Өчигдөр олон нийтийн телевиз, радиогийн оргил цагаар хөтөлбөрт байгаагүй “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэг дайран орж ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж телевизийн таван сэтгүүлч эмэгтэйг (жендерийн хувьд төгс, эсвэл өрөөсгөл алин болохыг мэдэхгүй) суулгаж байгаад уншсан урт лекц.
Ерөнхийлөгч намтраасаа нэгэн түүхийг дурсаж одоогийн улс төрчдийг ичээв. Тэртээ 1994 онд Улсын Их Хурлын гишүүн байхдаа улсын нууц задруулсан хэрэг үүсэнгүүт тэр өдөртөө Н.Багабанди даргад өргөдлөө өгөхөд МАХН-ынхан баярлан хуралдаад шууд чөлөөлсний дараа өөрт нь 4,6 жил төлөвлөсөн шүүхэд явж очоод 30 минутын үг хэлээд өөрийгөө цагаатгаад гарснаа гайхуулаад араас нь “Би ердөө Монголыг эдийн засгийн аргаар эрхэндээ оруулах гэж байгааг анхааруулсан хэрэг шүү дээ” гэв.
Нээрээ юу?
Ц.Элбэгдорж УИХ-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж тэр үеийн Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын ажилтай танилцжээ. Хэд хоногийн дараа Ялалтын талбай дээр болсон улс төрийн цуглаанд оролцож Жасрайн Засгийн газрын муу муухайг дуудахдаа хөөрч “эх орны тусгаар тогтнол алдагдаж байна… манайд хятадын тагнуулын 7 обьект байна, тэр талаар өөрийн нүдээр үзлээ” гээд туучихсан түүхтэй.
Зарим хүн 14 обьектыг хэлсэн гэдэг. Юутай ч тоо хэлчихсэн. Үүнийг цаад “объект”-ууд нь баталгаатай сонсоно. Хэдхэн мөчид урагшаа мэдээ дамжиж Улаанбаатарт цуглаан тараагүй шахам байхад Хятад улсын амрыг хамгаалахынхан хуралдаж “Ар монголчууд манай … объектоос долоог мэдчихжээ. “Найдвартай” хүн хэлсэн байна. Харин аль долоо бол …яахаарааа энэ долоо … ” гэхчлэн шалгах ажилдаа орохгүй хаачихав. “Тэр нөхөр манай объектэд шургалжээ” гээд тогтоосон ч байж магад. Товчхондоо, хятадын барагтай тагнуулчтай мөчөөрхсөн тус хүргэсэн юм. Харин шүүх хурал дээр хурц дайчин үг хэлж цагаадсан тухайд гэвэл манайхан тоогоогүй дүр эсгэсэн биз ээ. Өөр яахав.
Тэр үдэш Ерөнхийлөгчид асуулт тавьж харагдсан шилэгдмэл сэтгүүлч хүүхнүүд энэ тухай мэдэхгүй, мэдэхгүй дээрээ асуух эрхгүй.