АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for July, 2013

100 жилийн дараах энэ өдөр

Posted by Бид on 2013/07/23

Өнөөдөр 7-р сарын 23. Энэ өдөр дэлхийд юу болсон гэж тэмдэглэдгийг бүү мэд, лав Монголд хэн нэгэн суутан мэндлээгүй, элдэв хувьсгал гараагүй. Түүхэнд бичигдсэнээр 1905 оны энэ өдөр монгол газрын нэг сайныг зөрчин Булнайн нуруунд 8 баллын хүчтэй газар хөдөлж хэдэн хүний амь сүйдсэнээс гадна олон зуун км үргэлжилсэн хагарал үүссэн нь хамгийн том үйл явдал байх. Орчин цагт энэ өдөр онц юм болдоггүй, ядахдаа дарга нар үг хэлж, тууз хайчилдаггүй, наадмын маргааш дараачийн наадмууд залгаж авсан зуны халуун өдрүүдийн нэг.

Гэхдээ яг 100 жилийн өмнө Улаанбаатар хотын түүхэнд маш чухал явдал болсон нь анх удаа зургаа томоор татуулсан байна. Тэр жил, түүнээс өмнөхөн нийслэл Хүрээний сүм, хийд, модон гудамж, хүн амьтны зургийг зөндөө авсан нь бий ч өндөр газраас овоохон багтаасан хамгийн анхны дэлгэмэл шахам зургийг энэ өдөр авчээ. Арай баруун урд чигт Гандан, хойшоогоо Мэгзэд Жанрайсигийг оруулсан өөр нэг зурагтай залгаж сунгавал янзтай панорам болохсон. Энэ бүх зургийг францын банкны эзэн Альбер Каны зохион байгуулсан аялалаар Стефан Пассе хэмээх эрхэм Оросоор дамжин Хүрээнд ирээд буцах зуураа авсан гэрэл зургаар ноднин Улаанбаатарт үзэсгэлэн гаргахад бид олж үзсэн билээ. Цаад архив нь хэдэн мянган зурагтай гэсэн. Зүүн тийш харж авсан зураг хэзээ нэгэн цагт гараад ирвэл ч гайхалтай юм болно доо.

Энэ бол 1913 оны 7-р сарын 23-ны зураг.

1913.07.23 +

Нийслэл хүрээ. Чингэлтэй уулын хамгийн урд үзүүр Тасганы овоо. Сүүдрийг ажихад нар жаргахын өмнөхөн. Хоёр лам цааш харж суусны нэг нь хальт эргэжээ. Дөрвөлжин хайрцаг шиг юмыг модон хөл дээр зоож сүүтэгнэх харь хүмүүсийг гайхан харна. Зүүхэн бяцхан овоо гэмээр хэдэн чулуу, хэдэн алхмын цаана бараан дээлтэй эмэгтэй бололтой нэгэн цааш харан суужээ. Баруун урагшаа бас нэгэн хүн цааш уруудсаар далд орох гэж байна. Овоо шувтрахад Туулын уужим хөндий залгаж тэнийн Богд хан уулаар үргэлжилсээр тэнгэрт хүрчээ. Доохнуур хашаа гэрүүд, тэртээ цаана Богдын ордон (золтой л музей гэчихсэнгүй) мөн байна. Дээр үеийн хүмүүс зургаа авахуулах гэж сүйд болдог байсан бол нийслэл Хүрээний энэ хэсэг налайсэн чигээрээ татуулжээ. Удалгүй нар жаргаж энд амьдарч байсан 60 мянган хүн хорвоогийн нэг өдрийг үднэ.

Харин энэ бол өнөөдөр. 2013 оны 7-р сарын 23.

2013.07.23+

Өглөө нар эргэхээс өмнө Тасганы овоон дээр гарч зуун жилийн өмнөх яг тэр цэгийг олж зогсоод чухал зураг дарахаар гарлаа. Даанч арсайж сарсайсан барилга байшин пиг дүүрч хамаг юм халхлагдаад олдсонгүй ээ. Тасганы овооны орой зуун жилийн дотор салхи усанд элэгдэж хэлбэр дүрсээ өөрчлөв үү? Юутай ч нэг цэгийг товлосон ч тэр олон барилгад Богд уул таглагдсан тул (Зайсан толгой аль эрт сураггүй) арайхийн дөхүүлж авсан зураг энэ байна. Харин цагийг нь яг тааруулна (сүүдрийн уртыг хэмжиж байгаад) гэхлээр үдэш очиж зургаа дарна, хүмүүст үзүүлэх гэсээр байтал дараачийн зуун жил эхэлчихнэ.

Энэ удаад зүгээр л тэмдэглэв. Олон юмыг дараа нь ярихаас.

Posted in # УЛААНБААТАР, Барилга, хот төлөвлөлт, газар | 9 Comments »

“МҮОНТ өөрөө төсөв мөнгөө хэмнэх ёстой”

Posted by Бид on 2013/07/02

Өнгөрсөн хавраас МҮОНТ нэгэн асуудлыг аймшиггүйгээр эрэн сурвалжилж олж мэдсэнээ өглөө оройгүй үзүүлж эхэлсэн билээ. Олон нийтийн пайз зүүснээсээ хойш ингэж зоримог бөгөөд уйгагүй ажилласан түүх үгүй.  Хотын захдуу амьдардаг иргэд рүү очиж, зарим байгууллагаар дахин дахин шагайж, дарга нараас шулуухан асууж  бажгадуулан , бүр зуны бүгчим халуунаас төвөгшөөхгүйгээр хөдөө явлаа. Араас нь студи дүүргэсэн хэлэлцүүлэг өрнүүлж, улс орны амьдралын онц чухал үйл явдалд тооцон долоо хоногийн тоймоо зориулж, хамгийн сүүлд Хууль зүйн яамны захиалгатай “Эрх зүйн хөтөч” нэвтрүүлгийн хавсралт дугаар гэгчээр баахан шогширч байж сая нэг амьсгаа авчээ. Бүгд оргил цагаар!

За тэр яахав, олон нийтийн телевиз маань яг юуны хойноос амь хайргүй зүтгэв ээ? Олон нийтийн телевизийн нэвтрүүлгийн дуу, дүрсны чанар  зарим газарт муу байгаагийн хойноос юм байна. Монголчууд олон нийтийн телевизийг тод үзэхгүй байгаа нь үндэсний хэмжээний том асуудал  юм байх. Захдуу, хөдөө, цацалт муутай газар зурагт “жирэлздэг” нь үнэн. Хуучны муу зурагттай айлд бол найдваргүй. Дээрээс нь кабелийн телевиз, DDish-ийнхэн техник тоног төхөөрөмжөө хайхардаггүй, аргацаадаг нь нэрмээс болно. Энэ тухай гомдлуудыг хэдэн сарын турш цуглуулж орой болгон шахам 21.05 “МҮОНТ-Олон нийтийн гүүр” хөдөө орон нутагт” нэрээр гаргалаа.

Сэтгүүлчид цааш явж өргөн нэвтрүүлгийн сүлжээний газар,  харилцаа холбооны зохицуулах хороо зэргээр ороход цаадуул нь мэдээж зовлон тоочсон. Юу тодорсон бэ гэвэл, зөвхөн олон нийтийн телевиз биш, бусад бүх сувгийн дүрсний чанар тэр газруудад адилхан муу байгаа гэнэ.

Гэхдээ олон нийтийн телевиз дүрснийхээ чанарын хойноос гэнэт улайрсны шалтгаан бол ердөө л улсаас төсвөө нэхсэнийх. Энэ жил МҮОНРТ-ийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд 4 тэрбум төгрөг төсөвлөсөн ч төсвийн орлого ихээр тасарч байгаагийн улмаас саатчихсан. Мөнгөө хүлээхээс өөр ажилгүй дарга нар нь үүрэг өгч гэнэтхэн үзэгчиддээ хайр зарлах уран арга сэдсэн байна.

Сэтгүүлчид очиж уулзсан Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат учрыг тайлбарлаж төсвийн боломж гармагц шийдэх асуудал байна гэж бөөрөнхийлөхдөө “МҮОНТ өөрөө төсөв мөнгөө хэмнэх ёстой. Ер нь төсвийн байгууллагууд маш үрэлгэн байна.  Төрийн албан хаагчдын тоо жил тав, таван мянгаар нэмэгдэж байна” гэж хэлээд тавьчихжээ. Төсвийн мөнгөнөөс тэрбум тэрбумаар авч цаддаггүй, зардал мөнгөө зогсоо зайгүй өсгөж суудаг олон нийтийн телевизэд тэсэлгүй сануулсан хэрэг. Харин дэд сайдын яриатай сурвалжлагыг нэгэн өглөө гаргахдаа дэд сайдын яриаг бүтэн оруулсан хэрнээ үдэш нь оргил цагаар давтахдаа МҮОНТ-ыг дурдсан хэсгийг хасаад хаячихжээ. Бас болоогүй, дамжуулах байгууламжийг МҮОНРТ өөртөө авах санааг баахан цухалзуулав. Уг нь дэд бүтэц, агуулга хоёр нэг гарт байж таарахгүй гэдэг бол шийдчихсэн асуудал.

Ийнхүү олон нийтийн телевиз мөнгө хүсэхээрээ ер бусын эрч хүчтэй болж чаддаг.  Тэр мөнгийг өгөхгүй биш, зүгээр л саатсан байтал минут, секунд  бүрийг татвар төлөгчид, телевиз үзэгчид төлж байдаг эфирийн цагаа огт харамласангүй. Өөрөөсөө гэсэн үг. Олон нийтийн радио, телевизээс бусад хэвлэл мэдээллээр зогсоо зайгүй цацаж байгаа авлига, луйвар, иргэдийг бүр илүүтэйгээр хохироож байгаа бусад асуудлын хойноос ингэж явдаг бол ч …

Дашрамд дурдахад, МҮОНТ-ийн оргил цагийн хөтөлбөр түүний жинхэнэ нүүр царайг яруу тод харуулах болжээ. Жишээлбэл  6-р сарын 30-ны үдэш 21.05 “Хаслотто -2” азтан шалгаруулах шууд нэвтрүүлэг. 21.20 “Эрх зүйн хөтөч” хавсралт дугаар. 21.50 “Урлагийн сүлжээ” соёл урлагийн нэвтрүүлэг. 22.50 “ЛУЙВАР” У.С.К, гэхдээ оронд нь 2008 оны 7-р сарын 1-ны тухай захиалгат нэвтрүүлэг гарлаа. Энэхүү дөрвөн нэвтрүүлгийн гурав нь төлбөртэй буюу захиалгатайгаас нэг нь өөрийн захиалгатай. Тэгвэл 6-р сарын 27-ны хөтөлбөрт  21.05 “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” нэртэй “Засгийн газрын сурталчилгааны нэвтрүүлгийн ээлжит дугаар, 21.25 -аас нөгөө л “МҮОНТ-Олон нийтийн гүүр” хөдөө орон нутагт” тус тус байв. Хамгийн түрүүнд Засгийн газрыг, дараа нь өөрийгөө дээдэлдэг олон нийтийн телевиз гэж энэ дээ.

Posted in Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

МҮОНТ-ийн “Луйвар”

Posted by Бид on 2013/07/01

Өнгөрсөн 7-р сарын 1-нээс хэдхэн цагийн өмнө буюу 6-р сарын 30-ны 22.50 цагаас  “Луйвар” нэртэй уран сайхны кино МҮОНТ-ийн хөтөлбөрт бичигдсэн байжээ. Гэтэл тэр кино гарсангүй. Оронд нь 2008 оны 7-р сарын 1-ны үйл явдлын тухай баримтат нэвтрүүлэг гарч ирлээ. Баримтат кино ч байж магадгүй. Луйвар, хулгай, бас захиалгатай бөгөөд захиалагч, үйлдэгчид нь нэрээ нуусан ийм нэвтрүүлэг олон нийтийн телевизээр гарах нь бүгд нэг зүгийнх. Хөтөлбөрт бичихгүйгээр, гэхдээ удтал бэлтгэж байгаад чухам энэ орой гэнэдүүлэн үзүүлсэн хэрэг. Тэр тусмаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дуусмагц.

7-р сарын 1-ны 5 жилийн ойг тэмдэглэхдээ Монгол орны өнцөг булан бүрт хүрдэг энэ телевиз юуг өгүүлэв. 2008 оны УИХ-ын сонгууль будлиантай, луйврийн болсон тухай дүгнэлтээр эхэлжээ. Гэхдээ нар зүүнээс гардаг, Улаанбаатар бол Монгол Улсын нийслэл байдаг шиг 2008 оны сонгууль шударга бус гэдэг нь нотлогдчихсон юм байна. Даанч хэн, хэзээ, юуг, яаж луйвардсан факт ширхэгийг ч дурдсангүй.

Нэгэнт муухай сонгууль байсан юм чинь үймээн самууныг яаж ч зөвтгөж, 5 хүний амийг зоргоороо тайлбарлахад чөлөөтэй. Аймаар юм болж МАХН-ын байр шатсаныг хэлэх нь хэлж байна аа. Гэхдээ шатаасан хүмүүс  нь буруугүй, яагаад гэвэл сонгууль шударга бус болсныг эсэргүүцсэн сайн хүмүүс. Харин үл үзэгдсэн эрүүгийн элементүүд цагдаа нарыг чулуугаар яаж шидэхийг тэдэнд зааж өгчээ. Сүүлдээ хөөрхий залуучууд хэдэн зуугаараа баригдан хэлмэгдэж түмэн зовлон амсчээ.

Нүүр царайгаа нуулгүйгээр улангассан залуучууд цагдаа нарыг өдөржин дайрч зодон довтолсоор барилга байшингуудыг галдан шатаасныг яаж аргалав? Цагдаа нарын төлөө матрын нулимыг бөн бөн бөмбөрүүлж гарлаа. Гэмтэж бэртсэн цагдаа нарын гомдлыг яриулж тайлууллаа.  Тэднийг залуучууд яагаа ч үгүй, харин “бэлтгэлгүй байсан, зэвсэг хэрэгсэл байгаагүй, цагдаагийн мэргэжлийн арга технологи хоцрогдсон, эсэргүүцэгчидтэй хэлэлцээр хийх хүн цагдаад байгаагүй” улмаас хэдэн зуугаар бэртэж гэмтэн, тахир дутуу болж, хожим зарим нь нас барсан юм байх. Тэр ч бүү хэл цуглааныг зохион байгуулагчид “цагдаа нарыг битгий зод” гэж гуйгаад гуйгаад бараагүй гэнэ. Тэгээд үймээн самууныг ингэж тэгэж зогсоох байсны яг мэдэж байсан бөөн шинжээчид энэ үдэш тодорлоо.

Нэгэнт цагдаа нарыг аргалсан  юм чинь үймээн самууны буруутныг нэрлэлээ. Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил нар юм байна. Тэднийг нэвтрүүлгийн туршид харааж зүхлээ. Тэд жагсагчдын шаардангуут гарч ирээгүйгээс бүх юм болжээ. Товчхондоо, “жагсагчдын Баяр даргад бухимдсан уур МАХН-ын байранд гал болон дүрэлзсэн юм” гэнэ.

Төгсгөлд нь амиа алдсан 5 хүн, хэд хоног суугаад гарсан залуучуудын дахин өрөвдлөө. Тэд хэдийнэ өршөөгдсөн ч одоо бүр цагаатгах цаг болсон гэнэ. Яасан гэж? Мэдээж, сонгууль шударга бус болсон учраас.   Энэ бол өнгөрсөн 5 жилийн турш төгс боловсорсон технологи.

Нэвтрүүлэгт 7-р сарын 1-ны гол шинжээчээр Хосбаяр гэгч тодорч “тэр өдөр манай авгай төрөөд би эрт харьсан” хэмээн араа малтаж (“юмыг яаж мэдэхэв”) байгаад хувьсгалт намын байрыг мэргэжлийн хяналтаас акталсан байсан, яах аргагүй эрүүгийн элементүүд шатаасан зэргийг өнгөтөөр ярьж өглөө. Авгай нь төрөөд гэртээ эрт харьсан хүн гэж байгаа…

Ийм чалчигч зөндөө олдоно. Харин нөгөө Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглааныг эхлүүлж, Цагаан ордны урд үргэлжлүүлж үймээнийг өдөөсөн, дараа нь баривчлагдаж хэлмэгдсэн гээд хашгичаад байсан  хувьсгалчид хаачив аа? Тэд яагаад энэ нэвтрүүлгээр гарч, сонгууль шударга бус болсон тухай хэлж өгсөнгүй вэ?  Манайд санаандгүйгээр хээрийн түймэр тавьсан хүнийг хүртэл олж шийтгэдэг. Харин 7-р сарын 1-ны үймээнийг дэгдээсэн хүмүүс олдохоо больжээ. Чухам тэднийг юу хийснийг бүрмөсөн мартуулахын тулд, магадгүй тэд өөрсөөд шууд бусаар, эсвэл бүр шууд энэ нэвтрүүлгийг захиалжээ. Ямар ч эргэлзээгүй.

Олон нийтийн телевиз бол гүйцэтгэгч нь.

Posted in 2008.07.01, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | 2 Comments »