Гэрийн суурин телефон утасны үйлчилгээ сүүлийн үед ихэд өөрчлөгдөөд байх шиг. Гэхдээ ихэнх хэрэглэгчид 34, 35, 45, 63, 68 мэтийн зургаан тоотой дугаарыг 70-аар эхэлсэн 8 оронтоор сольдог болсон гэдгээс цааш мэддэггүй, иймээс хуучин “гоё” дугаарыг илүүд үздэг хэвээрээ. Саяхан шуудангийн хайрцгаар тараасан “Монголын цахилгааан холбоо” ХК-ийн хэвлэмэл сурталчилгаанд суурин утасны шинэ үеийн технологи нь дүрсээ харж ярихаас эхлээд 33 төрлийн нэмэлт үйлчилгээтэй гэжээ. Даанч үүнийгээ хүмүүст олигтой хүргэж чадахгүй байх шиг санагдав.
Наад зах нь оновчтой нэр алга. NGN гэж чамирхсанаас биш түүнийгээ орчуулсан юмуу тайлбарласан зүйл огт алга. Хэрэглэгчид “манайх Эн Жи Эн тавиулаад” гэж дагаж пээдийх үү? Маркетингын ажилтнууд нь шинэ бизнест нэр хичнээн чухлыг мэддэггүй бололтой. Яахав, дахиад хэдэн жил хэрэглэгчдийг балбахад цээжилнэ гэж найдав уу?
Тэд суурин төдийгүй гар утасны үйлчилгээ эрхэлдэг гэнэ. Үүрэн телефоны 5 дахь операторын сураг дээрхэн сонсоддог байсан, тэр бололтой. 1900 MHz—ийн давтамж бүхий хөдөлгөөнт холбооны утас бөгөөд хамгийн бага тарифтай, сүлжээндээ мессэж нэг төгрөг, Интернэтэд холбогдоно гэх мэтээр олон ид шидийг амалжээ. Даанч нэр нь F Zone. Бас л тайлбар үгүй. Ямар дугаартай болохыг ч “нууцалжээ”. Зоон гэж Мобиком, Юнител, Скайтел, Ж-Мобайл компаниуд үйлчилгээнийхээ зөвхөн нэг төрлийг нэрлэдэг. Тэгвэл МЦХ компанийн хэрэглэгч “Би Эф Зоон”-той болсон” тухайгаа гайхуулбал өөдөөс “Мобиком”-ынх уу гэж асууна. Томъёон нэрнийхээ “ачаар” МЦХ өөрийгөө шууд жижигрүүлээд байх шиг.
Дээрээс нь энэ сүлжээ Монгол орныг хамарсан эсэхийг хэлсэнгүй. Зөвхөн Төв шуудангийн эргэн тойронд барьдаг утас юм уу?