АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

100 жилийн дараах энэ өдөр

Posted by Ажиглагч on 2013/07/23

Өнөөдөр 7-р сарын 23. Энэ өдөр дэлхийд юу болсон гэж тэмдэглэдгийг бүү мэд, лав Монголд хэн нэгэн суутан мэндлээгүй, элдэв хувьсгал гараагүй. Түүхэнд бичигдсэнээр 1905 оны энэ өдөр монгол газрын нэг сайныг зөрчин Булнайн нуруунд 8 баллын хүчтэй газар хөдөлж хэдэн хүний амь сүйдсэнээс гадна олон зуун км үргэлжилсэн хагарал үүссэн нь хамгийн том үйл явдал байх. Орчин цагт энэ өдөр онц юм болдоггүй, ядахдаа дарга нар үг хэлж, тууз хайчилдаггүй, наадмын маргааш дараачийн наадмууд залгаж авсан зуны халуун өдрүүдийн нэг.

Гэхдээ яг 100 жилийн өмнө Улаанбаатар хотын түүхэнд маш чухал явдал болсон нь анх удаа зургаа томоор татуулсан байна. Тэр жил, түүнээс өмнөхөн нийслэл Хүрээний сүм, хийд, модон гудамж, хүн амьтны зургийг зөндөө авсан нь бий ч өндөр газраас овоохон багтаасан хамгийн анхны дэлгэмэл шахам зургийг энэ өдөр авчээ. Арай баруун урд чигт Гандан, хойшоогоо Мэгзэд Жанрайсигийг оруулсан өөр нэг зурагтай залгаж сунгавал янзтай панорам болохсон. Энэ бүх зургийг францын банкны эзэн Альбер Каны зохион байгуулсан аялалаар Стефан Пассе хэмээх эрхэм Оросоор дамжин Хүрээнд ирээд буцах зуураа авсан гэрэл зургаар ноднин Улаанбаатарт үзэсгэлэн гаргахад бид олж үзсэн билээ. Цаад архив нь хэдэн мянган зурагтай гэсэн. Зүүн тийш харж авсан зураг хэзээ нэгэн цагт гараад ирвэл ч гайхалтай юм болно доо.

Энэ бол 1913 оны 7-р сарын 23-ны зураг.

1913.07.23 +

Нийслэл хүрээ. Чингэлтэй уулын хамгийн урд үзүүр Тасганы овоо. Сүүдрийг ажихад нар жаргахын өмнөхөн. Хоёр лам цааш харж суусны нэг нь хальт эргэжээ. Дөрвөлжин хайрцаг шиг юмыг модон хөл дээр зоож сүүтэгнэх харь хүмүүсийг гайхан харна. Зүүхэн бяцхан овоо гэмээр хэдэн чулуу, хэдэн алхмын цаана бараан дээлтэй эмэгтэй бололтой нэгэн цааш харан суужээ. Баруун урагшаа бас нэгэн хүн цааш уруудсаар далд орох гэж байна. Овоо шувтрахад Туулын уужим хөндий залгаж тэнийн Богд хан уулаар үргэлжилсээр тэнгэрт хүрчээ. Доохнуур хашаа гэрүүд, тэртээ цаана Богдын ордон (золтой л музей гэчихсэнгүй) мөн байна. Дээр үеийн хүмүүс зургаа авахуулах гэж сүйд болдог байсан бол нийслэл Хүрээний энэ хэсэг налайсэн чигээрээ татуулжээ. Удалгүй нар жаргаж энд амьдарч байсан 60 мянган хүн хорвоогийн нэг өдрийг үднэ.

Харин энэ бол өнөөдөр. 2013 оны 7-р сарын 23.

2013.07.23+

Өглөө нар эргэхээс өмнө Тасганы овоон дээр гарч зуун жилийн өмнөх яг тэр цэгийг олж зогсоод чухал зураг дарахаар гарлаа. Даанч арсайж сарсайсан барилга байшин пиг дүүрч хамаг юм халхлагдаад олдсонгүй ээ. Тасганы овооны орой зуун жилийн дотор салхи усанд элэгдэж хэлбэр дүрсээ өөрчлөв үү? Юутай ч нэг цэгийг товлосон ч тэр олон барилгад Богд уул таглагдсан тул (Зайсан толгой аль эрт сураггүй) арайхийн дөхүүлж авсан зураг энэ байна. Харин цагийг нь яг тааруулна (сүүдрийн уртыг хэмжиж байгаад) гэхлээр үдэш очиж зургаа дарна, хүмүүст үзүүлэх гэсээр байтал дараачийн зуун жил эхэлчихнэ.

Энэ удаад зүгээр л тэмдэглэв. Олон юмыг дараа нь ярихаас.

9 Responses to “100 жилийн дараах энэ өдөр”

  1. Ганаа said

    сайхан мэдээлэл байна,100 жилийн дотор ямар их өөрчлөлт энэ газар болов?хараад л баймаар зураг байна,

  2. Anonymous said

    yostoi sonirholtoi

  3. vpython said

    100 жилийн өмнөх энэ өдөр гэж хэлэх гэсэн байлгүй дээ. Тийм болоод л 2113 оны 7 сарын 23 биш 1913 оны талаар дурдсан байх lol

  4. 1913 ond ongot zurag baigaagyi!

  5. Anonymous said

    1913 ond ongot zurag avah tehnology baigaagyi!!!

  6. https://www.facebook.com/photo.php?fbid=10201490806171495&set=a.2682126931842.148591.1216384446&type=1&theater -д шээрлэв.

  7. Таны зураг дээр Зайсан толгой цухуйж байна. Сураггүй биш хагас бараатай шив хэ хэ. Яг тэр цэгийг сонгох гэхээр таслаад зам барьчихсан байгаа вий

  8. Арай холоос доохноос нь дарах байж

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: