АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Монголчууд газар зүйн сэтгүүл хийж чаддаг[гүй]

Posted by Ажиглагч on 2014/01/29

National Geographic гэхлээр эрээн тахь юмуу гөрөөсийн сүргийг арслан, барууд хөөж гүйцэн нэгийг унагаад тасчих нь юун түрүүнд санаанд буудаг байсан цаг саяхан. Эхлээд ийм нэртэй сувгийг үзэж танилцсаных биз.

2012 оны 12-р сард америкийн National Geographic сэтгүүлийн монгол хувилбар Сүхбаатар нэрээ Чингэст алдахын өмнөх талбайд шар хүрээгээ босгож байгаад чанга дуугаар мэндэлсэн бол хэдхэн сарын дараа GEO хэмээх герман сэтгүүл чив чимээгүй үзэгдэх болсон юм. Адилхан газар зүй, танин мэдэхүйн энэ сэтгүүлийг монголчлох эрхийг урьд дуулдаагүй “Глобал пресс медиа” ХХК авчээ. Нягталбал, гадаад хэвлэл захиалгын “Эм-Жи-Эл Интернэйшнл” (MGL International) ХХК-тай хаяг нэгтэй буюу нэг эзэнтэй. Тэр нь Л.Энхтөр. Урьд нь сэтгүүл эрхэлдэггүй байхдаа Дэлхийн сэтгүүлүүдийн холбоо (албан ёсны нэр нь Олон улсын тогтмол хэвлэлийн  холбоо – FIPP)-нд элсчихсэн тууж явсан бол одоо жинхэнээсээ хэвлэн нийтлэгч болжээ.

Geo сэтгүүл (4)Монгол GEO сэтгүүлийн дугаарууд дажгүй. Хавтгайдуу цэлгэр хуудсууд дээр товчдуу бичлэг, зургууд тэвхийтэл байрлажээ. Герман маягийн эмх цэгц. Миний үзсэн дугаар бүрт монгол агуулга, тодруулбал, дээрхэн үед гадаад явж үзсэн хүмүүсийн дурсамжийг нийтэлжээ.  

Гэхдээ National Geographic-ын монгол түүхийг яаж гүйцэхэв. Өнгөрсөн нэг жилд гарч амжсан 13 монгол дугаарын хамгийн сонирхолтой нь юу вэ гэвэл, уг сэтгүүлд өнгөрсөн зуугаад жилийн хооронд үе үе хэвлэгдсэн монголын тухай том жижиг гэрэл зураг, тайлбарыг дахин нийтэлснийг хэлнэ. Зарим нь сайтад бий. Тэр бүхэн хэзээ нэгэн цагт дундрах ч Америкийн газар зүйн нийгэмлэгийн болоод бусад эх сурвалжаас монголын түүхийн сэдвийг таслахгүй үргэлжлүүлэх аргыг олох биз. 

Гадаад юм болгонд нүдээ бүлтийлгэдэг цаг өнгөрчээ. Өөрсдөө очоод харчихсан, эсэхүл суваг эргүүлээд HD-гээр үзчихдэг болсон монголчууд иймэрхүү сэтгүүлийг хэр уншдаг бол? Хувь ширхэгийн талаар албан ёсны тоо байхгүй. Юутай ч дэлхийн хамгийн өндөр Эверестийн 8848 метр оргилд авирч гарах нь баатарлаг явдал мөн хэдий ч жилдээ дөрвөн зуугаад, нийтдээ 4000 гаруй хүн тийм гавъяа байгуулчихсан төдийгүй авиралт гэж ямар хачин юм байдгийг санаанд оромгүй зургуудаар нотолж тайлбарласан “Түм түжигнэсэн Эверест” нийтлэлийг National Geographic-ийн ноднингийн нэг дугаараас уншаад элдэв дүрс урсаад өнгөрдөг дэлгэцээс сэтгүүл заримдаа илүү гэдэгт итгэсэн шүү. Уулчид оргилд гарахын өмнөх нарийхан жимд багталцахгүй, бараг зодолддог, осолдож юмуу хөлдөж үхсэн хүмүүсийн цогцос хаа сайгүй хэдэн жилээр хэвтэж байх…      

ngm_2014_01Бас нэгэн зүйл. Монгол National Geographic-ийн 2014 оны 1-р сарын дугаарын хавтасны сэдэв нь “Путины цэнгүүн” буюу хэдхэн хоногийн дараа ОХУ-д Сочи хотноо эхлэх Өвлийн олимпийн наадмыг зүсэн зүйлээр гутаасан нийтлэл байх юм.  Тэр нутагт зуу гаруй жилийн өмнө оросууд черкесүүдийг эзлэн хөөснөөс эхлээд барилгын материал зөөж явсан нисдэг тэрэг осолдсон, хананы том зураг нацист германыхтай төстэй, бас нэг гол үерлэсэн, Оросууд гадныханд хүйтэн ханддаг Засгийн газартай гэхчлэн буруутгаад Путины царайд ихэмсэг, хүйтэн  төрх тодорсноор дуусгажээ.  Бас олимпийн эсрэг жагсаал цуглаан, ижил хүйстнийг хориглосон хууль гаргасан гэжээ. (Миний мэдэхээс энэ худлаа. Ижил хүйстнийг зөвхөн насанд хүрээгүйчүүдийн дунд сурталчлахыг хориглосон). Энэ дэлхийн сайн сэтгүүлийн стандарт болсон National Geographic мөн үү? Сэтгүүлийн өөр хэлний сайтууд руу дөнгөж сая шагайж үзчихээд хэлэхэд, үнэхээр тийм нийтлэл (Putin’s Party) бичигджээ. Улс орнууд тус тусдаа орчуулан нийтэлжээ. Харин хавтсан дээрээ гаргаж тавьсан нь ганц манайх. Барууныхан энэ олимпийг өдөр шөнөгүй муулж, улс төрчид нь бараг бойкотлож, алан хядагчид дэлбэлэхээр сүрдүүлж байхад шүү. Даанч энэ бол гадаад сэтгүүл. Арга буюу нийтэлсэн учраас “тунг нь тааруулж хүртээрэй” гэж эрхлэгчийн зурваст сануулсан байх гэж бодлоо.  

Гэнэт үгүйлснийх, газар зүйн талын монгол сэтгүүл байна уу? Сүүлийн хориод жилд “Монголын газар зүй”, “Аялал жуулчлал”, “Аялал, амралт” нэртэй сэтгүүлүүд эхний хэдэн дугаараас цааш яваагүй. Уржнан “Их ав” гэж яг National Geographic шиг гонзгой, бас яг ижил 20.000-ын үнэтэй сэтгүүл үзэгдээд өнгөрсөн. Ядахад, “Аялал жуулчлал, тогтвортой хөгжил” гэж мундаг онолддог сэтгүүл бас тогтож хөгжсөнгүй. Харин өнөөдөр хэвлэлийн тавиур дээр “Нүд алдам” гэж нэртэй ганц сэтгүүл байна. Хуудсан дээрээ дэлгэн харуулсан монгол орон, тал нутаг, хүмүүс үнэхээр дуу алдам, гэхдээ сэтгүүл өөрөө хараахан тийм биш…

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: