АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘КОМПЬЮТЕР, ТЕХНОЛОГИ’ Category

Телевизор

Posted by Ажиглагч on 2011/08/27

Тэртээ 67 онд би сургуульд орж, бас Монголд зурагт радио байгуулагдсан хоёр түүхэн үйл явдал миний хувьд тохиожээ. Мягмар, Пүрэв, Бямба, Нямд 18 цагт цэнхэр (үнэн хэрэгтээ хар цагаан) дэлгэц асч 20.30-аас “Цаг үе, үйл явдал”-аар үргэлжилж, араас нь уран сайхны кино залгаж 22.30-д төгсдөгсөн. Харин орой болгон Орбитын нэвтрүүлэгтэй, гэхдээ өглөө, өдрийн цагаар юу ч гарахгүй, Даваа гаригт бол хоёулаа бүтэн амарч монголын бүх зурагт унтраастай өнждөг байжээ. 

Эхний нэг, хоёр жилдээ зурагттай айл дэндүү цөөхөн учраас өнөө орой хэнийд очиж кино үзэх бол асар том геополитик! Баруун, зүүн их хөршүүд төдөлгүй залхах тул хэдэн гудамж, хашаа алгасан гурав, дөрөвдэх хөршийн бодлого явуулахад хүрнэ. Зурагттай айлын хүүхэдтэй найзална, муудалцахгүй, зориудаар дийлдэнэ. Ингээд кино эхлэх мөчид (айлын гадаа чих тавин хүлээсны эцэст) гэрт пэрхийн орцгоож нусаа татсан баахан жаал үүдэнд нь цаг гучин минутын турш хөшилдөн зогсдогсон. Айл цоожтой, эсвэл ээж нь ууртай, аав нь согтуу ирсэн, магадгүй пиг дүүрэн хөдөөний айлчинтай бол харанхуй гудамжаар урамгүйхэн буцна. Маргааш хичээлийн завсарлагаар зөвхөн өчигдрийн киноны тухай шуугилдана: “Тэр чинь манай тал … аймаар гоё буудсан … яг оносон, тийм ээ…”.

Анх 900 төгрөгийн үнэтэй жижиг, 1600 төгрөгийн арай том, хоёр янзын “Темп” зурагт зардаг байжээ. Манайх жил гаруйн дараа томыг нь Улсын Их Дэлгүүрээс худалдан авч хоймортоо залснаар орчин үеийн айл болсон түүхтэй. Сувгаа солихын тулд ар руу гараа явуулж тасхийтэл эргүүлдэг байж. (Алсаас удирдаж болдог гэж зүүдлээ ч үгүй) Тэгтэл манай ангийн хүүхэд будагтай зурагт үзсэнээ гайхуулав. Төдөлгүй надад нэгэн айлд тийм зурагтыг хальт харах аз тохиосон: Хар зурагтны дэлгэц дээр нэвт харагддаг гялгар цаас наасны дээд хэсэг нь ногоон, дундуураа улаан, доогуураа цэнхэр… Өнгөтэй л байгаа биз дээ.

Бас нэг зүйлийг саналаа. 1970-аад оны үнэтэй цайтай хар цагаан зурагтыг цахилгааны хэлбэлзлийг хамгаалдаг стабилизатор гэж дөрвөлжин төхөөрөмжөөр (хүндийг нь яана) дамжуулж залгадагсан. Одоогийн LCD дотор хумсны толион чинээ чип орлодог болсон биз.  

1970-аад оны сүүлчээр зарим “баян” айлд жинхэнэ өнгөт зурагт (мэдээж оросын) данхайх болж, харин 1980-аад оны япон зурагт ганц нэгээр сэмхэн үзэгдэхэд авсаарханыг нь гайхдагсан. Япон хүн гартаа ямар электрон бараа атгаснаа таалгаж даналзахад хариу барьж даапаалчих санаатай “зурагт” гэхэд цаадах нь “Хэд байгаа вэ?” гэсэн онигоо бий. Дараа нь видео киноны халуурал хэдэн жил үргэлжлэв. Хөдөөгүүр зурагт, приставкатай “урлагийн бригад”-ууд хөлхөж мөн их ч мөнгө хийсэн. 1987 онд анхны МОНЕЛ зурагтыг японы JVC-ийн эд ангиар  Өвөрмонголд (?) угсарч Их дэлгүүрт зөвхөн картаар худалддаг байсан.  Төдөлгүй зах зээл нээгдэж Монгол орон нэг мэдэхэд зурагтаар дүүрснээр монголчуудын толгойг намын биш телевизийн программ залах болов. Дараа нь “Халтар царайт” … гээд буу халвал төгсөхгүй сэдэв тул зогсъё.

(Уржнан телевизорын холбогдолтой өөр нэг юм бичсэнээ хайсаар арайхийж оллоо. Энд дарж сонирхоорой)

Одоо хар цагаан зурагтыг зөвхөн бараан зах дээр зардаг сурагтай. Ноднин электрон барааны дэлгүүрт ороод приставка гэж юм бүрмөсөн алга болсныг мэдлээ. Худалдагч залуу над руу тун ноцтой харж билээ. VHS  кассетийг нь зарж байсан мөртлөө шүү.   

Энэ бүгдийг дурсахын учир бол хэдэн өдрийн өмнө Next Electronics дэлгүүрт ороод тэсэлгүй хэдэн зураг дарсныгаа сонирхуулах гэсэн юм. Тун саяхан шинжлэх ухааны ололт, нээлт шиг санагддаг байсан Плазма телевизор хоцрогдосхийж, одоо айл бүр өөрийгөө зөвхөн LCD-жүүлэх хөдөлгөөн ид өрнөж буй. Уг хөдөлгөөнд манайх гэдэг айл нэгдэж амжаагүй байтал LED гэждараачийн технологи гараад ирчихжээ. Дүрс илүү тод, дэлгэц илүү нимгэхэн, илүү хөнгөхөн, илүү бага цахилгаан зарцуулдаг гэнэ. “Ямар азаар хоцрогдов оо”, түүнийг авна.  

Энэ зургууд Next-ийн бараг сурталчилгаа болчихлоо, гэхдээ биш. Тэд мэдээгүй. Сүүлийн үед “монгол” зурагтууд ар араасаа мэндэлж эхлээд Monel, BSB, Nomin, саяхан Olloo, одоо Next-ийн бүр монгол цэстэй телевизорууд гараад иржээ. Бүгдээрээ Sony, Sharp, Toshiba-гийн нэгэн адил Хятадад, хааяа зүүн өмнөд Азид угсрагддаг хэрнээ хамаагүй хямд учраас нэг л “сэжигтэй” ч үнээр нь баримжаалах л үлдэж байна. Техник, технологийн талаар бичдэг, наад зах нь энэ олон телевизор, компьютер, элдэв электрон барааг харьцуулж судлаад хэлж өгөх нэвтрүүлэг, сонин, сэтгүүл, сэтгүүлчид алга. 

     

Дахиад хэдэн зургийг дор оруулав.

Read the rest of this entry »

Posted in + ТЕЛЕВИЗ, КОМПЬЮТЕР, ТЕХНОЛОГИ | 4 Comments »