АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Улаанбаатарын түүхийн төгсгөл буюу “Цагаан хаалга”

Posted by Ажиглагч on 2012/09/22

Өнгөрсөн Ням гаригт Хан-Уул дүүргийн Цагаан хаалгаар өнгөрөхдөө энэ зургийг дарсан юм. Дөхөж очтол замын  ажилчид тойруулаад шуудуу ухаж харагдав. Ингэхдээ сууринаас нь хэсэгхэн эмтэлж дээр үеийн хэдэн улаан тоосгыг нүцгэлчихэж. Бас ч яахав, түүхийн дурсгалд хамаа намаагүй хүрч болохгүйг манайхан эрхбиш мэдэхтэйгээ болж, гэхдээ яаж зүгээр байхав гэж бодоод өнгөрч билээ.

Гэтэл “Нийслэл хүү” киноны Данший гуайн хэлдэгээр ёстой “нохой долоо”. Хоёр хоногийн дараа нураагаад хаячихсан байлаа. Хулгайгаар. Харанхуй шөнөөр. Нэг сэтгүүлч “мэдсэн бол очиж сайхан бичлэг хийх байсан юм” гэв. Муухай явдлын тухай сайхан бичлэг байх биз. Улаанбаатар хотын түүхийн хамгаалалтын сүүлчийн хэдхэн цайзын нэгийг нураачихлаа. Ирэх долоо хоногт Нисэхийн цагаан хаалгыг нураахад саадгүй болжээ.

Тавин таван жилийн өмнө буюу 1957 оны хавар ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга К.E.Ворошилов БНМАУ-д хийх айлчлалд зориулж Нисэхийн ба Үйлдвэр комбинатын гэгддэг хоёр цагаан хаалгыг барьж хүндэтгэлтэйгээр угтсан түүх байдаг. Хэд хоногийн дараа БНМАУ-ын баатар цол зүүгээд бас энэ хаалгаар гарч буцсанаас хойш Ворошиловын, бас Найрамдлын хаалга гэдэг болжээ. ЗСБНХУ ба БНМАУ-ын төрийн сүлдийг товойлгож энхийн тагтаа, бас бус хээгээр чимсэн энэ хаалгыг 1990-ээд оны эхээр шинээр байгуулагдсан Хан-Уул дүүргийн билэг тэмдэг болгож нэрийг оройд нь тогтоогоод хээ чимэг нэмсэн харагддаг.

Ворошилов, ЗСБНХУ, БНМАУ, 1950-иод оны түүхэнд муу муухай юм их, өнгө алдсан энэ хаалга монголын уран барилгын дээж биш гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ нураасанд дургүй хүрч байна. Их бүтээн байгуулалт оргилж хойт талаас өргөн зам тавигдаж яг энд  дөрвөн замын уулзвар гаргах гэтэл Цагаан хаалга тээглэсэн юм байх.

Нураах шийдвэрийг хэн гаргасныг сонирхлоо. Нийслэлийн удирдах ажилтнуудын 2012 оны 9-р сарын 10-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон нийслэлийн удирдлагуудын өгсөн үүрэг даалгавар (Засаг даргын хажуугаар нэр нь үл мэдэгдэх удирдлагуудыг хавчуулсан болохоор яг хэн үүрэгдсэнийг мэдэх аргагүй. Зориудаар болов уу) гэсэн жагсаалтын зургаад “Хан-Уул дүүргийн Засаг дарга, нийслэлийн Соёл, урлагийн газар, Өмчийн харилцааны газар хамтран нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар нийслэлийн өмчид болон Хан-Уул дүүргийн ЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газрын түүх соёлын үл хөдлөх  дурсгалт зүйлсэд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн “Цагаан хаалга”-ыг буулгаж авто зам, гүүрэн байгууламжийн газар чөлөөлөх шийдвэрүүдийг холбогдох газруудаар яаралтай гаргуулах” гэжээ. Энд нэрлэхээс цээрлэсэн “холбогдох газар” бол нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал юм. Нийслэлд түүх дурсгалын хувь заяаг зөвхөн тэр шийддэг номтой. Маш зөв зарчим. Гэтэл Нийслэлийн авто замын газрын шинэ дарга Нанзаддорж Э.Бат-Үүл баатар Японд айлчлахаар 9-р сарын 18-нд мордонгуут тэр шөнөдөө буулгуулжээ. Иргэдийн төлөөлөгчдийн өмнөөс шийдсэн даварсан толгой.

Нөгөө иргэдээ сонсох яасан бэ? Иргэдээс асуух, иргэд хариулж чадах цорын ганц юм энэ байсан юм. Буулгаж магадгүй гэсэн сургаар хүмүүс оволзож, тэг дундаа Цагаан хаалгатай дөрвөн замын уулзвар болгох, ядахадаа эвтэйхэн хураагаад өөр газарт босгох зэрэг саналууд гарч эхэлтэл май чи. Одоо өөр асуух юм үлдээгүй. Айлын цонх таглаж, хүүхдийн тоглоомын  талбайг булааж барилга барих уу, үгүй юу гэдгийг асууж шоудах шаардлага байхгүй. Иргэд болно гэж хэлсэн ч барилгын дүрэм нормоор болохгүй.

Асуудал Цагаан хаалганд биш, харин эргэн тойрны газарт, ялангуяа зүүн хот хэсэгт зай үлдээхгүйгээр газар олгож барилга бариулсанд байгаа юм. Тэгсэн ч дөрвөн замыг сэлүүхэн уулзуулах зай хангалттай байсан. 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд Цагаан хаалга байж л байсан. Энэ уулзварыг лав ноднин төлөвлөж зураг төслийг боловсруулж, энэ жил тендер зарлаж шалгаруулж байхдаа Цагаан хаалгыг мэдээгүй гэж байхгүй. Зориудаар  тулгаж байгаад “бүтээн байгуулалт”-нд садаа болсон ял тулгаж шууд гүйцэтгэжээ. Шүүх байсангүй. Ёстой нөгөө “Тунгалаг тамир” дээр “хамтралын бухыг мөргөсөн эсэргүү бух”-ыг бууддаг шиг.

P.S:

Саяхан TV9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлэг рүү Дарханаас 85 настай Равжир гэдэг хөгшин ярьж “Би залуу байхдаа тэр хоёр цагаан хаалгыг барихад оролцсон. Одоо нөгөөг нь битгий нураагаасай” гэж дурссан байна. Түүнтэй ярилцлага хийхсэн.

2 Responses to “Улаанбаатарын түүхийн төгсгөл буюу “Цагаан хаалга””

  1. Borat said

    EW HAWGUI TENEG HAALGA

  2. Dojoo said

    Ter communissmiin bile gliding ustgahad yadii in bitgii surjigne

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: