АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО’ Category

Нууц үгнээс эхлэхтүн!

Posted by Ажиглагч on 2011/04/28

Өнөөдөр Төрийн ордонд болсон “Мэдээллийн аюулгүй байдал” сэдэвтэй онол-практикийн бага хуралд суухдаа хүмүүсийн илтгэл яриан дундаас хэдэн сонирхолтой баримт, санааг олж сонслоо.

Хурлыг Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд одоо цагт мэдээллийн хадгалалт, хамгаалалт ерөнхийдөө цахим орчинд шилжсэн тухай дүгнэлтээр нээв.  Төрийн холбооны газрын орлогч дарга С.Ширбазарын ярьснаар, манайд төрийн мэдээллийг заримдаа утасгүй сүлжээгээр ч хамаагүй дамжуулдаг бол Тайваньд Засгийн газрын дотоод сүлжээгээ Интернэтээс бүрэн тусгаарлажээ. Бас эх газрын хятадуудын Тайванд бэлэглэсэн Seagate-ийн 500 GB-ийн хард дискэнд нууц чип суулгасныг илрүүлсэн гэнэ.

Та Интернэтэд холбогдсон л бол хакерийн аюулд өртөх магадлалтай. ШУТИС-ийн мэдээллийн технологийн профессор Т.Халтар, зомби компьютер, хортой код гэсэн аймшгийн нэр томъёогоор  илтгэлээ эхлэв.  Тун сая монголын компани хятадын компанитай Интернэтээр наймаа тохирч мөнгөө шилжүүлсэн чинь цаадуул нь компани биш хулхи хаяг байжээ. Хятадын ЭСЯ-нд гомдол мэдүүлэхэд та Интерполоороо яв гээд мухардсан. Бас Касперскийн антивирус суулгасан wireless-тэй кофе чанагчын танилцуулгыг сонирхуулав. Эзэн нь зайнаас удирдаж салгах төдий өчүүхэн программ хүртэл хамгаалалт нэхдэг болжээ.

Батлан хамгаалах яамнаас ирсэн хурандаа Ганболд, Хятадаас 300 компьютер, бас 200 компьютер бэлэглэснээс гадна өөрсдөө худалдан авч байгаа бүх компьютер мэдээж Хятадад үйлдвэрлэгдсэнийг дурдаад  Тагнуулын ерөнхий газарт хяналтын лаборатори байдаг бол доторхийг нь шалгуулж байхыг хүслээ.  Хариуд нь Р.Болд “Бид гаднаас ирсэн техник хэрэгслийг шалгаж жилдээ хэдэн арвыг устгадаг” гэсэн товч хэрнээ наанаа баяртай, цаанаа ноцтой мэдээ дуулгав. Нууцаа арай задлаагүй биз?  Үүнийг сонсоод хортой код, чип шургуулагчид аргаа улам нарийсгана даа!

Өнгөрсөн 3-р сард Майкрософт компанийн төлөөлөгчид Монголд ирж 500-700 долларын багцийг (Windows + Office биз) 250 доллар болгож хямдруулж боловсролын салбараас эхлэн лицензжүүлэх саналыг хоёр тал хэлэлцсэнийг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.  Дараачйн ээлжинд төрийн байгууллагууд руу орно. Тэр болтол зай ч бий, лай ч бий. Сүүлийн үед манай IT Zone, BSB, Next дэлгүүрүүд нотбүүкийг оригинал Windows-той зардаг болсон ч Офис нь голдуу 60 хоногийн настай, заримдаа хакдаад бэлэглэдэг хэвээрээ билээ.

Харилцаа, холбооны зохицуулах хорооны дарга Б.Болдбаатар илтгэлдээ, Монгол улсад сардаа 15 доллараас доошгүйг төлөөд Интернэтэд холбогддог хүмүүсийн тоо 200 мянга, компани байгууллага зэргийг оруулаад нийт хэрэглэгчийн тоо 600 мянгад хүрсэн гэлээ.

Нэгэн оролцогч үндэсний үйлдлийн систем хийх эсэхийг лавлав. МШХХТГ-ын дарга “Бид зарим доноруудтай ярилцаад open source-ийг судалж байгаа. Бас МТҮП дээр код шалгадаг болсон… (Бас санаа байна шүү!)  Гэхдээ ойрын 5 жилд Майкрософт-ийг хэрэглэнэ” гэсэн бол профессор Халтар үргэлжлүүлж “Манайд үйлдлийн систем зохиох хангалттай хүн хүч байхгүй. Наад зах нь 200-500 программчин суух хэрэгтэй. Харин Windows 7-г монгол руу орчуулж байгаа” гэв.  “Цонх 7” нээгдэх нь.

Манай төрийн байгууллагын сайтууд голдуу Joomla-гийн нээлттэй программ дээр хийгдсэн нь янз бүрээр нэвтрэх эрсдэлтэй гэж  нэг нь шүүмжлэв.  Төрийнхэн үүнийг мэддэг бөгөөд ондоо багтааж солихоо амлав.  Бас төрийн холбооны 92-оор эхэлсэн  дугаартай сүлжээг цааш хөгжүүлэхгүй, орон нутагт дэлгэрүүлэхгүй гэнэ.  Тухайн цагтаа Мобикомоос дутуугүй хөрөнгө оруулалтаар боссон дуулддагсан. Төрийн сүлжээ заавал тусдаа байх албагүй, Буш Монголд айлчлахад америкчууд манайхаас нэг сувгийг түрээслээд нууцлалаа хариуцаж ашиглаад явсныг жишээ татлаа.  

Хурлын төгсгөл хавьд Р.Гончигдорж гишүүн шагайж, мэдээллийн аюулгүй байдлыг хэтэрхий хурцаар бүү яригтун, хэт “аюулчлагдсан” байдал үүсэхээс болгоомжлоорой хэмээн монгол хэлэнд шинэ томъёо хандивлаад тэр дороо дуудагдан гарч одов.

Тавьсан илтгэлүүдэд гарсан улс төр, геополитик, технологийн шинжтэй олон зөвлөмж, зөвлөлгөөнөөс хамгийн энгийн мөртлөө туйлын чухал гэж цохон тэмдэглэснийг дамжуулья: Нууц үгээ анхаар! Мэдээллийн аюулгүй байдлын эхний алхам бол найдвартай нууц үг.

Төгсгөлд нь онигоо:

– Чи нууц үгээ сайн тогтоосон биз? Мартчихвал компьютертээ нэвтэрч чадахгүй шүү!

– Тогтоосоон. Маш амархан. Цэцэг шиг тэмдгийг зургаан удаа оруулна.

Posted in ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | 3 Comments »

С.Батболдын ярилцлагын талаар элдвийг сэтгэж болохгүй …

Posted by Ажиглагч on 2011/03/25

Сүүлийн саруудад зурагт үзэхэд Ерөнхий сайд C.Батболдын оролцоогүй их бага хурал, чуулган, зөвлөгөөн, ойн баяр, ёслол, шалгаруулалт, үзэсгэлэн, яармаг үлдсэнгүй. Ганц нэг үлдсэн байж болзошгүй, тэгвэл телевизүүд зөвхөн Батболдтойг л үзүүлсэн байх. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр Солонгос руу айлчлалаар одсон хэрнээ телевизийн дэлгэцнээс салаагүй юм. Инчонд газардаж онгоцны хаалгаар гарч ирмэгцээ монголчуудтайгаа уулзахаар явсныг бараг бүх телевиз шууд дамжуулах мэт сэтгэгдэл төрөв. Тийм олон сэтгүүлчийг дагуулжээ.

Бас Солонгос явахаасаа өмнө хоёр том ярилцлага үлдээгээд явсан нь саявтар зарим нөхдийн ярилцлагад С.Батболд Бороогийн алтыг “Бороо гоулд”-той хавсайдаж, харин “Чингэс” зочид буудлыг ганцаараа залгисан тухай үг, өгүүлбэрүүд дахин орж тэр нь TV9-өөр нэвтэрсний няцаалт юм. Эзгүй хооронд нь бид уншиж судлах ёстой.

Эхлээд 3-р сарын 16-ны Лхагва гаригт 21.30 цагаас МҮОНТ-ийн “Ярилцлага” нэвтрүүлгээр Монгол Улсын Ерөнхий сайд орлоо. С.Батболд өөрөө ирээгүй, харин сэтгүүлч Мөнхтөр өрөөнд нь очиж урт ярилцлага авснаа үзүүлж маргааш нь давтжээ. Ингээд монголчуудад хот, хөдөөгүй үзүүлж чадлаа.

   

Гэхдээ л зарим нөхөд залхуураад үзээгүй байж магад тул “Өнөөдөр” сонинд дараачийн том ярилцлага өгснийг 3-р сарын 21-ны дугаартаа “С.Батболд: Өнгөрснийг шүүхээ больё. Мөрөөдөл ярихаа цэглэе. Урагшаа л харъя” гарчигтайгаар олон нүүр дамжуулан нийтлүүлжээ. Оршил нь: Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзлаа. Хөгжил дэвшлийг зорьсон монгол түмний их нүүдлийн нэгэн хөтөч нь болж яваа түүний санаа бодол, түүний тэргүүлсэн Засгийн газрын бодлого зорилтыг хөндөж бид ярилцав. Баахан урт ярилцлага болсон байж магадгүй. Гэхдээ хэвлэлээр тэр бүрий гараад, яриад байдаггүй Ерөнхий сайдаас асуух, сонирхох зүйл их байлаа. Уншигчид маань уйдахгүй биз ээ”

“Хэвлэлээр тэр бүрий гараад яриад байдаггүй” Ерөнхий сайд маань эхнэр хүүхдээ хүртэл залхтал урт ярьсан мөртлөө Бороо, “Чингэс”-ийн талаар өмнөхөө давтлаа. Ядахдаа “Бороо”-гаас яг хэдийг унагаснаа хэлбэл сонин байхсан. Даанч “өмнөхийг мартах”-ыг сануулаад цаашаагаа тэртээ тэргүй хийх ёстой ажлаа эх захгүй тайлагнасан ярилцлага байлаа.

Гэхдээ телевиз үздэггүй, сонин ч эргүүлдэггүй, Интернэтэд цаг нөхцөөдөг иргэдийн толгойд С.Батболдын үгийг яаж суулгах вэ? Сайтад тавьчихлаар бөөн эрх чөлөө эдэлсэн нөхдүүд зөв буруу бичээд салахгүй.

Гэхдээ арга олжээ. Дээрх ярилцлагыг тэр өдөртөө www.news.mn сайтад ямар нэгэн тайлбаргүйгээр нийтлүүлэв. “Өнөөдөр” сонин өөрийн сайтад ч оруулаагүй мөртлөө бусдад харамгүй зөвшөөрчээ.  Сэтгэгдэл? Бичиж болохгүй. Та “Сэтгэгдэл” гэсэн цэсэн дээр мянга дараад ч нээгдэхгүй.

Ерөнхий сайдын ярилцлагыг үүнтэй нэгэн зэрэг www.shuud.mn сайтад нийтлүүлэв. Сэтгэгдэл? Мэдээж “шууд” хаачихсан. Тийм цэс байх ч үгүй.

Тэгвэл хамгийн олон уншигчтай гэгддэг gogo.mn  сайтад яаж нийтлүүлэх нь сонин байлаа. Хэд хоног азнаад тун бүтээлчээр сэтгэж “Бороо гоулд”-той холбоотой хэсгийг товч тайлбарлан оруулав. Гэхдээ “Төлбөртэй мэдээ” гэж бичээд С.Батболдын ярилцлага тойрсон пиарыг илчлээд хаячихжээ.

Сэтгэгдлийг яасан бол? Ингэсэн байна. Өөрөөр бол төлбөр төлөхгүй байсан биз.

Posted in "Өнөөдөр" сонин, Вэб сайт, Сурталчилгаа, далд сурталчилгаа, "пиар" | 2 Comments »

www.open-batbold.mn

Posted by Ажиглагч on 2011/01/19

Засгийн газрын сайт шинэчлэгджээ. Үнэхээр гоё тансаг харагдах мөртлөө тун цэгцтэй болсон байна. Энэ хоёр шинж сайтуудад хослоно гэж бараг үгүй. Тэгвэл www.open-government.mn чаджээ. Нэвтэрч ороход тэргүүн нүүрний тэргүүн зурагнаас Ерөнхий сайд ёс төртэйгээр зугуухан дөхөж нүд баясгах ба нэгэн зэрэг хөгжим, хөгжмийн араас Ерөнхий сайдын дуу хоолой сонор мялаана.  Цаашаагаа тоочоод баршгүй арвин мэдээлэлтэй хэрнээ гарчгийг хөөж цэсийг дагахад төөрөхгүй… 

Харин тэргүүн нүүр тэр чигээрээ С.Батболд ажаамой.

Хэтрүүлчихэж. Ганц Б.Болд хэмээх эр С.Батболдын ажлыг магтан сайшаасныхаа ачаар эндээс ард түмэндээ хандах эрхийг олж авчээ.  Бусад хүмүүс Батболдын удирдлагаар, Батболдтой хамт, Батболдын дэргэд, Батболдын гараас…

Ажаад байхнээ төр, засгийн вэб сайтууд өнөөдөр төр засаг, яам газрынхаа үйл ажиллагааг сурталчилж таниулахаас хэдийнэ давж бүх төрөл, жанраар нийтэлж нэвтрүүлдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болжээ. Шинэ оны өмнөх үдэш Ерөнхий сайдын МҮОНТ-д өгсөн ярилцлагын бичлэг www.open-government.mn дээр ухуулах хуудас мэт хадаастай. Араас нь бусад бичлэгүүд. УИХ-ын байнгын хорооны хуралдаанаас сэтгүүлчдийг түлхэж гаргасан ч тэдгээр хуралдааны тухай албан мэдээ биш, уран сайхан бичлэгтэй сурвалжлагууд www.open-parliament.mn дээр нийтлэгдэж байна. Мэдээж ордны “найдвартай” сэтгүүлчид бичсэн. Араас нь сэтгэгдлийг хаачихдаг учраас амар жимэр.  

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиар  Төрийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон ч лав хязгааргүй эрх чөлөөтэй (энэ ойлголт төр засагт ч хамаатай ажээ) Интернэтэд хэрэгжихээсээ өнгөрсөн.  За яахав, улаан цайм хэвлэлгүй юм даа гэж бодтол Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хэвлэл мэдээллийн албанаас эрхлэн “Шинэ цаг” нэртэй сэтгүүл гаргаад эхний хоёр дугаарыг  www.open-government.mn дээр .pdf хэлбэрээр тавьчихжээ.  Бүр цаасан дээр хэвлүүлээд номын дэлгүүрт зарж байна.

Хавтсан дээр нь бас  л Батболд.  Путин азтай золиг юм аа…  

Posted in Вэб сайт, ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО, Улс төр, эдийн засаг | 9 Comments »

“Сэтгэгдэл бичихийг хориглоно”

Posted by Ажиглагч on 2010/12/29

“Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхэд баримтлах түр журам”-ыг Харилцаа холбооны зохицуулах хороо 12-р сарын 1-нд баталжээ. Харин үүнийгээ хоёр долоо хоногийн дараа (!) хэлэлцүүлэх үеэр болон дараа нь сайт эрхлэгчдийн зүгээс гарсан хамгийн том шүүмжлэл бол хэрэглэгчийн vvсгэсэн контент буюу сэтгэгдлийг хянах шаардлага байсан юм.  

Тодруулбал, вэб сайтад нь хэрэглэгч контент оруулах боломжтой, хэрэглэгч сэтгэгдэл vлдээх хэсэгтэй бол (нэг өдрийн хандалтын тоо дунджаар гурван мянгаас их) вэб сайтын vйлчилгээ эрхлэгч нь дараах зvйлсийг vйл ажиллагаандаа заавал нэвтрvvлнэ. Vvнд: А. Хэрэглэгч тухайн вэб сайтын vйлчилгээнд гишvvнээр нэвтэрч орж байж контент (сэтгэгдэл) оруулах боломжтой байх… гэхчлэн заажээ.

Цааш юу болох нь ойлгомжтой. Заавал бүртгүүлж байж сэтгэгдэл үлдээх нь дэндүү хатуу… Иймээс сайтууд ширүүн эсэргүүцсэн болоод ч тэр үү өнөөдөр сэтгэгдлүүд хуучнаараа гарч харагдана. 

Гэхдээ яаж, ямар аргаар гэдэг дээр маргахаас биш сэтгэгдлийг хянах нь гарцаагүй бололтой. Яагаад гэвэл манай сайтууд өөрсдөө Харилцаа холбооны зохицуулах хороотой хороогүйгээр сэтгэгдлийг тун овсгоотой “зохицуулж” сэмээрхэн устгахаас эхлээд шууд хорьчихдог юм байна. Жишээ татья. 

Монголын хамгийн “хүртээмжтэй” www.gogo.mnсайт “Уучлаарай” хэмээн хүлцэл өчиж байгаад үүнийг хийдэг. ↓ 

Read the rest of this entry »

Posted in Вэб сайт, ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | 5 Comments »

Захиалгыг шууд биелүүлэв. Гэхдээ сэмхэн.

Posted by Ажиглагч on 2010/05/11

Өнөө орой МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлсэн “Хөшөөтийн уурхайд Мо Эн Ко компани төсөл хэрэгжүүлснээр нааштай өөрчлөлт гарч байна” хэмээсэн оршилтой сурвалжлага нь shuud.mn сайтын сэтгүүлч Ж.Батхишигийн бэлтгэсэн, хэн нэгэн сүүлийн хэдэн өдөр арилжааны сувгуудаар захиалан цацуулж байгаа, “Мянган угалз” ОНАҮГ-ын захирал Д.Энхболд, аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, Хөшөөтийн уурхайн ажилтан С.Давааням нарын хүмүүсийн яриа сэлтээс бүтсэн захиалгатай сурвалжлага бараг тэр чигээрээ байх юм. “Цагийн хүрд”-ийн титрийг зүүж өөрийн болгоод орон даяар цацаж өглөө.

Сүүлийн үед “Өнөөдөр” сонин Ховд аймгийн Хөшөөтийн орд газрын асуудлыг “шефэлж” аваад түүнийг стратегийн орд газрын жагсаалтад оруулахыг уриалсан цуврал өгүүлэл нийтэлсэн бол нутгийн иргэд Улаанбаатарт ирж хэвлэлийн хурал зарлан дээрх саналыг дэмжсэн билээ. Маргаж мэтгэлцэх, улмаар шийдэх ёстой асуудал мөнөөс мөн. Үүний тулд бололтой УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ц.Шинэбаяр нар Хөшөөтөд очиж танилцаад “Хариуцлагатай уул уурхайн загвар дүр зургийг Хөшөөтөөс олж харлаа” гэсэн магтаалтай ирснээр Мо Эн Ко-гийн сурталчилгааны кампанийг хэвлэл мэдээллээр эхлүүлэв. Сонинуудаар Хөшөөтийн их бүтээн байгуулалтын талаар төлбөртэй нийтлэл, ярилцлагууд хөвөрч “Зууны шуудан”-гийн Б.Ганчимэг зэрэг хүнд гарын сэтгүүлчид “Хөшөөтөөс ирж буй сайн мэдээ”-нд гэнэтхэн баясдаг болж, харин телевизүүдээс C1, сайтуудаас Шууд.мн Ховд руу сэтгүүлч Ж.Батхишигийг томилон явуулсны ачаар бүр дуу дүрстэйгээр баясаад зогсохгүй эсрэг байр суурьтай нөхөд рүү “Ховдчуудын аманд орсон 400 саяыг хонзонгоороо булаах сонирхол…” гэх мэтээр уурсаж байна. 

Ингээд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, C1 телевизийн эзэмшил, анх тус телевизийн зөвлөх гэж байсан, одоо shuud.mn сайтын хөрөнгө оруулагч хэмээн яригддаг Монгол банкны дэд ерөнхийлөгч, бас МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Н.Золжаргал гэх мэтээр бүгд холбогдсоор “Цагийн хүрд”-ийн захиалгат сурвалжлага болон хувирчээ.

Posted in ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Shuud сурталчилгаа

Posted by Ажиглагч on 2010/04/23

News.mn ба Shuud.mn-ийн өрсөлдөөн энэ хаврын Улаанбаатарын гадуур сурталчилгааны  нэг онцлог байлаа. Зөвхөн компьютер асааж Интернэтэд холбогдон хаягийг бичихэд дэлгэцэн дээр нээгддэг сайтууд гудамжинд гарч  ирсэн нь манай хэвлэл мэдээлэл хэрхэн өөрчлөгдөж хаашаа чиглэж явааг харууллаа. 

Сурталчилгааг news.mn эхэлсэн боловч  shuud.mn араас нь нэхэн гүйцэж түрүүлээд нийслэлийн хэдэн ашигтай байрлалыг хориод хоног эзэгнэлээ. Хажуугаар нь “Үндэстний тойм” сэтгүүлийн  хэдэн самбар  арай ядан цухалзаж харагдсан.

Read the rest of this entry »

Posted in + СЭТГҮҮЛ, ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | Leave a Comment »

Твиттерч үгүй нам байна

Posted by Ажиглагч on 2010/03/31

Нэг удаад 140 тэмдэгтэд буюу барагцаалбал хорин үгэнд багтаан “”Хүн төрөлхтөн хаашаа явж байна аа”-гаас эхлээд “Явж унтлаа” хүртэл юу санаанд орсноо зурваслаад орхиж болох твиттерийг ашигладаг улс төрч манайд хэд хэд байна.  Following хэмээх бичил зургуудаар өөр хоорондоо холбогдсон байхыг сэмхэн дагаж явсаар тэдний жагсаалтыг гаргаж үзсэн юм.

http://twitter.com/elbegdorjМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

http://twitter.com/gbatkhuuУИХ-ын дэд дарга Г.Батхүү

http://twitter.com/tolin555 – дахиад УИХ-ын дэд дарга Г.Батхүү

http://twitter.com/AmarjargalRУИХ-ын гишүүн Р.Амаржаргал

http://twitter.com/boldluУИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Лу.Болд

http://twitter.com/enkhboldzУИХ-ын гишүүн З.Энхболд

http://twitter.com/NBatbayarУИХ-ын гишүүн Н.Батбаяр

http://twitter.com/Temuujin_KhУИХ-ын гишүүн Х.Тэмүүжин

http://twitter.com/enkhbatУИХ-ын гишүүн Д.Энхбат

Бас:

http://twitter.com/ArdchilsanNamАрдчилсан Нам

http://twitter.com/DCUMNАрдчилсан хүчний холбоо ТББ

http://twitter.com/oyunltЕрөнхийлөгчийн зөвлөх Ц.Оюунгэрэл

Уншлаа. Хэрэгтэй л юм байх даа. За яахав. Харин дан Ардчилсан Намынхан болохыг анзаарав. МАХН-ын данстай улс төрчдийн твиттер олдсонгүй. Тааралдвал хэлээрэй. Бас Иргэний зориг намын ганц улс төрчид твиттер хаяг алга. 

Бонус: http://twitter.com/asashoryuАсашёорюү Д.Дагвадоржийн твиттер.

Posted in Блог, ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | 3 Comments »

Манай Ерөнхийлөгчийнх дутахгүй …

Posted by Ажиглагч on 2010/03/26

Нэгэн уншигч ямар ч тайлбаргүйгээр http://www.president.mnhttp://www.whitehouse.gov гэсэн хоёр хаягийг бичээд үлдээжээ. Орж үзлээ.  Вэб сайтын бүтээн байгуулалтын салбарт Монгол-Америкийн хамтын ажиллагаа Ерөнхийлөгчийн түвшинд амжилттай хөгжиж байгааг мэдэж авлаа.     

        

Posted in ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | 4 Comments »

“Өнөөдөр”, New York Times хоёр юугаараа ижил вэ?

Posted by Ажиглагч on 2010/03/25

Өнгөрсөн өвөл “Өнөөдөр” сонин сайтаа шинэчилж ийм гоё болсон билээ. Тэгтэл Пунцагийн  Байка ихрийн өрөөснийг дор нь илрүүлж блогтоо  The New York Times гэж нэрлэсэн байлаа. Түүнээс хойш 2 сар өнгөрөхөд ийм байна.

Posted in "Өнөөдөр" сонин, ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | 1 Comment »

CNN шиг байя

Posted by Ажиглагч on 2010/03/25

Би эхлээд 2010 оны 3-р сарын 22-ны өглөөний 09  цагтай болон өөр хоорондоо уралдан нэгэн зэрэг нээгдсэн news.mnын шинэ хувилбар ба шинээр мэндэлсэн shuud.mn хоёрыг бие биенээ дууриачихлаа, харин хэн нь хэнийгээ бол хэмээн бодсон чинь http://bayasaa.com/ сайтад хариултыг хэлээд өгсөн байна. Энэ бол CNN.com. Харин shuud.mn шууд хуулаагүй хэдэн см бүтээлчээр ханджээ.

Posted in ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | 1 Comment »

Ерөнхий сайдын тоглосон реклам

Posted by Ажиглагч on 2010/03/23

Дөнгөж сая Ийгл ТВ-ээр гарсан Монголын уран сайхны киноны дундуур гэнэтхэн монголын №1 мэдээллийн сайт – http://www.news.mn–ын сурталчилгааны клип орж ирлээ. Саяхан шинээр төрсөн сайт өөрийгөө тунхаглан зарлалгүй яахав.

Хачирхалтай нь, Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболд өөрийн биеэр оролцож энэ сайтаас салдаггүй тухайгаа албан ёсоор хариуцлагатай мэдэгдэв.  Би уг нь түүнийг төрийн том ажилтай суудаг, мэдээ уншиж тоймлох жижиг сажиг ажлыг өмнөөс нь хийгээд өгчихдөг гэж бодсон маань ноцтой эндүүрэл байжээ. Зэрэгцээд УИХ-ын гишүүн С.Баярцогт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, гавъяат тамирчин Х.Цагаанбаатар, зууны манлай дуучин Б.Сарантуяа нар news.mn-ын фэн болохоо зарлав. Сүүлчийн хоёрын тухайд ямар ч асуудалгүй, харин Ерөнхий сайд тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнууд монголын олон сайтуудын нэгний сурталчилгаанд тоглох нь төрийн ёс жаягаас эхлээд зах зээлийн шударга өрсөлдөөнд яавч нийцэхгүй.

УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг гар утасны дөрвөн компаниас нэгийг таалж сурталчилгаанд нь тоглосноор энэ задгайрал эхэлсэн билээ. Одоо бусад нь “Би рекламанд тоглоно” гээд захиалга авахад хэн ч юу ч хэлж чадахгүй болжээ.

Posted in ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | 1 Comment »

Час улаан News

Posted by Ажиглагч on 2010/03/22

Нэлээд эртнээс зарлаад байсан www.news.mn сайтын шинэ хувилбарын анхны өдөр.  Хамгийн түрүүнд  час улаан өнгө нүд цоргив. Бас л улаавтар байсан санагдах өмнөх хувилбараасаа ийнхүү тод сайхан болжээ.

Зарим  нүүр, буланг тогшиж ороод гарсан эхний сэтгэгдэл гэвэл сайтын зохион байгуулалт нэлээд цэгцэрсэн нь таалагдлаа. Хуудсуудаа NewsPolitics, NewsBiz, NewsWorld, NewsArt … гэхчлэн жигдэлсэн байна. Даанч бүгдээрээ гадаад үгс. Манай том сайтууд арвин мэдээлэлтэй нь сайхан хэрнээ ертөнцийн бүх юмыг багтаах гэж хамсаар байгаад булан, гарчиг, холбоос нь ихдэж нүд эрээлжлэм юм болж хувирдаг тал бий.  Тэд сайт руугаа орсон хүн болгоныг “барьж аваад” төөрүүлэхийг хүсдэг гэмээр. Хаана юу байгааг бид байтугай өөрсдөө ч олохгүй. www.news.mn яахыг харж л байя.    

Уг сайт хэнийх болох, дарга цэргийн нэр алдар, газар дээрх хаяг сэлтийг агуулсан албан танилцуулга урьд нь ч байгаагүй, одоо ч алга. Баабар ба түүний дор нэгдсэн нийтлэлчидтэй шууд хэлхэлдсэн нь зөвхөн бизнес үү, эсвэл өөр учиртай юу, бүү мэд. Өнөөдөртөө “Бидний тухай”, “Холбоо барих”, “Үйлчилгээний нөхцөл” гарчгуудын цаана хов хоосон.

Архивын хуудсанд зөвхөн энэ оны нийтлэлүүд байх шиг. Он сар сонгох цэс тавьснаас үзэхэд өмнөхийг буцааж байршуулах биз. Интернэтэд өдөр шөнийн 24 цагт дэлхийн бөмбөрцгийн хаанаас ч хамаагүй ороод хүссэн мэдээллээ авахад саадгүй гэдэг. Тэр үнэн. Гэхдээ заримдаа хүссэн мэдээлэл маань алга болчихож мэдэхнээ? 

Posted in ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | 4 Comments »

NEWS[.mn]-гүй 12 цаг …

Posted by Ажиглагч on 2010/03/21

Дөнгөж сая www.news.mn рүү шагайтал ийм тайлбар зүүлттэй байх юм. Амралт, ажлын зааг төдийгүй өдрийн сайн – ертөнцийн өдөр, шөнө тэнцэх 3-р сарын 21-22-ныг сонгож энэ оройн 21 цагаас түр хаагаад маргааш өглөө гэхэд цоо шинэ сайтаар угтах юм байна.  Ойр зуурын өөрчлөлт хийж өнгө будаг солих төдийд ингэж хаахгүйсэн. Зөвхөн www.news.mn  хаягаараа танигдах биз.

Posted in ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | Leave a Comment »

Торны цаадах Интернэт

Posted by Ажиглагч on 2009/11/24

Би эхлээд нүдэндээ итгэсэнгүй. Ямар Куба, Хойт Солонгос биш дээ.

МУИС-ийн 2-р байрны 3-р давхарт оюутнууд торны цаанаас Интернэтэд орж байх юм Энд хувилж олшруулах үйлчилгээ явуулдаг цэгийн эзэд оюутнуудыг төдийлөн таашаадаггүй мэт санагдлаа. Өөрсдөө байшин дотор байшин буюу ТҮЦ барьж суурьшаад зөвхөн жижигхэн цонхоор харьцдаг төдийгүй борлуулдаг номнуудаа шилний цаанаас, харин Интернэтийг давхар торны цаанаас үзүүлэн орлого олж чаддаг аж. Ёстой нөгөө “Шилний цаанаас  долоолгов”.

Компьютер болгоны дээр “Хулгайчаас эд зүйлсээ болгоомжил!” хэмээн  дурайлгажээ. Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудын халаас цүнхэнд санаа тавихаас өөр санаа зовох юм байна шүү!

Оюутнуудын хувьд компьютерийн урд суух мэтийн “хэт тансаг” юм бодолтгүй. Интернэтээс татаж авсан файлаа флашанд хуулж авмаар санагдаж жижиг цонх руу аймшиггүйгээр очиж шагайвал компьютерийн ханиад томуу яриад буцаах биз. Иймээс компьютерийн хулгана, гар хоёрыг нүхээр шургуулан хэрэглүүлж байгаа нь их юм гэж бодохоос.   

Read the rest of this entry »

Posted in ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО, МОНГОЛЫН АМЬДРАЛ | 19 Comments »

Эн Жи Эн ба Эф Зоон

Posted by Ажиглагч on 2009/10/25

Гэрийн суурин телефон утасны үйлчилгээ сүүлийн үед ихэд өөрчлөгдөөд байх шиг. Гэхдээ ихэнх хэрэглэгчид 34, 35, 45, 63, 68 мэтийн зургаан тоотой дугаарыг 70-аар эхэлсэн 8 оронтоор сольдог болсон гэдгээс цааш мэддэггүй, иймээс хуучин “гоё” дугаарыг илүүд үздэг хэвээрээ. Саяхан шуудангийн хайрцгаар тараасан “Монголын цахилгааан холбоо” ХК-ийн хэвлэмэл сурталчилгаанд  суурин утасны шинэ үеийн технологи нь дүрсээ харж ярихаас эхлээд 33 төрлийн нэмэлт үйлчилгээтэй гэжээ. Даанч үүнийгээ хүмүүст олигтой хүргэж чадахгүй байх шиг санагдав.

Наад зах нь оновчтой нэр алга. NGN гэж чамирхсанаас биш түүнийгээ орчуулсан юмуу тайлбарласан зүйл огт алга. Хэрэглэгчид “манайх Эн Жи Эн тавиулаад” гэж дагаж пээдийх үү? Маркетингын ажилтнууд нь шинэ бизнест нэр хичнээн чухлыг мэддэггүй бололтой. Яахав, дахиад хэдэн жил хэрэглэгчдийг балбахад цээжилнэ гэж найдав уу?

Тэд суурин төдийгүй гар утасны үйлчилгээ эрхэлдэг гэнэ. Үүрэн телефоны 5 дахь операторын сураг дээрхэн сонсоддог байсан, тэр бололтой. 1900 MHz—ийн давтамж бүхий хөдөлгөөнт холбооны утас бөгөөд хамгийн бага тарифтай, сүлжээндээ мессэж нэг төгрөг, Интернэтэд холбогдоно гэх мэтээр олон ид шидийг амалжээ. Даанч нэр нь F Zone. Бас л тайлбар үгүй. Ямар дугаартай болохыг ч “нууцалжээ”. Зоон гэж Мобиком, Юнител, Скайтел, Ж-Мобайл компаниуд үйлчилгээнийхээ зөвхөн нэг төрлийг нэрлэдэг. Тэгвэл МЦХ компанийн хэрэглэгч “Би Эф Зоон”-той болсон” тухайгаа гайхуулбал өөдөөс “Мобиком”-ынх уу гэж асууна.  Томъёон нэрнийхээ “ачаар” МЦХ өөрийгөө шууд жижигрүүлээд байх шиг.

Дээрээс нь энэ сүлжээ Монгол орныг хамарсан эсэхийг хэлсэнгүй. Зөвхөн Төв шуудангийн эргэн тойронд барьдаг утас юм уу?

Posted in Харилцаа холбоо | 3 Comments »

Үүрэн телефоны компаниуд ямар өнгөтэй вэ?

Posted by Ажиглагч on 2009/10/22

Тэдгээр компанийн лого, үйлчилгээний танилцуулга, хэвлэлийн болоод телевизийн сурталчилгаа, вэб сайт, үйлчилгээний танхимуудын гадаад, дотоод чимэглэл, ажилтнуудын хувцсыг хүртэл анзаарвал дараах өнгөтэй:

“Мобиком” – улаан (тэгэхдээ бүр час улаан)

Юнител – ногоон (нов ногоон)

Жи мобайл – шар (шав шар)

Энэ гурав тус тусдаа нэг л өнгийг дагнан ашиглаж өөрийн болгож чадсан. Лого зэрэгтээ хар өнгийг ашигладаг бол зөвхөн үндсэн өнгөө тодруулахын тулд.

Одоо Скайтел үлдчихлээ. Яагаад гэвэл дээрх гурав шиг өөртөө оноосон нэг өнгө үгүй, харин зэвхийдүү шар ба бүдгэвтэр цэнхэрийг холилдуулан ашигласныг анзаарлаа. Уг нь Скай нэрээ бодсон ч цэнхэр (цэв цэнхэр) юмуу хөх (хөв? хөх) өнгөөр дагнавал дээр бус уу? Тэр ч бүү хэл 2000 оны үед анх нээгдэхдээ лого, урианы уралдаан зарлаж “Хөх тэнгэрийн … холбоо” (эсвэл “Цэнхэр тэнгэрийн … холбоо”) гэснийг шалгаруулсан санагдана.

Скайтел –  цэнхэр (цэв цэнхэр)?

Мэддэг хүмүүс нь мэдэж байгаа байлгүй дээ…

Posted in Харилцаа холбоо, ЭД ЮМС, ЗАГВАР, ДИЗАЙН | Leave a Comment »

Эсвэл нээгээд … эсвэл хаагаад …

Posted by Ажиглагч on 2009/05/22

Өнөөдөр шөнийн 24 цагт буюу сонгуулийн сурталчилгаа дуусангуут http://www.news.mn сайт сэтгэгдлээ нээхээ зарлажээ. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн эхний өдрүүдэд тус сайтад тавьсан сонгуультай хамаатай төдийгүй хамаагүй нийтлэл болгоны араас залгагдсан сэтгэгдлийн хэсэгт хараал ерөөл, гүтгэлэг доромжлолын жинхэнэ дайн дэгдсэн тул 4-р сарын сүүлчээр хаачихсан юм.

Даанч хаасны ач тус нэг их гараагүй, учир нь МҮОНТ-ээс эхлээд бусад бүх телевизийн дэлгэц, сонины хуудсан дээрх МАХН ба АН-ын штабын бэлтгэсэн төлбөртэй нэвтрүүлэг, нийтлэлүүд тус сайт дээр үгээр бичсэн ямар ч сэтгэгдлээс илүү заваан, тэгэхдээ бүр өнгө будаг, дуу дүрстэйгээ байлаа.

Сонирхолтой нь, news.mn сайт сэтгэгдлээ нээх яг тэр 24.00 цагаас сонгуулийн сурталчилгааг хуулиар зогсоож байгаа билээ. Чухам хуулийн энэ заалтыг “үндэсний портал” http://www.GoGo.mn ишлэж байгаад өнөөдрийн 18.00 цагаас эхлэн сонгуулийн санал хураалтын дүн мэдээ гартал сэтгэгдэл бичих үйл явцыг хаахаар болжээ. 18 цагаас ч байхдаа яахав. Ноднин 7-р сарын 1-ны дараа онц байдал тогтоох тухай Ерөнхийлөгчийн зарлигаар хэвлэл мэдээллийг хаахдаа FM-үүдийг мартчихсан юм билээ. Гэтэл СТӨ-нд байрладаг зарим FM шатаад дуугаа хураасныг бусад FM-үүд сонсоод (өөрөөр хэлбэл сонсоогүй тул) “ухамсраараа” нэвтрүүлгээ зогсоосон гэдэг. GoGo.mn үүнийг санагдуулчихлаа.

Тэгтэл http://www.olloo.mn сайт өнөөдөр сэтгэгдэл авахаа гэнэтхэн зогсоочих юм.  Сонгуулийн кампанийн туршид хаах байтугай цензургүй байлгасан санагдана. (Шалтгааныг таамаглаж байна. Гэхдээ дараа хэлнэ ээ)

Ингээд сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдөр монголын Интернэтэд сонин сонин юм болохнээ.

(Би бас сэтгэгдэл авахаа зогсоодог юм билүү? Даанч блогийн сэтгэгдлийг яаж хаадгийг сайн сураагүй байдаг..)

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | 7 Comments »

Домэйн нэрний түрээс эхэлжээ

Posted by Ажиглагч on 2009/05/10

Одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын сонгуулийн сурталчилгааны албан ёсны сайт http://www.enkhbayar.com байгаа нь сонин санагдлаа. Тодруулбал, mn ба сom сайтуудын аль алиныг авч чадаагүй, ингээд гадаад хүмүүсийн эзэмшдэг энэ хаягаар сайтаа байрлуулжээ. Эзэдтэй нь тохиролцсон биз. Тэр эзэд нь Монголд бизнес эрхэлдэг (лав 40 мянгатын “Амстердам” бар) голландчууд бөгөөд одоо ч нэр дээрээ байлгасан хэвээрээ. Харин Элбэгдорж бас http://www.elbegdorj.mn ба http://www.elbegdorj.com гэсэн домэйн нэрүүдийг давхар эзэмшиж одоо аль аль хаягаар сурталчилгааныхаа ижилхэн сайтыг байрлуулсан байна.

Үүнээс үүдээд манай улс төрчид өөрсдийн нэртэй домэйныг эзэмшдэг эсэхийг сонирхлоо. Монголд нэг ижил нэртэй хүн хэдэн мянгаар тоологдох тул зөвхөн том дарга, улс төрч эзэмших албагүй ч тэд бусдаас илүү өөрсдийгөө сурталчлах шаардлагатай учраас өрсөөд авчихсан байх магадлалтай. Хамгийн түрүүнд Ерөнхий сайд С.Баярынхыг үзвэл (http://www.bayar.mn) аль эрт алдчихсан нөхөр байна. Хэзээ нэгэн цагт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл яана? Харин өнгөрсөн сонгуулиар http://www.sbayar.mn сайт ажиллуулсны (одоо хаагджээ) домэйн нэрний эзэмшлийг сонирхвол Оршихийн Сумъяабаатар гэж хүний нэр гарч ирлээ.

Бас ноднингийн УИХ-ын сонгуулиар http://www.batbold.mn хаягаар гадаадад төгссөн, гадаад харилцааны мэргэжилтэй, тэгээд Гадаад хэргийн сайд, бас лиценз зэрэг энэ байтугай ховор юмыг сэмхэн цуглуулдаг Сү.Батболдынх биш, харин “хөдөөнөөс ирсэн” уяач гишүүн Су.Батболдынх байгаа нь сонин санагдаж билээ. Цааш ухвал http://www.batbold.mn-ын  жинхэнэ эзэн хоёр Батболдын алин ч биш, харин Цэдэнбалын Ариунбаяр гэж хүн байна. (Гэхдээ Сү.Батболд гишүүн http://www.subatbold.mn сайт нээсэн байсан ч одоо хаагджээ)

Манайд домэйн нэр түрээсэлдэг бизнес улс төрчдөөс эхэлж байх шиг.

Posted in 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | 1 Comment »

МҮОНТ, МҮОНР-г Интернэтээр шууд үзэж сонсож болно

Posted by Ажиглагч on 2008/12/08

nuonrt-internet-44

 Хоёр долоо хоногийн өмнө сэргэсэн МҮОНРТ-ийн http://www.mnb.mn сайт  тэргүүн нүүрэндээ хуучин мэдээтэй, телевизийн долоо хоногийн  хөтөлбөрийг эс тооцвол булангууд нь хов хоосон байгаа. Гэхдээ энэ  сайтаасаа бүх нэвтрүүлгээ ямар ч төлбөр хураамж нэхэхгүйгээр шууд  үзүүлдэг болжээ. Үүгээрээ нэвтрүүлэг болгондоо тоолуур тавьж мөнгө  нэхэж эхэлсэн, эсвэл Интернэт телевиз, live энэ тэр гэж худлаа залдаг  арилжааны зарим телевизийг давж гарлаа. Одоогоор UBS телевиз  нэвтрүүлгээ шууд гаргадаг ч гацаа ихтэй учраас “ядаргаатай” санагдсан. 

 Тэгвэл МҮОНТ-ийн хөтөлбөрийг ганц секундын саатлыг эс тооцвол ямар ч  гацаагүй тод сайхан гарахыг хэдэн оройн турш үзэж байна. Сайт хийдэг  сайн компанийг сонгож техникийн асуудлыг амжилттай шийдэв  бололтой. Мөн FM-ын 106.0 долгионоор явдаг Монголын үндэсний радио,  100,9 долгионы эзэлсэн P3 радиогийн нэвтрүүлгийг ч бас л шууд сонсгож  байна. 

 Ингээд МҮОНРТ яг өнөөдөр Интернэт радио, телевиз болчихсон байна. Татвар төлөгчдийн мөнгөөр бэлтгэж байгаа нэвтрүүлгийг эздэд нь (дарга нарыг хэлээгүй юм шүү) ингэж үзүүлэхэд болохгүй нь юу байхав. Монголынхоо телевизийг зөвхөн Интернэтээр үздэг монголчуудад тун ч  хэрэгтэй.  Үүний зэрэгцээ “Гэрэлтэй цонх” хөтөлбөр гадаадад суугаа монголчуудын тухай булантай болсон байна.  

nuonrt-internet-14  nuonrt-internet-5nuonrt-internet-10  nuonrt-internet-8

P.S: МҮОНТ, радиогийн нэвтрүүлгийн сайн мууг  энд огт хөндөөгүй  юм шүү.

Posted in ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 6 Comments »

www.mnb.mn сэрэв

Posted by Ажиглагч on 2008/11/26

МҮОНРТ-ийн http://www.mnb.mn сайт 2008 оны 1-р сарын 14-нээс хойш шинэчлэгдэлгүй бүтэн жилийг үдэх шахсанаа сая сэргэж ажиллаж эхэлсэн байна. Одоогоор эхний нүүрний хэдэн мэдээ, нэвтрүүлгийн хөтөлбөрийг эс тооцвол бусад хуудсууд хов хоосон байна. Бас МҮОНТ-ын нэвтрүүлгийг шууд үзүүлж байсан боловч сүүлдэээ гацаад таг болчихов.  

Өнөөдөр UBS, TV5, TV9, 25-р суваг, НТВ гээд арилжааны гол гол телевизүүд аль эрт сайтаа байгуулж түүгээр дамжуулан өөрсдийгөө сурталчлаад зогсохгүй мэдээлийн хөтөлбөр, нэвтрүүлгээ зарж мөнгө олж эхэлсэн билээ. Тэгвэл олон нийтийн телевизэд сайн сайт хэд дахин илүү хэрэгтэй.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулинд “МҮОНТ нь үйл ажиллагааныхаа дэлгэрэнгүй тайланг өдөр тутмын сониноор, эсхүл нийтэд хүртээмжтэй бусад хэлбэрээр мэдээлэх бөгөөд тайланд дараахь мэдээллийг тусгана:
6.1.1. олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийн бодлогын хэрэгжилт, нэвтрүүлгийн хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл;
6.1.2. санхүүгийн жилийн тайлан, аудиторын дүгнэлт;
6.1.3. олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралтай байгуулсан гэрээний хэрэгжилт;
6.1.4. ирэх жилийн зорилт, хөтөлбөрт оруулах өөрчлөлтийн талаархи санал;
6.1.5. сонсогч, үзэгчдийн санал, хүсэлт, гомдлын талаархи мэдээлэл, тэдгээрийг шийдвэрлэсэн байдал
” гэж заасан байдаг.

Ийм тайлан өдөр тутмын сонинд нэг удаа гарсныг би үзсэн, харамсалтай нь илтгэл, танилцуулга тал руугаа хэвийсэн, бас санхүүгийн жилийн тайлан, аудиторын дүгнэлт гэх хэлэхээр юм олдоогүй. Сонин дээр дэлгэрэнгүй гаргахлаар их мөнгө төлдөг гээд олон нийтийн мөнгийг хэмнэсэн бол сайтдаа тавьчихмаар.

Яг өнөөдөр жирийн үзэгчид, олон нийтийн зүгээс МҮОНТ-тэй холбогдолтой мэдээлллийг хүссэн цагтаа авах, нэвтрүүлгийн дэлгэрэнгүй хөтөлбөр, танилцуулгыг үзэх, бас тэднийг Үндэсний зөвлөлд хэн хэн төлөөлж “хаагуур, ямар юмаа хийж яваа”-г мэдэх боломж алга байна. Сайтын өмнөх хувилбар дээр “МҮОНТ-ийнҮндэсний зөвлөлийн дарга Х.Чилаажавын “Илгээлт” гэсэн их зантай мэндчилгээнээс өөр юу ч байгаагүй.

Одоо http://www.mnb.mn сайт МҮОНТ-ийг үргэлж ил тод байлгах цонх болоосой.

Posted in ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 5 Comments »

Сонинууд vs Сайтууд

Posted by Ажиглагч on 2008/11/24

Монголд хэвлэгддэг сонинуудын нийтлэл, нэвтрүүлгээс хамаг сонирхолтойг нь авч тавьдаг вэб сайтууд нэлээд хэдэн жилийн өмнө гарч ирсэн билээ. Эхэндээ хилийн чанадад суугаа монголчуудад уншигдажх болсондоо сонины эзэд дуртай байсан биз. Гэтэл яваандаа хуулагч сайтууд тоймгүй олширч тэдний нэг – http://www.olloo.mn гэхэд компани байгуулж хувьцаа гарган хөрөнгийн биржээр борлуулж сүүлдээ реклам сурталчилгааг нь булааах болсон тул  өнгөрсөн долоо хоногт Монголын сонинуудын холбоо ба Монголын өдөр тутмын сонинуудын холбоо мэдэгдэл гарган хэвлэлийн хурал зарлаж “бидний тэвчээр барагдлаа. Одоо болсоон” гэж мэдэгдсэн билээ.  Сайтууд “бид хулгайлаагүй, гэрээ байгуулаад авч байгаа” хэмээн няцаахыг оролдож байгаа ч  тэдний ихэнх цаасан сониныг хуулж амьдардаг, гэрээ хэлэлцээртэй зарим нь сонинуудад юу ч төлдөггүй нь үнэн юм.  Сонины эрхлэгч нар урьд байгуулсан ганц нэг гэрээгээ тэр өдөр цуцалсан байна. 

Сонинууд ба сайтуудын хооронд ийм  маргаан үе үе дэгддэг боловч төдөлгүй гэрээ байгуулсан нэрээр эвлэрдэг байсан бол энэ удаа тэгэхгүй байх.  Дэлхий даяар сонины хувь ширхэг аажмаар боловч тасралтгүй буурч  сонин хэмээх мэдээллийн хэрэгсэл хаа сайгүй байр сууриа алдах болсон тэр хандлага манайд мэдрэгдэж байна. Сүүлийн 10-аад жилд өдөр тутмын сонинуудын нэр төрөл олширсон хэрнээ хувь ширхэг нь өсөхөө больсон.  Тэгтэл улс төрчид өгөөмөр аашилж мөнгөөр угждаг сонгуулийн энэ удаагийн цикл үндсэндээшувтарч  хэдэн арав, хэдэн зуун мянгаар  тусгай дугаар захиалахаа болив. Ядаж байхад эдийн засгийн хямрал эхэлж ирэх оны төсвөөс УИХ-ын гишүүд болон яам, агентлагийн удирдлагын өдөр тутмын хэвлэл захиалгын зардал 35.1 сая төгрөгийг хасчихсан.  Сонины эзэд бухимдах нь аргагүй. 

Уламжлалт сонинуудад Интернэт халтай мэт боловч түүнд дасан зохицохоос өөр арга байхгүй.  Улам олон уншигч үйл явдлын мэдээг цаасан дээрээс биш компьютерийн дэлгэцээс  уншихыг илүүд үзэх болжээ. Хаанаас ч хамаагүй учраас гадаадад суугаа монголчууд гэхэд Улаанбаатарт  гардаг сонины нийтлэлийг  биднээс их уншсан байдаг. Бас сайтыг цаасан сонин шиг хэн нэгэн аваад явчихгүй. 

Иймээс сонинууд нийтлэлүүдээ бусдад хуулуулахгүй мөртлөө өөрөөсөө харамлаад зөвхөн цаасан дээр архивлаад байвал хайран. Одоогоор “Өнөөдөр”, “Өдрийн  сонин”, “Зууны мэдээ”, “Зууны шуудан”, “Нийгмийн толь”, “Өнөөдрийн тойм“, “Улаанбаатар таймс” өдөр тутмын сонинууд сайттай (www.mongolnews.mn, http://www.dailynews.mn, http://www.zuuniimedee.mn, http://www.zuuniishuudan.mn, http://www.niigmiintoli.mn, http://www.unuuuder.mn, http://www.ubtimes.mn), гэхдээ зөвхөн “Өнөөдөр” сонин нийтлэлээ.pdf хэлбэрээр борлуулж мөнгө олж эхэлсэн. Гэтэл зарим сонины сайт шинэчлэгдэлгүй 3 дахь жилээ үдэж байна. Чөлөөт хэвлэл хоёр магнатын “Сэрүүлэг”, “Хүмүүс” сонинууд интернэтэд огт төлөөлөлгүй. 

Хэзээ нэгэн цагт сонин болгон цаасан ба онлайн гэсэн хоёр хувилбартай болж таарна. Хоёулаа адилхан байх албагүй, чухам энэ ялгаа аль алинаас нь мөнгө олох боломжийг эзэддээ олгох биз ээ.

Posted in + СЭТГҮҮЛ, ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | 1 Comment »

Монгол башё-гийн өмнөх газар хөдлөлт

Posted by Ажиглагч on 2008/08/27

Өнөө өглөө Байгаль нуурын орчимд 6 баллын нэлээд хүчтэй газар хөтлөлт болжээ. Тэр нь 9.35-ын үед Улаанбаатар хотод хүрч доргиогоод авлаа. Зарим өндөр барилгад чичрэлт мэдэгдэж ширээ сандал хөдөлсөн тул хүмүүс гудамжинд гарч хүлээзнэсэн байна.

Хэвлэл мэдээллээс энэхүү газар хөдлөлтийн талаар хамгийн түрүүнд МҮОНТ 11 цагийн мэдээгээрээ дуулгаж дүрсгүй цагаан мэдээ уншиж сонсгов. Бусад телевизүүд Монгол башё-г шууд дамжуулахад бэлтгээд завгүй байсан бололтой ямар нэгэн мэдээ гаргасангүй.

Үйл явдлыг хамгийн шуурхай мэдээлж чадах нь вэб сайтууд билээ. Эхлээд 10 цаг 02 минутад http://www.news.mn сайт маш товч мэдээлээд 11 цаг 06 минутад Онцгой байдлын ерөнхий газраас тайлбар авч тавьсан байна. Орос зүгт Булган Сэлэнгэд, нийслэлийн баруун дүүргүүдэд илүү мэдрэгдсэн гэнэ. Тэгвэл http://www.olloo.mn сайт 10 цаг 31 минутад энэ тухай товч мэдээг Байгаль нуурын газрын зурагтай тавьжээ. Улаанбаатарт эвдрэл хохирол гараагүй, нэмж чичрээгүй болохоор сайтууд дахин сонирхсонгүй.

Харин телевизүүд “Монгол баше” руу хандаж МҮОНТ, TV5, TV9, 25-р суваг, бас сумо “сонирхдоггүй” Ийгл шууд дамжуулан үзүүлэв. Зөвхөн башё дууссаны дараа 17 цагаас C1 телевиз газарт хөдлөлтийн талаар анхны дэлгэрэнгүй сурвлжлага үзүүлж араас бусад телевизүүд залган авлаа.

Posted in ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »

Өнөөдөр 2008 оны 8 дугаар сарын 8.

Posted by Ажиглагч on 2008/08/08

Хятадын нийслэл Бээжин хотноо зуны 29-р Олимпийн тоглолт нээгдэж байна. Энэ өдрөөр улс төрийн хоригдлуудыг суллах, хүний эрх, үг хэлэх эрх чөлөөг хангахыг энд тэндээс уриалж шаардаж байгаа билээ. Гэхдээ зөвхөн Хятадын биш, бас Монголын эрх баригчдаас шаардмаар байна. 

Бид “МАХН-ын байр дуу дайрч орьё” гээд уриалсан, гэхдээ дайрч орох байтугай чулуу ч шидээгүй Г.Магнайг баривчилсан нь зөв буруу эсэх талаар маргалдаж болно. Тэгвэл уриалаа ч үгүй Ж.Батзанданг яагаад олон хоног суулгасан бэ?  Сүхбаатарын талбай дээр дуугүй суусан Г.Арслан, А.Саруул нарыг яагаад баривчлав? Тэд Ганц худагт хоригдогсдын ар гэрийнхэнтэй нийлж Сүхбаатарын талбай дээр чимээгүй суулт хийхээр Сүхбаатар дүүргийн Засаг дарга А.Амарсайханд хүсэлт гаргажээ. Уг нь жагсаал цуглаан ч биш, өдөр бүр 12-17 цагт чимээгүй суухыг хүссэн. Гэтэл “оролцох хүмүүсийн тоо тодорхойгүй” гэх мэт хөгийн шалтаг зааж бүртгээгүй аж. Уг нь Амарсайхан дарга жагсаал цуглаан хийх гэсэн иргэддээ үйлчилж, тоо цифр дутаад байвал дуудаад тодруулчих үүрэгтэй. Эсвэл  утасдаад асуусан ч яадаг юм. (Эвтэйхэн ярьчихаж болно доо: Сайн уу, Арслаан. Би Сүхбаатар дүүргийн Амарсайхан байна. Чи амарсан уу? Саяын сонгуулиар ядраа байлгүй дээ…. Хөөе, чиний бичгэн дээр хоёр тоо дутаад байна. Чи хэлээдэх, би нөхөөд биччихье… За, Чамтай цуг суулт хийх наад хүмүүсийн зарим нь настай хүмүүс байна лээ шүү. Наршчих вий дээ, сайн хэлээрэй. Наагуур чинь сахилгагүй юмнууд яваад үймүүлэх вий… Элдэв  асуудал гарвал утасдаарай. Миний утас: 9911…..За сайн суугаарай). Ганцхан минут хангалттай. Хэрвээ Монгол улс ардчилсан орон мөн юм бол иргэд жагсаал цуглаан хийх хүслээ хэлдэг, Засаг дарга бүртгэдэг байх учиртай. Гэтэл Амарсайхан дарга үүргээ биелүүлээгүйгээс болж цагдаагийн “машин” ажилдаа орж Арслан, Саруул хоёрыг 14 хоногоор баривчилж, маргааш нь бүдүүлэг цагдаа нар 80 настай эмгэн, таягтай хөгшин, хоёр хүүхэдтэй бүсгүйг чирж гудран цагдаагийн газарт аваачиж “дахиж суувал” жинхэнээр суулгахаар айлгасан байх юм.

Өнөөдөр юм л бол барьж хорьдог болохнээ. Жирийн иргэд үзэл бодлоо илэрхийлэх, үүний тулд жагсаж цуглах эрх чөлөөнд  шууд халдаж байна. Энэ бол бидний хувьд сонин хэвлэлд юмуу Интернэтэд бичиж нийтлэх, эсвэл телевиз радиогийн нэвтрүүлэг бэлтгэж явуулахыг хориглосонтой яг адилхан.

Интернэтэд вэб сайт эрхэлж, блог хөтөлдөг нөхөд өө!  Бидний үзэл бодол, харах өнцөг хичнээн өөр байсан ч хамаагүй Монголд иргэд жагсаал цуглаан хийх зэргээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалсан интернэтийн томоохон акцыг зохион байгуулах талаар бодож үзвэл ямар вэ? Жишээлбэл, 8-р сарын аль нэг өдрийг сонгон авч сайт юмуу блогныхоо тэргүүн нүүрэнд том уриалга  нийтлэх гэх мэт санаачлага гаргахыг уриалж байна.

Posted in 2008.07.01, ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | 8 Comments »

Онц байдлын үеэр Интернэтийг хаагаагүй сайн Ерөнхийлөгч …

Posted by Ажиглагч on 2008/08/07

7-р сарын 1-ны үйл явдлын дараа амь насаа алдсан 5 иргэний ар гэрийнхнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүлээн авч уулзах үеэр МҮОНТ-ийг хэдэнтээ дурдаад авчээ.

Тэдгээр иргэд МҮОНТ-ийн удирдлагад хандаж, хүмүүсийг буудсан хэрэг явдлын тухай нэвтрүүлэг хийлгэх хүсэлт  тавьсан боловч цаадуул нь тодорхой хариулт өгөлгүй бултчихжээ. Уг нь онц байдлын 4 өдрийн туршид амь үрэгдсэн хүмүүсийн талаар огт дуугараагүй, эхний өглөө 1-р эмнэлгээс санаандгүй хийсэн сурвалжлагаа ч дахиж үзүүлэхгүй хассан олон нийтийн телевиз нүглээ наманчилж энэ байтугай нэвтрүүлгийг санаачлагаараа хийчихсэн баймаар. Тэнд онц байдал өнөөдөр ч үргэлжилсэн хэвээр бололтой.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч “Би онц байдал зарлахдаа олон нийтийн санаа сэтгэлийг үймүүлэхгүйн тулд арилжааны телевизүүдийг хааж ганцхан МҮОНТ-ийг үлдээсэн, харин сонин хэвлэлүүд гардгаараа гарсан, FM радио, бас Интернэтийг яагаа ч үгүй” гэлээ. Юу  ярьчихав аа?!

Зарим FM-ийн байр үймээн самууны хөлд өртөж шатсаныг бид мэднэ. Гэтэл монгол телевизийн цамхаг дээр байрлуулсан антенныг нь ямар ч тайлбаргүйгээр унтрааснаас болж хэд хэдэн FM тасарчээ. Инээдтэй нь гэвэл, бусад FM-үүд дуугаа хураасныг мэдээд “тэгэх ёстой юм байлгүй” гээд эфирээ хаасан “ухамсартай” FM байсан аж. Гэтэл зарлиг мутарласан Ерөнхийлөгч өөрөө үүнийг мэдээгүй тууж явна. “Яаж энэ улс орныг удирдана даа” гэж дуу алдмаар. Тэр өдрүүдэд FM-ийн антенныг хэн унтрааж Ерөнхийлөгчийн зарлигыг зөрчсөнийг шалгахад ч илүүдэхгүй.

Бас Ерөнхийлөгч онц байдлын өдрүүдэд Интернэтийг яагаа ч үгүй, вэб сайтууд чөлөөтэй ажилласан тухай хэлээд авсан. Баярлалаа, Ерөнхийлөгч өө. Гэхдээ Интернэтийг дэлхийн хамгийн хүчирхэг гүрний ерөнхийлөгч, таны анд Жорж Буш хүртэл хянаж чаддаггүй, нөгөө Бен ладен, “Аль Кайда” нь ална хядна  гээд онлайнаар заналхийлсэн хэвээр билээ. Бас Хятадын Шинжааны “Дорнод Туркестан” нэртэй алан хядагчид Олимпийн үеэр дэлбэлж шатаах мэдэгдлээ цацсаар байгааг Интернэтийг цензурдэх арвин туршлагатай Хятадын мэргэжил нэгт Хуа Жинтао ч болиулж чадалгүй Олимпоо эхлүүлж байх шиг. Харин манай Ерөнхийлөгчийн толгойд “олон нийтийн санаа бодлыг үймүүлэхгүйн тулд” Интернэтийг цензурдэх санаа төрсөн ч бүтэхгүйг нь мэдээд арилжааны телевизээс өөр юуг ч хориглоогүй сайн Ерөнхийлөгч болж харагдахыг оролдов уу? Тэгээгүй юм бол иймэрхүү дэмий юм ярихгүйсэн.

Posted in 2008.07.01, ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, FM радио | 3 Comments »

Эфирийг хааснаас биш Интернэтийг хаагаагүй

Posted by Ажиглагч on 2008/07/04

Онц байдал тогтоосноор сонин хэвлэлүүд хаагдаагүй ч нүдээр үзүүлж, чихээр сонсохыг орлохгүй. Гэхдээ Интернэт гэж Хойт Солонгос, Хятад, Иран зэрэг орны эрх баригчид л таглах гэж оролддог мэдээллийн эх захгүй орон зай үлдэж байгаа юм. Тэнд мэдээ, сурвалжлагаа секунд ч алдалгүй нийтэлж цаасанд баригдахгүйгээр чөлөөтэй хүргэж болно. Бас дуу чимээтэй бөгөөд хөдөлгөөнтэй дүрс бүхий бичлэгийг тэнд тавьж болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт Интернэтийг огт дурдаагүй ч эхний өдөр зарим сайт “сайн дураараа” өөрийгөө цензурджээ.  Жишээлбэл,  www.gogo.mn сайт “Монгол   Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган онц байдал зарласантай холбогдуулан GoGo.mn-ийн зүгээс Мэдээнд сэтгэгдэл бичихийг түр хугацаанд хаасан тул хэрэглэгч та бүхнээсээ хүлцэл өчье” гэв.  Монголдоо хамгийн том гэж ойлгогддог www.olloo.mn сайт  хүртэл санал сэтгэгдэл хүлээж авахаа ямар нэгэн тайлбаргүйгээр хаачихсан, тэр нь өнөөдрийг хүртэл үргэлжилсээр. Бас хэд хэдэн сайт бүр ажиллахаа больсон, тэдгээрийг хакердсан байж магадгүй гэлцэнэ.

МҮОНТ-ээс бусад бүх телевизийн эфир унтарсан ч Ийгл мэдээ, сурвалжлагуудаа бэлтгэсэн хэвээрээ төдийгүй www.eagle-tv.mn сайтдаа тавьж цацаж байна.  Урьд нь тус телевизийг эфирээр үзнэ гэдэг бол хэзээ юу гарах нь мэдэгдэхгүй, реклам нь барагдахгүй ядаргаатай ажил байдаг. Тэгээд ар араас нь залгуулсан мэдээ ярилцлагаар толгой эргүүлж байгаад христийн сурталчилгаагаа “шахдаг” аргатай билээ. Харин Интернэт дэх Ийгл-ийг дуртай цагтаа үзэж болох учраас миний хувьд амар санагдлаа.

Гэхдээ МҮОНТ-ээс бусад телевизийг хаачихаад байхад нэвтрүүлгээ Интернэтээр цацаж болох уу, үүнийг нэвтрүүлгээ явуулж байгаатай адилтгах уу гэсэн  асуулт төрж байна. Ямар ч байсан манай эрх  баригчид “Ийгл” телевизэд “боль” гэж халдах байтугай  “болино уу” хэмээн хандаж ч чадахгүй биз ээ. Яагаад гэвэл “Ийгл” телевиз америкийн хөрөнгө оруулалттай.

Бусад телевизүүдээс “25-р суваг”, TV5 ба UBS телевизүүд 7-р сарын 1-нээс хойш  сайтаа шинэчлэхээ больсон бол TV9 телевиз дүрсгүй “цагаан” мэдээ хэдийг тавьж “Гүүс Хиддинк гавьяат дасгалжуулагч болжээ” гэсэн асар чухал мэдээг хамгийн эхэнд залсан харагдав.

Posted in 2008.07.01, ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО, Ийгл телевиз, TV9 телевиз | Leave a Comment »

Зохиогчид нь хүртэл хянах боломжгүй Интернэт гэгч энэ дээ

Posted by Ажиглагч on 2008/02/22

Лхагва гариг болгон “Өдрийн сонин”-д нийтлэгддэг Баабарын өгүүлэлд хэн нэгэн хариу бичсэнийг санахгүй юм байна. Луйварчнаар дуудаад байхад ч “тэсдэг”. Харин өнгөрсөн долоо хоногийн  ээлжит өгүүлэл – “Завсардсан үеийнхэн”-д филосифч С.Молор-Эрдэнэ “Завсардсан Баабар” гарчигтай хариу бичжээ.  Түүндээ Баабарыг эрдмийн цол хэргэмгүй гэж голоод зарим нэр томъёог буруу зөв хэрэглэснийг анхааруулж “завсардсан үеийнхэн” гэдгээ шинжлэх ухааны үндэстэйгээр нотолж чадсангүй хэмээсэн байна.  Хоёр зууны зааг дээр улс төрд орж ирсэн залуучууд ямаршуу нөхдүүд болохыг дүрслээд “завсардсан үеийнхэн” нэр оноосон нь Баабарын өөрийн хэрэг. “Баабар тэгэж үзжээ” гэж бодоод өнгөрөхөд л хангалттай. Түүнийг заавал конспектлох юм уу шинжлэх ухааны нээлт болгон судалж толгойгоо зовоох албагүй. Харин эрдэмтэн Молор-Эрдэнэ Баабарын нийтлэлийг (зүгээр л нийтлэлийг!) няцаахаар шийджээ. Эрдэмтэн дуугарч байхад юу ярихав. Харамсалтай нь дээрх нөхдүүдийг “завсардсан” биш гээд тайлбарлах, эсвэл “завсардаагүй үеийнхэн” гэдэг ч юм уу нэр томъёо дэвшүүлсэнгүй. Үргэлжлэл байгаа гэж найдья.  

“Завсардсан Баабар” өгүүлэл ”Зууны мэдээ” сонины тэргүүн нүүрэнд захиалгатай  ч юмуу гэж ойлгогдохоор хүндэтгэлтэй нийтлэгдсэн билээ. Тэр оройдоо www.news.mn сайтад тавигдахдаа Баабарын таван зүйл хариултыг ардаа зүүсэн байлаа. Харин дараа өдрийн сонинуудад яг ингэж хосоороо нийтлэгдэв. Үүгээр Баабар, Молор-Эрдэнэ хоёр бие биендээ хандсан үгс дуусч, тэд дахиад ганц ч үг ганхийгээгүй билээ.  

Харин мэтгэлцээ тэр хоёрын хяналтаас нэгэнт гарч Интернэтэд Баабар, Молор-Эрдэнэ үгүйгээр үргэлжиллээ. Эргээд харахад “Завсардсан үеийнхэн”, “Завсардсан Баабар”, Баабарын хариу гурвыг уншигчдын  (Интернэт хэрэглэгчид биш уншигчид гэвэл зохилтой) сэтгэгдлүүдгүйгээр ойлгох боломжгүй болжээ.  Яагаад гэвэл Баабар, Молор-Эрдэнэ хоёр өөрсдөө хэлээгүй, хэлж чадаагүй, магадгүй чадах ч үгүй тийм зүйлийг уншигчид хэлчихсэн билээ.   

Ганц нэгхэн жишээ.  

Энэ Молор гэгч бичсэн юмаа бүх сонин болон сайтад тараажээ. Анхных нь Ерөнхийлөгчийн Зууны мэдээд нэгдэх өдөр гарсан. Харин хоёр дахь өдөр зарим сонингууд Баабараас асуусан болов уу, араас нь комент хэлжээ. Бүх сайтуудад очсон. Ингэхээр энэ соёлтой маргаан биш, зүгээр л хэн нэг нь мөнгө төлсөн довтолгоон байна. Харин Захиалагч тун ч ядуухан тэнэг амьтан хөлсөлж дээ 

Дээр үед С.Лочин гэж зохиолч байв. Их сургуульд оюутан байхад нь нутгийн Л.Түдэв онгироож байгаад Ренчин докторын эсрэг өгүүлэл бичүүлжээ. Нам засаг Ренчин гуайд дургүй байсан учир хөөрхий залуугийн бичвэрийг сонингоор нэг тавих нь тэр. Харин ард түмэн Ренчиндээ хайртай учир Лочинг насаар нь шахсан даа. Одоо хэнд ч тоогддоггүй нэг өвгөн бий, залуудаа бусдын хатгаасаар юм бичиж насаараа амьтанд адлагдсаныгаа нөхөж баршгүй алдаа гэж ярьж суудаг. Тэрэнтэй их адилхан болжээ. 

Би эхлээд Молор-Эрдэнийг ийм олон сонинд тавиулаад захиалгаар бичжээ гэж бодож байлаа. Алдсан байжээ. Анх гарсан Зууны мэдээгээс бусад сонинд дандаа эхлээд нийтлэлийн хэвлээд доор нь дандаа Баабарын хариуг хэвлэсэн байна. Баабар л ингэж хэвлүүлж чадна. Молор-Эрдэнэ Баабарын хариуг оруулаад мөнгө төлж хэвлүүлнэ гэж үгүй. Баабар Молор-Эрдэнийн нийтлэлд маш их ач холбогдол өгч ажилласан байна. Тө өөрөө дүгнэ.  

Захиалгагүй болоод зэрэг зэрэг 4-5 сонинд хэвлүүлдэг болж байна уу? Бүх сонинд төлбөрийг нь өгсөн байна

Ха ха ха Бүх сонин вэбээс авсан байна. Асуугаарай. Харин тэд Баабарын эсрэг биш, сонирхолтой учраас гаргасан гэлээ. Ухаанаараа уралд. Бүү муу хэл.  

Зохиогчид нь хүртэл хянах боломжгүй Интернэт гэгч энэ дээ.

Posted in ИНТЕРНЭТ, ХАРИЛЦАА ХОЛБОО | 2 Comments »