АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Нэр, овог, албан тушаал

Posted by Ажиглагч on 2015/04/28

Улсын Их Хурлын чуулган, Төрийн ордны их танхимд тасрахаа больсон үндэсний чуулган нэртэй аварга том хурлууд, тэр дундаа энэ хаврын эдийн засгийн форумын индэр, тоо томшгүй олон семинар, бас телевизийн хэлэлцүүлэг, хэвлэл мэдээллийн ярилцлагыг үзэхэд манайхан монголын бүү хэл дэлхийн эдийн засгийг хямралаас яаж гаргахыг мэдээд байна. Төрийн өндөрлөгүүд, сайд дарга, албан тушаалтнууд би, бид, манай нам мэднэ, чадна гээд тас зуураастай. Тэгвэл өнөөдрийн энэ их гацаа, бүтэлгүйтэл, дуусч өгдөггүй шилжилт юуных вэ?

x               x               x

Одоогоос яг 80 жилийн өмнө буюу 1935 онд хойт хөршид нөхөр Сталин большевикуудын намын идэвхтний хурал дээр “Алдаа болгонд нэр, овог байх ёстой” хэмээн анх дуугарсан гэдэг. Хариуцлага алдвал толгойгоороо хариуцна шүү гэсэн үг. Шууд утгаараа. Үүнийг Ежов, Берия, Микоян нарын комиссарууд шүүрэн авч овог нэрээс гадна ажил, албан тушаал гэж нэмэв. Дээрх гурав өөрсдөө ямар ажил албатай байсныг санавал дарга, цэрэггүй хяргаад өгье гэсэн заналхийлэл. Араас нь зам харилцааны ардын комиссар Каганович хариуцсан салбартаа яв цав тааруулж “төмөр замын осол болгонд”, сүүлдээ “рельс төмрийн тав болгонд овог, нэр, албан тушаал бий” гээд гүйцээсэн түүхтэй.

1930-аад он гэхэд хувьсгал, иргэний дайн, хамтралжуулалт, өлсгөлөнг арай ядан туучиж европын орнууд, тэр дундаа ирээдүйн дайсан Германаас илт хоцрогдсон Зөвлөлт Холбоот Улс чухамдаа буруутанг шууд нэрлэдэг энэхүү харгис зарчимд тулгуурлан улс орноо асар түргэн үйлдвэржүүлж, төдөлгүй Эх орны аймшигт дайнд ялж чаджээ. Өнөөдрийн өндөрлөгөөс харвал, төмөр замын тав ховхрох бүү хэл элдэв осол сүйрэл, ялагдал ажилчин, цэрэг, даргаас илүүтэйгээр харалган бодлого, муу удирдлага, эцсийн дүндээ буруу тогтолцооноос улбаатай, буруутныг нэрлэ гэвэл Сталин, Иосиф Виссарионович, албан тушаал нь их удирдагч гэж эхэлсэн жагсаалт урсах байсан. Гэхдээ тэгээгүй, өнөөдрийнх шиг “комисс” байгуулж учир шалтгааныг дэнслээгүй, тэгье гэсэн ч дэлхийн дайн хэдийнэ ойртож нэгэнт хожимдсон байсан, ингээд сая сая амийг зольж байж улс үндсээ авч үлдсэн болж таарлаа.

x               x               x

Баруунд Сталиныхтай төстэй Name and Shame хэмээх зарчим байдаг аж. Энэрэнгүй сонсдож байвч тэд буруутанг хэрхэн шийтгэснийг сонсоход дан ичээгээд зогсдоггүй бололтой. Испанид шуудан зөөгч Габриэль Грандос гэгч нөхөр залхуураад 42 мянган захиаг хаягаар нь хүргэж өгөлгүй устгасныхаа төлөө 1972 онд 384 мянган жилийн хорих ялаар шийтгүүлж Гиннесийн номонд орсон байдаг. Тус улсын шуудангийн тогтолцоо нэг их буруутаагүй. Японд Фукушима-1 атомын цахилгаан станцын осолд цунами биш, TEPCO компани буюу хүмүүс буруутайг тусгай комисс тогтоожээ. Байгалийн гамшигт бэлэн биш байсан,  сандарсандаа буруу ажилласан гэж. Манайд бол цөмийн шинжлэх ухааны дутууг, Цөмийн энергийн газрыг олон удаа байгуулж буулгасныг, төгсгөлд нь дэлхийн дулаарлыг буруутгах байсан. Антарктидийн мөс хайлж Номхон далайн ус огцом нэмэгдсэн юм чинь. Харин Хятадад бол шууд л …

x               x               x

1990-ээд онд Улаанбаатарт траншейны тагийг ховхолж хоёрдогч түүхий эдэд тушаах болсноос хойш олон амь тэр доош үйгджээ. Тод санаж байгаагаас, 2000-аад оны заагт Хархорин захын урд хэсгээр өнгөрөх хотын бохир усны төв шугамын таггүй нүх руу таван настай охин санаандгүй гишгэж хөл алдахад хөтөлж явсан аав нь бас гараа алдчихсан. Маргааш нь охины цогцсыг хэдэн километрийн цаана орших цэвэрлэх байгууламжийн шүүлтүүрийн торноос салгаж авсан юм. Хотын том дарга нар жижиг дарга нартаа энэ асуудалд онцгой анхаарч, сахилга, хариуцлагаа дээшлүүлэхийг мянгантаа үүрэгдсэн. Тэгэхийн оронд “Траншейны таг болгонд овог, нэр, албан тушаал бий шүү ” гээд тогтчихсон бол ийм эмгэнэл цааш үргэлжлэхгүй, жишээлэхэд баарнаас гарч ирээд ярилцаж зогссон хэдэн нөхдийн нэг нь гэнэт доош орохгүй, хамгийн сүүлд манай нэртэй сэтгүүлч онгорхой траншейнд унаж амиа алдахгүй байсан ч юм билүү, хэн мэдлээ. Өнөөдөр замын суваг шуудууны нүх, цөмөрхийнд дугуйгаа чихүүлж хэмхэрсэн машины тоогоо алджээ. Саяхан нэг цагаан машин дээшээ харчихсан хэвтэж харагдсан. Мөшгөөд үзвэл, Улаанбаатарын тагтай таггүй нүх болгон данс бүртгэл, эзэнтэй байсан, байгаа, байх ч болно. Худлаа гэвэл энэ газар хэний эзэмшлийнх вэ, хураалаа барилаа гэвэл хавтас дүүрэн нотолгоо сугавчилсан дарга, захирал, эзэн хэдхэн минутын дотор харваад л орж ирнэ.

x               x               x

Төрийн одон тэмдэг, гавъяа цолны тоогоор ардчилсан Монгол улс коммунист Хойт Солонгосын мэдээж хаана ч хүрэхгүй, гэхдээ гурван сая хүнд ногдуулж үзвэл байдал эвгүйтэж мэднэ. Манайд сайн ажил амьдрал, сайн үйлс болгонд эзэн олддог хэрнээ буруу зөрүүд бол гонжийн жоо. Дээрхэн овог нэр нь Б.Наранхүү, албан тушаал нь УИХ-ын гишүүн эрхэм өршөөлийн хуулийг дэмжиж ярихдаа, татвар, төлбөрөөс зайлсхийсэн, хөрөнгөө нуусан бүгдийг өршөөчих, яагаад гэвэл төрөөс бизнес эрхлэгчиддээ эцэг шиг хандаж яг ижилхэн хайрлах ёстой гэв. Ганц лангууны орлогоо нуусан, бараа нь борлогдохгүйгээс татвар гаалиа төлөөгүй ба хэдэн арав, зуун тэрбумаар хүүлээд улам шунаж далд хийсэн, урьд нь өршөөгдөж амташсан хоёрын зөв бурууг цэгнэхгүйгээр хавтгайд нь өршөөх юм гэнэ. Ямар ч ул мөр, “нэр, овог, албан тушаал” үлдэхгүй.

Бодоод байхнээ, эцэг нь үр хүүхэддээ тэгш хандах гэдэг аятайхан санаа. Нэгэнт тийм бол хүмүүсийн гавьяаг их бага гэж алагчлахгүйгээр жишээлбэл, морь сойдог бүгдэд манлай уяач цол хүртээе. Гавьяат цолоор тухайн салбарын бүх хүнийг зэрэг шагная, дунд нь олгосон ч яахав. Яагаад гэвэл төр иргэддээ адил тэгш хандах ёстой…

x               x               x

2012 оны намар “Тэнгис” кинотеатрын хажуугийн барилгаас унасан бэхэлгээ төмөрт цохиулсан оюутан залуу газарт ухаангүй хэвтэж байхад хотын төвд шахуу энэ газарт түргэн тусламж ирэхгүй 30-40 минут хүлээлгэсэн төдийгүй хажуугаар өнгөрч таарсан түргэний машин “завгүй, өөр дуудлагатай” гэж тас ширвээд арилсны дараа тусламж авч чадалгүй нас баржээ. “Тэнгэс”-т кино үздэг (бүгд гэсэн үг) хүн бүрийг цочоосон энэ хэргийн дараа түргэн тусламжийг тойрч бөөн хэлэлцүүлэг өрнөж билээ. Дарга нар эхэндээ замын бөглөрөөг, тэгснээ машин хүрэлцээгүйг буруутгаснаа арай биш болохыг мэдмэгцээ түргэн тусламжийн үйлчилгээний тогтолцоо, түргэний жолооч, эмч нарын цалин хөлсны талаар баахан гомдоллосоор намжаасан. Уг нь тэр дуудлага яаралтай тусламжийн төвд хэдэн цаг, минутад ирсэн, хүлээж авсан, ямар машин хаанаас хөдөлж, эсвэл эргэж Тэнгис рүү очсон, очоогүй тухай л тов тодорхой үйлдэл юмуу эс үйлдлийн учрыг олох тухай асуудал. Хэрвээ тэгсэн бол “нэр, овог, албан тушаал ” заавал олдох байсан.

Бараг гурван жилийн дараа, саявтар, бас л хотын дэндүү төвд буюу Peace Tower-ийн урд гурван сурагч машинд мөргүүлэхэд түргэн тусламж цаг шахам хүлээлгэжээ. Тэгтэл яг энэ үеэр нягтлан нь бүрэн тоноглосон түргэний гоё машин хөлөглөн овоо хэдэн граммын хүнд жинтэй бололтой нэгэн бичгийг хэдэн метрийн цаадах хотын захиргаа руу тээвэрлэж явсан байдаг. SBN байх аа, телевизийн сурвалжлагчийн гайхширсан асуултад хариулсан нь: “манайх өдөр бүр нэг машинаа дотоод ажилдаа явуулдаг ш дээ”. Үүнийг сэтгүүлч харуулсан тулдаа “Улаанбаатар шиг сая хүнтэй метрополитен хотод” түргэний машин төд төчнөөн дутагдалтай тухай аймшгаас бид аврагдсан.

x             x                 x

Өнгөрсөн арваад жилд 300 орчим, зөвхөн 2014 онд 26 хүн барилгын ослоор амиа алджээ. Байдал ноцтой тул шинээр томилогдсон Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар салбарынхныг цуглуулж Төрийн ордонд бүхэл бүтэн зөвлөгөөн хийв. Завсарлагаар нь компанийн захирлууд ярилцлага өгөхдөө “тогтолцоо буруу учраас ажил олгогч, хөдөлмөр хамгааллын байцаагч буруутаад өнгөрч байна” гээд хөдөлмөрийн аюулгүй байдлын зардлын талаар баахан гомдоллов. Бас бэхэлгээний трос, механизмын чанар гээд зөндөө олон асуудал байгаа гэнэ. Ерөнхийдөө “зам төмрийн тав” гуай буруутаж байгаа. Манай хүнлэг, энэрэнгүй нийгэмд эзэн, захирлын толгой бөнжигнөхгүй нь сайн хэрэг, даанч барилгачид амиа алдаад байх уу?

x             x                 x

Сүүлийн хэдэн жил нийслэлд газрын маргаан тасраагүй ч багассан нь хотын дарга нар хууль дүрмээ сахиж эхэлснийх бус, хотын хамаг газрыг олгож чигжээд үндсэндээ дууссаных юм. Тэгтэл хэд хоногийн өмнө Баянгол дүүргийн нэгэн орон сууцанд хэт ойр суурь ухсанаас нураах шахав. Хууль, дүрэм, журам, стандартыг май чи гэж байгаад уландаа гишгэж нулимсан нь буруутны нэр овог, албан тушаал хэн хэн бэ? Ил болсон захирамж зөвшөөрлийг харахад үе үеийн Засаг дарга нарын гарын үсэг дурайна. Тэд газрыг метрлэж, нүхний гүнийг хэмжиж, зураг төсвийг сөхөж шалгаагүй байж болох ч тэгдэг алба, албан тушаалтныг өөрөө томилж удирддаг. Гэтэл нэрлэгдэх бүү хэл, бусдыг загнаж буруутгаад бараг шударга үнэний дээд болоод сууж байх юм. Бас барилгын компанийн эзний нэр овог нууц, зөвхөн менежер гээд нэг нөхөр урдуур сүүтэгнээд байгаа. Япон, Солонгост бол жинхэнэ эзэн нь аль хэдийнэ ирж уучлал гуйн бөхөлзөөд л …

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: