АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Хоёр дахь асуудалдаа орж байна

Posted by Ажиглагч on 2012/10/21

Надад хамгийн их таалагддаг улс төрийн онигоог дахин хэлье.

1960-аад он. Зөвлөлт Холбоот Улсын хаа нэгтээ. Хамтралын дарга бүх гишүүдийн хурлыг нээж зарласан нь: Өнөөдрийн хурлаар хоёр асуудал хэлэлцэнэ. 1. Малын саравч барих 2. Коммунизм байгуулах. Даанч саравч барих банз байхгүй учраас шууд хоёр дахь асуудалдаа орцгооё…

Улаанбаатарт нэлээн төстэй юм ажиглагдаж байна. Нийслэлд зөвшөөрөлгүй барилгыг зогсооно, хууль зөрчсөнийг хайр найргүй буулгана, хот төлөвлөлтийг ил тод, иргэдийн оролцоотой шийдвэрлэнэ хэмээн ер бусын хүчтэй цуурайтсан амлалтуудыг хэрэгжүүлэхийн тулд эхлээд аль барилга, ямар зөвшөөрөл хууль зөрчсөн, хэн буруутайг ил тод болгох ёстой байсан. Зөвшөөрөлгүй 77, бүрэн бус зөвшөөрөлтэй 168 барилга гэхчлэн жагсаалтууд гарсан боловч бараг бүгд хэвийн үргэлжлэн баригдаж байна. Яагаад? Хариулт байхгүй. Бусад нь зөвшөөрөлтэй гэж аархсан, нэгэнт босчихсон барилгууд юм. Нарийн ярих юм бол тэд ихэнхдээ хууль зөрчсөн байдаг. Хүүхдийн тоглоомын талбайг устгасан, цонх таглаж нар хаасан барилгууд, дархан цаазат Богд хаан уулын Зайсангийн аманд боссон хорооллууд бүгд зөвшөөрөлтэй ангилалд багтана. Зөвшөөрөлтэй, гэхдээ хууль бус зөвшөөрөлтэй барилгууд юм. Урьд жилүүдэд хотыг төлөвлөж газар, барилгын зөвшөөрөл олгож ирсэн, хотын дарга байсан хүмүүс бүгдээрээ газрын наймаачин, мафийн толгойлогчоор дуудуулдаг болсон тэр муу муухайг уудлан илчлэх, иргэд оршин суугчид эсэргүүцэн тэмцсээр атал хүч түрэмгийлэн булааж авсан нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, нар харах эрхийг буцааж авна гэж би хувьдаа ойлгож байлаа. Газрын наймаа цэцэглэж эхэлсэн 1996 оноос хойш нийслэлд газар олгосон Засаг дарга нарын бүх захирамж, шийдвэрийг ил тод болгохыг бид хэдэн жилийн өмнө ил тод, нээлттэй болгохыг шаардахад таг дуугүй өнгөрөөснийг санаж байна. Харин хотын шинэ удирдлага энэ бүхнийг шалгаж эхлэхийг хүлээж байлаа.

Харамсалтай нь, нийслэл одоо хоёрдахь асуудалдаа шилжиж байх шиг. Тэр нь нийслэл Улаанбаатар хотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулах, ингэхдээ ард иргэддээ нээлттэй танилцуулж хэлэлцүүлээд батлуулах тухай юм.

Хойтон жилийн наадам хүртэл хол байдаг. 2030 оны Улаанбаатарт хаана ямар барилга байшин, зам талбай байх ёстойг хэн ч мэдэхгүй.  Үүний оронд нийслэлд зарчим буюу тоглоомын дүрэм бий болгох, юуны өмнө одоо байгаагаа ягштал дагаж мөрддөг болох нь хамаагүй чухал. Хууль зөрчсөн бол ямар ч барилга “автоматаар” буудаг байх. Нурдаг гэсэн ч болно.  Бүр эхэлдэг ч үгүй байх.  Хорь, гучин жилийн дараах ерөнхий төлөвлөгөө нэртэй картоныг биш хоёр, гурван сарын дараа тавих зам, эхлэх барилга, олгох зөвшөөрлийг  хэлэлцүүлдэг байх. Нийслэлийн түүхэн төвөөс юу үлдсэнийг хамгаалахыг оролдох. Чадах чинээгээрээ сэргээх.

Гэтэл үүний оронд хотын төвийн хэдийнэ барилга бариад, барьж амжаагүйд нь зөвшөөрөл олгоод дууссан 1300 га газарт газар олгохгүй гэсэн байх юм. Энэ нь хэрэг хийсэн хүнийг хуулийн дагуу шийтгэх тухай Хууль зүйн сайдын тушаал гарч байгаатай адил юм уу даа. Ёстой нөгөө намайг барьж байгаарай, би яаж ч магадгүй … болжээ. Бас нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн даргын амнаас газрын өршөөлийн тухай үг цухалзсан. Бас болоогүй, Зайсангийн амыг байгалын дархан цаазат, тусгай хамгаалалтын бүсээс гаргах хуулийн төслийг өргөн барих юм гэсэн. Ингээд газрын наймаа, нийслэлийн мафи … бүгдээрээ цайрч байгаа нь тэр.

Нийслэлд тоглоомын шинэ дүрэм буюу дүрэм, журам, хэм хэмжээ, ядахдаа байгааг нь ягштал хэрэгжүүлэх хатуу чанд процедурийг тогтоогоогүй цагт 2030 оны ерөнхий төлөвлөгөө бол зай завсар болгоныг булааж, эсвэл хуучин болгоныг нурааж бүр гоё, цоо шинэ, илүү өндөрийг барих халхавч болж хувирна. Одоо сайхан сонсогдож байгаа хурдны зам, гүүрэн гарц, метро тус болохгүй. Харин зарчим тогтсон цагт бусад нь зах зээлийн жамаар болно. Сүхбаатарын талбайг тойруулаад 10-аас дээш давхар барьж болохгүй, шинэ барилга байшин бүр машины зогсоол, тоглоомын талбайтай байна гэх мэтээр тогтчихвол хот тэлнэ, дагуул хотууд хөгжинө, нийслэлд чихэлдэхээ болино.

Би үүнийг яагаад бичив? Нийслэл Улаанбаатар хотын эрх мэдлийг гартаа авсан Ардчилсан намын хувьд эхний хэдэн сар шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл баахан сүр үзүүлсний эцэст “зөвшөөрөлтэй”, үлдсэнийг өршөөнө, нийтдээ иргэдийн хувийн өмч гээд цайруулж байгаа юм байна. Хэдэн зуу, мянган иргэний газрыг хууль бусаар аваад барилга барьчихсан луйварчин иргэн байсан ч хамаагүй. Ингээд цаашид дуугарах эрхгүй болж байна. Магадгүй АН өөрөө нийслэлийн газрын мафийн нэг хэсэг учраас тэр биз. Зөвхөн өнгөрсөн 4 жилд гэхэд нийслэлийн ИТХ-д Ардчилсан Намын арав шахам төлөөлөлтэй бүлэг суусан ч жил жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг гар өргөн баталж нийслэлийн Засаг даргад газар олгох эрхийг дуулгавартай шилжүүлж, тэгээд ажлыг нь “хангалттай” хэмээн дүгнэлцэж ирсэн билээ. Шинэ зарчим тогтоохыг шаардан эсэргүүцэж тэмцсэн тохиолдол огт ажиглагдаагүй. Өнөөдөр том дуугарахад эвгүй учраас тэгэсхийгээд дуугаа хураав бололтой.

One Response to “Хоёр дахь асуудалдаа орж байна”

  1. Anonymous said

    АН сонгуульд ялж, Шинэчлэлийн засгийн газрын бодлогоор орон нутгийн засаг захиргаа эмхлэн байгуулагдаж эхэлхэд Ховд аймгийн Дуут сумын ардчилсан намын нөхөд маань 2,3 талцан хуваагдаж засаг даргын суудлаа булаацалдаж нэлээн хөгөө чирвээ.Учир нь засаг даргын албан тушаалд боловсролоороо ч ёс зүйгээр ч,хувь хүний маркетинг,харилцаа хандлага бүр цаашилвал өнөөгийн нийгмийн шаардлагад нийцэхүйц хувийн болоод нийгмийн соёл гээд бүхий л талаараа гологдоод байсан хэдий ч үүнийг авч хэлэлцэхгүйгээр засаг даргын суудал горилогчдын маргаанаас болж даргаа сонгож чадахгүйгээс зарим нь бүр уйлж дуулж гүйх,архи ууж агсамнах, хоорондоо зодоон цохион хийх зэрэг бөөн асуудал болсны эцэст хүчээр нэг юм болсон гэдэг.Харин хүчээр болсон одоогийн засаг дарга нь өмнө нь МҮШДН-н дарга байснаа ардчилсан нам ялангуут зангаа өөрчилсөн туйлбаргүй нэгэн гэх ба та нарыг сонгуулийн мөнгө хуваан идсэн,шоудсан, мөнгө тараасан,архидсан зэрэг сонгуулийн хууль зөрчсөныг чинь илчилнэ хэмээн айлган дарж авсан гэдэг. Харин одоо тэрээр МАН-н зарим нөхөдтэй маф байгуулан ажиллаж байгаа ба тэднээс ажил төрлийн зөвлөгөө авч ажилладагт нь намын нөхөд бид дургүй явдаг

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: