АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for the ‘ДЭЛХИЙ: Улс орон, байгаль, газар зүй’ Category

Мөрөөдөл биелдэг юм байна

Posted by Ажиглагч on 2012/12/08

Энэ өвөл их хүйтэн байна. Надад ер бусын хүйтэн болж байгаа мэт санагдах юм. Хотын, тэр тусмаа хотын төвийн би нэг байшингаас гараад нөгөөд орох зуур нүүр амаа хайруулчих гээд л… Хөдөө яваагүй. Бодохоос дотор жирсхийнэ.

Хоёр жилийн өмнө Филиппин улсад очиж билээ. Номхон далайн дундах 7000 арал тэр чигээрээ ойгоор хучигдсан халуун  орон.   Манайхны газрын диваажин гэлцэж өвөл зунгүй цувдаг Хайнань аралтай нэг өргөрөгт болохоор бас л диваажин юм байлгүй. Гэхдээ даанч халуун. Өглөө гадуур гарсан, өдөр байшинд орсон, шөнө буудалдаа унтсан ялгаагүй бөгчим. Ганц аврал бол “кондишн”. Тэр нь хаа сайгүй зүүлттэй. Манайд дулааны станцууд орон байрыг халаах гэж, харин тэнд хөргөх гэж эрчим хүч үйлдвэрлэдэг, айл өрх, байгууллагууд түүндээ маш их зардал гаргадаг. Зарим ядуучууд сэрүүцэхийн тулд том дэлгүүрээр хэсдэг гэж ярихыг сонссон.

Кондишн бол үнэхээр аврал. Гэхдээ дэндүү чимээтэй. Буудлын өрөө болгонд зогсоо зайгүй хүнгэнэх учраас унтах арга үгүй. Унтраагаад хэсэг зуур нам гүм болгосон ч хэдхэн минутийн дараа бүтэж үхэхгүйн тулд залгаж аврагдана… Филиппин явсан бусад хүмүүс, бүр экватор давсан монголчууд эсэн мэнд буцаад ирдэгийг бодоход би л ганцаараа халууныг тэсвэрлэдэггүй байж магад. Юутай ч тэнд хоёр, гуравдахь шөнөө унтаж ядаад сүүлдээ “даарах юмсан” гэж мөрөөдөж билээ.

Энэ өвлийнхөөр бол, мөрөөдөл биелдэг юм байна.

12-р сарын 21-нд дэлхий сөнөхгүй, харин хамгийн урт шөнө төгсөж маргаашнаас нь өдөр уртсаж эхэлнэ. Хаврын урь, нялх ногоо, зун цаг айсуй, гэхдээ яаж ч халаад кондишн залгахгүй ээ.

… Сэр сэр салхилсан
Сэрүүн бумбын орон
Бур бур салхилсан
Бурхан бумбын орон… гэж энэ дээ.

Бас Инжинашийн “Хөх сударт” жагсаасан монгол газрын арван сайн дээр сүүлийн үед “цунами болдоггүй цул газар” гэж нэмэгдээд байгаа.

Миний Монгол сайхаан.

Posted in ДЭЛХИЙ: Улс орон, байгаль, газар зүй | Leave a Comment »

Швейцарь (голдуу автобусны цонхоор)

Posted by Ажиглагч on 2011/02/05

Нэгдүгээр сарын сүүлчээр миний бие “Ил тод байдал” сан ТББ-ынхаа шугамаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Швейцарийн холбооны улсад хийсэн ажлын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж тав хоног яваад ирсэн юм.  Төрийн ил тод байдал, төсвийн нээлттэй байдал, хариуцлагын чиглэлээр ажиллаж байгаагийн хувьд швейцарын шууд ардчиллыг газар дээр нь үзэж хэдэн чухал санаа олж авлаа. Зарим шинэ арга, зарчмыг би өөрөө зохицуулагчаар нь ажилладаг “Иргэд төсвөө хянана” сүлжээгээр  дамжуулан нэвтрүүлж үзнэ дээ.

Айлчлалын талаар дагалдаж явсан телевиз, сонины сурвалжлагчид өдөр өдрөөр үзүүлж харуулсан ба одоо араас нь гүйцээн тайлбарлаж (миний ярилцлагыг хүртэл багтаажээ) байгаа. Иймд албан ажлыг орхиж гурав хоногийн турш төлөөлөгчдийн хамт Швейцарийн хэдэн хотын хооронд явахдаа автобусны цонхоор голдуу авсан хэдэн зургаа тайлбартайгаар нийтлэв.    

 

Үргэлжлэлийг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in ДЭЛХИЙ: Улс орон, байгаль, газар зүй | 4 Comments »

Астанагийн гудамжинд би ганцаараа …

Posted by Ажиглагч on 2010/11/24

1991 оны 12-р сарын нэгэн хүйтэн өдөр СССР гүрэн гэнэт задарч тусгаар тогтнол нь 2,7 сая километр квадрат нутаг дэвсгэртэй хамт гар дээр нь унасан Казахстан улс нийслэлээ нутгийнхаа хамгийн урд хязгаар Алма-Атагаас хойшоо, гүн рүү нүүлгэхдээ хуучнаар Целиноград хотыг сонгож Астана (казахаар “нийслэл”) хэмээн нэрийдсэн түүхтэй.

Би өнгөрөгч 11-р сарын эхээр Астана очихдоо “бүтээн байгуулалт”-тай нь танилцсан юм.

1. Хааных шиг тэр гоё ордон бол Ерөнхийлөгчийн буюу Назарбаевын ордон юм. Энэ зун Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж түүнийг “Үндэстний удирдагч”-аар өргөмжилжээ. 

Дахиад 21 зураг бий, үзээрэй.

Read the rest of this entry »

Posted in ДЭЛХИЙ: Улс орон, байгаль, газар зүй | 7 Comments »

Сухэ-Батор көчөсү / Улица Сухэ-Батора.

Posted by Ажиглагч on 2010/11/15

Энэ бол 10- р сарын сүүлчийн өдөр Кыргызстан улсын нийслэл Бишкек хотын захдуу дүүрэгт миний санаандгүй илрүүлсэн гудамжны нэр юм. Хаа байсан Монгол, хэдэн оны Сүхбаатар, гэтэл энд ийм нэртэй гудамж байж байдаг!

Лав 1990 оноос өмнө социализм байгуулж ах дүүс болж найрамдан халуурч явсан тэр үед Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Фрунзе (тэр үеийн нэр) хотын захиргаа тогтоол гаргаж хаяг хадсан, магадгүй Монголоос ирсэн төлөөлөгчид оролцсон цуглаан зохиож улаан тууз хайчилсан биз. Манайхан очиж тохижуулж өгөөгүй, зүлэг мод тариагүй нь мэдээж.

Сэтгэл бяцхан догдолж хажуугаар өнгөрөх ганц нэг хүнээс энэ гудамжны үүх түүхийг асууж яриа өдөхийг оролдсон ч бүгд толгой сэгсэрч, харин нэг орос залуу надад туслахыг ихэд хичээн кыргызийн “богатырь” байх хэмээн таамаглаж өгөв.

Ингээд Сүхбаатарынхаа гудамжаар нааш цааш хэсэг алхсанаа тайлагная.

Read the rest of this entry »

Posted in ДЭЛХИЙ: Улс орон, байгаль, газар зүй | 4 Comments »

Хятад сэтгүүлүүд

Posted by Ажиглагч on 2009/09/18

Бээжин сууж, би бас сууж байснаа саяхан тийшээ явахдаа сонины мухлагуудыг анзаарч хэдэн зураг дарснаа сонирхуулья. [Уг нь томоор авсан тод зургууд боловч зайндаа тааруулж багасгав].

Hyatad setguul kiosk (1)

Read the rest of this entry »

Posted in + СЭТГҮҮЛ, Гадаадын хэвлэл мэдээлэл, ДЭЛХИЙ: Улс орон, байгаль, газар зүй | 4 Comments »

Уулзаад явжээ. Хоноогүй л болохоос биш…

Posted by Ажиглагч on 2009/05/14

ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт бараалхсан тухай дүрстэй товч мэдээг  өнөө өглөө ганцхан телевизийн мэдээллийн хөтөлбөрөөс олж үзлээ. Айлчлалын үеэр телевизүүдийг хэтэрхий дэглэснээс болж сурвалжлагуудыг сурвалжилсан би Путиныг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахгүй явчихжээ гэж гомдох шахлаа шүү.

Posted in ДЭЛХИЙ: Улс орон, байгаль, газар зүй | 5 Comments »

Уулзаад, бас хоноод явахгүй дээ…

Posted by Ажиглагч on 2009/05/13

Өнөөдөр үдээс хойш ОХУ-ын Засгийн газрын дарга В.Путин Монголд айлчлаад оройдоо багтаж ниссэн байна. Би ихэнх улаанбаатарчуудын адилаар яг айлчлал болж байгааг зөвхөн зурагтаар харав.

Путины онгоц 15 цагийн үед Улаанбаатарт газардахад “Ийгл” телевиз өөрийн алдарт шууд сурвалжлагаа эхэлсэн ч камер нь Чингэс хаан олон улсын нисэх буудалд биш, харин Төрийн ордны хашааны бүр гадна зоолттой байж баахан хүлээлт үзүүлж хүлээлгэв. Ингээд 16 цагийн үед Төрийн ордонд хоёр орны Засгийн газрын тэргүүний хэлэлцээр эхэлсэн тухай сурвалжлагыг “Ийгл” дээр нэмж TV5 телевиз үзүүллээ. Эхлээд сэтгүүлч Дагиймаа дэлгэц дүүрэн чалчиж эхлэхэд нь Путин, Баяр хоёрыг яриулахгүй нь гэж айсан шүү. Ашгүй тэгэсхийгээд больсон.

Дараа нь С.Баяр, В.Путин зэрэгцэн зогсож урдуур нь хоёр орны сайд дарга нар ээлжлэн ширээнд сууж баахан хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолыг МҮОНТ ба TV5 телевиз шууд дамжуулан үзүүллээ. Зөвхөн энэ хоёр телевизэд онцгой эрх олгожээ. Бас монгол, оросын зөвхөн нэг нэг сэтгүүлчид асуулт тавихыг зөвшөөрсөн байв. Хоёр талаасаа хэтэрхий цензурдсэн үү, бүү мэд хал балгүй жол асуултууд тавигдав. Дашрамд хэлэхэд монгол орчуулагч (эмэгтэй) маш сайн, харин оросын талын орчуулагч нь гацаа ихтэй байв. Түүний орчуулгыг Путин хэд хэдэн удаа тасалж дараачийн өгүүлбэрээ хэлж байв.

“Ийгл” телевиз яг энэ арга хэмжээг сурвалжилж чадаагүй болохоор айлчлалын талаар үзэгчидтэй ярилцав. Хамгийн эхэнд холбогдсон үзэгч “Энэ бол Баярын гуйлтаар хийж байгаа айлчлал. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой шоу” гэж хэлээд дараачийн бүх үзэгчдэд толгой түрүүгүй загнууллаа. Гэхдээ В.Путин өөрөө “Монгол Улсын Ерөнхийлөгч бол олон улсын тавцан дээр нэрд гарсан хүн, манай орны анд нөхөр” гэж хэлээд авсан шүү.

2005 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Монголд бас л буугаад мордоход оросын сонинууд “Монголчууд АНУ-ын хүсэлтээр Иракт цэргээс илгээсний төлөө баярлалаа гэж хэлэхэд Бушт тав, зургаан цаг хангалттай байлаа” хэмээн бичсэнийг санаж байна. Энэ удаад Монгол Улс Оростой төмөр зам-ураны хамтарсан компани байгуулахыг зөвшөөрснийг сайшааж, хажуугаар нь Н.Энхбаярын талаар хэдэн үгийг хэлэхэд В.Путинд бас л төдийчинээн хугацаа элбэг хүрэлцэв.

Гэхдээ Путин Н.Энхбаярын нутагт нь ирж, бүр ордонд нь орж ирсэн мөртлөө түүнтэй уулзахгүй явлаа гэж ойлгосон. Үнэн үү? (Зөвхөн ОХУ-ын төмөр замын РЖД компанийн ерөнхийлөгч В.М.Якунин бараалхав гэсэн мэдээ байв). Монгол айлчлах сураг дуулдангуут зарим монголчууд “сонгуулийн өмнө Н.Энхбаярыг дэмжихээр ирэх нь” гэж баахан шуугисан тул орос зангаараа “яршиг” гээд больсон байж мэднэ.

Уулзаад, бас хоноод явахгүй дээ…

Posted in ДЭЛХИЙ: Улс орон, байгаль, газар зүй, Ийгл телевиз, Улс төр, эдийн засаг | 7 Comments »

Амьдрал гэдэг ийм эмзэг

Posted by Ажиглагч on 2008/03/16

earth-and-water-air-comparisen.jpg

Энэ зураг надад маш их сэтгэгдэл төрүүллээ. Эхний бөмбөрцөг дээрх жижигхэн бөмбөлөг бол гол мөрөн, далай тэнгисийн бүх усыг цуглуулж нийлүүлбэл ямаршуу хэмжээтэй болохыг харуулжээ. Дэлхийн гадаргын гуравны хоёрыг далай тэнгис эзэлдэг гэж дунд сургуульд үздэгсэн. Дараа нь дэлхийн дулаарлаас болж хүн төрөлхтөн усанд живлээ гэж далдуур айдаг болсон. Гэтэл дэлхийг бүрхэн цалгилсан ёроолгүй их далайн ус хүртэл дэлхийн гадаргыг нимгэхэн түрхсэн мэт өчүүхэн ажээ. Санаан дотроо тэр жижиг бөмбөлгийг дэлхийн бөмбөрцөг дээгүүр “түрхээд” үзсэн чинь хуурай газрын ихэнх хэсэгт хүрэхгүй янзтай. Дараачийн бөмбөрцөг дээрх дэлхийн бүх агаарыг бөмбөлөг болгон харуулжээ. Дэлхийг бас л нимгэхэн бүрхсэн өчүүхэн юм байна. 

Агаарыг бүү бохирдуул, озоныг давхаргыг битгий цоол гэдэг учиртай ажээ.

Posted in ДЭЛХИЙ: Улс орон, байгаль, газар зүй | 3 Comments »