АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Түүхгүй нийслэл

Posted by Ажиглагч on 2012/10/13

Өөрийгөө хүндэлдэг бүх хотод түүхэн төв гэж байдаг ажээ. Түүхийн төв ч гэж болно. Тэр тусмаа улсын нийслэлд. Олон арав, хэдэн зуун жилийн өмнөх дүр төрхийг хэвээр хадгалсан барилга байшин, гудамж талбай бүхий хэсэг гэсэн үг.

Тэгвэл Улаанбаатар хотын түүхэн төв хаана байна? Мэдээж Сүхбаатарын талбай, түүний эргэн тойрон. Нар зөв тойрвоос Дуурийн театр, Төв шуудан, Б.Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн ба баримтат кино театр, хотын захиргаа, Үйлдвэрчний төв зөвлөл, Засгийн газрын ордон, Улсын хэвлэлийн комбинат. Гадагшлаад Бага тойруу дотор Улсын төв музей, шилэн дэлгүүр, 5-р сургууль, орон сууцнууд, шуудангийн 46-р салбар, хуучин Пионерийн ордон, урдаа усан оргилууртай 25-р цэцэрлэг, Бямбын Ринчингийн амьдарч байсан хоёр давхар, МУИС-ын хичээлийн байрууд, Хятад сургууль, “Залуучууд” зочид буудал, Спортын төв ордон, Багшийн дээд, “Улаанбаатар” зочид буудал. Жаахан цаашаагаа Арслантай гүүр, Санхүүгийн техникум. Энхтайвны гудамж руу ороод явчихлаа. Баруун тийш зүглэвэл Гадаад яам, Ленин клуб, урагш эргээд Сталины номын сан, Залуучуудын ордон буюу Драмын театр, Хүүхдийн парк, Энхтайвны гүүр, “Баянгол” зочид буудал, Энхтайвны гудамжин руу буцаж дахин баруун зүгт эргэвэл 40, 50 мянгат, хоёр талаар эгнэсэн “Аман хуур” дээр баригдаж гардаг дөрвөн давхрууд, “Ард” кино театр, 23-р сургууль, Хүнсний 20, “Туул” ресторан, Урт цагаан, Улсын их дэлгүүр, цаашаагаа зүүн дөрвөн зам хүртэл хөндлөн тууш эгнэсэн байрнууд … Барилга, байшин болгон түүх.

Харин өнөөдөр хотынхоо түүхийг хадгалсан бүтэн гудамж байтугай гудамжны тасархай ч Улаанбаатарт үлдсэнгүй. Завсар болгонд ямар нэг барилга чихсэн, тэгэхдээ заавал хааж дарсан өндөр барилгууд байх. Ядахдаа ганц нэг хуучин барилгыг өм цөм үлдээвэл барав гэтэл бүгдийнх нь ханыг цөмлөөд шинэ ч биш хуучин ч биш болгочихжээ. Нэр нь таних тэмдэг болсон Арслантай гүүрийг энэ зун зассаны дараа арслан нь алга.

“Нураагаад шинийг барина”. Энэ бол сүйтгэн байгуулагчдын уриа. Саяхан Ерөнхий сайд Спортын төв ордныг золтой буулгачихаагүй. Саяхан АН-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамныхан МАН-ын “Чандмань” төв рүү довтолж америкаас тиранозаурус батаар ирэхлээр байрлуулах ганц байр гэж үзжээ. Зөв санаа, гэхдээ энэ нь Улсын төв музейг буулгахын цондон, өмнөх эрх баригчдын далд төлөвлөгөөний үргэлжлэл гэх юм. Энэ хоёр намд ялгаа алга. Улаанбаатарт 70 жил болсон улсын их дээд сургуулиудыг хотоос хөөж эхлээд Налайхад, дараа нь Багануурт аваачиж цөлөх тэнэг төлөвлөгөө хэрэгжвэл Их сургууль, багшийн дээдийн байрнууд юу болохов? Зуун жилийн өмнө нэг давхраар босч байсан Улсын хэвлэлийн комбинатын барилгыг “Улаанбаатар таймс” нэрээр хулгайлаад балгас болгов. Гадаад яамны зүүн талд байсан шовгор оройт байхгүй. “Цогт тайж” киноны зураг авч 1980-аад онд улсын филармони байрлаж байсан ахмадын холбооны байрыг балмадаар нураасан. Бүр сүүлдээ гадаадынхан сүйтгэлцдэг болов. Тухайлбал, Нэгдсэн Үндэстний байгууллага Герман элчингийн дэргэдэх нэгэн сайхан барилгыг үгүй хийж тусаллаа.

“Нурах аюултай”. Энэ бол сүйтгэн байгуулагчдын залилдаг ганц арга. Гандангийн дэнж дээр торойдог байсан Хүүхдийн больницын гурван давхар цагаан барилгыг 1990-ээд оны төгсгөлөөр өдөртөө багтаж нурна гэж оношлоод эмч нарыг цагаан халаад, чагнууртай нь хөөж гаргаад хувьчлангуут нурах нь лав зуун жилээр хойшилж одоо Монголын үндэсний  дээд сургуулийн хэдэн мянган оюутан хөлөөрөө балбаад балбаад ганхуулж ч дөнгөхгүй байна. Шинэхэн жишээ гэвэл хуучин гэмтлийн барилгыг хорин жил ганц олигтой будаг түрхэхгүй навсайлгаад өнгөрсөн хавар хүчээр нүүлгэн хоосолж байж санаа амарсан билээ. Нөгөөдөх нь нурах шинж алга. Засчихвал  нурахгүй.

Одоогоос тав, зургаан жилийн өмнө хотын дарга нар дөч, тавин мянгатын барилгууд төдөн баллын газар хөдөлбөр төдөн хувь нь баталгаатай нурна гэж баахан сүржигнэж, гэхдээ удахгүй буулгаж 10, 20 давхар барилга барьж оршин суугчдыг оруулахаар шийдсэнээ зарлаж байсныг санаж байна уу? “Авзага трэйд” мэтийн зарим компанитай тохиролцож нураан байгуулах зураг төсөл хүртэл зохиолгосон. Гэвч 40,50 мянгатынхан, тус тусмаа Энхтайвны өргөн чөлөөг тэр чигээр нь худалдаа, үйлчилгээ гудамж болгосон бизнес эрхлэгчид эндээс хэзээ ч холдохгүйг мэдэнгүүтээ таг дуугүй болжээ. Өнөөдөр тэр “аврагчид” хаачив аа? Хөөе?

Түүхэн барилгыг нураахгүй ч дэргэдэх орон зайг нь булаадаг, тэр нь заавал өндөр барилга байж навтайлгадаг хорлонтой арга дэлгэрлээ. Хуучны барилга бүрийг тойроод харгалзагч шиг юмнууд гозойдог болжээ. Театруудыг хар. Цоо шинэ жишээ гэвэл Улсын төв номын сангийн хоёр бөөрөнд шилэн барилгуудыг наагаад хавчуулж орхив. Сүүлчийн найдвар бол шашин, түүх соёлын дурсгалт Гандан, Богд хааны музей гэх мэт байхсан. Даанч Гандангийн дэнж харагдахаа больсон, Богд хааны музей бүслэгдээд бараг дуусч байгаа.

Улаанбаатарын барилга, хот байгуулалтын түүх 20-р зууны эхээр эхэлжээ. Харин бид 100 жилээр ухрааж байх шиг. Манай нийслэл Бээжин, Сингапур, Хонконг, Хөх хот, Эрээн гээд өмнийн хотууд шиг тэнгэр баганадсан барилгуудтай, гэхдээ түүхгүй болж байна. Шавар байшингууд чигжсэн, загасчны тосгон, колонийн төв байсан учраас хуучнаа нураасан ч харамсахааргүй тэр хотууд шиг.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: