АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for December, 2014

Тал төсвийн цаана …

Posted by Ажиглагч on 2014/12/22

МҮОНРТ-ын 2015 оны төсвийн бараг 50 хувийг хасаад хаячихлаа. Анх УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, уг телевизийг эрх баригчдын амаар дуугарч Ардын намыг дандаа хаадаг, улс орон хэцүү байгааг  ард түмнээс нууж байгаа учраас 7.4 тэрбумыг нь бусад телевизүүдэд хуваагаад өгчихье гэсэн дуугарсан юм. Төсөв батлагдахад 3,7 тэрбумыг л үлдээснээс гадна удалгүй таван тэрбумын “Монгол контент” хөтөлбөрийг зарласнаар дээрх санаа биеллээ олсныг бүгд ойлгов.

Төсвийг нь нугаслаж байхад олон нийтийн телевизийг хэн ч өмөөрсөнгүй. Олон нийт хүртэл. Арга буюу өөрсдөө гуйж түүж байж “Цагийн хүрд”-ээрээ хэдэн хүнээр үг хэлүүлсэн нь олон нийтийн телевиз хэрэгтэй тухай байсан ч төсвийн хасч болохгүйг нотолж чадсангүй. МҮОНРТ-ийн төсөв гэж хэдхэн том тоо байхаас бус яг хэдийг хэн юунд зарцуулдаг тухай задаргаа хэзээ ч байгаагүй. Өнөөдөр Монгол Улсад ганцхан олон нийтийн телевиз, радио төсвөө бүхлээр нь батлуулдаг онцгой эрхтэй. Харин телевизээс халагдсан хэн нэгэн “арай ч дээ” гэмээр баримт цухалзуулдагч ч хэрэлдэж дуусаад таг чиг болцгоодог. Тэгэхлээр 7 тэрбумын төсөв хоёр дахин ихэдсэн байсныг одоо хасаад яг тааруулсан ч байж мэднэ.

Үзэхэд үндэсний телевиз гоё болсон нь үнэн. Дүрсний ширхэг, өнгөний ялгарал, ялангуяа тэр дуу нь пүнхийж нүргэлээд янзтай. Энэ бол төсөв мөнгөтэй байсны ачаар техник төхөөрөмжөө шинэчлээд авсан, дээрээс нь айлууд тод гардаг хавтгай телевизтэй болсных. Харин нэвтрүүлгийн агуулга нь дүрснийхээ чанарын талд ч хүрэхгүй болжээ.

Олон нийтийн телевиз өглөөнөөс шөнө дөл хүртэл барагцаалбал 17 цагийн нэвтрүүлэгтэй гэж тайлагнаж байсан. Үүний тал нь давталт бөгөөд маргааш, эсвэл нөгөөдөр давтдаггүй нэвтрүүлэг гэж бараг үгүй. Өдөрт ганц удаа гэж ойлгогддог “Цагийн хүрд”-ийг мэдээж өглөөгүүр дахидаг ба доторхи сурвалжлагуудыг бусад мэдээгээр хэдэнтээ үзүүлдэг. Зарим нэвтрүүлгийг 3-4 удаа гаргах нь энүүхэнд. Өчигдөр гарсан “Зуун лангийн жороо” луус нэвтрүүлэг дундаа сарын завсарлагатайгаар дөрөв дэх удаагаа гарлаа. Өвлийн нэвтрүүлгүүдийг зунжин, бүр эртнийхийг бол “Алтан сан хөмрөгөөс” гэж гоодоод шахдаг.  Энэ мэтээр хасаад байвал ориг нэвтрүүлэг нь өдөрт арав хүрэхгүй цаг. Аливаа телевизэд давталт гэж байдаг ч олон нийтийн телевизийн тэрбумаар авдаг төсөвтэй, байшин дүүрэн хүмүүст хичнээн сайхан нэвтрүүлэг хийх боломж дэмий үрэгдэж байна аа.

Энэ юу ч биш. Олон нийтийн телевизэд яавч таарахгүй улс төрийн болоод арилжааны сурталчилгаа ориг нэвтрүүлгийн тал нь. Илүү ч байж магадгүй. Компани, байгууллага, нам, нутгийн зөвлөл, төсөл, хөтөлбөр, мөнгөтэй эрхмүүдэд оргил цагаа зараад дууслаа. Ганц удаагийнх багадаад угсруулдаг болжээ. Өнгөрсөн зун “Гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг дайн” нэртэй захиалга зургаан цуврал явсны нэрнүүд нь аймаар: “Тал нутгийн нөхөрлөл буюу дайсны эрэл”, “Госчоомтой нүүдэлчид”, “Монгол арга, Зөвлөлт барил дундын дайсантай ах дүүсийн найрамдал”, “Монголыг монголоор нь…”, “Галд нэмсэн салхи”, ”Анхдугаар дайн”. Ийм нэвтрүүлгүүд сумаа тавиад нумаа нуусан байдаг тул нэр хаяггүй, энэ жилийн тухайд “2014 он” гэсэн ганцхан төгсгөлтэй.

Мэдээж хамгийн чухал захиалгууд Төрийн ордноос ирдэг. Төрийн гурван өндөрлөгөөс гадна яам, агентлаг, байгууллагууд хүртэл өөрийн нэвтрүүлэгтэй болж байна. Ингээд Засгийн газар бол заавал “шинэчлэлийн” (одоо шийдлийн), үйл явдал болбол зөвхөн “бүтээн байгуулалт”, улмаар мэдээнүүд зөвхөн “таатай” болжээ.  Женко Баттулга “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг сэдэж Монголын хамаг улс төрчдийг оролцуулж уйлж дуулуулдаг хэрнээ Ерөнхий сайдыг орхиод байсан тул саяын  наадмаар “Миний Монгол” нэртэй ер бусын сүржин нэвтрүүлэг сэдэж “Бид шинэ нэвтрүүлгийнхээ анхны дугаараар төрөө дээдэлж Ерөнхий сайдыг урилаа” гээд эхэлсэн (үнэхээр дээдэлсэн бол Ерөнхийлөгчөөс эхлэхгүй юу?) боловч ганц нэг дугаар үргэлжлүүлсэн болж харагдаад зогсоов. Өөр захиалагч байхгүй юм чинь. Намар тийш бас л оргил цагаар гэнэт шургуулсан ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг өмөөрсөн “Нүүрснээс уугисан улс төр” бас л том захиалга. Үр дүн юу болов? Шинэчлэлийн Засгийн газрыг сүүлчийн замд нь үдчихлээ. Төр, засгийн ажил хэрэг олон нийтийн телевизийн дэлгэцэн дээрх шиг мундаг, сайд дарга нар ухаантай байсан юм бол хямрал мямрал хаанаас буугаад ирэв ээ?

Олон нийтийн телевизийн зугаалж цэнгүүлдэг нэвтрүүлгүүд бусад телевизийнхээс илүү ч биш, дутуу ч биш. Яг одоо “Нэг минут, нэг сая” гэж нэвтрүүлэг гарч байна. Ойгоо тэмдэглэж байгаа нэг компани мөнгөө төлөөд ажилчдаа оруулан зугаацуулж харагдана. Тэднийг толгойгоо сажигнуулах, салфетка зулгаан тарааж хаяхын төлөө олон нийтийн телевизэд төсвөөс мөнгө төлсөн хэрэг үү? Иймэрхүү юмыг арилжааны телевизүүд ямар ч мөнгө төгрөггүйгээр хамаагүй илүү хийж чадна.

Таатай мэдээ, бүтээн байгуулалт, баялаг бүтээгчид энэ тэр гэсэн ухуулга бус бодит байдал, баримт нотолгоо, хэрвээ олдохгүй байгаа бол эрэн сурвалжлага, эсэхүл өөрсдөө хийж хариуцах ёстой хүмүүсийн ингэж тэгэх ёстой гэсэн хоосон яриа биш олон янзын байр суурь, хэлэлцүүлэг маргаан, мэтгэлцээн Үндэсний телевиз, дагаад үндэсний радиод алга болчихжээ, нэг мэдсэн чинь.  Зарим арилжааны, тэр дундаа кабелийн телевизийн зарим мэдээ, нэвтрүүлэг МҮОНРТ-ийнхээс ч илүү олон нийтэч байх юм.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Ганбаатар гишүүн “төрийн төв хэвлэл”-ийг өмөөрсөн нь

Posted by Ажиглагч on 2014/12/20

Үндэсний олон нийтийн телевизийн “Ярилцъя” нэвтрүүлэг яг нэг цаг үргэлжилж гурав юм уу дөрвөн оролцогчид хувааж тааруулдаг. 12-р  сарын 20-ны Бямба гаригт эхлээд Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир номоо рекламдсан (уг нь юуг буруу зөв зөвлөөд Засаг нурсныг асуух байсан юм) бол дараа нь Хөдөө аж ахуйн их сургууль олон улсад магадлан итгэмжлэгдсэн тухай “сайн мэдээ” дуулгая гээд ярилцсан нь зочны яриаг сонсоход сургууль биш хөтөлбөр нь итгэмжлэгдсэн юм гэнэ. Тэр яахав.

УИХ-аар төсвийн тодотгол хийж байгаатай холбогдуулан хамгийн эхэнд ярихаар зарласан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын ярилцлагыг төгсгөлд нь орууллаа. Сүртэй яриа болов. Эрхэм гишүүн шууд л Оюунтолгойн гэрээний хамаг булхайг илчилж, түүнд хамаатай улс төрчдийг “бууны нохой”, “улаан хамгаалагч царайтай” гэхчлэн гутааж өглөө.  Тэгснээ гэнэтхэн олон нийтийн телевиз рүү хальчираад явчихав.

“Ухамсраараа” юу, эсвэл урьдчилан тохирсон уу бүү мэд, огт асуугаагүй байхад “Дээр нь зүгээр нэмээд … та нарт сонирхолтой байж магадгүй, та нар мэдсэн үү, үгүй юу? уу! Үндэсний олон нийтийн радио, телевизийн зардлыг 50 хувиар нь хасаад хаячихсан. Энэ одоо Ардын намын хэсэг толгойлогч нар нь орилсоор байгаад хассан. Ардчилсан намын бүлэглэл фракцийнхан ч оролцсон. Зул бөхийнхөө өмнө бадамладаг гэдэг шиг манантаж байна аа… Тэгээд МАНАН нийлж байгаад Үндэсний олон нийтийн радио, телевизийн төсвийг хасаад хаячихсан. Энэ юу гэсэн үг вэ? Лэрри Даймонд гээд америкийн улс төрч хүрч ирээд чөлөөт хэвлэл бол авлилгалыг байхгүй болгоно оо гээд ярьж байсан. Би өөдөөс нь гараа өргөөд асуулт асуусан. Энэ бол Open Ulaanbaatar арга хэмжээн дээр… Манайд чөлөөт сайн хэвлэлүүд байгаа шүү. Сайн, чөлөөт, шударгууд байгаа. Гэхдээ л, заримууд нь нь ихэнх нь гэж хэлье. Чөлөөт хэвлэл олигархуудын эсрэг хамгийн гол тэмцдэг юм бол олигархууд нь чөлөөт хэвлэл эзэмшиж байгаа тохиолдолд юу болох вэ? Өнөөдөр хүний төлөө тэмцэж байгаа, зөв сэтгэлтэй, мөнгө байхгүй шударга хүн чөлөөт хэвлэл эзэмших Монголд боломж байна уу? Миний асуултад хариулаагүй. Энээс гарах гаргалгаа гэвэл төрийн төв хэвлэл бол өнөөдөр ард иргэдийн үнэн мэдээллийг явуулдаг энийг нь төрөөс тодорхой хэмжээгээр дэмждэг… Энийг таг зогсоолоо доо. Үндсэндээ танайхан коммерческий боллоо ш дээ…”.

Эрхэм гишүүний хэл хальтирахдаа, үндэсний телевизийг “төрийн төв хэвлэл” биш “төрийн төв телевиз” гэсэн бол онох байсан. Хөтлөгч Эрдэнэбулган “Тэглээ. Хүнд л байна” хэмээн нялхраад хэдэн мөчийн дараа, хөтөлбөр дуусахад яг 15 минут дутуу байхад “Өнөөдөр тодорхой шалтгааны улмаас “Ярилцья” хөтөлбөрөө наана нь дуусгах шаардлага гарсан. Үзэгчдээсээ хүлцэл өчье” гээд дуусгаж орхив.

Ингээд төсвийг нь хагасласан МАНАН-г муулж өгсөн Ганбаатар гишүүнийг хугаслах болсон “тодорхой шалтгаан” бол бас л Саарал ордон. Хоёр хоногийн өмнө бүтэн бөгөөд шууд дамжуулсан Шилэн дансны тухай хуулийн семинар дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийн бичлэгийг дахиад нэг давтахын тулд хэдхэн минут хүлээж тэвчсэнгүй. Тэндээс утасдахад “хэзээд бэлхэн” үндэсний телевиз мөн дөө!

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

“Үндэсний зөвлөлийн бүтцийг харахад улс төрийн томилгоо гэдэг нь харагдаж байна”

Posted by Ажиглагч on 2014/12/14

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл гэж үл бүтэх нөхдүүд байгааг очиж очиж тэр телевизээр нь ингэж шулуухан хэлж чадсан эрхэм бол Ерөнхий захирал М.Наранбаатар өөрөө юм.  Өөрийг нь томилдог шууд удирдлагаа гэсэн үг. Энэ баатарлаг үйлдэл 12-р сарын 13-нд болжээ. Тэрбээр “Ярилцъя” нэвтрүүлгээ өөрийн биеэр эзэгнэсэн шиг эзэгнэж аваад, УИХ-ын нэг гишүүнд пиарчин хэрэг болсон учраас олон нийтийн телевизийн төсвийг хасаад арилжааны телевизүүдэд “монгол контент”-ын нэрээр өгөх болсон, ер нь өөрөө өнгөрсөн хугацаанд томил гэсэн хүнийг томилоогүйгээр улс төрчдийн дургүйг хүргэсэн гэж мэдэгдлээ. Бас болоогүй, хонуулаад хөөж явуулсан захирлуудаа хоноцын сэтгэлгээтэйгээр цоллож, Үндэсний зөвлөлд дээрх онош тавив. Дээрээс нь “тэднийг төрөөс томилж байгаа, яагаад гэвэл олон нийтийн телевизийн мөнгө бол төрийн мөнгө” гэж ярьсан бололтой Бакей гишүүнд жавтий хүртээгээд амжлаа.

Арав шахам жилийн турш томил гэснийг нь томилж ирсэн Наранбаатар захирлын шударга нь гэнэт оргилсны шалтгаан гэвэл бас л халаа, сэлгээ, томилгоо. Үндэсний телевиз, радио явахаа больсныг бүгд олж харжээ. Үндэсний зөвлөл нь хүртэл. Тэгээд халж солих гэсэн биз, даанч нэр бүхий гишүүд зориудаар тасалж хэд хэдэн удаа хурлын ирц хүрж өгсөнгүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт хуралдах тул томчуудыг зоригтой шүүмжилсэн учраас хэлмэгдэх нэг нөхөр мэндэллээ.

Наранбаатарын араас гарсан ярилцлага Үндэсний телевиз юу болж хувирсныг харуулав. Хөтлөгч Эрдэнэбулган МУИС-ын цөмийн судалгааны төвийн судлаач Б.Мөнхбат гэдэг залуугаар 40 минутын турш цөмийн эрчим хүчний сурталчилгаа хийлгэх гэж чардайж гарлаа. Ноднин, уржнангаас хойш олон нийтийн телевиз ийм ажилтай болчихлоо. Дорноговь аймагт уран ухдаг францын “Арева” компани гэхэд бүр тусгай нэвтрүүлэг, “Цагийн хүрд”-ээр байнгын булантай болж амжсан. (Саяхан “уранаас болж  мал үхээгүйг нотолно” гэж зарласан францын төслийг хичнээн сурталчлав).

Өнөөдөр Монголд уран, цөмийн эрчим хүч тойрсон ширүүн маргаан дэгдээд байгаа. Харин “олон нийтийн дуу хоолой” гэж гайхуулдаг олон нийтийн телевиз зөвхөн нэг талын амаар дайрч давшлах нь дэнджээ. Энэ ярилцлагаар хөтлөгч Эрдэнэбулган “… Янз бүрийн жагсагчид, тэмцэгчид “өө энэ чинь монголын сөнөөх нь, ард түмнийг хордуулж алах нь гээд байдаг… Хоёулаа жаахан улс төрчихье… Агентлагийг татан буулгаж байгаа, бие даасан энергийн бодлоготой байна гэж байгаа нь монгол төрийн бодлого биш, өөр гүрний бодлого гэж би хардаж байна… Би хардах эрхтэй… Худлаагаасаа, сүр сүр царайлж, эх оронч энэ тэр гэж цээжээ дэлдэж, энд тэнд хэдэн тугал үхчихлээ гэж байгаа нь эх оронч гэхээсээ илүү шуудхан хэлэхэд гаднын гар хөл болж энэ улсын хөгжүүлэхгүй гэсэн сонирхол нуугдаад байгаа юм шиг надад санагдаад байна… Фукушимагийн цөмийн цахилгаан станцаас болж нэг ширхэг ч хүн үхээгүй … Хэзээ тогоо тэсэрч Улаанбаатар хөлдчих бол гэсэн айдас дунд амьдарч байна… гэх мэтээр өөрөө дүвчинэж гарав. Харин эрдэмтэн залуу хариулахдаа, эсэргүүцэж байгаа хүмүүсийг үгүйсгэж болохгүй, аюул эрсдлийг байнга сануулж байх ёстой гэсэн шүү. Хөтлөгчөөс илүү ухаалаг, хүлээцтэй, олон ургальч…

Бодвол, Олон нийтийн телевиз Цөмийн энергийн газартай хамтран ажиллах нэртэй хаалтын гэрээ байгуулсан, тэгтэл цаад газар нь татан буугдчихаад хэцүү байх шиг.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »