрсний дараа бачимдсандаа амиа хорлохоор гар буугаа шүүрэн авч шанаандаа тулгаад гохоо дарахад тагхийн гацаж, балмагдсан тэрбээр буугаа нүдэндээ ойртуулан Made in Japan … гэсэн бичгийг олж хараад муужран унадаг шог үзэгдэл тоглогдож байсан гэдэг. Ганц, хоёрхон арван жил өнгөрөхөд энэ нь дэлхийн хамгийн чанартай бараа, бүтээгдэхүүний таних тэмдэг болж чадсан. Одоо Хятадын ээлж ирж байх шиг. Бүх дэлхийн хамгийн шилдэг брэндүүд аль хэдийнэ Хятадад оёгдож, угсрагдаж, үйлдвэрлэгдэж байгааг хүлээн зөвшөөрөхөөс.

Гэнэтхэн надад сэжиг төрж энэ мөрүүдийг товшиж байгаа ноутбук, түүнд залгаастай хулгана, Интернэтэд орж байгаа модемоо сөхөж, өргөж, тонгойлгож харлаа. Тэгнээ тэр! Бүгд Made in China байна. Очиж очиж хулгана хүртэл. Бүр падтайгаа хамт  гээч…

Одоо өмсөж байгаа хувцсаа шалгамаар санагдлаа. Гэхдээ нэмэргүй биз дээ…

Posted in МОНГОЛЫН АМЬДРАЛ | Leave a Comment »

Хоёр дахь асуудалдаа орж байна

Posted by Ажиглагч on 2012/10/21

Надад хамгийн их таалагддаг улс төрийн онигоог дахин хэлье.

1960-аад он. Зөвлөлт Холбоот Улсын хаа нэгтээ. Хамтралын дарга бүх гишүүдийн хурлыг нээж зарласан нь: Өнөөдрийн хурлаар хоёр асуудал хэлэлцэнэ. 1. Малын саравч барих 2. Коммунизм байгуулах. Даанч саравч барих банз байхгүй учраас шууд хоёр дахь асуудалдаа орцгооё…

Улаанбаатарт нэлээн төстэй юм ажиглагдаж байна. Нийслэлд зөвшөөрөлгүй барилгыг зогсооно, хууль зөрчсөнийг хайр найргүй буулгана, хот төлөвлөлтийг ил тод, иргэдийн оролцоотой шийдвэрлэнэ хэмээн ер бусын хүчтэй цуурайтсан амлалтуудыг хэрэгжүүлэхийн тулд эхлээд аль барилга, ямар зөвшөөрөл хууль зөрчсөн, хэн буруутайг ил тод болгох ёстой байсан. Зөвшөөрөлгүй 77, бүрэн бус зөвшөөрөлтэй 168 барилга гэхчлэн жагсаалтууд гарсан боловч бараг бүгд хэвийн үргэлжлэн баригдаж байна. Яагаад? Хариулт байхгүй. Бусад нь зөвшөөрөлтэй гэж аархсан, нэгэнт босчихсон барилгууд юм. Нарийн ярих юм бол тэд ихэнхдээ хууль зөрчсөн байдаг. Хүүхдийн тоглоомын талбайг устгасан, цонх таглаж нар хаасан барилгууд, дархан цаазат Богд хаан уулын Зайсангийн аманд боссон хорооллууд бүгд зөвшөөрөлтэй ангилалд багтана. Зөвшөөрөлтэй, гэхдээ хууль бус зөвшөөрөлтэй барилгууд юм. Урьд жилүүдэд хотыг төлөвлөж газар, барилгын зөвшөөрөл олгож ирсэн, хотын дарга байсан хүмүүс бүгдээрээ газрын наймаачин, мафийн толгойлогчоор дуудуулдаг болсон тэр муу муухайг уудлан илчлэх, иргэд оршин суугчид эсэргүүцэн тэмцсээр атал хүч түрэмгийлэн булааж авсан нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, нар харах эрхийг буцааж авна гэж би хувьдаа ойлгож байлаа. Газрын наймаа цэцэглэж эхэлсэн 1996 оноос хойш нийслэлд газар олгосон Засаг дарга нарын бүх захирамж, шийдвэрийг ил тод болгохыг бид хэдэн жилийн өмнө ил тод, нээлттэй болгохыг шаардахад таг дуугүй өнгөрөөснийг санаж байна. Харин хотын шинэ удирдлага энэ бүхнийг шалгаж эхлэхийг хүлээж байлаа.

Харамсалтай нь, нийслэл одоо хоёрдахь асуудалдаа шилжиж байх шиг. Тэр нь нийслэл Улаанбаатар хотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулах, ингэхдээ ард иргэддээ нээлттэй танилцуулж хэлэлцүүлээд батлуулах тухай юм.

Хойтон жилийн наадам хүртэл хол байдаг. 2030 оны Улаанбаатарт хаана ямар барилга байшин, зам талбай байх ёстойг хэн ч мэдэхгүй.  Үүний оронд нийслэлд зарчим буюу тоглоомын дүрэм бий болгох, юуны өмнө одоо байгаагаа ягштал дагаж мөрддөг болох нь хамаагүй чухал. Хууль зөрчсөн бол ямар ч барилга “автоматаар” буудаг байх. Нурдаг гэсэн ч болно.  Бүр эхэлдэг ч үгүй байх.  Хорь, гучин жилийн дараах ерөнхий төлөвлөгөө нэртэй картоныг биш хоёр, гурван сарын дараа тавих зам, эхлэх барилга, олгох зөвшөөрлийг  хэлэлцүүлдэг байх. Нийслэлийн түүхэн төвөөс юу үлдсэнийг хамгаалахыг оролдох. Чадах чинээгээрээ сэргээх.

Гэтэл үүний оронд хотын төвийн хэдийнэ барилга бариад, барьж амжаагүйд нь зөвшөөрөл олгоод дууссан 1300 га газарт газар олгохгүй гэсэн байх юм. Энэ нь хэрэг хийсэн хүнийг хуулийн дагуу шийтгэх тухай Хууль зүйн сайдын тушаал гарч байгаатай адил юм уу даа. Ёстой нөгөө намайг барьж байгаарай, би яаж ч магадгүй … болжээ. Бас нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн даргын амнаас газрын өршөөлийн тухай үг цухалзсан. Бас болоогүй, Зайсангийн амыг байгалын дархан цаазат, тусгай хамгаалалтын бүсээс гаргах хуулийн төслийг өргөн барих юм гэсэн. Ингээд газрын наймаа, нийслэлийн мафи … бүгдээрээ цайрч байгаа нь тэр.

Нийслэлд тоглоомын шинэ дүрэм буюу дүрэм, журам, хэм хэмжээ, ядахдаа байгааг нь ягштал хэрэгжүүлэх хатуу чанд процедурийг тогтоогоогүй цагт 2030 оны ерөнхий төлөвлөгөө бол зай завсар болгоныг булааж, эсвэл хуучин болгоныг нурааж бүр гоё, цоо шинэ, илүү өндөрийг барих халхавч болж хувирна. Одоо сайхан сонсогдож байгаа хурдны зам, гүүрэн гарц, метро тус болохгүй. Харин зарчим тогтсон цагт бусад нь зах зээлийн жамаар болно. Сүхбаатарын талбайг тойруулаад 10-аас дээш давхар барьж болохгүй, шинэ барилга байшин бүр машины зогсоол, тоглоомын талбайтай байна гэх мэтээр тогтчихвол хот тэлнэ, дагуул хотууд хөгжинө, нийслэлд чихэлдэхээ болино.

Би үүнийг яагаад бичив? Нийслэл Улаанбаатар хотын эрх мэдлийг гартаа авсан Ардчилсан намын хувьд эхний хэдэн сар шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл баахан сүр үзүүлсний эцэст “зөвшөөрөлтэй”, үлдсэнийг өршөөнө, нийтдээ иргэдийн хувийн өмч гээд цайруулж байгаа юм байна. Хэдэн зуу, мянган иргэний газрыг хууль бусаар аваад барилга барьчихсан луйварчин иргэн байсан ч хамаагүй. Ингээд цаашид дуугарах эрхгүй болж байна. Магадгүй АН өөрөө нийслэлийн газрын мафийн нэг хэсэг учраас тэр биз. Зөвхөн өнгөрсөн 4 жилд гэхэд нийслэлийн ИТХ-д Ардчилсан Намын арав шахам төлөөлөлтэй бүлэг суусан ч жил жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг гар өргөн баталж нийслэлийн Засаг даргад газар олгох эрхийг дуулгавартай шилжүүлж, тэгээд ажлыг нь “хангалттай” хэмээн дүгнэлцэж ирсэн билээ. Шинэ зарчим тогтоохыг шаардан эсэргүүцэж тэмцсэн тохиолдол огт ажиглагдаагүй. Өнөөдөр том дуугарахад эвгүй учраас тэгэсхийгээд дуугаа хураав бололтой.

Posted in # УЛААНБААТАР, Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | 1 Comment »

Фукуяама ба Сото

Posted by Ажиглагч on 2012/10/20

Өнгөрсөн зун америкаас Фукуяама нарын гурван эрдэмтэн ирж улс төр, ардчилал, эдийн засаг, хөгжлийн сэдвээр хэдэн лекц уншсан билээ. Ерөнхийдөө улс төрчид, эдийн засагчид, судлаачдад хамаатай байсан. Гэхдээ Төрийн ордны их танхимд хүмүүс пиг дүүрэн сонссон билээ. Болж байна. Гэхдээ хоёр жилийн өмнө өрнөдөд болж бүтээд байгаа капитализм бусад улс орнуудад хий эргээд байгааг тайлбарласан “Капиталын нууц” номын зохиогч, Перугийн эрдэмтэн Эрнандо де Сото манайд айлчилж One Law Rule буюу сайн тоглоомын дүрэм буюу зарчим тогтоохыг хэлж зөвлөөд буцсаныг бид таг мартжээ. Дэлхий нийтийн ардчилал, зах зээлийн хувь заяанд санаа зовох хамаагүй амар.

Posted in Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | Leave a Comment »

Тусалдаггүй удаан тусламж ба эрэн сурвалжилдаггүй сэтгүүлчид …

Posted by Ажиглагч on 2012/10/19

Өнгөрсөн 9-р сарын 17-нд “Тэнгис” кинотеатрын хажууд баригдаж байсан үл мэдэгдэх 16 давхар өндөр барилга дээрээс тулгуур төмөр унаж 20 настай оюутан залуугийн амийг хөнөөснийг хэвлэл мэдээллээр “дэндүү сайн үзүүлж харуулж бичсэн билээ. (Ийм эмгэнэлт явдалд сайн гэдэг үг  хүртэл зохимжгүй  тул хашилтанд хийлээ).  Хөөрхий залуу амь тавьж байгааг нэгбүрчлэн харуулах шиг болсон. Аймшигтай.

Түүнийг аварч  болох байсан уу? Энэ асуултыг хариуг хэвлэл мэдээллийнхэн мэдээж эрж хайсан. Юу тодорсон бэ гэвэл тэр залуу толгойн тус газраа цөм цохиулсан ч гучаад минутын турш амь тавьж гар хөл нь хөдөлж байжээ. Хэн нэгний дуудсан түргэн тусламжийн машин тэр гучин минутын дараа арайхийн морилж ганц залуу эмч буугаад даралтыг хөдөлж ядан үзсэн гэнэ. Тэгснээ машиндаа оруулж эмнэлэгт аваачих замд залуу нас баржээ. Гэтэл түүнээс өмнө замаар өнгөрч явсан түргэн тусламжийн машиныг харсан хүмүүс зогсоож хохирогч дээр очихыг шаардахад “Бид дуудлагатай явж байгаа, удахгүй өөр тэрэг ирнэ” гээд хаяад явчихжээ.

Зарим сэтгүүлч түргэн тусламж яагаад ийм өөдгүй, тэгээд удаан байсныг тодруулахаар Яаралтай тусламжийг төвийн удирдлагад ханджээ. Маш зөв. Ингэхдээ тэр хаяж явсан машин хаашаа яг ямар дуудлагаар явж байсан, түүнийгээ хойшлуулж “Тэнгэс”-ийн хажууд саатаад тусламж үзүүлж болох байсан эсэхийг тодруулж өгөхийг хүлээлээ. Гэтэл би юу мэдэж авсан гээч? Түргэн тусламжийн автомашины тоо хүрэлцээгүй, хуучирсан, төсөв хүрэлцээгүй, замын бөглөөгөөс болж удаан явдаг талаар баахан донгосохыг дамжуулахаас хэтрээгүй байгаа юм даа!

Харин зол болох шахаж түргэн тусламжийн машин хажуугаар явж таарсан байна. Хэдхэн метр эргээд тэр залуу дээр очих шаанс тохиожээ. Яаралтай тусламжийн бааз ганцхан машинтай байгаад, тэр нь тэнд явж таарсан бол очих ёстой байсан ч тэгсэнгүй. Тийм зохион байгуулалт, хариуцлага байтугай сэтгэл байсангүй. Бүр очлоо гэж бодоход үхэж байгаа хүнийг чагнаад орхих байсан биз. Манай сэтгүүлчид үүнийг яагаад нэхээгүй, эрэн сурвалжилж илчилсэнгүй вэ? Эрүүл мэндийн салбарын бодлого, зорилтын талаар сайд дарга нартай ток шоу, ярилцлага хийж том том ярихдаа хичнээн мундаг гээч.

Posted in # УЛААНБААТАР, Барилга, хот төлөвлөлт, газар, Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | Leave a Comment »

Гурван өдрийн шуурхай мэдээ буюу хэргийн “жинхэнэ эзэд” хаачив?

Posted by Ажиглагч on 2012/08/07

Долоо, наймдугаар сарын зааг дээр шуугиулсан экс ерөнхийлөгч Н.Энхбаярын шүүх хурлыг TV9 телевиз “Шуурхай мэдээ” гэж нэрлэж байгаад гурван өдрийн турш бүх орон даяар шууд дамжууллаа. Өдөр бүр өглөөнөөс орой хүртэл арваад цаг үргэлжилж, шүүхийн шийдвэр гарсны дараа хаврын баривчилгааны бичлэг, шөнө дунд МАХН-ын хэвлэлийн хурал, дараа нь экс тэргүүн хатагтай Цолмонгийн мэдэгдэл (…Миний өвөг эцэг манжийн хааны өмнө өлсгөлөн бартай тэмцээд боож алаад арьсыг нь аваад нутаг буцсан … Би нөхрийнхөө оронд суумаар байна… Соёмбо-Эрдэнэ гэж боловсролгүй .. Энэ бүхний цаана цэвэр Элбэгдорж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна… Цэвэр монгол хүн бол өрөвч… Манай нөхөрт хор өгсөн мэдээлэл ирсэн, Элбэгдоржид Баяр өгсөн байх…Сагсайгийн байж байгааг нь ээ…Сагсай дээд зэргээр эвдэрсэн хүн байна лээ … 2009 онд Ерөнхийлөгчийн сэнтийг хулгайгаар авсан… Баяртайгаа нийлээд том луйвар хийсэн…), араас нь дөнгөж дууссан шүүх хурлын бичлэгийг маргааш үд өнгөртөл давтаж төгсгөлд нь Мэл Гибсоны “Эх оронч” киногоор энэхүү реалити шоу сая нэг түр завсарлав. Лондонгийн олимп, Н.Түвшинбаярын ялалт, ялагдлын мэдээ зүгээр нэг хачир байсан юм. 

Урьд нь манайд шүүх хурлыг ингэж эхний мөчөөс дуусан дуустал шууд бөгөөд бүрэн дамжуулсан удаагүй. Цаг төр бага сага өөрчлөгдөж шүүх засаг овоо нээлттэй болж эхэлсний нотолгоо. Уржнан шүүхийн бүх шийдвэрийг вэб сайтад тавиулна гэхээр нь итгээгүй, харин үнэхээр тэгснийг нүдээр үзэж байж итгэж билээ. Одоо анхны бүрэн нээлттэй энэ шүүх хурал. Монголд мянга мянган сэжигтэн, тэр тусмаа хохирогчид ингэж илэн далангуй шүүлгэхийг хүсэх байх. Харамсалтай нь зөвхөн хувьдаа телевизтэй том хүн үүнийг чадахыг бид харлаа. Бүгд тэгш эрхтэй ч зарим нь илүү тэгш эрхтэй гэж энэ. Бас зөвхөн хувьдаа улс төрийн намтай хүн монголын №1 үйл явдал болгож чадав. МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн даргынхаа нүдэнд харагдаж бүртгүүлэхийн тулд тэнд очиж сууснаас УИХ-ын чуулган таг гацаж монголын төр тэр чигээрээ шүүх хурлыг үзэж саатлаа.

Шүүх хурлыг дамжуулна гэдэг бол хуулийн хичээл, боловсрол . Урьд нь бид ийм хичээлийг зөвхөн Холливудын киногоор заалгасаар өдий хүрлээ. Америк цагдаа машиныхаа капотон дээр хэн нэгийг дарж гарт нь гав зүүх зуураа “Та үг дуугарахгүй байж болно. Таны хэлсэн үг өөрийн чинь эсрэг ашиглагдаж болно” гэхээс эхлээд “Та өмгөөлөгч авч болно, хэрвээ авах мөнгө байхгүй бол танд үнэ төлбөргүй өмгөөлөгч гаргаж өгнө”, “Би өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхгүй” гээд энэ бүх мэдлэг зөвхөн америк киноноос. Шүүх хурал дээр яаж мэтгэлцдэгийг бас л америк киноноос мэдсэн. Бүр 90-ээд оны ДОХ туссан залуу (Том Хэнкс)-гийн эрхийг хамгаалдаг “Филадельфи”, садар самууны “Хастлер” сэтгүүлийн эзнийг шүүсэн “Ард иргэд Ларри Флинтийн эсрэг”, Пирс Броснан, Джулианна Мур нар гэр бүл салалтын хэргийн өмгөөлөгчид тоглосон саяхны “Laws of Attraction” гээд тэр чигээрээ шүүх хурлын кинонууд байна. Гэмт хэрэгтэн, мафийг шүүдэг хичнээн кино бид хэдэн зуугаар нь үзсэн байх. Тангарагтны буюу хөндлөнгийн шүүгчдын дотоод тэмцлийг харуулсан оросын Сергей Михалковын “Арван хоёр” (америкийн тавиад оны “Хилэгнэсэн арван хоёр эр”-ийн сэдвээр хийсэн) гэж кино бий. Саяын шүүх хуралд иргэний гурван төлөөлөгч суусныг хамгийн сүүлд нэг нь босч буруутай, буруугүй гэсэн хэдэн өгүүлбэр түгдрэн байж уншихад санал зөрсөн нөгөө нь TV9-ыг Энхбаяр хулгайлаагүй, яагаад гэвэл шударга сайн телевиз гэж хэлэхэд мэдсэн юм. Гадаад кинон дээр бол өмгөөлөгч нар тэднийг итгүүлэх гэж ямар уран цэцэн аашилдгийг санав. Сэтгүүлч До.Чулуунбаатар манайд Court Channel гараасай гэсэн маш зөв санаа дэвшүүлсэн. Нээрээ ганц хурал, нэг олимпийг 10 телевиз ижилхэн харуулахын оронд төрөлжих цаг болсон. Тэгсэн мөртлөө спортын суваг байхгүй. 

Н.Энхбаяр өөрийг нь шүүх хурлыг шууд дамжуулахыг шаардсан нь учиртай. Ялласан баримтуудыг улс төр, шашин (“Би Жанрайсагийг бүтээсэн”), эх орон, ёс суртахуун, түүх (“Өнөөдөр түүх бичигдэнэ), нүгэл (“Намайг хэлмэгдүүлж байгаа хүмүүс өнөөдөр телевизээр нэр устайгаа бичигдэнэ), шахалт (“алдаагаа зоригтой хүлээгээд намайг цагаатгачих”) гээд бүх юмтай хутгаж живүүлэхийг оролдсон бол С.Нарангэрэл өмгөөлөгч хуулийн баахан гох дэгээнүүд бэлтгэж шидэхийн зэрэгцээ прокурорыг ямар нэгэн юм “горьдож” гэхчлэн гутаасан яриа нэвтрүүлгийн буюу шүүх хурлын ихэнх цагийг эзэлсэн юм. Гэхдээ шүүх шийдвэрээ гаргасан ба мэдээж давж заалдана. Явсаар Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Д.Дуламсүрэн, Ж.Мягмаржаргал нарт Сүхбаатар дүүргийн шүүхээс оноосон ялыг мэдээж бууруулж (дээр үеийн кинон дээр хоёр дугуй цохуулж авахын тулд дөрвийг хүссэн өргөдөл гаргадаг), заримыг нь хэрэгсэхгүй болгож, хэсэгхэн хугацаа өнгөрөөгөөд өршөөснөөр 2013 оны дундуур бүх юм дуусах биз. Ер нь хүн алж хүрээ талаагүй хүмүүсийг шоронд хийхээ болимоор юм. Нотлогдвол торгоод, хураагаад болоо биш үү? АНУ-д санхүүгийн пирамид, биржийн залилангийн хэргээр 200-300 жилээр суулгадгийг би огт ойлгодоггүй. 

Хамгийн гол асуулт бол шүүх хурлын үеэр дэлгэгдсэн баримтууд үнэн үү? Прокурор, шүүгдэгч, өмгөөлөгчдийн хэн нь үнэмшилтэй байв? Шүүхийг шийдвэрийг зарласны дараачийн мөчөөс өмгөөлөгч С.Нарангэрэл хэлмэгдүүлэлт, харгислал, Энхбаяр даргыг улс төрөөс олон жил холдуулах оролдлого гэж зогсоо зайгүй мэдэгдэж байгаа ч үнэхээр тэгсэн үү? Шүүх хурлыг шууд дамжуулахад прокуроруудын уншсан яллах баримтууд ч бас тэр чигээрээ цацагдсан билээ.

Энхбаярын таван хэргээс гурвынх нь шинэ шинэ баримтууд анх удаа энэ шүүх хурал дээр дэлгэгдэв. Бурханы телевизийг хэнд бэлэглэсэн, бэлэглээгүй тухай Японоос ирүүлсэн бичгүүд зурагтаар үзсэн надад ойлгогдоогүй. Хувийн боть номуудаа Солонгост хэвлүүлээд МИАТ-ын онгоцоор үнэ төлбөргүй тээвэрлүүлснийг баттай нотолсон баримт сонсдоогүй, иймээс хэргийг хэрэгсэхгүй болгов. Уг нь тухайн үед үүрэг өгсөн МИАТ-ын захирал асан Б.Эрдэнэбилэг яг үнэнийг хэлэх ёстой ч хаа нэг тийш зугатчихжээ. Хамгийн сүүлчийн хэрэг – Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт”-ийн захирал Х.Наранхүү “Хэнлон” компаны захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэн “Эрдэнэт” үйлдвэрт 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг тухайд Ерөнхийлөгч утасдаж “Мягмаржаргалын бизнест ахиухан туслаарай” гэсэн, дараа нь Мягмаржаргал өрөө төлөхгүй, хэл амаар доромжлоход нь буцаагаад Ерөнхийлөгчид утасдаж хошуу хүргэсэн тухайгаа Х.Наранхүү өөрөө мэдүүлсэн баримт ноцтой. Гагцхүү Н.Энхбаяр “Би ган бөмбөлөгийн тухай ярьж явах зав байхгүй. Наранхүү андуурч, эсвэл санаатай хэлсэн юм уу, би мэдэхгүй…” гэж булзлаа. Нээрээ түүний шаардсанаар Наранхүүг зэрэг шүүж болоогүй юм байх даа? 

Нөгөө хоёр хувьчлал та бидний нүдний өмнө явагджээ. “Өргөө” зочид буудал бол нийслэлийн өмчийн барилга байшинг хувийн компанитай хамтарч ашиглана, төдөн зуун сая, тэрбумын хөрөнгө оруулна гэсэн хов хоосон тоог тэдний хувь болгон тооцож давуу эрхийг олгоод дараа нь сэмээрхэн гулгуулсаар нэг мэдэхэд бүрэн өгдөг “хүрээ маягийн хувьчлал”-ын үргэлжлэл юм. Төсөвт ямар ч мөнгө оруулахгүйгээр хувьчилдаг хосгүй луйвар! Төв цэнгэлдэх хүрээлэн, “Ард”, “Од” кинотеатрууд, Хүүхэд залуучуудын ”Найрамдал” парк, “Тэнгис” кинотеатр гээд зөндөө объект яг ингэж хувьд очжээ. “Улаанбаатар банк”, “Улаанбаатар даатгал”-ын хувьчлал ч бас төстэй. Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн нар шүүх хурал дээр “нурчихсан нэг муу орц байсан… тэгэж ярих юм бол хэтэрхий өндөр үнэлж хувийн компанийг хохироосон байна, нийслэл өөрөө олигтой мөнгө оруулаагүй” гэж бараг л нөхөн төлбөр нэхэж даналзсан билээ. Нийслэлийн яг төвд бэлэн байгаа дөрвөн давхар барилгын бүхэл бүтэн орцыг эзэлсэн өмчөө ядахдаа түрээслүүлэх, эсвэл дуудаад худалдахын оронд хэдхэн хоногийн өмнө бүртгүүлсэн, үл мэдэгдэх компанид зүгээр л амалсан, нийслэлийн төсөвт хэзээ ч орохгүй мөнгөний төлөө 75 хувийг өгсөн тухай яриа бүр 2007 онд дэгдэж “нийслэлийн ИТХ-ын дарга Н.Болормаа, өмчийн газрын орлогч дарга Д.Дуламсүрэн, нийслэлийн татварын газрын хэлтсийн дарга Я.Аюушжав нар Ерөнхийлөгчийн авгай хувьчилж авч байгаа, суллаж өг гэж байнгын дарамт үзүүлээд байна” хэмээн тэрхүү буудлын экс дарга сэтгүүлчдэд гомдоллож, Ерөнхийлөгчийн гадаад айлчлалд Дуламсүрэн, Аюушжав нарыг дагуулж явлаа гэхчлэн шивнэлдээд өнгөрсөн. Хэн ч тоогоогүй.  

“Улаанбаатар таймс”-ын хувьчлал бол яг үнэндээ тус сонины биш, Төрийн ордны зүүн талын хэвлэх үйлдвэрийн барилга болон доорхи газрын хувьчлал юм. Ж.Саруулбуян эрхлэгчтэй менежментийн багийн гурван жилийн ажлын үр дүнд тус сонин дампуурчихаад байхад барилга, газраа салгаж авахын оронд дахиад 10, 20 тийм сонин багтчих байшинг заавал дагуулж шүүх хурал дээр дэлгэгдсэн тэр комбинацыг зохиожээ. “Тэр муу нурсан байшин хэнд хэрэгтэй юм? Өнөөдөр бүх юм нь хэвээрээ, газар нь, нурсан байшин нь хэвээрээ” гэж Н.Энхбаяр хэлж байна. Хамаг учир яг энд бий. Сонины нэрээр халхавчилж хотын төвийн А-гийн А бүсэд Төрийн ордонтой хаяа дэрлэсэн тэр газрыг үнэ төлбөргүйгээр авч бараг амжсан билээ.

Нийслэлд өмч хувьчилсан Засаг даргын тогтоол, захирамжуудыг үзэхэд “сургууль цэцэрлэгийн хуучин уурын зуух”, “эвдэрхий агуулах” гэхчлэн үнэгүй буюу инээд хүрэм хямд авч байгаад нь баярламаар объектуудыг жагсаасан байдаг. Авсан эзэн маргааш нь эксковатор авчирч хусахад л хэдэн арав, зуун саяын газар бэлэн. 

Нийслэлд өмч хувьчлах шийдвэрийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нэртэй хэдхэн хүн суугаад гаргадаг байжээ. 2008 оноос өмнөх нэрс нь шүүх хурал дээр бараг тодорчих шиг болов. Тэд бол “хотын мафи” гэгч мөсөн уулын зөвхөн орой нь. Тэд ямар ч хяналтгүй дураараа дургисны балгаар хэдэн хүнийг шоронд аваачлаа. Нийлж байгаад “дарга аа, болохгүй!” гээд гүрийсэн бол яалаа гэж ийм юманд хүрэхэв. Үүнийг Н.Энхбаяр “албан тушаалтан бүр хариуцлагаа өөрөө хүлээх ёстой” гэж маш зөв ярьж тэднийг жийж байв. Гагцхүү Энхбаяр өөрөө том учраас Улаанбаатараас хальж “Эрдэнэт” үйлдвэр, МИАТ-тай холбогдсоноос болж нэмж шийтгүүллээ.  

Энэ таван хэргийн үзүүр Н.Энхбаяр луу чиглэжээ. Гэтэл нөгөө үзүүрт нь тов тодорхой албан тушаалтнууд бий. Тэд бол хэргийн “жинхэнэ эзэд” нь. Сайндаа л бусдад ашиглагдсан, үүрэг даалгавар биелүүлсэн До.Чулуунбаатар, Д.Дуламсүрэн нарыг бус, нийслэлийн өмчийг хууль зөрчин хувьчлах шийдвэр гаргаж заль, луйврыг хууль ёсны юм шиг болгож өгөөд Улсын хэвлэлийн комбинатын түүхэн байшинг газартай нь өгч устгуулсан хотын дарга нарыг шийтгэвэл шударга ёсонд нийцэхсэн. Т.Билэгт дарга зугатсан ч бусад нь Улаанбаатарт байж л байсан… 

Posted in # УЛААНБААТАР, Улс төр, эдийн засаг, TV9 телевиз | Leave a Comment »

Төгс бүтэц, төгс барилга…

Posted by Ажиглагч on 2012/07/25

Саяхан нэгэн судалгааны баг гурван сарын турш ширүүн хөдөлмөрлөсний эцэст Засгийн газрын чиг үүрэг, бүтэц, бүрэлдэхүүн ямар байх талаар хувилбар боловсруулж Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг болон УИХ-д суудалтай намын бүлгүүдэд хүргүүлсэн гэж мэдээлэв. Юуг яаж ч зөвлөсөн бай, шинэ Засгийн газарт яамдын тоо нэмэгдэхийг албан ёсоор зарлачихаад байна. Лав Эдийн засаг, хөгжлийн яамыг шинээр байгуулна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, мөн Хууль зүй, дотоод хэргийн яам тус бүрийг таслалаар нь салгаж бие даалгана. Бүр аль яамыг  хэн “авах” нь хэдийнэ тодорхой болсон. Хачирт нь агентлагуудыг ч байгуулж өгөх биз. Тохируулагч ба хэрэгжүүлэгч агентлаггүй яам байж таарах уу? Таарахгүй. Одоо байгаа орон тоонд багтаах, бүр бууруулахаар амлан гялайлгаж магадгүй, гэхдээ тийм юм байхгүй. Сайд, дэд сайд, төрийн нарийн (хэрэг дээрээ бүдүүн эрчүүд), туслах, зөвлөх, захиргаа, аж ахуй, стратеги төлөвлөлт, хяналт шинжилгээ, тайлан, төлөвлөгөө, төсөв зардал, өрөө тасалгаа, харуул манаа гээд бүгд наад зах нь хоёр дахин үржинэ. Энэ бол “байгалийн” хууль.  Паркинсоны хуулиар ямар ч хэрэггүй бүтцийг санаанаасаа зохиож байгуулсан ч тэр нь өөртөө ажлаа олдог, яваандаа ажлаа дийлэхээ больж дахиад орон тоо нэхэж эхэлдэг. Сүүлдээ хоёр, гурав хувааж байж сая нэг санаа амарна…

Бүгдийг тайлбарлаж болдог. НХХЯ, ЭБЭХЯ, БСШУЯ, ХЗДХЯ-ыг задлах мянган шалтгаан хэлж болох ч хэвээр үлдээх шалтгаан түүнээс дутуугүй олон олдоно. Наад зах нь нүүрс (эрдэс баялаг) ба цахилгаан станц (эрчим хүч) хоёр цугтаа байвал дээргүй юу? гэх мэт. Ажил нь салчихсан яам, агентлагууд хамтран ажиллах гэрээ байгуулж хөглөдөг. Тэгэхлээр шинэ яамд бол зүгээр л улс төр, албан тушаал, наймаа юм.

Паркинсоны өөр нэг хууль бий. Төр, захиргааны барилга байшин арайхийж төгс сайхан болох цагт тэр байгууллага нь уналтанд орчихсон байдаг гэж. Лондонд очсон жуулчид Бэкингэм, Вэстминстерийн ордны сүрлэг барилгуудыг хараад таван тивийг дамнаж, дээр нь нар жаргадаггүй байсан Британийн эзэнт гүрнийг ийм л агуу орд харшнаас удирдаж босгосон доо хэмээн бишрэн санадаг хэдий ч үнэн хэрэгтээ тэр цагийн английн хаад одоо нурж баларсан жижиг байшингуудад толгой хоргодох шахам байсан, парламентын буюу Вэстминстерийн ордон гэхэд эзэнт гүрнийг задрахтай уралдан боссон түүхтэй аж. Ватикан дахь Гэгээн Петрийн талбай, түүн дээрх Гэгээн Петрийн сүмыг зурагтаар харахад хүртэл дэндүү сүртэй. Гэхдээ хамгийн хүчирхэг папууд энд тухалж байгаагүй, хэзээ хойно байр сууриа алдсан католик шашны тэргүүнүүд үүнийг босгож орсон юм байна. Ватикан гэснээс Чингэс хаанд том гэрээс өөр ордон байгаагүй байх, харин түүний үр ач нар дэлхийн талыг эзлээд Адриатын тэнгэсийн эрэгт дөхөн Ватиканд заналхийлж, хожим Багдад, Дамаскийг эзлээд Египет рүү мориныхоо жолоог зүглүүлэхийн даваан (манхан?) дээр монголын их хаад нас барж “ерөнхийлөгчийн сонгууль”-д дуудагдан гэдрэг буцахдаа түмэн газрын урчуудаар дархлуулж айраг цагаа бялхсан Хархорум хэмээх ер бусын үзэсгэлэн төгс хотод ирснээс хойш бүх юм уруудаж эхэлсэн бус уу?

2008 оны 7-р сарын 1-нд шатсан Цагаан ордноо Монгол Ардын Нам хэвээр нь сэргээсэн бол дээр байж. Даанч хэтэрхий шунаж хэт сайжруулж хуучнаасаа хувь илүү цалин цагаан ордон сүндэрлүүлж, бүр Тусгаар тогтнолоор нэрлээд авчээ. Хаанаас ч харсан, дотогш шагайсан, нэрийг нь дуудсан ч төгс ордон. Үр дүн юу болов? Сонгуульд навс ялагдчихав. Харин толгой хоргодох оронгүй шахам байсан Ардчилсан Нам дийллээ. Одоо зуу хүрэхгүй метрийн зайд, Дуурь, бүжгийн улсын театрын бөөрөнд бөөн хэрүүл тэмцэлтэйгээр АН 20 давхар барилгынхаа суурийг хүчирхийлэн ухаад эхэлжээ. Нэр нь бас төгс: “Ардчиллын ордон”.

Болгоомжтой байгаасай. Төгсөөс төгсгөл рүү ганцхан алхам.

Posted in Улс төр, эдийн засаг | 2 Comments »

ТV баривчилгаа

Posted by Ажиглагч on 2012/04/13

4-р сарын 12-ны орой ажил тарах үед эхэлсэн Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үйл явдлыг хамгийн түрүүнд “Ийгл” телевиз  утсаар авсан мэдээгээр хүргэж, удалгүй дүрстэйгээр шууд дамжуулж эхэлснээрээ энэ талаар Монголд №1 гэдгээ дахиад нэг удаа нотлов. Явуулын ганц биш, хоёр гурван станц аваачжээ. Харин түүний хувийн TV9 телевиз барагцаалбал нэг цагаар хоцорчээ. Олон нийтийн телевиз  тэр шөнө унтахаасаа өмнө ямар ч байсан товчхон мэдээлж (гэхдээ амаараа?) амжсан нь сайшаалтай.

Удалгүй Улаанбаатарт байдаг телевизүүдийн ихэнх яаравчлан очиж шуурхай сурвалжлага, бичлэгүүдийг шөнийн турш (02 цагаас хойш яасныг мэдэхгүй, би унтчихав), харин үүрээр эртэлж өглөө нар мандтал үзүүлснээр энэ баривчилгаа гучаад жилийн өмнө Гүррагчаа сансарт ниссэн шиг монголчуудыг зурагтын өмнө уяж чадлаа. Манай телевизүүд яасан ч мундаг, хөдөөгүүр яасан ч олон сувгийг шууд үздэг болчихсон юм, хотоос ялгарах юм огт үгүй, тэр дор нь “яана аа, оймстой нь өргөхдөө яадаг юм” гэсэн ууртай сэтгэгдэл ирүүлээд байсан.

Үйл явдлын газарт тэр шөнө том бужигнаан боллоо. Хаана нь цагдаа, хаана нь сэтгүүлч, хаана нь МАХН-ын гишүүд, дэмжигчид, өөр хаана хэн байгааг бүү мэд. Монголчууд бид голдуу хар бараан хувцасладаг, иймээс хав харанхуй шөнө, хав хар хувцастай … бөөн хар юмнууд. Цагдааг форм, сэтгүүлчдийг камер, аппарат, микрофоноор ялгаж болох ч орилоон чарлаан хэнээс гарсныг таагаад ч нэмэргүй. Хан-Уул дүүргийн цагдаагийн ямар нэгэн дарга бололтой том эр, Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаах хэлтсийн дарга Амарбат хоёрыг баахан хүүхнүүд бүслээд асуугаад ч байх шиг, загнаад ч байх шиг.  Тэр хавийг дүүргэсэн МАХН-ынхны уриа шаардлагад охид голдуу сурвалжлагчдийн толгой бүтэн эргэж “баривчлах бичгээ үзүүл”, “хүний эрхийг зөрчиж болж байна уу?”, “та нар Энхбаяр даргыг буудах гэсэн юм уу?”, “хэний захиалгаар яваад байна?” мэтийн үгэнд эргэлдлээ. TV9-ийнхэн сүрхий сайн ажиллаж энгийн хувцас өмссөн цагдаагийн бололтой ажилтнуудыг соргогоор илрүүлээд зогсохгүй араас нь элдэж хувцаснаас чангаан зургийг авч амжсан. Арай л баривчилж тушаагаагүй.

TV9-ын тайлбарууд нь ер бусын хурц агаад “амь насанд халдах оролдлого”, “7-р сарын нэгний хэргийг илчилсний хариу”- гаас доош буусангүй. Үнэхээр дайчин зэвсэг юм аа. Шөнө дунд Н.Энхбаяр сурвалжлагчаа гэртээ оруулж суулгаад өөрийг нь баривчлахаар цагдааг явуулсан 6 хүний нэрийг хэлж өглөө: Д.Дорлигжав, Ц.Элбэгдорж, С.Баяр, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж, Илүү ч үгүй, дутуу ч үгүй. Тэр зургаа даалгавар өгөхөд нь Н.Энхбаяр хажууд нь зогсож байснаас зайлахгүй.

Энэ баривчилгаа телевизүүдийн хувьд мэдээллийн найр байв. Яаж ч фантаазлаад, ямар ч реалити шоу зохиогоод Монгол улсын төрийн тэргүүн байсан хүнийг бөөн адал явдалтайгаар, хүчээр, сэвхийтэл өргөөд ачиж явахыг бодож олохгүй. Энэ бол бүхэл бүтэн улс төрийн нам, УИХ-ын дөрвөн гишүүнийг хоромхон зуур дэргэдээ авчирч чадсан Н.Энхбаярын нэр хүнд, бас “гавъяа”. Гэхдээ Монгол Улсын иргэн урьд нь жолооч, бизнесмен, Ерөнхийлөгч, малчин, авлигын загалмайлсан эцэг, өвгөнтийн архичин, цагдаа хэн ч байсан, хуулийн байгууллагаас арван удаа дуудуулахгүйгээр очоод уулзчих, цагдаагийнхний хувьд гадаад кинон дээр гардаг шиг тухайн газарт хөндлөнгийн хүмүүсийг нэвтрүүлэхгүй тууз (police line) татаж тусгаарлах, Авлигатай тэмцэх газрын хувьд хэвлэлийн төлөөлөгчөө урдаа гаргаад яриулах,  сэтгүүлчдийн хувьд өөрийн телевизийн нэрийг томоор бичсэн хантааз өмсөж ялгарах гээд бөөн сургамжтай боллоо. Телевизээр үзсэн миний чихэнд гэхэд зарим этгээдийн чулуудсан тун эвгүй үгнүүд хэдэнтээ сонсодсон. Хамгийн бага муугаар бодоход, нэг охин ойчоод бусдын хөлд гишгүүлчихвэл, нэг тэнэг сэмээрхэн том чулуу аваад олны толгой дээр шидчихвэл юу эхлэхэв? МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал “маргааш Сүхбаатарын талбай дээр гарч сонгуулийн бус хувьсгал хийж энэ засгийг унагаая” гэж албан ёсоор уриалсан. Чадаагүй нь яамай.

Маргааш үдээс өмнө телевизүүд хэсэгхэн амсхийж, харин 14 цагаас Хэвлэлийн хүрээлэнд АТГ-аас хийсэн хэвлэлийн хурлыг багтаж ядсан олон сэтгүүлч сурвалжлахад бас л “Ийгл” (бага зэрэг дүрсний алдаатайгаар) шууд дамжуулах шиг болов. Н.Энхбаяр Японы шашны байгууллагын бэлгийг завшиж TV9-ыг байгуулсан тухай баримт уншигдсаны дараа тус телевизийн сурвалжлагч “Та нар TV9 телевизийг хаана гээд 150 гаруй ажилчдыг ажилгүй болгох уу? гэж асуулаа. Зүв зүгээр ажлаа хийж яваа сэтгүүлчийг ингэж айлгах гэж. Энэ хэвлэлийн хурлыг TV9 хэзээ хойно хасч тайраад хагас дутуу гаргажээ.

Өдрийн 14 цагаас Сүхбаатарын талбай дээр МАХН-аас зохион байгуулахаар зарласан цуглааныг TV9 телевиз 14.30-ын үед шууд дамжуулж эхлэхдээ “TV9-өөс өөр телевиз эрх баригчдын дарамтаас айгаад очихгүй байна, бид дамжуулна” гэж амалсан хэрнээ хувьсгал хийхэд хангалтгүй цөөн хүн цугларсан тул 14.55-ын үед шууд таслаад солонгос киногоо үзүүлж тайвширсан байна.

Амралтын өдрүүдэд Энхбаярыг хамгаалсан ярилцлагууд TV9-ээр дүүрчээ. Гэтэл түүний засаглалын үед Соёлын гавъяат хүртсэн нэгэн “Энхбаяр бол гэгээрсэн хүн” хэмээн дүгнээд дараачийн магтаалуудыг үнэ цэнэгүй болгов. Бусад нь бурхны хэмжээний юм ярих л үлдсэн.  TV9-ын ширүүн мэдээ, сурвалжлагуудын эх сурвалж нь “… гэсэн мэдээлэл байна”, “.. . гадуур яригддаг”, “… гэж ойлгогдохоор байна”, “… гэж үзэх хүн ч бий”, “… гэсэн болгоомжлол төрөхөөс өөр аргагүй” болж хувирлаа. Монголын уул уурхайн баялаг, байгаль орчныг сайн хамгаалдаг TV9 телевизийг энэ өдрүүдэд эзэн нь, түүнийг дагасан улс төрчид жинхэнээсээ “алж байна”.

P.S: 2012.04.14-нд хийсэн хэвлэлийн хурал дээр Н.Удвал “Цэргийн ангиуд биднийг дэмжиж байна. Бас цагдаагийнхан МАХН-ыг дэмжиж энэ муухай юманд оролцохгүй гэж байгаа тухай мэдээ бидэнд ирж байна” гэж ярив. Өдөөн хатгана гэж энийг хэлэх байх.

P.P.S: 2012.04.15-ны орой Н.Удвал дарга “Шонхор” телевизийн ярилцлагад оролцохдоо “… Буудлаа шүү, аллаа шүү гээд ороод ирсэн… Ямар ч үгийн солиогүй муужруулаад аваад явсан…” гэлээ. Сүүлийн хэдэн өдөр энэ хатагтайн хэлж ярьж байгаа нэг л биш ээ!

Posted in + ТЕЛЕВИЗ, Улс төр, эдийн засаг, TV9 телевиз | 2 Comments »

Хуулийг ярилцлагаар орлуулахуй

Posted by Ажиглагч on 2012/04/12

Өнөөдөр Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаяр Төрийн ордонд сэтгүүлчдийг цуглуулж (тэртээ тэргүй тэнд жижүүрлэж зогсдог) байгаад 2008 оны 7-р сарын 3,4,5-ын өдрүүдэд УИХ-д суудалтай намуудын удирдлагуудтай хийсэн гурван удаагийн уулзалтын 300 хуудас тэмдэглэлийг ил болгожээ. Үймээн хэдийнэ дэгдэж МАХН-ын цагаан ордон шатаж дууссаны дараа онц байдал тогтоож байж намжаасан ч 5 хүний амь үрэгдэж, хэдэн зуун хүн хоригдсоны болсон ярианууд.

Нөгөө л “сонгууль шударга бус” болсон тухай гомдлууд. Хэрвээ тийм баримт, нотолгоо байгаа бол цаасан дээр буулгаж Сонгуулийн ерөнхий хороо, шүүх, цагдаад хандахын оронд хэлэлцье, тохиролцъё, зөвшилцъе. Хуулийн заалт ярьдаггүй ээ.  Өнөөдөр шударгаараа “гайхуулж” байгаа экс Ерөнхийлөгч маань хуулиас гадуур хашгичихаа болих тухай анхааруулж, хариуцлага нэхэхийн оронд хэдэн өдөр дэмий чалчуулсан байгаа юм даа. Үймээнийг хэн өдөөсөн, хэн үргэлжлүүлсэн нь бүгд тодорхой байхад шүү.

Тэрнээ өмнө буюу яг 7-р сарын 1-ны орой үймээнчид МАХН-ын байрыг гүйцээчихээд Соёлын төв өргөөг эхэлж байхад Ерөнхийлөгч улс төрийн намуудын дарга нар цуглуулж С.Баярын хэлснээр “баахан мэргэн цэцэн” ярьцгаасан байдаг.  Тэд хэл амаа олж зөвшилцөнгүүт бүх юм хэвийн болчих юм шиг. Хүмүүсийг уриалж  дуудан хөөргөж хөөргөчихөөд үймээн самуун дэгдэж хяналтаас гарангуут амиа хоохойлоод бултчихсан хүмүүстэй ярих юм юу ч байгаагүй.

Posted in Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

“Юун долоон сарын нэгэн”

Posted by Ажиглагч on 2012/04/11

УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийг МАН (МАХН) ба Ардчилсан Нам хоёр хавсайдаж байгаад сонгогчдоосоо асууж хэлэлцүүлэхгүйгээр 2011 оны 12-р сард баталж гаргасан. Сүүлийн хэдэн жил учир зүггүй муулж гутаасан өмнөх хуулийг бас төстэй аргаар 2005 оны 12-р сард баталсан түүхтэй.

Сонгуулийн шинэ хууль бол энэ зөвхөн хоёр намын, тэр тусмаа Их хуралд суугаа гишүүдийн бүтээгдэхүүн  юм. Өөр хуулийн төслийг болохоор худлаа нээрээ санал авч салдаггүй хэрнээ энэ удаад тас нууж өмнөх дөрвөн жилийн турш зурагтаар гарсан, тойрогтоо хэдэн тэрбумыг зарцуулсандаа яг тааруулж, хэрвээ барахааргүй бол гулсаад, эсвэл намын жагсаалтаар шууд гарахаар тооцоолж бараг өөрсдийнхөө овог, нэрийг жагсааж байгаад баталсан шинэ хуулийн ганцхан заалтыг Үндсэн хуулийн цэцээс цуцалж магадгүй болоход л хууль тэр чигээрээ хэмхэрч мэдэхээр болжээ. Одоогийн гишүүд 2008 оны сонгуулиар бүгд тойргоос гарч, сонгогчдынхоо төлөө үхэн хатан зүтгэнэ гэж тангараг өргөсөн хэрнээ дараачийн сонгууль дөхөхийн хэрээр зангаа хувиргаж “бид тойргийн сонгогчдод дарлуулахгүй” гэж занасаар байгаад тойроггүй жагсаалтыг гаргаж ирсэн. Үндсэн хуулиар бол бид УИХ-ын гишүүнийг шууд буюу яг нэрлэж саналаа өгөх ёстой байтал намыг сонгох болчихлоо.

Сонирхлын зөрчилтэй хүмүүс буюу УИХ-ын гишүүд өөрсдийгөө сонгуулах хуулийг өөрсдөө батлан гаргасныг болиулах арга байдаггүй нь харамсалтай.

Ядахдаа алдаа мадаггүй хэрэгжвэл сайнсан. Гэтэл Үндсэн хуулиа зөрчсөн заалтуудтай нь илэрсэн,  цахим үнэмлэх хэвлүүлж амжихгүй, амжлаа ч санал тоолох машинд таарахгүй… Бөөн будлиан, эцэс төгсгөлгүй хэрүүл, “сонгууль шударга бус боллоо” гэсэн санааны зоргоор хашгичих үндэс хэдийнэ тавигджээ. Тун саяхан УИХ-ын гишүүн Батж.Батбаяр “Би сонгуульд оролцоод ялагдах юм бол би л лав хүлээн зөвшөөрөхгүй… Юун долоон сарын нэгэн… Бүр илүү юм болно” гэж илүү ч үгүй, дутуу ч үгүй заналхийлэхийг телевизээр үзлээ.

Posted in Улс төр, эдийн засаг | 1 Comment »

6-р сарын 30-ны хэрэг …

Posted by Ажиглагч on 2012/04/08

2008 оны УИХ-ын сонгуулийн дараа дөрвөн хүнийг буудаж алах үеэр хариуцлага алдсан хэргээр цагдаагийн дарга нарыг шүүх гэж ядаж байна. Онц байдал тогтоож нийслэл хотын төв хэсэг цагдаагийн бүрэн мэдэлд орчихоод байхад хүмүүс буудуулсныг (харин нэг хүн яагаад ч юм МАХН-ын намын байранд нэвтэрч угаартсан) өөр хэнээс асуух юм бол? Амарболд генерал, Ганбаатар хурандаа, Зоригт хурандаа шагайж гох дараагүй (харин Батсүх хурандаагийн талаар эргэлзээтэй юм уншсан) байлаа ч үл мэдэгдэх этгээд(үүд) бусдыг намнаад, эсвэл хурц гэрэл тусгасан хар машинаар хөөж пулеметоор шүршээд явахад цагдаагийнхан мэдээгүй, иргэдээ хамгаалж өөдөөс нь байлдаж устгаагүйн төлөө зад шийтгэх хэрэгтэй. Иракт манай байлдагч Азбаяр алан хядагчийг яаж устгасан билээ? Харин шоронд хорих, хорих бол хичнээн, цолыг хураах хураахгүйн алин болох нь цэвэр хуулийн асуудал. Дөрвөн хүнийг “мэргэн” оносон этгээдүүд харгис цагдаа, хар машинтан, харь гаригийнхны аль нь ч байсан заавал олох ёстой.

Гэхдээ энэ бүхэн 7-р сарын 2-ны хэрэг юм. Өмнөх өдрийн 23 цаг өнгөрч байхад онц байдал зарласны дараа цагдаагийнхан үймээнийг дарж галдан шатаагчдыг элдэн хөөж хэдэн зуугаар баривчлах үеэр хүмүүс алагдсан явдал 00 цагаас хойш буюу 7-р сарын 2-ны Лхагва гаригт болжээ.

Харин жинхэнэ 7-р сарын 1-нд МАХН-ын байрны өмнөх талбай руу жагсагсад цуварч, тэр нь үдээс хойш аажмаар улангассан дайралт болж хувирахад цагдаагийнхан тэднийг тараах, ядахдаа зогсоох гэж өдөржин оролдсон ч чадалгүй дийлдсэнээр орой тийшээгээ Цагаан байшинг (хачирт нь Соёлын төв өргөөний зүүн, зүүн урд хэсгийг) галдан шатаалгасныг бид телевизээр бараг реалити шоуны түвшинд үзсэн тул цаг цагаар санаж байгаа.

Харин 6-р сарын 30-ныг бараг ярьдаггүй. Урьд өдөр нь болсон УИХ-ын сонгуулийн санал хураалт дуусаад саналын хуудсыг тоолсон шөнө сонгуулийн тойрог, хэсгийн хороод дахь ажиглагчдынхаа утасдсан мэдээг хүлээсэн нэр дэвшигчид оволзож үүрээр 76 нь мишээж эхэлсэн бол өөрийгөө Төрийн ордонд заларснаар сэрүүн зүүдлээд сая, тэрбумаар шатсан бусад хэдэн зуун нөхөд хэсэг зуур гацаанд орсон. Ганц нэг нь “би ялж явсан… ”, “ялах байсан юм… ” хэмээн сулхан бувтнасаар өглөөтэй золгож гашуудал зарлахдаа тулах зуур аврал санаандгүй ирсэн юм. Сонгуульд оролцсон улс төрийн хоёр том намын нэг – Ардчилсан Намын дарга Ц.Элбэгдорж 30-ны өдөр Сүхбаатарын талбай дээр гарч “өнгөрсөн шөнө манай нам ялж явсан чинь өглөө ялагдчихлаа. Ингээд монголын ард түмэн саналаа луйвардуулчихлаа” гэж албан ёсоор зарласнаар шударга бус сонгуулийн тухай дөвчигнөлийн гинжин урвал эхэлсэн. “Нотлох баримт”-тай болж хөөрөөд их удирдагчийн дүрд хувирсан Магнай тэргүүтэй ялагдагсад энд тэндгүй том жижиг цуглааныг дараалан асааж Төв шуудангийн урдах замыг хааж … тэр нь шөнө дөл болтол үргэлжилж түр намжаад маргааш нь жинхэнэ 7-р сарын нэгэн эхэлсэн билээ. .

2008 оны УИХ-ын сонгууль үнэхээр шударга бус болсон уу? Яг ингээд луйвардсан гэж 3D кино шиг дүрсний гүнзгийрэл, өнгөний ялгаралтай ярьцгаадаг ч дөрвөн жил өнгөрөхөд шүүхээр нотлогдсон нь ганц хоёрхон. Сонгуулийн сурталчилгаанаас эхлээд нэрсийн жагсаалт, бүртгэл, санал хураалт, тооллого төгс биш, гэхдээ тэр үеийн сонгуулийн хуулийн дагуу явагдсан. Онгорхой цоорхойтой ч хэдий ч “сонгууль шударга бус боллоо” гэж дарга нь зарласан Ардчилсан Нам МАХН-тай нэг хөнжилд шурган толгойгоо битүүлж баталчихаад бөөн баяр гарч ирсэн тэр хуулийн дагуу. Тэгээд Сонгуулийн ерөнхий хороог хоёр нам тохиролцоогоор байгуулж дарга Баттулгыг МАХН-аас, ерөнхий нарийн бичгийн дарга Баярсайханыг АН-аас гэхчлэн сөөлжүүлэн томилж улс орон даяар сонгуулийн тойрог, хэсгийн хороо тус бүрийг МАХН, АН хоёр талаасаа тэнцүү (бүр АН-ынх бага зэрэг илүү гэдэг) бүрдүүлсэн. Хулхидуулчихлаа гэж дагаж чарласан жижиг намууд тэр яриад байгаа луйвруудыг олж хараад ховлохуйц нүд,  амтай хүмүүсийг бас оруулж байсан.

Тэгсэн атал, бас УИХ-ын сонгуулийн эцсийн байтугай урьдчилсан дүнг ч зарлаагүй байхад Ц.Элбэгдорж хашгичихаад эхэлсэн нь намаа сонгуульд ялагдуулснаа барагцаалчихаад эртхэн цайруулж өөрийгөө авч гарах гэснийх. Хэрвээ хоёр хоногийн дараа юу болохыг мэдсэн бол амаа хамхих байсан гэж найдья. Ерөнхийлөгч болсон хойноо хоригдогсдыг бушуухан өршөөж тарьсан балгынхаа ул мөрийг хагас дутуу балласан. Харин 5 хүний амийг бараагүй.

Сургамж юу вэ гэвэл нэгэнт өнөөдөр үймээн самуун эхэлбэл зогсоох найдлага үгүй, цагаа тулахаар улс төрчид сүүлээ хавчаад зугатна, ардын хүүхдүүд (үймээнд хөөрсөн залуучууд) ардын хүүхдүүдийг (цагдааг) баахан довтолно, тэд буцаагаад хариугаа авна. Өнөөдөр хувьсгал хийж самуурахад бэлэн залуучууд, ажилгүйчүүд, бүр ахмадууд Улаанбаатарын гудамжинд хар мянгаараа байна. 2008 онд МАХН-ын байрыг түймэрдээд баригдагсдын ихэнх нь сонгуульд санал өгөөгүй хүмүүс байсныг нотолсон тоо бий. Юун “саналаа луйвардуулсандаа бухимдсан иргэд”.  Ардчиллаас хойш төрсөн шинэ үеийн дунд “ху” нам гэгч юмны эсрэг ямар нэгэн сэдэл байдаг …

Posted in Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

220 мянган эх оронч …

Posted by Ажиглагч on 2012/03/01

Тэртээ 1921 оны 3-р сарын 1-нд Хиагт хотноо МАН-ын анхдугаар их хурал нээгдсэн өдөр наяад жилийн хойно Эх орончдын өдөр болж хувирсан билээ. Ингээд голдуу байлдаж барьсан хүмүүсийг өргөмжилдөг алдрыг Ардын намынхан дангаараа зүүх эрхтэй болсон түүхтэй. “Үгүй ээ, та бид бүгдээрээ эх орончид” гэж манжилдаг ч үгүй. Өнөөдөр Сүхбаатарын талбайд болсон арга хэмжээнд зөвхөн МАН -ын угшилтай хүмүүсийг оролцуулжээ. Тэдэнтэй холилдож эзэн Чингэсийн хөшөөнд мөргөхийг оролдсон өөр нөхдийг цагдаа нар соргогоор илрүүлэн буцааж байв. Харин өөрсдөөс нь тасарсан МАХН-ын нөхдүүд давхар ёсолсныг МАН-ын дарга нар шүд зуун тэвчсэн байх.

Өөр нэг тусгай хүмүүс ардчилагчид хэмээх алдар нэртэй бөгөөд 12-р сард тусдаа баярладаг. Тэд бол Ардчилсан намынхан, нэмээд Ардчилсан холбооныхон. Харин бусад монголчууд хуулиараа эх орончид ч биш, ардчилагчид ч биш. 2004 оны УИХ-ын сонгуулийн дараахан МАН (тэр үед МАХН), АН  хоёр хөнжил гудасны ажлаа эхэлмэгцээ нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай Монгол Улсын хуулийг өөрчилж гуравдугаар сарын нэгнийг Эх орончдын өдөр, харин Ардчилсан холбоо байгуулагдсан 12 дугаар сарын 10-ныг Ардчилал, хүний эрхийн өдөр болгосон юм.

Үүгээр зогсоогүй. Ардын нам Эх оронч дээрээ нэмээд Тусгаар тогтнолыг өмчлөөд “Тусгаар тогтнолын ордон”-гоор баталгаажуулж амжсан. Нөгөөдүүл нь Ардчиллын ордон барина. Бас намынхаа Чингэсийн одонг үргэлжлүүлэн гардуулна. Төрийн “Чингэс”-ээс ичихгүй. Дээрхэн АН мянган хүнийг гишүүнээр элсүүлж тухай мэдээлсэн бол одоо Ардын нам зөвхөн Улаанбаатарт дүүрэг дүүргээс 1921 хүнд хэдэн өдрийн турш батлахаа түгээж “эх орончид”-ын тоог 220 мянгад хүргэлээ.

Өнгөц харахад тэд бие биентэйгээ өрсөлдөөд байгаа мэт харагдавч яг үнэндээ “та нар тэгэж байгаа бол бид бас ингэнэ”, “танайхыг боль гэхгүй, харин манайх адилхан хийнэ” гэх мэтээр зөвшилцөл үргэлжлээд байгаа хэрэг. Тэртээ 2004 онд тохиролцоод адилхан “идэж” эхэлсэн болохоор зогсоох нүүр хэнд ч байхгүй. “Хотод ДОХ гэж сүрхий юм гарч, даанч бидэндээ хүртээхгүй  дээгүүрээ хуваагаад авчих биз” хэмээн хөдөөнөөс ирсэн өвгөн хуучилсан тухай 1990-ээд оны онигоог саналаа. Сүүлдээ ард иргэдийг хоморголон элсүүлэх аргаар хуваагаад авч байна.

Posted in Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

“Кёкүшюзаны 10000” шийдэгдэв

Posted by Ажиглагч on 2011/12/27

NBS телевизийн “Блиц” ярилцлагад УИХ-ын гишүүн Кёкүшюзан Батбаяр оролцлоо. Миний хувьд чих тавьж сонирхсон цорын ганц зүйл бол 2008 онд УИХ-д сонгогдохын тулд Сонгинохайрхан дүүргээс 10000 залууг Япон руу саадгүй явуулж ажиллуулна, хэлэлцээр хийчихсэн гэж амлаад хошгируулснаа юугаар тайлбарлах.  Төдөлгүй нэвтрүүлгийг хөтөлсөн сэтгүүлч Л.Пүрэвням энэ асуултыг тавих нь тэр. 

Кёкүшюзан юу гэж хариулсныг та зүүдлэх ч үгүй. Яг явуулах гэсэн чинь Фукушимагийн атомын цахилгаан станц дэлбэрч цацраг идэвх цацагдсаны улмаас монголчуудынхаа эрүүл мэндийг бодоод больчихсон, муусайн хятадууд хүртэл хятадуудаа хайрлаад тэнд ажиллуулахгүй байхад манай монголчууд очвол хордоод эрүүл мэндээ алдаж нөхөн төлбөр нэхэгдэж болзошгүй гэлээ. Ингээд Кёкүшюзаны сонгуулийн амлалт биелээгүйд Фукушимагийн АЦС (нарийсгавал усанд автсан хөргөлтийн систем, бүр цааш хөөвөл цунами) төдийгүй сайхан сэтгэл гаргаж явуулаад байхад сүүлд нь нөхөн төлбөр нэхэж магадгүй сонгинохайрханчууд (бусдыг манай дүүрэг биш гээд амыг нь хаачихна) өөрсдөө буруутай болж “Японд 10000 хүн явуулна” хэмээх энэ тоглоом төгслөө.         

Тэгвэл цацрагт хордоогүй Японы бусад нутагт явуулаач гэж сэтгүүлч асуугаагүй. Нэмэргүй биз. Ирэх сонгуульд саналаа өгсний маргааш өглөө нисгэнэ гээд 10000 тийз захиалсан тухайгаа сийхгүй ярьж мэднэ.

Posted in Улс төр, эдийн засаг, NBS | Leave a Comment »

Улс төрчид юуг нууж байна, тэр нь тэдний жинхэнэ нүүр царай

Posted by Ажиглагч on 2011/11/08

Дээрхэн “Шууд” телевизээр урт нэртэй хуулийн зөв бурууг шүүсэн хэлэлцүүлэг болж түүнд оролцсон УИХ-ын гишүүн Кёкүшюзан Батбаяр гол усны эхэнд алт ухдаг компаниудыг өмөөрч өгч байлаа. Сэтгүүлч залуугийн эгдүү хүрч,

– Та уурхайтай юу?

– Надад уурхай байхгүй гэж түс тас хариулаад үргэлжлүүлэн өмөөрсөн эрхэм гишүүн маань сонирхлын зөрчилгүй тул компанийн захирлууд ба иргэдийн хөдөлгөөнүүдийн хажууд зөвхөн үнэн зөвийг хэлсэн ганц хүн болж гялалзлаа.  

Тэрбээр газар төнхөж шороо овоолсон уурхайгүй гэж яах аргагүй үнэнээ хэлжээ. Харин өөрийн мэдлийн хэд хэдэн компанийн нэрээр ашигт малтмалын лицензүүд, түүний дотор Дархан-Уул аймагт алт олборлох лиценз аваад хадгалсан өөр үнэнээ нууж чадав. Асуугаагүй юм чинь. Хэрвээ урт нэртэй хууль бүтэлгүйтвэл кёкүшюзаны уурхай шууд нээгдэнэ. Худлаа хэлээгүй. Цэв цэвэрхэн.

Энэ болон бусад сэтгүүлчдийн оновчгүй асуултуудаар дасгал сургууль хийсээр байгаад Кёкүшюзаны амны фигур маш гоё болсон байна. Тун саяхан УИХ-ын ажлын хэсэгт багтаж Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутгаар явахдаа нинжа нарын фонон дээр “энийг ашиглаж энэ компаниудыг ингээд хөөгөөд гаргачих юм бол бид найрын ширээний нэг ёсондоо л ууц гэсэн үг, нэг ёсондоо бид нар ах дүү төрөл саднаараа бүгд нүүгээд бүгд улсаасаа юм гуйхгүй бүгдээрээ л нинжа болчихмоор байна, ихэнх нь тэгээд ингээд бас ингээд яриад хүмүүсээс асуухлаар бүгдээрээ л нинжа болох сонирхолтой ямар ч нөхөн сэргээлт байхгүй хэдэн газар газрууд үлдээд,  орон нутагт нь ямар нэгэн тийм үлдсэн юм байхгүй, энийг бас өнөөдөр энэ дээр нь ирээд бас яг ингээд нүдээр харахад ойлгож байна” (үг үсэггүй сийрүүлэв) гэсэн ярилцлага өгснийг “25-р суваг” үзүүллээ. Батлагдсан хуулийг сахиулах үүрэгтэй гишүүн өөрөө эсрэг аашилж, бас даапаалж зогсоог ойлгоогүй сэтгүүлч “эрхэм гишүүн хуулийг цаг алдалгүй хэрэгжүүлэх  ёстой гэж үзэж байна” хэмээн даган баясав.

Уг нь хөдөөнөөс биш нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон эрхэм гишүүн 2008 оны сонгуульд нэр дэвшихдээ 10 мянган залууг Япон явуулах гэсэн юм, та нар явахгүй биз хэмээн ажилгүйчүүдийг ангалзуулж байгаад сонгогдсоныг NBS саяхан сөхсөн юм. Гэтэл хэдхэн хоноод хэвлэл мэдээллийн шүүмжлэлийн мөрөөр гайхалтай түргэн арга хэмжээ авч “УИХ-ын гишүүн Батбаяр амалсан ёсоороо Японд явуулж эхэллээ” гэсэн бахдмаар оршилтой сурвалжлага гаргахыг харваас 4-р цахилгаан станцын цехийн дарга, инженер нарын 6 хүнийг мэргэжлээр нь Япон руу хэдэн сар туршлага судлуулахаар үдэж өгч байлаа. Яахав, тэднийг СХД-ийн иргэдэд тооцвол (IV цахилгаан станц тус дүүрэгт байрладаг) зургаа хасагдаж одоо дөнгөж 9994-г явуулах үлджээ. Кёкүшюзанд юухан байхав, дахиад хэдэн төлбөртэй сурвалжлага үзүүлээд “явуулаад л байгаа ш дээ” гэж ярьж зогсох биз. Худлаа яриагүй.

Зарим сонин ирээдүйн ерөнхийлөгчийг хүмүүжүүлэхээр амалсан байдаг. Даанч манай хэвлэл мэдээлэл бүхэлдээ маргаашийн байтугай өчигдрийн ерөнхийлөгч, өнөөдрийн гишүүд, сайд, жижиг даргыг ч барахгүй байна. Яагаад гэвэл онож асуудаггүй буюу яг хариултыг нэхэж чаддаггүй. Сонины олон нүүрийг задартал чигждэг, гуч дөчин суваг солиод эргэж ирэхэд чалчиж л суудаг урт ярилцлагуудад эрхэм улс төрчийн амьдралын зам, суут ухаан, гэхдээ түүнийгээ огт хүлээн зөвшөөрдөггүй даруу зан, монгол хүн юм чинь морь уяхаас өөр аргагүй, хөл дүүжлэх хэдэн ямбий жиптэй, ирэх сонгуульд дэвшинэ гэхээс уур хүрдэг ч нам нь дэвшүүлчихвэл … бүгд багтдаг. Харин хөрөнгө орлогоо нуусан, тендерийн будлианд нэр нь цохиж яваа тухайд тэмээ унаад явахлаар нохой хуцаад байх юм, хэн гэдгийг мэднэ, гэхдээ нэрийг хэлээд яахав, монголын төр өөртөө зүтгэсэн хүнд халтай, одоо ямар 37 он биш, эр хүн алдаж онодог гэх мэтчилэн түүх, гүн ухаанаар оргилж төгсдөг.

Улс төрчид юуг нууж байна, тэр нь тэдний жинхэнэ нүүр царай юм. Сэтгүүлчид зөвхөн асууж хэлүүлж чадахгүй байгаа бол дүүрсэн хэрэг. Харин улс төрчдийн харлаж бохирдсон нүүр царайг хамгийн сайн цайруулагч, найзлаад, тохироод, төлөөд, гэрээлээд ашигладаг тийм хүмүүс болж хувирдаг нь харамсалтай. Юун хоточ нохой. Манай сэтгүүлчид улс төрчдийг маш буруу хүмүүжүүлж байна. 

Монголчууд, дагаад (эсвэл дагуулаад) монголын сэтгүүлчид дэндүү том жаалдаг. Дандаа агууг хүснэ. Төрийн ордноос гадагш,  геополитикээс ойр, бодлогоос доош, улс төрөөс жижиг юмыг тоохгүй. Тоосон ч гүйцээдэггүй. “Нарийн ширийнд нь чөтгөр бий” гэж барууныхан ярьдаг.  Тэнд ямар нэгэн улс төрчийн “но” цухалзангуут сэтгүүлчид очоод шавчихдаг бөгөөд салахгүй. 

Тэгвэл саяхан манай хэвлэл мэдээллийг хүлээж ядаад цөхөрсөн мэт Н.Энхбаяр Ц.Нямдорж хоёр бие биенийхээ баримтыг өөрсдийн биеэр дэлгэж тавилаа. Зөвхөн үүний дараа экс Ерөнхийлөгчийн TV9 телевизийн сэтгүүлчид Ц.Нямдоржийн түрээсийн байр болон хүүхдүүдийн хаусыг хайж олоод өнгө будагтайгаар үзүүлж тайлбарлав. Харин Н.Энхбаярын баримтын (хэвлэх үйлдвэр, “Өргөө” зочид буудал гэх мэт) хойноос тэгэж явах телевиз алга. Нээрээ нэг сэтгүүлч зүрхэлж асуугаад “Чи мэргэжлээ ашиглаад эрэн сурвалжлахгүй юу” гэж амаа таглуулсан гэнэ.

Бямба гаригт Н.Энхбаяр дахиад өрслөө. Нямдоржийн эхэлснийг хуулийнхан (гэхдээ хэвлэл мэдээлэл биш) үргэлжлүүлж болзошгүй тул “Өргөө” зочид буудалд их хэмжээний хөрөнгө оруулсан нь үнэн,  гэхдээ хувьчилж аваагүй, зөвхөн хувьчлагдах шатандаа яваа гэсэн гайхалтай тайлбарыг TV9-өөр хийлгэв.  Хувьчилж аваагүй байж нийслэлийн өмчид бөөн мөнгө оруулдаг буян хишиг дэлгэрсэн сайхан эрхэм! Гэхдээ дөрвөн жилийн өмнө энэ буудлыг дэндүү хямдхан хувьчилсан, бас зургаан жилийн өмнө хэвлэх үйлдвэрийн барилгыг Ерөнхийлөгч авчихлаа гэж шуугихад сэтгүүлчид асуусан, яг хариултаа нэхэж чадсан бол энэ хүнийг эртхэн хүмүүжүүлж, Ц.Нямдоржийн савраас ч аврах байсан. Бас Нямдоржийг өөрийг нь хүмүүжүүлж чадалгүй алдчихсан нь сая тодорхой боллоо. Пин, хаус хоёрыг мэдэн будлиад л …

2008 оны УИХ-ын сонгуулиар яасан билээ? АН 1,5 сая, МАХН 1 сая төгрөгийг амлахад иргэд сонгуулийн маргааш өглөө эрт,  бэлэн тоолж өгнө, жил болгон… гэх мэтээр баярлан угтсан. (Одоо бол ирэх 2012 оны сонгуулийн урьд өдөр өгч дуусгана гэж байгаа). Чухам алин болохыг ганц ч сэтгүүлч асуух сөхөөгүй сурталчилгаанд гүйж явжээ. Манай төр тэр сонгуулийн дараа 5 хүнийг буудаж алсан буруутныг тогтоож чадалгүй дараачийн сонгуультай золгоход бид яаж ч чадахгүй байна. 

Монголд эрхбиш чөлөөт хэвлэл мэдээлэл байгаа болохоор эгзэгтэй баримт мэдээлэл (эсвэл түүний сэжүүр)  дэлгэгддэг атал сэтгүүлчид маань ухаж төнхөхгүй, тэгэсхийгээд орхидог хэвээрээ. “Монгол” нэртэй телевизийн ярилцлагын үеэр МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатараас “Тусгаар тогтнолын ордон”-д хэн хэн хандив өргөснийг асуухад “Нуугаад байх юм байхгүй” гэж тун цовоо эхэлж 14 тэрбумын есийг улсын төсвөөс авснаа хэлээд зогсоход хөтлөгч дагаад зогслоо. Тэгснээ намын бодлого, мөрийн хөтөлбөр асууж хамтдаа тэнээд явчихав. “Монголын алт” буюу МАК 1 тэрбум, MCS-ээс 1 тэрбум, УИХ-ын гишүүн Чойжилсүрэнгийн “Хурд”  компани 1 турбум, араас нь Дамба-Очирын “Очир төв” … гээд урсгахгүй байсан ч хамаагүй нэхэх байсан юм. 

Факт, факт, факт. Ганцхан сум гэдэг шиг заримдаа ганц факт хангалттай байдаг. Холдох тусам тайлбар, сэтгэгдэл, бодол, бодлогширол болоод явчихна. Байгаль орчныг олз ашгийн төлөө улайрал, цэвдэг сэтгэл, хариуцлагагүй явдал энэ тэр биш, тов тодорхой овог, нэр зүүсэн компанийн захирал, нинжа нар сүйтгэдэг.  Авлигыг хүний шунал, арын хаалга, хуулийн цоорхой биш бас л овог, нэртэй албан тушаалтан, хүмүүс өгч авалцдаг. Гэтэл байгаль орчин аймаар бохирдож байна, авлига хавтгайрлаа, өмнөх сонгууль шударга биш болжээ (хэн яаж нотолсон юм бэ?) гэх мэт хаа нэгтээ сонссон мундаг “факт”-уудыг тойрч бясалгасан, сэтгүүл зүйн наад захын хэн, юу, хэзээ, хаана, яагаад, яаж гэдэгт хариулахын оронд эцэс төгсгөлгүй бодлого, арга хэмжээ, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгтэй,  шаардлагатай, цаг нь болсон тухай том том юм яриад газарт бууж чаддаггүй хов хоосон нийтлэл, нэвтрүүлгүүд пиг дүүрэн.

Факт талаасаа сонинууд хамаагүй илүү, гэхдээ иргэдийн олонхи зөвхөн телевизор үздэг.

Posted in + СЭТГҮҮЛ ЗҮЙ, НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛЭГ, Сэтгүүл зүй, Улс төр, эдийн засаг | 1 Comment »

Шударга телевизийн ноцтой алдаа

Posted by Ажиглагч on 2011/11/06

Экс ерөнхийлөгч Н.Энхбаярын телевиз гэж “Өдрийн сонин”-д бичүүлснийхээ хариуг барьж TV9 тус телевиз дараах тайлбарыг нэвтрүүллээ.

“….”Өдрийн сонин” бол хуучнаар парламентын үйл ажиллагааг сурталчилдаг байсан “Ардын эрх” сонин. . Энэ сонинг 1996 онд өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж хувьчилж авснаар  “Өдрийн сонин” нэртэй хэвлэгдэн гарч байна. Ардчилсан намын эрх ашгийг хамгаалдаг. Ерөнхийлөгч Элбэгдоржийг дээрх хувьчлал хийж байхад буюу 1996 онд Засгийн газрын үйл ажиллагааг “Засгийн газрын мэдээ” сонин сурталчилдаг байлаа. Хоёр намын тохироо ёсоор Ардчилсан Нам “Ардын эрх” сонинг авсан бол тухайн үед МАХН-ын дарга асан Энхбаяр “Засгийн газрын мэдээ” сонинг хувьчилж авсан юм. Эдүгээ тус сонин “Зууны мэдээ” нэртэйгээр хэвлэгдэн гарч байна”.  

Маш сонирхолтой,  гэхдээ тун ноцтой алдаа гаргасан тайлбар болжээ. Нэгдүгээрт, тэр хувьчлал гээд байгаа үйл явдал 1996 биш, 1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гарсны дараа жил болсон. Хоёрдугаарт, дээрх хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын 103 дугаар тогтоол гаргаж “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сониныг 1999 оны 1-р сарын 1-ны өдрөөс татан буулгасан юм. Төрийн эрх мэдэл, татвар төлөгчдийн мөнгөөр бий болгосон “капитал”-ыг хувь хүмүүст ашиглуулахгүй, өдөр тутмын сонины зах зээлд шударга өрсөлдөөнийг хангахын тулд ингэжээ. Нэгэнт татан буулгасан тул хувьчлах тухай яриа байхгүй. Үүнийг давхар баталгаажуулж нэрсийг нь 5 жилийн хугацаанд дахин ашиглахгүй байхаар заасан.  Гэтэл хоёр нам хуйвалдаж хувьчилж авсныг TV9 илчилж орхилоо. Тэр үеийн Төрийн өмчийн хорооноос зохион байгуулж хоёр сониноос үлдсэн өмч хөрөнгө, байрыг “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” нэртэй хувьцаат компани болгож холион бантан хутгаад (хуулийг даапаалсан байгаа биз) хуучин хамт олонд нь давуу эрх нэрээр өгч тусалсан юм. 

Сүүлийн хэдэн жил шударгаараа зүй ёсоор гайхагдах болсон TV9 телевиз гэнэ алдаж бас нэгэн шударга эрхмийг хэвлэх үйлдвэр, “Өргөө” зочид буудал” дээр нэмээд гуравдахь хэрэгт оруулж Ц.Нямдорж гэдэг өөр нэг шударгын аманд хийчихвэл яана гэж бодтол санаа зовох хэрэггүйг ойлголоо. Тэр хувьчлал гээчийн хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийнэ өнгөрсөн.

Posted in "Зууны мэдээ" сонин, Улс төр, эдийн засаг, TV9 телевиз | 1 Comment »

“Манайд бөхийн чөлөөт барилдаан амжилттай хөгжиж байна”

Posted by Ажиглагч on 2011/11/05

Монголчууд шуудангийн хаягаа эхлээд улс, дараа нь хот, аймаг, араас нь ажлын газар, эсвэл шуудангийн хайрцаг, хамгийн эцэст нэрээ бичдэг бол гаднаас ирсэн захианд эсрэгээрээ байдаг нь бидний буруу зөвийг биш юмаа гэхэд ерөнхийгөөс дотогш задалж явдаг тэр сэтгэлгээг харуулсан жишээ юм. Бас орос, зөвлөлтийг дагасан тал байдаг. Ж.Барамсайн шог өгүүллэгт Спортын төв ордноос шууд нэвтрүүлэг хөтөлж байгаа тайлбарлагч өмнөө харж байгаа барилдааны явц, бөхчүүдийн мэх, нуман тулгуур, онооны тухай яриагаа минут тутамд орхиж “Манай улсад бөхийн чөлөөт барилдаан амжилттай хөгжиж байна” гэж хэлдэг. Заавал том юм хэлж байж санаа амардаг, бас таашаал авдаг байсан хэрэг.

Posted in Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | Leave a Comment »

“Тог таслах хуваарь”

Posted by Ажиглагч on 2011/11/04

1991 онд би “Үнэн” сонинд ажиллаж байлаа.  Нүдний өмнө социализм нуран унаж дэлгүүрийн лангуу хоосроод зогсохгүй оройн цагаар нийслэлийн энд тэнд цахилгааныг гэнэтхэн тасалчихдаг болов. Сонинууд уншигчдын гомдолд дарагдаж хариуд нь эрчим хүчнийхэн “нүүрс, вагон, сэлбэг …. “ гэх мэтчилэн учирлаж бөөн юм болдогсон. Оройн ачаалал оргилдоо хүрч цахилгаан станцын хүчин чадал дутагдаж эхэлмэгц диспетчерийн албаныхан “за тэгвэл 11-р хорооллыг жаахан таслахад бараг таарна” гээд шийддэг байсан болов уу.

Өөр аргагүй юм бол оройдоо хэр хүчин чадал дутахыг тооцоолж тэр хэмжээгээр хорооллуудын цахилгааныг ээлжлэн таслах хуваарь гаргаад түүнийгээ сониноор дамжуулаад зарлачихвал хөдөлмөрчид ажил амьдралаа зохицуулах учраас гомдол ч багасна гэж бодоод эрчим хүчнийхэнд утасдаж саналаа хэлсэн юм. Нээрээ хэд хоногийн дараа “Цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх хуваарь” гаргаад ирүүлснийг шинэ дугаартаа оруулж билээ. Удалгүй бусад сонинууд телевизийн мэдээтэй зэрэгцүүлэн нийтэлдэг болсон.

Яг хоолоо хийж байхад гэнэдүүлж хоёр цаг тасалснаас урьдчилж хэлээд гурван цаг тасалсан нь хамаагүй дээр санагдаж билээ. 

Юм тодорхойгүй байх хэцүү.

Posted in Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | 2 Comments »

Баримтаар илчлэхүй

Posted by Ажиглагч on 2011/11/02

TV9 телевизийн хөтөлбөрт өмнөх ням гаригийн хамгийн оргил цаг – 22:15-аас гэж зарласан мөртлөө гэнэтхэн урагшлуулж (харин суларсан цагт нь “Жаст” ХХК-ийн захиалгат нэвтрүүлгийг үзүүлэв) өдрийн 16 цагаас гаргасан “Дотроосоо хийсэн ажлууд буюу Insider-уудын хэрэг” (англи нэр нь Inside Job. 2010 онд бүтээсэн) баримтат кинонд АНУ-ын санхүүгийн зах зээл дэх луйврыг дэглгэжээ. Саяын хямралаар AIG, Goldman Sachs,Morgan Stanley, Lehman Brothers, бас Moody’s, Standard & Poor’s, Pitch-ийн үйлчлүүлэгчид, орон сууц худалдан авагчид, хөрөнгө оруулагчид сүйрч байхад тэдгээрийн захирлуудыг хэдэн арван саяын шагнал авсан, үнэт цаас, хувьцаагаа яаж амжиж худалдсан, хичнээн саяын нөхөн олговортойгоор ажлаа өгсөн, амжиж хаана хэдэн хаус, онгоц худалдан авч тансагласан баримт нотолгоогоор илчилсэн байлаа.

Гэхдээ энэ бүхэн америкийн конгрессийн гишүүдийн зохион байгуулсан сонсгол дээр ил болжээ. Тэнд хувийн компанийн захирлууд, санхүүгийн аваргуудыг дуудаж байцаахад цаадуул нь баримтын өмнө ээлж дараалан шалчийж байлаа. Юун нэр төр, тайлбар, “зовлон” … Конгрессийн гишүүд зөвхөн баримт асууж зөвхөн баримтаар хариулахыг шаардаж хариултаа авч чадахыг харлаа. Бусдыг хэвлэл мэдээлэл гүйцээжээ. Тэндхийн улс төрийн соёл худлаа ярихыг тэвчдэггүй. 1990-ээд оны сүүлчээр ерөнхийлөгч АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтоныг Моника гэж хүүхэнтэй орооцолдлоо гэж биш, харин орооцолдоогүй гэж худлаа хэлснийх нь төлөө  импичментээр унагах шахсан гэдэг. Энэ баримтат киног үзээд тийм гэдэгт итгэлээ.

Posted in Улс төр, эдийн засаг, TV9 телевиз | Leave a Comment »

Ам барьдаг гэрээнүүд

Posted by Ажиглагч on 2011/10/25

2011 оны 6-р сарын 9-нд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн нэр дээр Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг, Г.Баярсайхан, Л.Гүндалай нарын долоон гишүүн гарын үсгээ зурж урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх асуудлаар хүсэлт тавьсан албан бичигт хэвлэл мэдээлэлтэй холбоотой нэг санаа оржээ.

“… Уул уурхайн нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй эрэл, хайгуул, олборлолтыг дагаад Монгол улсад нүүрлээд буй байгаль, экологийн сүйрэл, нөхөн сэргээлтийн ажил нь яригдах сэдвээс давж бодит ажил хэрэг болж хэрэгжихгүй байна. Уг асуудлыг эрх зүйн аргаар шийдвэрлэх нэг гарц болсон “Гол мөрний урсац, бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн хэрэгжилтийг саармагжуулах, улмаар энэ хуулийг хүчингүй болгох элдэв санаа, сэдэл газар авч байгааг УИХ анхааралдаа авах цаг болсон байна. Ялангуяа сүүлийн үед гадны томоохон хөрөнгө оруулагчид бидний дөрөв дэхь засаглал хэмээн итгэдэг хэвлэл мэдээлэлийг мөнгөөр боймлож, ард иргэдийг үнэн зөв мэдээлэлээр хангах үүргээс нь хазайлгах оролдлого ил тод хийх болсон нь үндэсний эрх ашигт сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч байна… Гаднын томоохон хөрөнгө оруулагчдын зүгээс хэвлэл, мэдээллийн эрх чөлөөнд нөлөөлөх оролдлого хийж буй эсэх асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос төр, засгийн холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг томилж, шалгуулан УИХ-д танилцуулах зэрэг асуудлаар УИХ-аас хаврын чуулганы хугацаанд багтаан холбогдох шийдвэрүүд гаргах ажлыг цаг алдалгүй зохион байгуулж өгөхийг Танаас хүсье” гэжээ.

“Бороо гоулд” зэрэг хүчтэй компаниуд томоохон телевиз, сонинуудтай  хамтран ажиллах гэрээ байгуулахдаа тухайн компанийн талаар сөрөг мэдээлэл ирвэл тэднээс бодит мэдээллийг авч тодруулж байж нэвтрүүлэх буюу нийтэлнэ гэсэн заалт оруулаад амаа бариулчихдаг. Зарим хэвлэлд хандахад “Бид Оюутолгой, Бороо гоулдтай гэрээ байгуулсан учраас тантай ярилцлага хийхэд түвэгтэй байна” гэж татгалзсан талаар Ц.Даваасүрэн гишүүн ярьсан байдаг.

Одоо дөрвөн сар өнгөрөхөд ажлын хэсэг байгуулаагүй байна. Арай УИХ-тай “хамтран ажиллах” гэрээ байгуулаагүй байлтай.

Posted in Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар", Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

“Тэнэг” хуулиуд

Posted by Ажиглагч on 2011/09/21

Бид хэвлэл мэдээллийн сонин хачны булангаар Америк, Англид голдуу байдаг тэнэг хууль, дүрэм, журмуудын талаар зөндөө уншиж сонсож байсан.

АНУ-ын Алабама муж улсад нүдээ боогоод машин жолоодож болохгүй, Канзаст харанхуйд явганаар зам гарах бол заавал гэрэл ойлгогч зүүх ёстой, Калифорнийн Лафайет хотод бусдаас метрийн дотор шүлсээ хаявал, Аризона мужид аяга ус харамлавал, Арканзаст мужийн нэрийг буруу дуудвал, Колорадо мужид согтуугаар морь унавал, харин Коннектикутэд сахлын хутаг ашиглаад хаявал гэмт хэрэгт тооцогдоно. 

Францад гахайг Наполеоноор нэрлэхийг хатуу хориглодог ба төмөр зам дээр үнсэлцэхийг зөвшөөрдөггүй. Англид хатан хааны маркийг дугтуйн дээр уруу харуулж наавал төрийн гэмт хэрэг. Австралид машиндаа түлхүүрийг нь үлдээж болохгүй, Викториа мужид чийдэнг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй цахилгаанчин солих эрхтэй. Мөн зурхайн зурлага зохиох, унших, мэргэлэх хориотой. Бас амиа хорлохыг хүнд гэмт хэрэгт тооцдог гэнэ. Дани улсад жолооч машинаа асаахын өмнө 1. Гэрэл, тормос, жолоо, дохиогоо шалгана. 2. Машин дор хүүхэд байгаа эсэхийг шалгах үүрэгтэй. Канадын Квебект францаар хараал хэлэх, машинаа гудамжинд угаах хориотой бол Нова Скотиа мужид борооны үеэр зүлэг усалж болохгүй. Боливид эмэгтэй хүн бар, ресторанд ороод ганц  хундагаас илүү вино уухын хорьсон хууль зуугаад жил үйлчилж байна. Сингапурт ойлгомжтой. Тэнд метронд бохь зажлах, гэртээ нүцгэн явах, жорлонгийн ус таталгүй үлдээх хатуу шийтгэлтэй. Өмнөд Солонгост замын цагдаа нар өдрийн туршид авсан хахуулиа даргадаа мэдэгдэх албатай бол Тайландын иргэн улсынхаа мөнгө тэмдгээ гишгэлбэл гэмт хэрэг, учир нь түүн дээр эзэн хааны зураг байдаг. Бидний мэдэхээр Хятадад нэгээс дээш хүүхэд төрүүлэхийг хориглож дааж давшгүй торгууль төлүүлдэг төдийгүй их сургуульд зөвхөн “оюун ухааны хөгжилтэй хүмүүс” элсэх эрхтэй байдаг.

Бүр усан тэнэг гэмээр хуулиуд (“тэмээн дээрээс загас барихыг хориглоно”, “загасанд архи өгч согтоож болохгүй” гэх мэт) зөндөө. Эрт урьдын цагт голын эрэг дээр хэдэн ковбой загас барингаа архидаж (эсвэл архидангаа загас барьж) суугаад дэгээнд юу ч ороогүйд бухимдсан шал согтуу нэг нь дэмийрч “энэ муу загасыг согтоогоод барина аа” гээд лонхоо атгаад ус руу орсон,  тэгээд живсэн байж магадгүй. Одоо бол хэн ч зөрчихгүй, яагаад гэвэл тийм хэрэг гарахгүй.

Тэдний Ерөнхийлөгч, парламентийн гишүүд,  муж, хотын захирагч нар үнэхээр тэнэг байсан хэрэг үү? Судлаад үзэхэд, дээрх хуулиуд анхандаа тийм ч тэнэг биш, тус бүрдээ амьдралд тохиолдсон  тов тодорхой хэрэг явдал, гэмт хэрэг, осол, гэнэдлээс сэргийлэх, давтаж гаргуулахгүйн тулд зохиогдсон ч он жилүүд өнгөрч цаад нөхцөл шалтгаан арилахын хэрээр дэмий, шал дэмий, сүүлдээ тэнэг болон хувирчээ. Гэхдээ зуун жилийн өмнөх ч шүүхийн шийдвэр хүртэл жишиг буюу прецедент болдог хуулийн тогтолцоотой улс оронд хэрэг болдог байх. Эсвэл тоож цуцалдаггүй. Ямар ч байсан тэр нийгмийн амьдралын зөв зохион байгуулалт, өндөр соёл хэзээ нэгэн цагт дүрэм, журам, хуулиас хэлсэн байна. Огт үгүй байснаас тэнэг ч гэсэн хуультай байвал дээр. Мэдээж сайн хуультай бол бүр сайн.

Манайд заримдаа иймэрхүү “тэнэг” хууль, журам үнэхээр үгүйлэгдэх юм. Траншейны нүхийг таглаж байхыг үүрэгдээд орхих бус, жишээлбэл, тагыг хаягдал төмөрт хүлээж авсан бизнесменээр дахиад 10 тагны мөнгийг гаргуулж бүрэн бүтэн байдлыг жилийн турш хариуцуулах,  хариуцсан байгууллагын даргаар “траншейны тангараг” өнгөрүүлэх (“таг болгоныг  гагнуулна, орой бүр очиж шалгана” гэх мэтээр) ч юм уу. Арваад жилийн өмнө “Хархорин” зах дээр аавынхаа гараас хөтөлж явсан 8 настай охин траншейны нүхээр ойчиж цогцсыг нь хэдэн километрийн цаадах цэвэрлэх байгууламжаас гаргаж авснаас хойш жил бүр хэдэн хүн (хамгийн сүүлд манай нэртэй сэтгүүлч) траншейнд унаж амиа алдаж байгааг сануулбал огт инээдтэй биш. Бүр дээшээ явбал, сонгуулиар олонхи, цөөнх болсон хоёр нам нэг хөнжилд орохыг хориглох гээд  “тэнэг” хуулийн шаардлага мөн ч их байна даа.

Хэрвээ Монголд хаа сайгүй “тэнэг” юм гарч байвал тэдгээрт таарсан “тэнэг” хууль журам гаргаж тэр хавтгайрсан тэнэглэлийг таслан зогсоож байхаас өөр арга алга.

Posted in Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | Leave a Comment »

“Эднийх үнэхээр шударга явагддаг юм байна”

Posted by Ажиглагч on 2011/09/20

Ямар нэгэн сугалаа, хонжвор, тааварт оролцож хожсон азтанууд сэтгэгдлээ хуваалцахдаа  ”Эднийх үнэхээр шударга явагддаг юм байна” гэж хэлэхийг би үргэлж сонсдог.  Тэгвэл хожоогүй хүмүүс “шударга биш юм байна” гэж хэлэх ёстой юу? Хожсон, хожоогүй бүгд шударга гэдэгт итгэхийн тулд сугалааны дүрэм тов  тодорхой байж, нүдний өмнө ил тод явагдах учиртай.  Тэгвэл манайд сонгууль ”шударга явагддаг юм байна” гэж хэн ч хэлж чаддаггүйн учир юунд вэ? Сонгуулийн хууль бүдүүн бараг заалтуудтай, дагаж гаргасан журам, зааврууд дагаад бүдүүн бараг учраас тэр. Ингээд ялагдагсад “луйвардуулчихлаа” гэж зоргоороо хашгичих эрхтэй болдог…

Posted in Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | Leave a Comment »

Япон хүн

Posted by Ажиглагч on 2011/09/20

Япончууд үнэхээр дэгтэй улс юм. Зочин үдэхдээ 10 удаа бөхөлзөх ёстой бол зочныгоо цахилгаан шатанд оруулаад хаалга нь хаагдсан байсан ч хамаагүй заавал гүйцээж бөхөлздөг гэнэ ээ.

Posted in Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | Leave a Comment »

“Манай Их хурлын гишүүд ёстой гурилддаг юм байна шдээ”

Posted by Ажиглагч on 2011/09/20

Яагаад ч юм бөхчүүдтэй холбодог нэг онигоо бий. “Кама сутра” үзчихээд “Бид ёстой гурилддаг байсан байна шдээ” гэсэн гэж. Тав, арван хуудаснаас хэтэрдэггүй монголын хуулиудыг үзэж дассан хэн нэгэн гадаад орнуудын бараг ботиор хэмжигдэх зузаан хуулийг харчихаад “Манай Их хурлын гишүүд ёстой гурилддаг юм байна шдээ” гээд дуу алдвал гайхах явдалгүй. Бид хууль болгоныг дэндүү ерөнхий, бөөн цоорхой, хэрэгжүүлэх механизм алга, хариуцлага тооцох аргагүй гэж гомдоллодог шалтгаан энэ.

Posted in Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | 1 Comment »

Төр зөвхөн хуулиар зөвшөөрснийг хийх ёстой

Posted by Ажиглагч on 2011/09/20

Ноднингоос хойш Авлигатай тэмцэх газрынхан орон нутгийн төр, захиргааны байгууллагуудын онц шаардлагагүй дүрэм, журмууд ард иргэдэд хүнд суртал, чирэгдэл учруулж улмаар авлигын нөхцлийг бүрдүүлж байна гэж үзээд тэдгээрийг нягтлан үзэж, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох ажлыг аймгуудад зохион байгуулснаа мэдээлсэн. Лав Өвөрхангай аймагт 2008-2011 оны хооронд баталсан тогтоол, захирамж, шийдвэрүүдийн жагсаалтыг архиваас шүүж нэгбүрчлэн хянаж үзээд хэрхэх саналыг эрх бүхий албан тушаалтан, байгууллагад хүргүүллээ гэсэн. Чухам ямар дүрэм, журмыг засаж сайжруулсан, эсвэл цуцалсан, хэр үр дүнтэй ажил болсон талаар мэдээлэл алга. 

Хуультай нийгэмд иргэн хүн хуулиар хориглоогүй болгоныг хийх эрхтэй бол төр зөвхөн хуулиар зөвшөөрснийг хийх ёстой. Төрийн байгууллага, албан тушаалтнуудын бүх ажил хууль дүрмээр зохицуулагдаж ямар ч уран сайхан байх ёсгүй гэсэн үг. Гагцхүү тов тодорхой бөгөөд ойлгомжтой, бусад хууль тогтоомжтой зөрчилдөөгүй, яг дагаад явахад төрийн үйлчилгээг хамгийн шуурхай авч чадах тийм дүрэм журмууд хэрэгтэй болж байна.   

Хоёр жилийн өмнө барилгын компаниуд 144 гарын үсэг цуглуулаад зүдэрч байна гэж баахан гомдоллосны дараа нэлээд цөөлсөн дуулддаг. Гэхдээ хэт цөөлж яавч таарахгүй. Зуун жил сүндэрлэж мянга хүн амьдарч ажиллах байшинг хоёр гуравхан гарын үсгээр зөвшөөрөх ёсгүй. Тэр 144-ын ихэнх нь янз бүрийн салбар, мэргэжлийн ажлын хэсэг, комиссын гишүүдийн гарын үсгүүд байгаа. Зөвхөн шугам сүлжээ гэхэд цахилгаан, дулаан, цэвэр бохир ус гээд задарна, тус бүрийг нэг биш байгууллага, мэргэжилтнүүд хянаж зөвшөөрөх учиртай. Өнөөдөр босч байгаа зарим барилгыг харахад зөвшөөрөл олгох гарын үсгийг буцаагаад олшруулмаар санагдаж байна. Хүүхдийн тоглоомын талбай дээр эсвэл айлуудын цонх таглаж барилга баримаар санагдвал оршин суугч тус бүрээс гарын үсэг цуглуулдаг болоосой.  

2005 онд Ерөнхий сайд байсан Ц.Элбэгдорж Төрийн ордны их танхимд болсон хурал дээр хэд хэдэн яам, агентлагийн “хүнд суртлын” дүрэм журмыг “май чи“ гэж байгаад хогийн сав руу шидсэн. Тэр дунд татварын заалтуудтай нэг чухал журам амьсгал хурааснаас болж улсын төсөвт олон сая төгрөг орохгүй болсон гэж татварын ажилтан хожим ярьсан.

Posted in Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | Leave a Comment »

Цэгцгүй Монгол

Posted by Ажиглагч on 2011/09/20

1979 оны өвөл Ренчингийн Чойном Улаанбаатараас хөдөө найздаа хаягласан захидалдаа, манайх шиг итгэл төрүүлдэггүй шуудан харилцаа дэлхий дээр байдаг болов уу хэмээн халаглаад “Ер нь монгол хүний хариуцан хийж байгаа ажил бүхэн үхээнц хариуцлагагүй байдаг. Ер нь монгол хүн юмыг хийж чаддаггүй, хийлгэж ч чаддаггүй, ганцхүү туршлагын амьтад байвал зохих улс ажээ. Хичнээн сайхан юмыг тоохгүй сүйтгэж мэдэхгүй баллаж байгааг нь хараад уур хүрэх юм. Би ч эдний нэг нь мөн” гэж бичжээ.

Хүн бүр бага балчраасаа баатарчууд, пионер, эвлэлээр хүмүүждэг, насанд хүрэхэд алхаа гишгээ бүрийг нам, засаг зөв мэргэн залж чиглүүлдэг, хариуцлага нь дэндсэн, ахмадууд одоо хүртэл санагалздаг “дээр үеийн өндөр шаардлага” ноёлсон тэр цагт шүү! Төдөлгүй монгол хүмүүс өөрчлөн байгуулалтаар дамжин эрх чөлөөнд хүрээд зоргоороо болцгоож, тэгснээ ходоод, эцэстээ мөнгө ямар ч эрдэмд сургадгийг ухаарч юуг эс үзлээ. Бидэнд хэн ч садаа хийдэггүй, элдвээр хэлүүлдэг хятадууд Эрээнээ хаадаггүй, оросууд бензинээр тасалдаггүй, гуравдахь хөршүүд Америк, Японоос эхлээд өгч ханадаггүй, гаднаас хэн ч өнгөлздөггүй, тал талаас зөвхөн магтаал сонсдог, дотроо тэмцэл хөдөлгөөн байтугай ажил хаялт ч гардаггүй (хавартаа ганц бужигнадаг бол үгүйтэй адил юм), газар хөдөлдөггүй, цунами ирдэггүй… Бас хэмжээгүй баян. Газраа ухуулаад олдсоны талыг алдаад үлдсэний талыг идүүлсэн ч 3 сая хүнийг цатгах тийм их баялагтай. Өөр юу хэрэгтэй юм бэ?

Одоо ямар ч асуудал, хэнбугайг ч мөнгөөр навс зоддог болсон байна. Сая, тэрбумаар гаргаад шидчихнэ, тал нь алга гэвэл дахиад шиднэ, өлссөн хүн байвал тараачихна, саналаа хэнд өгөхийг амлаад урвуулчихна.  Энэ их төгрөг, долларууд бидний замбараагүйтэл, бүтэлгүй алхмууд, хэн ч хариуцлага хүлээдэггүй хэрэг явдлууд, элдэв завхралыг цайруулаад байх шиг. Чойномын уурыг хүргэсэн бүхэн бараг хэвээрээ, эмх цэгц, дэс дараа, хэм хэмжээ, стандарт, томоор яривал хууль ёс дэндүү хоцрогдож байна.

Юм л бол ухуулж сэнхрүүлэх, зан үйлийг өөрчлөх тухай ярьдаг болжээ. Үүнийг хуучин цагт коммунист хүмүүжил гэж нэрлэдэг байсан санагдана. Захиргаадаж болохгүй, эрх чөлөөг ханатал эдлүүлбэл хүмүүс учраа олоод амьдрал цэгцэрнэ, элдэв хаалт, хязгаарлалт дэмий, сүүлдээ төр ерөөсөө хэрэггүй гэдэг болж. Би итгэхгүй байна. Дэлхий дээр хаа нэгтээ жинхэнэ эмх цэгц, сайн зохион байгуулалт байгаа бол тэр нь хэдэн арав, зуун жилийн турш хууль ёс, дэг журмаар балбасны үр дүн байж таарна. Тэд чөлөөтэй сайхан, дарамтгүй, хэнээр ч хэлүүлэхгүйгээр хуулиа дагадаг, зүгээр л соёлтой харагддаг, гэхдээ энэхүү соёл гээч бол дадал, хэвшил болсон дэг журам бололтой.

Мэдээж хууль журмыг хэлэлцэж тохирох хүртлээ ардчилал байх ёстой. Харин дараа нь …  Ардчилал бол үр дүн биш, харин арга зам, ардчилал бол процедур ч гэдэг. Энэ сэдвээр хааяа бичиж бусдад, бас өөртөө сануулж байя. Яагаад гэвэл би бас гучин жилийн өмнө Чойномын тодорхойлсон хариуцлагагүй монголчуудын нэг мөнөөс мөн.

Posted in Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | Leave a Comment »

Гишүүд хаачив?

Posted by Ажиглагч on 2011/08/29

Манайд олон нийтийн, салбарын мэргэжлийн байгууллагууд яахаараа ганц юмуу хэсэг хүмүүсийн мэдэлд орчихдог байна аа? Төрийн бус байгууллагын хуулийн дагуу анхнаасаа тав хүртэл хүн нийлж байгуулсан, нийгэмд үйлчилдэг ТББ-уудыг биш, харин олон гишүүнтэй, тэднийхээ эрх ашгийг хамгаалах зорилготой тэр холбоо, эвлэл, нийгэмлэгүүдийг хэлж байна.  

Хамгийн ойрын жишээ бол МСНЭ. Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг нэгтгэсэн, хэдэн мянга биш юмаа гэхэд лав хэдэн зуун гишүүнтэй байгууллага. Тэгвэл Бямба гаригт яаж шүүмжлүүлэв?!

Бусад салбарт ч мөн адил. Барилгачдын холбоо, тээвэрчдийн холбоо, автозамчдын холбоо,тариаланчдын холбоо гэхлээр бетон цутган  тоосго өрж зогсдог барилгачид, өдөр шөнөгүй жолоо мушгидаг жолооч нар, хөдөө хөрж гадаа гандах замын ажилчид, эсвэл тракторч, комбайнчид хуралдаад байгуулсан гэж та бодож байвал тэрэн шиг эндүүрэл байхгүй. Зүгээр л барилга, тээвэр, зам, газар тариалангийн компанийн эзэд, захирлуудын холбоо юм. Тендерийн комисст хөндлөнгийн хүмүүсийг оруулж хянуулах гэхлээр тендерт оролцож байгаа компанийн төлөөллүүд дээрх нэрээр орж ирээд суучихсан дуулддаг. 

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо гэж мундаг нэртэй байгуулллага бий. Монгол орон даяар хордож хохирсон хэрэглэгчид энд тэндгүй хуралдаж, дараа нь төлөөлөгч сонгож Улаанбаатарт цугларсан нөр их ажил таны нүдэнд харагдав уу?  Үгүй дээ, огцорсон дарга голдуу таван нөхөр хуралдаад төрүүлсэн юм.

Сая 90 жилийн ойгоо тэмдэглэсэн Монголын залуучуудын холбооны нэр бүр ч супер. Гэхдээ Монголын хүн амын дийлэнх болсон залуучуудын нэр барьсан энэ газар хүний нэр дээр бүртгэлтэйг хэн ч мэдэхгүй. 20 жилийн өмнө 300 мянган гишүүнтэй байснаа зах зээлийн далимаар ямар ч тайлбаргүйгээр бүгдийг жийж орхиод өмч хөрөнгийг нь хүртчихсэн билээ.

Монголын оюутны холбоо байна. Оюутнуудын нэрээр бизнес хийдэг, өмч хөрөнгө хураадаг, газар авдаг энэ байгууллагын орой дээр хэзээ нэгэн цагт оюутан байсан байж мэдэх хэсэг нөхөд гарч зайдагначихаад бие биендээ бөмбөг мэт паасалсаар арав гаруй жил өнгөрлөө. Хөөрхий оюутнууд учраа олж ядсаар эхний нэг, хоёр жилийг өнгөрөөх, сая нэг сэхээрч эрх ашиг, холбоо энэ тэрийг бодохтойгоо болмогц хурал яриандаа оруулахгүй, дараа жилээс төгсөлт, диплом, хонхны баяр, тэгэсхийгээд төгсөөд явчихна…

Энх тайван, найрамдлын холбоо гэж Монголдоо багтаж ядсан нэг газар бий. Эхлээд Энх тайван, найрамдлын ордон нь багадаж түүний өмнөх цэцэрлэг, усан оргилуурын газрыг зарж хажуугийн хоёр байрны оршин суугчдын цонхыг тагласан барилга босгоод дуусч байна. Социализмын үед бас л хэдэн зуун мянган гишүүнтэй байснаа залуучуудын холбооны жишгээр нясалж орхисон тул Д.Цахилгаан нарын хэдхэн (бодвол тав) хүн хүртэнэ. Энэ мэтээр ахисаар баримжаагаа алдаж одоо дэлхийн монголчуудыг төлөөлж давхидаг болсон байна. Нэг мэдэхэд Монголыг дэлхийд төлөөлөх биз ээ. Эсвэл төлөөлөөд эхэлчихсэн үү?
 
Тэгэхлээр манай МСНЭ ганцаараа ийм марзан биш учраас бага зэрэг тайвширцгаая.

Posted in МСНЭ, мэргэжлийн байгууллагууд, Улс төр, эдийн засаг | 4 Comments »

Сүхбаатар дүүргийн 8-р хорооны МАН-ын үүрийн байр

Posted by Ажиглагч on 2011/06/29

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулинд нийслэл Улаанбаатар хотын хороо гэж юу болох, хороодын Иргэдийн нийтийн хурал хэрхэн хуралдаж Засаг даргыг яаж сонгох талаар нэгд нэгэнгүй заасан бий. Тэнд хорооны “засгийн эрх”-ийг улс  төрийн нам авах, тэр тусмаа хорооны байр савыг эзэгнэх тухай үг байтугай үсэг ч үгүй.  Тэгвэл нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8-р хороо ба цагдаагийн хэсгийн байранд Монгол Ардын Намын шинэ туг зоогоостой удаж байна.

 

Хорооны байр гэдэгт итгэхгүй байвал доорхи зургийг үзэхтүн.

Read the rest of this entry »

Posted in Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

Төрийн албаны шинэтгэл ил тодоос эхлэнэ

Posted by Ажиглагч on 2011/06/28

Зургадугаар сарын 23-нд болсон “Төрийн албаны шинэтгэл: сорилт, боломж” үндэсний чуулганд хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагуудаас төлөөлөл урьж оролцуулсны нэг нь би. Чуулганы “Шударга, хариуцлагатай төрийн алба” салбар хуралдаан дээр боломж олгосныг ашиглаж дараах хэдэн санааг хэлсэн юм.

Юутай ч шударга, хариуцлагатай байдлыг эхлүүлэх хамгийн үр дүнтэй аргыг санал болгож байна. Энэ бол ердөө л ил тод байдал. Итгэхэд бэрх байж магадгүй, гэхдээ нээлттэй болгоход л төрийн албанд хууль бусаар шургалаачид дальдчиж, албан тушаалтнууд улаан цайм мэдэн будлихаа больж, но-той юм харагдвал хэвлэл мэдээлэл шуугиж гарна.  Эндээс жинхэнэ хяналт, хариуцлага эхэлж байгаа юм. 

Бид аливаа асуудалд дэндүү ерөнхий ханддаг хэвээрээ байна. Төрийн ил тод байдлын шалгуур үзүүлэлтийг жагсаасан Засгийн газрын 143-р тогтоолын “Хүний нөөцийн бодлогын ил тод байдал” гэсэн хоёрдугаар хэсэг төрийн албанд шууд хамаатай ч “хэрэгжүүлсэн байх”, “тусгасан байх” гэх мэтээр ерөнхийлжээ. “Сул орон тооны зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарласан байх” тухай цорын ганц тодорхой заалт төрд ажиллахыг хүссэн хүмүүст хэрэгтэй ч бусад иргэд, олон нийтийн хувьд хүртээлгүй юм.

Ийм учраас төрийн ил тод, нээлттэй байдлыг томъёолсон тодорхой шаардлага, нарийвчилсан зохицуулалт, стандарт хэрэгтэй. Хэрвээ иргэн хүн хуулиар хориглосноос бусдыг, харин төр зөвхөн хуулиар зөвшөөрснийг хийдэг гэвэл төрийн ил тод байдал ч бас журамлагдах ёстой. Энэ танхимд төлөөлөл нь ирсэн канад, эсвэл сүүлийн үед Ерөнхий сайдын яриад байгаа тэр евростандартыг авах хэрэгтэй.
 
Би чухам ямар ил тод байдлыг хүсч буйгаа хоёр жишээгээр тайлбарлая.  Өнөөдөр төрийн албанд  төчнөөн хүн орсон, төдөн хүн, хувь процент ингэж тэглээ гэсэн статистик мэдээлэл хангалтгүй болжээ. Үүнээс хойш төрийн ямар ажил, албан тушаалд хэн суугаа, шинээр орж гарсан, дэвшиж буусныг хүн тус бүрээр тэр дор нь шууд зарладаг байх ёстой. Тагнуулын ажилтан зэрэг нууцлах шаардлагатайг хассан ч 99 хувь нь ил тод байх боломжтой. Тэгвэл бид сонин юм олж харна. Өнөөдөр манай нийгэмд хамгийн хаалттай институц бол улс төрийн намууд. Эрх баригч хоёр нам гэхлээр бид намын байраар нь төсөөлдөг ч үнэн хэрэгтээ тэд төр дотор байршдаг. Улс төрийн албан тушаалтнуудаа дагаад Ардын намын дэргэдэх Нийгмийн ардчилал нэртэй залуучууд, эмэгтэйчүүд, оюутны байгууллага, эсвэл АН-ын харгалзах байгууллагууд бүгд төрд орчихсон, татвар төлөгчдөөр тэжээлгэж суугаа. Намууд хүссэнээ хийж чаддаг. Хэлээд ч нэмэргүй. Төрийн албаны шалгалт өгөөгүй залууг агентлагийн дэд даргаар тавьсныг Төрийн албаны зөвлөлөөс 4 удаа анхааруулж бичиг явуулсан гэж сонссон. Өчигдөр тэр нөхөр албан тушаалдаа хэвээрээ, зурагтаар ярьж суухыг харлаа. Төрд хууль бусаар шургах (шургуулах) арга ухаан урлаг болтлоо хөгжсөн байна. Сул орон тоог зарлахгүй байх, өрсөлдөгчгүйгээр шалгаруулах мэтийн шууд хулгайгаас эхлээд үүрэг гүйцэтгэгч, гэрээт, дадлагажигч нэрээр амжуулдаг. Энэ бүхний оргил, төгс хэлбэр нь мэдээж “зөвшилцөл”.

Хоёр дахь жишээ. Би сая Төрийн албаны хууль, журмуудыг үзлээ. Төрд ажилладаг хүмүүсийг цалин хөлс, элдэв тэтгэмж, дэмжлэг, тусламж гээд чамлахааргүй харж ханддагийг олж мэдлээ. Дээрээс нь сургалт, сургууль соёл, орон сууц… Төрийн албан хаагч орон сууцаар хангуулах эрхтэй гэсэн хуулийн ганц заалтын цаана дураараа дургидаг, үүнийг дэлгэх цаг болсон. Төрд ороод нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэх, орон сууцны нөхцлөө сайжруулах далбаан дор 3,4,5 дахь удаагаа байр, мөнгөн дэмжлэг хуваарилуулдаг гэж байна. Зарим сайд үр хүүхэддээ өгч, эсвэл зарчихаад түрээсийн байранд суугаа нэрээр дараачийнхийг нэхэж суугаа.

Эрх мэдэл, албан тушаалаа хувьдаа ашиглахыг авлига гэдэг. Тэгвэл байгуулллага, хамт олноороо яг тийм үйлдэл хийхийг юу гэж нэрлэх вэ? Тухайлбал, байгууллагын буюу төрийн мэдэл, нийтийн эзэмшлийн газрыг өөрсөддөө хэдэн орон сууц авах болзолтойгоор хувийн компанид өгч барилга бариулаад зүлэг модыг устгуулж, ардын хүүхдүүдийг тоглоомын юмуу  биеийн тамирын талбайгүй үлдээх явдал хавтгайрчээ. Энэ бол хариуцлагатай  төрийн алба яав ч биш.

Засгийн газрын 2010 оны 288-р тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн дүрэм”-д “Төрийн захиргааны албан хаагч нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, эсхүл хууль зөрчсөн болон ёс зүйн хэм хэмжээний аливаа зөрчилтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд заавал мэдээлнэ” гэсэн мөртлөө дарга нь арга хэмжээ авахгүй, нуун дарагдуулбал яах нь тодорхойгүй үлджээ. Иймд яаж “Шүгэл үлээх” талаар бодоцгооё. 

Өнөөдрийн чуулганаар Төрийн албан хаагчийн эрмэлзэх 9 зүйлийг батлах юм байна. Чухал баримт бичиг байх, гэхдээ төрийн албан хаагчид бол нэгдүгээрт, сонгон шалгаруулалтаар орж шигшигдсэн, хоёрдугаарт, тангараг өргөж дээд зэргийн ухамсартайгаа харуулсан, гуравдугаарт, насанд хүрсэн хүмүүс байж зөвхөн эрмэлзээд байвал дэндүү чамлалттай. Одоо хатуу шаардлага, хариуцлага нэхдэг цаг.  

Би нэг иймэрхүү юм хэлжээ. Чуулганд оролцогсод дандаа том том бодлого ярьцгаав. Харин Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажилладаг нэгэн эмэгтэй Баянзүрх дүүргийн Засаг дарга (одоо нийслэлийн Засаг даргын орлогч) Мөнхбаатар дарга өөрийг нь дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтсийн даргаас чөлөөлж хэлмэгдүүлсэн тухай гомдол мэдүүлэхэд салбар хуралдааныг хөтөлсөн эдийн засагч Жаргалсайхан нэхсээр “Тэр жилийн сонгуулиар манай Өмнөговь аймгаас Идэвхтэн энэ тэр гээд олон сайхан хүмүүс нэр дэвшихээр нь сэтгэл хөдөлж баяр хүргээд амжилт хүсчихсэн юм” гэдгийг хэлүүлж чадав.

Бас энэ чуулган дээр Ерөнхий сайд С.Батболд өөрийн биеэр оролцон (ер нь Монголд болж буй бүх хурал чуулган,  арга хэмжээнд оролцож, ихэнхийг ивээлдээ авдаг болжээ) үг хэлж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл илгээлт ирүүлсэн бол Монголдоо түр ирээд байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндийн зөрүүгүй яваад өгсөн нь “Төрийн албаны зөвлөлийг татан буулгавал таарна” гэсэн байр сууриа сануулсан хэрэг биз.

Posted in Улс төр, эдийн засаг | 2 Comments »

Дөнгөж тав дахь удаагийн шаардлага.

Posted by Ажиглагч on 2011/06/20

Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооны дарга Т.Хасбаатар гэдэг хөгжилтэй залуу ээлжит удаагаа хэвлэлийн хурал зарлаж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдоос хатуу шаардсан нь гэр хорооллын өрх бүрт хоёр өрөө байрыг уул уурхайн мөнгөөр үнэ төлбөргүй олгох хууль санаачлах тухай юм. Урьд нь дөрвөн удаа бичиг өгөөд бүтээгүй гэнэ. Хэрвээ С.Батболд шаардлагын хариуг долдугаар сарын 11-ны өдрөөс өмнө өгөхгүй бол 13-ны өдөр огцрох ёстой гэнэ. Уяачдын наадмыг өнгөрүүлээд 14-нд огцорвол дээргүй юу?   

Гишүүд ба дэмжигчдийн холбоо бол үнэхээр зугаатай санаа. Намаасаа холдож гэдэс алдахгүй, жаал дөвчигнөж байгаад ардуур нь гүйгээд орчихно, харин тэр огцруулах Ерөнхий сайдтай хамт нэг хөнжилд хэвтээ намын даргаа “харахгүй” байж болно. Дэмжигчдийн холбоо юм чинь… Энэ удаагийн хурал дээр хот суурин газрын гэр хорооллын иргэдийн эрх ашгийг хамгаалах үндэсний нийгэмлэгийн хаягтай нөхрийг дэргэдээ суулгажээ.  Хүрээгээ тэлж үндэсний хэмжээнд гарсан юм байх.

Одоо Төрийн ордонд С.Батболд гэдэг хүн 7-р сарын 11-ныг хүлээн дагжиж суугаа юу? 1960-аад онд хятадууд зөвлөлтийн “ревизонистууд”-ад өдөр бүр хатуу мэдэгдэл илгээж, жишээлбэл, энэ өдөр “1358 дахь удаагаа анхааруулж байна”, маргааш нь “1359 дэх удаагаа анхааруулж байна” … гэхчлэн өддөг байсан. Харин хэд хүрээд зогссоныг бүү мэд. Ямартай ч манай АН-ын гишүүд, дэмжигчдийн холбоог мөн ч урт ирээдүй хүлээж байна даа.

Posted in Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

Засгийн газар гараасай…

Posted by Ажиглагч on 2011/05/24

Нийслэлийн удирдлага гэнэт “эх оронч” санаачлага гаргаж хэдхэн жилийн өмнө “Улаанбаатар таймс” сонины далбаан дор хувьчилсан хэвлэл үйлдвэрийн барилгын балгасан доорхи газар дээр “Парламентын шинэ ордныг барих боломжийг бүрдүүлэхэд татгалзах зүйлгүй” гэдгээ УИХ, Засгийн газарт албан бичгээр илэрхийлжээ.

Хүн айсандаа яаж ч мэднэ. Нийслэлийн ИТХ-ын дарга Т.Билэгт шоронд суух аюулын өмнө төрдөө тал засч дээрх хувьчлал төдийгүй Монгол Улсын 100 жилийн түүхийн гэрч болсон энэ байшинг хамгаалалтанд авахгүйгээр бараг нураалгасан хэргээ давхар цайруулахыг оролдож байна. Хэдэн жилийн турш дайрсан ч нурж өгөөгүй, өндөр таазтай, сүйтгэчихсэн болохоос биш уран барилгын элемент бүхий энэ барилгад ямар нэгэн, магадгүй Улаанбаатар хотын түүхийн музей ороосой гэж би боддогсон. Одоо өнгөрчээ.

Миний бодлоор, энд парламентын ордон барьж болохгүй. Ерөөсөө манайд парламентын ордон хэрэггүй. Яагаад гэвэл Төрийн ордон бол Монгол улсын парламентын ордон юм.

Харин багталцаж ядаад байгаа Төрийн ордноос Засгийн газрыг гаргавал асуудал шууд шийдэгдэнэ. Одоо Төрийн ордонд зөвхөн Ерөнхий ба шадар сайдууд ЗГ-ын хэрэг эрхлэх газартайгаа байрлаж харин яам, агентлагууд нь бүгдээрээ Улаанбаатар даяар тарсан “Засгийн газрын … дугаар байр”-уудтай билээ. Саяхан гэхэд Сангийн яам, Татварын ерөнхий газар бүхэл бүтэн ордон бариулж орцгоолоо. Засаг өөртөө зарцуулах мөнгийг заавал олдог тул Парламентын ордноос “хөөгдөх” Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд, Шадар сайд гурав, бас ЗГ-ын хэрэг эрхлэх газарт зориулж байр савыг нь хаана ч босгосон яахав. Их Британийн ерөнхий сайдын өргөө – Dawning Street 10 гэж тун даруухан байшин зурагтаар харагддаг. Гүйцэтгэх засаглал маань парламентийн зааснаар гадуур явж Нарантуул зах, гэр хороолол, тариалангийн талбай, Оюутолгой, Тавантолгой, “гол мөрний урсац бүрэлдэх ойн сан”, Богд уулын Зайсангийн аманд ч хамаагүй ажиллаж, бас хуралддаг байгаасай. Ерөнхийлөгчийн тухайд хэтдээ Иргэний танхимаа аваад иргэддээ ойртсон нь дээр.

Харин Сайрааны олж ирсэн мөнгийг үрэхэд тийм хэцүү байвал надад хэлээрэй.

Posted in Улс төр, эдийн засаг | 2 Comments »

Tsunami in Mongolia

Posted by Ажиглагч on 2011/05/02

[Уншигчийн хүсэлтээр оруулав]

Posted in Улс төр, эдийн засаг | 4 Comments »

Засаг даргын дэргэдэх сэтгүүлчид …

Posted by Ажиглагч on 2011/04/24

Албан тушаалтнуудын №1 “дайсан” бол сэтгүүлчид гээд хэлчихвэл хилэгнэн эсэргүүцэж нөхөр, туслагч, бүр дайчин туслагчаар өргөмжлөх хүн гарна. Томчуудын алхаа гишгээг хянаж улыг шагайх ажилтай сэтгүүлчид нөхөр гэж үү?

Юутай ч “нөхрөө ойрхон, харин дайснаа бүр ойрхон байлгах” эртний ухааныг хэдхэн жилийн өмнө хав хаалттай байсан нийслэлийн удирдлага сайн эзэмшиж өнөөдөр хэвлэл мэдээллээр битүү хүрээлүүлжээ. Долоо хоног тутам Засгийн газрын хуралдаантай эн дүйхүйц нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөний мэдээ, сурвалжлагууд телевиз, сонины хэдэн өдрийн дугаарыг барж Засаг дарга Г.Мөнхбаяр жижиг сажиг дарга нараа зад загнахыг бид сайшаан хардаг боллоо. Бусад хурал, уулзалт, нээлт, ёслол тасрахгүй, тэр болгонд Мөнхбаяр, Мөнхбаярыг дагасан сэтгүүлчид. Саявтар автобусанд сууж хэдэн буудал зорчиход нь бөөн сэтгүүлч даган хуйларчээ. Бас нэг өглөө хамгийн том 4 телевизийг өрөөндөө урьж олон цаг ухуулж сэнхрүүлэн ярилцсаныг хэдэн өдөр суваг эргүүлэх тоолондоо үзлээ. Сүүлдээ Мөнхбаяр дарга Бямба гариг бүрийд хоттойгоо танилцан “ажиллаж”, сэтгүүлчид бас даган “ажиллаж”, саявтар сагс тоглоход нь цугтаа тоглодог болжээ. Энэ Ням гаригт Ерөнхий сайдтай нийлээд бас амраасангүй.

Хэвлэл мэдээллийнхэн хотын даргыг хэдийчинээ бараадна, өөр тийш явах цаг заваа төдийчинээ алдана. 4-р сарын 1-нээс хашааны газрыг байраа солино гэж Засаг дарга болоод орлогчдын хаваржин шоудсан Ногоон нуурын гэр хорооллын айлуудыг сэтгүүлчид зүглэхгүй, бүхэл бүтэн 20 тэрбум төгрөг төсөвлөсөн энэ ажил яагаад гацсаныг очиж сурвалжлахгүй, зөвхөн Мөнхбаяр даргын амнаас юу унахыг сахисаар энэ хаврыг барах нь. Сэтгүүлчдийг маань өөртөө бага багаар дасгаж сургаад ч байх шиг.

Юманд хэт ойртохлоор тулчихаад цаад наадахыг харж чадахгүй шүү.

Posted in Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

Буруу замаар нүүрс тээвэл …

Posted by Ажиглагч on 2011/04/20

2000 оны эхээр Төрийн өмчийн хороо Данидагийн бэлэглэсэн “Чөлөөт хэвлэл” сонины үйлдвэр ба Хэвлэлийн хүрээлэнд барилга байшин, өмч хөрөнгийг нь хүлээлгэн өгөхөөр шийджээ. Тэртээ тэргүй Данийн татвар төлөгчдийн мөнгө болохоор харамлах юун, бичиг шийтгэж мутарлаад гүйцээ….

Үгүй шүү! Эхлээд төрийн өмчийн хорооны нэг нөхөр телевизүүдийг цуглуулж “Хэвлэл мэдээллийнхэнд үнэ төлбөргүй шилжүүлэхээр шийдсэн” тухайгаа зарлав. Бэлгийг бэлэглэхдээ юу сүртэй юм бэ гэж бодтол жинхэнэ сүр эхлээгүй байж. Дараачийн арга хэмжээ “дээрх шийдвэр ТӨХ-ний хурлаар орж албан ёсоор баталгаажсан” тухай сэдвээр болж чөлөөт хэвлэлийн төлөө яахаас ч буцахгүй “Ардчилсан холбоо” эвслийг шагшсан уйлаан майлаан ардчиллынхан эзэгнэсэн Монгол телевизийн дэлгэц байтугай өнөөдрийнхөөс 100 дахин хүчтэй байсан шар сонинуудаар дүүрлээ. Монголыг ганц том хэвлэх үйлдвэр тэдний өвөрт пүдхийн унав.

Бас л болоогүй байж. Түрүүн ирэхдээ мартсан болов уу, “яг шилжүүлэх тухай” ганц хуудас тогтоолыг албан ёсоор гардуулах дахин нэг ёслол үйлдсэн юм. Дэндүү хүнд тэр цаасыг хэд хэдэн нэр дэвшигч арай чүү дамжилж авчирсан санагдана. Удалгүй асуудлыг улс төрийн талаас нь шийдсэн бусад нэр дэвшигчид булталзаж, төдөлгүй Ерөнхий сайд маань тэртээ дээрээс эцэг ёсоор анхаарч чиглэл өгснөө даруухнаар хүлээн зөвшөөрч билээ. (Харамсалтай нь тэднийг сонгуулиар хиартлаа ялагдахад нь бэлгийн “Чөлөөт хэвлэл” үйлдвэрт хэвлэгдэж түгсэн хэдэн арван сая ширхэг сонинуудын хувь нэмэр дэндүү их)

Арван нэгэн жил өнгөрчээ.

Монгол Улсын иргэн бүр Тавантолгойн орд газрын эзэн мөн гэсэн түүхэн шийдвэрийг хамтарсан Засгийн газар гаргасан тухайгаа зарлав. Нэг хүнд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 536 ширхэг хувьцаа ногдоно… Удахгүй “Хүний хөгжил сан”-гийн дэвтэрт “Та Тавантолгойн ордын хувьцаанаас 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшиж байна” гэсэн бичилт хийж, баталгаажуулна гэж сайд нар мэдэгдэв… Засгийн газрын дараачийн хуралдаанаар нь иргэн бүрт нэг ширхэг “Эрдэнэс МГЛ”-ийн давуу эрхийн хувьцаа өгөхөөр шийдвэрлэсэн, гэхдээ энэ шийдвэр албан ёсоор баталгаажаагүй, хэрхэн өгөх тухай журам эцэслэн гараагүйг мэдээлэв….

2000 оны тэр ёслолууд, цаашлаад цалингаа өгдөггүй, нэхэхлээр цалинг чинь нэмлээ гээд ам тагладаг компанийн захирал санаанд орж байна.

Балай юм болохнээ. Газрын дорхи баялаг, түүний нэг хэсэг – Тавантолгойн орд анхнаасаа ард түмний мэдэлд юм бол хувааж хувьцаалах хэрэг байсан уу? Хүн бүрт Тавантолгойн [компанийн]10 хувиас 536 хувьцааг тэгш хувааж харагдах мөртлөө “Монгол 999” нэрээр гэтсэн компанийн эздэд (ажилчдад нь лав биш ) биш дахиад 10 хувийг эзэмшүүлнэ, харин “Энержи ресурс”-ийн хэдхэн эздэд 4 юм уу 20 ч юм уу хувийг урьдчилаад бэлэглэжээ. Монголд иргэн бүр тэгш эрхтэй, компанийн захирлууд илүү тэгш эрхтэй, харин “Энержи ресурс” хэт тэгш эрхтэй.

Ингэхийн оронд ард түмний мэдлийн нүүрсийг ухаж зөөх дуртай гадаад, дотоодын хамаагүй компаниудаас Засгийн газар чангахан татвар хурааж бидэндээ хуваавал хамаагүй амар байхсан. Даанч Монгол Улс лав Ази тивдээ хамгийн бага татвартай, онцгой татвар ч үгүй болсныг сая анзаарав.  Өөрсдөө хүрз (экскаватор) барихгүй мөртлөө хувь нэхэж даварсан Монгол 999-ыг  зогсооё гэхлээр “Энержи ресурс”, нарийн  яривал Ерөнхий сайдтай барьцаад салахгүй…

Өчигдөр хэсэг хүмүүс “Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн “Газар, түүний хэвлий дэх баялаг гагцхүү ард түмний мэдэлд байна” гэсэн заалтыг үндэслэн ашигт малтмалын баялагаас төрийн бус байгууллагуудад хувьцаа эзэмшүүлэх тухай асуудлыг УИХ- д тавьж хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах”-ыг шаардав.

Таван толгойн нүүрсийг буруу замаар тээгээд байна.

Posted in Улс төр, эдийн засаг | Leave a Comment »

Үнэ нэмэх MNB төсөл

Posted by Ажиглагч on 2011/04/19

Жигтэй юм болов. Эрчим хүчний үнийг ээлжит удаагаа нэмэх талаар Улсын баяр наадмын наадмын урьд шөнө бус, жанжин Сүхбаатарын талбай буцалж байх учиртай 4-р сарын 12-ны гэгээн цагаан өдөр зарлажээ. Шийдвэр гаргасан эрчим хүчний зохицуулах зөвлөлийнхөн яаж чадав аа гэвэл хамгийн ихээр хэл ам таталдаг иргэд 21 мянган төгрөг, 536, бас 1 ширхэг хувьцаанд сатаарснийг тааруулав бололтой. Бас кабельтай кабельгүй тэдний үзэж чаддаг ганц телевиз болох МҮОНТ-ийг сэмхэн найрчээ.

Олон нийтийн телевизээр хэдэн орой дараалан “Эрчим хүчний үнэ цэнэ” нэртэй нэвтрүүлэг гарч “Бид шаардлагатай эрчим хүчээ импортоор авдаг болох уу?”, “Эрчим хүчний шинэ эх үүсвэр шаардлагатай”, “Бидэнд ямар гарц байна вэ?” гэсэн мундаг асуултанд хариулсан хүмүүс нь эрчим хүчний салбарын дарга, албан тушаалтнууд өөрсдөө байв.  Эрчим хүчний үнэ хямд дэндүү хямд байгаа тул нэмсүгэй гэсэн шаардлагууд. Жирийн иргэд, эрчим хүч хэрэглэгчдийн хошуу ч цухалзаагүй.

Төгсгөл нь “MNB төслийн баг, MN агентлаг хамтран бэлтгэв” гэжээ. Өөрөө өөртэйгээ хамтраад л…

Тэгснээ дээрх ярилцлагуудаас шилж “Цагийн хүрд”-ээр “Эрчим хүчний үнэ хямд байгаагаас энэ салбар алдагдалтай ажиллаж байна” нэртэйгээр үзүүлэв. “Монголын мэдээ” агентлагийн мэдээ, захиалгат нэвтрүүлэг хоёрын нүдний ялгаа бүрэн арилсан.

Ингээд уг төсөл 4-р сарын 12-ны өдөр хаалтаа хийж 5-р сарын 1-нээс цахилгаан дулааны зарим үнэ тарифыг нэмэх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Мягмарсүрэн танилцуулсныг “Цагийн хүрд”-ээр сурвалжлан үзүүлэв. Сэтгүүлч “бухимдаад хэрэггүй, цахилгаан эрчим хүчээ хэмнэхээ л бод” хэмээн анхааруулав.

Зүйтэй санаа. Гэхдээ эрчим хүчнийхэн энэ мэт төсөл хэрэгжүүлээд байвал зардал нэмэгдэж дахиад үнэ өснө шүү.

P.S:  Мягмарсүрэн дарга эрчим хүчний үнэ тариф нэмэгдсэнээр гурил, талхны үнэ 3-4 төгрөгөөр өсөх тооцоо бий гэж мэдэгдсэн. Өчигдөр дэлгүүр яваад ирсэн хүмүүсийн яриагаар 30-40 төгрөгөөр үнэд оржээ. Энэ бол зөвхөн эхлэл гэлцэнэ.

Posted in Улс төр, эдийн засаг | 2 Comments »

1-р сургуулийн багш сурагчдаа суран бүсээр зодож байна

Posted by Ажиглагч on 2011/04/15

Монгол Улсад цагдаа, хүчнийхэн хууль ёсны шаардлага тавихад дагахгүй эсэргүүцсэн этгээдэд хүч хэрэглэхээс өөрөөр хэнд ч, тэр дундаа хүүхдэд гар хүрч болохгүй. Энэ бол хууль. “Сүртэй юм  болоогүй, уур хүрээд ганц цохисон” (хүн алсан этгээдийн гайхширсан үг), “эр хүн шиг ярьчихсан нь дээр” (УИХ-ын гишүүдийн дуртай зөвлөлгөө, зарим нь шууд  хэрэгжүүлж үлгэр үзүүлдэг)-ээс эхлээд алганы амт үзүүлэх, сураар, бүсээр ороолгох, хонго хорсгохыг бахархаж голдуу ярьдагаа болихгүй юм даа.

“Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч” гэдэг. Эхлээд ганц цохиж үзнэ, хэн ч дуугарахгүй, дахиад хэд цохино, зүв зүгээр өнгөрнө, гуравдахиа нүдэж гарна… Хожмын гэмт хэрэгтэн ингэж өсөж хүмүүждэг болой.

Нийслэлийн төвийн үлгэр жишээ 1-р дунд сургуулийн багш эр суран бүсээ сугалж давтлага тасалсан хэдэн сурагчийг ээлж дараалан ороолгож завсарт нь элдвээр хэлсэн бичлэг Интернэтэд тавигдсаны дор үлдээсэн сэтгэгдлийн нэлээд нь багшийг зөвтгөжээ. Шавь нарынхаа төлөө хэт санаа зовсных гэнэ.

Үнэхээр сайн багш юм бол шавь нараасаа уучлал гуйсан гэж найдахаас.

Posted in МОНГОЛЫН АМЬДРАЛ | 84 Comments »

Хэн бэ, хэдэн он бэ?

Posted by Ажиглагч on 2011/03/21

Суваг эргүүлтэл TV9 телевизээр хэзээ эхэлсэн бүү мэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хийсэн ярилцлага дуусч байна. Миний үзэх хооронд зөв зүйтэй зөндөө олон юм хэлэв. Харин өмнө нь яагаад өөр зүйл ярьж хийж явсан тухай асуултанд “хүн өөрчлөгддөг юм” хэмээн бурханлаг хариулт өглөө. Улс төрчид ариун мөрийн замд орохын тулд заавал нэлээд өндрөөс түсхийтэл газарт унах ёстой ажээ.

Сонирхолтой нь TV9-ын биш сэтгүүлч хөтөлж суув. Дэлгэцийн доогуур “25-р суваг” телевизийн сэтгүүлч Пүрэвхүүгийн Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяртай хийсэн ярилцлагыг үзэгч та бүхэндээ толилуулж байна. Анх 3-р сарын 5-нд эфирт цацахаар төлөвлөсөн уг ярилцлагаа “25-р суваг” телевиз гаргахыг хориглосон болно” гэсэн тайлбар урсана.

Энэ бол зөвхөн МАН-ын явуулга биш. Н.Энхбаяр ярихдаа “Би өнгөрсөн хугацаанд “Бясалгал”, “Хана” гэсэн хоёрхон өгүүлэл бичсэн. Зарим хүн долоо хоног болгон бичээд телевизээр уншаад байгаа биз дээ” гэсэн юм.  Нээрээ “25-р суваг” телевизэд хоёрын хоёр экс ерөнхийлөгч яаж багтахав.

Posted in 25-р суваг телевиз, Улс төр, эдийн засаг, TV9 телевиз | Leave a Comment »

Одонгийн зах

Posted by Ажиглагч on 2011/03/20

Тусгаар тогтнолын одон:

Сая болсон Монгол цэргийн баярыг тохиолдуулан Монгол Ардын Намаас өөрийн дээд шагнал Тусгаар тогтнолын одонгоор хүчний байгууллагын 400 гаруй албан хаагчдыг  намынхаа “Тусгаар тогтнолын одон”, “Эх орны төлөө” медаль, “Монгол ардын нам 90 жил” медалиар шагнасан мэдээ түглээ. Эдгээрээс Батлан хамгаалахын яамны харьяа 15 генерал,  зэвсэгт хүчний жанжин штабын харьяа 35 генерал, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа 15 генерал, Цагдаагийн ерөнхий газрын харьяа 8 генерал, Тагнуулын ерөнхий газрын харьяа 7 генерал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 3 генерал, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа 3 генерал, Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа нэг гээд чөлөөнд гарсан хийгээд албан үүргээ гүйцэтгэж буй нийт 71 генералыг Монгол ардын намын дээд шагнал – Тусгаар тогтнолын одонгоор энгэрээ мялаалгав.

Улс төрөөс тэртээ хол байх учиртай,  төрд алба хашиж буй, тэр тусмаа цэрэг, цагдаагийн албан хаагчид улс төрийн намаас одон тэмдэг баярлан хүртдэг болжээ.

Тусгаар тогтнолыг МАН төрөөс илүү мэднэ. Бас төрийг ч мэднэ. Саяхан УИХ-аас тогтоол гаргаж “Тусгаар тогтнол” одон гаргасан сураг дуулдав. Үзтэл, 1911 оны тусгаар тогтнолын 100 жилд ч зориулаагүй, харин 1921 оноос тоолсон “Тусгаар тогтнол-90”  медаль юм байна. Нэг бүр нь 3600 төгрөгийн өртөгтэй 50.000 ширхэгийг түгээнэ. УИХ-ын чуулган дээр Ц.Нямдорж даналзаж “Улс төрийн хүчин байгуулагдсан  түүхэн ойтой  холбогдуулан  медаль бий болгох тухай асуудлыг хоёр нам эртнээс ярьж тохиролцсон  асуудал. Түүхийн болоод улс төрийн талаасаа ямар нэгэн маргаан байхгүй” гэжээ.

Эрх баригч хоёр нам төдөн ширхэг тийм одонг тэр тэрэнд биш, ерөөсөө ямар одон байхыг наймаалцсан тод жишээ. Монголын улс төр тэр чигээрээ одонгийн зах болсон байна.

Одонгийн ТҮЦ-үүд хүртэл байна. Ноднин хатагтай Баасан Монголын ахмадын чөлөөт холбооны дээд шагнал “Тусгаар тогтнол” одон зохиож УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга (тэгэлгүй яахав!), УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, Мөн УИХ-ын гишүүн Аюулгүй байдал Гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд нарт гардуулжээ. Дэмбэрэл дарга номхон зогсоод зүүлгэж зогсох зургийг нүдээрээ харсан даа.

Чингэсийн одон:

Ардчилсан нам адилхан “амжуулчихсан”.  Тус намын дүрмийн 9.2.2-т “ Намын дээд шагнал нь Чингисийн одон байна” гэжээ. Оочирын дарааллаар ардчилагчиддаа зүүж өгдөг.

Гэтэл төрд  бас “Чингэсийн одон” бий. Анх 2002 онд бий болгосон ба шинээр гарсан Ерөнхийлөгч өмнөх Ерөнхийлөгчөө шагнахаар тооцоолсон мэт Н.Багабанди  П.Очирбатад гардуулжээ. Харин 2005 онд сонгогдсон Н.Энхбаяр энэ “уламжлал”-ыг эвдэж хөгжмийн зохиолч Б.Шаравт олгож улмаар Багабандитай бүр тангараг тасарсан гэдэг. Харин дараачийнхийг шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Р.Гончигдоржид зүүж өгсөн.

Аль “Чингэс” түрүүлж мэндэлснийг мэдэхгүй, гэхдээ яах аргагүй давхарджээ. Ардын Нам хэл ам гаргахгүй, яагаад гэвэл … (эхний хэсгийг үз)

Мундаг утга учиртай тэр нэрсийн үнэ цэнэ ээ гэж.

Бас нэг мэдээ сонирхуулья. МАН-ын 90 жилийн ойгоор ганц Архангай аймагт гэхэд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор аймгийн Татварын хэлтсийн дарга А.Бямбажав тэргүүтэй 3 хүн, “Алтан гадас одон”-гоор 13 хүн, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 20, МАН-ын дээд шагнал “Тусгаар тогтнолын одон”-гоор 45 хүн, “Эх орны төлөө” медалиар 7 хүн, МАН-ын “Ахмад зүтгэлтэн” цол тэмдгээр 5 хүн, НАМЗХ-ын “Алтан од” тэмдгээр 2 хүн, МАН-ын 90 жилийн ойн медаль 48 хүн, харин салбарын шагналаар нийт 100 гаруй хүнийг шагнажээ. ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай тэргүүтэй төлөөлөгчид ирж гардуулсан гэнэ.

Намын арга хэмжээ юу, эсвэл төрийнх үү? Бид нэг хэсэг овоо төр, засаг гэж хэлж сурч байсан юмсан…

Posted in Улс төр, эдийн засаг | 4 Comments »

Олон нийтийн телевиз МАНлайлав.

Posted by Ажиглагч on 2011/03/05

Саяын 3-р сарын 1 ба түүний өмнөх өдрүүдэд өдөр тутмын сонинууд, бас сайтуудыг уншихад МАН-ын 90 жилийг, Сүхбаатарыг, хөшөөг нь тойруулан янз бүрээр бичиж байлаа. МАН-ын өнгөрүүлсэн түүх гэж үнэхээр бөөн гавъяа. Бас зөндөө нүгэл үйлджээ. Гэхдээ 20-р зууны түүхийн шуурганаас яаж ийгээд тусгаар улсыг аваад гарсан.

Харин телевиз үзэхлээр 90-ийн тооны ес нь тонгорч цаг хугацаа ухраад МАХН-ын 60 жил болчихсон мэт цорын ганц үнэнээр дүүрсэн байв. Ардын Нам хүслээ шивнэхэд л олон нийтийн  телевиз оройлоод, TV5 удаалж, UBS, “Ийгл” араас нь … унаад өгчээ.

Хоёрдугаар сарын 21-нээс эхлэн МҮОНТ-ээр “Улс төрийн ууган хүч”  нэртэй цуврал баримтат кино үдэш болгоны оргил цагаар гарч  эхэлжээ. Үд, өдөр, орой, үдшийн хөтөлбөр, “Цагийн хүрд”-ээр  гарсан 90 жилийн мэдээ, сурвалжлагуудаар намын баяр угтсан арга хэмжээ, үйл явдлыг зүгээр мэдээлэх нь багадаад “Зарим хүмүүс МАН-ын түүхийг гуйвуулж байхад …” гээд сөрөг сурталчилгаа хийж эхэлсэн шүү. Гагцхүү хэн, хэзээ, яаж гуйвуулсныг хэлж өгсөнгүй. Бас Ням гаригт хөтөлбөрт бичигдээгүй сурталчилгааны нэвтрүүлэг хулгайгаар гарч харагдсан.

2-р сарын 25-нд “МАН-ын дарга нар ярьж байна” цуврал эхэлж эхний өдөр МАХН-ын дарга асан Г.Очирбат, дараа нь Б.Даш-Ёндон оролцов. Харин гуравдахь өдөр М.Энхболдыг Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Амарсанаа орлож 28-нд Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх зарлагдсан ч “МҮОНТ-ийн алтан сан хөмрөгөөс. 1972 он” гэсэн жүжиг гарлаа. Сайхан тоглов!

Гэхдээ олон нийтийн телевиз гомдоогүй. 28-нд МАН-ын 90 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнөөс, 3-р сарын 1-ны өдрийн турш Монгол Улсад Улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хурлыг Төрийн ордноос, “Тусгаар тогтнолын цом-60” яруу найргийн наадам, Монгол Улсад Улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хүндэтгэлийн концертыг СТӨ-өөс дамжуулж  “Улс төрийн ууган хүч” баримтат киногоор  өндөрлөв. Энэ оройн “Цагийн хүрд”-ээр үзүүлсэн МАН-ын баярын баярын хурал, “Тусгаар тогтнолын ордон”- ы нээлт, Ерөнхийлөгч  зарлигаар МАН-ын зүтгэлтнүүдэд шагнал гардуулах ёслол зэрэг сурвалжлагуудын завсраар “МАН-ын түүхт 90 жилийн ой” гэсэн сурталчилгааг шургуулж амжив. Бас болоогүй Сүхбаатарын хөшөөний нээлтийн сурвалжлагад МҮОНТ-ын хоёр хөтлөгч уг арга хэмжээг хөтөлсөн бололтой зогсож харагдлаа. “Цагийн хүрд”-ын дараа 21.00 “Ардын намын түүх үргэлжилсээр…” баримтат кино, дахиад араас нь “МАН-ын дарга нар ярьж байна” цувралаар Ерөнхий сайд С.Батболд …

Баярын маргааш МҮОНТ-ийн мэдээнүүдээр өчигдрийн шөнийн шоу, салют, МАН-ын дарга С.Батболд 1-р төрөхөд ажилласан… МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх Эх нялхсын эрдэм шинжилгээний төвөөр айлчилсан… “Ардын намын түүх үргэлжилсээр…” баримтат кино.. “Тусгаар тогтнолын цом-60″ яруу найргийн наадам …

Энэ хэдэн өдөр МАН-ынхан МҮОНТ-ийг тэр чигээр нь (хөтлөгчтэй юутай нь!) худалдаад авчихсан мэт санагдсан шүү. МАН-ын залуучууд Сүхбаатарын талбайг түрээсэлсэн шиг…

Өнөөдөр аливаа үйл явдлын ач холбогдол, цар хүрээ зөвхөн  телевизээр  гарснаар хэмжигдэнэ.  Дэлгэцэн дээр алга байвал тийм юм болоогүй гэсэн үг. Эрхэм гишүүд, сайд дарга нар тойрогтоо очиж гийгүүлэхдээ заавал телевиз дагуулдаг, эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр ядарсан эмгэнд гэр өгөхөд байлцахдаа заавал хэвлэл мэдээллийг цуглуулдаг. Сүүлдээ камер байлцуулахгүй бол хоол ч хийхээ болив. МАН энэ удаад олон нийтийн телевизийг зөв мэргэн удирдсанаараа 90 жилийн ойгоо цагаан сар, наадам адил сүр дуулиан болгож чадав. Тэрнээс биш гудамжаар явахад ард түмэн баярлаж хөөрөн МАН-ын гишүүдийг барьж үнсээд, эсвэл баригдаж дуусаагүй ордны зүг мөргөөд байгаа юм надад ажиглагдаагүй. Зүгээр л нэг тэмдэглэлт өдөр, намын ой.

Олон нийтийн телевизээс харамлах мэт МАН-ын баярын бүх арга хэмжээ, тухайлбал, яруу найргийн наадам, бөхийн барилдаан, ойн баярын хурлыг Төрийн ордноос шууд дамжуулсан телевиз бол TV5. Хурал дууссан ч сэтгүүлч нь энэ агуу үйл явдлаас хагацаж ядсан мэт ярилцлага хийсээр, дамжуулсаар байлаа. Дараа нь Сүхбаатарын хөшөөний нээлтийн ёслолыг Live тодотголтойгоор дамжуулж эхэлсэн ч техникийн саатлаас бололтой тасарчихав. Төдөлгүй СТӨ-нөөс хүндэтгэлийн концертыг шууд дамжуулж дуусмагцаа Сүхбаатарын талбайд болсон шөний цэнгүүн рүү шууд шилжлээ. Араас нь “Маргашгүй үнэн буюу МАН-ын 90 жилийн түүх” нэвтрүүлгийг хэдэнтээ давтав. Шөнө тийшээгээ цуцаад унтсан байгаасай.

Бусад телевизүүдээр гарсан МАН-ын захиалгат нэвтрүүлэг, ярилцлагуудыг үзээд байтугай тоочоод ч баршгүй.

Ардын намд хандаж арай бага сагсуурахыг сануулах хүч Монголд алга. Манай хоёр том нам ардчилал, тусгаар тогтнол хоёрыг “дээгүүрээ хуваагаад авчихсан” болохоор наймаа тохирчээ. Ардчиллыг Ардчилсан нам хэдийнэ өмчилж ноднин 20 жилийн ойг бүтэн жил тойруулан тэмдэглэж Улсын баатар тэргүүтэй хорь, гучин мянган одон тараасан бол тусгаар тогтнолыг авсан МАН энэ удаад хариу барьж намынхаа нөхдөд Хөдөлмөрийн баатраар эхэлсэн одон, медалиудыг шаардахад Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг түр орхиж хоёр намын зөвшилцлийг  илэрхийлэхээс өөр хаачихав. Анзааарвал, Ардын нам баяраа, одонгоо, албан байраа хүртэл “Тусгаар тогтнол”-оор нэрлүүлж чаджээ. (Ардчилсан намын байр “Ардчиллын ордон” байх аа?). Удахгүй бид энэ хоёр үгийг хамаагүй хэрэглэвэл бусдын өмчид халдсан хэрэгт унана шүү!

Уг нь чөлөөт хэвлэл мэдээлэл гэж ганц найдвар бий. Гэхдээ өнөөдөр телевизүүдийг хасч тооцмоор санагдаж байна. Харин сайтуудыг нэмэх хэрэгтэй. Бас twitter-ийг …

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Улс төр, эдийн засаг, TV5 телевиз | 4 Comments »

Монголчууд бүгд ажилтай болов

Posted by Ажиглагч on 2011/02/28

[Хоёр] нам, засгийн зөв мэргэн амлалтын ачаар насанд хүрсэн монголчууд бүгд ажилтай болж чадлаа.  Төрд, төсөвт, компанид алба хашигсад, арилжаа, наймаа , лангуу, түрээсээр амьдрагсад тэртээ тэргүй ажилтай байсан бол үлдэгсэд нь саяхнаас  зав чөлөөгүй хөдөлмөрлөх болжээ. Энэ ажлын хөлс нь сарын 21 мянган төгрөг.

Нийслэлээр жишээ авсугай. Бүх нийтийн хамарсан энэ ажил ноднин иргэний бүртгэлээс эхэлжээ. Хороон дээр очиж зургаа авахуулах, улсын бүртгэлийн газар очих, тэнд өөрийн, эсвэл үр хүүхдийн овог нэрийн аль нэг үсэг заавал зөрсөн байх, хороон дээрээ буцаж очих, нийгмийн халамжийг зорьж “манайд хамаагүй” үгийг сонсох, дахиад иргэний бүртгэлийг зүглэх, тэнд хэдэн өдөр оочирлох, ”Ард түмний толь”-ийг дуудаж ярилцлага өгөх, үсэг засагдахыг хүлээж хэдэн өдрийг барах, банк хэзээ өгч эхлэхийг хилийн харуул мэт нүд цавчилгүй манах, сураглах, сэтгэл догдлох, “маргааш өгөх”-ийг сонсоод баясах, юунд зарцуулахаа тооцоолж нойр хулжих, үүрийн таван жингээр гэрээсээ гарах, банкыг хэд ороосон хүмүүсийг үзэх, оочирт орох, мөнгө орж ирээгүй тухай сонсоод түгших, нийгмийн халамжаас жагсаалт ирээгүй гэсэн зар унших, хэд хоног тэвчих, мөнгө орж ирсэн мэдээ дуулах, баярлах, хэд хоног оочирлох, өөрөө яваад ирсэн TV9-ын сурвалжлагчид яриа өгөх, ингээд “олон хоног үргэлжилсэн хүнд бэрх тулааны эцэст” үйлчилгээний зааланд нэвтэрч чадах, кассанд ойртох, урдуур дайрсан хүмүүстэй үзэлцэх, мөнгөө авах, замаараа дэлгүүр орох …

Ажилгүй, цалин хөлсгүй монголчууд өмнөх сарын 21 мянган төгрөгөө дурсаж, энэ сарын 21 мянгаа сахиж, ирэх сарын 21 мянгаа сэтгэл догдлон хүлээж …. 21-р зууны энэ он, саруудад өчүүхэн ч чөлөө завгүй.

Posted in МОНГОЛЫН АМЬДРАЛ | 4 Comments »

2011 оны ухуулах хуудас

Posted by Ажиглагч on 2011/02/27

Дахиад 89 оных шиг нэрээ нуусан хүмүүс ухуулах хуудас наагаад байна гэсэн үнэн ажээ. Хэдхэн хоногийн өмнө Төрийн ордны зүүн талын балгасны хашаан дээр хэд хэдээр эгнүүлснийг, өнөөдөр СУИС-ын урдхан бас нэгийг олж харав. Хорин нэг, хоёр жилийн өмнө баригдаж хоригдохоос айж, харин энэ удаад алдах юмтай болцгоосон учраас нуугдсан гэж таалаа.

Зурган дээр дарж уншаарай.

Read the rest of this entry »

Posted in Улс төр, эдийн засаг | 2 Comments »

www.open-batbold.mn

Posted by Ажиглагч on 2011/01/19

Засгийн газрын сайт шинэчлэгджээ. Үнэхээр гоё тансаг харагдах мөртлөө тун цэгцтэй болсон байна. Энэ хоёр шинж сайтуудад хослоно гэж бараг үгүй. Тэгвэл www.open-government.mn чаджээ. Нэвтэрч ороход тэргүүн нүүрний тэргүүн зурагнаас Ерөнхий сайд ёс төртэйгээр зугуухан дөхөж нүд баясгах ба нэгэн зэрэг хөгжим, хөгжмийн араас Ерөнхий сайдын дуу хоолой сонор мялаана.  Цаашаагаа тоочоод баршгүй арвин мэдээлэлтэй хэрнээ гарчгийг хөөж цэсийг дагахад төөрөхгүй… 

Харин тэргүүн нүүр тэр чигээрээ С.Батболд ажаамой.

Хэтрүүлчихэж. Ганц Б.Болд хэмээх эр С.Батболдын ажлыг магтан сайшаасныхаа ачаар эндээс ард түмэндээ хандах эрхийг олж авчээ.  Бусад хүмүүс Батболдын удирдлагаар, Батболдтой хамт, Батболдын дэргэд, Батболдын гараас…

Ажаад байхнээ төр, засгийн вэб сайтууд өнөөдөр төр засаг, яам газрынхаа үйл ажиллагааг сурталчилж таниулахаас хэдийнэ давж бүх төрөл, жанраар нийтэлж нэвтрүүлдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болжээ. Шинэ оны өмнөх үдэш Ерөнхий сайдын МҮОНТ-д өгсөн ярилцлагын бичлэг www.open-government.mn дээр ухуулах хуудас мэт хадаастай. Араас нь бусад бичлэгүүд. УИХ-ын байнгын хорооны хуралдаанаас сэтгүүлчдийг түлхэж гаргасан ч тэдгээр хуралдааны тухай албан мэдээ биш, уран сайхан бичлэгтэй сурвалжлагууд www.open-parliament.mn дээр нийтлэгдэж байна. Мэдээж ордны “найдвартай” сэтгүүлчид бичсэн. Араас нь сэтгэгдлийг хаачихдаг учраас амар жимэр.  

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиар  Төрийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон ч лав хязгааргүй эрх чөлөөтэй (энэ ойлголт төр засагт ч хамаатай ажээ) Интернэтэд хэрэгжихээсээ өнгөрсөн.  За яахав, улаан цайм хэвлэлгүй юм даа гэж бодтол Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хэвлэл мэдээллийн албанаас эрхлэн “Шинэ цаг” нэртэй сэтгүүл гаргаад эхний хоёр дугаарыг  www.open-government.mn дээр .pdf хэлбэрээр тавьчихжээ.  Бүр цаасан дээр хэвлүүлээд номын дэлгүүрт зарж байна.

Хавтсан дээр нь бас  л Батболд.  Путин азтай золиг юм аа…  

Posted in Вэб сайт, ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО, Улс төр, эдийн засаг | 9 Comments »

“Хар данс”: 1. Open World …

Posted by Ажиглагч on 2011/01/19

Ноднин Work and Travel USA хөтөлбөрөөр Америк явсан мянгаад оюутны хэдэн зууд урьдчилж амалсан ажлын байрууд худлаа байснаас халаас хоосон, сэтгэл дундуур буцаж ирсний дараа том шуугиан дэгдээд намжсан билээ. Яг тэр зуучлагч компаниуд хариуцлага хүлээгээгүй, ядахдаа уучлаарай байхгүй байж өнгөрсөн намраас “арьсаа цайруулах” сурталчилгаа баахан явуулаад одоо яг ноднингийн аргаар бүртгэлээ эхэлжээ. Зуучлалын хөлс нь бусад улс орныхоос хэд дахин илүү хэвээрээ.  

“Яагаад?” клубынхэн Яахав? гэж асуусан байсан.  Яах юу байхав, аль эрт тусгай вэб сайт юмуу блог нээгээд энэ тухай хэлэлцүүлээд явах байсан юм. Тэгээд хаягийг нь сайн сурталчлах. Нэгэнт төр засагт хамаагүй, Оюутны холбоонд ашиггүй болохоор хөдлөхгүй (хувь, процент амлаад үзэх юм уу?) тул тэдэнд найдах аргагүй.

Work and Travel USA  бол АНУ-ын талаас нэгд нэгэнгүй бодож боловсруулсан бэлэн хөтөлбөр. Хэрвээ Open World, Prince World мэтийн компанийн шугамаар явсан оюутанд ажлын байр нь үнэн бөгөөд бэлэн байсан бол гайхуулж сурталчлаад байх гавьяа биш, харин оюутан тус бүрээс мянгаад доллар цэврээр унагасны үнэ, хөлс юм.  Оюутнуудын ярьснаар “тийм компани огт байдаггүй гэнэ”, “хэдхэн ажлын байранд дэндүү олон оюутныг хуваарилсан” бол мянгаад доллар авчихаад хулхиджээ гэсэн үг. Явуулсан оюутнуудын нэг хэсэг ажилтай байсан бол энэ нь нөгөө хэсгийг хулхидсаныг зөвтгөх шалтгаан биш. 

Хэрвээ сайт нээвэл хамгийн түрүүнд хэлэлцэх ёстой асуудал бол зуучлагч компаниудын зүгээс оюутнуудтай байгуулдаг гэрээ. Ноднингийнх шиг явдалд компаниуд ямар хариуцлага хүлээх талаар тодорхой заалт байхгүй учраас  хохирсон оюутнууд тэгэсхийгээд өнгөрсөн гэнэ. Монгол оюутнууд ихэнхдээ бүрэг, тархай бутархай, ганц ганцаараа очоод компаниудын аманд давхиад орчихдог.  Ийм тэгш биш гэрээний талаар талаар хуульчдын үгийг сонсож оюутнуудын өмнөөс компаниудад хандаж болох.

Work and Travel USA хөтөлбөрт зуучлагч монгол компаниудын “хар данс” хөтөлбөл манай зуучлагчид бараг бүгд жагсах биз.  Яагаад болохгүй гэж?

Posted in МОНГОЛЫН АМЬДРАЛ | 1 Comment »