АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Archive for July, 2012

Төгс бүтэц, төгс барилга…

Posted by Ажиглагч on 2012/07/25

Саяхан нэгэн судалгааны баг гурван сарын турш ширүүн хөдөлмөрлөсний эцэст Засгийн газрын чиг үүрэг, бүтэц, бүрэлдэхүүн ямар байх талаар хувилбар боловсруулж Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг болон УИХ-д суудалтай намын бүлгүүдэд хүргүүлсэн гэж мэдээлэв. Юуг яаж ч зөвлөсөн бай, шинэ Засгийн газарт яамдын тоо нэмэгдэхийг албан ёсоор зарлачихаад байна. Лав Эдийн засаг, хөгжлийн яамыг шинээр байгуулна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, мөн Хууль зүй, дотоод хэргийн яам тус бүрийг таслалаар нь салгаж бие даалгана. Бүр аль яамыг  хэн “авах” нь хэдийнэ тодорхой болсон. Хачирт нь агентлагуудыг ч байгуулж өгөх биз. Тохируулагч ба хэрэгжүүлэгч агентлаггүй яам байж таарах уу? Таарахгүй. Одоо байгаа орон тоонд багтаах, бүр бууруулахаар амлан гялайлгаж магадгүй, гэхдээ тийм юм байхгүй. Сайд, дэд сайд, төрийн нарийн (хэрэг дээрээ бүдүүн эрчүүд), туслах, зөвлөх, захиргаа, аж ахуй, стратеги төлөвлөлт, хяналт шинжилгээ, тайлан, төлөвлөгөө, төсөв зардал, өрөө тасалгаа, харуул манаа гээд бүгд наад зах нь хоёр дахин үржинэ. Энэ бол “байгалийн” хууль.  Паркинсоны хуулиар ямар ч хэрэггүй бүтцийг санаанаасаа зохиож байгуулсан ч тэр нь өөртөө ажлаа олдог, яваандаа ажлаа дийлэхээ больж дахиад орон тоо нэхэж эхэлдэг. Сүүлдээ хоёр, гурав хувааж байж сая нэг санаа амарна…

Бүгдийг тайлбарлаж болдог. НХХЯ, ЭБЭХЯ, БСШУЯ, ХЗДХЯ-ыг задлах мянган шалтгаан хэлж болох ч хэвээр үлдээх шалтгаан түүнээс дутуугүй олон олдоно. Наад зах нь нүүрс (эрдэс баялаг) ба цахилгаан станц (эрчим хүч) хоёр цугтаа байвал дээргүй юу? гэх мэт. Ажил нь салчихсан яам, агентлагууд хамтран ажиллах гэрээ байгуулж хөглөдөг. Тэгэхлээр шинэ яамд бол зүгээр л улс төр, албан тушаал, наймаа юм.

Паркинсоны өөр нэг хууль бий. Төр, захиргааны барилга байшин арайхийж төгс сайхан болох цагт тэр байгууллага нь уналтанд орчихсон байдаг гэж. Лондонд очсон жуулчид Бэкингэм, Вэстминстерийн ордны сүрлэг барилгуудыг хараад таван тивийг дамнаж, дээр нь нар жаргадаггүй байсан Британийн эзэнт гүрнийг ийм л агуу орд харшнаас удирдаж босгосон доо хэмээн бишрэн санадаг хэдий ч үнэн хэрэгтээ тэр цагийн английн хаад одоо нурж баларсан жижиг байшингуудад толгой хоргодох шахам байсан, парламентын буюу Вэстминстерийн ордон гэхэд эзэнт гүрнийг задрахтай уралдан боссон түүхтэй аж. Ватикан дахь Гэгээн Петрийн талбай, түүн дээрх Гэгээн Петрийн сүмыг зурагтаар харахад хүртэл дэндүү сүртэй. Гэхдээ хамгийн хүчирхэг папууд энд тухалж байгаагүй, хэзээ хойно байр сууриа алдсан католик шашны тэргүүнүүд үүнийг босгож орсон юм байна. Ватикан гэснээс Чингэс хаанд том гэрээс өөр ордон байгаагүй байх, харин түүний үр ач нар дэлхийн талыг эзлээд Адриатын тэнгэсийн эрэгт дөхөн Ватиканд заналхийлж, хожим Багдад, Дамаскийг эзлээд Египет рүү мориныхоо жолоог зүглүүлэхийн даваан (манхан?) дээр монголын их хаад нас барж “ерөнхийлөгчийн сонгууль”-д дуудагдан гэдрэг буцахдаа түмэн газрын урчуудаар дархлуулж айраг цагаа бялхсан Хархорум хэмээх ер бусын үзэсгэлэн төгс хотод ирснээс хойш бүх юм уруудаж эхэлсэн бус уу?

2008 оны 7-р сарын 1-нд шатсан Цагаан ордноо Монгол Ардын Нам хэвээр нь сэргээсэн бол дээр байж. Даанч хэтэрхий шунаж хэт сайжруулж хуучнаасаа хувь илүү цалин цагаан ордон сүндэрлүүлж, бүр Тусгаар тогтнолоор нэрлээд авчээ. Хаанаас ч харсан, дотогш шагайсан, нэрийг нь дуудсан ч төгс ордон. Үр дүн юу болов? Сонгуульд навс ялагдчихав. Харин толгой хоргодох оронгүй шахам байсан Ардчилсан Нам дийллээ. Одоо зуу хүрэхгүй метрийн зайд, Дуурь, бүжгийн улсын театрын бөөрөнд бөөн хэрүүл тэмцэлтэйгээр АН 20 давхар барилгынхаа суурийг хүчирхийлэн ухаад эхэлжээ. Нэр нь бас төгс: “Ардчиллын ордон”.

Болгоомжтой байгаасай. Төгсөөс төгсгөл рүү ганцхан алхам.

Posted in Улс төр, эдийн засаг | 2 Comments »

Шинэ цэнгэлдэх хүрээлэн …

Posted by Ажиглагч on 2012/07/19

Наадмын дараа илүү ч үгүй дутуу ч үгүй “Шинэ цэнгэлдэх хүрээлэн барих ажлыг эхлүүлнэ” гэсэн гарчиг сонин болон сайтуудаар   үзэгдэв. Анхны эх сурвалжийг хайж олоод харьцуулбал “Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярыг зохион байгуулсан дүнг Монгол Улсын Шадар сайд, Зохион байгуулах хорооны дарга М.Энхболд өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанд танилцуулахдаа ажлаа цаг хугацаанд нь зохих түвшинд зохион байгуулсныг тэмдэглэлээ. Мөн шинээр цэнгэлдэх хүрээлэн барих ажлыг нэн даруй эхлүүлэх шаардлагатай гэж Засгийн газрын гишүүд үзлээ” гэсэн хэвлэлийн мэдээг ашиглахдаа хэт өөдрөг гарчиг өгчээ.

Ямар ч стадион эхлүүлэхгүй, 2012 оны төсөвт тусаагүй, хотын төвөөс 30-40 км зайтай бүх газар нь аль хэдийнэ эзэддээ очсон нийслэлд газар олоод барьж эхэллээ гэхэд хэдэн жил үргэлжилнэ, тэгэхлээр Их Монгол улсын 810 жилээс цааш бүтэж магадгүй юм.

Бас М.Энхболд өөрөө энэ жилийн баяр наадмыг тун сайн зохион байгуулсан тухайгаа телевизээр ярьж, ирэх наадмаар юуг анхаарах ёстойг бичиж үлдээсэн гэв. Төр солигдож дараачийн наадмын даргаар ажиллахгүйгээ мэдсэн хүний хувьд зөв санаа. Гэхдээ захиа даалгавар өгөх бус уучлал гуйвал дээр байжээ. 1999 онд нийслэлийн Засаг даргаар томилогдож Ерөнхий сайд хүртэл болж Үндэсний баяр наадмын комиссыг удирдаж өдий хүрсний үр дүн гэвэл хэдэн жил яаж ийгээд наадсан ч цаашид сайхан наадчих зай талбайгүй болсон явдал юм. Монголчууд нийслэлдээ шавааралдаж цэнгэлдэхэд байтугай багтахгүй болсонд М.Энхболд буруугүй ч үүнийг мэдсээр байж эргэн тойрны газрыг сэмээрхэн олгоод дууссан билээ. Наад зах нь Төв цэнгэлдэхийг гадагш нь тэлж өргөтгөвөл  30,40,50 мянган хүнийг багтааж болох байтал гурван талаасаа барилгаар бүслүүлчихсэн тул одоо хаяхаас өөр аргагүй. Дээрээс нь 51 хувийг хулгайгаар хувьчлаад өгчихсөн.  Товчхондоо, энд 50,60 жил наадам хийж ирснийг болиулахын тулд бүхнийг хийж чаджээ.

Бас нэгэн зүйл. Хүй долоон худаг бол улам бүр тэнд гал, гэрээрээ тухалсан баячуудад зориулагдсан болж байгааг анзаарсан уу? Жирийн наадамчин тэнд очоод зүлэг ногоон дээр тухалдаг гэж бодвол том эндүүрэл. Энэ жилийн наадмаар битүү өлөн тоос байсан учраас суух ч газар олдсонгүй. Бид наадамчидгүй наадам хийх тийшээгээ  явж байх шиг.

Posted in # УЛААНБААТАР | Leave a Comment »

Гишгэх газаргүй наадамчид буюу хотойх дэнжгүй наадам

Posted by Ажиглагч on 2012/07/14

Хаваржин уран зургийн галерейд үргэлжилсэн “Нэгэн зууны тэртээх Монгол Улс” үзэсгэлэнд тавигдсан түүхэн гэрэл зургийн хэсэг энэ байна. Одоогоос 99 жилийн өмнө буюу 1913 оны 7-р сарын 23-ны өдөр францын зурагчин Стефан Пассе Тасганы овоон дээр гарч тэр үед өнгөт зургийн цорын ганц арга байсан автохром дөрвөлжин камерийнхаа дуранг урагш чиглүүлж байгаад Нийслэл хүрээний ерөнхий байдлыг буулгажээ. Гайхалтай зураг. Бүр гайхалтай юм гэвэл дархан цаазат Богд уул 100 жилийн дотор огт өөрчлөгдсөнгүй. Оройгоороо яг өнөөдрийнх шиг битүү ногоон хүрэм. Дэлхий дулаарч халуураад ч захаасаа нэмж халцарсан юм алга. Дахиад 700 жилээр урагшлуулж төсөөлбөл, энэ ногоон хөндийгээр нум сум агссан морьтон эрс ийш тийш давхихдаа яг энэ зурган дээрх уулыг ширтэж, тэр голд нь торойх ганц толгойг харж явсан байж таарна. Хоорондоо ямар уул, юун толгой гэж хэлэлцдэг байсан бол?

Дашдоржийн Нацагдорж “Түүхийн шүлэг”-тээ “Хангай дэлхий хэвээрээ атал хүний явдал их хувирсан” гэж ямар үнэн хэлэв ээ! Өнөөдөр энэ хөндийд сая хагас хүнтэй Улаанбаатар хот босч, тэр Зайсангийн ам барилгаар дүүрчээ.

Тээр тэнд 50-иад онд Голын цэнгэлдэх нэртэй модон стадион баригдаж хажууханд нь 1958 онд одоогийн Төв цэнгэлдэх хүрээлэн боссон. Тойроод том жижиг мухлаг, павильеонууд, зүлэг мод, цаашаагаа Туулын бургас, тэгээд Туул гол… Монголчууд бүгдээрээ цугларч наадсан ч багтахаар наадмын талбай энэ байжээ. Тэгвэл өнөөдөр Төв цэнгэлдэх, сур,  шагайн талбай гурав арайхийн тэсч үлджээ. Зүүн талаас нь өндөр орон сууцнууд таглаж, урд хойноос нь одоохондоо навтар барилга, хашаанууд сэмээрхэн шахсан энэ бүслэлт хумигдсаар. Зай талбай болгоныг хамгаалахгүй зарж, зам талбайг нь цардахгүй, зүлэг модыг арчлахгүй сөнөөж Төв цэнгэлдэхийг өөрийг нь хуучирч муудсан, багтааж шингээдэггүйгээр нь дуудан гутааж байгаад нэг л өдөр хөсөр хаямагц дараачийн өндөр барилгууд бүчээд авна.

2012 оны наадам сайхан болов. Үлдэж хоцорсон жаахан зайд чихэлдсэн ч гэсэн сайхан наадлаа. Наадам юм чинь. Гэхдээ өөрчлөх цаг болсон. Эмх замбараа, зохион байгуулалт, хугацаа, хуваарь, ядахдаа зар гэж алга. Төрийн хуультай, улсын баяр наадам атал есөн цагаан тугаа залахаас өөр олигтой ёслол, дэг жаяг тогтоолгүй өдий хүрчээ. Бүх юм барагцаагаар хааш яйш явах юм. Наадмын нээлт гэж жил болгон хэн нэгэн найруулагч дураараа өөрчилж суудаг концерт. Ерөнхийлөгчийн санаачилсан монгол ёсолгоог бэлдсэнгүй. Ноднин Монголын үндэсний бөхийн холбоо 6002 бөхийг Төв цэнгэлдэхэд зогсоон тоолуулж байгаад зодоглуулж Гиннесийн номонд оруулсан шиг сүр сүлдтэй ёслол үгүйлэгдлээ.

Гэхдээ энэ бүгдийг бий болгож, журамлаж болно. Гагцхүү наадамчид гишгэх газаргүй, наадам хотойх дэнжгүй болсныг яах вэ? Монгол наадам гэж монгол хүн ногоон зүлгэн дээр тааваараа сууж бөх, морь, сураа үзэхийг хэлдэг баймаар. Ногоон зүлэг, хотойх дэнж гэж Хүй долоон худгийг хэлээгүй шүү. Соёолонгийн тоосонд хийморио сэргээхээр очсон биш хэдэн арван мянган машины дугуйнаас босоод буусан өлөн шороонд битүү дарагдаад буцлаа. Саяхан төр солигдож наадмын талбайг үгүй хийсэн М.Энхболд даапаалж байгаа юм шиг баяр наадмын улсын комиссыг даргалахаа больж байх шиг. Уг нь Яармагийн дэнж дээр наадамлах байсан юм, даанч зарчихсан…

Posted in # УЛААНБААТАР | Leave a Comment »

Гүтгэлэггүй сонгууль болж өнгөрлөө

Posted by Ажиглагч on 2012/07/04

Хичнээн тэсэхэв, сурталчилгааны сүүлчийн хэдэн орой телевизийн дэлгэцээр ядахдаа ганц нэг “гүтгэлэг” үзэгдэх болов уу гэж хүлээсэн ч нам тайван өнгөрлөө. Мөнгө, архи тараасныг барьж авсан тухай төлбөртэй хэдэн бичлэгийг эс тооцвол. Гэхдээ үнэхээр тарааж харагдаад, амьд хүмүүс гэрчилж ярьсан тул гүтгэлэг биш.

Уг нь төрд гарч төрөл арилжих санаатай хүмүүсийг зад “гүтгэх” байсан юм. Сонгогдвол ингэнэ тэгнэ гэж худлаа нээрээ амлахыг хэн ч чадах учраас нам, нэр дэвшигчдийн урьдын явдлыг дэлгэх нь тэднийг таних ганц найдвартай арга билээ. Хүн хүмүүждэггүй. Хулгайч хэзээ ч хулгайч хэвээрээ үлддэг. Дээшээ гарчихвал хулгайлах мөнгөний тоо л өснө. Алуурчин Их хуралд бус Ганданд суугаад нүглээ намчинчилбал таарна. Урвагч бол урвагч. Эзэн Чингис өөрөөс нь байтугай дайснаас нь урвасан этгээдийн толгойг тас цавчуулдаг байсан. Дээрээс нь намуудын жагсаалтаар бидний сонгоогүй хэсэг хүмүүс сонгогдлоо. Тойрогт нэрээ дэвшүүлсэн бол ихэнх нь ямар ч найдваргүй байсан.

Ингээд худлаа амлагч, үймээн дэгдээгч, авлигач, хуулийн хулгайч, бас хувьцааны хулгайч, газрын наймаачин, дахиад газрын наймаачин Их хуралд залрах нь тэр. Уг нь намууд улс төрийг замбараатай, бодлоготой, хамгаас чухал нь хариуцлагатай болгох учиртай. Гэтэл огт өөр газарт суух ёстой хүмүүс намаар дамжаад Төрийн ордон дотор суудлаа эзэлжээ. Лав газрын мафийнхан хоёр намыг тэгнээд хэвтчихэв.

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | 1 Comment »

Мөнгө үнэртдэггүй …

Posted by Ажиглагч on 2012/07/03

Өнгөрсөн хоёр жилийн турш муу муухайг нь дуудаад дуудаад бараагүй өмхий МАНАН, тэндээс нэр дэвшигчдийг TV9 телевиз энэ сонгуулиар бут ниргэнэ, угсруулсан олон “Детектив”-ээр гүйцээнэ гэж хартал тэгсэнгүй. Олигарх, авлигачдын идэж уусан заваан мөнгөнөөс сэжиглэнэ, хэрхэвч хүртэхгүй гэж бодсон ч шууд дамжуулах онцгой эрх авсан хөл бөмбөгөө хүртэл урагш хойш гүйлгэж байгаад цаг наргүй сурталчилж өгснөөр МАН ба АН-ынхан дахин төрд гарахад жинтэй нэмрээ оруулав. Мөнгө үнэртдэггүй гэж үнэн юм байна. Нөгөө шефлэж авсан Ц.Нямдорж, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил нараа муу хэлэхээ зогсоосон байв.

Гэхдээ 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр эрх баригчдын талаар хэлэх гэсэн юмаа гөлөгнөж бөөрөнхийлөхгүйгээр шулуухан хэлж чадсан ганц субъект бол экс ерөнхийлөгч Н.Энхбаяр байлаа. Өөрийнх нь телевиз хүртэл нам болчихоод байхад шүү!

Posted in 2012 оны УИХ-ын ба нийслэлийн сонгуулийн сурталчилгаа | Leave a Comment »