АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for October, 2012

One Mongolia

Posted by Бид on 2012/10/30

Posted in # ЗАРЛАЛ | 1 Comment »

Ховд, Дөргөн сум …

Posted by Бид on 2012/10/28

Аймгийн төвөөс гарч Буянт, Мянгад сумдыг дайрч 100-аад км явсны эцэст Хар ус нуурын эрэг дээрх Дөргөн суманд ирлээ. Дахиад арваад км-ын цаана Дөргөний усан цахилгаан станц байдаг. ↓

Дөргөн сумын Засаг даргын тамгын газрын байр. Хэн нэгэн алдартан юмуу морины хөшөө биш. ↓

Сумын Монгол Ардын Намын төв байр. Цоожтой байлаа. ↓

Сумын Ардчилсан Намын төв байр. Бас цоожтой. ↓

Үргэлжлэлийг энд дарж үзээрэй. 

Read the rest of this entry »

Posted in АЙМАГ, ОРОН НУТАГ, Ховд аймаг | 5 Comments »

Ховд, Мянгад сум …

Posted by Бид on 2012/10/27

Аймгийн төвөөс 45 километрийн зайтай Мянгад сум. Тэнд түр саатаж хэдэн зураг дарлаа. Төрөө дээдэлж сумын Засаг даргын тамгын газрын байрнаас эхлэе. Шууд төрийн далбаагаараа танигдана.↓

Одоо сумын улс төрийн намуудын ээлж. Мянгад сумын Монгол ардын намын хорооны байр. Тусгайлан барьсан мэт санагдлаа. ↓

Мянгад сумын Ардчилсан намын хорооны байр. Хуучин байрыг авсан бололтой. Бас МАХН-ын байр үгүйлэгдсэн тул эргэн тойрноо хараад хараад олоогүй. ↓

Үргэлжлэлийг энд дарж үзээрэй.

Read the rest of this entry »

Posted in АЙМАГ, ОРОН НУТАГ, Ховд аймаг | Leave a Comment »

Ховд, Буянт сум …

Posted by Бид on 2012/10/27

Аймгийн төвөөс гарч 25 км яваад Буянт сумын хажуугаар өнгөрөхдөө авсан ганц зураг. Саявтар боссон лалын шашны сүм байна. Энэ нутагт Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга агсан Лосолын Лааган, Улсын Их Хурлын дарга агсан Ж.Уртнасан, олон жил ургацын комиссын дарга хийсэн Ж.Жамьян генерал, мэдээж ардын жүжигчин Б.Зангад нарын алдартнууд мэндэлжээ.

Posted in АЙМАГ, ОРОН НУТАГ, Ховд аймаг | Leave a Comment »

Ховд аймаг …

Posted by Бид on 2012/10/27

Өнгөрч буй долоо хоногт би анх удаа Ховд аймагт очиж гурав хоноод ирлээ. Нэг өдөр нь Дөргөн сум оров. Ажил албаныхаа талаар энд бичихгүй. Харин нэгэнт 1500 км-ын цаана нисч хүрснийх зав чөлөөгөөрөө элдэв зураг дарахыг хичээснээ тайлагная.

Mongolian Airlines-ын Fokker-50 онгоцны цонхоор нуурын ус толийж харагдана. Үнэхээр сүртэй. Буугаад газрын зураг дээрээс хайхад Хар ус нуур болж таарав. ↓

Ховд нутагт хөл тавингуутаа авсан эхний зураг. Энэ нисэх буудал тун удахгүй олон улсынх болно гэж аль эрт зарласан билээ. Тэгсэн цагт Khovd International Airport гэж бичих биз. Бас оноосон нэр өгөх болов уу? ↓

Аймгийн төр, захиргааны ордон. Баруун бүсийн тулгуур төв гэдгээ дээрээ бахархалтайгаар залжээ. Нарийн яривал, төв биш төв хот юм. 2003 онд УИХ-ын тогтоолоор Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховдыг багтаасан энэ бүсийн тулгуур төв хотоор Ховдоос гадна Улиастайг томилсон байдаг. ↓

Үргэлжлэлийг энд дарж үзээрэй.

Read the rest of this entry »

Posted in АЙМАГ, ОРОН НУТАГ, Ховд аймаг | 14 Comments »

Хоёр дахь асуудалдаа орж байна

Posted by Бид on 2012/10/21

Надад хамгийн их таалагддаг улс төрийн онигоог дахин хэлье.

1960-аад он. Зөвлөлт Холбоот Улсын хаа нэгтээ. Хамтралын дарга бүх гишүүдийн хурлыг нээж зарласан нь: Өнөөдрийн хурлаар хоёр асуудал хэлэлцэнэ. 1. Малын саравч барих 2. Коммунизм байгуулах. Даанч саравч барих банз байхгүй учраас шууд хоёр дахь асуудалдаа орцгооё…

Улаанбаатарт нэлээн төстэй юм ажиглагдаж байна. Нийслэлд зөвшөөрөлгүй барилгыг зогсооно, хууль зөрчсөнийг хайр найргүй буулгана, хот төлөвлөлтийг ил тод, иргэдийн оролцоотой шийдвэрлэнэ хэмээн ер бусын хүчтэй цуурайтсан амлалтуудыг хэрэгжүүлэхийн тулд эхлээд аль барилга, ямар зөвшөөрөл хууль зөрчсөн, хэн буруутайг ил тод болгох ёстой байсан. Зөвшөөрөлгүй 77, бүрэн бус зөвшөөрөлтэй 168 барилга гэхчлэн жагсаалтууд гарсан боловч бараг бүгд хэвийн үргэлжлэн баригдаж байна. Яагаад? Хариулт байхгүй. Бусад нь зөвшөөрөлтэй гэж аархсан, нэгэнт босчихсон барилгууд юм. Нарийн ярих юм бол тэд ихэнхдээ хууль зөрчсөн байдаг. Хүүхдийн тоглоомын талбайг устгасан, цонх таглаж нар хаасан барилгууд, дархан цаазат Богд хаан уулын Зайсангийн аманд боссон хорооллууд бүгд зөвшөөрөлтэй ангилалд багтана. Зөвшөөрөлтэй, гэхдээ хууль бус зөвшөөрөлтэй барилгууд юм. Урьд жилүүдэд хотыг төлөвлөж газар, барилгын зөвшөөрөл олгож ирсэн, хотын дарга байсан хүмүүс бүгдээрээ газрын наймаачин, мафийн толгойлогчоор дуудуулдаг болсон тэр муу муухайг уудлан илчлэх, иргэд оршин суугчид эсэргүүцэн тэмцсээр атал хүч түрэмгийлэн булааж авсан нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, нар харах эрхийг буцааж авна гэж би хувьдаа ойлгож байлаа. Газрын наймаа цэцэглэж эхэлсэн 1996 оноос хойш нийслэлд газар олгосон Засаг дарга нарын бүх захирамж, шийдвэрийг ил тод болгохыг бид хэдэн жилийн өмнө ил тод, нээлттэй болгохыг шаардахад таг дуугүй өнгөрөөснийг санаж байна. Харин хотын шинэ удирдлага энэ бүхнийг шалгаж эхлэхийг хүлээж байлаа.

Харамсалтай нь, нийслэл одоо хоёрдахь асуудалдаа шилжиж байх шиг. Тэр нь нийслэл Улаанбаатар хотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулах, ингэхдээ ард иргэддээ нээлттэй танилцуулж хэлэлцүүлээд батлуулах тухай юм.

Хойтон жилийн наадам хүртэл хол байдаг. 2030 оны Улаанбаатарт хаана ямар барилга байшин, зам талбай байх ёстойг хэн ч мэдэхгүй.  Үүний оронд нийслэлд зарчим буюу тоглоомын дүрэм бий болгох, юуны өмнө одоо байгаагаа ягштал дагаж мөрддөг болох нь хамаагүй чухал. Хууль зөрчсөн бол ямар ч барилга “автоматаар” буудаг байх. Нурдаг гэсэн ч болно.  Бүр эхэлдэг ч үгүй байх.  Хорь, гучин жилийн дараах ерөнхий төлөвлөгөө нэртэй картоныг биш хоёр, гурван сарын дараа тавих зам, эхлэх барилга, олгох зөвшөөрлийг  хэлэлцүүлдэг байх. Нийслэлийн түүхэн төвөөс юу үлдсэнийг хамгаалахыг оролдох. Чадах чинээгээрээ сэргээх.

Гэтэл үүний оронд хотын төвийн хэдийнэ барилга бариад, барьж амжаагүйд нь зөвшөөрөл олгоод дууссан 1300 га газарт газар олгохгүй гэсэн байх юм. Энэ нь хэрэг хийсэн хүнийг хуулийн дагуу шийтгэх тухай Хууль зүйн сайдын тушаал гарч байгаатай адил юм уу даа. Ёстой нөгөө намайг барьж байгаарай, би яаж ч магадгүй … болжээ. Бас нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн даргын амнаас газрын өршөөлийн тухай үг цухалзсан. Бас болоогүй, Зайсангийн амыг байгалын дархан цаазат, тусгай хамгаалалтын бүсээс гаргах хуулийн төслийг өргөн барих юм гэсэн. Ингээд газрын наймаа, нийслэлийн мафи … бүгдээрээ цайрч байгаа нь тэр.

Нийслэлд тоглоомын шинэ дүрэм буюу дүрэм, журам, хэм хэмжээ, ядахдаа байгааг нь ягштал хэрэгжүүлэх хатуу чанд процедурийг тогтоогоогүй цагт 2030 оны ерөнхий төлөвлөгөө бол зай завсар болгоныг булааж, эсвэл хуучин болгоныг нурааж бүр гоё, цоо шинэ, илүү өндөрийг барих халхавч болж хувирна. Одоо сайхан сонсогдож байгаа хурдны зам, гүүрэн гарц, метро тус болохгүй. Харин зарчим тогтсон цагт бусад нь зах зээлийн жамаар болно. Сүхбаатарын талбайг тойруулаад 10-аас дээш давхар барьж болохгүй, шинэ барилга байшин бүр машины зогсоол, тоглоомын талбайтай байна гэх мэтээр тогтчихвол хот тэлнэ, дагуул хотууд хөгжинө, нийслэлд чихэлдэхээ болино.

Би үүнийг яагаад бичив? Нийслэл Улаанбаатар хотын эрх мэдлийг гартаа авсан Ардчилсан намын хувьд эхний хэдэн сар шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл баахан сүр үзүүлсний эцэст “зөвшөөрөлтэй”, үлдсэнийг өршөөнө, нийтдээ иргэдийн хувийн өмч гээд цайруулж байгаа юм байна. Хэдэн зуу, мянган иргэний газрыг хууль бусаар аваад барилга барьчихсан луйварчин иргэн байсан ч хамаагүй. Ингээд цаашид дуугарах эрхгүй болж байна. Магадгүй АН өөрөө нийслэлийн газрын мафийн нэг хэсэг учраас тэр биз. Зөвхөн өнгөрсөн 4 жилд гэхэд нийслэлийн ИТХ-д Ардчилсан Намын арав шахам төлөөлөлтэй бүлэг суусан ч жил жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг гар өргөн баталж нийслэлийн Засаг даргад газар олгох эрхийг дуулгавартай шилжүүлж, тэгээд ажлыг нь “хангалттай” хэмээн дүгнэлцэж ирсэн билээ. Шинэ зарчим тогтоохыг шаардан эсэргүүцэж тэмцсэн тохиолдол огт ажиглагдаагүй. Өнөөдөр том дуугарахад эвгүй учраас тэгэсхийгээд дуугаа хураав бололтой.

Posted in # УЛААНБААТАР, Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | 1 Comment »

Фукуяама ба Сото

Posted by Бид on 2012/10/20

Өнгөрсөн зун америкаас Фукуяама нарын гурван эрдэмтэн ирж улс төр, ардчилал, эдийн засаг, хөгжлийн сэдвээр хэдэн лекц уншсан билээ. Ерөнхийдөө улс төрчид, эдийн засагчид, судлаачдад хамаатай байсан. Гэхдээ Төрийн ордны их танхимд хүмүүс пиг дүүрэн сонссон билээ. Болж байна. Гэхдээ хоёр жилийн өмнө өрнөдөд болж бүтээд байгаа капитализм бусад улс орнуудад хий эргээд байгааг тайлбарласан “Капиталын нууц” номын зохиогч, Перугийн эрдэмтэн Эрнандо де Сото манайд айлчилж One Law Rule буюу сайн тоглоомын дүрэм буюу зарчим тогтоохыг хэлж зөвлөөд буцсаныг бид таг мартжээ. Дэлхий нийтийн ардчилал, зах зээлийн хувь заяанд санаа зовох хамаагүй амар.

Posted in Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | Leave a Comment »

Тусалдаггүй удаан тусламж ба эрэн сурвалжилдаггүй сэтгүүлчид …

Posted by Бид on 2012/10/19

Өнгөрсөн 9-р сарын 17-нд “Тэнгис” кинотеатрын хажууд баригдаж байсан үл мэдэгдэх 16 давхар өндөр барилга дээрээс тулгуур төмөр унаж 20 настай оюутан залуугийн амийг хөнөөснийг хэвлэл мэдээллээр “дэндүү сайн үзүүлж харуулж бичсэн билээ. (Ийм эмгэнэлт явдалд сайн гэдэг үг  хүртэл зохимжгүй  тул хашилтанд хийлээ).  Хөөрхий залуу амь тавьж байгааг нэгбүрчлэн харуулах шиг болсон. Аймшигтай.

Түүнийг аварч  болох байсан уу? Энэ асуултыг хариуг хэвлэл мэдээллийнхэн мэдээж эрж хайсан. Юу тодорсон бэ гэвэл тэр залуу толгойн тус газраа цөм цохиулсан ч гучаад минутын турш амь тавьж гар хөл нь хөдөлж байжээ. Хэн нэгний дуудсан түргэн тусламжийн машин тэр гучин минутын дараа арайхийн морилж ганц залуу эмч буугаад даралтыг хөдөлж ядан үзсэн гэнэ. Тэгснээ машиндаа оруулж эмнэлэгт аваачих замд залуу нас баржээ. Гэтэл түүнээс өмнө замаар өнгөрч явсан түргэн тусламжийн машиныг харсан хүмүүс зогсоож хохирогч дээр очихыг шаардахад “Бид дуудлагатай явж байгаа, удахгүй өөр тэрэг ирнэ” гээд хаяад явчихжээ.

Зарим сэтгүүлч түргэн тусламж яагаад ийм өөдгүй, тэгээд удаан байсныг тодруулахаар Яаралтай тусламжийг төвийн удирдлагад ханджээ. Маш зөв. Ингэхдээ тэр хаяж явсан машин хаашаа яг ямар дуудлагаар явж байсан, түүнийгээ хойшлуулж “Тэнгэс”-ийн хажууд саатаад тусламж үзүүлж болох байсан эсэхийг тодруулж өгөхийг хүлээлээ. Гэтэл би юу мэдэж авсан гээч? Түргэн тусламжийн автомашины тоо хүрэлцээгүй, хуучирсан, төсөв хүрэлцээгүй, замын бөглөөгөөс болж удаан явдаг талаар баахан донгосохыг дамжуулахаас хэтрээгүй байгаа юм даа!

Харин зол болох шахаж түргэн тусламжийн машин хажуугаар явж таарсан байна. Хэдхэн метр эргээд тэр залуу дээр очих шаанс тохиожээ. Яаралтай тусламжийн бааз ганцхан машинтай байгаад, тэр нь тэнд явж таарсан бол очих ёстой байсан ч тэгсэнгүй. Тийм зохион байгуулалт, хариуцлага байтугай сэтгэл байсангүй. Бүр очлоо гэж бодоход үхэж байгаа хүнийг чагнаад орхих байсан биз. Манай сэтгүүлчид үүнийг яагаад нэхээгүй, эрэн сурвалжилж илчилсэнгүй вэ? Эрүүл мэндийн салбарын бодлого, зорилтын талаар сайд дарга нартай ток шоу, ярилцлага хийж том том ярихдаа хичнээн мундаг гээч.

Posted in # УЛААНБААТАР, Барилга, хот төлөвлөлт, газар, Хууль ёс, дүрэм журам, зохион байгуулалт | Leave a Comment »

“Бүтээн байгуулалтын синдром”

Posted by Бид on 2012/10/19

Яах аргагүй байна. Юм л бол барилга барина гэдэг болчихжээ. Асуухлаар “бүтээн байгуулалт” гээд ам таглаж байна. Энэ намар хүүхдийн цэцэрлэг дутагдаж байгааг гэнэт анзаарсан улс төрчид, сайдууд, Засаг дарга нарын амлаж байгааг сонсоход ирэх жил Монголд хэдэн зуун цэцэрлэгийн шав тавигдана. Ингэхдээ заавал шинийг барина, эсвэл хуучныг буулгаад хэд дахин томыг босгоно гэх юм.

Эргэн тойрноо харахад хүүхдийн цэцэрлэг оруулах байр сав зөндөө. Хэрэгтэй хэрэггүй газруудыг татан буулгаж байрыг чөлөөлөх, илүү дутуу конторыг зайчлах, цэцэрлэгүүдийн өөрсдийнх нь дарга, эрхлэгчдийн данхайсан өрөөнүүдийг ашиглаад ч анги нээж болмоор. Бас стандарт шаардлагыг тогтоогоод хувийн, гэр цэцэрлэгүүдийг дэмжмээр. Гэртэй цэцэрлэгийг төсөөлөхөд бэрх санагдавч аав ээжүүд хоёр гурваар нь өдөржин цоожилж үлдээснээс хамаагүй дээр. Энд тэнд гэртэйгээ шатлаа гэсэн мэдээ өвөлжин тасардаггүйд бид дэндүү дасчээ.

Posted in Янз бүр | Leave a Comment »

Лениний хөшөөгүй Улаанбаатар

Posted by Бид on 2012/10/15

1951 оны 5-р сард Москвагийн ойролцоох Мытищи хотноо зөвлөлтийн уран барималч Сергей Меркуровын загвараар цутгаж авчраад 1954 оны 11-р сарын 26-ны өдөр Улаанбаатарт босгосон Владимир Ильич Лениний хүрэл хөшөөг тавин найман жилийн дараа, 2012 оны 10-р сарын 14-ны өдөр буулгалаа. Үүний тулд бяцхан цуглаан зарлаж нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хөшөөний урд зогсоод нүглийг нь хорь шахам минутын турш дуудаж өгсөн болно.

Хөшөөг оосорлоод кранаар бага зэрэг өргөж тавцангаас нь сулласан байснаа зугуухан доошлуулж машины тэвшинд хүргэхэд босоогоороо тэгш зогсож өгөхгүй гөжөөд байсан тул арга буюу бүр газарт буулган хэвтүүлээд дахин уяж бэхлэн өргөөд ачиж одсон энэ хөшөөг 400 мянган төгрөгөөс эхлэн дуудлагаар худалдана, гэхдээ “Гацуурт” ХХК-ийн Л.Чинбат авах юм гэлцэнэ.

Магадгүй. 1970 онд манай уран барималч Л.Дашдэлэг бүтээж Ленин клубын цэцэрлэгт байрлаж байгаад 1990-ээд оны эхээр туугдсан өөр нэг хүрэл Ленинийг “Тэрэлж” зочид буудлынхаа ард нууцалсхийж зогсоосонтойгоо  ижилсүүлэх биз.

Хөшөөг буулгах тухай нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрт “суурь бэхэлгээ нь муудсан учраас” гэжээ. Шал худлаа. Энэ бол хүчтэй нь дийлдэг хорвоо. Нийслэлд Ардчилсан нам ялсан учраас хүссэнээ хийсэн хэрэг. Хэрвээ хүч тэнцээд зөвшилцсөн бол хөшөө өнөөдөр зогсож л байна. Ямар ч эргэлзээгүй. Харин нэгэнт буучихсан юм чинь хотынхоо төвийн цэцэрлэгт Ленингүй Улаанбаатартаа дасах хэрэгтэй болж байна. 20-р зууны Монгол Улсын нийслэлийн жижиг боловч содон билэг тэмдэг ийнхүү ариллаа. Бага зэрэг харамсалтай. Ази тивд цор ганц үлдсэн Лениний хөшөө гэдэг нь үнэн бол жаахан азнаад жуулчдыг хачирхуулж хэдэн төгрөг олох байсан уу?

Өнгөрчихсөн түүхэнд дүн тавих, босч ирээд хариу барьж чадахгүй нэгэнтэй тооцоо бодох, амьгүй хөшөөг буулгах яахав. Одоо хууль зөрчсөн барилгуудыг буулгах, цаашилбал эрх мэдэлтнүүдийн сэмээрхэн өгч авалцсан газрын зөвшөөрлийг цуцлах бэрх ажлаа хотын дарга нар жинхэнээсээ эхлэх шинжтэй болоод явчихлаа. Өчигдөр сайхан сургуулилт болж өнгөрөв.

Posted in # УЛААНБААТАР, Барилга, хот төлөвлөлт, газар | 8 Comments »

Түүхгүй нийслэл

Posted by Бид on 2012/10/13

Өөрийгөө хүндэлдэг бүх хотод түүхэн төв гэж байдаг ажээ. Түүхийн төв ч гэж болно. Тэр тусмаа улсын нийслэлд. Олон арав, хэдэн зуун жилийн өмнөх дүр төрхийг хэвээр хадгалсан барилга байшин, гудамж талбай бүхий хэсэг гэсэн үг.

Тэгвэл Улаанбаатар хотын түүхэн төв хаана байна? Мэдээж Сүхбаатарын талбай, түүний эргэн тойрон. Нар зөв тойрвоос Дуурийн театр, Төв шуудан, Б.Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн ба баримтат кино театр, хотын захиргаа, Үйлдвэрчний төв зөвлөл, Засгийн газрын ордон, Улсын хэвлэлийн комбинат. Гадагшлаад Бага тойруу дотор Улсын төв музей, шилэн дэлгүүр, 5-р сургууль, орон сууцнууд, шуудангийн 46-р салбар, хуучин Пионерийн ордон, урдаа усан оргилууртай 25-р цэцэрлэг, Бямбын Ринчингийн амьдарч байсан хоёр давхар, МУИС-ын хичээлийн байрууд, Хятад сургууль, “Залуучууд” зочид буудал, Спортын төв ордон, Багшийн дээд, “Улаанбаатар” зочид буудал. Жаахан цаашаагаа Арслантай гүүр, Санхүүгийн техникум. Энхтайвны гудамж руу ороод явчихлаа. Баруун тийш зүглэвэл Гадаад яам, Ленин клуб, урагш эргээд Сталины номын сан, Залуучуудын ордон буюу Драмын театр, Хүүхдийн парк, Энхтайвны гүүр, “Баянгол” зочид буудал, Энхтайвны гудамжин руу буцаж дахин баруун зүгт эргэвэл 40, 50 мянгат, хоёр талаар эгнэсэн “Аман хуур” дээр баригдаж гардаг дөрвөн давхрууд, “Ард” кино театр, 23-р сургууль, Хүнсний 20, “Туул” ресторан, Урт цагаан, Улсын их дэлгүүр, цаашаагаа зүүн дөрвөн зам хүртэл хөндлөн тууш эгнэсэн байрнууд … Барилга, байшин болгон түүх.

Харин өнөөдөр хотынхоо түүхийг хадгалсан бүтэн гудамж байтугай гудамжны тасархай ч Улаанбаатарт үлдсэнгүй. Завсар болгонд ямар нэг барилга чихсэн, тэгэхдээ заавал хааж дарсан өндөр барилгууд байх. Ядахдаа ганц нэг хуучин барилгыг өм цөм үлдээвэл барав гэтэл бүгдийнх нь ханыг цөмлөөд шинэ ч биш хуучин ч биш болгочихжээ. Нэр нь таних тэмдэг болсон Арслантай гүүрийг энэ зун зассаны дараа арслан нь алга.

“Нураагаад шинийг барина”. Энэ бол сүйтгэн байгуулагчдын уриа. Саяхан Ерөнхий сайд Спортын төв ордныг золтой буулгачихаагүй. Саяхан АН-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамныхан МАН-ын “Чандмань” төв рүү довтолж америкаас тиранозаурус батаар ирэхлээр байрлуулах ганц байр гэж үзжээ. Зөв санаа, гэхдээ энэ нь Улсын төв музейг буулгахын цондон, өмнөх эрх баригчдын далд төлөвлөгөөний үргэлжлэл гэх юм. Энэ хоёр намд ялгаа алга. Улаанбаатарт 70 жил болсон улсын их дээд сургуулиудыг хотоос хөөж эхлээд Налайхад, дараа нь Багануурт аваачиж цөлөх тэнэг төлөвлөгөө хэрэгжвэл Их сургууль, багшийн дээдийн байрнууд юу болохов? Зуун жилийн өмнө нэг давхраар босч байсан Улсын хэвлэлийн комбинатын барилгыг “Улаанбаатар таймс” нэрээр хулгайлаад балгас болгов. Гадаад яамны зүүн талд байсан шовгор оройт байхгүй. “Цогт тайж” киноны зураг авч 1980-аад онд улсын филармони байрлаж байсан ахмадын холбооны байрыг балмадаар нураасан. Бүр сүүлдээ гадаадынхан сүйтгэлцдэг болов. Тухайлбал, Нэгдсэн Үндэстний байгууллага Герман элчингийн дэргэдэх нэгэн сайхан барилгыг үгүй хийж тусаллаа.

“Нурах аюултай”. Энэ бол сүйтгэн байгуулагчдын залилдаг ганц арга. Гандангийн дэнж дээр торойдог байсан Хүүхдийн больницын гурван давхар цагаан барилгыг 1990-ээд оны төгсгөлөөр өдөртөө багтаж нурна гэж оношлоод эмч нарыг цагаан халаад, чагнууртай нь хөөж гаргаад хувьчлангуут нурах нь лав зуун жилээр хойшилж одоо Монголын үндэсний  дээд сургуулийн хэдэн мянган оюутан хөлөөрөө балбаад балбаад ганхуулж ч дөнгөхгүй байна. Шинэхэн жишээ гэвэл хуучин гэмтлийн барилгыг хорин жил ганц олигтой будаг түрхэхгүй навсайлгаад өнгөрсөн хавар хүчээр нүүлгэн хоосолж байж санаа амарсан билээ. Нөгөөдөх нь нурах шинж алга. Засчихвал  нурахгүй.

Одоогоос тав, зургаан жилийн өмнө хотын дарга нар дөч, тавин мянгатын барилгууд төдөн баллын газар хөдөлбөр төдөн хувь нь баталгаатай нурна гэж баахан сүржигнэж, гэхдээ удахгүй буулгаж 10, 20 давхар барилга барьж оршин суугчдыг оруулахаар шийдсэнээ зарлаж байсныг санаж байна уу? “Авзага трэйд” мэтийн зарим компанитай тохиролцож нураан байгуулах зураг төсөл хүртэл зохиолгосон. Гэвч 40,50 мянгатынхан, тус тусмаа Энхтайвны өргөн чөлөөг тэр чигээр нь худалдаа, үйлчилгээ гудамж болгосон бизнес эрхлэгчид эндээс хэзээ ч холдохгүйг мэдэнгүүтээ таг дуугүй болжээ. Өнөөдөр тэр “аврагчид” хаачив аа? Хөөе?

Түүхэн барилгыг нураахгүй ч дэргэдэх орон зайг нь булаадаг, тэр нь заавал өндөр барилга байж навтайлгадаг хорлонтой арга дэлгэрлээ. Хуучны барилга бүрийг тойроод харгалзагч шиг юмнууд гозойдог болжээ. Театруудыг хар. Цоо шинэ жишээ гэвэл Улсын төв номын сангийн хоёр бөөрөнд шилэн барилгуудыг наагаад хавчуулж орхив. Сүүлчийн найдвар бол шашин, түүх соёлын дурсгалт Гандан, Богд хааны музей гэх мэт байхсан. Даанч Гандангийн дэнж харагдахаа больсон, Богд хааны музей бүслэгдээд бараг дуусч байгаа.

Улаанбаатарын барилга, хот байгуулалтын түүх 20-р зууны эхээр эхэлжээ. Харин бид 100 жилээр ухрааж байх шиг. Манай нийслэл Бээжин, Сингапур, Хонконг, Хөх хот, Эрээн гээд өмнийн хотууд шиг тэнгэр баганадсан барилгуудтай, гэхдээ түүхгүй болж байна. Шавар байшингууд чигжсэн, загасчны тосгон, колонийн төв байсан учраас хуучнаа нураасан ч харамсахааргүй тэр хотууд шиг.

Posted in # УЛААНБААТАР, Барилга, хот төлөвлөлт, газар | Leave a Comment »

Хэн нь илүү байв?

Posted by Бид on 2012/10/05

10-р сарын 3-нд МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 нас хүртэлх хүнд архи, согтууруулах ундаа худалдахгүй байх заалт хэрхэн хэрэгжиж байгаа тухай сурвалжлага бэлтгэж үзүүллээ. Харин сэтгүүлчийн орсон дэлгүүрийн худалдагч тодорхой хариулт өгсөнгүй гэж хэлээд гудамжинд яваа 2-3 иргэний сэтгэгдлийг хэсэг зуур яриулаад дуусгав. Араас нь Хууль зүйн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэлийг студидээ урьж авчран ярилцлага хийв. Бодлого энэ тэр гэсэн том яриа болж хувирлаа.

Тэгвэл өчигдөр яг энэ сэдвээр арилжааны телевизийн төстэй сурвалжлага үзсэн юм. Сурвалжлагч охин яасан бэ гэвэл бас л дэлгүүрт ороход худалдагч бөөрөнхийлөөд байсан тул бяцхан эрэн сурвалжлага сэдэж туршилт явуулах нь тэр. Хоёр жаалд мөнгө атгуулж архи авахуулахад худалдагч цааргалахгүйгээр зарахыг камераар бичээд аваад дараа нь худалдагч дээр очиж ам асуулаа. Цаадах нь элдвээр мэлзэж үзсэн нь баримт бол баримт.

Posted in + ТЕЛЕВИЗ, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз | Leave a Comment »

Ханан дээрх бизнес

Posted by Бид on 2012/10/02

Нийслэлд газрынхаас гадна самбарын бизнес гэж байна. Ямар ч ил тод байдал, сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа үгүйгээр агаарт,  хананд, хашаан дээр самбар байрлуулах эрх олж аваад мөнгө хураагаад сууж байдаг. Зөвшөөрлийг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас өгч авсан байдаг.  Нэг самбарын нэг өдрийн түрээс 50 мянган төгрөг, дөрвөн самбарынх өдөрт 200 мянга, сард нийлээд 6 сая төгрөг.

Posted in # УЛААНБААТАР, Барилга, хот төлөвлөлт, газар | Leave a Comment »

Монголын архитекторууд гэж хэн бэ?

Posted by Бид on 2012/10/01

Өнөөдөр Дэлхийн архитектурын өдрийг “Архитекторууд хотыг шинэчлэгчид” гэсэн уриатайгаар тэмдэглэж байгааг зарласан самбарыг харлаа.

Би архитекторуудыг уран гоё барилгын зураг зохиохоос гадна хотыг зөв төлөвлөх ажилтай хүмүүс гэж ойлгодог. Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, зураг төслийн хүрээлэн зэрэг байгууллагууд аль аль үүргийг нэгтгэж хүлээдэг. Архитекторч, хот төлөвлөгч хоёрыг ШУТИС-ын нэг л сургууль бэлтгэдэг. Тэгвэл сүүлийн арваад жил тэд хаачив аа?

“Харин тийм ээ… дарга нар цаагуураа шийддэг … бидний үгийг авдаггүй”. Энэ бол архитекторуудын амиа хоохойлдог үг. Тэгсэн хэрнээ Улаанбаатар хотын төлөвлөлт эвдэрч эмх замбараагаа алдаж байгааг ил тод хэлснийг би санахгүй байна. Тэрүүхэндээ ганц нэгээрээ шүүмжлээд нуга даруулдаг байж мэдэх. Тэгвэл Монголын Архитекторуудын Эвлэл гэж мэргэжлийн байгууллагаараа нийлээд дуугардаг болов уу гэтэл бас үгүй. Тэдний их хурал, чуулганыг харахад өөрсдийгөө энд тэндээс хуулсан өндөр барилгууд шигээ өргөмжилсөн улсууд байх.

Нийслэлийн Засаг дарга нар дураараа дургихдаа архитекторч, хот төлөвлөгчдийн амыг барих найдвартай арга хэрэглэдэг нь тэдэнд хүртээх. Өмнөх үеийн архитекторч ахмадууд Сүхбаатарын талбайгаас урагшаа Богд уул, Зайсан толгой харагдах учиртай гэхчлэн сургаж эхлэхэд ээлж дараалан гавьяат цолоос гадна энд тэнд газар өгсний дараа тэд хотыг яаж нягтруулах, хаана ямар сул газар байгааг ховлодог хүмүүс болж хувирсан билээ. Архитекторуудын эвлэл бол байгууллагаараа хүртдэг. Тэд арваад жилийн өмнө Сүхбаатарын талбайн зүүн талд, хэвлэх үйлдвэрийн дараачийн газрыг авч дөрвөн давхар байшин барьж орсноо төдөлгүй ХАС банкинд зарчихсан билээ. Одоо Сэлбэ голын эрэг дээр дараачийн ордонгоо босгож буй. Бүр нийслэлийн хүүхэд залуучуудын ордныг зүүн талаас нь таглаад. Тэдний өөрсдийн зурсан ерөнхий төлөвлөгөөнд огт тусаагүй барилга. Энэ бол монголын архитекторууд нийлээд хүртэж байгаа авлига маягийн юм.

Манай сэтгүүлчдийг худалдагдаж барьдаг гэж шүүмжилдэг. Тэр үнэн. Гэхдээ бид архитекторууд гэсэн ханьтай. Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн 2020 он хүртэл ерөнхий төлөвлөгөө, энэ тэр хавийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гэж хана дүүргэсэн өнгөт шугам зураг, картонон макетуудыг хүмүүс үзээд “энэ байшин хэвээрээ байна ш дээ … пөөх, ийм гоё барилга баригдах юм байна…” гэж шуугилдахыг зөндөө харсан. Үнэхээр ухаантай төлөвлөсөн байдаг. Төрийн ордон тэр хавьдаа хамгийн өндөр сүрлэг хэвээрээ, Сүхбаатарын талбайн эргэн тойрон, тэр тусмаа хэвлэх үйлдвэрийн байшин янзандаа, харин зүүн урдуур үргэлжилсэн цав цагаан урт барилга (гэхдээ нарыг халхалсан 10-20 давхар биш) Дуурын театраас хүндэтгэлтэйгээр зайгаа барьсан, дараа нь хотын шинэ төв баруун тийш, Сонгинохайрхан руу нүүж хотын захиргаа тэнд суурьшсан, иймээс “Хангарьд” ордон гэж байхгүй, “Шангри-ла”, унжсан хэл шиг шилэн барилга огт үгүй, Гандангийн дэнж гэж тэр чигээрээ түүх, соёлын цогцолбор… Тэгэж хөөргөж байгаад нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар, хэсэгчилсэн ерөнхийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулчихдаг байжээ.  Өнөөдөр тэс өөр, шаваарч ёрдойсон хот болж байгааг харахад монголын архитекторууд хотын толгойд гарсан хүмүүсийн өмнөөс залилан хийж өгдөг хүмүүс шиг бодогддог шүү.

Posted in # УЛААНБААТАР, Барилга, хот төлөвлөлт, газар | 1 Comment »