АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Ховд аймаг …

Posted by Ажиглагч on 2012/10/27

Өнгөрч буй долоо хоногт би анх удаа Ховд аймагт очиж гурав хоноод ирлээ. Нэг өдөр нь Дөргөн сум оров. Ажил албаныхаа талаар энд бичихгүй. Харин нэгэнт 1500 км-ын цаана нисч хүрснийх зав чөлөөгөөрөө элдэв зураг дарахыг хичээснээ тайлагная.

Mongolian Airlines-ын Fokker-50 онгоцны цонхоор нуурын ус толийж харагдана. Үнэхээр сүртэй. Буугаад газрын зураг дээрээс хайхад Хар ус нуур болж таарав. ↓

Ховд нутагт хөл тавингуутаа авсан эхний зураг. Энэ нисэх буудал тун удахгүй олон улсынх болно гэж аль эрт зарласан билээ. Тэгсэн цагт Khovd International Airport гэж бичих биз. Бас оноосон нэр өгөх болов уу? ↓

Аймгийн төр, захиргааны ордон. Баруун бүсийн тулгуур төв гэдгээ дээрээ бахархалтайгаар залжээ. Нарийн яривал, төв биш төв хот юм. 2003 онд УИХ-ын тогтоолоор Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховдыг багтаасан энэ бүсийн тулгуур төв хотоор Ховдоос гадна Улиастайг томилсон байдаг. ↓

Үргэлжлэлийг энд дарж үзээрэй.

Аймгийн №1 хөшөө нь Зүүнгарын хаант улсыг байгуулж, Халхыг дайлан Манжтай дайтаж байсан Галдан бошгот (1644-1697) хааных. Түүний  мэндэлсний 360 жилийн ойгоор 2004 онд төв талбай дээрээ босгожээ. Ховд хотыг чухам тэрбээр үндэслэсэн гэдэг. ↓

Ховд хотын төв талбайд байтугай Ховд аймагт, Чингэсийн байтугай Сүхбаатарын хөшөө ч алга. Урьд нь байгаа ч үгүй. Бодвол, баяд ноёдын эсрэг тэмцэгч Ард Аюушийн хөшөө социализмын үеийн үзэл суртлын шаардлагыг хангаж байсан хэрэг. 1959 онд босгосон энгийн сайхан хөшөө байна. Хажууд нь талбайн зурагчид хөлхөлдөнө. Дээрх хоёр хөшөө хоёулаа морьгүй боловч төв талбайн зүүхэнтээ орших цэцэрлэгт хүрээлэнд Ойрадын ноён Амарсанаагийн морьтой хөшөө харагдсан. ↓

Ховдод байдаг Сангийн хэрмийн үлдэгдлийг нүдээр үзэхийг хүслээ. 300 шахам жилийн өмнө босгож Манжийн амбан түшмэдтэйгээ, цэргүүдээр хамгаалуулан байрлаж байсан өндөр сүрлэг хэрэм хэдий ч одоогоос яг 100 жилийн өмнө Хатанбаатар Магсаржавын цэрэг дайран эзэлснээс хойш нурж сүйдсэн гэж  уншиж байсан ч ингэж хөсөр хаягдсан гэж төсөөлөөгүй юм байна. ↓

Хүмүүс хэрмийн шавраас хайр найргүй авч зөндөө хашаа байшин барьсан гэнэ. ↓

Хэрмийн дотор зах зээлээс хойш нэг хэсэг хүнсний ногоо тарьж байжээ. ↓

Хэрмийн үлдэгдлын нүүрэн талд жигтэйхэн том самбарууд харагдахаар нь үүх түүхийг бичсэн байх хэмээн горьдоод тойрч очвоос биш байлаа. Энд Петровис, Mobil, НИК үнэхээр зохихгүй байна. Би Ховдын Засаг дарга байсан бол шууд солино. ↓

Харин дараа нь Ховдын засаг дарга Г.Нямдаваагийн санаачилсан сайн юмыг үзлээ. Энэ бол Ховд хотыг дээрээс тольдож болох “Эв эеийн өндөрлөг” юм. 365 гишгүүртэй шатаар өгсөж гарна.  Ховддоо “Зайсан толгой” гэсэн үг. ↓

Ноднин хэдэн ойг бөөндөж байгаад дүн өвлөөр босгожээ. ↓

Дээш мацсаар гарахад Ховд хот нүдний өмнө дэлгэгдлээ. Цэлийсэн том хөндийд тухалсан, тэлж өргөжих зайтай хот байна. ↓

Татаж ойртуулсан зураг. Хамгийн баруун захад байгаа шар барилга бол Төр захиргааны ордон. Одоо цагт барилгуудыг өнгө өнгөөр алаглуулдаг болсныг анзаарав. ↓

Аймгийн дулааны цахилгаан станц.  Ховдынхоос гадна Улаангомын дулааны станцыг хувьчилж авсан Сурмаажав гэж нөхөр жилийн жилд хоёр аймгийн төвийнхнийг зэрэг хөлдөөхөөр айлгасаар  засгаас баахан мөнгө салгадаг талаар зөндөө уншсан. Энэ есдүгээр сард Ховдод ирэхдээ тус станцад зочилсон Ерөнхий сайд Н.Алтанхуяг бас айсандаа 500 сая төгрөгийн төсвийн зээл амлаад буцжээ. ↓

Уулан дээрээс бууж төв рүү ороод гудамжаар алхлаа. Аймгийн хөгжимт драмын театрын барилга маш содон. Тэр хэдэн үдэш хотоос “Шилдэг өнгө” продакшн ирчихсэн, “Хүүхнүүд дэлбэрвэл аюултай” гээд бужигнуулж өгч байлаа. ↓

Яг одоо mykhovd.mn сайт засвартай байгаа хэдий ч аймгийн төвийн том самбарт хаяг нь тодоос тод. ↓

Улаанбаатарт үйлдэгддэг http://www.chuhal.mn сайтын том самбар Ховдод боссон нь эхлээд хачирхалтай санагдсан ч Интернэтэд орон зай, хил хязгаар байхгүйг саналаа. ↓

Аймгийн нийтийн номын сангийн барилга. Ханан дээрээ “Оюуны банк” гэж бичсэн нь эргэн тойрныг хаяг рекламаараа зодсон арилжааны банкуудтай бяцхан мөчөөрсөн мэт санагдав.↓

Нэр, хаягийг харахад үзвэр, үйлчилгээ хэрнээ хашааныхаа хаалгыг дангианатал хэрсэн энэ барилгыг УИХ-ын сонгуулиар Ховдод ялах шахсан Ш.Адьшаа худалдаж авсан гэв. ↓

Аймгийн спортын ордонд. Ховд аймгийн өсвөр үеийн бөхийн чуулга барилдааны том арга хэмжээ үндэсний бөх, жүдо, чөлөөт бөх гэсэн гурван төрлөөр 10-р сарын 21-28-ны өдрүүдэд ид үргэлжилж байв. ↓

Ховд хот усан бассейнтэй юм байна. Онц сайн! ↓

Гэхдээ шугам сүлжээний ажил хийхдээ нийслэлийнхнээс “нэг их дутахгүй”. Уг нь маш сайн хавтандсан явган зам юмсан. ↓

Хажуугийн гудамжинд харсан дүр зураг. “Хичээлийн дараа” гэж нэрлэе. ↓

Бидний буусан “Цамбагарав” зочид буудал. АНУ-аас Монгол улсад суугаа шинэ Элчин сайд, бас бус зочид энд буудалласан байв. Цаахна УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл ирчихсэн нэгэн сонгогчид ороогдоод гудамжинд зогсож байгааг харлаа. Ховд бол олон хөлийн газар. ↓

Ховдын бас нэг шинэ орон сууц бэлэн болох дөхжээ. Харин барилгачдаа кранаар өргөсөн тавцан дээр зогсоогоод хана шавардуулж байх юм. Эсвэл би буруу харав уу? Уг нь тоосго, хавтанг л кранаар өргөхийг зөвшөөрдөг баймаар. ↓

Хэд алхахад аймгийн Стандарт, хэмжил зүйн газрын барилга тааралдав. Дэлхий яахав, стандарт хамгийн түрүүнд Ховдын хөгжлийн түлхүүр байгаасай. Аймагтаа барилгын аюулгүй байдлын стандарт хэрэгжиж байгаа эсэхийг яаралтай шалгаарай. ↓

Нийгмийн даатгалын барилга Монголд хаа сайгүй хамгийн тансаг байхыг анзаарч явлаа. Ховдод ч ялгаагүй. ↓

Нэлээд дээрхэн үеийн барилга бололтой. Асуух хүн тааралдсангүй. ↓

Гэхдээ 4-р цэцэрлэгийн энэ барилга эргэлзээгүй бүр эртнийх. ↓

Одоогоор яг 55 жилийн өмнө барьж дуусгаад ийн шигтгэжээ. Тэр жил төрсөн охидууд энэ онд тэтгэвэрт гарцгааж байгаа. ↓

Ховд бол 30-аад мянган хүнтэй том хот. Нийтийн тээврийн автобус явдаг. Дараачийн автобус хэзээ ирэхийг охидуудаас асуухад “30-аад минут дараа ирэх байлгүй дээ” гэлээ. Үгүй байлгүй дээ?! ↓

Нээрээ орон нутгийн сонгууль дөхчихсөн байна! Ардчилсан нам туг далбаа, уриа лоозон, бас телевизийн антенн сэлтээ агсаад хэдийнэ бэлэн болжээ. ↓

Ардын нам мэдээж үргэлж бэлэн. ↓

Гэхдээ Ардын Нам телевизгүй санагдав уу? Санаа зоволтгүй. Энэ бол аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны  дарга Г.Нямдаваагийн үүсгэн байгуулсан телевиз гэнэ ээ. ↓

Ховдын жаалууд. Хичээлээ тараад харьцгааж явснаа гэнэт маргалдаж, тэгснээ газарт сууж цүнхээ уудлан дэвтрээ гаргаж баахан хэлэлцүүлэг өрнүүллээ. Харин нэг нь огт оролцохгүйгээр тойрч эргэлдэнэ. ↓

Тэд бас болоогүй, сониуч… ↓

Энэ сурагч бүр сониуч. Дуранд өөрөө орж ирээд ярилцлага өгөхийг хүслээ.

– Чи хэддүгээр анги вэ?

– Гурвын В… ↓

Хажууханд нь Хүүхдийн ордон байна. Сайхан уриатай. Орж үзээгүй, гэхдээ жаахан хатуу чанд болов уу. Төмөр хашааг нь хар. ↓

Ховдын хамгийн эртний барилгыг сурагласаар үүнийг оллоо. Юмжаагийн Цэдэнбал дарга Ховд аймагт ирж бага сургуульд суралцаад 1929 онд төгсгөсөн юм байна. Бараг энэ барилгад байх, гэхдээ нарийвчлан тодруулж амжсангүй. ↓

Дээрх барилгын нас сүүдрийг нотолсон самбар. Ховдын багшийн дээд энд байрлаж байжээ. ↓

Цэдэнбал даргын төгсгөсөн нэгдүгээр сургуулийн одоогийн байр. Одоо Улаанбаатарт буулгахаар хоосолчихсон байгаа 3-р сургууль, бас 21, 18-р сургуультай яг ижилхэн загвараар баригджээ. 40 жилийн ойгоор нь Цэдэнбал дарга “Зил-130” машин бэлэглэж байсан гэж захирал нь хөөрөв. ↓

1964 оны барилга юм байна. Хэзээ баригдсаныг ханандаа бичдэг нь сайхан соёл. ↓

Тус сургуульд олж харсан сүрхий уриа. ↓

Хөгжилтэй самбар үзлээ. СӨУЗ, бас өсвөрийн цагдаа гэж байдаг аж. (Гэхдээ өөр сургуулийн хананд байв) ↓

Тавь, жараад оны хэдэн сайхан барилга. Өнөөдөр цэцэрлэг, политехникийн коллеж байрлаж тод ногоон өнгөөр цэмцийтэл будсан харагдлаа. (Нийслэлийнхэн шиг “нураагаад бүр том цэцэрлэг, коллеж барина” гэж битгий дэмийрээсэй) ↓

Цуутай Ховдын багшийн дээд, одоо Ховд Их Сургуулийн хажуугаар яаж зүгээр өнгөрөхөв. ↓

Ховд аймагт бүхэл бүтэн их сургууль багадаад “Ховд эрдэм” дээд сургууль байгуулагджээ. ↓

Хуучны байдаг л барилга. Гэхдээ хаягийг нь хармагц эгдүүтэй санагдаад явчихав. ↓

Манайд яагаад Цагдаа гэж монголоороо хаягаа бичдэггүй юм бол? Зарим суманд хүртэл Police байх юм. ↓

1990 оноос өмнө аймаг болгонд хот хоорондын ачаа тээврийн том бааз байсан. Одоо Ховдод нэг сайхан хаалга, дээр нь “Авто 4-р баз”, “Социалист хөдөлмөрийн төлөө  бригад” гэсэн тэмдэг үлдэж хоцорчээ. ↓

Дараа нь би 1961 оны барилгыг оллоо! ↓

Энэ бол аймгийн музей. Даанч надад цаг маш бага байсан тул бараг гүйхээрээ үзээд гарлаа. (Соёлтой хүн музейг ингэж ч үздэггүй байх аа) ↓

Хажууханд нь лалын шашны шинэхэн баригдсан сүм байв. Ховд аймгийн хүн амын арваад хувь нь казахууд юм байна. ↓

Тэсэлгүй очлоо. Тэнд ном уншдаг лам (молда) залуугаас зөвшөөрөл авч гутлаа тайлан дотогш орж үзэв. Өглөөний мөргөл өндөрлөсөн  учраас нам гүм. ↓

Ховдчууд олон ястны өлгий гэдгээрээ заавал бахархдаг. ↓

Ховдоос нисэхэд энэ хоёр уулын энгэрт хүндэтгэлтэй байрлуулсан соёмбо үдэж өгдөг. ↓

Би онгоцноосоо бараг хоцрон байж (бас бусдыг хоцроох шахаж) дээрх зургуудыг авсан ч Соёл, амралтын хүрээлэн гээд олон зүйлийг үзэж арай л амжсангүй.

14 Responses to “Ховд аймаг …”

  1. Ховд аймгийн баруун бүсийх тулгуур төв гэсэн нэрэндээ одоо бол хүрч чадсан. Улиастай бол Ховдын Булган сумыг ч гүйцэхгүй жижигхэн шүү дээ…..Бас тэр 18 биш 75 юмаа. Ганц нэг газар буруу бичсэн байна.

  2. Anonymous said

    нутаг сайхан, олон жил очоогүй байснаа энэ бүхнийг харахад сайхан байна. Мууг нь хэлж засах нь ухаантай хүний шинж, мууг нь буруугаар хүлээн авч буй тэр хүн бялдууч хүн,ибд нарч нутагтаа очоод айл хэсээд таардаг, Таны энэ бүхнийг харахад та сэтгүүлч, судалачийн төрхөөр харсан байна

  3. Anonymous said

    үнэхээр сайхан зураг байна. БИ ховд аймагийн Рашаант багт хүүхэд насаа өнгөрүүлсэн Тэр хуучин барилга гээд байгаа сургууль тэр үеийн 5-р арван жилд зураг урлагийн гүнзгийрззлсэн сургалттай Норолхоосүрэн багштай төгсөж билээ Манай ангид олон авьяастай хүүхдүүд байсан .Нутагаа хараад нүдэнд нулмис цийлэгнэж байна.

  4. Anonymous said

    geree sanchoihlaa

  5. Anonymous said

    зарим нэг зүйл дээр алдаатай мэдээлэл тараах нь үнэнд нийцэхгүй байна гэхдээ сайхан болжээ,

  6. Anonymous said

    үнэхээр сайхан санагдлаа манай ээж энэ нутгийнх. Би Ховд их сургуульд сурч төгссөн. сайхан нутаг шүү. оюутан цаг санагдчихлаа. Баярлалаааа

  7. х said

    Ховд аймаг хөгжин цэцэглэх болтугай

  8. Toronto man said

    Uliasnuudiin zurag avaagui yum uu, esvel ted maani uvguruud unachihsan yum uu

  9. Uka said

    Юуны өмнө энэ фото сурвалжлагыг хийж бидэнд хүргэсэн сэтгүүлч чамд баярлалаа.Төрсөн нутгаа харах үнэхээр сайхан байна нутаг орон минь маш их өөрчлөгджээ.Нутгаасаа гараад 10-д жил болж байна.Очоод ирсэн юм шиг л сайхан санагдлаа.Бас зургийнхаа тайлбарыг их сонирхолтой хөгжилтэй хийсэн байна.Оросын аялагч Сергей Доля гэж хүн байдаг дэлхийн маш олон орноор аяласан хүн байгаа тэр хүний зургийн тайлбар нэг иймрэхүү хөгжилтэй сонирхолтой байдаг юм.Баярлалаа дараа зөндөө сонирхолтой фото сурвалжлага хүргэж байгаарай Амжилт хүсье.

  10. Anonymous said

    таалагдлаа ховд нутаг унаган нутаг угаасан ус унасан газар өлгий минь

  11. Anonymous said

    Чи бодвол тэр бассэйнд нь орж үзээгүй юм шиг байна. Ороод сэлэх гээд үзээрэй живж үхмээр юм байнлээ. Ямар ч бассэйн тийм гүн, хүйтэн, хлормин үнэртсэн устай байдгүйн, аая душ гэсэн юманд нь орох гэтэл ус нь татаад байгаа юмуу гэмээр.Хэдэн халтар тавчик шидэж өгнө, тэр үйлчлэгчийнх нь муухай ааштайг ээ, за тэгээд нээх сайхан сэлсэн болоод гараад ирхээр нэл нүүрс.Ийм байж болох уу нээх сайхан юм хийсэн гээд л дээгүүр хараад яваад байдаг ичмээр юм.

  12. Anonymous said

    сайхан зурагнууд байнаа зарим хүмүүст хэрэг болмоор..

  13. mendee said

    yostoi saikhan zurag baina, ta zav garval Nalaikh-iin gerel zurgiig avaach – ikh sonin tuuhtei – gazar shuu, bayarlalaa,

  14. Batpurev said

    Hotiin tsaad taliin uul surleg haragdaj bnaa. ter uria bol ‘goyo’ shuu xaxax

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: