АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Шинэ жилээр телевизүүд гоё байлаа …

Posted by Ажиглагч on 2013/01/02

Өнөөдөр хаа сайгүй ямар ч телевизор сайхан гардаг болжээ. Энэ удаагийн шинэ жилээр бүр хачин гоё гарлаа. 2012 оны туршид айл өрх, албан байгууллагууд LCD, LED   хэмээх том, тод бөгөөд хавтгай телевизорт хавтгайдаа шилжиж дуусав бололтой. Бараг л айл бүрийг “хавтгайруулах” хөдөлгөөн. Одоо телевизор гэж бандгар биш хавтгай юмыг хэлдэг болсон. Хоёр гурван жилийн өмнөх загварууд хэрнээ өнөөдөр хоцрогдож амжсан тийм телевизор “Номин”-д байтугай “Нарантуул” дээр зарагдахаа больсон гэнэ.

Боломжтой бүх газарт кабелиар холбогдсон байна. Оны өмнөхөн Сайншандад очиход буудлын өрөө бүр 20-30 сувгаар гайхуулж угтсан шүү. MovieBox-оор мөрдөгч Декстер алуурчинг мөшгөөд л … Улаанбаатарт “Юнител”-ийн Univision IPTV, “Скайтел”-ийн Skymedia IPTV, “Сансар”-ын дижитал телевиз гээд кабелаа цувиулаад дайрч орох нь холгүй айл өрхүүдийг булаацалдаж байна. Цаг хугацааг биш юмаа гэхэд цагийн хуваарьтай нэвтрүүлгийг гурав хоногоор ухраан хүлээлгэж байгаад сая нэг харж үздэг болжээ. Хүсвэл видео сангаас үзэх киногоо захиалж гаргуулна. Улам олон телевиз өндөр нягтаршилтай HD-гээр нэвтрүүлгээ цацаж эхэлжээ. Ердийн сувгууд ч ялгаагүй маш сайн гарч байгаа. Ер нь одоогийнхоос илүү тод гарах боломжгүй мэт. (Экс Ерөнхийлөгчийн оймсний хээ хүртэл танигдаад байхад шүү!) Үгүй, боломжтой гэнэ ээ. 3D гэж бараг дотор нь орж суугаад үздэг технологи гарчээ. Даанч тусгай шил зүүх нь ядаргаатай… Бид ингээд л давардаг улс.

Чухам ийм учраас 2013 оны шинэ жилийн монголын телевизийн нэвтрүүлгүүд үнэхээр гоё, өнгө будаг өтгөн, дуу чимээ тансаг байлаа. Эцэс төгсгөлгүй мэндчилгээ, реклам сурталчилгаа, дуу бүжиг, Сарантуяа, Ариунаа, Амархүү, монгол поп, Балхжавын өөрийнх нь дуунууд, Гангам стайл, хошин шог, Х-ТҮЦ, Гүрбазар, онигоо, хийлч Дээгий, “Ирония судьбы..”, Next Stop ба “Алтан сарнай” наадам… Байхгүй юм байсангүй.

Даанч энэ олон нэвтрүүлэг санаанд хүрсэнгүй. Эрхбиш удирдлага гэж юм гарт атгаастай тулдаа хэдэн арван суваг дундаас энэ тэрийг түүж, орос, өвөрмонголтой хольж байгаад тэсч баярлав. Ядахад, миний ганц найдвар – Х-ТҮЦ-ийнхний SBN телевизээр үзүүлсэн ганц хошин үзэгдэл нь өмнөх жилүүдийн одоо ч мартагдаагүй хөтөлбөрүүдийн талын талд ч хүрсэнгүй. Тэд өөрсдөө “25-р суваг”-ийн найран дээр цагийг барж харагдлаа. Магадгүй, энэ жил амсхийсэн байж болох. Ерөөсөө манай урлагт, тэр дундаа телевизийн урлагт том санаа дуусчээ. Социализмын үеийн хэдэн киног “Сэргээш”, хошин шогийн хөтөлбөрүүд, “Цэнхэр дэлгэц” нэрээр мөлжөөд хувхайлгачихсан тул бүгд хоосорчээ. Дараачийн шинэ санаа дуншиж байгаа шинж алга.

Арилжааны телевизийн баярын нэвтрүүлгүүд дүүрч гэж бодъё. Харин мөнгийг нь төсвөөс өгдөг – МҮОНТ-ийн шинэ жилийн уламжлалт “Баярын мишээл” тус телевизийн түүхэнд хамгийн тэнэг нь болов. Харанхуй, амьгүй онгоцон дотор суугаад ниссэн одуудаас эхлээд хүүхдийн үлгэрийн марзан баатруудыг хүүхдүүд хүртэл голж, бас шоолж байх юм.

Энэ удаад бүх телевиз оргил цагаараа гаргасан, бүр есөн телевиз шув шууд дамжуулсан “Мөнгөн угалз” ба “Болор үзэг” наадмыг өдөржин шөнөжин үзэхэд, манай телевизийнхэн ямар агуу, бид ийм мундаг хүмүүсийн бүтээснийг хүртэж суудаг ямар тэнгэртэй үзэгчид вэ гэж хөөрмөөр. Даанч энэ удаагийн шинэ жилийн нэвтрүүлгээ тэд барсангүй.

Даварсаар даварсаар гэдэг шиг сүүлийн жилүүдэд монголын телевизүүдийн шинэ жилийн хамгийн оргил нэвтрүүлгээр өөрсдийнх нь ёолк өргөмжлөгджээ. Эрхэм захирал, дарга, эрхлэгчид мэдрэмжээ алдсан байна. Ганц хоёрхон мянган хүнийг хамаардаг (тэгвэл багш нар гэхэд хэдэн арван мянгаар тоологдоно) хэвлэл мэдээлэл хэмээх ганц салбар хэрнээ сайн ажилласан хүмүүсээ сайшааж урамшуулахыг улс орны №1 үйл явдал болгож, бусдыг халхлан цээжээ дэлдэхийг эрчим хүчнийхэн гэр орондоо илүү дулаан өгөх, барилгачид өөрсдөө орох сууцаа илүү чанартай барих, эмч нар ойр дотныхоо хүмүүсийг түлхүү эмчлэхтэй адил буюу ажил, мэргэжил, албан тушаалаа ашигласантай зүйрлэе. Гэхдээ эрчим хүчнийхэн, барилгачид, багш нар хэзээ ч тэгдэггүй. Зөвхөн улс төрчид л эрх мэдлээ сийхгүй ашигладаг, тухайлбал сонгуулийн хуулийг өөрсөддөө дээл эсгэх мэт яг тааруулж байгаад зүйж баталдаг. Энэ жилийн угалз, үзэгнүүдийг бас л тэд гардууллжээ. Гэнэтхэн тэдний нэг – Ч.Сайханбилэг гишүүн “би олон жилийн турш хамгийн олон сэтгүүлчид зүүж өгсөн, намайг бас шагнаач” хэмээн нэхлээ. Муу нэртэй улс төрчид хүртэл эхнээсээ сэтгүүлчдийн эх захгүй найрнаас залхсанаа ойлгуулахыг оролдов уу?

6 Responses to “Шинэ жилээр телевизүүд гоё байлаа …”

  1. Anonymous said

    Монголын ТВ-ээр ер нь л үзэх юм байхгүй дээ… тэр хийсэн нэвтрүүлгийг харахад аливаа асуудлыг харж бгаа өнцөг, тэр хийсэн хүний тархи… за даа их л өчүүхэн жижигхэн санагддаг юм…Энэ бүхнийг МОНГОЛД нэг ч гэсэн хүн олж хараад ил хэлж, шүүмжлэж бгаад АЖИГЛАГЧ танд талархаж явдаг.

  2. babu said

    Үнэн зүйл бичжээ.Нэг суваг бүр home shopping oo гаргаж байсан Арай л дэндүү.

  3. Anonymous said

    Yag unen arail denduu yumaa. Ene olon tv uudiig tsegtsleh bolson gej bodoj bna.

  4. Anonymous said

    Yag unen ene tv uud uneheer hereg algoo iim olon bolloo geed. Odoo tsegtsleg bolson bishuu

  5. Anonymous said

    МН25 сувгийн элэглэлийн хөтөлбөр нь дажгүй санагдсан шүү…

  6. miracle said

    Ёстой үнэн шүү. Шинэ жилийн орой үнэндээ үзэх нэвтрүүлэг байгаагүй. Ядаж хуучны хэдэн кинонуудаа ч гаргачихаагүй. Яасын ёстой бүү мэдв

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: