АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Монголын архитекторууд гэж хэн бэ?

Posted by Ажиглагч on 2012/10/01

Өнөөдөр Дэлхийн архитектурын өдрийг “Архитекторууд хотыг шинэчлэгчид” гэсэн уриатайгаар тэмдэглэж байгааг зарласан самбарыг харлаа.

Би архитекторуудыг уран гоё барилгын зураг зохиохоос гадна хотыг зөв төлөвлөх ажилтай хүмүүс гэж ойлгодог. Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, зураг төслийн хүрээлэн зэрэг байгууллагууд аль аль үүргийг нэгтгэж хүлээдэг. Архитекторч, хот төлөвлөгч хоёрыг ШУТИС-ын нэг л сургууль бэлтгэдэг. Тэгвэл сүүлийн арваад жил тэд хаачив аа?

“Харин тийм ээ… дарга нар цаагуураа шийддэг … бидний үгийг авдаггүй”. Энэ бол архитекторуудын амиа хоохойлдог үг. Тэгсэн хэрнээ Улаанбаатар хотын төлөвлөлт эвдэрч эмх замбараагаа алдаж байгааг ил тод хэлснийг би санахгүй байна. Тэрүүхэндээ ганц нэгээрээ шүүмжлээд нуга даруулдаг байж мэдэх. Тэгвэл Монголын Архитекторуудын Эвлэл гэж мэргэжлийн байгууллагаараа нийлээд дуугардаг болов уу гэтэл бас үгүй. Тэдний их хурал, чуулганыг харахад өөрсдийгөө энд тэндээс хуулсан өндөр барилгууд шигээ өргөмжилсөн улсууд байх.

Нийслэлийн Засаг дарга нар дураараа дургихдаа архитекторч, хот төлөвлөгчдийн амыг барих найдвартай арга хэрэглэдэг нь тэдэнд хүртээх. Өмнөх үеийн архитекторч ахмадууд Сүхбаатарын талбайгаас урагшаа Богд уул, Зайсан толгой харагдах учиртай гэхчлэн сургаж эхлэхэд ээлж дараалан гавьяат цолоос гадна энд тэнд газар өгсний дараа тэд хотыг яаж нягтруулах, хаана ямар сул газар байгааг ховлодог хүмүүс болж хувирсан билээ. Архитекторуудын эвлэл бол байгууллагаараа хүртдэг. Тэд арваад жилийн өмнө Сүхбаатарын талбайн зүүн талд, хэвлэх үйлдвэрийн дараачийн газрыг авч дөрвөн давхар байшин барьж орсноо төдөлгүй ХАС банкинд зарчихсан билээ. Одоо Сэлбэ голын эрэг дээр дараачийн ордонгоо босгож буй. Бүр нийслэлийн хүүхэд залуучуудын ордныг зүүн талаас нь таглаад. Тэдний өөрсдийн зурсан ерөнхий төлөвлөгөөнд огт тусаагүй барилга. Энэ бол монголын архитекторууд нийлээд хүртэж байгаа авлига маягийн юм.

Манай сэтгүүлчдийг худалдагдаж барьдаг гэж шүүмжилдэг. Тэр үнэн. Гэхдээ бид архитекторууд гэсэн ханьтай. Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн 2020 он хүртэл ерөнхий төлөвлөгөө, энэ тэр хавийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гэж хана дүүргэсэн өнгөт шугам зураг, картонон макетуудыг хүмүүс үзээд “энэ байшин хэвээрээ байна ш дээ … пөөх, ийм гоё барилга баригдах юм байна…” гэж шуугилдахыг зөндөө харсан. Үнэхээр ухаантай төлөвлөсөн байдаг. Төрийн ордон тэр хавьдаа хамгийн өндөр сүрлэг хэвээрээ, Сүхбаатарын талбайн эргэн тойрон, тэр тусмаа хэвлэх үйлдвэрийн байшин янзандаа, харин зүүн урдуур үргэлжилсэн цав цагаан урт барилга (гэхдээ нарыг халхалсан 10-20 давхар биш) Дуурын театраас хүндэтгэлтэйгээр зайгаа барьсан, дараа нь хотын шинэ төв баруун тийш, Сонгинохайрхан руу нүүж хотын захиргаа тэнд суурьшсан, иймээс “Хангарьд” ордон гэж байхгүй, “Шангри-ла”, унжсан хэл шиг шилэн барилга огт үгүй, Гандангийн дэнж гэж тэр чигээрээ түүх, соёлын цогцолбор… Тэгэж хөөргөж байгаад нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар, хэсэгчилсэн ерөнхийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулчихдаг байжээ.  Өнөөдөр тэс өөр, шаваарч ёрдойсон хот болж байгааг харахад монголын архитекторууд хотын толгойд гарсан хүмүүсийн өмнөөс залилан хийж өгдөг хүмүүс шиг бодогддог шүү.

One Response to “Монголын архитекторууд гэж хэн бэ?”

  1. Тэр нэгэн залуу: Ахын дүү, дөнгөж саасан сүү уух уу, ам нь цангаж байн уу? гэж хэлээд залуу өөрөө гүд гүд хийтэл өнөөх саасан сүүгээ бараг дуусгачих шахам уув. Үүнийг харсан би мөн адил дөнгөж саасан сүү ямар байдаг бол гэж бодохоор л хорхой хүргэм. Бушуухан гүд гүд залгив. Сүү огт ууж үзээгүй хүн шиг ууж өгөв. Ууж дууссаныхаа дараа ичих шиг нүүр халуу дүүгээд л. Яг пийшин дотор улалзан төөнөж байгаа цог адил. Өнөөх ах чинь намайг шоолон: “”Аргагүй дээ хотын хүүхдүүдийн ам нь цангаж байгаа л байлгүй. Ямар шинэхэн саасан үнээний цэвэр сүү залгидаг биш эвий эвий сайн уу” хэмээн дахин дахин хэлэв. Гадааа халуун ч гэж ярих ч юм биш. Урдуур урсаж байгаа гол, горхи ямар гоё харагддаг юм. Хэсэг хүүхдүүд тоголж, наадаж, сэлж байгаа нь тодоос тод харагдлаа. Бушуухан очиж толгойгоо норгох минь гэж бодоод голын зүг хурдан хурдан гэгч нь алхана. Очоод байдлыг ажиглавал голын эргэ дээр хөдөө нутагт өссөн хүүхдүүд нүцгэн шалдан л гүйлдэн тоголцгооно. Пөөх энэ хүүхдүүдүү хэмээн уулаг алдан, өнөөх нарших шахсан толгойгоо норгох санаатай суулаа. Хэсэг хугацааны дараа толгойгоо норгохоо ч мартчихаж. Өнөөх хүүхдүүдийн баяр, хөөр баясгалангаар дүүрэн байгааг харахад цаанаа л сайхан юмаа. Хөдөөгийн баяр баясгалан гэдэг хүүхдүүд нь наанаа тоглож наадаа л, хонь ямаа нь бэлчээд л, аав ээжүүд нь сүү цагаагаа бэлдээд л. Энд хүн бүхэн завгүй ажиллах бөгөөд цаанаа л амгалан жаргалтай харагдана. Тэрдээд сүмбэрлэн харагдах уулыг харж байхад нэгэн содон бөгөөд сонирхол татахуйц уул нүдэнд туслаа. Холоос харахад “шанага” мэт хэлбэртэй. Нутгийнх нь хүмүүс “Уран тогоо” уул хэмээн надад хэлж байлаа. Сонин юмаа яг л “шанага” мэт харагдаж байхад “”Уран тогоо” гээд байхын яагаад ингэж нэрлээд байгаа юм болов оо.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: